Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байна. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө.
-Хэлмэгдүүлэлтийн үед Өмнөд Монгол руу манай олон айл өрх дүрвэсэн гэдэг байх аа?
-Гучаад оны үед Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын олон айл харгислалаас зугтан Өмнөд Монгол руу дүрвэн гарсан байдаг. Улсын баруун хилээр олон арван айл өрх Хятадын Шинжаан нутагт, мөн зүүн хил Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар толгойлуулсан Түшээ гүнийхэн гэсэн айлууд тус тусын чиглэлээр Өмнөд Монголын Эзний гол, Урд дунд гүний хошуу зэрэг газруудад цагаачлан амьдарч байлаа. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав гучаад оны сүүлчээр Өмнөд Монголын зүүн талаас баруун тийш явж цагаач халхуудтай уулзан “Газар газар тархай бутархай зовж зүдэж байхаар нэг дор бөөгнөрсөн нь дээр” гэж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Муу мянган гэдэг нь энэ хошууны ардууд ноёныхоо хатныг хөнөөж бэлиг эрхтнийг нь шарж идсэн учраас муу махан хошуу гэж нэрлэсэн гэгддэг байсан нь хожмоо Муумянган хошуу болж өөрчлөгдсөн юм гэнэ лээ гэж цуурдаг байсан.
-Цагаач халх айл өрхөөс бүрдсэн аймаг хүртэл байгуулсан гэл үү?
-Гучаад оны сүүлч гэхэд одоогийн Эрээн хотоос урагш, Сайхан талаас зүүн тийш Бүтэмж хошууны төвөөс хойш хуучин хятад цэргийн хуаран байсан туурь Ханхүү буюу Панжаан гэдэг газар дүрвэж гарсан их хутагтын нэрээр нэрлэсэн Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдсан. Тэр үед япончууд зүүн хойд Хятадыг эзлэн засаглалаа тогтоосон байсан учир бүх л үйл ажиллагаа япончуудын удирдлагаар явагдаж байлаа. Дилов аймаг байгуулагдах үеэр Дилов хутагт Өмнөд Монголд байгаагүй, япончууд зөвхөн алдар хүндийг нь л ашигласан юм билээ. 1910-аад оны үед Хятадын хар цэрэг энд бөөгнөрч байгаад Ар Монголын хилийг давдаг байсан гэж нутгийн хүмүүс хуучилдаг байсан. Тэр үед Өмнөд Монгол таван аймаг, 49 хошуутай байсан ч халхуудаас бүрдсэн засаг захиргааны нэгжийг аймаг гэж томруулан нэрлэсэн нь их л онцгойлсон хэрэг байж. Аймгийн захиргааг Зургаан гэдэг байсан. Ямар учиртай нэр байсныг мэдэхгүй юм. Анхны Зургааны даргаар Ар Монголоос оргож очсон Намсрай гэдэг хүн, орлогчоор нь Очирдара лам, Ганжуурваа хутагт нар ажиллаж байсан. Намсрай нь Ар Монголын тагнуул болох нь илэрч, японд баригдаж алуулсан гэж ярьдаг байсан. Дилов аймгийн төвөөс зүүн тийш Гашууны ус гэдэг газарт монгол гэрийн хэлбэртэй халхуудын хийд шинээр байгуулагдаж ном хурдаг байлаа. Халхууд нааш нүүхдээ овор ихтэй хөрөнгө хогшлоо тэнд их орхисон. Бодвол нутгийн хүмүүс тэр эд хогшил дээр найрласан биз. Гашууны хийдийн лам нар дөчин таван онд нүүж ирээд Дорноговь аймгийн Иххэт сумын зургадугаар багийн нутаг Нүдэн хэмээх газар шинээр хийд байгуулж арваад жил болоод Улаанбаатарын Гандантэгчинлэн хийдийнхэнтэй нийлсэн дээ. Нэгэн үе Гандангийн их хамбаар ажиллаж байсан Дагвадорж гуай бол Гашууны хийдэд шавилан сууж байсан лам нарын нэг байсан.
-Тухайн үед урд талд байдал ямаршуухан байсан бол?
-Тэр үед Өмнөд Монголд Ар Монголын тагнуул их очдог байлаа. “Тагнуул баригдаж гэнэ. Буцаад хил даваад зугтчихаж гэнэ” гэсэн яриа их дуулдана. Нэг удаа япончууд Монголын нэг цэргийг бариад Хан хугийн төв дээр ирж хонохдоо ганцааранг нь гэрт хийгээд цоожилчихож. Шөнө халхын хэдэн цагаач залуус гэрийн хаяаг өргөн дотор нь байсан цэргийг гарган, унаа морь олж өгөн зугтаалгаж. Маргааш нь япончууд “Олзлогдсон цэрэг оргоод явчихаж” гэж баахан хайснаа, яваад өгсөн, бодвол явуулын улс байсан шиг байгаа юм. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “Алтан панз” хочит Батсүх тагнуулчаар очоод баригдаж Хан хугийн төв дээр гадуур ажил хийдэг байсан. Тэгэхдээ халхын Балжин хүүхэнтэй ханилж их л чөлөөтэй байж байтал Жанчхүүд аваачаад хорьчихож. 1945 онд Монголын цэрэг Өмнөд Монголыг чөлөөлөх үед тэнд хоригдож байсан бүх хүн суллагдаж эсэн мэнд нутагтаа ирсэн юм гэсэн. Нөгөө Батсүх ч нутагтаа ирчихсэн айл хэсээд архи уугаад явж л байсан. Алтанширээгийн уугуул хүрэл Наваан гэдэг хүн Жанчхүүгийн шоронгоос оргож өдөр нь гуу жалга, уул хаданд бүгэж, шөнө нь нуугдаж явсаар сар гаруйн дараа цагаач халхууд дээр ирж унаажин хөл залгаад хил давсан гэж ярьдаг байсан.
-Дайн тулаантай цөвүүн цагт монгол ахан дүүс маань нэгэндээ хэр элэгтэй хандаж байв?
-Нэг айлд Ар Монголын гурван тагнуул ирээд явлаа гэсэн мэдээ сонсоод нутгийн нэг ноён хэдэн хүн дагуулаад нөгөөдүүлийг барихаар явж. Тэдний дунд халхын цагаач сагсуу Дагва гэдэг хүн байж. Тэр үед буу зэвсэг ховор, гол төлөв цахиур буу хэрэглэнэ. Сагсуу Дагва хаанаасаа ч олсон юм, тэр үеийн боловсронгуй зэвсэг болох бирдаан буутай байж. Ноён тэргүүтэй хүмүүс нөгөө гурвыг гүйцэх үед тэд хил рүү зугтаахад Дагвыг “Бууд” гэж тушаасан ёсоор нэгийг нь буудаж унаган, хоёр нь хил даваад явчихжээ. Дагвыг Алшаа яамнаас дуудсан ёсоор очиход “Эв хамтын тагнуулыг устгахад гавьяа бөайгуулсан” хэмээн нэг мориор шагнаж. Дагва тарган бор морь хөтлөн гэртээ хүрээд ирэхэд хавь ойрынхон аль хэдийнэ дуулчихсан чулуу модоор шидэж, хөөж тууж хачин юм болов. Зарим цагаач залуус Дагвыг хэвтэрт ортол хэдэнтээ зодож, үүдэн шүдийг нь хуга цохьсон байв. Үүнээс хойш Дагвынхан халхчуудаас нэлээд зайдуу бараадах төдий амьдардаг болсон юм. Дагва дөчин таван онд Монголд орж ирээд баригдаж яваад буцаж ирээгүй. Бодвол зохих шийтгэлээ хүлээж тэр чигтээ алга болсон байх.
-Цагаач халхууд ч их өрөвдөлтэй байж дээ, зайлуул?
-Жүгдэр чавганцынх гэж хоёр чавганцтай, хоёр хүүхэнтэй айл байсан. Тэд нар их уйламхай, юм л бол бүгд уйлцгаана. “Тэнд нэг хүн үхэж” гэвэл биенээ дагаад енгэнэтэл уйлцгаана. Нутгийнхан эднийхийг “Уйлдагийнхан” гэж хочилцгоох. Халхын тагнуул алагдсаныг сонсоод эднийхэн хоёр гурав хоног уйлцгаасан юм байх. Худалдаа арилжаа хийх гэсэн наймаанууд их явна. Наймаа гэдэг нь маймаа гэдэг хятад үгээс гаралтай, манайхан сонсголоороо м үсгийг н болгож дуудсанаар наймаа гэсэн нэр үүсэж. Данжаад гэсэн нь харин дарга даамал, эзэн гэсэн утгатай. Дамнуурга мөрөн дээрээ тохож поолуу сагс үүрч намбаганан явах наймааг баартуу гэнэ. Баартуу гэдэг нь зарц боол гэсэн үг. “Хонь тэмээний ноос авна” гээд нэг тэмээ унасан наймаа ирсэн. Манай хөгшчүүл тэр хүний хөлийг хараад “Энэ данжаад урьд нь баартуу байсан хүн байна” гэдэг байлаа.
-Баартууг нь яаж таньсан юм бол?
-Тэр данжаадын хөл нь хавтгай болоод сарвайчихсан байна гэнэ. Баартуу хүний хөл андашгүй, хүнд юм үүрч явган явсаар байгаад хөл нь хавтгайраад сарвайчихсан байдаг юм санж. Данжаадууд морь унаатай явдаг учир хөл нь эвдэрч хэлбэр дүрсээ алдаагүй цомбогор хэвээр байдаг юм байна л даа. Намар цагт айлуудын эсгий хийх ноосыг савж өгнө гээд нум сумны нум үүрчихсэн хоёр наймаа явдаг байлаа. Айлын хашаа пүнзний мухарт том ширээ шиг юм засчихаад түүн дээр ноос асгаад нумаа ноосныхоо голд хийчихээд нум сум харвах гэж байгаа юм шиг хөвчлөөд татаж тавиад байна. Үүнийг ноос нумдах гэнэ. Тэгээд хонины ноосыг яах ийхийн зуургүй сэмлээд хаячихна. Нарийн технологи нь юундаа байсныг сайн мэдэхгүй юм.
-Монголын хилийн цэргээс японд урвасан хүмүүс мэр сэр байдаг байсан гэл үү?
-Японы цэргийн хэргэм зэрэгтэй, цэрэг хувцастай нэг цэргийн дарга халхчуудын дунд үе үе үзэгдэх. Батбуян хэмээх тэр хүн японд цэргийн сургууль төгссөн, уугуул нутаг нь Архангайнх юм байна. Батбуян нутагтаа нэг хүүхэнтэй хайр сэтгэлтэй болж хурим найр хийх, хамтран амьдрах тухай ярьж байтал гэнэт цэрэгт татагдаж, урд хил дээр цэргийн агт маллах болж. Цэрэгт ирсэн даруйд хүүхнээс ганц хоёр захиа ирж байснаа сүүлдээ захиа огт ирэхээ байж, Батбуян хэчнээн их захиа илгээвч чимээ ч үгүй тул “Өвдөж зовсон юм болов уу” гэж дэмий л сэтгэл зовж хоног өдрийг өнгөрөөх болж. Батбуян нутгаасаа хоёул цэрэгт ирсэн юм байж. Анхны жил өнгөрч байхад нутгийн цэргийн ах нь дүүгээ эргэхээр иржээ. Батбуян бөөн баяр болж хүүхнээ асуусан чинь нутгийн баян айлын хүүтэй суучихсан гэж. Ингээд Батбуян нэг шөнө оргож Өмнөд Монгол руу гараад очиж. Япончууд Батбуянг шууд сургуульд явуулсан байдаг. Мань эр Японы цэргийн сургуульд гурван жил сурч төгсөөд салаа цэрэг захиран 1945 онд Төмөртэй тосгоны хавьд тууж явахдаа “өст хүн Өлийн даваан дээр” гэгчээр хуучин салаан даргатайгаа халз тулгарч баригдан ирж, 15 жил шийтгүүлж ялаа эдэлж дууссан байдаг. Тэр тавин хэдэн онд шоронгоос суллагдаж, тэр үеийн Долдугаар гуанзанд манаачаар ажиллаж байсан. Батбуян “Би хүүхнээс болж балрах шахсан хүн. Энэ засаг энэрэнгүй сайхан засаг, би өчиггүй буудуулах байсан хүн” гэж байнга ярьдаг байсан.
-Монголоос хятадууд эх орон руугаа мэдээж гардаг байсан байлгүй?
-Гучаад оны сүүлээр нэг жил гурван зуу гаруй хятад хүн Монголын хилээс урд зүгт Баруун Сөнөдийн нутаг дамжин явган явж өнгөрсөн. “Хил давуулаад хаячихсан юм байх аа” гэлцэж байв. Олон хүн замдаа өлсөж, зарим нь өвчнөөр үхсэн. Нутгийн хүмүүс хоол цай зөөж өгөөд нэмэр болохгүй үхээд байсан гэдэг. Нэгэнт дордсон хүн сэхдэггүй юм байна лээ гэж ярьж байсан. Заримаас нь Монголд ямар байна гэж асуухад “Үхэр Монгол их муу. Үхвэл таарна” гэлээ гээд доог тохуу болцгоож байсныг сайн санаж байна.
-Та тэр үед юу хийж байв?
-Дилов аймгийн төвд хоёр жил болоод төгсдөг бага сургууль, зургаан сараас хоёр жилийн хугацаагаар ажилладаг Цэргийн түр сургууль байсан. Бага сургуульд монгол бичиг, дөрвөн аргын тоо, япон хэл зэрэг хичээл орно. Багш нар нь гол төлөв Ар халхаас оргож очсон хүмүүс байлаа. Мухар хуруу Пунцаг гэж багш улаан шороо тавьсан хаврын өдөр хүүхдүүдийг жагсаан алхуулаад “Дэлхийн хөдөлмөрчдийн баяр мандтугай. Банзай” гэж хашгируулж байсан. Банзай гэдэг нь японоор ура гэсэн үг. Биднээр “Бүхий олон багачууд…” гэсэн дууг заан дуулуулдаг болсон. Хэн зохиосны нь ч мэдэхгүй. Нэг мэдсэн нэг япон хүн хүүхдүүдийг ээлжлэн дуудаж уулзан “Энэ дууг хэн зааж өгсөн, ямар утга агуулгатай дуу вэ” гэх мэтээр байцаах болов. Удалгүй Пунцаг багш “Эв хамтын эсэргүү тагнуул хүн юм гэнэ” гэсэн яриа гарч нэг л шөнө тэр алга болсон. Түүнийг тагнуул гээд бариад явсан юм билээ. Бид дээд тал нь 12-13 насны хүүхдүүд юугаа мэдэхэв. Тэр үед тагнуулч ч бай, биш ч бай “Эв хамт” гэсэн үгтэй нэг л холбогдвол амьд гарна гэсэн ёсон байхгүй, өчиггүй буудуулдаг байсан. Ар Халхаас очсон гэм зэмгүй олон хүн ийм байдлаар амь насаа алдсан.
-Пунцаг багшийн чинь оронд ямар багш томилогдов?
-Өмнөговийн уугуул өндөр Ойдов гэдэг хүн бидэнд хичээл зааж төгсгөсөн. Ойдов багш бас баригдаж Жанчхүү хотод хоригдож байхад нь азаар Монголын цэрэг чөлөөлж, дөчин таван онд энд ирээд “Японы тагнуул, эх орноосоо урвагч” гэсэн шалтгаанаар баригдаж олон жилийн ял сонсон шоронд орсон. Арваад жил хатуу газар суугаад ялаа дуусган Өмнөговь аймгийн Хүрмэн суманд амьдарч байгаад насан өөд болсон доо. Түүний хүү Баяр Хүрмэн сумын орлогч даргыг насаараа хийж байгаад тэтгэвэртээ гарч одоо эрүүл сэрүүн амьдарч байна.
-Япон багш хичээл ордог байв уу?
-Коно гэж япон багш япон хэл заадаг байсан. Хүүхдэд жигтэйхэн хайртай. Хүүхдүүдийн үсийг хусаж өгч, чихний хулхийг ухаж өгөх зэргээр бидэнтэй эрээ цээргүй харьцана. Бид ч Коно багшдаа их хайртай. “Хүүхдүүдийн хоол ундны чанар чанар муу, ариун цэвэр хангалтгүй байна” гэж ярьдаг ганц хүн байсан. Коно багш нэг жил хэртэй болоод яваад өгсөн. Сүүлд сонсоход “Эв хамтын үзэл санаатай эсэргүү байсан учир халхчуудын дунд ажиллуулж болохгүй” гэж үзсэн юм гэсэн яриа дуулдсан.
Үргэлжлэл бий