Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр МАН-ын бага хурал болно

Өнөөдөр МАН-ын долдугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд болох юм байна. Тус бага хурлаар сонгуулийн үр дүн, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавих ажээ. Мөн эдийн засгийн хүндрэл, төр, засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон намын дотоод асуудлаар тус намын гишүүд байр сууриа илэрхийлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээллэснээр МАН-ынхан бага хурлаараа ерөнхий нарийн бичгийн даргаа томилох бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч П.Хашчулууны “Бараг л шинэчлэгдэх шахсан АН-ын Их хурлын тухай” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины даваа гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

академич Д.Цэрэнсодном зурган илэрцүүдОлон улсын Алтай судлалын төвөөс Монголын хоёрхон эрдэмтэнд “Алтай медаль”-иа хүртээсэн байдаг билээ. 1963 оноос дэлхийн эрдэмтдэд олгож эхэлсэн тус шагналыг 1965 онд нэрт эрдэмтэн Бямбын Ринчен гуйа хүртэж байжээ. Харин үүнээс таван жилийн дараа академич Далантайн Цэрэнсодномд энэхүү шагналыг олгосон байдаг. Түүхийг нэхэн дурссаны учир гэвэл энэ удаа Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном гуайнд өнжсөнийг нэгдүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.

АН-ын Их хурал зурган илэрцүүдАрдчилсан намын зургадугаар Их хурал болж намын даргад өрсөлдөх хүмүүсийнхээ өргөдлийг өнгөрөгч баасан гаригаас эхлэн авч эхлээд байгаа юм. АН-ын Их хурлаас намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийнхээ тоог хязгаарлалгүй, хэдэн жил, сар, өдөр намын гишүүн байснаас үл хамааран нээлттэйгээр нэр дэвшүүлэн өрсөлдөх боломжийг нээж өгсөэ. Ардчилсан намын даргад нэр дэвшигчид шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулах хандлага бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, П.Цагаан, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, М.Чимэддорж нар албан ёсоор намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаад байгаа. Энэ талаарх мэдээллийг улс төрийн хоёрдугаар нүүрнээс дэлгэрүүлэн харах боломжтой.

П.Хашчулуун зурган илэрцүүд“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Бараг л шинэчлэгдэх шахсан АН-ын Их хурлын тухай” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Я.Ариунболд зурган илэрцүүдХөдөлмөрийн гэрээгээр Чех явах гэж буй иргэд тус улсын Элчин сайдын яамнаас виз мэдүүлэх цаг авч чадахгүй байгаа гэнэ. Элчингийн ярилцлагад орох цагийг онлайнаар авах гэхээр олдохгүй байхад 650 еврогоор цаг товлож өгнө гэх зар байдаг ажээ. Энэ нь иргэдийн дунд сүлжээний бизнес болсон байна гэх хардлага төрүүлж байгаа юм байна . Уг асуудлаар Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Я.Ариунболдоос тодруулсан ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Улаанбаатар Төмөр зам зурган илэрцүүдУлаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ж.Батболдыг мөнгө угаасан гэх хэргээр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан саяхан цагдан хорьсон билээ. Түүнийг Автотээврийн үндэсний төвд хэрэгжүүлсэн тендерээс их хэмжээний мөнгө бусадтай бүлэглэн угааж албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж. Энэ хэргийн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг манай сонины баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай.

Хөгжим бүжгийн их сургуулийн морин хуурын багш, Монгол Улсын гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбаттай ярилцлаа. Тэрбээр “Норовбанзад багшийг шуранхайлахад тэнд байсан хөгжимчид бүгд босоод зогсчихсон” хэмээн дурсан ярьжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг “Өдрийн сонин”-ы арванхоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Улсын начин Ч.Ганзориг түрүүллээ

Улсын начин Чагнаадоржийн Ганзориг зурган илэрцүүдАрхангай аймгийн Хангай сумын уугуул Монгол Улсын даяан аварга Ц.Чимэд-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ш.Уланбаяр, Т.Баасанхүү, Н.Батзаяа нарын улс аймгийн алдар цолтой хүчит 224 барилдлаа.

Өнөөдрийн барилдааны их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар үлдэв. Улмаар Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин Чагнаадоржийн Ганзориг, улсын начин Л.Лха-Очирыг дунгуйлдах мэхээр долоо давж, ус нутаг, үзэгч олноо баясган түрүүллээ.

Бөхийн барилдаанд амжилттай сайн барилдсан бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Архангай аймгийн Хангай сумын Нутгийн зөвлөлийн дарга С.Эрдэнэ гардууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн төсвийн орлого 542.1 тэрбум байна

төсвийн орлого зурган илэрцүүд

Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг байхаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталжээ. Хэрвээ дүүргүүд төсвөө батлахдаа хотын төсөвт төвлөрүүлэх орлогыг зохих дүнгээр баталвал нийслэлийн нийт орлогын төсөв 656.2 тэрбум төгрөг байх юм. Харин хотын шуудын 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 601.5 тэрбум төгрөгөөр баталсан байна. Мөн нийслэлийн төсвөөс 2017 онд Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 89.4 төгрөгөөр баталсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Бичигт” боомтод шуурхай баг ажиллаж байна

“Бичигт” боомтод адууг зурган илэрцүүд

Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтод адууг тээвэрлэн хил гаргах, замдаа тамлан зовоож олноор нь хөнөөх явдал гарсан билээ. Тэгвэл тус аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор тус суманд ажиллаж байна. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.

Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч эхэлжээ. Мөн “Бичигт” боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Улсын даян аврага Ц.Чимэд-Очирын 100 жилийн ойн нэрэмжит барилдаан эхэллээ

Улсын даян аврага Ц.Чимэд-Очир зурган илэрцүүд

Монгол бөхийн түүхэнд Архангай аймгийн Хайрхан сумаас олон сайхан хүчит бөхчүүд төрөн гарсан байдаг. Тухайлбал, даян аварга Ц.Чимэд-Очир, улсын арслан Д.Лувсанжамц, Ц.Содов, улсын заан Б.Балдир, улсын начин Н.Дэндэв, Л.Банзрагч, Г.Халзан, Ж.Хөхөө, М.Даш, Б.Түвдэндорж зэрэг бөхчүүдийг дурьдаж болно. Ц.Чимэд-Очир даян аварга бол Ардын төрийн наадамд түрүүлсэн Архангай аймгаас төрсөн 3 дахь аварга юм. Ид барилдаж байх үедээ Дархан аварга Б.Түвдэндорж, аварга Ж.Цэвээнравдан, дархан аварга Ш.Батсуурь, улсын арслан Г.Цоодол, улсын арслан Ө.Чүлтэмсүрэн нартай хүч үзэж явсан. Ид барилдаж байхдаа 1 м 98 см өндөр, 100 орчим кг жинтэй байсан гэдэг. Тэрбээр,

Улсын наадамд:

  • 1943 онд 5 даваад Ж.Цэвээнравданд унасан
  • 1944 онд 512 бөхөөс 9 даваанд Б.Түвдэндорж аваргыг орхиж түрүү
  • 1945 онд 7 даваад Б.Түвдэндорж аваргад унасан
  • 1946 онд 1024 бөхөөс 9 даваад Б.Түвдэндорж аваргад унаж үзүүр
  • 1948 онд 6 даваад Г.Цоодолд унасан
  • 1950 онд 9 даваанд Ө.Чүлтэмсүрэн арсланг орхиж түрүү
  • 1951 онд 1024 бөхөөс 8 давж Б.Түвдэндорж аваргад унасан
  • 1952 онд 512 бөхөөс 9 даваад Б.Түвдэндорж аваргад унаж үзүүр
  • 1953 онд 7 даваад Б.Түвдэндорж аваргад унасан
  • 1957 онд 5 даваад Г.Дамдиндоржид унаса

Өнөөдрийн энэхүү барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдах гэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямсамбуу: Буддизмд далдын хүч гэж байдаггүй

XIV Далай ламын манай улсад хийсэн номын айлчлалын хүрээнд “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо болсон. Тус хурлын үеэр тавьсан илтгэлүүдийг манай сонин цувралаар нийтлэхээр боллоо. Энэ удаа “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуугийн “Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ” илтгэлийг хүргэж байна. Энэтхэгийн Гомон дацанд буддын гүн ухаанд суралцаж, Англид буддын судлалын чиглэлээр номын дуу сонсоод ирсэн Д.Нямсамбуу гавж Буддын гүн ухаан, сэтгэл судлал, ёс зүй, бясалгал, Монголын бурхны шашны түүх, өвөрмөц онцлогийг судалдаг юм.

Буддын ёс суртахууны сэдвийг сонгосон маань цаанаа учиртай. Ганц Монгол ч гэлтгүй дэлхий нийтэд үүсээд буй олон асуудлын суурь нь хувь хүний ёс суртахуунд оршиж байгаа нь булзах аргагүй үнэн. Монголд үүссэн их олон асуудлыг шийдэх гарц нь ёс суртахуунд л байна. 2010 оны судалгаагаар шашин шүтдэг монголчуудын 80 орчим хувь нь өөрсдийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон байдаг. Гэвч харамсалтай нэг өнцөг бий. Монголчууд ёс суртахуундаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ гэсэн асуултын хариу тийм өөдрөг гарахгүй болов уу. Монголд бурхны шашин дэлгэрч байсан үеүдээс энэ удаагийн дэлгэрэлт олон зүйлээрээ ялгаатай. XXI зууны монголчууд бурхны шашинг уламжлал учраас шүтье гэхээсээ илүүгээр буддизм надад, нийгэмд, Монголд ямар хэрэгтэй вэ, яагаад би бурханы шашинтай байх ёстой гэж гэсэн асуултыг тавих болсон. Яагаад шүтэх ёстой вэ гэдэг асуултад өгөх хамгийн том хариулт бол буддын ёс суртахуун. Буддист байснаараа, буддын сургаалыг дагаж мөрдсөнөөрөө хувь хүн болоод нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Харамсалтай нь бурхны шашинтан гэж өөрсдийгөө үздэг хүмүүсийн итгэл үнэмшил нь олонхи тохиолдолд аливаа нэг далдын хүчнээс юм гуйж, тэр хүчинд өргөл хандив өргөснөөр бүх муу муухай асуудал нь шийдэгдэнэ гэдэг бодлоос хэтрэхгүй байна. Ёс суртахууны хандлагаа эерэг болгох, илүү зөв байхын төлөө зүтгэж яваа нь ховордсон гэх гээд байна л даа.

Гэтэл бурхны сургасан сургаал номлолын зонхилох хэсэг нь буюу гол зорилго ерөөсөө л ёс суртахуунтай байх. Бурхан Будда одоогийн байгаагаасаа илүү зөв, ариун, ёс суртахуунтай орших боломж хүнд бий юу гэж асуугаад хариултыг нь номлосон байдаг. Шинжлэх ухаан болон бурхны шашны огтлолцох олон цэг, өрнийн философи болоод шинжлэх ухааны философи хоёрын давхцах цэгүүд дотроос маш прагматик үр дүнтэй, магадгүй өнөөдөр Монголд хамгийн их тулгамдаад байгаа нь буддын ёс суртахууны асуудлууд. Шашин шүтлэгтнүүдийн 80 орчим хувь нь бурхны шашинтан юм бол тэр итгэл үнэмшлээрээ дамжуулж, буддын ухааныг ойлгож ёс суртахууны өөрчлөлт, зөв байх оролдлогуудыг хийдэг болчихвол Монголд илт өөрчлөлт мэдрэгдэнэ.

Зөв байхсан гэж бодох, зөв байж чадах хоёрын хооронд том зай бий. Яагаад ёс суртахуунтай байх ёстой гэж, хэрхэн ёс суртахуунтай байж болох вэ гэсэн хоёр асуултад буддизм, хойд Энэтхэгийн Наландарын уламжлалт буддизм хэрхэн хариулсан талаар товч өгүүлье.

Өрнийн ёс суртахууны философид хоёр үзэл баримтлал бий. Нэг нь танин мэдэхүйн ёс суртахуун. Нөгөө нь үл танин мэдэхүйн ёс суртахуун. Зөв, ёс суртахуунтай байх ёстой гэсэн сургаал, итгэл үнэмшлийн цаана тодорхой нэг мэдлэг, тодорхой нэг бодит оршихуйн үнэн байх ёстой гэж үздэг нь танин мэдэхүйн ёс суртахуун. Харин зөв байх ёстой гэсэн үзэл, бусдад туслах гэх мэт ёс суртахууны тунхгууд сэтгэл хөдлөлөөс үл хэтрэх, цаана нь тодорхой гүн ухаан, үзэл баримтлал, мэдлэг байх албагүй, угаасаа нотлогдохгүй гэж үздэг нь үл танин мэдэхүйн ёс суртахуун. Учир шалтгаан мэдлэг байх ёстой гэж үздэг, тайлбарладаг дийлэнх урсгал нэг асуудалтай нүүр тулдаг. Тэдний хувьд ёс суртахуунтай амьдрах нь бодит байдалтай хэрхэн зохицох вэ гэдэг асуултад хариулахад нэлээд хүндрэлтэй байдаг. Ёс суртахуунтай байх шалтгааныг тэнгэрийн хууль, бүтээгч эзэн ч юм уу, тийм байхыг дэмждэг, тэгж амьдрахгүй бол шийтгэдэг хүчин зүйл байх ёстой гэж үздэг. Ийм шалтгаанууд гаргаж байж ёс суртахуунтай амьдрах нь зөв гэсэн бодол хүмүүст төрнө хэмээн тайлбарладаг.

Гэтэл буддын шашинд огт өөрөөр үздэг. Бодит байдал хийгээд ёс суртахуунтай байх ёстой гэсэн сургаал давхцах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, буддизм бол танин мэдэхүйн ёс суртахуун. Буддын шашинд зөв явдлыг дэмжиж, зөв байхыг зохицуулдаг далдын хүч, тэнгэр бурхан байдаггүй. Эндээс “Хажуугаас нь дэмжих, айлгах хүч үгүй бол хүмүүсийг яаж ёс суртахуунтай амьдруулах юм бэ” гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Ер нь тэгээд ёс суртахуун жам ёс, оршихуйтай хэрхэн нийцэх вэ, ёс суртахуунтай байхын ашиг гэж бий юү гэх мэт асуултад тайлбар өгөх хэрэг гарна.

Эдгээр асуултад тайлбар өгөхийн тулд Буддын гурван номноос ишлэл авъя. Хойд Энэтхэгийн агуу их эрдэмтэн, төв үзлийг үндэслэгч Нагаржунай “Ёс суртахуунтай байснаар амар амгалан үүснэ” хэмээсэн нь бий. Бурхны шашны үзэл баримтлалын дөрвөн тамга буюу “Чагжаши” гэдэг номонд “Шунал хүсэл зогсох нь маш тогтвортой, үнэн амар амгалан юм” гэсэн ишлэл байдаг. Шунал хүсэл зогсох гэдэг нь энгийнээр бол сөрөг эмоцио ялж чадвал гэсэн үг л дээ. Гурав дахь нь “Амгалангаас амгаланд одох тул ухамсартай мэдрэмжтэй хэн бээр түүнээс уйдах вэ” гэсэн ишлэл.

Ёс суртахуунтай байдал олон түвшиндээ аз жаргалтай холбогдох ёстой гэж буддизм үздэг. Ёс суртахуунд эхлэн суралцагчийн хувьд зөв байх нь ирээдүйд сайхныг авчирна гэж ухаардаг. Үүнийг буддизмд бидний сайн мэдэх кармагаар тайлбарладаг. Ёс суртахуунтай байдлыг дэмжих буддизмын маш тодорхой онол бол карма буюу үйлийн үрийн онол. Үйлийн үрийн онол бол шүтэн барилдлага гээд буддизмын том онолын нэгээхэн хэсэг нь. Энгийнээр хэлбэл, аливаа зүйл дангаараа бусдаас үл харгалзан орших боломжгүй гэдгийг шүтэн барилдлагын онол гээд байгаа юм. Ямар ч чадалтай хүн, улс төрийн хүчтэй нам, их гүрэн байлаа ч бусдад шүтэж, бусдаас харгалзаж оршдог. Үл харгалзан орших нөөц боломж ямар ч оршихуйд байхгүй гэж үздэг. Оршихуй гэдэг маань бусдаас хамаатай учраас оршихуйн суурь нь бусдын хамаарал гэж ойлгож болно. Жишээ нь Нямсамбуу гэдэг хүн бусдын хийсэн хоолыг идэж, бусдын барьсан байшинд амьдарч бусдаас харгалзаж оршдог. Тийм болохоор бусад гэдэг бол оршихуйн суурь. Тэгэхээр бусдад таагүй хандана гэдэг оршихуйн сууриа үгүйсгэж байгаагаас ялгаагүй. Нийгэм бол биенээсээ харгалзан үүссэн олонлог учраас зөвхөн би аз жаргалтай байна гэдэг бол явцуу ойлголт. Оршихуйгаа томоор харвал ганцхан та аз жаргалтай байх боломжгүй, бусдын хүчээр аз жаргалтай байхаас аргагүй гэж буддизм үздэг. Үйлийн үрийн онол ерөөсөө тийм шүү дээ. Миний үйлдэл бусдад хэрхэн тусахаас ирээдүйн аз жаргал, зовлон зүдгүүрийг маань шийднэ гэсэн энгийн тайлалтай. Эцэст нь базаад хэлбэл, ёс суртахуунтай байхыг буддизм хувь хүн, нийгэмд эерэг зөв үр дагаврыг авчирч чадна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл ямар ч далдын хүчний оролцоогүйгээр.

Бурхны шашинд ёс суртахуунаа олон түвшинд хөгжүүлэх учиртай гэж үздэг. Эхнийх нь үйлийн үрийг ухаарснаар муу үйлдлээ зогсоох зөв сайныг хичээх шат. Хоёр дахь нь гэгээрлийнх. Дунд төрөлхтний хүрэх шат. Энэ шатанд орчлон хорвоо, мөн чанарыг гүнзгий таньдаг. Тэр хэрээр орчлон хорвоогийн аз жаргалыг хэт үнэлэх, гадна талаас аз жаргалыг хайх нь ямар нэг байдлаар сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг ухаардаг. Тэгээд хүнд төрөхөөс байдаг дотоод амар амгаланг ухаардаг. Үүнийг нирвана буюу гэгээрэл гэдэг юм. Эхлээд ёс суртахуунтай амьдарвал үйлийн үрийн хуулиараа аз жаргалтай болно гэж бодож байсан хүн хоёрдугаар түвшиндээ хүрэнгүүт “Ёс суртахуунтай байх чинь амар тайвныг өгдөг юм байна” гэж ухаардаг. Гуравдугаар түвшинд хүрэхээрээ бүр өөр. VIII зууны үед амьдарч байсан Шантидива гэгээний “Бодисадын явдалд орохуй” гэдэг номны шамдал зүтгэлийн бүлэгт муу үйлдлийг үйлдэхгүй орших, муу сэтгэлийг тэвчих, шуналгүй амар тайван амьдрах нь хангалттай бус гэсэн байдаг. Гуравдугаар түвшиндээ хүрэхээр бусдад туслах сэдэл төрдөг хэмээсэн нь бий. Бусдад тусална гэдэг бол ёс суртахууны илүү өндөр түвшинд гарч ирж байна гэсэн үг.

Бусдад туслах нь миний үүрэг гээд амьдрахаар залхмаар хэцүү биш үү гэсэн асуулт гарах нь гарцаагүй. Шалтгааныг нь буддизмд “Амгалангаас амгаланд одох тул” хэмээн тайлбарласан байдаг. Бусдад туслахын хэрээр аз жаргал, сэтгэл ханамж, цэнгэл өссөөр байдаг гэсэн үг л дээ. Тиймээс бурхны номонд дурдсанчлан бусдад туслахаас ёстой хэн уйдах вэ. Зөв, сайн үйлдэл хожим аз жаргалыг авчирна гэж эхэлснээ дараагийн шатандаа амар тайван амьдралыг өгнө гэдгийг хэлж, эцэст нь бусдад туслах нь аз жаргал, сэтгэл тайван байдлыг шууд үүсгэж чадна гэж байгаа нь буддын шашны маш сонирхолтой өнцөг. Тэгэхээр буддын шашны ёс суртахуун өрнийн ёс суртахууны зүйлчлэл ангиллаас том ялгаатай болчихож байгаа юм. Ёс суртахуунтай байхыг далдын хүчинтэй холболгүйгээр бодит оршихуйн мөн чанартай холбож, зүй тогтлынх нь үүднээс тайлбарлаж чаддаг нь буддизмын онцлог.

Ёс суртахууныг тийм ийм гэж тодорхойлоод хэрэглээний түвшиндээ заалт, мөрдлөгүүд гаргаж ирлээ гэж бодъё. Жишээ нь, бурхны шашинд арван хар нүгэл гэж жагсаагаад хийж болохгүй гэдэг. Тэгж болохгүй гэнгүүт шууд дагах нь ховор. Ёс суртахуун яагаад байх ёстой вэ гэдэг дээр буддизмын шүтэн барилдлагын онол түлхүү хариулт өгч байсан бол энэ удаа буддизмын сэтгэл судлал талаас бясалгал гэдэг ойлголт гол хариулт болж ирдэг. Хэрхэн ёс суртахуунаа хөгжүүлэх, зөв сайн байх вэ гэдгийн гол хариулт нь бясалгал. Монголд олон төрлийн бясалгал орж ирсэн. Гэхдээ зарим тохиолдолд бясалгалыг ид шидийн мэтээр төсөөлөөд байна. Бясалгал хийхээр нисдэг, далдыг хардаг гэх мэтээр тайлбарлах нь элбэг болж. Яг үнэндээ буддизмд бясалгалыг ёс суртахуунтай, амар амгалан амьдрахад сэтгэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Ийм зорилгын төлөө бясалгал хийдэг. Булчинтай болохын тулд тэнгэр бурханд мөргөөд тусгүй, тодорхой дасгалыг олон дахин хийж дадвал булчин муутай үлбэгэр сулбагар нэгэн ч булчинтай болно. Яг тэрэн шиг буддизм ёс суртахуун гэж үүнийг хэлнэ гэж загвар гаргаад, ёс суртахуунтай байх бодитой санал, арга дэвшүүлсэн нь бясалгал. Буддизм сэтгэлийг хувьсан өөрчлөгддөг гэдгийг олж харсан. Бусдыг хүндлэхийг, уурыг захирахыг, сэтгэл төвлөрлийг, энэрэл нигүүлслийг давтан давтан хийхийн хэрээр алгуурдаа сэтгэлд өөрчлөлт ордгийг нотолсон. Аливаа зүйлийг олон удаа хийхийн хэрээр илүү хялбар болдог, мэргэшдэг, улмаар автдаг хандлага байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Биата Транкман: Тогтвортой хөгжлийн зорилтууд Монгол дахь НҮБ-ын ажлын цөм байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкмантай ярилцлаа.


-Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элссэний 55 жил ой тохиолоо. Өнгөрсөн хугацаанд хэрхэн хамтран ажиллаж ирсэн талаар яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө танай сонинд ярилцлага өгөх завшаан олгосонд талархъя. НҮБ байгуулагдсаны 71 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 55 жилийн ойг энэ онд тэмдэглэлээ. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсны нэг жилийн ой болж байна. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн орон болсноос хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. Одоогийн байдлаар хүний эрх, ардчилсан засаглал, эрүүл мэнд, боловсрол, нийгэм эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, хүүхэд эмэгтэйчүүд гээд НҮБ-ын 11 төрөлжсөн байгууллага нийгмийн сайн сайхны төлөө олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Монгол Улсын НҮБ-ын үйл ажиллагаанд оруулж байгаа хувь нэмэр асар их. Онцолж хэлбэл, энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон оронд Монголын энхийг сахиулагчдыг илгээж, энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр Суданы Дарфур, Конго, Баруун Сахар зэрэг оронд 950 гаруй монгол цэрэг энхийг сахиулж байгаа нь бахархууштай.

НҮБ-ын хувьд Монголд 1960-аад оноос хойш идэвхтэй ажиллаж ирсэн, хөгжлийн тусламжийн чиглэлээр нийтдээ 420 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Олон улсын байгууллагуудын сүлжээ, мэдлэг туршлага, зөвлөгөө тусламжийг хүртээмжтэй болгоход НҮБ томоохон хувь нэмэр оруулсан. Зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгэм байгуулж шинэ бүтцийг бий болгож, хөгжлийн сорилтуудыг даван туулах явцад нягт түншлэн ажиллаж ирлээ. Түүнчлэн Монгол бүс нутагтаа ардчиллын хөтөч бамбар болж, бусад улс оронд үлгэр дуурайлал болж байгаа. Танай улс бол НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн идэвхтэй гишүүн, далайд гарцгүй орнуудын эрх ашгийн асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлэн манлайлдаг. Өнгөрсөн жил гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Монгол Улстай бидний хөгжүүлсэн сайн харилцаа, түншлэл хамгийн чухал үнэт зүйл юм. НҮБ-ын гүйцэтгэж ирсэн үүрэг, амжилтын түүх бол юуны өмнө Монгол орны амжилтын түүх. Цаашдаа ч олон жил амжилттай хамтран ажиллах нь дамжиггүй.

Монгол дахь НҮБ-ын байгууллагуудын гол зорилго нь Монгол Улсыг хөгжлийнхөө үр шимийг нийт ард иргэддээ тэгш хүртээж, ирээдүйн хойч үедээ байгалийн баялгаа хадгалж үлдээж чадахуйц эдийн засгийн өсөлтийг бий болгоход нь тусалж, дэмжин ажиллах явдал. Үүний тулд бид бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж, өөрсдийгөө ч өөрчлөн, хөгжлийн бодлого боловсруулах түвшинд цаг алдалгүй, оновчтой шийдэл гаргахад зөвлөж, хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд итгэмжлэгдсэн түнш байхын төлөө зорьж байгаа.

-Одоогоос нэг жилийн өмнө Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассемблей дэлхий дахинд 2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Үүнд манай улс ямар үүрэгтэй байх вэ?

-Дэлхийн 193 улс орны удирдагчид ирэх 15 жилд ядуурлыг бүр мөсөн устгах хөгжлийн хөтөлбөрийг олон түвшинд хэлэлцэж зөвлөлдсөний эцэст баталсан. Энэ бол хэнийг ч орхигдуулалгүй ядуурлаас ангижирч, хөгжлийн үр шимийг бүгдэд хүртээх, түүнчлэн дэлхийгээ хайрлан, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, тэгш бус байдлыг багасгах, энх амгалан, хүн бүр ажилтай, тэгш эрхтэй сайн сайхан амьдрах боломжоор хангах, илүү тогтвортой нийгмийг цогцлоохын төлөө дэлхий дахины уриалга юм. Түүхэндээ анх удаа дэлхийг уур амьсгалын өөрчлөлтөөс аварч, экосистемийг хадгалахын төлөө дорвитой алхам хийхэд нэгдэн, хүн төрөлхтөн болон ирээдүй үедээ зориулж алсыг харсан нэн чухал түүхэн шийдвэр болсон.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улс хамгийн түрүүнд хүлээн авч идэвхтэй оролцож байгаа орнуудыг манлайлж байгаа. Урт хугацааны хөгжлийн чиг, баримжаагаа тодорхойлж, энэ онд УИХ-аар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталлаа. Түүнээс гадна холбогдох зорилтуудын хүрээнд шинэ Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө хөтөлбөрт уялдуулан ажиллаж байгаа. Тогтвортой хөгжлийн зорилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний жилүүд шийдвэрлэх ач холбогдолтой. Ялангуяа хөрөнгө, нөөц бололцоог нэн түрүүн нийгмийн салбарт чиглүүлэх, өмнөх Мянганы Хөгжлийн Зорилтуудын хугацаанд хүрсэн амжилтыг баталгаажуулж, улам ахиулах нь эдийн засгийн бэрхшээлтэй энэ үед нэн чухал.

Монгол Улс МХЗ-ын хүрээнд хагас сая хүнийг ядуурлаас гаргасан. Эх, нярайн болон таваас доош насны хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж чадсан цөөхөн орны нэг. Гэвч хүн амын хувьд 1998 онд ядуурлын түвшин 38,7 хувьтай байсан бол 2014 онд 21,6 хувь болж буурсан. Гэхдээ одоо таван хүн тутмын нэг нь ядуугаас доод түвшинд амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Хүмүүст чанартай боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээг хүртээмжтэй болгож, баталгаатай, зохистой үнэлэмжтэй ажил эрхлэх боломж, хот хөдөөгийн ялгаа, эдийн засгийн үр шимийн хүртээмж хангалтгүй байдал хэвээр байна. Ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулах, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах шаардлага бий. Өнөөдөр Монголын эдийн засаг, нийгэм, улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байсаар байна. Энэ жил болж өнгөрсөн Улсын Их Хурлын сонгуульд Монголын эмэгтэй парламентчдын тоо 14.5 хувь байснаас 17.1 хувь болж нэмэгдсэн. Монголын эмэгтэй улс төрчдийн тоо Ази, Номхон далайн бүсийн дундаж болох 22.9 хувь, дэлхийн дундаж 18.8 хувь руу дөхөж очсон нь дэвшилттэй үзүүлэлт болсон. Тогтвортой хөгжлийн зорилт нь илүү хүртээмжтэй, оролцоог хангасан нийгмийг бүтээх зорилготой.

-Хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар та юу гэж зөвлөмөөр байна?

-Улс орон бүр нийтээрээ хөгжин дэвшихийн тулд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх нь та биднээс хамаарна. Тэгш оролцоотой түншлэл бол хэрэгжүүлэх гол арга зам. Тал бүрийн оролцоо тухайлбал төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн санаачилга нь гол түлхүүр байх ёстой. Зөвхөн улсын төсөв болон хөгжлийн туслалцааны санхүүжилт төдийгүй хувийн хэвшлийн үйл ажиллагаанд нэгдсэн бодлогын арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг тогтвортой бодлогын орчноор дэмжиж өгөх явдал юм. Монгол Улсын хувьд хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бий болгох, байгаль орчинд ээлтэй технологи, эрчим хүч, бохирдлыг бууруулах чиглэлд хувийн хэвшил хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй гэсэн үг.

Хүн бүрийн хийж чадах, өөрсдөөсөө эхлэх зүйлс их бий. Хөгжлийг шинэ арга хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Хувь хүмүүс эрсдэлтэй зан үйлээ өөрчлөх, бизнес, ажил хэргээ өөрөөр явуулах, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягаа өөрчлөх шаардлагатай болж байна. Хүн бүр хог хаягдлаа багасгах, хоол хүнсний зүйл хаяхгүй байх, ажилдаа явахдаа машин унах биш нийтийн тээврээр зорчдог байх зэрэг алхам байж болно. Энэ үйл явцад бүх хүн оролцох шаардлагатай болоод байна л даа. Харин Засгийн газар энэ бүхнийг хэрэгжүүлэх үндэс суурийг нь бэлдэж, хүн бүр хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлж өгөх ёстой юм.

Иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн хувь нэмэр чухал ач холбогдолтой. Алслагдсан орон нутаг, эмзэг бүлгийн хүн амд хүрч, тэдний дуу хоолой, саналыг бодлогод тусгахын зэрэгцээ мэдлэг, мэдээллийг иргэдэд хүргэх гүүр болж манлайлах үүрэгтэй. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь Монгол дахь НҮБ-ын ажлын гол цөм нь байх болно.

-Энэ жил Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх НҮБ-ын “Хөгжлийн тусламжийн хүрээ”-нд гарын үсэг зурсан. Ирэх таван жилд НҮБ Монгол улсыг хэрхэн дэмжиж ажиллах вэ?

-Тийм ээ. Монгол Улсын НҮБ-ын хамтын ажиллагаанд шинэ үе шат эхэлж байна. “2017-2021 онд НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан зорилтуудыг хангах, хэрэгжүүлэх арга зам болон хэрэгжүүлэх явц, хяналт, тогтолцоог тодотгож дэмжих зорилготой юм. Үндсэн чиглэлийн хувьд байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежмэнтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, олон нийтийн саналыг тусгах, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлийг баримтална. Нийтдээ Монгол Улсад 79 сая ам.долларын хөгжлийн санхүүжилтийн үзүүлнэ. Ядуу болон эмзэг хүн ам, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үр дагаврыг бууруулах чадварыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой.Нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоо, ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээнд тэгш, шударга хамрагдах нь ТХЗ болон “хэнийг ч орхигдуулахгүй” байх дэлхий дахинызорилтуудыг хэрэгжүүлэхэд гол хүчин зүйл хэмээн НҮБ үздэг.

Эдгээр ажлыг явуулахад цогц хамтын ажиллагаа, их хүчин чармайлт шаардагдах учир бидэнд НҮБ-д хөгжлийн олон салбар, нийгмийн хүрээнд хамтран ажиллах, өөрөөр бодох, ажиллах шаардлага тулгарч байна. Монгол өөрөө амжилтын түүх гэж би түрүүн хэлсэн. Танай улс одоо дунд орлоготой орнуудын эгнээнд дэвшин орлоо. НҮБ-ын хувьд энэ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд ажлыг өмнөхөөс өөрөөр явуулах цаг ирсний дохио юм. Одоо шууд үйлчилгээг дэмжих зэрэгт зөвхөн бид үйл ажиллагаагаа чиглүүлэхгүй, энэ чиглэлд Засгийн газар үүргээ гүйцэтгэх бүрэн чадавхитай. Үүний тулд бид Засгийн газар, бусад бүх түншлэгчээ Монгол орны өмнө тулгарч байгаа энэ төрлийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тогтвортой, тэгш хөгжлийг хангахад шаардлагатай мэргэжил арга зүйн дэмжлэг, бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах чигийг барьж ажиллаж байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд Монгол Улс ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна вэ?

-Газар зүйн онцлог, байршил, далайгаас хол эх газрын орон, экологийн хувьд хэврэг тогтолцоотой Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн эмзэг орон юм. 2014 оны Дэлхийн уур амьсгалын эрсдэлийн индексийн эрэмбээр Монгол Улс 100 гаруй улсаас наймд орж байна. Сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж хэм цельсийн хоёр хэмээс өссөн байгаа нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн дулааралтын улмаас мөнх цаст өндөр уулын мөсөн голын гуравны нэг нь хайлж ширгэж байгаа судалгаа бий. Цаашлаад экологийн тогтолцоонд дарамт учирч, бэлчээр, ой болон усны нөөцийн доройтолд хүргэж байгаа. Үүнээс хамгаалахын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм. Уур амьсгалын дулааралт, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны доройтол цаашид энэ хурдаар үргэлжилбэл улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын эрүүл мэнд, амьжиргаанд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал улам бүр нэмэгдэх болно. Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын 77 хувийг эзэлж байгаа 100 гаруй улс орон Парисын гэрээг соёрхон баталсан. Cаяхан Мароккогийн нийслэл Маракешт Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Олон улсын дээд хэмжээний хурал амжилттай болж Монгол зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын хувьд шинэ итгэл найдвар төрүүлсэн үйл явдал боллоо. Дэлхийн 50 улс 2030-2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүч рүү 100 хувь шилжинэ хэмээн мэдэгдэл хийлээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн нөхцөлөөс ихээхэн хамааралтай малчид, тариаланчид, ард иргэдийн ажил, амьжиргаанд сөрөг үр дагавар үзүүлэх тул юуны өмнө уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, нөлөөллийг бууруулах тал дээр нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх гэх мэт арга хэмжээг авах боломжтой. Мөн орон сууцанд дулааны алдагдлыг багасгах арга хэмжээг авч болно. Эдгээр асуудал дээр НҮБ-ын зүгээс анхаарал хандуулах ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Харин уур амьсгалын нөлөөнд дасан зохицох ажиллагааг идэвхжүүлэх нь ялангуяа хөдөө орон нутагт малчид, тариаланчдын амьжиргааг хэрхэн тогтвортой сайжруулах тал дээр ялангуяа усны хомсдолын эрсдэлтэй үед усны хэрэглээг хэрхэн зохистой болгох тал дээр дэмжиж ажиллаж байна.

Цаашид Монгол Улс нь эдийн засгийн өсөлтөө сэргээх, уул уурхай болон ХАА-гаас хамааралтай байдлаас ангижран эдийн засгаа төрөлжүүлэх, өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг улам хүртээмжтэй,байгаль орчинд ээлтэй, тогтвортой болгох зэрэг сорилтууд тулгарч байна. Түүнээс гадна орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг гаргахад байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицох арга хэмжээ, гамшгийн үеийн эрсдэлийг хэрхэн даван туулах вэ зэрэг асуудлыг тооцож ажиллахыг тусгадаг байх нь зүйтэй. НҮБ ч энэ чиглэлд дэмжиж ажиллана.

Categories
мэдээ цаг-үе

“Оюу толгой” төслийн тухайд хоёр үг хэлье

Өдрийн сонины “Хэлэл эрхийн индэр” буланд орсон иргэн Д.Мишигбазар

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюу толгой манай улсын жилийн төсөвтэй тэнцэх борлуулалт хийдэг мөртлөө ердөө зургаан хувийн татвар төлдөг тухай ярьсан. Үнэхээр тийм бол яагаад ийм бага ашиг авч байгаа юм. Оюу толгойн борлуулалт, ашиг орлого, татварын мэдээллийг нээлттэй, ил тод болгомоор байна. Хоёрдугаарт, ашиг орлогоо гаднын банкинд байршуулдаг гэж сонссон. Үүнийг засмаар байна. Монгол Улсад, манай банкинд байршуулбал бидэнд ашигтай, үүнийг шийдэх хэрэгтэй.

Гуравдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ Оюу толгойд нэмэлт роялти тавина гэж хэлсэн. Энэ асуудлаа зангарагтай авч үзэх хэрэгтэй юм. Оюу толгойн гэрээг сайжруулах эрх Засгийн газарт бий гэж ярьдаг юм билээ. Үнэхээр тийм юм бол Оюу толгойн гэрээг засаж сайжруулахыг хүлээж байна. Төсөв алдагдалтай, өр ширтэй байна. Үүнээс гарах хамгийн зөв арга бол зээлийг зээлээр түр зуур хаах биш өөрийн эдийн засгаа эрүүлжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Оюу толгой төслөө ашигтай ажиллуулах хэрэгтэй байна. Яагаад үүнийг яриад байна гэвэл Оюу толгой төслийг ашигтай болгож чадвал олон компани дагаад сайжирна. Энэ талаар яг гүнд нь ороод сайн ярих, ярихаар барахгүй тэмцэх улстөрч байхгүй байгаа л даа. Энэ л харамсалтай. Харин үүнийг далимдуулаад хэлчихэд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар зүгээр нэг шүүмжлээд суумааргүй байна.

Ард түмэн чинь элгээрээ хэвтээд, улс орон чинь өрөнд баригдаад дууслаа. Зарим хүмүүс Оюу толгой хамгийн их татвар төлж байгаа гэж ярьдаг юм. Асуудлын гол нь Оюу толгойгоос ашгаа шударгаар авах тухай болохоос биш өнөөдөр хамгийн их татвар төлөгч гэж яриад, хууртаад байж боломгүй байна. Оюу толгойгоос татвараа үнэн зөв тооцож авч чадвал манай улсын төсвийн орлого маш ихээр нэмэгдэнэ. Төсөв алдагдалгүй болно, өр зээлгүй болоход их түлхэц болно. Нэг хүнд ноогдох ДНБ нэмэгдэнэ. Цалин тэтгэврээ нэмэх боломж гарна. Товчхондоо хэлэхэд, ард түмний амьдрал сайжирна, ажилтай орлоготой болно. Ийм л юм байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Наташка

Далан хэдэн онд намайг Дорноговь аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтэст ажиллаж байхад гэнэт нэг өдөр Монголын зохиолчдын хорооны дарга Дожоогийн Цэдэв дуудуулав.

Эрхүү хотод очиж дэлхийн байгаль хамгаалах хөдөлгөөний тэргүүн зохиолч Валентин Распутинтэй уулзаж, Монголын Хөвсгөл, Оросын Байгаль, Японы Сайко, Киргизийн Иссакуль нууруудын тухай газар дээр нь очиж уран сайхны нийтлэл, эссээ, асуудал дэвшүүлсэн өлгөц өгүүлэл бичих учиртай юм байх. Манай багт утга зохиол судлаач, шүүмжлэгч Цэвэгжавын Хасбаатар, нэрт яруу найрагч Нямбуугийн Нямдорж, мөн Улсын хэвлэл утга зохиол хянах газрын ажилтан зохиолч, сэтгүүлч Т.Рэнчин нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс томилогдсон байлаа. Аян замд гарахын урьд өдөр Цэдэв дарга биднийг хүлээн аваад:

-Нямдорж Эрдэнэтэд ажилгүй тэнээд хэл ам татлаад болдоггүй, Дорноговьд Догмид архи дарстай холбогдон чих халууцуулаад бас болдоггүй…. Тийм учраас энэ хоёр хүнийг би зориуд сонгон авч бяцхан сэтгэл засал хийж, малгайн утааг нь сэргээж, юу хийж чаддагийг нь үзэхээр зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Хасбаатараар даргалуулан, Нийгмийг аюулаас хамгаалах яамны бэлтгэл хурандаа, Хэвлэл утга зохиол хянах газрын төлөөлөгч нөхөр Рэнчингээр хамгаалуулан ийнхүү явуулж байгааг маань зөв ойлгоорой. Гадаадад очоод та нар архи дарс ууж, алиа марзан юм ярьж улс төрийн алдаа гаргаж, хэл аманд өртөж болохгүйг онцгойлон анхааруулж байна. ЗХУ-д очоод Монголын их утга зохиолын нэр хүндийг шалан дээр унагачихааргүй олны өмнө унших шүлэг, зохиолоо орчуулаад аваад яваарай гэлээ. Маргааш вагонд суух гэж байдаг. Гэтэл бэлэн орчуулсан байтугай орчуулаагүй ч ганц шүлэг байдаггүй. Тэгээд зохиолч Ж.Лхагватай уулзаж учир зовлонгоо хэлбэл тэрбээр “Миний нэг богино өгүүллэг бий. Түүнийг чи аваад явахгүй юу. Би аль эрт орос хэл рүү орчуулаад сонин сэтгүүлд өгч амжилгүй мартчихсан байна лээ” гэх нь тэр.

-Бид Эрхүүд очиж тэндхийн зохиолчид, В.Распутинтэй уулзаад автобус, хөнгөн тэрэг хөлөглөн Байгаль нуурын хөвөөгөөр хэдэн өдөр зугаалж нутгийн хүмүүстэй танилцан газар шороо, ижий болсон эх далайх нь хувь заяа, ирээдүйн тухай ярилцав. Сүүлийн жилүүдэд нуурын эргэн тойронд байгаа химийн үйлдвэрүүдийн хог хаягдлаас болж далайн ус ихээр бохирдож байгаад хүмүүсийн сэтгэл их зовж байгааг олж мэдэв. Цэвэр цэнгэгээрээ дэлхийд гайхуулдаг энэ нуурт олон төрлийн нян, урьд өмнө үзэгдээгүй хорхой шавьж, замаг залхаг үрждэг болсоор цөөнгүй жилийн нүүр үзжээ. Зүүнбаянгийн усан бассейнд өндөр тавцан дээрээс өдөрт хэдэн арав үсрэн сэлж өссөн надад Байгаль далай гэгч чухамдаа нэгэн насаараа шумбасан ч уйдамгүй диваажингийн орон байлаа. Ус, булаг ховор говийн хүн хэрнээ хэдийдээ ийм сүрхий усчин болчихдог байнаа гэж Хасбаатар гуай намайг гайхна. “Хүний газрын усны ааш араншин их өөр шүү. Чи энэ нуурын хөвөөгөөр байгаа оршуулгын олон хөшөө бунхнуудыг хараа л биз дээ. Тэр талийгаачдыг усанд сэлж чаддаггүйдээ живж үхсэн гэж чи бодож байвал үгүй шүү. Ус гэдэг барьцгүй зүйл шүү” гэж Нямдорж гуай намайг сургана. Дэлхийн хамгийн алдартай долоон театрт сонгодог жүжгүүдээ тоглуулсан Буриадын агуу их зохиолч Алексей Вампилов орчлонд ховорхон сайн усчин байсан боловч нуурын гүнд завиных нь мотор унтарч, хориод километр сэлээд мөнөөхөн нуурт живж өөд болсон юм. Энэ Байгаль далайхан чинь авьяастай алдартай хүнийг авчихдаг, таалчихдаг ус шүү гэж үглэнэ. Лениний болон төрийн шагналт СССР-ийн Дээд зөвлөлийн депутат Валентиний Распутинг нутагтаа айлчлан ирсэн гэж сураг сонссон хөдөө тосгоны нэгэн баян хүн өөрийнхөө эдлэн газарт нэгэн үдэш биднийг хамтад нь урьж, цайлж дайллаа. Гадаа цэцэрлэгт тавьсан орос маягийн урт урт бандан ширээг хотойтол чихэр жимс, архи дарс, таван тансаг амттан өрж бүхлээр нь шарсан хонь, гахайны гулууз мах тавьжээ. Цэцэрлэгийн доторх моддын гишүү мөчир цэцэг навчаа дааж ядан толгой дээр намиатах бөгөөд чийдэнгийн гэрэлд олон янзын улаан, ногоон жимс амьтны нүд шиг гэрэлтэн, ширээн дээр ганц хоёроороо унана. Тэнд тосгоны ихэс, дээдэс нэр хүндтэй ахмадууд, алдартай хүмүүс цугларсан бөгөөд хүндэт зочдын ширээнд тосгоны ахлагч, гэрийн эзэд, В.Распутин тэргүүтэй бидний арав гаруй хүмүүс суужээ. Үдэшлэг хөтлөгч микрофон авч, “Зөвлөлт гүрний төдийгүй манай гаригийн бахархал болсон агуу их зохиолч В.Распутин энэ зах хязгаар нутгийн тосгонд маань айлчлан ирсэнд зориулсан баярын цэнгүүнийг нээснийг мэдэгдье” гэж хэлэхэд хүмүүс ура хашгиран босч алга нижигнүүлэн ташлаа. Ирсэн зочдыг олон түмэнд танилцуулсны дараа В.Распутин босч эх болсон газар шороо, эх орон, байгаль дэлхийгээ хэрхэн хайрлаж хамгаалах тухай товч үг хэлж амжилт хүсэн хундага өргөсний дараа тосгоны уран сайханчид концерт тоглож Частушка бүжиглэлээ. Олон арван жил дарсан оргилуун дарс буудуулан мөнгөөр доторлосон том том эвэр хундагануудаар архи, вино ууцгаасан хүмүүс удалгүй халцгааж биеэ барихын хүлээс алдрахын цагт найр хавтгайран дуу хуур үргэлжлэв. Оросын үндэсний түргэн бүжиг хийн шал тачигнуулан товших хүүхнүүдийн хормой шүхэрлэн эрээлжлэн, алаглан эргэлдэв. Танц мэдэхгүй намайг орос хүүхнүүд бүжигт урьж, нүдний булай болох вий гэхээс яс хавталзан стол доогуур орох нь холгүй сууж байтал Распутин гуай босч:

-Бидэнтэй хамт танай тосгонд Монголын нэг авьяаслаг зохиолч ирснийг баяртай мэдэгдье. Одоо энэ хүний бүтээлээс та бүхэнд сонордуулахыг хүсч байна гэв.

Би арга буюу босч хүмүүст баяр хүргэн мэндчилээд “Би Монголд төмөр зам тавьж, нефтийн үйлдвэр, олон арван уурхай, хиймэл нуур байгуулсан оросуудын буянаар ойр зуурын хэдэн орос үгтэй болж, хар багаасаа усанд сэлж сурсан хүн гэж монголоор хэлснийг Хасбаатар гуай засч залруулан, нэмж чимэн орчууллаа. Тэгээд олон хоног халаасандаа хадгалан эвхээс нугалаасаараа тасрахаа дөхсөн Лхагваагийн өгүүллэгийг гаргаж үдэшлэг хөтлөгч залууд өгч микрофоноор уншууллаа. Тэр богино өгүүллэгт дайны дараахь жил Оросын хөдөө нутгийн нэг тосгонд хэдэн архичин “Иван”-ууд өглөө эрт гоожуурын пивоны мухлагт оочирлон зогсч байгаагаар эхэлдэг. Гэтэл өрөөсөн хөлтэй, хоёр суга таягтай, Алдарын гурван одонтой ахмад дайчин ирж дарааллын урдуур орж таягтай гартаа барьсан шилэн грушикээр пиво авна. Энэ үед оочирын дунд хэрд зогсож байсан сахал нь ч ургаж амжаагүй нэгэн залуу мөнөөх ахмад дайчинд хандан:

-Чи ганцаараа дайнд яваад ирсэн юм шиг юугаараа гайхуулаад оочирлохгүй урдуур дайраад байгаа юм бэ гэж халамцуухан хоолойгоор хашгирна. Хариуд нь:

-Муу гөлөг минь чи миний өөдөөс хуцах болоогүй шүү. Би чам шиг жулдрайнуудыг хамгаалж яваад Германы фронт дээр өрөөсөн хөлөө орхисон юм шүү . “Барс”, “Ирвэс” гэж ямаршуу аймшгийн танк байсныг чи мэдэх үү. Би тийм машинаар өрөөсөн хөлөө сольсон хүн. Олон юм солиороод байвал би чамайг генерал Жуковын дурсгасан гар буугаар нохой шиг буудаж ална гэж мэдээрэй хэмээн хэлээд цаашаа эргэн алхахад нь хоёр суга таяг нь шороо чулуунд бүдчин, алдрын гурван одон нь санжганан, аягатай пиво нь цалгин цалгин асгарч байлаа гэж Лхагвын энэ өгүүллэг төгсдөг. Хөтлөгч залуугийн амнаас гарах үг, өгүүлбэр бүхнийг хүмүүс амьсгал даран чагнаж байснаа өгүүллэг төгсөхөд “Молодец” хэмээн хашгиралдан алга ташин, шүгэлдэн баяр хүргэж байлаа.

Гэтэл эх орны дайны үеийн Черкес мундир өмсч, мөнгөн загалмай, чинжаал хутга зүүсэн алтан мөрдэстэй өвгөн генерал босч ирээд сэтгэл нь хөдөлсөндөө хөтлөгч хархүүгийн гараас микрофоныг шүүрэн авч:

-Юуны өмнө Эх орны болон иргэний дайны баатруудын залуу нас алдар гавьяаг мөнхжүүлэн, магтан дуулсан сайхан новель бичсэн Монголын энэ авьяаслаг залуу зохиолчид баяр хүргэе. Яг үнэндээ М.Шолохов, В.Распутин хоёр ч ийм гайхамшигтай өгүүллэг төдийлөн олныг бичээгүй байх. Тийм учраас би энэ залууг манай тосгоны нэрийн хуудас, нүүр царай, бахархал болсон үзэсгэлэнт охин Наташкатай танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Шүлэг зохиол бичих авьяас, мэдрэмж гэдэг бол дотоод сэтгэлийн гоо сайхан юм. Иймээс Орос, Монголын энэ хоёр сайхан залуусыг энэ хорвоо дээр зөрөг замаар зөрүүлчихгүй бие биенээ олоход нь би туслах үүрэгтэй бус уу.

Алив! Наташка наашаа гараад ир гэж ерэн насны босгыг аль эрт алхсан болов уу гэмээр мөнөөх нь цагаан сахалтай, цагаан толгойтой генерал дуудлаа. Эх орны дайны алдрын одонгууд хаант засгийн үеийн алтан, мөнгөн загалмай энгэртээ гялалзуулсан генералын үг тэр тосгоныхонд хууль ажээ. Орос үндэсний цэцгэн хээтэй цагаан даашинз өмсч, эрээн алчуур мөрөн дээрээ сул хаясан “Дөлгөөн дон” киноны Аксиньягаас дутуугүй царайлаг охин бяцхан ичингүйрсэн янзтай гарч ирээд надад гараа өгөхөд Хасбаатар гуай миний араас түлхэн айж ичих юмгүй очоод гарыг нь үнсээч хэмээн хэллээ. Хагас өндөр өсгийтэй шөвгөр ботинк, хар костюм, цардмал захтай цагаан цамц өмсч, үсээ тослон самнасан бивээр Наташкаг хөтлөн бүжгийн тавцан дээр гараад

Я помню чудное мгновение

Передо мной явилась ты

Как мимолетное виденье

Как гений чистой красоты

Цэвэр үзэсгэлэнгийн гайхамшиг гэмээр

Цэрвүү насны зүүд ч гэмээр

Анх чамайг олж харсан

Алтанхан хормыг мартахгүй

гэж Пушкины бичсэн алдарт мөрийг оросоор чадан ядан уншвал мөнөөх генерал горько, горько гэж хашгирав. Хүмүүс түүнийг түрэн бүдүүн, нарийн хоолойгоор эр, эмгүй гашуун байна, гашуун байна хэмээн хоолойгоо шахан орилолдлоо. Наташка бид хоёр олны хүсэлт, шахалтаар ичингүйрэн их л эв хавгүйхан үнсэлдлээ. Генерал, бид хоёрын ирээдүй, сайн сайхны төлөө хундага өргөж:

-Сайхан өгүүллэг бичсэнийх нь төлөө шагнал болгож би Наташкаг энэ монгол залууд өгөхөд бэлэн байна. Ийм авьяастай хүн Наташкаг яавчиг гомдоохгүй гэдэгт би итгэж байна. Москвагийн муусайн, цагаан гартай, цагаан захтай юмнууд Наташкаг сургуульд оруулна. Кинонд тоглуулна гэж авч явахаар хэд хэдэн удаа надаас гуйсан юм. Би тэднийг мэднээ. Царайлаг, хөөрхөн охид бүсгүйчүүлийг уруу доош татаж амьдралыг нь үрдэг хүмүүс. Би амьд байхдаа Наташкаг тэдэнд өгөхгүй гэж билээ.

Тэр үдэш генерал Наташка бид хоёрыг дагуулан гэрт нь очсон юм. Биднийг ороход гэртээ сууж байсан өвөө, эмээ хоёр нь ухасхийн босч генералд хүндэтгэл үзүүлэн хуучин цэргийн ёсоор номхон зогсч ёслолоо. Наташка эмээ, өвөө хоёрынхоо гар дээр өсч, тосгоны дунд сургууль төгссөн ажээ. Генерал , өвгөн, эмгэн хоёроор дайлуулан гарынх нь нэрмэл архийг уух зуураа:

-Би танайд нэгэн том хүн дагуулж ирлээ. Ирээдүйд энэ монгол залуу алдартай зохиолч болж та хоёрыг байтугай энэ тосгоныхныг ч тэжээж магадгүй. Иймд энэ залууг та хоёр өөрийнхөө хүргэний ёсоор хүлээн авч гадаах тачанк тэргэн дээр ор, дэр засч Наташкатай хамт унтуул, ойлгов уу гэхэд өвгөн цэрэг босон харайж, офицер малгайгаа өмссөнөө гүйцэтгэе хэмээн ёслов. Сар мэлтийсэн саруулхан шөнө Наташка бид хоёр өвс дэвссэн дөрвөн дугуйтай морин тэргэн дээр биесийг тэврэлдэн согтууран үнсэлдэж хэвтэхдээ самгон хэмээх нэрмэл архийг түүхий өндгөөр даруулан ууж:

-Чи хөөрхөн, Чи сайхан.

-Би чамайг хэзээ ч мартахгүй

-Би чамд хайртай гэдэг үгсийг мянгантаа давтан, хоёр биесийг түмэнтээ таалан аньсага, сормуус нийлүүлэлгүй үүр цайлгаад түрүүчийн тахиан дуунаар салан одож билээ. Нүдний хор гаргалгүй Наташкатай шөнөжин тэврэлдэн, ноололдсон нойрмог согтуу бивээр өглөө эртлэн буудал руугаа явахдаа түүний шуудангийн хаягийг байтугай овгийг нь ч асуухаа мартсандаа одоо хүртэл харамсаж явдаг юм.

-Олон жилийн хойно нэг удаа Эрхүү мужийн Михайловск тосгоны гоо бүсгүй Наташкад гэж хаяглаад нэгэн захиа явуулсан чинь Наташка хүнтэй суугаад аль эрт Москва руу явсан гэсэн далдхануур доог тохуу хийсэн утгатай шуудангийн тамга цохолт бүхий захидал маань буцаж ирсэн сэн. Түүнээс хойш олон олон он жил улиран одсон боловч би Наташкагийнхаа бараа, сургийг сонсох нь байтугай зүүдэлсэн ч үгүй. Гэтэл саяхан гэртээ санаандгүй сууж байгаад кино найруулагч Сергей Бондарчукийн уран бүтээлийн дурсамж үдэшлэг дээрээс Наташкагийн царай зүсийг дөч гаруй жилийн дараа зурагтын дэлгэцнээс олж харлаа.

Тэр яг мөн байсан, би ердөөчиг андуураагүй. Тийм эрхэмсэг гэгээн охин тэнгэрийг хүний зүрх андуурдаггүй юм. Хорвоо хүнээр ямар тоглож ханах биш дээ. Тэр өдөржингөө оровч гаравч миний сэтгэл шилрээд нөгөө муу даралт хөдлөөд эмэнд ч дарагдахгүй зовоосон сон. Москвагийн цагаан гартнууд Михайловсик тосгоноор эргэлдсээр байгаад хөөрхий өвгөн генерал Керинский гуайг очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу явсан хойгуур араар нь эзэнгүйчлэн Наташкаг аваад явчихсан биз гэж бодогдлоо.

Алдарт зохиолч, эрхэм анд Жагдалын Лхагвынхаа гайхамшигтай уран гоё өгүүллэгийн буянаар энэ орчлонгийн нэгэн сайхан бүсгүйд таалагдан хорвоогийн жаргалыг эдэлсэн “Мянга нэгэн шөнийн үлгэр” ийнхүү жаргасан ч хорьхон настай хонгор зүстэй үзэсгэлэн гоо Наташкаг миний бие үхэн үхтэлээ яахан тийм амар мартахсан билээ л …

Тэнэгхэн залуу насандаа архины манан, ааг охинд мансууран Наташкагийн хаягийг авахаа мартаагүйсан бол тэр бид хоёр ертөнцийн уул усан, нуур далайн чанадад алслагдан ингэтлээ төөрөлдөхгүй байсан болов уу.

Монгол Улсын Төрийн соёрхолт

Ардын уран зохиолч Балжирын Догмид

2016.11.27