Categories
мэдээ цаг-үе

Фидель Кастро

Кубын удирдагч асан Фидель Кастро таалал төгсөв. Хувьсгалын удирдагч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Кубад арванхоёрдугаар сарын тавны өдөр хүртэл гашуудал зарласан байна. Гавана хотын төв болох Хувьсгалчдын талбайд орших Хосе Мартийн нэрэмжит дурсгалын төвд түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол болсныг мэдээлсэн билээ. 47 жил Кубыг удирдсан түүний бие муудсан тул 2006 онд дүү Рауль Кастродоо ажлаа шилжүүлэн өгсөн. Түүнээс хойш арван жил нам гүм амьдарч дэлхийн улс төрийн байдал ч эрс өөрчлөгдсөн билээ. Кубын хувьсгалын удирдагч одоогоос 10-15 жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол түүнийг улстөрчийнх нь хувьд өнөөдрийнхөөс огт өөр хандах байсан хэмээн Испанийн “El Pais” сонинд бичжээ. Ямар ч байсан Куба төдийгүй Латин Америкийн орнуудын хувь заяаг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн энэ хүн ХХ зууны түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм.

Фидель Алехандро Кастро Рус нь коммунист үзэлдээ тууштай үнэнчээр үлдсэн улстөрчдийн нэг. Гаванын их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байхдаа империализмын эсрэг үзэлтэй болжээ. Газрын эзний хүү тэрээр оюутан ахуйдаа барууны үзлийг баримталдаг Доминикан болон Колумбийн эрх баригчдыг эсэргүүцэх бослогод идэвхтэй оролцсон. 1953 онд Монкада хэмээх цэргийн хотыг эзлэн авах нууц ажиллагаанд оролцсон боловч энэ нь бүтэлгүйтэж баривчлагдсан байна. Тэр жил Фидель Кастрог шүүх хурал болоход “Та нар намайг буруутга, надад хамаагүй. Тэртэй тэргүй түүх намайг зөвтгөнө” гэж хэлж байсан гэдэг.

Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр Мексикт очиж алдарт Эрнесто Че Гевартой нэгдсэн юм. Дүү Руаль Кастро, Эрнесто Че Гевартай хамтран “Долдугаар сарын 27” хэмээн нэрлэдэг хөдөлгөөнийг удирдсан. Кубад ирснийхээ дараа Батистийн дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлсэн түүхтэй. Сьерра-Маэстра ууланд үзэл бодол нэгт нөхдийнхөө хамт нуугдаж байхдаа тэмцлээ үргэлжлүүлжээ. Батистүүдийн ирээдүй бүрхэг болох хэрээр Фидель Кастро улам нэр хүндтэй болсон гэдэг. Ердөө нэг жил гаруйн хугацаанд босогчдоос бүрдсэн арми байгуулж чадсан байна. Ингээд 1959 оны нэгдүгээр сарын нэгний өдөр түүний удирдсан цэргүүд Гавана хотыг эзлэн авчээ. Түүнээс хойш Фидель Кастрог Кубын хувьсгалын удирдагч гэх болсон. Ер бусын зоригтойгоороо гайхагдсан, уран илтгэгч тэрээр хэдэн цагаар үг хэлж цугларсан олныг байлдан дагуулах чадвараараа бусдыг үнэнхүү гайхшруулдаг байв. Үүнд гаднах байдал, дүр төрх нь нөлөөлсөн хэмээн зарим судлаач тайлбарласан байдаг. Зарим судлаачийн үзэж байгаагаар Фидель аргагүйн эрхэнд марксист болсон гэнэ. Улс орон нь хуучин ЗХУ-аас эдийн засгийн хувьд хараат байсантай холбоотой аж. Харин Америкийг үзэн ядах үзэл нь Фиделийн яс маханд шингэсэн гэх. 1958 онд тэрээр нэгэн танилдаа бичсэн захидалдаа “Энэ дайн дуусахаар (Батистуудын дэглэмийн эсрэг) миний хувьд өөр, илүү удаан хугацаагаар үргэлжлэх агуу дайн эхэлнэ. Тэдний (америкчууд) эсрэг дайныг эхлүүлнэ. Энэ бол миний жинхэнэ хувь заяа байх болно” гэжээ. Тухайн үед Куба нь америкчуудын очиж амарч зугаалж цэнгэдэг газар байсан. Ерөнхийлөгч агсан Ж.Кеннедигийн туслах тухайн үед Гавана хотод америкчууд хэрхэн зугаацан цэнгэдэг байсан талаар бичсэн байдаг. Фиделийн үзэн ядалт нь үүнээс улбаатай бололтой.

Кубын хувьсгалын удирдагч хуучин ЗХУ-тай ихэд дотно харилцаатай болсон нь АНУ-ын эрх баригчдад огтхон ч таалагдаагүй. Тиймээс хэд хэдэн удаа Фиделийг устгах нууц ажиллагааг зохион байгуулсан боловч бүгд бүтэлгүйтсэн юм. Кубын эсрэг эдийн засгийн хориг тавих зэрэг янз бүрийн арга хэмжээ авсан нь зөвхөн тус хоёр улсын хоорондох тэмцэл байсангүй. Капитализм, коммунизм хоёрын дундах үзэл суртлын дайн байсан юм. 1961 он нь энэ тэмцлийн оргил үе байв. Ийнхүү тэмцэл хурцдах тусам Кубын хувьсгал улам социалист өнгө аястай болж байсан гэдэг.

ЗХУ задарч, социалист гэгдэж байсан улс орнууд ардчиллыг сонгоход Кубын байдал эдийн засгийн хувьд нэлээд хэцүүдсэн. Харин саяхнаас АНУ-тай харилцаа харьцангуй сайжраад байгаа.

Кубын хувьсгалын удирдагчийг үзэл бодолдоо үнэнч байсныг нь судлаачид үнэлдэг. Гэвч нөгөө талаас нь авч үзвэл хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байсан дарангуйлагч болон хувирсан аж. Үүний уршгаар Кубаас хэдэн сая иргэн дүрвэн гарч, улс орон нь ядууралд автсан юм.

Фидель Кастрогийн аав Анхел Кастро нь Испаниас Кубад дүрвэн очиж нишингийн тариалан эрхэлдэг, нэлээд том газартай байсан гэдэг. Хүү Фиделийг нь 1926 онд төрсөн хэмээн албан ёсны бичиг баримтад дурдсан боловч үнэндээ 1927 онд мэндэлжээ. Сургуульд оруулахын тулд насыг нь нэмсэн боловч сүмд адислахад нь төрсөн он, сарыг бичсэн нь одоо ч байдаг гэнэ. Маш сурлагатай, зорьсондоо заавал хүрдэг хүү коллежоо онц дүнтэй дүүргээд Гаванагийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцсан байна. Сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байхдаа ядуу хүмүүст ихэд тусалдаг байсан гэдэг. Тухайн үед Кубын ардын намын гишүүн болж парламентад дэвшүүлэхээр яригдаж байтал Ф.Бастист засгийн эрхийг булаан авсан тул Кубын Конгрессыг тараажээ.

Карибийн хямрал нь Ф.Кастротой холбоотой бас нэгэн үйл явдал. 1962 онд АНУ, Кубын харилцаа нэлээд хурцадсан. Кубын эрх баригчдыг Венесуэлийн хувьсгалчдад дэмжлэг үзүүлдэг хэмээн буруутгаж тус улсын эсрэг худалдааны хориг тавьсан түүхтэй. Энэ явдал нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан. Кубын удирдагч байхдаа манай улсад айлчилж байсан түүний талаарх сонин баримтуудыг толилуулъя.

Кубын удирдагч агсан түүнийг төрснийх нь дараахан сүмд адисласан гэдгийг дээр дурдсан. Тэгвэл 1962 онд Католик шашны тэргүүн Иоанн XXIII түүнийг сүмийн гишүүнээс хассан байна. 1964 онд дүү Хаунито Кастро нь АНУ руу дүрвэн гарч Флорида мужид суурьшиж 1960-аад оны эхээр ТТГ-тай хамтран ажиллаж байсан гэдэг. Фидель Кастро Гиннесийн номд бичигдсэн. Тэрээр НҮБ-ын индрээс хамгийн олон цаг үг хэлсэн хүнээр тодорчээ. 1960 оны едсүгээр сарын 26-нд НҮБ-ын хуралдаанд оролцохдоо дөрвөн цаг 29 минут цаг үг хэлсэн байна. “Reuters” агентлагийн уламжилснаар Кубын Коммунист намын III их хурал дээр долоон цаг 10 минутын турш үг хэлжээ. Америкийн хоёр ч кинонд тоглосон тэрээр зөвхөн “Rolex”-ийн бугуйн цагийг зүүдэг байсан гэнэ. Кубын удирдагчийн амь насанд бараг зуун удаа халдахыг завдсан хэмээн бичдэг. Татдаг тамхи, тоглодог бейсболын бөмбөгөнд нь хүртэл хор шингээж байсан удаатай. Амь нас нь байнга дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан удирдагчдын нэг бол Фидель Кастро. Аманд нь байнга навчин тамхи зуугаастай байдаг тэрээр 1980-аад он энэ зуршлаасаа салжээ. 2000 онд Майн нэгний баярын арга хэмжээнд оролцохдоо цагаан өнгийн пүүз өмссөн байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орсон удаатай. Бүтээгдэхүүнээ сурталчлуулсан компани хариуд нь Кубын хүүхдүүдэд үнэгүй гутал тараасан гэдэг.

Фидель Кастро Нобелийн шагналт зохиолч Габриэль Гарсиа Маркес хоёр дотнын найз байсныг хүмүүс сайн мэднэ. Алдарт зохиолч Кубын удирдагчийн талаар нэгэн найздаа ийнхүү ярьжээ. Г.Маркесийн хэлснээр Ф.Кастро бол эхнээсээ л засгийн эрхийг булаан аваад түүнийгээ ямар ч хамаагүй үнээр хадгалан үлдэх зорилготой байсан гэдэг.

Ингээд нэгэн жижигхэн арал улсыг 47 жилийн туршид удирдсан. Засгийн эрхэнд удаан байх тусам улс орон нь өөрийнх нь нэгэн хэсэг мэт санагдах болжээ. Шударга ёсыг тогтоож, ард иргэдээ эрх чөлөөтэй болгох гэсэн хүн яваандаа дарангуйлагч болон хувирсан. Засгийн эрхэнд улам ганцаардах болж төрсөн дүүгээс нь өөр халааг нь авах найдвартай хүн түүний хувьд байгаагүй.

Нэгэн судлаачийн бичсэнээр Фидель Кастро бол аймшигтай чөтгөр биш гэхдээ ариун хүн ч биш байж. Тэрээр эрх мэдлийг гартаа байлгахад бүх амьдралаа зориулсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Гурван тохой урттай цох хорхой буюу Грегор Замза

Еврей гаралтай Германы алдарт зохиолч Франц Кафка (1883-1924)-гийн “Хувирал” туужийг энэ удаагийн дугаартаа онцоллоо. Эл тууж нь 1912 онд бичигдэж дууссан ч, 1915 онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон аж. Өдгөө нэгэн зууны ард гарчихсан ч үе үеийн уншигчдын анхаарлыг татдаг чансаатай бүтээл гэдгийг судлаач эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, Кафкагийн бүтээлүүдийг сонгодогт тооцох болжээ.

“Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавьж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр”. Зохиол ингэж эхэлдэг. Грегор Замза бол айлын ганц хүү. Эцгийнх нь эрхэлж байсан ажил дампуурсан тул пүүсийн өрөө барагдуулахын тулд нойр хоолыг умартан ажлын мал болтлоо зүтгэх болжээ. Ээж нь багтраа өвчтэй, аав нь дампуурлын шокноосоо гарч чадахгүй байгаа, харин охин дүү нь балчир гэсэн шалтгаанаар Замза л гэр бүлээ тэжээн тэтгэнэ. Шавьж болон хувирахынхаа өмнөх шөнө л тэр доншуур худалдаачны томилолтоосоо гэртээ буцаж ирсэн хэрэг. Гэвч тэрээр өглөө эрт галт тэргэнд сууж дараагийн ажлаа амжуулах ёстой байлаа. Аав, ээж, дүү нар нь ч ажилтайг нь мэдэж байсан тул ажлаасаа хоцорч буйг нь ээлжлэн анхааруулж байн байн өрөөнийх нь хаалгыг тогшино. Харин Грегор Замза гурван тохой урт, өргөөшөө палбигар, гурван хос хөлтэй шавж (цох хорхой) болчихсон орноосоо босч чадахгүй дээш харсан чигтээ хөлнүүдээ сарвалзуулан хэвтэж байв. Ажлаа алдаж буйгаа мэдэж, санаа нь зовсоор боловч яаж ч чадахгүй байлаа. Эцэст нь пүүсийнх нь ахлах ажилтан гэрт нь ирж, ажлаа тасалж буйг нь эцэг эхэд нь сануулж, өрөөнийхөө хаалгыг тайлахгүй бол ажлаас халж, өрөө нэхэмжилнэ гэдгээ ч мэдэгдэнэ. Гэр бүлийнхээ төлөө айж сандарсан Грегор хаалганд зоолттой байсан түлхүүрээ хүчирхэг эрүүгээрээ зууж байгаад түлхүүрдэж дөнгөв. Гэтэл түүнийг харсан эх нь муужран унаж, ахлах нь айсандаа ум хумгүй зугтав. Энэ хүртэл тэрээр өөрийгөө зүүдэлж байж ч мэднэ хэмээн найдаж байсан билээ.

Энэ бүхний эцэст түүний өрөө шорон болон хувирлаа. Гэсэн ч Грегор гэр бүлийнхээ нэг гишүүн, тэднийхээ төлөө санаа тавих үүрэгтэй хүн хэмээн өөртөө хариуцлага үүрүүлсээр байлаа. Тэр бүү хэл хийл хөгжим эвлэгхэн тоглочихдог охин дүүгээ өндөр төлбөртэй хөгжмийн сургуульд явуулах тухай ч төлөвлөчихсөн, энэ сайхан мэдээгээ зул сарын баяраар гэр бүлдээ дуулгана гэж бодож байсан юм.

Магадгүй тэрээр гэр бүлийнхээ хамаг асуудлыг ганц өөрийнхөө нуруун дээр үүрч, эцэг, эх, дүү нар нь шимэгч хорхой мэт хамаг бүхнийг нь сорж байсан болохоор л тэдэнтэйгээ адилхан ямар нэгэн шавьж болон хувирчихсан нь энэ бололтой.

Грегор Замза гадагш гарвал хүн айлгаж ичээх тул өрөөндөө бүгж суухаас өөр аргагүй болов. Гэтэл дүүгийнх нь зөөн хооллож буй хоол тэжээл нь шавьжны биед нийцэхгүй маш ихээр өлсөх аж. Харин гэр бүлийнхэн нь өөр өөрсдийнхөө тав тухыг хангахаас биш, шавьж болсон Грегорыг анхаарахгүй байхыг хичээнэ. Энэ хугацаанд эцэг, дүү хоёр нь ажил хийх болжээ. Мөн зарим сул өрөөгөө бусдад түрээслэх болсон аж. Гэвч түрүүслэгчид Грегорыг байгааг ч мэдэхгүй аж төрнө.

Нэгэн үдэш дүүгийнхээ хөгжимдөхийг сонсоод сэтгэл нь хөдөлж өрөөнөөсөө гарснаар хамаг хэрэг дэгдэв. Гурван тохой урт цох хорхой харсан түрээслэгчид нь төлбөрөө төлөхгүйгээр үл барам, сэтгэл санааны нөхөн төлбөр хүртэл нэхэмжилнэ хэмээн мэдэгдэв. Өмнө нь ийм нэгэн асуудлаас болж эцэг нь Грегор руу алим нүүлгэн өрөө рүү нь хөөж оруулах үед нэг алим нуруунд нь зоогдож үлдсэн билээ. Тэрхүү шарх нь өдгөө улам хүндэрч, алим нь ч бүр ялзарч мууджээ. Грегор арай хийн өрөөндөө орсны дараа хаалгыг нь гаднаас бат бөх гэгч цоожилж байхыг мэдэрч эцсийн удаа гэр бүлийнхнийхээ тухай бодов. Грегор тэр шөнөдөө нас барлаа.

Харин маргааш нь нэгэн гай түйтгэрээс ангижирсандаа баярласан замзагийнхан салхинд гарахаар трамбайд сууж явлаа. Эцэг, эх нь охиныхоо үзэсгэлэн төгөлдөр болж буйг анзаарч, охиноо сайн нөхөрт гаргах цаг нь болсон тухай чимээгүйхэн харцаараа хэлэлцэх ажээ.

Г.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бидний яаж, юугаараа амьдрах нь Өмнөд Монголын захын нэг сумын даргын эрх мэдлийн асуудал гэж үү

Манай нүүрсний үнэ 30 ам.доллар байснаа 50 ам.доллар болж нэмэгдэж биднийгээ баясгав. Хямралтай хэцүү цаг дор нэг ч гэсэн зүйл маань үнэд хүрч байвал аятай юу гэж хэрэндээ магнай тэнэгэр сууж байтал Өмнөд Монголын Баяннуур аймгийн Урдын дунд хошууны дарга Ганц модны боомтоор Хятадын зах зээл рүү гарч байгаа Монголын нүүрснээс хураамж авах шийдвэрийг гаргачихав. Уг шийдвэр нь энэ сарын нэгнээс хэрэгжээд эхэллээ. Үйлчилгээний хураамж хэмээн түүхий эдийн тонн тутмаас найман юань буюу 2800 төгрөг, автомашин тус бүрээс арван юань буюу 3500 төгрөг, зэсийн тонн тутмын үнэ арван мянган юаниас давсан тохиолдолд экспортын дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авахаар болж байгаа юм. Үүгээр бол хамгийн бага дүнгээр бодоход өдөрт зөвхөн нүүрснээс 560 сая төгрөгийн үйлчилгээний төлбөр авах тооцоо гарч байгаа бөгөөд нэгтгээд тооцвол бид сард ойролцоогоор 40 гаруй тэрбум төгрөгийг үйлчилгээний төлбөрт өгөхөөр болсон гэсэн үг. Байгаа нүүрсээ арайчүү үнэд хүргэж эдийн засагтаа жаахан ч гэсэн нэмэр болох гэж мэрийж байхад Өмнөд Монголын нэг сумын Засаг дарга ингэж бидэндээ юунд хатуурхнам хэмээн эмзэглэнгүй бодогдовч бас тэгж шууд гомдлын үг унагаж хушуугаа унжуулж боломгүй шалтгаан байна, цаана нь. Эрүүл ухаанаар харвал өмнөд монголчууд минь биднийгээ арай ч тэгж чангалахыг хүсээгүй нь тодорхой. Тэгж чангалахыг чин сэтгэлээсээ хүсээд өөрсдийн дураар хийчихсэн ч юм биш. Мэдээж хэрэг дээрээс нь, цаанаас нь улс төрийн шинж чанартай дарамт, шахалт ирж тэднийхээ бодлогоор ийм алхам хийсэн гэдгийг ойлгож байна.

Энэ бүхэн саяхан манай улсад ирсэн Далай ламын айлчлалтай холбоотой гэдэг нь хэнд ч мэдэгдэж байна. Далай багшийг айлчлаад буцсаных нь дараа Хятадын талаас хоёр талын айлчлал, гэрээ, хэлэлцээрүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн. Чухам ямар айлчлал, гэрээ мэрээ байгуулах гэж байсныг эгэл жирийн иргэд төдийлөн мэдээгүй ч Хятадын талаас хийсэн мэдэгдэлд хамгийн ихээр бачуурч, зангиагаа займчуулан байж амьсгал нь давчидсан улсууд бол улстөрчид. Бэлэн мөнгөтэй болж, зээл оруулж ирэх гэж байсан ажил нь зогсчихоор тэгэлгүй л дээ.

Далай ламыг аль дарга нь урьж, хэн гэдэг дарга нь түүнийг нь эсэргүүцэж, яасан ийснийг нь нарийн мэдээгүй ч уг айлчлалыг зохион байгуулахад гар бие оролцож Далай багшийн визний асуудлыг нь шийдэж өгсөн консулыг дуудаж авчраад ихээхэн донгодоод ажлаас нь халсан сураг сонсогдож л байна. Улс төр судлаачид эл айлчлалаас улбаатай хоёр орны хооронд үүсээд буй уг таагүй байдал хагас жилийн дараа зөөлөрч хэвийн болно гэж таамаглаж байгаа юм. Энэ ч яахав.

Ганц модны боомт орон нутгийн чанартай боомт. Тийм болохоор тэндээ хошуу, сумынх нь засаг ноён том байгаа юм шүү дээ. Монгол, Хятад улс хоёул Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд. Тус байгууллагын дүрэм журмыг хоёр тал мөрдөж ажилладаг ч Ганц модны боомт дээр тэр дүрэм нь үйлчилдэггүй. Тэнд үе үе асуудал үүсгэдгийг манайхан мэддэг болсон. Ганц модыг чиглэсэн төмөр замаа барьж байгаа, уг нь. Зураг төслөө хийхдээ төмөр замаа угтуулахдаа 30 км-ээр зөрүүлчихсэн гэдэг. Тэр зөрүүгээ хоёр талаасаа хэлэлцэж 15, 15 км-ээр нь барьж дундаа уулзъя ч гэдэг. Ингэсэн тохиолдолд уг төмөр зам манайд маш их ашиг өгөх бөгөөд Монголыг Хятадад төдийгүй дэлхийд гаргах зам болно гэж ярьцгаадаг билээ. Бид ингэж л хөөрцөглөж баярладаг. Гэтэл энэ төмөр зам ашиглалтад орчихвол хөршийн талаас захын нэг, дуртай Засаг дарга, хошуу, гацааны тэргүүлэгч нь гарч ирээд элдэв төлбөр, хураамж шаардаад хориг тавиад хөндлөн суучихаж мэдэхээр байна. Бид энэ бүхнийг сайн анзаарч, одоо үүсээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй шууд л төмөр замаа барьчихъя, тэгэнгүүт л мөнгө урсаад ороод ирнэ гэж эндүүрч болохгүй аж. Ер нь монголчууд бид чинь ийм ухаангүй, болчимгүй, алсын хараагүй ажил хийдэг мал болчихсон юм уу, эсвэл биднийг мал шиг ажиллаж, тийм байлгах гадны бодлого удирдаад байгаа юм уу.

Хаа байна, нөгөө хоёр хөршийн маань Ерөнхийлөгч, дарга ээлжлэн ирж айлчлаад ах дүү, найз нөхөд, хөрш гэж мөр алгадаж, гар барьж “Хамтдаа элэг бөөрөө нийлүүлэн байж эвтэй сайхан, гоё амьдарч диваажин бий болгоно” гээд сүрхий сүржин байсан нь. Өнөөдрийн нөхцөл байдлаа хар. Алхам тутамдаа Монгол Улсыг дээрэлхэж, дээрэнгүй хандаж, ширэв татаад байгаа нь илт мэдрэгдээд байна.

Эсвэл хоёр хөрштэйгөө удаан жилийн найрамдалтай харилцаатай, ойр дотнын улс минь гэж тэврэлдэж хүзүү сээрээрээ холбогдож хэт ойртсоны маань гай нь энэ гэж үү. НҮБ-аас Хойд Солонгост хориг тавивал тус улсаас нүүрс авдаг БНХАУ тэргүүтэй Зүүн хойд Азийн орнууд Монголоос нүүрсээ татах гарц нээгдэхээр байсан. Үүнд ч Хятадын тал өөрсдийн байр сууриа илэрхийлж, манайхан дотроо нүүрсээ гаргах нь гэж тооцоолж хүлээсэн. Си дарга аа! Хятад хүн хэлсэн үгэндээ хүрдэг гэж та манай парламентын танхимд үг хэлж, шүлэг уншихдаа дурдаж байсан шүү дээ. Та манай улсад айлчилж ирснээ өөрийнхөө орны нэг хэсэгт ирсэн гэж андуурсан юм уу, эсхүл. Тусгаар тогтносон оронд хэн ч ирж, хэнбугай ч айлчилж л байдаг. Улс орны тэргүүнүүд, олны танил эрхмүүд, одод, нэр хүндтэй хүмүүс, энгийн иргэд, жуулчид гээд бүгд л ирж буцаад явдаг. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэж монгол үг бий. Эрт үеэс эдүгээ хүртэл монголчуудын зочин гийчин, холын хүнд дотно халуун сэтгэлээр хандаад хүндэтгэн үддэг заншил сарниагүй юм шүү. Бид ийм л ард түмэн. Үүнтэй адил хятад хүмүүс уужуу тайван, хүлээцтэй гүндүүгүй гэж Си дарга та хэлж л байсан сан.

Уг нь том гүрэн, хаяа сайтай айл саахалтаа ширвэдэггүй юм л. Уур нь хүрсэн өдрөө хөмсөг зангидан загнаж, сайхан зан нь хөдлөхөөр тэвэрч аваад нялганадаг ааштай муу авгай шиг харилцааг том гүрэн гаргадаггүй. Жаахан асуудлаар өөнтөглөж жижиг орнуудыг дээрэлхэнэ гэдэг чинь бүл муутай саахалтаа нүд үзүүрлэж хаяа муутай гэдгээ харуулж байгааг илтгэнэ.

Ганц модны боомтыг даруй олон улсын боомт болгож, холбогдох хууль дүрмээ сайжруулж, энэ асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын сонорт хүргэхгүй бол хөрштэйгөө ах дүүс, найз нөхөд гэж наалдаад дэмий санж. Ер нь ямар ч зүйлд хэт хувийн орон зай үүсгэхээс татгалзаж дэлхийн жишгээр, дипломат ёсоор, олон улсын стандартын дагуу мөрдөх хэм хэмжээгээ даган хандаж, харьцах нь зүйтэй юм гэдгийг энэ үйл явдал харуулав. Ганц модны боомтыг олон улсын боомт болгочихвол Баяннуур аймгийн Урдын дунд хошууны ноёдод боомтыг дураараа хаах, үйлчилгээний хураамжаа үндэслэлгүйгээр дураараа нэмэх зэрэг зүй ёсны бус үйлдэл гарахгүй л дээ.

Цаанаас авсан даалгавраар хөдөлж байгаа Өмнөд Монголын хошууны даргыг буруушааж түвдэхгүй ч монголчуудын эдийн засаг ямар байх вэ, нүүрс ашигт малтмалаа хэрхэн яаж гаргах вэ гэдэг асуудал явж явж Өмнөд Монголын захын нэг сумын Засаг даргын мэдлийн хэрэг болчихоод байгаа нь харагдаж байгаа юм.

Уг нь аливаа улсын эдийн засаг Балбын дархан балбаж хийсэн балбар илдээр цохиод ч, Түвдийн дархны давтаж хийсэн алхаар дэлсээд ч унахааргүй хүчирхэг байх атал манай хувьд гацааны ноёны аашаас л хамааралтай хэврэгхэн эдийн засагтай болчихоод байгаа нь энэ. Биднийг ямархуу амьдруулах вэ гэдгийг Өмнөд Монголын нэг сумын Засаг дарга л эрх мэдлийнхээ хүрээнд шийддэг болчихлоо гэж үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Адууг амьдаар нь гаргах, алаад гаргахын аль нь хүнлэг вэ?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү,”Хүний кноп дарах гээд хамаагүй гүйж байгаад бүдрэх вий дээ” чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны тоймыг хүргэж байна.

Мөн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн соёрхолт хүртсэн тухай мэдээллийг өнөөдрийн дугаартаа онцолсон байна.

Мөн энэхүү дугаараас дэлхийн мисс-д монголоо төлөөлж буй А.Баярцэцэгийг “Өдрийн зочин” буландаа онцоллоо.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г парламентын хурлаар 78 хувь нь огцруулахыг дэмжсэн тухай болон бусад мэдээ мэдээллийг дэлхийн мэдээний булангаас уншаарай.

“Эзэнт гүрэн” буланд монголын эзэнт гүрний тухай дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэжээ.

Хүр хорхойн торгоны музейн үзмэр

Манай сонины сэтгүүлч Б.Энхболдын Хятадын зүүн өмнөд нутгаар хийсэн аян замын тэмдэглэлийг өнөөдрийн амралтын дугаараас сонирхон уншаарай.

Арын нүүрний “Ном ярьж өгье” буланд алдарт зохиолч Пауло Коэльогийн “Вероника үхэхээр шийдсэн нь” номыг хүргэж байна. Энэхүү номыг зохиолч өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин” Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгийн шилдгээр шалгарч, гран при шагнал хүртлээ

Монголын сэтгүүлчдийн эвлэлээс жил бүр хэвлэл мэдээллийн салбарынхаа оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 2016 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, шилдэг сэтгүүлч, уран бүтээлчдийг шалгаруулах ёслол боллоо. Уг ёслолын ажиллагаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй сонин, телевиз, радио, сайт, сэтгүүл гээд бүх л газрын уран бүтээлч, сэтгүүлчид цуглан, амжилт бүтээлээ дүгнэсэн юм.

Энэ оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар манай “Өдрийн сонин“ шалгарч, гран при шагналыг хүртлээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс бидэнд энэхүү шагналыг олгохдоо “Өдрийн сонин нь байгуулагдсан цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн салбарт манлайлагч байр сууриа баттай хадгалж ирсэн. Эдүгээ уншигч захиалагчийнхаа тоогоор тэргүүлэн, энэ онд л гэхэд 3.4 сая ширхэг хэвлэгдэж Монгол орон даяар түгсэн байна. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид үйл явдал өрнөж буй газар бүрт хүрч, халуун цэг дээрээс нь сурвалжлан даацтай нийтлэл, ярилцлага, сурвалжлагыг уншигчдадаа хүргэж байдаг. Тухайлбал, энэ онд Баян-Өлгий, Хэнтий нутгийн иргэдийн аж амьдрал, дархан хилийн заставуудаас хийсэн сурвалжлага, нийтлэл нь уншигч түмний талархлыг хүлээж, мэргэжлийн ур чадвар, үр нөлөөгөөрөө тэргүүллээ” хэмээн онцолсон юм.

Ийнхүү манай сонин хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг найм дахь удаагаа хүртэж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам Л.Гүндалайг хүлээж авахаас татгалзлаа

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Ардчилсан намд элсэх өргөдлөө өөрийн биеэр аваачиж өгчээ. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр түүний өргөдлийг ярилцаад хариу өгнө гэсэн байна.

Тэрбээр “өөрийнхөө байгуулсан жижиг намд байгаад байвал Монгол Улсыг амархан өөрчилж чадахгүй байх. Монгол Улсыг өөрчлөхийн тулд тодорхой хэмжээний эрх мэдэлд очих ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэьч түүний өргөдлийг Ардчилсан нам хүлээж авсангүй. Энэ тухай Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Л.Гүндалайгийн өргөдлийг хүлээж авах боломжгүй” хэмээн жиргэжээ.

Categories
гадаад мэдээ

”Роснефть”-ийн хувьчлалаас 703 тэрбум рубль төсөвт оруулжээ

“Роснефть” компанийн хувьцааны тавны нэг буюу 19,5 хувийг худалдсанаар ОХУ-ын төсөвт нийт 703,5 тэрбум рубль төвлөрүүлэх болжээ. Дээрх мөнгө арванхоёрдугаар сарын 15-20-нд улсын сан хөмрөгт орж ирнэ гэж Оросын Сангийн сайд Антон Силуанов “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ мөнгө төсвийн алдагдлыг нэмэлгүйгээр бусад зардлыг санхүүжүүлэхэд чиглэгдэнэ гэдгийг тэр онцолсон байна.

Барууны хэвлэлүүд “Роснефлть”-ийг хувьчлалыг Путины ялалт хэмээн бичиж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Чита хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецовтой уулзлаа. Хотуудын байгаль орчин, спорт, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

ОХУ-ын Чита хотын Тамгын газрын дарга Олег Кузнецов “Манай үндсэн хамтын ажиллагааны чиглэл нь аялал жуулчлалын салбар. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхийг хүсч байна. Чита хотод байгалийн үзэсгэлэнт газар, хөшөө дурсгал бүхий газрууд олон бий. Эдийн засгийн хөгжлийн хувьд ч 2 хот хоорондын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Манай хотын хувьд Улаанбаатар хоттой биеийн тамир, боловсролын салбарт мөн идэвхтэй хамтарч ажилладаг. Цаашид ч дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Чита хот бол ОХУ-д өвлийн спортоор чухал байр суурь эзэлдэг. Зөвхөн өвөл гэлтгүй аялал жуулчлалын нэг чухал бүс. Цаашдаа аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, илүү өргөжүүлэх шаардлагатай гэж бодож байна.” гэлээ. Мөн 2 хотын хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар болон Чита хотын иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдэнэ гэдэгт имтгэлтэй байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

100 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо


НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан азтануудын батламжийг өнөөдөр гардууллаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээр энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар Татварын алба улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 34 хувь буюу 475.5 тэрбум төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварын орлого аж.

Оны эхний арваннэгэн сарын байдлаар 611,412 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлэн 17 удаагийн сугалааны тохирлоос 81,898 иргэн азтан болж 3.1 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал авчээ. Мөн дээрх иргэд албан татварын 20 хүртэл хувийн буцаан олголтоор 29.4 тэрбум төгрөгийг буцаан авах боломж бүрдээд байгаа ажээ.

Энэ удаад хоёр хүн зуун сая төгрөгийн азтан болсноороо онцлог болжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Б.Батдаваа Төмөр замд байдаг KFC-ийн салбараар үйлчлүүлсэн баримтаа бүртгүүлээд 100 сая төгрөгийн азтан болсон бол Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа Монос эмийн сангаас худалдан авалт хийсэн баримтаар мөн 100 сая төгрөг хожжээ.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн Э.Мөнхбат “Дорнод-Ус” компаниас ус захиалаад 4 сая төгрөгийн азтан болсон байна. Азтануудын батламжийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өглөө.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт цэцэг өвчин хоёр голомтод илэрсэн тул 12 дугаар сарын 8-ны өдрөөс тус сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, Хонгор сумын Хар модотын гууд өвөлжиж буй таван малчин өрх болон сумын төвд тус тус илэрчээ. Үүнтэй холбоотойгоор 21 цагт аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа. Хурлаар Хонгор сумын Засаг дарга, малын эмч, аймгийн ХХААГ, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар цэцэг өвчний голомтод нийт сэжигтэй 1400 гаруй толгой мал байна. Үүнээс 210 гаруй хонь цэцэг өвчний халдварыг тээсэн гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-аас өглөө. Цэцэг өвчин нь 40-өөс дээш хэмтэй өндөр халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг цочмог халдварт өвчин юм. Тиймээс хүнсэнд хэрэглэж болохгүйг аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд иргэдэд онцгой анхааруулж байна.

Маргааш буюу 12 дугаар сарын 9-ний өдөр аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комисс болон бусад холбогдох мэргэжилтнүүд өвчний голомтод ажиллана. Эхний ээлжинд цэцэг өвчин илэрсэн 210 гаруй хонийг устгах, Мал эмнэлэг үржлийн газраас захиалгаар нийлүүлсэн 2000 тун вакциныг бүс нутгийн малд тарих ажлуудыг хийнэ. Мөн уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд багийн малчин мал бүхий өрхүүдэд сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ сэжигтэй бүсэд байгаа малын тоог тодруулж вакцинжуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн хурлаар мал, амьтан тэдгээрийн гаралтай мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, мал амьтны гарал үүслийн гэрчилгээний бичилт, олголтын байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хоол хүнсэнд заавал мал амьтны гарал үүслийн гэрчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх зэргийг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.