Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сосорбарам: Н.Алтанхуяг өөрөө Ерөнхий сайд байж хүргэнээ томилдог угаасаа буруу

Ардчилсан намын VI их хурал хоёр дахь өдрөө “Соёлын төв” өргөөнд болж байна. Энэ удаагийн Их хурлаар АН-ын даргыг томилох тухай хэлэлцэн шийдвэрлэх боловч одоогийн байдлаар энэ асуудал яригдаагүй байна. Хоёр өдөр хаалттай болж буй Их хуралдаанаар АН-ын ҮЗХ-ны гишүүд болох Л.Болд, Н.Алтанхуяг, Да.Ганболд, Д.Сосорбарам нар үг хэлж, өөрийн байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Д.Сосорбарам “Өнөөдөр энэ нам найман жил яаж явсан юм. Би найман жил Их хурлыг хүлээлээ. Би урьд шөнө хар дарж зүүдэлсэн. Урт гар намайг бас зовоосон. Хэлэх үг минь боогдсон. Харах нүд минь хаалттай хэвээрээ байгаа. Аз болж эхнэр маань “Хуралд явна шүү” гэж хэлээд өглөө сэрээсэн. Гэхдээ би нэг ч үг бэлдэлгүй хуралд ирсэн. Харин одоо юу хэлэх вэ гэхээр ҮЗХ-ны гишүүд 280 хүн байдаг юм байна. Энэ гишүүд миний харж байгаагаар даргаа тойрч зугаалсан, даргадаа зусардсан, даргынхаа цүнхийг барьж гүйсэн, даргынхаа түрийвчийг зузаалдаг ийм нөхдүүд болсон. /танхимд алга ташив/ Одоо алга ташилгүй сонсоорой. Энэ сэтгэлийн хөдөлгөөн их хортой. Тийм учраас ҮЗХ одоо 300 гаруй болох сураг байна. Эд нарын арьсаа хамгаалдаг цаг баяртай. Өчигдрийн үйл явдлыг чинь мартъя. Өнөөдөр цоо шинэ нам бий болох хэрэгтэй. Би 1996-аас 2000 онд Монголын Ардчилсан Эвлэлийн холбоо Засаг барьж байхдаа Гаалийн татварыг тэглээд, суурь үнийг чөлөөлөөд Монголын эдийн засгийг богино хугацаанд босгож байсан. Энэ бол том ололт. Бусад ололтуудыг би ярихгүй, цаг үрэхийн нэмэр. Тэгэхээр 1996 оноос 2000 он хүртэл Ардчилсан нам сайн ажилласан. Харин 2000 оноос хойш “амьгүй” алга болсон. Одоо ч хүртэл эвссэн, зассан байна. Манай намын дарга асан Н.Алтанхуяг 2008 онд дарга болсон. Тэр үед намаа удирдаж ялсан нь сайн хэрэг. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох нь зөв. Гэхдээ ялахдаа “тахир дутуу” ялалт байгуулсан. Учир нь тэр үед сөрөг хүчинтэйгээ эвсэл болох, эвслээ далимдуулж завших, зөвшил болох, зөвшлөөрөө далимдуулж бие биенээсээ хулгай хийх, хуйвалдах, янз бүрийн бодлого дээр хоорондоо үл ойлголцох, албан тушаалын уралдаан гэх мэт бохир зүйл хийж найман жил болсон. Яагаад гэвэл намын их хурал хуралдаагүй удсан болохоор хууль бус намын дарга найман жил ажилласан. Харин одоогийн намын дүрмээр энэ хүн найман жил төрийн алба руу орох эрхгүй болж байгаа юм. Энэ сайн хэрэг. З.Энхболд дарга хоёр жил намын дарга хийсэн. Энэ хугацаанд намаа ялагдуулсан. Тийм учраас төрийн алба руу ахиад хоёр жил орох эрхгүй. Ийм дүрмийн өөрчлөлт хийж байгаа бол их сайн байна. Түрүүн хурал дээр ганцхан зөв юм сонсогдсон. Бусад нь мэдэхгүй. Юу ч гэнэ үү, “МАН-ын нам төрийн албанд ах дүүсээ томилсон” гэж ярьж байна. Манай нам л анх ах дүүсээ томилдог байсан шүү дээ. МАН-ын нам манай намаас л сурсан зүйл. Өчигдөр Ц.Нямдорж “Би Алтанхуягийг гайхсан. Өөрөө Ерөнхий сайд байж, ЗГХЭГ-ын дэд даргад хүргэнээ томилдог ямар ухаан оршиж байна” гэж хариуцлагатайгаар ярьж байна лээ. Энэ угаасаа буруу. Ингэж болохгүй. Гэх мэтийн ийм амраг садан, ах дүүсээ албан тушаалд томилдгийг зогсоохын тулд энэ их хурлаар ҮЗХ-г тараах ёстой. Намаа шинэчлэхийн тулд ҮЗХ, ГЗ гэж байх шаардлагагүй. Харин намын зөвлөл гэж бий болгоод 21 аймгийн даргын зөвлөлтэй, доошоогоо хүмүүсийнхээ эрхийг хангадаг тийм сүлжээ бий болгоод ажиллавал хамаагүй хялбар байх болов уу гэж харж байна. Яагаад ҮЗХ-ны гишүүд олон болох гээд байгаа бэ гэхээр нөгөө л нэг даргадаа наалддаг, цүнхийг нь барьдаг энэ өвчнөөсөө сал аа, Ардчилсан намын дарга нар аа! Миний үеийн дарга нар аа одоо болсон. Одоо та нар зайгаа тавьж өгөх цаг болсон. Хэрвээ АН шинэчлэгдье, цоо шинэ нам болъё гэж бодож байгаа бол татварыг нам буулга. Үнийг чөлөөл. Ингэж байж бизнесийн таатай орчин бүрдэх болно. Ингэж байж сонгодог капитализм бий болно. Хүмүүст боломж олгодог нам Монголд хэрэгтэй байна. Түүнээс биш МАХН шиг коммунист нам, Ардчилсан нам шиг социалист нам, манай нам бол улаан социалист нам. ҮТТН гэж нацист нам. Ийм юман дунд бид амьдарч байна. Энэ нам шинэчлэгдэх царай алга. Шинэчлэгдье гэвэл цоо шинэ үзэл баримтлал бий болго. Тэрийг дагасан зөв дүрэмтэй байх шаардлагатай. Ийм зүйлийг ярьж байж намын шинэчлэлийг бий болгох ёстой. Миний хувьд бол Монголын Ардчилсан нам баяртай, бүгд баяртай. Би шинэ нам хүлээн, шинэ нам хүснэ. Тэр шинэ нам болгож өөрчлөх үзэл бодолтой хүнийг дэмжинэ. Өнөөдрөөс эхлээд Монгол Ардчилсан намаас Сосорбарам гарсан, гүйцээ” хэмээн хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталлаа

Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Жагсаалтад:

1. Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл

2. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл

3. Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх төсөл,

4. Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл

5. Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл

6. Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл,

7. Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,

8. Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,

9. Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.

Categories
мэдээ улс-төр

ГХЯ урд хөршийн хураамж нэмсэн асуудлыг судалж байгаа гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр гишүүдээс Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стартегийн түншлэлийн харилцаатай. Гэтэл монголын экспортын бараа бүтээгдэхүүн дээр өндөр хураамж, татвар тавьсаар байна. Дэлхийн худалдааны гишүүн орнуудын дагаж мөрдөх ёстой дүрэм, заалт байдаг. Ялангуяа БНХАУ-руу гаргаж байгаа бараа бүтээгдэхүүний хураамж өссөн байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны зүгээс яриа хэлэлцээр хийж байгаа эсэхийг илүүтэй сонирхов.

Ажлын хэсгийн зүгээс, Стратегийн түншлэлийн харилцаатай хөрш орнуудтайгаа экспортын тариф, тарифын үнэ буулгахын тулд Евро-Азийн холбоотой хамтран ажиллаж байгаа. Уг холбоонд ОХУ тэргүүтэй таван орон байдаг. Энэ холбоонд тодорхой санал тавиад ажиллаж байна. Харин БНХАУ-тай 30 хувиар тариф хөнгөлөх асуудал яригдаж байгаа. Хоёр хөрш улс маань Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. БНХАУ-ын ӨМӨЗО монголоос гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмалын хураамжийг нэмэгдүүлсэн. Урьдчилсан байдлаар 2-3 заалт зөрчсөн явдал ажиглагдсан. Бид Дэлхийн худалдааны байгууллагад маргаан гаргах эрхтэй. Тийм ч учраас Гадаад харилцааны яам энэ талаар судалж, ажиллаж байгаа гэж хариулсан юм.

Үүний дараа уг хуулийн төсөлд байнгын хорооноос найруулгын засвар хийсэн зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Categories
мэдээ улс-төр

70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдэв. Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилохыг зөвшөөрөв

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрөв.

Б.Батбаяр нь 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан.

Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудлуудыг шийдсэний нэг нь “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр байлаа. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх юм.

“Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр :

– Оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох

– Их, дээд сургууль, коллеж, МСҮТ, коллежууд ажлын байрны хэрэгцээ, шаардлага хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх

– Ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болох юм.

Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах, ажил хийж сурах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх боломж бүрдэнэ. Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан намын гишүүд дүрмийн төслийн өөрчлөлт дээр саналын маргаантай байна

АН-ын Их хурал хоёр дахь өдрөө хаалттай хуралдаж байна. Их хурлын төлөөлөгчид Үндсэн дүрмийн төслийнхөө талаар дараахь байдлаар байр сууриа илэрхийлж байна.Тэд фракцгүй намыг хүсч байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь П.Цагаан юм. Тэрбээр: Фракцуудын зөрчлөөс болж Ардчилсан нам сульдчихлаа шүү дээ. Юуны түрүүнд, АН маш энгийн зохион байгуулалттай нам болох хэрэгтэй. Энэ байгаа дүрмийн төслийг яаруу сандруу баталж болохгүй шүү.ҮЗХ, ЕЗХ, Даргын зөвлөл гэсэн хүнд суртлаар яах вэ дээ. Харин жил бүр хуралддаг аймаг нийслэлийн бүх төлөөллөөс бүрддэг 600-700 гишүүнтэй их хуралтай байх хэрэгтэй гээд ҮЗХ-г татан буулгая. Фракцуудаа татан буулгая” гэв.

Шинэчлэлийн хөдөлгөөний төлөөлөгч Б.Ган-Очир:Намын үзэл баримтлалыг дэмжиж байгаа хүн бол намын дэмжигч. Намын дүрмийг хүлээн зөвшөөрдөг хүн бол гишүүн. Мөн саналын эрхтэй гишүүн гэж намынхаа гишүүд дэмжигчдийг гурван бүлэгт хуваах хэрэгтэй. Бүх гишүүддээ батлах тараах юм бол талын нэг тараад явчихна. Тиймээс аль төвшний гишүүддээ батлах олгохоо сайн бодох хэрэгтэй.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.ЭРХЭМБАЯР: Сонгуульд амжилт олоогүй учраас би ажлаа өгнө гэдгээ хэдэн сарын өмнө хэлсэн. Одоо бас давтан хэлж байна. Дээрээс нь дөрвөн жилийн хугацаанд намдаа удирдах албан тушаал хашихгүй. Албан тушаал хашихгүй учраас энд миний эрх ашиг гэж байхгүй. Тиймээс нэг нэгэн рүүгээ дайрахгүйгээр асуудалд эрүүлээр хандаж асуудлаа шийдэх хэрэгтэй байна.

Categories
мэдээ улс-төр

БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-ын Их хуралд оролцжээ

Ардчилсан намын их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж буй билээ. Тус намын Их хуралд 1210 төлөөлөгч оролцож байгаа. Энэхүү хурлаар намын шинэчлэлийн асуудлыг хөндөж байна. Хэрвээ АН-ын даргыг сонгох асуудал яригдвал намын даргадЖ.Батзандан, Л.Гантөмөр, М.Чимэддорж нар өөрсдийнхөө нэрийг дэвшүүлнэ гэдгээ ил тод мэдэгдээд байсан.

Сүүлийн найман жилд болоогүй АН-ынVI Их хуралд нэгэн содон зочин сууж байгаа нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан юм. Тэрээр тоон дунд үсэг гэгчээр л сэтгүүлчдийн анхаарлыг татаж, дуранд өртөөд авав.

Түүнээс “Та чинь АН-ын гишүүн болчихсон юм уу” хэмээн сэтгүүлчид асуухад “Би угаасаа АН-ын гишүүн юм чинь гишүүн болчихож гэсэн зүйл байхгүй. Харин гишүүнчлэлээ сэргээх тухай яривал ярих юм” гэж хээвнэг хариулав.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Дэлхийн чансааг тэргүүлсэн Д.Сумъяа, М.Уранцэцэг нар 10 мянган доллар авна

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргасан. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт орсон юм. Тэгвэл шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Манай бөх хэдийгээр Риогийн Олимпийн наадмаас медаль авч чадалгүй, шагналт тавдугаар байр эзэлсэн ч оноогоор гүйцэгдээгүй.

Харин 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа Олимпийн наадмаас мөнгөн медаль авсан учир оноогоо улам ахиулж, дэлхийн чансааны тэргүүнд хэвээр үлдсэн юм. Эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдээ дэлхийн чансааны эхний гуравт хамгийн олон бөхөө багтаасан нь Солонгос. 60, 66-г Өмнөд Солонгосынхон тэргүүлж байгаа бол 73, 90 кг-д эхний гуравт багтлаа.

Харин Японы хүчирхэг шигшээ баг ердөө ганцхан 90 кг-д дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлж байгаа тамирчдаас хамгийн өндөр оноотой нь Америкийн Кайла Харрисон байна. Тэрбээр 4370 оноо цуглуулсан. Харин Тина Трсинжак 4050 оноотой байгаа бол Д.Сумъяа 3150 оноотой болжээ. Алдарт Тедди Ринер гэхэд 3250 оноотой явна. Дэлхийн чансааг тэргүүлсэн бөхчүүдэд 10 мянган доллараар шагнадаг уламжлалтай. Тэгэхээр манай хоёр бөх энэхүү урамшууллыг авах нь тодорхой боллоо. Ингээд аль жинд дэлхийн чансааг ямар бөх тэргүүлж байгаа болоод манай тамирчид хэддүгээрт бичигдэж буйг сонирхуулъя.

Эрэгтэйчүүд
60 кг-д
1 Ким Вон Жин 2310 /Өмнөд Солонгос/
2 Орхан Сафаров 2168 /Азербайжан/
3 Елдос Сметов 2003 Казахстан
5 Д.Амартүвшин 1796 /Монгол/
9 Г.Болдбаатар 1393 /Монгол/
22 Ц.Цогтбаатар 786 /Монгол/
66 кг-д
1 Ан Баул 3180 /Өмнөд Солонгос
2 Д.Төмөрхүлэг 2470 /Монгол/
3 Фабио Васели 1638 /Итали/
4 Д.Алтансүх 1620 /Монгол/
73 кг-д
1 Рустам Оружав 2930 /Азербайжан/
2 Ан Чан Рим 2580 /Өмнөд Солонгос/
3 Шёохэй Оно 2050 /Япон/
9 Г.Одбаяр 1360 /Монгол/
18 С.Ням-Очир 950 /Монгол/
81 кг
1 Хасан Халмарзаев 2392 /Орос/
2 Таканорэ Нагасэ 2151 /Япон/
3 Авдантили Тчрикишвили 2060 /Гүрж/
10 Н.Дагвасүрэн 1330 оноотой /Монгол/
18 О.Ууганбаатар 970 /Монгол/

90 кг
1 Мацу Бейкер 3030 оноотой /Япон/
2 Гвак Дон Хан 2290 /Солонгос/
3 Варлам Липартелиани 2282 /Гүрж/
6 Л.Отгонбаатар 1660 /Монгол/
-100 кг-д
1 Элмар Гасимов 2744 /Азербайжан/
2 Марет Курайли 2502 /Франц/
3 Крпалик Лукас 2420 /Чех/
18 Н.Түвшинбаяр 1035 /Монгол/
+100 кг
1 Тедди Ринер 3250 /Франц/
2 Хасаёши Харасава 2830 / Япон/
3 Сассон Ор 2004 /Израйль/
14 Б.Тэмүүлэн 1066 /Монгол/

Эмэгтэйчүүд
48 кг
1 М.Уранцэцэг 2705 /Монгол/
2 Паула Парета 2540 /Аргентин/
3 Г.Отгонцэцэг 2202 /Казахстан/
52 кг
1 Мажлинда Келменди 3150 /Косова/
2 Андрей Читу 2250 /Румын/
3 Мисато Накамура 2210 /Япон/
…18 А.Цолмон 900 /Монгол/
19 М.Бундмаа 898 /Монгол/
57 кг
1 Д.Сумъяа 3550 /Монгол/
2 Ким Жан Ди 2349 /Өмнөд Солонгос/
3 Рафаэль Сильва 2253 /Бразил/
63 кг
1 Тина Трсинжак 4050 /Словен/
2 Кларисса Агбегнэноу 2490 /Франц/
3 Мику Таширо 2020 /Япон/
…12 Ц.Мөнхзаяа 1192 /Монгол/
13 Ц.Цэрэннадмид 1152 /Монгол/
70 кг
1 Ким Поллинг 2433 /Недерланд/
2 Лаура Варгас Кох 2272 /Герман/
3 Харука Тачимото 2200 /Япон/
…16 Ц.Наранжаргал 1134 /Монгол/
78 кг
1 Кайла Харрисон 4370 /АНУ/
2 Одри Тчиумио 2790 /Франц/
3 Гусие Стинхуис 2494 /Недерланд/
…18 П.Лхамдэгд 871 /Монгол/
+78 кг
1 Идалус Ортиз 3146 /Куба/
2 Сон Юү 2930 /Хятад/
3 Эмилли Эндиол 2487 /Франц/
…30 534 /Монгол/


Categories
мэдээ улс-төр

П.Цагаан: Халуун тогоондоо хэлэхэд, үл үзэгддэг гишүүд санал өгсөн

Ардчилсан намын Их хурал хаалттай горимоор үргэлжилж гишүүд саналаа хэлж байна. Намын хурлыг зохион байгуулагчдыг “дүрмийн төслөө өнөөдөр тарааж өгсөн. Судлах ямар ч боломж олгоогүй” хэмээн шүүмжилж байна. Тус намын дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан П.Цагаан “Ажлын хэсэгт ажиллаж байхад ҮЗХ-ны гишүүд гэх үл үзэгдэх хүмүүсийн саналыг оруулсаар байгаад бидний санал унаж байсан хэмээн шүүмжиллээ.

Тэрээр “Юуны түрүүнд, АН маш энгийн зохион байгуулалттай нам болох хэрэгтэй.Энэ байгаа дүрмийн төслийг яаруу сандруу баталж болохгүй шүү.ҮЗХ, ЕЗХ, Даргын зөвлөл гэсэн хүнд суртлаар яах вэ дээ. Харин жил бүр хуралддаг аймаг нийслэлийн бүх төлөөллөөс бүрддэг 600-700 гишүүнтэй их хуралтай байх хэрэгтэй.

ҮЗХ-г татан буулгая. Фракцуудаа татан буулгая.

Гишүүдээ яриулж байгаад хүнд сурталдаа орох гэж байна. Намын дарга нараа хувь тэнцүүлсэн байдлаар шийддэг болъё. Хэвлэл мэдээллийнхэн байхгүйд халуун тогоондоо гэж хэлэхэд, дүрмийн төсөлд тавин хэдэн хүн санал хурааж шийдвэрлэсэн. Гэтэл ҮЗХ-ны үл үзэгдэх хүмүүсийн саналыг оруулсаар байгаад бидний саналыг унагаасан.