Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг Яамны сайд нь томилдог байхыг эсэргүүцлээ

Төрийн өмчийн их дээд сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн хороодын зөвлөл болон Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Төрийн өмчийн их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл болон сургуулийн захирлыг тухайн яамны сайд нь томилдог байх өөрчлөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Боловсролын тухай хуульд 216 оны дөрөвдүгээр сард оруулсан өөрчлөлтөөр төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлыг сайд биш тухайн сургуулийн Удирдах зөвөл томилдог байхаар тусгажээ. Гэвч энэ өөрчлөлтийг шинээр томилогдсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны сайд хүчингүй болгож, төрийн өмчийн их, дээд сургуулиудын захиралыг сайд томилдог байх шийдвэр гаргасан нь улстөржсөн шийдвэр гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлаа эргэн харж, болосвролын салбарын хуульд өөрчлөлт оруулах, аливаа шийдвэрт салбарынхаа ажилтан, удирдлагуудаас санал авч хэлэлцэж байхыг анхааруулж байгаа гэв.

БСШУСЯ-ны зүгээс төрийн өмчийг эзэнтэй байлгах, төр өмчөө хамгаалах нь зүйтэй гэж үзэн их, дээд сургуулиудын удирдлагыг сайд томилдог байх шийдвэр гаргаж байжээ. Хэрэв ийм шийдвэр гаргахгүй бол төрийн их, дээд сургуулиудыг хувьчлах, сургуулийн удирдлага, ажилчдыг өөрсдийн дураар халдаг, сольдог байдал газар авч байсан гэж БСШУСЯ мэдэгдлээ.

Categories
гадаад мэдээ

В.Путин Япон улсад ирэх пүрэв гаригт айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 12-р сарын 15-нд Японд айлчлал хийх болсныг Японы Гадаад хэргийн сайд өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ерөнхий сайд Шинзо Абэ, В.Путин нар Нагато хотод уулзах юм байна. 12-р сарын 16-нд В.Путин Токио хотноо зочлох аж.

Энэхүү айлчлалаар хоёр улсын хоорондох бизнес худалдааны асуудлуудыг ярилцах бөгөөд энэ үеэр мөн В.Путин Японы алдартай Кодокан Жүдо дээд сургуульд айлчлах юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хувиараа ТҮЦ эрхлэгчдийн тогийг таслаад эхэлжээ

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж байгаатай холбогдуулан ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. ТҮЦ буулгах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зохион байгуулж байгаа билээ. Тэд хэлэхдээ “Бид төрөөс ямар ч тэтгэвэр, тэтгэмж авахгүйгээр өөрсдийнхөө амжиргааг залгуулж байна. Нэг хүний 7-8 хүн байдаг. Тиймээс бид энэ удаа хэвлэлийн хурал зарлах боллоо. Бид нийслэлээс тавьсан бүх шаардлагыг биелүүлээд, “Эрүүл, жаргалтай Улаанбаатар” уриан дор бүх зөрчил дутагдлаа засъя. Бидэнтэй хамтарч ажиллаач, бид юу хийх ёстой вэ? гэдэг асуудлыг шат шатны байгууллагуудад бүгдэд нь тавьсан. Гэвч өчигдрөөс эхлээд бидний заримынх нь тогийг таслаад эхэллээ. Ард иргэдийг хөдөлмөрлөх гэхэд яагаад юм хийлгэхгүй байгаа юм бэ гэсэн энэ олон асуултдаа бид удирдлагуудаас хариу авмаар байна. Төрийн албаны уялдаа холбоогүй шийдвэрээр олон хүн хохирч байна. 2014 онд баталсан тогтоол, тухайн үеийн удирдлагуудын заавраар шинэчлэсэн загварын ТҮЦ-үүдийг өр зээл тавин худалдаж авсан. Гэтэл өнөөдөр өр зээлээ төлж дуусаагүй байхад дахин үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа. Бидний хохирлыг буруу шийдвэр гаргасан тухайн үеийн удирдлагууд хариуцах уу, хохирлыг хэн барагдуулах вэ. Иймд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар бусад холбогодох байгууллагууд энэхүү асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэв.

Мөн “Шаардлагад, зөвшөөрөлтэй гэгдэх ТҮЦ-үүдэд ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг тогтоох буюу зөвшөөрлийг ямар журмаар олгож байгааг шалгах, шинээр ТҮЦ эрхлэх зөвшөөрөл авч байгаа иргэдийн материалыг зөвхөн ТҮЦ эрхлэгчдийн холбоогоор дамжуулах, олон жил ТҮЦ эрхэлж байгаа иргэдэд зөвшөөрлийг нь олгох, олон ТҮЦ-тэй иргэдийн зарим зөвшөөрлийг цуцлах, автобусны буудал тус бүр дээр нийслэлийн өнгө төрхөнд тохирохуйц хоёр ТҮЦ байршуулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм байна. Нэг ТҮЦ эрхлэгчийн цаана нэг өрх айл, олон ажлын байр байдаг учраас энэ асуудлыг шийдвэрлэхэд ТҮЦ эрхэлж байгаа иргэдийн шаардлага, саналыг хүндэтгээч гэж” холбогдох албаныханд санууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монгол орны ой хөгширсөн, ой модыг бага ашигласан хэмээн дүгнэжээ

Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг гаргажээ. Уг ойн тооллогын тайланг Засгийн газарт хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нээж үг хэлэв. Салбарын сайдын хэлснээр, Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдэж, UN-REDD хөтөлбөрийн түнш орон, 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдаж Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлох, тайлагнах үүргийг хүлээжээ. Энэ үүргийнхээ хүрээнд ойн үндэсний тооллогыг амжилттай явууллаа. “Анхны тооллогоос 40 жилийн дараа хийгдсэн энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой боллоо. Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна.

Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий “Төрөөс ойн талаар баримтлах бодлого-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм” хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилласан ХБНГУ-ын Засгийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” хөтөлбөр, “REDD+ Монгол улсын үндэсний ойн тооллого” төслийн хамт олон, байгалийн хүнд хэцүү амаргүй нөхцөлд ажлын гол ачааг үүрч гарсан эрдэмтэд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад талархал илэрхийлэв.

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ой судалгаа хөгжлийн төв болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, тэдгээрийн тусламж дэмжлэгтэйгээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол орны шилмүүст болон навчит ойг бүрэн хамарсан “Олон зорилтот үндэсний ойн тооллого”-ыг зохион байгуулсан. Үндэсний ойн тооллогын зорилго нь шилмүүст навчит ойн талбай, ойн төлөв байдлын үндсэн үзүүлэлт, тэдгээрт харгалзах нүүрстөрөгчийг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэхэд оршиж байгаа юм.

ХБНГУ-ын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Кристиан Глаас, “Энэ удаагийн ойн тооллого нь Монгол Улсын ойн салбарт ахиц дэвшил гаргах чухал судалгаа болсныг онцлов. Мөн GIZ-н “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь II” хөтөлбөрийн захирал Клаус Шмидт-Кроситто “Монгол Улсын Засгийн газрын хувьд эхлэх цэгээ тавилаа гэж би дүгнэж байна. Үүнээс цааш ойн талаарх менежмент, ойг тогтвортой байлгах гэх мэт бодлогоо хэрхэн зөв тодорхойлсноор ойн өсөлт, ирээдүй шалтгаална” хэмээлээ. Үндэсний ойн тооллогоор Монгол орны ой хөгширсөн, ойн нөөц бага, эмзэг, ой сэргэн ургах чадвар хангалттай сайн, ой модыг бага ашигласан хэмээн дүгнэжээ. Тиймээс цаашид Монгол орны ойг,уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлага тулгарч учир “ойн тогтвортой менежмент”-ийн хэрэгжилтийг хангах бодлого эрх зүйн орчныг сайжруулах, ойн аж ахуйн арга хэмжээг боловсруулахад ойн үндэсний тооллогын мэдээг ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг ойн тооллогын ажлын тайланг танилцуулахдаа дурьдсан юм. Мөн энэ үеэр ойг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст салбарын шагнал гардууллаа хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Далай ламд виз олгосон хүнийг ажлаас нь халсан асуудалд ГХЯ тайлбар өгөх боломжгүй байна гэв

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сүүлийн үед өрнөсөн зарим асуудлаар тайлбар хийлээ. Тухайлбал, Энэтхэгийн зээлтэй холбоотой асуудлаар яамны зүгээс “Манай хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд тэр дундаа Элчид сайн, Ерөнхий консул, консулууд төвөөсөө зөвшөөрөл авч байж суугаа орныхоо хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгдөг. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамтай холбоотой мэдээллээр хэвлэлд өгсөн ярилцлагыг тодруулах үүрэг даалгаврыг Элчин сайдад нь өгчихсөн байгаа. Удахгүй хариу ирнэ” гэв. Далай ламд виз олгосон ажилтныг ажлаас нь халсан асуудлын хувьд “Энэ нь өөрөө Төрийн нууцын зохих зэрэглэлтэй холбоотой учраас ямар нэгэн хариу, тайлбар, мэдээлэл өгөх боломжгүй байна. Та бүхэн зөвөөр ойлгоно биз” гэсэн юм

Харин дуучин С.Амармандахын биед ОХУ-ын дипломат ажилтан халдсан асуудлын талаар лавлахад “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагаас манай ГХЯ-нд хандаад ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан дипломат эрх ямба эдэлдэг үү гэсэн лавлагаа авахыг хүссэн. Лавлагааг бид цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байгаа. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа учраас бид нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээлэл өглөө.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн хэргийг мөрдөн байцаах алба өнөөдрөөс ажлаа эхэлжээ

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан албан тушаалаас нь огцруулсан билээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний найз байсан бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нарын хэргийг мөрдөн байцаах тусгай алба өнөөдрөөс ажлаа эхэлсэн байна.

Тус албаны дарга нь хамт ажиллах 10-н мөрдөн байцаагчийг сонгон бүрдүүлсэн бөгөөд тэд өнөөгийн байдлаар мөрдөн байцаалтад хэрэг болох нэг тонн гаруй жинтэй бичиг баримтыг цуглуулжээ.

Урьдчилсан байдлаар Ерөнхийлөгч Пак Гын Хе-г авилгал авсан, төрийн нууцад хамаарагдах бичиг баримтыг задруулсан, томоохон компанийн удирдлагуудыг сайн дурын санд мөнгөн хандив өгөхийг шаардаж дарамт үзүүлсэн зэрэг хэрэгт буруутгаж шалгах юм байна.

Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн саатуулагдсан байгаа Жонг Ши Ху нь 2013 оны 3-аас 11-р сарын хооронд Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай уулзаж байсан юм байна. Тэрээр уулзалтын үеэр нууцаар бичлэг хийдэг байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд таван цаг гаруй үргэлжлэх аудио файлыг түүний таблойд компьютерээс сэргээж авсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын төсөв 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарав

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 11 сард 5059.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7736.7 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Өнгөрсөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1575.2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 25.6 пунктээр илүү байгаа нь нөлөөлснийг статистикчид хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газарт галт зэвсэг авч явсныг илрүүлжээ

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг авч явсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, хариуцлага тооцжээ.

“Зэвсэг-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Жаргалтхаан сум дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баярсайхан, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал нарын ахалсан ажлын хэсгүүд орон нутагт хөдөлгөөнт эргүүлээр шалгалт хийж дархан цаазат Бурхан халдун уулын орчимд галт зэвсэг авч явсан гурван зөрчил илрүүлсэн байна.

Мөн ажлын хэсэг Цэнхэрмандал сумын нутагт зохих зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг бусдад шилжүүлсэн хоёр зөрчлийг илрүүлжээ.

Цагдаагийн алба хаагчид зөрчил гаргасан иргэдийн зэвсгийг түр хураан авч, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ан агнуурын тухай хуульд заасны дагуу 534 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцсон байна.

Иргэийг ахуйн зориулалтаар галт зэвсэг эзэмшиж, ашиглах бол холбогдох хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Оффшорын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Харин хуралдааны эхэнд гишүүдийн олонхийн саналаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөөд байсан оффшорын асуудлыг зохицуулах тухай буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлууллаа. Учир нь тус хуулийн төслийн ажлын хэсэг хуралдаагүй аж.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тангараг өргөлөө

НҮБ-ын шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр тангарагаа өргөлөө. Энэ үеэр тэрбээр дэлхий нийтийн өмнө тулгарсан сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэдгээ амласан юм.

Антонио Гутерреш энэ удаад ийнхүү тангарагаа өргөсөн ч шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа буюу ирэх таван жил НҮБ хэмээх том байгууллагыг албан ёсоор тэргүүлэх эрх үүрэг нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Түүний хувьд Португалийн Ерөнхий сайдын албыг хашиж байсан болон НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ албан тушаалд нэг удаа улиран сонгогдсоноор 10 жилийн турш дэлхийн Засгийн газрыг амжилттай удирдаж ирсэн. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр эцэс болно. Пан Ги Мун өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс тавьсан илтгэлдээ өнгөрсөн ажил, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, түүнийг залгамжлах дараагийн хүн олон улсын өмнө тулгамдсан тоо томшгүй их сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Түүний итгэл найдварыг алдалгүй орыг нь залгамжлах Антонио Гутерреш тангараг өргөх үеэрээ дэлхий нийтийн асуудал болсон уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт их өсөлт, хоол хүнс, ундны усны хомсдол нь дэлхий ертөнцийг тогтворгүй болгож байна гээд яриагаа цааш нь үргэлжлүүлэхдээ “НҮБ-ын хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил, хүчин чармайлт нь гишүүн орнуудын идэвхтэй оролцоо, иргэний нийгмийнхний тусламж дэмжлэггүйгээс болоод үр дүнгүй байгаа талаар цохон тэмдэглэлээ.

Мөн цагаач, дүрвэгчдийн хяналтыг чангатгахыг уриалж байгаа АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын үйлдлийг онцлон дурдаад, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авахад хойрго хандаж байгаа үйлдлийг нь шүүмжиллээ. Учир нь дэлхий нийтийн асуудлыг бид хамтдаа, хамтын хүчээр шийдвэрлэх ёстой гэдгийг тэрбээр сануулсан юм.