Categories
мэдээ эдийн-засаг

Импортын хэмжээ 415.5 сая ам.доллараар буурчээ

Үндэсний статистикийн хороо сар бүр нийгэм, эдийн засгийн статистик мэдээ, мэдээллийг хүргэдэг билээ.

Тэгвэл Улсын төсвийн тэнцэл 2.7 их наяд хүрч өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд 575.2 тэрбум төгрөгөөр өссөн нь зарлага, орлогоосоо 25.6 пунктээр давсантай холбоотой хэмээн Үндэсний статистикийн хороо өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн Улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ долоон их наяд 736.7 тэрбум төгрөг давсаныг нэг жилийн өмнөхтэй харьцуулахад нэг их наяд 604.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Зарлага ингэж өсөхөд урсгал зардал 887.1 тэрбум, хөрөнгийн зардал 266.6 тэрбум, цэвэр зээл 450.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад төсвөөс гарах хөрөнгийн зардал 156.2 тэрбум төгрөгөөр өссөн нь 2016 оны арваннэгдүгээр сард улсын төсөв 357 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахад хүргэсэн аж.

Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөнсард 7.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 4.3 тэрбум ам.доллар, импорт 3.1 тэрбум ам.доллар байна. Импортын хэмжээ нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 415.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Эрдэс бүтээгдэхүүний хэмжээ 223.3 сая, дизель түлш 128.2 сая, автобензин 79.7 сая ам.доллараар буурсан нь импорт буурахад голлон нөлөөлжээ.

Эсрэгээрээ экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 сая ам.доллараар өссөн байна. Хилээр гарах хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн хэмжээ 222.2 сая ам.доллараар өссөн нь экспорт нэмэгдэхэд хүргэжээ.

Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 11.6 их наяд төгрөг болсныг шинжээчид онцолж байна. Энэ нь өмнөх сараас 112.7 тэрбум төгрөгөөр, 2015 оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны төлбөрөө ТҮЦ машинаар төлөх боломжтой

Цахилгааны төлбөрөө банкаас гадна Улаанбаатар хотод байрлах ТҮЦ машинуудыг ашиглан төлөх боломжтой юм байна.

Улаанбаатар хотод нийт 70 гаруй ТҮЦ машин байх бөгөөд та аль ойр газартаа хандаж болох аж.

Уг машинаар дамжуулан та сарын төлбөр болоод бусад мэдээллийг авах юм.

Сануулахад, хэрэглэгчид төлбөрийн үлдэгдлээ 137004 утасны дугаарт хэрэглэгчийн долоон оронтой тоогоо илгээн шалгаж болно.

Categories
гадаад мэдээ

Найроби хотноо халдлага болж, 39 хүн амиа алджээ

Кенийн нийслэл Найроби хотноо өнгөрөгч амралтын өдөр террорист халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Халдлагын улмаас 39 хүн амиа алдсан байна. Террористууд өчигдөр 11.30 цагт хотын төвд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин дэлбэлжээ. Дэлбэрэлтийн улмаас ачааны машины хажууд зогсч байсан 10 гаруй автомашин дэлбэрч, дахин ашиглах боломжгүй болсон байна.

Тус улсын Дотоод хэргийн сайд Жосеф Нкайссери “Энэ бол үндэсний эмгэнэл юм” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Эрх баригчид уг халдлагын цаана “алан хядах “Аль Шабаб” бүлэглэл бий” хэмээн мэдэгдэв. Одоогоор тус бүлэглэл Найроби хотын халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Манай намд ард түмэн итгэж байгаагаа өнгөрсөн сонгуулиар баталсан

МАН-ын VII бага хурал 121 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ. Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа даргалж, орлогч даргаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь томилогдсон байна.

МАН-ын VII Бага хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан.

Тэрээр “Энэ удаагийн Бага хурлын хуралдаан УИХ болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөл байдлын дунд, манай нам эрх баригч улс төрийн хүчин болсон үед болж байгаагаараа өмнөх Бага хурлын хуралдаануудаас онцлог болж байна. Манай намд Монголын ард түмэн бүрэн итгэж байгаагаа өнгөрсөн сонгуулиудаар батлан харуулж чадлаа. УИХ-ын сонгуулиар парламентын нийт суудлын 85.5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г манай намын гишүүд авлаа. Энэ бол МАН-ын хувьд сүүлийн 10 гаруй жил гарч байгаагүй том амжилт, үнэмлэхүй ялалт байв. Энэ ялалт бол Монголын нийт ард түмний ялалт. Төрийн жолоог барьж чадах, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө тууштай зүтгэдэг, тулхтай, туршлагатай улс төрийн хүчин бол Монгол Ардын Нам гэдгийг манай ард түмэн бас дахин нэг удаа мэдэрч ойлгосон, тэр хэрээр ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа.Түүнчлэн ямар ч цаг үед намтайгаа, ард түмэнтэйгээ хамт байж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсэн Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн тэмцэл зүтгэлийн үр дүн юм” хэмээн хэлжээ.

МАН-ын хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ спорт

Ч.Марал-Эрдэнэ: Бөхийн спортдоо үнэнч зүтгэж, дэлхийн аваргаа хамгаална

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 10-наас Болгорын Софи хотноо дөрөв хоног үргэлжилсэн. Тус тэмцээний 52 кг жингийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Ч.Марал-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай улсаас хичнээн тамирчин дэлхийн аваргад оролцов. Тэмцээний сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

– Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргад 88 орны 630 гаруй тамирчин оролцсоноос ОХУ-ын баг тэргүүн байрт шалгарсан. Манай улсаас долоон тамирчин, нэг дасгалжуулагч, нэг шүүгч оролцож багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан. Манай багаас Сэлэнгэ аймгийн тамирчин Тогтохбаяр байлдааны самбогоор хүрэл медаль, би 52 кг жинд алтан медаль хүртсэн.

-Таны барилдсан жинд хичнээн тамирчин байсан. Аль улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Манай жинд 18 тамирчин барилдсан. Би жиндээ тогтмол амжилт гаргадаг 4-5 лидер тамирчныг судалж очсон. Тэдэнтэйгээ бүгдтэй нь таарсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол ноднингийн дэлхийн аварга Казакстаны Канзана Бэмбэт байсан. Энэ залуутай хоёрдугаар тойрогт таарсан. Сөхөж үүрч нэг оноо аваад, өмсүүлээд нэг оноо алдсан. Дараа нь сууж үүрэх мэхээр нэг оноо, хонгодож нэг оноо аваад хожсон доо.

-Тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал. Өөртөө итгэлтэй байсан уу?

– Би урьд нь 57-д барилдаж байсан болохоор 52 кг-д оролцвол амжилт гаргаж чадах юм шиг санагдсан. Тэгээд шигшээ багийн дасгалжуулагч Баярсайхан багштай ярилцаад 52 кг-д орохоор болж зургаан кг жин хасаад санасан амжилтаа гаргаж чадлаа.

-Урьд нь улс, тивийн аваргад ямар амжилт гаргаж байсан бэ. Энэ спортоор хэзээнээс хичээллэж эхлэв?

– Би Эрдэнэт хотын “Хангарьд” спорт клубт самбо, жудо бөхөөр 13 жил хичээллэж байна. Миний анхны дасгалжуулагч бол Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ш.Бат-Орших. Харин одоо бол Ж.Нямдорж багшийн удирдлага дор хичээллэж байна. Самбо бөхийн улсын аваргаас хоёр алт, хоёр хүрэл медальтай. Залуучуудын дэлхийн аваргын хүрэл, Казаны оюутны универсиадаас мөнгөн медаль хүртэж байсан. Анх зурагтаар жүдо бөхийн барилдаан үзээд хувцас өмсгөл нь таалагдсан учраас барилдаж эхлэхээр шийдсэн. Манай ах намайг жүдо бөхийн секцэд оруулж өгч байсан.

-Танайх бөхийн удамтай юу. Үндэсний бөхөөр барилддаг уу?

– Аавын талд байхгүй. Манай ээж Архангай аймгийн Булган сумынх. Монгол Улсын хурц арслан Мөнх-Эрдэнийг ээжийн талын хамаатан гэдэг ч би сайн мэдэхгүй. Эмээ амьд байхдаа танилцуулж өгнө гэдэг байсан. Үндэсний бөхөөр хаа нэг барилдаж, сумын наадамд гардаг.

-Цаашдын хүсэл зорилго юу байна?

-Бөхийн спортдоо үнэнч зүтгэж, дэлхийн аваргаа хамгаална гэж боддог.

Дасгалжуулагч.

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Хангарьд спорт клубийн хамт олон, Орхон аймгийн засаг дарга, гэр бүл найз нөхөддөө баярлалаа.

Өдөрт хоёр цагаар хоёр удаа бэлтгэл хийдэг. Өглөө хүчний, орой дэвжээний бэлтгэл хийдэг. Жингээ хасч барилддаг болохоор жин хасах л жаахан хэцүү байдаг. Сая долоон кг хасаж дэлхийн аваргад орсон.

Б.Наранчимэг

Categories
мэдээ нийгэм

Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг баталлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хуралд оролцож байна. Тус хурал нь Москва хотноо арванхоёрдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр/2016.12.12/ өндөрлөж байгаа юм. Энэхүү бага хурлын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа татгалзаж байгаагаа мэдэгдээд байсан юм. Гэвч эцсийн мөчид БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лю Сяоминь хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгээ Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ бол 2016 оны зургадугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн зурсан Тээврийн дэд сайд Лю Сяоминь танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Хятадын талаас энэхүү гэрээг байгуулахад онцгой хүчин чармайлт гарсаныг онцлон тэмдэглье” гэжээ.

Дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Орос, Хятад гурван улсын бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Цаашлаад гурван улс хамтран хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг холбосон төмөр зам, авто замын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ спорт

Юүко үнэлгээг байхгүй болгожээ

Ирэх олимпийн циклд жүдочид шинэчилсэн дүрмээр барилдахаар болж байна

Жүдо бөхийн дүрмийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох, илүү хялбаршуулах үүднээс өөрчлөх болсноо IJF-ийн удирдлага мэдэгдлээ. Арванхоёрдугаар сарын эхээр Японы Токио хотноо болсон “Их дуулга”-ын тэмцээний үеэр болсон IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/-ийн их хурлаар дүрмийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ.Тухайлбал, барилдааны хугацаа эрэгтэй, эмэгтэй адилхан дөрвөн минут болсон, юүко үнэлгээг бүрмөсөн байхгүй болгосон, торгуулиар барилдааны хувь заяаг шийдэхгүй зэрэг өөрчлөлт оруулжээ.

Дүрмийн өөрчлөлт нь ирэх дөрвөн жилд буюу Риогоос Токио хүртэлх олимпийн циклийн хугацаанд мөрдөгдөх юм. 2017 оны хоёрдугаар сард Парис хотноо болох “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээнээр Токиогийн олимпийн цикл эхэлж байна.

Мөн олон улсын олимпийн хороонд зуны олимпийн хөтөлбөрт жүдо бөхийн багийн барилдааныг багтаах хүслээ уламжлахаар болсон байна. Ингэхдээ багийн барилдаан нь эмэгтэй гурав (-57, -70, +70 кг), эрэгтэй гурав (-73, -90, +90 кг) жин багтаасан холимог бүрэлдэхүүнтэй байх ажээ.

Жүдогийн дүрэмд оруулсан дүрмийн өөрчлөлтийг танилцуулъя.

Барилдааны хугацаа:

  • Эрэгтэй, эмэгтэй адил дөрвөн (4) минут барилдана. Зөвхөн үнэлгээ (техникийн оноо)-гээр барилдааны ялагчийг тодруулна. Ингэснээр торгуулиар барилдааны хувь заяаг шийдэхгүй болж байгаа юм.

Golden score буюу нэмэлт цаг:

  • Өрсөлдөгч бөхчүүд хэн хэн нь оноо (үнэлгээ) аваагүй, эсвэл ижил оноотой байгаа тохиолдолд барилдаан Golden score-оор үргэлжилнэ. Барилдааны үндсэн цагт авсан оноо болон торгууль онооны самбарт хэвээр үлдэнэ. Ялагчийг онооны зөрүү, эсвэл шидогоор шийднэ.

Үнэлгээ:

  • Юүко үнэлгээ байхгүй болж, зөвхөн иппон болон вазари үнэлгээтэй болсон
  • Хажуугаар унагаасан бүх шидэлтэд юүко өгдөг байсан бол одоо вазари үнэлгээ өгнө.
  • Өмнө нь хоёр вазари үнэлгээ авахад иппон болдог байсныг хүчингүй болгож, вазариг нэмж тооцох үнэлгээ байхгүй болсон.
  • Даралтад 20 секунд дарахад иппон, 10 секунд бол вазари үнэлгээ өгнө.

Торгууль:

  • Дөрвөн шидогоор Хансокү Макэ болдог байсан бол одоо гурван шидо нь Хансокү Макэ болно.
  • Шүүлтийг илүү хялбар, ойлгомжтой болгох үүднээс жүдогийн өмсгөл (жүдоги)-өөс татах, шүүрэх зарим үйлдэлд торгууль оноохгүй болсон байна.
  • Хамгаалах барилдаан хийсэн тохиолдолд шидо өгнө.
  • Хөлд суух, өмднөөс татах үйлдэлд эхлээд шидо, хоёр дахь удаад Хансокү Макэ болно.

Дээрх дүрмийн өөрчлөлтийн талаар ирэх нэгдүгээр сард Азербайжаны нийслэл Баку хотноо болох дасгалжуулагч, шүүгчдийн семинарын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, сургалт явуулах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар О.Энх-Эрдэнэ шалгарлаа

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны финалын шатны шалгаруулалт өчигдөр болж, 100 сая төгрөгийн эзнийг үзэгчдийн саналаар тодрууллаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээний финалд найман оролцогч тунаж үлдсэнээс О.Энх-Эрдэнэ үзэгчдийн саналаар тэргүүлсэн бол Б.Шижирбат удааллаа.

“Нуугдсан эрдэнэ” хэмээх тодотголтой О.Энх-Эрдэнэ нэгдүгээр шатандаа “Amarillo by morning” нэртэй кантри стилийн дуу дуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Гуравдугаар шатандаа тэрээр “Тааруухан дууллаа” гэх үнэлгээг үзэгчдээс авч байсан ч мөн л саналын илт давуу байдлаар финалын шатанд шалгарч чадсан юм. Харин өчигдөр буюу сүүлийн шатанд тэрээр дуучин Х.Төмөрийн дуулсан “Нарт тэнгэрийн дор” дууг дуулж үзэгчдийн сэтгэлийг дахин хөдөлгөж чадсан бололтой.

Түүнд анх авга ах нь “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцоод үзээч гэсэн санал тавьсан аж. Тухайн үед үзээд алдъя гэж дуучин маань бодоод уг шоунд оролцсон байна.

Тэрээр Эрдэнэт хотын ТИС-д уул уурхайн цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа. Одоо гуравдугаар курсын оюутан юм.

Түүний шоунд оролцсон уран бүтээлийг хүргэе.

Categories
мэдээ соёл-урлаг

“Miss world-2016” тэмцээний санал асуулга үргэлжилж байна

АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 18-ны өдөр “Miss World” буюу “Дэлхийн мисс” тэмцээний финалын шатны шалгаруулалт болно. Нийт 120 орны оролцогч өрсөлдөж буй уг тэмцээнд Монголыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож буй. Тэрээр авьяасын үзүүлбэрээрээ шилдэг 10-т шалгарсан төдийгүй, финалын шалгаруулалтын өдөр эхний эгнээнд бүжиглэхээр болсон тухай бид өмнө мэдээлсэн.

Дахин нэг баяртай мэдээ дуулгахад миссүүдийн хийж буй Хүмүүнлэгийн ажлын үнэлгээнд тэрээр шилдэг 24-т буюу хагас шигшээд үлдээд байна. Мисс А.Баярцэцэг энэхүү “Агаа эгээ” нэртэй төслөөрөө дамжуулан асрамжийн газрын хүүхдүүдэд үлгэрлэн дууриах, зөвлөн туслах насан туршийн агаа, эгээг нь олж өгдөг аж.

Мөн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss world-2016” тэмцээний санал асуулга дуусахад зургаан хоног үлдсэн бөгөөд хэрэв бид уг санал асуулгад түрүүлбэл финалын өдөр “шилдэг 10-т” автоматаар орох юм.

Эцсийн ялагчийг MobStar aрр-р тодруулах бөгөөд санал асуулга эхэлсэн.

1. Доорх линкээр апп-ыг суулгаад, share.mobstar.com/info.php?id=94697

2. Mobstar-caa “MISS WORLD OFFICIAL” гэж бичээд хайна,

3. Miss World-ын profile гарч ирэх бөгөөд түүн дээрээс Монголынхоо авъяасын үзүүлбэрийг олох,

4. Бөрийн оролцогчийнхоо “зүүнээс (тоо байгаа одоогоор 1000 давсан) баруун тийш гулсуулан YES” хэмээн саналаа өгнө.

‪Б.ГЭРЭЛbayartsetseg

bayartsetseg

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр самар түүж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үзэгдэх орчин хязгаарлагдсан гэх шалтгаанаар түр зогссон байсныг үргэлжилүүлэн хайж эхэлжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт харьяалагдах Баянцагаан багийн, Баруун моностой гэдэг газар самар түүж байсан иргэн Г өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 2-нд ар гэрийнхнээс нь ирсэн байна. Энэ өдрөөс хойш тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, орон нутгийн таван иргэн, ар гэрийн хоёр иргэн, нийт 13 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Тогоот уулын орчимд зохион байгуулж энэ сарын 9-ний өдөр явганаар 11 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилсээр байгаа аж.