Categories
мэдээ нийгэм

Малчдад ноос, ноолуурын урамшуулалд 112.7 тэрбум төгрөг олгожээ

Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор үндэсний үйлдвэрт ноос болон арьс, шир бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох чиглэлээр дараах урамшууллыг олгосон талаар танилцууллаа. Үүнд:

Ноосны урамшуулал:

Монгол Улсын Их Хурлын баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 408,812 малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.

Он

Малчны тоо

Ноосны хэмжээ /тн/

Мөнгөн дүн/тэрбум төгрөг/

2011

32,977

4,924.90

9.8

2012

103,162

14,696.60

29.4

2013

117,667

18,307.30

36.6

2014

80,619

16,643.50

18.3

2015

74,387

16,897.00

18.6

Дүн

408,812

71,468.40

112.7

Арьс, ширний урамшуулал:

Улсын Их Хурлын баталсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгожээ.

Арьс, ширний урамшуулал

2013 он сүүлийн хагас

2014 он эхний хагас

2014 он сүүлийн хагас

Нийт

Урамшуулалд хамрагдсан малчны тоо

29,811

3,085

54,535

87,431

Арьс, ширний тоо

Бод: 40,620

Бог: 700,297

Бод: 3,806

Бог: 54,184

Бод: 159,654

Бог: 1,854,943

2.8 сая

Урамшууллын дүн

2.7 тэрбум

219 сая

7.9 тэрбум

10.8 тэрбум

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийнхэн өргөтгөсөн хурлаараа төрийн албаны томилгооны талаар хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болов. Бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам болон төрийн албаны томилгоо, томилогдсон хүмүүсийн чадамжийн талаар хэлэлцсэн байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн томилгооны асуудлаас үүдэж Төрийн албаны тухай хууль, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж гишүүд санал нэгдсэн гэнэ.

Эрх баригч намын хувьд УИХ-ын сонгуулийн дараа төрийн албаны халаа, сэлгээг ураг төрлийн хэлхээгээр хийж, нэлээд хэл ам дагуулсан. Тухайлбал, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдсон. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрсөн дүү Д.Баярсайханаа Төрийн банкны гүйцэтгэх захирал болгосон. С.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд эхнэр Х.Отгонтуяагийн дүү, туслах Б.Асралт Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдсон. Н.Энхболдын худ А.Цогцэцэг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болсон. Сангийн яамны сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болсон. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр БХБЯ-ны газрын дарга болсон. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын даргаар очсон. ХЗДХ-гийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир ХНХ-ын яамны газрын дарга болсон гэхчилэнгээр төрийн албыг төрлийн алба болгож, томилгоог ургийн хэлхээгээр хийсэн байх жишээтэй.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн 158 тоот зарлигийг БОАЖЯ, ХХААХҮЯ-нд гардуулан өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Олон улсын Хөрс хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа тул уг үйл явдлыг бэлгэдэн уг зарлигийг холбогдох яамдын төлөөлөлд ийнхүү гардуулсан юм.

Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг нар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нарт гардуулан өгөв.

Ерөнхийлөгчийн Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалтын албаны зөвлөх Г.Баттогтох уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигт:

“Нэг. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

1. Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа хийж, хуулиудын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлж, шинэчлэх,

2.Суурьшлын бүс, газар тариалангийн болон бэлчээрийн хөрсний доройтолд дүгнэлт гаргаж, хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх богино, дунд, урт хугацааны бодлогын нэгдсэн хөтөлбөр боловсруулан батлан хэрэгжүүлэх,

3.Хөрс, бэлчээрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож жил бүр бүртгэх,

4.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр ашиглах уламжлалт арга ажиллагааны дэвшилтэт хэлбэрийг хэрэгжүүлж, хөрс, бэлчээрийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх,

5.Хөрс, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулах зардлыг 2019 онос эхлэн жил бүр орон нутгийн төсөвт тусгаж, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих,

6.Хөрс хамгаалах үндэсний өдөртэй болох,

Хоёр. Хөрс хамгаалах өдөр уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөрс хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажил зохион байгуулж, тэдгээрт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг нийт иргэд, ТББ, хэвлэл, мэдээллийн байгууллагад уриалсугай.

Гурав. Зарлигийн биелэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд тайлагнаж байхыг Засгийн газарт үүрэг болгосугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Станцууд 11 хоногийн нүүрсний нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байгааг Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Тухайлбал, “ДЦС 4” ТӨХК 13, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа. Энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих үүргийг салбарын сайд П.Ганхүү өгчээ. Мөн хүйтний эрч эрс чангарч, ачаалал ихсэж байгаатай холбогдуулан төв суурин газар, аймаг орон нутгийн дулааны станц, халаалтын зуухнуудын гадна талбайд нүүрсний нөөц 20 хоногоос доошгүй байхаар тооцож бүрдүүлэх чиглэл өгсөн байна.

Categories
мэдээ спорт

Ш.Энхсайханы нэрэмжит өсвөрийн тэмцээн болно

Монголын хүндийн өргөлтийн холбооноос хүндийн өргөлтийн шилдэг тамирчин, дасгалжуулагч байсан Шаравын Энхсайханы нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнийг Ш.Энхсайхан багшийн хүү Эрдэмбилэг, н.Чинзориг нар ивээн тэтгэн зохион байгуулах аж.

Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сараас төрсөн өсвөрийн тамирчид оролцох бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд аваргууд тодорно. Тэмцээний техникийн зөвлөгөөн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 15.00 цагаас Спортын ордонд байрлах Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн зааланд болох юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амармандахын өмгөөлөгч хотын дарга С.Батболд болон Ц.Сандуй нарыг шалгуулах хүсэлт гаргажээ

“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан нэвширтэл зодсон хэрэг олонд ил болоод буй. Өнгөрсөн баасан гаригт түүний ар гэр, хамтран зүтгэгчид нь хэвлэлийн хурал хийж, болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-аас Монгол суугаа Элчин сайдын яам, МАН-ын дарга М.Энхболд, ХУД-ийн Цагдаагийн хэлтэст хандан хүсэлт гаргажээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтдээ Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга н.Жаргалмаа нарыг шалгаж өгөхийг хүссэн байна. Энэ тухайгаа “Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Батбаяр миний бие нь Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа. …ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, танхайрсан гэмт хэрэг тус хэлтэст шалгагдаж байгаа. Гэмт хэрэг гардаг шөнө буюу 2016.11.22-ны 23 цагийн орчим С.Амармандахыг бусдад зодуулан ухаан нь орж гаран хэвтэж байх үед Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга н.Жаргалмаа гэх зэрэг хүмүүс гэмт хэрэг гарсан байна гэдгийг мэдсээр байж эрх бүхий байгууллагад мэдэгдэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Олон нийтийн дунд нэгэнт илэрхий тодорхой болсон үйл явдлыг зориуд нуун дарагдуулж, С.Амармандахын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд байгааг мэдсэн хирнээ түүнийг орхин явсан С.Батболд, Ц.Сандуй, н.Жаргалмаа болон бусад гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг ЭХ-ийн 35 дахь хэсэгт заагдсаныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 107, 246, 247-р зүйлд заагдсанаар шалгаж…” өгөхийг хүсч, албан бичгээр хүргүүлжээ.

Мөн түүнчлэн МАН-ын дарга М.Энхболдод хандан Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Сандуй, Нийслэлийн гадаад харилцааны хэлтсийн дарга н.Жаргалмаа нарт Дипломат албаны тухай хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлэхээр болжээ.

Түүнчлэн Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яаманд хандан “… Оросын Холбооны Улсын иргэн Армян гаралтай гэх Наганов Артём Валентиновичийн дипломат эрх ямба, дархан эрхийг Дипломат Албаны Тухай Хууль, Консулын тухай, Венийн гэрээ конвенц, Монгол Улсын Олон Улсын Гэрээний Тухай Хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан түдгэлзүүлж өгнө үү. Хэрэв та бүхэн Монгол Улсын Хууль тогтоомжийг эс хүндлэн хайхрамжгүй хандвал цаашид үргэлжлүүлэн Олон улсын хүний эрхийн хороо, НҮБ-ын дипломат ёс, дэг хариуцсан хороо зэрэг Дэлхийн хандаж болох бүх улс орон, байгууллагад хандана хэмээжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын жүжигчин С.Сарантуяа сор бүтээлүүдээрээ цэнгүүн хийнэ

Улсын драмын эрдмийн театраас жил бүр ахмад жүжигчдийн уран бүтээлийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад Ардын жүжигчин С.Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн тайлан тоглолтыг хийхээр болжээ. С.Сарантуяа урлагт 40 жил зүтгэсэн байна. Тэрээр энэхүү цэнгүүнээр 40 жилийн турш тайз, дэлгэцэнд амилуулсан бүтээлүүдээсээ сорчилж үзэгчдэд хүргэх юм байна. Тухайлбал, “Хайр”, “Ээж” гэх хоёр хэсгээс тоглолт бүрдэх бөгөөд түүхэн, инээдмийн, уянгын төрлийн 10 жүжгийн хэсгээс тоглох ажээ.

Цэнгүүн энэ сарын 11-нд 19.00 цагт УДЭТ-т болох бөгөөд энэ үеэр уран бүтээл, жүжиглэх арга барилын талаар “Зүрхнээс зүрхэнд” нэртэй номоо танилцуулах юм.

Categories
мэдээ улс-төр

ТТЭНН-аас Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг зарлана

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намынхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлийг зарлана гэв. Тус намынхан маргааш 11:00 цагт хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг олон нийтэд мэдээлэх аж. Мөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мөрөнд хүүхдийн автобусыг нэмэлтээр явуулж эхэлжээ

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа нэмэгдсэн тул аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хүүхдэд зориулсан нэмэлт хоёр автобусыг хичээл цуглах, тарах үед явуулахаар болжээ. Нэмэлт автобусууд өглөөний 7 цагаас эхлэн 1 цаг тусгай маршрутаар явж, орой хичээл тарах үед дахин явах юм байна.

Мөрөн суманд үйлчилгээ хүргэдэг нийтийн тээвэр хүрэлцэхгүй байгаа учир хүүхдүүд хичээлээсээ хоцрох, даарах, халтирч унах, бэртэх, гэмтэх тохиолдол их гарсан аж. Тиймээс болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор нэмэлт автобус явуулж, шатахууны зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өсвөр насны охид жирэмсний болон төрөхийн хүндрэлээр эндэх эрсдэлтэй байна” гэв

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ “YPEER” клубээс өсвөр насны охидын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын 2015 онд хийсэн судалгаагаар халдварт өвчнөөр өвчлөгсдийн 24 хувийг 15-24 насны залуус эзэлж байгаа аж. Улмаар судалгаанд хамрагдсан охидын 10 гаруй хувь нь ганцаардах, амиа хорлох оролдлого хийсэн тухайгаа хэлсэн байна. Түүнчлэн өсвөр насны охин анхны бэлгийн хавьталтаар ДОХ-ын халдвараар өвчилсөн нь тогтоогджээ. Энэ мэтчилэн өсвөр насны охид эрт бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлтээс шалтгаалан үр хөндүүлэх зэргээр эрсдэлд орж буйг өнөөдрийн хуралд оролцогчид онцолж байв.

Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн тэргүүн Ш.Галбадрах хэлэхдээ “Өсвөр насны охид жирэмсний болон төрөхийн хүндрэлийн улмаас эндэх өндөр эрсдэлтэй байна. Тиймээс 15-24 насны охид залуучуудад нөхөн үржихүйн мэдээ мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна” хэмээв. Мөн өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн мэдлэг, мэдээлэл олгох эрүүл мэндийн хичээлийг хүргэх тал дээр дутмаг байгааг дурдаж байв. Тиймээс “Залуучуудын Үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ”-нээс энэ онд үе тэнгийн сургагч багш бэлтгэх 13 удаагийн сургалт явуулж, 400 гаруй өсвөр үе, залуучуудад мэдлэг олгох сургагч багшийг бэлтгэсэн дуулгалаа.