Categories
мэдээ нийгэм

Маргааш төвийн аймгуудаар цас орно

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Энэ сарын 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 11,12-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээн болж байна

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох билээ. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж амжилттай өндөрлөсөн бол өнөөдөр /2016.12.10/ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг нээлтээ хийлээ.

Энэхүү тэмцээн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор болж байгаа билээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын референт, Олон улсын шатрын холбооны мастер Г.Алтан-Оч, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов. Шатар сонирхогчдын 2016 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн тав дахь жилдээ уламжлал ёсоор зохиогдож байна. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, булчингийн хүчээр бус арга ухаанаар даван туулах хүмүүжил олгодог онцгой спорт юм. УИХ шатрын спортыг улс орон даяар жигд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, амаар бус ажлаар дэмжих гэж энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж буй юм гэж тэрбээр онцоллоо. Шатар сонирхогчдын аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний дараа улсын аваргыг 2017 оны 1-р сард Төрийн ордонд болох тэмцээнээс тодруулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

С.Цогтсайхан агсны хөшөөнд цэцэг өргөнө

“Монголын Ардчилсан Холбоо” /МоАХ/ байгуулагдсаний 27 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан Ардчиллын алтан хараацай, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслол энэ өдрийн 11:30 цагаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд болно. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон ард иргэд оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Элэгний нухаш

Орц

(хоёр хүний)

Элэг-500 гр

Ногоон сонгино-50-60гр

Сонгино-тал

Сармис-2-3 хумс

Давс-тал халбага

Хар перец-1/4 цайны халбага

Амтат чинжүү-1/3 цайны халбага

Цөцгий-хоёр хоолны халбага

Томатны соус-нэг хоолны халбага

Хийх арга

Элгийг угааж хэрчсэний дараа далд орох төдий усанд хийж зөөлөн гал дээр буцалгана. Ингээд болох болох үед нь уснаас гаргаж сайтар шүүж хөргөөрэй. Хонины элгийг хонины ясны шөл, үхрийн элгийг үхрийн ясны шөлөнд чанавал илүү амттай болдог. Дараа нь элгийг автомат холигчинд хийж миксердэнэ.

Амтлахдаа давс, хар перец, сонгино, сармис, томатны сүмс, цөцгий, улаан чинжүү, амтат чинжүү зэргээс сонгож элэгтэйгээ хамт миксердээрэй.Тэгвэл зөөлөн атлаа ам дарвигануулсан халуун амттай, аманд ороод ууссан элэгний нухаш болох болно.

Үүнийхээ дараа хөргөгчинд хийж хөргөөд л идэхэд бэлэн болно.

Хэрвээ энгийн аргаар амтлахыг хүсвэл давс, сонгино, сармис, хар перец, гоньд зэргийг ашиглаж болох юм. Элэгний нухашийг гич, ногоон сонгино эсвэл яншуйгаар амтлаад талхан дээр түрхэж идэхэд тохиромжтой байдаг.

Унгар гуляш

Орц

(гурван хүний)

Үхрийн мах-хоёр кг

Сонгино-таван ширхэг

Хар перец-нэг цайны халбага

Давс-нэг цайны халбага

Ус-нэг литр

Улаан чинжүү-таван хоолны халбага

Ургамлын тос-60 гр

Сармис-гурван хумс

Гоньд-нэг цайны халбага

Хийх арга

Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн сонгиныг хийж шаргал өнгөтэй болтол хуурна. Дээрээс нь мөн жижиглэн хэрчсэн сармис, улаан чинжүү, хар перец, давс, гоньдыг хийж хуураарай. Гоньдны оронд орегано хэрэглэж болно. Ингээд урьдчилан бэлтгэсэн үхрийн эсвэл хонины ясны шөл, томатны сүмсийг хийж хутгана. Сүмсийг буцалмагц галаа багасгаад зөөлөн буцалгана. Үүн дээрээ томоор хэрчиж бэлтгэсэн (4см*4см орчим) үхрийн махыг хийж 1-1,5 цаг дунд зэргийн гал дээр буцалгана. Хэрвээ та хүсвэл төмс, лууван хийж чанаж болох ба махыг 30 минутаас нэг цаг буцалсны дараа ногоог томоор хэрчиж хийгээрэй. Махтай зэрэг хийж чанавал төмс, ногоо хэтэрхий болж үйрнэ шүү. Ингээд унгар маягийн жороор хийсэн гуляш бэлэн боллоо. Ногоон сонгино, яншуйгаар амтлаад сайхан хооллоорой.

Бэлтгэсэн А.ЗУЛ

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: ҮДБЭЧ нэрээ сольсноор урын сангийн бодлого нь өөрчлөгдөх үү, аль эсвэл…

Урлаг судлаач Ж.Энэбиш

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга нэрээ өөрчилснийг би хувьдаа сайн ойлгохгүй л байна. Тус чуулгын удирдлагууд төр, засагтаа хэлэх үгээ арай өөр өнгөөр, тойруу замаар ойлгуулж шийдвэр гаргууллаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, манай ард түмний шоглож хэлдгийн адилаар эрдмийн чуулга “драм” болчихов уу гэх гайхаш төрж байна. Уран сайхны бодлогын гажуудал социализмын тогтолцооны үед манай мэргэжлийн театр чуулгуудын уран бүтээлийн амьдралд тохиолдож байсныг бид мэднэ. “Хөдөө орон нутагт хөгжимт драмын театр олширч, урын сан нь хомсдоод ирэхээр театруудын нэр үүдэн дээрээ үлдэв” гэж шүүмжлэгдэж байсан үе бий. Үүн лүгээ адил XXI зууны эхэнд Үндэсний дуу бүжгийн чуулга олширч, урын сангийн бүрдэл нь ижилсээд ирэхээр ҮДБЭЧ нэрээ өөрчлөх болов уу гэж эргэлзэх болов. Чуулгууд олширсныг буруу гэх нь юу л бол. Тэгэх тусмаа ҮДБЭЧ-ын урын сангийн бодлого, бүтээлийн төрөл бусдаасаа ялгарна уу гэхээс бусдыг дуурайгаагүй. Тэгээд ч тус чуулгын уран бүтээлчдийн уран чадвар, концертын найруулга байнга шинэчлэгдэж, өсч өндийж ирснийг чуулгын 66 жилийн түүх гэрчилнэ. Энэ чуулгын урын сан, найруулга зүй, уран бүтээлчдийн өсөлтөд “байнгын харуул” хийж ирсэн миний шүүмжүүдийн үнэлгээ ч дээрх түүхэн амжилтад дэм болсон байж юу магад. Бодит байдал ийм байсаар байтал дэлхийд алдартай энэ чуулга яахаараа “эрдмийн чуулгаа их театраар” солих болов оо! Төр засгаасаа өрх тусгаарлах санал авсан нь сайшаалтай. Ингэлээ гээд чуулгын урын сангийн бодлого, концертын байгууллагын үндсэн чиглэл өөрчлөгдөх үү? Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар өөрчлөгдөнө гэж үү!

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн болж байна

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Кубок Россий по женской борьбе” олон улсын тэмцээн болж байна. Тус тэмцээнд ОХУ, АНУ, Беларусь, Итали, Казакстан, Эстони, Монгол зэрэг орны тамирчид өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Г.Отгонжаргал, П.Орхон, Э,Цэвэгмид, Ш.Түмэнцэцэг, А.Батцэцэг нарын бусад тамирчид оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сугалааны мөнгөөрөө хотод байр авна

“Үнэндээ 100 саяыг хожсондоо итгээгүй. Эхлээд утсанд маань “Та НӨАТ-ын сугалаанд азтан боллоо” мессэж ирсэн. Гэхдээ хэдийг хожсоныг нь бичээгүй байсан. Гэртээ очиж баримтаа тулгахад 100 сая төгрөг хожлоо гэсэн байсан. Нэг л итгэж өгөхгүй байлаа. Баримтаа хэсэг хайсан. Гэтэл түрийвчнээс гарч ирсэн. Хотод ирээд төмөр замын KFC–гийн салбараар үйлчлүүлсэн баримтаараа азтан болсон байсан. Сугалааны мөнгөрөө хүн бүрийн мөрөөдөл, хүслэн болсон байр худалдан авна. Манай гэр бүлийнхэн Улаанбаатарт байртай болох мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн” хэмээн өгүүлж буй хүн бол Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Б.Батдаваа юм. Тэрбээр худалдаа, үйлчилгээний газруудаас баримтаа үргэлж авдаг ч заримыг нь бүртгүүлж амждаггүй байжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гурван л баримт бүртгүүлсний нэг нь түүнийг 100 сая төгрөгийн эзэн болгосон байна.

НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн сугалаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр явагдаж, нийт 6234 азтан тодорсны дотор 100 сая төгрөгийн азтан хоёр, дөрвөн сая төгрөгийн азтан тав, 500 мянган төгрөгийн азтанаар 69 хүн , 100 мянган төгрөгийн азтанаар 561 хүн, 20 мянган төгрөгийн азтанаар 5597 хүн тодорсон. Тэдгээр азтаны төлөөлөл болсон зарим хүмүүст батламж гардуулах ёслол өчигдөр (2016.12.09) Сангийн яаманд болсон юм. Азтан болсон хүмүүсийн олонх нь залуучууд байгаа бөгөөд тэдний дотор Дорноговь, Дорнод аймгийнхан ч багтжээ.

100 саяын азтанаар Дорноговийн иргэн Б.Батдаваагаас гадна Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэн О.Амарсанаа бас тодорсон юм. Тэрбээр Моносоос эм худалдан аваад 100 сая төгрөг хожжээ.

Дөрвөн сая төгрөгийн азтан болсон Э.Мөнхбат Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас гэр бүлээрээ ирж, батламжаа гардан авсан юм. Э.Мөнхбат “Дорнод-Ус компаниас цэвэр ус захиалаад 4 сая төгрөгийн азтан болсон. Баримтаа байнга бүртгүүлдэг ч өмнө нь азтан болж байгаагүй. НӨАТ-ын урамшууллын талаар бараг мэддэггүй. Баримтаа бүртгүүлбэл сугалаанд оролцдог гэж сонсоод л бүртгүүлж эхэлсэн” хэмээн ярьж байна.

Одоогийн байдлаар 611’412 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлснээс 17 удаагийн сугалааны тохирлоос 81’898 иргэн азтан болжээ. Нийтдээ 3.1 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгоод байгаа ажээ. Ирэх оны эхний сард олгох буцаан олголтоор иргэдэд 29.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.

НӨАТ-ын азтанууд ар араасаа тодорсоор байна. Энэ жилийн хамгийн сүүлчийн сугалаа ирэх долоо хоногийн ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тохиох юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашины татвараа энэ сарын 25-наас өмнө төлөхийг анхаарууллаа

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийг энэ сарын 25-ны дотор албан татвараа төлөхийг нийслэлийн Татварын газраас сануулж байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа буюу тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх учиртай. Хэрвээ 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан ногдох татварыг төлнө гэж заажээ.

Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв, Автотээврийн үндэсний төв, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвөөр аж ахуйн нэгж, иргэд үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Татварын хэлтсүүдийн ажиллах цагийн хуваарь

Татварын хэлтсийн нэрс

Гараг

Цагийн хуваарь

БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД-ийн татварын хэлтэс

Даваа – Баасан

08:30 – 17:30

СБД, Авто тээврийн үндэсний төв

БЗД, Авто тээврийн үндэсний төв

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав төв, Драгон төв, Мишээл төв/

БГД оношилгооны төв

Өдөр бүр

08:30 – 20:30

БЗД оношилгооны төв

СХД оношилгооны төв

Categories
мэдээ нийгэм

МоАХ байгуулагдсаны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

МоАХ байгуулагдсаны түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Одоогоос 27 жилийн тэртээ буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд ардчиллыг хүсэмжилсэн залуусын анхны цуглаан болсон юм. Гол хөдөлгөгч хүч нь МоАХ байсан. Олон улсын хүний эрхийн өдөртэй давхцуулан хийсэн анхны цуглаанаа МоАХ-ныхан Хүүхэд залуучуудын соёлын төвийн өмнө хийж МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйл бүхий улс төрийн шаардлага өргөн барих болсноо олон нийтэд хүргэсэн байдаг юм.

Энэ шаардлагад “Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож, тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах….” “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг ….дээдлэн хүндлэх…” зэрэг ардчиллын үндсэн зарим болсон заатуудыг тусгасан байсан юм.

Мөн МоАХ-ны анхны 13 хүний эрх, ардчиллын үнэ цэнийн төлөө тэмцэл зорилгоо нэгтгэн тангараг өргөсөн гэдэг.

  1. С.ЗОРИГ – МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч тэрбээр МУИС-ийн багш, докторант байсан. Сүүлд БНН-ыг үүсгэн байгуулж явсан ч буцаад МҮАН-д нэгдсэн. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байхдаа улстөрийн аллагад өртсөн.
  2. Ц.ЭЛБЭГДОРЖ – Тухайн үед Монгол ардын армийн “Улаан-Од” сонины сурвалжлагч байсан бол эдүгээ хоёр дахь удаагаа Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Тэр энэ 25 жилийн хугацаанд УИХ-д удаа дараа сонгогдож, АН-ынхаа дарга болон Ерөнхий сайдын албыг 2 удаа хашсан.
  3. Э.БАТ-ҮҮЛ – Тэр үед ажилгүй байв. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан, үүнээс өмнө УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан.
  4. Д.БАТТУЛГА – НИТХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга. Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ыг удирдаж байсан. УИХ-д сонгогдож Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Казиногийн тухай хууль батлуулсан ч буцаан хүчингүй болгоход уг хэрэгт холбогдон шоронд суусан. НИТХ-ын даргаар сонгогдохын өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байсан.
  5. Д.БААСАН – МоАХ-ны анхдагч тэрбээр нэг хэсэг МАН-ыг байгуулж даргаар нь ажиллаж байсан. Мөн Гандангийн Бадма ёго дацанд лам байжээ. Учир битүүлгээр амь насаа алдсан аж.
  6. Д.СОСОРБАРАМ –1989 онд жүжигчин байсан.
  7. Т.БИЛЭГТ – Өнгөрсөн дөрвөн жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан. Өмнө нь Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга зэрэг албыг хашиж байжээ.
  8. Ц.ЭНХТҮВШИН – УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдын болон Монгол улсын Үндэсний аюулгүйн зөвлөлийн дарга асан.
  9. Д.ЭНХБААТАР –Батлан хамгаалах яамны газрын дарга Бригадын генерал.
  10. Д.СҮХБААТАР – УБДС-ийн оюутан байсан, өнгөрсөн жилүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын орлогчоор ажиллаж байв.
  11. С.АМАРСАНАА – МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч асан. Соёлын гавьяат зүтгэлтэн. Хууль зүйн үндэсний төвд болон хэвлэлийн байгууллагад ажиллаж байсан “Ардчилал” сониныг анх үүсгэн байгуулж эрхлэгчээр нь ажилласан хүмүүсийн нэг.
  12. М.ЭНХТҮВШИН – “Малыш” хочтой, 1989 онд Аюулаас хамгаалахад ажиллаж байсан ба МоАХ-ны анхны дэд зохицуулагч. Багш мэргэжилтэй, хааяахан дуулиантай ярилцлага өгдөг.
  13. Д.НЯМСҮРЭН – архитектор мэргэжилтэй тэрбээр Хотын ерөнхий архитектор асан. Гавьяат цолтой.
Categories
мэдээ цаг-үе

Оодон цоохор пальто, өргөн трапецаар гангарч явсан нэг үеийнхэн

Дөчин жилийн өмнө 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нэгдүгээр арван жилийг төгсөж, нэг анги мэт ижилдэн дассан нэг үеийнхэн энэ удаагийн “Нэг анги” буланд оролцож байна. Ш.Бадам багштай “10А”, Ш.Чойжоо багштай “10Б”, Б.Батнасан багштай “10В” ангийнхан тэр л үеийн цагаан цайлган сэтгэлээр эргэн уулзаж, сурагч насны гэгээн дурсамжаар гурван өдөр амьдарчээ. Арван жилийн өмнө тэд мөн ингэж уулзсан. Харин өнөөдөр тэднээс хорь гаруй нөхөд нь, Ш.Чойжоо, Б.Батнасан багш нар нь үүрд холдон оджээ. Гэсэн ч тэд хоёр багшаа хүндэтгэн дурсаж, хоёр гэргийг нь уулзалтдаа урин залсан байв. Уулзалтын үеэр Ш.Бадам багш нь аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан олон шавиа “Сүхбаатар аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна. Гурван ангийн 121 хүүхдийг нэг анги мэт ээнэгшин дасахад юу хамгийн их нөлөөлөв гэхэд “10Б” ангийн дарга Ш.Даваадулам “Тухайн үед манай аймагт хоёр л арван жилийн дунд сургууль байсан. Нэг нь Онгон сумын сургууль. Нөгөө нь Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургууль. Тийм болохоор Баруун-Уртын хоёрдугаар найман жилийн сурагчид болон бусад сумдаас ирсэн 120 гаруй сурагч нэгдүгээр арван жилийн ахлах ангид элсэж суралцсан юм. Бид манай, танай анги гэлгүй хэд хэдээрээ “Дөрвөлж” толгой дээр очиж шалгалт шүүлгээ уншиж бэлдэнэ. Ингэж явсаар нэг ангийнхан шиг үерхэн нөхөрлөх болсон тул сургуулиа төгссөний дараа нэг нэгнээ үгүйлдэг болсон” гэж ярьсан юм.

“ДУХ НААШАА” ГЭДЭГ ҮГНЭЭС САЛДАГГҮЙ “10А” АНГИЙНХАН

“10А” ангийнхны тэргүүн бахархал бол Монгол Улсын гавьяат багш, Улсын Их Хурлын гишүүн асан Ш.Бадам юм. Ангийн дарга Ж.Борхүүхэн багшийнхаа тухай,“Манай ангийг Ш.Бадам багш тавдугаар ангид байхаас нь даан авч, зөвхөн алгебрь, геометр заагаад зогсохгүй бидэнд хүн болох хийгээд амьдрах ухааныг заан сургасан ачтан минь билээ. Үүгээр зогсохгүй багш маань энэ гурван ангийн алийг нь ч ялгалгүй бүх сурагчтай нь байнга холбоотой байдаг тул төгсөгчид нь ч манай багш гэхээс өөрөөр нэрлэж чаддаггүй юм. Тийм ч болохоор бид төгсөлтийн уулзалтаа ангиараа бус нийт төгсөлтөөрөө хийдэг уламжлалтай болсон” гэж дурсан ярив.

“10А” ангийг 41 сурагч төгссөний 90 гаруй хувь нь их, дээд сургууль төгсөж, мэргэжлээрээ аймаг, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, тухайн салбарынхаа тэргүүний сэхээтэн, шилдэг ажилтан, олонд хүндтэй багш, эмч, хурандаа, хошууч, профессор, мянгат малчин, спортын мастер, алдарт эх болсон байна.

Дөчин жилийн дараахь уулзалтад сургууль төгссөнөөс хойш уулзаагүй зарим нөхөд нь хүрэлцэн ирэхэд ангийн нөхөд нь танихгүй будилж хөглөсөн явдал ч тохиожээ.

Уулзалтын үеэр Боловсролын салбарын тэргүүний ажилтан, биеийн тамирын багш С.Аварзэд сурагч насны дурсамжаас ийн хуваалцлаа. С.Аварзэд, “Тэр үед манай ангийнхнаас “Дух наашаа” гэдэг үг салдаггүй байлаа. “Ленин” багш шиг овоо духтай охид ч бий шvv дээ. Гэнэгүй байхад нь дух руу нь алгадах, няслах, самбарын алчуур наалдуулах гэх мэт гэнэтийн довтолгоог С.Дашням овсгоотой хийнэ.

Самбарын алчуурын бэсрэг дайнд санамсаргүй тохиолдлоор хаалгаар орж ирсэн багшийн нүүрийг хүртэл онож байсан тохиолдол бий. Мөн манай ангийн охид математиктаа их сайн байсан болохоор би тэднээс үргэлж “шифиднэ”. Хөвгүүдийн хувьд гуравдугаар цагийн завсарлагааг тэсэж ядан хүлээдэг байсан. “Хонх дуугарлаа”, 10А-гийн тамхичид зүүн дэнж рүү Жаамаагийнд очиж аавынх нь гаанс, улаан тамхинаас гялс ороож авна. Тэгээд л түймэр гарч байгаа юм шиг утаа баагиулсаар сургуулийн хашааг санд мэнд давж ороод ангийн багшид баригдаж, шийтгүүлдэг байсан” гэж дурссан юм. Харин дэд хурандаа цолтой цэргийн тэтгэвэрт гарсан Г.Батсуурь “1974 оны намар есдүгээр ангид ордог жил н.Сумъяагарав багш биднийг намрын хадлангийн ажилд Мөнххаан сум руу авч явсан юм. Хэдэн өдөр ажилласны дараа биднийг ажилдаа зүгширч байтал багш сумын төв рүү яваад тэр өдөртөө ирээгүй тул бидэнд үдэш нь охидоо айлгах санаа төрлөө. Охидууд багштай гэрт байрладаг, бид майханд байрладаг байсан юм. Би их хөдөлгөөнтэй саваагүй хүүхэд байсан тул янз бүрийн санаа сэтгэж байгаад харанхуй болохыг хүлээж, эцэст нь ажиллагаа эхлэв. Эхлээд хатавчаар гар оруулж хаалганы түгжээг мултлах гэж оролдлоо. Гэтэл охид гараа шургуулсан хоёр нөхрийн гар хурууг мод, төмрөөр цохиж гэмтээх гээд бүтээгүй юм. Дараа нь охидыг унтсан хойно хөнжил өлгийдөж тооноор нь оруулж айлгах гэсээр шөнө дөл болтол үймүүлж байгаад их орой унтсан. Гэтэл охид өглөө эрт босож “Та нар шөнийн баатрууд бол бид өдрийн баатрууд” гээд майхны гадсыг сугалж, нураачихсан. Тэгээд зогсохгүй бидний хөнжлийг майхны завсраар сугалж аваад биднийг модоор цохиж гарав. Хөнжил маань хөөтэй тогоо, хяруун дээгүүр чирэгдсээр авах юмгүй халтар, нойтон болчихсон. Ингэж охидыг чадах гэсэн биш өөрсдөө чадуулж, нэлээд хүүхэд нь яван явтлаа дан даавуу нөмөрч унтсан юмдаг” гэв.

АРВАН БҮЖИГ, ЗАДГАЙ ЦАГААНЫГ ХОСЛОН БҮЖИГЛЭДЭГ “10Б” АНГИЙНХАН

“Шил Чойжоо” багштай “10Б” ангийг 40 хүүхэд төгссөний зургаа нь ЗХУ-ын их дээд сургуульд, хорь гаруй нь дотоодын их дээд сургуулийн хуваарь авч байжээ. “10Б” ангийн дарга Ш.Даваадулам Улсын дээд шүүхэд 30 гаруй жил хөдөлмөрлөж, “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж байсан бол С.Оюунцэцэг, Д.Дэлгэр, Л.Далай, Л.Мангалжав, Ча.Алтанцэцэг нар хөдөлмөрийн хүндэт медаль, Ц.Батсуурь Цэргийн гавьяаны одон хүртэж байсан гэнэ. Мөн энэ ангиас спортын мастер хоёр, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан хоёр, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан дөрөв, онц тээвэрчин гурав, мянгат малчин нэг, алдарт эх хоёр тодорч улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан байна.

“10Б” ангийн нэг онцлог бол охид хөвгүүдийн тоо эн тэнцүү 20:20 байж. Тийм болохоор бүгдийг нь эхнэр нөхөр болгож толгой холбоно. Хос хосоороо Арван бүжиг, Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөнг гарамгай бүжиглэдэг байсан гэнэ. Эдний анги хоёр Батсуурь, хоёр Оюунчимэгтэй байж. Том Ж.Оюунчимэг ангийнхандаа энэ бүх бүжгийг яаж бүжиглэхийг зааж өгсөн гэж хүний их эмч Д.Дэлгэр дурсан ярьсан юм.

Тэрбээр цааш нь, “Манай анги урлагийн үзлэгээр найрал дуу дуулахаар боллоо. Манай ангийн Р.Батсуурь “Жунгааны дэгдээхэй” дууг сонгож, найрал дууг найруулсан юм. Тэгээд биднийг дуугаа бэлдэж байтал ангийн хүүхдүүд энд тэндгүй инээлдээд бөөн юм болов оо. Тэгсэн манай ангийн Ж.Оюунчимэг “Тэрний ам сооск шиг, энэний ам болжмор шиг хөдөлж байна” гээд баахан шоолсон. Тэгээд байхаар нь хартал үнэхээр тийм байна. Бид дуугаа бэлдэж чадахгүй, өөрсдийгөө бодохоор инээд хүрээд байдаг байсан” гэж дурссан юм.

Мөн ангийн дарга Ш.Даваадулам, “Манай ангийн хамгийн сахилгагүй хүүхэд бол Я.Ганхуяг байсан. Охидын үс гэзгийг чангаана, гутлын үдээсийг ширээтэй холбож уяна гээд түүнээс гарахгүй зүйл гэж үгүй. Өдгөө Я.Ганхуяг маань Дархан хотод инженерээр ажиллаж байна. Тэр үед манай үеийнхний дунд шилээ дарсан үс, шилбээ дарсан өмд мода болж байлаа. Охид нь оодон цоохор пальто, хөвгүүд нь 30 см өргөн трапец өмдөөр гангардаг байсан” гэлээ.

“ФАНТОМАС” КИНОГ ХУЛГАЙГААР ҮЗЭЖ, ӨМХИЙ ХҮРЭНГИЙН НҮХ УХАЖ ЯВСАН “10В” АНГИЙНХАН

Б.Батнасан багштай “10В” ангийг 41 сурагч төгссөний 21 нь МУИС болон их дээд сургуульд, арав нь техникумд элсэн оржээ. Одоогийн байдлаар“10В” ангиас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор Ж.Эрдэнэбаатар, “алтан гадас” одонгоор гурав нь энгэрээ мялаасан байна. Мөн салбарын тэргүүн 12, хөдөлмөрийн хүндэт медалиар зургаан хүн шагнагджээ. Ангийн эвлэлийн үүрийн дарга Л.Оюунхишиг “манай анги сурлага, урлагаараа ч, дүрсгүй сахилгагүйгээрээ ч сургуульдаа тэргүүлдэг байсан. Манайд дүрсгүй, алиа марзан зантай, сэргэлэн нь дэндсэн хөвгүүд олон байлаа. Манай сургуулийн нэг давхарт байрладаг байхад ангийн хөвгүүд цонхоор орж гарч, хичээл тасалдаг, орой ангидаа давтлага хийнэ гэж ирээд цүнхээ орхичихоод цонхоор гараад явчихна. Тэгээд л тухайн үедээ “од” болж байсан “Фантомас” киног хулгайгаар үздэг байсан. Тэр үед нийгэм эмх журамтай байсан гэхэд би хүртэл хэсэг нөхөдтэйгөө театрт оройн үзвэр үзэж байгаад байрын багшдаа баригдаж, аравдугаар ангиа төгсөхөөс нэг сарын өмнө нэлээд хэдүүлээ байрнаас хөөгдөж байсан юм” гэж сурагч ахуй үеэ дурссан юм.

Нэг үеийнхэн дотроос “10В” ангийн Э.Баатарцогт, “10Б” ангийн С.Оюунцэцэг нар,“10В” ангиас Б.Наранцацралт, Ж.Энхтуяа нар амьдралаа холбож хослон жаргасан байна.

Цэргийн гавьяаны одонт, хурандаа С.Шархүү “Бидний хамгийн их айдаг багш бол математикийн багш Ш.Бадам байв. Нэг өдөр Ш.Бадам багш орж ирээд ирц бүртгэлээ. Манай сайн эрсийн зарим нь байдаггүй. Нэрийг нь дуудахаар “өвчтэй”, “чөлөөтэй”, “ангийн багш дуудсан” гэх мэт шалтаг хэлээд заримд нь хэлэх шалтаг олдсонгүй. Хичээл завсарлав. Гэтэл тэд маань сургуулийн 00-д тамхи татаж байсныг багш мэдээд, тэнд цоожилчихоод ангид орж ирж ирц бүртгэсэн байсныг сүүлд мэдэж билээ.

Тэрбээр цааш ярихдаа, “Есдүгээр ангид орсон намар манай ангийнхан Асгат суманд хадлан хадахаар явахад нэг хөгтэй явдал болсон юм. Сумаас бригадад очих замдаа ангийн хөвгүүд өмхий хүрэнгийн нүх ухаж гарган, түүнийг хувинд хийж нэгнийхээ малгайгаар бүтээчихээд айл хэсч аяга тараг эргүүлэн хадлан хадсан юмгүй зугаалж яваад биеийн тамирын багшдаа баригдчихсан. Багш биднийг машинаар тууж буцах замд нөгөө өмхий хүрэн нь малгай цоолон хувингаас гарч зугтсаныг багш мэдээд хөдөө хээр газар дахин зогсоож шийтгэсэн” гэв. Мөн манай ангид анатомийн хичээлийн үзүүлэнгийн араг яс байдаг байсан болохоор ангийн хөвгүүд биологийн багш болж тоглох их дуртай байсан гэлээ.

Б.НАРАНЧИМЭГ