Categories
гадаад мэдээ

Пак Гын Хе-г огцруулахыг Их хурлын гишүүдийн 78 хувь нь дэмжлээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г огцрохыг шаардсан олон нийтийн жагсаал зургаан долоон хоног өрнөсний эцэст тэрээр огцрохоо мэдэгдсэн юм. Харин өнөөдөр түүний асуудлыг Их хурал нь авч үзээд 300 гишүүний 234 нь огцруулахыг дэмжжээ. Энэ дунд түүний нэр дэвшсэн Сэнүрий намын 28 гишүүн ч байжээ. Улсын үндсэн хуулийн шүүх одоо түүнийг огцруулах эсэхийг шийдэх бөгөөд үүнд 180 хоногийн хугацаа шаардагдах юм байна. Энэ хооронд түүний үүргийг Ерөнхий сайд Хван Кё Ан гүйцэтгэх юм байна.

Нөхөн сонгууль нь хуулиараа Ерөнхийлөгч огцорсны дараа 60 хоногийн дотор болох хуультай аж.Харин Их хурлын шийдвэрийг Улсын үндэсний шүүхийн есөн шүүгчээс зургаагаас доошгүй нь дэмжвэл Пак Гын Хэ ерөнхийлөгчийн суудалдаа эргэж суух юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн Армийн ДАШТ эхэллээ

Швейцарийн Цюрих хотноо жүдо бөхийн Армийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжлэх аж.

Тус тэмцээнд нийт 134 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 13 тамирчин оролцож байна.

Тухайлбал,

  • 60 кг-д ОУХМ Д.Баярмагнай,
  • 66 кг-д ОУХМ, Армийн анхдугаар наадмын мөнгөн медалы А.Батсуурь,
  • 90 кг-д ОУХМ, Гранпри ангиллаас хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн Г.Алтанбагана,
  • +100 кг-д ОУХМ, залуучуудын ДАШТ-ий аварга, Азийн наадмын мөнген медальт Ө.Дүүрэнбаяр нар авхаалж самбаагаа сорих юм.
Categories
мэдээ нийгэм

“Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт үндэсний чуулган боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр төрийн болон олон улсын байгууллага, төсөл, холбоодтой хамтран “Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Чуулганыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУСЯ-ны Инноваци өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ХААИС-ийн захирал Х.Тэрүүга, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хүнс, хөдөө аж ахуйн аюулгүй байдал хариуцсан захирал Даниел Валенгхи, Күийнсландын их сургуулийн Харилцаа ба инноваци төвийн захирал, “Ногоон алт” төслийн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн төслийн удирдагч Элске Ван Де Флийрт нар үг хэллээ.

Дээрх хүмүүс хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, инновацийг хэрхэн хөгжүүлж, мэдлэгийг баялаг болгож байгаагаараа өрсөлдөж, хөгждөг болсон. Манай улс ч үүнтэй хөл нийлүүлж алхах ёстой. Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэдлэгийг баялаг болгох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг бүтээх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь ойрын ирээдүйн гол зорилго байх ёстой гэсэн санааг онцлон тэмдэглэв.

Хуралдаанд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдвээр ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, “Хөдөө, аж ахуйн инновацийн тогтолцоон дахь талуудын оролцоо буюу байгууллагын тогтолцоо” сэдвээр ХААИС-ийн Инноваци, бизнес хөгжлийн төвийн захирал Б.Мөнхбат, “Үндэсний хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд “Ногоон алт” төслийн оруулсан хувь нэмэр” сэдвээр Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбооны захирал, “Ногоон алт” төслийн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч Б.Эрдэнэболор нар илтгэл тавилаа.

“Ногоон алт” төслийн үйл ажиллагаа чуулганд оролцогчдын анхаарлын төвд байв. Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний шинэлэг арга хэрэгслийг туршиж, ашиглан, 7 аймгийн 63 сумын 32 мянган малчныг нэвтрүүлэх үйлчилгээнд хамруулсан талаар илтгэгч дурьдсан. Хөдөө аж ахуйн салбарын шинэ соргог мэдээлэл бүхий хэвлэмэл материал, хөдөө аж ахуйн түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж бүхий “Аяны богц”-оор малчдад мэдээлэл дамжуулдаг талаар тэрбээр ярьсан. Ийм “аяны богц”-ыг малчдаар аялуулах нь зардалгүйн дээр мэдээлэл шуурхай, бодитой хүргэх гол суваг болдгийг яриандаа тэмдэглэж, удахгүй “Аяны богц”-ыг цахим хэлбэрт оруулах төсөл хэрэгжихийг онцлов.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний хуулийн төсөлд санал бодлоо хэлж, эцэслэн тохиролцлоо. Мөн орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдэд зайны сургалт нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг явуулж, санал зөвлөмж боловсруулснаар зөвлөмжийн төслийг хэлэлцэж, баталсан юм.

Categories
мэдээ улс-төр

Боловсролын тухай хуулиудыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийсэн юм.

Тус байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй болон найруулгын зарим саналын томьёолол гаргасныг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд санал хураалт явуулахад Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр Боловсролын тухай хуульд “Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно” гэсэн агуулгатай 36.5 дахь хэсэг нэмэгдэж байгаагийн зэрэгцээ найруулгын чанартай зарим өөрчлөлт орж байгаа юм.

Мөн “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо зохион байгуулагдаж байна

Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус бага хуралд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож, салбарын олон улсын төлөөллүүдтэй холбоо тогтоон, харилцан хамтран ажиллах боломжийг судалж байна.

Айлчлалын хүрээнд сайд Д.Ганбат Евразийн эдийн засгийн комиссын Эрчим хүч, дэд бүтцийн сайд А.О.Жунусовтой өчигдөр албан уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан тээвэр, дэд бүтцийн салбарын төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Мөн Монгол Улсын ачааг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх нөхцлийг хөнгөвчлөх, Монгол Улсын төмөр зам, авто замын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Сайд Д.Ганбат уулзалтын үеэр зам, тээврийн салбарт Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагаагаа бодитоор өргөжүүлж, гишүүн улсуудаар төмөр зам, авто замаар тээвэрлэлт хийх, үнэ тарифыг багасгах, гаалийн тариф, үйл ажиллалааг хөнгөвчлөх талаар яриа хэлэлцээ хийх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үр дүнд тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор хоёр талын хооронд тээврийн салбарт хамтран ажиллах баримт бичгийн төслийг ойрын үед боловсруулан хэлэлцэж, хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.

Categories
мэдээ улс-төр

Авлигын эсрэг парламентын бүлэг байгуулав

Олон улсын авлигын эсрэг өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад улс төр, уул уурхайн салбарт авлига өндөр байна гэх судалгаа гарсан байдаг.

Тэгвэл авлигатай тэмцэх зорилгоор УИХ-ын зарим гишүүн парламентын бүлэг байгуулжээ. Бүлэгт УИХ гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар багтсан байна. Тус бүлгийг Монголын парламентын төвшинд гурав дахь удаагаа байгуулж буй аж.

Өмнө нь буюу УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2008 онд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатар нартай хамтран ийм бүлэг байгуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Далай ламын айлчлалын талаар сөрөг мэдээлэл гарч буйд тайлбар хийв

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлын үеэр Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын талаар байр сууриа илэрхийллээ.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн тамгын газрын боловсон хүчин С.Даваапүрэв “Монгол Улсад маань их чухал үйл явдлууд өрнөсний нэг нь Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол орноо морилсон явдал юм.

Үүнд зайлшгүй нэг зүйлийг тодруулж хэлэхгүй бол элдэв ташаа мэдээллээс болоод Монголд байгаа бурхны шашинтнууд, сүсэгтнүүдийн эрх ашиг болон тэдний үзэл бодол сүжиг бишрэлд хөндлөнгөөс оролцох зэрэг сэтгэл эмзэглүүлсэн байдал ажиглагдаж байна.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг Монгол орноо залсан явдал бол Гандантэгчинлэн хийд тэргүүтэй 21 аймгийн уламжлалт хийдүүдийн төлөөлөл зэрэг оролцсон цэвэр шашны арга хэмжээ байсан.

Айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нээлттэй байж, ямар айлчлал болсныг тодорхой харуулсан. Гэвч энэ нь өөрөөр өрнөж, гадаад болон дотоодод үл ойлгох байдлаар хандаж байгаа нь харамсалтай юм.

Далай багшийн айлчлал бол анх удаагийнх биш бөгөөд 1979 оноос хойш ес дэх удаагаа болж байгаа буюу Монгол Улсад уламжлал болсон зан үйл гэж хэлж болно.

Гэтэл өнөөдөр шашин, лам нар, сүсэгтэн олны үйл хэргийг нэг тийш нь болгож, харлуулах үйл явц ажиглагдаж байна. Үүнд бид туйлаас эмзэглэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Амармандах: Би “Хай Гитлер” гэж хэлээгүй

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломат албаны хүнд зодуулаад хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарч олныг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл анх удаа тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим нэг ташаа мэдээллүүд гарч байгаатай холбогдуулан өөрийн биеэр олон нийтэд үнэн бодит мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Монголын ахан дүүс, эмээ, өвөө, ирээдүй болсон үр хүүхдүүддээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Ачтан буурал эмч нарынхаа буянаар ингээд сууж байна. Би нэг их юм санахгүй байна. Толгой хавагначихаар судаснууд нь дарагдчихдаг юм байна. Эмнэлэгт 20-иод хонолоо. Хэзээ гарахаа мэдэхгүй байна. Хойноосоо цохигдохоор урагшаагаа нөжирдөг юм байна. Тэр нөж нь сэтгэл санаа тайван байвал шимэгдсэнээр дараагийн эмчилгээндээ ордог юм байна. Эмч нар маань бүгдийг мэднэ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай гэр бүлийн талаар буруу ташаа мэдээлэл өгсөн, зарим нэг хүмүүсийн нэр алдарт халдсан хэрэг гарч байгаад их харамсаж байна. Би бол аав хүн. Тиймээс та бүхэн үнэн зөвөөр тунгаана байх гэж бодож байна. Гэнэтийн үйл явдал болсон нь үнэн. Энэ үйл явдал “Аз жаргалтай Улаанбаатар” гэсэн манай хотын нэг сайхан үйл ажиллагаан дээр болсон. Урлагын бид бол та бүхний урилгаар бүхий л арга хэмжээн дээр очиж дуулдаг. Би өөрийнхөө 1994 онд зохиосн “Аз жаргал хүсье” дуугаа дуулсан. Монгол хүмүүс амны билэгдэлээр явдаг. Олон жил утаатай байсан хотыг маань улам сайхан хөгжүүлье гээд ийм сайхан арга хэмжээ зохиож байгаа учир монгол бахархлын дуу болох “Би Монгол хүн” дуугаа, бүсгүйчүүд ээжүүддээ зориулж “Үзэсгэлэнт бүсгүй” гээд гурван дуугаа дуулсан. Энд янз бүрийн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс уригдаж ирсэн байсан. Мөн хотын дарга нар маань ирсэн байсан. Энэ үйл явдлаас болж уригдаж ирсэн Хотын захирагч С.Батбаяр болон НИТХ-ын дарга Ц.Сандуй нарыг элдэв муухайгаар гүтгэж зөвхөн хоёр хүний хооронд болсон үйл явдлыг хольж хутгаж зэмлэхээ болиочээ гэж гуйж байна.

Хоёрдугаарт, Би өөрөө Орос 23-р сургуульд байсан. Би Орос хүмүүжлээр хүмүүжсэн, улсынхаа түүхийг оросын их судар номнуудаас уншиж байсан. Хоёр улсын ган бат харилцаа цаашид ч гэсэн үеийн үед үргэлжилж яваасай гэж хүсч байна. Миний өвөө Сэвжид өвөө болон аав нар минь Оросын урлагийнхантай хамтарч ажиллаж ирсэн. Би ч гэсэн цаашдаа хамтарч ажиллана.

Их эзэн Чингис хаанаас маань өгсүүлээд бүхий л хаад маань Хасбуу тамгаа дээдэлж ирсэн. Бүхий л 76 гишүүдийн маань суудлын ард ч хас тэмдэг байдаг. Есөн цагаан сүлдэнд маань ч хас байдаг. Энэ бол бидний язгуурын өв соёл. Тийм учраас би тэнгэрийн тамгыг шүтэж явдаг. Би тэрхүү баяр ёслол дээр “Хай Гитлер” гэж хэлээгүй. Миний хүмүүжил, толгойд тийм бодол байхгүй. Тэр арга хэмжээн дээр гадаад хүн уригдан ирснийг би мэдээгүй. Бас 300 сая төгрөг нэхэмжилсэн гэдэг ч худлаа.

Цохисон гээд байгаа гадаадын иргэний талаар би юу ч мэдэхгүй. Түүнийг таних ч үгүй. Гар ч барьж үзээгүй. Тэгээд алтан тайзан дээрээ дуулаад гарч явахад ийм зүйл болсон.

Нийслэлийн удирдлагуудыг энэ хэрэгт татан оролцуулна гэж миний өмгөөлөгч ярьсан байж болно. Гэхдээ би өөрийн зүгээс “Үгүй” гэж хэлж байна. Би өөрөө мэдээгүй байхад миний өмнөөс мэдэгдлүүд гараад байгаа учир та бүхнийг урьж үнэн сэтгэлийн үгээ хэлье гэж бодсон. Намайг харанхуй өрөө рүү чирж оруулсан гэж ярьж байна. Гэтэл намайг ухаан ороход миний эргэн тойронд намайг гэсэн ахан дүүс тойроод зогсож байсан. Нэгдүгээр эмнэлэгт аваачих уу, ойрхоноор нь Хан-Уулын эмнэлэгт аваачих уу, Баянзүрхэд аваачих уу гээд бүгд санаа зовж байсан. Урлаг соёлын хүн хамар нь сэтэрчихсэн, толгой нь хагарчихсан, нүүр ам нь цус болчихсон байхад энэ хүний нэр хүндийг хайрлах хэрэгтэй гээд гэрэлтэй өрөөнд оруулсан. Харанхуй өрөөнд бол оруулаагүй шүү.

Би эхний таван хоног ухаангүй байсан. Та бүхэндээ баярлалаа. Миний төлөө цай, сүүнийхээ дээжийг өргөсөн та бүхнийхээ ачаар ингээд сууж байна. Удахгүй алтан тайзан дээрээ та бүхэнтэйгээ уулзахыг яарч байна. 10 гаруй хоног ухаангүй байсан учир би гадуур юу болоод байгааг мэдээгүй байсан. Хоёр улсын хоорондын харилцаа үүнээс болж бүү сэвтээсэй л гэж маш их хүсч байна.

Эцэст нь дэлхийн цээжинд байдаг, яг зүрхэнд нь байдаг Монгол Улс маань 21 аймаг маань үеийн үед мандан бадрах болтугай гэж ерөөе!” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд заасан “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай нэг удаа томилно” гэснийг Үндсэн хууль зөрчсөн байна” гэж ҮХЦ үзжээ.

ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүд хэлэлцээд дэмжсэн байна. Уг дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн санал хураахад хуралдаанд оролцсоны гишүүдийн дийлэнх дэмжив. Ийнхүү ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын чуулган хүлээж авлаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Санхүүчдийн баяр”-ын өдөр

Жил бүрийн арванхоёр дугаар сарын хоёр дахь долоо хоногт санхүү, эдийн засагчдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон байдаг. Энэ онд Монгол Улсад санхүүгийн алба байгуулагдсаны 105 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нар “Санхүүчдийн баяр”-аа тэмдэглэж байна. Харин Сангийн яамнаас энэ өдрийг тохиолдуулан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй байгааг албаны эх сурвалж мэдээллэв.