Categories
мэдээ соёл-урлаг

Б.Буяндэлгэр: “Өвлийн тууж”-ийн дүрүүд дотор сай хүн ч байхгүй, муу хүн ч байхгүй

“Өвлийн тууж” киноны нээлт энэ сарын 15-нд болох талаар кино бүтээгчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Кино сонирхогчид түүнийг “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киногоор нь таних буй за. “Өвлийн тууж”-ийн найруулагчаар түүний хань Б.Тулгаа ажилласан бөгөөд монголчуудын хувьд цоо шинэ сэдвийг сонгон авч, хэний ч төсөөлөөгүй өөр түүхийн талаар өгүүлж байгаа гэдгээ онцоллоо.

Киноны гол дүрд Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар тоглосон бөгөөд тэд ч мөн өмнө нь бүтээж байсанаасаа огт өөр дүрүүдийг бүтээжээ.

Зохиолч Б.Буяндэлгэр:

-Би дүр бүрээ өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй байгаасай гэж хүсдэг. Магадгүй, энэ ч утгаараа “Өвлийн тууж”-ийн дүрүүд дотор сайн ч хүн байхгүй, муу ч хүн байхгүй.

Найруулагч Б.Тулгаа:

-Киноны маань агуулга ч, дүрүүд маань ч, үйл явдал нь ч таавар байгаасай. Тэр тааврын хариуг үзэгчид өөр өөрийнхөөрөө олох биз ээ.

Жүжигчин Б.Эрдэнэчимэг:

-“Өвлийн тууж” их хүнд сэдэв хөндсөн боловч үзүүлэх гэсэн зүйл, хэлэх гэсэн санаагаа үзэгчдийн тархинд дарамт үүсгэлгүйгээр илэрхийлж чадсан кино болсон гэж бодож байна.

Жүжигчин Б.Батмэнд:

-Зохиолч, найруулагч хоёр маань “Энэ дүрийг танд зориулж бичлээ” гэхэд надад асар том хариуцлага хүлээлгэж байгаа юм байна даа гэж бодсон.

Жүжигчин Э.Мөнхтөр:

-“Гэмгүй царайны минь цаана гэмээ нуусан” дүрийг хэн нэгэн найруулагч надад санал болгоосой гэж хүсэж байлаа. Намайг энэ хүсэлдээ ид шатаж явах үед найруулагч Б.Тулгаа хүссэн дүрийг минь өгсөн.

Жүжигчин Б.Хулан:

-Найруулагчид намайг ямар ч атаа хорсол тээгээгүй, гэмгүй цайлган дүрээр л хардаг. Харин “Өвлийн тууж”-ийн уран бүтээлчид надад огт өөр өнцөг өгсөнд баяртай байна. Найруулагчийн өгсөн тэр өнцөгийг өөртөө нааж чадсан эсэхээ энэ сарын 15-нд үзэгчидтэйгээ хамт үзнэ бас шүүнэ

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны цуврал 12 товхимлыг ЕБС-уудад үнэгүй олголоо

Монгол улсын ШУА-аас хоёр дахь жилдээ ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулан эрхлэн гаргаж буй шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 12 бүтээлийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэ үеэр тус цувралыг нийслэлийн 117 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчит таван их сургуулийн номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд бэлэглэсэн юм.

2015 онд тус академиас шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал 10 ном бүтээж байсан бол энэ жил тус цувралын үргэлжлэл болгон:

1.“Эх дэлхий”,

2.“Монголын эзэнт гүрэн”,

3.“Дэлхийн шашин”, ,

4.“Хэл гэж юу вэ?”,

5.“Монгол орны эртний амьтан ургамал”,

6.“Монгол орны хөхтөн амьтан”,

7.“Монгол орны сонирхолтой цэцэгт ургамал”,

8.“Тоон гарын үсэг”,

9.“Вирусын гаралтай өвчин”,

10.“Хачгаар халдварладаг өвчнөөс сэргийлэх нь”,

11.“Хог хаягдлын шатаалтаас үүсэх хорт бодисууд”

12. “Хотжилт” зэрэг сонирхолтой 12 товхимлыг эрхлэн гаргажээ.

Нийт зургаан мянган хувь хэвлэгдсэн энэхүү цуврал номыг бүтээхэд ШУА-иас 15 сая гаруй төгрөг зарцуулсан гэв. Энэ удаагийн цуврал бүтээлийг бүх шатны сургуулийн хүүхдүүд, оюутнуудаас гадна шинжлэх ухааны ойлголтыг сонирхдог энгийн иргэд ч гэсэн унших, танин мэдэх боломжтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2016 оны шилдгүүдээ тодрууллаа

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг Монголын хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт боллоо.

Үүнд:

2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА-“ӨДРИЙН СОНИН”

  • ШИЛДГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ-“ӨНӨӨДӨР” СОНИНЫ СЭТГҮҮЛЧ ХЭНЗЭЭГИЙН БОЛОРМАА
  • ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ МҮОНР-ГИЙН ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ ТӨМӨРИЙН БОЛДБААТАР
  • ГЭРЭЛ ЗУРГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ МОНГОЛЫН СПОРТЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБООНЫ ГЭРЭЛ ЗУРАГЧИН ЧУЛУУНБААТАРЫН ГАНБАТ
  • МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ “ITOIM.MN” САЙТЫН СЭТГҮҮЛЧ ГАНБААТАРЫН УЛСБОЛД
  • СЭТГҮҮЛИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ “БАРИЛГА.МН” СЭТГҮҮЛИЙН СЭТГҮҮЛЧ СЭРГЭЛЭНГИЙН БАЯРМАА
  • РАДИОГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ МҮОНР-ИЙН СЭТГҮҮЛЧ ДАШДОНДОГИЙН БАТ-ОРШИХ
  • СОНИНЫ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИНЫ СЭТГҮҮЛЧ БАТБАЯРЫН БАЯРТОГТОХ
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ШИЛДЭГ МЕНЕЖЕР“GOGO” МЭДЭЭНИЙ АГЕНТЛАГИЙН ЗАХИРАЛ ГАНБҮРГЭДИЙН ГАНТУЯА

2016 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГААР:

  • ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ СОНИН ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРХ ЧӨЛӨӨ” СОНИН
  • ШИЛДЭГ ТЕЛЕВИЗ ДОРНОД АЙМГИЙН “ДОРНОД ТЕЛЕВИЗ”
  • САЛБАРЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛ “MONGOLIAN ECONOMY” СЭТГҮҮЛ
  • ШИЛДЭГ СЭТГҮҮЛ “OBSERVER” СЭТГҮҮЛ
  • ШИЛДЭГ САЙТ МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН САЙТ
  • ШИЛДЭГ СОНИН “ӨНӨӨДӨР” СОНИН

МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ:

  • “THE MONGOLIAN MINING JOURNAL” СЭТГҮҮЛ
  • ТВ-3 ТЕЛЕВИЗИЙН ЗӨВЛӨХ НАМХАЙН ДОЛГОР
  • “ЗАР МЭДЭЭ” СОНИН
  • “ОPEN DOOR” СОНИН
  • МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ нийгэм

Хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн 80 хувь нь зээлтэй байна

Өнөөдөр эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа хувиараа худалдаа, наймаа эрхлэгчид мэдээлэл хийлээ.

Хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд орлого нь огцом буурсан байна. Тухайлбал, өдөртөө нэг ширхэг бараа зарж чадахгүй буух тохиолдол цөөнгүй болсон тухайгаа ярьж байна. Авсан бараа нь зарагдахгүй удсаны улмаас өрөнд орж, байр машины зээлтэй хүмүүс дахин зээл авахаас өөр аргагүйд хүрч байгаа аж. Тэд мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө зээлж өдөр хоногоо аргацааж, олсон мөнгөө банкны өр зээлийн хүүд төлж гар дээрээ мөнгөгүй хоцордог байна.

Өдрөөс өдөрт нөхцөл байдал нь улам дордож, амьдрал ахуй нь уруудах болсон худалдаа эрхлэгчид нэгдэн холбоо байгуулахаар ажиллаж байгаа аж. Тэд Монголын өнцөг булан бүрт жижиглэн худалдаа эрхлэгч 200 мянган иргэний эрхийг хамгаалахаар ийнхүү нэгдсэн тухайгаа хэлэв. Уг үйл ажиллагаагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд энэ хооронд худалдаа эрхлэгчдийн дунд судалгаа явуулж эхэлсэн байна.

Судалгаагаар зээлтэй иргэдийн 40 хувь нь хугацаа хэтэрсэн зээлтэй аж. Тэдний зээлийн хүү маш өндөр бөгөөд банкнаас авсан зээлийн хүү нь ч өндөр байдаг байна.

Түүнчлэн хувиараа наймаа эрхэлдэг иргэдийн 80 хувь нь зээлтэй, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй зах, худалдааны төвөд ажиллаж байгаа иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 30 гаруй хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг байна.

Иймд энэ асуудлыг төр засгийн зүгээс сайн хуулиар зохицуулж өгөхийг тэд хүсэж байна. Учир нь, Монгол улсын төр засаг 20 гаруй жил улсаас юу ч хүсээгүй өөрөө өөртөө ажлын байр бэлдэж ирсэн эдгээр хүмүүсийг харж үзэж байгаагүй. Иймээс эдийн засгийн хүнд нөхцөлд аргаа барж байгаа эдгээр иргэдийн эрхийг хамгаалахаар хүү багатай урт хугацааны зээл олгож өгөхийг хүсэж байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ танигдсан “ТЭС ПЕТРОЛИУМ”

“Тэс Петролиум” компанийн захирал Ц.Майдартай уулзаж, ярилцлаа.


-Би өнгөрсөн зунаас “Тэс Петролиум”-аас шатахуунаа авдаг болсон. Найзууддаа ч танай шатахууныг бусдаас чанартай гэж магтаад авсан шүү. Хөнгөлөлтийн картаараа богинохон хугацаанд чамлахааргүй хэрэглэгч татсан юм шиг санагдсан?

-“Тэс”шатахууны хөнгөлөлтийн картаа өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 9-нд анх Улаанбаатарынхаа хэрэглэгчдэд зориулж гаргаж байлаа. Одоо бол “Тэс Петролиум” компанийн бүх ШТС-аас иргэд картаа ашиглан литр тутамдаа 50 хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлээд, мөнгөө хэмнээд явах боломжтой. “Тэс” хөнгөлөлтийн картаар дамжуулан манай компанийн ажил үйлчилгээ хэрэглэгчдэд илүү их танигдаж байгаа байх гэж бодож байна.

-Зарим иргэн “Тэс” хөнгөлөлтийн картыг хэрэглэгчээ татах нэг хэлбэр гэж харж байгаа байх. Одоогоор хичнээн хэрэглэгч “Тэс” хөнгөлөлтийн картыг эзэмшдэг болсон бэ?

-Бид үргэлж хэрэглэгчээ дээдэлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар хөнгөлөлт эдлэх эрхтэй жолооч нарын тоо 100 гаруй мянгад хүрсэн байна. Карт эзэмшигч, хэрэглэгч бүр литр тутамдаа 50 хүртэлх төгрөг хэмнэх боломжтой. Энэ мөнгө айл өрхийн төсөвт үлдэж, өөр хэрэгтэй зүйлст зарцуулагдаж байгаа гэж бодохоор сайхан санагддаг.

-Одоогоор “Тэс Петролиум” компанийн салбар хэдэн шатахуун түгээх станцтай вэ?

-Хөнгөлөлтийн картаа гаргаснаас хойших хугацаанд шатахуун түгээх нэгжийнхээ тоог нэмж 80-д хүргэсэн. Өөрөөр хэлбэл, манай компани өөрийн ШТС, үйлчилгээний салбаруудыг Улаанбаатар хот болон дийлэнх аймаг, хотууд, Мянганы замын босоо болон хөндлөн тэнхлэгийн дагуу барьж байгуулан хэрэглэгчдэд үйлчилж байна.

-Хэрэглэгчээ татах танай компанийн эхний маркетинг (хөнгөлөлтийн карт) жолооч нарын дунд өргөнөөр түгсэн гэж ажиглагдсан. Та бүхний төлөвлөж байгаа дараагийн маркетингийн ажил юу байх бол?

-Энэхүү хөнгөлөлтийн картын системийг “Веритек” ХХК-ийн хамт олонтой хамтран бүтээсэн, цаашид хэрэглэгчдийн хэрэгцээ таашаалд нийцсэн маркетингийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх болно.Технологийн хөгжил, интернэт орчин энэ бүхэн биеллээ олох боломжийг олгож байгаа.

Тухайлбал, эхний ээлжинд бид баруун аймгуудын 18

“Тэс” карт эзэмшигчдийн дунд сугалаат урамшуулал зарлан явуулж байна. Бид уламжлалт байдлаар цаасан сугалаа хүн бүрт тараахгүй, смарт буюу ухаалаг сугалааг худалдан авалт бүрт оноож өгч байгаа. “Тэс” картын хэрэглэгч бүр онлайнаар /tes­card.mn/, гар утасны ТЭС карт аппликейшнээр болон тусгай дугаарт /80903003/ картынхаа дугаарыг мессэжээр явуулснаар сугалаагаа шалгах боломжтой. 21 хоног тутамд сугалааны тохирол явагдах буюу Цагаан сарын өмнө Супер хонжвор болох “Приус” автомашиныг сугалааны ялагч азтандаа гардуулах болно.

-Азтан болох хүсэлтэй ч шатахуун авахдаа хөнгөлөлт эдлэх “Тэс” картгүй байгаа хэрэглэгч хаана хандаж карттай болох вэ?

-“Тэс” картыг манай бүх шатахуун түгээх нэгжээс товч анкет бөглөөд авч болно. Хөдөө орон нутагт ч гэсэн энэ картаар чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бид бүрдүүлсэн.

-Та яриандаа компанийн үйл ажиллагаандаа ERP систем ашиглаж эхэлж байгаа гэж дурдлаа. Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу. Монголд компанийн засаглал бүрэн утгаараа хэрэгжихэд энэ систем тустай байх?

-Бид үйл ажиллагаандаа “Веритек” ХХК-ийн ERP системыг ашигладаг. Энэ систем нь Монголын программ хангамжийн инженер, техникийн ажилтнууд, мэдээллийн техонологийн мэргэжилтнүүдийн бүтээл. Энэхүү системийг ашигласнаар компанийн үйл ажиллагаан дахь олон асуудлыг оновчтой шийдвэрлэж байгаа гэж бодож байна.

Ямар нэгэн компани дээр программ хангамж гээд ярихаар ихэвчлэн санхүү бүртгэл, хүний нөөцийн гэх мэт зүйлсийг автоматжуулаад байгаа боловч эдгээр программ нь зөвхөн баланс гаргадаг эсвэл цалин боддог программ болж хувираад байгаа юм. Эдгээр программ нь удирдлагын түвшинд шийдвэр гаргалттай холбоотой мэдээлэл авахад төвөгтэй юм шиг санагддаг. Гэтэл үйл ажиллагаагаа автоматжуулж, цахимжуулан real time мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргах нь компаниудын хувьд маш чухал. Жижиг гэлтгүй үйл ажиллагааг автоматжуулахад маш их цаг хэмнэдэг. Жишээлбэл, захирлууд, санхүүгийн албаны дарга нар мөнгө хүссэн өргөдөл цохдог, олгох зөвшөөрөл олгодог. Зөвхөн энэ процессыг автоматжуулахад л маш их цаг хэмнэнэ. Мөнгө хүсэгч нь өөрийн нэрээр онлайнаар хүсэлтээ явуулахаар шат шатандаа хянагдаж явсаар захирал дээр ирнэ.

-Зөвшөөрөл олгосноор касс руу, мөнгө олгогч руу очно. Заавал уулзаад байх шаардлага байхгүй гэсэн үг үү?

Энэ бүхэн цаагуураа санхүүгийн программтай холбогдоно. Түүхчилсэн дата үүснэ. Энэ бүхэн шат шатандаа мэдээлэл дээр үндэслэн дараагийн шийдвэр гаргалтад ашиглагдана. Гэрээний менежмэнтийн систем, худалдан авалтын хүсэлт, асуудал шийдвэрлэх процесс, ажлын гүйцэтгэл, төсөв, төсөл гээд олон зүйлийг цахимжуулах боломжтой байна.

Бид үйл ажиллагаандаа энэхүү системийг ашигласнаар санхүүгийн ил тод байдал, хяналт, тайлан тооцоо хяналттай болж сайжирсан учир хуучин шиг бие биенээсээ тайлан мэдээ сураглах, гарсан тоо, үзүүлэлтүүд бодит байдалтай зөрөх зэрэг дутагдал үндсэндээ арилсан. Энэ системийн давуу талыг бүрэн дүүрэн ашиглахыг хичээж байна.

-Шинэ он гарах дөхлөө. Шинэ онд шинэ зорилт дэвшүүлж байгаа байх. Үүнээсээ хуваалцахгүй юу?

-2017 он манай компанийн хувьд илүү их амжилт ололтын жил байх болно. Компанийнхаа ирээдүйг өөдрөгөөр харж байна. ERP системийг бүрэн хэрэгжүүлнэ. “Тэс” картыг илүү олон хэрэглэгчдэд хүргэнэ. Картаа ашиглан илүү шуурхай, үр ашигтайгаар үйлчлүүлэх боломжийг олгоно. Ажилтнуудынхаа мэдлэг боловсрол, чадварыг хөгжүүлэхэд анхаарна гэх мэт зүйлийг төлөвлөж байна даа.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

Баруун гар тийш эргэх уулзвар 11-ээр нэмэгдлээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн дөрвөн уулзварт гэрлэн дохио хамаарахгүйгээр баруун гар тийш байнга эргэдэг болгосон. Баруун дөрвөн зам, зүүн дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт хоёр сар гаруйн хугацаанд туршилтаар явуулсан байна. Туршилтын хугацаанд дээрх уулзваруудын ачаалал буурч, нэвтрэх чадвар нэмэгдсэн тул дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэдэг болгож байгаа аж. Үүнд:

1. 32-н тойргийн уулзвар

2. 100 айлын уулзвар
3. Дарь-Эхийн уулзвар
4. Тасганы овооны уулзвар
5. ЭНЭШТ-ийн уулзвар
6. Төв шуудангийн уулзвар
7. 10-р хорооллын уулзвар
8. 120мянгатын уулзвар
9. АПУ-ын хойд уулзвар
10. “ТЭЦ-3”-ын арын уулзвар
11. Амарсанаагийн уулзвар багтаж байгаа юм.

Уг уулзваруудаар арванхоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн баруун гар тийш байнга эргэж болох юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Хоёр сар гарны хугацаанд дөрвөн уулзварт баруун гар тийш байнга эргэдэг болгож туршиж үзлээ. Энэ хугацаанд эдгээр уулзварт хөдөлгөөний ачаалал 10-20 хувиар буурсан. Мөн замын хөдөлгөөний ямар нэгэн зөрчил, осол гэмтэл гараагүй. Уулзваруудын нэвтрэх чадвар сайжирсан байна. Тийм учраас дахин 11 уулзварыг баруун гар тийш байнга эргэх боломжтой болгож байна” хэмээлээ.

Улаанбаатар хотод баруун гар тийш байнга эргэх боломжтой 48 уулзвар байгаа юм. Дээрх уулзваруудад тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг Замын цагдаагийн албанаас зөвлөж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал түр завсарлалаа

МАН-ын долдугаар Бага хурал 121 хүний ирцтэй өглөө 10.00 цагт эхэлсэн. Хуралдааны эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан. Үүний дараа хурлыг хаалттай горимд шилжүүлж Бага хурлын гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Бага хурал одоогоор түр завсарлаад байна. Үдээс хойших хуралдаан 14.30 цагт эхлэх аж.

Өглөөнөөс хойш хуралдсан Бага хурлаар 33 гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг ярилцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хараа хяналтгүй хүүхдүүдийг хамгаалах арга хэмжээ зохион байгууллаа

Нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж, тэдний эрүүл мэнд, ариун цэвэр, хоол хүнс, хүмүүжил төлөвшлийн асуудал хүндрээд байгаа юм. Тиймээс хүйтний улиралд хараа хяналтгүй хүүхдүүдийг осгох, гэмт хэрэгт холбогдох эрсдлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан билээ. Хараа хяналтгүй хүүдүүдийн талаар авах арга хэмжээний тухай уг захирамжийн дагуу энэ сарын 8, 9-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, асрамж халамжийн төвүүд болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар хамтран 2 өдрийн турш ажиллав. Энэ хугацаанд нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хараа хяналтгүй 74 хүүхдийг илрүүлж, үүнээс гэрт нь хариулах боломжтой 44 хүүхдийг асран хамгаалагчтай нь гэрээ байгуулсны үндсэн дээр хүлээлгэн өглөө. Харин гэрт нь буцаах боломжгүй 27 хүүхдээс 9-ийг нь асрамж, халамжийн төвд, 18 хүүхдийг Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт шилжүүлэн өглөө.

НХГБХГ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа “Ирж байгаа хүүхдүүдийг харахад 4 хүүхэд тутмын нэг нь байнгын хараа хяналтгүй явдаг буюу 2-8 жил хараа хяналтгүй явсан хүүхдүүд байна. Насны хувьд 8-18 насны, 80 орчим хувь нь эрэгтэй хүүхэд байна. Гэр бүлийн байдлын хувьд авч үзэхэд 100 хувь хамтарч амьдарчдаг хэн нэгнийхээ зүгээс хүчирхийлэл, дарамтанд өртдөг, байнгын түгшүүр дунд амьдардаг байгаа юм. Үүнээс болоод хамгийн тайван байх орчныг сонгож, гэрээсээ дайждаг гэсэн үг.” гэлээ.

УБХЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Золжаргал “Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 2-ны өдрийн А/847 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газраас эдгээр өдрүүдэд хүүхэд илрүүлэлтийн чиглэлээр 17 хэлтсийн 20 автомаштинтай 120 гаруй алба хаагч ажиллалаа. Бид ихэвчлэн РС тоглоомын газар, байрны орц хонгил, худалдаа үйлчилгээний төв, захуудаар явж, илрүүлэлт хийсэн” гэв.

Илрүүлсэн хүүхдүүдэд юун түрүүнд ариун цэврийн үйлчилгээ үзүүлж, усанд оруулж, дулаан хувцасаар хангасан байна. Үүний дараа дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийн дунд амьсгалын замын болон арьсны өвчлөл их байсныг эмч нар хэлсэн. Баянзүрх эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн клиникийн эмч Д.Одончимэг хэлэхдээ “Хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг авч үзвэл ихэнх хүүхдүүд гэрээсээ дайжсан, компьютерын хамааралтай буюу дэлгэцийн донтолттой болсон байна. Мөн арьсны өвчин 7 хувьтай, бөөрний өвчин 5 хувьтай, амьсгалын замын өвчлөл 3 хувьтай байна”. гэсэн юм. Цаашид хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ зайлшгүй шаардлагатайг мөн хэллээ.

Гэрт нь буцаах боломжгүй буюу бүтэн өнчин, эцэг эх нь авахаас татгалзсан, 2-оос дээш жилээр хараа хяналтгүй явсан, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэлтэй 18 хүүхдийг тусгай цогцолборт байрлуулсан байна. НЗД-ын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын ахлах нийгмийн ажилтан Н.Цэрэндаваа “Манай цогцолборт ирсэн хүүхдүүдийг 1 сараас 1 жилийн хугацаанд нийгэмшүүлэн төлөвшүүлэх ажлыг зохион байгуулна. Гэр бүлийн асаргаа үйлчилгээний сургалт, мужаан, барилгын өргөн мэргэжлийн сургалт болон биеийн тамир, спорт, хөгжмийн сургалтанд хамруулна. Бичиг үсэг тайлагдаагүй, сургууль завсардсан хүүхдүүдэд зориулж албан бус сургалт яваалдаг” хэмээлээ.

Илрүүлсэн хүүхдүүдийн дийлэнх нь РС тоглоомын газар хоноглодог байсан байна. Тиймээс хүүхдүүдийг хараа хяналтгүй явах нөхцлийг бүрдүүлж байгаа РС тоглоомын газруудыг цэгцлэх шаардлага байгаа юм. Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Хүүхдүүдийн ярианаас харж байхад хараа хяналтгүй хүүхдүүд өдрийн цагаар сүм хийдээр явж хооллоод орой нь РС тоглоомын газраар хонодог гэж байна. Тэгэхээр цаашид бид РС тоглоомын газруудад шалгалт хийж, ажиллах цагийн хуваарь зэрэгт онцгой анхаарч ажиллах шаардлага байна гэж үзлээ” гэсэн юм. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн “Бид энэхүү арга хэмжээг ингээд орхигдуулахгүй. Цааш нь үргэлжүүлж, Нийслэлийн болон дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг чиглэл өгч ажиллана.” гэлээ.

Хүүхэдтэйгээ харгис хэрцгий харьцдаг, гэрээсээ дайжиж тэнэхэд хүргэсэн эцэг эхчүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна. Мөн гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдийн талаар мэдээлэх нь иргэн таны үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах ажил цаашид ч үргэлжлэхийг хэлж байна гэж Нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй

Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, АН-бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Д.Оросоо нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хурлаар Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн болон АН-ын 6 дугаар Их хурлын үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд, Нэгдүгээрт мэргэжлийн бус дүгнэлт гаргасан. Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахлаж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирсэн байна. 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна. Тиймээс энэ дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхарыг худалдаж авсан хулгай, луйвар гарлаа гэж Ардын намынхан бахиралдаад гүйгээд байгаа. Үүнийг шалгаж үзлээ. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байна. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ хулгай, луйвар хийгдсэн байна. Оюутолгой холбоотой бүлгийн зөвлөхүүдийн асуудлаар хоёр тэрбум долларыг илүү бичсэн хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л Ж.Эрдэнэбат болж таарч байна. Хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын бонд гаргах эрхийг олгосон хүн нь мөн Ж.Эрдэнэбат байна. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг хувьчилсан хүн нь явж явж Ардын намынхан болж таарлаа” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Н.Содбилэгт дэлхийн сурагчдын аварга шатарчин болов

ОХУ-ын Сочи хотноо дэлхийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээний долоо хүртлэх насны ангилалд өрсөлдсөн Н.Содбилэгт алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга боллоо.

Энэхүү тэмцээнд манай улсаас 7, 9, 13 хүртэлх насны хөвгүүд, охидын, мөн эдгээр насны нээлттэй ангилал гэсэн төрлүүдэд нийт 21 өсвөрийн шатарчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Манай шатарчдаас С.Чингүүн, Т.Хүслэн нар амжилттай оролцож, зургадугаар байрт бичигдэж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өргийн тоглолтууд болж шилдгүүд тодорно.