Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Дорно дахины музейд монгол гэр бэлэглэв

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ болон Бүгд Найрамдах Чех Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор “Монгол Улс 1957-1963 он. Лумир Йислын түүхэн гэрэл зургууд” үзэсгэлэн 9 дүгээр сарын 7-29-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины улсын музейд гарч, хаалтаа хийлээ.

Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан зохион байгуулж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа, Москва хот дахь Чехийн соёлын төвийн захирал Марек Гавличек, Дорно дахины музейн Ерөнхий захирал А.В.Седов нар оролцов.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Чехословакийн нэрт археологич Лумир Йисл гэрэл зургийн хальсандаа баримтжуулан үлдээсэн Монгол Улсын 1957-1963 оны нийгмийн амьдрал, үзэсгэлэнт байгалийн зургуудыг Москва хотын оршин суугчид, тус хотын зочдод танилцуулах сайхан боломж олгосон зохион байгуулагчдад талархал илэрхийлээд музейн хашаанд үзэсгэлэнгийн үеэр барьсан монгол гэрийг Дорно дахины улсын музейд бэлэглэж байгаагаа хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол гэр бол хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд түүхэн явцдаа төгөлдөржиж ирсэн нүүдэлчдийн гайхамшигтай сууц юм. Нүүдэлчдийн олон сууц байдаг ч монгол гэрийг 2013 онд хүн төрөлхтний соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгэсэн. Ийм соёлын гайхамшигтай бүтээлийг танай музейд бэлэглэж байгаадаа баяртай байна” гэв.

Дорно дахины улсын музейн Ерөнхий захирал А.В.Седов хэлсэн үгэндээ “Музейнхээ хашаанд монгол гэр барьж москвачуудад үзүүлэх нь бидний хүсэл байлаа. Энэ хүслийг биелүүлсэн Элчин сайд танд музейнхээ нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Дорно дахины улсын музей нь 1918 онд байгуулагдсан бөгөөд Москва хотын соёл, гэгээрлийн томоохон төвүүдийн нэг юм. Тус музей нь 147500 үзмэртэй бөгөөд сан хөмрөгт нь 100 гаруй орны дүрслэх урлагийн бүтээл хадгалагдаж байна. Төв Азийн танхимд Монголын 18 дугаар зуун, 20 дугаар зууны эхэн үеийн дүрслэх урлагийн бүтээлийн үзмэрүүд томоохон байр эзэлдэг юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын чанартай замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс хураамж авах цэг байршуулжээ

“Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталсантай холбогдуулан Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замд замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэг байрлууллаа. Тус төлбөр хураах цэгийн барилга, цахилгаан хангамж, авто замын өргөтгөлийн ажлыг “Норкут констракшн” ХХК-ийн түншлэлээр 230 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэжээ. Зам болон замын байгууламж ашигласны төлбөрийг зорчигч тээврийн хэрэгслийн суудлын тооноос хамааран 1000-3000 төгрөг, ачаа тээврийн хэрэгслээс 2000-10000 төгрөгөөр тооцож авах юм. Орлогыг улсын авто замын санд төвлөрүүлэх бөгөөд төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг тус сангаас санхүүжүүлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Одоогийн байдлаар 501 мянган тонн үр тариа хураажээ

үр тариа хураажээ зурган илэрцүүд

Өчигдрийн байдлаар 72.5 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 215.1 мянган га-гаас 324.9 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 126.8 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 72.5 мянган тонн хүнсний ногоо, 12.8 мянган га-гаас 28.5 мянган тонн тэжээлийн ургамал, 10.6 мянган га-гаас 5.1 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоогоод байгаа юм.

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцийн дүгнэлтийг хууль зүйн байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр хуралдав. Хуралдаанаар ҮХЦ-ийн 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн юм.

ҮХЦ 09 дүгээр сарын 21-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно …” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Байнгын хороогоор уг дүгнэлтийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид ийм асуудал гаргавал хүлээх хариуцлага байгаа юу гэдгийг бид бодох хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь ҮХЦ-ийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн боловсролын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

Шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 95 жил, нийслэлийн Боловсролын удирдах байгууллагын 85 жил, Монголын багш нарын баярын 50 дахь өдрийн ойн баярын “Нийслэлийн боловсрол 85 жил” хүндэтгэлийн ажиллагаа боллоо. Хүндэтгэлийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар оролцлоо. Засаг дарга С.Батболд “Миний бие 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө багш нарын ажлын ачааллыг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээ аван ажиллах болно гэдгээ тусгасан бөгөөд энэхүү ажлаа бүрэн хэрэгжүүлэх болно. Боловсролын салбартай хамааралгүй айл өрх нэгээхэн ч үгүй юм. Боловсролын салбарын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгчид Та бүхний түүхэн гавьяаг үргэлж өндрөөр үнэлж ирсэн бөгөөд цаашид ч өндрөөр үнэлж байх болно. Та бүхэнд дахин баяр хүргэе” гэв. Тус салбарынхан өнгөрсөн онд ажил хөдөлмөр, ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан “Шилдэг”-үүдээ тодруулан, шагнаж урамшууллаа. Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургууль, Баянзүрх дүүргийн 48-р сургууль 2016 оны тэргүүний төрийн өмчийн сургуулиар, Сонгинохайрхан дүүргийн 111, Баянзүрх дүүргийн 115, Хан-Уул дүүргийн 65-р цэцэрлэг тэргүүний төрийн өмчийн цэцэрлэгээр шалгарсан бол 2016 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Баянзүрх дүүргийн “Их засаг” лицей сургууль, цэцэрлэгээр Хан-Уул дүүргийн “Номин” цэцэрлэг шалгарлаа. Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дөрөв дэх жилдээ уламжлал болгон гардуулж байгаа “Боловсролд ээлтэй Засаг дарга” шагналаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг шагналаа. Засаг дарга Ж.Эрдэнэбатыг боловсролын салбарын хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж ажилласанд нь талархаж энэхүү шагналыг олгож байгаа юм. Мөн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдээс төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус бүр хоёр хүнийг, нийслэлийн Боловсролын газрын хүндэт тэмдэг, Шилдэг ажилтан, Багшийн алдар, Ахлах багш, Заах арга зүйчээр тус бүр нэг нэг хүнийг шалгаруулан шагнаж урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

Ө.Ганзориг: Зээлийн хүүг бууруулах зөвхөн нэг арга зам нь гадны банк оруулж ирэх

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Улаанбаатарын худалдааны танхимын болон бизнес эрхлэгчдийн CEO клубын төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа. Төр ганцаараа зүтгээд улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадахгүй, ард түмнээ түшиж, хувийн хэвшлээ дэмжих замаар хамтарч ажиллах хэрэгтэй. Үүний тулд Улаанбаатарын худалдааны танхим болон CEO клубын зүгээс тодорхой асуудлаар Ерөнхий сайдад танилцуулга хийж, гарц шийдэл ярихаар уулзалтад ирснээ “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл хэллээ.

Уулзалтад ирсэн бизнесийн төлөөллүүд,

-Борлуулагдаагүй байгаа орон сууцны барилгуудыг эргэлтэд оруулах,

-Зах зээл дээрх бэлэн мөнгөний урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх, боломж,

-Уул уурхайн салбарт экспортын нэг цонхны бодлого баримтлах,

-Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх арга зам,

-Буянт-Ухаад аялал жуулчлалын бүс байгуулах замаар Улаанбаатарыг бүс нутгийн хөгжлийн төв болгох талаар тус Танхимын зүгээс боловсруулсан зарим төслийг Ерөнхий сайдад товч танилцуулж ярилцлаа.

Ард санхүүгийн нэгдэл” корпорацийн захирал Ч.Ганхуяг: –Бодлогын алдаа гаргаснаас болж ипотекийн зээл өнөөдөр барилгын компаниудын үйл ажиллагааг л тэтгэж, байрны үнийг хэт хөөрөгдлөө. Өнөөдөр зарим хүн хоёр, гурав дахь байраа энэ зээлээр авч байна. Гэвч гэр хорооллын айлуудын тоо буурсангүй. Иймд одоо бэлэн болсон 35 мянга орчим орон сууцыг Улаанбаатар хотын баталгаатай өрийн бичгээр борлуулах хувилбарыг давхар ашиглавал борлуулалт нэмэгдэх, эдийн засагт бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх боломжтой.

“MCS” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: –Нүүрсний салбарт жаахан гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Энэ гэрэл хэр сайн тодрох, эсвэл хэр удаан асахыг мэдэхгүй. Энэ боломжийг бодитой ашиглахын тулд Монголын нүүрс, нүүрсний салбарынхан дотооддоо нэгдмээр байна. Тэгж байж Монголын нүүрс дэлхийд өрсөлдөнө, гадаад зах зээлд гарна, үнэ хүрнэ. Тэр хэрээр эдийн засагт өгөөжөө өгнө. Гэтэл бид дотроо л өрсөлдөөд байх юм. Монгол Улс дотооддоо нэгдэхгүйгээр нүүрсээрээ санасан эдийн засгийн ашгаа олж чадахгүй. Дэлхийн том том гангийн үйлдвэрүүдийн шаардлагад нийцэх коксжих нүүрс гаргахын тулд Монголын нүүрсний экспортод нэг стандарт хэрэгтэй, төрөөс хамгийн гол нь нүүрсээ баяжуулж гаргахыг шаардаж, түүхий нүүрсний экспортод хориг, хязгаар тогтоох хэрэгтэй. Тэгж чадвал дотоооддоо нэмүү өртөг шингээнэ, гадаад зах зээлд “Монголын нүүрс” гэх нэг хаягтай түүхий эдээр бусадтай өрсөлдөж чадна. Түүнээс бус, түүхийгээр нь зөөгөөд, түүхий нүүрсний үнээр баяжуулсан нүүрснийхээ зах зээлийг шахах замаар яваад бид амжилтад хүрэхгүй. Нүүрсний экспорт бол эдийн засгийг тэтгэх, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх, олон аж ахуйн нэгжийг орлоготой байлгах боломжтой нэг чухал гарц юм.

“Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл: –Хөрөнгийн зах зээл, Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг “ММС” компани бол олон улсад, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хамгийн анх гарсан компани. Түүнээс хойш олон хүн энэ компанийн хувьцааг худалдаж авсан. Одоо “ММС”-гийн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр борлуулж, монгол хүн худалдаж авах бололцоог нээж өгөх хэрэгтэй байна.”

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг: –Ерөнхий сайдын аливаа асуудлыг цогцоор нь шийдье гэдэгтэй санал нийлж байна. Жишээ нь, өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна, буулгахын тулд гаднын банк оруулж ирье гэж байна. Гэтэл бодит байдал дээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой. Үүний тулд минийхээр банк, санхүүгийн салбарт маш олон талын ажил хийх ёстой гэвэл тэдгээрийн зөвхөн нэг арга зам нь гаднын банк оруулж ирэх арга. Гэтэл бид асуудлаа цогцоор нь авч үзэхгүйгээр ганцхан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэвэл санасан үр дүнд хүрэхгүйн дээр эдийн засагтаа эргээд томоохон хохирол авчирч болзошгүй.

Бизнесийнхэн энэ мэтээр саналаа хэлж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашдаа тодорхой нэг асуудлаар, эсвэл нэг төслөөр дагнасан уулзалт хийж үр дүнг нь үзэж байхаар тохирлоо. Мөн Ерөнхий сайдын дэргэд бизнес, хувийн хэвшлийнхэн оролцсон байнгын ажиллагаатай бүтэц байгуулах талаар ч санал солилцов. Энэ удаагийн уулзалтаар бизнесийнхний танилцуулсан Буянт-Ухаад аялал жуулчалын бүс байгуулах талаар дахин ярилцах, холбогдох судалгааг нь хийх, Засгийн газрын төвшинд хийж байгаа бодлого, судалгаатай уялдуулахаар болов.

Хөшигийн хөндийн олон улсын ниэсх буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухаад аялал жуулчлаын бүс байгуулах, ингэснээр Улаанбаатар хот бүс нутгийнхаа хөгжлийн төв болох боломжтой талаар бизнесийнхэн төсөл боловсруулж ирсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчид шүүхэд хандахаа мэдэгдлээ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын талаар мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Түүний ийнхүү мэдээлэл хийсний дараагаар “Эрдэнэт” үйлдвэрийн талаар “VTV” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатар “Шударга ярья”, “25-р суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул “Ам нээвэл” хэмээх ярилцлагын нэвтрүүлэгтээ урьж, ярилцсан юм.

Тэгвэл олон нийтийн сүлжээн дэх “Монгол Мессенжер” хуудас УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийг эдгээрт нэвтрүүлэгт мөнгө төлж орсон хэмээх мэдээллийг тараасан. Тодруулбал,“Шударга ярья” нэвтрүүлэгт ороход 30 сая, “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо 15 сая төгрөг өгсөн гэсэн байна.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Б.Болдбаатар, Г.Мөнхтуул нар мэдээлэл хийлээ. Тэд “Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг” хэмээгээд олон нийтийн сүлжээний нэр бүхий цахим хуудас дээрх мэдээлэлдээ залруулга хийхгүй бол шүүх, хяналтын байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Тайра Банксийн хөтөлдөг загварын шоуны монгол хувилбарыг хийнэ

АНУ-ын “CBS Studios International” компанийн “America’s Next Top Model” реалити шоуг монголчууд андахгүй. Америкийн загвар өмсөгч Tyra Banks-ын хөтөлдөг загварын шоуны монгол хувилбарыг ирэх арваннэгдүгээр сард Монголд хийхээр болжээ. Тус шоуны албан ёсны эрхийг Боловсрол суваг телевизийн хамт олон авсан байна.

Дэлхийн 170 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлдэг уг реалити шоу нь Монголын телевизийн салбар дахь гурав дахь томоохон хэмжээний шоу гэдгийг албаныхан онцолсон юм.

Мөн “America’s Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн продюсер монголд хүрэлцэн ирж, зөвлөгөө өгч ажиллах гэнэ. Одоогоор уг шоуны оролцогчдын бүртгэл эхлээгүй байгаа бөгөөд моделиор ажиллах хүсэлтэй бүхий л залууст энэ боломж нээлттэй юм байна. “Моngolia`s Next Top Model” реалити шоуны оролцогчоор зургаан эрэгтэй, найман эмэгтэй нийт 14 моделийг шалгаруулж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин “Моngolia`s Next Top Model” шоуны шүүгчид хэн байх нь нууц хэвээр байна.

Уг шоуны продюсерээр ажиллаж буй загвар өмсөгч Э.Энхболд хэлэхдээ “Цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уях ээлжит реалити шоуны ялагч жинхэнэ утгаараа “Супер од” болно. Ялагч модельд мөнгөн шагналаас гадна Хонгконгийн “SMI Movie” энтертайнмент агентлагтай нэг жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ, Монголын ивээн тэтгэгч байгууллагын дүр төрх болох зэрэг шагналыг гардуулна. Мөн нэвтрүүлгийн багийн зүгээс реалити шоуны үеэр сонирхолтой даалгаваруудыг өгөх болно. Сонирхолтой содон зүйл төлөвлөж, гадны загварын ертөнцөөс хүндтэй зочид ирнэ. Энэ томоохон төсөл хэрэгжсний дараагаар монголын загварын салбарт тодорхой ахиц гарч, иргэдэд эерэг хандлагыг төрүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Уг шоуны Монгол хувилбарт оролцогчид нь 16 цуврал нэвтрүүлгийн туршид “Моngolia`s Next Top Model” –ийн төлөө өрсөлдөх юм. Сонирхуулахад “America’s Next Top Model” шоу анх 2003 онд АНУ-д гарч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар, Ц.Цогзолмаа болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар ажлын дэд хэсгээс танилцуулсан болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг хэлэлцлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас ШЕЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг шалгаж эхэлжээ

ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Тодруулбал АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс ирүүлсэн гомдлыг хянан шалгаж байна.

Т.Мэндсайханыг зурган илэрцүүд

Уг гомдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн асуудлын талаар дурдсан байна.