Categories
мэдээ улс-төр

АН-ын даргад өрсөлдөхөө дөрвөн хүн мэдэгдээд байна

УИХ болон орон нутгийн сонгуульд ялагдал хүлээж, засгийн эрхээ алдсан Ардчилсан нам 12-р сарын 6, 7-нд VI Их хурлаа зохион байгуулж, намын даргаа нийт гишүүдийн оролцоотойгоор сонгохоор болсон.

Ардчилсан намын хуучин дүрмээр намын даргаа Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны олонхийн саналаар сонгож, ИХ хурлаас батламжилдаг байсан юм. Харин энэ удаад Их хурлаас батлагдсан дүрмийн заалтын дагуу Ардчилсан нам нэр дэвшигчдээ бүртгэж дараа нь сунгаагаа явуулна. Намын даргад нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 17 хүртэл үргэлжлэх аж. Тодруулбал, Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсийн бүртгэл ирэх бямба гариг хүртэл явагдана гэсэн үг.

Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр одоогоор дөрвөн хүн нэрээ бүртгүүлжээ. Ж.Батзандан, Л.Болд, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нарын Ардчилсан намын даргын сунгаанд оролцохоо мэдэгдээд байна.

Харин бүртгэл эхэлснээс хойш нэр дэвшигчид хөдөө орон нутгаар хамтдаа явж, мөрийн хөтөлбөрөө гишүүд дэмжигчдэдээ танилцуулах аж. Үүнд 2.5 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд нэр дэвшигчдээсээ хувааж гаргуулахаар Их хурлаасаа шийдвэрлэсэн байна.

Шинэ намын дарга ирэх оны нэгдүгээр сарын 29-нд тодорно. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс намын шинэ даргаа цагаан сараас өмнө тодруулна гэж амалж байсан юм.

Гэвч, намын даргын сонгуулийн зардал өндөр, түүнийгээ нэр дэвшигчдээс гаргуулахын тулд нэг нэр дэвшигчээс 250 сая төгрөгийн хандив авахаас өөр аргагүй Ардчилсан намын даргын сонгуулийн зохион байгуулж буй хүмүүсээс тайлбарлаж байгаа. Тиймээс нэр дэвшигчид энэ мөнгийг өөрсдийнхөө халааснаас гаргах юм уу эсвэл гишүүд дэмжигчдээсээ хандив гуйх замаар бүрдүүлж болох аж.

Намын даргад нэр дэвшиж буй хүмүүст зөвхөн саналын эрхтэй гишүүд саналаа өгнө. Тодруулбал, татвараа төлсөн Ардчилсан намын гишүүн бүр намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчдийн нээлттэй хичээл боллоо

“Үе тэнгийнхний гадуурхалт”, “Тамхидалт ба дам тамхидалт” гэсэн сэдвүүдээр үе тэнгийн зөвлөгчид анхны нээлттэй хичээлээ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд өчигдөр /2016.12.13/ зохион байгууллаа. Нээлттэй хичээлийн явцтай танилцахаар БСШУСЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа, JICA-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, НЭМГ, Нийслэлийн Боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС, тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Японы Засгийн Газрын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (JICA)-ын дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Японы Жичи Анагаах Ухааны Их Сургууль, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС зэрэг байгууллагууд хамтран “Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн зорилго нь “Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлж, хүүхдүүд өсвөр наснаасаа эхлэн өөрийн зорилго тэмүүлэл, амьдралын зөв чиг баримжаатай болж, цаашлаад эрүүл аж төрөх дадалд өөрөө суралцах, бусад үе тэнгийнхэн болон эцэг эх, иргэд олон нийтэд үлгэр дууриал үзүүлдэг өсвөр үеийнхэн төвтэй жишиг тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Төслийн үйл ажиллагаа 2016 оны есдүгээр сараас Монголд эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд түшиц сургууль болох Сүхбаатар дүүргийн Үндэсний лаборатори 71 дүгээр сургуулийн 8-10 ангийн 30 сурагчийг тусгай хөтөлбөрийн дагуу “Өсвөрийн үе тэнгийн зөвлөгчийн сургалт”-д хамруулж бэлтгэсэн. Сургалтад хамрагдсан “Үе тэнгийн зөвлөгч” сурагчид таван багт хуваагдан сургуулийнхаа дунд, ахлах, ангийн сурагчдад чиглэсэн хичээлүүдийг санаачилж зохион байгуулж байна. Тухайлбал, амьдралын зорилго, мөрөөдөл, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд гардаг онцлог, өөрчлөлтүүд ба тэдгээрийн хэрхэн хүлээж авах, өсвөр насныханд түгээмэл тохиолддог дарамт, шахалт, гадуурхалт, өөртөө итгэлгүй байдал зэргийг хэрхэн даван туулах зэрэг чухал асуудлуудыг хөндөн хүүхдээс хүүхдэд чиглэсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурлын эргэн тойронд

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон өдрөө тогтсон цагаасаа хожимдож эхэлсэн боловч нээлтийн үйл ажиллагааг сэтгүүлчдэд үзүүлээд цааш хаалттай үргэлжилсэн юм. Гэвч тавь гаруй сэтгүүлчдийг урин дуудаж дуулиантай эхэлсэн шүүх хурал удаан үргэлжилсэнгүй.

Учир нь Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг 7 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр гаргасныг ийнхүү шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Өнөөдрийн Шүүх хуралд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар яллагдагчаар татагдан ирсэн байлаа.

Хохирогчийн талаас С.Зориг агсны дүү С.Оюун, гэргий Б.Булган нар оролцох мэдээлэл байсан ч хүрэлцэн ирсэнгүй. Мөн шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүх хуралд оролцохоор ирсэн ч тэднийг оруулахгүй байсан юм.

О.ӨНӨР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын шинэ тэргүүн тангаргаа өргөв

Антионио Гуттериш Нэгдсэн Үндэстний байгууллагын ес дэх Ерөнхий нарийн бичгээр сонгогдож, тангаргаа өргөв. Тангараг өргөх албан ёсны ёслол Нью-Йорк хотноо энэ сарын 12-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр болсон талаар “Regnum” уламжилсан байна.

Антонио Гуттериш “Дэлхийн дулаарал, хүн амын хэт өсөлт, хүнс болон ундны усны хомсдол зэрэг асуудал нь дэлхий дахиныг тогтворгүй болгож байна. Гишүүн улс орнуудын идэвхтэй оролцоогүйгээр, иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаагүйгээр НҮБ-ын хүмүүнлэгийн болон хөгжлийн хүчин чармайлт хүчгүйднэ” гэж хэлжээ.

Мөн тэрээр “Дэлхий дахинд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд би АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлэх болно” хэмээсэн байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орох түүний бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх юм. Антонио Гутерриш 2015 оныг хүртэл НҮБ-ын Дүрвэгчдийн асуудал эрхэлсэн дээд комиссараар ажиллаж байжээ. Тэрбээр 13 нэр дэвшигчтэй өрсөлдөн сонгогджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ц.Ням-Осор: ТӨК нийтдээ 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын 2017 оны хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ.

Тэрээр: Үйл ажиллагаа явуулж байгаа ТӨК болон хуулийн этгээд 87 компанийн өр зээлэнд судалгаа гаргасан. Нийтдээ 10.8 их наяд төгрөгийн өр авлагатай байна. Үүнээс 29 компанийнх нийт өр төлбөрийн 96.8 хувийг эзэлж байна. Авто тээврийн үндэсний төв, МЦХ компани, Дипломат үйлчилгээний газар, Чингис хаан олон улсын нисэх буудал, зэрэг байгууллагыг шалгахад 420 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөг хүртэл зөрчлийн дүн гарсан. Мэдээлэл технологийн үндэсний төв, МИАТ зэрэг газарт шалгалт хийж байна. Эдийн засаг боломжтой үед зээл, ашиггүй төсөл санхүүжүүлсэн, гадаад валютын зөрүү, удирдлагуудын хариуцлагагүй байдал, компанид ач холбогдолгүй бараа авсан, мэргэжлийн бус удирдлага сонгогдсон зэрэг нийтлэг зөрчлөөс өр үүсгэсэн байна. Цаашдаа өр авлагыг барагдуулахад чиглэсэн ажлуудыг хийж байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн хуулийн этгээдэд ТУЗ-ийн гишүүнчлэлээр нэг хүн хэд хэдэн газарт ажилладгийг зогсоож байна. Эдийн засгийн өнөөгийн хямралд чиглэл өгсний дагуу өр үүссэн асуудлыг дүгнэсэн.

ТУЗ-ийн гишүүнээр нэг хүн олон газрыг хариуцдаг гэсэн. Үүнд зохицуулалт хийсэн. Нэг эрхэм хоёр хүртэл газарт ТУЗ-ын гишүүн байхаар журам батлагдсан. Хөдөлмөрийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлснээс дээшгүй цалин олгох. ТУЗ-ын гишүүн хурлыг хоёроос дээш удаа таслах, төрийн ажлыг хувийн ашиг сонирхолд ажиллавал чөлөөлөх, эргүүлэн татах зохицуулалт хийнэ. . ТУЗ-ийн гүйцэтгэх захирлуудтай удаан хугацааны гэрээ хийхгүй. 6 сарын хугацаатай гэрээ хийж ажлыг дүгнэнэ. Төрийн өмчит компаниудын өр авлагыг зохицуулахад Засгийн газраас чиглэл авахаар хүргүүлсэн. Хэд хэдэн компанийг нэгтгэх тухай ярьж байна. Жишээлэхэд Автотээврийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, ТОСК, Дипломат байгууллагын үйлчилгээний газар зэрэг нь даганасан удирдлагатай гэх асуудал ярьж байна. Эрчим хүчний үндэсний хүрээлэн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний төв зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг нэгтгэх асуудал ярьж байна. Цалин хөлс урамшуулал, хэт тансаг хэрэглээ, цалин урамшууллыг багасгана.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Засгийн газарт үндсэн чиглэл хүргүүлсэн. Өмч хувьчлалын хүрээнд хувьчлах үндсэн чиглэлийг Засгийн газар дээр нарийвчлан тогтоож чадаагүй байна. Төрийн өмчийн 5 газрыг хувьчлах тодорхой чиглэлийг гарган боловсруулж, Засгийн газарт өгч байна. Гэхдээ үүнд хүндрэл гарч байгаа. Өмнөх Засгийн газарт гарсан тогтоол шийдвэр байгаа. Тухайлбал цахилгаан станцууудыг хувьчлах уу гэдэг асуудлыг Засгийн газраас чиглэл авах хэрэгтэй. Ингэхгүй бол Төв шуудан, Төрийн банкуудыг хувьчлах асуудал ярихад нийгэмд шуугиан дэгдсэн шиг асуудал үүснэ хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийсний дараа байнгын хорооны гишүүдийн асуултад хариулж байна.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Эртний хотын туурь болон 1000 гаруй булш олджээ

БНХАУ-ын археологчид нийслэл Бээжин хотын захын дүүргүүд орших бүс нутгаас эртний Хань гүрний үед буюу манай тооллын өмнөх 25-220 оны үед холбогдох 1000 гаруй булш болон эртний хотын хана байж болох эд өлгийн зүйлсийг олжээ. Ханын өндрийн хэмжээ ойролцоогоор 600 метр орчим байгаа юм. Зарим эд өлгийн зүйлс нь археологчдын тодорхойлж байгаа үеэс ч эртний буюу манай эриний өмнөх 221 онд холбогдож байж болох таамгийг дэвшүүлж байна.

Археологичид булшнаас керамик шаазан, малын шороон баримал, зэс багаж хэрэгсэл болон толь зэрэг бараг 10 мянгаад төрлийн эд өлгийн зүйлсийг археологийн олборлолтын үеэр олж илрүүлжээ. Энэхүү эртний эд өлгийн зүйлс олдсон газар нь нийслэл Бээжин хотын шинээр байгуулагдаад байгаа Тонгжу хэмээх захын хорооллын дүүрэг бөгөөд, төвөөс 24 км орчим зайтай оршдог. Бээжин хотын удирдлагын зүгээс бид энэ долоо хоногт эд өлгийн зүйлсийг нарийвчилж шалган, эргэн тодорхой мэдээллийг өгнө гэдгийг хэлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

168 мянган ахмад хөдөлмөр эрхлэх сонирхолтой

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдэв. Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд өсч байгаа аж. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан бол 2013 онд 170,3 мянган болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам 15 жилийн дараагаас насжих, дараагийн 20 жилд насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

УИХ-ын тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Ач санах хуулийг батлуулж, азай буурлууддаа насны хишиг олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж тусгажээ. Энэ хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50.0 мянгаас 250.0 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцсон байна. Уг арга хэмжээнд зориулан 20.4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан юм.

Ахмад настны тухай хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой 4 бүлэг, 17 зүйлтэй аж. Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлан үзүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлсэн нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас давуу талтай болсон байна. Хуулийн төсөлтэй уялдан нийгмийн халамжийн санд нийт 20.4 тэрбум төгрөг нэмж шаардагдах гэнэ. Харин ахмад настны эрүүл мэндийг сайжруулах, хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь холбогдох бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт дарамт учруулахгүйгээр тухайн сангуудаас санхүүжин хэрэгжих аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг “Ахмад настны тухай хууль нь одоо хэрэгжиж байгаа хуулиас дордох ёсгүй. Гэтэл шинэ төсөлд ахмад настан сувилал, амралт хоёрт амархад аль нэгийнх нь төлбөрийг төрөөс даадаг байх зохицуулалт орж ирсэн нь буруу, улам дордчихоод байна” хэмээн анхааруулав.

-Амралт, сувилалд амарсан ахмадад зардлынх нь төлбөр болгож төрөөс 200 мянган төгрөг олгодог. Үүнийг сувилалд амарсан ч, амралтанд амарсан ч олгосон нөхцөлд төрөөс даах зардал улам нэмэгдэж жилдээ 8-9 тэрбум төгрөг олгох шаардлага үүсэх аж. Эдийн засгийн хямралтай үед ийм боломж хягаарлагдмал. Тиймээс аль нэгд нь төрөөс дэмжлэг үзүүлэхээр заасан гэдгийг салбарын яамнаас тайлбарлав.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Судалгаанаас харахад улсын хэмжээнд 168 мянган ахмад хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Тэд аль салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна вэ гэдгийг судлах шаардлагатай. Гадаадад орнуудад ахмадууд ихэвчлэн үйлчилгээний салбарт цагаар ажилладаг. Ийм боломжийг ахмадуудад олгох хэрэгтэй. Аймаг, сумын ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв ажилладаг гэхээсээ ажиллахгүй нь их. Тэр төвд гэдэсний дасгал хийх төхөөрөмж суурилуулснаас өөр зүйл бараг байхгүй. Гэтэл ахмадууд фитнесс төвөөр, иог, бүжгийн дугуйлан зэрэгт үйлчлүүлэх сонирхолтой болсон. Энэ бүгдээр үйлчлүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлдэг эрх зүйн орчинг бий болгох шаардлага үүсэж байна хэмээлээ.

Ийнхүү Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Суктэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон Пусан хотын олон улсын харилцааны сангийн ажилтнууд байлцав.

Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Сук юуны өмнө хүлээн авч уулзсанд хотын даргад талархал илэрхийлээд “Бид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газар, салбарын талаар судалгаа хийж байна. Өнгөрсөн 8 дугаар сард Пусан хотын захирагч Улаанбаатар хотод айлчилсан. Хоёр хотын хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгаад бид баяртай байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Пусан хотын олон улсын харилцааны сан Улаанбаатар хотын нийгмийн салбарын үйл ажиллагаатай танилцаж байгаад талархаж байна. Манай хот бол хөгжиж байгаа хот. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий. Тиймээс энэ салбарт та бүхнийг үйл ажиллагаагаа чиглүүлж, тусламж дэмжлэг үзүүлээрэй гэж хүсье. Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна.” хэмээв.

Уулзалтын төгсгөлд Пусан хотын олон улсын харилцааны сангийн дэд захирал Пак Юн Сук 2 хотын хоорондох бүхий л салбарын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ гэж НийслэлийнЗДТГын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн доройтол аюулын харанга дэлдэж байна

ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран “Бэлчээр ашиглалтын хариуц­лагын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөлгөөнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Уг зөвлөлгөөнөөр аймаг, орон нутгийн 130 гаруй төлөөлөл бэлчээрээ хэрхэн зөв зохистой ашиглах вэ, доройтол талхагдлаас хэрхэн сэргийлэх вэ, бэлчээрийг сэргээн сайжруулах боломжтой эсэх зэрэг асуудлаар хэлэлцсэн юм.

Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийн 112.1 сая га талбайг бэлчээр эзэлдэг. Гэвч нийт бэлчээрийн 65 хувь нь доройтолд орж, долоон хувь нь дахин сэргэхгүйгээр доройтсоныг судлаачид тогтоожээ. Тиймээс бэлчээрийн ачааллыг тохируулах замаар байгалийн аясаар нь сэргээх, нэмж доройтуулахгүй байх, доройтохоос сэргийлэхийн тулд ирэх жилүүдэд төрөөс ямар бодлого барьж, малчид хэрхэх тухай энэхүү зөвлөлгөөнөөр хэлэлцэв. Аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн бэлчээрийн доройтлоос гарах хамгийн оновчтой арга замыг бэлчээр хамгаалах бие даасан хуультай болох, малчин өрхүүд хамтын зохион байгуулалтанд орж дундын бэлчээрээ гэрээгээр ашиглах замаар малчдын бэлчээр нутгаа ашиглах уламжлалт эрхийг нь баталгаажуулахын зэрэгцээ бэлчээрээ доройтуулахгүйгээр зохистой ашиглах хариуцлагыг нь өндөржүүлэх гэж байв.

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИЛД 368 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА

Зарим судлаачдын судалгаагаар 112.1 сая га бэлчээрийн талбайд 74.6 сая мал бэлчээрлэх боломжтой гэнэ. Гэхдээ дээрх хэмжээ цөлжилт, доройтлын улмаас 9.1 сая га-гаар хорогдсон байна. Одоогийн байдлаар байгалийн бэлчээрт 60 гаруй сая толгой малыг 149.7 мянган малчин өрхийн 293.6 мянган малчин маллаж, жилд гурван их наядаар үнэлэгдэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, төр засаг хийгээд малчид малын чанарт бус тоонд ихээхэн ач холбогдол өгдөг хэвээр байгаа юм. Баримт дурдахад, 2012 онд 32 сая байсан малын тоо гуравхан жилийн дараа буюу 2015 оны тооллогоор 65 сая болж хоёр дахин өссөн билээ. Ийнхүү малын тоо толгой хэт өссөнөөс бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэх, ган зудын үед ашиглах отрын нөөц нутаггүй болсноор байгалийн бэрхшээлийг даван туулах тэсвэргүй болж, малчдад их хэмжээний хохирол учрах болжээ. Тодруулбал, 1999-2002 оны ган, зудад 11.2 сая мал хорогдож, малчид нийт дүнгээр 333 тэрбум, 2009-2010 оны зуднаар 9.7 сая мал хорогдож, 527 тэрбум төгрөгийн хохирол амссан. Тухайн үед нийт малчин өрхийн 32.7 хувь малынхаа 50-иас дээш хувийг алдсан бол 8.7 хувь нь огт малгүй болсон. Энэ бол малын чанарыг биш тоогоор хөөцөлдсөний нэг сөрөг үр дагавар. Эдийн засгийн үзүүлэлт талаас нь авч үзвэл зөвхөн ноос, ноолуур, мах гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2.6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байгааг судлаачид гаргажээ.

ДОРОЙТСОН БЭЛЧЭЭРИЙН 90 ГАРУЙ ХУВИЙГ СЭРГЭЭХ БОЛОМЖ БИЙ ГЭВ

Бэлчээр ашиглалтын одоогийн ачааллыг тохируулах замаар доройтлыг сааруулах, байгалийн аясаар нь буцаан сэргээх боломж байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн захирал Габриел Спирли “Ногоон алт” төсөл сүүлийн жилүүдэд Монгол орны бэлчээрийн төлөв байдалд мониторингийн судалгаа хийж, бэлчээр ашиглалтыг сайжруулах санаачилга, шилдэг санаа гарган нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын бэлчээр нутаг өндөр ач холбогдолтой. Малчдын амьжиргааг сайжруулах асуудал нь бэлчээрийн оновчтой ашиглалттай холбоотой. Монгол Улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж биелүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт тавих шаардлагатай. Хөдөө орон нутгийн хөгжилд бэлчээрийн доройтол, байгалийн гамшиг, хөдөөгийн иргэдийн ядуурлыг бууруулах асуудал чухал. Бэлчээрийн доройтолтой холбоотой асуудлыг шийдэх оновчтой арга бол бэлчээрийн ашиглалтыг оновчтой, тогтвортой аргаар шийдвэрлэж хөгжүүлэх явдал юм. Энэ чиглэлээр “Ногоон алт” төсөл хүчин чармайлт тавьсан бөгөөд анх төслийн ажил эхэлж байхад бэлчээрийн менежмент, төлөв байдлын мониторингийн аргачлалыг сайжруулан стандартчилах зайлшгүй шаардлага байсан. Тухайн үед бид бэлчээрийн талхлагдлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэхийн тулд юуны өмнө доройтсон бэлчээр гэж ямар бэлчээрийг хэлэх, доройтлын хэм хэмжээг хэрхэн тодорхойлох талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь чухал гэж харсан. Ус, цаг уур, орчны хүрээлэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон бусад хандивлагчдын төслийн хүрээнд бэлчээрийн мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэвч бүгд өөр өөрийн арга зүйгээрээ тоон мэдээллүүд гаргаснаас мэдээллүүд нь хоорондоо зөрдөг байсан. Зарим нь Монголын нийт бэлчээрийн 70 хувь цөлжсөн гэж байхад зарим нь 23 хувь нь л доройтсон гэх жишээтэй. Тэгэхээр энэ ойлголтын зөрүүг арилгах, нэг мөр болгохын тулд манай төсөл бэлчээрийн мониторингийн арга зүйг улсын хэмжээнд нэгдсэн нэг стандартад оруулах чиглэлээр Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтарч ажилласан. Энэ байгууллага бол улсын хэмжээнд багийн түвшний нийт 1550 цэгтэй бүтэц. Энэ сүлжээ нь өөрөө цаг уурын ажиглалт судалгааны зэрэгцээ бэлчээрийн мониторинг хийдэг суурь баазтай. 1550 цэг дээр нэг ижил цаг хугацаанд, нэг ижил арга зүйгээр мониторинг хийдэг гэсэн үг л дээ. Бид тухайн үед улсын хэмжээнд ашиглагдаж байсан мониторингийн арга зүй дээр суурилан богино хугацаанд бодит мэдээлэл цуглуулах боломжтой, хэрэглэхэд энгийн арга зүйг боловсруулсан. Шинэ арга зүйг бүс төлөөлсөн тодорхой тооны сумдад туршиж шалгасны үндсэн дээр 2011 онд улсын хэмжээний бэлчээрийн мониторингийн нэгдсэн арга зүй болон батлагдсан юм. Ингээд Ус, цаг уур орчны хүрээлэнгийн дэргэд бүх аймаг, сум, багийн түвшний бэлчээрийн мониторингийн дөрвөн жилийн мэдээлэл бүхий сан үүсгэсэн. Энэ аргачлалыг Монгол Улсын их, дээд сургууль, судалгааны хүрээлэн, эрдэмтдийн зүгээс өөрийн судалгааны арга болгож, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар дэмжин хэрэглэж байгаа нь сайшаалтай. 2015 онд бид бэлчээрийн мониторингийн тайлан гаргаж УИХ, Засгийн газарт танилцуулсан. Тус тайлангаас үзэхэд Монгол Улсын бэлчээр нутгийн 65 хувь нь доройтсон байгаа. Гэхдээ сайн гэвэл зөв ашиглаж, малын ачааллыг тохируулж чадвал түүний 90 гаруй хувь нь байгалийн жамаар нөхөн сэргэх боломжтой. Төр засгаас оновчтой шийдвэр гаргаж, асуудлыг шийдэх, хөдөөгийн малчдын амьжиргааг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай” гэсэн юм.

Д.БУЛГАМАА: БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХАД АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Ногоон алт” төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч доктор Д.Булгамаатай цөөн хором ярилцлаа.


Бэлчээрийн доройтлыг хэрхэн сааруулах вэ. Үүнээс хэрхэн гарах вэ гэсэн асуудлаар хэлэлцүүлэг, зөвлөлгөөн зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Бэлчээрийн зохион байгуулалтын асуудал, түүний хариуцлагын тогтолцоог хэрхэн бэхжүүлэх тухай асуудал хурцаар тавигдаж байна. Бэлчээрээ хэрхэн зөв зохистой ашиглах вэ, доройтол талхагдлаас хэрхэн сэргийлэх вэ, бэлчээрийг байгалийн жамаар нь хэрхэн сэргээж болох тухай өнгөрсөн мягмар гаригт орон нутгийн хийгээд холбогдох яам, тамгын газрын мэргэжилтэн, төлөөллүүд хэлэлцэж, санал солилцлоо. Манай улсын бэлчээр нутгийн 65 хувь доройтолд өртөж, малын ашиг шим, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ буурсаар байгаа юм. Малын чанар муудсанаас байгаль цаг уурын бэрхшээлд малын дасан зохицох чадвар мөхөсдөхийн зэрэгцээ бэлчээрийн ургамлын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөж шарилж, лууль давамгайлснаас монгол малын давуу тал болох экологийн цэвэр байдалд нөлөөлж эхэлсэн. Зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гурван үзүүлэлтээр тооцоход нэг малчин өрх жилд дунджаар 2.6 сая төгрөгийн алдагдалд хүрсэн тооцоог судлаачид гаргасан байдаг.

Бэлчээрийн 65 хувь нь доройтолд орсон гэж байна. Эдгээрийг нөхөн сэргээх боломж байгаа гэж буй. Хэр хугацаа зарцуулагдах вэ?

-Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд өөрчлөлтөд орсон 65 хувийг дотор нь сэргэх чадавхиар нь ангилаад үзэхэд бага зэрэг өөрчлөлтөд орсон, гэхдээ байгалийнхаа унаган төлөв байдалтай ойролцоо түвшинд байгаа бэлчээр 18 хувь, ашиглалтын одоогийн хэлбэрийг нь өөрчлөөд ачааллыг нь зохицуулсан нөхцөлд 3-5 жилийн дотор эргээд байгалийн төрхөндөө төлөв байдалд орчих боломжтой бэлчээр 25 хувь, ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн, эргээд байгалийн унаган төрхөнд төлөв байдалд ороход харьцангуй урт, 10 хүртэл жил шаардагдах бэлчээр 15 орчим хувийг эзэлж байна. Харин үндсэн зүйл ургамал устаад хөрс нь элэгдэлд орсон, байгалийн аясаар сэргэх боломжгүй, үндсэндээ цөлжсөн гэж хэлж болохоор хүнд хэлбэрт орсон нь долоон хувийг эзэлж байгаа юм. Энэ дүн нь үндсэндээ бэлчээрийн доройтол нэлээд өргөн хүрээнд илэрсэн, доройтлыг бууруулах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг, нөгөө талаас бэлчээрээ хадгалж авч үлдэх, сэргээж сайжруулах боломж байгааг харуулж байна. Бид цаг алдалгүй арга хэмжээ авах юм бол бэлчээрээ энэ чигээр нь аваад үлдэх, цааш нь сайжруулах, бүр цаашилбал мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой аваад явах хэмжээнд байна.

Архангай, Булган, Төв, Дундговь, Сэлэнгэ. Ерөөсөө энэ аймгуудад л бэлчээрийн доройтол хамгийн хүндрэлтэй байгаа. Энэ бүс нутаг бол үндсэндээ манай улсын хамгийн үржил шимт хөрстэй, хамгийн бүтээмж өндөртэй бэлчээр байдаг. Аймгуудыг малын тооны нягтралаар нь ангилаад үзэхээр эдгээр аймаг давхцаж байна.

Энэ байдлаас хэрхэн гарах боломжтой вэ?

-Бэлчээрийн даац хэтэрсэн нь малын тоо толгой огцом өссөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, нэг малын идэх талбайг 4-5 мал идэж, хөрсөнд үзүүлэх малын хөлийн нөлөө төдий хэмжээгээр нэмэгдэж байгаа нь энэ хэрээр доройтуулж бүтээмжийг бууруулж байгаа гэсэн үг. Тиймээс зөвхөн аймаг орон нутагт төдийгүй улсын хэмжээнд анхаарах асуудлын нэг юм. Ялангуяа зуслан, намаржааны бэлчээр илүү хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл, гол горхи зэрэг байгалийн задгай усаа дагаад ургамал ургахаас хагдрах хүртэлх хугацаанд мал идээшилж байна. Зуслан, намаржааны зарим бэлчээрийн даац 7-10 дахин хэтэрсэн байгааг судалгаанаас харж болно. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ер нь байгалийн ургамлын газрын хэсгийн 50-иас дээшгүй хувийг ашиглах нь тухайн экосистемийн үйлчлэл, тогтвортой байдлыг хадгалах үндэс гэж үздэг. Ашиглаж ингэж тохируулж чадваас байгаль экологийн тэнцвэртэй байдал нь алдагдахгүй. Харамсалтай нь энэ байдал алдагдаж нөхөн төлжих боломжгүй болтол нь мал идэж байгаа нь тэнцвэрийг алдуулж байгаа хэрэг.

Малчдын зүгээс юу шаардлагатай вэ?

-Бэлчээр ашиглалтыг зохистой түвшинд зохион байгуулахад хариуцлагын тогтолцоо чухал. Бэлчээрийн гол ашиглагч болох малчин болоод өмчлөгч төрийн аль аль талын хариуцлагыг өндөржүүлэхийг хүсч байна. Эрх зүйн зохицуулалтын өнөөгийн орчинд хариуцлагын тогтолцоог бий болгож ажиллуулахад бэлчээр ашиглалтын гэрээ чухал үүрэгтэй. Бэлчээр ашиглалтын гэрээг зөвхөн манай төслөөр зогсохгүй бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд туршиж хэрэгжүүлж ирсэн байдаг. Гэрээ байгуулснаар бэлчээр нутгаа ашиглах малчдын уламжлалт эрх баталгаажихын зэрэгцээ бэлчээрээ төлөв байдал, чанарыг нь доройтуулалгүй, даацад нь тохируулан ашиглах үүрэг хүлээдэг. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бэлчээрээ зүй зохистой ашиглаж байгаа малчид, менежерүүдийг урамшуулдаг, бэлчээрийнхээ даацыг хэтрүүлэн ашиглаж доройтуулж байгаа хариуцлагагүй малчид болон холбогдох орон нутгийн удирдлага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм чухал байна. Бэлчээрийг төлбөртэй болгох, татваржуулах замаар энэхүү хариуцлагын механизмыг ажиллуулах боломжтой.

Н.ГАНХУЯГ: МАЛЧДЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖСЭНЭЭР БЭЛЧЭЭРИЙГ СЭРГЭЭН САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ

Монголын Бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бэлчээрийн доройтол нь байгаль цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Тухайлбал, уул уурхайн хариуцлагагүй ашиглалт, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагаа алдагдсан зэргээс бэлчээрийн доройтолд хүрч байна. Цаашид орон нутагт малчдын зохион байгуулалтыг дэмжсэнээр бэлчээрийг сэргээн сайжруулах боломжтой. Ингэснээр бэлчээрийн 90 гаруй хувь нь тодорхой хэмжээнд 1-3 жилийн дотор сэргэх боломжтой гэсэн судалгааны дүн гарсан. Бэлчээрийг сэргээн сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа туршлага олон бий. Баруун аймгуудын хэмжээнд энэ туршлагууд илүү байна. Төрийн байгууллагууд нь бэлчээрийн сэргэлт, доройтлыг хянадаг, үнэлдэг боллоо. Завхан аймагт малчид эр сувай малаа алсын оторт гаргадаг боллоо. Архангай аймаг болон сарлагтай нутгуудад малчид хамтарч сарлагаа самнадаг болсон. Самнасан хөөвөр нь ноолууртай тэнцэх нарийн микронтой түүхий эд болж байна. Түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад, дотоодын зах зээлд өндрөөр үнэлэгдэж байна. Архангай аймгийн зарим суманд малчид үлийн цагаан оготныг устгахад хамтарч ажиллаж байна. Ингэснээр 100 хувь устгаж чадсан сайн туршлага олон бий” гэв.

БЭЛЧЭЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАРУЙ БАТЛАХ ШААРДЛАГАТАЙ

Бэлчээрийн харилцааг зохицуулахын тулд хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, бэлчээрийн тухай бие даасан хуультай болох шаардлага зүй ёсоор үүсээд байгаа юм. 2000 оноос хойш Бэлчээрийн тухай хуулийн төслийг дөрвөн парламент дамжин хэлэлцсэн нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа.

Бэлчээрийн тухай хуультай болбол одоогийн бэлчээрийн доройтол буурч, малчид малынхаа тоонд бус чанарт нь анхаардаг болно хэмээн дээрх албаныхан дуу нэгтэй хэлж байв. Мөн малчид отрын нөөц нутагтай болж, малчин бүрт бэлчээрийн газрыг ижил тэгш хувааж авах боломжтой аж. Үүнээс гадна уул уурхайн хайгуул, олборлолтод бэлчээрийн газар нутаг нь өртсөн бол малчид нөхөн төлбөр авдаг байх зохицуулалтыг ч хийх юм байна. Дээрх зохицуулалт бүгд бэлчээрийг доройтлоос аврах гарц нь болох юм. Малаас гарах түүхий эд үнэгүйдэж, зах зээлийн бодитой эргэлтэд орж чадахгүй байгаа нь бэлчээрийн доройтолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засаг уналтад орж, хөдөө аж ахуйгаас олох орлого буурсан нь бэлчээрийн доройтолтой шууд холбоотой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Бэлчээр аль аймгийн аль суманд хамгийн их доройт­сон талаар улсын хэмжээний хангалттай статистик мэ­дээ­лэл бий. Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэр­хэн ухаалгаар хөтлөх, үйлд­вэрлэлийн гол суурь болсон бэлчээрийн ашиглалыг хэрхэн зохион байгуулах технологийн зөвлөмж, сайн туршлагуудыг эрдэмтэд гаргасаар байна. Нөгөө талдаа бэлчээрээ хайрлан хамгаалж ашигладаг малчид, менежерүүдийг урам­шуулдаг, бэлчээр нутгаа цөлмөн доройтуулдаг хариуцлагагүй малчид болон холбогдох орон нутгийн удирд­лага, менежерүүдэд хариуцлага тооцдог механизм юу юунаас илүү чухал болжээ.

БЭЛЧЭЭРИЙГ ЭЗЭНТЭЙ БОЛГОХ НЬ ДОРОЙТЛООС СЭРГИЙЛЭХ АРГА МӨН

“Ногоон алт” төсөл 17 аймгийн малчидтай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Тодруулбал, малчид хэсэг бүлгээрээ үе уламжлан ашиглаж ирсэн дундын бэлчээрээ орон нутгийнхаа Засаг даргатай гэрээ байгуулах замаар урт хугацаагаар ашиг­лах эрхтэй болж эхэлсэн байна. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулснаар нэг талаас малчдын бэлчээрээ ашиглах эрх баталгаажих, ингэснээр уул уурхайн болон хөгжлийн аль нэг төслийн үйл ажиллагаанаас бэлчээрээ ал­дах эрсдэлээс хамгаалагдах давуу талтай аж. Нөгөө талаас гэрээт бэлчээрийнхээ төлөв байдал, чанарыг нь доройтуулалгүй малынхаа тоог даацад нь тохируулж ашиглах хариуцлага өндөрсөнө. Бэлчээр ашиглалтын гэрээг байгуулснаар малчдын хувьд бэлчээрийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд үйлдвэрлэлээ хэрхэн явуулах тал дээр тодорхой мэдээлэлтэй болохын зэрэгцээ төрийн зүгээс төрийн өмч болох бэлчээр ашиглалтад хяналт тавьж зохицуулахад хялбар болдог сайн талтай болох нь Дэлхийн банкны болон Мянганы сорилын сангийн бэлчээрийн менежментийн төслүүдээр батлагдсан байдаг.

Л.ӨНӨРБААТАР: МАЛЧИД ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРСНООР БЭЛЧЭЭРЭЭ ХАМГААЛЖ ЧАДАЖ БАЙГАА

Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулалт, зохион байгуулалтаараа Архангай, Говь-Алтай зэрэг аймаг тэргүүлж байгаа аж. Тиймээс Архангай аймгийн Ихтамир сумын малчин Л.Өнөрбаатартай утсаар холбогдож, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахын ач холбогдлын талаар тодрууллаа.


“Манай аймаг бэлчээрийн доройтолд хамгийн их өртсөн аймгийн нэг. Малын тоо толгой ч их. 2005 оноос хойш “Ногоон алт” төслийн хүрээнд бидэнд бэлчээрээ хамгаалах, хэрхэн хамтрах тухай мэдээлэл, сурталчилгаа цөөнгүй хийсэн. Үүний үндсэн дээр малчид бэлчээрээ хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэж, юу хийх ёстой талаар ярилцаж, Сумын бэлчээр ашиглалтын холбоонд нэгдсэн. Одоо малчид Ихтамир сумын бэлчээрийн нийт талбайг 13 хэсэгт хувааж, хамтран эзэмшиж байна. Ингэснээр бэлчээрийн талхлалт багасч, малчид жилийн дөрвөн улиралд бус гуравт нь нүүдэл сэлгэх гэх мэтээр хамгаалж байна. Мөн энэ холбоо байгуулснаас хойш бэлчээр хамгаалах тал дээр бид нэгдүгээрт, отор нүүдэл хийлгэх, сэлгэх, амраах. Хоёрдугаарт, малчдын өрхийн орлогыг нэмэх. Ингэхдээ малын түүхий эдийг өндөр үнээр үйлдвэрүүдэд борлуулахад зуучлах, дуудлага, үзэсгэлэн худалдаанд хамруулах мая­гаар. Гуравдугаарт, малчдын өвс, тэжээлийг бэлтгэх зорилгоор хадлангийн салаа байгуулж ажиллаж байна. Ногоон өвс 20 га талбайд тарьсан. Мөн хадлангийн талбайг хашиж, хамгаалж, бордож, өндөр ургац авч байна. Түүнчлэн чанаргүй малын тоог буу­руулах зорилт тавьж, бу­сад аймгаас чанартай, үүл­дэр угсаа сайтай мал холбоогоороо дамжуулан авчирч байна. Жишээ нь, Хотонтын илүү нугаламтай хонь, Говь-Алтайн уулын улаан ямаа, Тэрхийн бор сарлаг гэх мэтээр үүлдрийг нь сайжруулж байна. Манай суманд Тэрхийн бор сарлагийн цөм сүрэг бий боллоо. Гэхдээ баг бүрт хонь, ямаа байхгүй. Газар нутгийн онцлогоос нь шалтгаалаад нэг хэсгийг адуу, нөгөөхийг нь ямаа гэх мэтээр төрөлжүүлж байна. Бэлчээрийг зүй зохис­той ашиглахын гол зүйл бол малын тоог даацад дүйцүүлэх. Иймээс бид сумын­­хаа нийт малчдыг хоёр бүлэгт хуваагаад Эрсдэлийн сан байгуулаад, дүрэм, журмаа тогтоогоод ажиллаж байна. Энэ хоёр бүлэгтэйгээ чанаргүй малын тоог жилд найман хувиар бууруулахаар таван жилийн гэрээ байгуулаад ажиллаж байна. Таван жилийн дараа Ихтамир сумын малын тоо бэлчээрийн даацандаа хүрэх юм. Малын тоог бууруулахдаа бид эрүүлжүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, чанаргүй, эр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах маягаар асуудлыг шийдэж байгаа. Бэлчээр ашиг­лалтын холбоонд нэгдэх нь малчдад маш их ашигтай. Дээр нь бэлчээрээ хамгаалахаас аргагүй байдалд хүрсэн учраас ийм зохион байгуулалтад орохоос өөр аргагүй” гэв.

Г.ХИШИГБАДАМ

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн холбоотой судалгааны баг байгуулна

2016 оны арванхоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.

Талууд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсныг сайшааж, түүний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны баг байгуулах саналыг 2017 оны эхний улиралд шийдвэрлэхэд ОХУ-ын тал дэмжихээр болов.

Хилийн Алтанбулаг-Хиагтын олон улсын автотээврийн шалган нэвтрүүлэх боомтын тогтвортой үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай протоколыг хоёр улсын гаалийн байгууллага ойрын хугацаанд байгуулахаар тохиров.

2017 онд Монгол банк, ОХУ-ын Төв банк хамтран Монгол, Оросын зээл олгогч байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт зохион байгуулна. Мөн “УБТЗ” ХНН-ийн нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, дэд бүтцийг нь сайжруулах, хүний нөөцийг бэлдэх зорилгоор ОХУ-ын Тээврийн яамны харъяа их, дээд сургуулиудад жилд 70 хүртэлх монгол иргэнийг Оросын талын зардлаар сургахаар болов.

“Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохирч ирэх оны эхний улиралд байгуулахаар тохиролцсон байна.

ОХУ-ын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтарсан компани байгуулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэхэд оролцох сонирхлоо илэрхийллээ. “Росгеологи” фондын архивт хадгалж буй 1960-1990 онуудад Монголын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны тайлангуудыг Монголын талд хүлээлгэн өгөх асуудлыг 2017 оны 4 дүгээр сар гэхэд шийдвэрлэх, нууцын зэрэглэлд буй тайлангуудыг өгөх боломжуудыг судалж үзэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын тал илэрхийллээ.

Талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дах үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.

Ойг түймрээс хамгаалах асуудлаар Монгол, Оросын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байхаар тохиров. Мөн ОХУ 2017 оныг “Экологийн жил”, “Дархан цаазтай онцгой газар нутгийн жил” болгон зарлаж буйтай холбогдуулан хоёр орны хүүхдийн уран бүтээлийн уралдаан зохион байгуулахаар тохиролцлоо.

Хамтран кино бүтээх кино найруулагчдын уулзалт хийх, театрын урлагийн олон улсын наадамд жүжигчдээ харилцан оролцуулах, кино өдрүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болов. Талууд аялал жуучлалын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллах, хоёр улсын бүс нутгийн хооронд хилийн аялал жуучлалын солилцоог хөхүүлэн дэмжихээ илэрхийллээ.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан 2017 оны хоёрдугаар хагаст ОХУ-д болох юм.