Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС-ийнханд эдийн засгийн байдлаа танилцууллаа

АНУ-ын Вашингтон хотноо болж буй Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар оролцож байгаа бөгөөд өчигдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар монголын төлөөлөгчид улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд маш их зүйл хэрэгтэй байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн чухалчлан онцлов.

Уулзалтын үеэр манай төлөөлөгчид монголын санхүүгийн бодлого, зохицуулалтын байгууллагуудад Дэлхийн банк, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх олон салбарыг хамарсан текник туслалцааны хоёр дахь шатны төслийн саналыг гардуулан өглөө. Банк, Сангийн бүсийн удирдлагууд төслийн саналыг сайтар судлан үзэж, боломжтой бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг иргэд дахин эсэргүүцэв

УИХ-ын гишүүн Б.Батзоригт луйвардуулсан гэх иргэд эсэргүүцэл илэрхийлж, Төрийн ордны газар жагсаж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр мөн л эсэргүүцлийн цуглаанаа Төрийн ордны гадна зохион байгуулж байна. Тэд өмнө нь УИХ-ын дарга М.Энхболдод бичиг хүргүүлж, “Авлигач албан тушаалаас илүү ард түмэн хүчтэй гэдгийг бүү март, шаардлага гарвал тэмцлийн бүх хэлбэрийг сонгох болно” гэсэн лоозон барьж, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гарч ирэхийг шаардаж байсан юм.


Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Сонгуулийн Ерөнхий Хороонд зөвлөмж хүргүүлжээ

Монгол Улсын сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулж байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороонд Зөвлөмж хүргүүлжээ.

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжитсонгуулийн үеэр Авлигатай тэмцэх газарт сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол цөөнгүй ирсэнюм. Тэдгээрийн дийлэнх нь нийтийн албан тушаалтны сонирхлын зөрчлийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг болон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, албан тушаалтнууд албаны эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн гэсэн агуулгатай байв.

Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа дээр дурдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүргүүлсэн Зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг сургууль, цэцэрлэг, багш нар тодорлоо

Олон улсын багш нарын өдрийг өнөөдөр “Дуурь бүжгийн эрдмийн театр”-т тэмдэглэж байна. 2014 оноос эхлэн жил бүрийн 10 сарын тавны өдрийг “Монголын багш нарын өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. “Дэлхийн багш нарын 22, Монголын багш нарын 50 дахь өдөр” өнөөдөр тохиож байгаа юм байна. НҮБ-аас 2016 оныг “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн дор “Багш нарын үнэлэмж, тэдний статусыг дээшлүүлэх жил” болгон зарласан билээ. Энэ удаагийн багш нарын баяр НҮБ-аас дэвшүүлсэн зорилттой уялдаж байгаагаараа онцлог юм байна.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь багш нарт хандан хэлэхдээ “БСШУСЯ нь боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар, багшийг хүний хөгжлийн тулгуур хүч гэх үзэл баримтлалд тулгуурлан багш нарын хөгжил, нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, яамны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилт болгон ажиллах болно” гэдгээ хэллээ.

Уламжлал ёсоор оны тэргүүний багш, улсын тэргүүний цэцэрлэг, сургуулийг тодруулж шагнал гардууллаа. Боловсролын чанар, сургалтын орчин, багшлах боловсон хүчин, бүтээлч хамт олныг төлөвшүүлэх амжилтаараа тэргүүлсэн багш, хамт олныг танилцуулъя.

“Оны тэргүүний багш”-аар

  • Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон
  • Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Ундрал
  • ХААИС-ийн тэнхмийн эрхлэгч Д.Баатархүү
  • АШУИС-ийн багш Н.Баясгалан
  • Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс

“Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын С.Алимаа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг
  • Хэнтий аймгийн хэрлэн сумын Б.Энхтуяа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Ариунаа эрхлэгчтэй “Гацуурхан” цэцэрлэг
  • Увс аймгийн Улаангом сумын Ц.Пагмаа эрхлэгчтэй дөрөвдүгээр цэцэрлэг

“Улсын тэргүүний сургууль”-аар

  • Өмнөговь аймгийн Д.Оюунчулуун захиралтай лаборатори нэгдүгээр сургууль
  • Увс аймгийн Н.Бүрэн захиралтай лаборатори нэгдүгээр сургууль
  • Өвөрхангай аймгийн Н.Энхтуяа захиралтай “Орхон” цогцолбор сургууль тус тус шалгарчээ.

“Оны тэргүүний багш”-аар шалгарсан ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч Д.Баатархүү “2016 оны тэргүүний багшаар шалгарсандаа туйлын их баяртай байна. Миний бие улсад ажиллаад 17 жил өнгөрсөн байна. Сургалтын таатай орчинг бүрдүүлж өгсөн ХААИС-ийн тэр дундаа цахилгаан хангамж, электроникийн тэнхмийн хамт олны минь шагнал юм гэдгийн хэлмээр байна. Цааш цаашдаа манай тэнхмийн хамт олон үр бүтээлтэй ажиллах болно” гэлээ.

Мөн “Оны тэргүүний багш”-аар шалгарсан Шихихутаг их сургуулийн багш П.Түвшинтөгс “Монголын нийт багш нартаа тэр дундаа Шихихутаг их сургуулийн хамт олондоо “Монголын багш нарын 50 дахь өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Мөн үргэлж намайг дэмжиж урамшуулдаг гэр бүл, найз нөхөддөө баярлалаа” гэж сэтгэл хөдлөнгүй ярилаа. Харин АШУИС-ийн багш Н.Баясгалан “Юуны түрүүнд бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Би улсад ажиллаад 30 жил болж байна. Үүнийг минь үнэлэн маш их нэр хүндтэй шагналаар шагнасанд их баярлаж байна. Ээж аавдаа бас шавь нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8000 улиас мод тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 15-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газарууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.

Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас тарихаар төлөвлөсөн бөгөөд иргэд ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ.

Categories
мэдээ улс-төр

Казахстан улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд К. И. Кобландиныг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ноён Кобландин өнгөрөгч зун Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын хуралд Казахстан улсын Ерөнхий сайд биечлэн оролцож улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хоёр улсын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан болохыг дурдав.

Мөн Казахстан Монгол хоёр орон эрт дээр үеэс түүх соёлын хэлхээ холбоотой болохыг дурдаад аж байдал, зан заншлын хувьд адил төстэй хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эн тэргүүний зорилт болохыг тодотгов. Мөн ирэх жил хоёр орны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан болно гээд энэ хуралд Монгол улсын ХЗДХЯ идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Казахстан хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулах ажил бэлэн болсныг тэмдэглэлээ. Сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ Монгол Казахстан хоёр улс өнө эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн 90 оноос хойш хоёр орны иргэд харилцан зорчих, худалдаа бизнес хийх өргөн боломж бүрдсэн болохыг онцлов.

Мөн Казахстан улсад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр хоёр орны хооронд Ялтан шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахаа мэдэгдэв. Мөн хоёр улсын Засгийн газар, хууль сахиулах байгууллага, иргэд хуулиа ягштал мөрдөөд явах юм бол иргэд харилцан зорчих болон харъяалалтай холбоотой аливаа бэрхшээлтэй асуудлыг цэгцлэх боломж байгааг тодотголоо.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Цахилгаан станцуудыг хувьчлахгүй

Өнгөрсөн оны УИХ-ын 70-р тогтоол, Засгийн газрын 330-р тогтоолоор дулааны цахилгаан станцуудыг хувьчлах жагсаалтыг баталсан. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хувьчлахгүй гэдгийг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгджээ. Энэ талаар тус холбооны дарга Х.Буянжаргал, ДЦС III ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэсайхан нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Дээрхи тогтоолоор “ДЦС-4” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК болон Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцын 30 хувийг хувьчлах шийдвэр гарсан. Тус шийдвэрийг Эрчим хүч геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж Засгийн газар болон Эрчим хүчний яаманд удаа дараа шаардлага хүргүүлжээ. Улмаар өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзаж, ярилцсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд энэ засгийн газрын үед цахилгаан станцуудыг хувьчлахгүй гэдгийг хэлжээ.

Энэ талаар Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Ерөнхий сайд хувьчлахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Худалдаа хөгжлийн банкны нөхдүүд “Эрдэнэт үйлдвэр”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьчилж авсан. Дараагийн төлөвлөгөө нь дулааны цахилгаан станцуудыг хувьчилж авах гэж байна гэдэг зүйлийг хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ. Гэвч бид Ерөнхий сайдын байр суурийг дэмжиж байна” хэмээв.

“ДЦС-3” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Эрдэнэсайхан хувьчлал хийж болно. Гэхдээ ил тод, нээлттэй, шударга, ажилчдын эрх ашгийг зөрчихгүй байвал зохих талаар үзэл бодлоо хуваалцлаа.

Эрчим хүчний салбар нийт цахилгаан үйлдвэрлэлийн 85 хувийг нүүрсээр ажилладаг Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг аж. Эрчим хүчний нөөц зохих түвшингээс багасах, оргил ачааллын горимд ажиллах, системийн тогтворжилтыг хангахад импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 20 орчим хувийг эзэлдэг байна.

Categories
мэдээ нийгэм

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн 300 ажилчин хохирчээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр зурган илэрцүүд“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 2014 онд Концессын гэрээгээр хувьчилсан. Үүнээс хойш тус үйлдвэрийн ажилчид хохирч байгаа талаар Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал мэдээллээ.

Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтны буруугаас шалтгаалаагүй сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх, боломжгүй бол хамтын гэрээнд заасны дагуу нөхөн олговор олгоно. Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь буюу түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй гэсэн заалт бий.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 300 гаруй ажилчин 2015 оны эхнээс сул зогсолтын олговороо аваагүй байгаа аж. Ажилчид нийт 600 сая төгрөгийн авлагатай юм байна. Мөн хувьчлал хийгдсэнээс хойш тус үйлдвэр ашиггүй ажиллах болсныг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал хэлж байна.

Тэрбээр “Хувьчлал хийгдсэнээс хойш төмөрлөгийн үйлдвэр биш төмөр ачдаг уурхайн хэмжээнд хүрээд байна. Ажиллагсдын амьдралын баталга алдагдсан, тогтвортой ажлын байргүй болсон. Тийм учраас энэ хувьчлалын асуудлыг эргэж хараач гэдэг асуудлыг Ерөнхий сайдад тавьсан” хэмээв.

Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж шалгая гэдэг хариултыг өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн боловсролын газрын 85 жилийн ой тохиож байна

Улаанбаатар хотод орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйлсийг удирдан зохион байгуулдаг “Нийслэлийн Боловсролын газар байгуулагдсаны түүхэн 85 жилийн ой” энэ өдрүүдэд тохиож байна. Тус газраас ойн баяраа угтаж 85 бүтээлч ажлыг хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 618 цэцэрлэгт 100 728 хүүхэд, ерөнхий боловсролын 220 сургуульд 236 973 сурагч суралцаж 25 413 багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн Боловсролын газрын баярын хүндэтгэлийн хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд 14:00 цагаас болно. Баярын үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын сургалтын “Шилдэг хэрэглэгдэхүүн” үзэсгэлэн гаргаж, “Нийслэлийн тэргүүний төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг”, “Боловсролд ээлтэй Засаг дарга” нарыг шалгаруулан шагнал гардуулах юм байна

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болж байна

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Уг хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл, мөнгөний бодлого болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ.