Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын ЭСЯ-ны зүгээс С.Амармандахаас уулчлалт гуйна гэж мэдэгдэв

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой хэрэг олон нийтийг цочроон хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт үүсээд байгаа билээ. Хэрэг удаашралтай байгаа талаар ар гэрийнхэн нь холбогдох албаныханд мэдэгдсэн ч ОХУ-ын элчингийн зүгээс хэргийг судалж байна гэсэн хариу өгсөөр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын Элчин сайдын яаманд хандсан. Энэ үеэр ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга “Энэ асуудал дээр ОХУ-ын ЭСЯ дипломат албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаа. Шүүхээс манай дипломатын гэм буруутайг нотолсон үед бид түүнд хатуу хариуцлага ногдуулах болно” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн С.Амармандахаас албан ёсоор уучлалт гуйна гэжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг байцаасан шалтгаанаа тодруулахыг шаардав

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өнгөрсөн 11 сарын 30-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зарлан дуудах хуудас ирүүлж, улмаар дөрвөн цаг орчим байцаалт авсан. Түүнийг ямар шалтгаанаар байцаасан талаар албаныхан одоог хүртэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Алтанхуягийг долоон давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй, хууль бусаар хөрөнгөжсөн асуудлаасаа болж шударга бусын хонгил руу орох уу гэх мэдээлэл гарсан билээ. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Н.Алтанхуягийн өмгөөлөгч О.Чулуунчимэг холбогдох хэвлэлийн байгууллагаад шаардлага хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 29-д бүх нийтээр амарна

УИХ 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Өнөө жил энэ өдөр пүрэв гаригт тохиож буй бөгөөд хуульд зааснаар бүх нийтээр амарна.

Энэ удаад монголчуудын хувьд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиох аж.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаант өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын сайн дурынхны өдөр

Олон Улсын Сайн дурынхны өдөр энэ өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1985 оны 212 дугаар тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг “International volunteer Day” буюу Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Монгол Улсын хувьд энэхүү өдрийг 2003 оноос тасралтгүй өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж иржээ.

Энэхүү өдрийг өөрөөр нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр ч гэж нэрлэдэг аж. Энэхүү өдөр сайн дурын байгууллагууд бүтэн жилийн турш хийсэн ажлуудаа олон нийтэд нэгтгэн танилцуулж, сайн дурынхны хүчийг улс нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэн дайчлах, дэмжихэд анхаарлыг татах кампанит ажил болгон өрнүүлдэг.

Сайн дурынхан гэдэг нь нийгмийн болон бусдын сайн сайхны төлөө өөрийн хүч чадал, амьдралынхаа нэгээхэн хэсгийг хариу нэхэлгүй сэтгэлээсээ зориулах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм. 2016 оны байдлаар дэлхийн 6 тивийн 202 улсын 2,8 сая сайн дурынхан 1 тэрбум нэг зуун сая цагийн ажил хийгээд байна гэсэн тооцоог НҮБ-аа гаргаад байна. Харин жил бүр НҮБ-ын сайн дурын ажилтнууд 150 гаруй оронд очиж ажилладаг. Сайн дурын үйл ажиллагааны 4 хэлбэр голлон зонхилдог.

Үүнд:

– Харилцан туслалцаа үзүүлэх буюу өөртөө туслах сайн дурын үйл ажиллагаа
– Бусдад энэрэн нигүүлсэх үйлсийн үйлчилгээ үзүүлэх сайн дурын үйл ажиллагаа
– Нийгмийн төлөөх аливаа үйл ажиллагаанд оролцох сайн дурын үйл ажиллагаа
– Бусдыг өмгөөлж, тэднийг хамгаалах, кампанит ажилд оролцох сайн дурын үйл ажиллагаа зэрэг болно. Гэвч энэхүү сайн дурын үйл ажиллагааны хэлбэрүүд улс үндэстэн бүрт өөр өөрийн онцлог ялгаатай байж болно.

Өөрөөр хэлбэл, сайн дурын үйл ажиллагаанд тухайн орны эдийн засаг, нийгэм улс төрийн нөхцөл байдал, түүний хөгжлийн үе шат зэрэг нь нөлөөлөх хүчин зүйл болдог байна.

Categories
гадаад мэдээ

Хавайн өндөрлөг газруудад их хэмжээний цас орж байна

АНУ-ын эх газраас баруун өмнө зүгт, Номхон далайн төв хэсэгт орших газрын диваажин хэмээн нэрлэгддэг Хавай мужийн уулархаг бүс нутагт сүүлийн хэдэн өдөр их хэмжээний цас орж орсны улмаас цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсээд байна. Өнгөрөгч өдрүүдэд орсон цасны хэмжээ зарим газарт 90 см хүртэл байгаа юм.

Одоогийн байдлаар Хавай мужийн хамгийн өндөр оргилууд болох Мауна Кий болон Мауна Лоа оргилуудад хамгийн их хэмжээний цас ороод байгаа юм. Уг 2 оргил нь далайн түвшнээс дээш 4260 метрийн өндөрт оршдог, жилд дунджаар 5-6 удаа л цас ордог, орох цасны хэмжээ 40-60 орчим см байдаг байна. Гэтэл сүүлийн хэдхэн хоногт цас их хэмжээгээр орсны улмаас Мауна Лоад цасаар шуурч, тэнд байрлах Канад, Франц болон Хавайн сансрын бааз цасаар хучигджээ. Иймд мягмар гараг хүртэл хоёр оргил руу нэвтрэх замыг аюулгүй байдлын үүднээс хаасан байна.

Цаг уурын шинжээчдийн хэлж байгаагаар, халуун орны бүс нутагт цас орох нь ховор үзэгдлийн нэг, түүнчлэн ийм бага өндөрт маш их цас унасан нь ховор үзэгдэл болж байна хэмээн тайлбарлаж байна. Харин нутгийн бусад хэсэгт их бороо орсны улмаас жилийн турш зунаараа байдаг халуун оронд цаг агаар сэрүүсч нэмэх 20 хэмийн дулаантай байна. АНУ-ын үндэсний цаг уурын албанаас мэдээлж байгаагаар, Хавай мужид ирэх өдрүүдэд ч цаг агаарын таагүй үзэгдэл үргэлжлэх хандлагатай байгаа талаар мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан завсарлалаа

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан “Чингис” зочид буудалд болж байгаад түр хугацаагаар завсарлалаа. ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар Их хурлаараа хэлэлцэх намын дүрмийн шинэчлэлийг хэлэлцэж буй юм.

ҮЗХ-ноос батласан шинэчлэлийг Их хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд зарим асуудлаар фракцуудын байр суурийг нэгтгэхээр болсон гэнэ. Их хуралдаанд татвараа төлсөн төлөөлөгчийг оролцуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-аас Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж илгээжээ

ОХУ-аас Сири-н Алеппо хотын иргэдэд хүмүүнлэгийн тусламж долоо хоногийн өмнө илгээжээ. Далайн тээврээр 280 тонн өдөр тутамд хэрэгцээтэй зүйлсийг илгээжээ. Нийт 15-40 контейнер ачааг хүлээн авлаа хэмээн Оросын армийн төлөөлөгч мэдэгджээ. Хүмүүнлэгийн бараанд будаа, элсэн чихэр, гурил, лаазалсан бүтээгдэхүүн, цай зэрэг хотын оршин суугчдад нэн шаардлагатай байгаа хүнсний зүйлс багтсан байна.

Усан онгоцноос ачаа барааг буулгасны дараа том оврын ачааны машинуудад ачиж дүрвэгсдийн хуаранд хүргэжээ. Мөн орон гэргүй болсон хүмүүст орос цэргүүд 150 гал тогоо гарган хоол ундаар үйлчилж дулаан хувцас, уух ус, хоол ундаар хангажээ. Мөн өвдсөн болон шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүллээ хэмээн Тасс агентлаг мэдээллээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хүрэн баавгай агнасан хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын баруун хил дээрх Ёлтын хавцалд ховор ан, баруун нутгийн цорын ганц хүрэн баавгайг буудан хороосон харамсалтай хэрэг гарсан билээ. Байгаль хамгаалагч тэргүүтэй зэвсэгтэй долоон хүний үйлдсэн гэх энэ хэрэгт 2015 оны 10 сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, 2016 оны 11 сарын 18-нд тус аймгийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон талаар орон нутгийн эх сурвалж мэдээллэв.

Баавгайг буудаж, арьсыг нь хуулж, 31.4 кг мах, хоёр саванд хийсэн цус, өөх, цөс, дөрвөн сарвуу зэрэг эд эрхтэнүүдийг нь тээвэрлэж явсан этгээдүүдийг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 0147 дугаар салбарын заставын дарга Ц.Бат-Эрдэнэ нарын дөрвөн албан хаагч саатуулан, ангийнхаа захирагчид мэдээллэсэн байдаг.

Долоон хүний гурав нь буутайн дээр баавгайн биед гурван сум туссаныг яг аль бууных болохыг сайн тогтоогоогүй аж. Тэдний нэг болох К.Смагулын би ганцаараа явж байгаад дайрч ирсэн саарал өнгийн амьтныг гурван удаа буудсан гэсэн мэдүүлгээр “Бүлэглэн агнасан нь хангалттай нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

С.Амармандахын Оросын дипломат ажилтанд зодуулсан хэргийн талаар олон улсад юу гэж мэдээлэв

1990-ээд Монголын рок поп урлагт цоо шинэ хэв маягийг гаргаж ирж, тухайн үеийн залуусыг жинхэнэ байлдан дагуулж байсан хамтлаг бол ямар ч маргаангүй “Хар сарнай”. Ирэх онд 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус хамтлагийн ахлагч, дуучин Амараа буюу С.Амармандахыг Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан нэвширтэл зодсон хэрэг хэдхэн хоногийн өмнө ил болсон. Уг хэрэг болоод 10 гаруй хоносны дараа л хэвлэлийнхэн янз бүрээр мэдээлж эхэлсэн. Харин өнгөрсөн баасан гаригт уран бүтээлчийн ар гэрийнхэн, урлагийн найз нөхөд нь хэвлэлийн хурал хийж, болсон явдлын талаарх өөрсдийн мэдээллийг хүргэсэн юм. Өнөөдөр түүний өмгөөлөгч Г.Батбаяр нэр бүхий хүмүүсийг шалгуулах хүсэлт гарган, Оросын элчин сайдын яаманд ч хандаад байна.

Энэхүү ноцтой хэргийн талаар гаднын хэвлэл мэдээллүүд ч мэдээлж эхэлжээ. Тэд чухам ямар байр сууринаас хандаж буйг дор хүргэе.


BBC.com: ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар нягталж байгаа гэж мэдэгдэв

Монголын шилдэг реппэрүүдийн нэг хас хээтэй дээл өмсч, тайзан дээр гарсныхаа төлөө ОХУ-ын дипломат төлөөлөгчид ухаан алдталаа зодуулсан тухай дуучны гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээллээ. Сүхбаатарын Амармандах тус улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон урлагийн арга хэмжээний үеэр ийнхүү бусдад зодуулсан байна. Оросын зарим хэвлэлд дуучин толгойн тус газраа лонхоор цохиулж, нүүр рүүгээ хэд хэдэн удаа өшиглүүлсэн гэж мэдээлсэн бол ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар нягталж байгаа гэж мэдэгдсэн юм.

Дуучин залуу тоглолтын үеэр уламжлалт хас хээ бүхий улаан дээл өмсөн тайзнаа гарсан аж. Нацистуудын бэлгэдэл болсон хас хээг Гитлерээс ч өмнө Монголд уламжлалт хээ болгон ашиглаж иржээ. “Хар сарнай” хамтлагийн Амараа гэх нэрээр танигдсан С.Амармандахын дуунд Монголын түүх, соёл, үзэл суртал нэвт шингэсэн байдаг бөгөөд тэрбээр тайзан дээр уран бүтээлээ толилуулахдаа үргэлж хас хээ бүхий хувцас өмсдөг байна. Эртнээс хас хээг Монголын алс баруун хязгаарынхан бэлгэдлээ болгон ашиглаж иржээ.

dailymail.co.uk: Хас хээ нь баруун Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн бэлгэдэл болдог

ОХУ-ын нэгэн дипломат төлөөлөгч Монголын реппэрийг хас тэмдэг бүхий дээл өмсч тайзан дээр гарсан гэх шалтгаанаар биед нь халдаж зоджээ. “Хар сарнай” хамтлагийн ахлагч Сүхбаатарын Амармандах Монголын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр ийнхүү зодуулсныг түүний өмгөөлөгч болон цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

Тоглолтын үеэр Амараа уламжлалт хас хээ бүхий улаан өнгийн монгол дээл өмссөн байжээ. Гэсэн ч тайзнаа гарсныхаа дараахан Оросын дипломат төлөөлөгчид зодуулсан байна. Амараагийн дуунд Монголын түүх, соёл хийгээд хувь хүний мөн чанар өгүүлэгддэг бөгөөд тэрбээр тайзан дээр байнга хас хээ бүхий хувцас өмсдөг байна. Энэхүү хээ нь баруун Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн бэлгэдэл болдог аж. Монгол Улс коммунизмаас 1990 оны ардчилсан хувьсгал руу шилжих хүртэл хэдэн арван жилийн турш хуучин ЗХУ-ын хавчлагад байсан юм. Тиймээс ч хөгжим, кирилл үсгийн цагаан толгойг ашигладаг гэх мэтээр ОХУ-ын соёлын нөлөө олон хэлбэрээр илэрдэг. Ямартай ч, хэргийн талаар Оросын Элчин сайдын яамны вэб хуудсанд хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр цацагдсан дээрх хэргийн талаар шалгаж байна гэх мэдээлэл нийтлэгджээ.

lenta.ru: Дипломат ажилтан согтуурхаж С.Амармандахыг зоджээ

Монголын “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах хотын Засаг даргын зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа зодуулжээ. Энэ талаар NEWSru.com мэдээлжээ. Тус тоглолтод уран бүтээлээ толилуулсныхаа дараа дуучин залуу гэртээ харих гэж байхад нь ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат төлөөлөгч лонхоор толгойн тус газарт нь цохиж, гэмтээсэн байна. Үүний дараа найз нарынхаа хамтаар толгой, хөл рүү нь өшиглөж эхэлсний дараа дуучин залуу ухаан алдан унажээ. Одоогоор реппэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүнчлэн, дуучныг зодсон дипломат төлөөлөгч хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд нэрний эхний үсэг нь А.С гэнэ. Хэргийн бичлэг One Event Hall-ын хяналтын камерт бичигджээ. Зарим мэдээллийн хэрэгсэл дуучны зодуулах болсон шалтгааныг нацист Германы бэлгэдлийг санагдуулам хас тэмдэг бүхий хувцас өмссөнтэй холбон тайлбарлаж байна.

chinatimes.com: Монгол дуучныг нацисттай андуурч ухаангүй болтол нь зоджээ

Монголын алдартай реппэрүүдийн нэг болох С.Амармандах Улаанбаатар хотод зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр хас хээ бүхий дээл өмсч тайзнаа гарчээ. Гэвч ОХУ-ын дипломат төлөөлөгч уг хээг нацистуудын бэлгэдэлтэй андуурч, дуучныг ухаангүй болтол нь зодсон хэрэг гарсан байна.

Реппер С.Амармандах тайзан дээр хас хээ бүхий улаан дээл өмсч, дуулжээ. Хас хээ нь Монголын уламжлалт хээнүүдийн нэг юм. Гэвч тус хээг нацистуудын бэлгэдэл хэмээн андуурсан ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат төлөөлөгч ихээхэн бухимдаж, лонхоор дуучны толгойн тус газарт нь цохиж, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөжээ.

Дуучны эцэг С.Сүхбаатар саяхан хэвлэлийн хурал хийж, хүүгээ толгойдоо хүнд гэмтэл авч, тархи нь ноцтой гэмтсэний зэрэгцээ 10 гаруй хоног ухаангүй байгаа талаар мэдээлсэн байдаг. өн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Хас хээний зургийг үзүүлж, уг хээ нь Монголын уламжлалт хээ болохыг онцолсон байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутны зээлд хамрагдах оюутнууд дараахь материалыг бүрдүүлнэ

Өнөөдрөөс эхлэн оюутны хөгжлий зээлийг Голомт, ХААН, Хас, Улаанбаатар хотын банк, Капитрон, Төрийн банкуудаар дамжуулан олгож эхлэхээр болсон билээ.

2016-2017 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлд зориулан 90 тэрбум 2017-2018 оны хичээлийн жил 110 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хүүний хувьд хамгийн бага буюу жилийн таван хувийн хүүтэй олгох юм. Энэхүү зээлд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-4 курсийн оюутнууд хамрагдах боломжтой. Гэхдээ дараах шалгуурыг хангасан байх байх шаардлагатай юм.

Үүнд:

-Зээл хүссэн өргөдөл

-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар /

-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бүрдүүлэн банкинд хандах юм байна.