Categories
мэдээ нийгэм

Дээрмийн гэмт хэргийн гаралт буурчээ

ЦЕГ-аас сүүлийн үед гарсан гэмт хэрэг болон дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний талаар өчигдөр мэдээллээ. Нийслэл хотын хэмжээнд энэ оны өнгөрсөн сарын байдлаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нийт 353 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 62.9 хувиар нэмэгдсэн аж.Харин энэхүү гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 12.1 хувиар буурсан гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Нацагийн Жанцанноров: Монгол хүний багш бол таван хошуу мал нь юм

Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Номын жор” өдөрлөгт оролцохдоо оюунлаг залуустай ийн хөөрөлдсөн юм.


-Залуусын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа. Та бидэнтэй оюун билгийнхээ охиос хуваалцаач!

-Би та нарт хэрэгтэй юм хэлэх үү, үгүй юу гэдэгтээ эргэлзэж байна. Яагаад гэвэл аливаа юм цагтай. Орчлон ертөнцийг төсөөлж байгаа та бидний төсөөлөл бол ерөнхийдөө зарчмын хувьд ижил боловч та нар өөр цагт төрж өссөн, би өөр цагт төрж өссөн учраас нийлэхгүй юм бидэнд их бий. Тийм учраас би ингэж боддог, ингэх нь зүйтэй гэж ярих нь өөрийгөө тулгасан хандлага болно. Тиймээс миний үгийг өнгөрсөн цаг дээр аваачиж “Эдний үеийнхэн ийм юмыг ингэж боддог юм байна, манай үеийнхэн үүнийг яаж бодвол зүгээр вэ” гэдгийг ухаандаа сайн тунгаах хэрэгтэй. Тэрнээс “ахмадын үг алт” гээд яваад байвал зарим нь хольцтой шүү. Цагийн хольцтой. Тэрнээс ухааны хольц бол хамаа алга.

-Та нэгэнтээ “Хөгжмийн амин сүнс бол аялга байдаг” гэж хэлсэн байдаг даа. Тэгвэл номын ариун сүнс гэвэл юуг хэлэх бол?

-Би тэгж хэлсэн нь үнэн. Аялга гэж хэлний аялгын тухай биш хөгжмийн аялгын талаар хэлсэн хэрэг. Номын амин сүнс гэдгийг номт мэргэд л хэлнэ. Орчлонгийн хүмүүс хүнийхээ хувьд бүгд ижил. Тэгэхдээ тухайн үндэстэн гэх юм уу, мянга мянган жилд оршсон нутаг ус гэх юм уу, эрхэлсэн ахуй юм уу эсвэл тэнгэрээс өгөгдсөн оюун ухааны өгөгдлүүд нь өөр өөр байгаа. Хэрвээ ийм л өөр өөр байгаа бол тухайн үндэстний номынх нь ч амин сүнс, хөгжмийнх нь ч амин сүнс өөр өөр байгаа. Өөр байна аа гэдэг нь Оросын хөгжмийн амин сүнсээс Монголын хөгжмийн амин сүнс илүү гэсэн үг бас биш. Тухайн үндэстний оюун соёлын бүтээмж бусад үндэстнийхээс илүү юм уу, дутуу байх албагүй. Өөр л байна. Өөр байгаагаараа давуу талтай.

-Монгол үндэстний бусад үндэстнээс өөр байх оюун соёл юу байдаг бол?

-Бидний хэчнээн мянган жил дөрвөн төрөл, таван хошуу малаа адуулж маллаж ирсэн энэ соёл монгол хүнийг хүн болгосон гэж жинхэнэ оюун ухаант хүний хувьд би боддог юм. Мал бол монгол хүний багш гэж заримдаа би хэлдэг. Өөрөөр хэлбэл, мал малласан хүн даарахын, өлсөхийн, өнчрөхийн, ядрахын, зовохын бүх зовлонг юуны түрүүнд малаасаа мэдэрдэг. Эндээс хайр бий болдог. Энэ хайр монголчуудыг бусад үндэстнүүдээс хамаагүй өндөрт авч явдаг гэж би итгэдэг. Төмс тарьдаг хүн бол арай өөр л гэж би бодоод байна шүү дээ. Хөдөө хээр өнчирсөн ботгоо дотроо эзэн хүн бодохдоо үр хүүхэдтэйгээ зүйрлэн боддог. Тэр нь монгол хүнийг хүнлэг, энэрэнгүй байх, орчлон ертөнцтэйгөө зөв харилцах харьцааг бидэнд суулгасан. Та нар өнөөдөр өөрийгөө арван есөн настай, хорин таван настай гэж бодож байна. Энэ бол таны төрсөн нас, оны тоо яах аргагүй мөн. Ер нь бидний хэн ч байлаа гэсэн монгол хүний настай чацуу байгаа. Миний санаа ойлгогдож байна уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын мянга мянган жилд туулж ирсэн туршлага, оюун санааны бүхэл бүтэн бодомжийг өөртөө тээж яваа. Тиймээс бид өөрсдийгөө хэдхэн настай хүн гэхээсээ илүүтэй хэдэн мянган жилийг туулсан монгол хүнийг өөр дээрээ ачиж яваа бодгаль гэж ойлгох хэрэгтэй. Энэ бодгалийг бүтээсэн бүүвэйн дуу, тэр ингэний гингэнээ, хонь тойглох аялгууны үндэс нь монгол хөгжмийн амин сүнс юм гэж би хөгжмийн зохиолч хүний хувьд боддог. Тэгэхээр Монголын утга зохиолын амин сүнс нь монгол хүнийг барьж байдаг, бусдаас ондоо, давуу байлгаж чаддаг мянга мянган жилийн өгөгдөлтэй холбоотой тэр үзэл санаа юм.

-Таныг “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин доор” уран сайхны кинонуудын хөгжмийг туурвисан уран бүтээлч гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Та Монголын хөгжмийн ертөнцөд гандан буурахгүй мундаг бүтээлүүдээ дархлан туурвиж чадсан уу?

-Намайг хүмүүс их юм хийсэн хөгжмийн зохиолч гээд байдаг юм. Яг эргээд харахаар ерөөсөө юу ч хийгээгүй юм шиг байна шүү. Залуус та нар энэ үгийг Жанцанноров зөндөө юм хийчихээд худлаа маяглаж байна гэж бодож магадгүй. Тэгвэл миний насанд ирчихээд нэг бодоод үзээрэй. Хүний хүсэл, хийх чадамж хоёр гэж хязгааргүй аварга юм байдаг юм даа. Хязгааргүй зүйл гэж ерөөс байдаггүй л юм гэсэн. Энэ аварга их юмаа хүн бардаггүй юм байна. Барж чадах насандаа бүтээж туурвихгүй бол сүүлдээ харамсах шинжтэй. Би өөртөө их харамсаж байгаа. Аливаа бүтээлийг хүн уншиж ашиглахаас гадна өөрсдөө бүтээх хэрэгтэй. Хэвлүүлж нийтлээд алдар сууд гарвал өөр хэрэг. Чиний бичиж байгаа ном бол гайхамшигтай бүтээл байх болно. Чи л хийж байгаа учраас өөр хэн ч хийж чадахгүй. Яагаад чи гэсэн нэг бодгаль байгаад байна гэвэл одоохондоо хүнийг хувилаагүй байна. Солонгост тугал хувилсан л юм гэсэн. Чамайг хувилаагүй л байгаа бол энэ орчлонд цорын ганцаар байгаа. Өөр яг чам шиг бодгаль хорвоо дээр байхгүй. Хэрвээ чи ганцаараа л байгаа бол чиний чадах юмыг бусад хүн яагаад ч хийж чадахгүй. Тиймээс та нар “Өнөөдөр нэг роман биччихье” гэж өөрийгөө зовоогоод хэрэггүй. Бүх амьдралдаа болсон, болоогүй бүх зүйлээ зүгээр л цаасан дээр тэмдэглээд бичээд бай гэж зөвлөе. Жаран насны босгон дээр очоод эргээд нэг хараарай. Тэр тэмдэглэсэн зүйл чинь гайхамшгийг бүтээсэн байх болно.

-Та өөрөө тийм тэмдэглэл хөтөлж байв уу?

-Би ийм зүйл тэмдэглээгүйдээ үнэхээр их харамсаж байна. Бусдыг өөрийнхөө ийм салан замаар явуулахгүйн тулд залуучууддаа эртхэн сануулж хэлж байгаа минь энэ. Та бүхэн Сүхбаатарын талбайн урд байдаг Марко Пологийн хөшөөг мэдэж байгаа. Тэр хүн бол Италиас наашаа ирж Их Монгол Улсад арван долоон жил болсон. Бараг тагнуулын ч чиглэлийн хүн байх. Нутагтаа очоод шоронд орсон. Шоронд ороод хийх юм байхгүй юм чинь монгол оронд байсан тухайгаа бичсэн. Ном гаргасан. Марко Пологийн тэмдэглэл одоо Монголын түүхийн салшгүй нэг хэсэг болсон. Номонд дуртай хүн бүхэн уншсан л байх ёстой. Нэг хүний тэмдэглэл нэг үндэстний түүхийг босгоход хэрэг болж байна. Тиймээс залуучууд маань бүхэл бүтэн нэг том үндэстний нэг том бодгалийн хувьд өөрийгөө үлдээх хэрэгтэй. Бид дал насалж байгаа нь насалж байгаа биш мөнхөрч байгаа юм шүү дээ.

-Яагаад мөнхөрч байгаа гэж. Орчлонгийн жамаар элэгдэж байгаа хэрэг биш үү?

-Хүмүүний энэхэн заяанд төрсөн энэ байгаа үеэ мөнхөрч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг л өдөр алга болно. Та бид далан жилийн дараа уулзана гэж болзоо тавиад нэмэргүй. Хэн ч байсан энэ байгаа биеэрээ уулзахгүй. Зуун жилийн дараа бид бүгдээрээ хэн нэгийгээ харахгүй. Тэгэхээр ямар ч байсан мөнх бус гэдгийг ойлгох учиртай. Бид сэтгэж чадаж байгаа бол одоо мөнх байгаа гэдгээ ухаарах ёстой. Би тэгж бодож байна. Тэмдэглэлээ компьютерт найдалгүйгээр гараараа бичих хэрэгтэй. Би агуу их хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаатай арван зургаан жил хамт ажилласан. Цагийнхаа автобусанд суусных нь дараа “Ямар урагшгүй хүн бэ, би” гэж өөртөө харамсаж сууна. Хэлж байсан үг бүхнийг нь тэмдэглэх нь яав аа гэж байна шүү дээ. Хүн гэдэг арван хэдэн жил өнгөрөхөд л аливаа зүйлийг мартаж байна. Тиймээс гайхамшигт бодгаль болсон хүнийг давтах боломжгүй учраас л авьяас гайхамшигтай гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Авьяас бол өгөгдөл мөн. Алдарт зохиолч Ванчинбалын Инжанаши “Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас хөнгөн бийрийг хөшиж юугаа хийнэ” гэсэн. Хүний сэтгэлийг хөдөлгөж эс чадна гэсэн үг бол хүнийг ямар нэгэн хэмжээгээр ухаарч танина л гэсэн үг. Тэр хүнийг юунд гуних, юунд ухаажих, юунаас айх гэдгийг мэдэхгүй байж зохиол бичиж болохгүй. Тийм учраас манай энэ утга зохиолчид бол агуу их хүн судлаачид, хүн бүтээгчид байдаг. Авьяасыг ухаанаар зодохгүй бол авьяас хүнд очиж наалдахгүй

-Та бол Монголын хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтнээс гадна соёлын томоохон төлөөлөгч. Монгол судлал сүүлийн үед гадагшаа хандлагатай боллоо гэцгээх юм?

-Монгол судлалын төвийг Монголоос алдчих вий гэж айх огт хэрэггүй. Хөрс нь Монголд байгаа юм чинь юунаас нь айх юм. Хамгийн гол нь Монголыг л судалж байг л дээ. Хаана ч төвлөрч байсан Монголыг их л судалж байвал сайн биз дээ. Америктаа төвлөрөөд судална уу, Япондоо төвлөрөөд судална уу ямар хамаатай юм. Бидэнд социализмын үеийн сонин сэтгэлгээ байна. Тэр нь харамч зан. Уртын дууг минь харийнхан сурчих вий, манай тийм зүйлийг сурчих вий, судалчих вий гэсэн хармын сэтгэлгээг орхих хэрэгтэй. Монгол хүн хэдий чинээ оюун санааны тусгаар тогтнолтой байх тусам Монголын яруу найраг дэлхийд хөрвүүлэгдэж, Монголын морин хуурыг дэлхий хөгжимдөж, монгол уртын дууг дэлхий дуулсан цагт л монгол үндэстний оюун санааны дархлаа бэхжинэ. Намайг гэхэд Өмнөд монголчуудад уртын дуу заалаа гээд шүүмжлээд байдаг. Нэг өмнөд монгол ирээд уртын дуу заалгах гэхэд нь “Чи хятад биз дээ” гэж хөөгөөд явуулах ёстой юм уу. Энэ хүн чинь монгол шүү дээ. Монгол хүн монгол дуугаа суръя гээд ирэхэд ийм хүйтэн хөндий хандаж болохгүй. Бид социализмын үеийн сэтгэлгээнээсээ салахгүй байгаа бас нэг зүйл бол өөрсдийгөө дандаа бага буурай, жижиг гэж бодох. Хүн бүхэн тэгж боддог. “Монголын утга зохиол Орос, Хятадын утга зохиолд нөлөөлсөн нь” гэж огт бодохгүй. Яагаад бид гаднын соёлд нөлөөлж болдоггүй юм бэ. Тийм муу улс юм уу, бид. Тэр Иранд байгаа үндэсний уран барилгад нь манай Өлзийт хааны оюун санаа орсон зүйл байж л байна. Хүлэгийн улс, Батын улс байж л байсан. Арвангуравдугаар зуунд Монголыг л дуурайна уу гэхээс өөр хэнийг дуурайх юм бэ. Монголын сэтгэлгээ, соёл дэлхийг тэр үед атгаж л байсан биз дээ. Тиймээс залуучууд оюунаа жаахан онгойлгох хэрэгтэй.

-Оюунаа яаж онгойлговол зүгээр бол?

-Монголын үнэртэй бүтээлийг сайтар мэдрэх хэрэгтэй. Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Сэгс цагаан богд”, Тангадын Галсан найрагчийн бүтээлүүдийг уншихад монгол, хөдөө амтагдана, мэдрэгдэнэ, үнэртэнэ, хөөе. Одооны найрагчдын шүлгийг уншихад ямар ч үнэр байхгүй юм. Хүн бол боловсруулдаг нэг л тархитай. Таван мэдрэхүйгээрээ сайхан, муухайг ялгана. Үнэртэх, амтлах хоёр нь хэрэглээ болсон. Тиймээс энэ талын урлаг замбараагүй хөгжчихсөн. Үнэртэх урлагийн чиглэлд гэхэд “Шанель”, “Диор” энэ тэр гээд өчнөөн олон брэнд бий болчихсон. Энэ чинь ахуйн хэрэглээнд тулгуурласан мэдрэхүйн эрхтэнд таалагдахын тулд арилжааны урлаг болоод хөгжчихсөн. Амтлах гэхэд тогоочийн урлагийг дурдахад хангалттай. Чих, нүд, мэдрэх гурваа хүн сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжимтэй холбоотой бүх урлаг чихээр дамжиж нөгөө л тархинд очно. Дүрслэх урлаг нүдээр дамжина. Мэдрэхүй хэлээр дамжина. Гурил гэж бичихэд гурил л амтагдана. Урлаг гэдгийг нам төртэй холбон ойлгож огт болохгүй.

Төрийн дуулал ч юм уу, намын тухай дуу гэдэг чинь бидний сайн сайхныг ашигласан дээрэм байхгүй юу. Урлаг бол эцсийн эцэст эр, эм хоёр хүний бие биедээ таалагдах, сайхан байх гэсэн харьцаан дээр бий болсон зүйл. Урлагийн түүхэнд ийм зүйл бичсэнийг би олж хараагүй. Гэхдээ би тэгж л боддог. Монгол Улсын төр дэлхийн улс гүрнүүдтэй хөл нийлүүлэн явна, тэгэхдээ сонгодог нүүдлийн соёлоо хадгална гэж яриад байгаагаа амьдрал дээр нотолж хийж бүтээх хэрэгтэй. Хийхэд боломж, гарц бий. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Жавхлангийн яриад байгаагаар хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, морио уная ч гэдэг юм уу, хог арилгая гэж болохгүй. Жавхлан бол юу бодох ёстой вэ гэхээр морио унуулахын тулд морь унадаг хүмүүсийг урамшуулдаг тогтолцоог бий болгох ёстой. Мотоциклиор мал хариулна гэдэг чинь хамгийн амархан зүйл. Хоёр литр бензинээр зуун километр газар явна. Хамгийн хурдан бүтээл. Яагаад ашиглаж болохгүй гэж. Тэгэхээр яах ёстой вэ гэвэл ямааны ноолуурт урамшуулал олгож болж байгаа юм чинь, тариа тарьдаг хүнд төрөөс урамшуулал олгож байгаа юм чинь эмнэг сургадаг хүнд урамшуулал олгодог болчих хэрэгтэй. Аргал түүдэг, аргал түлдэг айлд урамшуулал олгоод мод түлдэг өрхөд торгууль тавих ёстой байхгүй юу. Сүүгээрээ, нэхийгээрээ бүтээгдэхүүн хийдэг, тэмээгээрээ нүүдэг айлд урамшуулал өгөх ёстой. Монголчуудыг малаас нь салгахгүй гэвэл ийм л арга хэрэглэх учиртай.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Үнэ цэнэтэй мөртлөө амаргүй ажилтай хэвлэл мэдээллийн салбарынхан татварын хөнгөлөлтөд хамрагдах ёстой

– ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХАД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ГИШҮҮД БҮГД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль уг нь өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байтал хойшлуулсан. Уг хуулийг шинэчлэн найруулж байгаа. Ямар өөрчлөлт, шинэ зүйл орж байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь энэ нийгмийн анхаарал татсан, зайлшгүй гаргаж, хэрэгжүүлэх хууль болчихоод байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар хүчирхийлэлтэй холбоотой 1066 хэрэг гарсан байгаа юм. Энэ бүртгэгдсэн хэргийн улмаас есөн хүн амиа алдаж 956 хүн гэмтсэн тоо баримт байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө нийгмийн анхаарлын төвд ирсэн, үүнтэй тэмцэх шаардлагатай цаг нь болчихсон байна гэдгийг л харуулаад байна шүү дээ. Тийм учраас би хувь хүнийхээ үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурин дээр анхнаасаа зогсч байсан.

Уг хуулийг буцааж татахад нь хүртэл энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж эсрэг кноп хүртэл дарсан юм. Яагаад вэ гэвэл, би сэтгүүлч хүн. Эдийн засгийн чиглэлээр нэвтрүүлэг, тойм бэлтгээд явж байхад ажилгүйдэл, ядуурал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг том шалтгаан болчихоод байгааг олонтаа харсан. Ажилгүй хүн архидан согтуурна. Согтуурч ирээд нийгмийн стресс, уур бухимдал, хүчирхийллээ гэр бүл, үр хүүхдэдээ гаргадаг бодит жишээ олон. Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажилласан л даа. Тухайн газартаа баг болж ажилладаг нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч, хороо, дүүргийн Засаг дарга нартай уулзсан.

-Эдгээр хүмүүс чинь гэр бүл, айл өрхүүдтэй тулж ажилладаг гол хүмүүс нь шүү дээ?

-Тийм. Дүүрэгт гарч байгаа нийт гэмт хэргийн нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг орж байна. Тэрэн дундаа хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо сүүлийн үед эрс өсөөд байгаа юм билээ. Жишээ нь сая бидний ажилласан Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 3350 хүртэл өссөн байна. Арван эмэгтэй тутмын нэг нь байнга, өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлд өртөхдөө үргэлж зодуулдаг гэсэн судалгаа гаргасан байсан. Хүчирхийллийн байдлыг аваад үзэхээр хүүхэдтэй холбоотой хүчирхийлэл 79, гэр бүлийн хүчирхийлэл 29 хувьтай байна. Гэр бүл салалт их байгаагаас хойд эцэг, эх нь дагавар хүүхдүүддээ анхаарал хандуулаагүйгээс охид нь гудамжинд гарч тэрнээсээ үүдэж хүчирхийлэлд өртөж байна. Хөвгүүд нь гудамжинд гарч зодоон цохионд холбогдож хүчирхийлэлд өртөж байгаа жишээ олон байна. Хаалттай хаалганы цаана хүүхдийн хүчирхийлэл их байгаа юм. Тийм учраас бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Гаргахдаа түүхий, дутуу юм гаргаж болохгүй. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байтал уг хуулийг яагаад буцаасныг судлаад үзэхээр эл хуулийг уг нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр оруулчихсан байсан ч санхүүжилтийг нь төсөвтөө тусгаагүйгээс мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар татагдсан байхгүй юу. Ажлын хэсгийнхэн уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тогтчихсон.

Гэхдээ санхүүжилтийг нь давхар шийдэж өгөхгүй бол болохгүй гэдэг нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд очоод газар дээр нь танилцахад мэдрэгдсэн. Санхүүжилт байхгүйгээс хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг байлгадаг хамгаалалтын байр байхгүй, дамжин өнгөрүүлэх байр нь ч хаана байгаа юм. Ер нь ийм зогсонги болчихсон. Тийм учраас үүнийг шийдэхдээ санхүүжилтийг нь цуг шийдэх ёстой гэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн юм бэ гэвэл маш том заалт орсон. Тэр юу вэ гэхээр хүчирхийлэл үйлдэж байгаа аливаа нэг хэлбэрт түүнийг гэмт хэрэг гэж үзээд хариуцлага тооцох заалтууд шинээр орж ирж байгаа. Зодсон, тарчлаасан, эрх чөлөөний эсрэг үйлдсэн хэргийг гэмт хэрэг, гэмт хэрэг дундаа эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд таслан зогсоох арга хэмжээнүүдийг маш тодорхой заагаад өгчихсөн.

-Хөршийн эхнэр, нөхөр хоёр зодолдоход “Айлын асуудал” гээд аль болох тоохгүй өнгөрөх, хараагүй юм шиг явах нь аминд өлзийтэй гэж үздэг. Тэгвэл үүнийг хуулийн шинэчилсэн найруулгад ямар байдлаар тусгаж байгаа вэ?

-Хуульд орсон нэг том өөрчлөлт нь үүнтэй холбоотой. Мэдээлэх үүрэг. Гэр бүлийн хүчирхийлэл тэр хаалттай хаалганы цаана болж байхад эр, эмийн хооронд илжиг бүү жороол, айлын асуудал бидэнд хамаагүй гэх маягаар ханддаг. Тэгэхээс аргагүй юм. Тухайн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад нь дуудлага өгч мэдээлэхэд хариуд нь хүчирхийлэл үйлдэгч этгээд анх мэдээлэл өгсөн хүнийг, хөршөө, найзаа олж очоод дарамталдаг. Ингэж мэдээлэл өгснөөрөө тухайн мэдээлэгч өөрөө эрсдэлтэй байдалд орчихдог учраас хүмүүс аль болох гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхээс зайлсхийдэг. Харин хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн хүчирхийллийг харсан, сонссон, мэдсэн хүн мэдээлэх үүрэгтэй болчихож байгаа юм. Тэр дундаа хүүхдийн мэдээллийг бүр зайлшгүй мэдээлэх үүрэгтэй гээд оруулчихсан. Мэдээлээгүй бол тэр хүмүүст хариуцлага тооцно. Иргэний хэрэг, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Нөгөө талдаа мэдээлэл өгсөн хүнийг хамгаална. Хүчирхийллийн тухай мэдээллийн нууцлал болоод мэдээлэл өгсөн хүнийг хамгийн анх хүлээн авсан төрийн албан хаагч хамгаална. Тэр хүн нууцлалыг задруулж хэн гэдэг хүн анх мэдээлэл өгсөн бэ гэдгийг ил болгочихвол холбогдох хуулиудаар хариуцлага тооцох юм. Тооцох хариуцлага нь чанга байх учраас мэдээлэл хүлээн авсан төрийн албан хаагч мэдээллийн нууцлалыг маш чанд хадгална. Мэдээлэгчийн нууцыг хадгалах заалтууд тодорхой орж ирсэн нь энэ хуулийн маш том давуу тал.

-Хүчирхийлэгчийг гэр бүлээс нь хэрхэн тусгаарлах вэ. Электрон гав зүүх, орон зайн хязгаарлалт тавих зэрэг зохицуулалт орж ирэх үү?

-Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн нь гомдлоор болоод шалгалтаар тогтоогдсон байвал яалт ч үгүй хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд эхнэр нь гомдол гаргаад хэрэг нь шүүх, прокурорын шатанд явж байтал эхнэр, нөхөр хоёр эвлэрээд хэргээ татаад авчихдаг байсан. Харин шинэ хуулиар эхнэр нөхөр хоёр эвлэрсэн ч хэрэг нь хэрэгсэхгүй болохгүй. Хэрэг нь цаашаа шийдэгдээд явна. Энэ бол маш том заалт шүү. Гадны орнуудын хуулиудыг судалж үзлээ л дээ. Австри, Герман, Япон зэрэг улсуудад маш ноцтой хүчирхийлэл үйлдсэн этгээд давтан үйлдэх гээд байдаг учир тухайн гэр бүлийг дахин эвлэрүүлэхдээ гол биш тэр хэргийг шүүхээр нь шийдүүлээд явчихдаг юм байна. Харин манайд бол гэр бүлийг аль болох салгахгүй талаас нь ханддаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцээд ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд баталж амжихаар байна уу. Энэ хуулийг хүлээж суугаа олон мянган хүн байгаа шүү дээ?

-Энэ хуулийг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулчихлаа. Энэ хуульд нэмж оруулах заалт, санхүүжилтийн асуудлыг нь дахин нэг харж үзээд их сайн ажиллаж байна. Ажлын хэсэг бол маш сайн ажиллаж байгаа. Өдөр шөнөгүй л ажиллаж, газар дээр нь очиж танилцаж, гадны туршлагуудыг судалж, харьцуулж байна. Гэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуультай хамт цогцоороо байж гэмээнэ бодит амьдралд хэрэгжинэ гэж хараад байгаа юм. Цаг алдахгүйн тулд энэ хуулиа ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлээд эхэлье. Эрүү, Зөрчлийн тухайн хуулийн холбогдох заалтуудаа ч оруулаад ирье гэчихсэн байгаа л даа. Энэ хуульд нэг айхавтар заалт орсон.

-Ямар заалт вэ?

-Хүүхдэдээ эсвэл эмэгтэй хүнд тоглоом шоглоомоор ч юм уу ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх гэж оролдох юм бол түүнийг нь гэмт хэрэг гэж тооцно гэсэн заалт явж байгаа.

-Ажлын байр, сургуулийн орчинд тийм үйлдэл их гардаг шүү дээ. Охид, эмэгтэйчүүдийн хормой хотыг нь сөхөхөөс эхлүүлэхээд биед нь халдахыг оролддог үйлдэл элбэг тохиолддог?

-Тэр бүхэн чинь энэ хуулиар хуульчлагдаад явчихаж байгаа юм. Гэмт хэрэг гэгдэж, хүчирхийллийн нэг хэлбэр болчихож байгаа.

-Энэ хуулийг буцаан татахад МАН-ынхан нийгмийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, танай намын эмэгтэй гишүүдийг “Хойд эх шиг сэтгэл гаргалаа” гэж шүүмжилсэн. Гэвч энэ хууль шинэчлэгдээд сар гаруйхны дараа хэрэгжиж эхэлнэ гэдэг нь сайн мэдээ болж байх шиг байна?

-Гэр бүлийн амар амгалан байдалтай холбоотой энэ хууль чинь дан ганц эмэгтэйчүүдтэй холбоотой хууль биш байхгүй юу. Сэтгүүлчид УИХ-ын эрэгтэй гишүүдээс энэ хуулийн талаар асуухаар “Манай эмэгтэй гишүүдээс асуу” гэдэг. Нийгэм маань, ТББ, АН-ын эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдээ л буруутгаад байх юм. Гэтэл бид тэмцэж, үүнийг хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой гэж яриад харин ч буцаж татаад шинэчлээд явж байна шүү дээ. Юм бүхэнд эмэгтэйчүүдийг буруутгадаг, эмэгтэйчүүдээс алдаа хайдаг тийм зүйл манайд нийгэмд их байдаг юм байна. Жишээ нь, эрэгтэй, эмэгтэй гишүүд гадаадад хамт томилолтоор явахад эрэгтэй гишүүдийнх нь талаар юу ч ярихгүй мөртлөө эмэгтэй гишүүд тэнд зугаалж явна, тийм юм өмсчээ гэж гоочилдог. Нэг иймэрхүү буруу ойлголт нийгэмд байгаад байх шиг байна. Үүнийг их гайхдаг юм. Эмэгтэйчүүд рүү их дайрдаг. Эсвэл эмэгтэйчүүдийг тэгж их хардаг юм уу. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Би заримдаа ойлгохгүй юм. Гэтэл би энд, Төрийн ордонд эмэгтэй гишүүн гэдгээрээ биш гишүүн хүн гэдгээрээ л сууж байна. Эмэгтэй, эрэгтэйдээ биш. Хүйс сонин биш. Би олон мянган сонгогчоо төлөөлж энд сууж байгаагийнхаа хувьд үүрэг хүлээж байгаа. Тийм учраас би ажиллах ёстой учраас ажиллаж л байна. Үүнтэй адил бүх гишүүн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, эдийн засгаа аврах тухайд бүгд л нэгдэх ёстой байхгүй юу. Тэгээд цаг хугацаа алдалгүй батлах ёстой.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар нааштай үр дүн гарах бол?

-Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Харин ч хоцрогдоод одоо л хийж эхэлж байна. Эдийн засаг маань хямрал гэхээсээ илүүтэй дефолт болчихоод байна. Манай улсын зээлжих зэрэглэлийг гадны судалгааны хоёр агентлаг бууруулснаа мэдээлчихлээ. Бизнесийн орчин маань ямар байгаа талаарх Дэлхийн худалдааны байгууллагын дүгнэлтүүд гарчихаад байна. Эдийн засаг, бизнес, мөнгө санхүүтэй холбоотой дээрээс нь нийгмийн үзэгдлүүд болох ажилгүйдэл, ядуурал ямар түвшинд хүрээд байна вэ гэдэг нь судалгаануудын дүнгээс илт харагдаж байна. ДНБ, эдийн засгийн өсөлт гурван улирал дараалаад бууралттай гарчихаад байна шүү дээ. 1.6 болчихлоо. Одоогоос хоёр жилийн өмнө ОУВС, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.2-0.5-ын хооронд л хэлбэлзэх нь ээ, ийм ийм зүйлүүд дээрээ анхаараач ээ гээд зөвлөж байхад манайхан муу ёрлоод, муу ёрын тоо хэлээд байна гэцгээсэн. Гэтэл өнөөдрийн бодит байдлыг тэр хүмүүс анализ хийгээд урьдчилаад харчихсан байсан байна шүү. Хэрвээ тэр үед нь тэр зөвлөмжийг хүлээж аваад эртхэн шиг арга хэмжээ авсан бол өнөөдөр бид ийм хүнд байдал орох ч байсан юм уу, үгүй ч юм уу. Цаг алдах ёсгүй. Эдийн засгаар улстөржиж болохгүй. Эдийн засгаар тоглож болохгүй гэж би их ч ярьдаг. Хямралаас гарах төлөвлөгөө гэж яриад байсан. Гэтэл сүүлийн арван жилийн дотор дөрөв, таван төлөвлөгөө гарсан байгаа юм. Тэр төлөвлөгөөнүүдийнх нь заалтууд нь төстэй л юмнууд орж ирээд байдаг. Харин оруулж ирж байгаа эзэд нь л солигдоод байдаг. Бодит амьдралд хэрэгждэг ч үгүй. “Атрын III аян” гэсэн бодитой хэрэгжсэн хоёр гуравхан л заалт байгаа даа. Бусад нь ямар ч ялгаагүй. Эдийн засгийн өсөлтийг төдөн хувьд хүргэнэ. Газрын тосны үйлдвэр барина. Төдөн үйлдвэртэй болж төчнөөн хүнийг ажилтай болгож улс орноо үсрэнгүй хөгжилтэй болгоно гэсэн уриа лоозонгийн шинжтэй л байсан. Гэтэл үзүүлэлт нь улам л муудаад байгаа байхгүй юу. Тиймээс одоо энэ бүхэнд цэг тавья. Оруулж ирдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байя, хэрэгждэг хөтөлбөр оруулж ирье гэсэн. Зургаан сар гэдэг бол нэг бодлын богино хугацаа. Энэ хугацаанд бид яг юуг өөрчилж чадах юм, тэрийгээ тодорхой тусгая гэдгээ ажлын хэсэг, байнгын хороо, бүлэг дээрээ ч ярьсан. Энэ үүднээсээ олон хүний санаа бодол туссан болохоор сайн хөтөлбөр болсон.

Бид энэ зургаан сарын хугацаанд хаана очих вэ гэдгээ л харуулсан байгаа юм. Ханшийг тогтвортой байлгая. Ханшийг тогтвортой байлгахын тулд яах вэ. Мөнгөний нийлүүлэлтдээ анхааръя. Засгийн газар, УИХ, Монголбанк гурав уялдаатай ажиллая. Эдийн засгийн өсөлтийг өсгөе, гурван хувьд хүргэе. Инфляцийг нэг оронтой тоонд барья гэж байна. Ингэхийн тулд яах вэ гэхээр нөгөөх л ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарах хэрэгтэй. Дотоод, гадаад хөрөнгө оруулалт хумигдаад байна шүү дээ. Энийг тэлэх бодлого барья. Тэлэхийн тулд аж ахуйн нэгжүүдээ, баялаг бүтээж байгаа, үйлдвэрлэл явуулж байгаа газруудаа тариф болоод татварын бодлогоор дэмжье гэдэг заалт энд орж ирсэн байгаа.

-Үүнтэй зэрэгцүүлэн томоохон мега төслүүдээ ч хөдөлгөх талаар заалтууд орсон байна билээ?

-Мэдээж уул уурхайн Оюу толгой, Таван толгой зэрэг төслүүд, дэд бүтэц, эрчим хүчний, төмөр замын том төслүүдээ эхлүүл. Засгийн газар юугаа хүлээгээд байгаа юм. Шууд эхлүүл. Гэхдээ шударга, хариуцлагатай эхлүүл гэдэг зүйлийг оруулсан. Санхүүгийн секторыг эрүүл болгох хэрэгтэй байна шүү дээ. Гадны судалгааны байгууллагууд манай банкуудад ч хүртэл үнэлгээ өгчихлөө. Тиймээс бид санхүүгийн салбарт хийх дорвитой шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй байна. Одоо бол улс төрийн мөчлөг дагасан юмнууд явахгүй нь ээ гэдгийг харлаа. Ингээд яваад байвал Монгол Улс бүр ч хүндрээд босох тэнхэлгүй болно. Иймээс энэ удаад заримд хүнд таалагдахгүй ч бай тийм заалтуудаа хийгээд ч болтугай санхүүгийн сектороо эрүүлжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирэх алхмуудыг хууль эрхзүйн хувьд нь бэлэн болгоё, суурийг нь энэ зургаан сард бэлдчихье гэдэг заалт орсон.

-Ирэх онд төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд удирдаж байсан албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг гишүүд ярих болсон?

-Хувьчлахыг нь хувьчилъя. Хувьчлахдаа шударга, богино хугацаанд амжилттай хувьчлахыг нь хийе. Нөгөө талаасаа энэ аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулъя. Жилийн дотор 11 их наядын алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудыг шууд солих, хоёрдугаарт, буцааж энэ алдагдлыг нөхүүлэхийн тулд хариуцлага тооцуулдаг болъё. Хариуцлагын системийг энд ажиллуулъя. Алдагдалтай ажиллаж байгааг нь харсаар байж улс төрийн томилгоо гээд байлгаад л байдаг. Нөгөөх нь идэж идэж тэр газраа ашиггүй болгож, хаяад явчихдаг. Эсвэл зарим нэг бүлэглэл нь тэр байгууллагыг нь ашиггүй болгож байгаад хувьчлаад авчихдаг. Нэг л биш юм яваад байна. Үүнийг халах ёстой. Тиймээс Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө эргэлддэг төрийн өмчит газруудыг ашигтай ажиллуулна. Ашиггүй ажиллаад эхлэнгүүт тэр даргыг багтай нь солиод улс төрийн арга хэмжээ аваад явчихъя. Алдагдлыг нь нөхүүлье гэдэг заалт тодорхой орчихсон явж байгаа. Хамгийн гол нь энэ хөтөлбөр хэрэгжих нь л чухал байна. Засгийн газар үүнийг хэрэгжүүлээд хянаад явж чадахгүй байна. Бусад улс оронд ийм нөхцөлд Онцгой түр хороог байгуулаад ажилладаг юм байна. Байнгын хороо шиг Түр байнгын хороо гэсэн үг. Эдийн засгийн байнгын хорооныхоо дэргэд юм уу, УИХ-аасаа ийм байнгын хороо байгуулъя гэдэг саналыг бид гаргасан. Энэ саналыг гишүүд дэмжиж байгаа. Тэгэхээр яаж хяналт тавихаа явцын дунд ярьцгаана. Ямар ч байсан хөтөлбөрөө гаргачихлаа. Одоо Засгийн газар хэрэгжүүлэх л үлдэж байна.

-Та яриандаа ажлын байр шинээр бий болгож байгаа болон ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг тариф болон татварын хөнгөлөлтөөр дэмжих тухай ярилаа. Хэвлэл мэдээллийн салбарын хувьд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бүхнээ шавхацгааж байгааг та энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд мэдэрч байгаа байх?

-Аж ахуйн нэгж, салбаруудаа ялгаварлах нь буруу. Харин аль салбар нь эдийн засаг болоод нийгмийн асуудалд ач холбогдол өгч байна вэ гэдгээр нь бид харах ёстой. Хэвлэл мэдээллийн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой. Би энэ салбараас төрөн гарсан. Энэ салбарыг харж байхад нийгмийн түүчээ болж өдөржин, шөнөжин ажиллаж байна шүү дээ. Эдийн засгийн хямрал эндээ байна, үүнийг ингэж засъя, энд шударга бус юм байна гэж шударга ёсны дууч, оюун санааны чиглүүлэгч болж байна. Хэвлэлийн байгууллага, хэвлэх үйлдвэрүүд маань олон хүнийг ажлын байраар хангаж байна. Тийм учраас шаардлагатай тохиолдолд энэ 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдах ёстой. Хэвлэл мэдээллийн салбар гэхээр бусдад үйлчилдэг, тэгсэн хэрнээ өөрсдөө юу ч үгүй үлддэг. Тийм байж болохгүй. Нөгөө талаар эздийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны мөнгө гээд том компаниудаас мөнгө авчихдаг гэх мэт янз бүрийн сөрөг мэдээллийн улмаас энэ салбарын нэр хүнд уначихаад байна. Тийм учраас би хэвлэл мэдээллийн салбарын хүн учир хэвлэлийн ил тод байдлыг хадгалах, энэ салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлээр хууль эрхзүйн цогц өөрчлөлт хэрэгтэй байна гэж үздэг. Хамаагүй юм хэлэхээр торгуулчих гээд байдаг, үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийг хамгаалах хамгаалалт ч алга. Тиймээс хэвлэлтэй холбоотой төрийн цогц бодлого байх ёстой юм байна. Үүнийг өөрчлөх ёстой юм байна гэдгийг одоо харж байна. МҮОНРТ дээр болж байгаа үйл явдлаас ч тэр харж байна. Хэвлэл мэдээллийг улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн бие биенээ намнах хэрэгсэл болгох гээд байна шүү дээ. Энэ бүхнийг зохицуулах хууль хэрэгтэй юм байна гэдгийг харж байна. Хоёрдугаарт, санхүүгийн хувьд энэ салбарыг дэмжих хэрэгтэй байна. Бие даасан байх хэрэгтэй. Тэгж байж сэтгүүлч хүн үнэний дуу хоолой, оюун санааны түүчээ болсон үүргээ бардам хийж чадна. Би дээр яриандаа дурдсан гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс мэдээлэхээс айдагтай адил энд бид дуу хоолой нь болж явдаг шүү дээ. Ийм үнэ цэнэтэй, амаргүй ажил хийж байгаа энэ салбарынхан уг хөнгөлөлтөд хамрагдах ёстой гэж үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Шүд сугалах” хуулиар хориотой юу

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, зулай битүүрснээ зарласан. Гэсэн ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарыг огцруулах тухай яриа гарч байна. Бүр сонин нь МАН УИХ-д 65-уулаа хэт олонхи болсон үедээ Засгийн газрын гишүүдээ огцруулах талаар ам ангайж байгаа нь энэ. Учир нь эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад дээрх сайд нар хангалтгүй ажилласан гэж үзжээ. Засгийн газрын кабинетаас зарим сайд нарыг огцруулдаг асуудлыг улс төрд “шүд сугалах” хэмээн нэрших болсон. Ер нь манай улс төрд “шүд сугална” гэдэг хэллэг бий болсоор 20 оныг үдэж байх юм. Учир нь 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” сонгуульд ялалт байгуулж, анхны ардчилсан Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилсон ч “УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна” гэх шалтгаанаар ганцхан жилийн дотор огцруулж байв. Түүнээс хойш шүд сугалдаг, сугалуулдаг Засгийн газрын нүүрийг хэдэнтээ үзлээ, монголчууд.

Сүүлд гэхэд Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн О.Баасанхүү огцруулна хэмээн хэвлэлээр зарлаж байлаа. 2014 оны гуравдугаар сараас эхлэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын “газар хөдлөлт” ингэж эхэлсэн юмдаг. Чуулганы хаалттай хуралдаанаар хэлэлцэн Х.Тэмүүжинг авч үлдэж байсан. Үүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэх мэтээр шүд сугалахаар нэлээд үзсэн ч эцэстээ Н.Алтанхуягийн Засгийн газар бүхэлдээ огцорсноор хэсэг чимээгүй болсон. Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байсан С.Баярцогтоос эхлэн “сугалуулах” сайд нарын нэрс үе үе цухалзсаар байсан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байв. Сүүлдээ энэ нь улс төрийн хүрээнээс хальж хувийн ашиг сонирхлын үүднээс өөрт нь таалагдсан шийдвэр гаргаагүй сайд нарыг огцруулах “шантааж” явдаг болсон.

Харин иргэн П.Баттулга нарын зүгээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж байгаа нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуульд заасан үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн гомдол гаргасан нь нэг талаараа зөв алхам болсон гэж үздэг. Үндсэн хуулийн Цэцээс “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэх дүгнэлтийг гаргасан юм. УИХ ч гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Засгийн газрын гишүүнийг хэн нэгэн Их хурлын гишүүн огцруулах санал гаргаад “мулталдаг” байдалд цэг тавьж чадсан. Ингэж “шүд сугалах”-ыг хуулиар хориглочихсон юм л даа. Тиймээс хэн нэгэн гишүүн дургүйгээ хүрэхээр чамайг огцруулна гэдэг асуудал ярих боломжгүй болсон гэсэн үг. Засгийн газар тогтвортой үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үзсэн учраас Цэц ийм шийдвэр гаргаж байсан билээ.

Гэтэл аанай л Ардын намынхан “Зарим сайдыг огцруулж, хариуцлага тооцох ёстой” хэмээн ил, далд ярих боллоо. АН, МАН-ын аль ч үед “шүд сугалах” ажиллагаа явагдаад байвал шүдгүй арслан шиг Засгийн газарт түмэн олны итгэл алдарч дуусах нь ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Санжаа

Санжаагийн бие муудаад эмнэлэгт хүргэгджээ. Тархинд нь цус харваад ухаангүй болчихсон юм. Түүнийг сэхээнд хэвтүүлсэн эхний өдөр ухаан орсонгүй. Харин маргааш нь ухаан орж эмч, сувилагчтай ярихтайгаа болжээ. Гэхдээ хамаг бие, нүүр, гар, толгой нь учир нь олдохгүй олон аппараттай гуурс, утсаар холбоотой.

Эмнэлэгт хэвтсэн гурав дахь шөнөө Санжаа гэнэт сэрэв. Өөрөө сэрчихэв үү, эсвэл өрөөний хаалга үл ялиг чихарч дуугарснаас болсон уу, бүү мэд. Коридороос тусах бүдэг гэрэлд нэг хүний хар бараан дүрс онгорхой хаалган дээр хөдөлгөөнгүй зогсох аж. Лав гурвалжин шовоодой малгайтай, гартаа өөрөөсөө урт нарийхан шургааг шиг мод мөрөн дээрээ хөндлөн тохчихсон харагдана. Бараан дүрсийг хараад Санжаа нэг их цочсонгүй, бодвол шүүрний мод агссан цэвэрлэгч биз. Харин эмэгтэй хүн гэхэд (цэвэрлэгч эмэгтэй л байж таараа) ямар ч өндөр юм бэ дээ.

Бараан дүрс Санжаагийн ор руу аажуухан дөхлөө. Ойртох тусам түүнийг цэвэрлэгч биш болохыг ойлгов. Юүдэнтэй хар нөмрөг өмсөж, гартаа өвсний хадуур барьсан нэгэн. Юүдэнд хагас халхлагдсан нүүр нь танигдсангүй. Гэвч Санжаа бараан дүрсийг шууд танилаа. Энэ бол Үхэл. Түүнийг хэзээ ч биетээр харж байгаагүй боловч киноноос сайн танина. Гэвч яагаад ч юм, Санжаа ер айсангүй. Харин ч мэндэллээ:

-Сайн байна уу?

Үхэл дугарсангүй.

-Та Үхэл мөн үү?

Бараан дүрс энэ үгэнд цочирдов уу яав, зогтусах мэт хөдөлгөөнгүй болсноо:

-Тийм ээ, би Үхэл байна. Чи намайг таньдаг юм уу? хэмээн яг л Санжаагийн үзсэн кинон дээр гардаг шиг хахирдуу гэмээр дуугаар өчлөө.

-Таныг сайн танина. Киноноос зөндөө үзсэн. Намайг авах гэж ирсэн үү?

-Тийм. Чиний цаг болчиж!

-Тэрийг би ойлгож байна аа. Харин өвтгөх үү?

-Үгүй ээ. Би авч яваа хүнээ зовоодоггүй. Санаа зоволтгүй. Цаг чинь болсон болохоор л би үүргээ гүйцэтгэхээр ирлээ.

Санжаа бүр тайвширч, бие нь бүрэн тавирчээ.

-Нэгэнт цаг болсон бол би таныг дагаад явъя даа. Харамсаад байх юм юу ч байх билээ. Нас ч 72 хүрлээ. Магадгүй хэт урт насалсан ч байж…

-За тэгвэл явъя даа. Чи их эелдэг хүн байна.

-Би яаж явах вэ? Орноосоо босоод араас чинь алхах уу?

Санжаагийн асуултад Үхэл их гайхсан байх, чичвэсхийснээ шал өөр юм асуулаа:

-Чамд өнгөрсөн амьдралаас чинь харамсах юу ч үлдээгүй гэж үү?

Санжаа ч энэ гэнэтийн асуултад цочирдлоо. Түргэн зуур өнгөрсөн амьдралаа хөрвүүлэн эргэцүүлснээ:

-Ганцхан юм бий. Бүхий л насан туршдаа үүнд харамссаар ирсэн. Ердөө л ганц…

-Юув? Тэр ганцыгаа хэлчих.

Санжаа хэсэг зуур бодолхийлэв. Энүүхэн хооронд тэрээр хажууд өөрийг нь Үхэл хүлээгээд зогсож буйг мартжээ. Уртаар санаа алдаад:

-Би бараг хүүхэд байхдаа нэг хүүхэнд дурласан юм. Түүний араас би олон жил хөөцөлдсөн. Харин тэр намайг тоогоогүй.

Үхэл асууж байна:

-Хүүхэн бүх насаараа чамайг тоогоогүй юм уу, эсвэл түүнтэй суух бололцоо чамд гарч байсан уу?

Санжаа тэр дор нь хариулсангүй. Хүүхнийхээ тухай хэсэг зуур бодож, эргэцүүлэв. Бүхий л амьдрал нь нүднийх нь өмнүүр киноны дүрс шиг гялалзан өнгөрнө:

-Байсан. Зөндөө байсан. Тэр болгонд нь би өөрөө алдаа гаргасан. Алдаад л, мунгинаад л, тэнэгтээд л…

-Чамайг бүр өрөвдчихлөө. Би чамд тусалъя.

-Яаж? Намайг авч явахаа болих гэж үү?… Үгүй дээ, дал гарчихсан би одоо нөгөө хүүхнээ очиж эргүүлээд суух гэж үү? Болъё. Шал дэмий…

-Би чамайг тэр хүүхэнтэй танилцаж байсан үе рүү чинь буцаагаад аваачъя. Чи түрүүн алдсан алдаагаа засаад тэр хүүхэнтэйгээ суугаад, дахиж 72 наслаад, харамсах ганц ч юмгүй болчихоод эргээд ир. Тэгэхээр чинь би дахиж ирээд чамайг аваад явъя.

Санжаа гайхан дуу алдлаа:

-Болдог юм уу? Яаж?

-Болгоно оо. Надад тийм эрх бий. Тийм мэдэл ч бий, чадал ч бий.

l l l

Санжаа дахиад цус харвав. Дахиад л өнөөх сэхээндээ ухаангүй. Гурав дахь шөнөө яг тэр цагтаа сэрэв. Хаалганы босгон дээр зогсох Үхэлийг тэр танилаа. Тэртэй тэргүй ирэхийг нь мэдэж байсан юм чинь.

-Харамсах юмгүй болоод эргэж ирсэн биз дээ. Баяр хүргэе! хэмээн Үхэл баяр хүргэж байгаа шинжгүй, мөнөөх хахир дуугаараа асуулаа.

-Би баларсаан. Естой баларсан юм болсон…

-Дахиад тоогдоогүй юу?

-Тэрнээс ч дор. Тоогдох нь тоогдсон. Урьдын алдаагаа зассаар байгаад тоогдсон. Гэвч тэр маань хар нялхаараа нас барчихлаа. Дөнгөж 17 настай байсан шүү дээ.

-Чамаас болсон хэрэг үү?

-Юунаас болж нас барсныг би мэдэхгүй. Гэхдээ намайг тоолгүй явсаар лав л өдий хүртэл амьд байсан юм чинь. Тэгэхээр би амьдралыг нь өөрчилсөн хэрэг.

Үхэл бодлогошрон өрөөн дундуур хэсэг холхисноо:

-За тэгвэл явцгаая даа. Би чамд бололцоо олгосон. Чи үнэн хэрэгтээ нэг зуун дөчин хоёр жил амьдарлаа. Надад гомдох юм байхгүй биз дээ.

-Яалаа гэж гомдох билээ. Би танд маш их талархаж байна. Гэхдээ нэг гуйлт байна…

-?

-…Намайг дахиад буцаагаад өгөөч. Би юу ч өөрчлөхгүй, тэр хүүхэнд тоогдохгүй явсаар хуучин маягаараа амьдарчихаад эргээд ирье.

-Чи юу ярьж байна аа? Хоёр гурвын зургаа, гурван долоон хорин нэг… чи хоёр зуун арван зургаан жил амьдрах гэж үү? Мод л биш юм бол ийм урт амьдардаг ямар ч амьтан байхгүй.

-Би танаас сөгдөн гуйя. Би хүний амьдралыг сүйтгэчихлээ шүү дээ. Би хөндлөнгөөс оролцоогүй бол тэр хүүхэн ная, магадгүй ер наслах ч байсан юм бил үү.

-Бололцоогүй хэрэг. Би өөрт өгөгдсөн эрх мэдлээ дахиж ингэж буруугаар ашиглаж чадахгүй.

-Та зөв хэллээ. Та өөрт оногдсон үүргээ буруугаар ашиглаагүй бол тэр хүүхэн одоо болтол амьд байх байсан. Би түрүүн таныг дагаад явахад бэлэн байсан. Та л намайг ийм юм руу түлхсэн биз дээ?!

Үхэл өрөөн дундуур мөн л холхиж “Хоёр зуун арван зургаан жил” хэмээн амандаа дахин дахин бувтнана.

-Яст мэлхий! Яст мэлхий гурван зуу насалдаг гээ биз дээ?

-За тэгвэл чи надад амла, юуг ч өөрчлөхгүй яг анхны амьдралаараа амьдарсаар буцаад ирнэ гэж.

-Амлаж байна.

l l l

Өрөөний хаалга үл ялиг чихран дуугарч хаалга нээгдлээ. Коридороос тусах бүдэг гэрэлд хар бараан дүрс онгорхой хаалган дээр хөдөлгөөнгүй зогсох аж. Гурвалжин шовоодой малгайтай, гартаа өөрөөсөө урт нарийхан шургааг шиг мод мөрөн дээрээ хөндлөн тохчихсон харагдана. Энэ бол Үхэл. Тэрээр Санжааг авахаар гурав дахь удаагаа ирж буй нь тэр. Өрөөнд хэн ч алга. Эмнэлгийн олон янз аппарат төхөөрөмж бүгд унтраалттай. Санжаагийн ор хоосон, Хөнжил, бүтээлэг нь цэвэрхэн хураалттай. Өрөө нам гүм.

Үхэл өрөөг дахин дахин тойруулж харснаа өнөөх хахир дуугаараа:

-Хэлсэн амандаа хүрсэнгүй. Тэр дахиад өөр маягаар амьдарчээ! Харамсах юмгүйгээр амьдралаа жаргалтай өнгөрөөсөн бололтой!

Үхэл дороо эргэн цааш алхан холдоход хаалга үл ялиг чихарч хаагдлаа.

Амьсгалаа түгжин нуугдсан Санжаа орон дороос мөлхсөөр гарч ирэв. Тэрээр “эмч дуудах кноп”-ыг дарчихаад орон дээрээ гарч хэвтэв. Хөнжлөө ч нөмөрлөө.

-Тийм ээ, надад одоо амьдралаас харамсах юу ч үлдсэнгүй гэж амандаа шивэгнэв.

Жич: Санжаа гэсэн нэр нь түвдээр Бурхан гэсэн утгатай. Мартсанаас өнөө хүүхнийг Дариа гэх, энэ нь уг гарлаараа санскритаар Тара гэж хэлэгдэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “XIV Далай лам, XI Банчин лам, X Жавзандамба хутагт” хэмээх нийтлэл хэвлэгджээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины лхагва гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Ардчилсан нам найман жилийн дараа буюу өчигдөр Их хурлаа хийлээ. Өдгөөгөөс 16 жилийн өмнө буюу 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын Ардчилсан нам, Сэргэн мандлын нам, Монголын социал демократ нам, Монголын Үндэсний ардчилсан нам, Монголын Шашинтны ардчилсан нам нэгдэн өнөөдрийн Ардчилсан намын үндэс суурийг тавьж байлаа. АН-ын Их хуралдааны талаарх тэмдэглэлийг нэг, арваннэгдүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хууль зүйн байнгын хороо хуралдав зурган илэрцүүдХууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж дараахь асуудлуудыг хэлэлцсэн юм. Эхлээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалахб айр найм байдгаас 2016 оны аравдугаар сарын байдлаар 1122 хүн үйлчлүүлсний найм нь эрэгтэй, 749 нь хүүхэд, үлдсэн 300 орчим нь эмэгтэйчүүд байна” хэмээн хэлжээ. Байнгын хорооны хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцснийг манай сонины улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Баабар зурган илэрцүүд“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “XIV Далай лам, XI Банчин лам, X Жавзандамба хутагт” хэмээх нийтлэл хэвлэгджээ.

Амараагийн ар гэрийнхэн зурган илэрцүүдХэд хоногийн өмнө “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломатч зодсон хэрэг гарсан. Уг хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос тодрууллаа. Тэрээр “Дипломат ажилтан хүн өөрийн улсдаа буцаж очоод хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай” хэмээн онцлон хэлжээ. Энэхүү тодрууллагыг улс төрийн зургаадугаар нүүрнээс сонирхон хараарай.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй хөөрөлдөө. Тэрээр “ Онцгой байдал хариуцсан Шадар сайд “Зуун жилд болоогүй хатуу өвөл болно” гэж гадны хүний үгээр намирах утгагүй” хэмээн хэлжээ. Энэхүү ярилцлагыг манай сонины 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Гоёл 2016” наадмын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан “Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан”-гийн захирал, дизайнер О.Уранцэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Миний хамгийн анхны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан” хэмээн бахдалтай хэлжээ. Түүний сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс хараарай.

“Глоб”-ын гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хоршоо”-ны хэрэгт буруутгагдсан 10 жил хэртэй хугацаанд хоригдоод өнгөрсөн жил суллагдсан. Тэрээр хорихоос гараад 10 хоногийн дараа олон нийтэд мэдээлэл хийж, “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогч болсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдэж байлаа. Саяхан уг хэрэгтэй холбоотой асуудлаар дээд шүүхээр хэлэлцэгдэж, тухай үед төрд ажиллаж байсан хэдэн хүний буруутай үйл ажиллагаа хэрэгт нөлөөлсөн болох нь тогтоогджээ. Гэхдээ тэрээр хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлбөрийг барагдуулаад, дуусах шатандаа яваа юм байна. Мөн тэрээр “Өнөр хаус” хэмээх үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхийн хажуугаар, хэд хэдэн томоохон төслийн ажлуудыг эхлүүлээд байгаа ажээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг манай сонины 17 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ”

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Н.Алтанхуяг: Ардчилсан намаас Ардын нам засаг авсан ч зарим дарга солигдохгүй л байгаа юм даа

Ардчилсан намын VI Их хуралд Соёлын төв өргөөнд хаалттай горимоор явагдаж байна. Их хурлаар намын дүрмийн шинэчлэлийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм. Энэ удаагийн Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, намын үндсэн дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, намын шинэчлэл, АН-ын бүх шатны даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, Хяналтын Ерөнхий хороо байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр батлаад байгаа.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүд санал шүүмжлэл өрнүүлэх үеэр Ардчилсан намын Их хурлын гишүүн, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Би ийм ардчиллын төлөө яваагүй. Ардчилсан намаас гарлаа” гэж мэдэгдээд хаалттай хуралдааныг орхиж гарчээ.

Хаалттай хуралдааны цаана ямар үйл явдал өрнөж байгаа талаар намын зарим гишүүд цахим ертөнцөд жиргэж байна. Тухайлбал, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “АН үүсгэн байгуулсан түүхэн 4 хөдөлгөөнийхөн үг хэлж ширүүн шүүмж хэлж байна. МоАХ-г төлөөлж үг хэлсэн Сосорбарам намаас гарч шинэ нам байгуулна гэв” хэмээн жиргэв.

Харин хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Манай намд улс орныг удирдаад аваад явах бүх хүч ид шид, чадал байна. Хамгийн гол нь зарим гишүүд ямар нэгэн бүлэглэлд барьцаалагдаад байна. Зарим нь бол гэнэхэн санаандгүй хийчихээд байгаа юм шиг байна. Ер нь бид нэг юм л ойлгох хэрэгтэй. Бид юунаас болоод ялагдав. Юунаас болоод бид нарыг ялагдуулав. Дахиад нэг зүйл хэлье. Ч.Сайханбилэг уучилна биз. Би Ч.Сайханбилэгийг ч шүүмжилдэг. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны маргааш нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдчихаад Тагнуулын даргыг сольж тавьсан. Мөн Цагдаагийн газрын даргыг сольсон. ЗГХЭ дээр дахиад өөр хүн томилсон. Энд нэг сонин зүйл нь Алтанхуяг Сайханбилэг гэдэг хоёр хүн солигдоход энэ байгууллагуудын дарга нар солигдсон. Харин Ардчилсан намаас Ардын нам Засаг авсан боловч дээрх хүмүүс солигдохгүй байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ” гэжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Мал тооллого маргааш эхэлнэ

Мал тооллого зурган илэрцүүд“Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байна.

Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 314 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтын дагуу аймаг, сум, багуудад мал тооллогын комиссыг тухайн шатны Засаг даргаар ахлуулан байгуулж, тооллогын бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажилладаг уламжлалтай.

Мал тооллогын комисс, тооллогын группууд хариуцсан нутаг дэвсгэртээ тооллогын ажил хаанаас эхэлж, хаана дуусгах талаар график төлөвлөгөө гаргаж тооллого явуулах өдөр, цагийн товыг айл өрхүүддээ мэдэгдэн, мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг.
Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулан өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулах, тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохрыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр/ хэрэгтэй.
Малын картыг өрх бүрээр программд шивж баг, сум, аймгийн нэгтгэлийг гаргаж тухайн аймгийн Статистикийн хэлтэс хэрэглэгчдэд мэдээлнэ.
Тооллогын явцад малыг амаар бүртгэдэг, тавиул малыг тооллогод бүрэн хамруулдаггүй, малчид, мал бүхий иргэд малаа тооллогын өдрүүдэд бэлэн байлгадаггүй, оторт яваа мал орхигддог, давхарддаг, хяналтын тооллого чанар муутай хийгддэг , тооллогын комисс үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэдэггүй, аж ахуйн нэгж, байгууллагын малыг бүрэн тоолдоггүй, тоолсон малыг программд шивэхгүй орхигдуулдаг гэсэн шүүмжлэл арилахгүй байна. Иймд нөхцөл байдалтай уялдан сумдын тооллогын комиссын болон иргэд гарч буй зөрчил, дутагдлыг газар дээр нь залруулж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын 208 суманд “Өвсний үндэс” үр шимээ өгчээ

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжсэн төслийн тоо энэ намар 500-д хүрч байгааг өмнө мэдээлсэн. Харин энэ тоо нэмэгдэж байна.

Улаанбаатар дахь Японы ЭСЯ-наас өнөөдөр мэдээлснээр орон нутгийн хоёр сургуулийн дотуур байр, мөн нэг цэцэрлэгийн засварын ажилд буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү болон холбогдох аймгийн Засаг дарга нар зурсан бөгөөд энэ гэрээ нь Элчин сайд Такэнори Шимизүгийн бүрэн эрхээ дуусгахаас өмнө үзэглэсэн сүүлийн гэрээ болж байгаа юм.

Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат урилгаар оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр “Ийм баяртай сайхан үйл явдлын гэрч болж байгаад баярлаж, талархаж байна. Ноён Элчин сайд Такэнори Шимизү монголчуудыг сайн мэднэ. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө олон жил хүчин зүтгэж байгаа. Өөрийн дипломат нөр их хөдөлмөрийн хоёр орны хамтын ажиллагааны төлөө зориулсаар ирсэнд талархаж байна” хэмээн хэлэв.

Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ “Бид 1990 оноос хойш Монгол Улсын боловсролын салбарт тусгай анхаарч, хамтран ажиллаж ирсэн. Энэ ёслолд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат оролцож байгаад талархал илэрхийлж байна. Та бүхэн мэдэж байгаа байх. Би энэ сарын 9-нд Элчин сайдын албан тушаалаа бүрмөсөн хүлээлгэж өгөөд нутаг буцах гэж байна. Өнөөдрийн арга хэмжээ бол миний хувьд хамгийн сүүлчийн албаны арга хэмжээ болж байна. Би 1990 оноос хойш энэ төслийг хэрэгжүүлэхэд тусгай анхаарч ирсэн учраас энэ төслөөр албан ажлаа хаах гэж байгаад баяртай байна” гэсэн юм.

Өнөөдрийн зурсан гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрыг, мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэгийн засварыг хийх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Иргэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар 2017 онд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс уг ажиллагаанд оролцож харилцан санал бодлоо солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.

Улаанбаатар хот, Байгаль орчны яамтай хамтран ажилласнаараа нийслэлийн ногоон хөгжил, агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг ханган ажиллахад илүү амар болох болно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.

Гарын үсэг зурах ажиллагааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ногоон хөгжил, байгаль орчны бодлого хөтөлбөрүүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд байгаль орчин ногоон хөгжлийн бүлэгт дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 26 зорилтын хүрээнд 90 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан олон зорилтот арга хэмжээ багтсан. Энэ асуудлуудтай холбогдож хамтран ажиллах гэрээ хийж өнөөдөр баталгаажуулж гарын үсэг зурлаа. Манай яам нэг сая 300 мянган хүн ам амьдарч байгаа нийслэл хотынхоо иргэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх, оновчтой зөв судалгаа шинжилгээнд суурилсан бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийнхээ удирдлагуудтай нягт хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна” хэмээлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол нийслэл хоттой хамтын ажиллагааны хамгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх салбар гэдгийг хэлэх байна. Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, агаар хөрс, усны бохирдол багатай иргэдийн амьдрах ая тухтай байдлыг хангасан хот болгоно гэсэн заалт орсон байгаа. Өнөөдөр бид салбарын сайдтай энэ салбарт тулгамдсан асуудлуудыг харилцан ярилцаж, шийдвэрлэх асуудлуудаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байна. Өнөөдрийн гэрээнд нийт 88 ажлыг хамтран хийхээр төлөвлөөд байна. Үүнд тусгай хамгаалалттай газрыг өргөжүүлэх, Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, хотын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байна” хэмээн хэллээ