Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод уушиг нь эрүүл нэг ч хүүхэд байхгүй

“Арван жилийн дараа гэхэд Улаанбаатарчууд утаанаас болж тэр чигтээ уушгины өвчнөөр өвчилнө” гэсэн сэтгэл сэртхийлгэсэн яриаг анх сонсоод “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн итгэж ядан ам уралдан ярьцгааж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр нийслэлд эрүүл уушигтай хүн үлдээгүй гэхэд бараг хилсдэхээргүй болжээ.

Тодруулбал, Жил ирэх тусам уушгины өвчлөл нэмэгдэж, хүүхэд залуучууд нь уушигны бронхит, угийн булчирхайн томролттой, 70-аас дээш насныхан уушгины хорт хавдартай хэмээн оношлогдож байгаа бөгөөд Улаанбаатар хотод ажилладаг рентгений эмч нар “Нэг сайхан эрүүл уушиг харах юмсан” гэж ярилцдаг болсон гэнэ.

Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, өчигдөр буюу энэ сарын 3-нд нэг эмч өөрийн цахим хуудсандаа, “Амралтын өдрүүдэд 40 хүүхэд үзлээ. Агаарын бохирдлоос болж бүгд уушигны бронхит, угийн булчирхайн томролттой байна” хэмээн нийтэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгосоос сайн дураар 822 иргэн эх орондоо иржээ

БНСУ-ын Цагаачлалын албанаас хэрэгжүүлж байгаа тус улсад визийн хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны үргэлжлэх хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгажээ. Визийн хугацааг хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй аж.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визийн хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирээд буй юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн бүжгийн наадамд Улаанбаатар чуулгын бүжигчид амжилттай оролцоод иржээ

БНСУ-ын Чонан хотод зургаа дахь удаагаа болсон “Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид Хамтлагийн төрөлд 3-р байр, Хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг 4-р байрт шалгарчээ. Тэмцээнийг Ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд гурван тивийн 17 орны бүжигчид авьяас, ур чадвараа сорьж оролцжээ. “Чонан – Дэлхийн бүжгийн наадам” есдүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ны хооронд Сөүл хотын дагуул хотуудад болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулжээ

Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулжээ зурган илэрцүүдӨнгөрсөн оны Улсын их хурлын чуулганаар “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг баталж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. 2016 онд хүүхэд харах үйлчилгээнд зориулж 10.8 төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгасан. Гэвч өнгөрөгч сарын 7-нд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар хүүхэд харах үйлчилгээг зогсоосон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар тодруулахаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрыг зорьсон юм.

Тус байгууллагаас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх ажлыг 2016 оны есдүгээр сарын 12-ноос 30-ний хооронд хоёр үе шаттайгаар зохион байгуулсан байна. Энэхүү шалгалтынхаа тайланг танилцуулах гэж байтал “Хүүхэд харах үйлчилгээг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэрийг бидэнд өчигдөр бидэнд мэдэгдсэн” хэмээн албаныхан хариуллаа.

Харин Сангийн яамны хэвлэлийн албаны зүгээс “Хүүхэд харах үйлчилгээний хугацааг 2021 он хүртэл хойшлуулсан учраас ирэх оны төсөвт уг үйлчилгээний төсөв тусгагдаагүй” хэмээн тайлбарласан юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 2269 орчим хүүхэд харагчийг бэлтгэж, 853 хүүхэд харах төвд 6353 хүүхэд /үүнээс 198 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй / хамрагдаад байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45.792 хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжиж, 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаа мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхэлж байна гэсэн мэдээллийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өглөө.

Categories
мэдээ нийгэм

Вангагийн залгамжлагч зөнч “Ойрын хугацаанд том алан хядлага дэлхийг донсолгоно” гэжээ

Агуу зөнч Вангагийн цорын ганц залгамжлагч гэж өргөмжлөгдсөн охиныг санаж байна уу? Түүнийг Каедэ Убер гэдэг. Францын энэ охин бол ирээдүйг харж, нөгөө ертөнцийнхөнтэй ярилцдаг, товчоор өгүүлэхэд гоц чадвартай. Ийм хүн төрнө гэдгийг Ванга өөрөө хорвоогийн мөнх бусыг үзүүлэхийн өмнө зөгнөжээ.

“Ойрын хугацаанд том, том алан хядах ажиллагаа дэлхийг донсолгох болно. Асар олон хүн амь үрэгдэнэ” хэмээн Каедэ хэдхэн хоногийн өмнө зөгнөн хэллээ. “Дараачийн том алан хядах ажиллагаа Америкт болно. Олон хүнийг алж хөнөөнө. Маш их цус асгарч цусан далайд умбана. Энэ аймшигт үйл явдал 4 сарын дараа тохионо” гэж Каеде мэдэгджээ.

Залуу зөнчийн ээж “Охин маань сүүлийн үед Ойрхи Дорнодын цагаачдаас үхтлээ айдаг боллоо. Тэд хаа сайгүй, сургууль дээр, хотод, улс даяар их олон байна. Арабууд үхэл авч ирнэ гэж охин маань байнга давтан хэлдэг” хэмээн ярив.

“АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа Хиллари Клинтон гүн стресст орчихсон байна. Энэ хүний дэргэд үргэлж эмч байж түүнийг эмчилдэг. Мөн Хиллари Клинтон өөр олон өвчтэй. Гэхдээ тэр энэ удаа ялж, Дональд Трамп ялагдана” гэж зөнч охин айлдлаа.

Categories
мэдээ нийгэм

Консулын газраас сэрэмжлүүлж байна

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд хилийн чанадад ажиллах, аялах, суралцах зорилгоор зорчих хөдөлгөөн өсөн нэмэгдсээр байна.

Гэвч манай иргэдийн дунд төөрч будилах, санаатай, санамсаргүй хэлбэрээр хэрэг төвөгт холбогдох, халдлагад өртөх, хүний наймааны золиос болох, хар тамхи, мансууруулах бодис, хориотой бараа хууль бусаар зөөвөрлөх, бүлэглэн хулгайн болон эрүүгийн гэмт хэрэг үйлдэх, саатуулагдах, хоригдох, ял эдлэх зэрэг таагүй асуудал гарсаар байгаа юм.

Иймд, иргэд гадаад улсад зорчихдоо хүний дайсан эд зүйлс авахгүй байх, аялаж буй газраасаа ар гэр холбоотой хүмүүстээ тогтмол мэдээлэл хүргэж байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлээс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ээ бодлогоор дэмжинэ гэв

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдтэй хийх ээлжит уулзалтынхаа хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хотын даргатай уулзсан эхний хүн нь Налайх дүүргийн иргэн Т.Энхсайхан байв. Тэрээр зам барилгын ажилд ашиглахад тохиромжтой уулын чулуу олборлож байгаа бөгөөд үйл ажиллагааг нь бодлогоор дэмжин ажиллахыг хотын даргаас хүслээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, ашиглах талаар шинэлэг бодлого баримтлан ажиллана. Зам барилгын ажилд нийлүүлж байгаа хайргыг Туул голын сав газраас олборлож байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Шувуун фабрик, Сонгино орчимд амьдардаг иргэдээс хайрга, дайрганы үйлдвэрлэлийг зогсоох, цэгцлэх хүсэлт ихээр ирүүлдэг. Тиймээс нийслэлийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, нийлүүлэх тал дээр шинэ бодлого боловсруулж ажиллана. Тодруулбал, хотын зам, барилгын ажилд шаардагдах хайрга, дайргын хэрэгцээг голын хайргаар биш уулын дайргаар хангадаг байхаар шийдвэрлэнэ” гээд түүний үйл дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хотын даргатай нүүр тулан уулзаж, нийгмийн асуудлаа шийдүүлэх хүсэлтэй иргэд ч өнөөдөр цөөнгүй ирсэн байв. Тэд амьдралын нөхцөл боломж тааруу, хүндхэн орчинд амьдарч байгаагаа хэлээд, хямд үнэтэй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн боловсруулж байгааг танилцуулаад, шинэ журмын төсөлд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байхаар тусгасан. НИТХ-аас журмыг шинэчлэн батална” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаар тусгасан. Зайлшгүй төрийн халамж хэрэгтэй байгаа ийм иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийддэг, түрээсийн орон сууцаар хангадаг байх нь хотын даргын үүрэг” гээд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд үнээр түрээслэх зориулалттай 300 айлын орон сууц байгаа ч сул байр одоогоор байхгүй байна. Тиймээс боломжит бүх нөхцөлийг судлаад Та бүхэнд эргээд хариу хэлье” гэсэн юм. Цаашид ТОСК, НОСК-ийн үйл ажиллагаанд тулгуурлан түрээсийн орон сууцны тоог нэмэх бодлого барин ажиллана гэдгээ ч хотын дарга энэ үеэр хэлсэн.

Хөгжлийн бэршээлтэй иргэд зурган илэрцүүдХөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэн Б.Чулуундолгор хотын даргатай уулзаж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцоо.

Тэрээр урьд нь нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулагдаж, тогтмол үйл ажилллагаа явуулж байсныг хэлээд энэ зөвлөлийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэх, тэдний дуу хоолойг сонсож, хамтран ажиллахыг хүсч байгаагаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн ирэх долоо хоногоос үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.


Categories
мэдээ нийгэм

Тогтмол баруун гар тийш эргэх уулзваруудыг танилцууллаа

Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн дэд хэсэг тусгагдсан. Энэ хүрээнд төсөвт хүндрэл учруулахгүй, зардал гарахгүйгээр Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллажээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, ЗХУТ, нийслэлийн Автозамын газрын хамтарсан тус ажлын хэсгээс өнөөдөр нийслэлийн Замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийснээ танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хүрээнд энэхүү зохицуулалтыг хийж байгаа. Энэ зохицуулалт нь уулзваруудын нэвтрүүлэх чадварыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон” гэлээ. Ихэнх улс орнуудад тогтмол асах нэмэлт ногоон гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэмтэй байдаг. Манай улсын хувьд Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газартай хамтран иргэдийн дунд санал асуулга явуулж, иргэдийн зүгээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Баруун дөрвөн замын уулзвар, Зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, мэдээллийн самбар байршуулан аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд:
Нэг талаас баруун эргэх боломжтой 12
Хоёр талаас баруун эргэх боломжтой 24
Гурван талаас баруун эргэх боломжтой 8
Дөрвөн талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.
Энэхүү өөрчлөлтийг хийснээр уулзваруудын нэвтрэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол буурна. Мөн эдийн засгийн хэмнэлт гарч, нийтийн тээвэр, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Тогтмол асах ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч байгаа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг олгож эхэлжээ

Хүүхдийн мөнгийг энэ сарын 3 буюу өчигдрөөс олгож эхэлжээ. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хамаарагдах 60 хувьд нь олгохоор болсон. Үлдсэн 40 хувьд хамрагдах хүүхдийн мөнгийг банкинд хүүгүй байршуулж байгаад 2019 оноос олгох шийдвэр гарсан билээ.

Харин цаашид хэрхэн олгох талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодруулахад: -Хүүхдийн мөнгийг цаашид сар сард нь олгоно. Үлдсэн 40 хувьд хамрагдан хүүхдийн мөнгийг 2016, 2017, 2018 оны мөнгийг нь нийлүүлээд 2019 онд авна. гэлээ.

Энэ удаад 7, 8, 9 дүгээр сарын хүүхдийн мөнгийг нийтэд нь олгож байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Татварын хөнгөлөлт үзүүлэх төслийг хэлэлцэхийг дэмжив

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.

Төсөл батлагдсан нөхцөлд татварын хөнгөлөлт эдлэх хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих юм байна. ТЕГ-аас гаргасан судалгаагаар борлуулалтын орлогоор нь хязгаарлан, мөн дээрх дөрвөн төрлийн салбараар ангилан 90 хувийн татварын хөнгөлөлт эдлүүлэхэд нийт 4678 аж ахуйн нэгж хамрагдах гэнэ. Газар тариалангийн салбарын 2546, хүнс хөдөө аж ахуйн салбарын 958, нэхмэл хувцас үйлдвэрлэлийн салбарын 736, барилгын салбарын 438 аж ахуйн нэгж уг хуулийн төсөл батлагдсанаар хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэх юм.

Дээрх аж ахуйн нэгжүүдээс ААНОАТ-аар дамжиж жилд улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрдөг байна. 90 хувийн хөнгөлөлт эдлүүлснээр 1.3 тэрбум төгрөг татварт төвлөрөх боломжгүй аж. Гэхдээ татвар төвлөрүүлэх талдаа энэ хэмжээний алдагдал хүлээх ч хуулийн өөрчлөлтийг дагаж аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдан татварын бааз суурь нэмэгдэх, хөрөнгө оруулалт татах, ажлын байр шинээр бий болох зэрэг эерэг үр дагаврыг дагуулна гэж төсөл санаачлагчид хэлж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

– Монголчууд бие биендээ бараа зараад баяжихгүй, хөгжихгүй. Дэлхийн зах зээл рүү гарч байж хөгжинө. Экспортыг дэмжих чиглэлд татварын хөнгөлөлт үзүүлэх нь илүү оновчтой. Мөн салбар харгалзахгүйгээр жилийн орлого нь 1.3-1.5 тэрбум төгрөг дотор эргэлддэг бол ААНОАТ-ыг нь 50 хүртэл хувиар хөнгөлдөг байдлаар шатлалтай тогтоох нь зөв байх.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Засгийн газрын өргөн барьсан агуулгаар УИХ энэ хуулийг баталвал Үндсэн хуулийн зөрчил үүсгэнэ. Иймээс татвар төлөгч бүртээ төр тэгш хандах гэдэг агуулгаар нь нэг бол салбараар нь ялгаварлаж байгааг болих, эсвэл орлогоор ялгаварласнаа устгах хоёр арга замын нэгийг нь сонгох шаардлага үүсэж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

– Засгийн газар экпортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлээ татварын бодлогоор дэмжих зорилтыг дэвшүүлсэн юм бол энэ чиглэлд ялгаварлахгүйгээр дэмжээд явах хэрэгтэй. Татварын хөнгөлөлтийг 90 хувийн татварын буцаалт маягаар оруулж ирвэл аж ахуйн нэгжүүд илүү хариуцлагатай болно.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

-Салбарын ангилал тогтоогоогүй нөхцөлд бүх аж ахуйн нэгжүүд жижигрэх эрсдэл бий учраас төрөл заасан.

Ийнхүү санал хураалт явуулахад гишүүдинй 72 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.