Categories
мэдээ нийгэм

“Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баян-Хошуу орчимын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэн “Нарантуул” ОУХТөв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол улсын стандарт MNS 5012:2011 “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгалаа. Үйлчилгээг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Ч:41 буюу “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 11323176, 11321490 дугаарын утсаар өгөх боломжтой гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол бүргэдчин охины тухай киноны дуу цацагдлаа

Монголын баруун хязгаарт, Алтайн уулархаг бүсэд аж төрдөг казахуудаас өөр бүргэдтэй ан хийдэг улс үндэстэн гэж үгүй. Одоогоор тэнд 400 орчим бүргэдтэй анчид бий. Харин Ашол-Пан бол хашир анчны охин. Магадгүй бүргэдтэй анд суралцаж буй тэндхийн цорын ганц эмэгтэй байх. Түүний зургийг өмнө нь BBC телевизийн зураглаач Ашер Свиденский цувралаар гаргаж байсан билээ. Харин энэ удаад тэрээр Саудын Араб руу баримтат киноныхоо нээлтэд оролцохоор явсан юм. Түүний тухай киноны дуу ийнхүү дэлхий дахинаа цацагджээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ

Олон Улсын Жүдо бөхийн холбоо /IJF/-ийн энэ оны сүүлийн тэмцээн Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд манай улсын 12 жүдоч өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа зодоглож байна. Тэрбээр хагас шигшээд Японы бөхөд цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Францын жүдочтой барилдаж юүко үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа.

Тэрбээр өнгөрсөн жил энэ тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Ийнхүү Токиогийн “Их дуулга”-аас хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ. Ингэснээр 1992 оноос хойш Монгол улсын тамирчид энэ тэмцээнээс 15 медаль хүртээд байна.

Categories
мэдээ улс-төр

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох тухай заалт Үндсэн хууль зөрчжээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна.
Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ.

Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.

Үндсэн хуулийн цэц Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Д.Алтансүх Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн том тэмцээн болох Токиогийн Их дуулга үргэлжилж байна.

46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж 12 тамирчин зодоглож байгаа билээ.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Д.Алтансүх хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Н.Исодаг торгуулиар яллаа.

Ингэснээр Д.Алтансүх Их дуулгын медальт тамирчин боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн түншүүд Сангийн сайдтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн илтгэл тавьлаа. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч урт хугацаандаа өөдрөг байхаар төсөөлөлтэй байгаа гэж хэлсэн. Төгрөгийн доллартай харьцах ханш тасралтгүй буурч, гадаад худалдаа саарч байгаа энэ үед салбарын сайд эдийн засгаа ийнхүү харж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтыг нээж үг хэлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мөн л эдийн засгийн энэхүү хүндрэлийг богино хугацааных хэмээн дүгнэсэн. УИХ-аар 2017 оны төсвийн төсөл, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг дөнгөж батлуулаад байгаа Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид, түншүүддээ анх удаа эерэг мэдээлэл өгч байгаа нь энэ байх.

Ерөнхий сайд, Сангийн сайд, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Дэлхийн банк, ОУВС-ийн суурин төлөөлөгчид, Олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцсон тус уулзалтын үеэр харин Хөгжлийн түншүүд буюу хандивлагчид хэрхэн дүгнэж байгаа нь сонирхолтой.

Уулзалтад илтгэл тавьсан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман манай Сангийн сайдын хэлснийг баталсангүй.Тэрээр “дэлхийн эдийн засагт түүхий эдийн үнэ ноёлж байсан мөчлөг дууссан нь Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгаа. Мөн сүүлийн хэдэн жилд эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж ирсэн Азид сүүлийн жилүүдэд энэ нь суларч байна. БНХАУ-ын эдийн засаг урт хугацаандаа сайжрах хэдий ч ойрын жилүүдэд савлагаатай байна. Үүнээс Монгол Улсын эдийн засгийг авч үзвэл, өсөлт байнга буурч байгаа бөгөөд өөдрөг байх хандлага харагдахгүй байна” хэмээн ярьсан.

Түүний тайлбарласнаар энэ нь мэдээж манай гадаад зах зээлтэй холбоотой. Ойрын хугацаанд дэлхийн эдийн засгийн эргэлт суларч, худалдаа удааширсан байна. Дэлхий нийтээр санхүүгийн нөхцөл байдал хумигдах хандлага байгааг ч хэлж байгаа юм. Дунд хугацаанд дэлхийн эдийн засгийг авч үзвэл, хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт буурахын зэрэгцээ дефляцийн дарамт нэмэгдэж байгаа аж. Энэхүү дэлхийн худалдааны удаашрал нь Азид түүгээр дамжуулан Монголд ч нөлөөгөө үзүүлэх хандлага байгаа гэж Берт Хофман онцоллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн төсвийг батлав

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангардь ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2017 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас эд хөрөнгө хасах тухай гэсэн дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Төсвийн анхны хэлэлцүүлэг хийсний дараа НИТХ-ын хороод, намын бүлгээр хэлэлцэж, өнөөдөр санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэл улсын төсөвт 89.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

2017 оны төсвийн төсөлтэй танилцахад төсвийн ихэнх хувийг эзэлж буй нийгмийн халамж, нийтийн тээврийн нөхөн олговрын зардлын асуудлыг холбогдох салбарын яамдын төсөвт тусгуулах асуудлыг шийдвэрлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болсон нь харагдаж байна.

Нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу 89.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

НИТХ-аас Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2017 онд он дамжин хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хойшлогдож буй 13.711.9 сая төгрөгийг нийслэлийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт тусгаж батлуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод даалгалаа.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн 2017 оны төсөв нь бүхэлдээ иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцӨлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн салбарт ахиц авчирч чадахуйц төсөв боллоо гэж үзжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дамба-Очир: Хаягдал төмрийг заавал Хятад руу гаргаж яах гээд байгаа юм бэ

Өнөөдөр манай орны хаягдал төмөр дуусч байна. Өмнө нь манай улс хаягдал төмрийг их хэмжээгээр экспортод гаргадаг байх үед үүнийг хориглосон хууль гаргасан нь маш зөв алхам болж байсан. Гэтэл Эдийн засгийн байнгын хороогоор нэг тогтоол гаргуулаад гурваас дөрөв дахин үнэтэйгээр Хятад руу гаргая гэж байгааг эсэргүүцэх хүмүүс байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм.

Тэрбээр: Хятад руу хаягдал төмрийг гаргана гээд байгаа тэр үнээр нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр байдаг юм уу арматур хийдэг бусад үйлдвэрүүдэд нийлүүлж болно шүү дээ. Эдгээр үйлдвэрүүд хаягдал төмрийг ашиглах ёстой. Ойрын жишээ хэлье. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр буталдаг шаар гэж байдаг юм. Тэр шаарыг Монголд хийдэг. Тэдний ганц түүхий эд нь хаягдал төмөр л байхгүй юу. Одоохондоо Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч тэр, бусад үйлдвэрүүдийн хувьд ч тэр өөрсдийн хүчин чадлаар төмрийн хүдрийг боловсруулан ган гаргаж байгаа зүйл алга. Юу байна гэхээр бэлэн зуух байна. Тэр зуухандаа бэлэн хаягдал төмрийг хайлуулж, хатуулаг нэмээд шаар, ган бөмбөлөг, арматур гаргаад явж байгаа юм. Тиймээс өнөөдрийн нөхцөлд үндэсний үйлдвэрээ дэмжих нь чухал.

Монголд байгаа хаягдал төмрийг заавал Хятад руу гаргаж яах гээд байгаа юм бэ. Эдийн засгийн байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ төмөр замыг дэмжих гэж байгаа нь энэ гээд хямралаар бамбай хийн ингэж явж болохгүй.

Сүүлдээ бүр хаягдлын төмрийн асуудлаасаа халиад модоо огтолж эхэлье гэхээр нь эсэргүүцсэн юм. Төмөр замын дэрийг бетоноор хийхэд хүчин чадал нь хүрэхгүй байгаа тул 10 жилийн хугацаанд мод тайрах зөвшөөрөл олгоод өгөөч гэдэг зүйл явж байна. Үүнийгээ болохоор зөвхөн төмөр замын дэр мод бэлтгэх журмаар гэж яриад байгаа л даа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь ой байдаг билээ. Сайн бодох хэрэгтэй. Ойн сан багатайн дээр сүүлийн жилүүдэд модоо огтлоод бараг дуусчихсан..

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэхээр хэдэн төслүүдийг л голдуу жагсаачихсан байдаг юм билээ. Энэ удаагийнх дээр бид төслүүдийг нь зааж өгсөн. Таван толгойн станц, төмөр зам ч гэдэг юм уу. ТЭЦ III-ын ажлыг эхлүүлэхгүй бол хоёр жилийн дараа эрчим хүчний дутагдалд орохоор байна хэмээн үзэж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг үндэслэн дээрх төслүүдийг бусад хуультай нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах талаар чиглэл өгсөн юм.

Хуралдаан даргалагчаас өгсөн чиглэл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Байнгын хороод Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм.

Өнөөдөр /2016.12.02/ Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.07 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.”, уг хуулийн 24.6.Улсын “Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.” хэмээн заасныг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэж буйг хуралдааны үеэр тодотгон хэлсэн.

Сонгуулийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.6 дахь заалтын “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.


Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Эдийн засгийн байнгын хороодэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос боловсруулсан уг хуулийн төслийн танилцуулгыг тус байнгын хорооны гишүүн Л.Болд хийв.

Танилцуулгатай холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Аялал жуулчлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын “улс” гэснийг “төр” гэж өөрчлөх гээд байгаа гол ач холбогдол нь юу вэ” гэсэн асуултад ажлын хэсэг болох Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг “хуулийн нэр томьёог цэгцлэх ач холбогдолтой” гэсэн хариулт өгөв.

Харин Д.Тэрбишдагва гишүүний “Үүнийг яагаад Байнгын хороо санаачлаад байгаа юм бэ. Санаачлагч нь яагаад оруулж ирж болохгүй байна вэ” гэсэн асуултад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Л.Болд хариулт өглөө. Тэрбээр “Хуулийн агуулга бус нэр томьёо өөрчлөгдөж байгаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хэлэлцүүлж байгаа” хэмээн хэллээ.

Үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр богтсон юм.


Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.09 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын “улсын” гэснийг “төрийн” гэж өөрчлөх, Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн гарчгийн “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж, мөн зүйлийн 15.10.1 дэх хэсгийн “Төрийн нууцад” гэснийг “Төрийн болон албаны нууцад” гэж, “төрийн нууцтай” гэснийг “төрийн болон албаны нууцтай” гэж өөрчлөх зохицуулалтыг тус тус төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж үг хэлсэн. Тэрбээр, “Өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлнэ. Хугацаа хангалттай байгаа учраас хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй” гээд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг анхныхэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд дээрх хуулийн төслүүдээр Байнгын хороод тус бүртээ хэлэлцүүлэг явуулж, санал дүгнэлтээ ирүүлснийг уншиж танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь уншиж танилцууллаа.

Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар асуулт асуулаа. Тэрбээр “Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуультай холбогдуулан нэг асуулт гарч байна. Олон улсын гэрээний тухай хуульд “улсын” гэдэг эрх зүйн субьект явдаг. Монгол Улс өөр оронтой гэрээ хийж байна гэсэн үг. Гэтэл энэ хуулиудад бүгдээрэнд нь “төр” гэж оруулах юм бол эрх зүйн томьёоны хувьд хооронд нь зөрчил гарах юм бишүү. Хуулийн нэр томьёогоо жигдлэхгүй бол нэг ойлголтыг хоёр өөр томьёогоор хэрэглэж байна. Үүнийг уялдуулж өгөх хэрэгтэй байна” гэсэн асуултад Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хариулт өглөө.

Дараа нь санал хураалт явуулж, дээрх таван хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Мөн Байнгын хорооны дарга Ж.Энхбаярын гаргасан анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлуулья гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээхэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Токиогийн “Их дуулга”-аас М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

Японы Токио хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 46 орны 337 жудоч барилдаж байгаагаас эрэгтэй 193, эмэгтэй 144 жүдоч байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 48 кг-н жинд Олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг БНСУ-ын бөхөд ялагдаж өнөөдөр хүрлийн төлөө барилдаж мөн ялагдсанаар “Их дуулга”-ын медалийн үзүүрээс шүүрээд алдлаа.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Уранцэцэг Чили, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Тонаки Фүнаг ялснаар аваргын төлөө Г.Отгонцэцэгийг ялсан БНСУ-ын Бок Ён-той барилдаж аваргаллаа. Ингэснээр тэрээр Токиогийн “Их дуулга”-аас мөнгө, алтан медальтай болж байгаа юм байна.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинг тэргүүлэн барилдаж байгаа Д.Сумъяа хагас шигшээд үлдээд байна. Тэрээр Японы Ёошида Цукасаг ялвал аваргын төлөө барилдах юм.

Манай эрчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх нар хүрлийн төлөө барилдана.

О.ӨНӨР