Categories
мэдээ нийгэм

“Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурал зохион байгуулагдана

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна.

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог бөгөөд энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байна.

Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Э.Амартүвшин “Соёлын элч” боллоо

Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Монгол Улсын Соёлын элч гэсэн хүндэт өргөмжлөл гардуулан өглөө. Өнгөрсөн жил энэ нэр хүндтэй шагналыг Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын Бостон Балетын гоцлол бүжигчин Дугараагийн Алтанхуяг хүртэж байсан.

Э.Амартүвшин нь Германы Киел хотын тайзнаа энэ оны аравдугаар сарын 9-нөөс 2017оны зургадугаар сарын 21 хүртэл “Риголетто” дуурийн гол дүрд 15 удаа дуулах гэрээ байгуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд дээрмийн гэмт хэрэг 12.1 хувиар буурчээ

Өнөөдөр ЦЕГ-аас сүүлийн үед гарсан гэмт хэрэг болон дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэл хотын хэмжээнд энэ оны өнгөрсөн сарын байдлаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нийт 353 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 62.9 хувиар нэмэгдсэн аж.

Харин энэхүү гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 12.1 хувиар буурсан гэлээ.

ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийнахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн: Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10,11 дүгээр саруудад бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулах, таслах зогсоох, урд нь үйлдэгдэн гарсан гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг нь олж тогтоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас “Цохилт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажиллалаа.

Арга хэмжээний хүрээнд нийт 87 гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа хийгдээд явж байна. Энэ оны 11 дүгээр сараас хойш иргэн Ц гэгч нь 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүллээ. Тухайн Ц гэгч нь өмнө нь ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан юм.

Мөн Н нарын гурван этгээд 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газраас илрүүлэн ажиллаа. Бусдын эд хөрөнгийг удаа дараа бүлэглэн дээрэмдсэн Б нарын зургаан этгээдийн хэргийг шалгах ажиллагаа явагдаж байна. Тухайн этгээдүүд гол төлөв ЕБС-ийн хүүхдүүдийн эд хөрөнгийг дээрэмддэг болох нь тогтоогдсон.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 12 сарын 5-ны өдөр “хүн хутгалагдсан байна” гэсэн мэдээлэл ирж шуурхай шалгасан. Тус хороонд оршин суух Б гэгч 57 настай эрэгтэйг түүний зээ хүү болох 12 настай Ч нь хутгалсан байсан. Хохирогч Б нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Энэ хэргийг одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Зээ хүү Ч нь Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтанд байдаг.

Энэ оны 11 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутагт дэвсгэрт хүнд зодуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгуулллагад ирсэн. Энэ мэдээллийн дагуу очиж шалгахад 43 настай А зодуулсан байсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэргийн 181,3 т зааснаар хэрэг үүсгэн шалгагдаж байна. Яг одоогийн байдлаар Хотын дарга С.Батболд, Г.Сундуй нарт хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Одоогийн байдлаар цагдаагийн хэлтэст ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Энэхүү хэрэг хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомт дээр байгаа 800 адууг нутгийн айлуудад тараан маллуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас адууг амьдаар нь экспортлохыг хориглосон захирамжийг 2016 оны арваннэгдүгээр сарын 15-нд гаргасан билээ. Эл захирамжийг БНХАУ-руу адуу экспортолдог аж ахуй нэгжүүд зөрчин, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод амьд адуу тээвэрлэн очжээ. Улмаар хилээр нэвтрүүлэхгүй хориглосноос үүдэн олон адуу үхэж, хоргодох болсон байна.

Энэ талаар өнөөдөр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Шадар сайдын ажлын зөвлөх А.Үйлстөгөлдөр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Шадар сайдын саналын дагуу манай яамнаас адууг амьдаар экспортлохыг хориглосон захирамж гаргасан. Гэтэл зарим ААН-үүд захирамжийг зөрчин хил дээр адуу тээвэрлэн очсон байна. Эдгээр тээвэрлэж очсон адуу хилийн боомт дээр үхэж байгаа талаар бичлэг сошиалд тавигдсан байна. Үүнийг бид шалгах үүрэг өгсөн. Одоогоор 800 орчим адуу хилийн боомт дээр байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс бид тухайн адуунуудыг нутгийн малчин айлуудад тарааж, маллуулах, эргүүлэн буцаах арга хэмжээ авч байна” гэлээ.

Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс хилийн боомт амьд адуу тээвэрлэж очсон ААН-үүдийг буцаан татахыг үүрэгджээ.

Мөн Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс хилийн боомт амьд адуу тээвэрлэж очсон ААН-үүдийг буцаан татахыг үүрэгджээ. Харин энэ талаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас тодруулахад “Бидэнд одоогоор чиглэл ирээгүй. Ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна. Бид санхүүгийн боломжгүй байдлын улмаас газар дээр нь очиж танилцан, томилолтоор ажиллаж чадахгүй байна.Ямартай ч 800 гаруй адуу байгаа гэсэн. Машин тус бүрээс 2-3 адуу үхсэн гэх мэдээлэл ирсэн” гэлээ.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр ойролцоогоор 30 орчим машин хил дээр байгаа бөгөөд 50 гаруй адуу өлдөн үхэж, тэдгээрийг ойролцоох жалганд нь булсан аж. ХаринСүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 30 орчим адуу үхсэн гэж мэдээллээ. Уг нь нэг машинаас 2-3 машин хоргодсон гэж тооцвол бараг 60 гаруй адуу үхсэн байх магадлалтай юм байна.

Categories
гадаад мэдээ

Мянга мянган энэтхэгчүүд түүний араас гашуудаж байна

Энэтхэгийн алдартай жүжигчин, нэртэй улстөрч Жаярам Жаялалита 68 насандөө энэ сарын 5-ны шөнө өөд болжээ. Тэрбээр Тамилнад мужийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулан өөд татаж чадсанаараа ихээхэн алдартай болсон юм.

Жаярам Жаялалитагийн дурсгалд Тамилнад мужид долоо хоногийн гашуудал зарласан ба энэ үеэр Төрийн далбааг буулгахаар шийджээ. Энэ эмэгтэй Тамилнад мужийн тэргүүн сайдаар дөрвөн удаа сонгогдож байлаа. Жаярам Жаялалита нь улс төрөөс өмнө Энэтхэгийн киноны алдартай жүжигчин байжээ.

Ард иргэд нь түүний төлөө гашуудан буй дүр зураг өнөөдрийн гадаад мэдээний сувгуудын нүүрийг дүүргээд байна. Улс төрчдөөс тус улсын ерөнхий сайд Нарендра Моди хамгийн түрүүнд оршуулах ёслолд иржээ.


О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгосын тэргүүлэх 9 группийн захирлууд асуулга өгөхөөр цуглажээ

Өмнөд Солонгос улсын Их Хурлаас бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан уг хэргийг шалгах ажлын хэргийг байгуулсан юм.

Тус ажлын хэсгээс бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн санаачлан байгуулсан гэгдэх үндэсний хэмжээний сайн дурын хоёр том санд их хэмжээний мөнгөн хандив өгсөн группуудын ерөнхий захирлуудаас асуулга авахаар болсон байна.

Үүнтэй холбогдуулан SK, LG, Hyundai, CJ, GS, Lotte, Hanjin, Hanhua, Samsung зэрэг есөн группийн ерөнхий захирлууд өнөөдөр асуулга өгөхөөр цугларчээ.

Ажлын хэсэгт багтсан Их Хурлын гишүүд тэднээс мөнгөн хандивыг хэн нэгний дарамт шахалтаас болж өгсөн эсэх, Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай хандив өгөх асуудлаар тусгайлан уулзсан эсэх зэргийг асууж тодруулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд дөрвөн гишүүнийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх” тухай асуудлыг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтад нийт 98 хүн материалаа ирүүлсэн байна. Үүнээс найман хүнийг шалгаруулж улмаар нэр дэвшигчдийнхээ дунд дахин сонгон шалгаруулалт явуулж дөрвийг нь сонгов. Тодруулбал, Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарын дөрвөн нэр дэвшигчийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор дэмжлээ. Харин уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Categories
гадаад мэдээ

Си Зиньпин Дэлхийн эдийн засгийн форумд оролцож магадгүй

БЭЭЖИН. /Financial Times/. БНХАУ-ын дарга Си Зиньпин ирэх оны нэгдүгээр сард Давост болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцоно. Ингэснээр тэрбээр уг форумд оролцсон БНХАУ-ын анхны удирдагч болох юм гэж “Financial Times” сонинд бичжээ.

“Си Зиньпиний айлчлалын бэлтгэл ажил амжилттай хийгдэж байгаа. Тэрбээр Швейцарьт хийх төрийн айлчлалынхаа үеэр уг чуулга уулзалтад оролцоно” гэж нэгэн эх сурвалж ярьжээ.

Ирэх нэгдүгээр сарын 17-20-нд болох уг арга хэмжээнд Си Зиньпин оролцох эсэх талаар Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулагчид ямар нэгэн зүйл хэлээгүй байна. Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Удахгүй болох Давосын форум нь Хятадын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломж гэж тус улс үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

АБГБ-ын Байнгын хорооны ирц бүрдсэнгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас хуралдах товтой байсан чирц бүрдээгүй тул хойшиллоо.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэх ёстой байсан юм.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төсөл багтсан. Үүнээс 2016 онд 31, 2017 онд 131, 2018 онд 71, 2019 онд 24, 2020 онд 3 хуулийн төслийг боловсруулах асуудал багтсан.

Үүнээс гадна 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл байгаа юм. Эдгээрээс 2016 онд дөрөв, 2017 онд 11, 2018 онд нэг тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 260 хуулийн төслийн 75 нь анхдагч хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нэг нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл аж.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой ажлын хэсгээс үзэж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын хорооны удирдлагууд гишүүнээ зодон танхайрчээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд эмэгтэй гишүүнээ зодож танхайрсан асуудлаар МАН-ын гишүүн, 65 дугаар үүрийн дарга З.Хүрэлбаатар, С.Ариунтуяа нар мэдээлэл хийсэн юм. Тэдний зүгээс МАН-ын хорооны удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд гишүүдээ дотор нь талцуулж, хувааж, дүрмийн бус хурлыг олон хийх болсон хэмээн мэдээллээ. Ээлжит нэгэн дүрмийн бус хурлынх нь үеэр намын гишүүн эмэгтэйг удирдлагын нэг нь толгой руу нь цохиж гэмтээсэн хэмээн мэдээлж байна. Одоо тус эмэгтэйн биеийн байдал сайнгүй, гэртээ байгаа гэж мэдээлсэн юм.

Тиймээс тэд намынхаа дарга нарын дотооддоо хийж буй хууль бус үйлдлийг илчлэхээр ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байгаа аж. Тэд цаашид ч үнэн бодит байдлыг мэдээлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

С.Ариунтуяа:

Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд сүүлийн жил гаруй хугацаанд дотоод дахь гишүүдээ хувааж талцуулдаг болсон. “Энэ бодлогыг дага, чиний бодлого буруу” гэх мэтчилэн намын нөхөд, гишүүдийг миний чиний гэсэн үзэл суртлаар талцуулах болсон. Энэ асуудлыг бид дэлгэж тавихаар эргээд хэвлэл мэдээллээр гүжирдэж байна. Олон нийтийн ажил зарлахдаа гишүүдээ ялгаварлаж, тодорхой албан тушаалтай хүмүүст л дуулгана гэх мэтчилэн хууль бус, дүрмийн бус хурал их хийдэг болсон.

2016 оны арванхоёрдугаар сарын 4-ний өглөө 10.00 цагийн үед манай журмын нөхдүүд утсаар ярьсан. “Дүүргийн намын хорооноос бүх үүрээс намын гишүүдийг авчирч дүрмийн бус хурал зарлаж байна. Энэ дээр ирж, юу болж байгааг тодруулъя” гэж дуудсан. Энэ дагуу би 11.00 цагийн үед очиход 62 дугаар үүрийн дарга н.Сайханцэцэгийг ИТХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намын бодлого дагаагүй тул үүрийн даргаас чөлөөлнө гэж хуралдаж байсан. Ингээд манай намын журмын нөхдүүд ороод “Ямар хурал вэ, бидэнд яагаад хэлээгүй вэ” гэж асуухад Сүхбаатар дүүргийн удирдлага, дэд дарга, улс төрийн ажилтнууд тэр эмэгтэй рүү дайрч давшилсан. Дүрмээ барьж ажиллах шаардлага тавьсан эмэгтэйг “согтуу байна, тэнэг авгай” гэх мэтчилэнгээр Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга н.Мөнгөншагай хэлсэн. Гэтэл хажуу талаас нь улс төрийн ажилтан н.Олимпиад орж ирээд тэр эмэгтэйг зодсон. Гартаа барьж байсан аягаараа цохисон. Өнөөдөр энэ хүний биеийн байдал муу байна.

Тиймээс бид холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Намын удирдах албан тушаалтнуудад өргөх бичгээ явуулсан. Энэ бол анхны асуудал биш. Манай дүүргийн намын хороо сүүлийн жил гаруйн хугацаанд дандаа зөрчил, тэмцэлтэй, хавчин гадуурхсан байдал үргэлжилсэн. Өнгөрөгч ИТХ-ын сонгуульд бүх нэр дэвшигчийг ялгаварлан гадуурхсан. Бодлогын туслалцаа байгаагүй. Бид энэ бүгдийг намын удирдлагуудад мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн ч ямар нэг хариу ирээгүй.

Магадгүй эмэгтэй хүнийг цус нөжтэй нь холиод гаргаж байгаа хүмүүс маргааш, нөгөөдөр хүний аминд хүрэхийг үгүйсгэхгүй.

Цохиулсан эмэгтэй удахгүй биеийн байдал, тухайн асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ гэдгээ мэдэгдсэн.

З.Хүрэлбаатар:

Монгол Ардын нам нь Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө бүгдийг хийж буй ууган хүчин. Бид намынхаа төлөө ажиллаж, өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд намын гишүүний итгэл үнэмшлээр далайцтай ажиллаж, олонхи болсон. Манай Сүхбаатар дүүргийн хувьд тодорхой ялалт авч чадаагүй.

Өнөөдөр бидний ярих гол асуудал нь Сүхбаатар дүүргийн намын хороонд болсон явдлыг үнэнээр нь мэдээлэх юм.

Өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүргийн намын хороо олонхи болж чадаагүй шалтгааныг би бодлогын алдаа гэж харж байгаа юм. Алаагүй баавгайн арьсыг хувааж авна гэдэг шиг намын хорооны удирдлагууд УИХ, орон нутгийн сонгуульд ялчихаад тэр эмоцоороо өөрсдийнх нь үгэнд ордоггүй, нам доторхи хэсэг хүмүүсийг элдвээр цоллож, орон нутгийн сонгуульд “унагах” тактик хэрэглэж, бодлогын том алдаа гаргаснаас ялагдсан гэж харж байгаа.

Өнгөрөгч амралтын өдөр нэр бүхий хүнийг дүүргийн намын хороон дээр дуудаж хурал хийсэн байгаа юм. Улмаар тэднийг ялагдсан тул хариуцлага хүлээнэ гэсэн. Энэ нь анхан шатны үүрүүдийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож байгаа хэрэг.

Хоёрдугаарт, ялсан үүрийн дарга нарыг ч мөн дуудаж хурал хийсэн. Миний зүгээс “Та нар яагаад хурлаа дур мэдэн зарлаж байгаа юм бэ” гэхэд “Хүрлээ даргаа танай үүрийг зарлаагүй. Өөр үүрийг зарласан” гэж байгаа юм. Тэгэхээр нь “Яагаад ялсан 64 дүгээр үүр хурал зарладаг билээ. Энэ үүр ялсан шүү дээ” гэхэд “Энэ бол үүрийн гишүүдийн асуудал” гэж байсан. Гэтэл тэр хооронд 61, 62 дугаар үүр хуралдаад дүүргийн намын хорооныхон нэг гишүүнийг нь зодсон байгаа юм. Иймэрхүү улаан цагаандаа гарсан зүйл их байна. Тиймээс бид цаашид дуу хоолойгоо үргэлжлүүлэн хүргэсээр байх болно гэв.