Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас хүчирхийллийн эсрэг судалгааг Монголд хийнэ

НҮБ-ын Статистикийн хэлтсээс Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн судалгааг улс орнуудад зохион байгуулж явуулахыг зөвлөмж болгосны дагуу энэхүү судалгааг Монгол Улс анх удаа 2017 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг судалгааг Үндэсний Статистикийн Хороо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн техник, санхүүгийн тусламжтайгаар хамтран хэрэгжүүлнэ.

Энэхүү судалгааны зорилго нь хүчирхийллийн түгээмэл хэлбэрүүд нийгэмд хэр өргөн хүрээнд тархсан байгааг олж илрүүлэх цаашдын бодлого хөтөлбөрт энэ талаарх асуудлыг тусгахад ач холбогдолтой бөгөөд жендэрийн статистикт туссан хүчирхийллийн үзүүлэлтүүдийг гаргаж, олон улсад харьцуулагдахуйц хэмжээнд хүрэх юм.Судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Ази номхон далайн бүсийн жендэрт суурилсан хүчирхийллийн олон улсын зөвлөх Хэнриеттэ Жэнсен Үндэсний Статистикийн Хороонд ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Өндөр орлоготой видео блогеруудын жагсаалтыг гаргав

“Forbes” сэтгүүл энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн өндөр орлоготой видео блогеруудын жагсаалтыг гаргажээ. Шведийн иргэн Феликс Аврик Кельберг жагсаалтыг тэргүүлсэн байна. Олон нийтийн сүлжээнд PewDiePie нэрээр алдартай тэрээр 2015 оны зургадугаар сараас 2016 оны зургадугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд 15 сая ам.долларын ашиг олжээ. “PewDiePie”-ийн суваг 50 сая хүн бүртгэлтэй. Зөвхөн “Youtube”-д байршуулсан “A Funny Montage” гэх нэртэй дүрс бичлэгийг нь 75 сая хүн үзсэн аж. Тэрээр тоглоом тоглох, болж байгаа үйл явдлыг тайлбарлан ярих маягаар бичлэгээ хийдэг нь олны таашаалыг хүртжээ. Форбес сэтгүүлээс гаргасан дээрх жагсаалтын хоёрдугаарт пранк бичлэг хийдэг Роман Этвуд найман сая ам.долларын орлоготойгоороо багтсан байна. Харин гуравдугаарт хошин шогч Лилли Сингх оржээ. Түүний орлого 7.5 сая ам.доллар аж. Форбес сэтгүүлээс гаргасан дээрх жагсаалтад өөр есөн хүн багтсан бөгөөд нийтдээ 70.5 сая ам.доллар болж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эх баригчид чуулж байна

“Монголын эх баригч, бага эмч нарын II чуулган” өчигдөр эхэлж суурь судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн эх барихын яаралтай тусламжийн чанарыг сайжруулах, эх барихын тусламж, үйлчилгээний бодлогын орчинг боловсронгуй болгох, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтын талаар хэлэлцэж байна.

Тус чуулганы нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцсон бөгөөд тэрээр хэлэхдээ, эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, анагаах ухааны хөгжлийн илэрхийлэл болдог тул Монгол улсын Засгийн газар анхаарал тавьсаар ирсний үр дүнд эхчүүдийн эрүүл мэнд сайжирч, төрөлт, цэвэр өсөлт нэмэгдэж байна. Эх, нярайн эндэгдлийг бууруулахын төлөө манай эх баригч, бага эмч нар маань эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран, хичээн зүтгэж ажилласны үр дүнд эхийн эндэгдэл буурч, Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлсэн 9 орны нэг болоход нийт эх баригчдын оролцоо, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн тодорхой байр суурийг эзэлдэг гэдгийг онцлов.

Жирэмсэн болон төрөх, төрсний дараах үед эх, нярайд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эх баригч, бага эмч нарын оролцоо нэн чухал байдаг ба Монгол Улсын 2500 эрүүл мэндийн байгууллагад 916 эх баригч эмч ажилладаг байна.

Эх баригчдын 2 дугаар чуулганыг ЭМЯ, Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэгтэй хамтран НҮБ-ын Хүн амын сан, Франц улсын Санте Сюд төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, монгол улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Энэхүү чуулган нь 4 жил тутамд нэг болдог бөгөөд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв дээр 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монгол орны 21 аймаг, зарим сум, Улаанбаатар хотын бүх дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс ажил мэргэжлээрээ шалгарсан 120 эх баригч нар оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: НД-ын нөхөн төлөлтөд 2000 оноос хойших малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Хуулийн төсөлтэй холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Гишүүд асуулт асууж УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.

Ж.Батзандан: 2012 онд ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуулийг баталсан. Энэ хуульд бас цөөнгүй иргэд хамрагдсан байгаа. Одоо орж ирж байгаа шинэ хуулийн төсөл батлагдсан тохиолдолд хэр хэмжээний давхцал болон зөрчил үүсч байгаа вэ, нэлээд малчид 2012 оны энэ хуульд хамрагдсан гэж би сонссон. Маш олон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврээ тогтоолгох нөхцөл бүрдсэн. Хоёрдугаарт Нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд нэгдэл, албан газар нь 20 жилийн өмнө тараад алга болчихсон байдаг. Үүн дээр анхаараарай гэж хүсч байна.

Бид ард түмнээ ялгаварлаж болохгүй. АН-ын малчин, МАН-ын малчин гэж байхгүй. Монголын хөдөө аж ахуйн салбарыг авч явж байгаа 300 мянган хүн, хувиараа ажил эрхэлж байгаа 250 мянган хүн байгаа. Нийгмийн даатгалын сангийн реформыг хийхгүй бол өөрөө санхүүжилтээ даахгүй болох эрсдлийн өмнө ирсэн байгаа. Үүнийг сайд анхаарах хэрэгтэй. НДС-д болзошгүй аюул тулгарч магадгүй гэж танилцуулга дээрээ бичжээ. Мал хариулах хүн ховордсон учир тэтгэврийн санг нэмэгдүүлэх тухай ярьж байгаа. Гэтэл Хөдөө аж ахуйг механикжуулах цаашлаад цахимжуулах асуудал хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Орчин үеийн малчин дээр үеийн малчин хоёр тэнгэр газар шиг ялгаатай болсон. Өнгөрсөн зууны хөдөө аж ахуй шиг явалгүй энэ салбарыг орчин үеийн болгох хэрэгтэй шүү. Үүн дээр эрх баригчид сайн бодлого гаргаж ирэх хэрэгтэй шүү.

С.Чинзориг: Өмнөх хуультай давхцал бол гарахгүй гэж бид тооцож байгаа. Яагаад 1995 оноос хойших гэж хугацааг авсан юм бэ гэхээр өмнөх хуульд хамрагдаж чадаагүй үлдчихсэн бол тэд ороод яваг гэж бодож байгаа. Өмнөх хуулинд хамрагдсан бол хамрагдахгүй. Энэ хуулиар 2000 оноос хойших малчин хүмүүсийг хамруулж байгаа. Тэд нийгмийн даатгалаа нөхөн төлөх юм. Зөвхөн малчид, хувиараа эрхэлж байгаа гэдгээ нотолсон хүмүүсийг энэ хуульд хамруулж байгаа. Малчдыг бол мал тооллогын материалыг статистикийг нь харж байгаад, хувиараа эрхлэгч бол хувь хүний орлогын албан татварыг төлж байсныг үндэслэн энэ хуульд хамруулна. Бид шимтгэл төлөхдөө 20-30 хувь төлчихөөд тэтгэвэр авахдаа 80 хувиар аваад байгаа учир нийгмийн даатгалын сан алдагдалтай яваад байдаг. Тиймээс Нийгмийн даатгалчын чөлөөт санг өсгөдөг аривжуулдаг санхүүгийн менежментийг нь боловсронгуй болгож өгөх хэрэгтэй байна. Энэ хуулийг зөвхөн хөдөөд залуучуудыг малчнаар үлдээхийн тулд гаргаж байгаа юм биш. Ажиллах хүчний 30 хувийг бүрдүүлж байгаа малчдын 9 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөд 90 хувь нь нийгмийн баталгаа нь алдагдаж тэтгэвэр авахгүй байх аюул байгаа учир эрсдлийг бодож энэ хуулийг боловсруулсан юм шүү. Гэхдээ залуучуудыг дэмжих асуудал ч нөгөө талдаа байгаа.

Ийнхүү гишүүдийн асуулт асууж, хариулт авлаа. Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт мотоцикл унахыг хориглолоо

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргаж, мотоцикл унахыг хоригложээ. Засаг даргын өчигдрийн 529 дүгээр захирамжаар тус аймагт өвөлжилтийн байдал хүндэрч аймгийн бүх нутаг дэвсгэрт цас, мөсөн бүрхүүл үүссэн тул иргэдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 ба 3 дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээрт болон орон нутаг, улсын чанартай автозамаар зорчих хөдөлгөөн хийхийг хориглосон байна.

Тус захирамж 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжих юм байна.

Categories
гадаад мэдээ

Тусгай ажиллагаагаар хэт даврагчдыг саатуулжээ

ОХУ-ын нийслэл Москва болон дагуул хотод хэт даврагчдыг саатуулсан талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. Энэхүү тусгай ажиллагааг гурван байгууллага хамтран явуулсан байна. Тухайлбал, Аюулгүй байдлын холбооны алба, ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа “Э” төв, мөн Оросын гвардийн эргийн хүчний удирдлага дор явуулсан аж. Тусгай ажиллагааны үеэр 20 орчим хүнийг саатуулжээ. Энэ нь юуны өмнө зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийг таслан зогсооход чиглэсэн байна. Саатуулагсдын дийлэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсын иргэд аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол судлаач др. Ута Шөөнэ-д “Алтан гадас” одон гардууллаа

Берлин хотын Хумбольдт Их сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхим тус ЭСЯ-тай хамтран “Монголын гэр бүл болон нийгмийн шилжилтийн үйл явц” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурлыг др. Ута Шөөнэ-гийн 75 насны ойд тохиолдуулан энэ оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Берлин хотноо зохион байгуулав. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж др. Ута Шөөнэ-г “Алтан Гадас” одонгоор шагнах зарлиг гаргасан билээ. Элчин сайд Ц.Болор бага хуралд илтгэл тавьсан эрдэмтэд болон бусад хүндэт зочдыг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар др. Ута Шөөнэ-д “Алтан гадас” одонг гардууллаа.

Доктор Ута Шөөнэ анх 1960-аад онд МУИС-д суралцаж, улмаар монгол судлалаар насан турш ажилласан бөгөөд олон оюутан, монгол судлаач нарын багш билээ. Тэрээр 2006 онд Хумбольдт Их сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгчийн албан тушаалаас тэтгэвэрт гарч, түүнээс хойш өнөөг хүртэл сайн дураараа хичээл зааж байгаа нь тус сургуулийн Төв Азийн Монгол судлалын тэнхимийн төдийгүй ХБНГУ дахь монгол судлалын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Монгол судлалын энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар орж, мөн түүнчлэн монголч эрдэмтэд проф. С.Дулам, проф. Ж.Урангуа, проф. Вероника Файт, проф. Удо Баркманн болон проф. Инес Штольпе, мөн др. Юлиан Диркес болон магистр Кристиан Рессел нар бага хурлын хүрээнд илтгэл тавьж оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Автомат бус жин. Туршилт, баталгаажуулалт” сургалтанд хамрагдлаа

Герман Улсын Физик технологийн хүрээлэн(PTB)-ийн санхүүжилтээр явагддаг MEDEA төслийн хүрээнд 2016 оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Ази Номхон Далайн Орнуудын Хууль эрхийн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APLMF), ХБНГУ-ын Физик-техникийн хүрээлэн (PTB) хамтран Малайз улсад зохион байгуулсан “Автомат бус жин. Хэмжил зүйн болон техникийн шаардлага” сэдэвт сургалтад ХХШБГ-ын ХХШТА-*ны дарга П.Цэрэн-Очир зохион байгуулагч талын зардлаар хамрагдаж амжилттай оролцоод ирлээ.

Энэхүү сургалтаар мэргэжлээ дээшлүүлэх, олон улсын түвшинд түгээмэл ашиглаж буй автомат бус жингийн шалгалт, баталгаажуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар судлан, сургалтад хэрэглэсэн хичээлийн материал, оролцсон бүх улсуудын хэмжилзүйн байгууллагын танилцуулга, презентаци болон хэмжил зүйн чиглэлээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Малайз улсын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн танилцуулга 2 видео материал авчирсан.

Эдгээр материал нь хэмжүүрийн улсын шалгагчдын мэрэгжлийг дээшлүүлэх, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлын чанарыг сайжруулах замаар хэрэглэгчдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд чухал хувь нэмэр болно.

Цаашид шинээр олж авсан мэдлэгээ төв, орон нутгийн улсын шалгагч нарт болон мэргэжлийн сургалтад хамрагдах ажилтнуудад түгээх, видео хичээл болгон байгууллагын сайтад байршуулахаар төлөвлөж байна.

Азийн 11 орны хэмжил зүйн байгууллагын танилцуулгыг авчирсан нь тухайн улсуудын хэмжил зүйн хөгжил ямар түвшинд байгаа болон цаашид хэмжил зүйн салбарт хамтран ажиллахад чухал дэмжлэг болох хүчин зүйл юм. Ялангуяа өндөр хөгжилтэй Малайз улсын хэмжил зүйн салбарт хүрсэн амжилт нь манай хэмжил зүйн салбарын алсын хараагаа тодорхойлоход нөлөөлнө гэж үзэж байна.

Categories
гадаад мэдээ

Дахин онгоц осолдож, 47 хүн амиа алдлаа

Онгоцны бас нэг сүйрлийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр цацагдлаа. Пакистаны “Pakistan International Airlines” /PIA/ компанийн “PK661” дугаартай “ATR 42” онгоц өчигдөр осолдсон байна. Уг онгоцонд нийт 42 зорчигч, багийн таван гишүүн зорчиж явжээ. Ослын улмаас бүх зорчигчид амиа алдсан болохыг /PIA/ компанийн гүйцэтгэх захирал Мухаммед Азам Сайгол баталж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

Онгоц өчигдөр орон нутгийн цагаар 16.42 цагт Исламабад хотоос хөөрөөд удалгүй Хибер Пахтунхва мужийн уулархаг бүсэд осолдсон байна. Хуваарийн дагуу онгоц нийслэл Катмунда хотноо очих байжээ. Онгоц нисэх зурвасаас хөөрөөд удалгүй ахмад төв станцтайгаа холбоо тогтоосон аж. Ахмад “Нэг мотор ажиллахгүй байна” хэмээн мэдэгдэж, удалгүй удирдлагын хэсэгтэй холбоо тасарсан гэнэ.

Харин техникийн доголдлоос болж онгоц сүйрсэн гэх мэдээллийг ноён Сайгол үгүйсгэж “ATR 42” онгоц техникийн үзлэгт тогтмол орж ирсэн. 500 цаг ниссэн онгоц бүрээс авдаг техникийн үзлэгээр үргэлж, +А үнэлгээ авч байсан. Хамгийн сүүлд аравдугаар сард техникийн бүрэн үзлэгт хамрагдсан. Ахмад 1200 цаг ниссэн, туршлагатай нисгэгч. Манай компанийн нүүр царай болсон шилдэг ажилчин байсан. Мөн онгоцны багийнхан хамгийн багадаа таваас дээшгүй жил ажилласан ажилчид. Ослын шалтгааныг тодруулахын тулд олон улсаас тусламж авч, хамтран ажиллах болно” гэж хэлжээ.

Ослын газар 500 гаруй аврагч, цэрэг, эмч болон сувилагч нар ажиллаж байна. Шуурхай мэдээгээр аврагчид 40 цогцсыг олж, ослын газраас холгүй байрлах “Абботтабадын Аюүб” гэх эрүүл мэндийн хүрээлэн рүү шилжүүлжээ. Цогцсуудыг таних ажиллагаа удаж магадгүй байгаа талаар Засгийн газрын төлөөлөгч “AFP” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна. Учир нь онгоц осолдох үедээ дэлбэрсэн учир цогцсууд бүгд шатжээ. ДНК-ийнх нь тусламжтай амиа алдагсдын хэн болохыг нь тогтооно гэв. Онгоц осолдохоосоо өмнө шатаж байсан талаар орон нутгийн иргэд хэвлэлийнхэнд ярьжээ. Уг мэдээллийг албаныхан нягталж, ослын жинхэнэ шалтгааныг тайлах хар хайрцагны бичлэгүүдийг эрэн хайж эхэлжээ. Ослын улмаас онгоцны эх бие хэдэн хэсэг болж тасарчээ. Онгоцонд Австри болон БНХАУ-ын нэг нэг иргэн зорчиж явсан байна.

Мөн тус онгоцонд Пакистаны супер од, поп дуучин Жунайд Жамшэд эхнэрийнхээ хамтаар зорчиж явжээ. Тэрээр 1990 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд Пакистаны хамгийн алдартай эрхэм юм. Түүний фэйсбүүк хуудсыг 2.8 сая хүн дагадаг аж. Ослын мэдээллийн дараа нийслэл хотноо дуучны шүтэн бишрэгчид цугларч, эмгэнэл илэрхийлжээ. Бүх орон нутгийн хэвлэл, радиогоор түүний дуунууд явах болсон байна.

Дуучин эр онгоцонд суухаасаа өмнө твиттер хуудастаа “Тэнгэрийн Читрал хот. Аллах бидний нислэгийг ивээг” гэж жиргэжээ. Тэрээр нийслэл хотноо нэвтрүүлэгт оролцохоор явж байсан гэнэ.

Тус улсын түүхэнд хэд хэдэн удаа онгоцны осол болж, олон зуун хүн амиа алдсан билээ.

1965 оны тавдугаар сард онгоцны ослоор 124 хүн амиа алдсан бол, 1970 оны наймдугаар сард /PIA/ компанийн онгоц осолдож, 30 хүн амиа алджээ. Уг ослоос хоёр жилийн дараа мөн онгоцны ослоор 29 хүн амиа алдсан бол, 1979 онд онгоцны ослоор 156 хүн, 1986 онд болсон онгоцны ослоор 56 хүн амиа алджээ. 1988 онд 30 хүн, 1989 онд 54 хүн, 1992 онд 133 хүн, 2003 онд 13 хүн, 2006 онд 41 хүн, 2010 онд 21 хүн, 2011 онд 12 хүн, 2012 онд 130 хүн, 2015 онд найман хүн онгоцны ослоор амь үрэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Сэргээшийн давтан шинжилгээнд унасан 79 тамирчны амжилтыг хүчингүй болгожээ

ЛОЗАННА./TASS/. Бээжин-2008, Лондон-2012 Олимпын тоглолтуудын үеэр авсан сэргээшийн шинжилгээг дахин шалгахад нийт 101 сорьцод сэргээш илэрсэн тухай Олон улсын Олимпын хороо мэдээллээ.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар, сэргээшийн дахин шинжилгээнд унасан нийт 79 тамирчин, тэдний дотор Оросын 27 тамирчны гаргасан амжилтыг хүчингүй болгоод байна. Дахин шинжилгээ авах ажлыг удирдсан доктор Ричард Бажетт хэлэхдээ “Бээжингийн Олимпын наадмын үеэр авсан сэргээшийн шинжилгээний сорьцыг авах ажлыг зогсоосон, харин Лондонгийн Олимпын үеэр авсан сорьцуудыг дахин шалгах ажиллагаа 2020 он хүртэл буюу Токиогийн Олимпын наадам хүртэлх хугацаанд үргэлжилнэ” гэдгийг мэдэгдлээ.

Дахин шалгалтын явцад спортын 16 төрлөөр өрсөлдсөн 89 орны 1445 тамирчнаас авсан сэргээшийн шинжилгээний сорьцод давтан шинжилгээ хийсэн байна.

Өмнө нь 98 тамирчны сорьцод хориотой бодис илэрсэн тухай мэдээлж байсан юм.