Categories
мэдээ нийгэм

Архинаас болж 12 настай хүү өвөөгийнхөө аминд хүрчээ

Өнгөрсөн ням гаригт Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг, Эрдэнэтолгойд оршин суух 57 настай А-г зээ хүү Ч нь хөнөөжээ. “Манай хүү өвөөгөө хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход талийгаач А цээжнийхээ баруун хэсэгт мэсний шарх авсан байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч цус их алдсаны улмаас нас баржээ.

Эх сурвалжийн мэдээллэснээр, хүүгийн өвөө болох А агсам тавьсанд 12 настай зээ хүү нь дургүйцэж, мэс барьсан байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас хар өнгийн бариултай, ахуйн хэрэглээний хутга зэрэг эд мөрийн баримт хураан авчээ. Одоогийн байдлаар уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

Их хурлаар хэлэлцэх асуудлаа баталлаа

АН-ын Их хурлыг Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга даргалж байна. Энэ удаагийн Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралл оролцож буй төлөөлөгч нарын олонхи нь дэмжсэн учраас хэлэлцэх асуудлаа баталлаа.

Categories
мэдээ улс-төр

Г.Уянга: Ерөнхийлөгчийг 12 үндэслэлээр огцруулахыг шаардаж байна

Өнөөдөр “Монгол ньюс” хэвлэлийн төв дээр Тусгаар тогтнол Эв Нэгдлийн намаас мэдээлэл хийлээ. Тус намын дарга Г.Уянга болон намын гурван гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг олон нийтэд уншиж танилцууллаа.

Эдгээр үндэслэлүүдийг дурдвал:

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон

-Монгол Улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан

-“Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй

-Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан

-Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан

-“Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан

-Монгол Улсыг нэгдмэл улс биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна

-“Давхар дээл”-ийг анх бий болгосон

-Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодтой алхам хийв

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Газар хөдлөлтөөс учрах хохирлын эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой

“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” сэдэвт үндэсний семинар өнөөдөр Төрийн ордонд болж байна. Уг семинарт оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үг хэллээ.


Тэрээр хэлсэн үгэндээ”Эрхэм хүндэт хатагтай ноёд оо,

Хүндэт зочид оо,

“Мэдлэгээ түгээцгээе: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинарт оролцож буй Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржийн анхаарлаа хандуулж ирсэн нэгэн гол ажил бол газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлсэн явдал байсан. 2010 онд Гайти улсад газар хөдлөлт болж, олон зуун мянган хүний амь нас, эрүүл мэнд, эд материалын хохирол учирсан билээ. Үүнээс 10 хоногийн дараа буюу 2010 оны 1 дүгээр сарын 22-нд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн төлөв байдал газар хөдлөлт болон бусад төрлийн гэнэтийн гамшгийн өмнө сөрж зогсох бэлэн байдлын талаар хэлэлцэн, газар хөдлөлтийн төлөв байдлыг нарийвчлан судлах, түүний гамшгийн хөнөөлийг урьдчилж амжиж анхааруулах системтэй болох; орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын чанарыг шалгаж тогтоох; ашиглалтын шаардлага хангахгүйг нь шинэчлэх, хүчитгэх дахин төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх; гамшгийн үед аврах, сэргээн босгох ажилд оролцох техник хэрэгслийн хүчин чадал, хангамж, мэргэжлийн хүмүүсийн ур чадварыг сайжруулах; иргэд, мэргэжилтнийг гамшгаас хамгаалах дадлага сургуультай болгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгсон. Мөн гамшгаас хамгаалах төрийн ой санамжийг тогтоохын тулд жил бүрийн 1 дүгээр сарын 22-нд газар хөдлөлтийн төлөв байдал, түүний гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүнг тайлагнаж байх үүргийг өгсөн билээ.

Мөн онд Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар тодорхой заалтуудыг тусгасан байна.

2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэл өгсний дагуу Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай, орон тооны бус зөвлөл байгуулагдан, үр дүнтэй ажиллаж байна.

2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.30 цагт Улаанбаатараас 20 км-ын зайтай орших Гүнжийн хагарал дээр 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэл даяар мэдрэгдсэн. Хэдийгээр ноцтой хор хохирол учраагүй ч бид гамшгаас хамгаалах хир чадавхитай байна вэ гэдэг асуудал бүх түвшинд яригдаж, Улсын Их Хурал энэ талаар тусгайлан чуулганы хуралдааныг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Гамшгаас хамгаалах чиглэлээр багагүй ажлууд хийгдэж, тодорхой үр дүн гарч байгаа ч цаашид илүү анхаарч, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгон сайжруулах, хөрөнгө санхүүжилтийг шийдвэрлэх асуудал байсаар байна.

Өнөөг хүртэл дэлхийн аль ч орны эрдэмтэн судлаачид аюулт газар хөдлөлт болох хугацаа, түүний хүчийг урьдчилан тооцоолж чадахгүй байна. Хүчтэй газар хөдлөлт болохыг урьдчилан тогтоох боломжгүй ч газар хөдлөлтөөс учрах хохирол, түүний дотроос хүний амь нас, улс эх орны нийгэм эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулахад төр, засгийн бодлого чиглэх ёстой.Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаарх эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг анхааралдаа авч хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулалтад оруулах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд дараах 4 чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.

Үүнд:

1. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хангах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2. Монгол орны болон Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхижилт, цаашдын төлөв байдал, аюулын үнэлгээний судалгаа шинжилгээ, мониторингийн ажлыг өргөжүүлж эрчимжүүлэх;

3. Хот төлөвлөлтөд төвлөрлийг сааруулах, газар хөдлөлтийн эрсдэл багатай бүс рүү төлөвлөх арга хэмжээг авах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, барилгын норм, дүрмийг шинэчлэх;

4. Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед нийтэд зарлан мэдээлэх тогтолцоог өргөтгөх, гамшгаас хамгаалах нөөцийн удирдлага, чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, олон нийтийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхаарлын төвд байнга хамаарч байдаг асуудлууд юм.

Саяхан Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах сургалт, дадлагын төвийг шинээр байгуулсан нь мэргэжлийн аврагчид дадлага сургуулилт хийж, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байхаас гадна жирийн иргэд, оюутан, сурагч, хүүхэд багачууд ч газар хөдлөлт, гал түймэр зэрэг гамшгийн хор хөнөөлийг бодитоор мэдэрч, түүнээс өөрийгөө болон бусдыг аврах арга туршлагад суралцах боломжийг бүрдүүлж байна.

“Мэдлэгээ түгээцгээе. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах менежментийн өнөөгийн байдал, олон нийтийн оролцоо ба хариуцлага” үндэсний семинар нь гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс бүрэн хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг шинэ үе шатанд гаргах нөхцөл шаардлагыг мэдэрсэн, цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Үндэсний семинараас Та бүхэн гамшгийн удирдлагын оновчтой, зөв чиг хандлагыг тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж найдаж байна.

Та бүхний ажил хөдөлмөрт болон үндэсний семинарын үйл ажиллагаанд өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган болж байна

“Төвлөрлийг сааруулах бодлого-Орон нутгийн хөгжил” чуулган өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд эхэллээ. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын нутгийн удирдлагын холбоо, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сан хамтран уг чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд болон эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх асуудал сүүлийн 20 гаруй жил яригдаж байгаа ч төвлөрөл саарахгүй байгааг чуулганы үеэр оролцогчид онцолж байлаа. Тиймээс уг асуудлыг аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар холбогдох газрын хүмүүс тал бүрээс нь ярилцаж, чуулганы төгсгөлд төвлөрлийг сааруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас хийж хэрэгжүүлэх асуудал болон Орон нутгийн удирдлагын хариуцлага, чадварыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм. Нутгийн удирдлагын шат шатны байгууллагууд хийгээд ирсэн боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, даатгал, байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт зэрэг бүхий л салбарын төсөв хөрөнгө яам, агентлагуудад төвлөрч байгаагаас орон нутгийнхан ердөө дээш уламжлах, хөрөнгө мөнгө хүсэх төдий байдалтай болж байна. Энэ нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд иргэдтэйгээ ажиллах, тэдэнд чиглэсэн ажил үйлчилгээг шуурхай зохион байгуулахад саад болж байгааг чуулганд оролцогсод хэлэлцэж байна.

Чуулганаар гурван үндсэн илтгэл хэлэлцүүллээ. “Засгийн газраас Төвлөрлийг сааруулах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, түүний чиг хандлага” сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, “Төвлөрлийг сааруулах нь өөрөө удирдах ёсны хөгжлийн үндэс” сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд, “ХБНГУ-ын нутгийн удирдлагын тогтолцоо” сэдвээр ХБНГУ-ын Кийл хотын Нийтийн удирдлагын дээд сургуулийн захирал, профессор Паул Витт илтгэл тавилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн С.Батболд “Энэхүү чуулган цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна. Төвлөрлийг сааруулж, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлж, чадавхжуулах асуудлаар аймаг, нийслэлийн болон ХБНГУ-ын төлөөлөл ярилцаж, зохих үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа” хэмээгээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Их хурал эхэллээ

Ардчилсан намын VI их хурал Соёлын төв өргөөнд эхэлж байна. Энэ удаагийн Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд хуралд оролцох гишүүдээ өглөөний 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөн өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа оруулсан билээ. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох юм.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Монгол зурагчны бүтээл дэлхийн шилдэг гэрэл зурагчдын цомогт багтжээ

ФОТО: Монгол зурагчны бүтээл дэлхийн шилдэг гэрэл зурагчдын цомогт багтжээАзербайжаны “Aзертaк” агентлагаас дэлхийн 80 орны агентлагуудын сор бүтээлийг багтаасан цомог эрхлэн гаргажээ. Тус цомогт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын гэрэл зургууд нийтлэгдсэн байна.

Тодруулбал, Азербайжаны нийслэл Баку хотод өнгөрсөн сарын 16-18-ний өдөр Дэлхийн мэдээллийн агентлагуудын V их хурал болжээ. Энэ үеэр хурлын зохион байгуулагч Азербайжаны “Aзертaк” агентлагаас дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудаас ирүүлсэн чансаа өндөртэй гэрэл зургаар нийт 400 гаруй хуудастай цомог гаргасан байна.

Тус цомогт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын монгол ахуй, ёс заншил, үндэсний их баяр наадмын сурын харваа, Даншиг наадам болон 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын эхний өдрийн хуралдаан, АСЕМ-ын уулзалтыг харуулсан 8 гэрэл зураг нийтлэгджээ.

Түүний гэрэл зургуудыг сонирхуулъя.


Categories
мэдээ улс-төр

Монгол-Оросын Хуульзүйн яамд хамтран ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд Александр Владимирович Коноваловтой уулзаж, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйг онцлоод Монгол Улсын ХЗДХЯ болон ОХУ-ын Хууль зүйн яамны уламжлалт хамтын ажиллагааг цаашид баяжуулан өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа ХЗДХЯ эдийн засаг, бизнес, өмчийн харилцааны хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв. Александр Владимирович Коновалов Монгол Улсын ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ОХУ-ын Хууль зүйн сайдын эрхлэх асуудалд Холбооны хорих ял эдлүүлэх байгууллага, Холбооны шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний төв, Эрх зүйн мэдээллийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага ажилладаг болохыг танилцууллаа.

Талууд Монгол Улс, ОХУ-ын хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажилладаг болохыг онцлоод тус хэлэлцээрийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулах тал дээр санал нэгдэв.

Мөн хоёр сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглээд Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон ОХУ-ын Ял шийтгэл гүйцэтгэх холбооны албатай хамтын ажиллагааны санамж бичиг харилцаа, хамтын ажиллагаа идэвхжихэд түлхэц үзүүлж байна гэв. Талууд эрх зүйн хамтын ажиллагаа, хууль тогтоох, тусгай албадыг хөгжүүлэх гээд бүхий л чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд 2017-2018 онд хамтран ажиллах хөтөлбөрт сайд нар гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь манай хоёр орны эрх зүйн салбарын хамтын ажиллагааны хөгжилд онцгой ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байна

Сүүлийн үед эмнэлгүүдийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй болжээ. Ханиадтай хүүхдүүд дүүргийн эмнэлгүүдийн коридорт хэвтэн эмчлүүлж байгаа бол хувийн хүүхдийн эмнэлгүүд хүртэл ачааллаа дийлэхгүй болсон байна. Хэтэрхий олон хүүхэд эмчлүүлж байгаагаас болоод хүүхдүүдийн ханиад бүрэн эдгэхгүй байгаа ажээ. Нэг дүүрэгт гурван эмч зэрэг үзлэг хийж байгаа хэдий ч иргэд доод тал нь нэг цаг дугаарлан байж хүүхдээ үзүүлж байна. Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ ханиадны эм, эмнэлгийн зардлыг дийлэхгүй байдалд хүрсэн байна. Учир нь ханиадны улиралтай зэрэгцүүлэн эмийн сангууд эмний үнээ нэмсээр байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгаа аж. Ханиад томууны гол шалтгаан хүйтний улирал бөгөөд агаарын бохирдлоос ч үүдэлтэй аж. Хортой утаа нь ханиадтай хүүхдүүдийн уушгины цоргыг нарийсгах, амьсгалын замд ачаалал өгөх, хоолой хорсох, өвчлөлийн эдгэрэлтийг удаашруулах гол шалтгаан болдог байна. Түүнчлэн шинээр төрж буй нярай, бага насны хүүхэд төрөлхийн болон олдмол харшилтай байх нь элбэг болжээ. Ийм харшилтай хүүхдүүд ханиад хүрэхдээ маш хурдан төдийгүй уушгины хатгалгаа болон хүндрэх нь их байдаг аж.

Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин ажээ. Манайд улсын болон хувийн эмнэлгүүд томуугийн вакцин хийж байна. Эрдэмтэд жил бүр томуугийн хэлбэрийг сайтар судлаж тогтоосны дараа тэр жилдээ дэгдэж болох хамгийн өндөр магадлалтай вирусийн эсрэг, вакциныг бүтээдэг. Хэрэв вирусийн хэлбэр нь үнэн зөв тогтоогдсон бол тэр жилдээ энэ вакцин нь хүмүүсийг ханиад томуутай холбоотой өвчнөөс хамгаалж чаддаг байна. Вирус нь хэдийгээр яг онож тогтоогдоогүй ч байсан энэ вакцин тодорхой хэмжээний хамгаалалт үзүүлдэг ажээ.

Вакцин, хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа үйлчилж эхэлнэ. Нэг жил хүртэл хамгаалах үйлчилгээ нь үргэлжилдэг.

Томуугийн вакциныг зургаан сартай болон түүнээс дээш насны хүүхдүүд, хөгшид, насанд хүрсэн хүмүүс ч хийлгэж болно.

Томуугийн вакциныг арав, арваннэгдүгээр сард хийлгэвэл илүү сайн. Гэхдээ арванхоёрдугаар сард ч гэсэн хожимдохгүй. Ес хүртэлх насны хүүхдүүд анх удаа вакцин хийлгэж байгаа үед томуугаас хангалттай сайн хамгаалахын тулд дөрвөн долоо хоногоос багагүй хугацааны дараа давтан хоёр дахь удаа хийлгэх шаардлагатай болдог. Томуугийн вакцинд харшлын урвал өгөх нь ховор. Гэхдээ тус вакциныг өндгөнд ургуулж гаргаж авдаг учраас өндгөнд харшилтай хүмүүс хийлгэх хэрэггүй.

Ямар нэгэн зүйлд хүнд хэлбэрийн харшил өгч байсан хүмүүс вакцин хийлгэхийг хориглоно. Мөн өмнө нь томуугийн вакцин хийлгэхэд мэдэгдэхүйц хариу урвал өгч байсан бол эмчид мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүндэвтэр болон хүнд өвчтэй хүмүүс өвчнөө эдгэртэл хүлээж бүрэн эрүүлжсэний дараа вакцин хийлгэхийг зөвлөж байна. Хөнгөвтөр өвчлөгсөд харин вакцин хийлгэх боломжтой юм.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийж буй. Мөн нийслэлийн зургаан дүүргийн 86 цэцэрлэгийн 23 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хийж эхэлжээ.

Томуугийн вакциныг:

Сонгинохайрхан дүүрэгт: 38, 78, 80, 81, 84, 90, 91, 111, 116, 117, 125, 127, 148, 156, 158, 163, 170, 188, 192, 195 дугаар цэцэрлэг

Чингэлтэй дүүрэгт: 173, 224, 43, 31, 124, 56, 126, 83, 102, 103, 174, 155, 154 дүгээр цэцэрлэг

Баянгол дүүрэгт: 15, 30, 47, 57, 133, 141, 33 дугаар цэцэрлэг

Багануур дүүрэгт: 131, 132, 138, 139, 142, 193, 194, 235, 241 дүгээр цэцэрлэг

Сүхбаатар дүүрэгт: 36, 51, 109, 130, 150, 159, 166, 171, 175, 205, 217, 225 дугаар цэцэрлэг

Баянзүрх дүүрэгт: 115, 128, 167, 168, 169, 172, 199, 200, 201, 202, 203, 20, 210, 213, 32, 3, 45, 52, 62, 63, 64, 6, 8 дугаар цэцэрлэг, 40 дүгээр хүүхдийн клиник сувилалд тус тус томуугийн вакцин хийж байна.

Н.ГАНЧИМЭГ

Categories
гадаад мэдээ

Узбекстаны Ерөнхийлөгч тодорлоо

Узбекстанд
өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөсөн. Харин өчигдөр Сонгуулийн
төв хороо нь урьдчилсан дүнг танилцуулсан байна. Тус улсын шинэ төрийн тэргүүнээр
Аж ахуйн нэгж, ажил хэрэгч хүмүүсийн хөдөлгөөн-Либерал ардчилсан намаас нэр дэвшин
өрсөлдсөн Шавкат Мирзиёев тодорсон байна. Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан
тэрбээр 88.61 хувийн санал авч ялалт байгуулжээ. Тус улсын сонгуулийн төв хорооны
албан ёсны дүн гарахаас өмнө Ш.Мирзиёевын сонгуулийн штабаас хэдийнэ ялалт байгуулснаа
зарласан байна. 2003 оноос хойш Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн тэрээр өнгөрсөн
есдүгээр сард өөд болсон Ерөнхийлөгч Ислам Каримовыг орлох болсон юм. Энэ удаагийн
сонгуульд 20.4 сая хүн саналаа өгөх эрхтэй байжээ.