Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн А.Сүхбат нар Монголын үндэсний бөхийн холбоог эсэргүүцлээ

Монгол Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байгаа талаар УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, “Ээлжит бус их эе”-ийг хуралдуулах ажлын хэсгийн ахлагч гэх Ү.Хүрэлбаатар, Улсын начин МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн Ц.Дуламсүрэн, Хөвсгөл аймгийн ҮБХ-ны тэргүүн Эрдэнэбаяр нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар “Монголын үндэсний бөхдөө хүн болгон хайртай. МҮБХ-оог тойрсон маргаан өнөөдрийн маргаан биш юм. 2002 оны 12 дугаар сард МҮБХ-ны IV Их эе гэж болсон. Тэр хурлыг удирдаж, тэргүүлэгчээр ажилласан хүмүүс нь дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Данзан, Ү.Хүрэлбаатар гээд таван хүн байсан. Энэ хурлаар үндэсний бөхийн холбоотой дүрэм, журмыг бүгдийг л шийдсэн. Харин нэг л асуудал шийдэж чадалгүй үлдсэн юм. Тэр нь МҮБХ-ны тэргүүнийг сонгож чадалгүй тарсан. Улмаар 2003 онд энэ асуудлаар шүүхийн байгууллагаас МҮБХ тэргүүнээ сонгож чадаагүй гэсэн албан ёсны шийдвэр гарсан. Ингээд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах шаардлагатай байсан болоч одооны тэргүүлэгчид үүнийг ажил болгож хийгээгүй. Энэ нь одоог хүртэл явж байна. Цэцдийн зөвлөлийн гол үүрэг бол Их эеийг хуралдуулах явдал. Бид бол хууль эрх зүйн хүрээнд л бүх үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат “Би өөрийгөө ард түмэндээ нэртэй хүн гэж тооцож явдаг. Би монгол бөхдөө өртэй хүн. Хөдөө малчны хүүхэд ямар байдаг билээ. Барилдаж ноцолдож өдгөө дэвжээндээ зогсож байна. МҮБХ-ны тэргүүн Ц.Нямдорж та энэ байгууллагыг 26 жил хууль бусаар удирдаж явлаа. Одоо болоо юм биш үү. Хэдэн жил үндэсний бөхийг самрах гэсэн юм. Танаар удирдуулах, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд алга байна. Уучлаарай. “Монгол бөх цэвэр ариун байж гэмээн Төр ариун байна” гэсэн бодолтой явдаг хүн. Сум орон нутгаар явахад хэцүү болжээ. Аймаг сумын наадам найраатай болсон байна. Сумын цол авахад таван сая төгрөг, аймгийн арслан болоход 50 сая төгрөг, улсын начин цол 500 сая төгрөг гэхчлэн ийм байдалтай явсаар байгаад 26 жил болжээ. Өнөөдөр бөхчүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Зарим бөхчүүдийн цолыг олгохгүй байна. Ерөөсөө барилдаагүй хүнд цол олгох жишээтэй. Монгол Үндсэний бөх их спортын суурь болж өгдөг гайхамшигтай спорт юм. Нэг хүнийг хараад суулгүй монгол бөхийнхөө дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулъя. Бид нарт боломж бий” гэлээ.

Хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Дархан аварга Х.Баянмөнх хүргэн А.Сүхбат болоод нутгийнхаа аваргуудыг нэгтгэн Аваргуудын зөвлөл гэж байгуулсан. Энэ зөвлөл нь МҮБХ-той ямар ч хамааралгүй хэмээн МҮБХ-ноос мэдэгдэл гаргасан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Аваргуудын зөвлөл анхны хуралдаанаараа дархан аварга Ж.Мөнхбатыг зөвлөлийн даргаар сонгож байсан. Тэр хуралд дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад бүх аваргууд оролцсон юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбатын хувьд Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийг олон жилийн өмнөөс эсэргүүцсээр ирсэн билээ. Энэхүү мэдээллийн дэлгэрэнгүй дүрс бичлэгийг дор хүргэе.


Categories
мэдээ нийгэм

Шатрын холбооны анхдугаар хурал боллоо

Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлаар удирдах зөвлөл байгуулах, шүүгчдийн сургалт, сертификат, лиценз олгох, цалингийн шатлал, УАШТ-үүдийг шүүх хуваарь, 2016 оны “Шилдэг шүүгч” шалгаруулах зэргийг хэлэлцжээ.

Эндээс дэлхийн шатрын холбооны эрхтэй шүүгч нарт сургалт явуулах, цалингийн шатлалыг зэргээр нь бодож тогтоох, 2017 оны Ерөнхий шүүгч томилох асуудлыг шийдлээ.

Тус холбооны дараагийн хурал ирэх оны нэгдүгээр сарын 7-ны өдөр болох бөгөөд хурлаар ирэх онд зохиогдох өсвөрийн болон бусад олон тэмцээн уралдаан болох тул шүүгч нарыг хуваарийг эцэслэн шийдвэрлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд орох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулгаанаар хэлэлцэгдэх юм. Өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төслийг санаачлагч С.Чинзориг танилцуулгыг хийхдээ “Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт ажиллаж буй 300.0 гаруй мянган малчин нийт ажиллагчдын 30 шахам хувийг эзэлж байгаа юм. Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, наснаасаа эрт өтлөх, харьцангуй эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байна. Тиймээс холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж онцолсон юм.

Уг хуулийн төсөл батлагдвал 2018.01.01-ний өдрөөс хэрэгжихээр байгаа юм. УИХ-ын гишүүн С.Чинзоригийн өргөн барьсан уг хуулийн төсөл батлагдвал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд дараахь өөрчлөлтүүд орохоор тусгагдаад байна. Үүнд,

Нийгмийн даатгалыг нэмж төлөх тухайд,

-Хүүхэд төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авч 6 нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.

Тэтгэвэр тогтоолгох тухайд

-Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;

-Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол”

Тэтгэмж олгох тухайд

-Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хоёр сараар” гэснийг “зургаан сараар” гэж, 5 дахь хэсгийн дугаарыг “7” болгож тус тус өөрчлөх

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээс “Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.” гэсэн өгүүлбэрийг, 192 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хасах

Categories
мэдээ нийгэм

Монголын зураачид Бусан хотод үзэсгэлэнгээ нээнэ

Монголын залуу зураачид БНСУ-ын Бусан хотод энэ сарын 12-17-нд “Шинэ давалгаа” үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Тэрээр тус хотод суугаа консулын газраас санаачлан МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч гаргаж байгаа аж. Үзэсгэлэнд нийт 33 уран бүтээлчийн 50 гаруй бүтээл багтсан бөгөөд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран БНСУ-ын Бусан хотын захиргаа, AIR BUSAN, SUNG GEON, Монголын Урчуудын Эвлэл зэрэг байгууллага оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид таван хүүхдийг галын аюулаас аварчээ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хүүхдийн амь аварчээ. Өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цагт тус цагдаагийн хэлтэст “Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Golden-park” хотхоны 105 дугаар байранд гал гарч байна” гэсэн мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу уг хэлтсийн эргүүлийн офицер, ахмад Б.Ундармаа дэд ахлагч М.Билэгсайхан шуурхай очин шалгахад гал гарсан байрны тог тасарсан, долоодугаар давхраас дээш үзэгдэх орчин муу, маш их утаатай байсан тул хамгаалалтын арга хэмжээ авч, чанга яригчаар иргэдэд сэрэмжлүүлэг зарлаж тус байрны 50 гаруй оршин суугчдыг аюулгүй газар гаргасан байна.

Мөн тус байрны найм, ес, 10, 11 дүгээр давхраас бага насны таван хүүхдийг зөөж гарган, угаартахаас сэргийлэн амь насыг нь хамгаалж, аав, ээжид нь хүлээлгэн өгч, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран ажиллаж, иргэд оршин суугчдыг хамгаалжээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам хоёр дахь өдрөө хуралдаж байна

Ардчилсан намын VI Их хурал СТӨ-нд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг сонсож, намын шинэчлэлийн асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн. Харин өнөөдөр намын дүрмийн төслөө хэлэлцэх юм байна. Дүрмийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалсан бөгөөд Их хурлын 1210 төлөөлөгчид төслийн танилцуулгаа хийсэн байна. Өнөөдөр АН дүрмийн төслийн хэлэлцүүлгээ хийж, батлах юм. Ингэснээр АН нээлттэй, ил тод нам болж шинэчлэгдэнэ гэдгээ зарлаад буй.

Categories
мэдээ нийгэм

Г.Батбаяр: С.Амармандахыг зодсон сахалтай нөхрийн хажууд явж байгаа цагаан цамцтай нөхөр гээд бүгд л С.Батболдын туслах шүү дээ

ОХУ-ын дипломат төлөөлөгч “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амарааг зодож гэмтээсэн нь нийгэмд нэлээд шуугиан дэгдээгээд байна. Түүнийг зодуулах үед хэн ч салгах гэж оролдоогүй бөгөөд түргэн тусламж, цагдаа дуудахын оронд олон хүний нүднээс нууж харанхуй өрөөнд цаг гаруй хугацаанд байлгасан талаарх мэдээлэл байна. Дуучин залуу цус их алдсан ч өөрөө тэндээс гарч такси барьж гэртээ харьжээ. Гэрийнхээ үүдээр ороход нь хүү, охин хоёр нь хаалга тайлж өгчээ. Аавынхаа зодуулсан царай зүсийг харсан бяцхан охин айсандаа цочролд орж хэдэн өдөр уйлагнаж, цочиж сэрж шөнөдөө нойргүй хоносон байна. Дуучны ар гэрийнхэн болон өмгөөлөгч, холбогдох хүмүүсийг ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд хүлээн авч уулзсан тухай бид мэдээлсэн. Ингээд дуучин Амараагийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.


Нийслэлийн удирдлагууд дуучинг зодуулчихаад байхад хүнгүй өрөө рүү оруулсан.Түргэн тусламж ч дуудаагүй талаар үнэн эсэх:

-Үнэн. Хүн амьтан харахаас нь өмнө хүмүүсийн нүднээс холдуул гэж бодвол туслахууддаа үүрэг буулгаа биз. Түргэн тусламж ч дуудалгүй ганцааранг нь нэг өрөөнд оруулаад орхичихсон гэсэн. Тухайн үед зодуулсан хүн ямар л олиг байхав, ухаан нь орж, гараад л болж буй процессыг муухан мэдэж байгаа хэрэг. Аргаа бараад манай үйлчлүүлэгч өөрөө гэртээ харьсан байсан. Гэрийнхээ үүдээр ороод л ухаан алдаж унасан байна лээ. Яаралтай түргэн тусламж үзүүлээгүйн улмаас цаг хугацаа их алдсан. Үүнээс болж түүний өвчин ийм хүнд байдалд хүрчихээд байгаа юм. Нэртэй зүстэй дуучинг зүгээр л нохой шиг гаргаад хаячих шинжтэй.Ийм нэр хүндтэй олны танил хүнийг хүртэл харанхуй өрөөнд аваачаад орхичихож байгаа юм чинь.

ОХУ-ын Элчин сайдын яам хүлээж авсан талаар:

-Уг нь димломат дэг журмын дагуу ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд биднийг шууд хүлээж авах учиргүй. Гэвч Консулын хэлтсийн дарга В.В.Горячев хэлэхдээ энэ тухай мэдээллийг зөвхөн сонин, хэвлэлээс олж мэдсэнээс хэтрэхгүй. Мөн Оросын зарим сайтуудад тавигдсан мэдээллийг уншсан. Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдээгүй учир тэд мэдээж сонингийн мэдээлэл бариад ийм юм гарчихлаа гээд гүйх үндэслэл байхгүй шүү дээ.

Ямар үндэслэлээр хотын удирдлдага С.Батболдыг хардаж байгаа вэ?

Амараа хүмүүст “За баяртай” гээд гарсан байдаг. Манай үйлчлүүлэгчийг өөр өрөөнд оруулсан, зодсон сахалтай нөхрийн хажууд явж байгаа цагаан цамцтай нөхөр гээд бүгд л Батболдын туслах ш дээ. Биш байлаа гэхэд Сандуйгийн туслах ш дээ.Зодсон нөхрийг оргон зайлахад нь манайхны нөхдүүд л далдаганаад гүйж байгаа байхгүй юу. Дээрээс нь арга хэмжээ зохиосон бол зочдынхоо аюулгүй байдлыг хангах үүрэгтэй биз дээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Төрийн өмчийн компаниудын өр зээлийн талаар мэдээлэл сонсоно

УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцэхээс гаднаИпотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсох аж.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаарх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсох юм байна.

Харин үдээс хойш Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцэх тов гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашигладаг тээврийн хэрэгслийн жолооч нарыг сургалтад хамруулжээ

Замын цагдаагийн алба, Лицензийн төвтэй хамтран “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Арав хоногийн хугацаанд үргэлжилсэн тус аяны үеэр нийслэлд тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам зөрчсөн 42 зөрчил илрүүлж, хуулийн дагуу 45 жолоочид 4.1 сая төгрөгийн ногдуулжээ. Мөн журам зөрчсөн, буруу өнгийн гэрэл ашигласан, зөвшөөрлийн хугацаа дууссан зөрчил бүхий 22 тээврийн хэрэгслийн гэрчилгээг ЦЕГ-ын Лицензийн төвийн Зөвшөөрөл хяналтын хэсэгт шилжүүлж, “Сидней монголиа констракшн” ХХК, “Хас транс” ХХК, “Авто гранд мастер” ХХК, Засгийн газрын авто бааз, “Бүргэд” хамгаалалтын албаны тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгах талаар хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

Харин орон нутагт тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа 81 аж ахуй нэгж байгууллагын 146 тээврийн хэрэгслийг шалгаж, зөвшөөрлийн хугацаа дууссан дөрвөн зөрчлийг илрүүлж, Онцгой байдлын газар, хүн эмнэлэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, мэргэжлийн хяналт, авто зам засвар арчлалтын автомашинуудын зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлсэн гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг сургалтад хамруулсан аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Айшолпан охины тоглосон кино “Оскар”-ын эхний шалгаруулалтад тэнцлээ

Кино урлагийн дээд шагнал гардуулах ёслол “Оскар”-ын наадам ирэх хоёрдугаар сарын 26-нд болно. Одоогоор тус наадамд өрсөлдөх кинонуудыг шалгаруулах ажил үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал өчигдөр “Оскар”-ын шагналын баримтат киноны төрлийн эхний шалгаруулалт боллоо. Энэ төрөлд Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” кино тэнцжээ.

Баримтат кино төрлийн шалгаруулалтад нийт 145 бүтээл өрсөлдсөнөөс эхний шатанд 15-ыг шигшиж оруулахаар болсон байна. Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24¬-нд зарлах юм байна. Ингэснээр хоёрдугаар сарын 26-нд болох шагнал гардуулах ёслолд оролцох эрхтэй болох юм.

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлсэн нь дэлхийн сая сая хүнд хүрсэн юм. Энэ нь Холлвуудын найруулагчийн анхааралд өртсөнөөр “Бүргэдийн анчин” кино бүтээгдсэн билээ.