Categories
мэдээ нийгэм

О.Амина охинд “Өдрийн сонин”-ы хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

Манай сонинд бяцхан О.Амина охины талаар сурвалжлага нийтлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр мянга мянган хүн тусламжийн гараа сунгаж хандив өргөж байна. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы хамт олон О.Амина охины эмчилгээнд зориулж нэг өдрийн цалингаа хандивлалаа. Бяцхан охины өсөлт одоогоор зогсоод буй.

Тэрээр дөрвөн настай ч хоёр настай хүүхэд шиг жижигхэн, турьхан биетэй. Учир нь түүнийг хоёр нас дөнгөж хүрээд шувуухай шиг жиргэж байх үед нуруу нь мурийж, өсөлт нь зогсчээ. Эмнэлгийн хэллэгээр бол нейрофеброматозис гэж хэл хугалчихмаар нэр томьёотой юм. Харамсалтай нь энгийн хүн шууд ойлгохгүй энэхүү оношийг Монголд эмчилж чаддаггүй юм байна. Охины нуруу мурийлтаасаа болоод хавдрын урьтал үедээ орчихсон байна гэнэ. Иймд өдөр алдахгүй Солонгос руу явж яаралтай мэс засалд оруулахаас өөр аргагүй болжээ.
Тэндээс “Охины нуруу тавин хэмээс дээш хазайлттай байгаа. Мэдрэлийн судас нь ясандаа дарагдаж, тэр нь хавдсан. Тиймээс яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн хариу ирүүлжээ. Хагалгааг “Korea” их сургуулийн хүүхдийн нуруу нугасны тасгийн эмч нар хамтарч хийх юм билээ. Хагалгаанд нийтдээ 90 орчим сая төгрөг шаардлагатай юм. Тиймээс сайхан сэтгэлт хүмүүс минь та бүхэн энэ бяцхан охинд тусалж, хандивын гараа сунгана уу. Монголчууд бид хүүхдийг өндөр болоорой гэж ерөөдөг ард түмэн билээ.
Хандивын данс:
Голомт банкны
1605030923
Хаан банкны
5007471852
Хасбанкны
5001215647
Төрийн банкны
101400146310
Хүлээн авагчийн нэр: О.Одонсансар.
Холбоо барих утас: 88127920, 89807465

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орж, хүйтрэхийг анхаарууллаа

Нийслэлээс баруун тийш буюу Төв аймгийн Эрдэнэсант сумаас цааш цас, бороо холилдон орж, үзэгдэх орчин тааруу, цаг агаар муудаж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 4-5-нд нийт нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг анхааруулсан. Энэ үеэр салхины хурд 16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Тиймээс орон нутгийг зорьж байгаа жолооч нар замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг АТҮТ-өөс анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Дархлаажуулалтын 10 хоног” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Эрүүл Мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”, Улаанбурхан өвчнөөс сэргийлэх ажлуудыг улс орон даяар 2016 оны аравдугаар сарын 03-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Дархлаажуулалтын 10 хоног” хөтөлбөр нь жилд хоёр удаа арав болон тавдугаар саруудад зохион байгуулагддаг бөгөөд энэ удаад Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт орсон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Хепатитын В вирүсийн халдвараас сэргийлье” уриан дор зохион байгуулах юм.

10 хоногийн үйл ажиллагааны хүрээнд:

  • Төр болон хувийн хэвшлийн бүх анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнууд
  • Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажилтнууд
  • Цэргийн бие бүрэлдэхүүн зэрэг хүн амын бүлгийг сонгон вирус Хепатитын В-ын вакцинаар дархлаажуулна.

Хөтөлбөрийн хүрээнд улаанбурхан, томуу, томуу төст болон бусад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 5 хүртэлх насны хүүхдүүд болон төрж буй эхчүүдийг өндөр тунтай А амин дэмээр дархлаажуулах арга хэмжээ авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хороололд байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж суурилуулахаар болжээ

Монгол Улсын нийт хүн амын дөрөвний нэг нь нийслэлийн захын гэр хороололд амьдардаг. Захын гэр хороололд суурин газрын дэд бүтцийн хүртээмж сул,бохирыг цэвэрлэх тохиромжтой шийдэл байдаггүй учир нүхэн жорлон хүрээгээ тэлсээр байна. Үүнээс улбаалан халдварт өвчний тохиолдол ихэсч, хөрс, усны бохирдлын эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд хэлэх болсон.

Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улс, Азийн Хөгжлийн Банкны хооронд “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” төсөл хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр төвлөрсөн менежментийн сүлжээнд холбогдоогүй өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулан, бохир цэвэрлэх, зайлуулах, ариутган боловсруулах ажиллагааны циклийг иргэд олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бэхжүүлэх замаар орон нутгийн амьжиргааг дэмжих зорилготой юм.

Төслийг ирэх оны нэгдүгээр сараас 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.

Японы Ядуурлыг бууруулах сангаас төслийг санхүүжүүлэх бөгөөд нийтдээ гурван сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12, 13 хороод болон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд экологид ээлтэй 1,500 ариун цэврийн байгууламж суурилуулах юм. Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг тэлэн өргөжүүлэх жишиг төсөл болохоос гадна хот суурин газрын дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн албаныхан үзэж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 40 мянган автомашинд гэрчилгээ олгожээ

мянган автомашинд зурган илэрцүүдУлаанбаатар хотын хэмжээнд 450 гаруй мянган автомашин хөдөлгөөнд оролцдог судалгаа бий.

Үүнээс 350 гаруй нь замын хөдөлгөөнд идэвхитэй буюу өдөр бүр оролцдог тухай Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Энэ онд импортоор 40 орчим мянган автомашин, хоёр мянган мотоцикл орж ирсэн бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганхуяг: Эдийн засаг, бизнесийг улстөржүүлэхгүй байх эрх зүйн орчинтой болох цаг болсон

Д.Ганхуяг зурган илэрцүүдУИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулиас хойш юу хийж байна вэ. Хүмүүстэй уулзаж байхад улс төрийн амьдрал гэсээр яваад нэг мэдэхэд хувийн амьдралаа ч гаргуунд нь гаргасан байна гэх юм?

-Таны асуусантай санал нэг байна. Хувьсгалын ажил гэж явсаар байтал хувийн ажил ард үлдчихдэг юм билээ. Сонгууль болоод өнгөрсөн. Миний хувьд өөрийн албан ёсоор хувь эзэмшдэг компанийнхаа ТУЗ-ийн даргын ажлыг хийж байна даа. Шижигнэсэн залуустайгаа хамт өнөөгийн нийгэм, эдийн засгийн амьдралын талаар санал бодлоо хуваалцан нэгдсэн ойлголцолд хүрч хамтран ажиллаж байна. Улс төрийн хувьд 12 жилийн улс төрийн амьдралдаа дүгнэлт хийж, АН-ынхаа ажил, амьдралд оролцож байх шив дээ.

-Өнгөрсөн сонгуулийн өмнө АН сонгуулийн хуулиа өөрчилсөн нь хамгийн буруу алхам болсон гээд байгаа. Сонгуулийн хуулийн алдаа байв уу, хар машины буруу юу. МАН-ынхан бол хар машиныг хамгийн их эсэргүүцэж байсан ч 65-уулаа болсон?

-МАН-ынхан хар машиныг хэрхэн эсэргүүцэж байсныг олон нийт санаж байгаа. Тэр нь 2012 оны сонгуулиар АН УИХ-д олуулаа болсонтой холбоотой. Тэгвэл өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д 65-уулаа болтлоо үнэмлэхүй олонхи боллоо. Тэр утгаараа цаашид сонгуультай холбогдсон маргаан, сонгуулийн ялагдлын шалтгааныг хар машинтай холбодог асуудалд цэг тавигдлаа гэж хаа хаанаа ойлгосон байх.

АН сонгуульд ялагдсан шалтгааныг олон янзаар л ярьж байна. Гэхдээ олон гишүүнтэй санал солилцсоны үндсэн дээр Сонгуулийн хууль тэр дундаа сонгууль болохоос нэг сарын өмнө сонгуулийн тогтолцоог өөрчилсөн, АН-ын улс төрийн өндөр албан тушаалтнууд хоорондын баялгийн хуваарилалт, тодруулбал, Таван толгойн ордыг тойрсон толхилцоон, мөн Эрдэнэтийн 49-ийг тойрсон асуудал гурав голлох хүчин зүйл байсан гэж харж байгаа.

Сонгуулийн тогтолцооны тухайд шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш хоёр ч удаа холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг. Гэтэл 2016 онд ҮХЦ холимог тогтолцоо, тодруулбал, намын нэрээр сонгогддог пропорциональ тогтолцоог “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг УИХ хүлээн авснаар сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнийг хүмүүс санаж байгаа байх.

Эрдэнэт үйлдвэр зурган илэрцүүд-Эрдэнэтийн 49 хувь тийм хамаатай юм уу?

-Эрдэнэтийн 49 хувь манай улсын хувийн хэвшилд шилжсэнтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр нь хуульд нийцсэн эсэхээс эхлээд Монгол Улсын эрх ашигт илүү их нийцтэй байсан эсэх нь цаг хугацааны шалгуураар тодорхой болно байх.

Ер нь Эрдэнэт үйлдвэр бол Монголын ард түмний чихэнд хамгийн их хоногшсон, бахархал болсон брэнд гэдэгтэй маргалдах хүн байхгүй байх. АН төвтэй Засгийн газар сонгуулийн үр дүн гарахаас 2-3 хоногийн өмнө энэ шийдвэрийг олон нийтэд зарласантай холбогдуулан тухайн үеийн цөөнх, өнөөгийн эрх баригч МАН-аас энэ шийдвэрийг илт буруушааж “Сонгуулийн дараа Эрдэнэтийн 49 хувиас ард түмэнд хувьцаа эзэмшүүлэх замаар шийдвэрлэнэ” гэж мэдэгдэл хийсэн. Үүнийг нь хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл орон даяар шууд дамжуулсныг санаж байгаа байх. Ард түмэн загасны ой санамжтай биш шүү дээ. Орон нутгийн сонгууль 20 гаруй хоногийн дараа болох гэж байна. Тиймээс тэдний юу ярьж байсныг эрх баригчдаас ард түмэн нэхэх нь зүйтэй.

-Сүүлийн үед Ардчилсан намыг шинэчлэх ёстой гэдэг асуудал хөндөгдөж байна. Танай намын шинэчлэл юунаас эхлэх шаардлагатай гэж үзэж байгаа бол?

-Мэдээж сонгуульд ялагдсан учир тэр үеийн АН-ын дарга ажлаа өгсөн байгаа. Ардчилсан намын үйл ажиллагаа шинэчлэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.Энэ шинэчлэл нь Монгол Улсын эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилтод яв цав нийцэх болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Улс төрийн намын шинэчлэл байнга явагдах шаардлагатай бөгөөд үзэл баримтлал, бодлого болон тоглоомын дүрмийн шинэчлэлээсээ эхэлдэг нь нийтлэг үйл хэрэг. Үзэл бодлын тухайд АН ардчиллыг бэхжүүлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх, өмчийн бүх хэлбэр, тэр дотроо хувийн өмчийг хамгаалах дархлааг сайжруулах, баялгийн болон баялгийн дахин хуваарилалтыг шударга, оновчтой явуулах, нийгмийн дийлэнх олонхи нь дундаж орлоготой иргэд болсон чинээлэг иргэдийн нийгмийг цогцлоох үндсэн зорилтоо хэрэгжүүлэх цаг болчихоод байна.

Мөн хөрөнгө оруулагч болон баялаг бүтээгчдийг дэмжих эрх зүйн орчны өрсөлдөх чадвартай болгох, тогтвортой байлгах тал дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Тиймээс иргэдтэйгээ хамтарч эрх баригчдад хяналт тавьж, бодлого өрсөлдүүлж ажиллах хэрэгтэй болж байна л даа. Эдгээр бодлогыг зоригтой ярьж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх манлайлагч АН-д хэрэгтэй. Манайхан намын дүрмээ шинэчилж, ирэх арванхоёрдугаар сарын зургаанд АН Их хурлаараа батална.

-АН-ын дарга хэн байх вэ гэдэг нь анхаарал татаад байна. Таныхаар дараагийн намын дарга хэн байх бол?

-АН-ын гишүүн хэн ч байсан намын даргад өрсөлдөх эрх нь нээлттэй. Намын дүрмээ шинэчилснийхээ маргаашаас эхлээд намын дарга болох хүсэлтэй гишүүд намын даргын сунгаанд оролцож болно. АН-ын даргад нэр дэвшигчид өөрсдийн дэвшүүлж байгаа хөтөлбөрөөрөө сонгогдох нь зөв.

Хөтөлбөр гэдгийн шалтгаан нь мөнгө, эд хөрөнгө тарааж болохгүй шүү гэсэн санаа. Сунгааг шударга явуулахтай холбогдсон журмыг ч шинэчилж намын их хурлаараа батлах нь зүйтэй.

-Монгол Улсын эдийн засаг уруудсан гол шалтгаан нь Ардчилсан намынхан бодлогогүй явж ирсэнтэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлаад байгаа. Бондын мөнгөний үр ашиггүй зарцуулалт гэх мэтчилэн олон зүйлсийг ярьж байна. Та санал нийлэх үү?

-Засгийн газрын хэрэгжүүлэх бодлого, бодлогын арга хэмжээг УИХ баталдаг. УИХ-аар хэлэлцэн баталдаг аливаа арга хэмжээ олон нийтэд ил тод байдаг. Тухайлбал, 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах УИХ-ын тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн саналаар “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах” заалтыг оруулж, тухайн үеийн УИХ дахь цөөнхийн хүчтэй дэмжлэгтэйгээр энэ тогтоолын төсөл батлагдаж байсан. Нэгэнт УИХ ийм үүргийг шинэчлэлийн Засгийн газарт өгсөн учраас энэ саналыг харилцагч талд тавьсан.

Бондын мөнгөний зарцуулалтын тухайд тэр үед УИХ болон Засгийн газрын хамтарсан зөвлөл голлох шийдвэрийг нь гаргадаг. Тэр шийдвэрийг нь үндэслэж Засгийн газрын хуралдаанаар дараагийн шийдвэрийг нь гаргаж байсан юм. Энэ зөвлөл дээр ч, Засгийн газар дээр ч намайг экспортын чиглэлийн хувийн хэвшлийг илүү дэмжих чиглэлд саналаа хэлж байсныг санаж байгаа байх.

Ер нь тэгээд Засгийн газрын авсан зээл, зээлийн зориулалтыг шийдвэрлэхэд голлох саналыг Сангийн яам гаргадаг хуулийн зохицуулалттай. Тэгээд 2012-2016 оны хооронд Сангийн сайдаар ажилласан хугацааг аваад үзэхээр 70 орчим хувьд нь МАН-ын одоогийн УИХ-ын гишүүдээс Сангийн сайдаар ажилласан гэдгээ мартаж болохгүй л дээ.

-Ардчилсан намын фракцын зодоон улс орныг элгээр нь хэвтүүлэх хэмжээнд хүрсэн үү. Эрх баригчид одоо тийм тайлбар хийж байна. Фракцгүй Ардчилсан нам гэдэг санаачилга гарч байсан. Танай нам фракцгүй болох боломж бий юу?

-Ер нь ардчилсан орнуудын улс төрийн намууд фракцгүй байдаг юм уу.

-Харин ямар байдаг юм…

-Улс төр судлаачид фракц далд байх нь ил байхаасаа нийгэмд илүү хортой гэж үздэг. Гэхдээ аливаа юм хэрээс хэтрэхээрээ сөрөг нөлөө нь ихэсдэг зүй тогтол байдаг. Улс төрийн намыг “олон голоос бүрддэг далай шиг” олон үзэл бодолтой хүмүүс сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулдаг. Тиймээс намд олон ургальч үзэл бодол байх нь мэдээж. Гэхдээ аль нэг намын гишүүн болсон бол хууль, намын дүрэмд аливаа үйлдэл нь захирагдах учиртай. АН дотоод ардчиллаа хангах, дотооддоо бодлогын зөвлөлөөр дамжуулж судалгаанд үндэслэсэн зөв, оновчтой төрийн бодлогын шийдвэр гаргах мэтгэлцээнд фракцын үйл ажиллагааг бүрэн шилжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хүний нөөцийн томилгоог фракцаар биш боловсрол, мэдлэг, чадвар, ажлын туршлагыг харгалздаг мерит тогтолцоонд шилжих, үүнийгээ дүрэмдээ оруулж өгөх шаардлагатай. Мөн намынхаа гишүүдийн эсрэг ил далд сөрөг сурталчилгаа хийдэг, өөрийгөө дөвийлгөхийн тулд бусад дээрээ болон нам дээрээ улс төр хийдэг асуудлыг ч тодорхой түвшинд дүрмээр зохицуулах нь зүйтэй гэж боддог.

Улс орны хөгжилд улс төр эрүүл, ил тод байх нь чухал байдаг. Цаашид улс төр, улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх замаар аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй бол болохгүй. Тэгэхгүйгээр намуудад, улмаар төрдөө итгэх иргэдийн итгэл сайжрахгүй гэдэг нь тодорхой болсон.

-С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсаныг та юу гэж харж байна вэ?

-Энэ асуудлын учрыг олохгүй байна. 2004 оны сонгуулийн дараа энэ хэргээр Э.Бат-Үүл даргыг барьж хориод холбогдолгүй гээд гаргасан байдаг. Ингэж хүнээр тоглож, хүний эрхийг зөрчиж болохгүй ээ. Улс төрийн зорилготой хууль зөрчсөн асуудал бол тэмцэхээс өөр арга байхгүй.

-МАН үнэмлэхүй олонхи болсон. Гэхдээ Засгийн газрынх нь татвар нэмэх, цалин хасах гэхчилэн татвартай холбоотой зүйлс нь олны шүүмжлэлтэй тулгарсан. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг та хэрхэн дүгнэж байгаа бол?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлыг дүгнэх нь хараахан болоогүй байна. Удахгүй шинэ Засгийн газрын 100 хоног болно. Сая ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөлд татвар нэмэх, шинээр татвар бий болгох зорилтууд орсон байсан тул олон нийтийн шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарлаа. Энэ бол мэдээжийн асуудал.

УИХ-ын сонгууль болоод хоёр сар гаруйхны хугацаа өнгөрч байхад олон нийт эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сайтар санаж байгаа л даа. Ганцхан жишээ хэлэхэд, 2016 оны МАН-ын мөрийн хөтөлбөрт “Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гээд дурайтал биччихсэн. Эрх баригчдын энэ үйлдэл нь олон нийтэд ялангуяа улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд “Сонгууль дууссан тул, мөрийн хөтөлбөр бол дөрөвдүгээсар сарын нэгэн байсан” гэсэнтэй агаар нэг сонсогдсон шүү.

-Эдийн засгийг аврах гарцыг та хэрхэн харж байгаа вэ. Нүүрс, алтны үнэ олон улсын зах зээл дээр нэмэгдэж байгаа нь манай оронд нөлөөлөх нөлөөллийн хувьд хэр байх вэ?

-Эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц хангалттай байгаа. Энэ асуудал дээр эрх баригч хүчин өөрсдөө улстөржөөд байгаа нь сонин санагдаж байна. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулагдаж байх үед Хүний хөгжлийн сан нэг их наяд төгрөгийн алдагдалтай, Оюу толгойн хөрөнгө оруулагч компаниас 250 сая ам.доллар, Таван толгойн ордоо барьцаалаад Чалко компаниас 350 сая ам.доллар зээлсэн. Мөн Эрдэнэтээс орох орлогоос тодорхой хөрөнгийг урьдчилаад хэрэглэчихсэн учраас бүтээгдэхүүн гаргаад л байдаг, орлого орж ирэхгүй байсан. Энэ хөрөнгийн хэмжээ нь 2.5 их наяд орчим төгрөг болж байсан байх. Дээр нь эрдэс баялгийн зах зээлийн үнийн буурах мөчлөг аль хэдийнэ эхэлчихсэн зэрэг хүндрэлтэй үед Засгийн эрхийг авсан. 2013-2016 оны хооронд манай экспортын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг дөрвөн төрлийн ашигт малтмалын түүхий эдийн үнэ 30-300 орчим хувиар буурсан. Тэр үед Н.Алтанхуягийн Засгийн газар ухарч өмнөх эрх баригч хүчнээ муулаагүй ээ. Урагшаа харж хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй зүтгэсэн.

Д.Ганхуяг зурган илэрцүүдМонгол Улсад МАН-ын эсхүл АН-ын эдийн засаг гэж байхгүй ээ. Тиймээс одоогийн УИХ дахь олонхи, цөөнх цаг алдалгүй энэ “хямралыг боломж болгох” арга хэмжээг баталж Засгийн газартаа даалгаж хэрэгжилтэд нь хяналт тавих хэрэгтэй. Нэг их том хөтөлбөр ярьж цаг алдаад хэрэггүй байх. Ийм хөтөлбөр хэд хэд бий. Энэ ажлыг АН-ын бүлэг, АН дэмжиж хамтарч ажиллах бүрэн боломжтой. Тийм улс төрийн соёл, чадавхи, төлөвшил, туршлага АН-д бий. Арга хэмжээ нь товчхондоо экспортыг эн тэргүүнд нэмэгдүүлэхэд чиглэсэн баялаг бүтээгчид, хөрөнгө оруулалтыг дэмжсэн тоймтой хэдэн арга хэмжээ байхад зүгээр болов уу. Тухайлбал, Таван толгой Гашуун сухайтын төмөр зам, Таван толгой, Багануур эсхүл Шивээ овоод баригдах цахилгаан станцын төслүүдийг эхлүүлэх гэх мэт. Эрчим хүч экспортолж гадаад валютын орлогын тогтвортой байдлыг хангах зорилт их чухал байна. Зарим төрлийн ашигт малтмалын үнэ сайжирч байгаа нь сайн хэрэг.

-Одоо тэгээд яг яах ёстой юм бэ?

-Одоо яаралтай шийдчихмээр хоёр асуудал байна. Энэ нь улстөрчид эдийн засаг, бизнесийг улстөржүүлдгийг хуулиар хязгаарласан зохицуулалт хийх цаг үе нь болсон. Улстөрчид эдийн засаг, санхүү, бизнес, өр зээлийн асуудлаар албан ёсны мэдээллийг үндэслэж ярьдаг болох хэрэгтэй. Судалгаагүй, үндэслэлгүй улстөрчдийн хэлсэн үг энэ даяаршсан нийгэмд улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, нийгэм, эдийн засгийн амьдралд хорлонтой нөхцөл байдлыг бий болгосоор байгаа. Улстөрчид эдийн засгийн асуудлаар Сангийн яам, Монголбанк, статистикийн байгууллагын мэдээллийг үндэслэж байр сууриа илэрхийлдэг болмоор байна. Өнөөдөр төрийн индэр дээрээс муугаа тоочоод хэн хожих юм бэ.

Эцсийн дүндээ Монгол Улс л хохирно. Бодит байдалд өнөөдөр дэлхийн зах зээл дээр улс орнууд, компаниуд хоорондоо цаг ямагт өрсөлдөж байгаа. Нөгөөх нь оффшорын асуудал. Хувийн компанид бол энэ чөлөөтэй байдаг зүйл. Харин төрийн өмчийн компани болон төрд ажиллаж байх үедээ оффшор бүсэд хөрөнгөтэй болсон бол энэ нь хариуцлага тооцох асуулын нэг юм. Үүнийг яаралтай шийдэх нь төрийн хийх үндсэн ажил. Ингэхгүйгээр түмэн олны төрд итгэх итгэл нэмэгдэхгүй ээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ч.Уранхолбоо: Гоо сайхан байх нь бусдад өгч байгаа хүндэтгэл

Ч.Уранхолбоотой ярилцлаа.


-Ану юу хийж бүтээж явна. Шинэ уран бүтээл гаргахгүй юм уу. Яагаад дуулахгүй байна гэж асуух залуус олон байна?

-Яруу найрагч Соёмбо, хөгжмийн зохиолч Аранзаа нартай хамтраад шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл хийгээгүй, олон төрлийн ажил ихтэй байлаа. Гэхдээ урлаг, уран сайхан гэдэг зүйл сэтгэл зүрхэнд минь үргэлж уяатай байдаг болохоор эргээд ганц, нэг уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Уран бүтээл хийгээч гэх хүмүүс олон байгаа учраас тэдэндээ зориулан гаргаж байгаа шинэ клип маань ирэх есдүгээр сард бэлэн болно.

-Уран бүтээлээ завсарласан хугацаандаа хөөрхөн охидын ээж болсон. Гэр бүлээ танилцуулаач?

-Миний хань олон улсын харилцааны чиглэлээр гадаадад сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилладаг залуу бий. Том охин маань гурван настай, бага охин маань нэг настай, манай хоёр тэрсхэн өсөж байна. Охид их зөөлөн, хайр татам байдаг юм байна. Би хүүхэд байхдаа гурван охин, нэг хүүтэй болно гэж ярьдаг байлаа. Амны бэлгээр ч юм уу, миний хүслийг дагаад ч юм уу, охидтой боллоо. Би ч өөрөө охидтой айлын дунд охин. Охид маань ээж, аавдаа элэгтэй, эргээд тэднийгээ хайрладаг, гэр бүлдээ элэгтэй хүмүүс болоосой гэж боддог. Эмэгтэй хүн хичнээн их ажилтай завгүй байсан ч гэсэн гэр бүлээ хайрлаж чаддаг, тэдэндээ цаг зав зарцуулдаг хүний сайн хань байх ёстой гэж би боддог.

-Тэрсхэн хүүхэд өсгөх хэцүү гэх ээжүүд байдаг. Ажил, уран бүтээл, гэр бүлийн ажлаа хэрхэн зохицуулж байна?

-Би ямар ч юмыг төвөгшөөх дургүй хүн шиг байгаа юм. Аль болох болгох ёстой, энэ миний л амьдрал гэж боддог. Хэцүү байна гэж бухимдах үе байдаггүй ээ. Амьдрал их баян ш дээ. Дахиад ч би хүүхэд төрүүлнэ, олон хүүхэдтэй болно. Тиймээс би бүгдийг зохицуулах хэрэгтэй. Мөн ханийн маань хайр халамж, нөмөр их. Би өөрийгөө сайн ханьтай, их азтай эмэгтэй гэж боддог.

-“Гала” хамтлаг хүүхэд залуусын шүтээн байсан. Тухайн үед тэгж их олны анхааралд байхад ямар мэдрэмж төрдөг байсан бэ. Одоо хамтлагийн гишүүн Болороотойгоо холбоотой байдаг уу?

-Болороотойгоо холбоотой байлгүй яахав. Болороо маань саяхан төрж, шинэ хүнээ хүлээж авсан. Бид хоёрын 12 жилийн нөхөрлөл бий. Үргэлж л холбоотой байдаг. “Гала” хамтлагт байхад бид хоёр 16,17 настай байлаа. Маш богино хугацаанд хүмүүст танигдаад л тав, зургаахан сарын дотор гаргасан дуу болгон хит болж байсан. Мөн хамтлаг байгуулагдаад, наймхан сарын дараа анхны бие даасан тоглолтоо хийхэд рок, попын түүхэнд хамгийн олон хүн цуглуулсан тоглолт болж чадсан. Бид дүр, төрх имижээрээ маш сайн үнэлэмж авч, тухайн үед өсвөр насныхны дунд “Гала стил” гэж хүртэл гарч байлаа.

-“Гала” хамтлаг одоо байсан бол гэж бодох үе байдаг уу?

-Бид хоёр зарим зүйлд маш хариуцлагагүй хандаж, хамтлагаа тарааж, цааш үргэлжлэх байсан олон амлалт, Азийн түвшинд гарна гэсэн зорилтуудаа умартсан. Үүндээ харамсах өдөр байдаг. Гэхдээ яахав, хүний амьдрал санаснаар болохгүй байх үе бий. Эргээд харахад бид хоёулаа л айлын сайн эзэгтэй, хөөрхөн хүүхдүүдийн ээж болцгоосон байна. Магадгүй бид хоёрын амьдралын зураг ийм байсан байх гэж боддог юм.

-Танай нөхөр арван жилийн сурагч байхдаа “Галагийн Анутай заавал гэрлэнэ” гээд л зурагнуудыг чинь хадгалдаг, фэн байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Энэ тухай би нөхрийнхөө амнаас өөрөөс нь сонсож байгаагүй. Харин саяхан фэйсбүүкээр ангийнх нь нэг охин надтай харилцахдаа “Танай нөхөр 10 жилд байхдаа би Анутай сууна. Заавал Анугийн нөхөр болно” гэж ярьдаг байсан гэж надад хэлсэн. Би нөхрөөсөө асуусан чинь ичээд байсан. Гэхдээ чи миний мөрөөдлийн эмэгтэй. Би чиний ярилцлага бүрийг чинь үздэг байсан гэж ярьж байсан. Найм, есөн жилийн өмнө оролцож байсан зарим ярилцлага, нэвтрүүлгээ би ерөөсөө санадаггүй юм. Гэтэл манай нөхөр чи тэр нэвтрүүлэгт ороод тийм зураг зураад, тэгж шийтгүүлсэн гэж ярьдаг. Мөн сонин, сэтгүүлээр гарсан ярилцлага болгоныг уншаад, хадгалдаг байсан юм билээ. Би ханийгаа надад зориулагдсан хүн гэж би боддог. Өөрөө хэдхэн хоногийн өмнө “Би чамтай хамт байхын тулд маш их хичээсэн. Амьдралдаа ингэж их хичээж үзээгүй” гэж байсан. Тиймээс би ч гэсэн энэ насанд минь заяасан ханиа хүндэлж, дээдэлж ямар их хайртайгаа амьдралаараа л харуулж явах ёстой. Үр хүүхдээ эрүүл сайхан өсгөөд, улс эх орондоо хэрэгтэй хүн болгож, ханиа хайрлаж чадвал ханийн маань аав ээж, ах дүү, элгэн нутаг уул ус хүртэл баярлах байх гэж боддог.

-Танай нөхөр их даруухан хүн шиг санагдсан?

-Даруухан, их даруухан. Олон нийтийн газраар явах ч дургүй, зураг авахуулахаас ичнэ. Хайр нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байя. Миний хань явчихаад ир гэдэг юм. Над шиг хүнд яг ийм даруу төлөв хүн л тохирно. Тэгэхгүй бол хоёулаа ингэнэ, тэгнэ гээд байвал үр хүүхэд гэр бүл орхигдоно шүү дээ. Гэр бүлийн хамаг зүйлийг хань минь зохицуулж авч явж байгаа. Манай хадам аав, ээж насаараа улсад ажилласан даруу төлөв хүмүүс байдаг. Миний хань ч мөн тийм даруухан хүмүүжилтэй.

-Гэр бүлийн бизнес хийж байна уу?

-Олон улсын импортын бараа бүтээгдэхүүн, шинэ, шинэ брэндүүдийг оруулж ирэхээр ажиллаж байна. Залуу хүмүүсийн хувьд гарааны бизнес эхэлж байгаа юм. Гэхдээ мундаг том бизнес хийдэг хүмүүсийн хажууд анхлан суралцагсад шүү дээ. Бид тэрсхэн хүүхдүүдтэй залуу гэр бүл учраас, хүүхдүүдээ сайн сайхан байлгахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

-Эмэгтэй хүн яагаад гоё, сайхан байх ёстой юм бэ?

-Эмэгтэйчүүд өдөрт тогтмол цагийг өөртөө зориулж байх ёстой. Ээж байх хэцүү, завгүй гээд байвал амархан гундах магадлалтай байдаг. Гоо сайхан байх бол эмэгтэй хүний арчаатай байдал гэж хэлмээр санагддаг. Түүнээс биш хүчээр хүнд гоё харагдах гээд байх шаардлагагүй. Бид өөрсдөө сайн, сайхан байж үр хүүхдэдээ үлгэр дуурайл болно. Гоо сайхны мэдрэмж хямдхан зүйл ерөөсөө биш. Хүн болгон гоё зүйлд дуртай. Хөөрхөн хүүхэд, гоё эмэгтэй, сайхан залууг хараад ямар ч хүн яасан хөөрхөн, ямар гоё юм бэ гэдэг. Эмэгтэй хүн сайн, сайхан гоё зүйлийг бусдад мэдрүүлж, гэртээ ч гэсэн цэмцгэр гоё байх ёстой. Дэлхийн алдартай эмэгтэйчүүдийг хүртэл харахад тэдний биеэ авч яваа байдал, эмэгтэйлэг чанар нь бусдын сэтгэлд хамгийн их үлдсэн байдаг шүү дээ. Гоо сайхан байх нь нэг талаараа өөрийгөө хайрлаж байгаа боловч нөгөө талаараа бусдад өгч байгаа хүндэтгэл.

-Ану их энгийн, нээлттэй санагдлаа. Уурлаж, бухимдах үе байдаг уу?

-Уурлаад л хүн гомдоогоод, хэрэггүй үг хэлээд байдаггүй. Тийм байвал ямар үр дүн гардгийг амьдрал надад харуулчихсан. Гэхдээ хүүхэд өвдөх зэрэг сэтгэл хямрах зүйл тохиолдоно. Тиймээс хэцүү үед өөрөө өөртэйгөө яриад, ханьтайгаа ярилцаад, дуртай хөгжмөө сонсоод тайвширчихдаг. Харин хүн надад муухай хандвал тэр дор нь хэлээд, ойлголцохыг хичээдэг. Ер нь би дайсантай байхыг хүсдэггүй. Бидний хийсэн зүйл үр хүүхдүүдэд маань ирэх учраас аль болох хүнд муу юм хийхгүй, хүнийг гомдоохгүй байхыг хичээдэг. Бид эх хүн учраас хариуцлага өндөртэй байх ёстой.

-Шашин шүтлэгтэй юу?

-Шашингүй бол хүн төөрчихсөн юм шиг найдах, итгэх зүйлгүй болно. Би уул усаа, тэнгэрээ шүтдэг. Үргэлж тэнгэрүүдтэй ойр байж, өөрийн хүсэл зорилго, зорилтоо тэдэндээ даатгадаг. Бусдад муухайгаар хэлэгдэж, буруугаар ойлгогдсон ч сайн мууг ялгадаг тэнгэр байгаа гэж ойлгож, өөрийнхөө зөв гэж бодож байсан зүйлээ хийж явдаг. Үнэн ялна гэдэг шүү дээ. Нялх биетэй үед бусдын муухай үгийг бага зэрэг эмзэг хүлээж авдаг байлаа. Мэргэжлийн эмч хүн хүртэл төрсөн эмэгтэй ийм байдаггүй, тээгч эхээр төрүүлсэн гэж над руу дайрч байсан. Үнэн гэж нотлох гээд амьдрах бас хэцүү. Миний хань ижил, найз нөхөд, аав ээж, ах дүү нар намайг ойлгож, мэдэж байвал болно доо гэж боддог.

-Жирэмсэн байх үеэ олон нийтэд харуулахгүй байдаг нь ямар учиртай юм бэ?

-Манай монголчууд шувууны сүүдрээс хүртэл үр хүүхдээ харамладаг ард түмэн. Монгол хүмүүсийн энергийг хүчтэй гэдэг болохоор олноороо энергийн бөөгнөрөл үүсгээд, ярих юм бол цагаан хэл ам хүртэл аливааг сэвтүүлдэг. Гэхдээ би өөрийгөө хэл амнаас хамгаалаад байхыг боддоггүй. Би өөрийн гэсэн багштай, итгэл үнэмшилтэй. Харин үр хүүхдээ хэл амнаас хол байлгахын тулд жирэмсэн, төрөх гэж байна гээд олонд зарлаад байхыг хүсдэггүй юм. Дараа, дараагийн төрөлт дээрээ ч мөн ингэж төрнө гэж бодож байгаа.

-Анутай уулзаж байгаа юм чинь асуухгүй өнгөрч болохгүй байх. Хэрхэн жингээ барьдаг, ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

-Хэт их хоол хасаад, амттай зүйл идэхгүй байх ёстой гэсэн зүйл байхгүй. Хоол сойж жин барих нь хүнийг их стресстүүлдэг. Ингээд стрессээс үүдэлтэй таргалалт үүснэ. Хүн өөрийн цусны бүлэгт тохирсон хоол хүнсээ хүссэн үедээ идэж байх хэрэгтэй. Би жимс ногоо, тахиа, загасны мах идэх дуртай учраас өөрийн дуртай хоолоо хийж иддэг. Зун хөдөө амралт зугаалгаар явахдаа уламжлалт хоол хүнсээ хэрэглээд л явдаг. Жингээ бариад л заавал тэдэн кг байх ёстой гэсэн хатуу шаардлага өөртөө тавьдаггүй. Өөрийнхөө зөв гэсэн зүйлийг идээд, өөрийн өдөр тутмын хэмнэлээрээ амьдардаг. Төрчихөөд жин хассанаа бахархаад бусдад яриад байх сонирхолгүй. Тэртэй, тэргүй эмэгтэй хүн төрөөд л хүүхдээ хөхүүлээд, амьдралын зөв хэмнэлтэй байхад амархан турчихдаг. Мөн жирэмсэн байх үедээ хүүхдийнхээ жинг хэт их биш, хэт бага биш байлгаж, хянах хэрэгтэй. Мөн надаас олон хүүхэд төрүүлчихээд, сайхан биеэ авч яваа эмэгтэйчүүд олон байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ олон талын мэдлэгтэй байх ёстой. Ядаж л хэвтээд байвал жин нэмэгдчихнэ.

-Ямар дуу, хөгжим сонсох дуртай вэ?

-Олон төрөл жанрын дуу сонсох дуртай. Өнөөдөр гэхэд л Японы “Кенджи Кавай”-гийн хөгжмүүдийг нь сонсож байна. Болороо бид хоёр Бритни Спирсийг шүтдэг байлаа. Одоо бол хэн гоё дуу гаргаж гэж анализ хийж сонсдог.

-Ану дуу гаргаач, яагаад дуулахгүй байна гэх хүн олон байсан. Ямартай ч шинэ уран бүтээлийн ажилдаа орсон юм байна. Цаашдаа уран бүтээлээ таслалгүй хийгээд явах уу?

-Гэхдээ урьдынх шиг олон цомог гаргаад явж чадахгүй байх. Өөрийнхөө хүсэл сонирхлоор дуулж байгаа юм. Олон улсын бизнес хийж эхэлж байгаа учраас надад хэлний мэдлэг өндөр түвшинд хэрэгтэй болж байна. Тиймээс энэ намраас хэлний чиглэлээр гүнзгийрүүлэн сурна. Үр хүүхдүүдтэй залуу гэр бүл учраас, бизнестээ цаг зав зарцуулна. Харин өөрийнхөө хүсэл сонирхлоор, шинэ клип гаргахыг хүлээж байгаа хүмүүст зориулаад, дуу гаргаж байна. Түүнээс биш би дуулах дуртай гээд гэр бүл, бизнесийн ажлаа хаяад явчихаж болохгүй. Харин дуулж, бүжиглэх хүсэл сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг эртнээс бэлддэг продюсер хийдэг компанитай болох мөрөөдөлтэй. Нөхөр маань ч мөн дэмжиж байгаа. Өдий зэрэгтэй сайн сайхан яваад маань урлагийн буян их.

-Эдийн засгийн хямралын үед бизнес рүү орж байгаа юм байна. Хямрал мэдрэгдэж байна уу?

-Импортын бараа учраас валютын ханш өсч байгаа нь их нөлөөлж байна. Гэхдээ хэцүү байна гээд яахав. Хэцүүг давна. Тууштай хөдөлмөрлөж байж үр шимийг нь хүртэнэ. Хямралтай байлаа гээд бууж өгч болохгүй. Бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж болохгүй. Сууж байснаас явж байсан нь илүү үр дүнд хүрдэг учраас залхуурал гэдэг зүйлээс хол байвал болно.

Categories
мэдээ соёл-урлаг

М.Уянсүх: Яруу найргийн тухай ярина гэдэг шүлэг бичихээс хэцүү юм

БНСУ-ын Чанвон КС-ийн нэрэмжит Олон улсын утга зохиолын ХХYII фестивальд яруу найрагч М.Уянсүхийн тавьсан илтгэл

Яруу найргийн тухай ярина гэдэг шүлэг бичихээс хэцүү юм. Учир нь хүн төрөлхтний оюун сэтгэлгээний холбоосууд, эрин цагийн гайхамшигт үйл явдлууд, хүн байхын утга учир, эх байгалийн мөн чанар, зүрх сэтгэлийн хөг эгшиг, далд ухамсрын тайлагдашгүй нууцууд гээд ертөнцийн бүхий л юмс үзэгдлийн ил, далд шалтаг шалтгааныг тэмтрэн мэдэрч, дотоод чанадын билиг билгүүнийг нээх шид увдисаараа яруу найргийн ертөнц өөрөө аугаа юм. Энэ нь зүйрлэбэл тэнгэрийн дээрх тэнгэр, далайн гүн дэх далай билээ. Нууцын гүн дэх сансар, нүдэн доторх нүд билээ. Би бол энэ аугаа ертөнцийн хязгааргүй тойрогт эргэлдэн буй хумхийн тоосны ширхэг төдийхөн үзэгдэл. Тийм хэдий ч өнөөдөр надад олдсон эрхэм завшааныг ашиглан та бүхэнтэй Монголын яруу найргийн тухай өөрийн бодлоо хуваалцахыг хүсэж байна.

Монголын яруу найраг маш эртний улбаатай. Тодорхой бус цаг үед тэмдэглэгдэн үлдсэн хадны сүг зургийг хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний илэрхийлэл, яруу найргийн сүнс хадгалсан дүрс тэмдэглэгээ гэж үзвэл монголчуудын хувьд энэ нь даруй 100 000-70 000 жилийн өмнөх цаг үед хамаарна. Мэдэгдэж байгаа эх сурвалжаар Монголын яруу найраг НТӨ II зуун буюу Хүннү гүрний үеийн 121 оноос эхэлжээ.

“Хүннүгийн дуу” хэмээх харууслын аяст шүлгийн:

“Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Ягаан уулаа алдаад
Эхнэр хатад минь оо энгэсэггүй боллоо” хэмээсэн гайхамшигт мөрүүд үүний гэрч юм.

Ер нь Монголын сонгомол хүүрнэл зохиолууд өөртөө эртнээс нааш шүлэг, яруу найргийн зүйлийг их хэмжээгээр ашиглаж ирсэн онцлогтой бөгөөд монгол угсаатны эртний улсууд болох Сүмбэ, Нирун, Кидан улсуудын үед зохиогдсон бичгийн дурсгалууд ч үргэлжилсэн үг, яруу найраг хослуулан бичдэг уламжлалыг хадгалж ирсэн нь Монголын яруу найргийн хөгжилд ихээхэн ахиц дэвшил авчирсан гэж хэлж болно. Түүхэн сурвалжийн мэдээгээр 500 гаруй шүлэг дуулал зохиосон Кидан зохиолч байсан юм билээ. Он цагийг түүчээлсэн Монголын яруу найргийн уламжлал энэ мэт өртөөлөн явсаар ХIII зуунтай золгожээ.

ХIII зуун буюу Монголын их гүрний сэргэн мандлын үед бичигдсэн түүх-уран зохиолын хосгүй дурсгал бол “Монголын нууц товчоо” судар юм. Зохиогч нь тодорхойгүй энэ судар түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлсэн бөгөөд домог үлгэр, угсаатны зүй, цэрэг, аян дайны үйл, төрт ёсны түүх, соёл, зан заншил, гүн ухаан, яруу найргаас бүрдсэн цогц бүтээл юм. Энэ сударт монгол шүлгийн уран тансаг шигтгээнүүд нэн элбэг бий. Гэвч тэр бүхнийг энэ богино илтгэлд бүрэн багтаан дурдах боломжгүй тул та бүхнээс энэ удаа хүлцэл өчиж байна. Энэ цаг үед Чойжи-Одсэр, Сэчигүр бичээч, Чинга чинсан, Болд чинсан, Аргусан хорч, Маш-Их, Тогтох, Тогоон, Ариун, Шаазгай, Цагаан зэрэг олон яруу найрагчид төрөн гарчээ.

Дорно дахины яруу найргийн нэгэн тод содон өнгө төрх болсон Монголын эрт эдүгээх яруу найргийн амин сүнс нь баатарлаг туульс, бөө мөргөлийн дуудлага, ардын цэцэн билэгт сургаал үгс, буддын гүн ухааны судар бичгүүд, уламжлалт болон орчин цагийн яруу найрагчдын сонгомол бүтээлүүдэд хадгалдагдаж байдаг юм.

Монгол орны баруун хязгаарт Ойрад ястан амьдардаг. Би бол тэдний нэг. Өндөр цаст уулс шигээ дайчин эрэмгий зан төрхтэй ч их нуурууд шигээ уужуу тайван байж чаддаг миний ард түмэн баатарлаг туульсын эцэг нь билээ. Мөнх цаст Алтайн уулсаар нутагтай Ойрадууд тууль, биелгээ, хөөмий, цуур зэрэг монголчуудын язгуур урлагийн өв санг жинхэнэ утгаар нь хадгалан үлдсэн ард түмэн. Товшуур хөгжмийн аялгуунд хайлдаг баатарлаг тууль гэхэд дунджаар 10 000 шад шүлгээс бүтнэ. Туульч хүн ийм урт туулийг цээжээр хайлна. 7 өдөр, 7 шөнө тасралтгүй хайлдаг тууль ч бий. Бурангуй харанхуйг сөнөөж, гэрэл гэгээ дагуулж төгсдөг баатарлаг тууль нь яруу найргийн томоохон хэмжээний бүтээлийн төрөлд багтах бөгөөд Ойрадын их туульч М.Парчингийн бүтээлүүд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэнийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Чухам ийм л хязгаар нутагт миний бага нас өнгөрч, яруу найргийн онгод шидийг би өнө мөнхийн хөх уулсаасаа авсан билээ. Монголын яруу найргийн ай сав баатарлаг туульсаар нэн баялаг байдгийн жишээ нь алдарт “Жангар”, “Гэсэр” тэргүүтэн 1000 хол давсан хөлгөн туульсын өв сан юм.

Монголын яруу найргийн бас нэг содон дурсгал бол Цогт хун тайжийн хадны шүлэг. 1

Categories
гадаад мэдээ

ОХУ 2017 онд Монголтой хамтран цэргийн сургуулилт хийнэ

ОХУ-ын Хуурай замын цэргийн хүчнийхэн 2017 онд Энэтхэг, Монгол, Пакистан болон Вьетнам зэрэг улсын цэргүүдтэй хамтарсан сургуулилт хийнэ гэж тус улсын Хуурай замын цэргийн хүчний Ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков мэдэгдлээ.

О.Салюков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “бид ирэх онд Пакистан, Энэтхэг, Монгол, Вьетнам, Никарагуа болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /CSTO/ гишүүн орнуудын зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийнэ” гэв.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бол хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос болон Тажикистан улсын засгийн газар хоорондын цэргийн эвсэл юм.

Categories
мэдээ нийгэм

“KFC сүлжээ” хогоо ил задгай хаяж байна

Түргэн хоолны KFC сүлжээ ресторан манай улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад цөөнгүй жил болж байна. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд KFC-тэй холбоотой сайн, муу шүүмжлэлүүд иргэдээс гарсаар ирсэн. Саявтархан л гэхэд Монголд үйл ажиллагаа явуулж буй KFC сүлжээнийхэн Хятадын Шандонг мужаас хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй тахиа оруулж ирж байгаа тухай мэдээлэл цахимаар цацагдсан нь иргэдийг сэртхийлгэсэн юм.

Тэгвэл 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын зэргэлдээ байрлах KFC сүлжээ ресторантой холбоотой дахин нэг шүүмжлэл гарлаа. Учир нь тус рестораныхон өөрсдийн хэрэглэсэн хогоо нийтийн эзэмшлийн талбайд ил задгай хаясан тухай баримтыг нэгэн фэйсбүүк хэрэглэгч зурагжуулан цахим хуудастаа дэлгэжээ.

Оршин суугчдын мэдээлж байгаачлан энэ нь зөвхөн ганц удаагийн үйлдэл биш бөгөөд хорооллын KFC сүлжээнийхэн энэ мэтээр удаа дараалан хогоо ил задгай хаяж байсан талаар гомдоллож байгаа юм.