Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Р.Нямдорж: А.Сүхбатыг хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг эцсийн удаа сануулж байна

Монголын үндэсний бөхийн холбооноос “Ээлжит бус Их эе”-ийг хуралдуулах талаар албан бус зар тараан, МҮБХ-ны хэвийн үйл ажиллагааг алдаглуулах оролдлого хийж байгаатай холбоотой асуудлаар болоод бусад өрнөж буй асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургаадугаар сарын 24-нд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулжээ. Хурлаар Үндэсний бөхийн “Их эе” хурлыг энэ сард хуралдуулахаар шийдвэрлэсэн ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хуралдуулахгүй тухай мэдэгдэл гаргаад байна.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “1990 онд МҮБХ-ны анхдугаар Их эеийн хуралдаанаар миний бие тэргүүнээр сонгогдсон. Дараагийн хуралдаан 1994 онд болсон. Энэ үеэр Бөхийн өргөө барих газрыг шийдсэн. Улмаар 1998 онд Монгол бөхийн өргөөг ашиглалтад оруулж, Улс тунхаглсны ойнд зориулсан барилдаан болсон. Мөн энэ жил III Их эе хуралдсан юм. Хуралдаанаар өмнөх жилүүдэд хийсэн ажлыг минь үнэлж дахин МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. 2002 оны хуралдаанаар миний бие 94 хүний санал, надтай өрсөлдсөн Сүхбаатар 82 хүний санал авснаар дахин тэргүүнээр сонгодсон. Энэ хурал өмнөхөөсөө илүүү хэл амтай хурал болсон. Учир нь МҮБХ-г зохион байгуулалтай авах санаатай байсан нь хожим мэдэгдсэн. Тэр нөхдүүд нь А.Сүхбат, Х.Баянмөнх, Ц.Дуламсүрэн, Ганболд нар юм. Энэ хэл амыг МҮБХ-ны одоогийн удирдлагууд гаргаж байгаа мэт буруу ойлголтыг дээрх хүмүүс удаа дараа хүргэж байгаа учраас үнэн бодитой мэдээлэл хүргэж байна. Эдгээр хүмүүсийн хамгийн гол санаа нь Монгол бөхийн өргөөг авах, эзэмших сонирхолтой юм. Үүнийг би баримттай ярьж байна. 1998 онд Монгол бөх өмчтэй болсон. Улмаар 2002 он хүртэл МҮБӨ ямар менежментээр ажиллах нь тодорхой болсон. Энэ нь Монгол бөхийн өргөө гэж “саалийн үнээ” мэт мөнгө олох амар хялбар арга хэмээн харсан хүмүүсийн шуналыг хөдлөгсөн байна. Хэрвээ өнөөдөр МҮБХ чөлөөт, жүдо бөхийн холбоо шиг өмч хөрөнгөгүй байсан бол энэ хүмүүс ингэж дайрахгүй байсан байх. Дээрх хүмүүс 13 жил МҮБХ руу янз бүрээр дайрч, гүтгэж, хэвийн үйл ажиллагаанд үргэлж саад учруулсаар ирсэн.Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулах үйл ажиллагаанд А.Сүхбат, Ж.Ганболд, Д.Амгаа, Х.Баянмөнх нар хөндлөнгөөс оролцон, гишүүдийн ирцийн бүртгэлд тус хуралд суугаагүй зургаан хүний гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн өөр бичиг баримтаас гарын үсгийг нь хуулбарлан буулгах аргаар санаатайгаар хуурамч баримт үйлдэн шүүхэд нотлох баримт болгон өгч, шүүхийг хуурч мэхлэх замаар шийдвэр гаргуулсан байна. Тэдний энэ зүй бус үйлдлийг нь шалгуулахаар МҮБХ-ноос Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тус хэлстээс энэ оны наймдугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллага энэхүү эрүүгийн хэргийг шалгаж дуусаад шүүхээр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цаашид ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд тогтоол гарган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон. Ийм байтал А.Сүхбат, Ж.Ганболд, Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс “Их эе” хурлыг маргааш хуралдуулахаар зар тараасан нь хуулийн байгууллагуудын шийдвэрийг зөрчсөн үйлдэл. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн явуулга шүү. Иймд маргааш болох “Их эе” хуралд нийт бөх, бөхиийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байхыг албан ёсоор хариуцлагтайгаар мэдэгдэж байна. А.Сүхбат “Монгол бөхийн өргөө”-г эзэмших хүсэлтэй. Тиймээс ч 13 жилийн туршид улайран тэмцэж ирсэн. Парламентийн гишүүн хүн хууль тогтоодог байх ёстой. Гэтэл төрийн алба хашиж байж хууль зөрчиж байгаа нь хариуцлага хүлээх үндэслэл болно. Тийм учраас энэ хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох хэрэгтэйг эцсийн удаа сануулж байна” гэлээ.

МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон хуралдуулна. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

Мөн МҮБХ-ноос УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн А.Сүхбатын ёс зүйн тухай авч хэлэлцэх талаар албан тоот танилцууллаа. Үүнд “УИХ-ын гишүүн А.Сүхбатын хууль зөрчсөн ёс бус үйлдлийг ёс зүйн хороогоороо хэлэлцэн түүний хууль бус үйл ажиллагааг даруй зогсоож өгөхийг УИХ-ын дарга танаас хүсч байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Монголбанкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг судлах шаардлагатай гэж үзэв

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тус байнгын хороог хуралдуулах товыг нийтэд мэдээлээгүй байсан ч өнөөдөр /2016.12.09/ гэнэт хурал зарлаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэвч хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монголбанк 11 их наяд төгрөг хэвлэж, зах зээлд гаргасан. Үүнээс өнөөгийн эдийн засгийн хярал үүсээд байгаа. Монголбанк мөнгө хэвлэж байхад Хяналтын зөвлөл нь юу хийж байсан юм бэ? Хянах үүргээ биелүүлээгүй байж зарим нэг гишүүд улиран сонгогдох гээд ороод ирсэн байна. Хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг сайн судлах шаардлагатай” гээд хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтийг Байнгын хороонд тавив. Түүний гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хурал Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, өндөрлөлөө.

Монголбанкны хяналтын зөвлөлд Д.Даваасамбуу, Л.Дондог, Б.Цэрэнбалтав, Б.Лхагважав, М.Энх-Амгалан, Г.Хэрлэн, Л.Ариунаа нарын долоон хүний нэрийг дэвшүүлсэн байв.

Categories
мэдээ улс-төр

Л.Гүндалай: Манай нам лидергүй болсон учраас бусад нь намайг дагаад АН-д элсэх байх

“Ард түмнээ хайрлая” намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Би 2000 онд АН-ыг ялагдаж явах үед туг нь болж, дэмжиж явсан. Ардчилсан нам шинэ дүрмээ боловсруулж, ҮЗХ гэдэг худалдагдсан байгууллагаар асуудлаа шийдүүлэхгүйгээр нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, намын даргаа сонгож, гишүүдийнхээ хүрээнд асуудлаа шийдвэрлэдэг болж байна. Энэ бүхэн миний Ардчилсан намдаа эргэж орох шалтгаан болсон. Миний анхны хайр болсон АН шинэчлэгдэж байна. Би дөнгөж сая АН-ын генсек Л.Эрхэмбаярт намд элсэх хүсэлтээ албан бичгээр өглөө. Харин намайг шууд хүлээж авах байх гэж бодсон чинь сонин хариу хэлсэн. Тэрээр “Энэ асуудлыг өөртэй чинь жич ярья. Дээд хүмүүстэйгээ зөвлөлдөж байгаа хариу мэдэгдье” гэж хэлсэн. Энэ нь надаа их сонин санагдлаа. Аягүй бол намайг авахгүй байж мэдэхээр байна шүү. Мөн АН-д орох болсонтой холбоотойгоор АТХН-ын гишүүнчлэлээсээ албан ёсоор гарлаа. Манай нам одоо лидергүй болсон. Үлдсэн хүмүүс маань намайг дагаад АН-д орж ирэх байх гэж бодож байна. Грекийн агуу суут их эрдэмтэн, физикч Архимед “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэг шиг АН миний хувьд тулах цэг байх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжинэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулсан хяналтын камерын ашиглалтын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайд төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1483 камерыг 2011 оноос хойш байрлуулж эхэлсэн аж. Уг камерыг нийслэлийн цагдаагийн газрын 56 албан хаагч хянадаг. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Камерын хяналтыг ашигласнаар 2016 оны эхний арван сарын байдлаар 42 гэмт хэргийг үйлдэл дээр нь барьж, 163 захиргааны зөрчил илрүүлсэн. Энэ тоо нь гэмт хэрэг гарсан үйлдэл дээр нь хугацаа алдалгүй илрүүлсэн хэргийн статистик тоо. Харин хэрэг гарсны дараа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлж арга хэмжээ авсан хэргийн тоо хэдэн мянгаар тоологдоно. Түүнчлэн гэмт хэргийг нөхөн илрүүлэх арга хэмжээ авахаас гадна иргэдийн хүсэлтийн дагуу эд зүйлээ алдсан, дээрэмдүүлсэн зэрэг хэргийг илрүүлж ажиллаж байна. Саяхан Баянзүрх дүүргийн 130 камерын асуудлыг Засаг дарга шийдэж өгч одоогоор хэвийн ажиллаж байгаа. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1483 камер байдгаас 376 нь эвдрэлийн улмаас ажиллахгүй байгаа юм. Эдгээр камерыг засч, солиход шаардлагатай төсвийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Хотын гудамж талбайд байгаа камеруудыг цэгцлэх асуудалтай санал нэг байна. Цаашид тавих камерыг нэгдсэн системтэй болгож хянаж байх шаардлагатай. Эхний удаад нийслэлээс тавьсан камеруудын засварын хөрөнгө гаргаж засварлуулсан нь зөв байх гэж бодож байна. Харин дүүрэг бүрт байгаа камеруудын засварын ажлыг тухайн холбогдох дүүрэг нь хариуцаж байвал яасан юм бэ. Удахгүй дүүргүүдийн төсвийг батлах гэж байгаа шүү дээ. Үнэхээр хуучирсан камерыг засах биш сольсон нь дээр болов уу” гэсэн санал гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотыг телекамерын хяналтад бүрэн авснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, иргэдийг амар тайван амьдрах “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэхэд чухал ахиц авчирна гэж үзэж байгаагаа хэлсэн. Нөгөө талаар телекамерын хяналтыг нэг дор төвлөрүүлж, засвар, хяналт, үйлчилгээг Улаанбаатар хотын цагдаагийн газар авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц авчрах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн телекамергүй газруудыг камержуулах нь зөв гэсэн шийдвэрийг гаргалаа. Шинэ оны босгон дээр ажиллахгүй байгаа камеруудыг засварлаж, хэвийн үйл ажиллагааг нь хангах, шинээр камержуулах байршлыг тогтоох зэрэг ажлууд хийхийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт үүрэг болгов. Баянзүрх дүүрэг телекамерын бүрэн хяналтад орсон. Одоо ажиллахгүй байгаа дээрх камеруудыг засварлаж, шинэчилсэнээр шинэ жилийн өмнө Улаанбаатар хот телекамерын хяналтад бүрэн шилжиж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Тавантолгойг хөдөлгөх ажлын хэсэг Шинхуа группийн удирдлагуудтай уулзлаа

Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана.

Монгол Улсын Засгийн газрыг бүрэн төлөөлөх уг ажлын хэсэг өнөөдөр удирдамжийн хүрээнд Шинхуа группийн удирдлагуудын уулзалтаар эхэллээ.

Уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлтийг хамт цогц байдлаар шийдэх бодлого барьж буйгаа илэрхийлэв.

Шинхуа группийн талаас группийн дарга Lu Bing, ерөнхий менежер Liu Xiang нарын тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд тэд “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа орж, мөн хоёр удаа ялсан. Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” групптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид чтанай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөллүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, тэдэнд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа болно

УДЭТ-аас жил бүр “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээгээр тухайн жил тэгш ой нь тохиож буй тайз, дэлгэцийн алдартнуудаа дурсан, хүндэтгэл үзүүлж, уран бүтээлийн дээжээс нь үзэгч олондоо толилуулдаг юм. Энэ жилийн ээлжит дурсамж өдөрлөг маргааш буюу арванхоёрдугаар сарын 10-ны бямба гаригт болох гэж байна. Энэ жил Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, шинэ цагийн театрын урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил ой тохиож буй. УДЭТ Д.Нацагдоржоор овоглодог байгууллагын хувьд их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн “Жаргаагүй нар” жүжгийг өнгөрсөн сард тайзнаа тавьсан билээ. Тэгвэл энэхүү жүжгийг “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолын үйл ажиллагааны хүрээнд бямба гаригт дахин тоглох юм байна.

Мөн энэ жил урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Гүрдоржийн мэндэлсний 110, XX зууны манлай жүжигчин, гавьяат жүжигчин Т.Цэвээнжавын 100, соёлын гавьяат зүтгэлтэн А.Таяа, УДЭТ-ын орлогч дарга асан Н.Алтангэрэл, гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн нарын мэндэлсний 90, ардын жүжигчин Л.Жамсранжав, театр судлаач, найруулагч Хо.Нацагдорж, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин З.Шагдаржав нарын 80, ардын жүжигчин Г.Мягмарнаран, соёлын тэргүүний ажилтан, театрын ахмад ажилтан Р.Эрдэнэчимэг, Р.Доржравдан нарын 70 насны ой тохиож байгаа ажээ. Тиймээс УДЭТ-ынхан эдгээр алтан тайзны эздэдээ хүндэтгэл үзүүлэх юм байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” үзэсгэлэн бямба гаригт нээгдэнэ. Мөн өдөр “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” эрдэм шинжилгээний бага хурал болох юм байна. Харин арванхоёрдугаар сарын 16-нд гавьяат жүжигчин Т.Цэвээнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол талаасаа нэгдүгээр хүн” хүндэтгэлийн тоглолт болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн соёрхолт хүртлээ

Энэ жилийн Ерөнхийлөгчийн олгодог Төрийн соёрхолтыг хүүхдийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт хүртээлээ. Өмнө нь энэхүү нэр хүндтэй шагналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд Буриадын уран барималч, зураач Даши Намдаковт, мөн ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-нд, оюун санааны эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрийг нь үнэлж Догмидын Сосорбарамд, “Ерээд оны Тунгалаг тамир”, “Төрийн чих”, “Хаврын 17 зочин” зэрэг зохиол бүтээлүүдээрээ орчин үеийн нийтлэлийн чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оруулж ирсэн хувь нэмрээр нь Бямбажавын Цэнддоо нарт /2010 он/ Төрийн шагналыг хүртээж байсан юм.

Ж.Дашдондог 1941 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт төрсөн. 1963 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгсч хүүхэд залуучуудын байгууллагын төв хэвлэлүүд, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин, “Залуу үе”, “Залгамжлагч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж хүүхэд, залуучуудын утга зохиолыг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэжээ.

10 жилийн дунд сургуулийн сурагч байхдаа “Аргагүй хүү” номоо улсын хэвлэлээр хэвлүүлснээс хойш дөч шахам ном бүтээжээ. Гадаадад түүний арав гаруй ном олон хувиар хэвлэгдсэн бөгөөд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолч С.Маршак, К.Чуковский, А.Барто, С.Михалков, И.Тургенев нарын зохиолоос монгол хэлнээ орчуулж гуч гаруй ном гаргажээ. “Гурван нөхөр, гурван дайсан” 1990, “Тэмүжин” 1991, “Модон могой” 1991, “Алаг бяруу” 1994, “Гэсэр” 1997 зэрэг жүжиг, дуурь, киноны зохиол туурвин бяцхан уншигчдын хүртээл болгосон. 1972 онд “Ар тайгын хүү”, “Аав,ээж, би” номоороо МЗЭ-ийн шагнал, 1998 онд “Аранзал зээрд” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, …. онд “Долоон бөхтэй тэмээ” номоороо МЗЭ-ийн Алтан өд шагнал, 2005 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авчээ. Бас олон улсын хүүхдийн уран бүтээлийн шагнал гурван удаа авсан талаар “Bookstore” сайтад мэдээлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

Флаш хамтлаг өнөөдөр тоглоно

ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, МУСТА дуучин Б.Амархүү энэ сарын 9-нд буюу өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний тоглолт 19.00 эхэлнэ.

Тасалбарын үнэ 15 000- 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд Бөхийн өргөөний билетийн касс, тоглолтын постер наасан машинуудаас авах боломжтойгоос гадна 19001617 дугаараар захиалах боломжтой.

Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан “Флаш” хамтлагийн залуус 10 жилийн ойн “Гэрэл түгээе” тоглолтоо өнөөдөр хийнэ.

Тоглолтоор “Хайрын нулимс” “Хайрлах хүсэл” “Бүхнийг дурс” зэрэг хуучны уран бүтээлээ дуулах аж. Тоглолтын тасалбар 10-30 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа юм байна. Тоглолт энэ сарын 9-нд 19.00 цагт “Crocus Event Hall” концертын танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

Мал ачсан ачааны машин мөсөнд цөмөрснийг гаргалаа

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг өчигдөр гарсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар очиход гурван тоннын даацтай ХӨА 78-18 улсын дугаартай Маяти маркийн автомашин Бага ацын бирвааз гэдэг газраар зорчиж явахад нь мөс нь цөмөрч, живсэн байжээ. Долоон цагийн турш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт ээлжит ялалтаа авлаа

Мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө буулгаж авсан Н.Төгсцогт энэ цаг мөчид ээлжит ялалтаа авлаа.

“KING TUG”-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз байв. Тэдний тулаан АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange County Fair” цогцолборт болов.

Н.Төгсцогтын өрсөлдөгч Герман Мераз нь 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн, 30 настай тамирчин бөгөөд нийт 95 тулаан хийснээс 55-д нь ялж (32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй, олон жилийн туршлагатай, баруун өрөлттэй тамирчин байлаа.

Ийнхүү 2015 оноос мэргэжлийн бокст хөл тавьсан Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт долоо дахь тулаанаа амжилттай дуусгалаа.