Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос улс зоосон мөнгийг гүйлгээнээс гаргахаар болжээ

Өмнөд Солонгос улсын Төв банк өнгөрсөн жил “Солонгос улс 2020 он гэхэд зоосон мөнгийг гүйлгээнээс хасахаар боллоо” хэмээн мэдээлэлж байсан юм.

Тэгвэл 2017 оны 1-р сарын 1-нээс эхлэн зоосон мөнгийг гүйлгээнээс хасах ажлыг бодитоор хэрэгжүүлэхээр болсон байна.

Тухайлбал дэлгүүр, хоолны газар болон үйлчилгээний газрууд задгай зоосон мөнгө хариулж өгөх шаардлага гарсан тохиолдолд хариулттай тэнцэх мөнгөн дүнг, тухайн хүний нийтийн тээврээр үйлчлүүлэх автобусны карт эсвэл банкны картанд нь цахим гүйлгээгээр нэмж өгөхөөр болжээ.

Солонгос улсад эдүгээ 10, 50, 100-тын зоосон мөнгийг гүйлгээнд хэрэглэж байгаа юм байна.

Гэвч дэлхийн 140 гаруй оронтой хийж байгаа гадаад харилцааны төлбөр тооцоонд задгай мөнгө хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш байгаа төдийгүй зоосон мөнгө үйлдвэрлэх зардал их байгаагаас үүдэн зоосон мөнгийг гүйлгээнээс хасахаар шийдвэрлэжээ.

Зоосон мөнгийг гүйлгээнээс хассанаар тухайн улсын иргэдийн бэлэн мөнгөөр тооцоо хийх хэрэглээ багасах ба ингэснээрээ иргэд мөнгөө хаяж гээх, хулгайд алдах зэрэг эрсдлээс сэргийлдэг.

Эдүгээ Англи, Швед, Дани зэрэг орнууд зоосон мөнгийг гүйлгээнээс хассан байна.

Categories
мэдээ нийгэм

Ардын жүжигчин Н.Сувд ”Монгол тулгатны 100 эрхэм”-ийг хөтлөв

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаар өчигдөр орой цацагдлаа. Энэ удаагийн дугаарт ӨМӨЗО-ны алдарт дуучин, хөгжмийн зохиолч Сайнбаярын Тэнгэр оролцсон байна. Тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нэвтрүүлгийг цаашид хөтлөн явуулах боломжгүй болсон хэмээн мэдэгдсэн. Тэгвэл П.Анужинг Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд орлон хөтөлсөн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам Дорнод аймагт болно

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болорцом” наадам ирэх жилийн нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдахаар болжээ. Ийнхүү“Болор цом” наадам 2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш зургаа дахь аймагтаа хөшгөө нээх гэж буй нь энэ юм.

Тодруулбал, Эрдэнэт, Дархан хотууд болон Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад “Болор цом” наадам тайзаа засч байсан билээ. Харин энэ жилийн “Болор цом” наадмыг Завхан аймагт болно гэсэн яриа утга зохиолын хүрээнд гарсан ч ийнхүү Дорнод аймагт зохион байгуулагдах нь тодорхой болжээ. Энэ талаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай албан ёсоор мэдээлсэн байна.

Ирэх 2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй. Тиймээс “Болор цом” наадмыг “Эрээн цавын эвдрээгүй найрагч” хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дарга нарын болчимгүй хэлсэн үгс валютын ханшийг хөөргөдсөөр байх уу

Өнгөрөгч улсын их баяр наадмын өмнөхөн манай сонин дээр ” Амнаас гарах үгс тань алтан шумуул мэт байг ээ” хэмээх нийтлэл гарч байсан. Шинэ УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан бичиж байсан юм. Сүүлийн үед алтан шумуул мэт үгс амнаасаа нисгэх нь бүү хэл “Унгас алд” хэмээн цэцээрхэж суудаг даргатай болсноо мэдсэн. Сайд дарга нарын амнаас гарсан хий бүхэн ямар үнэ цэнэтэй байдгийг бид валютын ханш дээр хангалттай харж бизнесийнхэн үгээ барж сууна. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн нэг мэдэгдэлийн дараа л ам.доллар, юанийн ханш суг өссөн. Сүүлд чуулганы хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы болчимгүй мэдэгдлээс болж мөн л ам.долларын ханш нэг өрдийн дотор 200 төргөрөөр нэмэгдэн мэл гайхуулж, цэл хөхрүүлсэн. Интервенци хийж 70 сая ам.долларыг Төв банкнаас нийлүүлснээр тэгсгээд буухчаа аядсан. Ер нь бол Монголбанкны ерөнхийлөгч нь эдийн засагч хүн л байхгүй бол улстөрч хүн томилгоогоор очиод эдийн засгийг хангалттай чирдгийг харлаа.

Сүүлд гадаад харинцааны сайд Ц.Мөнх-Оргилын Далай ламын айлчлалтай холбоотойгоор хийсэн мэдэгдлээс болж дахин ам.долларын ханш 100 орчим төгрөгөөр нэмэгдлээ хэмээн бухимдах хүн олон байна. Учир нь Далай лам манай оронд айлчилснаар Монгол, Хятадын харилцаанд саад тотгор учирч, өнөө зээл бүтэхээ байж ч мэдэхээр байна гэснээс болж валютын ханш өссөн гэж байх юм. Хятадын талаас айлчлалыг эсэргүүцсэн мэдэлдэл хийгээд байхад Далай ламын визийг олгосон гадаад харилцааны яам ч өөрсдөө асуулалд орж мэдхээр байна. Далай лам ирэх гэж байгааг Ц.Мөнх-Оргил сайд мэдээгүй л байв гэж.

Энэ мэтчилэн манай дарга нарын хэлсэн үг бүр валюын хагшийг хөөрөгдөх эд шидтэй гэдгийг нь харлаа. Одоо ард түмнийхээ амьдралыг бодож, улс орноо бодоод ид шидээ гаргацгаавал ямар вэ. Амнаас гарах үгс нь алтан шумуул мэт байдаггүй юмаа гэхэд ард түмэндээ л гай болчихгүй байвал хэрэгтэйсэн дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Долларын ханш 200 төгрөгөөр өссөн асуудлыг шалгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Та ном, сонин цуглуулдаг юм уу. Таны энэ цуглуулгыг харахад олон жилийн л цуглуулга шиг харагдах юм?

-Би чинь хүүхэд байхын л ховор сонин түүхийн холбогдолтой зүйлс сонин, сэтгүүл дээр гарсан байвал хайчилбар хийдэг байсан. Сонин их уншина аа. Ялангуяа “Өдрийн сонин”-ыг байнга захиалж уншдаг. Манайхан сүүлийн үед сонин уншихаа байсан юм шиг санагдах болсон. Үнэндээ сонин гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл байхгүй юу. Хүмүүс гадаад орнуудаар яваад ирэхээрээ янз бүрийн зоос, сувинерийн зүйлс авч ирж цуглуулгадаа нэмэрлэдэг. Харин би очсон газрынхаа тэр өдрийнх нь өдөр тутмын сонинг авч хадгалдаг юм. Тухайн өдөр тэр улс оронд юу болж өнгөрснийг баталгаажуулж үлддэг цорын ганц зүйл нь сонин. Миний мэргэжилтэй ч холбоотой байж мэднэ. Манайхан сүүлийн үед таблет, гар утсаараа цахим сайтууд, сошиалаас мэдээлэл авдаг болсон. Цаг үеэ дагасан зөв хэлбэр хэдий ч цаасан сонин унших шиг кайф байдаггүй. Сонингийн цаасыг шажигнуулан эргүүлээд суух нь цаанаа л нэг сайхан. Та анзаарсан уу. Цаасан сонингийн үнэр нь хүртэл нэг л өөр байдаг. Ядаж л онгоцонд явж байхад таблет удаан харахаар нүд өвддөг бол сонин уншихад хэзээ ч нүд өвдөхгүй байх жишээтэй.

-Таны гэр бүлийн зургийг хараад байхад их л өнөр өтгөн өссөн бололтой. Архангай аймгаас Их хурлын гишүүн болсон. Өмнө нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гээд энэ бүхнээс харахад таныг тэр нутгийн хүн юм болов уу гэж бодлоо?

-Унаган Архангайн хүүхэд. Аав минь аймгийн дэлгүүрт манаач, ээж дэлгүүрийн цэвэрлэгч хийдэг байлаа. Манайхан аав, ээжээс есүүлээ. Би ээжийнхээ 37-ны жил дээр долоо дахь хүүхэд нь болж мэндэлсэн юм. Дээрээ нэг ах, таван эгчтэй, доороо хоёр дүүтэй ч эрх талдаа өссөн. Тэр үеийн айлууд хамгийн багадаа л 6-7 хүүхэдтэй, өнөр өтгөн байсан. Цэцэрлэг хотынхоо гэр хороололд тоглож өссөн гэхэд болно. Хавар, зун, намар оройхон гудамжиндаа гарч “маатаг” энэ тэр гээд тоглоомоор тоглоно. Нэг айлаас 6-7 хүүхэд гарч ирж тоглохоор чинь манай гудамж хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай шиг л харагдана. Бас болоогүй ээ, онц сурчихна. Гэрийн даалгавраа начигнуулчихаад “Тамир” кино театрт кино үзэж, “Дугуй” дэлгүүрээс ном авч уншиж, аймгийн музейн сонин содон зүйлсийг сонирхоно. Энэ бүхэн хүүхдийг танин мэдэх, мэдлэг мэдээллийг цогцоор нь олгож байсан юм. Одоо ч бидний багынх шиг бодит зүйлс улам л хумигдаж байна. Ер нь хүүхдийг бодит орчинд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь чухал байхгүй юу. Бидний хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа орчин нөхцөл ч хүнд болж дээ. Ялангуяа төв суурин газар аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа ч тэр хэцүү болсон.

-Одоо ч олон хүүхэдтэй айл цөөн болчихсон. Амьдрал ахуй хэцүү болохоор олон хүүхэдтэй болох боломж алга л гэх юм байна шүү дээ?

-Тэр үед аав, ээж хоёр есөн хүүхдээ цалингаараа болгоод л байсан байгаа юм. Манаач, цэвэрлэгчийн цалин гэдэг чинь тухайн үедээ хамгийн бага байсан. Ямар ч байсан гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөсөн. Миний багын амьдралын хэв маяг одоо бодоход тайван амгалан байж. Социалист нийгэм байсан ч бүх зүйл цогцоороо байдаг байлаа. Одоогийн хүүхдүүдэд тайлбарлаад байгаа шиг харанхуй бүдүүлэг байгаагүй юм шүү. Тухайн үед гэрэл гэгээтэй зүйл их байсан. Монгол хүний мөс чанар гэдэг зүйл чинь жинхэнэ утгаараа байв шүү. Худаг дээр ус авах гээд ирэхэд түрүүлж ирсэн хүүхэд нь чулуу тавиад яваад өгнө. Хойно нь ирсэн хүүхдүүд нь очер урагшлахаар чулууг нь хүн байгаагаар тооцож урагшлуулдаг байсан. Өөрөөс нь өмнө ирсэн хүүхдийнхээ цаг хугацааг нь хүндэлж байгаа биз дээ. Одоо ийм зүйл байхгүй болж. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг онол номлол түрсээр байна. Өнөөдөр манайхан хариуцлага гэж маш их ярих болсон. Тэгвэл социализмын гэх тэр үед чинь хариуцлагыг жинхэнэ утгаар нь тооцдог байлаа. Өөр өөрсдийнхөө өмнөх ажилд яг эзэн болно. Чадахгүй бол хариуцлага тооцуулна. Хийсэн ажлаа үнэлүүлж цалингаа авна. Энэ мэт зүйл өнөөдөр үгүйлэгддэг л юм. Монголчууд ардчиллаас олон зүйлийг олж авсан. Үүний зэрэгцээ ёс жудаг, мөн чанараас эхлээд мөнгөөр хэмжиж болохгүй зүйлсээ бид алдсан. Монголчууд 20 гаруй жилийн турш бүсээ чангалж, амьдрах гэж зүтгэлээ. Зүтгэсээр байгаад гараад иртэл эрүүл мэндээ алдсан. Өнөөдөр 40-50 насны өвчин ярьдаггүй хүнийг хайгаад үзээрэй. Байхгүй шүү. Бүгд ямар нэг эмгэгтэй болсон.

-Давуу тал ч гэсэн олон бий?

-Үг хэлэх эрх чөлөө, ил тод байдал, шударга ёс, хариуцлагын талаар 25 жил ярилаа. Ачир дээрээ ил тод байгаа юу, шударга ёс тогтсон уу, хариуцлагын тогтолцоо бий болсон уу гэх мэтчилэн анзаарах зүйлс бий. Өнөөдөр бид хэтэрхий их шүүмжилдэг болсон. Юм хийж байгаа хүнийг шүүмжилнэ. Юм хийхгүй байгааг нь ч шүүмжилнэ. Өөрөө яг яаж байгаа билээ гэхээр хир халдаах дургүй. Энэ чинь монгол зан биш байхгүй юу. Бид дотоод мөн чанараа харах нь чухал. Юмны агуулга чухал. Улстөрчид гадаад мөн чанараараа хүмүүст таалагдах гэж юм хийж болно. Найр наадам хийж болох ч иргэдийн амьдрал ахуйд нь хэр хүртээлтэй, юу үлдэх вэ гэдгээ бодож үзэх асуудал байна. Бид агуулга тал руугаа явах нь зөв гэж ойлгодог. Өнөөдөр улстөрчдийн хэлсэн үг хэдэн жилийн дараа буруу болж нийтээрээ хараан зүхэгдэх тийм байдалд орох энүүхэнд. Ийм зүйлд би болгоомжтой ханддаг. Түүх шоглоомтой шүү дээ.

-Та багаасаа л түүхч болъё гэж зорьсон юм уу?

-Намайг долдугаар ангид байхад 1990 оны хувьсгал гарч, юм чөлөөтэй болж эхэлсэн. Үүний дүнд шашин соёл, уламжлалт соёлыг дэлгэрүүлж байна гэж бужигнаад, Намын төв хороо, Улс төрийн товчооны хаалттай байсан түүхэн баримтууд сониноор хэвлэгдэж эхэлсэн юм. Танд түрүүн үзүүлсэн хайчилбаруудыг цуглуулан уншихад асар сонирхолтой байлаа. Нэг л мэдэхэд надад маш их түүхтэй холбоотой сан бүрдсэн. Манайхан өндөр өвөг талаасаа бичиг номын хүмүүс байсан. Монголын мундаг хутагтууд дотор өвөөгийн авга ахын нэр байдаг юм. Өвөөгийн номын найз нь академич Базарын Ширэндэв гуай долдугаар ангиа төгсөөд шинэ эргэлтийн бодлого энэ тэр гээд 1929 онд Чулуут суманд хамтралын даргаар очсон. Т.Жамган гэж өвөө минь тэгэхэд багийн дарга байсан тул Б.Ширэндэв гуайд тусалж явсан юм билээ. 1990 оны дундуур би Б.Ширэндэв гуайтай уулзаж, багш шавь болсон. Багшаасаа зөвлөгөө авч байгаад “Монголын түүхийн 17 жаран” гэдэг түүхийн он цагийн лавлахыг таван жил сууж байж 2000 онд хэвлүүлсэн. СОРОС-ын сангаас энэ номыг минь бүх аймгуудын номын санд худалдан авч тэр мөнгөөр нь оюутан байхдаа орж ирсэн “эксел” машин авч байлаа. Энэ ном минь намайг түүхийн шинжлэх ухааны салбарынханд багагүй таниулж, хөөрхөн орлого оруулж, МУИС-ийн шилдэг оюутан болгож байсан юм. Би МУИС-ийг түүхч, археологич-антропологич мэргэжлээр төгсч байв. Намайг гуравдугаар курст байхад академич Б.Чадраа агсан Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар авч цалинжуулж байсан. “Сургуулиа төгсөөд академид ажилд ороорой” гэж байлаа. Харин МИУС-ийн багш нар маань “Чи тэнхимдээ багшаар үлдээрэй” гээд би гуравдугаар курстээ хоёр ажлын санал авчихсан догь оюутан явлаа.

-Таныг Н.Багабанди, Н.Энхбаяр нарын туслах байсан гэдэг. Улс төрд хэрхэн орсон юм бэ?

-Дөрөвдүгээр курст дөнгөж ороод байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдсан юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэндамбаа гуай “Уулзах хэрэг байна. Ирэхдээ өөрийнхөө ном бүтээлийг аваад ирээрэй” гэв. Яваад очтол Ерөнхийлөгч Н.Багабандийн Улс төрийн бодлогын зөвлөх Долгоржав “Манайх түүх, уламжлал, ёс заншил хариуцсан референт авах хэрэгтэй байна. Чи оюутан байх хугацаандаа дадлагажаад ажиллаач. Боломжтой бол чамайг төгсөхөөр хэсэг хугацаанд харъя” гэхээр нь сонирхолгүй байсан тул яваад өгсөн юм. Сургууль дээр очоод багш нартаа “Ийм санал тавьж байна. Дэмий биз дээ” гэтэл “Юу гэж байгаа юм бэ. Ийм сайхан санал тавьж байхад тийшээгээ яв. Хажуугаар нь хичээлдээ яваад, судалгааны ажлаа хий” гэхээр нь нэлээд эргэлзээтэй маягтай дадлагажигчаар ажилласан. Би хэнийг ч таньдаггүй байсан. Түүхийн чиглэлээр төгсөх курсийн оюутнуудыг судалсан чинь ном гаргасан, юм бичдэг, судалдаг хүн байна гээд нэлээд судалж байгаад авсан гэдгийг хожим нь хэлсэн.

Н.Багабанди даргын наадам, цагаан сар, шинэ жилээр хэлэх үгийнх нь төсөл дээр сууна. Өөрөө мундаг хүн байсан болохоор өнөө цаасыг чинь улаан цоохор болгоод өгнө. Их ч зүйл сурсан. Ингэж л төрийн албаны ажлын гараа эхэлсэн юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн албаны сүүлийн жил ахлах референт бөгөөд Шадар туслахаар нь ажиллаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль болж Н.Энхбаяр дарга ирж байлаа. “Яах бол” гэж бодоод байж байтал үргэлжлүүлээд ажилла гээд 2009 он хүртэл ажилласан. 2009-2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажилласан юм. Н.Багабанди, Н.Энхбаяр дарга нарын референт, Шадар туслахаар тасралтгүй найман жил ажилласан минь надад залуу насны нэг том сургууль, нэр хүндийн хэрэг байсан юм. Хоёр Төрийн тэргүүнтэй хамтарч ажилласан азтай хүн л гэж өөрийгөө боддог. Хөдөөний нэг оюутан хичээлээ хийгээд гүйж явахад дуудаж авч ирээд ажилд оруулна гэдэг чинь их хувь тохиол. Харин 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж улс төрд орох алхам хийсэн. Н.Энхбаяр даргын үед 23 цаг өнгөртөл ажилладаг байсан. Дөрвөн жилийн хугацаанд 220 гаруй суманд очиж ажилласан байдаг. Зүгээр очоод өнгөрөх биш асуудал шийдэл гээд явна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа хүүхдийн үдийн цайны санаачилга гаргаж, түүнийг шийдэж байх жишээтэй.

-Таныг Засаг даргын ажлаа өгсний дараа АТГ-аас шалгаж байсан. Тэр юу болсон бэ?

-Тэр Засаг даргын ажилтай холбоотой биш юм аа. Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байсантай холбогдуулан шалгасан юм. Хүнийг заавал барьж, хорьж байж шалгадаг энэ байдлаасаа салах ёстой гэж боддог. 1937 он биш шүү дээ. Ажлаа хүлээлгэж өгчихөөд сургууль соёлын мөр хөөх санаатай байтал хардлага сэрдлэг болж хорьж цагдсан. Эхнэрийг маань ажлаас нь халахаас эхлээд үндсэндээ амьдрахад нэлээд хүнд болсон. Дахиж олон аавын хүүг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсдэг.

-Сүүлийн үед танай намынхныг төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гэдэг зүйл яригдах болсон. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийн ажлыг явуулах нь чухал. Төрийн албаны халаа сэлгээ гэж их ярьж байна. Энэ хоёр талтай. Үнэхээр ажлаа хийж чадаж байна уу гэдэг асуудал бий. Тэгвэл нам нь яллаа гээд өөрөөс нь олон жил ажилласан хүмүүсийг хоморголон халаад өөрөө оронд нь суучихсан нөхдүүд байдаг. Төрийн албаны хуульд нь өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой. Шийдвэр гаргаж буй албан тушаалтны хууль зөрчиж буй зүйлд битгий оролц. Хууль зөрчсөн буруу шийдвэр гарлаа гээд л байгаа биз дээ.

Бичиг баримтын боловсруулалт дээр нь төрийн албан хаагчид суудаг. Тэр хүн “Ингэж болохгүй дарга аа. Би ийм зүйл хийхгүй” гээд хэлчихдэг зоригтой байх хэрэгтэй. Тэгж хэлээд халагдах юм бол түүнийг хамгаалдаг эрх зүйн орчинтой болох шаардлагатай. Ингэж байж л төрийн албан хаагчид айдасгүй ажиллах юм. Дарга нар нь хууль бус зүйл хий гэхээ болино.

-Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс их байна. Та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 48 сар. Дөнгөж ажлаа эхэлж байна. Бид дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн.

Ард түмэн нэг талаараа мөрийн хөтөлбөрт үнэлгээ өгсөн, нөгөө талдаа өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын алдаатай бодлогод хариуцлага тооцсон. Өмнөх парламент чуулганаа ч хаалгүй алга болсон. Төсвийн тодотголыг тав зургаан сард хийнэ гэсэн ч хаяад явчихсан. Шинэ Засгийн газар түүнийг нь авч ирж тодотгол хийсэн. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Одоо ажлаа л хийх хэрэгтэй.

Төсөв мөнгөнөөс эхлээд бэрхшээл байгаа л юм билээ. Зарим нэг зүйл дээр яарснаас болоод алдаатай зүйл оруулж ирсэн нь бий л байх. Гэхдээ бүх зүйлийг нь тэгж харж болохгүй. Өнөөдөр бидэнд тогтвортой төр засаг хэрэгтэй байна. Гадныхан тэгж харж байгаа. Бизнесийнхэн, иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэх ёстой. Зарим зүйл дээр хурд дутаж байгаа зүйл харагдах л юм.

-Ам.долларын ханш сүрхий савлалаа. Ер нь эдийн засгийг аврах биш алж байгаа Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдыг огцруулах ёстой гэж байна?

-АН-ын зарим нэг гишүүн Монголбанк интервенци хийхээс өөр арга зам хайх ёстой гэж ярилцлага өгсөн байна лээ. Үнэн. Хайх ёстой. Гэхдээ өөрсдөө хангалттай валютын нөөцтэй байхдаа интервенци хийх байтугай аргаар валютын ханшийг барих боломжтой байсан. Монголбанк сайн ажиллах ёстой. Ховор зүйл үнэтэй байдаг гэдэг чинь зах зээлийн зарчим. Харин сүүлд 200 орчим төгрөгөөр долларын ханш өссөн асуудлыг шалгах хэрэгтэй. Хэсэг бүлэг хүмүүс, банкууд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өсгөсөн байхыг үгүйсгэхгүй. Би тэгж хардаж байгаа. Арилжааны банк ашгийн төлөө явдаг. Банк тэгж тоглолт хийсэн бол шууд буруутгах аргагүй. Гэхдээ манай үндэсний банкууд эх оронч байх хэрэгтэй л дээ. Тэднийг ашигтай байх боломжийг Монголын төр хангалттай бий болгосон. Гадны банк оруулж ирнэ гэхээр л Монголын банкуудыг дампууруулах нь гээд эсэргүүцдэг. Өөрсдөө болохоор тэнгэрийн хүүтэй, эндээ “даам” гарчихсан. Хүүгийн өрсөлдөөнөөс айгаад Монголдоо хэдүүлхнээ хуйвалдаад гурван сая ард түмнийг мөлжөөд суух сонирхолтой болчихсон юм уу гэж хардаж байгаа. Үндэстэн дамнасан улс бүрт байдаг санхүүгийн корпорациуд бий. Тийм банкуудаас яагаад салбараа оруулж болохгүй гэж. Тэд хадгаламж, арилжааных нь хүүг тогтоогоод өгчихнө. Иймэрхүү байдлаас үүдээд арилжааны банкуудыг би хардаад байгаа юм. Үе үе ингээд эмзэг эдийн засагтай жижиг зах зээлийг савлуулаад байвал яах юм бэ.

-Эдийн засгийн онцгой хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүндрэлээс гарах боломж юу байна вэ. Том төслөө хөдөлгөнө, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана, Хятадаас зээл авна гээд л яригдах юм?

-Эдийн засгийн онцгой нөхцөлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөрт туссан. Эхлээд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэдэг дүн шинжилгээ хийх ёстой. Судалгааны байгууллага, хөндлөнгийн экспертүүдийн судалгаа байгаа эсэхийг мэдэхгүй. Дэлхийн эдийн засгийн чиг хандлага аль тал руугаа тэлэгдэж, аль тал руугаа хумигдаж байгааг анзаарах ёстой. Эхний ээлжинд уналтыг зогсоох, алдаатай зүйлсийг засч залруулах, хэвийн горимд оруулах тал дээр ажиллана гэж байгаа нь зөв. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгтэй. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд манай эдийн засгийн хүндрэлийг даван туулах хэмжээний хөнгөлөлт байхгүй юм билээ. Үүний зэрэгцээ өөр эх үүсвэр хайх шаардлагатай.

-Тэр нь Хятад юм биш үү?

-Сүүлийн үед авсан мэдээллээр хэд хэдэн улс руу хүсэлт явуулаад байгаа юм билээ. Чухам хариу нь ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Казиногийн хуулийг эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт тусгасан байна. Энэ хуулийн төсөл олон жил яригдаж, олон ч улстөрчийг хөлдөө чирсэн. Миний хувьд Казиногийн хууль дээр нэлээд хатуу байр суурьтай байгаа. Казино байгууллаа гэхэд хэдэн хүн ирээд тоглох л байх. Монголын эдийн засгийг сэргээнэ гэж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй.

-Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Та хууль санаачлагчдын нэг байх аа. Яагаад энэ өдрийг сэргээхээр болсон юм бэ?

-Арваннэгдүгээр сарын 26-наас АН-ынхан яагаад ингэж болгоомжлоод байдаг юм бэ. Яалт ч үгүй 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулийг баталсан. Анхдугаар Үндсэн хууль баталсан тэр өдөр үндсэндээ Монгол Улсад Бүгд найрамдах засаглал тогтсон. Хэдийгээр дэлхий нийт хүлээн зөвшөөрөөгүй ч Азид анх удаа ардчилсан төрт Бүгд найрамдах засаг тогтож байгаа байхгүй юу. Ардчилал ярьж, өмчилдөг нөхдүүд яагаад ардчилсан засаглал тогтсон энэ өдрөөс цэрвээд байгаа юм бэ.

-Шинээр Их хурлын гишүүн болсон. Одоо ямар бодолтой яваа бол…

-Их хурлын гишүүнээр сонгогдоод өөрийн эрх мэдлийн хүрээ, үүрэг хариуцлагын шугамаа судалж байна. Их хурлын гишүүн гэдэг бол өндөр хариуцлага. Тиймээс Их хурлын гишүүний өндөр нэр хүндтэй, хариуцлагатай суудал дээр эхлээд зөв сууж сурах хэрэгтэй биз дээ.

-Та Их хурлын сонгуулиар Н.Батбаяртай өрсөлдсөн. “Өнгөрсөн хугацаанд аймгийн төвд маш их ажил хийсэн. Фортуна гарах нь дамжиггүй” гэж яригдаж байсан шүү дээ. Сонгууль хэр хүнд болж өнгөрсөн бэ?

-Гишүүн асан Н.Батбаярын хувьд таван удаа Архангайд нэр дэвшээд сүүлийн гуравт нь дараалан гарсан. Нутгийн том улстөрч. Засгийн газрын гишүүнээр хэд хэдэн удаа ажиллачихсан. Улстөрч, хувь хүн талаасаа нутаг орондоо хийсэн зүйл зөндөө л байсан байх. Аймгийн Засаг дарга байхдаа хамтарч ажиллаж байлаа. Өнгөрөгч сонгуулиар намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгээд л нэр дэвшсэн. Ард түмний сонголт энэ байсан. Хүссэн болгон нь сонгуульд орж, хүссэн болгон нь Их хурлын гишүүн болдоггүй. Миний хувьд Н.Батбаяр гишүүнийг хүндэлж явдаг. Сонгуулиар сайхан шударга өрсөлдсөн. Сурталчилгааны эхэн үед нэг тааралдаад бие биедээ амжилт хүсч, шударга өрсөлдөнө өө гээд салцгаасан. Хэн нэгнийхээ талаар муу муухай зүйл явуулаагүй. Гэхдээ нэг зүйлийг бүгдэд нь шивнэчихсэн юм шиг сонголтыг ард түмэн хийсэн. 1990 оноос хойш Архангай аймгаас олон том улстөрч төрөн гарсан. Бүгдтэй нь гар нийлэн ажиллаж байсан. Р.Гончигдорж дарга гэхэд мэргэшсэн парламентч. Нэг ч удаа Засгийн газрын гишүүн болоогүй зөвхөн парламентын гишүүнээ л хийсэн гэх мэтчилэн олон улстөрч манай нутгаас төрөн гарсан байдаг.

-Шинэ гишүүдийн мэдлэг нимгэн, нунж дорой байна гэж шүүмжлэх боллоо. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ гишүүн гэдгээрээ хаацайлж буруу зөрүү зүйл хийж, алдаа гаргасан бол түүнийгээ дарах гэж байгаа болохгүй. Мэдээж мэдэх, мэдэхгүй зүйл гарна. Ард түмний итгэлийг даагаад гараад ирнэ гэдэг чинь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн бодолтой хувь субьектууд гэж хардаг. Тэр утгаараа энэ нь илүү, тэр нь дутуу гэсэн хөндлөнгийн үнэлэмж байх нь зохимжгүй. Зарим зүйл дээр шинэ гишүүд юм чинь гээд хойш нь тавьчих гээд байх хандлага ажиглагддаг. Тиймээс аль болох тийм байдал гаргуулахгүй байх ёстой гэж боддог. Олон хүн дотор янз бүрийн үзэл бодолтой хүмүүс багтсан учраас хааяа нэг хөндлөн зүйл гарна. Хамгийн гол нь улс орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг, хувийн тоглолт бага хийдэг байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

​Шигшээгийн тамирчнаас уртын дуунд “урвасан” Д.Түвшинжаргалынд өнжлөө

Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалынд өнжлөө. Очиж өнжих хүсэлтэй байгаагаа утсаар хэлж, гэрийг нь заалгаж явсаар түвэггүйхэн олоод оччихлоо. Тэднийх Зайсангийн “Кёкүшю сан”-гийн ойролцоохь таван давхар орон сууцны тавдугаар давхарт аж төрж байна. Биднийг ороход Д.Түвшинжаргал гуай хоолоо хийж байв. Тэрээр биднийг угтах зуураа гадаа цас ихтэй хүйтэн байгаа болохоор адууны мах чаначихлаа. Миний дүү нар цайгаа уучихаад мах идээрэй, бас будаатай шөл хийж байгаа. Сэтгүүлч ирнэ гэхээр нь гал тогоондоо туслуулах санаатай хоёр шавийгаа дуудчихсан. Энэ хоёр маань тагтан дээр гараад цэвэр агаарт зогсчихлоо хэмээв. Тэрээр яриагаа цааш үргэлжлүүлэн “Ангийн найз маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас өнөөдөр ирчихээд байж байна, мөн Нарийнтээл сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Ганбат сая орж ирээд, бид хэд мах идэнгээ нутгийн сонин сайхан яриад сууцгааж байлаа. Манай ангийн энэ залууг Ц.Дэгиддорж гэдэг юм. Улсын аварга малчин хүн.

Өнгөрсөн жил нутагтаа явж байгаад би найзыгаа улсын аварга малчин болсон гэж сонсоод, оройжин, шөнөжин давхисаар хүрч очсон. Эднийх чинь өвөл зунгүй уулын хярд нутагладаг, баргийн унаа машин очиход хэцүү газар байдаг юм. Ингээд шөнө очиход эдний эхнэр гавьяатдаа хуучин хоол өгөхгүй, заавал шинэ хоол цай хийж өгнө гээд шөнөөр шинэ цай чанаж, мах татаад бууз хийж өгч байгаа юм. Ингээд найрлацгаасан, найз маань жаахан согтчихсон, гавьяатдаа өвлийн идэшний үхэр явуулна шүү гэж байсан юм гэв. Би тухайн үед сонсоод л өнгөрсөн, дараа нь мартчихаж, гэтэл нэг өдөр хүн залгаад Өвөрхангайгаас таны идэшний үхэр ирсэн, тосоод аваарай гэж байна. Ñүрхий том үхэр төхөөрөөд явуулсан байна лээ. Миний найз чинь үнэнч шударга, өглөгч хэрнээ малыг мянга, мянгаар нь өсгөж байгаа хөдөлмөрч эр гэж нэмлээ. Ц.Дэгиддорж гуай бидэнд хандан ярихдаа “Ах нь хэлсэн бол яг хэлсэндээ л хүрдэг. Хүнд жижиг, муу мал өгч үзээгүй, хамгийн том, тарган сайн малаасаа барьж өгнө. Тэгээд ч бага залуу мал хүнд өгөхөөр тэр айлд гурав, дөрөвхөн өдрийн хоол болоод дуусна, бага малаа хүнд өгөөд байвал мал өсөхгүй шүү дээ, том малаа хүнд өгч, бага малаа өсгөнө. Тэгэхдээ айлд хөгшин мал өгч үзээгүй. Өгснөөрөө хүн хоосордоггүй юм. Харамч байж болохгүй, шуналтай байх хэрэггүй, бодолтой, тооцоотойхон байхад болдог юм. Манай Ерөнхийлөгч малчид биднийг мянган мэргэжилтэй гэж өндрөөр үнэлээд байгаа болохоос биш ах нь өөрийгөө 200 мэргэжилтэй гэж боддог. Мал маллахад 200 мэдлэг, чадвар ухаан хэрэгтэй шүү дээ” хэмээн ярилаа. Биднийг ийнхүү хөөрөлдөж байх зуурт хоол бэлэн болжээ. Д.Түвшинжаргал гавьяат хоолоо аягаллаа. Ясны шөлийг цагаан болтол аарц хийчихсэн, амттай гэж жигтэйхэн будаатай шөлөөр дайлав. Энэ нь тэдний нутгийн брэнд шөл аж. Нутгийнхан шөлтэй хоолонд ахиухан аарц хийдэг нь заншил болсон гэнэ.

Д.Түвшинжаргал гуай 1973 онд 17 настайдаа Өвөрхангай аймгаас Баянхошууны 0119 дүгээр цэргийн ангид хуваарилагдаж ирээд цэргийн барилдаанд зодоглож, үзүүрлэжээ. Тухайн үед 300 цэрэг барилдсан бөгөөд Увсын Ө.Тулгаа заан түрүүлсэн байна. Ингээд 1975 онд “Хүч” нийгэмлэгийн тамирчин цэрэг болж, 25 нас хүртлээ самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байсан аж. Харин Ñпортын төв ордонд болдог “Тамирчдын шинэ жил”-д самбо, жүдогийнхныг төлөөлөн уртын дууг хөгжимгүй дуулжээ. Түүний дуулж байхыг сонссон гавьяат жүжигчин Б.Лхамжав гуай 300 мянган төгрөгийн цалинтай чуулгын дуучин болох санал тавихад нь тамирчны цалингаас бага юм байна, дуучин болохгүй гэжээ. Харин дараахан нь Унгар руу тэмцээнд явчихаад, хөдөө гэртээ очиж амраад иртэл “Хүч” нийгэмлэгийн дарга, Соёлын яамны сайд хоёр хоорондоо ярилцаад түүнийг чуулгад дуучнаар авчихсан байжээ. Ингээд дараа нь Э.Оюун гуай чи “Өвгөн шувуу хоёр” гэж дууг Ж.Дорждагва багшаар заалгаж дуул. Ж.Дорждагва багшийг олж уулз гэсэн байна.

Энэ талаар Д.Түвшинжаргал гавьяат ярихдаа “Чуулгын дуучин болчихоод, Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Д.Дорждэрэм, Ш.Цэцэгээ зэрэг гавьяатуудтай баруун, зүүн аймгуудаар тоглолтоор явдаг байлаа. Би тэдний дээлийг зөөнө. Улсын шигшээ багийн тамирчин байхад Женко Х.Баттулга, Î.Балжинням аварга зэрэг дүү нар миний цүнхийг үүрээд гүйдэг байлаа. Барилдаж байхдаа Д.Амгаа заан, Г.Жамсран, Дамдин О.Балжинням, Д.Цэнд -Аюуш заан бид хэд нөхөрлөж, хамтдаа нутгийн айраг ууцгаадаг байв. Харин дуучин болоод эгч нарын дээлийг зөөгөөд тоглолтод оролцохгүй болохоор дээл зөөгчөөр орсон юм шиг санагдаад, больё гэж багшдаа хэлж байсан. Ингэж байтал харин Францад байдаг дэлхийн ардын урлагийн төвөөс нэг хүн ирж манай дуучдаас Францад тоглох хүмүүсийг сонгоход Нэргүй бид хоёр сонгогдсон. Урлагаар гадаад явах их гоё санагдаж байлаа. Тамирчин байхад гадаад явах хэцүү, жин хасна гээд нэг байшинд хэвтчихнэ, идэж, уух хүртэл хориотой байлаа. Ингээд би Францад очиж дуулахдаа уртын дууг гадаадынхан хэрхэн хүлээж авч байгааг хараад, уртын дуу бол гайхамшигтай зүйл юм байна гэдгийг мэдэрсэн. Би чинь Н.Норовбанзад багшийн багш Ж.Дорждагва гээд алдарт уртын дуучны гэрт нь очиж дуу заалгаж байсан гарын шавь нь шүү дээ. Дорждагва багш маань 82 настай байхдаа 25 жилийн чинь хоолыг бэлдэж өглөө шүү гээд надад таван дуу зааж өгсөн. Тухайн үед би залуу байсан болохоор тавхан дуугаар 25 жил хооллоод байхдаа ч яахав дээ гэж бодож байлаа. Ж.Дорждагва багштай анх уулзахдаа би улсын шигшээ багийн тамирчин, Ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар орсон гэж өөрийгөө сүрхий танилцуулж билээ. Ингээд Ж.Дорждагва багшийн өмнө зогсоод “Ар хөвчийн унага” дууг жаахан аялсан чинь болно, болно миний хүү гэчихээд, бурхнаасаа арц авч уугиулаад л намайг шавиар авч байлаа. Багшийнхаа зааж өгсөн “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёрын шувууны дуу”, “Эр бор харцага”-аар би 30 гаруй жил хоолоо олж идэж явна шүү дээ. Тухайлбал, Эрдэнэ засгийн унага Эрвэлзүүлэнхэн жороо Элст манхан нутагтай Эмгэн буурал ээжтэй шүү гэхээр уул ус нь хүртэл бодитойгоор харагдаж байгаа биз дээ. Ингээд зүрхнээс гарсан юм чинь мөнх болчихож байгаа юм. Зүрхнээс зүрхэнд очиж байгаа айзам уртын дуу бол чанадын чанадаас ирсэн аялгуу” гэлээ.

Д.Түвшинжаргал гуай одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд гавьяат хэмээх эрхэм цолыг хүртэж байжээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын голд төрсөн. Өвөрхангайн Нарийнтээлд найман настай балчраас эхлээд, наян настай буурал хүртэл уртын дуугаа дуулдаг гэнэ. Түүнийг Б.Лхамжав болон Ж.Дорждагва багш нь уртын дууг өвлөн авч явах ёстой эрэгтэй дуучин хэмээн ийнхүү уртын дууны өв соёлыг өвлүүлэн үлдээжээ. Эрэгтэй уртын дуучин бараг байхгүй болж байсан үе аж. Тэрээр 30 гаруй жил уртын дууг хөгжүүлэхийн төлөө явахдаа Монгол уртын дууны холбоо байгуулж, уртын дууг Юнеско-д бүртгүүлж, Чингис хааны 800 жилийн ойгоор, 800 дуучинг удирдан тоглуулсан 33 жил төрийн наадам нээсэн, Төрийн хан хуур, сүлдэт морин хуурыг залахад ганцаараа есөн морин хууртай дуулсан гээд их ажлыг Монголын уртын дууны ертөнцөд бүтээжээ. Мөн дөрөвдүгээр далай ламд зориулан бүтээсэн “Ялгуусан эрхт” дууг Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайханы хамт Энэтхэгт очиж, Далай ламын өмнө дуулж байжээ. Түүнийг дуулахад Далай лам тэвэрч үнсэж, ихэд баярлаж буйгаа илэрхийлж байсан аж.

Уртын дуучин Д.Түвшинжаргал гуайтай ийнхүү ярилцлаа.


-Та хичнээн шавьтай болж байна. Төрмөл авьяастай сайн дуучид гарч ирж байна уу?

-Дуу дуучнаа голно уу гэхээс биш, дууг дуучин голдоггүй гэдгийг манай залуус ухаарах хэрэгтэй. Би ÑУИÑ, Хөгжим бүжгийн коллежид 13 дахь жилдээ багшилж байна. 30-40 шавь төгсгөлөө. Үндэсний бөх, уртын дуучин хоёрыг төрдөг юм байна гэж би ойлгодог. Хүүхдүүд уртын дууг маш сайн сурч байгаа ч мөн чанар, амин чанарыг олж дуулж байгаа нь ховор юм. Уг нь сайхан дуучид төрчихсөн байна. Гэхдээ дуучид маань асар их юм унших хэрэгтэй, ядаж орчлон, ертөнц хорвоогоо ойлгох ёстой байгаа юм. Îрчлон, хорвоо, ертөнц гурвыг ойлгохгүй, ялгаж салгахгүйгээр уртын дууг ойлгохгүй.

-Танай удамд дуучин хүн бий юү. Та ээж, аавынхаа тухай дурсахгүй юу?

-Миний ээж, аав хоёр Социализмын үед нэгдэл нийгмийнхээ төлөө зүтгэж явсан, сайхан хөдөлмөрч эгэл жирийн хүмүүс. Би эцэг, эхээс долуулаа. Миний төрсөн дүү харцага Ч.Даваадорж гэж хүн байсан. Ч.Даваадоржийг аав төрсөн эгчдээ өргүүлчихсэн юм. Îдоо хүү нь Д.Төмөрхүлэг гээд залуу барилдаж байна. Бид өдий зэрэгт яваа нь миний ээж, аав уул, ус нутгийн минь буян. Цаашлаад уртын дууг дуулж байгаа нь хүн төрөлхтний буян шүү дээ. Би Н.Норовбанзад багштайгаа Япон, Солонгос зэрэг орноор дуулж явлаа. Хоёр, гурав дахиулахад Норвоо багш маань халхын эр, эм хоёр уртын дуучин занхайтал авлаа шүү тийм ээ гэдэг байж билээ. Ж.Дорждагва, Н.Норовбанзад багш нарынхаа зааж сургасныг хойч үедээ өвлүүлж л явна. Манай ээжийн ах Доржготов гэж шимийнхээ айргийг уучихаад сайхан дуулдаг хүн байсан юм.

-Бөхийн тухайд?

-Далай даян, дархан аварга Д.Цэрэнтогтох Шаргын голд төрсөн. Б.Ренчинпэлжээ сайд, Ардын зураач Ц.Сангицохио, Нарийн сайхан хээрийн Ñ.Нямлхагва тэнд төрсөн. Агуу бүтээгч түүхэнд мөнхөрсөн хүмүүс манай нутагт төрсөн байдаг. Шаргын гол уртын дуучид, бөхчүүд төрдөг нутаг юм байна гэж ойлгож байгаа. Манай дүү нар найранд дуутай, сумынхаа наадамд даваатай залуус бий. Сүүлийн үед монголчууд яс, цус удам судар гэж их ярьдаг болсон байна. Мөн ургийн бичиг хөтөлдөг болжээ. Энэ их зөв шүү.

-Таны хүүхдүүд бүгдээрээ дуучин байна уу?

-МУГЖ Баясгалан байна. Миний охин чинь сэтгэлээрээ, аялгууг зөв дуулдаг. Îлон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан дуучин болоод явж байгаад нь аав нь охиноороо бахархаж, баярлаж суудаг. Миний хүү мөн дуучин болсон, ховор авьяастай хүмүүсийн ажилладаг Мариинский театрт дуучнаар ажиллаж байна. Одоо Б.Шаравын уралдаанд оролцох гээд ирчихсэн байгаа, хүүгийнхээ дуулахыг харлаа. Ñонсоод огшлоо. Бага охин маань Хөгжим бүжгийн коллежийг төгссөн.

-Та энэ байрандаа ганцаараа амьдарч байна уу?

-Манай хүргэн Д.Батбаяр, Ч.Батзориг заан хоёр жүдогийн клуб ажиллуулдаг юм. Манайх бөхийн өргөөний цаана байгаа. Амралтын өдрүүдээр жүдогийн хүүхдүүдэд хичээл ордог, хичээлдээ ойр гээд хааяа эндээ байрладаг юм. Хажуухан талд жүдогийн клуб бий.

-Танай зээ хүү барилдаж байгаа юу?

-Жүдогийн клубт явж байгаа. Ч.Батзориг зааны хүү, охин хоёр ч хичээллэдэг. Хүүхдийг спортоор хүмүүжүүлнэ. Хүмүүжилд спорт их чухал гэлээ. Тэрээр дээл хувцсаа өмсч “Алтайн магтаал”, “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж өгөөд, Ж.Дорждагва багшийнхаа хүлээлгэн өгсөн хашилга сумыг сонирхуулж, цомгоо гардуулаад, ерөөл өргөж, духан дээр үнсээд биднийг үдлээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Зүүн Герман дахь хөлбөмбөгийн хувьсгал

ХБНГУ-д Лейпциг хэмээх хот байх. Хагас сая хүн амтай, хуучны соц Германы томоохон хотуудын нэгэнд багтдаг, маш олон монгол оюутан амьдарч, суралцаж байсан тун гоё дулаахан хот. Ихээ том банхоффтай(төмөр замын вокзал), Дуурийн театр, Гэгээн Фомагийн сүм энээ тэрээ гээд эрт урьдын сүрлэг барилга байгууламжтай, Бах, Вагнер мэтийн дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолчдын өлгий нутаг Лейпциг хотод хэсэг хугацаанд амьдарч байсны хувьд бага сага гадарлана. Ингэж хол нуршихын учир нь энэ хот хэзээ ч спортын, тэр тусмаа хөлбөмбөгийн хот байсангүй гэдгийг хэлэх гэсэн юм. Эмэгтэйчүүд нь гандбол тоглож дэлхийд эрэмбэлэгддэг гэсэн боловч дэлхийд цуурайтдаг спорт биш тул хэн түүнийг нь анзаарах билээ. Хөлбөмбөгийн хувьд хэдийгээр “Лейпциг” гэдэг баг анхны Бундеслигийн аваргаар 1903 онд тодорч байсан гэдэг архивийн материал байдаг ч түүнээс цааш гайхуулах зүйл үгүй. Жилдээ нэг удаа монгол оюутнууд, вьетнам оюутнуудтай хөлбөмбөгийн тэмцээн зохиож хожигддог байсан нь бараг л тэр хотын хөлбөмбөгийн хамгийн том арга хэмжээ байсан гэвэл мэдээж хэтрүүлэг болох ч өөрөөр Лейпцигт хөлбөмбөгийн тэмцээн боллоо гэж сонсогддоггүй байсан нь үнэн юмдаг. Гэтэл өнгөрөгч жилээс “РБ Лейпциг” гэдэг мэргэжлийн хөлбөмбөгийн баг гарч ирж Бундеслигийг ёстой жинхэнэ утгаар нь шуугиулж эхэлдэг байна шүү. Хэдхэн жилийн өмнө сураг ч үгүй байсан, өөрийн гэсэн үүх түүх, замнал гээд хүнд үзүүлчихээр олигтой намтаргүй, тэгээд дээр нь зүүн Германы баг арван тойргийн дараа, Бундеслигийн шинэ улирал эхлээд хоёр сар хагас өнгөрч байхад, хүснэгтийн эхэнд алдарт “Бавари” Мюнхэнтэй хамт адилхан оноотой бусдыгаа тэргүүлээд жагсаж байна гэдэг үнэхээр гайхамшигтай сенсаци бөлгөө. Тэгээд яаж яваад “РБ Лейпциг” гэдэг баг тав, зургаахан жилийн дотор “ядуусын хорооллоос дээдсийн хүрээлэнд” багтсан талаар жаал өгүүлье гэж бодлоо.

Австри улсын иргэн Дитрих Матешиц (Dietrich Mateschitz) гэх 72 настай эр бий. Спортод тун дуртай, бүх төрлийн мотоспортууд, шүхрийн болон уулын төрлийн спортуудад хөрөнгө оруулдаг. Бас сүүлийн үед хөлбөмбөгт их дурлах болсон. Түүний Red Bull GmbH (Ред Булл) хэмээх зургаан тэрбум ам долларын эргэлтийн хөрөнгөтэй пүүс, хийжүүлсэн ундааг нь мэдэхгүй хүн хорвоод үгүй байх. За тэгэхээр энэ эр 2009 онд Лейпциг хотын захад байрлах “Маркранштадт” хэмээх жижиг багаас Германы хөлбөмбөгийн лигүүдийн хамгийн доод талын “шал” болох Оберлигт тоглох лицензийг 350 мянган еврогоор худалдан авчээ. Зүйрлэвэл, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд үндэсний бөхийн дугуйлан нээж ирээдүйн аварга бэлдэнэ гээд хөрөнгө оруулж эхэлжээ. Германд үйлчилдэг хуулиар бол гадаадын иргэн хөлбөмбөгийн багийн 49 хувиас дээш хувьцааг эзэмших боломжгүй юм гэнэ. Түүнчлэн аливаа нэг багийн нэр шууд утгаараа аль нэг пүүс компанийг сурталчлах ёсгүй гэсэн.

Жишээ нь Абрамович “Челси”-г худалдаж авангуутаа “Сибнефть Челси” гэж хэзээ ч нэрлэж болохгүй гэсэн үг. Гэтэл Австрийн тэрбумтан эдгээр дүрмүүдийг хууль зөрчилгүйгээр “уландаа” гишгэжээ. Тэр багийн гишүүн болох өргөдлийн төлбөрийг өндөр тогтоож “РБ Лейпциг” гэдэг нэрийг хүртэл өөрийнхөөрөө тайлбарлана. Хэрвээ та “РБ Лейпциг”-ийнхний өмсгөлийг харвал яах ч аргагүй “Ред булл”-ын хоёр улаан бух мөргөлдөж буй уламжлалт дүрсийг харах болно. Харин албан ёсны тайлбар нь Ред Булл Лейпциг биш Рашен БаллШпорт Лейпциг юм билээ. За нэг ийм зальтай австри эр зургаан жилийн хугацаанд шинэ багаа дөрөвдүгээр лигээс жил бүр нэг шат ахиулсаар Бундеслигт авчирч түүхийг бүтээлээ дээ. Катар, Кувейт, Оросын баячууд шиг шууд л том баг худалдан авч баахан мөнгө цутгасангүй. Жижигхэн багийг хямдхан аваад бүр дороос дээшлэхдээ багийн бүтэц, менежмэнт, бэлтгэлийн бааз, ирээдүйд гялалзах багачуудыг олж таньж хамтдаа дээшлэх, хөгжөөн дэмжигчдийн армийг шинээр төрүүлэх гээд бүхий л зүйлийг энэ зургаан жилийн хугацаанд ари хүн шиг яв цав хийж гүйцэтгэсэн байх юм. Лейпциг хотыг бүрэн дүүрэн хөлбөмбөгөөр “өвчлүүлэхийн” тулд жил бүрийн зун сурагчдын амралт эхлэхээр “хөлбөмбөгийн дунд сургууль” хөтөлбөрөө 6-14 насны хүүхдүүдийн дунд зарлана. Сайн багш, дасгалжуулагчтай, дээд зэргийн сургалтын танхим талбайд сар орчмын хугацаанд хүүхдүүдийг цуглуулж анхан шатны хичээл заадаг гэсэн. Ёр нь “РБ Лейпциг”-ийн сургалтын төвүүд яг одоо Германдаа хамгийн шилдэг нь болчихоод байгаа сурагтай. Үр дүнд нь эндээс сүүлийн үед тун сайн залуучууд төрөх болсон. “РБ Лейпциг” баг эдгээр академи, сургалтын төвүүддээ зориулж жилдээ 35 сая евро зарлагадана. Тийм ч учраас “РБ Лейпциг” багийн гишүүдийн дотор энд “бойжсон” нутгийнх нь залуучууд олон багтаж байгаа. “РБ Лейпциг” Бундеслигт ороод арав тоглохдоо нэг ч хожигдоогүй, долоо хожиж, гурван удаа тэнцсэн. Тэдний өмнө одоогийн байдлаар “Боруссиа” Дортмунд, “Гамбург”, “Вольфсбург” мэтийн ланжгар багууд өвдөг сөхрөөд байгаа шүү гээд болохоор “РБ Лейпциг” зүгээр л “үүлэн цоорхойгоор жаахан амжаад цухуйсан нар” лав биш мэт л санагдаад байх юм. Зүүн Германд хөлбөмбөг дээшилж хувьсгал дэгдээж байна даа.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Д.Бямбасүрэн: Монголын төр, тусгаар тогтнол, бүрэн эрх монголчуудын гарт байна

Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Дашийн Баямбасүрэн “IMAX-Лекц”-ийн хүндэт зочноор уригдан “Хүн байхын учир- Монгол Улсын хөгжлийн гарц-Залуусын оролцоо” сэдвээр лекц уншлаа.

Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн дүнгээр Ерөнхий сайдын албанд томилогдон ажилласан түүний Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй билээ.

Хүн байхын учир- Монгол Улсын хөгжлийн гарц-Залуусын оролцоо сэдэвт лекцийг сонсохоор “Хууль сахиулахын их сургууль”-ийн багш, сонсогчид, “Шинэ Монгол” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид, “Аварга дээд сургууль”-ийн оюутнууд, “Эрдмийн унраа” цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчид гээд нийт 250 гаруй залуус хуран цуглалаа.

Ардчилсан Монголын анхны Ерөнхий сайд маань нийслэлийн V дунд сургуулийг төгссөн. Тэгвэл тус сургуулийн сурагчид болон танхимд цугласан залуус “IMAX- Лекц”-ийн хүндэт зочныг хүндэтгэн угтаж хүндэтгэл үзүүлсэн юм. Ингээд үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг “Жалам хар”-ын аялгуургаар лекцийг эхлүүллээ.

-УЛС ҮНДЭСТНИЙ ТҮҮХ МОНГОЛЧУУДААС ЭХЭЛДЭГ-

Улс үндэстний түүх монголчуудаас эхэлдэг гэхээр “Монголын түүх хожуу үеийн түүхт ордог биз дээ” гэдэг. Харин үүнийг дэлхийн Германы философич Г.В.Гегели тайлбарлахдаа “Монголчууд хүн төрлөхтний түүхийг оюун сүнстэй болгосон” гэж бичсэн байдаг.

Улс гүрнүүд нэг нэгнээ ноёлохын төлөө байлдаж, улс гүрэн үүсэж, зарим нь мөхөж байсан. Харин монголчууд хүн төрлөхтний түүхэнд энх амгалангийн амьдралын төлөө том гүрэн улс байгуулж, төрт ёсны асар их түүхийг бүтээж өгсөн.

Дэлхийн хоёр том гүрний дундах түгжигдмэл Монгол орон гэж ярьдаг. Би үүнийг гайхдаг. Гаднын зарим эрдэмтэд үүнийг өөрөөр ойлгодог. Монголын гүрэнт улс байгуулагдахаас өмнө Хятад 12 тусдаа улс байсныг нэгтгэж одоогийн Хятадыг бүрэлдүүлсэн Хятад улсыг Монгол Улсын бүтээл гэж хэлж болно. Германы нэрт түүхч Майкл брайдон үүнийг “Чингисийн өв” гэж үнэлсэн байдаг.

ОХУ Уралаас баруун тийш нутгаар 62 вант улс байхад монголчууд, Москвагийн вант улсыг дэмжиж, Оросын гүрний суурийг тавьж өгсөн. Оросын хаад дотор Морис бодонов хүртлэх бүх сурвалжит хаад нь монгол хүн байсан. Орос гүрэн Уралын нурууг давж Ази тиврүү орж ирэхдээ 40 улсын цагаан тугийг барьж ирсэн.

1929 онд Халимагийн ахан дүүсийн нэрт туурвигч “Одоогоор Орос улс Монголын бүтээл гэж хэлсэн байдаг. Монголчууд өөрсдийнхөө хоёр бүтээлээр битүү хүрээлүүлчихсэн. Өөрийнхөө хил хязгаарыг урд талдаа Өвөрмонгол, ганшу шинжань гээд монгол угсаатны эртний овог аймгууд, хойд талдаа тува буриад ойрдууд гээд хүрээлүүлж байгаа. Үүнийг “Өөхөн дотрох бөөр, өндгөн дотрох шар” гэж хэлдэг. Ийм таатай нөхцөлд бид амьдарч байна. Энэ бол монголчуудын тив дамнан энх амгалан аж төрөх тэр байгууллын суурь гэж хэлж болно.

-МОНГОЛЧУУД ХҮН ТӨРЛӨХТӨНД ЮУ ӨГӨВ-

Генрик Гесс “Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг” гэж хэлсэн байдаг.

Монголчуудын туулж ирсэн замыг харахад үнэхээр сонин. Чингисийн их гүрэн бий болсон. Дараа нь 17-р зууны үед Монгол Улс тусгаар тогтнолоо алдсан ч монголчууд төрт улсаа гэсэн сэтгэлээ алдсангүй. 200 гаруй жилийн дараа төрт улсаа сэргээсэн.

XX зууны босгыг бид клон, хараат, хоцрогдмол орны түвшинд алхаж орсон. 1911 он, 1921 оны хувьсгалаар бид феодолын байгуулал гэж ярьдаг тэр байгуулалаас шал өөр хүн төрлөхтний огт хийж үзээгүй социолист байгуулалын туршилтийг хийж эхэлсэн. 1990 онд та нарын заримыг нь төрөөгүй байхад ардчилсан хувьсгал хийж, нэг зуунд гурван удаа хувьсгал хийж, нийгмийн байгууллаа хоёр удаа сольсон. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг сонгосон. Социолизмаас иргэний нийгэм рүү шилжихийг тэмүүлсэн ганц улс манайх биш л дээ. Биднээс хавь илүү өндөр хөгжилтэй европын орнууд бас энэ нийгэм рүү шилжсэн. Гэхдээ тэд өмнөх нийгмийн байгуулалын удирдагчид, дарга нараа шоронд хийж, зарим нь гудамжинд буудаж унагааж ч байсан. Харин монголчууд тэгээгүй. Бид иргэний байгууллаа солихдоо үндэснийхээ зөвшилцөөр шинэ замналаар явъя гээд шилжсэн. Энэ XX зуунд хүн төрлөхтөнд монголчуудын ойлгуулж ухааруулсан нэг том ухаарал. Одоо Арабын ертөнц тэр чигээрээ доргиж цус урсаж байгааг та бүхэн мэднэ. Одоогоос 10 жилийн өмнө Сирийн асуудлыг зогсоох, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннан “Арабаар оролдоод хэрэггүй юм байна. Та нар монголчуудыг хар. Хоцрогдсон, цөөхөн хүн амтай, ядуу гэгдэж байсан энэ улс иргэний нийгмийн байгууллаа үндэсний зөвшилцлөөрөө зөвшилцөж сольсон байна” гэж хэлсэн байдаг. Монголчууд асар их эрсдэл хүлээх зориг тэвчээртэй гэдгээ энэ үед харуулсан. Ийм орны иргэд болж төрсөн үүний төлөө бид хариуцлага хүлээж байна. 1990 оноос хойш юу болов. Энд цугласан хүмүүсийн ихэнх нь мэдэхгүй байх. Огт өөр нийгэм байсан юм. Хүний амьдралын инженерчлэлийн эрин үе байсан юм. Төрийн заасан замналаар л явж ирсэн. 90 оноос хойш бол бид огт өөр нийгэмд амьдарч байна. Хүн бүр үзэл бодлын эрх чөлөөтэй, улс орныхоо, өөрийн амьдралынхаа зам мөрийн талаар эрх чөлөөтэй байна. Нөгөө талаар монголын төр, тусгаар тогтнол, бүрэн эрх монголчуудын гарт байна. Бид үндсэн хуулиараа засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан байдаг. Гурван сая хүний гарт энэ нийгмийн жолоо бий. Бид 90 оноос хойш олж авсан нэг том зүйл бол амьдралаа өөрөө шийдэх эрх чөлөө. Ардчлалыг хоёр утгаар ойлгож болно. Нэг нь төрийн талаас, нөгөө нь хувь хүн иргэний талаас ойлгож болно.

Төрийн талаас Ардчилал гэдэг бол ард түмэн нь төрөө байгуулаад, хянаад, төр нь ард түмэндээ үйлчилдэг байхыг л бид ардчилсан нийгэм гэдэг.

Хүмүүс 1990 оны сүүл хүртэл ардчилал гараад хүнд хэцүү байна гэж ярьдаг байсан. Ардчилал хүний гар дээр мөнгө тавьж өгдөггүй. Өөрийнхөө амьдралыг хариуцах эрх чөлөө л өгдөг байхгүй юу. Хүн амьдралаа өөрөө зохиох, юу хийж чадаж байна, түүгээрээ амьдрах эрх чөлөө юм. Бид ийм нийгэмд хүрч, 25 жилийг туулжээ. Бид 25 жилийн өмнө сонголтоо хийсэн.

Хүмүүсийн үзэл олон янз байх юм. Нэг хэсэг нь социолизмын замаар явах байсан гэх нь бий. Бидэнд тухайн үед Хятадын онцлогтой социолизмийг дагах л зам байсан. Бид үүнийг хүсээгүй.Нөгөө хэсэг нь өндөр хөгжилтэй орнууд чинь дандаа хөрөнгөтнүүд юм байна. Манай улс хөрөнгөтний замаар явбал хөгжил дэвшилд хүрэх юм байна. Олон хүн ингэж харж байсан ч байж болох. Гэтэл тэр үед Монголд засгийн өөр санаа байсан. Та бүхэн сайн мэднэ. 1943 онд Америкийн эрдэмтэн, Нобелийн шагналт Ноберт Винер “Нийгэм ба кибернетик” номдоо “Орчин үеийн хөгжилтэй улс орон гэдэг бол энтропийн их далай дундах жижиг арлууд юм” гэж томъёолсон байдаг юм. Энэ бол бид социолист нийгмээ сонголоо гээд үсрээд орвол чи хөгжилд хүрч чадахгүй гэдгийн нололгоо нь энэ л дээ. 1992 онд Монгол Улс шинэ үндсэн хуулиа баталлаа. Бид социолизм гэж бичээгүй, хятализм гэж бичээгүй. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулахыг зорино гэж бичсэн.

Хүмүүнлэг нийгмийн гол зорилго нь Нэгдүгээрт Шударга ёс, Хоёрдугаарт хүний эрх, амьдралын үнэ цэнэ, хүний энэрэнгүй үзэл. Энэ бол үндсэн шаардлага нь. Нийгмийн тухай капитилизм, социолизм энэ номлол хэдхээн 10 жилийн түүхтэй. Хүн төрлөхтөн хэдэн мянган жилийн тэртээ улс гэрээ засаад нийгмээрээ амьдарч ирсэн. Энэ ухаарал. Энэ ухаарлын дүнд монголчууд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг сонгосон. Иргэдийнхээ идвэхи зүтгэл, оролцоонд нийгэм нь тогтно гэсэн энэ замыг л бид сонгосон. .25 жилийн хугацаанд олсон ололт их бий. Гэхдээ өнөөдрийн монголын амьдралыг харахад сэтгэл зовоох юм маш их бий. Монгол хүний амьдралын утга агуулга, хариуцлагын тухай ярих гэж байгаа бол бид асуудлыг тойрч гарч чадахгүй.

Бид хүмүүнлэг ардчилсан нийгэм нь төрийн эрх мэдэл нь ард түмнийхээ гарт байна гэсэн энэ нийгмийг зарлдан тунхаглсан хэрнээ бид өнөөдөр олигарх толгойтой хөрөнгөтний нийгэм рүү гулсаад орж байна. Өнөөдөр оюутан сурагчдад улс төр яръя гэж бодоогүй. Та нарын заримынх нь нас нь болоогүй. Гэхдээ улс төр ярихгүйгээр ямарч хөгжил дэвшил, эрх чөлөөний тухай ярьж болдоггүй.

УИХ нь төр барих дээд байгууллага гэж үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл өнөөдөр бид УИХ-ынхаа гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг интернэтээс харж байна. Хичнээн хөрөнгөтэй баячууд гарч байна. Монгол Улс өр ширэнд баригдлаа. Сүүлийн 10 жилд. Та бүхэн монголын 22 тэрбум хүрснийг мэдэх байх. Энэ бол монголын иргэн бүр 7000 долларын өртэй боллоо. Дөнгөж төрж буй хүүхэд, хөгшид ч өртэй болж байна” гэдгийг хэлсэн.

Монгол Улсын хөгжлийн гарц нь үйлдвэрлэл гэдгийг ч онцлон хэлж байлаа. Бид дэлхийн олон улсад судлаад хийгээд хэрэгжээд ирсэн үйлдвэрлэлүүдийг эх орондоо нутагшуулаад хийчихгүй гаднаас шүдний чигчлүүрээ худалдан авч байгаа нь өнөөдрийн бидний хөгжихгүй байгаагийн шалтгаан мөн” гэлээ.

Эрхэм зочны маань лекц энэ мэт олон сонирхолтой, ухаарал хайрласан асуудлыг бидэнд ойлгуулан тануилж өгсөн юм. Төгсгөлд нь олон зүйлийн мөн чанарыг түүхийн амьд гэрч болсон хүнээс сонсож буйдаа залуус баяртай байгаагаа илэрхийлж, Хүүхдийн ордны найрал дууны дуйлангийн сурагчдын хамтаар Төрийн дуулалаа дуулж, энэ удаагийн лекцээ өндөрлүүллээ.

Эх орны ирээдүй болсон хүүхэд залууст оюуны том хөрөнгө оруулалт хийсэн Д.Бямбасүрэн гуайд “Нью тур сафарис” ХХК-ийн захирал талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Таны бүсэлхий, нуруугаар чилж өвдөөд байна уу


Бүсэлхий нуруугаар өвдөх зовиур хүн амын дунд нэн элбэг тохиолддог эмгэгийн нэг юм. Нуруу нь хүний тулгуур эрхтэн тул тайван байдлын үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрч байдаг. Ялангуяа, бөхийх, тонгойх үед нурууны ачаалал эрс нэмэгддэг. Нугасны мэдрэлийн ёзоорын эмгэгийг радикулопати, нугалам хоорондын зөөлөн эдийг диск гэж нэрлэдэг. Хөдөлгөөний ачааллын улмаас дискийн цагирагт цууралт үүсч, уг цууралтаар дискийн цэлцгэр бөөм нурууны суваг руу шахагдаж бүлтийх буюу ивэрч гарах замаар нурууны тухайн сегментийн хүрээнд остеохондрозыг үүсгэдэг.

Нурууны остеохондрозын үеийн мэдрэлийн өвдөлтийг:

• Мэдрэлийн ёзоор цочролын хам шинж

• Мэдрэлийн ёзоор дарагдлын хам шинж гэж ангилдаг.

Нурууны остеохондрозын явцад ёзоор цочролын үе нь ёзоор дарагдлын үедээ шилжих хандлагатай байдаг.

Нугасны ёзоор цочролын хам шинжийн үед:

– Хөдөлгөөний болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх

– Өвдөлт хөл рүү дамжих

– Нурууны хөдөлгөөн хязгаарлагдах

– Нуруу тэгш байдлаа алдаж хазгай болох

– Булчин чангарах

• Өвдөлт бүсэлхий нуруунаас өгзөг, гуя, шилбэний гадна талаар дамжиж, янгинаж өвдөнө. Өвчтөн эрүүл хөл дээрээ хүчлэн гишгэж хазайж явна. Аливаа хөдөлгөөн нь өвдөлтийг улам сэдрээдэг.

Нугасны ёзоор дарагдлын үед:

– Дискийн ивэрхий нугасны бүсэлхий ууцны ёзоорыг дарж гэмтээсэнтэй холбоотой үүснэ.Зонхилон L4-L5,L5-S1 нугалмайн түвшинд тохиолддог.

– Дарагдсан ёзоорын бүсэд бадайрч өвдөх

– Мэдрэхүй буурах

– Рефлекс арилна

– Булчин саажина.

Оношлогоо:

Нурууны рентген зургийг эгц, хажуу, ташуу байрлалаар авна. Остеохондрозын рентген шинж илрэхдээ:

– Нугалмай хойшоо гулсах

– Нугалмайн ирмэг зузаарч, ясан ургацгууд бий болох

– Диск хавтгайрах

– Нугалам хоорондын завсар нарийсах шинжээр тодорхойлогдоно.

Харин компьютер болон MRI шинжилгээгээр дискийн ивэрхий, нугасны ёзоор дарагдлыг бүрэн оношилно.

Эмчилгээ:

Хурц өвдөлтийн үед тэгш орон дээр хэвтүүлж, хэвтрийн дэглэм сахина.

-Өвдөлт намдаах (cmериод бус үрэвслийн эсрэг эм) эмийг уух, тарих, лаа хэлбэрээр хэрэглэнэ.

-Физик эмчилгээ, цахилгаан шарлага,

-Зүү эмчилгээ, электрофорез

-Өвчний архаг шатанд рашаан сувилал, шавар эмчилгээ, биеийн тамир, дасгал хөдөлгөөн шаардлагатай.

Урьдчилан сэргийлэх арга зам:

Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийх, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлж байх нь чухал.

Нурууны өвчин намдаах энгийн аргууд

• Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй байх хэрэгтэй.

• Утсаар ярих үедээ чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.

• Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.

• Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.

• Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлөхөөс гадна хүзүүнд үрчлээ үүсгэдэг.

• Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.

• Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.

• Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.

• Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.

• Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.

• Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.

• Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.

• Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.

• Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.

• Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.

• Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.

• Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.

Хүзүү нуруугаа өвдөж эхэлмэгц мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө аван, тохирсон дасгалаа хийгээд явахад өвчин бүрэн эдгэрэх боломжтой юм шүү. Харин нэгэнт мэдрэл дарагдаж ивэрхий үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлвэл заавал мэс засалд орохгүй байх бас боломжтой юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд газар зурган илэрцүүд

Өнөөдөр 10:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багаас зүүн урагш 10 км газарт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 орчим удаагийн газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор яг одоо Цогтцэций суманд иргэдийг хоргодох байр болон кемп, гэр зэрэгт нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан байна. Үүнд Цогтцэций суман дахь дотуур байранд амьдардаг сурагчид, мөн Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн ажилтнууд болон бусад иргэд багтаж байгаа аж. Мөн Цогтцэций сумын хэмжээнд эрчим хүчийг хязгаарлажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ерөнхий зохицуулагчаас өгсөн чиглэлийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдлыг өнөөдөр сумын хэмжээнд зарлан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Л.Баярсайхан хэллээ.

Эл ажиллагаанд аймаг, сумын цагдаагийн албан хаагчид татагдан оролцож байгаагийн зэрэгцээ сургууль, эмнэлэг зэрэг обьектыг мөн давхар хамгаалалтад авч ажиллаж буй юм байна. Тиймээс газар хөдлөлт болсон Цогтцэций сумыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций зурган илэрцүүд