Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: Топгүй “Гоёл” наадам

Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл-2017” наадам өчигдөр болж өнгөрсөн билээ. Энэхүү наадмын загварын долоо хоног өнгөрсөн сарын 26-наас эхлэн “Мишээл экспо” төвд явагдсан юм. Хариншилдгүүдийг тодруулах төгсгөлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болсон. Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулж буйуг наадмын хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ моделийг энэ жил шалгаруулсангүй.

Энэ жилийн наадамд уламжлалт ёсоор үе үеийн топ моделиуд болох О.Уянга, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Г.Уранцэцэг, С.Ариунбилэг, Э.Сэлэнгэ нар тайзнаа алхаж, авьяаслаг дизайнеруудын хувцсыг үзэгч олонд хүргэсэн юм.

Топ модель тодроогүй ч уламжлалт ёсоор наадмын шилдэг загвар өмсөгчид болоод загвар зохион бүтээгчдийг шалгаруулсан юм. Тухайлбал, Гранпри шагналын эзнээр “Эртний Монгол хийц” загварын товчооны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр н.Азжаргал нар шалгарлаа.

Наадмын шагналтнууд:

Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал загвар өмсөгч Азжаргал, Золбоо, О.Хулангоо, Адъяа

Тусгай байрын шагнал “Жи Энд Эс” ХХК-нийн Сомо брэндээр дизайнер С.Ганзориг

Тусгай байрын шагнал “Монлайн” ХХК-ийн дизайнер Н.Үнэнбат, н.Цэрэнханд

Шилдэг залуу дизайнер “Урангоо Идэр” брэндийн дизайнер И.Урангоо

Шилдэг үсчин “Видал” салоны үсчин Д.Одонгоо

Шилдэг make up artist “Наруми” студийн нүүр хувиргагч Г.Нармандах

Шилдэг зурагчин М.Цоггэрэл

Шилдэг гоёлын хувцасны дизайнер “Precious Fashion House”-ийн дизайнер Х.Цэрэнлхагва,

Үндэсний хувцасны шилдэг дизайнер Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн дизайнер М.Энхтуяа

Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер “Эвсэг” ХХК-ийн хамт олон

Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер “Ур Ундрах” ХХК-ийн дизайнер Б.Баасансүрэн

Шилдэг загвар зохион бүтээх товчоо “Мастер Додо” ХХК

Гранпри шагналт дизайнер “Эртний Монгол хийц”-ийн дизайнер О.Уранцэцэг

Ирээдүйтэй загвар өмсөгч Г.Бүрд

Фото модель О.Ариунзул

Фото модель Н.Ану

Дэд байрын шагналт модель Ц.Алтантуяа

Шилдэг эрэгтэй загвар өмсөгч н.Азжаргал

Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Д.Долгион

Ингээд өчигдөр болсон “Гоёл-2017” наадмын гэрэл зургийг хүргэе.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Хилийн хүчийг сулруулах гэсэн бодлоготой хууль болж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан:Хил хамгаалах байгууллага ОХУ, БНХАУ-ын хүчний байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Хил зөрчигчийг хэрхэн зохицуулалт хийж байгаа вэ. Мөн энэ хуулийг баталснаар хилийн хамгаалалттай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ?

ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн:Монгол улс хөрш орнуудтай хиллэж байгаа боомтууд дээр бүх асуудлыг хэлэлцдэг. Олон улсын гэрээний дагуу хил зөрчлийн асуудлыг шийдээд явж байгаа. Цаашид ч гэрээний дагуу шийднэ. Улсын хил хамгаалалтад техник, технологийн дэвшилтэт байдал хэрэгтэй байгаа. Үүнийг хуулиар зохицуулахаар тусгасан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:Хил хамгаалах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэй болох, техник технологио шинэчлэхэд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр хуульд тусгасан бэ. Мөн хилийн тагнуулын үйл ажиллагааг хуульд хэрхэн тусгасан бэ?

ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн:Хил хамгаалах байгууллагын боловсон хүчнийг бид дотооддоо ч, ОХУ-д ч бэлтгэдэг. Хилийн тагнуулын үйл ажиллагаа Хилийн тухай хуулиар зохицуулагддаггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Одоогийн энэ хуулийн 70 хувь нь 1994 оны хуулиас хуулбарласан байдалтай байна. Энэ хуульд маш няхуур хандах ёстой. Хилийн хүчийг сулруулах гэсэн бодлоготой хууль болж байна.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авсны дараа Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл түүнийг дагалдах хуулиудыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүгээр өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн бодит өсөлт дунд хугацаанд 3-аас 7 хувьд хүрч өсгөнө

“Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдэвт Монгол Улсын Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт болж байна.

Уг уулзалт нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл болон салбарын зорилтуудыг түншүүддээ танилцуулж, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, хамтын ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулж, хөгжлийн түншлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “2015 онд хөгжлийн албан ёсны тусламжийн дүн ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэж, нийт 5.5 тэрбум гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг авсан гэсэн статистик мэдээлэл байна. Эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, ложистик сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нийт экспортод эзлэх хувийн жинг нь нэмэгдүүлэх зэргээр ажлын байр болон иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Улс орны хөгжлийн нэг гол тулгуур болох Хүний хөгжлийн асуудалд бид онцгой анхаарал хандуулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна.Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн зөв зүйтэй бодлого, гадаад зах зээлийн тааламжтай орчин нөхцөлийн үр дүнд манай эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан бол сүүлийн жилүүдэд макро эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хэд хэдэн алдаа гаргасны улмаас өсөлт тасралтгүй буурсаар 2016 оны жилийн эцэст эдийн засгийн өсөлтгүй гарах магадлалтай байна. Засгийн газраас макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралт эмзэг байдлыг бууруулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлж, эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийг идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр, макро эдийн засаг тогтворжиж, эдийн засгийн бодит өсөлт дунд хугацаанд 3,0 – 7.0 хувьд хүрч өсгөнө. Засгийн газрын тавьж буй хөгжлийн зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээс гадна гадаад эх үүсвэр, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа өнөөгийн эдийн засаг, банк, санхүүгийн богинохугацааны хүндрэлийг бид гадаад түншүүд, хувийн хэвшлийн тууштай дэмжлэг, хамтын ажиллагаа, ард олныхоо итгэлийн үр дүнд амжилттай даван туулж, цаашдын урт хугацааны тогтвортой өсөлтийн замд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Хурлын эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн“Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэв.

Мөн Засгийн газар хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлээ танилцуулан, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн түншүүд хэрхэн дэмжин, хамтран ажиллах талаар санал солилцон зөвлөлдөж байна.

Харин Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ эдийн-засаг

Төрийн банк оюутны хөгжлийн зээл олгох гэрээ байгууллаа

Оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох Оюутны хөгжлийн зээлийн үйлчилгээг бий болгох зорилгоор Монгол Улсын засгийн газраас Боловсролын зээлийн санг байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан билээ.

Үүний дагуу Оюутны хөгжлийн зээл олгох гэрээнд 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр оюутнууд хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн зээлийн төлбөрөө төлөх бөгөөд нэн тааламжтай нөхцөлтэй, хамгийн бага хүүтэй хөгжлийн зээл юм.

Оюутны хөгжлийн зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй юм.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн тухай хуулийн заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхдүүд сампин тооллын аварга болжээ

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, манай Улсын 55 хүүхэд оролцож ангилал бүрд гран при шагнал болон алт, мөнгө, хүрэл цомын эзэн болжээ.

21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий олон улсын хамгийн том тэмцээн юм байна. Энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьжээ.

Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцож буй нь энэ аж. “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ.

Энэ удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн хүүхэд оролцсон байна.

Тэгвэл оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхэд, багачуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж “ТАЛАРХАЛ” гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд Л.Чинбат нэр дэвшихээр болжээ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг өөрчлөх шаардлагатай гэсэн яриа, түүнийг дагасан маргаан гарсаар байдаг. Тэгвэл энэ сарын 10-нд тус холбооны ээлжит бус “Их эе” хуралдахаар болжээ. Ингэснээр Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр хэн сонгогдох нь тодорхой болох юм. Үндэсний бөхийг тойрсон маргаантай олон асуудал нэлээд хэдэн жилийн турш үргэлжилж байгаа юм. Энэ удаадМонголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нэр дэвшихээр болжээ.Түүнийг үндэсний бөхийн “Аваргуудын зөвлөл” дэмжиж байгаа аж.

Дашрамд дурдахад, Л.Чинбат нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.

Categories
мэдээ спорт

Д.Сумьяа хагас шигшээд үлдлээ

ОУЖБХ-ны “Токиогийн их дуулга” тэмцээнд оролцож буй МУГТ Д.Сумьяа сая хагас шигшээд үлдэх эрхийн төлөө барилдаанаа дэвжээний эзэн орны бөх Мегуми ишикаватай хийж, нэмэлт цагт юүко үнэлгээгээр яллаа. Манай бөх үүнээс өмнө эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо япон гаралтай Тайландын бөх Юрико Варишаг ялаад байсан юм. Манай бөх хагас шигшээд Японы Ёшида Цукаса, АНУ-ын Марти Маллой нарын ялсантай барилдана. 60 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Д.Амартүвшин БНСУ-ын бөхийн ялж шөвгийн наймд үлдсэн. Тэрээр хагас шигшээд үлдэхийн төлөө Японы Рюжюү Нагаяматай барилдана.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний семинарт 650 гаруй төлөөлөгч оролцоно

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 6-нд Төрийн ордонд болох гэж байна.

Тус семинарыг Шадар сайдын ажлын алба, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг Ази тив нь газар, хөдлөлт, цунами, далайн шуурга, үер, зуд, ганд өртөх эрсдэлтэй бүс нутаг юм. Монгол орны хувьд ч газар хөдлөлтийн давтамж жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа ба жилд дунджаар 30 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдсэнээс 60 орчим нь 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болж байна. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2006 онд 318 удаагийн газар хөдлөлт бүртгэгдэж байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1260 болж өссөн байна.

Ялангуяа нийслэл хотод хүн амын төвлөрөл ихсэж, барилгажилтын нягтрал нэмэгдэж, ихэнх барилга, хуучирсан, шинэ барилгууд нь норм стандартыг хангахгүй байгаа зэрэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий болж буй юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах, эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөлийг байгуулсан.

Энэ хүрээнд тус байнгын ажиллагаатай зөвлөлийг тэргүүлэн ажилладаг Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар “Мэдлэгээ түгээцгээе: газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинарыг анх удаа зохион байгуулж байгаа юм.

Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, эрсдэлийг бууруулах менежмент, олон нийтийн оролцоо, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний газрын аюулгүй байдлын талаар хэлэлцэх тус семинарт Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, эмнэлэг, томоохон үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтан зэрэг 650 гаруй төлөөлөгч оролцоно.

Categories
гадаад мэдээ

Эмэгтэйчүүдээс бүрдсэн хамгийн том экспедиц Антарктидыг зорино

БУЭНОС-АЙРЕС./PrensaLatina/. Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй судалгаа шинжилгээний багийнхан Антарктидыг өнөөдөр зорих гэж байна.

Энэ экспедицийг дэлхийн хуурай газрын хамгийн захын цэг болох Аргентины нэгэн хүйтэн, салхитай боомт хотын нэрээр “Ушуая” гэж нэрлэжээ.

Энэ хотоос эмэгтэйчүүдийн экспедиц Антарктидыг зорих аж. Шинжлэх ухааны салбарын 70 гаруй эмэгтэй тэнд 20 хоногийн хугацаанд судалгаа хийх юм.

Шинжлэх ухааны чухал салбаруудад ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий Австралийн “Homeward Bound” санаачилгын хүрээнд эдгээр эмэгтэйчүүдийг өмнөд туйл руу явуулж байгаа ажээ.

Анкет бөглөсөн 1000 гаруй эмэгтэйчүүдээс сонгогдсон тэдэнд уур амьсгалын өөрчлөлт Антарктидад хэрхэн нөлөөлж байгааг судлах боломжийг олгож байгаа юм.

Дараагийн буюу 2018 оны экспедицийн бүрэлдэхүүнд багтахыг хүссэн хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүртгэж эхэлнэ.