Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Унгар улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс өөрийн гуравдагч хөрш, Европын Холбооны гишүүн Унгар улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Унгарын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан, Элчин сайдын яам аа Улаанбаатарт дахин нээж, энэ оны эхээр Ерөнхий сайд Виктор Орбан албан ёсны айлчлал хийсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буйн илрэл болохыг тэмдэглэлээ.

Унгар улс Элчин сайдын яамаа сэргээн нээснээр хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд хэллээ.

Биокомбинат ТӨҮГ-ыг Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүрэн шинэчилснээр хоёр улсын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа өргөжих төдийгүй энэ төсөл нь хоёр улсын харилцааны билэг тэмдэг болохыг дурдлаа.

Хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг зорилтын хүрээнд Европын стандартад нийцсэн хамтарсан үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх боломж байгааг онцоллоо.

Унгарын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад жил бүр 100 монгол оюутан суралцаж буй. Оюутны тоог нэмж, 2017 оноос жил бүр 200 оюутан сургахаар болсон гэдгийг Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Акош Мадари хэллээ

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан болно

Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын Соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх арваннэгдүгээр сарын 25, 26-нд болох гэж байна.

Анхдугаар уралдаанд төвийн болон орон нутгаас сонгодог бүжгийн урлагт сонирхолтой , мөн хичээллэж буй оюутан, сурагчид оролцох боломжтой ажээ. Оролцогчдын хувьд 6-8 нас, 9-11 нас, 12-14 нас, 15-18 гэсэн насны ангилалаар өрсөлдөх юм байна. Хоёр үе шаггай зохион байгуулагдах уг уралдааны бүртгэл энэ сарын 1-нээс эхлэсэн бөгөөд сарын хугацаанд бүртгэх гэнэ.
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын ивээл дор зохиогдох анхдугаар уралдааныг монголын ирээдүйн балетчдыг нээн илрүүлж, тэдний авьяасыг хөгжүүлэх зорилготой аж. Тус тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг бэлтгэж, 2016 оны арванхоёрдугаар сард болох “Цөмөөхэй” балетын тоглолтод оролцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Антибиотикийн гаж нөлөөнөөс болж амиа алдах эрсдэлтэй

Иргэд ханиад томуу зэрэг өвчин туссан тохиолдолд өөрсдийн дур мэдэн эмийн сангаас антибиотик авч хэрэглэх тохиолдол их байдаг. Зөвхөн ханиад томуу ч гэлтгүй өөр хөнгөн хэлбэрийн өвчин туссан ч эмчид очих шаардлагагүй гэх хүмүүс ч цөөнгүй. Гэтэл антибиотикийг дур мэдэн хэрэглэснээр түүний гаж нөлөө тохиолдох эрсдэл сүүлийн үед ихэсчээ. Антибиотикийн гаж нөлөө нь нэг эсвэл хэд хэдэн эрхтэн системийг хамран явагддаг. Үүний үр дүнд толгой өвдөх, тууралт гарах, дотор муухайрах хүнд тохиолдолд амь насанд хүрэх ч аюултай гэнэ. Хойд Америкт хийсэн судалгаагаар “бетта-лактамт” бүтэцтэй антибиотикууд хамгийн их гаж нөлөө илэрдэг гэж гарчээ. Энэ нь бидний сайн мэдэх амоксиллин, ампиуиллин, цефазолин зэрэг эмнүүдэд ихээр агуулагддаг байна.

Үүнээс гадна эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх нь дэлхий дахины тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа. Нянгийн тэсвэржилт гэдэг нь антибиотикт дасал болох өөрөөр хэлбэл антибиотик түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болно гэсэн үг. АНУ-д жил бүр хоёр сая гаруй хүн олон эмэнд дасалтай нянд өртөж, түүнээс багадаа 23000 хүн нас барж байна гэсэн тооцоог Америкийн өвчлөлийг хянах төвөөс гаргажээ. Манай улсад үүнтэй ижил төрлийн судалгаа байдаггүй байна. Харин Монголд эмнийхээ 80 хувийг импортоор авдаг. Үүнээс 30 хувь нь нянгийн тэсвэржилттэй эм байна гэсэн судалгааг гурван жилийн турш хийжээ.

Энэ мэтчилэн эмийн буруу хэрэглээ, антибиотикийн гаж нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд иргэд эмчид хандах, эмч эмийн зөв зохистой жор олгох, эмийн сангууд эмчийн бичигтэй иргэдэд үйлчлэх зэрэг эрүүл тогтолцоог бий болгох хэрэгтэй.

“Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-аас “Антибиотикийн талаархи мэдлэгийг сайжруулах дэлхийн долоо хоног”-ийг 11 сарын 14-21 өдрүүдэд зарласан байна. Үүнийг угтан ЭМЯ болон “Улсын хоёрдугаар эмнэлэг” хамтран “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” уриа бүхий компанит ажлыг өнөөдрөөс эхлэн 11 сарын 30 хүртэл зохион байгуулах гэж байна. Энэ тухай “Улсын хоёрдугаар төв эмнэлэг”-ийн захирал Г.Баясгалан хэлэхдээ “1940 онд антибиотикийг анх нээж олоод бараг бүхий л өвчнийг анагаах боломжтой гэж үзэж байсан ч тийм биш. Харин ч буруу хэрэглэснээс өвчин үүсэх эхлэл болоод байна. Иймээс иргэд ч гэлтгүй эмч нарыг ч бас эмийн жороо зөв өгөх тал дээр сургалт зохион байгуулах удирдамж гараад байгаа. Харин иргэд дуртай үедээ дурын антибиотик авч хэрэглэхгүй байхад занших хэрэгтэй. Заавал мэргэжлийн хүнээс асууж байж эмчилгээгээ эхнээс нь дуустал хийлгэх маш чухал гэдгийг ойлгуулах үүднээс мэдээлэл өгнө” гэлээ.

Тус аяны хүрээнд эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, эм зүйч, иргэд, оюутан залуучуудын эмийн зохистой хэрэглээний мэдлэг хандлагыг сайжруулах, цаашлаад антибиотикийн зохистой хэрэлээг төлөвшүүлэх зорилгийн дор ажиллах гэнэ. Аяны хүрээнд зохион байгуулах ажлуудыг дурдвал, иргэдэд зориулсан “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе, антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийг Нарантуул худалдааны төв болон ШУТИС дээр зохион байгуулах, бүх шатны эмнэлэгүүдэд “Антибиотикийг жороор бичиж, олгох хариуцлагыг дээшлүүлье” гэсэн уриан дор багц сургалт явуулах, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Антибиотикийн талаар иргэдэд олгох боловсрол” гэсэн сэдвийн дор богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Бүх их дээд сургуулиуд болон коллежуудад эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах тал дээр ажиллаж байгаа тухайгаа МОХ-ны ТУЗ-ийн гишүүн Т.Ган-эрдэнэ хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тасарсан төсвөө хураамжаар нөхөхөөр төлөвлөжээ

Дорноговь аймгийн ИТХ-аас Замын-Үүд, Ханги боомтоор зорчигчдоос хилийн хураамж авахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн 1000, гадаадын иргэн 5000 төгрөгийн хураамж төлөхөөр болж байна.

Өмнө нь Замын-Үүд боомтоор Эрээн рүү гарч буй иргэдээс хураамж авдаг байсныг ИТХ-ын 93 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байсныг ийнхүү эргүүлэн сэргээж эдийн засгийн хүндрэл, орон нутгийн төсвийн орлого тасарсаныг нөхөх шаардлага гарчээ.

Дашрамд дурдахад, уг хураамжаас орон нутгийн төсөвт 720 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд үр хөндөлтийн 18.168 тохиолдол бүртгэгджээ

Жил бүрийн есдүгээр сарын 26-ыг дэлхий дахинд “Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ удаа “Жирэмслэлт бүр хүссэн байх” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийг хамарсан тус арга хэмжээний хүрээнд НЭМХ нэгэн судалгааг танилцуулсан бөгөөд энд дурдсанаар бол “2015 онд УЛСЫН ХЭМЖЭЭНД үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдсэн” гэжээ. Үүний 13,164 тохиолдол нь НИЙСЛЭЛД тэмдэглэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, 18,168 хүүхэд хорвоод мэндэлж чадалгүй эхийнхээ хэвлийгээс буцсан гэсэн үг. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр бүртгэгдсэн тоо. Бүртгэгдээгүй хэчнээн байгааг бид мэдэхгүй. Дэндүү харамсмаар… Эргэн санавал 2015 онд улсын хэмжээнд 82 мянган хүүхэд мэндэлсэн. Угтаа бол энэ тоо 100 мянга хол давах боломжтой байсан байх нь.

Харин үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийн насны бүлгийг авч үзвэл 20-иос доошхи насных 5.1 хувь, 20-34 насных 70.0 хувийг эзэлсэн байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныханы үр хөндөлтийн түвшин 1.5 хувиар буурсан нь сайшаалтай боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Судалгаанаас харахад нөхөн үржихүйн насны 1,000 эмэгтэйн 540.6 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хэрэглэдэг гэж байгаа ч ийнхүү үр хөндөлт өндөр үзүүлэлттэй гарлаа.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын бүлэг маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт хуралдсан боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Бүлгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин маргааш 10:00 цагт Төрийн ордны “А” танхимд УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болох аж. Хурлаар 2017 оны Төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлаар санал солилцож, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Банкин дахь данснаас нь хоёр сая төгрөг ор мөргүй алга болжээ

Өчигдөр буюу 10-р сарын 3-ны өдөр “Хаан банк”-ны харилцагч Д.Анхбаяр гэх хүний данснаас хоёр сая төгрөг ор мөргүй алга болжээ.

Тодруулбал, харилцагчийн хувийн дансанд өчигдөр өдрийн 15:49 минутад хоёр сая төгрөгийн орлого орсон боловч 40 минутын дараа хоёр сая төгрөг зарлага хэлбэрээр гарсан байна. Улмаар дээрх хоёр сая төгрөгийн зарлага хаашаа, хэрхэн шилжсэн талаар тус банкны харилцагч Д.Анхбаяр “Хаан банк”-наас тодруулахад “Хэн рүү, ямар утгатай гүйлгээ хэдэн цагт хийгдсэн нь мэдэгдэхгүй байна. Бид шийдэж мэдэхгүй учир цагдаад ханд” гэх хариуг өгсөн гэх ба энэхүү асуудлаар Д.Анхбаяр хууль хяналтын байгууллагад хандаад байгаа аж.

Харилцагчийн мөнгө хэрхэн алга болсон талаар “Хаан банк”-ны албаны эх сурвалжаас тодруулбал“Бид харилцагчийнхаа өргөдөл гомдлыг бичгээр хүлээн авсан байна. Одоогоор уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гаргаж данснаас хэрхэн мөнгө гарсан, хаашаа гүйлгээ хийгдсэн талаар хяналт хийж байна. Харилцагчийн данснаас мөнгө алга болсон тохиолдол өмнө нь гарч байсангүй” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллэж буйгаар, харилцагчийн данснаас мөнгө алга болсон тохиолдол ганцхан “Хаан банк” гэлтгүй бусад арилжааны банкуудад мөн гарч байсан гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Анхны хиймэл дагуулуудыг сансарт хөөргөнө

Монгол Улсын анхны хиймэл дагуул ирэх оны гуравдугаар сард сансарт хөөргөхөөр болжээ. Энэ талаар МУИС-ын захирал Р.Бат-Эрдэнэ, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

2012 онд Засгийн газрын тогтоолоор “Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр” баталж, МУИС-ийн эрдэмтэд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ын гурван багш Японы Кюүшүгийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл дагуулыг бүтээж байгаа аж.

Хиймэл дагуул бүтээж, сансарт хөөргөхөд 325 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж. Үүний 225 мянгыг Япон Улс тусламжаар олгож байгаа. Харин Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ын төсвөөс үлдсэн санхүүжилтийг хийх аж.

Хиймэл дагуулыг гуравдугаар сард хөөргөх юм байна. Манай хиймэл дагуул Япон, Нигери, Гана, Бангладешийн хиймэл дагуултай хамт хөөрч, 400 км-ийн зайнаас дэлхийг тойрч, өдөр 5-6 удаа мэдээлэл дамжуулах аж. Хиймэл дагуулаас ирж буй мэдээг МУИС-ын дэргэд шинээр байгуулагдах номын сангийн оройд байрлуулах антенаар дамжуулан хүлээн авахаар төлөвлөжээ.

МУИС-ийн эрдэмтэд 2019-2020 онд шинэ хиймэл дагуул бүтээж дахин хөөргөхөөр төлөвлөж байна аж.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

ҮХЦ 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд
суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь
хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль
явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр
дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан
сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх
үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь
хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин
биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор
оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь
хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж
үл болно …” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас Монгол
Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай
хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн
жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч
хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох,
сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион
байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн
хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин
суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна
гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр
сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. Байнгын хорооны гишүүд ҮХЦ-ийн
уг дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.

Дараа нь ҮХЦ-ийн 2016 оны 10 дугаар
дүгнэлтийг хэлэлцлээ. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан 09 дүгээр сарын
28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь
хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын
хамт …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1
дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин
хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын
зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай
маргааныг хянан хэлэлцсэн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр
хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн
мэдээлэлдээ, “Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт
“Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар
шийдвэр гаргах ба цөөнх болсон шүүгч тусгай саналаа, хэрэв хэд хэдэн шүүгч тусгай
саналтай бол тэдгээрийг нэгтгэж шүүхийн шийдвэрт хавсаргана.” гэсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион
байгуулалт, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлэх баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Шүүх
эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгааг тогтоох харилцааны нэг гол зүйл нь шүүгч
өөрийн үүргийг гүйцэтгэсний төлөө олон нийт болон хэргийн оролцогчоос үзүүлэх
зүй бус нөлөөллөөс хамгаалагдах ёстой. Гэтэл хэрэг, маргааныг хамтын зарчмаар
шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргасан шүүгч би тусгай саналтай байна гээд
түүнийг олон нийтэд ил тод болгоод байвал шүүхэд хэн итгэх вэ. Өөрөөр хэлбэл
шүүхийн шийдвэр таалагдаагүй тал шүүгчийг ялгаварлан үзэх улмаар хэвлэл
мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд шүүгч болон
шүүхийн нэр хүндийг унагах нөхцөлийг бүрдүүлнэ” хэмээн дурджээ.

Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчгишүүн
Н.Учрал ҮХЦ-д ирүүлсэн тайлбартаа, “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон
ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд
шүүгч бүр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал
бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан
үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, зөвлөлдөн
санал нийлсний үндсэн дээр шийдвэр гаргадаг ба бусад шүүгчтэй санал нийлээгүй
бол тусгай саналаа бичгээр гаргадаг. Энэхүү шүүхийн шийдвэрийг цахим хуудсанд
байршуулж, хэвлэн нийтэлж байгаа нь шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцэж
шийдвэр гаргасны дараа хийгдэж байгаа ажиллагаа бөгөөд хэрэг, маргааныг хянан
шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, шүүхийн захиргааны байгууллагын зүгээс
явуулж байгаа олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгахад
чиглэсэн ажлын нэг хэлбэр юм.

Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч
тусгай санал гаргаснаар хэн нэгэн этгээд шүүх, шүүгчийн нэр төрд халдана гэх
асуудлыг хуулиар хамгаалсан бөгөөд энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин
есдүгээр зүйлд “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч,
Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн
бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах
үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж шүүгчийн хараат бус
байдлыг баталгаажуулж өгсөн” хэмээжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сар дэлхийн нэг хэсэг байсныг баталжээ

Хатдын сударт өгүүлэгдсэн Дэлхий ээжийн айлдсаныг шинжлэх ухаанаар баталжээ. Энэхүү судрыг Аянга хэмээх удган онгодын өгүүлснээр буулгадаг аж. Тэрхүү сударт дэлхий ээж өөрөөс нь сар тасран одоход тэнгэр эцэг түүнд маш олон амь илгээжээ. Тэр амин чанарууд нь өнөөгийн хүний үүсэл юм. Монгол хатдын онгон түүхийн гялбаа судараас: …Бид Нарнаас үүссэн.Нарны их цацрагаар бидний биес үүссэн юм. Өөр өөрийн орон зайд очиж эргэлдэх орон зайгаа олж авсан юм.Энэ гаригс бүхэн өөрийн цөм Амьтай.Гэтэл нэг удаа тэнэмэл гариг,гаригийн тасархай солир гээч нь ирээд намаййг мөргөөд миний биеээс сарыг огтлоод гаргачихсан .Энэ шархыг би тэсвэрлэж чадахгүй би мөхөх аюулд орсон.Нэг хэсэг сар гэдэг зүйл надаас ховхроод уначихлаа шүү дээ.Энэ үхлийг Тэнгэр эцэг илааршуулахын тулд надад миний аминаас гадна маш олон бяцхан амиудыг над руу илгээж өгсөн.Тэнгэр эцэг надад өгсөн энэ амьд амь ,энэ амийг би өөрийнхөө эрүүл хэсгийн орон зайгаар Хий Чийг Тоос гурваар биежүүлээд биет амьтан болгосон юм.Энэ амьтад миний биеийн энэ их цоорхойг илааршуулж амьдрах чадвартай болгосон учиртай…Аянгат:Өвгүдийн түүхээс сонссон асар их гамшиг болж ,том солир хүчтэй мөргөснөөс тасарч одсон таны хэлтэрхий Сар танаас тасарсан гэдгийн баталгаа юу байх бол?Хүмүүс дараа нь судлаад энэ түүх үнэн юмуу?Худлаа юмуу гээд ,Сар Дэлхий хоерын найрлага нь ижил байх ч юмуу ?Ямар нэгэн төсөөтэй юм байх боловуу?Сар дэлхийн яг аль хэсгээс нь мултарч унасан бэ? Дэлхий Ээж:Харамсалтай нь сансар огторгуйд байгаад түүнийг сансрын тоос хучсан тул төвдөө л миний жижиг тасархайтай болжээҮргэлж сансар огторгуйн тоосонцорт байдаг.Тэр тоосонцор хучсаар байгаад надаас нилээн ондоо болсон.Гэвч түүний гүн рүү нь ухаад үзэхэд дэлхийтэй яг ижилхэн хатуулаг бодисуудтай байгааг мэдэх болно гэжээ.