Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлаг Солонгосын соёл урлагийн наадмаас шагнал хүртжээ

“Guys” хамтлаг Солонгос улсад зохион байгуулагдсан “Соёл, урлагийн наадам”-аас шагнал авсан тухайгаа өнөөдөр мэдээллээ. Тус наадмыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн наадмын үеэр гадаадын уран бүтээлчдэд “Олон улсын од” шагнал олгосноороо онцлог болжээ. Guys” хамтлаг өнгөрсөн сарын 30-нд энэхүү шагналаа авчээ. Тус хамтлагийнхан ирэх онд тохиох 20 жилийн ойн босгон дээрээ олон улсын түвшинд үнэлэгдсэн, тэр дундаа Ази тивийг соёл урлагаар тэргүүлэгч улсаас шагнал авсандаа баяртай байна. Энэ жилийн наадмаас “Guys” хамтлагаас гадна АНУ, Хятад, Япон, Малайз улсын уран бүтээлчид энэхүү шагналын эзэн болсон байна. Энэхүү “Олон улсын од” шагналыг олгохдоо мэргэжлийн судалгааны байгууллагын үнэлгээнд үндэслэн, хийж буй уран бүтээлийн чанар, үзэгч, сонсогчдын үнэлгээг харгалзан үздэг байна.

Тус хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулсан цоо шинэхэн уран бүтээлүүдийнхээ дээжээс үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тодруулбал, өнөөдөр 22.00 цагаас “Бид дөрөв дуугаа дуулаад бүхнийг жаргуулъя” гэх уриатай “Одтой өдөр” дууныхаа клипийг цахим хуудсаараа дамжуулан “цацах” гэнэ.

Categories
мэдээ улс-төр

А.Сүхбат: Туул голын хурдасаас шинжлэхэд хүнцэл, мөнгөн ус их хэмжээгээр илэрсэн

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан боллоо.Энэ удаагийн хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцсэн нь “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын төслийн анхны хэлэлцүүлэг байсан юм. Уг Үндсэн чиглэлийн төсөлд 260 хуулийн төслийг тусгасан бөгөөд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр анхдагч хуулийн төсөл 14, шинэчилсэн найруулгын төсөл долоо, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл нэг байгаа юм.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн А.Сүхбат Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн төсөл Үндсэн чиглэлд багтаж байгааг онцлоод “Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Энэ үеэр Туул голын хурдасаас авч шинжлэхэд хүнцэл, мөнгөн ус маш их хэмжээгээр илэрсэн. Хуулийн төсөлд химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах ашиглахад тагнуулын байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, химийн хорт болон аюултай бодисын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тусгажээ. Тагнуулын байгууллагын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ” гэв.

Түүний асуултад хариулсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Ц.Шийрэвдамбын хэлснээр Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Тагнуулын байгууллагын санаачилгаар Засгийн газраас боловсруулж байгаа аж. Химийн хортой болон аюултай бодисын үр дагавар их учир эдгээрийг экспортлох, импортлох, худалдах, ашиглахад тагнуулын байгууллага оролцохоос өөр аргагүй гэж Засгийн газар үзэж буй юм байна. Өөрөөр хэлбэл, үүнд дан ганц Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих боломжгүй гэж үзсэн ажээ.

Гишүүд энэ мэтээр байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

О.Алтансүх: Ажилгүй байгаа нь эхнэр, хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй

Монгол Улсыг залуучуудын орон хэмээдэг ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хариуцсан тусгайлсан агентлаггүй явж ирсэн билээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаар залуучуудын асуудлыг хариуцсан тусгайлсан агентлагийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр байгуулаад удаагүй байна. Энэ агентлагийг удирдахаар томилогдоод байгаа О.Алтансүхтэй ярилцлаа.


Залуучуудын хөгжил болон тэдний өмнө тулгардаг олон асуудлыг төрийн бодлогоор зохицуулах тусгайлсан агентлаг байгуулагдлаа. Нийт хүн амын 35 хувийг эзэлж буй залуучууд руу чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Өмнө нь залуучуудын асуудал зөвхөн салбар дундын зохицуулалтаар хэлэлцэгдэж, шийдэгддэг, тусгайлан хариуцсан төрийн байгууллага байсангүй. Харин энэ удаагийн УИХ, Монгол Улсын Засгийн газар түүхэндээ анх удаа гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр ажиллах агентлаг байгуулах шийдвэрийг гаргасан. Манай байгууллага бол хэрэгжүүлэгч агентлаг. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт зөвхөн залуучуудын эрүүл мэнд, орон сууц, ажлын байр зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх талаар зургаан томоохон зорилтыг тусгасан. Энэ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамгийн чухал хийх ажил. Өөрөөр хэлбэл залуучууд руу чиглэсэн эрүүл мэндийн ямар бодлого баримтлах, ажлын байртай холбоотой ямар дэмжлэг үзүүлэх вэ? гэх мэт Засгийн газраас санаачилсан бодлогуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно. Мөн түүнчлэн залуучуудыг өөрсдөөсөө шалтгаалж нийгмээ өөрчлөх эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр идэвхи зүтгэл гаргаж ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан залуучуудын чиглэлээр хийх зорилт нь манай агентлагийн хийх ажил, газрын зураг гэж ойлгож болно.

Залуучууд маань удахгүй бие даасан хуультай болохоор Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэсэн. Энэхүү хуулийн ач холбогдол, зорилгын талаар танилцуулахгүй юу?

-Энэ бол Монголын залуучуудын томоохон байгууллага НАМЗХ-ны санаачилга, зүтгэл гэж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэ асуудлыг санаачлан 21 аймаг, олон арван сумдад хэлэлцүүлэг хийж залуучуудын саналыг тусгаж 2012-2016 оны УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч хэлэлцэж амжаагүй. Харин одоо манай салбарын сайдын ажлыг аваад энэ ажлаа үргэлжүүллээ. Хуулийн төсөл Засгийн газраар дэмжигдсэн, удахгүй УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг болон УИХ-д өргөн барих бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Нэг зүйлийг онцлоход энэхүү хууль нь халамжийн бус хөгжлийн хууль байх юм. Хуулийн гол зорилго нь залуучуудын хөгжлийг дэмжих тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, идэвхи оролцоог сайжруулах, хариуцлагатай залуу иргэнийг төлөвшүүлж, тэднийг дэмжихэд чиглэнэ. Мөн тэдэнд эх орон ч үзлийг төлөвшүүлэх дорвитой ажил хийгдэх юм. Үүнээс гадна “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай сан” байгуулна. Энэхүү сангаар дамжуулан залуучуудыг тодорхой бизнес эрхлэх, эрүүл мэнддээ анхаарах, хамтран амьдрах хэв маягт суралцахад нь зориулж тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үзэл санаа туссан.

-Залуучуудын хөгжил өөрсдийнх нь хариуцлага, хүчин чармайлтаас шалтгаална. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Ёстой загатнасан газар маажлаа гэдэг шиг үг хэллээ. Залуучуудын хариуцлага, ухамсар нь тэдний, цаашлаад нийгмийн хөгжлийн гол эргэлтийн цэг болох үедээ байна.

Бид сайн эцэг, эх байж үр хүүхдээ хайрлаж, эрүүл хүн болгон өсгөж, зөв хүн болгож хүмүүжүүлэх нь улс эх орныхоо өмнө хүлээх иргэний журамт үүрэг гэдгээ ухамсарлая. Гэтэл төлөвлөөгүй гэрлэлт, салалт, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь залуус бидний сэтгэлгээний, хариуцлагын үнэн дүр төрхийг харуулдаг. Энд тоо баримт дурьдахыг урьтал болгосонгүй. Бүгдээрээ л мэдэж, сэтгэл нь зовинож байгаа. Гэхдээ бүгдийг бусдаас нэхэх биш бид өөрчилж чадна гэсэн хандлага, бодитой санаачилга ус агаар шиг хэрэгтэй байна. Цалин багатай байгаа нь гэр бүл салах шалтгаан, ажилгүй байгаа нь эхнэр хүүхдээ хүчирхийлэх нөхцөл гэж тайлбарлаж болохгүй биз дээ. Тиймээс залуу хүн бүр эх орныхоо өмнө сэтгэлгээний хувьсгал хийх үүрэг хүлээж байгаа гэж ухамсарлаасай.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн алба хаагчид дохионы хэл сурч байна

Замын цагдаагийн алба хаагчид дохионы хэлний анхан шатны чадвар олгох сургалтанд хамрагдаж байна. Замын цагдаагийн алба, Монголын үндэсний дохионы хөгжлийн зөвлөл, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хөтөч бэлтгэх зорилгоор “Анхан шатны дохионы хэлний чадвар олгох сургалт”-ыг зохион байгуулж байгаа аж. Тус сургалт энэ сарын 07-09-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул жолооч тээвэрчдийг орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтөй явах, хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биеэндээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслөөр хэлэлцүүлэг хийж байна

“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг “Хангарди” ордонд болж байна. Хэлэлцүүлэгт нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдлага, НИТХ, Нийслэлийн ЗДТГ-ын болон харьяа газар, агентлагийн удирдлагууд оролцож байгаа юм.

Уг хууль 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудал шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол давтагдах болжээ. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг харгалзан, нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн хугацаанд уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн 10 дугаар сард Засгийн газарт хүргүүлж, хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн юм.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хотын хөгжлийн гол тулгуур нь эрх зүйн зохицуулалт. Уг хуулийг шинэчлэх нь хотын даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт орсон эрх зүйн шинэчлэлийн нэг томоохон алхам гэж үзэж байна. Өнөөдөр улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж байгаа ч Улаанбаатар хот Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор 20 мянган хүн амтай аймагтай ижил эрх зүй, эдийн засгийн чадамжтай байгаа. Гэхдээ ийм байлаа гээд бид хойш суух эрхгүй ажиллаж байна. Үүний нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль“-ийг дэмжиж, УИХ-д өргөн барих шатанд явж байна” гэлээ.

Уг хуулийн төслөөр иргэдийн дунд ч хэлэлцүүлэг зохион байгуулахыг хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Наранбаатарын “Миний захидал” цомгийн нээлт боллоо

Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин СТА Н.Наранбаатарын шинээр гаргасан “Миний захидал” цомгийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд HIFI records-д болно.

Тэрбээр хэлэхдээ, “Уран бүтээлээрээ хүмүүжүүлэх, сэтгэлийн цэнгэл бэлэглэх зэрэг үүргийг хүмүүст хүргэх зорилготой. Үүнээс гадна амьд харилцааг эрхэмлэхийг уриалдаг. Орчин үед хүмүүс интернэт, цахим ертөнцөд хэт автаж, цаасан буюу захидлаар харилцах харилцаа багассан учраас цомгоо ийнхүү нэрлэсэн” гэв.

Тус цомогт Монголын хуучны уянгалаг, хит дууг жазз хэмнэлд оруулсан дуунууд болон дэлхий нийтэд хүртээл болсон жазз дуунууд багтсанаараа онцлогтой.

Цомгийг Европын дуу хөгжмийн стандартад нийцүүлэн дуугаралт, эдэлгээ чанарын өндөр түвшинд Герман улсад хэвлүүлсэн бөгөөд продюссерээр Мартин Зенкер ажиллажээ.

Цомгийн баярт хамгийн түрүүнд ирсэн 10 хүнд тэрбээр гарын үсгээ зуран, цомгоо үнэгүй дурсгах аж. Мөн сэтгэлийн үгээ шингээж захиа бичсэн хүмүүсээс шилдэг 10 захиаг шалгаруулан, тэдэнд цомгийн нээлтийн үдэш “Artystry” ресторанд болох хүлээн авалтад оролцох эрхийн бичиг гардуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Н.Батбаяр: Намын Их хурлын өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон

АН-ын Их хурал өчигдөр буюу 12 дугаар сарын 6-д эхэлсэн билээ. Тэгвэл яагаад энэ өдрийг сонгосон тухай УИХ-ын гишүүн асан Н.Батбаяраас тодруулахад: Өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр зургадугаар Их хурлаа хийж байна. Их учир жанцантай өдөр тохиожээ. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон. Намын шинэчлэл гурван чиглэлээр явна. Тухайлбал бүрэлдэхүүний, бүтцийн, бодлогын шинэчлэл хийнэ. Өнөөдрийн Их хурлаар дүрмийн өөрчлөлтөө хэлэлцээд АН-ыг нээлттэй, ил тод, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Мэдээж өмнө байсан зүйлсээ шат ахиулах тухайд ярьж байгааг ойлгох хэрэгтэй. Дүрмийн өөрчлөлт хийснээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ. Намын бүх шатны удирдлагыг бүх гишүүдээс сонгодог болно. Хоёр жил тутамд сэлгээ хийж байх зэрэг гол чухал өөрчлөлтүүд орж ирнэ. Энэ их хурлаар зөвхөн бодлогын шинэчлэлээ эхлүүлж байна.

Намын даргын тухайд марафон өрнөнө. Мэдээж олон нийтийн дэмжлэгийг авсан, төр түмнийхээ төлөө сэтгэлтэй, хүний хувьд зөв сэтгэлтэй байх ёстой. Ийм хүнийг АН сонгож чадна гэдэгт итгэл төгс байна.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэ 75 жилийн дараа анх удаа Перл Харборт очино

Японы ерөнхий сайдын ирэх 26 наас Хавайн арлуудад хийх айлчлалд олон улсын хэвлэлүүд анхаарлаа хандуулж байна. энэ айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Барак Обаматай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зарласан даруйд Перл Харборт очиж албан ёсоор уучлал гуйх нь гэдэг асуудал барууны хэвлэлүүдээр хөндөгдөж эхэлсэн юм. Хоёр орны төр засгийн тэргүүн нар Перл Харборт очиж 75 жилийн өмнөх Япончуудын агаарын цохилтод өртөж амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх юм байна.

Тэр үеийн Японы армийн халдлагын уршгаар олон мянган хүн амиа алдсаны ихэнх нь Америкийн цэргүүд байсан юм. мөн энэ тулаан Номхон далай дахь дайны эхлэл болсон билээ. Тэгвэл тэр үйл явдлаас хойш 75 жилийн дараа Японы Ерөнхий сайд анх удаагаа Перл Харборт зочлох гэж байна. тэрээр энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдэгдэх үеэрээ түүний айлчлал нь Япон, АНУ нөхөрхөг харилцаагаа сэргээсний чухлыг тодотгон харуулах боломж хэмээн үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
гадаад мэдээ

Д.Трампын аюулгүй байдлыг хангахад нэмэлт 35 сая ам.доллар шаардлагатай

Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио Холбооны эрх баригчдад хандаж шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын аюулгүй байдлыг хангахад зориулж нэмэлт 35 сая ам.доллар хувиарлах хүсэлт гаргасан байна. Ассошэйтэд прессын мэдээлж байгаагаар хотын дарга энэхүү захидлаа Ерөнхийлөгч Барак Обамад хэмээн хаяглан илгээсэн байна.

Энэ нэмэлт хөрөнгө мөнгө Нью-Йоркийн цагдаагийн ажилтнуудын хэрэгцээг хангахад зориулагдана хэмээн тэрээр мэдээлсэн байна. Мөн Нью-Йоркийн захирагч энэ асуудлаар Сангийн яам, Конгрессын албан ёсны төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөөд байгаагаа мэдэгджээ. Дональд Трампын гэргий түүнийг Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсний дараа Вашингтон дахь Цагаан ордон руу нүүхийг хүсээгүй юм.

Тэрээр 10 настай Бэррон хүү нь сургуулиа төгсөх хүртэл Нью-Йоркоос нүүн шилжүүлэхгүйгээ мэдэгдсэн. Тиймээс Нью-Йоркийн эрх баригчид аюулгүй байдлыг нь хангах үүргээ үргэлжлүүлэн хийхэд дээрх хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй хэмээн үзэж байна.