Categories
мэдээ улс-төр

Л.Эрхэмбаяр: АН гишүүдийн шинэчилсэн бүртгэл хийнэ

АН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр, Хэнтий аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар нар оролцож намын Их хурлын талаарх мэдээлэл болон АН-ын даргын сонгуулийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.


АН-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр: Ардчилсан нам анх удаагаа бүх гишүүдийн саналаар намын даргаа сонгохоор боллоо. Нэгдүгээр сарын 10 хүртэл манай нам шинэчилсэн гишүүний бүртгэлээ хийнэ. 2016 оныхоо намын гишүүний татвараа төлсөн хүн бол манай намын гишүүн байна гэж дүрмэндээ тодорхой тусгаж өөрчлөлт оруулсан. Сонгуулийн хорооны даргаар Ж.Оюунбаатар ажиллана.

АН-ын Их хурлаар 12 сарын 17-ныг хүртэл АН-ын даргын сонгуульд нэр дэвших ажиллагаа эхэлнэ. Ингээд нэг дүгээр сарын 29-ны өдөр сонгууль болно. Манай намын Их хурал 3-р сард дахин болно.

Намын дарга болсон хүн бол Ерөнхий сайд болно. Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй. Намын дэд даргатай болох дүрмийн асуудал яригдаж байгаа.

Л.Гүндалайгийн АН-д элсэх тухай хүсэлт гаргасан тухай асуухад, Л.Гүндалай бол өөр намын дарга. Албан ёсоор намын даргаа өгөөгүй байгаа учир манай намд элсэх эсэх нь тодорхойгүй хэмээлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна

Эрх баригч МАН-ын VII Бага хурал 10.10 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн.Бага хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа даргалж байгаа юм.Хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд нээлттэй илтгэл тавилаа. Түүний дараа Бага хурлыг хаалттай горимд шилжүүлж, дотоод асуудлаа хэлэлцэж эхэллээ.

Хаалттай хуралдаанаараа намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн төрийн албанд томилогдсон Бага хурлын гишүүдийн орны хүмүүсийг сонгох аж. Түүнчлэн намын бусад томилгоонуудыг хийх юм байна.

Categories
гадаад мэдээ

Колумбын ерөнхийлөгч “Нобелийн энх тайвны шагнал” хүртлээ

2016 оны Нобелийн энх тайвны шагналыг Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүртлээ. Нобелийн хорооноос түүнийг эх орондоо 52 жил үргэлжилсэн иргэний дайны төгсгөлийг авчрахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнажээ. Тэрээр Фарк хэмээх хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэнтэй энхийн гэрээ байгуулсанаар сүүлийн хагас зуун жин үргэлжилсэн иргэний дайн дуусгавар болсон юм.

Өнгөрсөн хагас зуун жил үргэлжилсэн иргэний дайны улмаас нийт 200 гаруй мянган хүн амь үрэгдсэн юм. Өнгөрөгч Бямба гарагт Норвеги улсын нийслэл Осло хотноо ерөнхийлөгч Сантост энэхүү алдар хүндтэй шагналыг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Норвегийн Нобелийн хорооны орлог дарга ерөнхийлөгч Сантост энх тайвны медаль болон гэрчилгээг нь гардуулан өгсөн юм.

Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос нь өнгөрөгч 2010 оноос хойш Колумын ерөнхийлөгчөөр сонгогдож, эх орноо удирдаж байгаа юм. Харин үүнээс өмнө тэрээр, тус улсын гадаад худалдааны сайд, сангийн сайд, үндэсний батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан байна.

Categories
мэдээ спорт

Жүдоч А.Батсуурь Дэлхийн армийн аварга болов

Жүдо бөхийн Дэлхийн армийн АШТ Швейцарийн Цюрих хотноо болж Монгол Улсын тамирчин А.Батсуурь дэлхийн аварга цол хүртсэн байна.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны 13 тамирчин эх төлөөлөн оролцож хүч, ур чадвараа сорьсон юм. Цэрэг армийн 37 дахь удаагийн ДАШТ-ий 66 кг-д зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ А.Батсуурь алтан медаль хүртсэн бол 73 кг-д хүч үзсэн Э.Түмэннасан хүрэл медалийн эзэн болжээ. Энэ удаагийн тэмцээнд 134 орны тамирчид оролцсон байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын жүдочдоос өмнө нь хоёр тамирчин армийн ДАШТ-ээс медаль хүртсэн бөгөөд гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар 1993 онд хүрэл, ОУХМ П.Нямлхагва 1999 онд алтан медалийн эзэн болж байв.

Categories
мэдээ спорт

Оюуны тамирчид 25 дахь удаагийн ой тогтоолтын ДАШТ-д өрсөлдөнө

Сингапур улсад энэ сарын 14-18-нд болох 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин /10-24 нас/, багш дасгалжуулагч нарын хамт оролцоно.

Энэ удаагийн тэмцээний багийн бүрэлдэхүүнд 2016 оны улсын аваргын тэмцээнд амжилттай оролцсон Дархан-Уул болон Орхон аймгийн тамирчид багтаж байна.

Тэмцээнд 60 орны 200 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын үндсэн 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.

2011 онд тус тэмцээнд багаараа оролцсоноос хойш Монголын баг тогтмол эхний гуравт орсон билээ.

Дашрамд дурдахад, одоогоор Монголын тамирчид Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайвань, Малайз зэрэг олон улсын оюуны спортын 40 тэмцээнд оролцож 539 медаль хүртэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байна.

Categories
мэдээ нийгэм

С.Зоригийг хөнөөсөн хэргийг лхагва гаригт шүүнэ

Одоогоос нэг жил гаруйн өмнөөс шинээр гурван хүнийг сэжигтнээр татсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх тов гарчээ. Шүүх хурал ирэх Лхагва /2016.12.14/ гаригийн 10.00 цагт эхэлнэ. Шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар томилогдсон байна. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан аж. Харин хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцох юм.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай Дээд шүүхийн тогтоол 2009 онд гарч байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Х.Бум-Эрдэнийн оффшор компани Төрийн банкны захирал Д.Баярсайхан, Б.Ганбат нарт хамааралтай юу

-2006-2009 ОНД ГАРГАСАН ДЭЭР ДУРДСАН IPO ГАРГАСАН КОМПАНИУД НЬ ДАМПУУРЧ ОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ИРГЭНИЙГ ХОХИРООСОН-

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлгэсэн манай улсын нэр дурдагдсан оффшор данстангуудын зарим нэгтэй нь холбоотой мэдээлэл хууль хяналтын байгууллагуудад ирж буй гэдэг. Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд гэхэд энэ асуудалтай холбоотой хэд хэдэн албан бичиг баримтын хамт хавсрагдан иржээ. Энэ баримт фактууд нь өнгөрсөн хавар дэгдсэн оффшорын дуулианаас хойших материал юм байна. Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн хүү Х.Бум-Эрдэнэтэй холбоотой мэдээлэлд “Оффшор данстай доорх нэр бүхий албан хаагчийг нэн яаралтай шалгуулах” хэмээн онцолж мөн баримт хавсаргажээ. Үүний зах зухаас манай сонин дэлгэж байна.

Дээрх материалд дурдсанаар Х.Бум-Эрдэнэтэй хамт Хууль зүйн яаманд ажиллаж төрийн албанд зүтгэж ирсэн, одоо Төрийн банкны захирлын албан тушаалыг хашиж буй Д.Баярсайхан, тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн байсан Б.Ганбат нарыг шалгахыг хүсчээ. Учир нь дээрх гурван эрхэм төрийн албаны гараагаа нэг цэгээс хамт эхлүүлж байсан аж. Өөрөөр хэлбэл, тэд Хууль зүйн яамны Бодлогын хэлтэст хамт ажиллаж байжээ. Тэндээс Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар анх томилогдсон байна. Тэрбээр тус газар ирээд хамт ажиллаж байсан Х.Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын даргаар томилжээ. Д.Баярсайханы авга ах нь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан. Х.Бум-Эрдэнэ Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн хүү. Тохиолдлоор ч гэх юм уу, тэд нөхөрлөж ийн нэг нэгнээ татсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд ирсэн Д.Баярсайхан, Х.Бум-Эрдэнэ нар харин хамт ажиллаж байсан Б.Ганбатыгаа хяналтын зөвлөлийн гишүүнээр томилуулж чадсан байна. Томилуулж чадсан гэдэг нь тухайн үеийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгоход Хууль зүйн яамнаас УИХ-д Б.Ганбатыг санал болгож чадсан түүхтэй аж.

Хууль зүйн яамны нэг хэлтсээс гар нийлсэн гурван найз ийнхүү Санхүүгийн зохицуулах хороонд ирж, тус газрыг өөрсдийн мэдэлд бүрэн оруулжээ. Энэ нь дараах баримтаар нотлогдож буй гэнэ. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсын хөрөнгийн зах зээлд 2006-2009 онуудад иргэд, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэн шинээр үүсгэн байгуулсан “Туул сонгино усны нөөц” ХК, “Монголиан девелопмент ресорсес” ХК, “Силикат” компаниудын чанар муутай хувьцаа (IPO), ялангуяа “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгох үйлдэл нь дээрх гурван найзын “санаа” байсан бололтой. Санаа гэхээсээ илүү зах зээлийн жамаараа хөгжиж хүрээгээ тэлэх гэсэн компаниудын сонирхол дээр “тоглодог” байсан гэдэг нь илүү онох байх. Ингэхдээ “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, “СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль”, “Банкны тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, СЗХ-ны “Нийтэд санал болгон гаргах үнэт цаас бүртгэх тухай журам” болон Монголбанк, Сангийн яам, СЗХ-ны хамтарсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн заалтуудыг ноцтой зөрчсөн тухай өгүүлжээ. Түүнчлэн “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгосон 2008 оны тус хорооны 100, 122, 124 дүгээр тогтоолуудаас шалтгаалан хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг унагаж, хөрөнгө оруулагч иргэдийг эдийн засгийн болон сэтгэл санааны шоконд оруулж байсан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн “Анод” хувийн банкийг хувьцаат компани болгох 100 дугаар тогтоолыг 2008 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Д.Баярсайхан болон Үнэт цаасны газрын дарга асан Х.Бум-Эрдэнэ нар хэлбэржүүлэн гаргасан нь тэднийг эрх ашгийн нэгдсэн санаатайг илтгэдэг гэнэ.

Д.Баярсайхан нарын нэгэн үеийн залуус хуулийн сиймхийг, мөн танил тал, хуулийн хүрээгээ ашиглан нэг баг болсноор Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлүүдийг болон ялангуяа олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж шинээр хувьцаа (IPO) гаргах зөвшөөрлүүдийг олгосон. Ингэхдээ Монгол Улсын болон салбарын хууль тогтоомжуудыг зөрчин, санаатайгаар эс үйлдэхүйг гаргаж тэдгээр компани, удирдлагуудад хяналт тавих боломжгүй болсноос 2006-2009 онд гаргасан дээр дурдсан IPO гаргасан компаниуд нь дампуурч олон хөрөнгө оруулагч иргэнийг хохироосон. Энэхүү дампууралтай зэрэгцэн Д.Баярсайхан нь баруун дөрвөн замын “Max Mall”-ын ард “Колорада бизнес центр” гэх том барилгыг барьж, Х.Бум-Эрдэнэ нь (СЗХ-ны гишүүн асан Шаравжамц гуайн хэлснээр эхлээд хаус барьж байгаа гэдэг) хаустай болж дараа нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо ил болгосноор хоёр ч оффшор данс нээлгэжээ. Өнөөдрийн байдлаар мэдэгдэж байгаа нь энэ. Эргэн сануулахад Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Х.Бум-Эрдэнийн оффшор бүс дэх “GUMAX” 2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSA­YARS” 2008-2012, “DOLOWAY INTERNATIONAL”2009-2013 компани хэмээн зарлагдсан.

Энэхүү илт хууль бус тогтоолыг гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны дарга, одоогийн Төрийн банкны захирал Д.Баярсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны орлогч даргын алба хашиж буй Х.Бум-Эрдэнэ, (хоёр ч оффшор дансыг эзэмшигч) Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн Б.Ганбат нар юм.

50 гаруй хуудас бүхий дээрх материалд 2008 онд “Анод” банкны удирдлагуудаас хувьцаа гаргасны урамшуулалд бусдаар дамжуулан хувьцаа болон бусад хэлбэрээр хоёр тэрбум гаруй төгрөгийг авсан. Энэ үед Х.Бум-Эрдэнэ оффшор бүсэд эхнийхээ компанийг байгуулж байсан гэх баримт анхаарал татаж буй.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлд 2007 он хүртэл брокер, дилерийн 32 компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2009-2010 оны хугацаанд нэг дор 100 орчим үнэт цаасны брокер, дилерийн хөрөнгө оруулалтын компани шинээр үүсгэн байгуулагдсан. Үүнээс гадна энэ үед маш их банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, бусад тусгай зөвшөөрөлтэй компаниуд байгуулагдсан байдаг. Тухайн үед үнэт цаасны брокер, дилерийн тусгай зөвшөөрөлтэй компанийг худалдан авах ханш 50.0 сая төгрөгөөс дээш, хэсэг хугацаанд бүр 100.0 сая төгрөгт хүрч байсан нь дээрх албан тушаалтнууд төрийн албан тушаалд ажиллаж байсан мөртлөө оффшор данс нээлгэж үндсэн хөрөнгийг үүсгэсэн гэх баримт. Энэ нь хууль бус замаар хөрөнгөжсөний илрэл хэмээсэн байна. Учир нь 2008 оны Санхүүгийн зохицуулах хорооны 100, 122, 124 дүгээр тогтоолууд нь илт хууль бус төдийгүй холбогдох салбарын дүрэм журмуудыг зөрчин гаргасан дээрх албан тушаалтнуудтай холбоотой 30 орчим үйлдэл байдаг гэнэ.

Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, “Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны илт хууль бус 100, 122, 124 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэхийн шаардлага бүхий Захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоосон гэнэ. Энэ мэтчилэн баримт дэлгэн Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, хөрөнгө оруулагч иргэдэд 9.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Иймд СЗХ-ны гишүүн, СЗХ-ны орлогч дарга Х.Бум-Эрдэнэ нь энэхүү оффшор дансыг яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр нээснийг болон энэхүү оффшор дансанд тодорхой ямар цаг хугацаанд, ямар үе шаттайгаар орлого шилжигдэж байсныг, мөн энэхүү дансны орлогын эх үүсвэрийг тогтоох учиртай. Х.Бум-эрдэнийн нэр дээр оффшор компани байдаг хэдий ч Д.Баярсайхан, Б.Ганбат нарын хамтарсан хөрөнгө байршиж байсныг хэлэх хүн бий. Иймд хамтатган шалгах ёстой хэмээжээ.

Төрийн албан тушаал хашиж, хамтарч тушаал шийдвэр гаргаж, өөрсдөд ашигтай байдлаар мөнгө бусдаас завшиж байсан гэх үндэслэлүүдийг гарган тэр мөнгөний эх үүсвэрүүдээр оффшор бүсэд компани байгуулсан байж болзошгүй хэмээн ийнхүү баримттайгаар дэлгэжээ.


Categories
мэдээ цаг-үе

М.Дагва: Уул уурхайгаараа хөгжсөн улсууд хувь эзэмшье гэхээс илүү татвараа л ханатал авъя гэдэг

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагватай ярилцлаа.


-Уул уурхайд төрийн өмчит компаниуд ажиллах нь хэр зөв хандлага вэ?

-Уул уурхайн салбарт төрийн өмчит компани байх ёстой эсэх дээр Дагва гэдэг хүний байр суурийг илэрхийлэхээс илүүтэйгээр төрийн өмчит уул уурхайн компани тойрсон ямар асуудлууд байдаг, сайн муу нь юу вэ гэдэг дээр монголчууд юуг анзаарах ёстой вэ гэсэн өнцгөөс яривал хэлэх зүйл бий. Миний хувьд төрийн өмчит компани удирдаж үзээгүй, энэ сэдвээр экспертийн хэмжээнд бэлтгэгдсэн хүн биш.

-Хүн бүр экспертийн хэмжээнд биш гээд чимээгүй суухаар уул уурхайгаас их мөнгө олох боломжоо алдаад байна л даа. Наад зах нь төрийн өмчит компани удирдаж явсан хүмүүст асуудал, зовлон ярих сэдлийг тан шиг салбартаа мэргэшээд яваа судлаачид л өгөх байх…?

-Монголд төрийн өмчит компани удирдаж явсан хүмүүс энэ асуудалд нээлттэйгээр байр сууриа илэрхийлээсэй гэсэн хүсэл мэдээж олон хүнд байгаа. Магадгүй тэр ярианд нь өдөөлт болох байх гэдэг үүднээс асууж байгаа бол ярих зүйл бий. Уул уурхайг энгийнээр газрын доорх баялгийг улсын хөгжилд чиглүүлэх үйл ажиллагаа гээд ойлгочихож болно. Ингэхдээ төр заавал хувь эзэмших ёстой юу, эсвэл хувийн компаниудад даатгаад явах нь зөв үү гэдэг асуудал гарч ирдэг. Манай улс түүхэн уламжлалаараа төрийн өмчит уул уурхайн компаниудтай явсаар өнөөг хүрсэн. Бас гадныхан ирээд эзэмшвэл нутгаа, баялгаа алдана гэсэн айдсаар стратегийн ач холбогдолтой орд гэх нэр томьёолол бодоод олчихсон улс. Өөрсдөө олсон бол 51 буюу дийлэнхийг нь төр эзэмшинэ, хөрөнгөө оруулж хайгуул хийсэн хувийн компани олсон бол төр 34 хувийг нь эзэмшинэ гэсэн дүрэмтэй. Миний хувьд таны сонирхсон асуудлаар нэлээд юм үзэж судалсан. Маш олон асуудал бий. Наад зах нь гэхэд л бяртай чадалтай зодоон цохион сайн хийдэг нөхрийг зүрх нь хөөрсөн нэг залуу очоод өдөхөөр “Чи өөрөө араа дааж чадах уу” гэдэг асуулт гардаг шиг төрийн өмчит компани байгуулж уул уурхайг хөгжүүлнэ гэж бодож яваа бол хожим гарах эрсдэлүүдийг нь дааж чадах уу гэсэн асуултад хариулах ёстой.

-Төр татвараас гадна хувь, ногдол ашгаа авна гэсэн сонирхлоор хувь эзэмшинэ гэж зүтгэдэг ч байдал эсрэгээрээ эргэчихдэг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөгжлийн түвшин, санхүүгийн нөхцөл байдал, солонгорч чадаагүй эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийн хувь, ур чадвартай ажиллах хүчний хүрэлцээгээрээ ямар билээ, ийм нөхцөлд төрийн өмчит компаниар тоглоход хэр зохимжтойг бодох учиртай. Төрийн өмчит компанитайгаар амжилт олж, цэнгэлийн манлайд хүрье гэвэл яг ямар нөхцөл бүрдүүлэх учиртайгаа бодох ёстой л доо. Таны асуусанчлан хувийн компаниас зөвхөн татвар авна, төрийн өмчтэй бол хувь, ногдол ашиг зэргийг нэмж авна гэхээр давуу талтай юм шиг харагддаг. Ашиг гэдэг үгэнд нь бид төөрөлдөөд байна л даа. Төрийн хувьд ашиггүй ажиллаж байгаа уул уурхайн компаниас ч авах мөнгөө авсаар байдаг. Уул уурхайн салбарын тухайд ашигт малтмал ашигласны гээд өөр ямар ч салбарт байхгүй онцлог татвартай. Шууд борлуулалтын орлогоос нь авчихдаг. Ашигтай эсэх нь хамаагүй, юм борлуулсан л бол таван хувиа өг гэдэг. НӨАТ гэх мэт бусад татваруудыг бас авна. Ямар ч компани үйл ажиллагааныхаа зардал, улсад төлөх татвар, зээлсэн өрөө төлсний эцэст тодорхой хугацаа өнгөрсөний дараа ашигтай ажиллаж эхэлдэг. Тэр ашгаасаа ногдол ашиг гэж хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилдаг юм.

-Энэ онцлогийг мэддэггүйгээс болоод саяхан Оюу толгойн ногдол ашгийг тээр хойно авах нь гэсэн шуугиан дэгдсэн. Татвараа л ахиухан аваад явчихмаар юм байна даа…

-Ашиг гэдэг юман дээр нь хэт анхаарч ашгаас нь хуваалцахын тулд хувь эзэмших дээр ач холбогдол өгөөд байна л даа. Наана нь маш их хэмжээний мөнгө авч болдог олон хувилбар байхад цаана байгаа ногдол ашгийг яриад суугаа тал бий. Засаглал муу, авлига өндөр улс хэрнээ бүх эрсдэл арилсны дараа олддог ашиг гэдэг юмнаас хүртэлцэх гээд зүтгээд байгаа нь анхаарч харах ёстой асуудал. Уул уурхайгаас ашиг авч хоцордог цорын ганц хэлбэр нь ногдол ашиг биш.

-Ер нь уул уурхайгаараа хөгжсөн орнууд ямар аргыг нь илүүд үзээд байна вэ?

-Татвар, хураамжаа авахыг илүүд үздэг юм байна. Ялангуяа уул уурхайгаа ашиглаад хөгжлийн дараагийн шатанд хүрсэн улс ногдол ашиг энэ тэр гэж хувь эзэмших нь төвөг гэдгийг ойлгочихсон. Ерөөсөө л хувийн компаниудыг уул уурхайн салбартаа ороод ажилла гэдэг. Уул уурхайгаараа хөгжсөн улсуудын хувьд татвараа ханатал авъя гэсэн бодлого барьдаг.

-Засаглал муу, авлига өндөр улсад төр уул уурхайдаа оролцох эрсдэлтэй гэдэг нь олон улсын жишиг хандлага мөн үү. Бид засаглалаараа дэлхийд аль хавьцаа нь жагсдаг бол?

-Байгалийн баялгийн засаглалын институт гэх мэт газрын судалгаагаар бол засаглал муутай авлига өндөр улсад төрийн өмчийн байтугай хувийн уул уурхайн компаниудын хувьд хүртэл байгалийн баялгаас улсад өгөх өгөөж нь муу байдаг гэдэг. Монгол Улс авлига, засаглалаараа дэлхийн 200 улсын тэг дунд нь яваа. Сайн гэсэн үг биш, бүр сөнөсөн ч гэж ойлгож болохгүй. Засаглал, авлигын хувьд анхаарлын тэмдэгтэй гэсэн үг.

-Анхаарлын тэмдэгтэй гэхээр эрсдэл өндөр гэж ойлгож болох нь ээ?

-Манай улсын уул уурхайн салбар нялх байна. Төрийн өмчит компани тойрсон олон асуудлыг зөв талаас нь цэгцтэйгээр харж чадахгүй байна. Хуулиуд, төрийн өмчийн компанийн захирлуудыг томилдог тогтолцоо, хяналт гээд бэлэн биш зүйл өчнөөн. Төрийн өмчит компанид нялх байхдаа хоолондоо хүрч өгдөггүй, хоолонд хүрчихээрээ үгэнд ордоггүй зовлон байдаг. Бас хамаг ажлаа өөрсдөө хийх өндөр сонирхолтой. Уурхайгаа ухъя, үйлдвэрээ барья гэж зүтгэчихдэг. Хүүхэд нь дөнгөж 18 хүрчихээд аавыгаа ийш тийш нь хөрөнгө оруулъя гэж ятгаад, бизнесээ өөрөө мэдэж хийчих гээд байхаар нэг л итгэл төрж өгдөггүйтэй ялгаагүй эд. Уул уурхайн салбарт бизнесийнхээ жам ёсоор өрсөлдөж буй компаниуд өөрийн гэсэн технологи, ноу хаутай болоод тасарч явчих гээд байхаар төрийн өмчтэй компанийн удирдлагууд улсынхаа эздэд “Бид маш нууц технологи хөгжүүлье. Тэрбум ам.доллараар судалгаа хийе. Тэгэхгүй л бол Риотой өрсөлдөж чадахгүй нь” гэдэг. Улсын удирдлагуудын хувьд үнэхээр тийм ч юм шиг санагдах үе мэдээж гарна. Энэ мэт шалтгаанаас болж амжилтгүй хөрөнгө оруулалт хийж, дампуурах тохиолдол маш олон бий.

-Улстөрчдийн үнэлэмжээр дарга болсон нөхөр “Рио”-гийн зиндааны компаниудтай өрсөлдөж чадах уу гэж ирээд яривал захирлуудын томилгоо асуудалтай. Нааштай шийдсэн улс байна уу?

-Энэ асуудлыг хуулиараа шийдсэн улсууд бий л дээ. Улс төрийн томилгоогоор захирлаар очлоо гэхэд заавал компанийн засаглалын сургалтуудад суух үүрэг хүлээсэн байх жишээний. Маш хүчтэй хүний нөөц, сургалтын бодлоготой, өндөр түвшний менежерүүдийн ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлаж өгч чаддаг орчин бий болгосон байдаг.

-Ил тод байдал, хөндлөнгийн хяналт нь дажгүй төрийн өмчтэй компаниудтай улс дэлхийд хэр байдаг бол?

-Дэлхий даяар хийсэн судалгаанаас харахад төрийн өмчит компаниудын энэ үзүүлэлт хангалтгүй байдаг. Парламент нь чадавхитай мэргэшсэн улсад бол өөр. Төрийн өмчит компанийнхаа менежмэнтэд сайн хяналт тавьж чаддаг.

-Парламент нь мэргэшээгүй, популист улстөрч олонтой улсад ямар байдаг вэ?

-Товчхондоо ийм улсад төрийн өмчит компаниуд даам гардаг.

-Төрийн өмчит компаниудыг ингэвэл л ашигтай ажиллана гэсэн жор дэлхийд байна уу?

-Маш олон судалгааг харахад төрийн өмчит компанийг амжилттай явуулдаг нэгдсэн жор гэж байдаггүй юм байна. Ерөнхийд нь харвал Африк, Ази Номхон далай, Ойрхи Дорнодын улсуудын төрийн өмчийн компаниуд миний түрүүний хэлсэн ашиг олох, улсынхаа хөгжилд дэм болох гэсэн зорилгыг хангах тал дээрээ сайн, муу, дунд янз бүр байна. Засаглалын индекс талаас нь харвал олон нийтийн оролцооны механизмыг хангасан уу үгүй юу гэдэг дээр маш сул, бүр сүйрч буй категори дотроо. Европ, Евро Ази, Латин Америкийн компаниуд бас л янз бүр. Улсынхаа зорилгыг хангах тал дээр сайн муу байгаа ч оролцооны механизмынхаа хувьд овоо гайгүй байх жишээний.

-Төрд данстай уул уурхайн компани ямар тохиолдолд амжилттай ажиллаж байна?

-Хувийн компаниудын үйл ажиллагаа бол ойлгомжтой, компанийн тухай хуулиар явчихдаг. Гэтэл төрийн өмчит компанийг компанийн тухай хуулиар удирдаад ч байгаа юм шиг, төрийн өмчийн хороо, Уул уурхайн яам, Сангийн яам, Ерөнхий сайд нь ч удирдаад байгаа юм шиг сонин нөхцөл үүсдэг юм байна л даа. Яг бизнесийн байгууллага шиг үү, эсвэл арай өөрөөр ажиллах ёстой юу гэдгийг нь ямар нэг хууль гаргаж байгаад, стратегийг нь нарийн тодорхойлоод өгчихсөн улсад төрийн өмчит компаниуд амжилтад хүрдэг. Бие даасан байдлыг нь, бүтцийг нь хуулиар маш сайн тодорхойлж, компанийг удирдах хүмүүсийн урамшууллын механизмыг зөв тогтоож өгсөн тохиолдолд амжилттай ажилладаг юм байна.

-Уул уурхай нь дөнгөж хөгжиж байгаа үед төрийн өмчит компани нь хайгуул, олборлолтоо хийгээд амжилтад хүрсэн жишээ дэлхийд бий болов уу?

-Амжилтад хүрсэн түүх ховор юм билээ. Төрийн өмчит компани юуг хийх, юуг эс хийх, яам, төрийн өмчийн хороо гэх мэт байгууллагууд төрийн өмчит компанийнхаа юунд нь оролцох, оролцохгүй байхыг хуулиар маш сайн зааж өгсөн ч юм уу, иймэрхүү тогтсон соёл суугаагүй цагт төрийн өмчит компани амжилтад хүрэхэд маш хэцүү. Үүнээс гадна 10, 15 жилийн дараа ашгаа өгөх уул уурхайн бизнес рүү хөрөнгө татах нь төрийн өмчтэй компаниудад хүнд асуудал байдаг.

-Итгэж мөнгө өгөхгүй гэдэг утгаараа юу?

-Яг тийм. Төрийн өмчит компанид аль болох бие даасан байдлыг нь бүрдүүлж өгч чадвал боломж гарч ирнэ гэсэн үг. Ингээд бодохоор аль болох улс төрийн нөлөөгүй байлгамаар. Гэтэл улсынхаа төсвийн орлогын маш том хувийг бүрдүүлдэг салбарын төрийн өмчит компанийн бие даасан байдлыг хэт хангаад өгчихөөр вант улс болох гээд байдаг зовлон бий. Ерээд оны эхээр Ерөнхий сайд нь хувь эзэмшдэг компанийнхаа захирлыг царай алдчихсан гуйж явдаг, өнөөх нь дуудахад нь ирдэггүй гээд асуудал зовлон их байсан юм билээ.

Хүссэн компани бүр биржид гарч чадахгүй шиг төрийн өмчит компани биржид гарч чаддаггүй тохиолдол байдаг. Нийгмийн асар их ачаа үүрсэн компанийг биржид гараад ирэхээр яах вэ гэдэг асуулт бий. Мэдээж хувьцаа авах хүмүүс тэнэг биш, нүдээ аниад авахгүй нь тодорхой. Наад компанийн чинь хамаг ашгийг Ерөнхий сайд нь аваад иргэддээ халамж хэлбэрээр тараачихдаг, ардаа нэг хот, аймаг чирч явдаг гэвэл хувьцаа нь олигтой үнэд хүрэхгүй, хэн ч авахгүй.

-Хувь эзэмшдэг компанийнхаа олж байгаа мөнгийг улс нь ямар үед хуу хамж авах эрсдэл өндөр байдаг вэ?

-Төрийн өмчит компанийн олж байгаа орлого төсвийн орлогын нэлээд хувийг эзэлж байгаа үед улс нь хамж авах эрсдэл өндөр. Хэрвээ төр нь өөр олон салбараас дажгүй татвар авдаг бол, уул уурхайн компанийн орлого төсвийнх нь өчүүхэн хувийг бүрдүүлдэг тохиолдолд хурц асуудал биш.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа төрийн өмчит газрын тосны компанийг шахаж дарамталж байгаад 2012 онд 4.4 тэрбум ам.долларыг нийгмийн хөтөлбөрүүдэд цацсан байдаг. Гэтэл тэр жилдээ тухайн компани үндсэн үйл ажиллагаандаа 3.6 тэрбум ам.доллар зарсан гэсэн статистик бий. Төрийн өмчит компанийн хамгийн эмзэг тал нь энэ л дээ.

-Манайх шиг уул уурхайн салбарт нь төрийн өмчтэй компани олон тоогоор ажилладаг оронд салбар нь хөгжихгүй гацах эрсдэл бий юу?

-Төрийн өмчит компаниуд яам, төртэйгөө ойрхон байдаг учраас янз бүрийн хууль дүрэм шийдвэр гаргахад хувийн уул уурхайн компаниудаасаа давуу эрхтэй болчихдог тал бий. Хуулийн төсөл оруулаад батлуулах, нөлөөлөх чадвар нь хамаагүй өндөр байдаг. Тэр утгаараа хэтэрхий өөртөө үйлчилсэн тоглоомын дүрэм гаргачих гээд байдаг зовлонтой. Энэ нь алсдаа бүхэл бүтэн нэг салбарын хөгжлийг боомилох өндөр эрсдэл дагуулдаг.

-Бид уул уурхайгаасаа ахиу мөнгө олж, бусад салбараа өндийлгөхийн тулд өнөөдөр яг яах ёстой юм бол?

-Монголын хувьд төрийн өмчит компанитай байхыг хуулиараа зөвшөөрчихсөн. Олон улсын компанийг оруулаад ирчихсэн. Хувийн уул уурхайн компаниуд нь бойжоод хөгжлийн тодорхой шатанд хүрсэн. Гурвууланд нь таардаг жор, гурвууланд нь таардаг хууль байдаг уу гэдэг асуултад л хариулах ёстой болоод байна. Миний бодлоор гурвууланд нь таардаг жор дэлхийд хаана ч байхгүй. Тийм болохоор Австрали, Канад зэрэг улс татварыг нь өндөр тавиад хувийн компаниудыг тоглуулъя гээд шийдлийг нэг талд нь гаргачихаж байна л даа. Манай улс гурвуулангаас нь ашиг хүртчих гээд суугаад байгаа нь оновчтой бодлого мөн үү гэдэг бол томоос том асуултын тэмдэг.

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбасүрэн: Монголчуудад мэдлэгээ баялаг болгох бүтээхүйн ухаан хэрэгтэй байна

2016.12.05 ДАВАА №279(5544)


Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн “IMAX-Лекц”-ийн анхны хүндэт зочноор уригдан шинэ залуу үеийнхэндээ зориулж “Хүн байхын учир-Монгол Улсын хөгжлийн гарц-Залуусын оролцоо” сэдвээр лекц уншсан юм. Лекцийг тоймлон хүргэе.


ХҮН БАЙХЫН УТГА УЧИР

Үүнийг тайлбарлахад их сонин. Хүн төрөлхтөн энэ хорвоод яах гэж ирсэн, юу хийх ёстой юм бэ гэдэг асуултад янз бүрийн таамаглал гаргадаг. Юутай ч бид байгалийн жамаар энэ хорвоо дээр төрж, хүн төрөлхтөн үүсчээ. Буддын шашны гүн ухаанд хорвоо ертөнцийг бурхан бүтээгээгүй, их хоосноос шүтэн барилдлагын жамаар үүссэн гэж тайлбарладаг. Шүтэн барилдлагын жам гэдгийг хорвоогийн өөрийн хууль, жамаар үүссэн хэмээдэг. Гэтэл мөн л эргэлзээ бий. Зөвхөн дэлхийн орчинд амьдрал үүссэн биш ч юм шиг. Орчин үеийн шинжлэх ухаан нэг л зүйлийг гарцаагүй нотолдог. Тэр нь хүн төрөлхтөн энэ хорвоогийн хувьслын торгон үзүүр юм. Хорвоо гэдэг мөнхөд ийм замаар явж ирээгүй. Хорвоог насаар тоолбол тун саяхан буюу 14-15 тэрбум жилийн өмнө бид энэ орчлонгийн нэг өчүүхэн цэг болсон их тэсрэлтээс цацагдсан биетүүдээс үүдэлтэй. Тэр тэсрэлтийн үр дүнд хорвоод олон эерэг биетүүд, эгэл бөөмсүүд цацагдсан. Эрэг болоод эерэг биет нэг дор байвал гэрэл болж цацардаг. Гэтэл бид гэрэл болж цацрахад өртсөнгүй. Энэ хорвоогийн тэсрэлтийн дараа галактикууд үүсч, нарны систем, дэлхий, дэлхий дээрх амьдрал үүссэн гээд хөгжил хувьслын зам мөрийг шинжлэх ухаанд учралт замнал гэдэг юм. Учралт замнал буюу хорвоо ертөнц үүсэх маш бага магадлалтай байсан. Хүн төрөлхтөн энэ учралт замналаар замнасан нь хөгжих хувьсалын торгон үзүүр. Манай нарны системд хүн төрөлхтөн шиг хөгжингүй, оюун ухаантай амьтад өөр ертөнцөд байхгүй. Энэ бол ерөнхий төсөөлөл. Гэхдээ манай ухаант өвөг дээдсүүд, суутнууд хойч үедээ чи хэн бэ гэдгийг амьдралын туршлага, холч мэргэн ухаанаараа гарцаагүй нотолж, өвлүүлж үлдээсэн байдаг. Үүнийг бид заримдаа төдийлөн анзаарахгүй ч явах үе бий. Эрх чөлөө гэдэг үгийн ард дандаа хариуцлага бий. Зарим хүмүүс дэлхий ертөнц даяаршиж байна, би дэлхийн хүн гэдэг. Мэдээж хүн төрөлхтний эгнээнд хүмүүн төрлийг олж төрсөн болохоор чи дэлхийн хүн байлгүй яахав. Дэлхийн усыг ууж, агаараар нь амьсгалж энэ дэлхий дээр зогсож байгаа учраас чи дэлхийн хүн. Гэхдээ энэ дэлхий дээр долоон тэрбум хүн амьдардаг. Дэлхий дээр 240 гаруй улс орон, 800 гаруй үндэстэн угсаатан бий. Аль ч улс оронд, үндэстэнд тэнэгүүд хангалттай бий. Гэвч ухаантан, эх орончид шижир алт шиг ховор. Тиймээс өөрийгөө дэлхийн хүн гэж зарлахаасаа өмнө эхлээд чи монгол хүн болох ёстой. Монголоо ойлгодог, хайрладаг бол чи бусад үндэстэн угсаатанг ойлгож, хайрлан хүндэтгэнэ. Монголоо хоцрогдсон, ядуу гэж голоод баян газар сайхан амьдарна гэж байгаа бол чи Монголын хүн биш, дэлхийн ч хүн биш. Монгол угсаатан өнө эртний гайхамшигтай түүх, соёлтой улс. Английн түүхч Армод Гоби “Түүхийн ухаарал” номдоо “Монголын соёл иргэншлил бол үгсийн соёл иргэншил” гэсэн байдаг. Эрдэмтэн Лев Гумилёв “Орчин үеийн монгол угсаатан бол өөрөө өөрийнхөө түүхийн үзмэр болсон угсаатан” гэсэн байдаг. Гадаад ертөнц биднийг ингэж л хардаг. Монголчуудын өвлөж ирсэн нүүдэлчид, малчдын соёл иргэншил хүн төрөлхтний ухаарлын түүх юм.

УЛС ҮНДЭСТНИЙ ТҮҮХ МОНГОЛЧУУДААС ЭХЭЛДЭГ

Улс үндэстний түүх монголчуудаас эхэлдэг гэхэд “Монголын түүх хожуу үед ордог биз дээ” хэмээх нь бий. Үүнийг Германы философич Гегель “Хүн төрөлхтний түүх монголчуудаас эхэлнэ. Монголчууд хүн төрөлхтний түүхийг оюун сүнстэй болгосон” хэмээн бичсэн байдаг. Улс гүрнүүд нэг нэгнээ ноёлохын төлөө байлдаж, улс гүрэн үүсч, зарим нь мөхөж байсан. Харин монголчууд хүн төрөлхтний түүхэнд энх амгалан амьдралын төлөө том гүрэн улс байгуулж, төрт ёсны агуу их түүхийг бүтээж өгсөн юм. Хүмүүс дэлхийн хоёр том гүрний дундах түгжигдмэл Монгол орон гэж ярьдгийг би гайхдаг. Монголын гүрэнт улс байгуулагдахаас өмнө Хятад 12 тусдаа улс байсныг нэгтгэж одоогийн Хятадыг бүрэлдүүлсэн юм. Үндсэндээ Хятад улсыг Монгол Улсын бүтээл гэж хэлж болно. Германы нэрт түүхч үүнийг “Чингисийн өв” гэж үнэлсэн байдаг. Мөн ОХУ Уралаас баруун тийш 62 вант улс байхад монголчууд Москвагийн вант улсыг дэмжиж, Орос гүрний суурийг тавьж өгсөн. Тэгэхээр монголчууд өөрсдийнхөө хоёр бүтээлээр битүү хүрээлүүлчихсэн байгаа юм. Улсынхаа хил хязгаарыг урд талдаа Өмнөд Монгол, Ганшу, Шиньжан гэх монгол угсаатны эртний овог аймгуудаар, хойд талдаа Тува, Буриад, Ойрадуудаар хүрээлүүлж байгаа хэрэг. Үүнийг “Өөхөн доторх бөөр, өндгөн доторх шар” гэж хэлдэг юм. Ийм таатай нөхцөлд бид амьдарч байна. Энэ бол монголчуудын тив дамнан энх амгалан аж төрөх суурь гэж хэлж болно.

МОНГОЛЧУУД ХҮН ТӨРӨЛХТӨНД ЮУ ӨГӨВ

Монголчууд хүн төрөлхтөнд юу өгөв гэж ярихын өмнө Генрик Гесс “Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг” гэж хэлснийг саная. Монголчуудын туулж ирсэн замыг харахад их сонин. Чингисийн их гүрэн бий болсон. Дараа нь XVII зууны үед тусгаар тогтнолоо алдсан ч монголчууд төрт улсаа гэсэн сэтгэлээ алдаагүй. 200 гаруй жилийн дараа төрт улсаа сэргээсэн юм. XX зууны босгоор бид колони, хараат байдал, хоцрогдмол орны түвшинд алхаж орсон. 1911, 1921 оны хувьсгалаар бид феодалын байгууллаас огт өөр хүн төрөлхтний хийж үзээгүй социалист байгууллын туршилтыг хийж, 1990 онд ардчилсан хувьсгал өрнүүлсэн байдаг. Үндсэндээ нэг зуунд гурван удаа хувьсгал хийж, нийгмийн байгууллаа хоёр удаа сольсон юм. Бид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг сонгосон. Социализмаас иргэний нийгэм рүү шилжихийг тэмүүлсэн ганц улс манайх биш. Биднээс өндөр хөгжилтэй Европын орнууд бас энэ нийгэм рүү шилжсэн. Гэхдээ тэд өмнөх нийгмийн байгууллын удирдагчид, дарга нараа шоронд хийж, заримыг нь гудамжинд буудаж байлаа. Харин монголчууд тэгээгүй. Энэ нь XX зуунд хүн төрөлхтөнд монголчуудын ойлгуулж ухааруулсан нэг том ухаарал байсан. Одоо Арабын ертөнц тэр чигээрээ доргиж, цус урсаж байна. Арван жилийн өмнө Сирийн асуудлыг зогсоохоор, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан “Эднийг оролдоод хэрэггүй юм байна. Та нар монголчуудыг хар. Хоцрогдсон, цөөхөн хүн амтай, ядуу гэгдэж байсан энэ улс иргэний нийгмийн байгууллаа үндэсний зөвшилцлөөрөө шийдвэрлэж сольсон” хэмээсэн байдаг. Монголчууд асар их эрсдэл хүлээх зориг тэвчээртэй гэдгээ энэ үед харуулсан юм. Гурван сая хүний гарт энэ нийгмийн жолоо бий. Бид 1990 оноос хойш олж авсан нэг том зүйл бол амьдралаа өөрөө шийдэх эрх чөлөө. Ард түмэн нь төрөө байгуулж хянаад, төр нь ард түмэндээ үйлчилдэг байхыг л ардчилсан нийгэм гэдэг.

МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР

Хүмүүс 1990 оны сүүл хүртэл ардчилал гарснаас хойш хэцүү боллоо гэж ярьдаг байсан. Ардчилал хүний гар дээр мөнгө тавьж өгдөггүй. Өөрийнхөө амьдралыг хариуцах эрх чөлөө л өгдөг юм. 1992 онд Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан. Бид социализм гэж бичээгүй. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоохыг зорино гэж бичсэн байдаг. Хүмүүнлэг нийгмийн гол зорилго нь шударга ёс, хүний эрх, амьдралын үнэ цэнэ, хүний энэрэнгүй үзэл. Энэ бол үндсэн шаардлага нь. Нийгмийн тухай капитализм, социализмын номлол хэдхэн арван жилийн түүхтэй. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн тэртээ улс гэрээ засаад нийгмээрээ амьдарч ирсэн нь ухаарал. Энэ ухаарлын дүнд монголчууд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг сонгосон. Иргэдийн идэвх зүтгэл, оролцоонд нийгэм тогтоно гэсэн энэ замыг л бид сонгосон. 25 жилийн хугацаанд олсон ололт их бий. Гэхдээ өнөөдрийн Монголын амьдралыг харахад сэтгэл зовоох юм маш их байна.

Бид “Төрийн эрх мэдэл нь ард түмний гарт байна” гэсэн энэ нийгмийг зарлан тунхагласан хэрнээ өнөөдөр олигархи толгойтой хөрөнгөтний нийгэм рүү гулсан орж байна. Өнөөдөр би оюутан сурагчдад улс төр ярья гэж бодоогүй. Гэхдээ улс төр ярихгүйгээр ямар ч хөгжил дэвшил, эрх чөлөөний тухай ярьж болдоггүй юм. УИХ нь төр барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл өнөөдөр бид УИХ-ын гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг интернэтээс харж болно. Хэдэн хөрөнгөтөн, баячууд гарч байна вэ. Гэтэл сүүлийн арван жилд Монгол Улс өрөндөө баригдлаа. Монголын өр 22 тэрбум долларт хүрсэн. Энэ бол Монголын иргэн бүр 7000 долларын өртэй боллоо гэсэн үг.

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа монголчуудад “Үхэвч үл хагацах үйлийн үр, Үгүйрэвч үл барагдах өр төлбөр, Үзэвч үл салах олон санаа, Өтлөвч үл орхих муу авьяас” гэх дөрвөн зовлон байна гэж хэлсэн. Энэ дөрөв хүн төрөлхтөнд байдаг зүйл. Гэхдээ ноён хутагт монголчуудыг үүнээс болгоомжлохыг захисан. Гэтэл ардчиллаараа бахархдаг Монгол орон дэлхийн гуйлгачин болоод гаднаас зээл тусламж гуйж, өр төлбөрөө төлөхийн төлөө зүтгэж байна. Ийм байж таарахгүй. Эдийн засаг маань ужиг хямралд орлоо. 2006 онд Монголын эдийн засаг түүхэнд анх удаа дотоод нөөцөөрөө өөрийгөө сэргээх чадвартай болж, төсөв нь, гадаад худалдаа нь, төгрөгийн баланс нь тэнцвэржсэн. Тэр үед манай эх баригчид шамшигдуулаад, эдийн засгаа хямраачихсан. Улс орны минь эдийн засаг хямарч, дампуурлын ирмэгт очлоо гэж зарлаж байна. Энэ бол өнөөдөр монголчуудын бодох ёстой асуудал. Хүн төрөлхтөнд, аль ч улс оронд, аль ч үеийнхэнд дэвссэн хивс, тавагласан хоол заяадаггүй юм. Цаг үе бүхэнд өөрийнхөө тулгарсан бэрхшээлийг давж амьдралын замыг залгадаг. Өнөөдөр залуучууд, идэр насныхан та нарын шийдэх асуудал энэ. Энэ асуудлыг шийдэх нь өнөөдрийн монголчуудын хариуцлага. Энэ бол монгол хүний амьдралын утга учир.

МОНГОЛ ОРОН ХӨГЖИХ ЁСТОЙ, ХӨГЖИЖ ЧАДНА

Хүний тоогоороо бид дэлхийн хүн амын гурван мянганы нэг хувийг л эзэлнэ. Газар нутаг нь дэлхийн 1.3 хувьтай тэнцүү. Дэлхийд нэг хүнд ноогдох байгалийн баялгийн хэмжээгээр Монгол шиг баян улс байхгүй. Зарим баялгаараа үнэмлэхүй хэмжээнд бий. Бид баялаг ихтэй, хөгжих чадвартай. Хөгжих ч хэрэгтэй.

Хөгжлийн замд гарахын тулд хэд хэдэн том зүйлийг шийдэх ёстой. Английн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер 1993 онд Оксфордын их сургуульд лекц уншихдаа “Ардчилал, зах зээлийн нийгэм бол хөгжлийн зайлшүй нөхцөл. Гэхдээ хангалттай биш” гэж хэлсэн байдаг. Бид ардчиллын тогтолцоонд шилжлээ. Зах зээлийн өрсөлдөөнд өрсөлдөх боллоо гэж ярьж байна. Энэ бол биднийг шууд хөгжилд хүргэхгүй. Хөгжил гэдэг бол огт өөр зүйл. Бид хөгжил гэхээр баяжих, өсөх, үржихтэй холиод байх шиг санагддаг. Гэтэл энэ гурав гурвуулаа өөр ойлголт. Хорвоо дээр амьдрал үүссэнээс эхлээд хүн төрөлхтний амьдрал оюун ухаант, ухамсрын түвшинд хүрэхдээ хөгжлийн замыг туулсан. Хөгжил гэдэг нь төгөлдөржих гэсэн үг. Хүн төрөлхтөн хөгжлийг оюуны бүтээх чадвар гэж ойлгодог. Бидний эдэлж, хэрэглэж буй бүхэн гайхамшиг. Энэ бүхэн хүний оюун ухаанаар бүтсэн. Байгалийн түмэн бодисыг хүний оюун ухаанаар зохицуулж энэ бүхнийг бүтээдэг. Хөгжил гэдэг бол оюунаараа бүтээх чадвар. Хөдөлмөрлөж, хөгжлийг бүтээнэ гэдэг нь ч үнэн. Гэхдээ нэг зүйлийг бодох хэрэгтэй. Хятадын тариачид хэдэн мянган жил нуруугаа бөхийтөл газар ухдаг байсан. Тэгвэл 1970-аад оноос хойш Хятад улс технологийн бодлого явуулснаар 40-өөдхөн жилийн дотор дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг болж чадлаа. Бид таньж, мэдэхийн ухаанаар дэлхийд дээгүүрт орно. Гэхдээ мэдлэгээ бүтээл, баялаг болгох бүтээхүйн ухаан дутмаг байна. Монголд бүтээхүйн ухаантай хүмүүс бий. Тухайлбал, манай нутагт Чойжил гээд өвгөн байсан. Дөрөвдүгээр ангийн боловсролтой. Дандаа төмрийн хог түүж явдаг хүн байлаа. Төмрөө нүдсээр байгаад машин хийгээд уначихсан. Телевиз хөдөө суманд гардаггүй байхад уулын орой дээр гөлмөн төмөр нүдсээр байгаад сүлжээ дамжуулагч хийгээд гэртээ зурагт үзээд суудаг байсан. Энэ бол төрөлхтний бүтээхүйн ухаан. Мөн 1980 оны үед Хөвсгөл аймагт Нямдаваа гэдэг хүн нисэх онгоц хийгээд унаж байлаа. Хэрэв тэр хүнийг дэмжсэн бол өнөөдөр Монгол Улс онгоцны үйлдвэртэй байх байсан. Тэгэхээр энэ бүтээхүйн ухаан технологийн сан, зохион бүтээхийн сан гэсэн хоёр зүйлээр л яригдана. Хорвоогийн шилдэг технологийг судалж, олон түмэндээ түгээх хэрэгтэй. Харин манайд технологийн сан байхгүй. Технологийн сантай болно гэдэг улс орны хувьд маш үнэтэй зүйл. Зохион бүтээх, технологи боловсруулах арга бий болсон цагт Ардчилал, өрсөлдөөн хоёр үр өгөөжөө өгч Монгол Улс хөгжинө.

Монгол Улс дэлхийгээс ангид байж чадахгүй. Дэлхий өнөөдөр тэр чигээрээ донсолж байна. Донслохдоо орчин үеийн хүн төрөлхтний амьдрал сууриараа донсолж байна. 1924 онд Оросын залуухан эрдэмтэн “Хүн төрөлхтөн техникийн, Европын соёл иргэншлээ орхиж, оюун ухаанаараа дэлхийтэйгээ цуг хөгжих цаг ирнэ. Үүнийг оюун бодлын соёл иргэншил гэнэ” хэмээжээ. Монгол оронд хөгжлийн ирээдүй бий.

Бид хэн бэ гэдгээ таньж байж яаж амьдрах ёстойгоо мэднэ. Сүүлийн арван жилд бидний үзэл өөрчлөгдөж, Монгол гэхээсээ илүү мөнгө шүтэх үзэл бий болжээ. Энэ л Монголыг алж байгаа юм шүү дээ. Албан тушаалын захад хүрээд авлига, хээл хахуульд орооцолдож байгаа хүн олон байна. Үүнээс бид салах ёстой. Залуу үеийнхэн та бүхэнд өвөг дээдэс тань баатарлаг гавьяа байгуулж, одоогийн Монгол орныг Монгол чигээр нь хүлээлгэн өгч байна. Та нар эзэн нь бай. Бид монгол заяагаа тээж, монгол угсаатныхаа соёлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэхийн төлөө төрсөн хүмүүс. Хүндрэл бэрхшээл тохиолдоно. Үүнийг оюун ухаан, эв нэгдлээрээ, сайн сайханд тэмүүлсэн тэмүүллээр даван туулаарай.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд солонгосчууд бидэнд ардчиллын хичээл зааж байна

Өмнөд солонгосчууд асар сонор соргог юм. Дээр нь шүүх, прокурор нь хэний ч хараат биш нь мэдэгдэж байна. Монголчууд бид харин Монголынхоо улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд яаж тэмцэж байгааг, тэр тэмцэлдээн нь том төслүүдийг хэрхэн зогсоож байгааг, тэрнээс нь болж бид улс орноороо дампуурч, яаж ядуурч байгаагаа хонь шиг хараад л сууж байдаг. Монголд бүлэглэлүүд Таван толгой, V цахилгаан станц, Гашуун сухайтын чиглэлийн төмөр зам, Таван толгойн цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр барихыг бүгдийг зогсоолоо, уул, уурхай, дэд бүтцийн салбарын хамаг л төсөл төлөвлөгөө, ажил хэргийг гацаалаа. Дэлхийн зах зээлд Монголын нүүрс үнэгүйдсэн нь энэ бүлэглэлүүдийн талцал, хэн нь их, бага идэх үү гэсэн “зодооноос” л болсон. Эдийн засаг ингэтлээ дорд орж, хөрөнгө оруулагчид итгэхээ байж нүүр буруулсан нь ч тэдний л талцлын үр дүнгийнх. Бүлэглэлүүдийн улс орноороо наадсан энэ зодоон олон жил үргэлжилж, сүүлдээ тэр нам, энэ намынх гэлтгүй, хоорондоо эвцэлдэж, бүлэглэлээрээ талцан маргаж, томоохон шийдвэрүүдэд нөлөөлөх болсон. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувь хүрч, жилийн дараа хорин хувьд хүрнэ гэж маадайж байсан үе бий. Ингээд л доройтож эхэлсэн дээ. Яахав, тухайн цаг үед хятадуудтай том гэрээ хийсэн Австралийн нүүрсний уурхай усанд автсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн. Мөн Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтыг манайхан дөрвөн тэрбумаар тооцож байсан ч зургаан тэрбумаар орж ирсэн зэрэг ч нөлөөлсөн. Бодит өсөлт биш ч, азаар өссөн. Гэхдээ л өссөн үү, өссөн. Өнөөдрийнхөөс өөр байсан. 2016 оны байдлаар эдийн засаг унаж, Монголын эдийн засагт гол өсөлт болж байсан, уул уурхайгаа таг зогсоож санаа нь амарлаа. Нүүрсийн үнэд тээврийн зардал маш чухал. Тиймээс ч Монголын компаниудын нэгдэл “Энержи ресурс” Германы том банктай хамтарч нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өсөхөөс өмнө нарийн царигтай төмөр зам тавихаар болоход өөр нэг бүлэглэл нь өргөн цариг яриад эхэлсэн. Ингээд л нэг хэсэг юм болов. Тэгж байтал Засгийн газар М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж төмөр замын асуудлыг урагшлуулах гэж үзээд УИХ нь гацаав. Мэдээж өнөөх л бүлэглэлүүдийн хийсэн ажил. Одоо Хятадын жижиг боомтууд татвар нэмснээр манай өнөөх зах зээлээс доогуур үнэтэй гарч байсан бүтээгдэхүүн бүр ч ашиггүй болох нь тэр. Энэ татварын нэмэлтийн талаар Далай ламыг Монголд ирүүлсэнтэй холбон тайлбарлаж байгаа ч угтаа бол түүнийг ирэхээс өмнө яригдаж байсан юм билээ. Харин Далай ламыг Монголд ирснээр яригдаж байсан асуудал шууд ажил хэрэг болчихлоо. Мэдээж Хятадын орон нутгийн жижиг дарга нар дээрээсээ зааваргүйгээр шууд шийдчихдэг юм биш л дээ. Нүүрсэн дээр нэмэх Оюу толгойн зэс ч зардал өндөр учраас хэсэг хугацаанд экспортоо зогсоолоо. Өнөөдөр эдийн засаг хасах руугаа орох гээд байж байна. Ерөнхий сайд нэлээд өөдрөгөөр эдийн засгийн өсөлтөө 3-7 хувьтайгаар хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан байна лээ. Энэ төлөвлөгөө хэрэгжихэд “Стэндбай”-ийн хэдэн төгрөг манайд юу ч болохгүй гэдгийг Олон улсын валютын сангийнхан анхааруулсан. Тэгэхээр Засгийн газрын энэ тооцоолол бол одоогоор бодит биш. Тиймээс Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээлээ шаргуу хөөцөлдөх шаардлагатайг олон улсын экспертүүд анхааруулсан. “Стэнд бай”-ийн мөнгө ч яахав захиран зарцуулахыг ОУВС мэднэ. Харин хөнгөлөлттэй зээлийн мөнгийг мөн л орж ирлээ гэхэд булаацалдаж, улсаараа тоглох вий гэж учир мэдэх хүмүүс эмээж байна.

Дотооддоо ийм болохоор гадныханд амархан зууш харагддаг биз дээ, бид. Улстөрчид ханаж цадахаа мэдэхгүй, ард түмэн нь номхон хүлцэнгүй. Хоёр хөршийн захиалгаар Монголын улс төрийн нөхцөл байдлыг өөрсдөдөө ойртуулах, өөрсдөдөө тааруулах, ижил байлгах зорилготой захиалгын төр засаг, парламенттай боллоо. Цаашдаа Монголын төр засгийг хоёр, гуравхан хүн халаа сэлгээгүй ээлжлэн барьж байх шинж бүрдэж байна. Энэ бүгдэд бид дуугүй л сууж байна. Өнөөх л хонь шиг номхон хэвээрээ. ОХУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг дипломатч Монголын од дуучинг зодож, гарын чилээгээ гаргаж байхад бид захиалгын юмыг нь бичиж, “Манай дуучин “Хай Гитлер” гэж хэлж Оросын дургүйг хүргэлээ” гээд сууж байдаг. Цагдаа хүчнийхэн нь ч нутаг нэгтнийг нь гадаад хүн зодож байхад нөгөө хүнийг нь шалгаж байцаасан ч үгүй. Мэдээлэл авах гэхээр “Шалгаж байгаа, одоогоор нийтэд зарлах боломжгүй, хоёр улсын харилцаа” гэсэн юм яриад ам таглана.

Эрх мэдэлтнүүд нь ард түмнийг мухар сүсэг, бөөгийн ёсоор удирдаж, улс орны хувь заяаг тэнгэрт даатгаад л сууж байдаг. Үүнд нь ч ард түмэн итгэж, уухайлав. Төрийн томчууд, улстөрчдийнх нь ард лам, бөө, хараалч, ерөөлч, илэрхий сууж байдаг. “Тэр дарга надаас ирж асуудаг, үзүүлдэг, мэргэлүүлдэг” гээд өнөөдүүл нь бахдалтайгаар нийтэд зарлаж байна. Ингэж араа даатгадаг бөө, лам, мэргэч төлгөчийнхөө үгээр төр засгийн ажлыг явуулж, тусгаар тогтнол нь хэврэгших явцыг илэрхий явуулсаар байхад бид таг дүлий, таг сохор юм шиг хүлцэнгүй байсаар цаад наадахыг мэдэхгүй гэнэн томоогүй хүүхэд шиг учрыг нь ухаж ойлгохгүй, нягталж бодох ч үгүй хувь заяандаа найдсаар ирлээ. Тэгэхэд өмнөд солонгосчуудыг хар. Тэдний яаж тэмцэж байгааг бид харлаа. Нэг удгантай найзалсных нь төлөө, тэр удганаар хэлэх үгээ уншуулсных нь төлөө мухар сүсгээр төр засгаа удирдуулахгүй гэж ямар айхтар тэмцэж байна. Хэдэн саяараа гудамжиндаа гараад тэмцлээ. Хот болгон нь энэ тэмцлийг уухайлан түрэв. Авлигыг яаж эсэргүүцэж байна. Тэд нийтийн эрх ашгийн төлөө, өөрсдийнхөө сайн сайхны төлөө ямар сонор соргог байна. Солонгосчууд өндөр албан тушаалтнууд бидний төлөө ажиллах ёстой, тэр хэрээрээ хариуцлага үүрэх ёстой гэж үздэг. Тиймдээ ч буруу хэрэг хийсэн гэж үзвэл хариуцлага тооцож, нэгдэж жагсаж, хэдэн саяараа эсэргүүцсээр Ерөнхийлөгч Пак Гын Хэг толгой бөхийж уучлалт гуйлгаж, парламентаар хэлэлцэхэд хүргэлээ. Манайхан сонгохоосоо эхлээд л “Энэ идэж уух гэж гарч байна” гэж хэлсээр байгаад л сонгочихдог. Яг тэр хэлснээр нь болдог. Жагсахаараа өөрсдийн хүслээр биш хэн нэгний даалгавраар жагсдаг болохоор төд удалгүй зорилгоосоо няцаж, үр дүн нь ч гардаггүй. Монголд ардчиллын төлөөх жагсаал л үр дүнд хүрснээс тэрнээс хойшхыг нь бол хэн ч мэдэхгүй. Жагслаа л гэдэг, болилоо л гэж байдаг. Манай цагдаа, хүчнийхэн төрийн ордонг, эрх баригчдыг жагсаж тэмцэж байгаа иргэдээсээ хамгаалдаг бол Солонгост жагсагчдыг гадны нөлөөнөөс хамгаалж цагдаа нар нь хамт байж байх жишээний. Солонгост сая өрнөсөн тэмцэл маш эмх цэгцтэй, тууштай, зохион байгуулалт сайтай байв. Энэ жагсаал эв нэгдэл, эмх цэгц, зохион байгуулалттай төдийгүй төрийн бус байгууллагууд, холбоод, иргэд нь хэрхэн нэгдэж, прокурор, хуулийн байгууллага нь яаж хараат бус ажиллаж болдгийг харууллаа. Прокурорын байгууллага нь Ерөнхийлөгчөө ордноос гаргахгүй ёс зүйн шаардлага тавьж, хэвлэл мэдээлэл нь эрх мэдэлтний заавраар биш хараат бусаар ажиллаж, иргэд нь зорилго нэгтэй тэмцэж, тэр ч байтугай жагсаж цугласны дараа сайн дураараа хогоо цэвэрлэж байсан. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болоход дэмжиж саналаа өгсөн хүмүүс хүртэл ард түмнээсээ уучлал гуйж байна. “Бид буруу хүнийг сонгож, биднийг уучлаарай” гэсэн зурагт хуудас барьсан байв. Бид үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх хамгийн боломжтой зам ардчиллыг сонгосон хэрнээ яаж хэрэгжүүлсэн юм бэ. Өмнөд солонгосчууд бидэнд саяын тэмцлээрээ ардчиллын хичээл зааж байна. Тэмцэж чаддаг ард түмэн ардчиллаа ингэж бэхжүүлж, ингэж хамгаалдаг юм байна.

Дэлхийн улс орнууд од гаригсын нууцыг нээж, тэнд амьдрал хайж, амьдрал бий болгохоор хөдөлмөрлөж, ангараг дээр хөрс шинжилдэг техник буулгаж байна. Хүн төрөлхтөн дэлхий гэдэг гаригаасаа хальж сэтгэж байхад хувь заяагаа бурханд даатган сумны үзүүрт захиа бичин харваж буй төр засгийнхнаа хараад өнөөх харвасан сум нь бурханд хүрнэ, бурхан тэр захиаг уншаад бидний хүслийг гүйцээнэ гэж үнэмшин, тэнгэрт залбирч суугаа нь хэтэрхий мунхаг харанхуй биш үү. Хэн биднийг ийм болгох гээд байна. Зарим хүн тэнгэрт сум тавихыг ёс заншил төдий зүйл гэж бодох ч ихэнх нь бурханд хүрнэ гэдэгт найдаад сууж байна. Биднийг ийм тэнэг мангар байлгах гээд байна. Байлгаад ч байна. Тэгэхэд бурхны шашны тэргүүн Далай лам сая Монгол ирээд “Хэрвээ та нар намайг хүндэлдэг бол шинжлэх ухаанч бурхны сургаалтан байгаасай гэж хүсч байна. Шинжлэх ухаанаа судал” гэж хэлж байх юм. Их сэтгэгч Баабар “Пак Гын Хэгийн талаар солонгосчуудтай маргав. “Манай Ерөнхийлөгч бөөгөөс зөвлөгөө авдаг. Харин танайд бүр бөөг сайд болгодог” гэж ам таглав” гэсэн байна лээ. Үүнийгээ солонгосчуудад мад тавиуллаа гэж тодотгосон.

Монголчууд бид тэнгэр бурхны тусламжид найдан, улс төрчдөөрөө улс орноо тоглуулж, хувь заяагаа даатгаад мунхгийн их далайд живж суух зуур Далай лам бурхны шашны тэргүүн хэрнээ шинжлэх ухаан судлахыг бидэнд захиад мад тавилаа.