Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Хөөрхий Сайжаа


(БАС ДАХИАД Л ЭНЭ АСУУДАЛ…)

О.Жи.Симпсон бол америк футболын алдартай тамирчин асан хүн. Түүнээс гадна кинонд жүжиглэж, телевизийн нэвтрүүлэг хийж багагүй алдар хүнд, эд баялаг олсон юм. Харин түүний хүн алсан хэрэг нэрийг нь Америкийн түүхийн хуудаснаа мөнх хаджээ. 1994 оны зургадугаар сарын 12-нд тэрээр Лос Анжелест өөрийн салсан эхнэр, түүний найз залуу хоёрыг гэрт нь хөнөөсөн байна. Америкийн шүүхийн практикт Симпсоны хэрэг олон зүйлээрээ шинэ явдал байснаар барахгүй, шинжлэх ухаан технологийн шинэ эрэмбэ үе, мэдээллийн хэрэгслийн хурдан түгэх болон олон түмний сэтгэлд нөлөөлөх чадвар, хуулийн логик болоод хуулийн заалтуудын зөрчил зэрэг олон үйл явдал нь эцэстээ энэ хэрэг нь Америкийн шүүхийн тогтцын хэрхэн шударга үнэн ажилладгийг дэлхий даяар үзүүлсэн хичээл боллоо. Төгс төгөлдөр хуулийн систем гэж байдаггүй юм байна, үгүйдээ л хүн төрөлхтөн тийм түвшиндээ очиж чадаагүй юм байна гэдгийг энэхүү дэлхий даяар хоёр жилийн турш цацагдан сурталчлагдсан шүүх хурал харууллаа. Шударга ёс гэдэг харьцангуй ойлголт боловч нөгөө талаас шударга үнэний зарчим гэж юм бас байдгийг, түүнийг нь баримтлах талаар дэлхийд Америкийн шүүхийн систем үлгэр үзүүлдгийг бас баталлаа. Байж болох бүх хувилбараас хамгийн сайн ямар ч шийдвэрийг сонгосон байлаа, нээлттэй тогтцод бүх хүнд таалагддаг шийдвэр үгүйг харууллаа. Урьд өмнө үүн шиг дэлхий даяараа шүүх ажиллагаанд оролцож зөв, бурууд нь олон хүн дүгнэлт өгсөн өөр нэг ч хэрэг байгаагүй. Энэ бол мэдээллийн даяаршилд орсон өнөөгийн дэлхийн нэг том үзүүлэлт байлаа. Шүүх хурлын үеэр Симпсоны зөв бурууг Африкийн жунглид, Австралийн цөлд, Европын сургуулиудад, Антарктидийн шинжилгээний экспедицэд, Монголын талд хүмүүс шүүж байлаа. Америк төдийгүй дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр цаг алдалгүй түгэн тарж үүнд нь зөвхөн америкчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс гэрч болон санал сэтгэгдлээ илэрхийлэн, шүүхэд нөлөөлөх оролдлого хүний түүхэнд урьд гарч байгаагүй их хэмжээгээр ширүүссэн боловч Америкийн шүүх бол үнэхээр хэний ч нөлөөнд ордоггүй институци юм байна, хамгийн гол нь хүний эрхийн түгээмэл зарчмыг ягштал баримталж чаддаг юм байна гэдгийг энэхүү үзүүлэн тоглолт-шоу-шүүх харуулсан юм.

Симпсон хоёр хүн алсан нь батлагдсан. Үүнд хэн ч эргэлзээгүй. Шүүх ч, прокурор ч, гэрчүүд ч, сэтгүүлчид ч, телевиз үзэгчид ч, шведүүд ч, ботсванчууд ч, перүчүүд ч, монголчууд ч үүнд баттай үнэмшиж байсан. Хэргийн газар түүний үлдээсэн цус, нус, хөлсөнд ДНХ-ийн задаргаа шинжилгээ хийж мөн гэж тогтоосноороо шинжлэх ухаан технологийн өнөөгийн түвшний ч том сурталчилгаа боллоо. Түүний хүн алсныг нотлох өөр олон баримт гарч ирсний дотор гутал зэрэг даанч бодитой зүйл хүртэл байв. Харин энэ бүхнээ прокурор хуульд зөвшөөрсөн аргаар нотолж чадахгүй байлаа. Тэдний авсан нотлох баримтууд нь бүгд хууль бус аргаар олдсон байв. Шүүх нэг талаас мөр нь таарч байгаа гутлыг мөн гэдгийг нь ойлгож байгаа боловч энэ нь нотлох баримт биш гэж үзсэн учраас түүндээ автаж яллаж болохгүй. Үүнийгээ ч шүүгчид ойлгож Симпсоныг цагаатгасан юм. Харин Симпсон дараа нь иргэний шүүхээр дахин орж буруутай болох нь батлагдан 25 сая доллараар торгуулах болжээ. Эрүүгийн шүүхийн цагаатгасан асуудал дээр иргэний шүүх зөвхөн торгууль ногдуулах байдлаар шийтгэдэг юм байна, тэнд.

Бүтэц энгийнтэй тархиар тунгаахад гарцаагүй хоёр хүн алсан Симпсон эрх чөлөөтэй тэнэж явна гэдэг шударга бусын цаадах шударга бус зүйл гэлтэй. Гэтэл прокурор хууль бусаар нотлох баримт гаргаж болдог, тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлдөг, шүүх алив хэргийг логикоор бодоод ял тулгачихдаг болбол цаашид Америкийн шүүхээр хэд хэдэн мянган гэмгүй хүн шийтгэгдэх болно. Наад зах нь хэрэгтэнг дарамталж байгаад өөрөөр нь худал хэрэг хүлээлгэчихээд үүнийгээ нотлох баримт гэж шүүхээр шийдүүлэх аваас гучаад оны Зөвлөлтийн болон Монголын шүүх болж хувирна. Төгөлдөршиж амжаагүй хуулиар Симпсоныг шоронд хатааснаар цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх хаалга нээгдэнэ. Иймээс энэ бол булчин шөрмөс нь хөгжсөн олны танил нэгэн хар арьст алиа салбадайн асуудал биш юм. Энэ бол нийтэд хамаарсан хүний эрхийн түгээмэл асуудал, шударга үнэний тухай үндсэн зарчим. Симпсон ял завших нь дээр үү, олон нийт шударга бус шүүхийн өмнө олноороо оочирлох нь дээр үү гэсэн зарчмын сонголт.

Симпсон шийтгүүлээгүй гэж санана уу? Үгүй, тэр хоёр хүний амийг 25 сая доллараар төлчихөж байгаа юм биш. Тавин нас ч хүрээгүй тэрээр хүний амь зэрлэгээр хөнөөсөн хэмээн бүх орчин нь дэндүү сайн мэдэж байгаа хорвоод ажиллаж амьдарна гэдэг түүндээ бол шоронд сууснаас том шийтгэл. Хааяа зурагтаар сурвалжлагчийн асуултад хариулах түүний царайг хараарай. Америк бол бузар аргаар мөнгө олж болдог нийгэм биш. Манайд л цагдаа хутгалчихаад сонинд ярилцлага өгч мөнгө олдог байх. Симпсон өөрийн алдар цуугаар далимдуулан дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг хөтлөх гэсэн боловч Атлантагийн захирагчид зөвшөөрөөгүй. Түүний хөршүүд нь хүртэл бузар хэрэгтэнтэй хөрш байхаас татгалзаж тухайн газраас зайлахыг янз бүрийн хэлбэрээр шаардаж шахаж байлаа. Байраа зарах гэтэл хүн алсныхаа төлбөрийг төлөх гэж байна гээд худалдаж авах эзэн олдохгүй шарлааж байв. Өөрийг нь хүүхэд, хөгшдөөс авахуулаад нийтээр жигшиж байгаа тийм орчинд амьдарна гэдэг там л даа.

Хууль, хууль тогтоох, хуульчлах, шүүх, яллах, өмгөөлөх, өршөөх гэх мэт ухагдахууны өнөөгийн орчин үеийн ойлголт өмнөх бүх үеийнхээс тэс өмнөө юм. Энэ бол бүхэл бүтэн түүх, урлаг, бясалгал, шинжлэх ухаан, авьяас билиг, мэдлэг боловсролын цогц. Улс төрийн ерөнхий удирдагч, өөрөөр хэлбэл хаан, жанжин, ноён энэ бүх ажлыг түүхийн урт хугацаанд гүйцэтгэдэг байсан ба сүүлдээ боловсронгуйжин ялангуяа шашин, шашны удирдлага, эсвэл тэндээс томилогдсон итгэгдсэн хүн, эсвэл ямар нэг хэмжүүрээр “ухаантай” буюу “шударга” гэж үнэлэгдсэн хүмүүс энэ бүхнийг эрхэлдэг байлаа. Энэ байдал лалын орнууд болон Хятадад энэ зуун хүртэл үргэлжилсэн юм. Монголд ч мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл, зууны дунд үе хүртэл бидэнд шүүхийн тогтоц байтугай тэр талаарх төсөөлөл ч маруухан байсан. Харин өрнийн иргэншил тав, зургаан зуун жилийн өөрийн хөгжлийн явцдаа эртний Герег, Ромын хуулийн зарчмыг авч хөгжүүлж боловсронгуйжуулан явсаар бүхэл бүтэн бие даасан шүүхийн тогтоц, институци, засаглал бий болгож түүнийгээ энэ зуун гэхэд нийт хүн төрөлхтний хүртээл, практик болгож чадсан байна.

Монголд иргэншсэн хуулийн гажуудсан хэлбэр системийн хувьд энэ зууны дундуур коммунист үзэлтэй хамт орж ирсэн ба энэ нь нэг талаас шүүх хуулийн систем цоо шинээр бүрдүүлэх эхний том алхам болсон боловч нөгөө талаас дундад зууны инквизаторын үүрэгтэйгээр цаазын хутга гэдэг ганцхан утга чанараа үзүүлсэн болохоор ард түмний сэтгэлд үнэнийг тогтоогч гэхээсээ цээрлүүлэн гэсгээгч гэсэн төсөөллөөр сэтгэлд нь буусан юм. Энэ байдал үнэн хэрэгтээ ерээд он хүртэл онол практикийн хувьд үргэлжилсэн. Зөөлөн хатуугийн хувьд янз бүр л байсан байх, гэхдээ л гэсгээн цээрлүүлэх төрийн том машин гэдэг утгаа хадгалж л байлаа. Гуч, дөчөөд оны үеийн их аллагыг бүгд сонссон учраас энд орхиё. Тэр үед энэ ард түмний насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 шахам хувь нь зөвхөн шүүхийн тогтоолоор ертөнцийн мөнх бусыг үзсэн юм шүү дээ. Цаана нь эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд байсан гээд бод доо. Ингэхээр шүүх засаглалын үнэн мөнд энэ ард түмэн итгэл үзүүлдэг болтол хичнээн жил хэрэгтэй вэ!

Миний бие ХХ зууны хоёрдугаар хагаст төрсөн шинэ үеийн хүн. Гэтэл миний нүдэн дээр болж өнгөрсөн аймшигт хэлмэгдүүллийн ганцхан жишээг хэлье. Би 120 мянгатад өссөн, хар багын хотын иргэн. Манай хөрш Р.Сайжаа гэгч таван хүүхэдтэй ердийн нэгэн сэхээтэн айл байсан. Дэлгүүрт нябо хийдэг эхнэр нь нэг удаа 25 мянган төгрөг алджээ. Түүнийг хулгай хийсэн хэмээн тулган тасалж олон жилийн ялаар шийтгэсэн төдийгүй, нөхрийг нь хувааж идсэн хэргээр олон сараар шоронд хорьж шар махтай нь хатаасан. Тэд гурван жил шахуу шоронд суусан. Харин тэр хойгуур нь жинхэнэ хулгайч нар өршөөгдлөө. Хөөрхий Янжмаа гуай халуун зунаар шоронгоос суллагдсан мөртөө өвлийн чихтэй малгай эрүүвчлэн орцны үүдэнд эрүүл салхи үнэрлэн сар гаруй суусан нь хүүхэд миний нүднээс одоо болтол гардаггүй юм. Тэрээр хоёр сар ч тэсэлгүй нас барсан. Харин мань хоёрыг шоронд байх хойгуур нь таван хүүхэд нь үндсэндээ сүйрсэн. Миний үе чацуутан том хүү нь чухам тэрнээс болж амьдралаа зохицуулж чадалгүй шоронгийн хадаас болсон, дараагийн дүү нараас нь миний мэдэхээр хэн ч жаргал үзээгүй. Магадгүй тэндээс нийгмийг тэр чигээр нь өширхөгчид буй болгодог юм шүү. Чухам энэ маань л нийгэмд шударга явдал тогтооход хамгийн том саад болдог тухай би “Шударга ёсны төлөөх алалдаан” хэмээх саяхны өгүүлэлдээ тодорхой хэлсэн. Чухам ийм төрийн шийдвэр гаргахад голлон нөлөөлж, хувийн өчүүхэн алдар нэр, одон медалийн төлөө зүтгэсэн прокурор “Н” гэгч өнөөдөр энэхүү нээлттэй нийгэмд хамгийн их орлого бүхий өмгөөлөгчийн ажил хийгээд тарган цатгалан явааг, хамаг бага өсвөр насаа алуулж, бие сэтгэл байтугай сэтгэцийн хувьд ч хохирон хэлмэгдсэн, ямар ч буруугүй Сайжаагийн хүүхдүүдийн нүдээр хараад ямар нэг шударга үнэний тухай та нар эцсийн үг хэлж чадах уу. Шүүх засаглал энэ ард түмний нүдэнд эхнээсээ олигтой харагдаагүй. Тийм л учраас нэрт найрагч Чойном “МАХН-ын машин” гэдэг нэршил гаргаж ирсэн байх.

Нэгэнт хэлбэршин тогтоогүй хууль нь урлагийн хувьд шинжлэх ухааны хувьд, практикийн хувьд, мэдлэг оюуны хувьд хөгжин дээшилж улам сайжрах шалгарлын замаар яваагүй тохиолдолд нийгэм гэнэт нээлттэй системд ороход хууль нь харин ч хэсэг бүлэг хүний биенээсээ өс хонзон авах, хувийн алдар нэр олох хэрэгсэл болдог юм байна гэдгийг практикт харуулж байна. ЗХУ хагас нээлттэй системтэй болж, хуучны зуршлыг халж эхэлж байх тэр үе буюу наяад оны эцэс ерээд оны эхээр Зөвлөлтийн прокурор Гдлян, Иванов нарын хэрэг үүний тод жишээ. Зөвлөлтийн нийгэм ялзарсан, ялангуяа түүний удирдлага тамтгаа алдаж, идээчин уугаачин, хээл хахуульчдын үүр овоохой болсон гэсэн нийтийн ойлголт бүхнийг хамарч байлаа, тэр үед. Чухамхүү нийгмийн ийм ойлголт Гдлян, Иванов нарын нэр сүрээ бадруулан мандах хөрс болж өгсөн юм. Тэд Узбекстанд томчуудтай холбогдолтой хээл хахуулийн хэрэг илрүүлсэн ба үүнийхээ хүрээг зориуд өргөсгөн олон хүнийг гүжирдэн гүтгэж, бүхнийг хамарсан хээл хахуулийн тухай домог үүсгэв. Хөөрхий гүжирдүүлж гүтгүүлэгч нэг бус хүн амьдралаа үрж, амиа хорлох явдал олон гарсан. Харин мөнөөх хоёр прокурор улам хөөрцөглөж, энэ хэргийг бүрэн нээлттэй болгон илрүүлэхэд цаана нь бүр том том акулууд байгаа нь садаа болж байна хэмээн зарлаж, нийгэмд шударга явдал тогтоох бүхий л сайн сайхны хэмжүүр өөрсдөө болоодохов. ЗХУ-д болсон анхны нээлттэй өрсөлдөөнтэй Дээд Зөвлөлийн сонгуульд мань хоёр зовлонгүй ялалт байгуулан, депутат болоодохлоо. Нийтийг хамарсан хээл хахууль, түүний жинхэнэ эзэн болсон далд эздийн тухай домог, хууч яриагаа мөнөөх хоёр улам чангатган үнэндээ нийтийг хамарсан парной үүсгэв. Тэд дахин депутат ч болсон. Харин мөнөөх яриад байгаа далд эздийн нийгэм нь системийн хувьд задран унасан боловч Гдлян, Иванов хоёр нэмж хэлэх юу ч үгүй, хий хоосон хардлагаа л өргөжүүлэх гэж дэмий нэг оролдож байлаа. Тэр хоёрын нэр төр олох их аянд ямар олон гэр бүлийн хувь заяа эмгэнэлтэйгээр эргэсэн гэж бодно.

Үүнтэй адилхан процесс ерэн онд манайд ч бас болоод л өнгөрсөн. Хуульчдын хоорондын маргаан, шийдэгдээгүй асуудал, ажлын алдаа дутагдал төдий зүйл нь ерэн оны хувьсгалын өнгөн дээр “Отгонбаярын хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг болон мандсан. Буян хишгээ ч хайрлаж, хэд хэдэн хүнийг депутат болгож, кино, жүжиг, уран зохиол, шүлэг дуу руу халдварлан олон хүнийг хоолтой болгож өгсөн. Далимд нь гэмгүй нэг хуульч эмэгтэйн амьдрал хувь заяа тэр чигээрээ золигт гарсан. Мөн далимд нь эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүд суллагдсан төдийгүй хэнийг огцруулах, хэнийг дэвшүүлэх талаар өөрсдийн хүслийг шаардлага болгон элдэв байдлаар шахалт үзүүлэн, байчихаад шударга үнэний жинхэнэ хэмжүүр болон тодорцгоов. Чухам энэ суурин дээр нийгэм дэх хамгийн лут мундаг хуульч гэдэг албан бус титэм толгойдоо аваад зүүчихсэн, түүндээ өнөө хүртэл өөрөө үнэмшчихээд шуугиантай хэрэг болгон руу далдганан орж нийгэмд өөрийгөө дахин дахин сануулж байдаг “өвчтэй” хүн ч гарч ирсэн шүү дээ.

Өнөөдөр бүх дэлхий даяар, түүний дотор Америкт ч, Монголд ч үндсэндээ адил зарчимтай хууль үйлчилж байгаа. Хүн чанартай, ухаантай, боловсролтой хуульч ч тэнэг, адгуу, алдар нэрд үхэн хатан дурладаг авьяас билиггүй хуульч ч аль алинд нь байгаа. Харин хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх практик маань дээрх Симпсоны хэргээс харахад даанч ялгаатай юм даа. Иргэншсэн, соёлжсон ертөнцөд шүүх бол хэний ч нөлөөнд ордоггүй бие даасан засаглал. Уул зарчим нь ийм юм. Шударга үнэн хэмээх гүн ухаан, теологийн тодорхой бус зарчим хүн төрөлхтний оюуны хөгжлийн явцад чухам хуулийн засаглал гэсэн утгаар л амьдрал практик дахь зөв шалгуур нь болон тогтсон. Харамсалтай нь шүүх засаглалын бие даасан байдал гэдгийг машинтай, гарааштай, өөрөө дуртай цагтаа сандал ширээгээ худалдаад авчихдаг, мөнгө төгрөгөөр боогддоггүй бие даасан аж ахуйн нэгж утгаар ойлгодог хуульчид манайд нэг бус байдаг юм билээ. Шүүхийн танхим дотор шийдвэр гаргахдаа хэнээс ч үл хамаарсан байхыг л шүүхийн бие даасан засаглал гээд байгаа юм, уг нь. Хэнээс ч үл хамаарна гэдгийн “хэнээс ч” гэдэгт зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд нар төдийгүй олон нийтийн үзэл бодол, нотлох баримтад тооцогдохгүй гэж хуульчлагдсан нотлох баримтууд ч бас орно.

Хуулиа мэдэхгүй, хуулийн логикоо ойлгохгүй, мэдлэг боловсролгүй, нийгмийн үр дүнг нь тооцоолохгүй, үл ойшоосон, харалган, заримдаа адал балмад зарим нэг хууль хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа нь нийгэмд халдварлаж, бариад авах барьцгүй, яг энэ гээд заачих хил хязгаар зааг хэмжүүргүй “шударга үнэн” гэгчийг тогтоох сайн дурын их аянд олон түмнийг хийрхүүлэн хөдөлгөж байна. Үүнийг манай мэдээллийн хэрэгслүүд, элдэв цуглаан жагсаал, сайн дурын уран сайханч шударга гарууд, тэр байтугай УИХ-ын ёс зүйн дэд хороо гэгчийн үйл ажиллагаанаас хүртэл харж болно. Нийгэм нийтээрээ хөөрлийн, хийрхлийн байдалд орчихвол тийм нийгмээс шударга үнэн гэгч гарах уу. Нийтээрээ хөөрөлд орчихсон байсан хувьсгалын үеийн Франц, Ленин, Сталины үеийн Орос; соёлын хувьсгалын үеийн Хятад, наяад оны Камбожид чухамхүү л шударга үнэнийг тогтоох их аян болж байсан юм шүү дээ.

“Зоригийн амь насанд халдсан хэрэг”, “Казиногийн хэрэг”, “хээл хахуулийн хэрэг”, “Алт дилерийн хэрэг”, “банкны хэрэг” зэрэг өнөөдөр нийгмийг хийрхэл рүү түлхэх олон олон шалтгаан бидэнд хангалттай байна. Дээр нь хэн ч бишийг хэн нэгэн болгож чадах увдистай төрийн сонгууль улам ойртсоор байна. Эцэст нь энэ нь хэний гар хөлөөр, хэний төлөө, юуны тулд үйлчилж, хэний хэнийг ардын баатар болгож, хэнийг сонин болгоны тэргүүнд залж, хэнд ашигтай тусч, хэн хожоод байна вэ? Үүнийг эрхэм хууль хэрэгжүүлэгчид анхааралдаа авна биз. Шударга үнэн гэж юм байдаг юм. Гэхдээ тэр нь цагийн их орчилд аяндаа алсаас харагддаг болохоос хармай хотноосоо юм уу, аль нэг хонгилын булангаас чимхэж гаргаад алган дээрээ тавин нийтэд үзүүлдэг бодит юм биш ээ.

Categories
мэдээ нийгэм

”Амьд барби” буюу В.Лукьянова Улаанбаатарт ирлээ

“Амьд барби” нэрээр танигдсан Украины мисс, Валерия Лукьянова өнөөдөр Улаанбаатарт ирлээ. Валерия Лукьянова Монголд зохион байгуулагдаж буй “Face of beauty international 2016” тэмцээний шүүгчээр уригдсан юм. Дэлхийн 60 орны мисс бүсгүйчүүд есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 9-нд Монголд болох олон улсын нэр хүндтэй шалгаруулалтад оролцож, өрсөлдөнө. Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон ажээ.

”Амьд барби” буюу В.Лукьянова зурган илэрцүүд

”Амьд барби” буюу В.Лукьянова зурган илэрцүүд

”Амьд барби” буюу В.Лукьянова зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ОУ-ын багш нарын баярын өдөр

багш нарын баяр зурган илэрцүүдӨнөөдөр дэлхийн багш нарын өдөр бөгөөд энэ тэмдэглэлт өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг.

Манай улсын хувьд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтжээ.

Энэ жилийн “Багш нарын өдөр”-ийн нээлт 10:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт албан ёсоор эхлэх аж. Энэ үеэр оны тэргүүний 5 багш, цэцэрлэг, сургуульд шагнал гардуулна юм. Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзжээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Оюунтуяа: Ятга хөгжмөөр орчин цагийн хөгжмийг яаж дуугаргаж болдгийг харуулна

Монгол Улсын Морин хуурын чуулгын ятга хөгжмийн квинтет есдүгээр сарын 29-нд анх удаа “Хязгааргүй” бүрэн хэмжээний тоглолтоо тавих гэж байгаа юм. Энэ тухай хамтлагийн ахлагч Э.Оюунтуяатай ярилцлаа.

-Ятга хөгжмийн бүрэн хэмжээний тоглолт гэхээр содон буугаад байгаа юм. Тоглолт тань маргааш болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хангагдчихсан байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Ятга хөгжмийн тоглолт ингэж олон нийтэд тоглогдсон удаа бараг байхгүй. Морин хуурын чуулга маань зохион байгуулж бид анхны концертоо хийх гэж байна. Бид шинээр монгол үндэсний хөгжим болох ятга орчин цагтайгаа хөл нийлүүлж чадаж байгаа эсэхийг харуулахаар зорьж байна. Нэг ёсондоо ятгын хөгжил хоцрогдоогүй гэдгийг бид харуулна. Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө жигдэрчихсэн. Манай тоглолт энэ сарын 29-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ганцхан удаа тоглоно. Энэ удаагийн тоглолтод Морин хуур чуулгын удирдаач хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы бидэнд зориулсан шинэ хөгжмүүд эгшилнэ. Тоглолт маань бүх талаараа шинэлэг байхаар төлөвлөгдсөн байгаа.

-Танай тоглолтын тасалбарын үнэ хэд байх юм бол?

-Тасалбар суудлаасаа хамаараад 30000, 50000 төгрөгийн үнэтэй байгаа. Үзэгчид маань суудлаа сонгож тасалбараа авах байх.

-Ятга хөгжмийн квинтет гээд байгаа. Энэ нь чухам ямар утгатай юм бол?

-Морин хуурын чуулгын доторх ятгын квинтет гэж явж байгаа л даа. Энэ нь Италийн хөгжмийн хэллэгээр тавал гэж явдаг юм. Тэгэхээр монголоор “Ятгын тавал” гэж ойлгож болно.

-Хамтлагийнхаа гишүүдийг манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Э.Оюунтуяа гэдэг. Би хамтлагийн ахлагч. Хамтлагийн хөгжимчин О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, П.Дэлгэрцэцэг, А.Жамбалсүрэн гээд авьяаслаг бүсгүйчүүд байгаа.

-Бүгд мэргэжлийн хөгжимчид үү?

-Тийм. Бүгд хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг төгссөн мэргэжлийн хөгжимчид байгаа. Хамтлагийнхан маань доод тал нь 10 гаруй жил ятга хөгжмөөрөө уран бүтээл туурвисан хүмүүс.

-Хэзээнээс тавуулаа уран бүтээл хийх болсон бэ?

-Тавуулаа уран бүтээлээ туурвиад зургаан жил болж байна. Морин хуурын чуулгын шинэ номер тоглолтуудад оролцоод явдаг. Манай хамтлагийнхан ятгандаа таарсан хөгжмийн найруулгуудыг өөрсдөө хийдэг. Энэ тоглолтоос бидний зургаан жилийн хөдөлмөрийг харах бүрэн боломжтой.

-Тоглолтын нэр их содон санагдаж байгаа. Яагаад “Хязгааргүй” гэж нэрлэх болов?

-Хүн бүрийн хүсэл, тэмүүлэл, түүндээ хүрэхэд хязгаар үгүй гэх санааг хүргэхийг зорьж “Хязгааргүй” гэдэг нэр өгсөн.

-Ямар уран бүтээлээр сонсогчдынхоо сонорыг мялаах гэж байна?

-Ятга хөгжмөөр орчин цагийн хөгжмийг яаж дуугаргаж болох. Ятга хөгжим хөгжлийн ямар түвшинд байгаа. Бусад улсын хөгжмийн хөгжилтэй зэрэгцэж байгаа эсэхийг харуулах зорилготой. Тоглолтод хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Мандухай сэцэн хатан” киноны дууг ятгын тавалд оруулан тоглосон байгаа. Сүүлийн үед дэлхий даяар сонирхож байгаа минималист чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Италийн хөгжмийн зохиолч Людмила Наудигийн аясыг ятга хөгжмөөр яаж гоё дуугаргах талаас нь өөрсдөө найруулж тоглож байгаа.

-Тэр нь гэнэтийн бэлэг болох нь ээ дээ?

-Тоглолт маань нэлээд шинэлэг уур амьсгалтай тавигдана. Гэнэтийн бэлэг болгож дуучин Б.Сарантуяатай хамтарч ажиллаж байгаа. Бидний аянд модерн баллет бүжиглэнэ. Мөн Морин хуур чуулгын “Стрингс” хамтлаг маань бидэнд зориулж тоглоно гээд үзэгчид маань уйдахааргүй гэгээлэг сайхан тоглолт болно.

-Зургаан жилийн хугацаанд ятгын тавал хэдэн уран бүтээлтэй болсон байна вэ?

-Манайх анх ятгын дөрвөл гэж байсан юм. Тухайн үед Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан анх зохиогдож байхад гранпри шагналыг нь авч байлаа. Тус уралдаан дээр “Гоолингоо”, “Аргагүй амраг” гэдэг ардын дууны хөгжмийг тоглосон юм. Мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай ятгын дөрвөлд зориулаад цохиур хөгжим, хуур хөгжимтэй хамтарсан “Дэврүүн зурвас” гэж шинэ зохиол гаргаж байсан.

Энэ хөгжмийг тоглоод Үндэсний хөгжимчдийн улсын уралдаанаас анхны гранприг авч байлаа. Жил болгон болдог “Play off”, “Вeatiful Mongolia”, “Novel Melody” тоглолтуудад шинэ уран бүтээлүүдээрээ оролцдог. Сүүлд “Marry Christmas” киноны төгөлдөр хуурыг өөрсдөө найруулж ятганд оруулж тоглосон. Мөн Аргангенты Тангоны хаан болсон хөгжмийн зохиолчийн “Либертанго” аяыг ятгаар тоглож үзэгчдийнхээ сонорыг мялаах гээд хүлээж байна даа.

-Гадаад аязыг ятгаар тоглох хэцүү юу?

-Үндэсний хөгжмөөр гадаад хөгжим тоглоно гэдэг хэцүү л дээ. Характерыг нь гаргах ч хэцүү. Ятга хөгжимдөө тохирох үзүүлбэрээ л бид сонгож найруулсан л даа. Бидний тоглолтыг үзэх хүмүүст таалагдах байх гэж найдаж байгаа.

-Ятга тоглох гоёмсог харагддаг ч удаан хичээллэх бас хэцүүхэн байх даа?

-Эхлээд ятга тоглож сурахад үнэхээр хэцүү байсан. Өндөг цэврүүтээд өвчин орчихно, халширдаг л байсан. Одоо ажил дээр гарчихсан учраас байнгын бэлтгэл сургуулилттай. Гар чанга болчихсон байдаг. Амарчихаад ирэхэд гар нялцайгаад хэвэнд нь оруулах гэж нэлээдгүй хуруу, гарны дасгал хийнэ шүү дээ.

-Үндэсний хөгжмөө тоглох сайхан байдаг уу?

-Гадны оронд үндэснийхээ урлагийг сурталчлаад явахад үнэхээр бахархдаг. Үзсэн хүн болгон л шагшин магтдаг нь урамтай сайхан. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн бидэнд зориулсан аяыг сонсоход дурлахгүй байхын аргагүй. Тиймээс л ятга хөгжмөөрөө олон жил ажиллаад явж байна даа.

-Тоглолтын дараа юу хийхээр төлөвлөж байна. Төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа байх?

-Цаашдаа бид киноны аяыг ятга хөгжмөөрөө тоглохоор ажиллаж байна. Мөн Азийн хөгжимчидтэй харилцан туршлага солилцож урлагийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа.

С.Ариун

Categories
мэдээ цаг-үе

​Баривчилгаа, шалгалтууд хэт намчирхаж, бүлэглэлийн ашиг сонирхлыг агуулаад эхлэв үү

“Баривчиллаа”, “Баривчилна”, “Эрүүгийн хэрэг үүсгэлээ”, “Шалгаж байна” гэсэн үгс олон нийтийн мэдээллийн хэрэгслээс салахаа байв. Юу болоод байгааг сөхөөрөх зав өгөхгүй хөврөх дээрх үгс юу өгүүлнэ вэ. Эцэстээ энэ нь зүгээр л заналхийлсэн, айлган сүрдүүлсэн байдалтай болж ирлээ. Эрх баригчдын “шоу” юу гэж харагдахаар. Ингэж бодож буй хүмүүс ч бий. Энэ баривчилгаа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараачаас эхэлсэн. Одоо цааш хэр удаан үргэлжлэхийг мэдэх аргагүй. Онилогдож буй хүмүүс нь өнгөрсөн дөрвөн жил төрийн эрхийг барьж байсан намынхан. Тэр дундаа улс төрийн хүрээнд бол тэрний, энэний хүн гэж яригддаг хүмүүсийг хуулийнхан баривчилж буй нь анхаарал татаж байгаа юм. Тийм учраас улстөржсөн “их баривчилгаа” эхэллээ гэж хэлэх, хардах хүн олон байна. Энд нэгэн судалгаа өгүүлье. “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгаа”-ны тайлан саяхан гарсан байна. Энэ судалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшнээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улсын улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшнээс нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна. Өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг онцолсон байна. Үүнийг иш татахын учир сүүлийн үед өрнөж буй баривчилгааны өнгийг дээрх судалгаа хэлээд өгч буй мэт.

Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаас авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилж, зарим нэгийг нь шалгаж эхлээд байгаа. Шалгахаар төлөвлөж буй албан тушаалтнууд ээлжээ хүлээгээд байгаа гэх мэдээлэл ч бий. Тэгвэл УИХ-ын сонгуулиас хойш хэн хэнийг баривчлав гэдгийг дор сийрүүлье.

ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ДАРГА НАРААС ЭХЭЛСЭН БАРИВЧИЛГАА

Эрх баригчдын эхний хүн бол нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх байв. Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан гэж хуулийнхан тайлбарласан. Уг нь Н.Батсүх нь энэ хэрэгт хамаагүй байсан ч түүний удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нар иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан нь тогтоогдсон. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон хэмээдэг. Авлига өгсөн Ли овогт хятад иргэн нь Монголд барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй барилгын компанийн захирал аж. Н.Батсүх нарыг хээл хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн 268-д заасан зүйл заалтаар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Учир мэдэх хүмүүс Н.Батсүхийг хэлмэгдүүллээ, түүний удирдлага доорх ажилчид нэрийг нь барьж хууль бус үйлдлийг Н.Батсүхэд нялзаалаа хэмээдэг. Дараачийнх нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг Авлигатай тэмцэх газар энэ сарын 14-нд баривчлан саатуулсан. Б.Амаржаргалыг бас л бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, сэжигтнээр татсан. Түүнчлэн Баянгол, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албадын дарга нарыг ч саатуулаад буй. Дараагийн удаад нь Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албаныхан онилогдож буй гэх яриа хуулийнхны дунд байна.

ГУДАМЖ ТӨСӨЛ”, “ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ” БОЛОН 888 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг бусдаас их хэмжээний хээл, хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас баривчилж, хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатарыг тус дүүргийн 20 дугаар хороо, Бэлх зуслангийн Хадатын аманд байрлалтай “Хадат Вилла” хотхоныг барьж буй компанид 40 айлын газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэн өгч, оронд нь олон тэрбум төгрөг авсан гэж буруутгасан бол Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадоржийг иргэдэд олгогдох ёстой 0.07 га газрыг нь дээрэмдэн авч, газрын захирамжийг хуурамчаар үйлдэж бусдаас их хэмжээний мөнгө авсан гэж буруутгаж байгаа юм. Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга нараас эхэлсэн энэ баривчилгаанд цааш нийслэлийн “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөр зэргийг хариуцан ажиллаж байсан албан тушаалтнууд онилогдох бололтой. Одоогоор энэ төслүүдийн санхүүжилтэд шалгалт оруулсан гэх мэдээлэл байгаа юм.

ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Т.ДОРЖДЭРЭМИЙГ СААТУУЛСАН НЬ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ?

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, энэ сарын 09-ний өдөр баривчилсан. Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан тухай эх сурвалж мэдээлсэн. Түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгасан гэж байгаа. Харин үүнийг банкны салбарынхан эрс няцааж байгаа бөгөөд найдваргүй зээл бусдад олгохыг гүйцэтгэх захирлын орлогч мэдээд өгчихдөггүй. Ямар нэгэн улс төрийн шалтгаантай байх гэж таамаглаж байгаа аж.

САЙД АСАН Н.БАТБАЯР БОЛОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ Н.МӨНХБАТ НАРЫН ХЭРГИЙГ НЭГТГЭСЭН ГЭНЭ

УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү шалгаж буй юм. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр ийнхүү АТГ-т байцаагдаж эхэлсэн байна. Түүнтэй хамт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг мөн шалгаж эхэлжээ. Тэдний хэргийг нэгтгэн шалгаж байгаа юм байна. Учир нь тэднийг эрүүгийн хуулийн өөр өөр зүйл ангиар шалгаж байгаа ч хэргийн эх үүсвэр нь нэг гэж үзэж буй бололтой. Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нийлж Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж дээрх бондын хөрөнгөнөөс онц их хэмжээгээр завшсан гэж үзэж байгаа аж. Сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс шалгаж эхэлсэн бөгөөд 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж эхэлсэн байна. Мөн Мэргэжлийн хэмээгдэж буй энэ Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийж эхэлсэн юм. Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” хэмээн үзэж байгаа гэнэ. Тэдэнтэй хамт нэр бүхий хэд хэдэн хүн шалгагдаж байгаа юм байна.

ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД АСАН Д.ДОРЖПҮРЭВИЙГ ЯМАР ШАЛТГААНААР БАРИВЧЛАВ

Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчилж хорьсон тухай мэдээллийг эх сурвалжууд өгсөн. Түүнийг “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллараас нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэвч түүнийг тухайн үед хийж байсан ажилтай нь холбогдуулан шалгаж байгаа боловч үнэн хэрэгтээ улс төр орсон гэж хэлэх хүн олон байна. Тэрбээр УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан. Тодруулбал, МАН-ын “томчуудтай” нэг тойрогт нэр дэвшиж байхдаа түүнийг эрх мэдэлтнүүдийн занаанд орсон гэж хэлэх хүн олон байна. Хамгийн сүүлийн үеийн дуулиан бол “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг. Тэднийг онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Co.Ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д гурван еврогийн үнэтэй дарсыг таван евро нэмэн найман евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон гэж буруутгаж байгаа.

Энэ мэтээр намчирхсан баривчилгаа, шалгалтуудын эргэн тойронд ийм мэдээллүүд байна. Дээрх мэдээллүүдээс хараад хуулийнхан удахгүй хэнийг, ямар албан тушаал хашиж байсан хүмүүсийг онилоод эхэлснийг харж болохоор аж. Хуулийнхан шалгаж болно гэхдээ хэн нэгний эрхийг зөрчиж, улстөржиж, бусдыг хэлмэгдүүлээгүй байгаасай гэж найднам.

Categories
мэдээ цаг-үе

​Т.Ичинноров: Хан тэнгэрийн 4200 метр мөсөн оргил дээр хоол ундгүй долоо хоноход ус, эрвээхэй хоёр л миний амийг аварсан

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровтой ярилцлаа.

-Таныг нэлээд хожуу, дөч гарсан хойноо уулын спортын хүн болсон гэж сонссон. Уулын спортод яагаад гэнэт дурлачихав?

-Уулын спортод орсон түүх гэвэл их дээрээс эхлэлтэй. 16-хан настайдаа аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт алдарт эсгүүрчин Цэмбэл гэж хүний шавь болж байлаа, 1951 онд. Гутлын үйлдвэрт орохоосоо өмнө бүжигчин байсан юм. Тэр үед чинь үйлдвэрийнхнийг юм юманд “хөөнө”. Нэг өдөр эвлэлийн үүрийн дарга “Багшийн дээд сургуулийн зааланд очиж уран сайхны гимнастикаар шалгуул” гэж байна. Үйлдвэр бүрээс дөрөв, таван хүн очихоор нэг орой гэхэд л гуч, дөчин хүнийг хувцсыг нь тайлуулаад шалгуулж байгаа юм. Очсон анхны өдөр бүгд тэнцсэнгүй. Айгаад орсонгүй буцчихлаа. Ажлаа хийгээд хоёр хонож байтал эвлэлийн үүрийн дарга “Биеэ тоосон амьтан бэ чи, чамаас гоё тарган цатгалан хүүхнүүд очоод тэнцэхгүй байна. Их зан гаргалгүй зүгээр л оч” гээд тачигнаж гарлаа. Аргагүйн эрхэнд очлоо доо. Мөрдорж гуайн эхнэр циркийн Цэрэндулам гэж сайхан хүн шалгуулах бүсгүйчүүдийг оруулж байна. Мөн л бүгд тэнцсэнгүй. Сүүлд нь нэг бүсгүйтэй үлдлээ. Цэрэндулам гуай наашаа, цаашаа хар гээд их сонирхож байна аа. Тэгснээ циркийн гялтганасан дотуур хувцас өмсгөөд орууллаа. Удвал дарга, Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга Самбуу, Зөвлөлтийн хоёр мэргэжилтэн гээд шалгаж байгаа улс нь жигтэйхэн сүртэй. Золтой л уйлаад гараад гүйчихсэнгүй. Хий гэсэн хөдөлгөөн бүрийг нь хийлээ. Гэтэл нөгөө хоёр орос хөтөлж гүйгээд дарга нарт намайг тэнцлээ гэж хэлдэг юм. Долоо, найман зуун хүнээс дэлхийн оюутан залуучуудын их наадамд явахаар шалгарч байгаа нь тэр. 1955 онд Чехословакт болсон их наадмаас Монголын залуус анхны хүрэл медалийг авчирсан даа.

-Ирэхэд чинь баяр хүргээд сүйд болсон уу?

-Одооных шиг сүйд болоогүй ээ, ирээд шууд ажилдаа орсон. “Сайн явж ирсэн үү” л гэж асуусан байх (инээв). Тэр үед Биеийн тамирын хороо дуудаж баярын бичиг өгснөөс өөр сүйдтэй юм болоогүй. Спортын ордны үүд хаалгыг 1955 онд ийм түүхтэйгээр татаж байлаа. Дараа нь уулын спорт залгасан даа.

-Уулын спорт руу дахиад л үйлдвэрээсээ “хөөгдөж” орсон уу?

-Бараг тийм дээ (инээв). УИХ-ын гишүүн байсан Бурмаагийн аав Раднаа гэдэг хүний санаачилгаар уулчин эмэгтэйчүүдийн баг байгуулагдсан түүхтэй. Нэг их олон үйл явдлын ой тохиосон жил гарсан санаачилга л даа. Аж үйлдвэрийн комбинатын намын хорооны дарга Дангаа гэж мундаг хүн байлаа. Хүнээ ч гаргая, хөрөнгө мөнгө ч гаргая гээд дэмжсэн байдаг. “Гутлын үйлдвэрийн Ичинноров үйлдвэрлэлийн гимнастик хийлгээд зогсч байгаа харагддаг” гээд намайг багийн ахлагчаар сонгосон байгаа юм. 18 эмэгтэйгээс хурдан Алгаа, волейбол тоглодог Оюунцэцэг, хөнгөнд гүйдэг Галя бид дөрөв шалгарлаа. За тэгээд Раднаа гуайтай уулын бэлтгэлд гарлаа даа. Уулын бэлтгэл гэж аймаар. Өдөрт тав, зургаан километр газар гүйлгэнэ. Бидний хөлийн ул бөөн ногоон цэврүү. Орой нь цэврүүгээ утас сүвлэсэн зүүгээр хагалаад бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Сүүлийн 14 хоногт нь Тэрэлжийн өндөр хаднаас зүүгээд орхичихсон. Хэзээ хад өөд авирч гарна, тэр цагт л буулгана. Сүүлдээ хэдэн хурууны өндөг ногоон цэвтрүү татаад. Уулын бэлтгэл гэж ийм хатуу.

-Таныг уулчин бүсгүйчүүдтэйгээ хамт дүн өвлөөр Их Богд руу авирахаар Улаанбаатараас явган гарч байсан гэж дуулсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Манай үйлдвэрийн мастер Цэцэгмаа, хурдан Алгаа, Заяа, бид дөрөв л дөө. 1982 онд санагдана. Уулын “өвчин” туссан улс зүгээр сууж чадахгүй хоорондоо ярьж байгаад Их Богдод авирахаар Улаанбаатараас гарахгүй юу. Нэгдүгээр сард гурван ес эхэлж байсан үе. Нэг нэг цанатай. Өмссөн гутал нь хариугүй, цанын ботинк. Цанаа чахар чахар дуугаргасаар Лүн хүрлээ. Лүнгээсээ цааш зам дагаад явж байтал харанхуй нөмрөв. Хөлдөх нь ээ. Ганцхан нимгэн майхантай. Нөгөөхдөө дөрвүүлээ орж суугаагаараа хонох юм боллоо. Майхнаа зам бараадуулж барьсан юм. Тэр шөнө өвс ачсан машин манай майхны дэргэд зогсч, жолооч нь “Аминаасаа уйдсан улс вэ” гэж гайхсаар явлаа. За тэгээд цааш явган нүцгэн явсаар Баянхонгорт дөхлөө. Арай гэж машин олж суугаад аймгийн Спорт хороон дээр яваад очив. Даргад нь зад загнуулав аа. Ингээд ар тал нь задгай аавын цээж олж өгч байгаа юм. Өнөө аавын цээжийн жолооч биднийг Богд суманд хүргэж өгөх даалгавартай. Би багийн ахлагч гэж даргархаад кабинд нь суулаа. Өнөө гурав маань машины дээр брезентээр биеэ ороосон болоод суудаг юм. Дүн өвлөөр шүү дээ. Тэгж явсаар Богд суманд очлоо. Цэцэгмаагийнхаа хамаатан Даваа гэж айлд халуун хоол унд идээд жаргалтай гэгч нь нэг хонолоо доо. Тэмээний махтай нэг их гоё амттай бууз хийгээд өгтөл Алгаа маань хордлого тусчихдаг байгаа. За тэгээд сумын Засаг даргын унаагаар ууландаа хүрлээ. Тэгээд зогсоогүй ээ, замаасаа малчин айлын хоёр залууг ууланд авируулна гээд дагуулчихсан. Өнөө хоёр нь бахиал, дээлтэй. Их Богд чинь бэл рүүгээ хад ихтэй. Авирлаа даа, явж байтал тээр дээр утаа гарч байна. Дөхөөд очтол нэг айл байна шүү. Гомбо, Жавзмаа гэж хоёр хөгшнийд тэгж л анх очиж байлаа. Уулчид их очдог байсан даа.

-Хэр өндөрт амьдардаг байсан юм бол?

-Бараг 1500 метрийн өндөрт байх шүү. Хоёулаа хот үзээгүй. Жавзмаа гуай гав шав хийсэн хөгшин. Гомбо гуай уулчдад жим гаргаж өгнө. Ямаанууд нь уулан дээр янгир шиг л харайлгана. 1957 оны айхтар газар хөдлөлтөөр тэнд амьд үлдчихсэн гэдэг юм. Тэгээд л тэр газраасаа нүүх дургүй, сумынхан нь хүнсийг нь дөхүүлж өгдөг байсан санагддаг. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёр хөгшин. Сүүлд сураг сонсох нь ээ, Гомбо гуай өөд болж, Жавзмаа гуайг сум руу татсан гэсэн.

-Гомбо гуайнд амарч аваад цааш авирсан уу?

-Тэгсэн. Хордлого авсан Алгаагаа Цэцэгмаагийн ах Даваатай наана, хөндийд, жижигхэн хөлдүү горхины захад модонд ойрхон үлдээгээд цааш явсан. Гал түлэхээр урдаас халаад, араас хөлдөөчих гээд бэрх л дээ. Өнөө хоёр модоо түлээд үлдлээ. Алхсаар байтал шөнө болдог юм. Их Богддоо ч дөхөөд ирэв. Нэг их олон үхэр хадан дотор ороод суугаагаараа унтлаа даа. Өнөө хэддээ хөлөө хөдөлгөөд байгаарай л гэнэ. Нөгөөдүүл дуг хийгээд байх юм. Би унтаж чаддаггүй. Үүр цайдаггүй ээ. Од дээрээс уначих гээд. Дөнгөж үүр хаяарангуут цааш явлаа. Цэцэгмаа, Заяа хоёр нэлээд дөхөж очсоны дараа явж чаддаггүй. Хамаг цас нь шуураад урдаа хунгарлачихсан, ар талдаа хадны завсруудаар гялайсан ногоон мөснүүдтэй. Яг тэр мөстэй хэсгээр нь өнөө хоёр залуутайгаа мөлхсөөр байж орой дээр нь гараад далбаагаа мандуулж билээ. Хөндийд үлдээсэн Даваа, Алгаа дээр ирэхэд нүүр нь тас хар, нүд нь гялалзсан хоёр хүн сууж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Хятадын Хан тэнгэрийн 4200 метрийн мөсөн оргилд таныг хоол ундгүй, нимгэн хөнгөн хувцастай долоо хоносон гэхээр нэг л сэтгэлд бууж өгдөггүй юм. Ардчилсан хувьсгал ид өрнөсөн үеэр гэдэг байх аа?

-Тийм ээ, 1991 онд 62 настайдаа Хан тэнгэрт авирсан юм. Хил давж гадаадын ууланд авирахсан гэсэн хүсэлд автаад сүрхий том өргөдөл бичээд Ерөнхийлөгч П.Очирбат гуайд явуулчихав аа. “Энэ хүний саналыг дэмж” гэсэн бичиг Олимпийн хороонд ирүүлчихлээ. Багаараа явна гэсэн чинь бүтдэггүй. Тэр үе чинь өлсгөлөн зарласан цаг. Багаараа явна гэхээр хүн бүр 80 мянган төгрөг олоод ир гэнэ. Мөнгөтэй хүн гэж байхгүй. Сүүлдээ намайг дасгалжуулагчтай явуулах шийдвэр гарсан. Сангийн яамнаас 2500 ам.доллар баталж өглөө. Тэр мөнгийг дасгалжуулагч маань чек болгоод авсан юм. Хантэнгэр рүү 63 кг жинтэй хүн 54 кг болоод ирсэн. Тэгж л 62 настайдаа олон улсын хэмжээний мастер болж байлаа. 17 орны уулчид байсан. Дан залуус. Улс бүрээс тав, таван уулчин авирсан юм. Намайг тэд зураач л гэж бодсон гэсэн. Хан тэнгэрийн ёроолд юм бүгдийг үзсэн дээ. 5400 дээр гарчихаад эргээд бууж байлаа. Гэтэл манай дасгалжуулагч Украины нэг хүүхэнтэй буцахаар болдог юм. “Дээр хоёр орос бий, эндээ үлд” гээд 4200 метрийн өндөрт орхичихлоо. 4200 метрийн доохон ганцаараа явж бууж болдоггүй газар байдаг юм. Мөсөн антай учраас заавал дэм дэмэндээ гарахаас аргагүй газар л даа. Тэгээд л тэр өндөр орой дээр ганцаараа долоо хоносон.

-Нөгөө хоёр орос уулчин бууж ирээгүй хэрэг үү?

-Дээр ямар ч орос уулчин байгаагүй. Эхний өдөр дээрээс ирэх хоёр оросоо хүлээгээд өнжсөн. Түнэр харанхуй нөмрөөд ирэнгүүт уулчдын үдэлдэг ганц хүний бариатай майхан руугаа шургалаа. Өглөө сэртэл дээрээс чулуу овоолчихсон юм шиг хүндрээд жигтэйхэн. Цасаар шуураад хунгар дарчихаж. Шөнө майхандаа шургаж, өдөрт нь цас мөсөн дороос сэрвийсэн хадан дээр сууж өнжинө. Аман дээрээ цас тавих төдий л амь зууж байсан даа. Хааяа хадныхаа хажууд зогсоод ийш тийш хараачилна. Хүний урманд шувуу ч нисэхгүй. Гурав хоночихоод байтал хэсэг улс ирлээ. Хоёр казахстан залуу нэг америк хүүхэнтэй. Уул өөд авирах гэж яваад цасны нуралтанд даруулж хамаг хувцас нь урагдаж, цус нөж болсон хүмүүс намайг яаж авч явах вэ дээ. Үлдээсэн улаан лоолийг нь маргааш нь бүтэн өдөржингөө шимж өнжлөө. Үүргэвчинд уулын орой дээр тавих дотоодын үйлдвэрийн хэдхэн чихэр, тугнаас өөр юмгүй. Тугаа илж уйлж, тугнаасаа адис авч, чихрээсээ ганцыг хүлхсэн болоод долоо хоносон.

-Хүн иртэл тэндээ байя л гэж бодсон уу?

-Тав хоночихоод эндээ үхсэнээс доошоо явъя гэж шийдсэн л дээ. Үхсэн ч яахав, явж байгаад л үхье гээд майхандаа шургаад хөнжлөө үүргэвчиндээ хийх гэтэл нүдний хажууд сэрвэс гээд нэг юм хөдлөх шиг боллоо. Лавлаад хартал майхны орой дээр хүрэн эрээн том эрвээхэй наалдчихаж. Уулын оргилд тав хоноход анх харж байгаа амьд амьтан. “Нутаг орноос минь илгээсэн аврагч минь, ямар сайхан юм бэ, би олон үр хүүхэдтэй, ханьтай хүн” гэж ирээд өнөө эрвээхэйтэйгээ яриад, уйлж гарлаа. Бас болоогүй ээ, ээжийн тухай нэг дуу аялж байгаа юм. Би чинь дуулдаггүй хүн шүү дээ. Сүүлдээ дуундаа уярч уйлаад, тэр өдөржингөө эрвээхэйтэйгээ уйлж ярьж хэвтсэн. Маргааш нь бас л өдөржингөө ярьж хэвтлээ. Эвэр нь хөдлөөд нүд нь бүлтийгээд байгаад л байсан. Жижигхээн майхан болохоор өнөө эрвээхэй яг нүдэн дээр. Ингээд долоо хоночихлоо. Гараас халуун юм барих шиг болохоор нь нүдээ нээтэл хоёр орос ирчихэж. Судсыг минь бариад “Бос, өндий, Андрей аваад ир гэсэн” гэж байна. Андрей гэдэг нь доор байгаа баазын захирал. Тэр залуу “Хоёр монгол байсан алга болчихлоо, ууланд л үхсэн байх, эрж олъё” гээд хоёр оросыг чарга чирүүлээд явуулсан юм билээ.

-Хамт явсан дасгалжуулагч чинь баазад байгаагүй хэрэг үү?

-Мөс судалдаг бааз дээр явж байсан гэдэг юм. Өнөө хоёр орос биднийг хайхаар явах замдаа таарч миний байгаа газар руу дагуулаад явсан байдаг. Дасгалжуулагчтай явсан украин бүсгүй “Дээр ганцаараа үлдсэн шүү дээ, одоо хүртэл ирээгүй юм уу” гэж Андрейд хэлсэн байгаа юм. Бас надтай таарсан америк хүүхэн “Ази царайтай эмэгтэй 4200 дээр байсан” гэсэн юм билээ. Нэг орос нь газаар цас хайлуулж аяганы тал ус өгсөн чинь нүд онгойгоод л явчихсан. Ус шиг нандин эрдэнэ байхгүй гэдгийг тэгэхэд л биеэрээ мэдэрсэн. Ус, эрвээхэй хоёр л амийг минь аварсан даа.

-Тэгээд Хан тэнгэрийн оргил руу гаралгүй буучихсан уу?

-Тэгсэн. Майхандаа ирээд маргааш нь царайгаа хартал харлаж хавдаад яг сармагчин. Сэтгэлээр унаад уйлаад сууж байтал Оросын уулчин Люба ороод ирдэг байгаа. Уулчид цасны бар гэнэ. Их сайхан эмэгтэй л дээ. Монголын хоёрыг тоож харна гэж үгүй. Любаг ороод ирэхээр нь гайхсан гэж. “Шөнө манайхан хуралдлаа, чи бид хоёр Хан тэнгэр явахаар болсон” гэхээр нь тэврээд уйлж гарлаа. Өнөөх маань ч уйлаад. Тэнд Любатай хамт саунд орж, Оросын уулчдын гал тогооноос хооллож цасны бараас хоёр хоног салсангүй. Хан тэнгэрт гарах уулчдыг үзэх эмчийн үзлэг эхэллээ дээ. Гадны уулчдыг дуудаж шалгаад, бид хоёрын нэрийг дуудаж өгдөггүй. Миний дасгалжуулагч орж гарж хүлээгээстэй. Дөрөв дөхөөд иртэл Монголын хоёр ир л гэж байна. Дасгалжуулагч тэнцчихлээ. Миний шалгуулах ээлж ирлээ. Зүрхээ чагнууллаа. Үзлэг хийж байсан эмч сүүлд нь нас асуудаг юм. 62 гэсэн чинь нүд нь эргэлдээд явчихав аа. Би ч “Яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ, насыг минь сонсоод явуулахгүй гэж байгаа юм байх даа” гээд уйлж гарлаа. Гэтэл өнөөдүүл чинь “Таныг газар үзэж яваа жуулчин, эсвэл уул зурахаар ирсэн зураач гэж бодсон. Уулчин гэж огт төсөөлөөгүй. Баяр хүргэе. Та тэнцлээ” гэдэг байгаа. Гараад харайсан чинь байна шүү, домбор хөгжмийн дуу хангинаад, морин туурай тачигнаад байгаа юм шиг хачин сайхан мэдрэмж төрөөд, Алтай Таван Богд тэр аяараа нүдний өмнө зурайгаад ирсэн. Тэнд чинь гараад л мөсөн уул. Майхнуудын дунд мөс ойгоод ойгоод хөлдчихсөн газар. Люба нэг мөсөн дээр зогсч байна. Өнөөх чинь “яасан” гэж байна. “Хан тэнгэр явахаар болсон” гээд Любагаа тоохгүй харайж байгаа юм. Хүн гэж тийм сонин амьтан.

-Хаанахын уулчидтай Хан тэнгэрийн оргилыг зорьсон бэ?

-Тэнцсэн уулчдаас Японы 24 настай бүсгүй, Голландын алиа гэж жигтэйхэн 37-той эмэгтэй, Люба бид дөрөв эмэгтэй. Эрчүүд гэхээр Любагийн багийн хоёр орос, Голландын хоёр, манай дасгалжуулагч. Люба рапорт өгөөд гарч өглөө. Өглөө тавд гарсан улс өдөржин явж орой таван цаг 37 минутад миний долоо хоносон уулын орой дээр очиж байгаа юм. Бүгд л ядарцгаачихсан, гэтэл би хөнгөн гэж жигтэйхэн. Агаарт нь дасчихсан хэрэг. дасгалжуулагч бид хоёр идэх юмгүй учраас оросуудтай хооллолоо. Суугаагаараа дуг хийцгээсэн юм. Шөнийн гурван цагт Любагийн дуу хадаж байгаа юм. Эрт хөдлөхгүй бол цас хад чулуутайгаа нурдаг уул л даа. Өдөржин нурах нь сүртэй гэж. Эрт өгсөхөөр цас нь царцанги учраас ажрахгүй л дээ. Гэтэл япон охин хордлого авчихсан бололтой гүйлгээд болдоггүй. Багийнхантай нь холбогдож мэдээ дуулгаад өнөөхөө орхин цаашиллаа. Бидний очоод буцаад байсан 5400 дээр очиход дасгалжуулагч маань явж чадахгүй хэвтчихэв ээ. Хоноод өглөө эрт явъя гэж байна. Люба 5900 дээр хорогдох байрандаа хүлээе гээд бид хоёрыг үлдээлээ. Үгүй гэлтэй биш, тэндээ хамт хонодог юм. Сэрээд уулаа харсан чинь гэрээ цэвэрлэсэн айл шиг. Хан тэнгэр чинь зүрх шиг зүмбэрлээд. “За одоо хүрээд ир” гэж байгаа юм шиг. Дан будан манан, цасан шуургатай байдаг уул шүү дээ. Тэгэхээр нь бүр баярлаад дасгалжуулагчаа явъя гэлээ. Явж бай гэхээр нь хувцсаа аваад явж өглөө. 100 метр авираад л хоёр алхаад амьсгаадаж амрахаас аргагүйд хүрлээ. Сүүлдээ бүр нэг хөлөө тавиад, нөгөө хөлөө хаана тавьдаг билээ гэж бодоход хүрэхээр эгц болоод ирэв. Дасгалжуулагч тээр доор шувуу шиг юм явж харагдах. 5400-5900 хүртэл иймэрхүү маягаар өдөржин явчихаж байгаа юм. 5900 дээр цасан хананы мөс цасыг цоолоод хорогдох байр хийчихсэн. Тийшээгээ шургаж ордог. Намайг дороос яваад байсныг Люба харж л дээ. Дөхөөд очтол хашгирч байна. Тэгж хорогдох байр руугаа шургаж байгаа юм. Гэтэл голланд хүүхний хамраас цус алдаад болдоггүй. Ууланд нохой шиг аахилна шүү дээ. Хүчтэй аахилснаас болж голланд хүүхэн уушгинаасаа цус алдсан хэрэг. Голланд залуус багийнхаа хүүхнийг аваад буулаа. Гэтэл хоёр орос залуу 5900-гаасаа 6800 дээр очиж хоноод өглөө эрт уулынхаа орой дээр гарна гэж ярьж байна аа. Манай дасгалжуулагч цуг явна гээд Люба бид хоёрыг үлдээчихлээ. Чадвал тосч авна гэнэ. Манай хүн “Чи Монголын рекордыг хол давуулж биелүүллээ. Эндээсээ буцахыг бод” гэдэг юм. Тэгэнгүүт л уул нүүрэн дээр, хэдхэн зуун метр алхаад хүрчихээр ойр харагдаж байгаа юм чинь. Дуугарсан ч үгүй. Любатай хэвтсэн, хэвтээгүйн дунд байтал нэг орос нь манай дасгалжуулагчид хувцсаа өгчихөөд буугаад ирлээ. Нөгөө орос нь 7000 гаруй метрт түүнтэй гарахаар үлдэж л дээ. Намайг унжийгаад байхаар тэгсэн үү, өглөө нь Люба “Явъя” гэж байна. Ахисаар байгаад том нуруун дээр гараад ирж байгаа юм. 6100 метрийн өндөрт. Тэрнээсээ дээш нуруугаа дагаж явсаар Хан тэнгэрийнхээ ёроолд нь дөхөж очоод гарах байхгүй юу. Яг ёроолд нь очиход 6800 боллоо. Дээрээс бууж ирж байгаа хоёр “Та хоёрыг оргилд гарсан гэж тооцно, бид бууж байна. Наанаасаа буцацгаая” гэлээ. Гарсантай ялгаагүй л дээ. Бөөн баяр боллоо. Любатайгаа тэврэлдэж уйллаа. Нулимс хацар дагаж хөлдөөд. Тэр оргил тийм хүйтэн. 4200 дээр үдлээд харанхуй бүрэнхийгээр бааздаа иртэл цэцэг навч болсон улс угтсан даа. 6800 дээр гарсан хүнийг 7000-д гарсанд тооцдог юм. Таван хүн баг гэж яваад хоёр нь гарвал гурав нь гарсанд тооцдог дүрэмтэй. Алма-Атад ирсэн хойно дасгалжуулагч маань сертификатаа бичүүлээд ирдэг юм. Намайг 6400, дасгалжуулагчийг 7000 метрт гарсан гэсэн бичиг байсан. “Муусайн юмнууд алдаад биччихэж, оросууд манайд муу юм, хоёр өөрөөр бичсэн байгаа юм даа” гэж билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонины өнөөдрийн дугаарт нийтлэлч Баабарын “Калка голын оньсого” гэсэн нийтлэл хэвдлэгджээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины лхагва гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, нэг, хоёр, тав дугаар нүүрний “Улс төр” буланд гарсан БХБ-ын сайд Г.Мөнхбаярын ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Баабарын “Калка голын оньсого” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.

Баримт, үйл явдлын долоо дугаар нүүрэнд Г.Баясгалан “Эмэгтэй даавар ихэсгэдэг бодис хоол хүнсэнд ихэссэн нь эрэгтэйчүүдийг эмэгтэйлэг болгож байна ” гэсэн гарчигтай ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Манай сонины арав дугаар нүүрэнд гарсан “Соёл урлаг” буланд гарсан авьяаслаг монголчууд шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцсан яриаг сонирхон уншаарай.

Өдрийн сонины 13 дугаар нүүрний “Уран бүтээлч” буланд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан П.Жимсээгийн уран бүтээлийнхэн талаарх ярилцлагыг сонирхон хараарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй уулзлаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ян Дү Плесси, гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арну Суара, Зэс, очир эрдэнийн группийн Бизнес хөгжлийн захирал Крег Киннелл, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Зэс, очир эрдэнийн группийн удирдах ажилтан Х.Амаржаргал,Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Рио Тинто”-ийн гүйцэтгэх захирал Жан Себястьян Жак Монгол Улсад “Рио тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд анх удаа айлчилж байгааг тодотгоод энэхүү айлчлал нь гаднын хөрөнгө оруулагчдад Монгол Улс хөрөнгө оруулахад итгэлтэй улс гэдгийг нотлох үйл явдал болж байна гэв. Мөн Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ид явагдаж байна. Шинээр 2000 гаруй ажилтан авсан, нийт 5000 орчим ажилтан Оюу Толгойн уурхайд ажиллаж байна гээд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, монгол ажилчдыг илүү олноор ажиллуулахаа илэрхийллээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил таван жил үргэлжилнэ. Тиймээс монгол ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хувьд томоохон төслүүдийг хөдөлгөх, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Оюу толгой бол манай улсад хэрэгжиж буй том төсөл. Төслийн үр дүн хэдий чинээ сайн байна, ард иргэд, улс оронд ирэх үр ашиг төдий чинээ их байх чиглэлийг баримталж ажиллах болно гэлээ. Түүнчлэн монгол ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх, туслан гүйцэтгэгч компаниудаар аль болох Монгол компаниудаас сонгон ажиллахыг санал болголоо. Ерөнхий сайдын энэ саналыг дэмжиж ажиллахаа захирал Жан Себястьян Жак илэрхийллээ.

Оюу Толгой төслийн гэрээ, үйл ажиллагаа тогтвортой байдал чухал. Гэхдээ аливаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, тодорхой байх ёстой. Монголын газар нутаг, ард иргэд, Монголын талд юу үлдэж байна гэдгийг ил тод тайлагнаж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийнэ

Төрийн ордоны А танхим зурган илэрцүүдУИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт хуралдсан боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Бүлгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин маргааш 10:00 цагт Төрийн ордны “А” танхимд УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болох аж. Хурлаар 2017 оны Төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлаар санал солилцож, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм байна

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Баянхонгор аймагт ажиллаж байна

uihУИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр хоёр өдөр үргэлжлэх орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлүүлж буй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргыг аймгийн төв талбайд ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус сургуульд 2400 гаруй сурагч, 105 багш, 50 гаруй ажилтан, ажилчид болохыг сургуулийн захирал Ц.Алтангэрэл танилцуулав.

Нийт багш нарын 84 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 гаруй хувь нь магистр, магистрантур юм байна. Боловсролын шинэчлэлийн хүрээнд сургалтын төлөвлөгөө уян хатан болсонтой холбогдуулан ахлах ангийн сурагчдад хичээл сонголтын хувьд олон бүлэгтэй, суралцагч олонтой, шилдэг арга зүйтэй багш нартай, сургалтын техник хэрэгсэл сайтай, эцэг эх олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулж, хамтын ажиллагаа сайжирсан, сурагч нэг бүрийн өөрийн сонголтоор анги бүлгийн зохион байгуулалт хийгдэж байгаа учир сүүлийн гурван жилийн хугацаанд суралцагчийн тоо 160-200-аар нэмэгдэж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Мөн энэ үеэр сургуулийн барилгыг шинэчлэх шаардлагын талаар танилцуулж, 2017 оны улсын төсөвт 1500 хүүхэд суралцах шинэ сургууль, сурагчдын дотуур байрны зураг төслийг хийж, барих хөрөнийг шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжлав.

Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар төгсөх ангийн хичээлийн явцтай танилцаж, сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Улсын Их Хурал, Засгийн гишүүд Номун далай цогцолбор сургуулийн сурагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов.

Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрээр Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, ээлжит бус чуулганаар баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулна. Үргэлжлүүлэн Өвөрхангай, Архангай аймагт ажиллахаар төлөвлөөд байна.uih

uih

uih