Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын зөвлөлийн ирэх оны хуралдааны тов батлагдлаа

Монголбанк зурган илэрцүүдМонголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр А-331 тоот тушаалаар Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 онд хуралдах тов батлагдлаа.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдах хуваарь /2017 он/

Хэлэлцүүлэг Шийдвэр гаргалт /Хэвлэлийн бага хурал/

1. Гуравдугаар сарын 15-17 Гуравдугаар сарын 22

2. Зургаадугаар сарын 14-16 Зургаадугаар сарын 21

3. Есдүгээр сарын 18-20 Есдүгээр сарын 22

4. 12 дугаар сарын 12-15 12 дугаар сарын 20

Мөнгөний бодлогын зөвлөлийн тухай

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А-169 тоот тушаалаар “Мөнгөний бодлогын зөвлөлийн ажиллах журам”-ыг баталсан байдаг. Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны бие даасан байдлыг бэхжүүлэх, мөнгөний бодлогыг боловсруулах үйл ажиллагаанд гадны төлөөллийг оруулах, мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явцыг бодлогын зөвлөлөөр дажуулан оновчтой болгох, олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой юм.

Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны удирдлага, хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Зөвлөлийг Монголбанкны Ерөнхийлөгч даргалдаг.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ундны ус бохирдох хэмжээнд хүрэв

Худагны ус зурган илэрцүүдАж ахуйн нэгж байгууллагын 90 хувь нь нүхэн жорлонтой байгаа нь ундны усны эх үүсвэр бохирдож болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ. Энэ талаар МХЕГ-аас мэдээлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, гeологи, уул уурхайн хяналтын хэлтсээс Налайх, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх ундны усны эх үүсвэрийн бүсэд газар өмчилж, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шалгалт хийжээ.

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийт 2540 иргэн, байгууллага амьдарч, үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар олгосон байна. Тиймээс эрх бүхий албан тушаалтнууд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллгаас хийсэн байна

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд монголчууд НҮБ-ын танхимд Хятадын Засгийн газрыг “дэлсээд” авав

Өнгөрсөн сарын 24-25-ны өдрүүдэд Женевт НҮБ-ын Үндэсний цөөнхийн
асуудлаарх хуралдаан болжээ. Энэ хуралдаан дээр Өмнөд Монголын төлөөлөгч Т.Энхбатын
тавьсан илтгэл БНХАУ-ын төлөөлөгчдийн сэтгэлд нийцээгүй учир хуралдааны танхимд
нэлээд ширүүхэн маргаан, хэл ам гарчээ. Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн
тэргүүн Т.Энхбат Хятад улсын Өмнөд Монголд хэрэгжүүлж буй бодлого, Өмнөд Монголын
нутгийг эрчим хүчний хамгийн том бааз суурь гэж Хятадын Засгийн газраас зарласнаар
байгалийн баялаг олборлохоор Хятадын маш олон компани Өмнөд Монгол руу хошуурч,
малын бэлчээрийг хүч түрэмгийлэн хурааж, мөн байгаль уул усыг нь сүйтгэж, өмнөд
монголчуудын үндсэн эрхийг зөрчин, соёлыг нь үндсээр нь устгах Хятадын бодлого эрчимжиж,
зургаан сая өмнөд монгол хүний цааш цаашдын оршин тогтнох ирээдүй бүрхэг болж байгаа
талаар ярихад Хятадын төлөөлөгч бүсгүй үгийг нь тасдуулж, аль болох яриулахыг хүсээгүй
аж. Энэ талаарх бичлэг цахим ертөнцөд түгж байна.

Венесуэль, Пакистан, Ливи, Орос, Мавритан, Сири, Куба, Ираны төлөөлөгчид
Өмнөд Монголын төлөөлөгчийг илтгэлээ цааш үргэлжлүүлэх нь зохисгүй, боломжгүй гэж
Хятадын талд байгаагаа илэрхийлсэн бол Австри, АНУ, Их Британи, Канад, Норвеги зэрэг
улсын Засгийн газрын төлөөлөгчид Өмнөд Монголын төлөөлөгчийг дэмжиж байна, илтгэлийг
нь үргэлжлүүлэн сонсох нь зөв шийдвэр юм гэж дэмжжээ. Ингээд хуралдааныг даргалагч
Т.Энхбатыг илтгэлээ дахин үргэлжлүүлэх боломжийг олгосон байна.

Т.Энхбатыг илтгэлээ тавьж байхад Хятадын төлөөлөгч “Салан тусгаарлагч!”,
“Эв нэгдлийг бутаргагч!”, “Олон үндэстний том бүлэг болсон нэгдмэл Хятадыг хагалгах
гэлээ” гэсэн утгатай үгсийг чангаар хэлж хуралдааныг үймүүлжээ. Гэсэн ч Т.Энхбат
илтгэлээ үргэлжлүүлсээр байгаа нь бичлэгт үлджээ.

ОХУ-ын хувьд Хятадтай нарийн нягт харилцаатай холбоотон, хоёрдугаарт
өөрөө ч үндэсний олон цөөнх бүлэгтэй учир Өмнөд Монголыг дэмжвэл өөрийнх нь харьяанд
байгаа цөөнхүүд ч дуу хоолойгоо нэгтгэж болзошгүй хэмээн болгоомжилсон учир уг хуралдааны
үеэр шууд л БНХАУ-ын талд байгаагаа илэрхийлсэн бол Венесуэль Хятадтай адилхан коммунист
дэглэмтэй учир дэглэмээ өмөөрч Хятадын талд зогсчээ. Пакистаны хувьд Хятадтай нарийн
сайн харилцаа тогтоохыг эрмэлздэг улсуудын нэг юм. Мавританы хувьд БНХАУ-ын наанаа
найрсаг ч цаагуур ямар далд санаатай хөдөлдгийг хараахан мэдрээгүй учир Хятадын
төлөөлөгч бүсгүйтэй хурлын танхимд дуугаа нэгтгэсэн гэж олон улсын тоймчид тайлбарлаж
байна. Сирийн төлөөлөгч Хятадын талд байгаагаа илэрхийлсэн ч ТББ-уудын дуу хоолойг
хайхрахгүй орхиж болохгүйг сануулжээ. Куба, Либийн төлөөлөгч Т.Энхбатыг хурлын үндсэн
сэдвээс гажуудсан зүйл ярьж байна гэж шүүмжилжээ. Харин Өмнөд Монголын тэмцэгчийн
мэдэгдлийг дэмжсэн Австри, АНУ, Англи, Норвеги, Канадын төлөөлөгчид иргэний нийгмийн
байр суурийг сонсох нь зөв. Хүний эрхийг хөсөрдүүлж болохгүй, үндэсний цөөнхийн
асуудалд анхаарал хандуулах нь хүн төрөлхтний эрхэм үүрэг гэдгийг онцолж байжээ.

Т.Энхбат “Эрх нь зөрчигдөж байгаа Өмнөд Монголын иргэдийн дуу хоолой
болж энд ирсэн надад үгээ хэлэх эрх чөлөөг олгосонд баярлалаа. Хятадын эрх баригчид
эдийн засгийн талаасаа ч, ер нь ч аль ч талаас бидний эрхийг хөндөж цаашид оршин
тогтнох эрх чөлөөнд минь заналхийлж байна. Нутаг дэвсгэрийг маань эдийн засгийн
талаас нь ашиглахын зэрэгцээ олон зуун жилийн турш өвлөгдөн ирсэн соёлыг устгаж,
үзэсгэлэнт газар нутаг байгаль орчинг эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх гэдэг нэрийн
дор сүйтгэж байна. Өмнөд монголчуудын үндсэн эрх, эрх чөлөөг бүр мөсөн үгүй хийхийг
санаархаж, цаашлаад зургаан сая өмнөд монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах,
хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөөр байна. Бидний эрх чөлөө, эрхийг зөрчсөн үйлдлийг
Хятадын Засгийн газраас сүүлийн үед идэвхтэй явуулах боллоо. Хятадын төр засгаас
Өмнөд Монголын газар нутгийг уул уурхайн гол бүс хэмээн үзэж газар нутгийг дэндүү
харамсалтайгаар эвдлэн сүйтгэж байгаа жишээ олон байна. Тус улсын Засгийн газраас
Өмнөд Монголын газар нутгийг “БНХАУ-ын эрчим хүчний суурь” хэмээн зарласнаар Хятадын
олборлох үйлдвэрүүд Өмнөд Монголын нутаг дэвсгэрт халдаж нүүрс, байгалийн хий, газрын
тос болон ашигт малтмалд шунахайран Өмнөд Монголын уудам талд хуйлран орж ирж, байгалийг
сүйтгэхийн зэрэгцээ олон зуун жил нүүдэллэн, мал маллан амьдарч ирсэн нутгийн иргэдийн
амь амьжиргааг үгүй хийж байна. Үүнээс үүдэж уул уурхайн компанийн ажилчид малчид,
нутгийн иргэдийн дунд байдал хурцдаж байна. Ийм ноцтой мөргөлдөөн Өмнөд Монголын
нутаг дэвсгэр дээр өдөр бүр болж байна. Хятадын сонирхлыг хамгаалж Хятадын эрх баригчид
монголчуудыг дарахын тулд цагдаа, шоронгийн системээ хүчтэй ашиглаж, маш их хүч
гаргаж байна. Газар нутаг, бэлчээрээ хамгаалж, шударга ёсны төлөө, эрхээ хамгаалахын
төлөө тэмцэж байгаа жирийн иргэд малчдыг баривчилж өчиггүй хорьж байна” гэж ярихад
хариуд нь БНХАУ-ын төлөөлөгч “Энэ хүн БНХАУ-ын монгол ард түмний тухай ярьж байна.
Тийм ээ, энэ хүн салан тусгаарлах үзлийн тухай ярьж байна. Хятад улс бол олон омог,
үндэстэн нэгдсэн олон үндэстний орон. Үндэсний эрх тэгш байдал болон угсаатны эв
нэгдэл найрамдлыг ихэд дээдэлдэг. НҮБ-ын цөөнхийн асуудлыг ярьж байгаа энэ форум
бол маш чухал. Ийм чухал хурал дээр салан тусгаарлах тухай ярих нь буруу. Өмнөд
Монгол бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг давтан хэлье. Энэ
форумыг ашиглан салан тусгаарлах тухай яриа гаргах нь бүх зүйлд харш. Энэ хүн БНХАУ-ын
тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан зүйл ярьж байгаагаа
мэдэх ёстой. Тиймээс форумыг даргалагч та түүний энэ яриаг зогсоох хэрэгтэй гэдгийг
хүсч байна” гэсэн байна.

Өмнөд Монголын төлөөлөгч, БНХАУ-ын төлөөлөгч хоёрын хооронд болсон
энэ маргааны үеэр бусад орны төлөөлөгчдийн илэрхийлсэн байр суурийг товч сийрүүлбэл,
ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгч “Энэ ТББ-аас гаргасан мэдэгдэл нь хэт улстөржсөн
шинжтэй байна. Ийм улс төрийн шинжтэй сөрөг зүйлийг хэлэлцэх нь буруу. БНХАУ-ын
хүндэт төлөөлөгчийн мэдэгдлийг дэмжиж байна” гэсэн бол Их Британийн төлөөлөгч “Хэнээс
ч, юунаас ч үл хамааран өөрийнхөө эрхийн төлөө шударга бус дэглэмийг эсэргүүцэж
үзэл бодлоо илэрхийлэх нь ТББ-ын нэг эрхэм чанар. Хүний эрхийн асуудлыг бид авч
үзэх ёстой. Энэ ТББ-ын зүгээс хийж байгаа мэдэгдэлд хүний эрхийн ноцтой зөрчлийн
бодит жишээг дурдаж байгаа учир энэ мэдэгдлийг тасалдуулалгүй гүйцэд сонсъё” гэсэн
байр суурийг илэрхийлжээ. Ингээд олон улсын төлөөлөгчдийн дийлэнхийн саналаар Т.Энхбатын
илтгэлийг цааш үргэлжлүүлжээ. Т.Энхбат “Илтгэлээ үргэлжлүүлэх боломж олгосон форумын
даргалагч танд баярлалаа. Монголчуудын хувьд мянга мянган жилийн турш амьдралаа
залгуулж ирсэн салбар нь мал аж ахуй. Одоо ч монголчууд малаа маллан нүүдэллэн амьдардаг.
Гэтэл Хятадын төр засаг өмнөд монголчуудын олон зууны турш хадгалан ирсэн амьдралын
энэ хэмнэлийг эвдэж, амьдралд нь халдаж бэлчээр дээгүүр нь зам барих, хот суурин
газар руу олноор нь нүүлгэн шилжүүлэх зэргээр албадан ажиллагаа их явуулдаг. Үнэндээ
Өмнөд Монголын нутаг дэвсгэр бүхэлдээ сүйдэж байна. Уул уурхай нь ямар ч хяналтгүй,
баялгийн олборлолт, хуваарилалтад ч нэгдсэн хяналт байдаггүй. Үүний хар гайгаар
Монголын тал хээрийн эко системд ноцтой байдал үүсээд байна. Нуур, гол, горхи ширгэж,
цэвэр усны хомсдол үүсч, ундны ус, агаар маш ихээр бохирдож байна. Өмнөд Монголын
малчдыг өвөг дээдсээсээ өвлөн ирсэн төрөлх нутгаас нь өшиглөн гаргаж байна. Өмнөд
монголчууд гишгэх газар, толгой хоргодох орон гэргүй байна. Хоёр дахь тулгамдаад
байгаа асуудал нь гэвэл эрх, эрх чөлөөнийхөө төлөө дуугарч, тэмцсэн идэвхтэнүүдийг
тэрс үзэлтэн хэмээн нэр цол өгч хууль бусаар хорих ялаар шийтгэж байна. Өмнөд Монголын
иргэн Хадааг эрх чөлөө, шударга ёсны төлөө дуугарсных нь төлөө 15 жил хориод дөрвөн
жилийн өмнө сулласан ч одоо болтол гэрийн хорионд суулгаж байна. Энэ мэт бодит жишээ
олоон. Өмнөд Монголчууд хүний үндсэн эрх, НҮБ-ын конвенцид заасан Өмнөд Монголын
ард түмний үндсэн эрх чөлөө, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн хэм хэмжээг
хүндэтгэхийг БНХАУ-ын Засгийн газарт уриалж байна. Баярлалаа” гэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Хууль батлахдаа тооцоо судалгаа хийхийг сануулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.10 цагийн үед эхэлж, 52,6 хувийн ирцтэй эхэллээ. Тус байнгын хорооны дарга Н.Энхболд байхгүй тул хуралдааныг Д.Хаянхярваа даргалсан юм. Байнгын хороо Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн ганцхан асуулт асуулаа. Тэрбээр “Хууль батлахдаа эдийн засгийн тооцоолол гаргаж, хууль батлагдсаны дараах эерэг, сөрөг үр дагаварын талаар шинжилгээ хийдэггүй юм шиг харагдаад байна. Үүний нэг жишээ бол татварын багц хууль юм. Зарим үед өргөн баригдсан хуулийг хэрэгжүүлэх төсөв байхгүй гээд буцаан татдаг. Ийм байдлаар яваад байх юм уу? Үндсэн чиглэл боловсруулахдаа эдийн засгийн дүн шинжилгээг хийсэн юм уу?”гэв.

Уг асуултад Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хариуллаа. Тэрбээр “Таны хэлсэн шүүмжлэл үндэслэлтэй. Хууль боловсруулахдаа үр дагаварыг тандан судлах шаардлага байгаа. Энэ чиглэлээр өнгөрсөн жилүүдэд Германы туршлагыг хэрэгжүүлж байсан. Одоо 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль санаачлагч нь эдгээр судалгаа, үнэлэлт дүгнэлтийг заавал мөрдөхөөр болж байгаа” гэсэн юм.

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулаад, хуулийн төслийг дэмжлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мянганы сорилтын сангийн гэрээнд Монгол Улс тэнцсэн эсэх шийд өнөөдөр гарна

Гадаад харилцааны яамны удирдлагууд өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах үеэрээ “Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний шалгаруулалтад манай улс тэнцэх эсэх шийдвэр өнөөдөртөө багтаж гарна” хэмээн мэдээллээ.

Америк-Ойрхи Дорнод Африкийн газрын захирал Д.Гансүх энэ тухайд, “Хоёр орны ГХЯ-д хоорондын 11 дүгээр улстөрийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 1-нд Вашингтон хотноо амжилттай болж өнгөрлөө. Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээ байгуулахаар манай улс сүүлийн 2-3 жил ажиллаж буй. Манай улсад өмнө нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн I компакт гэрээ амжилттай хэрэгжиж дууссан. Манай улс МСК-тай уг гэрээ байгуулах боломжтой улсаар дахин шалгарах эсэх асуудлын шийдвэр өнөөдөр гарна. Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний шалгаруулалт өнөөдөр болно. Үр дүн нь тэр тухайдаа сайт дээр нь мэдээлэгдэнэ. Мөн АНУ-ын талаас тодорхой түвшинд мэдээлнэ. Шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд төслийнхөө техник эдийн засгийн үндэслэлийг гаргахад бэлэн байна. Бэлтгэлээ хийгээд явж байна. 2017 оны 9 сар гэхэд гарын үсэг зурах хуваарьтай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хөгжлийг дэмжих төв нээгдлээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгт тохижуулсан “Монгол-Хятадын хүүхдийн хөгжлийг дэмжих найрамдлын төв”-ийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, БНХАУ-ын Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Ли Еан Жүн, БНХАУ-ын Элчин сайдын яамны улс төрийн газрын төлөөлөгч Хуан Жүн, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Өлзийтөгс нар болон цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцов.

Тус төвийн үйл ажиллагааг нээж 50 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Байгалмаа “БНХАУ-ын элчин сайдын яамны 100 мянган юаны хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэ танхимаа хүүхэд багачууддаа хүлээлгэн өгч байгаадаа их баяртай байна. Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан БНХАУ-ын элчин сайдын яамны хамт олон болон Монгол улсын шадар сайд, Монгол улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн нарт баярлаж талархсанаа илэрхийлье” гэв. Төслийн хүрээнд хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй, бие бядарыг хөгжүүлэх олон төрлийн тоглоом авч, өрөөг тохижуулсан байна. Тус цэцэрлэг найман бүлэгтэй, 180 гаруй хүүхэд суралцаж буй ажээ.

huuhed

huuhed

huuhed

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хурлаа хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийж, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Бодлогын зөвлөл хуралдааныхаа давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтлоо.

Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан юм гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гоц авьяастай хүүг “Харшийн сүлд модны наадамд ”-д урилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Энэ удаагийн уулзалт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд боллоо.

Хотын даргатай уулзахаар ирсэн эхний иргэн бол 5 настай З.Мөнх-Эрдэнэ хүү байлаа. Хүүгийн ээж Баянгол дүүргийн иргэн, англи хэлний багш Н.Жаргал хэлэхдээ “Миний хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан. Одоо ерөнхий боловсролын сургуульд хоёрдугаар ангид суралцдаг. Англиар уншиж, бичиж чадна. Үеийнхнээсээ давамгай, гоц авьяастай учраас хүүгээ цаашид улам нээн хөгжүүлэх хүсэлтэй байна.

Хүүгийн минь авьяас чадварыг улам хөгжүүлэхэд хотын удирдлагуудаас дэмжиж, тодорхой сургалт, төсөл хөтөлбөрт хамруулж өгөхийг хүсч байна. Ялангуяа IQ болон бусад оюун ухаан хөгжүүлэх сургалт, хөтөлбөр байвал зүгээр юм гэж ээжийн зүгээс бодож хотын даргатай уулзах өргөдөл өгсөн. Мөн хүүгээ Нийслэл хотын даргатай танилцуулах бодолтой байгаагаа ч онцлон хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн ирээдүй болсон авьяас, чадвартай хүүхэд залуучуудаа хотын зүгээс дэмжин ажиллахаа хэлээд “Хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө бидэнтэй уулзаж байгаа таньд талархаж байна. Сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайтай учраас тэр чиглэлийн сургуульд сурахад нь дэмжинэ. Улсын маань ирээдүй хойч болсон хүүхдүүдээ хотын удирдлагын баг бүхий л талаар дэмжих бодлого барьж байна. Мөн хүүхдээ ийм сайхан хүмүүжүүлж байгаа эцэг, эхээр нь бахархаж байна гэдгээ ч хэллээ. З.Мөнх-Эрдэнэ хүү ном уншиж, сайхан бичиж, дуу дуулж, англиар ч чөлөөтэй уншдагаа хотын даргад хэлсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 26 нд болох нийслэлийн шилдэг сурагчдын “Харшийн сүлд модны наадам” д албан ёсоор оролцох урилгыг З.Мөнх-Эрдэнэ өглөө. Анх удаа таван настай хүү хотын даргын урилгаар “Харшийн сүлд модны наадам”д оролцож, өвлийн өвгөнөөс бэлэг авах юм.

Мөн Баянгол дүүргийн иргэн Л.Батчулуун өөрийн зохион бүтээсэн цахилгаан халаагуурыг хотын даргад танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн агаарын бохирдолыг багасгахад уг халаагуур ач тустай. Хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан гаргах боломжтой. Одоогийн байдлаар өөрийн хэмжээнд үйлдвэрлэлээ эрхэлж байна. Цаашид хотын удирдлагаас тусламж, дэмжлэг хүсч байна” гэсэн юм.

“Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн зөв шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цахилгаан халаалт нь маш үр дүнтэй аргуудын нэг мөн. Та зохион бүтээсэн халаалтын төхөөрөмжөө аюулгүй, эрсдэлгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагуудын дүгнэлтийг гаргуулах хэрэгтэй” гэдгийг хотын дарга хэллээ. Түүний дараа нийслэлийн зүгээс зохион байгуулдаг үзэсгэлэн яармагт бүтээгдэхүүнийг нь оролцуулж, дэмжихэд бэлэн гэдгээ Засаг дарга илэрхийллээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баясгалан Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт ашиглаж буй 60 мкв газрыг өөрийн нэр дээр болгож өгөхийг хүссэн юм. Тэрээр тухайн газартаа цайны газар, хүнсний дэлгүүр ажиллуулдагаа хэлсэн. Нийслэлийн Засаг дарга холбогдох албаны хүмүүстэйгээ судлаж үзээд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэх талаар эргэн хариу хэлэхээр тогтлоо.

Үүний дараа Баянзүрх дүүргийн иргэн С.Батбаяр хотын даргатай уулзсан юм. Тэрээр өөрийн оршин суудаг 14-р хорооны 58-р байрны ойр хавьд түгжрэл ихээр үүсдэгээс гадна гарц, зогсоол байдаггүй талаар Засаг даргад дуулгалаа. Мөн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй хашаа, барилга, айлууд хүртэл буух болсныг хэлээд үүнийг шийдвэрлэж орох, гарах гарц, гармыг нээлгэж өгөхийг хүслээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газарт дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа учир барилгын ажил явагдаж байгаа. Батлуулсан ажлын зураг дээр тухайн байрны хойшоо, урагшаа нэвт гардаг зам барихаар төлөвлөгдсөн байгаа гэдгийг тайлбарлалаа гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

М.Зоригт: АН-ын даргын сунгаанд өрсөлдөгчид 50 сая төгрөг хандивлана

Ардчилсан намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүмүүс өчигдрөөс эхлэн бүртгүүлж эхэлсэн билээ.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” хэмээн жиргэсэн юм.

Тэрээр, АН-ын даргад өрсөлдөх хүмүүс мөрийн хөтөлбөрөө 21 аймаг, есөн дүүргийн гишүүд дэмжигчдэдээ очиж танилцуулахад гарах зардлыг нэр дэвшигчид хувааж гаргана гэж байсан ч ийм босго тавьсан гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл дөнгөж сая Зам тээврийн сайд асан М.Зоригт АН-ын даргын сунгаанд өрсөлдөж буй нэр дэвшигчид 50 сая төгрөг хандивлана гэдгээ зарлалаа.

Тэрээр энэ талаар “Намаа шинэчлэх хөтөлбөр, бодлого нь таалагдвал нэр дэвшигчид намын даргын сонгуулийн сунгаанд 50 сая төгрөг хандивлана” хэмээн өөрийн фэйсбүүктээ бичжээ.

Мөн УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг нь алхам тутамд л харагдаж байна даа. Юун 250 сая төгрөг вэ…” хэмээн дургүйцлаа илэрхийлжээ. Тэрбээр намын даргад өрсөлдөхөөр эртнээс бэлтгэлээ базааж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдтай уулзлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байгааг дурдаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хамтын хүчин чармайлтаар даван туулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны салбарын яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг талууд УБТЗ үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэхийг дурдаад Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах хэрэгтэй байгааг хүсэв.

Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь хоёр талын худалдаанд ихээхэн ач холбогдолтойг дурдав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.