Categories
мэдээ нийгэм

2017 оны “шилдэг оюутан тамирчин” оюутнуудыг тодруулав

Зураг2017 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулах ёслолыг 2018 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Үндэсний соёл амралтын төвийн “Цайз” цогцолборт зохион байгууллаа.

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулж ирсэн бөгөөд энэ онд 24 дэх удаагаа тохиож байна. Оюутны 2017 оны шилдэг тамирчинаар жүдо бөхийн тамирчин, 2017 оны дэлхийн оюутны Универсиад наадмын мөнгөн медальт Б.Эрхэмбаяр, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин, оюутны 2017 оны Ази тивийн болон дэлхийн лигийн аварга Б.Батзолбоо нарыг шалгаруулав.

Тамирчдын шагналыг ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан гардуулан өгч, баяр хүргэлээ. Шагнал гардуулах ёслолд МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болон их дээд сургуулиудын багш оюутны төлөөлөл оролцов.

Монгол Улсын 2017 оны “Шилдэг оюутан тамирчин” Баттогтох овогтой Эрхэмбаяр нь 1995 оны 09 сарын 03-нд Улаанбаатар хотноо төрсөн. Үндэсний БТДС-ийн оюутан. Тэрбээр Тайванийн Тайпей хотноо 2017 оны 8 дугаар сарын 18-31-нд болсон Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр Универсиад их наадмын жүдо бөхийн 66 кг-д мөнгөн медалийг хүртсэн. Энэ жинд 41 бөх оролцсон юм. Б.Эрхэмбаяр нь Монгол Улсын 2017 оны жүдо бөхийн оюутны аварга, 2017 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, 2017 оны Зүүн Азийн АШТ-ий алтан медаль, 2017 оны Зүүн Азийн АШТ-ий багийн төрөлд алтан медалийн эзнээр тодорсон.

Боргил овогтой Батзолбоо нь 1993 оны 08 сарын 23-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо төрсөн. Мон-Алтиус БТДС-ийн оюутан. БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээний мөнгөн медаль, Монгол Улсад 2016 онд зохион байгуулсан Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн VI тэмцээний алтан медаль, 2017 оны 4 сард Малайзад болсон Азийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2017 оны 9 сард БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар 2017 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар шалгарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *