Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт боллоо

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл Мэндийн төв, “Дэлхийн зөн Монгол” ОУ-ын байгууллагын Налайх-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран “Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалт”-ыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалт нь дэлхийн сайн дурын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн ӨЭМТ-ийн дарга, нийгмийн ажилтан болон сайн дурын туслагчаар идэвхи санаачлагатай ажиллаж буй хүмүүс оролцлоо. Уулзалтаар хороо, ӨЭМТ-түүд хамтран 2016 онд хийсэн онцлог ажлаа танилцууж, ирэх онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын чиглэлийг тодорхойлсон юм. Мөн сайн дурын үйлст өөрийн хийсэн ажлаараа бусдыгаа манлайлж, идэвхи, зүтгэл гаргасан дүүргийн 10, 13, 15, 17 дугаар хорооны ӨЭМТ-ийн эрүүл мэндийн сайн дурын туслагч нарыг урамшуулж, дургалын зүйл хадгалуулав. Эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын уулзалтад Налайх дүүргийн 5 дугаар хорооны эрүүл мэндийн сайн дурын туслагч нар оролцож, харилцан туршлага судлан, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ юу хэлэлцэх вэ?

Монгол Улсын Их хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ний өдөр /баасан гараг/-ийн Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг танилцуулъя.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хороодын хуралдааны дараа:

  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлт;
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас “Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилнэ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэн дөрвөн эгнээтэй, тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөж, нэгдүгээр ангиллын гол зам болгон шинэчлэхээр болжээ. Энэхүү замаар хоногт 2600 тээврийн хэрэгсэл зорчдог байна.

Тус замын 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт туннель барих зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Кубын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг өчигдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон Раул Дэлгадод баяр хүргэж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагаа олон арван жилийн турш найрсаг дотно явж ирснийг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн 9 дүгээр сард БНКУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Р.Дэлгадо Монгол, БНКУ хоорондын найрсаг дотно харилцааг онцолж, энэ уламжлалыг бэхжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Contemporary Art” exhibition-II үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын Урчуудын эвлэлийн “Шинэ урлагийн нэгдэл”-ээс хоёр дахь удаагаа дэглэн тавьж буй “Contemporary Art” exhibition-II үзэсгэлэн өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Монголын орчин үеийн урлагийн хөгжлийн явц, сэтгэлгээний хурд, өнгө төрхийг олон нийтэд таниулах, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эл үзэсгэлэнд тодорхой шалгуурыг давсан 21 уран бүтээлчийн бүтээл дэлгэгджээ.

Ингээд энэ удаагийн үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон бүтээл нь тавигдсан уран бүтээлчдийн төлөөлөлтэй товч ярилцсанаа хүргэе.

МУЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, уран бүтээлч Д.Батзориг:

 "Contemporary Art" exhibition-II үзэсгэлэн нээлтээ хийлээ

Анхны үзэсгэлэн 2014 онд тавигдаж байсан. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг учир энэ жил 2 дахь удаагаа дэлгэгдэж байна. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь орчин үеийн урлагийн төрлөөр бүтээл туурвидаг шинэ залуу уран бүтээлч, дүр төрхийг бодлогын хэмжээнд гарган ирэх зорилготойгоор Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулдаг ажил юм. Нийт 36 уран бүтээлчийн 40 гаруй бүтээл ирснээс сонгон шалгаруулалт хийгдэж 21 уран бүтээлчийн 19 бүтээл дэлгэгдсэн. Үзэсгэлэнг амжилттай болгох нэн тэргүүний хүчин зүйл нь дэглэлт байдаг. Бид ч дэглэлтдээ илүү анхаарсан. Ер нь контемпорари урлагийг хөгжүүлье гэвэл орон зайг нь л гаргаж өгөх чухал.

“Art Mongolia” төвийн уран бүтээлч Д.Бат Эрдэнэ:

 "Contemporary Art" exhibition-II үзэсгэлэн нээлтээ хийлээ

Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн миний энэ ажил “Empty” буюу хоосон гэдэг нэртэй. Уг санаа нь бол хоосорчихсон, дууссан, хоосон бол хоосон гэсэн утгыг агуулж байгаа юм. Бодит байдал нь цаанаа байгаа юм уу, эсвэл бодит байдал нь хавтгай дээрээ байгаа юм уу гэж харагдахаар хийсэн орон зайн видео арт юм.

 "Contemporary Art" exhibition-II үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Empty” буюу хоосон.

Манай “Art Mongolia” төвийн дөрвөн уран бүтээлчийн ажил энэ удаагийн үзэсгэлэнд шалгаран оролцож байна. Ер нь бол зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд тавигдах бүтээлийн шалгуурт их сайн босго тавьсан байна билээ. Хэлбэр хийц, утга санааны хувьд ч чанартай бүтээлүүдийг сонгож бүтээл бүхэнд орон зайг хангалттай гарган өгч их сайн дэглэжээ.

Урлаг судлаач, зураач П.Ганбат:

 "Contemporary Art" exhibition-II үзэсгэлэн нээлтээ хийлээ

Миний энэ бүтээл “Үндсэн хууль” нэртэй. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүхэн амьд явах эрхтэй гэж заасан ч өнөөдөр энэ эрхээ бид тэгш эдэлж чадаж байна уу? Зарим хүнд хууль өөрөөр сонсогдож, өөрөөр тайлбарлагдаж, өөрөөр уншигдаж байна шүү дээ.

 "Contemporary Art" exhibition-II үзэсгэлэн нээлтээ хийлээ “Үндсэн хууль”

Нийгэм рүү чиглэсэн ийм бүтээл хийхэд орон зай их шаардагдсан. Тийм учраас комтемпорари урлагийн төрлөөр, тэр дундаа инстоляци хэлбэрийг сонгосон. Миний сонгож авсан материал бол нүүрс зөөдөг конверын дамрууд. Нэг л цагт яг ижил хэмжээтэй нүүрс зөөж буй дамрууд хэрнээ өөр өөр элэгдэлтэй даамрууд байх жишээний. Нэг ёсондоо энэ нийгмийн бүтээгдэхүүн болсон хүмүүс бид л гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм

Авлигатай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт “алхаа” нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаар Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд арав дахь удаагаа тэмдэглэж байна.

Энэ жилийн хувьд авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Авлигатай тэмцэх газар, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна. Бага хуралд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Эмэгтэйчүүдийг дээрэлхэж гутаасныхаа төлөө Шадар сайд У.Хүрэлсүх, Батлах хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар уучлал гуйх хэрэгтэй

Ардын армийн хурандаа болон Монгол Улсын дархан аварга нарын ханагар эрчүүд эмэгтэй хүнийг голдоо суулгаж байгаад элдвээр хэлж байгаа харагдах юм даа.

Саяхан Онцгой комиссын хурал дээр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг хоёр талаас нь зандарч доромжилсон үйл явдал болсон. Эд бол адилхан Засгийн газрын гишүүд. Хэн хэндээ албан тушаалын зэрэг зиндаагаар илүүрхэж, ихэрхэж, омогшоод байхааргүй, эрх тэгш улс. Гэтэл өнөө хоёр эрхэм “Асуудлыг шийдэх гэж сайд болдог юм” гэж ирээд л эмэгтэй сайдыгаа олны нүдэн дээр ичиж зовох ч юмгүй аашилж байлаа. Тэдний ингэж сэлэм сугалж давшлах нь үнэхээр бүдүүлэг харагдаж байв. Орчин үеийн соёлт ёсонд ямар ч эр хүн хамт ажилладаг доод тушаалын эмэгтэй хүнтэй жентелмэн биш өнгө аясаар харьцдаггүй. Ялангуяа цэргийн офицер гэдэг бол эр улсын, жентелмэний хамгийн дээд хэлбэр байдаг. Ядарсан, зүдэрсэн хэн нэгнийг өмгөөлнө, тусална, тухайн үйл хэргийн төлөө тэмцдэг тийм л үлгэр жишээ хүний илэрхийлэл байх ёстой. Тэр хэрээр офицер хүнийг ард түмэн хүндэлж, бахархдаг. Монгол бөхийн хувьд ч ялгаагүй ёс, жудаг, хуудуугүй зангаараа түмэн олондоо дээдлэгдсэн эрхэм хүн байхыг хэлдэг. Тэр дундаа дархан аварга гэдэг бол монгол эрчүүдийн сор нь байх учиртай. Тэгээд ч Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын ард түмэнд төрийн тэргүүний дайтай хүндлэгдэж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд ялалт байгуулахад хэдхэн хувийн санал дутсан шүү дээ.

Ийм хоёр эрхэм бээлийн чинээ эмэгтэй хүнийг элдвээр хэлэх нь залуучууд болоод нийгэмд буруу үлгэр дуурайлал болно. Ухамсрын өндөр түвшинд хувийн ааш авир гаргах нь зохимжгүй. Доод тушаалын хүнээ загнаж доромжлоод зогсохгүй тэр бүдүүлэг авир гаргасан бичлэгээ зохион байгуулалттайгаар нийтийн сүлжээнд тараасан нь бүр ч муухай харагдаж байна. Үүнийг сошиалын ухамсар дорой ертөнцөд өлгөж аваад л сүйд болцгоох юм. Муу эр дайнд хөөрнө гэгчээр “Манай дарга мундаг сэлэм эргүүлсэн байна” гээд онгирч дахин, дахин тэрийгээ тарааж байна.

Үнэндээ энэ бол онгирч, сагсуураад байх үйл явдал биш л дээ. Эрхэм сайд нар мундаг байгаа ч юм биш. Эмэгтэй хүнийг доорд үзэж буй ийм үзэгдэл соёлт хүн төрөлхтөнд байж болохгүй. Тэгэхээр Монголын энэ хоёр ханхар эр сайд эмэгтэйн нэр хүндийг гутааж байгаа үйлдэлдээ уучлал гуймаар байна. Төрийн сайд хүн байж танхимынхаа гишүүнд хүйс, нэр хүнд, алдар цол, эр бяраар аархсаныхаа хариуд уучлал гуй. Хэрэв үгүй гэвэл энэ олон эмэгтэйчүүдийн байгууллага Шадар сайд У.Хүрэлсүх болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс уучлал гуйхыг албан ёсоор шаардах хэрэгтэй байна.

М.ЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Шинэ жилийн сүлд мод 3.4 метртэй нь 700 мянган төгрөгийн үнэтэй байна

Улаанбаатарт шинэ жилийн уур амьсгал орж албан байгууллагууд сүлд модоо засч эхэлжээ. Албан байгууллага, айл өрхийн хоймрыг чимэх сүлд мод, гоёл чимэглэлийн үзэсгэлэн томоохон зах, дэлгүүрээр гараад эхэлж. Өнөө жилийн шинэ жилийн гоёл, гацуур мод, саа, гэрэл чимэглэлийн үнэ ханшийг сонирхохоор “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо. Тусгай талбайд олон сонголттой сүлд мод, саа, өнгө өнгийн гэрлэн чимэглэл, өвлийн өвгөн, багуудыг төрөл төрлөөр нь дэлгэн тавьжээ. Тус үзэсгэлэн эхлээд гуравхан хонож байгаа учраас тэр бүр хүн мэдээгүй байгаа гэнэ. Худалдагч нар арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногоос гүйлгээ маань эрс сайжирдаг хэмээн хуучиллаа. Дунджаар ногоон мөчиртэй 1.8 метрийн өндөр мод 300 мянга, саглагар ногоон мөчиртэй 1.5 метрийн өндөртэй нь 350 мянган төгрөг, цастай мөчиртэй 1.8 метрийн өндөр гацуур 540 мянган төгрөг, 3.4 метртэй нь 700 мянган төгрөгийн үнэтэй байна. Ерөнхийдөө сүлд мод цагаан саатай, усан цэнхэр, тод ногоон гэсэн олон төрлийн сонголттой. Харин сүлд модны тоглоом нэг ширхэг нь 2000, том тоглоом дөрвөн ширхэг нь 8000 төгрөгийн үнэтэй, 30 ширхэгтэй том бөмбөлөг нь 30 мянган төгрөг. Тоглоом том, жижгээс хамаараад 30-150 мянган төгрөгийн үнэтэй байв.

Гэрэл 15 мянган төгрөг, саа урт болон төрлөөсөө шалтгаалж 1000-2500 төгрөгийн үнэтэй. Харин сүлд модны оройн чимэглэл таван мянган төгрөгөөс эхлэн 30 мянган төгрөг хүртэл үнийн сонголттой байлаа. Худалдан авагч Ү.Балжирмаа “Манайх залуу гэр бүл. Хоёр хүүтэй учраас заавал сүлд мод засахгүй бол болохгүй. Шинэ жил манай гэр бүлийн хувьд том баяр. Өмнө нь засдаг байсан мод эвдэрчихсэн учраас шинэ мод авахаар ирлээ. Уг нь өндөр мод нь гоё харагдаж байгаа ч мөнгө хүрэхгүй учраас дундаж өндөртэйг нь авахаар харж байна” хэмээв. “Дүнжингарав” худалдааны төвийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна.

Дэлгүүрийн үзэсгэлэнд тавигдсан сүлд мод, чимэглэлийг үнэтэй хэмээн хэлэх хүн байсан учир цааш “Нарантуул” зах орлоо. “Ойрд дулаахан байгаа учир зах хөл хөдөлгөөн ихтэй байна. Одоо л албан байгууллага, айл өрхүүд шинэ жилийнхээ сүлд мод, чимэглэлийг авна даа” хэмээн худалдагчид ярив. “Нарантуул” захад сүлд моднууд өргөн сонголттой дэлгэгджээ. Хамгийн жижиг буюу ширээн дээр тавьдаг сүлд мод 4000-20000 төгрөг байсан бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 25000-50000 төгрөгийн үнэтэй. Харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 35000-120000 төгрөгийн ханштай байв. Сүлд модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 төгрөг бол саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 600-1500 төгрөг. Мөн шинэ жилийн багт наадамд зориулсан төрөл бүрийн маск, баг 1500-5000 төгрөгийн үнэтэй байлаа.

“Нарантуул” захаас худалдан авалт хийж буй М.Уранчимэг “Олон хүүхэдтэй учраас сүлд модныхоо тоглоомуудыг нэг нэгээр нь хагалсаар байгаад бараг дуусгачихсан. Хуучин сүлд модон дээр нь орчин үеийн гоё тоглоом авах гэж явна. Тэгээд гэрээ чимэглэчихээр гоё харагдах байх. Хүүхдүүд маань өөрсдөө цонхон дээрээ зураг зураад хөөрхөн чимэглэчихдэг юм” гэсээр цааш алхлаа.

Хотын төвд байрлах Улсын их дэлгүүрт гацуур модны өнгө, хэмжээний сонголт өргөн байлаа. УИД-т дан ногоон 1.5 метртэй сүлд мод 69900 төгрөг, 1.2 метртэй гэрэл асдаг сүлд мод 129000 төгрөг, Тайландын өтгөн мөчиртэй 1.8 метр сүлд мод 340 мянган төгрөг, 2.25 метр өндөр мод 800 мянган төгрөг, 2.7 метртэй гэрэл, тоглоомтой сүлд мод 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан юм. Тоглоом, чимэглэл 3500-9200 төгрөгөөр худалдаалж байв.

Харин “E mart” их дэлгүүрт 0.9 метр сүлд мод 72800 төгрөгийн үнэтэй байна. 0.9 метр өндөртэй ч чимэглэл ихсэх тусам үнэ нь нэмэгдэж 139800 төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. 1.2 метр өндөртэй сүлд модыг 79800-169800 төгрөгөөр борлуулж болов. 1.8 метртэй сүлд мод 116900-199800 төгрөг байсан бол хамгийн өндөр буюу дөрвөн метр сүлд мод 923800-974800 төгрөг байлаа. Эднийх 2.1 метрээс өндөр сүлд мод худалдаж авбал гэрт нь үнэгүй хүргэж өгөх үйлчилгээг гаргажээ. Мөн бүх гацуурт бөмбөлөг бэлгэнд өгч байгаа гэнэ. Эднийд төрөл бүрийн хэлбэртэй сүлд модны тоглоом, чимэглэл 1900-24500 төгрөгийн үнэтэй. Мөн шинэ жилийн хөөсөн тоглоом том, жижгээсээ хамаараад 6900-72500 төгрөгийн үнэтэй байлаа. Худалдан авагч З.Найдан “E mart-ийн танилцуулгыг харж байсан чинь сүлд мод нь сонголттойн дээр хүргэлттэй гэхээр нь очъё гэж бодсон юм. Ажлынхаа заваар ирж сонирхож байна. Анхныхаа ач хүүд авах сүлд модоо сонгочихоод орой тарахаараа хүргээд өгөөрэй гэж тохирчихоод л явна даа” гэв.

“Бөмбөгөр” худалдааны төвд шинэ жилийн сүлд мод нэг метртэйг нь 25000, 1.5 метртэйг нь 35000 төгрөгөөр худалдаалж буй. Сүлд модны гэрлэн чимэглэл 3500, шилэн тоглоом зургаан ширхэгтэй нь 2500 төгрөг, саа 800-1000 төгрөг, цасан ширхэг тав нь 1500 төгрөгийн ханштай байлаа.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Жүмпэрэлийн Саруулбуян: Миний энэ насны шүтээн аугаа их Бурхан Халдун хайрхан юм

Түрүүч нь №272 (5537) дугаарт

Яруу найрагч Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, О.Дашбалбар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян. 1980 он

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуянтай хөөрөлдсөн ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.


-Таны уран бүтээлийн нөхөд чинь гэвэл мэдээж хамгийн түрүүнд “Гал”-ынхныг нэрлэнэ дээ?

-Яриад яахав. Миний “Гал”-ын нөхөд байгаагүй бол бидний хэн маань ч ганц нэгээрээ их хол явахгүй л байсан байх. Энэ онд дөчин жилийн ой тохиож байна. “Гал”-ын удирдагч Г.Мэнд-Ооёо, гишүүд Я.Баатар, Д.Цогт, Ү.Хүрэлбаатар, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Б.Сундуй, Л.Мягмарсүрэн, Ж.Оюунцэцэг, Ц.Ойдов, Ш.Гүрбазар, А.Батешхан нар болно. Өнгөрсөн жил Саймон бидний наяад оны бүтээлүүдээс түүвэрлэн “Гал”-ынхны яруу найргийг англи хэлээр гаргасан. О.Дашбалбар, Д.Нямсүрэн хоёрыг бол монголчууд мэднэ. Б.Сундуй маань даанч наслаагүй. Жинхэнэ нуугьсан монгол шүлэгтэй намбалзсан алхаатай авьяасаар халгисан найрагч байлаа. Түүний минь дунд сургуульд байхдаа бичсэн “Нутаг” шүлгэнд хөгжмийн зохиолч Ц.Чинзориг хожим сүүлд ая хийгээд дэлхийн буриадуудын хайртай сүлд дуу болгосон доо.

-О.Дашбалбар найрагч нэг биш шүлгээ танд зориулсан байдаг?

-Балбар бид хоёр “Гал”-ынхан дотроо амь, бид шүлэг зохиолынхоо сэдвийг уралдан бичдэг байлаа. Балбар надад лавтайяа арав гаруй шүлэг зориулан бичсэн нь ном, ботиудад нь үлджээ. Би нөхөртөө бараг л шүлэг зориулаагүй байх. Бурханд явахаас нь өмнө найзыгаа суулгаж байж усан будгаар хөргийг нь зурж, хол явсны нь дараа нэгэн таталбар дүр хийсэн нь мөнхжин дээр нь сийлэгдсэн, одоо хэвлэгдэж байгаа ном бүгдийн хавтсан дээр миний Балбарыгаа зурсан хажуу хөрөг гардаг. Таалал болсны нь дараа зураг урлалын зураачид түүний хөрөг дүрийг хийх үүрэг аваад “Бид Балбарыг зурж мэдэхгүй найзаар нь зуруул” гээд над руу илгээсэн юм. “Гал”-ынхандаа бүгдэд нь зориулж сайхан хөрөг бичсэн дээ. Мэнд-Ооёо, Мягмарсүрэн, Цогт, Ойдов нар маань надад олон сайхан шүлгээ зориулан бичсэн. Яруу найргийн сэтгэлийн их өглөгийг хариулахад бараг боломжгүй санагддаг юм. Түүнийг бид одоо биш дараа хожим ойлгоно байх.

Манай Цогт бол гайхалтай сэтгэгч, гал дөлтэй яруу найрагч, алтан гартай их авьяаслаг мэс засалч хүн. Тэр бидний ихэнхийг гэгээрүүлж, номын замд оруулаад тавьсан хүн. Морь уралдахад жижиг хүүхэдтэй морийг арай томхон нь хөтлөн авч эргүүлж тавьж өгдөг дөө. Цогтын гайхалтай номын сангаас бид сонгодгуудыг олж сонсч үзэж, Ван Гог, Поль Гоген, П.Пикассогийн уран бүтээлийг мэдэрч, дэлхийн яруу найргийн мөч чацыг ойлгож ухаарсан. Өөрийнх нь тархины “номын сан” бол хэмжихийн аргагүй. Д.Цогт, Л.Мягмарсүрэн бид гурвын анхны номыг их Б.Явуухулан хянан эрхэлж гаргаж өгсөн юм. “Гал”-ынхан бид бараг бүгдээрээ Явуу, Цэдэндорж, Түдэв нарын шавь. О.Дашбалбарыг Сүхбаатар аймгаас чемоданаа бариад Мэнд-Ооёогийнд буухад Түдэв, Цэдэндорж нар өлгийдөн авч Хотын эвлэлийн хороонд ажилд оруулан шүлэг зохиолыг нь дэмжиж байсан. Мэнд-Ооёо бол яах аргагүй бидний оюун санааны манлайлагч. Түүний яруу найргийг Монголын орчин үеийн яруу найргийн түүчээнүүдийн нэг гэдгийг бид өөрсдөө бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь харамсалтай. Түүний яруу найраг дэлхийн хамгийн олон хэлээр орчуулагдсан. Олон хэлээр гарсан гэдгээр нь хэлээд ч байгаа юм биш. Түүний найргийг дэлхийн яруу найраг хүлээн зөвшөөрч анхаарч байгааг бид бас л мөчит дутуу ойлгодог. Энэ бол уншигчдад хамаатай зүйл биш, утга зохиолын хүрээнийхэнд л хамаатай. Түүний бүтээлийг Шведийн утга зохиолын академиас Нобелийн шагналд дэвшүүлчихсэн байхад бид баярлахын дээдээр баярлах учиртай. Энэ бол зөвхөн Мэнд-Ооёогийн бүтээлийг биш Монголын яруу найргийг анхаарч буйн хэрэг биз дээ.

-Танай нэгдлийн гишүүн нэртэй зураач Ойдовынхоо тухай яриач?

-Бид Галын дөл зураач, сийлбэрч, түүхч, жинхэнэ модернист яруу найрагч Ц.Ойдовынхоо зохиосон Төрийн сүлдийг Их хурлаар батлагдахад мөн ч их баярлаж байж билээ. Хүмүүс янз бүрээр хэлдэг. Их нуршуу, орчин үеийн биш хэллэгтэй, модон морь энэ тэр гэж, Төрийн сүлд бол Төрийн сүлд. Монголчууд Төрийн сүлдээ шинэчилье гэж шинэчлээд бүгдээр хэлэлцээд л баталсан. Гадаад орнуудын олон сүлдийг бид мэднэ. Манай сүлд бол бэлгэдлийн чанарт их сэтгэмж ухаан цогцлон сүлжилдсэн гүн утгын зангилаа байсан. Монгол зураачийн л бүтээж чадах гайхалтай бүтээл. Тэр гаднын сүлднүүдээс хичнээн илүү ур ухаан шингэснийг бид өөрсдөө л мэдрэх ёстой биз дээ. Түүнээс оройдоо шүтсэн шүтээнээ муухай, сайхан гэж өөлж өөнтөглөнө гэгч ёстой бурхнаа бургаасаар гуядахын үлгэр болно биз дээ. Энэ жил Ойдовын маань наяад онд бүтээсэн модернист яруу найраг, уран зургийн ном Америкийн утга зохиолын шилдэг орчуулгын бүтээлээр шалгаран хэвлэгдэв. Монголын утга зохиол судлаач, орчуулагч Саймон орчуулсан. Энэ чинь бидний оюун сэтгэлгээний авьяас билгийн ундарга хэвээр байгаагийн баяр бахдал биш гэж үү.

-Танай “Гал”-ын нэг эрхэм гишүүн, утга зохиол судлагч, яруу найрагч Я.Баатар анд чинь хаа байна. Сүүлийн үед хол алсад суугаа сурагтай?

-Ядамбатын Баатар минь гайхалтай ховор хүн. Тэр эрдэмтэн судлаач, зохиолч хүн. Сүүлийн арав гаруй жил холын Америкт амьдарч байна. Тэр хол нутагт өнө удаан суухдаа анд минь арван таван боть утга соёл, эртний судлалын ном бичиж хэвлүүллээ. Бидэнд илгээсэн. Монгол Улсад өнөөдөр Гэсэр, Жангараа судалдаг хүн үгүй болсон. Дамдинсүрэн гуайгаас хойш хэн Гэсэр судалж байна вэ гэвэл Я.Баатар. Тэр гуч, дөчин жилийн турш Гэсэрийн судлалаар ажиллаж хоёр боть, Явуугийн судлалаар боть ном, утга зохиолын ахмад үеийн төлөөлөгч Н.Наваан-Юндэн, С.Доржпалам, Д.Чимид нар гээд л бүгдийг ялгалгүй судлан нэгэн сэдэвт бүтээлүүд хэвлүүлсэн. Өөрийн шүлэг зохиолыг ч орхиогүй. Эх нутгаасаа, эмгэн буурал ээжээсээ хол сууж, элэг зүрхээ нутаг руугаа хандуулан байж энэ олон боть номоо бичсэнийг баатарлаг явдал гэхээс яахав. Түүний минь бие тийм ч сайн биш. Тэнд эмнэлгийн хяналтад хагас хэвтрийн дэглэмтэй байгаа хүн шүү. Бид бараг өдөр бүр ярилцдаг. Явуу багшийн их ойрын хамаатан. Биднийг их Явуугийн шавь нар болох дөт яруу замыг дурайтал гаргаж өгсөн хүн. Түүнээс тэр үед шүлэг оролддог хүн бүр л Явууд шавь орохыг хүсч зүтгэж байсан шүү дээ. Явуу бидний авьяасын хэлтэрхийг олж харсан учраас л биднийг тоосон байх.

-Танаас ганц нэг сонин асуулт асуумаар санагдаад явдаг юм. Та бол Хэнтийн уугуул хүн. Аймгийн төв чинь Чингис гэдэг нэртэй болсон. Үүнд ямар бодолтой байдаг вэ?

-Лав л өнгөрсөн зуунд болоогүй. Манай Хэнтий аймгийн төвийг Өндөрхаан гэж нэрлэдэг юм. Энэ нутаг Хан Хэнтий уулын аймаг. Өндөрхаан уулын хошуу гээд нэрлэнэ. Өндөрхаан хайрхан бол эрт үеэс тахилга тайлгатай, Чингис хааны болоод бусад хаад, Сэцэнханы түүхтэй нэн холбоотой, хаадын хаан гэсэн утга бүхий нэртэй их уулын нэрийг бид Өндөрхаан хотдоо өгсөн юм. Хаадын хаан болохоороо Чингис хааны дээд үетэй холбогдоно гэсэн үг. Нэг л өдөр манай аймгийн залуу удирдагчид гарч ирээд Өндөрхаан нэрийг нь авч хаяад Чингис хот гээд нэрлэчихсэн. Чингис хот гэх нэр бол үнэндээ Улаанбаатарын оронд болсон ч томдох л нэр. Аймгийн төв Чингис нэртэй байх нь Чингисдээ биш. Аймгийн шившиг юм. Үүнийг би тэр үед ч зохисгүй гэдгийг радио телевизээр хэлж байсан, огтонын дуу тэнгэрт хүрэхгүй. Хотын дарга байсан Э.Бат-Үүл Хэнтий аймгийн төвд Чингис гэдэг нэр ахадна, хуулийн дагуу биш гэж шүүмжилж байсан. Хотынхоо нэрийг Их хурлаар биш, ердөө л Аймгийн Иргэдийн хурлаараа өөрчилчихсөн улс. Ер нь байгаа юмыг байгаагаар нь байлгаад, бүтээн цогцлоох зүйлээ хиймээр. Нэр солих нь бүтээн байгуулалт юм уу. Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосноо хот Чингисийн сайхан шинэ талбай цогцоор нь байгуулчихсан гэж эндүүрээгүй л баймаар. Ард олон нэг ч удаа Чингисийн талбай гэж хэлээгүй. Одоо эргээд Сүхбаатарын талбай хэвээрээ болж байх шив. Маршалыг тахин шүтэж байсан үед Богдхан уулынхаа нэрийг сольж Чойбалсан уул болгосон. Тэр үед бараг нэг ч хүн Чойбалсан уул гэж амнаасаа гаргаагүй байх. Шашингүйн суртал ноёлж байх цагт Монгол Улс Богд нэртэй уулсынхаа нэрийг бүгдийг солихыг зорьж, шашин бурхны нэр орсон ардын дуунуудаа засч байсны эндүүг одоо ч бүрэн засаагүй л байна. Уул ухаа толгод, овоо тахилгынхаа нэрийг дураараа солиод байна гэдэг түүх гуйвах үндэс суурь нь болдог. Олон жилийн өмнө нэг удаа Нацагдоржийн Гүн Галуутай, Нүүрэнтэйн хөндийгөөр явж байхад нуурын хажууд буусан казах айлуудад буухад тэд нуурынхаа нэрийг казах нэрээр нэрлэчихсэн сууж байв. Ер нь Баян-Өлгийн казахууд Алтайн урианхайн соёлыг баллаж, шашин соёлын зөрчил явуулж байгааг хэн, хаана мэдэрч ойлгож байна. Соёлын ялгамж, шашны зан үйлийг төрөөс цэгцлэхгүй дураар нь тавьсаар байна. Америкт явж байхад сүрлэг их их уулсын нэр нь уугуул эзэд индианчуудын өгсөн нэрээр өдий хүртэл хадгалагдаж байна. Америкчууд уугуул иргэдийн соёлыг бүрэн гэхээр устгаж үгүй болгохдоо уул усны нэрийг нь солиогүй нь тэднийг хүндэтгэсэндээ биш л байх.

-Ингэхэд та Ажаагийнхаа төрсөн газар морин хөшөө босгосон байдаг. Тэнд чинь таны аав төрсөн болохоос, хурдан морь төрөөгүй биз дээ?

-Ажаагийн минь бие тааруу байлаа. Нэг удаа бид Бэрхэд ажаатайгаа байж байтал Ажаа, “Өнөөдөр, Мөнххаан ууландаа гарна, бас нэг газар очно, машинаа асаа” гэлээ. Ажаа, дүү бид гурав Бэрхээс уруудан Суварган хөндийгөөр давхиад Мөнххаан уулан дээрээ гарлаа. Тэр өдөр их хүйтэн салхитай, золтой л бие чилээдүү аавыгаа хийсгэчихсэнгүй. Дараа нь Нарантульяагийн зүүн хажууд очив. Эрт үед айл нутаглаж байсан байж магадгүй нэгэн газар зогсоод бид бууцгаалаа. Ажаа ийш тийшээ харж байгаад энүүхэн борлоод байгаа тэгшдүү газар манайх хаваржиж байхад Ажаа нь энд төрсөн юм. Мэдэж ав гэлээ. Өөр ч юм хэлсэнгүй. Чулуу ховортой газар учир эрж байж хэдэн чулуу овоолон овоо босгоод, нэг номын хавчуур байсан баймаар мод олж өмнө нь тавьж дээр нь идээ будаа өргөөд мордсон юм.

Ажааг бурхны оронд явснаас хойш би ажаагийнхаа төрсөн газар байн байн ирж сүү цагаа өргөөд ном уншихдаа энэ эрхэм газар би юу хийж болох вэ? Ямар нэг уяач өвгөний хөшөө гээд босголтой биш гэж их бодлоо. Гэтэл нэгэн шөнө Ажаа маань зүүдэнд орж ирээд; Ажаа нь хойт насандаа хурдан морь болж байгаад эгэж хүн болох юм. Миний хүү Ажаагийнхаа төрсөн газар морины толгой босгочих гэлээ. Би өглөө босоод ажаагийн төрсөн газар босгосон хөшөөний загвараа шууд гаргаад барималч С.Бадралыг дуудан бид хоёр морин хөшөөний загвар гаргаад зун очиж хөшөөгөө хийсэн. Морин наадам ч хийсэн. Би ажаагийнхаа төрсөн газар нь л очдог болохоос оршуулсан газар нь ер очдоггүй.

-Чингис хааны хүй цөглөсөн газрын тухай маргаан мэтгээнд оролцдог хүний нэг та гарцаагүй мөн дөө?

-Ер миний хаа газар явахдаа очиж хүндэтгэл үзүүлэх, судлан сонирхох дуртай зүйлийн нэг бол их хүмүүсийн мэндэлсэн газар. Тийм газар ер бусын авшиг шид оршсон байдаг. Чингис хааныхаа мэндэлсэн газрыг бид зэрэгцээ хоёр багийн нутагт энэ мөн, биш гэж булаацалдаж, элдэв хөшөө шав тавьж, хол ойрын амьтны толгойг эргүүлэх нь хэтдээ муу. Хэтдээ ч юу байхав, одоо ч муу үртэй. Үүнийг эрдэмтэн судлаачид эвлэлдэн нийлж нэгэн тийш болгох ёстой. Өндөр Гэгээн, Явуу багш гээд л их хүмүүсийн төрсөн газар руу зорьж очжээ. Мөн Бурхан багшийн мэндэлсэн газар руу зорьж яваад Катмандуд их газар хөдөлсөн сүйрэлд өртөж эгээ л ертөнцийн тоосонд орчихоогүй. Ус уух хоногийн тоо дуусаагүй байж. Эх нутаг минь, эцэг эх минь өршөөн их сүйрлээс гэтэлгэн авч үлдсэн юм. Таны энэ насны шүтээн юу вэ гэвэл би аугаа их Бурхан Халдун хайрхан гэж хэлнэ. Монгол төрийн тахилгат хайрхан. Үе үеийн Ерөнхийлөгч хүндэтгэн тахихад хамт явж оролцсон. Хайрхныхаа тухай ном ч бичсэн. Лувсаншарав ахайтай Бурхан Халдуны тухай томоохон дуу хийж ойн концертод нь дуулуулсан. Хүмүүст сайн хүргэж чадахгүй л байна. Цаг сайхан болж хөгжмийн зохиолч бүр, яруу найрагч бүр дуу бичиж, зураачид өөр өөрийн Бурхан Халдуныг сүндэрлүүлэн босгож байна. Би өөртөө Бурхан Халдунаа зурдаг, зураач нөхдөөрөө зуруулан зургаараа сольж авдаг. Уран зургийн цуглуулга ч бий. Гэхдээ тийм ч олон биш л дээ. Нэрт зураач Ц.Байды, Г.Дунбүрээ, С.Төгс-Оюун, С.Бадрал гээд нэлээд хэдэн зураачийн Бурхан Халдуныг зурсан бүтээл бий.

-Хэрлэнгийн хүү Хэрлэнгээ магтан дуулахаа хэнээр заалгав гэж. Бид хоёрын энэхүү хөөрөлдөөнд их мөрөн чинь орох учиртай байх?

-Орхигдуулбал эзэн савдаг нь гомдох ч юм бил үү. Би нэг биш номоо “Хэрлэнгийн ай” гэдэг нэрээр хэвлүүлсэн. Их Жанцанноров бид хоёр “Хэрлэнгийн ай” дуу, дуулал юм даа, зохион дуулуулж байна. Хэрлэн маань Монголын гол мөрнөөс хамгийн олон дуун өргөлтэй мөрөн юм шүү.

“Дээдлэн шүтвээс дэмбэрэлтэйеэ

Дэнж л сэрмүүн Хэрлэн минь

Тэнүүхэн талбайгаар урсана аа хө

Дэлхийн цээжнээ мишилзээд байх нь хө

Дэндүү эртний ерөөл юм гэнэ лээ

Хүүгээ алсад зориход

Дагаад мэлмэрсэн Хэрлэн минь

Хүрэн зүрхний үзүүрт

Дандаа уяатай Хэрлэн минь…” гээд л дуулдаг юм. Их сайхан бадрангуй мөртлөө уяралтай аялгуу бий.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэл мэдээлэл хэнийх ч биш байх нь туйлын осолтой

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “МҮОНРТ-ийг Засгийн газрын харьяаны нэг агентлаг болгодог юм уу гэсэн бодол төрөх боллоо. Эсвэл хуулийг нь хүчингүй болгоод шинэ хууль оруулж ирмээр юм. Тэгэхгүй бол энэ газар чинь луйврын үүр болоод байна. Хэрэгждэггүй хууль, хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ газрыг Засгийн газрын харьяанд л авъя. Ингэж хариуцах эзэнтэй байлгахгүй бол болохгүй нь. Энэ Үндэсний зөвлөлийнхөн хариуцна гэж юу байхав. Та нар ер нь энэ байгууллагын хуулийг хэрэгжүүлж чадах юм уу, үгүй юм уу” гэсэн юм. Ний нуугүй хэлэхэд энэ үнэн үг шүү. Мөн О.Баасанхүү гишүүний “Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа хүн хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүй бол ялсан намын төлөө ажиллаад байна. Эсвэл ялсан намын телевиз гээд зарлачих” гэсэн нь бас үнэн. Амьдрал дээр батлагдаад байгаа үнэн. Энэ газар нь хуулиараа Олон нийтийн статустай. Өмнөх өдрийнх нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр “МҮОНРТ-ийн өмч хэнийх вэ” гэсэн асуудал босч гишүүдийн дунд яриа хөөрөө болоход “Олон нийтийн өмч” гэсэн хариулт гарч ирсэн. Өмчийн эзэн Олон нийт нь тэгээд хаана байна гээд хайгаад давхитал олдсонгүй. Монголчууд бүгдээрээ юм уу, хаашаа юм. Би лав Үндэсний телевизийн том байрыг миний өмч гэхэд итгэхгүй байна. Та ч мөн адил байх. Тэгэхээр Олон нийтийн өмч гэдэг бол хэний ч өмч биш юм байна. Ингээд УИХ-ын ТББ-ын хорооны гишүүдийг мухардалд орохыг харлаа. МҮОНРТ нь төрийн өмч биш, Олон нийтийн зөвлөлийн өмч биш. Захиран зарцуулах эрхтэйгээрээ захирлын л өмч бололтой. Яагаад гэвэл тус байгууллагын хуулиар тэр нөхөр л бүгдийг мэдэхээс өөр арга алга. Тэгэхээр ялсан намын хэн ч байсан хамаагүй захирлаар нь очиж юу дуртайгаа хийж, юу дуртайг нь захиран зарцуулж байдаг газар байснаас төр өөрийн мэдэлдээ авах нь хамаагүй дээр байлгүй.

МҮОНРТ-ийг Олон нийтийн болгох хуулийг 2005 онд тун яаруу сандруу баталсан нь үнэн хэрэгтээ их гоомой юм болжээ. Энэ том байгууллага эзэнгүй мэт болж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдох боллоо. Энэ тухай бид цөөнгүй удаа бичиж байсан. Олон нийтийн өмч гэдэг бол хэний ч өмч биш, эзэнгүй юмаа гэж. Жишээ нь энэ том, хүчирхэг телевиз эзэнгүй болсныг, маш хэврэг болсныг эртүүд орой гарсан “Цагийн хүрд”-ийн мэдээнээс ард түмэн харлаа. Гэнэтхэн гол мэдээн дундуураа ерөнхий захирлаа иддэг уудгаар нь, ажлын хариуцлага алдсан хөгийн амьтан, одоо гадаадад тэнэж явна хэмээн мэдээлээд эхэлсэн нь ард түмний нүдийг орой дээр нь гаргав. Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд байгаагүй ёс зүйгүй, увайгүй, мэргэжлийн нэр хүндийг шороотой хутгасан үйл явдал болсон. Бод доо, та захирлаар нь ажилладаг телевиз, таныг гадаадад томилолтоор явчихсан хойгуур мэдээний цагаараа таныг “Манай захирал их мөнгө идээд түүгээрээ зугаалаад явчихлаа” гэж мэдээлбэл яах вэ. Ерөөсөө ийм л юм болсон. Эндээс л МҮОНРТ-д хэн дуртай нь очоод, юу ч хийж болох юм байна, эзэнгүй айл шиг газар юм байна гэсэн ойлголт нийгэмд бат ойлгогдсон доо.

Ингэхээр л энэ байгууллагыг эзэнтэй, өмчийг нь эзэнтэй болгох арга хэлбэрүүдийн нэг нь Ц.Нямдоржийн хэлээд байгаа “Засгийн газар мэдэлдээ авъя” гэсэн санаа юм. Өөр олон арга хэлбэр байж болно. Статус нь олон нийтийнх, өмч нь төрийнх байж болно. Төр-хувийн хэвшил хамтарсан байж болно. Ер нь хуульд нь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болчихож. Өнөөдрийн энэ олон хувийн хэвлэл, телевиз, радиод ч Олон нийтийн статусыг оруулж болно шүү дээ. Жишээ нь сонины голын дөрвөн нүүр Олон нийтийнх байж болно. Телевизийн цагийн хэдэн хувь ч байдаг юм, олон нийтийнх байя. Тэр нүүр талбай, цагийн хөлсийг төрийн татаасаас өгдөг юм байгаа биз. Харин өнөөдрийн МҮОНРТ-ийн статус бол дэлхийн хаана ч байхгүй хэлбэр гэдгийг л олон нийт ойлголоо. Олон эзэнтэй айл эзэнгүйддэг гэдгийг өнгөрсөн нийгмээс харсан даа. Соц нийгэмд бүх өмч ард түмний нэрийн дор, бид юу ч үгүй хувхай хоосончууд л 70 жил амьдарсан. Эхнэр нь төрөхөд шөлний ганц хонь нэгдлийн даргаар цохуулж авах гэж үүдэнд нь дугаарладаг байсныг өнөөдрийн шинэ үеийнхэн мэдэхгүй. Ард түмний өмч биш даргын өмч байсан байгаа биз дээ.

Ер нь бол МҮОНРТ-ийн хууль анх гарах болсон шалтгаан нь 1999 онд “Ардын эрх” сонинг хувьчлах гэж яаруу сандруу боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний дөрвөн заалт бүхий хуулиас үүдэлтэй юм. Энэ хуулийн гол заалт нь “Төр засаг өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн заалт. Өнөөдрийн шинэ нөхцөл байдалд бол төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай байх хэрэгтэй болжээ.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевиз, радио нь нийгэмд онцгой чухал байр суурь эзэлсэн хэвээрээ байна. Улам ч үнэ цэнэтэй, итгэл үнэмшилтэй, хуулийн хариуцлагатай болж байна. Яагаад үүнийг хэлэх болов гэхээр, нийгмийн сүлжээ буюу сошиал сүлжээ бий болсноор нийгмийн зарим хэсгийнхэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүйсгэх хандлагатай болж төөрөлдсөн. Эдгээр төөрөлдсөн хэсгийнхэн одоо л өөрийн редакцийн бүтэцтэй хэвлэлийн байгууллага нь өөрсдийнх нь өмнө хариуцлага хүлээдэг болохыг ойлгож байна. Нийгмийн сүлжээ, сошиал нь хэвлэл мэдээлэл биш. Хувь хүний хоолны ширээнийхээ ардаас үзэл бодлоо илэрхийлдэг, юу дуртайгаа бичдэг тийм л бичил суваг. Тэд юу ч ярьж бичиж, хэнийг ч доромжлон гутааж болно. Хуулийн хариуцлага хүлээхгүй. Энэ нь амьдрал дээр батлагдаж байна. Сошиалаар муулж буй зүйл амьдрал дээр эсрэгээрээ зөв байгааг бид байнга харж байна. Харин зөв гэж нийгмийн сүлжээ тэр чигээрээ шагшин шуугьж буй зүйл нь амьдрал дээр хамгийн буруу, аюултай зүйл байх нь олонтаа. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэж буй үнэ цэнэ бол тэд зөвхөн үнэн бодитой, эргээд хуулийн хариуцлага хүлээх, маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарж бий болгосон контентуудыг нийгэмд хүргэж, үр дүнг нь үзэж байгаад юм.

Д.Батболд