Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн байгууллагаас сэрмжлүүлж байна

Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож буйтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1. Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар зоогийн газрыг сонгохдоо дараах зүйлийг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:

  • Зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь хоол хүнсний зориулалтаар зохион байгуулагдсан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах.
  • Их хэмжээний хоол хүнснийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсдаар бүрэн хангагдсан эсэхийг харгалзан үзэх.
  • Хоол хүнсэнд хэрэглэж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй баталгаажилттай байх, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтанд үндэслэн сайтар хянаж үзэх.
  • Мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэх.

2. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх.

  • Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх.
  • Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,
  • Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх.
  • “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй” гэж хуульчилсан байдаг тул ТА эрхээ зөв эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

Ж.Мэндбаяр: Би хэлсэн бол хийдэг, хийхгүй бол хэлдэггүй

“Глоб”-ын гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хошоо”-ны хэрэгт буруутгагдан 10 жил хэртэй хугацаанд хоригдоод өнгөрсөн жил суллагдсан. Тэрээр хорихоос гараад 10 хоногийн дараа олон нийтэд мэдээлэл хийж, “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогч болсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдэж байлаа. Саяхан уг хэрэгтэй холбоотой асуудал дээд шүүхээр хэлэлцэгдэж, тухайн үед төрд ажиллаж байсан хэдэн хүний буруутай үйл ажиллагаа хэрэгт нөлөөлсөн болох нь тогтоогджээ. Гэхдээ тэрээр хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлбөрийг барагдуулаад, дуусах шатандаа яваа юм байна. Мөн тэрээр “Өнөр хаус” хэмээх үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхийн хажуугаар, хэд хэдэн томоохон төслийн ажлуудыг эхлүүлээд байгаа ажээ. Ж.Мэндбаяртай уулзаж ийнхүү ярилцлаа.


-Сонин сайхан юу байна. Та ямар ажил эрхэлж, ямар бизнес хийж байна вэ?

-Би “Өнөр хаус” гэж компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Энэ манай хүүгийн компани юм.

-Танай компани арай өөр маркетингаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-Манайх “Өнөр олуулаа, эв найрамдалтай амьдарна” гэсэн утгатай “Өнөр хаус” гэж компани байгаа юм. Одоогоор үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани гэхээр хүмүүс байр зарах, авах гэж байгаа хоёр хүнийг хооронд нь уулзуулахгүйгээр, үл хөдлөх хөрөнгийн арилжааг нь зохицуулж өгч байгаа үйл ажиллагаа гэсэн ганцхан ойлголттой байдаг. Бид үүнийг арай өөрөөр харж байна. Манай компани үл хөдлөх хөрөнгийг зуучлахдаа, нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлэх ёстой гэдэг үндсэн зарчимтай. Жишээлбэл, одоогийн байдлаар байраа зарах гээд орж ирж байгаа хүн нь бичиг баримтын зөрчилтэй байвал бусад компаниуд “танайх болохгүй, баяртай” гээд явуулчихдаг юм байна. Манайх бичиг баримтын зөрчлийг нь хүртэл арилгаж өгнө. Мөн зарим үл хөдлөх хөрөнгүүдийг сайжруулах, засах шаардлагатай бол засварлана. Худалдан авалтын дараа ч үйлчилгээ үзүүлж болно. Манайхаар байраа заруулах гэж байгаа бол өөрөө байраа зарж болохгүй гэсэн хатуу зарчим тогтсоныг ч бид хална. Өөрөөр хэлбэл, манайх үл хөдлөх хөрөнгө зуучлахдаа нээлттэй, хаалттай, онцгой гэсэн гурван өөр төрлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллана. Ингэхдээ урьдчилгаа төлбөр авахгүй. Мөн амралтын өдөр нэг өрөө байр сонирхож байгаа хүмүүс цуглаад, тусгай автобусанд суугаад, замдаа халуун хоол цайгаа ууж, идэнгээ амралтын журмаар, манайд байгаа бүх нэг өрөө байруудыг яваад үзэх боломжтой зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа юм. Мөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлд зуучилж байна. Эдийн засагчдын хийдэг ажлыг бид хийж өгнө гэсэн үг. Үүнээс гадна түрээсийн үйл ажиллагаан дээр бас зуучилна. Зөвхөн түрээслэгч олж өгөх биш. Түрээсийн бүх хугацаанд тухайн түрээслэгчээс мөнгийг нь авч өгнө. Байрыг эвдэлж, бохирдуулсан бол бид засварлуулж өгөх жишээний. Мөн гацсан төслүүдэд ч хөрөнгө оруулалт олж өгнө. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар асуудал байна. Бүгдийг бид шийднэ.

-Орчин цагийн арай өөр нөхцөлтэй зуучлал юм байна. Бусад орны туршлагыг Монголын хөрсөнд буулгаж байна уу. Жишээлбэл Европт иймэрхүү байдаг болов уу?

-Германд нүүлгэлт нь байдаг юм. Бусдыг нь бид зохиочихсон. Би зохиосон юм биш, амьдралд тэртэй, тэргүй ийм хэрэгцээ шаардлага байна.

-Хямрал дагаад манай барилгын салбар зогсонги байдалд орсон. Та хамгийн тулгамдсан асуудалтай салбарт ажиллаад эхэлчихэж, хэр хүндрэлтэй байна вэ?

-Үүнийг би үүргээ гэж боддог. Би энэ улсын иргэн учраас үүрэгтэй. Эрх болгоныг дагаж үүрэг бий. Мөн нэг талаараа би бусдын үл хөдлөх хөрөнгүүдийг зарж өгч амьдрах гээд байна. Би нэгэнт хоолоо олж идэх гэж байгаа учраас гарцыг олох хэрэгтэй. Яаж орон сууцыг эргэлттэй болгох уу. Энэ бизнесээ сайн явуулахын тулд гарц, шийдлүүдийг бусдад санал болгох бодол надад бий. Одоогийн байдлаар шинээр баригдсан орон сууцнууд барьсан эзэндээ зовлон болчихсон байна. Барилгын компанийн эзэд тэрийг барьсныхаа төлөө өнөөдөр цаазын тавцанд зогсож байна шүү дээ. Ийм байдлыг төр бий болгосон. Төр байшин барих боломж олгож өгчихөөд, борлуулах боломжийг нь хаачихлаа. Эрэлтийг дэмжинэ гэдэг чинь нийлүүлэлтийг дэмжинэ гэсэн үг. Товчхон хэлэхэд хамгийн түрүүнд найман хувийн зээлийг олго. Орон сууцнуудыг эргэлтэд оруулахын тулд найман хувийн зээлийг хэзээ үргэлжлүүлэх гэж байна гэдгээ хэл. Хамгийн ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж гэвэл банк л байна. Барилгын эзэд зээлэндээ шатаад, машинаа ломбарданд тавьж ажилчдынхаа цалинг өгч байна. Банкууд хэзээ зээл өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй материал аваад л байдаг.

-Банкууд өөрсдийн хамтардаг компаниудынхаа орон сууцнаас авах иргэнд зээл олгоно гэж байна лээ?

-Банкууд өөрөө санхүүжүүлээд барилга бариулчихсан болохоор өөрийнхөө мөнгийг олж авах гэж ийм арга хэрэглэж байгаа юм. Найман хувийн зээлтэй холбоотойгоор ийм олон орон сууц баригдсан. Зээл тасалдахгүй явж байвал орон сууцнууд борлогдоно. Найман хувь үргэлжлэхгүй юм бол энэ болтол ямар арга хэмжээ авах юм бэ. Ямар нэгэн гарц гаргалгаа хийх хэрэгтэй ш дээ. Надад бол гарц харагдаж байна. Төр эхлээд зээл, дараа нь урьдчилгааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Надад аль, алийг нь шийдэх гарц байна. Төрийн мэргэжилтэн, бодлого тодорхойлдог хүмүүст саналаа хэлж, хэрэгжүүлүүлж, би хүмүүсийн орон сууцыг зарж өгмөөр байна.

-Ямар гарц, гаргалгаа харагдаж байна?

– Зээлийн шугамаа нээтэл үнэт цаас ашиглаж болно. Захиалагч нар 30 хувийн төлбөрөө төлөөд байрандаа орчихно. Үлдсэн 70 хувьд нь банкнаас зээл авчихна. Банк тэр үнэт цаасаа компанид өгнө. Компани тэрүүгээрээ буцаагаад банкинд зээлээ төлчихнө. Энэ чинь зээлийн хэрэгсэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэдэн сарын тэдэнд, тэдэн төгрөг өгнө гэдэг баталгаа. Тэр хоорондоо компаниуд асуудлаа шийдчихнэ шүү дээ. Монголын үнэт цаас гаргадаг компаниуд 30 хувиа авчих, 70 хувь дээрээ үнэт цаас гаргачих. Мөн иргэд үлдсэн 70 хувиа зөвхөн компанидаа төлөөд байж болно. Зүгээр зогсож байхаар ийм арга хэмжээ хүртэл авч хийж болох байхгүй юу.

-Орон сууцны урьдчилгаа мөнгө нь бэлэн, байр авах хүсэлтэй иргэд олон байна уу?

-Ер нь байрны урьдчилгаа барьчихсан хүмүүс олон байна шүү. Зээл зогсчихсон учраас найман хувь эхлэхийг хүлээж байна гэсэн хүмүүс нэлээд бий. Мөн урьдчилгаа байхгүй гэдэг асуудлыг хүртэл шийдэж болохоор байна. Ийм боломж байна. Үүнд төр анхаарлаа хандуулах л хэрэгтэй. Жишээлбэл, барилгын компаниуд урьдчилгаа болох 30 хувийг хүртэл зээлд хамруулж болно шүү дээ. Ийм нөхцөл тавьж байгаа компаниудыг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч болно. Барилгын бизнес эрхэлдэг хүмүүс тойрч суугаад ярилцах хэрэгтэй байна.

-Та үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр тууштай ажиллах уу, шинээр хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төсөл бий юү?

-Манай компани энэ сараас эхлээд хоёр төсөл дээр ажиллаж эхэлж байна. Би шууд хэлчихье. Улаанбаатар хотыг утаагүй болгох арга надад байна. Утааг арилгахад гурван жилийн хугацаа шаардлагатай. Машины яндангийн утааг би аргалж чадахгүй. Яндангаас утаа хаяулахгүй болгодог арга байдаг байх. Тэрийг өөр хүмүүс нь хийнэ биз. Гэр хорооллын утааны 70 -80 хувийг арилгаж чадна. Гурван мянган жилийн түүхтэй монгол гэр түүхэндээ гурван удаа өөрчлөгдсөн юм байна. Мянган жилд нэг өөрчлөгддөг гэсэн үг. Одоо дөрөв дэх мянган жилдээ орчихож, мянган жилд нэг хийдэг өөрчлөлтийг би хийе. 2030 он хүртэлх гэр хорооллыг сайжруулах бодлого гэж гаргасан юм байна лээ. Хотод нийтдээ 180 мянган гэр байгаа юм. 80 мянга нь гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэгт ороход цаана нь 100 мянган гэр үлдэнэ. Одоо гэр орон сууц болох хэрэгтэй байна. Монгол гэрийг өөрчлөхдөө дулааны шугам, цэвэр бохирыг нь хүртэл шийднэ. Дотор нь унтлагын өрөө, гал тогоотой орон сууц шиг байна. Үнийн хувьд 15-20 сая. Зөвхөн газраа барьцаалаад 15 жилийн зээл авч болно. Нэг жилд нэгхэн сая төгрөг төлнө гэсэн үг. Миний хийж байгаа төслийн гэр хоёр, гурав, дөрвөн өрөөний сонголттой, нарны эрчим хүчээр дулаан, цахилгаанаа шийддэг, шалны халаалттай байна. Мөн гэрт зориулсан дугуй загварын барилгууд хийнэ.

-Нэг төсөл нь?

-Ахмадын хот барина. Хотоос 50-60 км-ийн цаана ахмадын хот байгуулна. Тэнд зөвхөн ахмадуудад зориулсан бүх үйлчилгээ байна. Спорт цогцолбор, дугуйлан шатар, даам, даалуу, хөзөр тоглох боломжтой. Ахмадуудад хамгийн хэрэгтэй юм бол найзууд байдаг. Мөн тэнд нь 24-ийн цэцэрлэг, дунд сургууль хүртэл барина гэж төлөвлөж байна. Тэр хот дотроо болж өгвөл машин явуулмааргүй байна. Харин босоо сүйх тэрэг, тэмээн хөсөг, унадаг дугуй, цахилгаан машинууд явуулна. Харин гаднаас очиж байгаа хүмүүст зориулсан тусгай машины гаражтай байна. Тэнд туслах аж ахуй, фермертэй. Тэр ахмадын хотхонд амьдарч байгаа бүх хүн тэндээ хувьцаа эзэмшдэг. Сүү, цагаан идээ, ногоогоо тэндээсээ хангачихна. Ингээд сайхан амьдарна. Энэ бол боловсон халамжийн бодлого. Энэ гэх мэтчилэн төслүүдийн ажилдаа орж байна. Би хэлсэн бол хийдэг, хийхгүй бол хэлдэггүй. Хотын түгжрээг багасгах арга дугаарын хязгаарлалт биш. Дугаарын хязгаарлалтаас болж нэг айл хоёр машинтай болж байна.

Н.ГАНЧИМЭГ

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Дамбын ШАГДАРСҮРЭН: Онцгой байдал хариуцсан Шадар сайд “Зуун жилд болоогүй хатуу өвөл болно” гэж гадны хүний үгээр намирах утгагүй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Энэ сарын 1-ний өдөр тантай хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт явж байхад өвлийн дунд сарын шинийн хоёрны сар гарч та “Энэ сардаа цас зудгүй сайхан байх нь” гэж шинжиж байсан. Сар шинжихэд “Ийм сар гарвал хэдэн километрийн тойрог нутагт цас зуд болохгүй” гэх тийм шинж тэмдэг мэдэгдэх үү?

-Бөмбөрцөг чинь бөөрөнхий. Сая бид шинийн хоёрны сарыг Баянхонгорын Өлзийтөд харлаа. Тэгэхэд Дорнодод харвал нэг өөр, Ховд, Увс, Говь-Алтайгаас харвал бас нэг өөр л харагдана шүү дээ. Шинийн тавны сар гарах үед Өмнөговиос “Шагдарсүрэн гуай та сар харж байна уу. Маш хачин сар байна. Бөөрөнхий хүрээтэй, тэр нь хөх туяатай, голдоо тод одтой” ч гэх шиг утасдаж байна. Гараад харлаа. Улаанбаатарт утаа, чийдэн хоёрт сар ажиглах тун бэрхшээлтэй. Тэнгэр цэлмэг байсан тулдаа байрныхаа гаднаас харлаа. Махирынхаа дотор талд нэг гялгар од яах аргагүй байна. Утаанаас ч болсон уу, хүрээ нь ажиглагдсангүй. Тэгэхээр нь би Өвөрхангайн Хархорин руу нутаг руугаа утасдлаа. Тэндээс “Онцгой юм алга. Сайхан цэлмэг байна” л гэж байна лээ. Одоо сарны тойрог чинь дэлхийд ойрхон хэсэг дээрээ явж байгаа л даа. Эртээр 15-ны сарыг “Орчлонд байхгүй том сар алган дээр чинь буугаад ирнэ” гэж цуураад байсан даа. Сар зуйван дугуй тойргоор дэлхийг тойрч байгаа шүү дээ. Зуйван дугуйгийнхаа хоёр хажуу талд ирэхээрээ сар дэлхийд ойртож харагдана. Хоёр үзүүрт нь очихоороо холдож харагдана. Холын юм гэдэг чинь жижиг харагдана биз дээ. Сарны тойрог чинь ерөөсөө л механик ойлголт. Газарзүйн өргөрөг, уртрагийн хуваариар Өмнөговиос харахад нэг янз, Өвөрхангайн Хархориноос харахаар өөр янз харагдаж байна. Тэрэнтэй адилхан шинийн хоёрны сар ч ялгаагүй аль нутагт ямар харагдана, тухайн орчиндоо л нөлөөлнө гэсэн үг.

-Таныг цаг уурч гэдгээр тань Монголын ард түмэн дэндүү сайн мэднэ. Цаг уурч мэргэжлийг хэзээ эзэмшив?

-Би эзэмшсэн мэргэжлийнхээ дарааллаар сонин хэвлэлд цаг уурч, сэтгүүлч гэж заавал бичдэг юм. МУИС-ийн цаг уурын ангийг 1975 онд төгссөн. Цаг уурч гэдэг дотроо олон салбартай мэргэжил шүү дээ. Уур амьсгал судлалын, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг синоптикч цаг уур, агаар мандлын дээд давхаргыг судалдаг мэргэжилтэн, бэлчээр ус судалдаг хөдөө аж ахуйн цаг уурч гээд маш олон төрлөөс минийх цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг нь юм. Их сургууль төгсөөд Дорнод аймгийн цаг уурын товчоонд гурван жилийн гэрээтэй хуваарилагдан хоёр жил найман сар ажиллаад Цаг уурын хүрээлэнд ажиллаж байгаад 1978 онд Дэлхийн цаг уурын байгууллагын олон улсын хайгуул судалгааны экспедицид оролцож Энэтхэгийн болон Номхон далайгаар явж 1979 оны наймдугаар сард ирсэн. Эргэж Цаг уурын хүрээлэнд 1990 он хүртэл ажилласан. Тэндээс Монголын радио гэдэг айлын хүн болсон доо.

-Манай малч удамтай өвөг дээдэс тэнгэр унших өөрийн гэсэн эрдэмтэй улс. Эрдэмтэн лам нар нь одон зурхайгаар бас цаг агаарыг уншдаг байж. Та цаг уурыг урьдчилан таамаглах өөрийн мэргэжлээ өвгөдийн их эрдэмтэй харьцуулж шинжилж үздэг байв уу?

-Судалж үзээд байх ч юу байхав. Манай багш Лувсангийн Нацагдорж хэмээх том эрдэмтэн намайг “Хүн орчин үе рүүгээ урагшаа харж явдаг байхад чи арагшаа ухарч явах юм” гэж шүүмжилдэг л байсан. Би оюутан байхын л өвгөдийнхөө ухааныг шүтдэг хүн байсан. Орчин үеийн шинжлэх ухааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаад, тэрийгээ богино хугацааны өглөөний нар харах, өглөөний үүл харах ч юм уу, урт хугацааны сар мичдийн тохиол, дунд хугацааны гэхэд урьд сарын 27-ны сар, шинийн хоёрны сар зэргийг ажиглаж дүйх нь үү, үгүй юу гэдгийг анзаарч явдаг байхгүй юу. Би ч багшийн үгэнд орохгүй “арагшаа харж” явсаар үүнийгээ дагнаад хийчихдэг болсон юм. Түвд, хятадаас монгол хэл рүү буулгасан хуучны ном судар ч бишгүй харсан. Хамгийн наад зах нь гэхэд “Элдэв хэрэгт хаш хайрцаг” гэдэг судрыг эргүүлэхээр шинжлэх ухааны зах зух үзчихсэн хүн чинь ардын ухаан үүнийг юу гэж тайлах бол гээд хорхой хүрээд байдаг юм. Заримд нь өөрийн ажиглалт, тайлбараа ч хийнэ.

-Тухайлбал, тэр тайлбар ажиглалтаасаа хуваалцаач!

-Олон хоног урдаасаа, зүүн урдаасаа, баруун урдаасаа салхилаад байвал ар дээр нь тэнгэр заавал муудна. Өмнө зовхисын гурван зовхис байна шүү дээ. Энэ гурван зовхисоос салхилаад байвал цаг уурын мэргэжлийн хэлээр бол өндрийн хотос гэдэг агаарын урсгал орж ирж байгаа юм. Энэ их хөгжих юм бол агаарын циклон болж тогтдог. Урд гурван зовхисоос салхины урсгал дайрч өнгөрөөд салхи дахин эргээд баруунаасаа, баруун хойд талаасаа, хойд талаасаа болоод процесс дуусна гэсэн үг. Яг тэр салхин чиглэлийн уулзвар дээр цаг уурын бидний хэлдгээр агаар мандлын фронт гэж дулаан, хүйтэн хоёр агаарын массын уулзвар нийлдэг. Энэ уулзвар дээр л бороо, цас, хур тунадас орж, шуурга тавьдаг. Өмнө зовхисоос салхилахыг малчид маань салхи урих гэдэг дээ. Араас ирж байгаа цас, бороогоо нэг ёсондоо урьж байхгүй юу.

-Салхи урих гэснээс манай яруу найрагчдын “Бямбадаа орсон бороо нямдаа тогтсонгүй. Бүтэн долоо хоног орох нь” гэж шүлэглээд байдаг бас учиртай байх нь уу?

-Агаар тэнгэрийн муудах үзэгдлийн гурваас долоо хоногийн үелэл байдаг. Газрын мандлаас таван километр өндөр дэх агаарын урсгал газрын гадарга дээрх цаг агаарын байдлыг үндсэнд нь жолоодож явдаг байхгүй юу. Долгион л яваад байгаа юм. Тэр долгилсон юм тухайн газар нутагт дайран өнгөрөх хугацаа бол дунджаар тав, зургаан хоног байгаа юм. Тэгэхээр “Бямбадаа орсон бороо нямдаа зогсохгүй нь” гэдэг чинь долоо хоног орно, цааш үргэлжилбэл цаг агаар муудна гэсэн үг болно. Нөгөө өндрийн хотос чинь гүнзгийрээд өндрийн циклон болоод тогтчихоор шилжилтийн хурд нь багасаад орох хур тунадас нэмэгдээд тухайн газар нутагт цаг агаар удаан хугацаагаар муудаж байгаа юм.

-Зүгээр ч нэг шүлэг биш болоод явчихав аа?

-Биш биш, тэр чинь шинжлэх ухааны үндэстэй юм байхгүй юу. Тэр байтугай ардын дуунд хүртэл ийм үндэслэлтэй зүйл их байна.

-За, ямар дуунд байх юм?

“Баруун хойноос үүл нь гарлаа

Бас л бороо орох нь дээ” гэсэн дуу байна. Энэ бол агаарын фронт хурдан дайраад өнгөрөхийг хэлж байгаа юм. “Бас л” гэдэг чинь дахин дахин гэсэн үг. Түр зуур бороо орох нь ээ гэсэн ойлголт. Нөгөө дуунд чинь

“Зүүн хойноос үүл нь гарлаа

Зүс бороо орох нь ээ” гэж байгаа юм. Нөгөө гурваас тав хоног хоног болоод өнгөрдөг өндрийн хотос чинь тухайн нутаг дээр хурд нь удаашраад, битүү хуйлраа үүсчихэж байгаа юм. Тэгэхээр мөддөө арилж өгөхгүй нь дээ. Нар буруу урсгалтай өндрийн циклон мөд явж өгөхгүй нь ээ гэсэн үг болж байгаа юм. “Зүүн урдаас урьсан зүс бороо” гэдэг чинь удаан хугацааны бороо байхгүй юу. Ардын дуунд хүртэл ийм сонин үндэслэл байж байна гээд бод доо.

-Өвөл, зуны улиралд есөн ес байдаг гээд байгаа. Үүнээс бид мэт нь өвлийн есийг л мэдэх юм даа?

-Халууны ес, хүйтний ес гэж байна. Энэ есүүд улирал сарын ерөнхий төлөв байдлыг дундажлаад хэлчихсэн үзүүлэлтүүд гэж ойлгомоор байгаа юм. Тухайн жил хүйтэн болоод таван ес дуусчихаад байхад тавьсан будаа гэсэхгүй байж болно. Тэртээх 1944 оны мичин жилд таван ес дуусахад тавьсан будаа гэсээгүй байх гэж би дотроо боддог юм. Ес гэдэг тэгэхээр уур амьсгалын дундаж үзүүлэлт л байгаа юм. Идэр гурван ес гэхэд тухайн жилийн хүйтний туйл болдог гэсэн үг.

-Манай төр засгийн эрх мэдэлтнүүд саяхан “Зуун жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно” гээд цуурцгаасан. Та энэ мэдэгдлийг юу гэж бодож байв?

-Амьтан тэгж цуураад байгаа дуулдсан юм. Онцгой комиссын хурал арваннэгдүгээр сарын эхээр Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болсон. Тэр хуралд би сууж байлаа. Тэнд Ус, цаг уур, орчны шинжилгээний дарга Энхтүвшин цаг агаарын ерөнхий төлөв байдал, цасан бүрхүүл ямар байна вэ, цаг хүндрэхэд зудын эрсдэлтэй нутгууд хаа байна вэ гэдгийг тайлагнасан. Хөдөө аж ахуйн сайд гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. МҮОНРТ-ээр “Зуун жилд байхгүй хүйтэн болно гэж мэргэжлийн байгууллага мэдэгдлээ” гэж “Цагийн хүрд”-ээр гарсан юм. Энэ тухай би Энхтүвшин даргаас “Танайх ямар үндэслэлээр энэ мэдэгдлийг гаргав” гэж асуулаа. Энхтүвшин дарга “Манайх тийм мэдээ гаргаагүй” гэсэн. Тийм мэдээлэл гаргах үндэслэл яагаад ч байх ёсгүй л дээ. Манай Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт зуун жилийн өмнө ямар байсныг харах материал байхгүй. 1936 оноос Чойбалсан, Өндөрхаан, Улаанбаатар, Улаангом, Улиастай, Даланзадгад зэрэг цөөн тооны газарт ажиглалтын станц тавьсан болохоор сайндаа 80 жилийн материал байгаа. Тэгсэн Онцгой комиссын хуралдаан дуусаж байх үед У.Хүрэлсүх сайд гар утаснаасаа харсан уу, яасан “Түрүүний сэтгүүлчийн асуултад нэмж хариулахад Германы сэтгүүл дээр тэгж бичсэн байна” гэж байгаа юм. Германы нэг сэтгүүлчийн бичсэнээр “Монголд аюултай хүйтэн болно” гэж Монгол Улсын төр засаг бодлогодоо оруулна гэдэг туйлын буруу зүйл юм даа. Өөрийн гэсэн албан ёсны мэргэжлийн байгууллага нь мэдээ гаргаагүй гэж байхад гадны хаа хамаагүй хүний ам дагаж намирна гэдэг даанч нэг болохгүй зүйл мөн биз.

-Өвлийн эхэн сар ч ингээд дуусчихлаа. Таны ажигласнаар өнгөрөгч зуун жилийн дунджаар өвөл ямаршуухан болох бол?

-Минийхээр гэсэн арга чарга байхгүй шүү дээ. “Чингис хаан” дээд сургуулийн багш, түүхч Балжинням Монголын түүхийн тухай есөн боть гаргасан. Балжинням ямар нэгэн дүгнэлт хийлгүй, олдсон бүх баримтыг жагсааж бичсэн. Тэр түүхч хүний хамгийн чухал ажил шүү. Энэ номд хэдэн онд, ямар ган зуд болсныг бичсэн байдаг. Тэрнээс өмнө “Халх товчоон”-д Гонгор гуай Монголын нутагт болсон ган зудын талаар мэдээлэл өгсөн байдаг. “1872 онд Халхын төв хэсэгт айхтар ган болж, хээрийн өвс аяндаа ноцож, арван тооны адуу үхэр тутмаас найм ес нь үхэж байв” гэж бичиж үлдээсэн байдаг. Тэр үеийн халхын нутаг гэдэг одоогийн монгол орны газар нутгаас хамаагүй том байсан цаг. Өмнөд Монголын нутаг хамрагдаж байсан байж таарна. Шинжлэх ухааны үндэслэлтэй цаг уурын мэдээ хуримтлуулдаг болсноос хойш хүн бүхний мэддэг 1944 оны мичин жилийн зуд байна. Миний мэдэрсэн 1968 оны мич, 1980 оны мичин жилүүд байна. Мичин жил болгон зуд болж байгаагүй. Сайхан мичнүүд байна. Мичнээс илүү зуд болж байсан жилүүд олон байна. Их гахай жилийн зуд гэж манайхан их ярьдаг. 1947 оны гахай байна. 1932 оны мич нэлээд ширүүн болсон гэж ярьдаг юм билээ. Мичин жил бүхэн ч аюул тариад байдаггүй юм, хөөрхий. 1968 оны мичин жил дөчин дөрвөн оныхоосоо зөөлөн байгаагүй. Гагцхүү ЗХУ-ын тусламжаар даван туулсан байдаг. Нутгийн мөчлөгөөс шалтгаална. Бид хоёрын сая явсан Баянхонгорт л гэхэд юун зудын тухай ярих, харин ч малын амны ус байна уу, үгүй юу гэж ярих хэрэгтэй болж байгаа биз дээ. Эрдэнэсантын тал жилийн жилд цастай байдгаараа жаахан цастай, Төв аймгийн Баянцогтын ар байнга шуурдгаараа явган шуургатай байлаа шүү дээ. Тэгэхэд цааш дандаа бараан байна.

-Монгол орны баруун, зүүн тал ямаршуухан байдаг юм бол доо?

-Дорнодын хойд тал, Хянганы нурууны ар, ерөнхийдөө зүүн аймгуудын нутаг, Дорнод Монголын тал зундаа гандуу байж байгаад намрын сүүлчээр асар их бороо ороод баллаад хаячихлаа. Есдүгээр сард орсон бороонд өвс ногоо ургаад зун болж байгаа юм шиг болж байгаад араас нь цас залгаад мөсөн бүрхүүл тогтоод Дорнодын Цагаан-Овоо зэрэг сумд хачин болчихлоо шүү дээ. Баруун талд хамгийн сонирхол татаж байгаа газар бол Ховдын Байтагийн нуруу байна. Байтаг чинь өдийд малын амны цас байна уу, үгүй юу гэж байдаг газар. Тэгтэл энэ өвөл хамгийн их цастай газрын тоонд орчихсон явж байна. Цаг уурын ажиглалтын талбай дээр 28-30 см цас тогтчихсон, уулаараа морь гэдэсдээд явахгүй байна л гэж байна. Монголын бүх нутаг даяар ширээний тавцан дээр будаг түрхчихсэн юм шиг байдаггүй нь эндээс харагдаж байгаа. Тухайн газар нутгийн онцлог, агаар мандлын орчил урсгалын онцлог анзаарагдаж байна. Байтагт яагаад энэ жил их цас уначихав аа гэвэл миний таамаглаж байгаагаар Уралын гүвээ гэж бидний ярьдгаас доошоо сунасан хотос илүү нам өргөрөг рүү сунаад тэрний баруун урдаас урина гэдэг салхи Бенгаалын булан хавиас чийглэг агаар зөөж ирдэг. Тэнгэр уулыг давж чадвал Шинжааны нутгаар дайрч тэр чигээрээ манайд орж ирнэ. Тэр нөхцөлд баруун талаас ирж буй Сибирийн гаралтай юм уу, Атлантын далайн хойд хэсэг Хөгшин Европын гаралтай хүйтэн агаарын масс яг баруун өмнөд нутаг дээр орж ирж Байтаг богдын хавьд уулзвар нь дайрч, хур тунадас хамгийн их орж байгаа юм. Увсын Малчин, Баянтэс, Завханы Тосонцэнгэл зэрэг нутаг бол жилийн жилд л хүйтэн, хур тунадас их унадаг газрууд. Хөвсгөл энэ жил нийт нутгаараа цас ихтэй байна. Энэ намрын анхны цас орсон газруудад цаг агаар хэцүүдэх төлөв зонхилж байгаа. Манай малчид тухайн өвлийн анхны цасыг “Нутаг үзэж яваа” гэж ярьдаг. Анхны цас орсон газар дараагийн цас барааднаа гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

О.Уранцэцэг: Миний хамгийн анхны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Гоёл 2016” наадмын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан “Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан”-гийн захирал, дизайнер О.Уранцэцэгтэй ярилцлаа.


-Та “Гоёл” наадамд урьд нь оролцож байсан уу. Хилийн чанадад болсон олон улсын хэмжээний уралдаанаас шагнал хүртсэн гэж сонслоо. Энэ жилийн “Гоёл” наадам ямар болов?

-“Гоёл” наадам маань сайхан болж өнгөрлөө. Энэ жил хоёр дахь удаагаа “Нүүдэличн гоёл 2” цуврал загваруудаараа оролцож гранпри шагнал хүртсэндээ их баяртай байгаа. Өнгөрсөн жил уг наадамд анх удаагаа оролцохдоо “Шилдэг залуу дизайнер” шагналыг хүртсэн. Үүний өмнө ОХУ-д болсон олон улсын үндэсний хувцасны гуравдугаар наадамд түрүүлж гранпри шагналын эзэн болсон. 2015 онд БНСУ-д болсон 30 орны залуу загвар зохион бүтээгчдийн уралдаанд оролцож хүрэл медаль авч байлаа.

-Энэ удаагийн “Гоёл” наадамд олон загвар зохион бүтээгч оролцсон. Өрсөлдөгчид аль зэрэг хүчтэй байв?

-Их хүчтэй байсан. Манай загвар зохион бүтээгчид маань их мундаг юм байна. Үндэснийхээ онцлог шинж чанарыг агуулсан мөртлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой загваруудыг бүтээсэн байсан.

-Та “Нүүдэлчин гоёл” нэртэй цуврал загваруудыг гаргаж байгаа гэсэн. Энэ цувралаагаа “Гоёл”-д оролцсон. Яагаад “Нүүдэлчин гоёл” гэж нэрлэсэн юм бэ?

-Бидний өвөг дээдэс маань нүүдэлчид. Ерөөсөө л эртний монголчуудын хувцас дээр түшиглэж загваруудаа бүтээе гэж бодсон. Хоёрдугаарт, дээлний соёлоос тодорхой хэмжээгээр авч үлдэх зүйлээ уламжлан авъя гэж бодсон. Эртний монголчуудын хувцсыг орчин үеийн монголчуудад нийцүүлэн хөгжүүлж, өвөг дээдсээс уламжилсан энэ соёлыг орхидуулахгүй улам гоё болгоё гэсэн бодол надад байдаг юм. Ийм бодолтойгоор загваруудаа гаргадаг.

-“Нүүдэлчин гоёл 2” коллекцид хэдэн загвар орсон бэ?

-Бараг 40-өөд дээл орсон. “Гоёл”-ын гала тоглолт дээр түүнээс 20-30 загварыг үзэгчдийн хүртээл болгосон.

-Жил бүрийн “Гоёл” наадам өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жил ч гэсэн мөн адил. Тухайлбал энэ жил “Топ модел”-ийг тодруулаагүй. Нягтлан бодогч мэргэжилтэй та шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарлаа. Та хэзээнээс загвар зохион бүтээдэг болов?

-Загвар зохион бүтээгч гэдэг мэргэжилд би бүр багаасаа маш их сонирхолтой байсан. Багаасаа гоё загварын хувцас хийж өмсөх юмсан гэж боддог байлаа. Олон түмэнд хүссэн хувцсыг нь хийж өгдөг болно гэж бодож явсангүй. Өөрөө өөртөө л хувцас оёж өмсөөд өөр ажил мэргэжил эрхэлдэг байсан. Ингээд 2012 оноос эргэлт буцалтгүйгээр энэ чиглэлээр ажиллаж байгаа. Миний хамгийн анхны маань үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан, түүний эхнэр, уртын дууч Г.Эрдэнэчимэг хоёр. Энэ нь бас их учир жанцантай байсан гэж боддог. Энэ хүн миний оёсон дээлийг өмсөөд олонд таниулна гэсэн бодол ерөөсөө ч байгаагүй. Намайг хэн ч биш байхад тэр хоёр маань олж ирээд “Чамаар монгол дээл хийлгэе” гэсэн. Энэ нь надад маш их урам өгсөн.

-“Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан” олон үйлчлүүлэгчтэй гэсэн. Олны танил хүмүүс ч нэлээд байдаг гэж сонссон юм байна?

-Манай урлангаар маш олон хүн үйлчлүүлдэг. Би бямба, ням гаригуудад ч амарч чаддаггүй. Тэр дунд олны танил хүмүүс ч нэлээд бий. Би тэр тэр гэж нэр цохож ярих дургүй. Яагаад гэхээр олны танил болоогүй ч гэсэн мундаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Хүн чинь мундаг болох тусам даруухан болдог юм билээ. Миний бүх үйлчлүүлэгч мундаг. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс.

-Үйлчүүлэгчид тань ихэвчлэн ямар насны хүмүүс байдаг вэ?

-Ёстой л нөгөө найман настай балчираас эхлүүлээд наян настай буурлууд бий. Насны хязгаар гэж үгүй. Дээл маань аль ч насны хүнд таалагддаг. Хийсэн дээлийг маань өмсчихөөд “Би таван насаар залуу харагдаж байна” гээд баярлах хүмүүс их бий. Охид, хөвгүүд, залуучууд “Монгол хувцсыг овортой харагдуулдаг гэж бодсон чинь ямар дэгжин, өвөрмөц харагдаж байна вэ” гэдэг. Настай байх тусмаа дээл өмсөхөөр улам сайхан залуу харагддаг.

-Танай урланд хэдэн хүн ажилладаг вэ?

-6-8 хүн ажилладаг. Бид яг л нэг хүн шиг сэтгэж бодож, хамтран ажиллаж чаддаг. Тиймээс ч ажил маань өөдрөг байдаг болов уу гэж боддог. Бүгдээрээ л миний нэг хэсэг мэт их зөв хамтарч ажилладаг. Ганц хүний гараас юу ч гарахгүй шүү дээ. Би хичнээн сайхан загвар гаргасан ч гэсэн сайхан урлахгүй бол утгагүй. Монгол дээл хийнэ гэдэг тийм ч амар юм биш.

-Сүүлийн жилүүдэд монгол дээлний загварт нэлээд шинэчлэл хийж урлах болсон. Бидний үндэсний хувцасны загвар ирээдүйд ямар байх ёстой гэж боддог вэ?

-Монгол үндэсний хувцас нь дэлхийд гарах ёстой. Би монгол дээл урлаж эхлэхдээ л бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсдөг болоосой гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Тийм учраас түр зуурын хэрэгцээ мэт хийж болохгүй. Чанартай, бөх бат, даавуу нь ч гэсэн маш чанартай, өнгөний зохицол сайтай гээд бүх талын шаардлагыг хангасан байх ёстой. Цаад санаа маань бол монгол хувцсаа брэнд болгох явдал. Чанарын хувьд сайн байж л брэнд болно. Монголчууд бүгд үндэснийхээ дээлийг өмсдөг болбол сайхан шүү дээ. Хувцас гэдэг чинь бас нэг өв соёл. Эртний хэв загвартайгаар нь өмсөхгүй нь тодорхой. Дээр үед малаа маллаж, ан хийж амьдардаг, нөхцөл нь өөр байсан. Тийм ард түмний өмсч хэрэглэж байсан хувцас нь маш их шалгуур давсан гэсэн үг. Наад зах нь хүний хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, эвтэйхэн, халуун хүйтний улиралд зохицсон гээд л. Үндэс суурь нь нэгэнт байж байгаа болохоор бид улам гоё болгож хөгжүүлэх хэрэгтэй.

-Чанартай монгол дээл урлах талаар та сая ярилаа. Үүнд даавуу их чухал. Ингэхэд дээлнийхээ даавууг танайх хаанаас авдаг бэ?

-Ганц газраас авчирдаггүй. Монголд бага хэмжээгээр даавуу үйлдвэрлэдэг. Тиймээс би эх орондоо үйлдвэрлэдэг даавууг судалж түүнээс худалдаж аваад өөртөө дээл хийж туршиж байгаа. Энэтхэг, Хятад, Солонгос, Австри, Италийн даавуунуудыг ч судалдаг. Ингээд хамгийн чанартайг нь сонгож дээл хийнэ. Италид үйлдвэрлэсэн хэрнээ Хятадын чанартай даавуунаас муу даавуу ч байдаг. Тиймээс тэндхийн даавуу сайн гэж хэлэхэд хэцүү. Бид нар Хятад гээд л муулаад байдаг. Гэтэл тэндхийн чанартай даавууг аваад хийхэд итали даавуунаас илүү байх жишээтэй.

-Ингэхэд та өөрөө хэдэн дээлтэй вэ?

-Загасчны морь усгүй гэдэг үг байдаг шүү дээ. Хийсэн дээлээ өмсөөд явж байхад “Энэ дээлийг чинь авмаар байна” гэдэг. Өмсч байгаа дээлээ өгмөөргүй санагддаг ч миний ур ухаанаар бүтсэн хувцсыг маань ойлгоод, өмссөн байсан ч хамаагүй авъя гээд байгаад их баярладаг. Тэгээд эхэндээ үгүй гэж байгаад л өгдөг л дөө. “Өмсч байгаа шигээ дээл хийгээд өгье” гэхээр “Үгүй, наадахыг чинь л авна” гэдэг тохиолдол ч бий. Хүний өмсч байсан хуучин дээл гэж бодохгүйгээр л авч байна гэдэг миний хийсэн юм ингэж их хүмүүст хүрч байна гэсэн үг гэж бодоод баярладаг. Намайг их сайхан энергитэй гээд л зарим нь онгироодог юм. “Энэ чинь шинэ дээлтэй болсноос гоё” гэж зарим нь хэлэхэд урамшдаг. Гэхдээ дээл бол надад байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

XIV Далай лам, XI Банчин лам, X Жавзандамба хутагт

-ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬД УНШСАН ЛЕКЦ-

Миний үеийнхэн шашин шүтлэг хориотой цагт төрж өсөж хүмүүжиж боловсрон бүхий л насаа тийм нийгэмд өнгөрүүлсэн. Үүнд 1930-1980 оны хооронд төрсөн БНМАУ-ын бүх иргэн багтана. Иймээс энэ үеийнхэн алив шашны тухай тун бүрхэг ойлголттой, ямар нэг төсөөлөлтэй бол тэр нь далдын хүч мухар сүсгийн хэмжээнд л байсан байх. Бүддийн болоод бусад шашин, мөн бөө мөргөл зэрэг сүсгийг марксизм-ленинизмээр орлуулан биширдэг байлаа. Марксизм нь өөрөө албан ёсны шашин маягтай байсан учир бусад шүтлэгийг дайсагнан үздэг байсан юм.

Хувь хүний алив бишрэлийг хүндэтгэн үздэг хүмүүжилтэй боловч нэгэнт шашингүй нийгэмд ухамсарт амьдралаа өнгөрөөсөн болохоор атэист нэгэн билээ, би. Тиймээс энэхүү өгүүлэлдээ Төвдийн шарын шашны өнөөгийн байдал, Төвдийн Энэтхэг дэх Орогнолын Засгийн газар, үүнээс үүдсэн улс төрийн нөхцөлийн тухай цэвэр улс төрийн талаас нь тайлбарлах гэсэн юм. Ингэх байх, тэгэж магадгүй гэж үзмэрдэх гээгүй, Монгол, Төвд, Энэтхэг, Хятадын хооронд төвдийн шарын шашин болон цагаачдын асуудлаар улс төрийн ямар зөрчил байгааг улс төрийн өнцгөөс нь баримттайгаар тодруулах гэсэн юм.

Банчин богд. Банчин нь Далай ламын дараа орох Төвдийн шарын шашны хоёр дахь хүн юм. Тэрээр Далай ламыг тодруулахад оролцох эрхтэй, өөрийг нь тодруулахад ч Далай лам оролцоно. Банчинг V Далай ламын багшийн хойд дүр гэж үздэг. V Далай лам V Банчин Лувсан-Ишийг, VII Далай лам VI Банчин Балдан-Ишийг тодруулж байсан бол тэрээр өөрөө VIII Далай ламыг тодруулж байсан гэх мэт.

Гэвч Далай лам, Банчин лам нарын биенээ тодруулдаг найрамдал ХХ зууны эхээр эв эе хагарчээ. XIII Далай ламын үед Төвдийн төр өөрийгөө хамгаалахын тулд буу зэвсэг авч армиа хүчирхэгжүүлэхийн тулд лам нараас татвар авах зарлиг гаргав. Үүнийг юун түрүүн IX Банчингийн талынхан эсэргүүцэж. 1923 онд Банчин лам Гадаад Монголыг зорин Төвдөөс явсан боловч Монголд улаан засаг тогтож байсан тул Өвөр Монголд амьдрах болжээ. 1932 онд улаан засгийг эсэргүүцсэн ард түмний бослого Монголд гарсан. Банчин богд ирж туслах гэж байна гэсэн цуурхал гарсан нь тэднийг зоригжуулсан аж. Үнэндээ бол Банчин богд тэр үед Чан Кайшигийн дэргэд “Баруун хязгаарыг тохинуулах сайд”-аар ажиллаж байв. Төвддөө эргэж очих гэсэн боловч Далай лам зөвшөөрсөнгүй. Тэр хоёр бараг зэрэг шахам жанч халжээ.

1959 онд XIV Далай лам Энэтхэг рүү зугтаахад дараагийн Х Банчин үнэн хэрэгтээ Төвд дэх хамгийн нөлөөтөн болж үлдэв. Тэрээр 1983 онд хятад хүүхэнтэй гэрлэж хүүхэдтэй болсон нь Шарын ёсонд их л “гажиг” хэрэг болсон юм. 1989 онд Банчин 51 насандаа өөд боллоо. 1995 онд Далай лам зургаан настай Гэндэн Чойг Нямааг дараагийн Банчингаар тодрууллаа. Гэвч хятадууд хүүг тэр дор нь хулгайлсан ба одоо болтол хаана байгаа нь мэдэгддэггүй. Юутай ч түүнийг энх тунх байгаа гэж Бээжин мэдэгддэг. Гэндэнгийн орноос Бээжин өөр хүүхдийг тодруулжээ. Чойжилжав буюу бүдүүн тоймоор орчуулбал Номунхан нэртэй хүүхдийг XI Банчин ламаар тодруулж Жанцанноров хэмээх номын нэртэй болгожээ. Эцэг, эх нь Хятадын коммунист намын гишүүд.

Манжийн Чинлүн хаан Төвдийг эрхшээж, Ойрдыг дарсны дараа Далай лам, Банчин, Монголын Жавзандамба нарыг Алтан хайрцагнаас нэрийг шодон сугалж тодруулдаг ёсыг 1792 онд хуульчилсан юм. II Жавзандамба нь Цэнгүнжавын бослогыг дэмжсэн, Төвдөд зэрэг зэрэг хоёр Далай лам тодорсон зэргээс болж энэ асуудлыг Бээжин шийдэж байхаар болсон юм. Чухам энэ балрын хуулийг хүчинтэй хэмээн 1995 онд Жанцанноровын нэрийг Алтан хайрцагнаас сугалан гаргаж иржээ. Хятадын шашны асуудал хариуцсан сайд Еэ Сяовэн шинэ Банчинг зарлаж, монгол хутагт Ажаа рэнбүүчий ёслолыг удирдав.

Одоо 26 настай Банчин Хятадын бүддистүүдийн холбооны орлогч дарга. Харин түүнийг ялангуяа Далай ламын инстүүц үл зөвшөөрөх төдийгүй хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Төвдийн шашны шарын урсгалыг сахидаг сүсэгтнүүд гэх юм бол Монгол Улс, Бутан улс, Хятадад-Өвөр Монгол, Орост-Халимаг, Буриад, Тува, Энэтхэгт-Ладаг, Балбад- Ширва гэх газар бий.. Шинэ Банчинг эдний аль нь ч зөвшөөрдөггүй.

Өнгөрсөн жил Монголд суух Хятадын Элчин сайдын яамнаас зохион байгуулж хоёр орны соёлын харилцааны хүрээнд Монголын хэсэг сүм хийдийн удирдлагатай уулзалт зохиосон юм. Хоёр орны шашны байгууллагуудын хооронд харилцаа тогтоох болж үүнд нь Хятадын соёлын байгууллагаас тусалж дэмжихээр болжээ. Монголын төлөөлөгчид Бээжин орж Банчин ламд бараалхсан байдаг. Үүнд Гандантэгчэнлин хийдийнхэн оролцоогүй.

Далай лам. 1935 онд төрсөн тэрээр гурван настайдаа XIV Далай ламаар тодорсон юм. 1950 онд Хятадын ардын чөлөөлөх арми Төвдийг “чөлөөлсний” дараа тэрээр Бүх Хятадын ардын хурлын орлогч дарга хүртэл дэвшсэн. Харин 1959 онд Төвдөд бослого гараад дарагдахад тэрээр Энэтхэг рүү зугтан гарчээ. Энэтхэг улс Далай ламд орогнол олгосон төдийгүй Дарамсалад Төвдийн Орогнолын Засгийн газрыг оршин байхыг зөвшөөрсөн. Чухам үүнээс болж Хятад-Энэтхэгийн хооронд хилийн будлиан үүсэн байлдаан болжээ. АНУ-ын VII флот Энэтхэгийг өмөөрөн Энэтхэгийн далайд орж ирснээр байлдаан зогссон билээ.

Далай лам дүрвэснээсээ хойш Төвдийн тусгаар тогтнол, төвдчүүдийн хүний эрх зэрэг асуудлаар олон улсын хүрээнд олон ажил санаачилж, уриалж, заримыг нь хэрэгжүүлсэн. Тухайлбал, НҮБ-д Хятадын суудлыг Тайвань эзэлж байх үед Төвд дэх хүний эрхийн асуудлаар гурван удаа тогтоол гаргуулж дөнгөжээ. Маогийн үед тэрээр Хятад ард улсын заналт дайсанд тооцогдож байлаа. Харин Хятадын шинэчлэгч Дэн Сяопин эрх мэдэлд хүрсэн хойноо Далай ламыг нутагтаа ирж шашнаа толгойлохыг хүсэн урьж байв. Тэрээр Далай ламд Төвдийн тусгаар тогтнолоос бусад бүгдийг амлаж байлаа. Гэвч холбоо тогтоож хэлэлцээр хийх Дэнгийн хэдэн жилийн оролдлого Далай ламын татгалзсанаас болж бүтээгүй юм. Үүнээс хойш Далай ламын инстүүц, Хятад хоёр урьдаасаа ч илүү дайсагналцах болжээ. Төвдийн тусгаар тогтнолыг дэлхий дээр ямар ч улс, түүний дотор орогнолын Засгийн газрыг нь өөрийн нутагт байлгаж байгаа Энэтхэг ч хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Дэлхийн II дайны үр дүнгээр буюу Каир, Тэгэран, Ялта, Подстамын цуврал гэрээгээр дэлхийн дэг журам нэгэнт тогтсон учраас үүнийг ямар ч орон зөрчих бололцоогүй.

Далай лам 1979 онд ЗХУ ба БНМАУ-д айлчилсан. Хятадууд тэр жил Вьетнамтай байлдсанаар Зөвлөлт-Хятадын харилцаа дээд цэгтээ хүртэл муудан хямарсан. Тиймээс Хятадыг өдөөх зорилгоор Улаанбаатарт Дэлхийн бүддистүүдийн энх тайвны байгууллага гэдгийг буй болгож хуралд нь Далай ламыг урьжээ. Энэ нь зөвлөлтүүдийн зүгээс санаачлан зохиосон улс төрийн ажиллагаа байлаа. Далай лам 1988 онд Штутгартад Төвдийг онцгой эрхтэй автономи байхыг зөвшөөрөх хандлагатай үг хэлсэн юм. Харин коммунизм унаж хүйтэн дайн зогссон 1991 онд Монголд ирэхдээ Штутгартын үгээсээ буцаж байгаагаа мэдэгдэж Төвдийн бүрэн тусгаар тогтнолын төлөө байгаагаа Улаанбаатарт тунхаглажээ.

Хүйтэн дайны дараа Хятад улс дайсагналцаж байсан Монгол, Орос, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай сайдаж, сайн хөршийн холбоо тогтоолоо. Харин асуудал Энэтхэгтэй зөөлөрсөнгүй удтал хүйтэн харилцаагаа хадгалсан юм. Хилийн маргаантай асуудлаас гадна гол нь өөрийн нутаг дээр Төвдийн орогнолын Засгийн газрыг байлгаж байгаа учраас Энэтхэг нь Хятад хэмээх үсрэнгүй хөгжиж буй аварга хөрштэйгөө харилцаагаа хэвийн болгож чадахгүй байлаа. Ардчилсан орны хувьд хөөгөөд гаргаж чадахгүй боловч төвдүүд дарамт учруулсан зовлонтой зочин болсон юм. Энэтхэгээс Монголд суух Элчин сайдаар Ладагийн төвд ламыг томилж 13 жил байлгасныг зарим судлаачид Төвдийн орогнолын Засгийн газрыг Монгол руу нүүлгэх оролдлого байсан гэж дүгнэдэг.

Далай лам 2011 онд Төвдийн орогнолын Засгийн газрыг толгойлохоо больж улс төрийн ажиллагаанаас бүрэн хөндийрч байгаагаа заралсан юм. Тэрээр 2012 онд “Бид Төвдийн тусгаар тогтнолын төлөө биш гэдгээ давтан хэлье” гэж мэдэгдээд Төвд нь Хятадын бүрэлдэхүүнд ардчилсан тогтоцтой байх ёстой гэсэн билээ. Гэвч үүнд нь Хятадын Засгийн газар огт үнэмшихгүй буй, “Шашны нөмөр дор Хятадыг салган бутаргах улс төрийн ажиллагаа идэвхтэй явуулж буй нэгэн” гэж удаа дараа мэдэгдсэн. Үүнээс гадна хятад бус эх сурвалжуудад Далай ламыг Японы алан хядагч Аом Шинрикёог дэмждэг, түүнээс мөнгө авсан, Америкийн ТТГ-аас 1,7 сая доллар авсан, Хятад-Энэтхэгийн хилийн маргааны асуудалд Энэтхэгийн талд ордог, Шарын шашны дотор багтдаг Дорж Шүгдэн урсгалыг хяхан хавчиж тэдний эсрэг “дайн” зарласан гэх мэтээр буруутгадаг явдал ч бас бий.

Далай лам 1979-2016 оны хооронд Монгол Улсад есөн удаа айлчилж байна. 1990 онд Монгол-Хятадын харилцаа хэвийн болсноос хойших бүхий л долоон удаагийн айлчлалд Хятадын төр тун эмзэг хандаж байгаа. Монголын талаас айлчлал бүрийг Монголын төртэй огт хамаагүй ба энэ нь зөвхөн сүсэгтэн олны урилга хүсэлтээр болж буй хэрэг гэж тайлбарладаг боловч хятадууд үүнд төдийлөн үнэмшдэггүй. 2016 оны айлчлалын үеэрээ удахгүй АНУ-д айлчилж шинэ Ерөнхийлөгчтэй нь уулзах санаатай буйгаа ярьсныг Хятад улс тун эмзгээр хүлээн авч, үүнийг улс төрийн мэдэгдэл гэж дүгнэлээ. Хятадын Гадаад явдлын яамнаас онцлохдоо, Далай лам өөрийгөө улс төрөөс гарч зөвхөн шашны үйлсэд зүтгэх болсон гэдэг боловч тэрээр сүм хийдэд сууж байхын оронд улс орноор хэсэн улс төрийн мэдэгдэл хийж, Хятадыг хагалан бутаргах ухуулга, оролдлого хийсээр байна хэмээн мэдэгджээ.

Далай ламын гадаад дахь айлчлал болгонд хятадууд тун эмзэг ханддаг. Тэрээр Орост хамгийн сүүлд 2004 онд зочилсон, үүнээс хойш оросууд түүнд виз олгохоос эрс татгалзах болсон юм. Япон, АНУ болон Европын нэлээд орноор зочилдог, зарим орны төрийн тэргүүн түүнийг тусгайлан хүлээн авч уулздаг. Тэр болгонд хятадууд эсэргүүцлээ илэрхийлэн ноот бичиг гардуулдаг боловч түүний Монгол дахь айлчлалд илүүтэй эгдүүцдэг юм. Учир нь тусгаар орнуудын дотор зөвхөн Монгол Улс л Далай ламын Төвдийн шарын шашныг сүсэглэдэг ганц газар. Түүнээс гадна тэрээр өөрийн хойд дүрээ тодруулах талаар олон янзын хувилбар ярьдгийн дотор Монголд дахин төрөх тухай ч дам яриа бий. Энэ бол хойд дүрийг даган Далай ламын инстүүц, орогнолын Засгийн газар Монгол руу нүүх вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Жавзандамба богд. Гуравдугаар Жавзандамбаас эхлээд Монголын Богдыг Бээжингийн Юнхэйгүн сүмд байх Алтан хайрцгийг нээн, нэр сугалж тодруулах болжээ. Энэ бол Манжийн хааны хууль. Харин Жавзандамба болгон Төвдөөс тодрох болсон нь улс төрийн бодлого биз. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан төдийгүй Төвдийн шарын шашны нөлөөнөөс салахаар шийдэн Монголд төвтэй “умрын шашин”-ы тухай тунхагласан байдаг. Ингээд VIII Богдыг хаанаар зарлаж, шашин төрийг хавсран толгойлох болгожээ. 1924 онд Богд хаан жанч халахад хойд дүрийг нь Халхаас тодруулсан юм. 1926 онд IX Богдоор тодорсон Сэлэнгэд төрсөн Түдэвийн Лувсандорж нь Банчингийн зүгээс ч хүлээн зөвшөөрөгдсөн гэх. Далай ламын хожим гэнэт тодруулсан Жавзандамбын IX дүр гэгч дөнгөж төрж байхад Түдэвийн Лувсандорж амьд байсан ба тэрээр 1948 онд цэргээс халагдаж ирээд нас баржээ. 1928 онд хутагт хувилгаадыг дахин төрөхийг хориглосон төрийн хууль гарсан учир (энэ хууль одоо болтол хүчингүй болоогүй байгаа) Лувсандорж нялхдаа хоёрхон жил л IX Богд хэмээгджээ.

Далай лам 1991 онд Монголд айлчилсны дараа Дарамсалад эргэж очоод урьд лам байгаад шар шувталсан олон хүүхэдтэй нэгэн эрийг гэнэт IX Жавзандамбаар тодруулав. Богд хааныг нас барснаас 10 гаруй жилийн дараа төрсөн энэ хүнийг тодруулсан нь Жавзандамбын хойд дүрийг тодруулдаг тогтсон заншил болон шашнаа Төвдөөс тусгаарлах гэсэн Богд хааны бодлогоос ихээхэн зөрж байлаа. Юун түрүүн хойд дүрийг гурван жилийн дотор багтааж тодруулдаг уламжлалт заншилтай. Цаашилбал Умрын Бурханы шашин үүсгэж Төвдөөс сүсэг бишрэлээ салгах бодлого нь Богд хааны хүсэл эрмэлзэл байсан, энэ бүхнээс тун зөрсөн “тодруулга” байлаа. IX Богдоор “нэмж” тодорсон тэр эрийг Далай лам хүүхэд байхын таньдаг, найз нөхөр байсан хэмээн мэдэгдэж байсан. ЗХУ-ын Гадаад явдлын сайд Эдвард Шеварнадзе 1988 онд Монголд айлчлахдаа түүнийг Жавзандамбын хойд дүрээр тодрохыг зөвшөөрсөн гэж IX Богд гэгч өөрөө нотолдог авч айлчлалын үеийн протоколоос тийм зөвлөлгөө, даалгавар, зөвшөөрөл өгсөн баримт олддоггүй.

Хоёр дахь IX Богд анхлан 1999 онд Монголын Засгийн газрыг хориглосоор байтал зөвшөөрөлгүйгээр сэмээр Монголд орж ирээд Дарамсала руу эргэж хүргэгдэж байсан бол 2010 онд урилгаар ирэн Монгол Улсын иргэн болжээ. Тэрээр дахин хувилахдаа Монголд төрнө гэж амласан гэдэг. Далай лам ч хэлэхдээ түүнийг хаана дахин төрөх вэ гэж асуухад нь Монголд төрөөрэй гэж захиснаа сая толилуулсан. Шинэ Богд 2013 онд жанч халснаас хойш түүний хойд дүр Х Жавзандамбын тухай яриа Монголд өрнөж эхэлсэн билээ. Зарим нэгний тогтоосноор бага насны нийт 11 хүүхэд өрсөлдөж буй гэх. Далай ламын энэ удаагийн Монгол дахь айлчлал Жавзандамбын дараагийн дүрийг тодруулахад чиглэсэн бололтой, үүнийгээ ч тэрээр хүлээн зөвшөөрлөө. Харин үүнийг хятадууд улс төрийн талаар юу гэж үнэлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлчийн Банчинг тодруулсан байдлаас нь үзэхэд Манж Чин улсын 1792 оны хууль буюу Жавзандамбыг Бээжингийн Юнхэгүний сүмд алтан хайрцаг нээн нэр сугалдаг тогтолцоог хүчин төгөлдөр гэж тэд үздэг бололтой.

Үүнээс гадна өнөөдрийн байдлаар Монгол Улсад Далай ламын оролцоотойгоор тодорсон дөч шахам хутагт хувилгаад байна. Гол төлөв бага насны хүүхэд болон идэр залуучууд юм. Үүний дотор зуу гаруй жилийн өмнө нас барсан төвд ламын хойд дүр ч бий.

2016.11.26

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны хэргийг шүүх хурал 461 дүгээр ангид эхэллээ

Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан. Тойргийн дагуу уг хэргийг ерөнхий шүүгч М.Алдар шүүхээр болсон. Харин тэрбээр хэргийн прокурорын дүгнэлттэй танилцах хугацааг 15 хоногоор сунгаад байсан билээ.

Тэгвэл шүүх хурал өнөөдөр Хорих 461-р ангид 10.00 цагт товлогдсон ч хурал 11.28 цагт эхэллээ. Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байна. С.Зориг агсны гэргий Б.Булган Шүүх хуралд одоогоор ирээгүй байна.
Шүүх хурал болох газрыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, ЦЕГ-аас өндөржүүлсэн хамгаалтад аваад байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн сэжигтнээр Орхон аймгийн харьяат иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван иргэн татагдан, хорих 461 дүгээр ангид одоог хүртэл саатуулагдаж байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.

Мөн Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлах хүсэлтээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт хүргүүлсэн байна.

Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийх бөгөөд одоогоор Хорих 461-р ангийн гадна очсон хэвлэлийнхнийг дотогш оруулаагүй байна. Хурлыг хаалттай явуулах тул утас, камер гэхчлэн бүх техник хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй, Шүүх хурал болох орчин гар утасны сүлжээ барих боломжгүй байх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Нэр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс төрийн хоёрдугаар нүүрт АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Дорлигжав:”Чи хөгшин, эсвэл залуу” гэсэн үзэл улс төрд байдаггүй ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр “…Миний харж байгаагаар намын ажилтай зууралдаж үзсэн хүн. Намын анхан шатны амьдралыг мэддэг, намын жаргал зовлонг туулсан, намын гишүүдтэй тулж байсан хүн байх нь зөв болов уу. Өөрөөр хэлбэл намын тогоонд чанагдсан хүн байвал зүгээр байх…” хэмээн ярилцлагадаа дурджээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:”Дэлхийн аль ч улсад баримталдаг том зарчим бол Төв банкны бие даасан байдал юм” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

Тэрээр,”Валютын ханшийг дэлхийн ихэнх улс оронд тогтвортой барьж одоохондоо чадахгүй л байна. Жишээлбэл, евро бол доллараас хүчтэй мөнгө байлаа. Одоо ам.доллартай тэнцэж ирээд байна. Англи улс нь Европын холбооноос гарлаа гэсэн санал асуулгын үр дүнгээр Английн фунт стерлингийн ханш уналаа. Хятадад бас юанийн ханшаа сулруулж байна. АНУ-ын Төв банк мөнгөний бодлогынхоо хүүг нэмэгдүүлж болзошгүй байгааг мэдэгдэнгүүт ам.долларын ханш өсөөд эхэллээ. ОУВС-гийн судалгаагаар доллар голлох валютуудын эсрэг тэнцвэрт түвшнээсээ 10-20 хувиар чанга байгаа гэж дүгнэсэн байна лээ…” хэмээн ярьжээ. Дараах линкээр цахим сонинд бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Монголд анхны цаасны үйлдвэрийг эрхэлж байсан Ардын их хурлын депутат асан А.Юмжээтэй ярилцсаныг өнөөдрийн дугаарт онцолж байна. Тэрээр 60 жилийн өмнө одоогийнх шиг дэд бүтэц, үйлдвэр технологи, гадаад дотоод харилцаа хөгжөөгүй байхад монголд анхны цаасны үйлдвэрийг Сүхбаатарт байгуулан улсынхаа гурван жилийн хэрэгцээг хангаж байжээ. Дараах линкээр цахим сонинд бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай унших боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байгаа тухай орон нутгаас сурвалжилсан нийтлэл өмнөх дугаарт гарч байсан билээ. Тэгвэл өнөөдрийн дугаараас үргэлжлэлийг нь хүлээн авч үзээрэй. Бичигтийн боомт дээр өвс талаар нэг хураалттай байхад адуу ачиж явсан жолооч нэг ч атга өвс малд аваачиж өгөхгүй байсаар адууг өлдүүлж үхүүлсэн эмгэнэлтэй түүхийг уншаарай. Монгол хүний мөн чанар ямар доройтож байгааг эндээс харж болохоор болжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Өршөөлийн аян” энэ сарын 31-нд дуусна

Солонгос руу гарах виз зурган илэрцүүдБНСУ-ын ХЗЯ-ны Цагаачлалын алба тус улсад визний хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эхэлж явуулсан бөгөөд энэ сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Энэхүү аянд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд мөн хамрагдах бөгөөд энэ тохиолдолд эх орондоо буцахаас гурав хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих шаардлагатай юм байна. Визний хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2480 төгрөгтэй тэнцэж байна

Долларын ханш зурган илэрцүүдМонголбанкнаас зарласнаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2480 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн аравдугаар сард төв банкнаас гаргасан мөнгөний тоймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.8 хувь буюу 86.9 төгрөгөөр суларч, 2374.21 болсныг мэдээллэсэн. Харин арваннэгдүгээр сарын эхээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2720 төгрөгтэй тэнцэн, 200 гаруй төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байв. Гэвч өнгөрсөн долоо хоногоос ам.долларын ханш бага зэрэг өсч эхэлсэн байна. Өнөөдөр “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 2485 төгрөгтэй тэнцэж буй бол арилжааны банкууд 2490 төгрөгөөр зарж байгаа аж. Статистикчдийн мэдээллэснээр, төгрөгийн ам.доллартай харьцах ханш нийтдээ 20-40 төгрөгөөр өсчээ.

Categories
мэдээ нийгэм

Боомтын үйл ажиллагааг сайжруулах үүднээс хураамж нэмсэн гэсэн тайлбар өгчээ

Гадаад харилцааны яамны сар бүр хийдэг “Мэдээллийн цаг”-аар урд хөрштэй хиллэдэг боомтууд дээр үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлсэн, мөн шинээр бий болгосон асуудлаар Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хороо, Боомтын захиргаанаас өнгөрсөн сарын 4-нд захирамж гаргаж зарим боомтынхоо дэд бүтэц ашиглалтын төлбөр хураамжийг шинэчлэн тогтоожээ.

Хураамж нэмсэн асуудлаар урд хөршөөс урьдчилан яагаад мэдэгдээгүй, мэдэгдэх ёстой эсэх дээр сэтгүүлчдийг асуухад, Хилийн хэлтсийн дарга Д.Ганболд, “Эл асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Монгол Улс, БНХАУ нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Гишүүн орнуудын хувьд хүлээх эрх үүрэг нь олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагдана. Тиймээс энэ асуудал хууль, эрх зүйн хүрээнд яригдана” гэсэн хариу өгөв.