Categories
мэдээ улс-төр

Оффшорын тухай хуулийн төслийг дахин боловсруулахыг хүсчээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч хойшлуулсан. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг буцаах тухай саналыг гаргажээ. Тэрбээр “Оффшорыг хориглосон бус, дэмжсэн хуулийн төсөл хуулийн хамгаалалтад орохыг санаархагч оффшорт өөрийн болон гэр бүл, ах дүүгийн нэр дээр сэжиг бүхий данстай тодорхой бүлэг этгээдийн захиалгаар яаруу сандруу байдлаар боловсруулагдан өргөн баригдсан гэж үзэж байгаа тул дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг буцааж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр дахин боловсруулахыг хүслээ” хэмээсэн байна.

Гишүүд уг хуулийн төсөлд тодорхой заалтуудыг тусган оруулж ирэх чиглэлийг ажлын хэсэгт өгсөн байсан. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх юм.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн хоноо хоногт чуулган, байнгын хороодод хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Харин өнөөдөр намын бүлгүүд төрийн ордонд хуралдахгүй юм байна. Тодруулбал, МАН-ын бүлэг өргөтгөсөн хурлаа 10.00 цагаас зарлаж, “Тусгаар тогтнолын ордон”-д хуралдахаар болсон. Бүлгийн хурлаар эдийн засгийн хямралаас гарах асуудлаа хэлэлцэх аж. АН-ын бүлгийн тухайд хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа хэвлэлийн албанаас нь мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 50 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг, мэдээг гаргасан байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигладаг.

11 дүгээр сарын 20-ны байдлаар шинэчлэн гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Баян-Өлгий, Увс, Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх, Ховдын өмнөд, Завхан, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Дундговь, Дорноговийн зарим нутгаар хамгийн их эрсдэлтэй байна.

Мөн Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Завханы зүүн, Булганы хойд, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд нутгаар эрсдэл ихтэй гарсан. Ийнхүү зудын эрсдэл ихтэй байгаа газар нутгийн хэмжээ сүүлийн 10 хоногийн дотор 20 хувиар нэмэгдсэн байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болнохэмээн Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн тайлан мэдээнд дурджээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан “Чингис” зочид буудалд 11,00 цагт болохоор товлосон. Маргааш болох Их хурлаа угтаж энэхүү хуралдааныг хийж буй юм. Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд энэ удаагийн Их хурлаар намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, батлах юм.

ҮЗХ-ны хуралдаанаар их хурлаар хэлэлцүүлэх болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх аж.

Түүнчлэн Их хурлаар хэлэлцэх дүрмийн төслийг хэлэлцэх юм. Их хуралдаанаар намын үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулах юм.

Categories
гадаад мэдээ

Оакландад гарсан галын улмаас нас барагсдын тоо 33-т хүрчээ

АНУ-ын Калифорни мужийн Оакланд хотын нэгэн агуулахад гарсан галын улмаас 9 хүн нас барлаа хэмээн урьд нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус галын хохирогчид улам нэмэгдсээр байгаа гэнэ. Одоогоор цогцосуудыг гаргасаар байгаа бөгөөд нийт 33 болоод байгаа гэнэ. Галын шалтгааныг одоо болтол тодорхойлоогүй байгаа аж. Барилгын 20 хувийг л одоогоор самнаад байгаа гэнэ. Цаашид ч хүн нэмэгдэх төлөвтэй байна хэмээн BBC уламжиллаа. Тус агуулахыг цэнгээний газрын зориулалтаар ашиглаж байсан байна. Тус барилгад гал гарахад ус шүршигч багаж төхөөрөмж байхгүйгээс гадна хоёр давхарт нь л ганцхан гарах хаалга байсан байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Зуун буудалт даамын улсын аваргаар “Champions” баг шалгарлаа

Зуун буудалт даамын багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд “Бадмаараг” төв дээр боллоо. 16 дахь удаагаа зохиогдмон тус тэмцээнд нийт 15 багийн 75 тамирчин ухаанаа уралдуулсан юм. Швейцарь системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг боломжит 14 онооноос 12-ыг авсан амжилтаар аваргалав. Удаах байруудыг “Алдар” спорт хороо, “Хасу-Мегаватт” багууд тус бүр 10 оноо авсан амжилтаар эзэлсэн байна. Мөн тэмцээний дундуур түргэн тоглолтын багийн УАШТ зохиогдсон бөгөөд “Бадмаараг” баг алтан медаль хүртэж, “Champions”, “Алдар” спорт хорооны багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Хувийн дүнгээр нэгдүгээр ширээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, хоёрдугаар ширээнд спортын мастер Д.Эрдэмбилиг, гуравдугаар ширээнд спортын мастер Ч.Энхтайван, дөрөвдүгээр ширээнд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, тавдугаар ширээнд спортын мастер Б.Билгүүн нар тус тус түрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цогцэций сумын өндөржүүлсэн байдлыг цуцалжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогцэций суманд газар хөдлөлт болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн баасан, бямба гарагт дараалан 2.4-3.8 магнитуттай 20 удаагийн газар хөдлөлт болж, тус сумын цахилгааныг хязгаарлаж, иргэдийг барилга байгууламжаас гаргах ажлыг зохион байгуулсан. Улмаар тус суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан юм. Тэгвэл нөхцөл байдал харьцангуй тайван, ахин чичирхийлэл мэдрэгдээгүй учраас аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлыг өчигдөр цуцалжээ.

Categories
мэдээ нийгэм

БИЧЛЭГ: С.Амармандахын зодуулсан бичлэг ил боллоо

Өнгөрсөн баасан гаригт дуучин С.Амармандахын зодуулсан хэргийн талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн хурал хийсэн билээ. Түүнийг ОХУ-ын дипломат албаны балмад этгээд цэнгүүн дээр дуулчихаад гарч явахад нь араас нь гэтэн очиж метал зүйлээр балбасан нь ил болсон билээ. Энэ тухай камерт бичлэг нь үлдсэн бөгөөд нэлээд бүдэг харагдаж байсан юм. Харин саяхнаас энэ хэргийн талаар илүү нарийвчлалтай харж болохуйц тод бичлэг цацагдаж эхэллээ. Мөн нэмж дурдахад ар гэрийнхэн нь болон найз нөхөд нь хэргийн мөрдөн байцаалт удааширч байцаагч нь хоёр ч удаа солигдсон хэрэгт гомдолтой байгаагаа илэрхийлж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Ингээд “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн дээр юу болсон талаар тодорхой бичлэгийг дор хүргэе.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ц.Зоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байна.

Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулав.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, Ерөнхий шүүгчид дахин нэр дэвшүүлсэн Улсын Дээд шүүхийн шүүгчдэд талархаж буйгаа онцлоод хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ.

Тухайлбал эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлээр оновчтой арга зам, арга, хэрэгслийг тодорхойлон, санал боловсруулж Засгийн газарт танилцуулж байх юм.

Орон тооны бус Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахална.

Гишүүдэд:

  1. Үндэсний статистикийн хороо,
  2. Монголбанк,
  3. Банкны холбоо,
  4. МҮХАҮТ,
  5. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
  6. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл,
  7. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн,
  8. МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байна.