Categories
мэдээ эдийн-засаг

Гол нэрийн барааны үнэ 1.6 хувиар буурчээ

Гол нэрийн барааны үнэ 1.6 хувиар буурчээ зурган илэрцүүд

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн танилцуулгыг гаргажээ. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 хувиар буурчээ.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 9.2 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 6.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.6 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 5.7 хувь, үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буурч, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсч, адуу болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3860 төгрөг, үхрийн /ястай/ мах 5575 төгрөг, үхрийн цул мах 7215 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3355 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар өсчээ. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.0 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 26.2 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад манжингийн үнэ 5.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.9 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдэд хаана, ямар тоглолтууд болох вэ

Улаанбаатар” чуулгын бүжигчид зурган илэрцүүд

Бүжгийн тоглолт

“Улаанбаатар” чуулгын бүжигчид сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээсэн шинэ бүтээлүүдээсээ сорчилж “Эрчист ирмүүн” тоглолтоо өнөөдөр үзэгчдэдээ өргөн барих гэж байна. Тоглолтын найруулагч, ерөнхий бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан Д.Энхгэрэл ажиллаж байна. Тоглолтод “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, “Их Монгол” хамтлаг оролцоно.

Ж.Пуччинийн “Тоска” дуурийг зурган илэрцүүд

Дуурь

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай олон дуурь бичиж, хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний “Чио Чио Сан”, “Тоска”, “Богема”, “Турандот” дуурь үзэгч, сонсогчдийг бишрүүлсээр байгаа. Эдгээр дуурь нь манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа аль хэдийнэ тавшдаж, уран бүгээлчдийн бяр, чадлыг шалгахаас гадна сонгодог урлагт дуртай үзэгчдийн мэлмийг баясгасаар ирсэн. Энэ дундаас Ж.Пуччинийн “Тоска” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүгээлчид сонгодог урлаг сонирхогч эрхмүүддээ зориулан энэ өдөр толилуулах гэж байна. Энэ үдшийн Тоскад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулах бол Каварадоссид Д.Эрдэнэ-Очир, Скарпья гүнд гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Чезаре Анжелоттид Э.Бумхүү дуулна. Театраасаа албан ёсоор гарахаа мэдэгдээд буй гавьяат жүжигчин Э.Амартүвшинг энэ үдэш л “Тоска”-гаас харах боломжтой.

Гайхамшигт цирк зурган илэрцүүд

Циркийн тоглолт

Өнөөдөр Улаанбаатар чуулгыг зорин “Гайхамшигт цирк” тоглолтыг үзээрэй. Тоглолтод “Улаанбаатар” циркийн жүжигчид Турк, Япон, ХБНГУ, Франц, ОХУ, БНХАУ зэрэг олон оронд тоглосон Олон улсын циркчдийн наадмын шагналт шилдэг үзүүлбэрүүдээ тоглоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын удирдлагууд нэгнээ “Хангарьд”-аар өргөмжилсөн нь цагаа олсонгүй

Нийслэл хотыг удирдаж байгаа хоёр дарга саяхан Улаанбаатар хотын дээд шагнал болох “Хангарьд” одонгоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч залууд олгочихлоо. Тодруулбал, Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарт нийслэлийн дээд шагналыг хүртээв. Уг мэдээлэл гарахтай зэрэгцээд ард түмний уур бухимдал дахиад л сэдрээд эхлэх нь тэр.

“Сандуй, Сундуйн хүү хоёрын энэ шагнал цагаа олсонгүй. Улаанбаатар хотын хөгжил дэвшилд өндөр хувь нэмэр оруулсан нэгэнд улс тунхагласны баяраар олгодог уламжлал шагнал байх л даа. Гэхдээ яасан мэдрэмжгүй нөхөд бэ. Халтиргаа гулгаанаас үүдсэн олны бухимдал намжаагүй байхад, атга давсаа хаагуур цацахаа бид мэднэ гэж ерөнхий менежер нь хэнхэлзээд ард түмнээ унгас алд гэж доромжилж байхтай зэрэгцээд энэхүү шагналаа өгдөг нь ямар учиртай юм. Очиж очиж иргэдийн төлөөлөл биш иргэдийн хурлын төлөөлөгчдөө өгдөг нь бас юучив” хэмээн хилэн хорсолтой байна.

Нээрээ л хотын дарга нар мэдрэмжгүй гэдгээ дахиад баталчихав уу даа. Улаанбаатарын зудтай гудмандаа огтхон ч санаа зовоогүй хэрнээ, унгас алд гэж телевизийн сувгаар авирлаж байгаа нөхөртөө арга хэмжээ авсан уу. Тийм атлаа хурлын танхимд зэрэгцээд сууж байгаа хурган даргаа шагнасан нь үнэндээ цагаа олсонгүй, хөнгөн шийдвэр байлаа.

“Хангарьд”-аар шагнуулсан Хатанбаатарын буруу биш. Ард түмнээ гэхээсээ илүүтэй албан тушаалтнаа эрхлүүлж нялуурдаг өнөөгийн дарга нарын өнгө төрх энэ юм, хөөрхий.

Ө.Манлай

Categories
мэдээ цаг-үе

Жүмпэрэлийн Саруулбуян: Би чинь агуу их Цэндийн Дамдинсүрэн, Амгаагийн Лувсандэндэв нарын хуучцуултай нэг цалингийн цэсэнд нэр бичигдэж явсан хүн шүү

Зүүн гараас СГЗ Ж.Саруулбуян, Ч.Дагвадорж, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол. Явуугийн цэцэрлэгт хүрээлэн. 2014 он

Бурхан Халдуны урианхан Дэлгэржавын Жүмпэрэлийн Саруулбуян. Зохиолч, зураач, доктор профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. Монголын утга соёлын төлөөнөө идэр бага исгэлэн халуун наснаасаа өдий хүртэл дөчөөд жил зүтгэсэн. Дөч гаруй ном бүтээн хэвлүүлсэн эрхэмтэй хуучилснаа хүргэе.


-Би таныг бичиг соёлын хүний хувьд хүндэтгэж явдаг. Та ургийн овгоо чухам хэзээнээс мэддэг болсон бэ. Бурхан Халдуны урианхан гэдэг овгоо жаахан тодруулан хэлэхээс ярилцлагаа эхэлбэл ямар бол?

-Ургийн овог авах, ургийн овгоо орхиж марталгүй явах гэдэг хоёр өөр ойлголт байх. Тэртээ хүүхэд бага цагт авга ах Д.Раднаабазар нэг удаа яагаад ч юм Бид чинь Бурхан Халдуны урианханы удмын хүмүүс. Эцэг маань надад нэг удаа тэгж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан Халдунд байдаг их хаадын хоригийг хамгаалдаг урианхдуудын удамтай хүмүүс юм гэнэ лээ. Миний хүү хожим юм бичдэг энээ тэрээ болбол энэ овгоо марталгүй аваарай. Цаг өөр болж бид эцгийн овгоос ургийн овог руугаа дөтөлбөл хэрэг болно гэж хэлсэн нь сэтгэлд хадгалагдан үлдсэн. Хожуухан ерээд он дөхөх үед би хошууныхаа хүн амын тооллогын данснаас өвөг эцгийн ургийн овгийг урианхан гэдгийг мэдээд улс даяар ургийн овгоо сэргээх үед хамгийн түрүүн Бурхан Халдуны урианханы Дэлгэржавын Жүмпэрэлийн гэж авч хэрэглэдэг болсон. Тэр үед монголчууд ургийн удмын овгоо гээчихээд бараг далаад жилийн дараа сэргээхдээ ноттой сурвалжтай овгоо авсан ихэнх нь боржигон гэдэг овгийг баримжаагаар санаанаасаа авцгаасан. Боржигон гэвэл их хааны овогтой ойртоно гэсэн үг байх л даа. За тэгээд төрсөн ах дүү хүмүүс огт өөр овгийг үзэмжээрээ авсан нь ч цөөнгүй. Жаахан инээдэмтэй, хуудуутай явдал болсон л байх. Эцгээ гэвэл авгаа гэдэг болохлоор би авга ахынхаа үгээр орсон нь энэ дээ.

-Монголчууд хэн хүний үр вэ. Хэт нутаг хаана вэ. Ямар багшийг шүтэж дээдлэн явсан бол гэж уулзаж учирсан хүнээс асуух нь тэр хүнийг лавтай таних ухаан.

-За тэгэлгүй яахав. Хаанахын хэний хүүхэд вэ? гэж асуудаг даа. Багшийг нь асууна гэдэг бол нөгөө хүнийг бараг мэдээд авч байгаа хэрэг.

Миний ажаа эцгээсээ арван гурвуулаа. Энэ арван гурав дотор эрдэмтэй лам, унзад, бурхан урлаач зураач, уран оёдолчин, мужаан сийлбэрч, аюулаас хамгаалах яамны ажилтан, ардын аж ахуйтан малчин, мөрийтэй тоглоомч, даалуучин, уран уургач, уяач гээд олон зүйлийн эрдэмтэй хүмүүс байсан. Тэд хорвоогийн жам ёсоор ихээсээ эхлээд бүгд дараалан ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр хамгийн бага нь болсон бага авга ах, ажаа хоёр минь үлдээд ажаа бид ахыгаа бурханд илгээгээд ажаа маань ганцаараа үлдсэн дээ, хөөрхий. Ардын аж ахуйтан, мөрийтэй тоглоомч, уургач, уяач гэсэн нь миний ажаатай хамаатай болно.

-Сонин юм байна. Та ажаагаа ямаршуу хүн байсныг хэлээч, мэдээж малчин, уяачийг нь би мэдэж байна.

-Миний хүүхэд нас нэгдэлжих хөдөлгөөн үүсч, ардын аж ахуйтнуудыг нэгдэлжүүлж малыг нь хураан авч, хүчээр нэгдлийн гишүүн болгож байсан их өрнүүн хувьсгалч үе цагт өсч торнисон юм. Манайх бусдаас илүүрхэх олон малгүй, саалийн хэдэн үнээтэй, эр болгоныг нь хурдан гэж хайрлан сүүлийг нь боодог хэдэн буурал адуутай айл байв. Ажаа хэдэн хүүхдийнхээ дараа хэдэн буурал адуугаа амь шигээ хайрладаг байсан. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр нэгдэлжих хөдөлгөөнд орон нэгдлийн гишүүн болж малаа нийгэмчилнэ гэж тэр үед заасан хуультай байсан ч Монгол орон даяар Лениний хоршооллын төлөвлөгөөг үтэр биелүүлэн хамтрал гэдэг сүйтгэлийн дараа нэгдэлжих хөдөлгөөн гэдэг айхтар зүйл гаргаж ардын аж ахуйтнуудыг нэгдэлд элсүүлэн, малыг нь нийгэмчлэн цөөн хэдэн мал үлдэж байлаа. Малчид нэг хэсэг эргэлзэж байсан ч ер олноороо нэгдэлд элссэн жаахан хавчлага ч орсон байх. Манай Идэрмэг сумынхан бүгд шахуу элслээ, малаа нийгэмчилчихлээ. Ажаа маань хэдэн буурал адуугаа хайрлан, хэрхэхээ лам ахаасаа асуужээ. Лам ах нь дүү нартаа; сайн дурын үндсэн дээр гэсэн үг хуульд байгаа. Нэгдэлд орохгүй бол арай шоронд хийчихгүй л байх гэжээ.

Манайхан гурав дөрвөн өрхөөрөө нэгдэлд оролгүй үлдэж, сум, аймаг, улсын хариуцлагатай хүмүүс ч манайхныг ирж ятгаад ятгалганд орохооргүй болохоор нэлээд ширүүлээд дийлээгүй юм. Сүүлд нь бүр ядаад бурхан тахилыг нь хурааж энээ тэрээ гэж сүрдүүлсэн нь ч бий. Сум нэгдлийн удирдлагууд цөөн хэдэн ардын аж ахуйтныг газар доор ортол муулж хавчиж тэднээс хурдан салахгүй бол сум орны нэрэнд муу юм болоод явчихаар, манайхыг, нагац ахынтай хамт Зөвлөлт Монголын хил дээр байдаг партизан Содномдаржаагийн нэрэмжит Эрээний модон тэрэгний үйлдвэрт ажилчнаар яаралтай илгээв.

-Үгүй тэр, мөн хавчиж байжээ.

-Ажаа зургаан бор атандаа хэдэн тэргээ хөллөөд гэрээ ачаад мухлаг тэргэндээ авгай, хэдэн нялх хүүхдээ суулгаад холыг зорин хөдөлсөн юм. Би тэр үед найман нас хүрэх гэж байлаа. Ажаа замдаа Норовлинд морио уралдуулж түрүү айраг хүртэж, Улзын ногоон довд сайхан зусчихаад, өвөлжиж байх үед аймгаас Хэнтийн төлөөлөгч Бадгар нар А-69 хөнгөн тэрэгтэй давхин очиж хөдөлмөр өдөр таслав гэж хэдэн нялх хүүхэдтэй эхнэрийг нь ганц гэрээр орхин, ажааг минь буу тулган баривчлан аваад явж билээ. Дүү бид хоёр ажаагийнхаа хормойноос зүүгдэн уйлалдахад Бадгар цагдаа биднийг түүдэг шиг түлхчихээд машиндаа чихэж суулган одож билээ. Гучаад онд тийм л харгис байсан. Жараад онд ч, далаад онд ч юм ширүүн л байсан шүү дээ. Ажааг баригдаад явсны маргааш манай хотонд гэгээн цагаан өдрөөр хээрийн боохой орж байсан. Эр хүнгүй айлыг хээрийн амьтан ч андана аа гэж үгүй.

-Та тэгээд Норовлинд сургуульд орсон уу?

-Миний сургуульд орох сураг ч үгүй. Тэр үед би морь их зурдаг, нэрээ буруу харуулан бичдэг. Авгаар заалгасан хэдэн монгол бичгийн үсэг бичдэг хүүхэд байсан. Нас ес хүрч байдаг. Тэр жил дүнгэнэсэн хүйтэн цав цагаан өвөл болж билээ. Улз гол их цагаан овгор ус харагддагсан. Дүү, ижий бид хэд ажаагийн баригдаад давсан гүвээг өдөржин ширтэнэ. Хааяа морьтой хүн гарч ирвэл ойртон ойрттол хүлээнэ. Хоёр сар хэртэйн дараа ажаа минь ирж, хэдхэн хоноод л бид өвлийн нүүдэлд бэлтгэлээ. Аймагт албадан ажил хийх болж гэнээ, хугацаа давчуу, хатуу. Тэр өвлийн нүүдэл одоо ч нүдэнд илхэн, сайхан нүүдэл байж билээ. Манайх Норовлингоос Өндөрхаан хүртэл бараг сар тэмээн хөсгөөр нүүсэн байх. Ажаа ч бас жаахан башир аргатай л даа.

-Та тэгээд хэзээ сургуульд орсон юм?

-Тэр намар аймгийн үлгэр жишээ бага сургуульд есөн нас давчихсан дэнхийсэн том жаал бас улаан бүч зүүчихсэн нэгдүгээр ангид орж байлаа. Би бага сургуульд байхдаа дандаа хөдөөнөөс мориор сургуульдаа явна. Сургуулийн хашаанд морио уячихаад хичээлээ тараад би морьтой, миний багын найз Баярхүү унадаг дугуйтай хөдөө гэр рүүгээ уралдан явдаг байж.

-Нөгөө багш нарын тухайгаа хоёул ор тас мартчихаж?

-Бага сургуулийн багш гэвэл Хийгар, Дашзэвэгмаа. Дашзэвэгмаа багш хоёрдугаар ангиас дөрөвдүгээр анги төгсгөсөн. Тэр үед жижигхэн цагаан хүүхэн байж билээ. Бид их айна. Дашзэвэгмаа багшийн няхуур нямбай, олон талын мэдлэг бидэнд их өгөөжтэй байж билээ. Багш маань бага ангийн дөрөвдүгээр ангид байхаас надаар зураг зуруулж “Пионерын үнэн” сонинд миний зургийг илгээн хэвлүүлж, би сургууль даяар гайхагдаж, энд тэндээс их олон захиа авч, жаахан биеэ тоож багшдаа ч аашлуулж байж билээ. Багш хожмоо сэтгүүлч болсон. Бидний бага насны тухай болоод хүүхэд насны хөгжилтэй дурсамжаараа үгийн сүлжээ холбосон хоёр ч ном бичин хэвлүүлэхэд би шавийн хувьд хожим тусалж байсан. Мөн “Пионерын үнэн” сониноос гадна тэр үеийн Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд би зургаа хэвлүүлдэг болсон. Дунд сургуульд орох үедээ бол бүүр томорсон “Залуучуудын үнэн”, “Тоншуул”-д зургуудаа хэвлүүлж зургийн шагнал гэж “их мөнгө” шуудангаар ирдэг, би ажаагаа хааяа ч гэсэн баярлуулдаг байв.

-Та багаасаа зураг зурдаг байж. Удамтай ч холбоотой байх. Харин та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бол?

-Намайг дөрөвдүгээр анги төгсдөг жил ижий минь өвдөж нэг жаахан хүүгээ өлгийтэй нь бидэнд орхиод бурхны оронд явчихлаа. Үхэл ийм ойрхон байдгийг би арван хоёр настайдаа мэдрэв. Бид ижийгээ оршууллаа. Би нэг л хэцүү юм болоод байгааг мэдэж байв. Тэр үед Ажаа маань мөнөөх албадан хөдөлмөрөөсөө арайхийн гараад аймгийн эмнэлгийн уурын зууханд ажиллаж байв. Оршуулганд албан байгууллагаас хүмүүс явдаг даа. Нэг үл таних залуухан эмэгтэй ижийг минь оршуулж байхад учиргүй чанга инээсэн нь сэтгэлийг минь тэр чигээр нь өмлөчихөж билээ. Тэр инээдмийн дараа би их уйллаа, гэртээ ирээд ч уйлаад л байсан. Ижий маань үгүй болж байхад энэ хүүхэн юунд инээв, инээх байсан юм бол яах гэж ирсэн юм бол. Ерөөс үхэл гэдэг нулимс юм уу, инээдэм хөөр юм уу гэж балчир ухаандаа эргэцүүлэн үзэн ядах ухаан тэр цагт төржээ. Гэртээ ирээд байхад эмээ ижий Бааваа минь галаа асааж байхдаа зуухны таган дээр ганцхан дусал нулимс пад хийтэл унагасныг бас хараад яахаа ч мэдэхгүй би Бааваагийн нүднээс гарах нулимс дуусч гэж бодож билээ. Ижийгээ оршуулж ирсэн оройгоо би “Оршуулгын цуваа” гэсэн нэг хачин уйтай шүлэг шиг юм бичсэн нь хожмоо утга зохиолын хаалга татахад хүргэсэн байх гэж боддог.

-Та чинь бага ангийн багш нараа л яриад байна. Утга зохиол, урлаг руу хандуулсан багш нар гэж олон доо?

-Муу шавь олон багштай, муу билүү их баастай гэдэг дээ. Нэг их эрдэмтэй болсон гэж өөрийгөө хэлэхгүй ч дэндүү сайхан багш нартай учирч тэдний ном эрдмийн гэрэл гэгээнд орж, өөрийн савны хэмжээгээр хутган авсан нь бас бий. Утга зохиол руу хандуулсан багш маань бол намайг зургаадугаар ангид байхад УБДС-ийн дадлагын оюутнаар ирж манай ангид уран зохиолын хичээл заадаг байсан Г.Сүхбаатар гэж инээвхийлсэн нүдтэй шонхор хамартай шавилхан бор залуу байлаа. Тэр М.Цэдэндорж, С.Есенин гээд их ярьж, тэдний шүлгээс яруу тодоор уншина. Тэр бас өөрөө бичсэн шүлгээ уншина.

Би гэж юу юм бэ

Билүү юм уу чулуу юм уу

Хэрвээ би билүү байсан бол

Хорвоод аль хэдийнэ

Хүндтэй нэрийг олох байсан

Дархан хүн билүүг элээж

Давтмал мөнгөн сэлэм хийнэ.

Тэр сэлмээр аавын хөвгүүд

Тэмцэл тулалдаанд

Үүрд мөнхөрнө… гээд л цангинуулж гарна. Багш бид хоёр хичээлээ тараад Хэрлэнгийн хөвөөгөөр зугаацан явахад үргэлж шүлгээ уншиж өгнө. Намайг оюутан болсон анхны жил Г.Сүхбаатар багш минь төрөлх нутаг Батширээтдээ шавь намайгаа урив. Тэнд Баяндуурлиг гэдэг дуниарсан их нарсан ой байдаг. Хэдэн зуун жилийн түүхтэй. Багш бид хоёр Дуурлигийн нарсан дундуур асаадаг манийл нь хугарчихсан, түрээд мордчихдог Иж планеттай зугаацан явж шүлэг зохиол л ярина. Миний анхны номын шүлгүүд тэндээс төрж байлаа. Тэр үед Лхагвасүрэн гэдэг орон нутагтаа суун шүлэг сайхан бичдэг байсан нэг хүний шарил дээр очиж хоёул хүндэтгэл илэрхийлэв. Би орой нь ирээд “Найрагчийн булш” гэдэг шүлэг бичив. Тэр шүлгээ дараа жил нь Монголын зохиолчдын хороон дээр болсон залуу зохиолчдын зөвлөгөөнд Явуу, Чимид нарт уншин магтаал сонсож, “Утга зохиол” сонинд Явуугийн өмнөх үгтэй хэвлүүлж байв.

Дуурлиг бол миний яруу найргийн их хөг дэг, амьдралын их уянга юм. Тэр үед багшийн аав Гомбо гуай энэ Баяндуурлигийн нарсан доор эртний их дээдсийн хэдэн зуун булш байдаг гэсэн домог бий. Хэзээ нэгэн цагт монгол хүн дээдсийнхээ их булшийг нээн үзэж судлах л байх гэж хэлж байж билээ. Энэ үг гучин жилийн дараа биеллээ олж Монгол-Солонгосын хамтарсан “Мон Сол” төсөл Дуурлигт их судалгаа явуулж Хүннүгийн өчнөөн булш бунхан илрүүлэх тэр төслийн нэгэн удирдагчаар ажиллаж дээдсийнхээ онгоныг нээлцэж явснаа эгэн дурсахад сайхан, энэ төсөл одоо ч үргэлжилж байгаа. Би хожим сүүлд хөгжмийн зохиолч, дуучин А.Энхтайван андтайгаа хамт “Баяндуурлигийн дурсамж” гэдэг дуу зохиож нэгэн цагийн их дууч гавьяат П.Ганбатаар дуулуулж Дуурлигаа баясгаж явсаан.

Бидний аравдугаар ангийн багш Зэнэмэдэр. Тэр олон таван үггүй мөртлөө бүх сурагчаа хайрладаг, хайрыг нь ч татдаг увдистай. Бид саяхан уулзалдсан. Ангийн сурагчид нь багшаасаа багаахан ялгарч байна лээ. Математик уянгын түрүүч гэж хэн ч хэллээ дээ. Математикийн багш Зэнэмэдэр энгийндээ тэр бүр дуугарахгүй хэрнээ сэтгэлээ хөвчлөн уясгасан үедээ яруу найраг, уран зохист үгийг ямар ч зохиолч найрагчаас илүү хэлнэ. Олон яруу найрагчийн шүлгийг цээжээрээ мэднэ. Муу шавийнхаа шүлгээс хүртэл цээжээрээ урсгаж гарна. За тэгээд их зураач Г.Одон, Г.Баяр, Ц.Доржпалам, Д.Гүрдорж, Ц.Байды Монголын дүрслэх урлагийн оргилуудаар ном заалган, дүрслэхүй ухаан руу дөтлөн ойртсон. Утга зохиол руу гэвэл агуу их Явуу, Ж.Бадраа, бичгийн их утгач Өвгөөдэй Дамдинсүрэн, Д.Цоодол, Л.Түдэв, утга соёл урлаг руу гэвэл Шукарь хэмээх их жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор, их дууч Ж.Дорждагва, их хөгжмийн зохиолч Лувсаншарав гээд байна даа. Түдэв багш миний докторын зэрэг хамгаалах эрдмийн ажлыг удирдсан. Хэд хэдэн номыг минь ном төрх рүү оруулж мартагдашгүй сайхан үг бичиж өгсөн.

Өвгөөдэй багш бол О.Жамьян, Б.Шагж нарын их бичгийн хүмүүсээр ном заалгаж, домогт ард Аюуштай нүүр учран заргын бичгийг нь хуулан бичиж авчирч байсан. Маршал Чойбалсантай хамт ажиллаж явсан домогт хүн. Бид хүү Энхсайханы нь хамтаар багшийнхаа мэндэлсний 100 жилээр гурван боть номыг нь гаргаж номын зул өргөсөн.

-Миний мэдэхнээ бараг та бүх багшийнхаа ном бүтээлийг хэвлүүлэн гаргалцсан байх аа?

-За даа, бараглаж тийм байх шүү. Чимэд-Осор багшийнхаа хоёр боть номыг хүү Ч.Болдтой нь хамт, Явуухулан багшийнхаа номыг Д.Цоодол багштай хамт гээд яваад өгнө шүү дээ. Бас тэгээд болоогүй, Дорждагва, Лувсаншарав, Бадраа багш нарынхаа тухай ном бичиж байна. Тэдний шавь болсны хувьд оюуны их өвөөс нь өөрийн чадал хэмжээгээрээ хойч үед хүргэх нь буурай бядуу муу шавийн сэтгэлийн өглөг болно биз гэж бодож явдаг. Өнөөдөр бол миний хоёр багш Д.Цоодол, Ц.Байды хоёр баруун зүүн талаас минь дэмнэн өдий хэмжээнд ухаан хайрласаар явна. Багш нараас өөрцгүй ахай бичгийн мэргэд Ш.Сүрэнжав, Ч.Дагвадорж нарынхаа өмөг хайрыг хэзээ насанд мартахсан билээ.

-Таны ажил амьдралын гараа хаанаас эхлэв?

-Наян онд УБДС-ийн театр киноны зураачийн ангийг зураач, судлаач дипломтойгоор төгслөө. Яг тэр жил Хэнтий аймгийн Соёлын ордон Хан Хэнтий дуу бүжгийн чуулга болоод байлаа. Аймгийнхаа чуулгад очиж тайз, хувцсыг нь хийж, гоё бүжигчин охин авч сууна гэж мөрөөдөж ч нэг үзэж. Хуваарь уншлаа. Миний нэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн нэвтэрхий толийн тасгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан, уран сайхны редактор гэсэн ажил дээр дуудагдлаа. Миний амьдралын гараа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эхэллээ. Хүрээлэнгүүдийн нэгдсэн байрны хойно байдаг Коперникийн нүцгэн толгойтой хөшөөг харахаар залуу нас бодогдоод ирдэг юм. Гэтэл нэг удаа Коперникийн хөшөө маань хулгайд алдагдлаа. Миний залуу нас гэрэл гэгээ ч цуг хулгайлагдах шиг болж билээ. Тэгсэн нэг харсан, хаанаас ч юм олж авчраад тавьчихсан байсан. Би чинь агуу их Цэндийн Дамдинсүрэн, Амгаагийн Лувсандэндэв нарын хуучцуултай нэг цалингийн цэсэнд нэр бичигдэж явсан хүн шүү. Тэндээс номыг нь сурч амжаагүй, номхныг нь ч сурч ухаараагүй гэж бодож явдаг. Гэхдээ л тэр үед Монголын анхны нэвтэрхий толийн үйлсийг эхлүүлэлцсэн гэж бодож явдаг.

-Номхныг нь сураагүй гэж юу гэсэн үг билээ. Номыг нь сураагүй ч номхныг нь сурсан гэдэггүй бил үү?

-Наяад он гэдэг социализмын материал техникийн баазыг байгуулж өндөртөө хүрч байсан үзэл суртлын хатуу чанга дэглэмтэй үе. Ном, сонин хэвлэл, кино жүжиг главлит (хэвлэл утга зохиолыг хянах газар)-ын хатуу давааг гэтэлнэ гэж хэцүү. “Тоншуул” сэтгүүлд хошин шог зураг хэвлүүлнэ. Шагнал өндөртэй, Тоншуулын редакцид тэр цагийн социалист гэгдсэн бүх орны хошин шог сэтгүүлүүд ирнэ. ЗХУ-ын “Крокодил”-аас эхлээд Германы “Оленшпегель”, Югославын “Остен” гээд л. Тэдний хошин шог сэтгэлгээ биднийхээс илүү чөлөөтэй илэрхийлэгдээд байгаа юм шиг санагдана. Тэр үед Гүрсэд , Одгийв, Доржготов, Байды, Ламбаа, Баянзул бидний зургууд “Крокодил”-д хэвлэгддэг байлаа. Надад Германы “Оленшпегель” сэтгүүлийн зураач Х.Бутнер гэдэг хүний зургууд онцгой таалагдана. Тийш нь чөлөөт сэтгэлгээтэй зургуудаа явуулмаар санагдаад байдаг. Главлитаар орвол миний зураг хасагдана. Главлитад үзүүлэлгүй том зориг гаргаад хэдэн зургаа шууданд хийчихлээ. Хэсэг хугацааны дараа “Оленшпигел”-д миний нэг зураг гараад ирэв. Урам ороод дахиад жаахан чангахан, чөлөөтэй сэтгэлгээтэй зургуудаасаа явуулчихлаа. Миний зургуудын зарим нь буцаж ирэх үед замаас нь НАХЯ барьжээ. Ингээд л миний зам буруудан НАХЯ-нд дуудагдаж, хөрөнгөтний чиг урсгалтай зураг зурсан гэж дээр доргүй асуудал үүсэж, хэрэг мандлаа. Тэр үед Хэл зохиолын хүрээлэнгийн Намын үүрийн дарга Х.Сампилдэндэв, Сампил ах намайг их зэмлэж даанч яав даа чи. Чамаас болж би ч ажилгүй болох байх гэж үглэнэ. Бид хоёр ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын Намын хорооны товчоогоор орж бангадууллаа. Ийм үзэл сурталгүй хүн ШУА-д байж болохгүй л гэнэ. Гэхдээ тэд эрдэмтэн улс, намайг ажлаас хөөгөөгүй юм. НАХЯ миний хэвлэн нийтлүүлэх эрхийг жилээр хасах нууц үүрэг өгсөн юм. Хэрэг бишдэхэд намайг гэх хүнгүй болж үл бүтэх амьтан гэж мөн л дээр доргүй хялайлаа. Лувсандэндэв захирал л нэг ч үг хэлээгүй юм шүү. Их хүний зангараг гэж өөр. Тэр их зовлон үзсэн хүн байсан. Хүүхэд байхдаа аавтайгаа цуг шоронд хэдэн жил болж байсан гэдэг. Орос-Монгол толиос болж буруутахад нуруун дээрээ үүрэлцэж явсан хүн. Ерээд оны үед намайг наяад онд хэдэн сар салам байцаасан байцаагч над дээр ирээд тэр үеийн юмыг дэлгэчих вий гэж миний буруу байхгүй шүү гэж уучлал гуйж явж билээ.

-Та ч залуугаасаа эмээлээ дээр дороо авч явсан хүн байна шүү.

-Залуу нас энэ бүхнийг ямар ч гуниг гутралгүйгээр туулдаг юм билээ. 1982 он гэхэд монгол хүн сансарт нисэх их хөөр баяр монгол хүн бүрийн сэтгэлийг булгилуулан, сансрын олон сайхан дуу зохиогдож, Гүррагчааг сансарт нисч байх үед Монголын зураачид “Сансар мандал” зургийн томоохон үзэсгэлэн дэлгэлээ. Би шийтгэлтэйгээ мартчихсан залуу хүний зоригоор нэгэн зурагт хуудас зурж өглөө. Үзэсгэлэнд тавигдлаа. Тэр үзэсгэлэнгийн тухай “Үнэн”, “Улаанбаатарын мэдээ”сонинуудад одоогийн их найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн сүлдний зохиогч, сэтгэгч, зураач Ц.Ойдов нар тус тусдаа шүүмж өгүүлэл бичихдаа миний “Урдаар нийгэм журам байгуулж…” гэдэг зургийг магтан бичиж билээ. Намын үүрийн дарга Сампилдэндэв дуудаж “Чи үзэл суртлын донгоноосоо гарчих шиг боллоо. Алдаагаа сайн заслаа гэж дээрээс мэдэгдсэн. Нам засгийн “Үнэн” сонинд зургийг чинь магтан дурдсан байна” гэж билээ. Ингээд л би үзэл суртлын хувьд найдваргүй гэсэн данснаас хасагдсан. Үүнийг би гомдож горойгоод байх хэлмэгдэл энээ тэрээ гэж боддоггүй, жаахан чанга яривал хэлмэгдсэн хүн болчих л юм. Гүррагчаа баатар сансраас бууж ирээд хамгийн түрүүнд МРТУХ-ны сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Яг тэр үед би хүрээлэнгээс тэнд оччихсон байсан.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба хаагчид шагнал гардлаа

Замын цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн зурган илэрцүүдЗамын цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа энэ өдрүүдэд болж байна. Түүхт 80 жилийн ойн баярын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Замын цагдаагийн албаны алба хаагчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн, шагнал хүртлээ.

Баярын үйл ажиллагаанд Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн алба хаагчдын төлөөлөл, өдгөө тус албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид оролцсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Баярсайханы Номинтана: Би нэг ч хором зорилгоо мартаж байгаагүй

АНУ-д амжилттай яваа монгол залуусын нэг нь Б.Номинтана. Төр засгийн сургалтын зээл, гадаад дотоодын байгууллагын тэтгэлэггүйгээр, АНУ-ын их сургуульд элсэн суралцаж, сургалтын төлбөрөө өөрөө хөдөлмөрлөн олж, ёстой л “бор зүрхээрээ” бүхнийг туулж, сургуулиа төгссөн, энэ хооронд аюулт хорт хавдар хэмээх өвчнийг дийлж чадан, одоо харин хувийн компани байгуулж, мөрөөдлөө биелүүлсээр байгаа залуухан бүсгүй. Ийм бага жаахан охин өндөр амжилтад хүрснийг нь ихэд гайхан бахархаж, ажил амьдралдаа баримталдаг зарчим, үзэл бодлынх нь талаар ярилцав.


-Монголд аль сургуульд сурч байсан бэ. АНУ-д хэзээ ирэв?

-Би Монгол-Туркийн хамтарсан сургуулийг төгсөөд нэг жил МУИС-д суралцсаныхаа дараа АНУ-д ирсэн.

-Ер нь АНУ-д суралцана гэж төлөвлөж байсан юм уу. Хэзээнээс тийн бодох болов?

-Анх IV ангиа төгсөөд турк сургуульд орж байхдаа л АНУ-д дээд боловсрол эзэмшинэ гэж төлөвлөж байсан. Хол газар ганцаараа явах амаргүй ч Улаанбаатарт гэрээсээ хол, нэг жил оюутан байсных, өөрийгөө дайчилж, бие даан ажиллаж амьдарч сурсан.

-Сургуулиа хэрхэн олсон юм бэ?

-Би интернэтээр юм уншиж, судлах их сонирхолтой л доо. Бүр анх, IV ангид байхдаа, хүмүүсийг ид интернэт ашиглаж сурч эхэлж байхад, хүмүүст и-мэйл хаяг нээж өгөөд 100 төгрөг авдаг байж билээ (инээв). Киноноос Лос-Анжелос гэж их гоё хот харагддаг байв. Тэгээд л энэ хотын сургуулиудыг сонирхон захидал бичиж эхэлсэн дээ. Хүсэлтийг маань хүлээн авч, урилга илгээхэд ямар их баярласан гээч.

-Ирээд сургууль соёл, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулав. Анх хүн танихгүй газар ирэх ч чанга шүү дээ…

-Би ер нь их өөдрөг, зоригтой хүн л дээ. Ганцаараа одоо яана аа, хэцүүдэх байх даа энэ тэр гэж бодоо ч үгүй. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний охин эрдэм өвөртлөн ирнэ гэдэг үгийг санаад л, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Удалгүй ээж минь ирсэн болохоор гайгүй байсан.

-Ээж тань бас сурахаар ирсэн юм уу?

-Үгүй ээ, намайг асрах гэж ирсэн юм. Би ирээд удаагүй байхдаа өвдөөд, эмнэлгээр нэлээд явсны эцэст нэг төрлийн хавдрaaр өвчилснөө олж мэдсэн. Тэр үед хүүхэд байсан болохоор тэгж их сэтгэлээр унаагүй боловч химийн болон цацраг идэвхт эмчилгээ хийлгэнэ гэж сонсоод айж байлаа. Сайн эмнэлэг, сайхан сэтгэлт эмч нар, хамт амьдарч байсан ах эгч, сургуулийн найзууд болон гэр бүлийнхээ ачаар эргээд эрүүл болсондоо үнэхээр их баярлаж явдаг.

-Эмчилгээ хэр удаан үргэлжлэв. Сургуулиасаа чөлөө авcaн уу?

-Зургаан сар химийн, зургаан сар туяаны эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед эмч намайг сургуулиасаа чөлөө ав гэж зөвлөж байсан боловч би гүрийгээд ажил, хичээл аль алинаа таслалгүй явсаар л байcaн. Би зорилгоо нэг ч хором мартаагүй шүү.

-Химийн эмчилгээ хийлгэхэд хүнд байх даа?

-Аан тийм. Яг л кинон дээр гардаг шиг (инээв). Гэхдээ даваад л гарсан, одоо бүх зүйл ард хоцорсон.

-Гэрээсээ хол сурч, хөдөлмөрлөж байхад ээжийн чинь чухам ямар үг, зөвлөгөө тус болдог байв. Ээжийгээ танилцуулж болох уу?

-Сайхан амьдрахын төлөө хүн бүр хичээн зүтгэx хэрэгтэй. Гэхдээ ээж маань “Унатлаа ажиллах чухал биш, ухаантай ажиллах нь чухал” гэж сургадаг байсан юм. Тэвчээртэй байхыг сурах хэцүү ч чухам тийм л байж чадсан хүн алдрын титмийг өмсдөг гэж Далай багшийн их сайхан үгийг байнга хэлдэг байсан. Манай ээж хууль зүйч мэргэжилтэй, олон жил төсвийн байгууллагад ажилласан хүн. Ээж минь намайг эдгэсний дараа их сургуульд суралцаж, одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

-Бага залуу насандаа ийм амжилттай сайн яваагийн тань нууц юу вэ?

-Нууцсаад байх юм юу байх вэ (инээв). Би бусад оюутны л адилаар хичээлийнхээ хажуугаар ажил хийсээр байж л төгслөө. Хамгийн гол нь одоо нэгэнт төгссөн юм чинь сурсан зүйлийнхээ үр шимийг л гаргах гэж хичээж байна даа. АНУ-ын хөрөнгийн бирж дээр гурван жил, мөн энэ жилээс үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавин ажиллаж байна. Миний ажлын гол зарчим бол мэддэг, чаддаг хүмүүст нь хөлсийг нь өгөөд юм хийлгэх, тэд миний цагийг хэмнэж өгөх, би харин тэр цагаа илүү үр ашигтай зүйлд зарцуулах. Намайг унтаж байсан ч, аяллаар явж байсан ч миний мөнгө миний төлөө зогсолтгүй ажиллаж, арвижиж байх ёстой. Тун удахгүй “Ганцаараа баян байснаас гурван саяулаа баяжицгаая, монголчууд аа” хэмээх анхны ном маань та бүхний гар дээр очих болно. Одоо та бидний сайхан амьдрах цаг болсон. Бие биенээ дэмжиж, нэгэндээ хайртай, эвтэй сайхан байвал бид бүгд чадна. Үүнд би итгэлтэй байна.

-Би АНУ-д амжилттай сайн яваа нутаг нэгтнүүдээ олж таних, ярилцаж сурвалжлахыг зорьдог хүн л дээ. Таны бодлоор “амжилттай” хүн гэж ер нь хэнийг хэлэх вэ?

-Миний бодлоор бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ баярлуулж, тэдэндээ цаг заваа зарцуулж чаддаг, мөн бусдын амьдралд эерэг өөрчлөлт авчирч чадаж буй хүнийг л “амжилттай” хүн гэх байх. Түүнээс биш өглөө ажилдаа яваад орой тарж ирж, хоолоо идээд унтахыг бол хэн ч чадна.

-Залуу хүний хувьд үе тэнгийнхнийгээ нийгэмд биеэ хэрхэн авч яваасай, бусадтай хэрхэн харилцах ёстой гэж үздэг вэ?

-Залуу насандаа сурч боловсрохыг эрхэм зорилгоо болгож, бусдыг хүндэлж, шударга байх нь хамгийн чухал гэж боддог. Өөрийнхөө туршлагаас хуваалцвал, би бусдад сайхан үг хэлэх, сайхан сэтгэлээр хандах дуртай. Хүмүүстэй сайн сайхан харьцаж, эргээд өөрөө тийм хүндлэлийг олж авах бол маш сайхан мэдрэмж.

-Лос Анжелос хотын монголчуудтайгаа холбоотой байдаг уу. Арга хэмжээнд нь оролцдог биз дээ?

-Тэгэлгүй яахав. Үйл ажиллагаанд нь оролцож, чадахынхаа хэрээр хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Зах зухаас нь дурдвал, Хэл бичгийн ухааны доктор Эрдэнэчимэг эгчийн санаачлан байгуулсан анхны монгол сургуульд багшилж байлаа. АНУ-д сурч байгаа оюутнуудын дунд анх удаагаа зохиогдсон “Надад хэлэх үг байна” чуулга уулзалтад оролцож, “Боловсролтой иргэн хөгжлийн түлхүүр” сэдвээр илтгэл бэлдэн тавьж, хэлэлцүүлж байлаа. Сурч мэдсэнээ эх нутагтаа зориулах сонирхолтой, сайхан залуусын уулзалт байсан. Мөн “Хурд” хамтлагийн 20 жилийн ойн хандивын тоглолт дээр анх арван ам.доллараар дуудагдсан урлагийн бүтээлийг 680 доллараар авсан маань Ажаа гэгээний санаачилсан Монгол дахь хүүхдийн хавдрын эмнэлэгт хандив болон очиж байлаа. Ер нь тэгээд сайн дурын болон хандивын арга хэмжээнд заавал ч монголчуудын гээд байлгүй, аль болохоор оролцохыг л хичээдэг.

-Байгуулсан компанийнхаа тухай ярьж өгөхгүй юү?

-Би 2016 онд “НОМИ проперти менежмэнт” гэж компани байгуулснаар өөрийнхөө бас нэгэн төлөвлөгөөг биелүүлсэн юм. Би ер нь мөрөөдөл биш төлөвлөгөө гэж ярих дуртай. Яагаад гэвэл яг төлөвлөсөн тохиолдолд биелүүлж байж л санаа минь амардаг. Манай компани зөвхөн америкчуудад төдийгүй Монголд байгаа монголчууддаа хүртэл хүрч ажиллан, үл хөдлөх хөрөнгөтэй болж, байршил хамаарахгүйгээр тогтмол орлоготой болох боломжийг олгож байна. Баялагтай Монгол, баян монгол хүнийг буй болгохын төлөө ажиллаж байна гэсэн үг.

-Зорилго гэж үгийг та хэлэх их дуртай юм байна. Зорилгуудаасаа нэг танилцуулаач.

-Миний нэг том зорилго бол Монголд хандивын эмнэлэг байгуулах. Хүн болж төрөөд эрүүл байж, амьд явна гэдэг хамгийн эрхэм зүйл.

-Таны хэлэх дуртай үг юу вэ?

-Мөрөөдөл бол хүрэх цэг биш, харин амьдралын хэв маяг. Би мөрөөдлөөрөө амьдрах дуртай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Ярилцлага авсан танд бас баярлалаа. Өглөө болгон өдрийн сайхантай золгож, өдөр бүр хүний сайхантай учирч яваарай.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Биеэсээ урт сүүлтэй хонин гүрвэл

Хонин гүрвэл нь элсэрхэг, нам дор элсэн манхантай, дулаахан газраар нутагладаг. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар, баянбүрд, цав толгод, заган ой, харгана бүхий цөл, элсэн манхан нутагт элбэг тааралддаг. Хонин гүрвэл нарийн урт биетэй, зун цагт олон гууждаг, хос богинохон хөлтэй, урт сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан юм. Ихэнх хонин гүрвэлийн биеийн урт 12-14 сантиметр, эрээн цоохордуу өнгөтэй, хоншоор богино бөгөөд дугуй, сүүлэн дээрээ хөндлөн бараан судалтай байдаг. Энэхүү хүйтэн цустай амьтан нүхэнд амьдарч, өдөр нь шоргоолж, хорхой шавж, таана, хүмүүлийн шүүсээр хооллодог байна. Хонин гүрвэл хүйтэн өдөр наранд халсан халуун чулуу болон малын бууцанд хэвтэж дулаацдаг гэнэ. Хүйтний улирал эхэлж, ногоон ургамал хагдрах үеэр идэш хоол нь хомсдож, бие нь жижгэрч хармаг гэх бутлаг ургамал даган нутагладаг. Намрын эхэн сар гарч хүйтэн бороо орох үед хонин гүрвэлийн хөдөлгөөн удааширч, үзэгдэх нь ховордож эхэлдэг. Энэ нь хонин гүрвэлийн ичих хугацаа болж, хүйтэрч байгаагийн шинж ажээ. Хонин гүрвэл аравдугаар сарын дунд үед үзэгдэхгүй, бүрэн ичиж дуусдаг байна. Харин хавар дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч эхэлдэг гэнэ. Тавдугаар сард ичээнээсээ бүрэн гарч тэнхэрсэн хойноо хонин гүрвэлүүд үржилд орж, 10-12 өндөг гаргадаг.

Монгол оронд төмөр гүрвэл, говийн махир хуруут гүрвэл, пржевальскийн нохой гүрвэл, замба гүрвэл, тойрмын хонин гүрвэл, цоохор хонин гүрвэл, монгол гүрвэл, толбот гүрвэл, могой гүрвэл, загалт гүрвэл, гавшгай гүрвэл, зулзагалагч гүрвэл хэмээх 13 зүйл гүрвэл бүртгэгдсэн байдаг аж.

Эдгээрээс улаан номонд орсон тойрмын хонин гүрвэл 59 мм биетэй, сүүл 70 мм урттай. Үндсэндээ түүний сүүл их биеэсээ урт байдаг юм. Тойрмын хонин гүрвэл урт сүүлээрээ биеэ хамгаалдаг бөгөөд өөрийнхөө хоолыг сүүлээрээ боож олзолдог. Тэд хүзүүн дээрээ тод хөндлөн нугачаастай, шилэн хүзүүний орчим нарийн хөх хөвөө бүхий улаан ягаан өнгийн хос толботой байдгаараа бусад гүрвэлээс ялгагддаг байна. Нуруу, биеийн хажуу, сүүлний дээд хайрсууд арзгар өргөсөрхөг бөгөөд Ховдын Булган сумын Ярант, Салхитын хөтөл, Их, Бага Онгог, Давхар хөтлийн бэл зэрэг нутагт тархан нутагладаг аж. Тойрмын хонин гүрвэл цох, эрвээхий, шоргоолж, бясаа, царцаа, ялаа зэрэг шавжаар хооллоно. IV сарын эхээр хээлтдэг байна. Тус гүрвэл шонхор, хэрээ, цахлай, бамбай хоншоорт могойн хоол болдог учир устаж болзошгүй зүйлд оруулж, Монгол Улсын улаан номонд бүртгэсэн байна.

Харин толбот хонин гүрвэл Монгол орны баруун говь, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумдын нутаг, Баруун хуурай, Давсан хуурай, Ёлхон, Хонин ус, Тахийн усны говиуд, Үенч Бодонч Булган голын ай сав нутгаар амьдардаг. Их биеийн урт 35-75 мм, бадриун бахим биетэй, үзүүр тийш огцом нарийссан сүүлтэй бөгөөд бор цайвар эсвэл ногоон цайвар өнгөтэй байдаг. Нуруугаа даган хөндлөнгөөр цувран байрлах хоёр эгнээ бараан хүрэн толботой аж. Толбот хонин гүрвэл элсэн цөлд бутлаг, сөөглөг ургамлын үндэсний орчимд 15-32 сантиметр гүн нүх ухаж орогнодог юм. Мөн хад чулууны хонгил, хөндий, мэрэгчдийн нүхийг түр зээлэн амьдарна. Аравдугаар сарын эхээр ичээндээ орж, дөрөвдүгээр сард гарч ирнэ. Тавдугаар сарын эхээр үржилд орж, 12 хүртэл өндгийг хоёр удаагийн төрөлтөөр цувруулан гаргадаг байна. Толбот хонин гүрвэл гол төлөв шавьжаар хооллодог. Зараа, хярс, үнэг, дорго, хээрийн бүргэд, шонхор, сохор элээ, тоодог, бамбай хоншоорт могой зэрэг амьтдын идэш болох бөгөөд ган гачиг, хахир өвөл зэрэг байгалийн таагүй нөхцөлийн улмаас өлбөрөх, осгох зэргээр олноороо хорогдож үгүй болдог байна.

Мөн нэн ховор төрөлд орох говийн махир хуруут хонин нүрвэл хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох геккон гүрвэлийн овогт багтана. Энэ амьтны биеийн нийт урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг. Их биеийн урт 58 мм байх бөгөөд сүүл нь 75 мм урт байдаг аж. Энэ хонин гүрвэл мөн л их биеэсээ урт сүүлтэй. Сүүлээ хоол тэжээлээ олж идэхэд ашигладаг байна. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай бөгөөд тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй гэнэ. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагаригласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байдаг. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар байдаг аж. Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл таваас зургаа, сүүлэн дээрээ долоогоос арван бор, хүрэн хөндлөн судалтай байх нь элбэг. Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд тод, сүүлний үзүүр хэсэг цагаан байх бөгөөд эр гүрвэл дөрвөөс долоон ширхэг сүвтэй, тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг аж. Харин эм гүрвэлд ийм сүв байдаггүй гэнэ.

Махир хуруут хонин гүрвэл Алтайн өвөр говийн Шар хулсны баянбүрд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой, Цуглабарын нуруу зэрэг цөлийн хадархаг нутаг, Цувраа хар, Хэрмэн цав, Наран булаг, Хайч уулд нутагладаг байна. Тэд далайн түвшнээс дээш 700-1300 метрийн өндөрт нутаглах бөгөөд идэш тэжээлийн нөөц нэн хязгаарлагдмал, өвөрмөц орчинд амьдардаг юм. Махир хуруут хонин гүрвэл чулуут цөлийн цав толгодын хормойн хад асга, гуу жалгатай газарт амьдарна. Алтайн цаад говийн Ногоонцавын хоолой, Хуцын хар уул, Цугалбар ус, Цувраа хар, Ингэн хөөврийн хоолой, Шар хулс зэрэг газар 1976 оноос хойш тархжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийнхан “Олон улсын од” шагнал хүртжээ

"Guys" хамтлагийнхан Солонгост зурган илэрцүүд

БНСУ-д уламжлал болгон зохион байгуулагддаг “Korean Culture & Entertainment Awards 2016” олон улсын урлаг соёлын их наадам болжээ. Тус наадмаас “Guys” хамтлагийн уран бүтээлчид шагнал хүртсэн байна.

Уг урлагийн наадам нь Солонгосын болон гадаадын дуу хөгжим, кин драм зэрэг соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг аж. Тэмцээний дуу хөгжмийн салбарын шилдгээр “Guys” хамтлагийн залуус шалгарч “International Star” буюу “Олон улсын од” шагналыг хүртжээ.

Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн залуус ирэх даваа гарагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр тов зарласан байна. Энэ үеэр “Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя” дуугаа видео клиптэй нь танилцуулах ажээ.

Categories
мэдээ спорт

А.Ичинноров “Бодибилдинг”-ийн дэлхийн аварга боллоо

А.Ичинноров

Тайландын Бангкок хотноо бодибилдинг, фитнессийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин А.Ичинноров алтан медаль /Women’s Fitness Physique up to 160cm/ хүртэж дэлхийн аварга цолтон болов.

Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорихоор Бангкокт ирсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин өрсөлдөж байгаа юм. Энэхүү тэмцээнд одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн фитнессийн төрөлд А.Ичинноров алт, Б.Бадамсүрэн хүрэл медаль хүртээд байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдлөлт болсон зурган илэрцүүдБаянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал, өглөө 06:00 цагийн орчимд Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-ийн зайд 4.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэлээ.