Categories
мэдээ нийгэм

Аймгуудын цэргийн штабад автомашин хүлээлгэн өглөө

Герман Улсын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн “Вольф” бенз загварын автомашиныг зарим аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабуудад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яам дээр өчигдөр боллоо. Эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн Засаг Даргын Тамгын газрын цэргийн штабт “Мерседес Бенц Вольф G-250” загварын автомашиныг хүлээлгэн өглөө. Эдгээр автомашин Батлан хамгаалах яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношлогоог иж бүрэн хийгдсэн, техникийн бэлэн байдлыг бүрэн хангажээ.

Categories
мэдээ улс-төр

Т.Шимизү: Харийн иргэдийг албан тушаалд томилон мэдлэг чадварыг нь ашиглах нь Чингис хааны бодлого байсан

Япон улсаас Монгол улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Такэнори ШИМИЗҮ

Оршил 1972 онд Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтов. Монгол оронтой ямар ч хэлхээ, холбоогүй байсан миний бие 1975 онд Японы ГХЯ-нд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орж, улмаар 1977 онд Монголд анх хөл тавьж билээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол дахь Японы ЭСЯ-нд нийт 4 удаа ажиллаж атташегаас эхлээд Элчин сайдын албыг хүртэл хаших завшаан тохиосны зэрэгцээ Японы ГХЯ-ндаа 6 жил Монголын асуудал хариуцан ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, ГХЯ-нд ажилласан нийт хугацааны маань тал нь Монголтой, монголчуудтай шууд холбоотой байлаа. Монгол улс социалист нийгмээс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих сонголт хийсэн үе, мөн түүний дараах Монголын нийгэмд гарсан өөрчлөлтүүд, хөгжлийн үйл явцыг дэргэдээс нь ажиглаж ирлээ. Япон дипломатчийн хувьд, Япон улс Монголын хөгжилд хувь нэмрээ оруулснаар Японы нэр хүнд дээшилнэ, энэ нь Японы эрх ашигт нийцнэ гэсэн итгэлтэйгээр ажиллаж ирсэн. Харин өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад миний ажлын үр дүн Япон гэхээс илүү Монгол улсын эрх ашигт илүү нийцсэн юм болов уу гэх сэтгэгдэл төрөх боллоо.

11 дүгээр сарын 1-ний өдөр бүрмөсөн нутаг буцах албан ёсны шийдвэр гарсан тул тун удахгүй миний бие Элчин сайдын албаа хүлээлгэн өгөхийн хамт 41 жил ажилласан ГХЯ-аа ч орхих болно. Дипломатчийн хувьд АНУ, Канад дахь ЭСЯ-нд ажиллахын зэрэгцээ ГХЯ-нд олон улсын хууль, олон нийтийн сурталчилгаа, консул, олон улсын соёлын харилцаа, НҮБ, ГХЯ-ны ажилтны нийгмийн халамж зэрэг олон чиглэлийн ажил хийсний дүнд хуримтлуулсан туршлага маань үнэндээ Монголд ажиллахад ихээхэн хэрэг болсон. Энэ олон төрлийн үүрэг, хариуцлага хүлээж явсны ачаар Монгол дахь ажил үйлс маань бүтэмжтэй байж, илүү үр дүнд хүрсэн гэдэгт би итгэж явдаг юм.

Элчин сайдынхаа албыг өгөх гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Монгол улстай нягт холбоотой ажиллаж, амьдарч ирсэн хүний хувьд Монголчуудад хандан заавал хэлэхийг хүссэн зүйл сэтгэлд минь хуримтлагдаад байсныг энд цөөн үгээр сийрүүлсэн бөгөөд үүнийгээ “Захиас” хэмээн нэрлэлээ. Энэхүү тэмдэглэл маань Японы Засгийн газрын байр суурьтай огтхон ч холбоогүй болно. Харин агь, гангын үнэрээр Монголыг мэдэрч, анх удаа халгайд түлэгдэж өвдөхийн зовлонг амсаж явсан Монголд элэгтэй гадаадын нэгэн иргэний хувийн санал бодол хэмээн хүлээн авч уншвал миний бие ихэд баяртай байх болно.

МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛ БОЛ АРДЧИЛАЛ

Өнөөгийн залуусын дийлэнх хэсэг нь социалист нийгмийг биеэрээ туулж мэдрээгүй. Саяхныг болтол буюу 26-хан жилийн өмнө монголчууд хувийн өмчийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, ажил мэргэжлээ хүссэнээрээ сонгох эрхгүй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн үгээ хэлэх эрх, өөрсдийн төлөөллөө сонгох шударга чөлөөт сонгуулийг ч хүлээн зөвшөөрдөггүй нийгэмд амьдарч байв. Эрх чөлөөт ардчилсан нийгэмд өсөж хүмүүжсэн одоогийн залуучууд тэр үеийн хаагдмал нийгэм дэх амьдралын талаар бүрэн төсөөлж ч чадахгүй нь ойлгомжтой. Тухайн үеийн Монгол оронд ноёрхож байсан социалист нийгмийг өөрийн биеэр үзэж мэдэрсэн миний хувьд Монголын хамгийн үнэтэй зүйл, хамгийн чухал ололт бол “эрх чөлөө ба ардчилал” гэж бодож явдаг. Ардчилал ялаагүй байсан бол хэчнээн Хятад, Орос хэмээх хоёр том гүрний дунд орших стратегийн чухал ач холбогдолтой, арвин их байгалийн нөөц баялагтай улс байлаа ч Монгол улс өнөөдрийнх шиг чухал байр суурийг эзлэхгүй байсан болов уу. Монгол улс ардчиллыг хөгжүүлж ирсэн учраас л дэлхийн анхаарлын төвд нь байж, олны сонирхлыг татах болсон юм. Иймээс залуучуудад ардчилсан хөдөлгөөний үр дүнд олж авсан үндэсний асар том амжилтаа хамгаалж, улам бүр хөгжүүлэн төлөвшүүлэхийг хүсье. Энэ нийгэмд урьдын социалист нийгмийн адилаар бүгдийг төр, засагт даатгаж болдоггүй билээ. Хичээл зүтгэл гарган хөлсөө урсгасан хүн бүрийн өмнө хангалуун амьдрах зам нь, бас эрх нь нээлттэй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амжилтад хүрч буй нэгэндээ атаархах бус, ийм хүмүүсээ хүндэлдэг, дэмждэг улс болоосой гэж хүсч байна. Нөгөөтэйгүүр, албан тушаалаа урвуулан ашиглаж шударга бусаар хөлждөг хүмүүсийг хатуухан шүүмжлэх, зохих хариуцлагыг нь үүрүүлэхийг шаардах эрх чөлөө ч ардчилсан нийгэмд бас бий.

УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Улс орны аюулгүй байдлын үндэс суурь нь ард иргэдийн хангалуун, элбэг дэлбэг амьдрал болон эв нэгдэл, тогтвортой улс төрийн орчинд байдгийг бид бүгд мэдэх бөгөөд энд 3 зүйлийг онцолмоор байна.

Хятад, Оросын дунд орших Монгол улсын хувьд хөрш улс орнуудтайгаа харилцаагаа тогтвортой хөгжүүлэх явдал эн тэргүүний шаардлага байх нь ойлгомжтой. Гэхдээ улс төрийн ч, эдийн засгийн ч үүднээс авч үзсэн аль нэгнээс нь хэт хамааралтай байх нь улс орны аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй. Тиймээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаагаа тэгш хөгжүүлж тэнцвэртэй байлгах нь зөв гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Нөгөөтэйгүүр 90-ээд оноос Монгол улсын гадаад бодлогын тухай ярихдаа “Гуравдагч хөрш” гэх хэллэгийг өргөнөөр хэрэглэх болсон. Эцэст нь “гуравдагч хөршийн бодлого” нь 2010 оны Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд багтаж, мөн 2011 оны гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогыг албан ёсоор тусгасан байдаг. Гурван тулгууртай байх нь хамгийн тогтвортой. Энэхүү бодлого нь ямагт Монголын гадаад бодлогын үзэл баримтлалын чухал хэсэг байх болно гэж бодож байгаа ч, харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ үг сонсогдох нь ховор болжээ. Үүний ач холбогдлын талаар монголчууд нухацтай эргэцүүлэн бодож, ойлгон хүлээж авч байгаа эсэхэд саяхнаас эргэлзээ төрөх боллоо. “Гуравдагч хөрш” гэх ухагдахууныг Монголчууд зөвхөн өөрсдөдөө ашигтай үед хэрэглэе гэсэн ч анхнаасаа тухайн улс орнуудтай харилцаагаа хөгжүүлж чадаагүй бол төдийлөн амжилт олохгүй гэдгийг бодолцох хэрэгтэй. Ялангуяа эдийн засгийн харилцаанд энэ маш чухал.

Өнөөгийн монголчуудын эзэмшиж буй үлэмж их байгалийн нөөц баялаг бол Чингис хаанаас уламжлагдан ирсэн өв билээ. Харин сүүлийн үед энэхүү баялаг нь зөвхөн гадаадын иргэд, компаниудад ашигтай гэх ойлголт газар авч, элдэв маргаан дагуулахын зэрэгцээ гадаадын компани, хөрөнгө оруулагчдыг шүүмжлэх нь элбэг боллоо. Гэхдээ аливаа асуудал хоёр талтай байдаг. Зөвхөн гадаадын иргэд, хөрөнгө оруулагчдад ашигтай, байгаль орчинд халтай, Монголын ард түмний эрх ашигтай зөрчилддөг байж болохгүй нь ойлгомжтой. Харин нөгөө талаас гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчдад хэт их дарамт шахалт тулган, биелэшгүй болзол шаардлага тавьбал тэд Монголыг орхин гарч, үүний үр дүнд хөрөнгө оруулалт буурч, тэр хэмжээгээрээ валютын орох урсгал ч татарна. Эцсийн дүндээ энэ нь ард иргэдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлж, улсын эдийн засаг хүндрэхэд хүргэдгийг бүгд мэдэх болов уу. Монгол улсын нэрээр гэрээ байгуулчихаад түүнийхээ зүйл заалтыг хэрэгжүүлдэггүй, үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэний дараа гэрээний нөхцлийг өөрчилдөг учраас гадаадын компаниуд хөрөнгө оруулалт хийхээс болгоомжилдог, зайлсхийдэг. Гэрээ байгуулсан л бол түүнийгээ заавал дагаж мөрдөх учиртай. “Pacta sunt servanda” буюу “гэрээ заавал биелэгдэх ёстой” гэх утга бүхий зарчмыг грекчүүд эртнээс хэрэглэж ирсэн. Гэрээг өөрчлөхийг шаардах боломжтой боловч өөрчлөхийн өмнө гэрээний агуулгыг дур мэдэн зөрчих нь “Амлалтаа биелүүлдэггүй улс” гэх ойлголтыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын дунд төрүүлж, улмаар улс орны аюулгүй байдал, олон улсын тавцан дахь байр суурь, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Түүнчлэн хүн ам нь цөөн, уудам газар нутагтай Монгол шиг орны хөдөө орон нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэд улсынхаа аюулгүй байдлын нэгэн чухал хэсгийг бүрдүүлдэг. Хилийн цэргийнхэн дангаараа улс орныхоо дархан хилийг манаж хамгаалах боломжгүй тул уудам нутгаар нүүдэллэн аж төрөх малчид тэдний “нүд”, “чих” нь болж өгдөг. Иймээс малчдын амьдралыг дэмжиж, тэдэнд төрсөн нутагтаа амар тайван, хангалуун амьдрах боломжийг олгох, Улаанбаатар руу чиглэсэн хүн амын төвлөрлийг бууруулах төрийн бодлого зайлшгүй чухал байна.

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАМ

Маш хурдан хөгжих нэг арга бол газар доорхи эрдэс баялгаа үр өгөөжтэйгээр ашиглан гадаадад экспортолж валют болгох юм. Төрөл бүрийн татвараар төр нь төсвөө зузаатган санхүүгийн байдлаа тогтворжуулж, олсон орлогоо ард түмнийхээ төлөө зүй зохистой зарцуулах нь чухал. Ингэж байгалийн баялагтай улс орон хөгждөг. Гэхдээ үүнд сул тал ч бас бий. Байгалийн баялгаас хамааралтай улс орны ард иргэдийн дийлэнх хэсэг нь ядуу буурай хэвээр байдаг. Байгалийн баялгийн ачаар улсын орлого нэмэгддэг хэдий ч, энэ нь Монголын малчдын амьдралыг шууд хангалуун болгож чадахгүй тул төрийн бодлого нэн чухал. Улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд голлох байр суурь эзэлж ирсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд өнөөдөр төрөөс явуулж буй бодлого төдийлөн хангалттай бус, үр өгөөж муутай байна гэсэн байр суурь нэмэгдэж байгаа нь анхаарал татах болсон. Малын өвчинтэй тэмцэх, малыг чанаржуулах, арьс шир, ноосны боловсруулалтыг сайжруулах ажил дутмаг байгаагийн улмаас 70 гаруй сая толгой малтай Монголын малын гаралтай бүтээгдэхүүний чанар бусад орныхоос доогуур хэвээр байна. Сүүлийн үед малын арьс, ноос үнэгүйдэж байгааг хараад сэтгэл өвдөх боллоо. Гэтэл төр, засаг яагаад гол анхаарлаа зам, барилга зэрэг салбартай холбоотой томоохон төслүүдэд түлхүү хандуулаад байна вэ? Энэ нь улсаа, ард түмнээ гэхээсээ илүү улс төрчдөд өөрсдөд нь ашигтай байдагтай холбоотой хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа бичдэг нь үнэний хувьтай ч байж мэднэ. Гэхдээ нийт Монголынхоо ард түмний төлөө ажиллах сэтгэл улс төрчдөд байгаа гэж би хувьдаа найдаж байна.

Улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанар алдагдсан улс оронд хөрөнгө оруулалт хийх бодолтой компани тун ховор биз ээ. Энэ тал дээр шинэ Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байгаа бөгөөд өнөөг хүртэл гаргаж ирсэн алдаануудыг давтахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Өнөөдөр манай хоёр орны хувьд шаардлагатай зүйл бол тусламжид тулгуурласан Засгийн газрын түвшний харилцааг бус, харин иргэд хоорондын шууд харилцаа, ялангуяа харилцан ашигтай бизнесийн түншлэлд тулгуурласан харилцааг гүнзгийрүүлэх явдал юм. Харамсалтай нь Монголд хөрөнгө оруулалт хийсэн Японы олон компани алдагдал хүлээн хохирох боллоо. Би эдгээр асуудлыг шийдэхийн төлөө чадлаараа хөөцөлдсөн боловч хүчин мөхөстөж шийдүүлж чадалгүй өнгөрсөн нь олонтаа. Цаашид ийм явдал гаргахгүйн төлөө, нэг нэгнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээн ажиллах нь чухал гэж бодож байна.

Монгол орныг хөгжүүлэхийн тулд өнөөгийн монголчууд нэгэн үед Европ, Азийг дамнасан агуу Их эзэнт гүрнийг байгуулж байсан өвөг дээдсээсээ суралцах хэрэгтэй гэсэн итгэл үнэмшил надад байдаг. Чингис хаан хэмээх суут хүнээр зөвхөн бахархах бус, Чингис хаан ба түүний үр садын явуулж байсан бодлогоос сургамж авах хэрэгтэй. Тэр үеийн Монголын Эзэнт гүрний хөгжил цэцэглэл нь зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр олж авсан ололт амжилт байгаагүй билээ. Худалдааг чөлөөтэй явуулах, гаалийн тогтолцоог үр дүнтэй ашиглах, харийн иргэдийг албан тушаалд томилон мэдлэг чадварыг нь ашиглах, шашин шүтэх эрх чөлөөг хангах зэрэг бодлогын чанартай гайхалтай шинж чанарууд Монголын Эзэнт гүрний амжилтад нөлөөлсөн гэж боддог. Нөгөөтэйгүүр Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудад чухал. Цөөн үгээр хэлбэл, тэр шалтгаан нь ураг төрлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу дотоодын зөрчил байсан. Мөн дотоодын энэхүү зөрчлийг ашиглах гэсэн гадны хүч ямагт дэргэд нь отож байсныг бүгд мэдэх биз ээ. Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсандаа сэтгэл ханаж улс орны амгалан тайван байдал, эв нэгдлээс илүү хувь хүний эрх ашгийг дээгүүр тавьсан учраас нуран унасан байдаг. Монгол улс өнөөдрийнхөө хөгжлийн түвшинд сэтгэл ханаж улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг умартан хувийн эрх ашгийг дээгүүрт тавин, дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байвал хэзээ нэгэн цагт Монголын эзэнт гүрэнг мөхөөсөн алдаа давтагдах аюул тулгарах нь гарцаагүй. Монголын ухаалаг ард түмэн ийм байдалд хүргэх сонголтыг хэзээ ч хийхгүй гэдэгт миний бие итгэхийг маш ихээр хүсч байна.

Дээр дурдсанчлан, тун удахгүй миний хувьд япончуудын ярьдгаар “хоёр дахь” амьдрал минь эхэлнэ. Гэхдээ үүнийг зүгээр суун өдөр хоногийг өнгөрүүлэх үе бус, харин төрийн албанд зүтгэж байх хугацаандаа хийж амжаагүй олон ажлыг амжуулах боломж гэж би хувьдаа харж байна. Мэдээж хийхээр төлөвлөж буй ажлууд маань тодорхой хэмжээнд Монгол орон, монголчуудтай холбоотой байх болов уу. Хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чадах бүхнээрээ тус дэм болох, мэдлэг туршлагаа хоёр ард түмнийг ойртуулах, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд зориулах хүсэл эрмэлзэл маань өөрчлөгдөхгүй гэдгийг эцэст нь тэмдэглэе. Тийм ч учраас цаашид Монгол орон, монголчуудтайгаа нэг бус удаа эргэн учирна гэдэгт, мөн Монгол улсын хөгжил цэцэглэлтийн гэрч болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол орон, Монголын ард түмнийг тэнгэр ивээх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Боомтод адуу үхсэн асуудлаар ажлын хэсэг байгуулагджээ

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт байрлах Бичигтийн боомтын ойролцоо олон адуу үхсэн бичлэгийг сошиалын нэгэн хэрэглэгч фэйсбүүк хуудастаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаад буй. Одоогоор тус боомтоор урд хөрш рүү экспортлохоор 30 гаруй хүнд даацын машинд тээвэрлэн очсон 600 орчим адуу байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Тэдний зарим нь олон хоног хоолгүй байсны улмаас өлдөж, үхэж байгаа гэх мэдээлэл ч бий. Энэ талаар бид албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ асуудлаар холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Удахгүй дүгнэлт гарна. Экспортоор гаргахгүй шийдвэр гараад байхад зарим хүмүүс хил дээр адуу авч ирэн хүндрэл үүсгэсэн байна” гэх мэдээллийг өглөө.

Өнгөрсөн сард ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар өвлийн улиралд амьд адуу экспортод гаргахыг хориглосон захирамж гарсан. Үүнийг зарим иргэд мэдээгүйн улмаас ийнхүү адуугаа тээвэрлэн очсоор байгаа юм байна.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр ХХААХҮЯ, Шадар сайдын ажлын алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан 15.30 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ арван жилийн ойгоо тэмдэглэнэ

Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдаад арван жилийн нүүрийг үзэж байна Тус байгууллагын арван жилийн ирэх нэгдүгээр сарын 11-ний өдөр тохиох ажээ.

Монгол Улсын Их Хурал 2007 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолоороо Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг баталж байв. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тогтож, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Авлигатай тэмцэх газар арван жилийн ойгоо ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тухайлбал, авлигатай тэмцэхэд хамтын хүч, оролцоогоо нэгтгэх асуудлаар хувийн хэвшил, хууль хяналт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зэрэг салбар бүрийн төлөөллийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бичил уурхайн асуудлыг хэлэлцэх үндэсний чуулган болно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран “Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг маргааш Чингис зочид буудалд зохион байгуулна.

Үндэсний чуулган нь бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар бичил уурхайг албажуулах үйл явцыг эрчимжүүлэх, бичил уурхайгаар олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах боломжит хувилбарын талаар хэлэлцэж шийдэл олох зорилготой юм.

Уг арга хэмжээнд УУХҮЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЭМЯ болон Ашигт малтмалын газрын тосны газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх мэт Засгийн газрын агентлагууд, орон нутгийн удирдлага, холбогдох албан тушаалтан, судалгаа шинжилгээний болон иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, бичил уурхайчид зэрэг нийт 200 гаруй төлөөлөл оролцох аж.

Чуулганаар бичил уурхайг зохион байгуулах, албажуулах үйл явц болон эрдэс баялгийн борлуулалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх талаар бодлогын санал, зөвлөмж гаргана. Чуулганы үр дүнд бичил уурхайг зохион байгуулах, албажуулах талаарх төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Манай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш иргэд хувиараа амьжиргаагаа залгуулах гэж ашигт малтмал олборлох ажиллагаанд олноор татагдан орох болсон. ХАМО (Хувиараа ашигт малтмал олборлолт)нь улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед олон хүнийг ажилтай, орлоготой болгож, орон нутагт ядуурлыг бууруулах, өрх гэрийн амьжиргааг дээшлүүлэхэд нөлөө үзүүлж ирсэн. Гэвч энэ нь хууль бус, албажаагүй, татварын орчин бүрдээгүй, хүний эрх зөрчигддөг гэх мэт олон сөрөг талтай байсан юм.

2010 онд “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад холбогдох хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” батлагдаж хэрэгжиж эхэлснээр бичил уурхай албажих шат тавигдсан билээ.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн талаарх Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. 2015онд эхэлсэн төслийн 4 дэх үе шат нь өмнөх хугацаанд бий болгосон эерэг үр дүнг бататгах, бичил уурхайгаар олборлосон алтыг албан зах зээлд борлуулах, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайн талаарх мэдлэг, туршлагыг үндэсний болон олон улсын түвшинд хуваалцах, түгээх олон улсын мэдлэгийн төв бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: АН-ын VI Их хурал хаалттай хуралдаж байна

Ардчилсан намын VI их хурал Соёлын төв өргөөнд эхэлж байна. Энэ удаагийн Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд хуралд оролцох гишүүдээ өглөөний 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн байна. Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөн өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа оруулсан билээ. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох юм. Хурлын эхэнд АН-ын дарга З.Энхболд, АН-ын ҮЗХ-ны гишүүн УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин үг хэлсэн билээ. Харин одоо АН-ын хурал түр завсарлаад 15:00 цагаас хаалттай хуралдахаар болсон юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин: АН шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно

АН-ын VI их хурлын эхэнд З.Энхболд үг хэлсэн билээ. Тэрээр “Ардчилсан намын амлалтыг хэрэгжүүлэхээр Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн засаг сайн ажилласан. Бахархам амжилт гаргасан. Ардчилсан нам нийгмийн эв нэгдлийг бүхнээс илүү үзэж, бүх намтай хамтарсан засаг байгуулсан. Бүхэлд нь харвал АН Монголын эдийн засаг хөгжих суурь үндэсийг тавьж, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ипотекийн зээлийг тогтолцоог эрс шинэчилснээс зөвхөн 2012-2016 онд 80 мянган айл шинээр орон сууцанд оржээ. Эрчим хүчний салбар анх удаа өнгөрсөн дөрвөн жилд ашигтай ажилласан. Бид эрх барьж байхдаа ямар ч улстөржилтгүйгээр, аль нэг нам эсвэл гэлгүй бондын санхүүжилтыг олгосон. Бондоос мөнгө авсан 60 хувь нь МАН-ын гишүүдийнх байна. Ард т үмэн тэдгээр гишүүдийг УИХ-ын гишүүдээсээ татгалзаад шалгуулахыг хүсч байна” хэмээн онцлон хэлсэн юм. Түүний дараа АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн асан Т.Тэмүүжин намынхаа шинэтгэлийн хөтөлбөрийг танилцуулж үг хэлсэн билээ.

Тэрээр “Манай намыг эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг биш. АН-ын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлж байгаа юм. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ юуны өмнө шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг, хэрэгжүүлж чаддаг. Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагсдан хүмүүсийн тэмцэлийн талбар болно. Манай намд хамгийн чухал нь шинэ салхи хэрэгтэй байна. Урсдаггүй ус ширгэдэг. Тиймээс хаалгаа сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам гэдэг энэ хурлаас гараад ирэх оны хоёрдугаар сар гэхэд АН шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэлээ.

Ийнхүү Ардчилсан намын Их хурал түр завсарлаад байна.

Categories
мэдээ улс-төр

Оффшор дансны хуулийг буцаахыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр хуралдав. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүд нэлээд санал зөрөлдөж байв. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа зарчмын зөрүүтэй 60 гаруй саналаар санал хураахаар болсон. Гэвч Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “60 гаруй зарчмын зөрүүтэй санал гарч байгаа нь энэ хуулийн төслийн нэр томьёо цэгцрээгүй байгааг харуулж байна. Тиймээс хуулийн төслийг долоо хоногоор хойшлуулъя” гэдэг санал гаргав. Түүний саналыг гишүүд дэмжиж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг долоо хоногоор хойшлуулав.

Үүний дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гэвч Байнгын хорооны гишүүдээс нэлээд шүүмжлэл гарсан тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг дэмжив.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэлээд шүүмжлэл хэлэв. Тэрбээр “Оффшор бүсэд 32 их наяд ам.доллар төвлөрч байна. Энэ мөнгө нь хөгжиж байгаа орнуудын өрнөөс хол давсан. Зөвхөн тэр мөнгөнөөс татварыг нь суутгавал зарим орны гадаад дахь өрийг бүрэн дарах боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Өнөөгийн нөхцөлд гадны улс орнууд Сангийн яам болон татварын байгууллагатайгаа хамтарч тэдгээр мөнгөний эх үүсвэрийг шалгах, зохих татварыг нь төвлөрүүлэх, улс орон руугаа татах ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, ажлын хэсэг хүртэл байгуулж байна” гэв.

Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нар хуулийн төслийг буцаах саналтай байгаагаа илэрхийлж тэдний саналыг байнгын хороо дэмжив.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: МАН-ын алдаатай бодлогыг өнгөрсөн дөрвөн жил манай нам үүрч явсан

АН-ын Их хурал үргэлжилж байна. Ардчилсан намын VI Их хуралд нийтдээ 1210 төлөөлөгч оролцож байна. АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн ба ирээдүйн талаар илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ өнгөрсөн 2008-2016 оны эдийн засгийн байдал, Засгийн бодлогуудын талаар хатуухан шүүмжлэл хэллээ.

Тэрээр “Өнгөрсөн хугацаанд манай нам улс төрийн хүчирхэг хүчин байж, улс орны хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж ирлээ. УИХ, аймаг, орон нутгийн ээлжит сонгууль энэ жил болж өнгөрсөн. Манай өнөөдрийн Их хурал сонгуулийн ялагдлын шалтгаанаа тодруулж, Ардчилсан нам цаашдаа ямар шинэчлэл хийх вэ гэдгээ тодорхойлж байна. Өнгөрсөн жилүүдийнхээ алдааг оноог хаалттай хаалганы цаана шийдэх биш нийт гишүүдийн оролцоотойгоор нээлттэй ярилцахаар болж байна. 2008-2012 онд дэлхийн эдийн засаг эрчимтэй өсч, алт зэсийн үнэ нэмэгдэж байлаа. 2012 оноос дэлхийн эдийн засаг, тэр тусмаа Хятадын эдийн засаг эрчимтэй саарсан. Энэ нь Монголын эдийн засагт хүчтэй цохилт болсон. Нүүрсний үнэ гэхэд бараг тав дахин, зэс алтны үнэ 40 хувиар, газрын тосны үнэ 50 хувиар унасан. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Эдийн засгаа уул уурхайгаас хамааралтай болсон нь үе, үеийн Засгийн газрын алдаа байсан юм. Ардчилсан нам дөрвөн их наядын өртэй эдийн засаг хүлээж авсан. Гэхдээ Н.Алтанхуягийн Засгийн газар Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг гоншигоноод суугаагүй. Бид бүтээн байгуулалтыг сонгосон. МАН-ын алдаатай бодлогыг өнгөрсөн дөрвөн жил манай нам үүрч явсан. Ардчилсан намын амлалтыг хэрэгжүүлэхээр Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн засаг сайн ажилласан. Бахархам амжилт гаргасан. Ардчилсан нам нийгмийн эв нэгдлийг бүхнээс илүү үзэж, бүх намтай хамтарсан засаг байгуулсан. Бүхэлд нь харвал АН Монголын эдийн засаг хөгжих суурь үндэсийг тавьж, их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Ипотекийн зээлийг тогтолцоог эрс шинэчилснээс зөвхөн 2012-2016 онд 80 мянган айл шинээр орон сууцанд оржээ. Эрчим хүчний салбар анх удаа өнгөрсөн дөрвөн жилд ашигтай ажилласан. Бид эрх барьж байхдаа ямар ч улстөржилтгүйгээр, аль нэг нам эсвэл гэлгүй бондын санхүүжилтыг олгосон. Бондоос мөнгө авсан 60 хувь нь МАН-ын гишүүдийнх байна. Ард т үмэн тэдгээр гишүүдийг УИХ-ын гишүүдээсээ татгалзаад шалгуулахыг хүсч байна. Түүнийг би хувьдаа дэмжиж байна. Чингис бондын мөнгийг МАН их шүүмжилдэг. Үнэндээ МАН-ын дарга нарын баяр баясгалантай тууз хайчилж байгаа үйлдвэр, замууд бол бондын үр дүн. Цаашид МАН олон тууз хайлчлах байх. Бид эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлийг бүрдүүллээ. Ирээдүйд инфляци бага байх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн” гэв.

Мөн “МАН-ыг сонгуульд ялаад Засгийн эрхэнд гарах цагт хурдны төмөр зам манай улсыг тойроод явах жишээтэй. Ханшийн уналтыг бид жилдээ 100 төгрөгөөс хэдрүүлэлгүй барьж байсан. Харин эрх баригч нам гарч ирснээр ханшийн өсөлт огцом өссөн” гэв.

Ардчилсан намын VI Их хурал үргэлжилж байна.

Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхий сайд огцрохоо мэдэгдлээ

Францын Ерөнхий сайд Мануэль Вальс өчигдөр огцрохоо мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тэрбээр огцорч буй шалтгаанаа ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлажээ.

Учир нь тэрбээр эрх баригч Либерал Социласт намыг тэргүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших билээ. Тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Ерөнхийлөгч болсон Франсуа Олланд өнгөрсөн сард “2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлсэн юм.

Олланд нэрээ татсанаар Вальс ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ.