Categories
мэдээ нийгэм

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Хятадын “Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Жосеф.Н.К.Чан нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа орлогч П.Баярхүү “Өнөөдөр үзэглэж буй санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод их бүтээн байгуулалт хийгдэнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд ажлын амжилт хүсэв.

“Ориэнтал Патрон” группийн ерөнхий захирал, “Кэйсин энэржи” группийн ТУЗ-ийн дарга Ж.Чан “Бид Монгол Улсад анх удаа ирж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол манай группийн та бүхэнтэй хамтран ажиллах хамгийн анхны санамж бичиг юм. Уг санамж бичиг нь цаашид гэрээ болох болтугай. Бидний ирсэн гол зорилго монголчуудад туслах. Тиймээс бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

“Ориэнтал Патрон” групп нь манай улсад хөрөнгө оруулалтын сан байгуулж, сангаараа дамжуулан хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгож нийслэлийн өмч бүхий төслүүдийн санхүүжилтийг хийх журмаар хамтран ажиллах зорилготой аж.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжид эрчим хүч, бохир ус цэвэршүүлэх, ундны усны хангамж зэрэг иргэдийн ахуй амьжиргаатай холбоотой салбаруудад хөрөнгө оруулалт хийх юм байна гэжнийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Их хурал өнөөдөр болно

2000 оны энэ өдөр буюу арванхоёрдугаар сарын 06-ны өдөр ардчиллын таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсан юм. Ардчилсан нам түүхэн энэ өдрөө намын Их хурлаа зарлан хуралдуулж байна. АН-ын VI их хурал өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд болно.

Их хуралд АН-ын 1210 төлөөлөгч оролцоно. АН-ынхан энэ их хурлаараа намын дүрмээ өөрчлөн баталж, намын даргаа сонгоно.

Categories
мэдээ улс-төр

АН-ын ҮЗХ-ны хурлаар дүрмийн шинэчилсэн төслийг дэмжжээ

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хороо /ҮЗХ/ өчигдөр бүтэн өдрийн турш хуралдаж, өнөөдрийн Их хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн баталжээ. Өөрөөр хэлбэл, ҮЗХ сүүлчийн удаа хуучин бүрэлдэхүүнээрээ хуралдаж байгаа юм. Учир нь ҮЗХ-ны гишүүд шинэ дүрмийн төслөөр нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, одоогийн 228 гишүүнийг 304 болгох бөгөөд дээр нь АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд байх юм. Түүнчлэн хоёр жилд нэг удаа ротаци хийгдэхээр болжээ.

Мөн хуралдаанаар намын Их хурлын зохион байгуулалт болон намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ зарим нэг зарчмын зөрүүтэй саналуудыг Их хурлаар хэлэлцэхээр тохирчээ. Үндсэндээ Ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг нийтээрээ дэмжсэн байна.

ҮЗХ-ны гишүүдийн хувьд, намын даргыг сунгаа буюу олон гишүүдийн санал хураалтаар явуулах эсэх дээр нэлээдгүй маргалджээ. Тиймээс уг маргааныг өнөөдөр болох Их хурлаар эцэслэн шийдэхээр болсон аж.

Намын даргыг одоогийн дүрмээр АН-ын ҮЗХ-ны гишүүдийн дундаас сонгож, Их хурлаар баталгаажуулдаг байсныг болиулж, намын анхан шатны үүрийн гишүүнээс эхлээд бүх шатны гишүүд нэр дэвших, өрсөлдөх эрхтэй болгож буй юм байна.

Өнөөдөр болох Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно. Уг хурлаар АН дүрмээ шинэчилнэ. Ерөнхийдөө хагас босоо тогтолцоо руу орж байгаа гэдгийг намын гишүүд хэлж буй юм. Мөн намын гишүүний бүртгэлийг цахимаар хийж, гишүүдийн татварыг нэмж байгаа аж. Тухайлбал, жилдээ 1200 төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ дүрмээр сард 12000 төгрөгийг жирийн гишүүд тухайн намдаа төлөх юм байна.

Хэрвээ татвараа төлөөгүй бол намын гишүүн хэвээрээ байна, гэхдээ намын дотоод сонгуульд санал өгөх эрхгүй байх аж. Дүрэм батлагдсанаар намын эв нэгдэл, сахилга, хариуцлага, захирах, захирагдах ёс, нээлттэй ил тод байдал сайжирна гэж үзжээ. Их хурлын 1210 төлөөлөгч 09:00 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, дараа нь хуралдаа орох юм байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй л гэсэндээ Далай багшаасаа аврал эрэв үү дээ?

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголд айлчлаад буцлаа. Энэ удаагийн айлчлалыг “Улс төрөөс ангид зөвхөн бурхан номынх” гэж Монголын бурхан шашны төвөөс мэдэгдсэн. Ер нь Далай ламын айлчлалыг улс төртэй огтхон ч холбоогүй хэмээн Чой хамба тэргүүнтэй төв гандангаас мэдэгддэг л дээ. Гэхдээ эл удаагийн айлчлал улс төрд нэг их хамаагүй юм уу гэхэд бас тийм биш бололтой. Учир нь Монголын төрийн гурван өндөрлөг гурвуулхнаа заларч байдаг гуундаа Далай багшийгаа залчихна лээ. Дээрхийн гэгээнтэн Монгол Улсад ирэхээр урд хөрш маань шазуураа зууж байгаад улс төрийн мэдэгдэл хийдгийг бид мэднэ. Тэрхүү үйл явц энэ удаад ялгаагүй давтагдсан.

Өвлийн эхэн сарын цочмог хүйтрэлийн үеэр Далай багш Монголын сүсэгтэн олонтой уулзаж байх цаг дор Хятадын гадаад яамнаас эсэргүүцлийн мэдэгдэл хийж эхэлсэн. “Далай лам бол шашны нэрийн дор Түвдийг Хятадаас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч”, “Хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг харж, Монгол Улсыг амлалтаа сахихыг шаардаж байна” хэмээн мэдэгдээд авав. Урд хөршөөс ийм эсэргүүцэл, улс төрийн агуулгатай мэдэгдэл ирнэ гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Далай ламыг Барак Обаматай уулзахад Хятадын зүгээс маш хүчтэйгээр шүүмжилж эсэргүүцэж байсныг, мөн Япон болон дэлхийн томоохон улс орнуудад айлчлахдаа “Түвд лам нар зулын гол болж байгаа нь Хятадын харгис дэглэмтэй холбоотой” гэж эрсхэн хэлдгийг улстөрчид байтугай энгийн сүсэгтэн олон ч мэднэ.

2011 онд Монголд найм дахь удаагаа ирэхэд Хятад улс мөн л мэдэгдэл гаргаж байв. Тэрхүү айлчлалын үеэр есдүгээр Богд тодорсон. Чой хамба аанай л “Улс төрийн шалтгаангүй, эртнээс төлөвлөсөн айлчлал. Есдүгээр Богд заларсантай огт хамаагүй” гэж хэлж байлаа. 2002 онд ирэх үед Хятад гүрэн хилээ хааж байсан, дараа нь Бээжингээс Улаанбаатар руу хийх олон улсын нислэгийг цуцалж байсан гээд олон үйл явцыг бид он дараалалтай нь мэдэх юм. Гэтэл Далай багшийн айлчлал өндөрлөсний дараа Монгол Улсын Засгийн газар, түүний төлөөлөл болсон Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олны өмнө шовс шовсхийтэл гарч ирээд мэдэгдэл хийгээд эхлэх нь тэр. “Далай лам манай улсад ес дэх удаагаа номын айлчлал хийсэнд Монголын Засгийн газар ямар ч оролцоогүй. Улс төрөөс тусдаа зохион байгуулагдаж байгаа” гээд Хятад улсад хийх Монголын төр засгийн түшээдийн айлчлал цуцлагдаж буйг албан ёсоор зарласан юм.

Эл удаагийн айлчлалаас болж Монгол Улсын Их Хурал, Хятадын парламентын зөвлөлдөх уулзалтад Монголын тал оролцох боломжгүй болсон. Мөн шадар сайдаар ахлуулсан төрийн айлчлал цуцлагдсан. Уг уулзалтаар хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төслийн талаар ярилцаж, төрийн тохиролцоонд хүрэх байжээ. Ирэх арванхоёрдугаар сарын эхээр Москва хотноо болох Ази, Номхон далайн улс орнуудын зам тээврийн сайд нар уулзаж, гурван улсын хоорондох зам тээврийн гурвалсан гэрээнд гарын үсэг зурах уулзалт хойшлогдох нөхцөл бүрдсэн. Мөнх-Оргилын эдгээр мэдэгдлүүдтэй залгуулаад Их хурлын танхимд Ц.Нямдорж “Нөхцөл байдал өөрчлөгдлөө ш дээ. Энэ удаагийн айлчлал Монголыг хорлочихлоо ш дээ” хэмээн бачуурч эхэлсэн юм. Далай ламын айлчлалтай холбоотой ийм л үйл явц өнөөдөр Монголын улс төрийн хүрээнд өрнөж байна.

Уг үйл явцтай холбогдуулан нэг зүйлийг хэлэхэд, дэлхийн улс орнууд “хятад тэврэлт” гэдгээс ихэд болгоомжилдог юм гэсэн. Хятад гүрэн аливаа нэг улсыг “ууц нуруу”-гаар нь бүслүүрдээд авбал тавина аа гэж гонж. Улам л шунаглан дайрч, тэврэлтээ лавшруулаад байх нь тэр. Тиймийн учир дэлхийн улс орнууд “хятад тэврэлт”-ийг гадаад бодлогодоо хамгийн их анхаарч, ажилладаг нь нууц биш. Харин сүүлийн жилүүдэд манай улсын гадаад бодлого жаахан алдаатай болчихов уу даа гэж анзаарагддаг. Монгол Улс хоёр хөршийнхөө голд нь зогсож байгаад хүзүү толгойгоороо холбогдон айхтар нялуун тэврэлдсэн. Энэ нь түүгээр явсан гайг үүгээр гэгч болчихов уу. Ингэж нялуурч дотносохоос өмнө үнэндээ бол Хятад, Орос хоёр Монголыг бараг мартчихсан байсан шүү дээ. Тэгтэл бид төмөр зам, кабелийн шугам, хийн хоолойгоо Монголоор дамжуулах нь зөв гээд нэг хэсэг сүйд майд болов доо. Хятадын дарга айлчлахдаа “Талын зам” төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Монгол Хятадын хамтран байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тунхаглалдаа багтааж байх жишээний. “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийг холбосон хурдны замын төсөл батлагдсанаар Монгол Улс Азийн хурдны замын сүлжээнд нэвтэрч, шинэ цагийн торгоны зам биеллээ олно” гэж Путины айлчлалын үеэр хөөрцөглөж байсан.

Хоёр хөршийн тэргүүн нар “Тэгье, бодъё, үзье, судалъя. Наадах чинь харин сонин санал байна. Энэ талаар огтоос бодож байгаагүй юм байна шүү” хэмээн өнөө маргаашгүй хийчих гэж байгаа юм шиг биднийг зүгээр л хошгоруулаад өнгөрсөн. Яг тэр үед улс төрийн хашир судлаачид “Хоёр гүрний энэ хошгоруулалт биднээс нэг л өдөр, нэг л юм шаардана даа, харж л байгаарай. Магадгүй улс төрийн системээ үгүй болго гэж шаардахыг үгүйсгэх аргагүй” гэж хэлж байсан. Мөн Хятадын зүгээс улс төрөө тогтвортой байлгахыг шаардана. Энэ нь өөр намын өрсөлдөөнгүй болно гэсэн үг. Тогтвортой засаглал буюу нэг хүний засаглалыг бий болго гэж хэлнэ. Нэг хүн биш юмаа гэхэд Путин, Медведев хоёр шиг засгаа ээлжилж барьдаг системийг бий болгохыг шаардана. Америк шиг ардчилсан сонгууль хийж далдганадгаа боль гэж шууд хэлнэ хэмээн олон улс судлаачид өөр өөрсдийн гаргалгаагаар тайлбарлаж байв. Тэдний байр суурийг зарим улстөрчдийн мэдэгдлүүд бататгах боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Захиалгын нам, захиалгын парламент” гэж дахин дахин хэлээд байгаа. Нийслэл Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл “Монголын төр гаднаас захиалга авахад бэлэн болчихсон байна” гэдгийг сэрдхиймээр айхтар сануулсан. Ерээд оноос Монголын төрд алба хашиж ирсэн дээрх эрхмүүдийн хэлж байгаагаас үзэхэд, мөн өнөөгийн нөхцөл байдлыг харахад Монгол Улс яалт ч үгүй хятад тэврэлт буюу луугийн тэврэлт, орос шахаа буюу баавгайн тэврэлтэд орчихсон шинжтэй байна.

Үүний нэг баталгаа нь Хятадаас манайд хүүгүй шахам өгөх гээд байгаа 4.2 тэрбум ам.доллар. Урд хөрш маань “Далай ламын айлчлал хоёр улсын хооронд хохирол учруулж чадахгүй. Хятадын зүгээс Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авах боломжгүй” гэж хачин зөөлхөн мэдэгдэл хийсэн нь цаанаа нигууртай. “Та бүхэн алдаагаа засч, уучлал гуйгаад хөнгөлөлттэй зээлээ ав” гэсэн үг. Хэрвээ Хятадаас дөрвөн тэрбум долларын зээл авчихвал бид хугацаанд нь төлж чадахгүй. Дахиад тийм хэмжээний зээл авч таарна.

Эцэст нь эргүүлж яаж төлөх вэ гэдэг асуудал хоолойд хутга шиг тулах нь мэдээж. Энэ бүхнийг Монголын нийгэм сайн мэдэрч байгаа. Хятадаас асар их хэмжээний зээл аваад, өнөө тэврэлтэд нь орчихвол сүүлдээ улс орны хувь заяа яаж ч эргэх аюултай. Өнөөгийн эрх баригчид тэнэг л биш юм бол үүнийг ойлгож, улс төрийн үхдэл болохгүйн тулд Дээрхийн гэгээнтнээс аврал эрэх шиг боллоо. Мөнгийг нь авна гэж баахан дэмий донгосчихоод эргээд чадахгүй гэж хэлэх нүүргүйдээ ийм заль хэрэглэчихлээ. Үндсэндээ хятад тэврэлтээс мултарч, “хятад занга”-нд байгаа бяслагийг үмхэхгүй гэсэндээ улс төрийн бодлого явуулж Далай багшаасаа аврал эрэв үү дээ. Түүнээс биш Далай ламын цаадах улс төрийг мэдэхгүйдээ Гадаад хэргийнхээ сайдаар мэдэгдэл хийлгээд байгаа юм биш л дээ. Энэ бол туурга тусгаар улсын хувьд хийх ёстой алхам мөн.

Categories
мэдээ цаг-үе

Гулгаанд осол хийхгүй байх аврал нь дугуй, тоормос, дүрэм гурав л юм байна

Ойрын өдрүүдэд нийслэлийн хаана л бол хаана мөргөлдсөн машинууд. Ар араасаа гурав, дөрвөөрөө орж мөргөлдсөн тэрэг. Тэдгээрийн дийлэнх нь “Приус” машин харагдана. Энэ нь иргэдэд ямар айдас төрүүлж байсан гэхээр халтиргаа гулгаанд “Приус” л хамгийн осолтой, найдваргүй, хөнгөн жинтэй болоод тэр юм болов уу гэхчилэн янз бүрийн таамаг байв. Манай сурвалжлах хэсэг замын цагдаа, автын инженерүүд гэхчилэн мэдэж болох бүх л эх сурвалжаас энэ хардлагаа эцэслэж батлахыг зорилоо. Ингээд Замын цагдаагийн газрын мэргэжилтэн Я.Соронзонболдтой уулзахад “Бид бол жолооч нарыг замаа тооцоолдоггүй, дүрмээ зөрчдөг гэхчилэн, мэргэжлийн стандартын нүдээр харж, Замын хөдөлгөөний хуулийн хүрээнд ажилладаг” гэв.

Сүүлийн үед гарсан ослын шалтгааны ихэнх нь дугуйнаас болжээ. Хээ нь арилсан муу дугуйтай жолооч нар халтиргаа гулгаатай энэ өдрүүдэд осол гаргах нь олширчээ. Осол гаргасан жолооч нарын дийлэнх нь зуны дугуйтангууд юм байна. Үүнээс гадна халтиргаатай замд урдах машинтайгаа хэт ойрхон явснаас болж гарах ослын тоо нэмэгдсэн гэх тайлбарыг Замын цагдаагийн газраас өгсөн юм. Ойрхон яваа машинуудын тухайд арын машин нь зай бариагүй явснаас араас нь орж мөргөлддөг байна. Замын цагдаагийн газрын ажилтан ярихдаа “Жолооч нар халтиргаатай замд аль болох хурдаа сааруулж, өмнөх машинаасаа зай барьж явах хэрэгтэй. Мөн зарим жолооч нар дүрэм мэдэхгүйгээсээ болоод осол их гаргаж байгаа” гэлээ. Хүн хоёр цагаас урт хугацаагаар жолоо барихад ядарч, осол гаргах магадлалтай болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс ямар ч улиралд жолооч нар хэт олон цаг буюу ядартлаа машин барихгүй байхыг замын цагдаагаас анхааруулж байна. Хөдөө орон нутгийн замд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол их гарч байгаа нь жолооч нарын хотоос гарангуут хурдалдагтай холбоотой гэнэ. Хөдөөний замд яваа жолооч нар халтиргаатай замд хурдаа 5-10 км цагаар багасгаж өмнөх машинаасаа 3-4 машины хэмжээтэй зай барих, жолооны дээд хэсэгт хоёр гараа зөв байрлуулж явах, эргэлт болон шарвах үед тоормос огт гишгэхгүй байх зэрэг зөвлөгөөг замын цагдаа нар өгч байна. Механик тэрэгтэй жолооч нарын хувьд араа салгаж явахгүй байхыг мөн анхаарууллаа.

Замын цагдаа нар ярихдаа “Автомашины хүнд хөнгөний ялгаа, “Приус” машин гулгаанд хамгийн эрсдэлтэй нь мөн эсэхийг жолооны багш нар, автын инженерүүд илүү үндэслэлтэй мэргэжлийн зүгээс тайлбарлах байх” гэсэн юм.

Ингээд жолооны курсын багш нараас халтиргаа гулгааны үед юун дээр анхаарах ёстой талаар сонирхлоо. Машин барих үедээ гарц, буудал зэрэг зогсох шаардлагатай шугамд ойртох үед хаазнаасаа тоормоз руу хөлөө эртхэн шилжүүлж бэлдэх хэрэгтэй гэв. Нуруугаа сандлын түшлэгт наасан байдалтай сууж, шулуун замд огцом тоормослохдоо тоормосоо аль болох чанга гишгэвэл сайн гэнэ. Машин гэнэт шарвахад сандрахгүйгээр гулгаж байгаа зүгт биш өөрийн явах гэж зорьж байсан зүг рүү, чиглэн дараагийн үйлдлээ хийх зөвлөгөөг мэргэжлийн багш нар жолооч нарт өгдөг юм байна. Урдаа юм уу ардаа хөтлөгчтэй машинтай бол хөтлөгчөө дагаж үйлдэл хийхийг тэд зөвлөлөө. Зуны болон дөрвөн улирлын дугуйтай үед халтиргаатай замаар уруудахдаа бага хурдтайгаар тохирсон араанд нь хийж, тоормосыг товших маягаар зөөлөн гишгэж хурдыг сааруулбал эрсдэл бага байх нь. Өвлийн зөөлөн хээтэй дугуйтай тохиолдолд огцом гишгэвэл дугуй эргэхээ больж замын хажуу руу чарга шиг гулгах эрсдэлтэй гэнэ. Тиймээс алсуур уруу бол гуравдугаар араа, огцом уруу бол хоёрдугаар араанд хийж буух ёстой юм байна. Урдаа хөтлөгчтэй машинтай хурдтай явж байгаад гэнэт араагаа хүндрүүлбэл халтиргаатай замд шарвах аюултай, харин хойд дугуйгаараа хөтөлдөг бол шарвах нь харьцангуй бага аж. Хөдөө орон нутгийн зам даваагаар явж байгаа тохиолдолд уруу зам руу орохоосоо өмнө халтиргаатай хэсэгт элс шороо цацах энгийн арга ч байдаг байна. Жолооч нар өвөлдөө гулгаанаас хамгаалах гинж, шүршдэг бодис зэргийг машиндаа байлгах хэрэгтэй гэсэн сануулгыг жолооны багш нар хэллээ.

Б.Баярбат: МАШ ЗӨӨЛӨН, БАРАГ БАЛЛУУР ШИГ БҮТЭЦТЭЙ ДУГУЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ

“Доктор” авто сүлжээ төвийн ахлах инженер Б.Баярбатаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.


-Жолооч нарт халтиргаа гулгааны үеэр осол авааргүй зорчих энгийн аргуудыг зөвлөөч?

-Хамгийн зөөлөн, бараг баллуур шиг бүтэцтэй дугуйг сонгох хэрэгтэй. Ихэвчлэн нягтаршсан цастай газраар явдаг бол хадаастай дугуй хэрэглэвэл зүгээр байдаг. Хэрэв хойноо хөтлөгчтэй дугуйтай бол дөрвөн дугуйгаа хий сайтай байлгавал сайн. Манай орны нөхцөлд өвлийн дугуйны хээний 50 хувь нь арилсан бол халтиргаатай замд явах бараг боломжгүй. Тиймээс дугуйныхаа бүрэн бүтэн байдал, эдэлгээ чанарт нь маш сайн анхаарах хэрэгтэй. Уруу эсвэл өгсүүр замд явахаас шалтгаалаад, гэр бүлийн жийп, микро автобус зэрэг машинууд ардаа ачаа сайтай явбал зүгээр байдаг.

-Машинтай хүмүүсийн хувьд хамгийн их анхаарах зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-Автомашиныг хамгийн найдвартай байлгах гол зүйл бол тоормос, дугуй хоёр. Тиймээс тоормос сайтай байх, мөн хамгийн сайн чанарын дугуйтай байх хэрэгтэй. Жолооч нар дүрмээ баримтлаад, өмнөх замаа тооцоолж, бусад машинд дохиогоо өгч, гэрлээ шилжүүлж явах хэрэгтэй. Мөн дахин хэлэхэд цас ихтэй, халтиргаатай үед дугуйны хадаасан бүслүүр, гинж хэрэглэвэл аюулгүй. Жолооч болон зорчигчдын амь нас таны машины дөрвөн дугуйнд бий гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

ЯПОН ДУГУЙ ГУЛГАХ НЬ БАГА БАЙДАГ ГЭВ

Халтиргаа гулгааны ид үед чанар муутай болон зуны дугуйнаас болж гарах осол аваар огцом нэмэгдсэн гэж албаныхан онцолсон учраас замын хөдөлгөөнд оролцож буй 440 мянган автомашины дугуйны эрэлтийг хангадаг “Өгөөмөр” захыг зорилоо. “Да хүрээ” зах даваа гаригт амардаг болохоор “Өгөөмөр” зах хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд автомашины дугуй худалдаалдаг 130 гаруй контейнер байна. Нэг контейнер цөөндөө 30-40, олондоо 300-400 дугуй өрсөн харагдана. “Өгөөмөр” зах дээр хамгийн их борлуулалттай нь “Приус” автомашины арын дугуй гэнэ. 195х65х15 харьцаатай, 2009 оных нь 35000 төгрөг, 205х65х15 хэмжээтэй нь 55000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Мөн жижиг оврын ачааны машин “Пронтер”, “Портер”-ын дугуй эрэлт ихтэй байдаг гэж худалдагч нар нь ярив. “Пронтер”-ийн 5.50хR13 хэмжээтэй арын дугуй 50000 төгрөг, шинэ нь 70-80 мянган төгрөгийн ханштай байсан бол “Портер”-ийн арын хуучин дугуй 35000 төгрөг, Япон шинэ дугуй 55000, Солонгос шинэ дугуй 60000 төгрөгийн ханштай байна. “Өгөөмөр” зах дээр зарагдаж буй дугуйнуудын ихэнх нь Япон, Солонгос улсаас импортолсон хуучин дугуй юм байна. Автомашины эд анги үйлдвэрлэгчид “Приус”, “Аллион” зэрэг суудлын машины дугуйг шинээр үйлдвэрлэх нь ховор учраас хуучин дугуй импортолж худалдаалдаг аж. Харин “Ланд-200”, “570”, “Жийп” гэх мэт тансаг хэрэглээний автомашины дугуйг шинээр үйлдвэрлэдэг гэж “Өгөөмөр” захын худалдаачид ярьсан юм. “Өгөөмөр” захад “Портер”-ийн урд талын хуучин дугуйг 50-60 мянган төгрөг, шинэ дугуйг 130-135 мянган төгрөгөөр худалдаалж байв.

Ам.долларын ханшийн өсөлтөөс болоод дугуйны үнэ өнгөрсөн зуныхаас дор хаяж 15000 төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрөгч долоо хоногт цаг агаар эрс хүйтэрч, цас их орж, халтиргаа гулгаа нэмэгдсэн тул дугуйны борлуулалт өнгөрсөн жилийнхээс илүү байна гэж найман жил дугуй худалдаалж буй Б.Сайнхишиг ярьсан юм. Түүнээс халтиргаа гулгаа ихтэй үед ямар дугуй сайн байдаг талаар тодруулахад “Япон дугуй халтиргаанд гулгах нь арай бага байдаг. Манайд “Приус” машинтай хүн их байдаг. Приустэй хүмүүс өвлийн дөрвөн дугуйгаа нэг сольчихсон байхад хоёр, гурван жилдээ ирдэггүй. Ер нь бол 15-тай дугуйнууд их зарагддаг. Миний хувьд өчигдөр долоон өвлийн дугуй зарсан. Өвлийн дугуйны хээ нь муудвал халтирч гулгана. Дугуйны хээ муудах эсэх нь тухайн хүний явалтаас л шалтгаална. Гэр, ажил хоёрын хооронд явбал дугуй нь элэгдэхгүй хоёр жил ч болно. Таксинд эсвэл нийтийн тээвэрт явдаг машины хувьд өдөрт мянган км явдаг учраас дугуйны хээ гурван сарын дотор элэгддэг” гэсэн юм. Хятадаас орж ирдэг дугуйны хувьд ихэвчлэн шинэ дугуй орж ирдэг юм байна.

Тэрээр “Цас орохоор дугуйны үнэ ханш өслөө гэдэг. Энэ бол буруу ойлголт. Хүмүүс дугуй аваад ханачихсан. Өдөр бүхэн талх шиг зарагддаг эд биш шүү дээ. Тэгэхээр цас орохоор 30 мянгын дугуй жар, далан мянга болдог гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл” хэмээн ярилаа. Хагарч муудсан ганц, хоёр дугуйгаа солих гэсэн жолооч нар их ирж байгаа гэж худалдаачид хэлж байв.

Энэ бүгдийн эцэст гулгаанаас үүдэлтэй автомашины ослын шалтгаан нь хүнд хөнгөндөө бус дөрвөн дугуй, тоормос, замын дүрэм барьж хөдөлгөөнд оролцож буй жолооч гурваас шууд хамааралтай гэдэг нь ойлгогдлоо.

Н.ГАНЧИМЭГ

Б.НАРАНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунжаргал: Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн хүчтэй цохигддог

Глобал стратеги менежмэнт институтийн захирал Ц.Оюунжаргалтай ярилцлаа.


-Хямралын үед жижиг дунд компаниуд яг ямар арга хэмжээ авбал тэсч үлдэх боломжтой вэ?

-Хямралын үед ер нь бүх компани стратегиа эргэж харах ёстой. Учир нь эдийн засгийн өсөлтийн үед боловсруулсан дунд хугацааны стратегиараа явах боломжгүй. Өмнө нь эдийн засаг өснө, тэлнэ гэсэн төсөөллөөр зохиож байсан учраас эргэж харахаас аргагүй гэсэн үг. Хэцүү үед компаниуд тодорхой зарчмуудыг барьж ажиллахаас аргагүйд хүрдэг. Зардлаа хэмнэх бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн түрүүнд хүчтэй цохигддог. Учир нь хямралын үед ганцхан бүтээгдэхүүнээс хамаарах ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Бүтээгдэхүүнээ аль болох төрөлжүүлбэл зүгээр. Эдийн засгийн өсөлтийн үед гаргаж байсан бүтээгдэхүүн хямралын үед хүссэнээр нь борлогдохгүй байх эрсдэл өндөр. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлттэй үйлчлүүлэгч, зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй. Шинээр бүтээгдэхүүн гаргаж болно. Эсвэл өмнө нь гаргаж байсан бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг жижигсгэх хувилбар байж болно.

-Хямралын үед юмны үнэ эрс буурдаг гэдэг ч манай компаниудын ихэнх нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эдийн засаг өндөр өсөлттэй байх үеийнхээсээ нэг их буулгахгүй байгаа. Энэ хэр зөв хандлага вэ?

-Олонхи компани эдийн засгийн өсөлтийн үед байсан үнийн бодлогоо хэвээр бариад байгаа нь зөв биш. Зайлшгүй эргэж харах ёстой. Худалдан авах чадвар асар их буурсан энэ үед өндөр үнээрээ явбал зах зээлээс гарах, шинээр гарч ирж буй, хурдтай, ухаалаг бодлого явуулж байгаа компаниудад шахагдах эрсдэл бий. Боломжуудыг хараад, худалдан авах чадварт нийцсэн шинэ юм уу шинэчилсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал. Мэдээж нэг төрлийн бизнес, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамаарахгүй байх хэрэгтэй. Ер нь хямралын үед тэсч үлдэх стратегийг л ярих учиртай. Үүнээс гадна стратегийн зөвлөх хүний хувьд компаниуд хямарсан ч гэлээ тодорхой хэмжээнд өсөлтийн стратеги баримтлах хэрэгтэй гэж зөвлөдөг.

-Хүн бүр мөнгөө хэмнээд эхэлчихсэн, олдог хэд нь хумигдсан өнөөдрийн хувьд их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, их ашиг олно гэсэн ойлголт байхгүй байх. Үйл ажиллагааны зардлаа бууруулах хамгийн ухаалаг шийдлийг компаниудад зөвлөөч?

-Өмнөх шигээ ихийг үйлдвэрлэвэл борлогдох зах зээл нь хумигдсан гэдэгтэй санал нэг байна. Өнөөгийн хэцүү нөхцөлд зардлаа хэмнэх үүднээс дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, IT-жуулбал илүү зөв гарц болно. Захиалга борлуулалтаа интернэтээр авч, хийх гэх мэтээр үйлчлүүлэгчтэйгээ ч IT орчинд харилцвал сайн. Ийм компаниуд илүү орчин үеийн бөгөөд үр ашигтай байж чадна. Урд хөрш гэхэд энэ чиглэлд асар том дэвшил хийсэн. Нэг тэрбум гаруй хүний 600 сая нь интернэтээр худалдан авалтаа хийдэг болчихлоо шүү дээ.

-Та түрүүн нэг төрлийн бүтээгдэхүүн, бизнес дээр төвлөрсөн компани өндөр эрсдэлтэй гэж ярьсан. Жишээ нь нарийн боовны жижигхэн цехэд өөр төрлийн бизнес хийх боломж байхгүй шүү дээ?

-Заавал өөр бизнестэй бол гэсэн үг биш л дээ. Нэг төрлийн бизнестэй бол бүтээгдэхүүнээ ангилах хэрэгтэй. Ер нь аливаа бизнес, бүтээгдэхүүнийг саалийн үнээ, од, асуултын тэмдэг, dog буюу нохой гээд ангилчихсан байдаг. Таны асуусанчлан нарийн боовны жижигхэн цех хэд хэдэн төрлийн нарийн боов хийдэг байж таарна. Тэр дундаа саалийн үнээ, од бүтээгдэхүүнтэй байж хямралыг давна. Саалийн үнээ, од болох нь мэдэгдэхгүйг нь асуултын тэмдэг бүтээгдэхүүнд оруулдаг юм. Бүтээгдэхүүний ангиллаа ингээд хийчих, тэгээд алдагдалд хүргээд байгаа dog бүтээгдэхүүн, бизнесээсээ хурдан салах хэрэгтэй. Асуултын тэмдэг бүтээгдэхүүний хувьд саалийн үнээ, од болох уу гэдгийг нь цаг алдалгүй шийдэх ёстой. Dog бол шууд татгалзаад цаашлах ёстой. Групп компанийн хувьд ч ялгаагүй. Алдагдалтай бизнесээсээ татгалзаж байж хямралыг тэсч гарна.

-Дэлхийн компаниудын гүйцэтгэх захирлуудын хамрагддаг хөтөлбөрийг Монголд эхлүүлж байгаа гэж сонссон. Яг ямар хөтөлбөр юм бол?

-“Leadership coaching” гэдэг хөтөлбөр. Хөгжсөн зах зээлд ная, ерээд оноос эхэлж үүссэн үйлчилгээ байгаа юм. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын гүйцэтгэх түвшний удирдлагууд, ялангуяа гүйцэтгэх захирлуудыг ийм хөтөлбөрөөр бэлддэг. Ер нь дэлхийн компаниудын хувьд гүйцэтгэх захирлуудаа энэ хөтөлбөрт хамруулж, тав арван жилээр бэлтгэсний эцэст албан тушаалд нь томилдог хандлага бий болчихсон. Би 20 жил ажиллахдаа 15 жилд нь банк санхүү, олон улсын байгууллагад удирдах шатны алба хашсан. Долоон жилд нь “coaching” авч байсан юм. 30, 40 жил менежмэнтийн ажил хийсэн Америк болон Их Британийн зөвлөхүүдээс “coaching” авч асар ихийг сурсан. Удирдагчийг бэлддэг хэрэгсэл гэдгийг олон улсын түвшинд баталсан хөтөлбөр л дөө.

-“Coaching” гэдгээ энгийнээр тайлбарлаач?

-“Coaching” гэдэг бол спортоос орж ирсэн ойлголт. Спортын ертөнцөд тамирчин дасгалжуулагчийн хоорондын харилцаа гэж байдаг. Сайн “coach” буюу дасгалжуулагч байж сайн тамирчин гарч ирж амжилт үзүүлдэг. Яг энэ ойлголтыг бизнест оруулсан хэрэг л дээ. Бизнесийн ертөнцөд менежерүүдийг бэлдэхийн тулд маш сайн дасгалжуулагчид хэрэгтэй гэж үзээд гаргаж ирсэн шийдэл. Гүйцэтгэх захирлуудын асуудал манай улсад төдийгүй дэлхийд ч их байдаг.

-Дэлхий даяар хэрэгждэг, шинэ залуу захирлуудыг бэлддэг хөтөлбөр байх нь ээ?

-Зөвхөн шинэ, залуу захирлууд гэж ойлгож болохгүй. Дэлхийд нэрээ гаргасан Уоррен Баффет, Билл Гейтс бүгдээрээ дасгалжуулагчтай. Дасгалжуулагчидтайгаа зөвлөлдөж байж шийдвэрээ гаргадаг. “Гүүгл”-ийн гүйцэтгэх захирлаар 12 жил ажилласан Эрик Шмидтийг дэлхий андахгүй. “Гүүгл” гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулаад түүнийг сонгож л дээ. “Гүүгл”-ийг үүсгэн байгуулсан хоёр хүн Эрик Шмидтэд дасгалжуулагч санал болгоход нь мань эр “Би хангалттай туршлагатай менежер хүн, яахаараа дасгалжуулагчтай байх ёстой юм” гээд их дургүй байсан гэдэг. Гэтэл “Гүүгл”-ийн хувьцаа эзэмшигчид “Ямар ч байсан ажиллаад үз, гурван сарын дараа асуудлыг эргэж ярья” гэсэн хариу өгсөн байдаг юм. Гурван сарын дараа Эрик “Энэ бол хамгийн зөв шийдвэр байжээ” гэж хүлээн зөвшөөрсөн. Эрик “Гүүгл”-ийг 12 жил удирдахдаа тэр хүнтэй л хамтарч ажилласан байдаг.

-Танайхаас зөвлөгөө аваад амжилттай яваа компаниуд ер нь ямархуу арга хэрэглээд ашигтай ажиллаад байна вэ?

-Компаниудын амжилттай ажиллах зарчмын нэг нь маркетинг бас маркетинг байдаг. Зарим компани үүнийг их сайн ойлгож, эхнээсээ ашигтай ажиллаж байна. Хэд хэдэн компани бүх ажилчдаа борлуулагч болгоно гэсэн уриан дор ажиллаж байгаа. Манайх нэг жижгэвтэр компанид зөвлөгөө өгдөг юм. Саяхан очиход нягтлан нь хүртэл борлуулалт хийчихсэн сууж байна лээ. Компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулбал цалин дээр нь тодорхой хэмжээний бонус нэмдэг урамшууллын тогтолцоо бий болгочихвол маш үр дүнтэй арга.

-Бизнес нь амжилтгүй яваа компаниудын хамгийн гол алдаа нь юу байна?

-Компани сайн эсвэл саар явах уу гэдэг нь шийдвэр гаргадаг хүнээс өндөр хамааралтай байдаг. Тэр хүний алсын хараа, манлайлах ур чадвар, менежмэнтийн чадвартай шууд холбоотой. Орчин цагийн менежмэнтийн ухааныг үндэслэгч Питер Дракерын нэг үг бий. Тэр хүн “Менежерийн хамгийн гол ур чадвар бол зөв хүнийг сонгож зөв албан тушаалд тавих явдал” гэж хэлсэн байдаг. Сайн, саар компаниудыг харахаар алдаа, оноонууд нь эндээ л байгаа харагддаг. Нөгөө талаас багаа сайн бүрдүүлэх ёстой. Ганц сайн хүнээр хол явахгүй. Удирдлагын баг маш чадварлаг байх учиртай. Удирдлагын багийг бүрдүүлэхэд гурван F-ийн зарчим гэж бий. Монголчилбол дотнын найз, гэр бүлийн гишүүн, ухаалаг биш хүнээс хол яв гэсэн зарчим. Ингэж байж илүү мэргэжлийн удирдлагын баг бүрдэнэ. Зарим компани хүнд зориулж албан тушаал бий болгоод байдаг талтай. Эхлээд стратегиа боловсруулж бүтцээ гаргачихаад албан тушаалын шалгуур үзүүлэлт болгоныг гаргах ёстой. Тэгж байж хүний асуудал яригдах учиртай.

-Танайхаас Business leadership forum-ыг “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд” сэдвээр зохион байгуулах юм билээ. Хямралыг дажгүй давах хүсэлтэй жижиг, дунд бизнесмэнүүдэд хэрэг болохоор зөвлөгөө, туршлагыг форумын үеэр хуваалцах уу?

-Манайхаас арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулах форумын үеэр санаа сэдэл авахаар олон сайн туршлагыг сонсох боломжтой. Биднээс зөвлөгөө авч, сургалт, хөтөлбөрт хамрагдаад амжилттай яваа компанийн захирлууд хямралын үед ашигтай ажиллаж буй туршлагаа хуваалцана. Түгээлтийн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлээд амжилттай яваа нэг компани бий. Захирал нь манай “coaching”-ийн хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа ердөө сар гаруйхны хугацаанд борлуулалтаа 50 хувиар өсгөж чадсан. Жишээ нь тэр залуу богино хугацаанд үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцана. Өмнөговийн бизнес эрхлэгч нэг бүсгүй манай сургалтад суусныхаа дараа олон жил бодсон ч хийж амжаагүй явсан ажлаа эхлүүлсэн. Улаанбаатарт байгуулсан шинэ компани нь төслийн түншлэлийн талбар гэдэг маш сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна. Залуусын дунд бизнесийн шинэ саналын уралдаан зарласан юм. Ер нь бол гарааны бизнесийг дэмжих төсөл л дөө. Шалгарсан төсөл энэ компаниас тодорхой хэмжээний санхүүжилт авна. Тэр бүсгүй илтгэл тавихаар болсон. Монголын Хөрөнгийн биржийн арилжааны албаны даргын илтгэл ч сонирхолтой байх болов уу. Өсөлт хийхийн тулд компаниудад санхүүжилт хэрэгтэй. Манай бизнес эрхлэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авч, банкны төлөө ажилласаар байгаад дуусдаг. Зээлээс зээлийн хооронд амьдарч яваа нь нууц биш. Хөрөнгийн биржийн илтгэгч санхүүжилтийн өөр ямар боломж байгааг ярина. Банкны зээлээс өөр боломжуудыг танилцуулна гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Тангадын Галсан: Хоёр дахь наран болсон ном хүнийг дотроос нь ариусган гэрэлтүүлдэг

“Өдрийн сонин”-ы 2016.11.29-ний №273, 274 (5538, 5539)

“Номын жор” өдөрлөгт ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лувсандамбын Дашням, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нар оролцож, залуучуудад сургамжтай сэнхрүүлэг үгсээ хайрласан юм. Энэ удаад бид ардын уран зохиолч, эрдэмтэн зохиолч хоёрын энгүүн сайхан яриаг буулган хүргэж байна.


Зээ, гурван ахыгаа эрдэм авьяасын буянт эзэн гэж итгээд, гулууз алтнаас үнэтэй итгэл, сэтгэл, зүтгэл өвөртлүүлж буцаана гэж найдаад, гудам болгон мөсөн гулгуурын талбай болчихсон энэ үед гудиггүйхэн дэрвэлзэж ирсэн халуун итгэлтэй, дулаан сэтгэлтэй дүү нартаа өвгөн ах нь баяр хүргэе. “Номын жор” гэдэг нийгэмлэгээс энэ их эрдэмтэн, Монголын ард түмний байтугай дэлхийн сонорыг дэлдийлгэчихсэн хөгжмийн их зохиолч, феодолизм, социализм хоёрыг залгичихсан одоо капатализмаас мөлжиж байгаа өвгөн бид гурвыг урьсанд талархлаа. Намайг зөөлөн чихтэй гэж барьж аваад эхлээд ярь гэж байгаа юм байна. Би одоо “сайн хадам” болсон шүү дээ. Сайн хадам гэж мэдэх үү. Таг дүлий болчихсон хүнийг сайн хадам гэж байгаа юм шүү дээ. Охин, хүргэн юу болж байгааг сонсохгүй бол сайн хадам. Ор нь цөм цөм үсрээд туранхай банз болж байгааг сонсохгүй бол онц хадам. Орлого, зарлагын тухай юу ч ярихгүй маани уншаад суугаад байвал сайн хадам. Орцонд нь буу тасхийгээд дуугарахад “Хөгшөөн, цаана чинь хүүхэд аяга хагалчихав уу даа” гээд сууж байвал онц хадам. Гэхдээ ч бас ойрын юм сонсоод байна аа. Ингээд номын тухай ярья. Хорвоо хоёр нартай. Нэгдэх нарыг нь бурхан бүтээсэн. Бурхан ч гэж дээ, тэнгэр бүтээсэн. Хоёр дахь нарыг нь хүн ард бүтээсэн. Тэр бүтээгчдийн хамгийн том төлөөлөл нь цөөхөн атлаа олноос дутдаггүй, муухан атлаа сайнаас дорддоггүй манай монголчууд. Худлаа гэхнээ, дорнын их гүн ухаантан, Энэтхэг орныг харийн дарлалаас гаргаж эрх чөлөөт хүчирхэг гүрэн болгосон Жавахарлал Неру гуай “Монголчууд бол дорнын номт таван гүрний нэг мөнөөсөө мөн” гэж миний багш эрдэмтэн Бямбын Ринченд айлдсан байдаг. Ингээд хоёр нарныхаа тухай эргэж ярья. Нэг нар нь бөөрөнхий, нөгөө нар нь дөрвөлжин. Бөөрөнхий нарыг тэнгэр бүтээсэн, дөрвөлжин нарыг нь хүн бүтээсэн. Хүн гурван зиндаатай байдаг. Эрдэнэт хүн, хүн сүрэг, хүн хог гэж байдаг юм. Хүн хог бол ном бүтээж чадахгүй. Гагцхүү өлсөхгүйн тулд цусалж чадна. Даарахгүйн тулд дулаалж чадна. Үр удмаа үлдээхийн тулд цаасан хайрцганд ч үржиж л байна. Хоёр дахь зиндаа нь хүн сүрэг. Сайн, мууг агуулан урсаж байдаг нийгмийн олонхи. Ном бүтээгчид бол эрдэнэт хүмүүн юм. Гачлалтай нь Монголын ном бүтээгчдийг, энэ дэлхийг төрт ёсонд оруулж өгсөн бидний дээдсийг “Хар феодалаа устга” гээд хүний тоолонгоор сум ирүүлж хядуулаад дуусгачихсан. Тэд бол “Монголын нууц товчоо”-г зохиогчид байсан. Номт лам нарыг “Шар феодалаа устга” гээд устгуулчихсан. Лам нар маань дөрвөн уулын дунд таван хэлийн мэргэд байсан. Аз болоход одоо Монгол минь ном бүтээгчидтэй болсон. Хоёр нар хоёулаа адилхан ачтай. Нэг нь болохоор дэлхийг байтугай бүхэл бүтэн нарны аймгийг гэрэлтүүлж, гадна талаас илч дулаанаараа ивгээж байдаг. Харин хоёр дахь наран болохоор хүнийг дотроос нь гэрэлтүүлж ариусгаж байдаг. Энэ бол эрдэнэт хүний бүтээсэн хоёр дахь нар-ном юм. Энэ сэдвээр ач зээ шигээ хүүхдүүд та нарт сэнхрүүлэг хийх болжээ. Би түрүүн өөрийгөө феодализмын үлдэгдэл гэж хэлсэн. “Феодализмын үед Монгол бол мал дагасан малууд байсан, малаасаа ялгаатай нь дээлийнх нь үс дотогшоо, малынх нь үс гадагшаа байсан” гэж манайхныг мичилдэг. Үнэндээ Монголын хүн амын наян хувь нь лам байсан гэдэг нь наян хувь нь сэхээтэн байсан гэсэн үг. Түвд, жагар хэлээр ном айлддаг байсан гээд бодохоор Монголын хүн амын наян хувь нь гэхэд юу юм бэ, тавин хувь нь эх хэлээсээ гадна харь хэл мэддэг, дорнын гүн ухаан, таван ухаан, анагаах ухаан, зурхайн ухааныг бүгдийг мэддэг, ая эгшиглэнгийн гайхамшгийг мэдэрдэг, тэр хэрээрээ хүн төрөлхтөнд байхгүй уртын дууг уянгалуулж бор гэрээсээ бүхэл бүтэн сансарт цойлоод ертөнцийг эргэдэг ийм л ахуйд би төрж өссөн. Манайд хэдэн судар байлаа. Орой болохоор аав, ээж минь тэврүүлэн гэр гороолуулдаг байсан. Гороолж явахдаа “Мэгмид зээвий дэрчин Жанрайсиг Дэмид чинбий ванбай Жамбиян…” гээд мэгзэм уншдаг. Юу уншиж байгаагаа мэдэхгүй ч өөрийнх нь удмын хүүхэд ой тогтоолт буюу тархины бичлэг сайтай юм уу гэдгийг мэдүүлэхээс гадна орчлонгийн жамаар гурав гороолчихдог болгох, унтахынхаа өмнө цэвэр цэнгэг ариун агаарт хүүхдээ нэг гаргачих, юу эс байсан юм бэ дээ. Гэтэл нэг удаа аав минь хурал хуйд явж ирэнгүүтээ бурхан тахил, ном судраа бүгдийг хамж аваад тулгандаа хийтэл тооно долоон дүрэлзсэн их түймэр манай гэрт авалцав. Есөн эрдэнээр бичсэн судар есөн өнгөөр солонгорон, гэрэлтэн, бичиг нь уйлан, урсан дуусдаг юм билээ. Тэрийг би үзэж байсан. Ээж яаж уйлж чарлан, дүү бид даган енгэнэж, манай гэрт ямар том эмгэнэл болж байсныг одоо би хааяа хар даран зүүдэлдэг юм. Тэр бол жаахан бага улс харийн эрхшээлд орсон үед үзэл суртлын үл үзэгдэх сэлэм айл бүрийн гэрт байсан аугаа өв соёл, үүх түүхийг устгадаг байсны гэрч байжээ гэж боддог юм. Сургуульд орохдоо, ёстой л Нацагдорж их зохиолчийн бичсэнээр “хөмөрсөн тогооны доторх хонин хорхой шиг” амьтан байснаа би сайн санаж байна. Сургууль явж байх замд тэртээ дэнж дээр олон майхан харагдлаа.

-Аав аа, ямар олон майхан бэ? гэсэн чинь

-Майхан гэдэггүй юм аа, миний хүү. Байшин гэдэг юм аа гэж билээ. Тэр үед би машин огт хараагүй байлаа.

-Аав аа, тэр үхэр тэргүүд яасан хурдан юм бэ гэвэл аав,

-Үхэр тэрэг биш ээ машин гэлээ. Зам дээр тойгон чинээ чулуу, төө хүрэхгүй мод хэлхээтэй хэвтэхийг үзээд

-Аав аа, тэнд хөөрхөн тоглоом байна гэтэл аав мориноосоо буун харайж тэр тоглоомоор миний духан дээр адислаад:

-За, миний хүү ном сурахаар явах замдаа харандаа, баллуур хоёр оллоо. Миний хүү харандаа, баллуур хоёр элээж явах хүү байна гэсэн сэн. Ийм эргүү мунхгийн бэтигтэй, соёлтой атлаа бүдүүлэг харанхуй орчинд би өссөн. Тэгэхэд миний хэнз балчир тархи, зүрх хоёрт Монгол ардын өчнөөн арван үлгэр, Монгол Жангарын эсэг бусаг бүлгүүд байжээ гэж бодохоор тийм ч хоёр хөлтэй хорхой байгаагүй бололтой. Ингээд сургуульд ороод номын бараа харж ботго байгаа хуудсыг харж байгаад “Унага” шүлэг унших жишээтэй, тархины ой тогтоолт сайтай, харааны тогтоолт байхгүй ийм л хүүхэд байсан юм билээ. Тийм хоёр хөлт адгуусыг ардын багш л хүн болгож өгсөн юм. Монголчууд “Багш дор мөргөмүү, ном дор мөргөмүү, Бурхан дор мөргөмүү” гэдгийн учир тэр биз ээ. Эргүү хурга байсан Галсанг өдий зэрэгт хүргэсэн Баянхонгор аймгийн Заг сумын бага сургуулийн Бат хэмээх багшийн минь сүнс одоо баярлаж байгаа байх аа.

Даяаршил нэртэй золбиншил, дангааршил нэртэй зожигролын үед монгол үндэстэн үлдье гэвэл амин сүнс болсон хэл, үндэсний соёл, бичгээ нандигнан дээдлэх учиртай. Энэ бүхэн үгүй бол далай шиг их усан дунд халбага цасан чихэр цацсан шиг Монгол оршин тогтнох аргагүй болно. Ийм учраас эзэн Чингисийн Монгол эрлийз монгол болох учиргүй. Энэ дэлхийг хоёр удаа төрт ёсонд оруулж явахдаа дэлхий дээр байгаа бүх амьтан, ургамал, шинжлэх ухааны ололтыг монголоороо нэрлээд авчихсан өвөг дээдсийн суу алдарт биширмээр. Тэрийгээ бичигтээ дархалчихсан ард түмэн бол монголчууд. Манай Баянхонгорын Загийн голын унаган хүү, Гэгээрлийн сайд Цэндийн Баттөмөрийг “Гадаадаас гуйхгүй ганцхан юм Монголд бий” гэсний төлөө Шар хөвийн дөрөлжийн тэнд өөрөөр нь газрыг нь ухуулан буудаад булсан. Төрсөн дүүг нь Гэгээрлийн сайдаар тохоон томилсон. Төрсөн ахынхаа барьж байсан тамгыг бариад, ширээн дээр сууж байхдаа хүн юу эсийг бодох бол. Монголын өв соёлыг харийнхан ингэж л устгаж байсан. Үүнийг би хүүхдүүд та нарт хэлэхгүй юм бол энд би цол гуншингаа дуудуулан суухын хэрэг юу билээ. Тархинд чинь Мандухай, Чингисийн ухаан бүрэлдсэн бол, зүрхэнд чинь тэр дээдсийн цус гүйж байгаа нь үнэн бол ээжийнхээ сүүтэй цуг хөхсөн эх хэлээ битгий эрлийз хэл болгооч гэж гуйя. Үгийн дунд нэг харь үг ороход л сүүнд угаадас нэмэх шиг санагддаг юм. Харь хэлийг сайн сурах хэрэгтэй. Үг хэл, өмсөж зүүсэн хувцас, үзэл санаагаараа Монголоо аварч байсан миний багш Б.Ринчен “Эрдэм сурахад харийн хэл бол ээх нарны гэрэлтэй” гэж захисан юм шүү. Эх хэлээ хэдий чинээ сайн сурсан хүн харийн хэлийг төдий чинээ сайн сурдаг. Ойрмогхоны нэг жишээ хэлье. 1989 онд намайг Ховдын Багшийн дээд сургууль дээр очиж уулзалт хийхэд таарч байсан яруу найрагч Дашзэгвийн Мөнхтөр Туркт очоод барууны орны гурван хэлийг сураад ирсэн байна. “Туркийн яруу найргийн дээжис” гэдэг гайхамшигтай ботийн нэгдүгээр ботийг гаргасан байна. Эрдэм сурахад, хэл сурахад хожууддаггүй юм байна шүү. Багшийн их сургууль дүүргэсэн Саруул-Эрдэнэ хүү өнөөдөр Индианагийн их сургууль, тэр байтугай АНУ-ын Төрийн департаментын монгол хэлний багш болоод явж байна. Ийм сайхан жишээ олон. Хэрвээ чи нагацтай, авгатай бол эрдэмд шамд гэсэн энэ үгийг Галсан гуайгаар дамжуулан хэлж байна даа гэж бодоорой. Алдарт биш авьяаст шүтэж ном унш. Уншина гэдэг үсгийн мангас болохын нэр биш. Ингэж хэлж болдог оо гэж гайхан биширмээр бадаг, мөр болгоны доогуур зурж байгаад унш. Номын агуулгыг, бүтэн романыг таван хуудсанд багтаан тэмдэглэж чадвал чи үе тэнгийнхнээсээ хоёр толгой илүү, өгүүлэх чадвараараа хэний ч урд доогийн бай болохооргүй болно. Уншсан, цээжилсэн хоёроо үеийн нөхдөдөө ярь. Энэ бол агуу суут хүмүүсийг ахин амилуулах арга. Их хувьд зарагдах, их үйлд дарагдах хоёр л хүн өөрөө шавар шиг байснаа чулуун шуумал шиг шовойн гарч ирэхийн үлгэр болно.

ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ: ОРДОСЫН ҮЗЭСГЭЛЭН АГУУ МУНДАГЧ ЧИНГИС ЗОГСОЖ БАЙСАН ГЭХ ГАЗАР НЬ ТЭНД ҮГҮЙ ЮМ ДАА

Ийм олон номонд дуртай, хайртай залуучууд ирээд энэ танхимыг дүүргэсэн байгааг харахад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Залуучуудаа бид юу юугүй элдэв муу үгээр булах хэрэггүй юм байна. Та нар маань ямар сайхан бодол сэтгэлтэй болсон юм бэ. Номын тухайд бид өлгийд байгаа юм шиг бодож болмоор санагдаж байна. Бид энэ хорвоо дэлхийд аав ээжээс эхлээд байгаль дэлхий, орчлонт ертөнц, ном заалгадаг багш нар гээд маш олон багштай. Тэр олон багшийн дотроос хамгийн гайхамшигтай нь ном гэж би боддог. Ном гэдэг багш маань миний хажууд сууж буй Тангадын Галсан гуайгаас хэцүү багш. Ном ярьдаг юмаа ярина, хэлдэг юмаа л хэлнэ. Асуугаад чиг хэлэхгүй. Тэр багшийг ойлгодог, үгийг нь хэлүүлдэг зүйл болох ном унших эрдмийг бид өөрсөндөө бий болгох ёстой. Ном унших эрдмийг өөртөө бага багаар бий болгож байгаад номонд шохоорхож, дуршиж, дурлаж, номгүй бол нэг юм дутаад байгаа юм шиг болсон хүн бол гайхамшигт ертөнцийг өөртөө нээжээ гэсэн үг. Номоос бид их олон юм авна. Суралцаж буй оюутан залуус голдуу мэдлэг авч байгаа байх. Судлаачдын үзэж байгаагаар мэдлэг бол түвшний хувьд янз бүр. Ердийн буюу доод түвшний мэдлэг, хэдэн мянган жилд хураагдчихсан амьдралын буюу практик мэдлэг, дээр нь шинжлэх ухааны мэдлэг гэж янз бүр байна. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг нь нотлогдсон, нэг хонхрын, нэг улс орны биш дэлхий даяарт хүн төрөлхтөнд түгж, буян дэлгэрч байдаг зүйл. Шинжлэх ухааны мэдлэгийг авъя гэж нэг хэсэг нь номонд ороод шамдаж байгаа. Номыг бүтээж байгаа улс янз бүр. Ер нь хэн ч байсан бүгд л ном бүтээж чадна.

Эртний гүн ухаантан Платон өөрөө ном бичсэнгүй. Шавь нар нь Платоны үгийг бичээд дамжуулахаар Платоны ном болдог. Күнз шиг хүн төрөлхтний түүхэнд агуу эрдэмтэн ховор. Гэхдээ Күнз өөрийн гараар ном бичсэнгүй. Күнзийн шавь нар үгийг нь ном болголоо. Бидний сайн мэдэх монгол судлаач профессор Поппе “Монгол хэлний сурах бичиг”-ийг бас өөрөө бичсэнгүй. Нэг өдөр шавь нь “Багш аа, таны уншдаг лекцийг миний тэмдэглэсэн энэ” гэж авчирснаар ном болгож гаргасан. Тэгэхээр бидний хэн нь ч л “Аавын маань хэлдэг байсан үг” гээд бичээд байхад нэг ном, “Ээжийн минь захидаг байсан үгс” гээд бичээд байхад нэг ном, “Надад хайртай байсан залуугийн хааяа уулзахдаа хэлдэг үг” гээд тэмдэглээд байхад дахиад нэг ном болчих юм. Энэ номууд эргээд өөрөө эрдэнэс болж, оюуны баялаг болон хувирч байгаа юм. Бид өнөөдөр баялгийг бүтээх, оюуныг тэмдэглэн үлдээх яриа руу л явж явж орж байна шүү дээ. Монгол түмэн бол онцгой үндэстэн. Бид өөрсдөө омогшоод, “Хүн төрөлхтнөөс хамгийн мундаг нь монголчууд” гэж боддог шиг байгаа юм. Заримдаа тэр үнэн, заримдаа тэр худлаа. Хүн үүссэн цагаас эхлээд хэдэн сая, мянган жил зогсолтгүй гишгэсэн газар бол монгол нутаг мөн. Бид Алтай соёлын хүмүүс шүү дээ. Алтай соёлыг хамгийн их уламжилж, хөгжүүлж, оюуны баялаг болгож байгаа хүмүүс бол монголчууд. Монгол хот суурин нэг их босгосонгүй, түүх үзэхэд босгосноо ч нурааж байж. Тариалан тарьж гишгэх газаргүй болтлоо газраа хагалсангүй. Тийм учраас хүн төрөлхтний түүхийн архив нь Монгол орон юм. Архив нь хадандаа, модондоо, хөрсөндөө, эртний түүхийг хадгалсан орон өнөөдөр Монгол болж байна. Бид үүнийгээ мэдэх тусмаа, энэ тухай бичсэн мэргэдийн номыг унших тусмаа оюун нь баян болж, ухаан нь тэнийж, хийж бүтээхийн хүслэн ундардаг байх. Ном гэдэг гайхамшиг юм.

Манай оюутан залуус “Багш аа онгод гэж юу юм бэ, авьяас гэж юу вэ” гэж их асуудаг. Би шавь нартаа “Авьяасыг мэдээд, онгодыг мэдэж яах гээд байгаа юм бэ” гэж асуудаг. “Мэдээд авчихъя л даа” гэж намайг шална. Авьяас, онгод гэдэг мэдэнгүүт гараад ирдэг юм биш. Ер нь аливаа хийсвэр ойлголтыг биежүүлж байж л юм гэдгийг нь мэддэг. Юмыг хийсээр байж л танигдана. Бусдаас онцгой байж чадах нь уу, хүний хийгээгүйг хийж чадах нь уу гэдэг нь шалгарсаар авьяастай, авьяасгүй нь тодордог. Марко Поло гэхэд шоронд байхдаа Их Монгол Улсад очсоноо ярьж бичүүлсээр түүхэнд үлдсэн юм. “Залуу гварди” хэвлэлийн 50 жилийн ойгоор би очсон юм. Орон бүхэн номын үзэсгэлэн гаргаж. Тэндээс би ном гэдэг чинь зүгээр нэг бодсон тэмдэглэснээ хавтаслаад гаргаад тавьчихдаг эд биш байна. Нэгэнт л хүнд хүртээл болгож байгаа юм чинь гадна талаасаа ч сайхан зүйл байх ёстой юм байна гэж бодсон шүү. Тэмдэглэлийн дэвтрийн шүлэг, халаасны шүлэг гэдэг нэг хэрэг юм. Түмэн олонд хүргэхэд учиртай юм байна лээ. Өнөөдөр би Галсан гуайдаа “Байх, байх үгүйн дунд” гэдэг номоо өргөн барьсандаа баяртай байна. Би дэлгүүрт номоо тэгтлээ их тавьдаггүй. Юунд баярлаж байна гэхээр энэ хүн миний номыг тоосонд даруулчих, юу бичсэнийг нь мэдэхгүй орхичих хүн биш. Номыг олон жилийн дараа харахаар дурсамж юм шиг санагдаж байна. Манай нэрт соён гэгээрүүлэгч, их гүүш Мишигийн Цэдэндорж гуай ном унших гайхамшигтай жортой хүн байсан. Тухайн номыг уншаад тэмдэглэсэн, хажууд нь зурсан, санаагаа бичсэн зүйлс бол үнэхээр гайхамшигтай.

Монгол орон, бидний туулсан түүх байгаа цагт монгол судлал байх болно. Ер нь монгол судлал гэхээр Монгол Улсын хэмжээнд ойлгож болохгүй. Дэлхийд монголчууд Хүннү нарын хүрч нутаглаж байсан тэр нутагт л тархан амьдарч байна. Дэлхийд монгол судлал маш их хөгжиж байгаа. Монголын түүхийг үзэхгүйгээр дэлхийн түүх бүтэн болохгүй. Эдийн засгийн сонирхлоор монгол хэл, соёлыг бас их судалж байна. “Вашингтон пост” сонины нэрлэсэн “Мянганы суут хүн” Чингис хаанаас улбаалж Монголын түүхийг судалж байна. Ерээд оноос хойш гэхэд Чингис хааны тухай янз бүрийн хэлээр зуу гаруй ном зохиогдсон байна. Чингис хааны юу нь агуу вэ гэхээр маш цөөхүүлээ байтлаа дэлхийн их гүрнийг байгуулж чадсан. Гуравхан сая монголчуудаас дэлхийн ямар нэг уралдаан тэмцээнд очоод түрүүлээд байдаг нууц нь юундаа байна гээд судалгааны үзүүрт байж байна. Тэглээ бид “Намайг ирээд судал” гээд зүлгэн дээр зүгээр хэвтээд байж болохгүй. Өөрсдөө ч монгол ахуйд төрж өссөн монгол хүн учраас Монголоо өнгөрсөн, одоотой нь судлах ёстой. Бидний монголчуудын тэн хагас хилийн өмнө байна. Газар нутгийн ихэнх нь үлдчихсэн тэнд бас Монголоо судалж байна. Ордост “Монголын нууц товчоо”-ны бүх үйл явдлаар дэглэсэн, бүтэн дөрвөн цаг явж байж үзэж дуусгадаг үзэсгэлэн байгаа. Ордосын шавь нар маань “Агуу мундаг байгаа биз” гэж асууж байсан. “Агуу мундаг байна. Чингис маань энд зогсож байсан гэх газар үгүй юм даа” гэж би хариулсан. Чингисийн төрж өссөн, гишгэж байсан газар нь харин энд байгаа шүү. Чингис хааны үед монгол морины хурдаар дэлхийн талыг байлдан дагуулсан гэх үзэл бий.

Хурд гэдэг ч яг хөгжлийн түлхүүр биш юм аа. Желаль Аддин ч хурдан мориороо манайханд гүйцэгдэхгүй зугтчихаа биз дээ. Одоогийн энэ хурдан араб адуунууд чинь тэр үед тэдэнд байсан. Хэтэрхий хурданд бас юм бүдэгрээд алга болчихдог. Солонгын долоон өнгийг маш хурдан эргүүлэхэд л ганцхан цагаан өнгө болж харагддаг. Хүний амьдралын утга учир бол ертөнцийг улам сайн сайхан болгох. Улам сайн сайхан болгохын тулд хүн төрөлхтөн хэдэн зуун мянганаар зүтгэсээр ирсэн. Бидний уламжлал гэдэг чинь бүх юмыг хадгалахыг хэлээгүй. Сайныг нь аваад цагаа элээсний нь орхихыг л уламжлал гэж байгаа юм. Юуг нь орхих вэ гэдэг нь л чухал. Сайн сайхнаа хадгалах хэрэгтэй. Уламжлалаа хадгалж байна гээд боловсон дулаан газарт азарган үстэй дээл өмсөцгөөчихөөд хөлсөө гоожуулан суугаад байвал утгагүй биз дээ. Монгол гэдэг сэтгэлгээний дархлаагаа авч үлдэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн сайн, муугийн тухай одоо хүртэл маргалдаад л, хэлэлцээд л байгаа. Үүнээсээ болоод хүн төрөлхтөн жаргал гээч юмыг бүх хүн нэг мөртөө тодорхойлж чадаагүй л байгаа. Тэглээ ч бид сайн юмыг мэдэж л байх ёстой. Сайн ном бол маш олон хүний сайн, сонгодог гэж үзсэн номуудыг л хэлж байгаа юм. Тэр сайныг өөрийнхөө зорилгод ойртуулж чадвал гайхамшгийг бүтээж чадна.

Categories
мэдээ нийгэм

Тарагтай жимсний салад хийх арга

Жимсний салат хийх олон арга бий. Энэ удаад тарагтай жимсний салад хийх аргыг та бүхэндээ тольлуулъя. Жимсний иогуртоор салатыг амталж болно эсвэл энгийн таргийг чихэр болон жимсний шүүстэй холиод салатыг амталж болдог. Хамгийн эхний алхам бол салат хийх жимсээ сонгох юм. Алим, лийр, тарвас, жүрж, киви, банана, усан үзэм, гүзээлзгэнэ, хан боргоцой, интоор гээд бүхий л төрлийн жимс жимсгэнэ нь өөр хоорондоо нийцтэй сайхан амттай болдог тул аль болох олон төрлийн жимс сонгож болно. Ямар ч жимс сонгосон бай гол нь эрүүл, шинэхэн жимс сонгоорой.

Хоёр хүний порц:

Тараг 30-50 гр, иогурт 30-50 гр, нимбэгний шүүс 3 хоолны халбага, жүржийн жүүс 1 цайны аяга, жимс жимсгэнэ 500-700 гр, майноз 30-50 гр, хатаасан жимс 50 гр, үзэм 30-40 гр, самар 30-45 гр.


Мөн жимсний салат хийхдээ жимс жимсгэнийг адилхан өнгөөр нь хослуулж болно. Хан боргоцой, банана, шар алим, жүрж гэх мэт зөвхөн шар өнгөтэй жимсийг сонгож салат хийж болно.

Түүнчлэн жимсний салатаа зөвхөн майноз, салат навчаар амтлах энгийн арга ч байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Байхгүй мөнгийг луйвардсан нь буюу “Чингис”, “Самурай” бонд” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” мягмар гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэлээ. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэл гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын яамны дэргэдэх
“Боловсролын зээлийн сан”-гаас Монгол Улсын магадлан
итгэмжлэгдсэн төрийн болон
төрийн бус өмчийн бүх их,
дээд сургууль, коллежийн оюутнуудад нээлттэй,
сургууль төгссөний дараа,
ажил хөдөлмөр эрхэлсэн
цагаасаа эхлэн төлбөрийг
төлөх боломжтой зээлийн
журмыг баталсан билээ.
Энэхүү оюутны хөгжлийн
зээлийн эргэлтийн болон
хуримтлалын хөрөнгийг
үүсгэхэд 2020 он хүртэл
улсын төсвөөс санхүүжилт хийх юм. Зээл авах хүссэн оюутнууд ямар материал бүрдүүлж, хэрхэн зээлд хамрагдаж болох талаар манай сэтгүүлч сурвалжлага бэлтгэлээ. Дэлгэрэнгүйг нэг, нүүрээс уншаарай.

Өнөөдрийн дугаарын онцлох ярилцлага бол Сангийн сайд асан,
АН-ын ҮЗХ-ны гишүүн
Б.Болорын ярилцлага юм. Өчигдөр АН-ын ҮЗХ-ны хурал болсон, өнөөдөр Их хурал нь болж байгаа. Тэгэхээр энэ хурлаар ямар асуудлыг шийдэх гэж байгаа тухай болон намын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Найман жилийн дараа
хуралдаж байгаа гэдэг
утгаараа АН-ын Их хуралд ач
холбогдол өгч буй хүн болон бий. ҮЗХ-ны Б.Болорын ярилцлагыг уншиж, энэ талаар сонирхоорой. “Б.Болор: “Эрдэнэт”-ийн
49 хувийг Засгийн газар
авсан бол улстөрчдийн
саалийн үнээ л болох байсан” хэмээх ярилцлага нэг, хоёр, тавдугаар нүүрт бий. Онлайнаар захиалах бол энд дараарай.

Саяхан Дорнодод дөрвөн монгол иргэн
техникийн спирт ууснаас
болж нас барсан эмгэнэлт
хэрэг гарсан билээ. Энэ болсон хэргийн тухайд монголчууд УИХ-ын
гишүүнээсээ авахуулаад
цахим сүлжээгээр дор бүрнээ
хийрхэж байна. “Дөрвийн
дөрвөн монгол залуу алтан
амиа алдчихаад байхад төр
засаг хаана, юу хийж явна вэ”
гэж ирээд л сүйд болж байгаа
харагдах юм. Гэвч яг үнэндээ юу болсныг өнөөдрийн хоёрдугаар нүүрний нийтлэлд хөндсөн байна.

Манай “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт “Байхгүй мөнгийг луйвардсан нь буюу “Чингис”, “Самурай” бонд” нийтлэл хэвлэгдлээ. Онлайнаар унших бол энд дарна уу.

Цахим етөнцөд хяналтгүйгээр өргөжиж
буй сүлжээ иргэдийг эрсдэлд оруулж
мэдэхээр болжээ. Цахим сүлжээнд орогчдын нэг сул тал нь
гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд, төсвийн болон хувийн хэвшлийн бага цалинтай иргэд
ажлаас гадуур орлого олох гэж
элсдэг болсонтой холбоотой
гэнэ. Тэд өөрт байсан, хурааж хуримтлуулсан мөнгөө сүлжээнд өгчихдөг атлаа
мөнгөө алдчихлаа хэмээн
холбогдох байгууллагуудад
хандаж чаддаггүй гэх мэдээлэл
ч байна. Юутай ч хялбар аргаар
их мөнгө олох боломжууд
ямар ч хяналтгүйгээр цахим
етөнцөд өргөжсөөр энгийн
олон иргэнийг эрсдэлд оруулж
мэдэхээр болжээ. Энэ тухай мэдээллийг Баримт, үйл явдлын долдугаар нүүрээс уншаарай.

Өмнөговь дахь “Цэций” салхин станцыг барьж буй Клин энержи Ази компанийн захирал Д.Ганхуягийн ярилцлагыг өнөөдрийн дугаартаа нийтэллээ. Ирэх онд ажиллах энэхүү салхин станц 120 мянган айлыг цахилгаанаар хангах юм байна. 11 дүгээр нүүрээс уншина уу.

Нийслэлийн утааг бууруулах цахилгаан төлөвлөгөөний хэрэгжилт ямар байгаа вэ. Улаанбатарын хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж олон жил ярьж байгаа боловч, төр засаг шийдэж чадаагүй л байна. Өнгөрсөн хугацаанд 200 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээ бий. Гэвч бодит байдлыг тухай өгүүлэх материалыг 14 дүгээр нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”, “Голомт” банк хамтран нийтэлж буй Монголын анхны реалити нийтлэлийн шинэ цуврал өнөөдрийн дугаарт гарлаа. Реалити нийтлэлийн гол дүр болох Сэржээ, Номин, Тогоо гурав баярыг хэрхэн хямралгүй тэмдэглэхийг бидэнд өгүүлэх нь. Зургадугаар нүүрээс уншаарай. Эдгээрээс гадна “Утга зохиол”, “Эрүүл мэнд”, “Дэлхийн мэдээ” , “Энэ өдөр” зэрэг булангуудыг өнөөдрийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ


Categories
гадаад мэдээ

Нарендра Моди “TIME” сэтгүүлийн оны шилдэг хүнээр шалгарчээ

Энэтхэгийг Ерөнхий сайд Нарендра Моди цахим санал асуулгаар “TIME” сэтгүүлийн энэ жилийн онцлох хүнээр тодорсныг өчигдөр зарлажээ. Тэрээр 2016 онд улс төр, урлаг соёлын алдартнуудын дунд санал асуулга явуулахад бусдыгаа тэргүүлэн гарч ирсэн байна. Нарендра Моди 18 хувийн санал авсан бол Барак Обама, Доналд Трамп, Жулиан Ассанжи нар нийлээд 7 хувийн санал авчээ. Харин Марк Зукерберг 2 хувийн санал, Хиллари Клинтон 4 хувийн санал авсан байна.

Түүний санал асуулгын дүнд нөлөөлсөн хамгийн онцлох үйл явдал нь өнгөрсөн есдүгээр сард Парист баталсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг соёрхолд гарын үсэг зурсан явдал юм. Мөн Энэтхэгийн бизнес, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж ажилласныг нь тэмдэглэсэн байна.

Түүнд санал асуулга өгсөн хүмүүсийн ихэнх нь АНУ-ын Калифорни, Нью Жерси мужид амьдардаг энэтхэгчүүд байжээ.

О.ӨНӨР