Categories
мэдээ улс-төр

Боомтын үйлчилгээний төлбөрт жилд 12.3-12.5 сая ам.доллар нэмж төлөхөөр боллоо

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

Далай ламын айлчлалаас хамаарч БНХАУ-ын талаас хилээр гарч бараа бүтээгдэхүүний хураамжийг нэмлээ гэх асуудал яригдаж байгааг та юу гэж тайлбарлах вэ?

-Гашуунсухайт боомтоор гарч буй бараа бүтээгдэхүүнд татвар биш, хураамж нэмсэн асуудлыг тодруулна гэж өчигдөр хэвлэлийнхэнд хэлсэн. Үүнийг тодруулахад, 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр буюу Далай ламын айлчлалаас өмнө ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хорооноос боомтын үйлчилгээний төлбөрийг нэмэх тухай шийдвэр гарсан байна. Дараа нь Баяннуур аймгийн захиргаа дээрх тогтоолыг хэрэгжүүлэх шийдвэрээ 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргажээ. Уг тогтоолд нэг тонн нүүрснээс 5 юань авч байсныг 8 юань болгосон байна. Нэг машинаас өмнө нь ямар нэг хураамж авч байгаагүй, үүнийг нь 10 юань авахаар шинэ хураамж гаргасан. Зэсийн баяжмалаас 5 юань авч байсныг үнийн дүнгийн 0,2 хувь болгосон. Энэхүү шийдвэртэй уялдаж бидний хийсэн тооцоогоор бол Монгол Улсын аж ахуй нэгж, байгууллагууд жилдээ зэсэнд 12.3-12.5 сая ам.долларын нэмэлт төлбөр төлөх болох нь. Энэ төлбөр хэр удаан үргэлжлэх вэ, цуцалж болох уу эсвэл үнийн дүнг буулгах уу гэдэг дээр ярилцаж байна.

-Хоёр талын айлчлалуудыг сэргээх тал дээр яриа хэлэлцээ хийж байна уу?

-Ярьж байна. Аль болох хурдан сэргээх хүсэлтэй байна. Айлчлалуудыг эхлүүлмээр байна гэсэн асуудлаа тавьж байгаа.

Categories
гадаад мэдээ

Финландын Иматрад хотын даргыг хоёр сэтгүүлчийн хамт буудан хөнөөжээ

Финландын Иматра хотод хоёр сэтгүүлчийг хотын даргын хамт буудан хөнөөсөн хэрэг гарсныг цагдаагийнхнаас тодруулан France Press агентлаг мэдээлсэн байна.

Ням гарагийн шөнө үл мэдэгдэх этгээд Оросын хилийн ойролцоох Иматра хотын Vuoksenvahti ресторанд гал нээсэн гэж мэдээлсэн байна. Хохирогчид нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан ба цагдаа нар дараа нь бүх хохирогчид нас барсан гэдгийг мэдээлжээ.

Цагдаагийнхан уг хэрэгт орон нутгийн оршин суугч 23 настай залууг сэжиглэж барин хорьжээ. Агентлагийн мэдээлснээр, сэжигтний үйл ажиллагааны шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдана

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр 9 цагаас Соёлын төв өргөөнд хуралдахаар болжээ.

Тус намын ҮЗХ хуралдах болсонтой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн хурал хойшилсон байна.

АН-ын зургадугаар Их хурал маргааш Соёлын төв өргөөнд болно. АН-ын 1210 төлөөлөгч оролцох бөгөөд төлөөлөгчдийн бүртгэлийн ажиллагаа дуусч мандат олгосон байна. Их хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Их хурлын өмнө ҮЗХ зарим асуудлыг хэлэлцэхээр тогтсон ба бүлгийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Өнөөдрөөс нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Тухайлбал, Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл хоёр км сунгасан байна. “Нарантуул” ОУХТөв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобуснууд “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулан ийм өөрчлөлт хийжээ. Өөрөөр хэлбэл дээрх хасагдсан автобуснуудын орон зайг нөхөх зорилготой юм.

Автобусны чиглэлийг өөрчлөхдөө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Баруун салаа, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Баян-Хошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанд үндэслэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов

Өнөөдөр болох УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг та бүхэнд хүргэж байна.

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

Categories
мэдээ цаг-үе

Физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө

Монгол Улсын Их сургуулийн Цөмийн судалгааны төвийн захирал, физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө. Түүний “Скалар лептокваркууд ба LHC дахь хигс бөөмийн хос төрөлт” эрдэм шинжилгээний бүтээл нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн шилдгээр тодорсон юм. Мөн энэхүү бүтээл нь их энергийн физикийн олон улсын нэр хүнд бүхий “Journal of high energy physics” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Физикийн эрдэмтэн маань “Шинжлэх ухаан” номын орчуулагч билээ.

Тэрээр Увс аймгийн Улаангом суманд төржээ. Аав нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бол ээж нь Хэнтий аймгийн Биндэр сумынх гэнэ. Хоёулаа барилгын инженерийн мэргэжилтэй учир алба ажлын эрхээр танилцаж гэр бүл болцгоосон аж. Цэдэнбалжир гуайнх далаад оны эхээр Улаангом руу гэр бүлээрээ томилогдон ажиллах үед хүү Энхбат нь мэндэлсэн гэдэг. “Би чинь Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбал даргын нэрэмжит I сургуульд бэлтгэл ангид явж байлаа. Дархан хотын бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 1981 онд манайх нүүж ирсэн. Аав Орон сууц, нийтийн аж ахуйн дарга, инженерээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Ээж мөн хөдөлмөр хамгааллын инженерийн хариуцлагатай албыг бүхий л насаараа хийсэн хүн” гэж тэрээр ижий аавынхаа тухай товч танилцуулав. “Манай хадам аав, ээж үнэхээр сайхан хүмүүс байдаг. Ухамсарт амьдралынхаа туршид инженерээр ажилласан хүмүүс амьдралд илүү бодитой, шударга ханддаг юм” хэмээн гэргий Ж.Отгонтуяа нь цай цүй бэлдэх зуураа хэлэв.

Ц.Энхбат багын л техник, технологид сонирхолтой хүүхэд байж. Үүнд аав, ээжийн нөлөө их байсан гэв. Зөөлөн аядуу дуутай энэ эрхэм “Би эхээс дөрвүүлээ. Надаас бусад нь барилгын инженер мэргэжилтэй. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэсэн үг л дээ.

Ээж, аав минь орос ном их авчирдаг байлаа. Манайх дүүрэн ном болсон л айл байсан. Биднийг багаас л номтой нөхөрлүүлж өсгөсөн дөө. Тэр дундаа хүүхдүүдээ шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр хөгжүүлье гэсэн зорилготой байсан шиг санагддаг юм. Тэр үед оросын “Квант” гэж сайхан сэтгүүл байсан. Янз бүрийн физикийн бодлого, багаж төхөөрөмж, хүүхэд хийж болохоор загваруудын тайлбартай. Түүнийг их сонирхон, уншдаг байв. Одоо ч аавындаа очиход тэр орос сэтгүүл номын шүүгээнд нь байж л байдаг юм” хэмээн өгүүлэв. Дунд сургуулийн сурагч байхдаа залуу зохион бүтээгчдийн дугуйланд явдаг байснаа мөн сонирхуулсан юм. Нисэх онгоц, автомашин, усан онгоц, радио холбооны төрөл гээд хэд хэдэн чиглэлээр хичээллэнэ. Дөрөвдүгээр ангиасаа автомашины төрлөөр хичээллэж, түүндээ хорхойсч эхэлсэн байна. Дур сонирхолдоо хөтлөгдөн хичээлээ орхиж, сүүлдээ муу дүн аваад эхэлсэн гэнэ. Түүнийг нь аав, ээж нь анзаарч физикийн сонгоны ангид оруулчихаж. Маш сайн багш нартай таарсан нь түүнийг ирээдүйн физикийн шинжлэх ухааны доктор болох суурийг нь тавьжээ. Наймдугаар анги төгсөх жил нь “Монгол Улсын их сургуулийн харьяа гүнзгий сургалттай дунд сургуульд хүүхдүүд шалгаруулж авна” гэх яриа гарчээ. Ингээд уг сургуульд суралцахаар математик, физикийн дэвтрээ цүнхэлсээр аавыгаа дагуулан хотод ирсэн түүхтэй.

Ерэн таван онд их сургуулиа төгсөөд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн босго алхсанаар түүний амьдралын гараа эхэлжээ. “Биднийг оюутан болсон жил ардчилсан хувьсгал ялчихсан. Манай багш нар Социалдемократ нам байгуулчихсан. Гончигдорж гуай манай дээд талын ангийн багш байсан юм. Ид бужигнаж байлаа. Бид чинь яг л шилжилтийн үеийн оюутнууд шүү дээ” хэмээн оюутан ахуй цагийн дурсамжаасаа хуваалцлаа.

Ц.Энхбат 1998 онд магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Итали улс дахь Нобелийн шагналт Абдул Саламын нэрэмжит олон улсын Онолын физикийн төвд сурахаар болжээ. Энэ тухайгаа “НҮБ-аас гуравдагч орны эрдэмтдэд боломж олгох дэлхийн хэмжээний төв байгуулах асуудлыг жараад оноос ярьж эхэлсэн юм. Маш олон улс өрсөлдсөний дүнд Италид энэхүү төвийг байгуулахаар болсон. Энэхүү Онолын физикийн төв нь гуравдагч орон буюу шинжлэх ухаан сайн хөгжөөгүй газруудаас ирээдүйд амжилт гаргах залуучууд, эрдэмтдийг цуглуулж дэлхийн хэмжээний судалгааны орчинд авчирч ажиллуулдаг. Нэг жилийн эрчимтэй сургалтад оруулдаг юм. Одоогоор Монгол Улсаас энэхүү төвд арав гаруй залуу суралцсан юм билээ. Би гурав дахь нь болсон. Миний мэдэхээр УИХ-ын гишүүн Ундраа байдаг юм. Манай дээд талын ангийг төгссөн юм шүү дээ” гэв. Тэрээр онолын физикийн их энергийн салбарыг нь сонгон суралцжээ. Энэ сургуульд чиглэл, чиглэлээрээ дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг эрдэмтэд хичээл заадаг аж. Харин төгсөгчдөө Европын сургуулиуд руу докторын зэрэг хамгаалуулахыг чармайдаг байна. Дэлхийн хэмжээний олон ч эрдэмтэн төрсөн энэхүү төвд манайхаас мундаг залуучууд их явж байгаа гэсэн.

Тэрээр энэхүү төвдөө чамгүй амжилттай сурч, 2006 онд Америкийн Нэгдсэн Улсын Оклохомагийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар болжээ. Тэрээр “Энэ том сургуульд сурах боломж Онолын физикийн төв болоод багш нарын дэмжлэгтэйгээр нээгдсэн юм. Манай онол, физикийн төвөөс нийт гурван оюутан шалгарч докторын зэргээ амжилттай хамгаалж байлаа. Докторын зэрэг хамгаалсны дараа Итали дахь Онол физикийн төвөөс ирж ажиллах санал тавьсан юм. Энэ байгууллагын докторын дараахь судалгааны ажил болоод бусад шалгуур нь маш өндөр. Харвард, Кембрижийн их сургуулийг төгссөн хүмүүс ч орохын тулд маш их өрсөлддөг. Ийм том газар намайг авъя гэсэн нь маш том завшаан, миний амьдралд тохиосон хамгийн сайхан боломжуудын нэг байсан. Нийтдээ дөрвөн жил ажилласан л даа. Үндсэндээ энэхүү байгууллага нь хоёр жилийн хугацаанд ажиллуулах дүрэмтэй байдаг. Хэрвээ нэмэх шаардлага гарвал нэг жил л нэмэгдэх боломжтой. Гэтэл би бүр дөрвөн жил ажилласан. Миний багш зүтгэсээр байгаад хоёр жил нэмж ажиллуулсан шүү. Маш их зүйлийг сурч, мэдсэн дээ” гэж ярилаа.

Докторын зэргээ хамгаалж ирээд удалгүй эхнэртэйгээ танилцжээ. Одоогоос яг арван жилийн өмнө 2006 оны арваннэгдүгээр сарын 26-нд танилцсан байна. Тэрээр Австри, Унгарын эзэнт улсын гол боомт байсан Триест гэх хотод амьдардаг байжээ. Тухайн хотод Италид суралцдаг оюутнууд улс тунхагласны баяраар уулзалт зохион байгуулсан нь заяаны ханьтайгаа учрах тохиол байсан гэнэ. “Аливаа зүйл учир утга, цаг хугацаатай л байдаг байх. Монголд байхдаа хүнтэй суухгүй байсан мөртлөө гадагшаа яваад л хүнтэй суучихсан.Тэнд л учрах ёстой байж дээ гэж боддог юм. Би Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Одоогийн Ерөнхий сайд Эрдэнэбат бид хоёр чинь нэг анги байлаа. Хэдий үйлдвэрлэлийн менежмэнтийн чиглэлээр төгссөн боловч Тээврийн байгууллагад есөн жил менежер хийсэн. Тухайн үед гадагшаа сургуульд сурсан нь зүйтэй юм байна гэж бодоод Итали руу явсан юм. Тэр оюутнуудын уулзалтын үеэр бид хоёр ёстой л анхны харцаар дурлалцсан. Хамгийн сонин нь бид хоёр тэнд цугларсан оюутнуудаас хамгийн ахмад нь мөртлөө хоёулаа гэр бүлгүй байсан шүү” хэмээн гэргий нь анх танилцсан үеийнхээ нандин учралыг хуваалцлаа. Анх учирсан цаг үе нь нүдэнд нь харагдав уу гэлтэй тэр хоёр инээд алдан, их л жаргалтай ийн ярив.

Тэд 2010 онд Хангарьд гэж хөөрхөн хүүтэй болжээ. “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч тэрээр эхэндээ биднээс бишүүрхэн буйдангийнхаа араас ээжийгээ дуудаж байв. Хангарьд дүү нэхээд байгаа учир тэд удахгүй хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ц.Энхбат 2010 онд Тайваний хамгийн том их сургууль болох Тайванийн Үндэсний их сургуульд уригдан ажиллажээ. Азид төдийгүй дэлхийд алдартай энэ их сургуулийн эрдэмтэд, судлаачид нь бүтээл туурвил ихтэй байдаг гэнэ. Энэ сургуульд гурван жил ажиллажээ. Түүнийг ажилд авах газрууд цөөнгүй байсан ч Монголдоо амьдрах шалтгаан нь олон. “Би анх явахдаа л Монголдоо заавал ирж амьдарна, сурсан мэдсэнээ хойч үедээ зааж сургана гэсэн бодолтой байсан. Юм сурсан бол өөрийнхөө мэдлэгийн хүрээнд үр шимээ гаргах нь зүйтэй гэж бодсон л доо. Түүнээс гадна намайг явахад аав, ээж минь 50 дөнгөж гарсан л хүмүүс байлаа. Гэтэл эргээд ирэхэд үс нь цайчихсан, тэтгэвэрт гарчихсан байсан. Тэр үед л хамт байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. Ер нь ч тэгээд хүний нутгийн хөгжилд баясаад амьдарна гэдэг бол залуу насны л ажил. Гадаадад амьдрах мэдээж сайхан. Гэхдээ хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Нас 40 гараад эхлэхээр ёстой л сэтгэлийн дуудлага гэдэг нь юм уу, эх орноо үгүйлээд ирдэг юм билээ” гэж хуучлав. Биднийг ийн ярилцаж суух зуур бишүүрхэж байсан Хангарьд хүү “Би Италид төрсөн. Гэхдээ би монгол хүн” гэж хэвлүүхэн хэлэв.

“Монгол гурван сая хүн амтай жижиг улс. Монгол олон эрдэмтэнтэй гэдэг нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад худлаа юм. Манайд суурь судалгаа хийж буй эрдэмтдийн тоо 1000 хүрэхтэй үгүйтэй л байна. Нэг сая хүн амд 300 орчим гэсэн үг. Энэ тоо дундаж хөгжилтэй орнуудад 1000, өндөр хөгжилтэй оронд 2000-3000 байдаг. Гэхдээ манай оронд шинжлэх ухааны салбарт сүүлийн 100 жилийн хугацаанд асар том дэвшил гарсан. Гэсэн ч одоогийн түвшинд сэтгэл ханаж болохгүй юм. Эрдэмтдийн тооноос гадаад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг судалгаа, инновацид зарцуулж байна гэдгээр нь орнуудыг жагсаадаг. Манайх 0.17 байсан бол саяхнаас 0.23 болж нэмэгдсэн. Дэлхийд Израил таван хувиар нэгдүгээр байрт ордог. Манайх таван хувьтай харьцуулахад инээдэмтэй тоо байгаа юм л даа. Өнөөх Африкийн Зимбабве хавьцаа л яваад байна. Бас эдийн засаг хэцүү үед тийм байх ёстой гээд шаардах ч хэцүү л юм. Тиймээс энэ үед эрдэмтдийн зүгээс залуу үеэ бэлдээд, сургалтаа сайжруулаад л явж байх хэрэгтэй. Эрдэмтэд төгсөөд ирэхээр нь лабораторийг нь байгуулаад өгчих. Мэдээж түүнийгээ дагаад судалгаа нь сайжирна. Энэ мэтчилэн зохицуулаад өгвөл оюутан, залуус судалгаа хийж сурна. Одоогийн байдлаар их, дээд сургуульд сургалт, судалгаа нь салангид байгаад байна. Тэгэхээр иймэрхүү шат дараатай, бодлоготой явах хэрэгтэй юм. Үнэхээр оюунлаг, аливаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонголт хийдэг ард түмэнтэй байхын тулд энэ салбарт хөрөнгө зарцуулах л хэрэгтэй. Цаг алдахгүй, зөв бодлогоор дэмжээд л явчих юм бол Монголын шинжлэх ухаан хурдан хөгжинө. Монгол Улс зайлшгүй хол харж чадвал эх орноо зөв түвшинд авч явах салбар бол шинжлэх ухаан, технологийн салбар юм” гэж ярилаа.

“Би шинжлэх ухаан сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ салбарт хань минь сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор асуудлыг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд сууж чаддаггүй юм. Шинжлэх ухааны академид дадлагажигч ажилчдын цалин бол маш бага. Ер нь эрдэмтэн, докторуудынх нь ч мөн адил. Банкны теллер тэгэхэд хавь илүү авч байна. Гадаадад физикийн чиглэлээр доктор хамгаалсан нэлээд хүн бий. Гэхдээ манай хүн шиг хүрээлэндээ ирж ажиллаж байгаа нь маш цөөн. Тиймээс ийм хүмүүсээ алдахгүй байх л хэрэгтэй. Улсаас мөнгө авч сураагүй хэрнээ л эргээд Монголдоо ажиллаж байгаа юм” гэж гэргий нь хэлэв. Тэрээр эрдэмтдийн өмнөөс их бухимддаг нь ажиглагдаж байв. Харин Ц.Энхбат “За Туяа минь бухимдаад яахав. Болно, хөгжинө. Уурлаж бухимдаад хувьсгал гаргаад бүх зүйл сайн сайхан болно гэж байдаггүй юм. Бодлоготой, төлөвлөгөөтэй байж л бүтдэг. Хурдан, гоомой хийсэн юм үр дүнгээ өгөхгүй” хэмээн инээмсэглэж харагдсан.

“Манай хүн бол салбараа өмөөрнө. Бодит үнэнийг нууна шүү дээ. Гэхдээ ханиараа маш их бахархдаг. Их сургуулийн оюутнуудад ганцхан цагийн хичээл заахын тулд шөнөжин сууж судалдаг. Тайваньд байхдаа хоногийн 24 цагийн, 18-19 цагт нь ном, компьютер шагайгаад л суудаг байлаа. Хэрэв нөхөр маань бизнесмэн хүн байсан бол тийм их цагийг ажилдаа, мөнгө олохын тулд зарцууллаа гэж би бухимдах л байх. Номын хүн гэдэг цаанаа л өөр байдаг. Ёстой л гэрэл цацруулсан сайхан хүн дээ миний хань. Мэдэхгүй юм их ховор шүү дээ. Хэн ч мэдэхгүй улсын Ерөнхийлөгчийг асуухад ч мэднэ. Нөгөө “80 саяын уналт” нэвтрүүлэгт хамтрагч олоод орвол яадаг юм бол гэж бодоод байгаа юм” гэхэд Ц.Энхбат “Тийм биш ээ, манай хүн намайг илүү магтаж байна” гээд даруухнаар хэлсэн юм.

Энэ гэр бүл зундаа дугуйгаар аялах, бассейнд сэлэх тун дуртай гэсэн. Харин амралтын өдрүүдээр тогтмол кофе шопт орж гурваас дөрвөн цагийг ном уншиж, хичээлээ давтан, ер нь хийх дуртай зүйлээ хийн өнгөрүүлдэг аж. Энэ нь бүр хэвшчихсэн учир амралтын өдрөөрөө кофе шопт ороогүй бол шинэ долоо хоног урам муутайхан эхэлдэг гэж байв. Ц.Энхбат доктороос судалгаа, бүтээлийнх нь талаар асуухад ийм хариулт өгсөн юм. “Би Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнд судалгаагаа үргэлжлүүлж байна. Их энергийн физикийн судалгаа хийдэг. Тэр дундаа хигс бөөмийн судалгааг хийж байна. Хигс бөөм гэдэг нь материт масс олгодог бөөм гэсэн үг л дээ. Одоогийн байгаа онолыг нь өргөтгөж судалж байгаа юм. Шинжлэх ухаан төдийлөн сайн мэддэггүй хүмүүс хэзээ үр дүнгээ өгөх, эдийн засагт ямар ашигтай талаар асуудаг юм. Энэ талаар тайлбарлая л даа. Альберт Эйнштэн “Харьцангуй ерөнхий онол”-оо 1915 онд дэвшүүлсэн. Энэ нь таталцлын онол л доо. Энэхүү онол нь өнөөдөр бидэнд үр ашгаа өгч байгаа. Тодруулбал, бидний өдөр тутам хэрэглэж буй утсан дахь GPS юм. GPS амжилттай ажиллаж байгаа нь тэр онолуудыг сайтар тооцсонтой холбоотой. Ойролцоогоор зуун жилийн дараа үр дүнгээ өгч байгаа биз. Мөн 1905 онд нэгэн эрдэмтэн 26 насандаа шинжлэх ухааны дөрвөн өгүүллийг бичсэн. Тэр дөрвөн өгүүлэл дөрвүүлээ хувьсгал авчирсан юм. Түүний нэг нь квант механикийн онол. Орчин үеийн бүх хагас дамжуулагч, интеграл системүүд, компьютерийн амин сүнсүүд квант үзэгдэл дээр үндэслэдэг. Хиймэл дагуул, харилцаа холбоо, телевиз ч мөн ялгаагүй. Тэр үед энэхүү үзэгдлийг нээхдээ байгалийн тулгуур хуулийг нээлээ гэж бодсоноос биш өнөөдрийн техник технологийн хөгжилд маш чухал үүрэгтэй гэдгийг мэдэхгүй л байсан. Түүнээс хойш зуун жилийн хугацаанд технологийн тал дээр их судалгаа шинжилгээ хийгдэж, бүхэл бүтэн том салбарууд ч бий болсон. Яг үнэндээ суурь судалгааг нь хийсэн хүн ийм өндөрлөгт хүрнэ гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр эрдэмтэд, судлаачдад таньж мэдэх, байгалийн зүй тогтлыг нээх зорилго тэмүүлэл л байна уу гэхээс мөнгө, эдийн засгийг нь бодож судалдаггүй юм. Шинжлэх ухаан яаж хөгждөг вэ гэхээр тухайн хүнд танин мэдэхүйн судалгаа хийх эрх чөлөөг нь олгоход байдаг. Харин тэр судалгааны үр дүнгээс эдийн засгийн ашиг олох нь тусдаа асуудал. Технологийг хөгжүүлдэг хүмүүс нь тусдаа юм шүү дээ. Гэхдээ гинжин холбоотой байх нь гарцаагүй. Түүнчлэн олон нийтэд шинжлэх ухааны ололт, амжилтыг таниулахын тулд Засгийн газраас хөрөнгө зарж байх ёстой. Тийм мэргэшсэн хүмүүс ч байх хэрэгтэй юм. Шинжлэх ухааныг таниулаагүй учраас нэгэн эмэгтэй мөнгө дуудна гэхэд л бөхийн өргөө дүүрэн хүн цугларч, духандаа 20 мянган төгрөг наачихаад мөнгө дуудлаа гэж итгээд байгаа юм шүү дээ. Дээрээс нь тэр хүнд итгүүлэх авьяас байгаа нь мундаг юм л даа. Гэхдээ ард түмнээ муулах нь хаашаа юм. Бид л ард түмэндээ духандаа хиртэй түрүйвчээ наагаад баяждаггүй юм аа гэдгийг ойлгуулаагүй байна” гэсэн юм.

Тэднийх 15 жилийн турш Итали, Америк, Тайваньд амьдарчээ. Монголдоо ирээд гурван жил болж байгаа гэнэ. Одоогийн “Marshal town” дахь гурван өрөө байрандаа ороод удаагүй байгаагаа дуулгалаа. Монгол Улсын ирээдүй болсон физикийн шинжлэх ухааны эрдэмтнийд өнжсөн тэмдэглэлээ товчхон хүргэлээ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Хоёр сайд маань түргэн тусламжийн тэрэгтэй суманд машин хуваарилахыг шаардсан юм

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Та сайдын ажлыг хүлээж аваад дөрвөн сар боллоо. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ. Ямар асуудлуудыг шийдэж амжив?

-Би эрүүл мэндийн салбарт анх оюутны ширээнээс гараад 30 дахь жилдээ ажиллаж байна. Тийм болохоор салбартайгаа танилцах гэдгийг арай өөрөөр тайлбарлах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Салбарын өнөөгийн байдлын талаар яривал их олон юм ярих хэрэгтэй болох байх. Өмнө сайдуудын үед хийгдсэн сайшаалтай болон шийдэгдэж чадаагүй олон асуудал оршсоор байгаа нь нууц биш. Тиймээс тэрхүү асуудлуудыг шийдүүлэхийн төлөө мэргэжлийн хүмүүсийнхээ санал бодлыг тусган ажиллаж байна. Ер нь хүмүүс төрийн хар хайрцагны бодлого алдагдлаа гэж их ярих болсон. Үүнийг би хувьдаа ямар ч нам эвслээс үл шалтгаалаад өмнөхөө хэт үгүйсгэлгүй ололтыг нь хөгжүүлж, алдааг нь засаж явахыг хэлдэг болов уу гэж боддог.

Өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан багагүй асуудлуудыг шийдлээ гэж харж байгаа. Гэхдээ цаашид засч, сайжруулах олон асуудал бий.

Аливаа салбарын шинэчлэл нь хууль, эрх зүйн орчинг бодлогын түвшинд шийдвэрлэх, түүнийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүжилтийн ухаалаг тогтолцоог бий болгох гэсэн үндсэн гурван шаардлага хангахыг хэлдэг. Гэтэл өнөөдөр манай улсад энэ үндсэн гурван тулгуур бүрдсэн бил үү гэдгийг нэг бодож үзэх учиртай. Үүний нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын гол гажуудлын нэг болох шууд төсвөөс хараат байдал. Гэтэл үүнийг нийгэм хүлээж авахдаа хэрэглэгч талаасаа хандаж байснаас биш хэрэгцээндээ тулгуурласан санхүүгийн төлөвлөлт хийгддэггүй олон жил явсныг тэр бүр анзаардаггүй.

-Мэдээж тулгамдсан асуудлууд байгаа л байх даа…

-Өнөөдөр манай салбар 20 тэрбум орчим төгрөгийн өртэй, дэлхий нийтээр улс орны хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт болсон эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөд 61.7, хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 24.5 болж Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн амжилтаасаа ухарсан. Халдварт өвчин 100 мянган хүн амд 167.8 хүрсэн байдалтай байна. Мөн сумын эрүүл мэндийн төвийн 70 хувь нь машины ашиглалтын хугацаа болон гүйлтийн норм хугацаа дууссан, түргэний машингүй болсон нийт 99 сум, эмнэлгийн зориулалтын дуусаагүй 21 барилга байж байх жишээтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болон шинээр барих шаардлагатай 49 эрүүл мэндийн барилга байгууламжтай биднийг угтан авсан. Мэдээж бид энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа ч өргөс авсан мэт зүгээр болдог зүйл биш гэдгийг ойлгох учиртай.

Нэмж жишээ дурьдахад чухалд тооцогдож байгаа олон улсын төслүүд хэрэгжүүлэх шатандаа гацчихсан байгаа нь нууц биш. Таныг асуусан учраас хэллээ. Хэн нэгнийг буруутгаж шүүмжлэх гэсэнгүй. Эрүүл мэндийн салбар ийм байдалд хүрэхэд нийгэм, эдийн засгийн болоод экологийн олон асуудал нөлөөлж байна. Асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

-2017 оны төсөв батлагдлаа. Танай салбарын хувьд асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэв үү?

-Эрүүл мэндийн сайдын багц 654.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 587.9 тэрбум нь урсгал зардал, 67 тэрбум нь гадаадын зээл тусламжаас бүрдэхээр байгаа. Бид эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийж, 151 автомашин нийлүүлэхээр 4.2 тэрбум төгрөгийг батлуулж чадлаа. Энэ ажлаа эхлүүлж, улсын онцгой комисс болон Засгийн газарт асуудлаа тавьж, эхний байдлаар автомашингүй 22 сумыг машинтай болгосон. Есөн лавлагаа төв, нийслэлийн 25 эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн 70 орчим эрүүл мэндийн байгууллага салбар нэгжүүдэд засвар хийхээр төлөвлөөд байгаа. Олон жил дамжсан арав гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн.

-Шинээр барилга барих уу. Яармагт гэхэд урт удаан настай төрөх эмнэлэг гээд асуудлууд байгаа шүү дээ?

-Улс орны эдийн засгийн байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид мөнгөгүй гээд гараа эвхээд суулгүй бүх боломж, гарцыг хайж ажиллаж байна. Яармагийн дэнжид байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барьж дуусган ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр концессын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтад оруулсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендерийг шалгаруулах ажил үргэлжилж байгаа. Цаашид Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт загвар нэгдсэн эмнэлгийн барилгыг барих ажлыг Азийн хөгжлийн банкны төслөөр барих асуудлыг хэлэлцэж байна. Бид зөвхөн барилга барих тухай ярихгүй байгаа юм. Тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж эхэлсэн. Тоног төхөөрөмжийг нь нийлүүлэх асуудлыг ч зэрэг хийж байгаа шүү.

-Ер нь эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ, ур чадвар ямар байдаг юм бэ. Орон нутагт очиж ажиллах эмч байхгүй гэдэг яриа бий?

-Би салбарынхаа эмч мэргэжилтнүүдийг мэдлэггүй, ур чадваргүй гэж хэлэхгүй. Эрүүл мэндийн салбарын 47 мянга гаруй ажилтны мэдлэг ур чадвар янз бүрийн түвшинд байгаа байх. Бид эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр онцгой анхааран ажиллаж байна.

Миний хувьд ажил хүлээж авмагцаа эх, хүүхдийн нас баралт өндөртэй байгаа аймгуудад мэргэшсэн эмч нарыг орон нутагт томилон ажиллуулж, ажлын байрны сургалтыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Эхийн эндэгдэл ажил хүлээж авахад 100 мянган амьд төрөлтөд 61.7 байсан бол одоо 48.6 болж, хүүхдийн нас баралт 10 мянган амьд төрөлтөд 24.5 байсан бол 21.3 хүртэл буурууллаа. Мөн сайдын нэрэмжит тэтгэлгийг бий болгож, энэ чиглэлд олон улсын байгууллага болон бусад хандив тусламжаар эмч сургах, онц сурсан оюутанд тэтгэлэг олгох ажлыг эхлүүлсэн. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж эмч, эмнэлгийн мэргэжилтэн болж байгаа хүүхдүүдэд илүү дэмжлэг үзүүлж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход онцгой анхаарч, Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шуурхай хийж байгаа.

Нэмж хэлэхэд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн хууль, Донорын тухай, Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулаад, батлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

-Тэгвэл яамны зүгээс иргэд рүү чиглэсэн эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах тал дээр анхаарч байгаа юу. Байнгын бухимдал байдаг л даа?

-Сүүлийн жилүүдэд өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гемодиализ эмчилгээнд орж чадахгүй байна, элэгний “С” вирусийн эм, шинжилгээний үнэ өндөр байна гэсэн мэдээлэл цацагдаж байсныг санаж байгаа байх. Тэгвэл бид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Гемодиализ эмчилгээний ачаалал төрийн өмчит эмнэлгүүдэд хэт их, иргэд бухимдалтай, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн аппарат иргэн өөрөө төлбөр төлдөг учраас ашиглагдахгүй байсан. Улсын хэмжээнд 514 хүн гемодиализ эмчилгээнд хамрагдаж, цаана нь 50 хүн эмчилгээнд хамрагдаж чадахгүй байсан юм. Тэдний 44 нь нийслэлд байсныг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэний эрүүл мэндийн даатгалаар дамжуулан хувийн хэвшлийн эмнэлэгт гүйцэтгэлээр нь эмчилгээний зардлыг олгох асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг иргэд маш таатай хүлээж авсан.

-Ханиад томууны улирал эхэлсэн байна. Вакцинжуулалт хийгдэж байгаа болов уу?

-Жил бүр өвлийн улиралд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлгийн ачаалал нэмэгддэг байдлыг багасгах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээнд санхүүжилт олгох, хүүхэд өвдсөн тохиолдолд ээжид нь магадлагаа биш лист олгодог болгохоор ажиллаж байгаа. Мөн хүүхдэд нэн шаардлагатай эмийн нөөцийг даатгалын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлэх зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьж тэмдэглэл гаргуулан хэрэгжүүлж эхэлсэн. Томуугийн 33 мянган хүн тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан оруулж ирж, иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байна. Цаашдаа 45 мянган хүн тун томуугийн вакциныг АНУ-ын Өвчний хяналтын төвөөс үнэгүй авахаар ярилцаж, гэрээ байгуулсан.

Мөн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөхөөр ирж дугаарлан ачаалал үүсгэдэг байдлыг багасгаж, өрхийн эрүүл мэндийн төвд нь цусны сорьцыг авч, холбогдох журмын дагуу шинжилгээ хийх байгууллага руу зөөвөрлөх асуудлыг эхлүүлсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг бууруулж байгаа тул иргэд маш сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бид цаашид уг үйлчилгээг чанаржуулахын тулд өрхийн эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм.

Алсын дуудлагыг шуурхай болгоход цахимаар зөвлөгөө өгч хэвшүүлсэн. Энэ нь хүнд өвчтөнд мэргэшлийн тусламжийг шуурхай хүргэхээс гадна эрүүл мэндийн байгууллага иргэн, тэдний ар гэрийнхэнд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулж байгаа том үр дүнтэй ажил болсон гэж ойлгож болно. Түүнчлэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн хэсэг, оношлогоо хийлгэхэд хувцас сольдог хэсэг, сахиурын өрөөнүүдийг ая тухтай байлгах чиглэлд анхаарал хандуулж ажилласан.

-Эрүүл мэндийн салбарынхан “Шилэн эрүүл мэнд” гэж ярьдаг болсон байна лээ. Яг юуг нь хэлээд байгаа юм бэ. Үйлчилгээ юм уу, төсөв санхүүг нь хэлээд байгаа юм уу?

-Манай салбарыг хаалттай, иргэдэд мэдээлэл өгдөггүй гэсэн шүүмжлэл байнга явдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд ил тод байх зорилго тавьж ажиллаж байна. Хүнд өвчтэй, төрсөн, мэс засал хийгдсэн иргэний талаар ар гэрт нь мэдээлэл өгөхгүй удах нь иргэдийн эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэлийг алдуулж байгаа нэг том алдаа. Манай эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ рүүгээ илүү анхаараад иргэдэд өгөх зөвлөгөө, зөв мэдээлэл өгөх талаа орхигдуулснаас ийм байдал үүсдэг. Иймд бид мэс заслын өрөө, төрөх өрөө, эрчимт эмчилгээний тасгийг камержуулж, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн тохиолдолд уг бичлэгийг үзүүлэх, камераар хүнээ харах боломжийг бүрдүүлж эхэлсэн.

Ихэнх эмнэлгүүдийн тасгууд үүдэндээ тухайн тасгийн онцлогтой холбоотой иргэдэд өгөх зөвлөгөөг байршуулсан байгаа. Тухайлбал, УГТЭ-ийн Зүрх судасны тасгийн коридор хүлээлгийн хэсэгт зүрхний өвчин эмгэгээс сэргийлэх талын зөвлөгөө байрлуулсан байх жишээтэй.

-Саяхан таныг Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарт загнууллаа гээд бичлэг явсан. Уг нь адилхан сайдууд бие биенээ загнах эрх байдаг юм уу?

-Хүмүүс янз бүрээр л харж байх шиг байна. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст тулгардаг асуудлуудын нэг. Үнэндээ сайд нар бие биенээ загнаж, загнуулаад байгаа хэрэг гэж харахаас илүүтэй өнөөгийн төрийн санхүүгийн чадамж ямар байгаа талаар бид бодож санаа зовох учиртай юм.

Ер нь бол Улсын онцгой комисс хуралдах явцад хоёр сайд маань түргэн тусламжийн автомашинтай суманд машин хуваарилахыг шаардаж байсан юм. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө санхүүгийн асуудал яалт ч үгүй тулгардаг. Үүнийгээ хаа хаанаа ойлгох нь чухал. Тиймээс бодлогын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай байгаа газруудад нь юун түрүүнд нэн шаардлагатай машин, тоног төхөөрөмжийг хуваарилдаг. Би түрүүн хэлсэн, одоогийн байдлаар улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн төвийн 70 гаруй хувь нь автомашины парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс эдгээр сумдад шаардлагатай 151 автомашины 4.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгсөн. Үүнээс 21 автомашиныг нь нэн шаардлагатай сумдад энэ долоо хоногт хүргүүлж эхэлсэн.

-Дорнод аймгийн Халхгол суманд хүмүүс архи гэж андууран метилийн спирт ууснаас болж хордсон байна. Тэдний дөрвөн хүний амь нас эндээд байгаа мэдээлэл бий. Энэ тал дээр танай яамнаас ямар арга хэмжээ авсан бэ?

-Тийм, үнэхээр харамсалтай хэрэг болсон. Үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас олон хүн хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирлоо. Тухайн үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурлыг яаралтай хийсэн. Ингэснээр өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт ажиллуулахаар яаралтай томилон ажиллуулж байна.

Өмнө нь ингэж олноор хордож, амь насаа алдсан тохиолдол Багануурт мөн гарч байсан удаатай. Ер нь иргэд маань хэрэглэж буй зүйлийнхээ гарал үүслийг нягтлаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тиймээс хоол хүнс болоод хэрэглэж буй зүйлдээ анхаарч байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амгалан: Сийлэгмаа бид хоёрын “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ Н.Амгалан хэдхэн хоногийн дараа “Ардын дуундаа жаргалтай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа сонирхуулъя.


-Та бол ардын дуугаар дагнасан уран бүтээлч. МУГЖ Б.Сийлэгмаа та хоёрын дуулсан “Ханан сүлжээ нэхээс”-ийг “Монгол тулгатны 100 дуу”-д оруулан дүрсжүүлсэн бичлэгийг саяхан үзлээ. Энэ дууг хамтран дуулах болсон талаараа яриач?

-Энэ бол 1988 онд зохиогдсон дуу. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бид хоёр дуулж байгаа. Яагаад ийм урт удаан настай дуу вэ гэхээр, бид хоёрт зориулж хийгдсэн бүтээл. Тиймээс өнөөдрийг хүртэл үзэгчид, сонсогчид маань шинэ мэт хүлээж авдаг. 1980, 1990-ээд онд төрсөн хүүхдүүд ч шинэ дуу юм уу гэдэг. Энэ дуу маань үе, үеийн сонсогчдын сонорыг мялааж байгаад баяртай байдаг. “Ханан сүлжээ нэхээс” дуунаас хойш Б.Сийлэгмаа бид хоёрын хамтран дуулсан олон дуу бий. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Алтан сайхан хоёр луу” гээд. Хамгийн сүүлд Саруулбуянийн шүлэг, Батсүрэнгийн ая “Эрхний хээ” хэмээх дуу дуулсан. Энэ дуугаа хэдхэн хоногийн дараа болох уран бүтээлийн цэнгүүнийхээ үеэр үзэгчдийн хүртээл болгоно.

-Та бие даасан уран бүтээлийн цэнгүүн дээрээ “Ханан сүлжээ нэхээс”-ээ дуулах уу. Энэ дууг яагаад дуулах болсон юм бэ?

-Б.Сийлэгмаа тоглолтод оролцож байгаа л бол “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг юм. Бид хоёр хааяа өөр дуу дуулъя гэхээр ард түмэн ч заавал энэ дууг сонсох гээд байдаг юм л даа. Тиймээс дуулалгүй яахав. 1987 онд Б.Сийлэгмаа бид хоёр Хилийн цэргийн ансамбльд хамт орсон. Тухайн үед уран сайхны удирдаачаар нь миний хайртай багш урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарч ажиллаж байлаа. Тухайн үед нэг нь сопран, нэг нь альт хоолойтой хоёр ижилхэн охин яваад байж л дээ. Тэгээд бид хоёрт зориулж нэг дуу хийе гэж бодож. Тэр үед театр зэрэг урлагийн газруудад утга зохиолын ажилтан гэж байлаа. Тэгээд бодлогоор дуу, шүлгийг нь дуучдадаа зохионо. Манайд ийм уран бүтээл хэрэгтэй юм байна гээд бүтээлээ туурвидаг байж. Яг ийм байдлаар бид хоёрт зориулж энэ дууг зохиосон түүхтэй. Яруу найрагч Б.Доржпалам, УГЗ Д.Бадарч гэж энэ хоёр агуу хүн зохиосон. Ингээд дуугаа хийчихээд, хувцасныхаа эскизийг гаргаж, багштайгаа хамт Их дэлгүүр рүү ороод дээлнийхээ өнгийг сонгож авсан. Энэ л өнгө таарна гээд надад ногоон, Сийлэгмаад бор өнгийг авч байлаа. Унждаг сувдан ээмэг, бас сийрсэн малгай авч өгөөд, дээлнийх нь эмжээрийг хүртэл ижилсүүлсэн. Ингэж дуу маань бүтсэн дээ.

-Энэ дуугаа анх Хилийн цэргийн ансамблийн тоглолт дээр дуулсан гэсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Энэ дууны үг нь ч тэр, ая нь ч тэр ардынх юм шиг. Бид хоёр ч хүүхэд байсан болохоор хүмүүс их өхөөрддөг байлаа. Шляп малгай тавиад, цагаан ороолт зүүчихээд л. Хүрээ хүүхэн шиг, хувцаслалт ч тэр, донж маягийн хувьд ч тэр нэгэн цаг үеийг санагдуулсан байна л даа. 1980-аад онд энэ дуугүй юм байгаагүй. Дуэт дуу маань үнэхээр олон түмэнд хүрсэн. Өмнө нь бол дуэт зөндөө дуулагдаж байсан л даа. Цэцэгээ, хүүхдийн дууны Долгор гуай нар хоршин дуулсан байдаг. Гэхдээ эмэгтэй хоршил дуу өгүүлэгдэж байсан үе. Б.Сийлэгмаа бид хоёрт ороогүй тоглолт, концерт гэж байгаагүй. 1980-аад онд бол одоогийн хэлдгээр энэ дуу хит болж байлаа.

-Та хоёрын хослон дуулсан “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэж бас нэгэн сайн дуу бий.

-Энэ бас их сайхан дуу. Гэхдээ энэ дууг бид хоёроос өмнө олон сайхан дуучид дуулчихсан байсан. Бид хоёрыг Хилийн цэргийн ансамбльд байсан учир бодлогоор дуулуулсан. Аливаа бүтээл уламжлагдаж байдаг болохоор.

-Сүүлийн үед ямар шинэ бүтээл туурвив?

-Би 23 жил Үндэсний урлагийн их театрт ажиллаж байгаа уран бүтээлч. 1993 оноос эхлэн ажилласан. Хуучнаар бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга маань жилд хоёр удаа уран бүтээлээ тайлагнадаг. Тэр бүгдийг алгасдаггүй. Манайх хорин хэдэн дуучинтай, тиймээс ч бүх тоглолтод оролцдог. Бүжгийн дуугаа ч дуулна, гоцлолоо ч дуулна. Миний хамгийн сүүлд гаргасан том бүтээл гэх юм бол 2015 онд найруулагч Ганболдын тавьсан “Оройн дээд” нэртэй дуулалт жүжгийн Дондогдулам их хатны дүрд тоглосон. Энэ бол үнэхээр гайхамшигтай дүр. Ийм мундаг түүхэн хүний дүрд би хоёр дахь удаагаа тоглолоо. Хоёр дахь нь найруулагч Болдын “Үлэмжийн чанар” гээд дуулалт жүжгийн хутагтын баруун гар байсан Дачура хэмээх бодит хүний дүр. Ийнхүү уран бүтээлээ хийгээд ер нь их завгүй л явна. Энэ жил манай Үндэсний урлагийн их театр АСЕМ-ын үеэр тоглолт хийлээ. Монголын нүүр царай болсон энэ театрт хийх ажил зөндөө, тиймээс ч завтай байх нь ховор.

-Та бие даасан уран бүтээлийнхээ тоглолтоор үзэгчдэдээ ямар “бэлэг” барих гэж байна?

-Уг нь бол энэ нууц байсан юм. Гэхдээ яахав хэлье. Би хүүхэд байхаасаа л Д.Бадарч багшийнхаа “Хөх даалимбан тэрлэг”-ийн бүүвэйн дууг хоортой дуулж үзэх юмсан гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдлөө биелүүлж байгаа. Цэргийн дуу бүжгийн ансамблийнхаа жаз оркестртой, хоортой дуулна. Өчигдөр би очоод бэлтгэлээ хийхэд багш маань нүдэнд харагдаад хоолой зангирч байлаа. Хүн нас ахиад ирэхээр багшийгаа их санадаг юм байна. Бүтээлээ хийгээд явахаар тэр сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй яваа даа гэж улам их бодогдох юм.

-Таны багш УГЗ Д.Бадарч бол Монголын урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Багшийнхаа тухай яриач?

-Миний багш үнэхээр агуу хүн байсан. Түүний зохиосон дуунуудыг одоо ч залуучууд дуулдагт их баярладаг. Би ч багшийнхаа дууг залуучуудад өгч дуулуулдаг. Багш маань эгэл даруу, ихэмсэг сайхан, маш сайхан инээмсэглэдэг хүн байлаа. Би багшийнхаа уурлаж байгааг хараагүй, дандаа л инээмсэглэж явдаг. Ямар ч сайхан царайлаг хүн байсан юм бэ дээ. Их гоё үстэй, сайхан хүн байсан даа. Багш маань нэг их сургаал хайрлаад байдаггүй хүн л дээ. Сайхан дуулах хэрэгтэй л гэж хэлдэг байсан. Дуучин хүн бол дуулж л явах хэрэгтэй гэнэ. Хүн ирээд чамайг дуулаад өгөөч гэвэл гүйж очоод л дуулаад өг гэнэ. Дуулж л байвал сайхан уран бүтээл хийнэ гэдэг байлаа. Тэр үед их дэгтэй байсан. Багшийгаа хараад хамаагүй юм ярихгүй, их хайрлана бас эмээнэ, болгоомжилно. Юу гэж хэлэх вэ, юу гэж асуух вэ гэж их боддог, хүмүүжилтэй байлаа. Багшийгаа бид чинь аав гэж дууддаг байсан. Морины Батбаяр, Сийлэгмаа бид хэд ингэж дуудна. Багш маань ч яг л аав шиг минь байсан. Биднийг “Миний охид” гэнэ. Тухайн үед намайг ирэхэд Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайд “Чамд хоёр сайхан охиноо өглөө. Миний хоёр охины уран бүтээлийг нь дэмжиж байгаарай” гэж захисан байдаг. Би чуулгад ирэхдээ Цэргийн дуу бүжгийн ансамбльд орлоо гээд худлаа хэлсэн юм. Тэгэхгүй бол тухайн үед намайг бас явуулахгүй байсан. Гэтэл багш маань аль хэдийнэ мэдчихсэн, цаагуур нь захиж байсан байгаа юм. Бүр сүүлд нь Д.Лувсаншарав гуай надад түүнийг нь хэлсэн.

-Таны хүү морин хуурч гэж сонсон юм. Таны тоглолтонд оролцох уу?

-Би урьд урьдынхаа тоглолтонд хүүгээсээ гадна ахыгаа оролцуулдаг байлаа. Ах маань манай театрт эвэр бүрээчин, саксфон, бишгүүр тоглоно, надаас илүү авьяастай хөгжимчин бий. Энэ удаад ах, хүү хоёроо оруулахгүй гэж бодож байгаа. Урьд нь үзсэн тоглолт мэт болчихно. Тиймээс энэ удаад ЦДБЭЧ-ын уран бүтээлчидтэй, манайд тавигдсан дуулалт жүжгүүдээсээ толилуулна. Зөвхөн дуулаад байдаггүй бас дуулалт жүжгүүдэд тоглосон юм шүү гэдгээ харуулахыг хичээсэн.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Данжаад дампуурах тусмаа гоёдог гэдэгсэн

Энэ бол хуучны монгол үг байлаа. Хуучныхдаа 1921 оны хувьсгалаас өмнөх үеийнх л дээ. Тухайн үед аж ахуйн нэгж удирдаж байсан хятад эздийг данжаад гэж монголчууд нэрлэдэг байв. Одоогийнхоор компанийн захирал, босс гэсэн үг юм даа. Хоршоо, пүүс нь алдагдалд орж, эрсдэлтэй нөхцөлд орохоороо данжаадууд гоёж гангалаад, энгийн үеийнхээсээ илүү найрсаг, эелдэг ааш гаргадаг байсан гэдэг. Гоёх нь хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, ажил үйлс нь бүтэмжтэй байгааг харуулж буй хэрэг.Нэг ёсондоо дампуурах гэж байгаагаа ингэж нууж, нийгмээс гадуурхагдахгүйн тулд, хавь ойрныхондоо эдийн засгийн чадамжгүй болсноо мэдэгдэхгүй гэж тэр. Нөгөө талаас харилцагч, түншүүдээ үргээхгүй гэсэн давхар санаа нь. Түншүүдээ үргээхгүй байж гэмээнэ тэд хөл дээрээ дахин зогсож чадах учраас тэр шүү дээ. Харин арилжаа наймаа нь ашигтай, их мөнгөтэй байх тусмаа данжаадууд нооройсон хувцастай явдаг байсан гэдэг. Тийм учраас данжаад дампуурах тусмаа гоёдог гэсэн ёгт үг монголчуудын дунд гарсан байдаг.

Яг үүн шиг зүйл Монголд болж байна. Монгол Улсын эдийн засаг дампуурч байна. Сэргэхгүй байна. Энэ эрх баригчид Монгол Улсыг гоёхгүй байна. Нэг л их сээхэлзсэн, толгой өндөр хүмүүс тас няс хийсэн мэдэгдэл гаргаад суух юм. Эдийн засаг нь хямарч алдагдалтай байгааг нууж, улсаа гоёхын оронд данс улайсан, хоосорсон хэмээн мэдэгдсэн нь эрх баригчид. Бүр Монгол Улсын эдийн засаг дампуурч байна гээд гайхуулж буй өнгө аястай зарласан нь бий. Цухас дурдахад, төв банкны долларын нөөц хасахтай гарсан талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ам алдсан нь ханшийн өсөлтийг хөөрөгдөх шалтгаан байв. Улсынхаа валютын бүх нөөцийг ингээд ил зарлачихдаг төв банкны ерөнхийлөгч гэж хаана ч байхгүй гэж олон нийт шүүмжилж байв. Дараачийнх нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ 2016 оны төсвийн алдагдал оны эцэст таван их наяд хүрнэ гэсэн нь бас л бөөн шуугиан тарьсан. Шуугиан гэхээсээ илүүтэй гадаад болоод дотоодод сөрөг мессэж болж олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа гэх шүүмжлэл. Энэ мэтээр эрх баригчдын мэргэжлийн бус мэдэгдлүүд эдийн засгийг туйлдуулах эхлэлийг тавьсан гэхэд болно. Тэдний эх оронч бус мэдэгдлээс харвал төр засагт гарсан энэ хүмүүс эх орноо гэсэн сэтгэлтэй, монгол хүн мөн үү гэж эргэлзмээр.

Гэтэл дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгууллагын нэг болох “Moody’s” Монголын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас С1 ангилал руу буулгаснаа зарлав. Хариуд нь Засгийн газар, Монголбанк хоёр хамтран энэ шийдвэр “бодит бус” гэж мэдэгдэв. Улмаар “Moody’s” байгууллага Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна” гэж эсэргүүцэв. Үр дүнгүй эсэргүүцлээ гээд юунд хүргэх вэ. Эрх баригчдын сүржигнэлээс болоод Moody’s манайхны гоншигонолыг хүлээн авч, дээд ангилал руу шилжүүлэхгүй нь лав. Өнгөрсөн долоо хоногт мөн л БНХАУ-ын зээл бүтэхийн даваан дээр мэдэгдэл гаргаад бараг л тусгаар тогтнолоо авч үлдлээ гэх ухааны юм ярив. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэхээр ярьж болох л юм. ОУВС-гийнхан манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар нэлээд ойлголттой байгаа. Тэгэхээр ганц “Moody’s”-ийн шийдвэрээс болж ярьж хэлсэн зүйлээсээ буцахгүй байх гэж найдаж байна гэх.

Тэгсэн атлаа өөрсдийнх нь хариуцлагагүй мэдэгдлийнх нь гор гарч ханш унаад эхлэхээр Монголбанкны ерөнхийлөгч нь “ажиглаж байна” гэдэг. Сангийн сайд нь болохоор данс улайчихсан, тулмаараа газар гуядсан гээд гайхуулж ханхалздаг. Ерөнхий сайд нь Оюу толгой дээр очоод удирдлагуудад нь үүрэгддэг. Эдийн засаг нь дампуурчихаад байхад эрх баригчдын хийж буй ажил гэж ердөө л ийм л зүйл харагдаад байгаа юм. Юунд эрдэж, ийм толгой өндөр мэдэгдлүүд хийж суугааг нь ойлгох хүн олдохгүй байна. Үгүй ядаж л тэдэнд данжаадын ухаан алга. Монгол Улсыг ийм боломжтой гээд гоёчих, найрсгаар асуудалд хандчих сүйхээ харагдахгүй байна. Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн улиралд дараалан буурлаа. Энэ хэний буруу вэ. Тухайлбал, ДНБ нэгдүгээр улиралд 3.1 хувиар, хоёрдугаар улиралд 1.4 хувь өсөж байсан бол гуравдугаар улиралд 1.6 хувиар уналаа. Сүүлийн гурван сар дараалаад дефляцитай буюу үнэ хасах болж буурсан үзэгдэл гарав. Оноос хойш төгрөгийн ханш 460 төгрөгөөр буюу 23 хувь унасан. Төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг болов. Гадаад зээлийн хүүгийн төлбөр ханш уналтаас болж хар аяандаа нэмэгдсэн. Эдийн засаг өөрөө унаж байгаа юм биш эрх баригчдын буруу бодлогын үр дүнд унаж байгаа юм гэдгийг эдийн засгийн ажиглагчид хэлж байна. Монгол Улс дампуурах эрсдэлд байна гэж анхааруулж байгаа нь маш сэрэмжтэй, няхуур, алсыг харсан бодлого хэрэгтэйг илтгэж буй. Тэр тусмаа эрх баригчид хэнэггүйтэж яваад улсаа сүйрүүлж мэдэх учраас тэр юм. Харамсалтай нь тэд “бодит бус”, “эсэргүүцэж байна” гэсэн мэдэгдэл гаргаад “тийм биш, ийм биш” гэж сээхэлзсэн дүртэй хариулахаас хэтрэхгүй байна. Хувхай хоосон байж бүхнийг тас няс гэж хариулах хэрэг байна уу, ер нь. Ам ажил нь зөрж, ямар ч арга зам гарц олж чадаагүй өнөөдөртэй золгосныг дээрх дефляцитай тоон мэдээ хангалттай харуулж буй. Ингэж галзуурах хэрэг байна уу, үгүй юү. Гэтэл үнэндээ цасаа ч цэвэрлэх давс алга, та нарт. “Найрсаг Улаанбаатар” гэсэн шоуг хэдэн сая төгрөгөөр тэмдэглэж сүржигнэв. Зөвхөн энэ арга хэмжээг 200 сая төгрөгөөр зохион байгуулсан сураг сонсогддог. Гэтэл олон жилийн дунджаас ахиухан цас хэдхэн хоног ороход л барьц алдлаа. Одоо гурав дахин өндөр үнээр цас хайлуулах давс авч байна. Энэ бол цас хайлуулах давс авч дундаас нь мөнгө унагаж буй нугалаа гэдэг чинь ил харагдаж байна гэж хүмүүс ярьж сонсогдоно лээ. Тэгээд ард түмэн халтираад байна гэхээр битгий унгас алдаад бай гэдэг. Та нарын жижигхэн улс төр чинь ердөө л энэ.

Та нар улс төрийн орооноосоо салаач ээ. УИХ-ын сонгууль дуусчихаад байна. Бараг жил гаран болоход юу ч хийсэнгүй, улс төрийн ороо нь арилаагүй хэвээрээ. Улс төрийн тэр ороо чинь сонгууль дуусахад хамт дуусах ёстой. Улс төр гэдэг чинь дөрвөн жилд нэг хийдэг сонгууль төдий зүйл биш. Сонгууль бол намуудын хийдэг жижиг улс төр. Том улс төр бол улс орноо авч явах ухаан хэмээдэг. Монголыг хөгжүүлж, эдийн засгийн хямралаас гарах, ард түмнээ аюулгүй тайван амьдруулах, олон улсын тавцанд гарч ажиллах чадварыг ард түмэн хүсэж байна. Эрх баригч та нарын улс төрийн хямрал чинь эдийн засгийн хямрал болтлоо уруудчихаад байна. Тэр улс орны хөгжлийг уруудуулсан алдаа чинь Монгол Улсыг дампуурлын ирмэгт аваачлаа. Та нар Монгол Улсыг дампууруулах гээд байна уу, авч явах гээд байна уу. Ард түмэн сонголтоо хийчихээд байхад эрх баригчид та нар ямар сонголт хийчихээд сээхэлзэн толгой өндөр, тас няс хийсэн хариулт өгөөд эдийн засгийн хямралыг бариад байна вэ. Данжаад ухаан сийлж, Монгол Улсаа гоёж гангалаад, энгийн үеийнхээсээ илүү найрсаг эелдэг ааш гаргаж эдийн засгийг хямралаас гаргах төсөл хөтөлбөрүүдийг олж сэдэх ёстой бус уу.

Categories
мэдээ спорт

Олон улсын марафонд монгол залуу гуравдугаар байр эзэлжээ

АНУ-ын Нью-Йорк хотод болсон 42 км-ийн олон улсын марафонд монгол залуу амжилттай оролцжээ. Тодруулбал, “Ахиллис Монгол” байгууллагын тамирчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цагт туулж гуравдугаар байрт орсон байна.

Тус марафонд 50 гаруй мянган тамирчин оролцжээ.