Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийг ганц хүнтэй компани болгочихоод “Монголынх” гэж ярьж болохгүй

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар VTV телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоунд оролцож, байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.

“Эрдэнэт”-ийн асуудалд намын харьяалал хамаагүй, дарга цэргийн харьцаа хамаагүй шүү. Би энэ асуудал дээр энэ хоёрыг мартана.

Эрдэнэбилэг гээд яриад байгаа. Энэ хүн дангаараа ийм юм хийж чадахгүй ээ. Өндөр хэмжээний дэмжлэгтэй байж ийм юм хийнэ.

Энэ бол өндөр дээд түвшинд хийгдсэн үйл ажиллагаа. Гурван томтой ярьж байж л ийм юм болно шүү дээ.

Засгийн газар энэ булхай луйврыг зогсоох юм байлгүй гэж бид найдаад байгаа.

Миний үгнээс илүү хүчтэй мөнгө, сүлжээ гэж нэг юм байна.

Засгийн газраас нь зөвшөөрөл авалгүй хоёр жил хойд айлтай хэлэлцээ хийсэн гэж ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон гэж нөхөр хэлсэн дээ. Манай бүх том дарга нартай тохирчихсон байж таарна.

Ганцхан хүнтэй компани болгочихоод “Эрдэнэт” үйлдвэр Монголынх гэж ярьж болохгүй биз дээ.

Categories
гадаад мэдээ

Анагаах ухааны салбарын “Нобелийн шагналтан” тодорчээ

Шведийн Каролины дээд сургуулийн Нобелийн хороо энэ жилийн “анагаахын” Нобелийн шагналтны нэрийг даваа гаригт нэрлэжээ. Токиогийн их сургуулийн профессор Ёшинори Осуми (Yoshinori Ohsumi) аутофагийн механизмын нээсний төлөө” гэсэн тодотголтойгоор Нобелийн шагнал хүртлээ. Энэ жилийн анагаахын Нобелийн шагналд 273 эрдэмтдийн нэр дэвшсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллалаа

Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллажээ. Тэдний хувьд ЗГ-ын 100 хоногийг угтаж хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм. Энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, цаашид үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ. Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

“Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох хүнс, эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохыг зорьж ажиллаж байна” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, тэргүүтэй ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймагт Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Мөн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 338-р ангиар орж танилцсан байна. Ингээд энэ удаад ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумдын иргэдтэй уулзалт хийж, санал бодлын сонссоноор өндөрлөсөн байна. Уулзалтанд оролцогчдоос ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар тодруулахад, “Үргэлжлүүлэх эх үүсвэрийг судалж байна. Салбарын яам уг зээлийг цаашид олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дахин олгож эхэлнэ” гэсэн хариултыг өгчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Тэмүүжин” жүжгийг тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Түүхэн жүжгийн өдрүүд”-ийг эхлүүлээд байна. Тус жүжгийн хүрээнд “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглосон. Энэ удаад “Тэмүүжин” жүжгийг тоглохоор зэхэж байна.

Тус жүжгийн зохиолыг МУГЖ С.Жаргалсайхан бичиж 2002 онд тайзнаа тоглож байжээ. Есүхэй эцгийг нь татарт хорлогдоход албат иргэд нь Тэмүүжин хүүг эх болоод дүү нарынх нь хамтаар харь нутагт хаян одож байгаагаар уг жүжиг өрнөж эхэлнэ. Эцэг нэгтэй ч эх ондоотой Тэмүүжин, Бэгтэр хоёрын хоорондын тэмцэл туйлдаа хүрч эцэст нь Тэмүүжин Бэгтэрийг харван ална. Гэсэн ч Тэмүүжин хүүгийн энэ алдаа хожмын өдөр оноо болох байлаа. Энэ мөчөөс эхлэн Тэмүүжин хүү өөрийн үзэл бодол, ухрашгүй байр сууриа олж авч буйгаар жүжиг үргэлжилнэ.

Жүжгийг энэ сарын 8,9-нд буюу ирэх амралтын өдрөөр 17.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэц энэ сарын 12-нд хуралдана

Үндсэн хуулийн цэц хуралдана зурган илэрцүүдҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 12-ны өдөр Цэцийн ордонд нээлттэй болно. Нэр бүхий иргэд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Миний эсрэг “ Их эвсэл” бий болжээ

Сүүлийн сард над руу чиглэсэн дайралтууд ар араасаа цувлаа. Зоригийг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт хууль зөрчин байж яллагдагчаар татлаа. Намайг нийслэлийн намын даргын албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчийн зөвлөх хэвлэлээр дамжуулан шаардлаа. Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны бичлэгийг, дүрс гардаг бүхнээр тарааж, намаа сонгуульд ялагдуулсан гол буруутан болохыг “илчиллээ”.Нийслэлийн Засаг даргын багаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийг “завхруулсан” болохыг зарлалаа. Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй.

Үүнийг “Их эвсэл” гэхгүй бол өөр юуг “Их эвсэл” гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа “байгуулагдаж” байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг их эвсэл олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч хуваагаад авсан юм уу даа?!

Би нийслэлийн намын даргын сонгуульт ажлаа өгөх тухайд бол өгнө. Нийтэд зарлачихсан шүү дээ. Дүүргүүдийн намын удирдлага болон төлөөлөгчид л намрын сонгууль өнгөртөл байж байгаач гэж хүссэн болохоор хүлээж буй. Үүнийг Элбэгдоржийн зөвлөх мэдээгүй гэхгүй.

Алтанхуяг болон түүний албатууд болох Алтангадас “ханлиг”-ийн зүгээс намын бүлгийн дотоод бичлэгийг нийтэд “алдаж” намайг сонгуулийн ялагдлын гол буруутан болгож байгаа тухайд хэлэх үг надад бас бий.

Юуны өмнө тодруулахад, цэвэр мажоритар тогтолцоонд шилжихийг бүлэг дээр ганц Алтанхуяг ч эсэргүүцсэн юм биш. Ерөнхийлөгч Элбэгдорж бас шаргуу эсэргүүцсэн. Тэр намайг мажоритараас болиулах гэж “Ардчилсан нам хол зөрүүгээр ялагдах аюултай” гэх зэргээр ятгаад дөнгөөгүй. Тэгэхээр өнөөдөр Элбэгдорж мөн ялагдлын бурууг надад тохож суугаа биз!

Алтанхуяг, Элбэгдорж нар сонгуулийн ялагдал нь мажоритар тогтолцооноос болсон мэтээр нотлох гэж байгаа нь огт үндэслэлгүй. Энэ тогтолцоогоор чинь бид, 96 оны сонгуулиар МАН-ыг ялж байсныг намын гишүүд маань мартчихаагүй. Тэр сонгууль 70 гаруй жил эрх барьсан МАН-ын хувьд ёстой “улс төрийн цунами” байсан юм. Тэгэхэд МҮАН, МСДН гэсэн хоёр нам хамтарч орсон боловч эв нэгдэлтэй байж чадсан учраас ялсан.

Харин энэ удаад бид нэг нам болчихсон хэрнээ доторх фракц мэтээр эндүүрэгддэг олон ханлигийнхаа хагаралд нэрвэгдэж сонгуульд орсон. Ямар сайндаа хагарал нь гадагшлаад сонгуулийн тойрогт гарч МАН-тай биш хоорондоо үзэлцэж байхав. Ардчилсан нам ялагдсан гол шалтгаан ердөө л дотоодынх нь тэмцэл. Харин энэ тэмцлийн анхных нь автор Алтангадас, одоо болохоор өөрийгөө нуугаад намайг гүтгэж байна!

Үнэндээ манай намд Алтангадас хэмээх фракц мэндэлсэн тэр өдөр инстүүцийнхээ хувьд намын доройтол эхэлсэн өдөр. Урьд нь МоАН ч байх үед, МҮАН ч байх үед нам дотор фракц байдаг л байсан. Гэхдээ Алтангадас шиг нам доторх нам, нам доторх ханлиг, ванлиг болчихсон, байнга намаа рэкетлэж байдаг фракц байгаагүй юм. Энхсайхан “Алтангадас Ардчилсан намыг сүйтгэнэ” гэж үзмэрч шиг хэлж байжээ! Алтангадасыг фракц гэх нь дэндүү соёлтойгоор өргөмжилсөн хэрэг. Тэр бол угтаа Алтанхуяг хэмээх удирдагчтай дундад зууны ханлиг юм. Дотроо заваарсан муухай шатлан захирах ёс бүхий. Гишүүд нь нэг харахад вангийн албат аятай, арай орчин үежүүлээд харвал коммунист намын гишүүд шиг. Ийм дорой буурай улсуудыг цуглуулаад хүч өгч чадсан нь аргагүй л Алтанхуягийн чадвар.

Алтангадасчууд намынхаа төлөө биш Алтанхуягийн төлөө хүчин зүтгэсээр Ардчилсан намыг барьцаанд оруулсан нь намын бусад лидерүүдэд үлгэр дуурайлал болсон. Ийнхүү МоАХ, “Шонхор”, “Нэг ардчилал”, “МоАН” зэрэг ханлиг, ванлигууд нам дотор ар араасаа цувран бий болсон. Тэгээд бид сонгуульд ороход нам маань хэрэйд, мэргид, татаарын “орондоо орох завгүй олзлолдон булаалдах” өвөр хоорондын тэмцэлд туйлдсан 13 дугаар зууны Монгол шиг болчихсон байлаа.

Хоорондын хорсол дэндүү байж. Ямар сайндаа алтангадасчууд, миний болон нэр дэвшээгүй хүүгийн маань эсрэг далдуураар Ардын намд хүч хавсарч ажилласан байх вэ дээ?!

Тэгэхээр дахин хэлэхэд сонгуулийн ялагдлын гол шалтгаан сонгуулийн тойрогт гарч очсон нам доторх дотоодын тэмцэл юм шүү! Ардчилсан нам эв нэгдэлтэй үедээ тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан ялж ирсэн түүхтэй.

Надад ямар нэг фракц энэ тэр байхгүй, бусад фракц шиг Алтангадастай булаацалдах зүйл үгүй. Ерөнхий сайдаас огцруулах ажлыг хошуучилсанд Алтанхуяг надад өс санадгийг би мэднэ. Ганцаараа дур мэдэн өөр намтай сонгуулийн тойрог хуйвалдан хуваасан хэний ч эсрэг би явах л байсан. Алтанхуягийн өс хонзон Алтангадасын өс хонзон болж, хаврын сонгуулиар гараад одоо дүүргийн сонгуулийн өмнө үргэлжилж байгаа нь үнэхээр зэвүүн!

Ардчилсан намыг хагалахад Алтангадас ганцаардаагүй. Элбэгдоржийн оролцоо багагүй байсан. Элбэгдоржийн авлигатай тэмцэж шударга ёсыг нэхсэн ажил эхэндээ олны талархлыг хүлээсэн сайн ажил байсан. Гэтэл явсаар авлигатай тэмцэх ажлаа алагчилж явуулаад байгаа нь харагдав. Ардчилсан намын гишүүд ээлж дараагаараа авлигын хэрэгт холбогдон байцаагдах болов. Араар нь Ардын намын гишүүд УИХ-аар өмнөх болон өнөөгийн хэргүүдээ хэлтрүүлэх өршөөлийн хуулиудыг батлуулж байлаа. М.Энхболд болоод түүний нөхөд “цэвэр” биш гэдгийг ард түмэн тэр тусмаа нийслэлийнхэн гадарлана. Гэтэл Элбэгдоржийн ялгаварлал, авлигын тэмцэл Ардын намын даргыг нөхөдтэй нь энэрэн хаацайлах атлаа Ардчилсан намынханд галтай, цогтой бууж байсан учир юу вэ хэмээх асуултыг өөрийн эрхгүй төрүүлсэн?!

Үүний хариуг Элбэгдорж л мэднэ. Яадаг ч байлаа гэсэн Ардчилсан намыг бужигнуулж дөнгөсөн. Намын доторх хагарал дайсагналцлын хэмжээнд хүрээд тойрог дээр очин далдуур эрэгчин эмэгчнээ үзэлцэхэд хүргэсэн нэг шалтгаан энэ болой.

Тэгээд, одоо надаас, Элбэгдоржийн зөвлөх нь намаа ялагдуулсан дарга ажлаа үтэр түргэн өг гэж дүүргийн сонгуультай давхцуулан нийтийн өмнө нэхэж байна.

Алтанхуяг, Элбэгдорж нарын над руу чиглүүлсэн ажиллагааг Ардын нам “сэвээд” өгөх нь ойлгомжтой. Тэгээд Су.Батболдоор ахлуулан, миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах аянг эхлүүллээ.

Дахин төлөвлөлтөд оролцсон зарим нэг компанийн хариуцлагагүй байдлаас хохирч болзошгүй, тэгээд тэвдэж буй иргэдийг ашиглан намайг муучилж байна. Мэдээж дахин төлөвлөлтөөр хашаагаа орон сууцаар солиод ая тухтай амьдралаа эхлүүлж чадсан 800 гаруй иргэн өөрийн хэрэг бүтсэн учраас дуугарахгүй л дээ. Харин чадаагүй иргэд нь гомдолтой байгаа. Гэхдээ тэд улс төрийн тоглоомын золиос болж улам гарцгүй аюул руу явж байгаагаа ойлгохгүй байгаад миний санаа зовох юм. Дүүргийн сонгууль өнгөрнө, тэд хаягдана. Хаядаггүй юм аа гэхэд хашааны газар нь Батболд, Сандуйн багийнхны бизнес болно гэдгийг мэдэхгүй байгаа. Ардын намынхан дахин төлөвлөлтийн ажлыг хашааны эзэдтэй зах зээлийн зарчмаар тохиролцох хэлбэрээр хийхгүй, захиргаадалтын аргаар газар чөлөөлөн, иргэдийн бус дарга нарын сонголтоор тодорсон компаниудын барилгын бизнес болгож хувиргаад, түүндээ Хятадын зээлийг ашиглахаар бэлдэж байна. 12 оноос өмнө Ардын намынхан яг ийм ажил эхлүүлсэн байсныг нь би зогсоож хашааны эздийн санал дээр үндэслэсэн зах зээлийн зарчимд шилжүүлэн дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, эрэлт нийлүүлэлтийн инстүүцийг ажиллуулж эхлээд байсан юм. Үүнийг зогсоолгүй үргэлжлүүлэхэд энэ намар гэхэд 844 хашааны айл орон сууцанд орох байлаа.

Ардын намын хүйтэн сэтгэл яагаад ингэж байгаа оноод байдгийг одоо ч би гайхдаг юм. Ардын намынхан дүүргийн сонгууль өнгөрөөд амаа асуулгана гэдгийг мэднэ, гэхдээ ёстой үл тооно. Иргэд тэдэнд хүлцэнгүй ханддагийг андахгүй юм аа!

Миний эсрэг довтолж буй “Их эвсэлд” эхний ээлжинд өчих хариу ийм байна. Дахиад мэтгэх зүйл ч зөндөө. Тэр тухай дараа бичнэ.

Их эвслийн энэ удаагийн довтолгоо амжилт олох байх! Ямар ч байсан дүүргийнхэн болгоомжлоод намайг хоргоохоо байсан. Уг нь нийслэлийнхэн таны эсрэг биш намын эсрэг санал өгсөн, одоо та бидэнд хэрэгтэй байна гээд байсан юм! Тэгээд би нийслэлийн намын даргаа өгөхөө түр азнасан хэрэг. Нэгэнт хэрэг нь өнгөрсөн учир хурлаа зарлаад, нийслэлийн намын даргын албаа өгнө дөө.

Гэхдээ, би “Их эвсэл”-д бууж өгч байгаа юм биш шүү! Харин, шинэ тэмцэлд нэгдэнэ.

Тэр жилийн 62-ын бүлгээр төрсөн олигархийн засгийг халах том өөрчлөлт манай нийгэмд удахгүй эхлэх гэж байна! Ард түмэн нийгмээ сорон мөлжиж буй цөөнхийн засгаас оролцоогоо нэхэж тэмцэх цаг ирэхээр дуулдаж байна. Би тэр тэмцэлд нэгдэнэ!

Э.БАТ-ҮҮЛ БИЧИЖ БАЙНА

Categories
мэдээ цаг-үе

Цахир сумын хоёр ламын занданшуулсан шарилын эргэн тойронд

Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байх Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилыг ямар учраас өнөөг хүртэл насан эцэслэхдээ байсан биеэ алдалгүй байсаар буйг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Мөн бурхан шашны зүтгэлтнүүд ч тайлбарлаж чадаагүй байна. Итгэлт хамбын шарилыг амьсгал хураасны дараа хүйтэн газар байлгаж, бүх биеийг нь давсаар хучиж олон жил болгосон гэдэг.

Харин Чойжин ламын шарилыг улсын сан хөмрөгөөс 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулсан байдаг юм байна. Монголчууд эрт дээр үед ихэс дээдсийн шарилыг тусгайлсан өрөөнд бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохирыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулдаг байсан аж. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж, ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг байна. Ихэвчлэн амьсгал хураасан талийгаачийн гэдэс дотрыг авч цэвэрлэж занданшуулдаг байжээ. Цас, бороо чийг үзүүлэлгүй олон жилийн турш битүү газарт хадгалж хатаадаг байна.

Гэтэл Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байх Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарил нь уулын оройд салхи, бороо, цасыг үл ажран зуу гаруй жил болсон ч тэр янзаараа байгаа нь олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Таван цул эрхтэн нь бүтэн. Тархи нь хатаагүй хэвээрээ байсан юм байна. Цахир сумын иргэдийн хэлж буйгаар хоёр ламын занданшуулсан шарилыг хуш модоор авдар зангидан суулгаад гадуур нь мод зангидаж пүнзэрхүү дөрвөлжин байшин хийсэн гэнэ.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар Гэсэр ламын шарил ил гарчихсан үс, сахал нь хийсдэг байсан гэх мэдээлэл байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нутгийн иргэдийн нууцаар шүтдэг хоёр ламын шарилыг хүмүүс устгаж үгүй хийх гэж оролдож байжээ.

Гэвч нутгийнхан занданшуулсан шарилын гадуур углуурга гаргаж хийсэн модон пүнзийг гадуур бүхэлд нь чулуугаар далдалж орхисон байна. Ингээд 1937 оноос хойш өнгөрсөн жил хүртэл нэг ч хүн хоёр ламын занданшуулсан шарилд хүрээгүй юм аж.

“МАНАЙ НУТГИЙН АРД ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ БАЙДАГ ЮМ” ГЭВ

Ингээд өнгөрсөн жилээс хос оршил буюу чулуун бунхан барьжээ. Аграмба Равсалын Санжайжавын шарилыг хулгана мэрэх гэж оролдсон ором байсан гэнэ. Түүнээс өөр ямар ч сэв байхгүй байж. Харин Гэсэр багшийн шарил анх хадгалагдаж байсан хэвээрээ байгаа гэсэн. Энэ талаар болон нутгийн иргэд хэрхэн шүтдэг талаар Цахир сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Өлзийбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба, Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилыг яагаад Содномдаржаа уулын оройд залсан байдаг юм бэ?

-Хоёр багшийн шарилыг Халх төдийгүй, Түвд жагарын орноо нэр нь алдаршсан их маарамба Лүнирэг Дандар занданшуулсан гэж нутгийнхан ярьдаг. Өвгөн Гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамцын гарын долоон шавийн хоёр нь Аграмба Равсалын Санжайжав, их маарамба Лүнирэг Дандар байсан юм билээ. Их маарамба Лүнирэг Дандар маарамба нь Дорно дахины анагаах ухааныг төгс эзэмшсэн хүн байсан төдийгүй, хоёр ч ном гаргасан байдаг. Түүний бичсэн ном одоо хүртэл уламжлалт анагаах ухааны суурь болон ашиглагдаж байгаа. Яагаад Содномдаржаа ууланд хоёр багшийн шарил байдаг талаар манай нутгийн настай хүмүүс ингэж ярьдаг. Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрхны салбар Хөх нуурын зүүн урдахь гурван оньсны дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим өөрийн гарын шавь эрдэм номтой аграмба Санжайжав ламтныг ойролцоо бунхалсан байдаг. Гэсэр лам нутаг ус, ард иргэдээ аюулт өвчин, халдлагаас хамгаалж насан үүрдийн энэ газарт оршин байгаа юм. Чойжамц хамба эрдэм шинжилгээний хурлын үеэр “Энэ агуу их шүтээнийг өнөөдрийг хүртэл хадгалж байсан нь Цахир сумын иргэдийн ач буян” гэж хэлж байсан. Манай нутгийнхан хоёр багшийн шарилыг хүүхдээс чихэр нууж байгаа юм шиг сайн хадгалж хамгаалж байсан байдаг. Хүүхэд байхад биднийг холоос мөргүүлээд л аваад явдаг болохоос ойр аваачиж байгаагүй шүү.

-Таныг 2001 онд Цахир сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Тарвагатайн нуруунд их гал түймэр гараад Содномдаржаа ууланд тулж ирээд унтарсан гэж ярьдаг юм байна лээ?

-Манай нутагт 2001 оны хавар маш өргөн хүрээг хамарсан түймэр Завхан аймгаас орж ирсэн юм. Хөвсгөл аймгийн Жаргалант, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын газар нутгийг хамарсан түймэр гарсан. Олон аймгийн Онцгой байдлын алба хаагчид жирийн иргэдтэй нийлж унтраах гэж оролдсон. Тэгтэл унтрааж чадахгүй байсаар алдчихсан. Ингээд арай гэж Содномдаржаа ууланд хүрч ирсэн. Хоёр багшийн шүтээн шатчихсан юм биш байгаа гэж бодоод ирж байгаа юм. Тэгсэн түймэр хоёр багшийн занданшуулсан шарил байгаа хөшөөнөөс ердөө хоёр метр хүрэхгүй зайд унтарсан байсан. Түймэр унтрах ямар ч боломж байхгүй, салхитай өдөр байсан юм. Мөн тэр хавьд битүү өвс ургачихсан. Тэгтэл яг хоёр багшийн бунхан байгаа газарт ирээд л соруулаад унтарсан байсан. Бид ч яах арга байхгүй эрдэм чадалтай болохоор галыг унтраасан байна даа гэж ярилцаад буцсан. Хэдийгээр шинжлэх ухаан талаас өөрөөр харагдах боловч “Манай нутгийн ард иргэдийн муу болгоныг дарж байдаг юм байна даа” гэж үргэлж бодож, шүтэж явдаг. Тэр түймэр орсон бол модонд гал авалцаад л шүтээн шатах байсан байх.

Өмнө нь ийм байжээ

-Цахир сумаас есөн хутагт төрөн гарсан байдаг байх аа?

-Тийм ээ. Манай нутаг есөн хутагтын эх өлгий газар. Хамбын гэгээний гурван ч хойд дүр Цахир сумаас тодорсон байдаг. Ялгасан гэгээний хоёр дүр, Сэнгээ хувилгаан, Өвгөн гэсэр лам, аграмба Равсалын Санжайжав, Лүнирэг Дандар маарамба гэсэн есөн хувилгаан төрсөн байдаг. Мөн ЗХУ-аас Монгол орны ард түмнийг судалж, Монголын оюун ухааны төв нь Цахир сум юм байна гэсэн судалгаа, дүгнэлт хүртэл хийсэн байдаг. Хоёр багшийн занданшуулсан шарил байгаа газрын хажууханд байх Хөх нуурын дээд эхэнд төрсөн хүн болгон сүүлийн жилүүдэд дандаа УИХ-ын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн болж байгаа. Зөвхөн нэг уулын аманд төрсөн хүмүүс л аймгийн удирдах албан тушаал хашиж, төрийн сайд болж байна шүү дээ гэв.

Цахир сумын иргэдийн дунд Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц Аграмба Равсалын Санжайжав нарын эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, хүрд эрих, цөгц зэрэг нь хадгалагдаж байдаг юм билээ. Цахир сумынхан “Хэдхэн жилийн дараа Содномдаржаа уул бурхан шашны эргэл мөргөлийн газар болно. Монголд битгий хэл дэлхийд хоёр багшийнх шиг бүрэн бүтэн биеэрээ байгаа занданшуулсан шарил олдохгүй. Номд бүрэн гэгээрч бурхан болсон хүн л ингэж чулуу шиг занданшиж үлддэг юм гэнэ лээ” гээд л ярьж байна лээ.

Т.ГАЛБААТАР: ХОЁР БАГШИЙГ ЖИЛД НЭГ УДАА ГАДААЛУУЛЖ СҮСЭГТЭН ОЛОНД МӨРГҮҮЛЖ БАЙХААР ЯРИЛЦАЖ БАЙГАА

Цахир сумын Засаг дарга Т.Галбаатартай Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын шарил байгаа Содномдаржаа ууланд сүсэгтэн олонд зориулж ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа талаар ярилцлаа.


-Хоёр ламын шарил байгаа газарт ямар нэгэн бүтээн байгуулалт бий болгох уу. Сүсэгтэн олон их ирдэг болсон байна лээ?

-Өнгөрсөн жилээс хоёр гэгээнтэн багшийн байгаа газарт очиж мөргөх хүмүүсийн тоо өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдсэн. Одоогоор томоохон ажлууд хийгдээгүй байна. Засгийн газрын хөрөнгөөр бунхан оршил барьсан байгаа. Ямар ч байсан хүн хулгайлж авч явахааргүй болсон. Цахир сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс тусгай хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын ажилтнуудтай болсон. Нийтийн хүртээл болгох, аялал жуучлал хөгжүүлэх талаар төлөвлөж байгаа зүйл бий. Эхний ээлжинд нутгийн зөвлөл, нутгийн иргэдийн санаа бодлыг сонсож, хэрэгжүүлэхээр ярьж байна. Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарахгүй бол сум дангаараа томоохон бүтээн байгуулалт хийж чадахгүй. Ойрын хугацаанд их бүтээн байгуулалтын ажил эхлэх байх. Орон нутгийн захиргаа 51 хувийг эзэмшиж, иргэд 49 хувийг эзэмшдэг хувьцаатай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна манай нутгийн зарим иргэн өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлээд явж байна лээ. Гэхдээ сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс хоёр гэгээнтний энэ үйлсийг аж ахуйн нэгж, компанийн мэдэлд өгөх сонирхолгүй байгаа.

-Хувийн компани өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг гаргаж байж илүү хөгжиж, танай сум аялал жуулчлалын бүс болох юм биш үү?

-Төр засгаас хөрөнгө мөнгө гаргаад бунхан барьчихсан асуудлыг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх нь Цахир сумын мэдлийн асуудал. Мөн Монгол Улсын соёлын биет өв. Үүнийг хамгаалах, хариуцах эзэн нь орон нутгийн захиргаа гэж хуульд заачихсан байдаг. Бид хоёр багшийг жилд нэг удаа гадаалуулж, сүсэгтэн олонд мөргүүлж байхаар ярилцаж байгаа. Хүмүүс Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав гэгээнтнүүдийг ойроос харж, мөргөж залбирах биз” гэв.

Бунхан барьж байгаа нь. 2015 он.

Архангай аймгийн Цахир суманд хийсэн сурвалжлагаа дуусгаад нийслэл хотын зүг хөдөлсөн юм. Жаргаж буй нарны туяанд буйдхан сумын төвийн хэдэн барилга тод харагдах ажээ. Засмал зам тавигдсанаас хойш нутгийн иргэд хашаа, байшингаа өөрчилж эхэлжээ.

Мөн цагаан идээ боловсруулдаг үйлдвэрүүдэд нутгийн малчид сарлагийн сүүгээ худалдаж байх гэрээ байгуулж, ашиг олохоор болсон гэсэн.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Монголчууд цахилгаан кабелийн үйлдвэртэй боллоо

Эдийн засгийн хямрал хэдий тулгарч байгаа ч гэсэн Монгол улсад нэгэн томоохон үйлдвэр 9 сарын 29ны өдөр нээлтээ хийлээ. Тэрээр цахилгаан кабелийн нийт хэрэгцээг бүрэн хангах боломж бүхий 14 төрлийн кабель үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Сибкабель-Энержи компани ашиглалтанд орууллаа.

“Сибкабель-Энержи” ХХК-нь анх 2002 онд “Их минж” ХХК нэртэйгээр гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр манай компани нь ОХУ-ын “Сибкабель” үйлдвэрийн албан ёсны онцгой эрхэт дистрибьютор болсноос гадна ОХУ-ын ижил төрлийн “Иркутсккабель”, “Томсккабель”, “Камкабель” болон “Амуркабель” үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээгээр амжилттай хамтран ажиллаж, барилгын цахилгаан, холбоо, уул уурхайн болон бусад тусгай тоноглол, төхөөрөмжийн бүх төрлийн кабель утаснуудыг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн хэрэгцээ, захиалгаар түргэн шуурхай, найдвартай нийлүүлэн ажиллаж байна. Мөн 2014 оноос МУ-ын засгийн газрын хэрэгжүүлсэн импортыг орлох, экспортыг дэмжих төслийн хүрээнд цахилгаан кабель үйлдвэрлэх төслөөр оролцон шалгарч, төслийг хэрэгжүүлж дуусаад байна. Төслийн хүрээнд нийт 16 хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, 4.2 тэрбум төгрөгийг ажил үйлчилгээний төлбөр болон бараа худалдан авалт хийн шилжүүлсэн байна. Ингэснээр зөвхөн голлох түүхий эд нь МУ-аас бүрдсэн дэлхийн стандартад нийцсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн болох кабель утасны үйлдвэрээ албан ёсоор нээж байгаадаа туйлын баяртай байна.

Энэхүү үйлдвэр нь өдөрт 12000м цахилгаан үйлдвэрлэх чадалтай бөгөөд ОХУ-ын стандартаар 99,999 сорьцтой утасыг үйлдвэрлэж байна. Тун удахгүй тухайн үйлдвэрийн хамт олон Унтраалга разетканы бас нэгэн томоохон үйлдвэр нээхээр ханцуй шамлан ороод байна

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Дэлхийд 200 доллар давчихсан нүүрсээ хорь гаруйхан ногооноор зарж суугаагийн цаад учир юунд байна аа?

Австралиас Хятадын зүүн хойд эрэгт хүргэж буй коксжих нүүрсний спот
үнэ тонн нь 208 ам.долларт хүрчихлээ. Он гарснаас хойш 171 хувийн өсөлт үзүүлсэн
гэсэн үг. Алга ташмаар, онцгойлж үзмээр галзуу өсөлт. Гэтэл манай төрийн өмчтэй
“Эрдэнэс Таван толгой” дэлхийд ханш нь цойлсон өндөр чанарын нүүрсээ 27-хон ам.доллараар
зарж, нүүрс экспортолдог үндэсний компаниуддаа “шавар хаасан” шигээ сууж байна.
Тэд энэ янзаараа гөжүүдэлсээр байвал нүүрс экспортолдог хувийн компаниуд дампуурах
эрсдэлд хэдийнэ орчихсон. “Эрдэнэс Таван толгой” нийт экспортын 80 хувийг дангаараа
гүйцэтгэлээ гэсэн тоог их л бахархууштайгаар мэдээлдэг. Гэтэл “Энержи ресурс”,
“Таван толгой” ХК-иуд сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсээ борлуулж чадахгүй, хүчин
чадлынхаа аравхан хувийг ашиглаж, сул зогссон гэх тоо бий. “Энержи ресурс”-ын гүйцэтгэх
захирал уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монголын нүүрсний
салбарт бие биеэ барьж идэх өрсөлдөөн ширүүсч байна гэсэн агуулгатай үг хэлсэн нь
цаанаа ийм учиртай. Нарийн сухайтын ордод ажилладаг хувийн компаниуд ч ялгаагүй,
ийм зовлон хэлдэг. Таван толгойн зах зээлийн жамыг сөрсөн энэ тэнэглэлд дургүйцсэн,
шүүмжилсэн үгсийг учир мэдэх улс хэлдэг л дээ. Харамсалтай нь тэднийг сонсох хүсэл
энэ төрд алга. Ямартаа л “Эрдэнэс Таван толгой”-н захирлаар саяхан томилогдсон залуу
“Удахгүй 30 ам.доллараар зарна, санаа зоволтгүй” гэсэн тэс хөндлөн тайлбар өгөөд
суухав. Төрийн Таван толгойн шинэ захирал “Энэ оны сүүлийн улиралд нүүрсний үнээ
гурван ам.доллараар нэмэгдүүлнэ, бид гэрээнийхээ үнэд ийм өөрчлөлт оруулж чадлаа”
гэж их л бахдалтайгаар ярьсан харагдсан. Гэтэл Австралийн дөрөвдүгээр улиралд зарах
нүүрсний үнэ өмнөх улирлаасаа дор хаяж 50 хувиар нэмэгдэж байна. Зах зээлийн жамаараа
яваагийн давуу тал, бизнесийн зарчмаар гэрээ хийнэ гэдгийн ид хав нь энэ.

Хятадын Бугат болон зүүн хойд эргийн гангийн үйлдвэрүүд төвлөрсөн
бүс нутаг болох Таншань Таван толгойн гол зах зээл. Таван толгойнх шиг хоёрдугаар
зэргийн коксжих нүүрс тэнд 1000 юаниар үнэлэгдэж байна. Ногоон валютад шилжүүлбэл
150 ам.доллар. Бугатад манайх шиг чанарын нүүрс 145 ам.доллар болоод өсчихсөн.
“Эрдэнэс Таван толгой” нүүрсээ дор хаяж 51-72 ам.доллар болгож нэмэгдүүлэх боломжтой
гэсэн тооцоог эрдсийн шинжээч Л.Наранбаатар хийжээ. Тэрээр “Таньшаны суурь үнээс
тээвэр болон татвар хураамж, ачиж буулгах зардлуудыг хасаад “Эрдэнэс Тавантолгой”-н
уурхайн амны үнийг тооцоход 51 ам.доллар, Бугатын зах зээлд зарлагдаж буй суурь
үнээс тооцоход 72 ам.доллар болгох боломжтой. Ингэж чадвал үнийн өсөлтөөс ашиг хүртэх,
улмаар “Эрдэнэс Тавантолгой” төлж дуусдаггүй Чалкогийн өрөөс жилийн дотор
гарах боломжтой” хэмээн ярьж байна.

Өөр нэг статистик сонирхуулъя. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гаалийн
ерөнхий газар наймдугаар сарын экспорт, импортын мэдээллээ нийтэд ил болгосон. Наймдугаар
сарын мэдээгээр урд хөршид хамгийн их нүүрс нийлүүлсэн улсаар Монгол тодорчихож.
Түрүү жилтэй нь харьцуулахад 142 хувиар өссөн гэсэн аварга тоо харагдана лээ. Гэтэл
нүүрсээ 208 ам.доллараар зарсан шигээ данайж суугаа Австралийн нүүрсний экспортын
өсөлт 35.2-хон хувь. Нүүрсний зах зээлийн хүчтэй тоглогч Индонезийн экспорт гэхэд
л 55.8 хувиар өсчээ. Манайхаас даруй гурав дахин бага өсөлт. Нүүрсээ ингэж ихээр
зарж байгаа хэр нь “Эрдэнэс Таван толгой”-н орлого түрүү жилийнхээсээ ердөө дөрөвхөн
хувийн өсөлттэй гарсан гэсэн инээдмийн статистик гарчихаж. Нүүрсний үнийн огцом
өсөлтийн ашгаас монголчууд юу ч хүртэж чадаагүйг энэ тоо бэлхнээ хэлээд өгч байна.

Нүүрсний үнийн энэ өсөлт хагас жилдээ лав үргэлжилнэ гэсэн таамаг
бий. Коксжих нүүрсний ханш ингэтлээ галзуурсан шалтгаан нь ч тодорхой. Урд хөрш
нүүрсний уурхайнуудынхаа ажлын хоногийг 276 болгож бууруулсан, олон тооны хөгшин
уурхайг аюулгүй байдал хангахгүй гэж хааснаас болж нүүрсний нийлүүлэлт хумигдаж
үнэ нь өссөн юм. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын хойд бүс нутагт болсон үерийн
гамшиг ч нүүрсний үнэд ташуур өгсөн. Үерээс болж нүүрсний тээвэр, ложистикийн дэд
бүтцэд асуудал үүсч, засварлах ажил явагдаж байгаа. Коксжих нүүрс ирэх жилүүдэд
ч хаданд гарна гэдгийг баталсан гэгээлэг мессэж цөөнгүй бий. Энэтхэг 2021 он гэхэд
ган үйлдвэрлэлээрээ Хятадыг гүйцнэ гэдгээ зарлачихсан. ASEAN-ийн таван орон болох
Индонез, Тайланд, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг орнуудын ДНБ нийлбэр дүнгээрээ
30 гаруй хувиар өсөж гурван триллион ам.долларт хүрнэ гэсэн тооцоо дуулддаг.
2020 он гэхэд энэ хавьцааны өсөлт үзүүлнэ гэх багцаа бий. Тэгэхээр ган болон коксжих
нүүрсний хэрэглээ ирэх таван жилд тогтвортой нэмэгдэнэ гэсэн үг. Мэдээж болгоомжлох
шалтгаан бас байгаа. Манай гол өрсөлдөгч Австрали, Индонез, ОХУ коксжих нүүрсний
олборлолт, тээвэрлэлтийн зардлаа бууруулах чиглэлд онцгой анхаарч байгаа. Тэд Хятад
улстай гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөлөөр буюу татваргүйгээр нүүрс борлуулж,
нийлүүлэлтийн хүчин чадлаа байнга нэмэгдүүлж буй. Тэгэхээр урд хөршийн нүүрсний
зах зээл дээр ухаалаг тоглолт хийж чадахгүй, энэ янзаараа тэс хөндлөнтөөд байвал
уучлаарай л болно гэсэн үг.

Төр уурхай ажиллуулахаараа өртөг их зардгийг Таван толгойгоос харж
болно. “Эрдэнэс Таван толгой”-н гэрээт олборлогч “TTJVCo” нэг метр куб
уулын ажлыг таван ам доллараар гүйцэтгэдэг. Гэтэл хажууханд нь ажилладаг “Энержи
ресурс”-ын олборлолтын зардал 2.92, “Таван толгой” ХК-ийнх 2.9 ам.доллар. Олборлолтын
зардлуудыг нэг тонн нүүрсэнд шилжүүлж бодохоор төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”
нэг тонн нүүрсийг 26 ам.доллараар олборлодог. Гэтэл “Энержи ресурс” 12 ам.доллар,
Таван толгой ХК 15 ам.долларыг нэг тонн нүүрс олборлоход зарцуулж байна.

“Эрдэнэс Таван толгой”-н Зүүн Цанхийн нүүрсийг зөвхөн “Чалко”
компани л өрөндөө авна гэсэн хатуу заалттай гэрээг манай төрийн эрхмүүд хийчихээд
хэрэгжүүлээд явж байгаа. “Чалко”-гийн өрийн үлдэгдэл нь 95 сая ам доллар.
Энэ янзаараа нүүрсээ үнэгүй шахам урсгаад байвал бид Зүүн Цанхидаа 12-19 жил гар
хүрэх эрхгүй гэсэн үг. Тэндээс “Чалко” л нүүрс авах дархан эрхтэй. Бас өндөр өртгөөр
олборлолт явуулж байгаа “TTJVCo”-д нүүрс авах эрх бий. Тэр эрхийг нь “Чалко”-гоос
өгсөн гэж байгаа. Олборлогч хятад компани олборлолтынхоо хөлсөнд хаана ч байхгүй
хямд үнээр, тодруулж хэлбэл, 27-хон ам.доллараар Таван толгойн нүүрсийг авдаг юм.
“TTJVCo” ингэж авсан нүүрсээ хилийн цаана байгаа Өмнөд Монголын үйлдвэрүүдэд баяжуулж,
“Винсвэй” гэх бас нэгэн худалдааны зуучлагчаар дамжуулж нугалж зараад ашиг олдог.
“Винсвэй” наймдугаар сард Монголоос худалдаж авсан түүхий нүүрсийг угаагаад цааш
нь зарахдаа тонн тутмаас 199 юань буюу 30 ам.долларын цэвэр ашигтай ажилласан гэх
статистик бий. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний үнийг зах зээлийн ханшаар
биш “Чалко”-гийн өр төлөх индексээр тооцон тогтоож буй. Зах зээлийн хаана
ч байхгүй тэр индексээс болж бид дэлхийд 200 ам.доллар давсан нүүрсээ яг нарийндаа
гуравхан доллараар зарж суугаа.

Хятадуудад том ордоо атгуулчихсан суугаагийн гол буруутан нь урд
хөрш биш л дээ. Бид өөрсдөө буруутай. Тодруулж хэлбэл, гэрээ хийсэн улстөрчид, төрийн
өндөр албан тушаалтнууд гол буруутан нь. Бүр цаашлуулж яривал, өнөө маргаашийн халаасны
мөнгөө бодож, бүхэл бүтэн улсаа хохироож суугаа ийм нөхдийг сонгосон миний, таны,
бидний буруу. Товчхондоо буруутан нь бид өөрсдөө. Ашиг харж гэрээ хийсэн компанийн
буруу гэж юу байхав. Ямар ч наймаачин хямдхан үнээр худалдаа хийхийг бодох учраас
“Чалко”-гийн түмэн зөв. Сайн гэрээ хийсэн тал нь тэд. Харин хохирогч нь бид өөрсдөө.
Том зургаар харвал таван төгрөгийн ашиг харж, түрийвчээ түнтийлгэснийхээ шанд ийм
гэрээ хийсэн эрх мэдэлтнүүдээс эхлээд иймэрхүү нөхдөд итгэж төр бариулсан Дорж,
Дулмаа бултаараа хохирогчид болчихоод байна. Тэгэхээр хэн нэгнийг хожуулж, өөрсдөө
хохироод үлддэг иймэрхүү түүхийг дахиж бүтээхгүй амьдрах нэг л гарц байна. Ерөөсөө
л нам гэж талцалгүйгээр сайн хүмүүсийг төрд гаргаж, зөв бодолтой, хариуцсан асуудлаа
“ба, бэ”-гүй мэддэг, чадварлаг менежерүүдийг гол албан тушаалуудад шалгуур босго
гаргаж байгаад тавьдаг болъё. АН, МАН гэж талцдаг, аль нэг нь ялахаар манай тал,
дайсны тал гэж ирээд хөөрцөглөдөг хандлага дэмий гэдгийг харуулсан үйл явдлууд нүдэн
дээр хөвөрч байна. Наад захын тодоос тод, томоос том жишээ нь “Эрдэнэс Таван толгой”-н
үнэгүйдсэн нүүрс. “Чалко” компанитай гэрээ хийсэн, хийсэн гэрээндээ өөрчлөлт оруулсан
он жилүүдийг бодоод үзэхээр АН, МАН хоёулаа л засаг барьж байсан. Хоёр намын аль
аль нь дэлхийд ханш нь цойлсон өндөр чанарын нүүрсээ үнэгүйдэхэд хувь нэмэр, хүчин
зүтгэлээ оруулсан гэсэн үг. Сайн хүнийг төрд ажиллуулъя гээд байгаа нь ийм учиртай.
Сайн хүн гэдэг тодорхойлолтод багтах уг нь тийм ч хэцүү биш. Хуулиа л дагадаг хүнийг
сайн хүн гээд байгаа юм. Ийм тогтолцоо руу хэрхэн шилжих, яаж ийм төртэй болох энэ
тэр дээр судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлбэл дажгүй хувилбарууд сонсогдох байх.
Цаашлуулж яривал сэдвээс халих учраас ингэсгээд зогсъё.

Таван толгойг нүүрсээ 208 ам.доллараар зарж байгаа Австралийн өрсөлдөгч
болгоё гэвэл цаг алдалгүй хийх хэдэн ажил байна. Нарийн өргөн цариг, танктай цэргүүд
энэ тэр гэсэн хэн ч итгэмгүй гэнэн муйхар тайлбар хийж мэдэн будилалгүйгээр нарийн
царигийн төмөр замыг Гашуунсухайт руу татах хэрэгтэй. Тэгж байж бид нүүрсээ хямд
зардлаар, их хэмжээгээр тээвэрлэдэг болно. Хямд зардлаар тээвэрлээд ирэхээр олох
мөнгө тэр хэрээр ихэсч таарна. Цаг алдалгүй хийх ёстой өөр нэг ажил бол Гашуунсухайтыг
олон улсын боомт болгох. Ингэж байж Өмнөд Монголд төлдөг элдэв татвар, хураамж,
дарамт шахалтаас чөлөөлөгдөнө гэж эдийн засагч, шинжээчид хэлдэг. Энэ сарын эхээр
болсон “Дисковер Монголиа”-гийн үеэр ч Гашуунсухайтыг олон улсын боомт болгох тухай
яриа хөөрөө давтамжтай өрнөсөн. За тэгээд Таван толгойн гэрээ байна. Төрд ажилладаг
эрхмүүдийн хөшигний ард хийсэн гэрээг хэлээгүй шүү. Төр гэрээ хийхээрээ 200 ам.доллар
давсан нүүрсийг 20 гаруйхан ам.доллараар зарах ашиггүй нөхцөлд толгой дохидог, тэгснийхээ
төлөө гэрээнд идэвхийлэн оролцсон цөөн хэдэн эрх мэдэлтэн л тухайн үедээ хожоод
үлддэг гэдгийг нийт олноороо мэдэрцгээж суугаа. Таван толгойн гэрээ гэдэг нь М.Энхсайханы
ахалж хэлэлцээ хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг хэлж байна л даа. Хөрөнгө оруулалтын
тэр гэрээг үр ашигтай хэлбэрээр үргэлжлүүлэх цаг нь аль хэдийнэ болчихсон. Тэгж
байж монгол нүүрс зах зээлийн жамаар өндөр ханштай зарагдана, цаашлаад яривал гуравдагч
зах зээл буюу Япон, Солонгосын зах зээлд илүү өндөр үнээр хүрэх зам нээгдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Амгаланбаяр: Охин маань финалын шат хүртэлх үзүүлбэрүүдээ бэлдчихсэн байгаа

“Авьяаслаг монголчууд” шоуны 0829 дугаартай оролцогч А.Эрдэнэцэцэг буюу “бяцхан чоно” Энжитэй уулзахаар түүний аав Ж.Амгаланбаяртай холбогдлоо. Тэрээр гэрийнхээ хаягийг зааж өгөөд хүрээд ирэхийг хүсэв. Биднийг очиход аав Ж.Амгаланбаяр нь ажлаасаа түр гарч ирлээ гэсээр угтан авсан юм. Байшин руу нь ороход Энжигийн ээж С.Мөнх-Од бага хүүгээ харсаар хүлээж байв. Энжи охин аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг юм байна. Залуу гэр бүл Ж.Амгаланбаяр, С.Мөнх-Од нартай уулзаж ийн хууч хөөрлөө.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Энжи маань дунд охин тань гэсэн байх аа?

– Манай эхнэрийг С.Мөнх-Од гэдэг. Бид гурван хүүхэдтэй. Ам бүл тавуулаа. Том хүүг маань Болор гэдэг. Найман настай. Болор маань одоо TV9 телевизийн “Гэгээн алсын одод” нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг юм. Харин дундах нь “Авьяаслаг монголчууд” шоунд орсон манай Энжи буюу Эрдэнэцэцэг. Энжи маань манай ганц охин. Дуу, бүжигт дуртай дэггүй охин байна даа. Бага хүүг маань Манал-Эрдэнэ гэдэг. Манай охин дүүгээ Бооёо гээд байдаг юм.

-Та хоёр Улаанбаатарын хүмүүс үү?

-Би Баянхонгор аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн хүн. 1999 онд Улаанбаатар хотод орж ирсэн юм. Манай эхнэр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынх. 2000 онд оюутан болж Улаанбаатар хотод ирсэн. Бид хоёр 2007 онд танилцаж нэг жилийн дараа 2008 онд гэр бүл болж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-16 тоотод гал голомтоо бадрааж байлаа. Залуу гэр бүл ч гэсэн одоо гурван сайхан хүүхэдтэй болсон байна.

-Охиныг тань нэвтрүүлэгт орсноос нь хойш хүмүүс мэддэг болж байна уу?

-Охин маань анх “Эмээ тэгэх үү” гээд найман ангит хүүхдийн кинонд тоглосон юм. Түүнээс хойш л дуу, бүжиг, шүлэгт дуртай болсон. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт орчихсон байсан юм. Зун нь Баянхонгор орж гэр бүлээрээ амарчихаад иртэл “Авьяаслаг монголчууд” шоу гарч эхлэх гэж байсан. Охины маань нэвтрүүлэг гарснаас хойш хүмүүс илүү их таниад од болж байх шиг байна.

-Энжи гэртээ дуулж, бүжиглээд л байх уу?

-Зав л гарвал зураг зурна. Бүр залхтал зурна шүү. Аавыгаа хөдөө ажилд явахад нь өдөр өдрөөр жижигхэн цаасан дээр захидал бичээд хадгалчихна. Аав амьтай охин байгаа юм. Аавыгаа байхгүйд идсэн чихэрнээсээ заавал өгнө гээд хадгалчихна. Хаалгаар ороод ирэхэд том том нулимс унагаагаад л хүзүүдээд авна шүү.

-Багшийг нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэж сонссон, үнэн үү?

-Хамт авахуулсан зургийг нь хараад тэгж бодоод байх шиг байна лээ. Бага байхдаа “Эмээ тэгэх үү” гээд найман ангит хүүхдийн кинонд тоглох үед нь жүжигчин Б.Эрдэнэцэцэг эмээ нь болж солигдох гэж байсан юм шиг байна лээ. Тухайн үед авахуулсан зургийг хараад хүмүүс багш нь гээд байгаа байх. Том хүү Болор, охин Энжи хоёроо зөв яриулж, нүүр хагаруулах гэж “Golden star” сургалтын төвд явуулсан юм. Тус төвийн С.Мөнхбат, С.Осгонмөнх гэдэг хоёр багш манай хоёр хүүхдэд бүх зүйлийг зааж сургасан даа. Хоёр настайгаасаа хойш “Golden star” сургалтын төвд хичээллэж байгаа. Гэхдээ дөрвөн настай хүүхэд юм сурах нь их хэцүү гэж байсан ч аав, ээжийгээ харахгүй болохоор сураад л байдаг юм байна.

-Энжи нэлээд эрх юм аа даа?

-Манай охин бараг эрхлэхгүй шүү. Айлын ганц охин болохоор ч тэр юм уу, ер нь биеэ даачихсан. Бага дүү шигээ найман сартай байхаасаа л уйлдаггүй, ганцаараа тайван сууж байна. Жаахан том болоод ахынхаа эвлүүлдэг тоглоомоор хамт тоглодог байсан. Бид хоёроор хүүхэлдэй, барби авахуулж байгаагүй. Дэлгүүрт ороод бас чихэр авахуулъя гэж хэлэхгүй, чимээгүй байж байгаад л гараад ирнэ шүү дээ.

-Ах нь хаана сурдаг юм бэ. Сургалтандаа ч хамт явж эхэлсэн юм байна?

-Болор Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын хоёрдугаар бага сургуулийн 3б ангид сурдаг. Ах нь их сахилгагүй. Ер нь зүгээр суухгүй шүү. багаасаа л “Бяцхан ханхүү”, “Цэцэрлэгийнхээ бяцхан тод авьяастан”, “Шилдэг улаан тууз”, “2015 оны шилдэг хүүхэд”, “Дугуйлангийнхаа шилдэг жүжигчин” зэрэг шагналуудыг авсан. Уг нь хүүгээ бас “Авьяаслаг монголчууд” шоунд оруулах гэж байгаад больчихсон.

-Яагаад больчихсон юм бэ?

-Өөр телевизээр гарч болохгүй гээд нэг жилийн гэрээ хийдэг юм билээ. Манай хүү TV9 телевизэд хөтлөгч хийдэг болохоор боломжгүй байсан юм.

-“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчдийн асуултад охин тань их л хэвлүүхэн хариулаад байсан шүү?

-Хэлээд, заагаад өгчихсөн юм шиг санаа зовмоор яриад байсан. Дүү чинь хэдтэй вэ гэсэн чинь насгүй гэж хүртэл хэлж байгаа юм даа.

-Охин тань одоо хэд дүгээр цэцэрлэгт явдаг вэ?

-Одоо 119 дүгээр цэцэрлэгийн ахлах ангид явж байгаа. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл цэцэрлэг дээрээ байдаг. Ер нь дуу бүжигт дуртай. Байнга л толины өмнө зурагтаар харсан бүжгээ дуурайж бүжиглээд л байж байна шүү.

-Аав, ээж нь юу хийдэг хүмүүс вэ?

-Би барилга дээр ажилладаг. Сангийн гагнуурчин хийж байгаа. Ээж нь одоогоор бага хүүгээ хараад гэртээ байгаа.

-Хэзээнээс охиноо “Авьяаслаг монголчууд” шоунд оруулъя гэж шийдсэн бэ?

-Сургалт нь гурав дахь, тав дахь, бүтэнсайнд болдог юм. Би зав зайгаараа хүргэж өгнө. Ер нь Өмнөх “Авьяаслаг монголчууд” шоу дууссаны дараа оруулахаар шийдээд бэлдэж эхэлсэн. Бүр финалын шат хүртлээ үзүүлэх үзүүлбэрүүдээ бэлдчихсэн гэсэн.

-Эхний үзүүлбэр ямар нэртэй байсан юм бэ. Дараагийн үзүүлбэр юу байх бол?

-“Бөднө шувуу чоно хоёр” гэдэг нэртэй орос ардын үлгэр уншсан. Дараагийн үзүүлбэрийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байх.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Манай өвөө уртын дуу их сайхан дуулдаг байсан. Ээжийн тал бас сайн дуулна. Тэгэхээр аавынхаа талыг л дуурайсан байх даа.

А.Эрдэнэцэцэг буюу Энжи: Би ч нэг их хурдан сурдаггүй л дээ

“Бяцхан чоно” Энжитэй утсаар цөөн хором ярилцлаа.

-Тайзан дээр гарч авьяасаа үзүүлэх ямар байсан бэ. Сандарсан уу?

-Сайхан санагдсан. Сандраагүй ээ.

-Ахтайгаа адилхан хөтлөгч болох уу?

-Хөтлөгч гоё л доо. Гэхдээ би зураач болно гэж боддог.

-Чи яагаад дүүгээ Бооёо гэж дуудаг юм бэ?

-Манай дүү их хөөрхөн болохоор л Бооёо гэж дуудаг юм.

-Аав, ээждээ хайртай юу?

-Зөндөө их хайртай.

-“Эмээ тэгэх үү” кинонд тоглох гоё байсан уу?

-Анх удаа байсан болохоор гоё байсан.

-Дуу, шүлгээ хурдан сурдаг уу?

-Үгүй. Би нэг их хурдан сурдаггүй. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм уншуулж байж л сурна шүү дээ.

-Харин цэцэрлэгтээ юу хийж байна?

-Навчаар шувуу мэлхий хийдэг.

-Дараагийн шатны үзүүлбэртээ бэлдэж байгаа юу?

-Бэлдэж байгаа.

-Дараагийн шатанд нь амжилт хүсье. Заавал түрүүлээрэй.

-Баярлалаа. Би түрүүлнэ ээ.