Categories
мэдээ улс-төр

Засгийн газар 100 хоног ажиллахдаа ШИЛЭН ДАНС хөтөлсөнгүй

Засгийн газар Эрдэнэбат зурган илэрцүүд

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар 2014 оны долдугаар сарын эхээр Шилэн дансны тухай хууль батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч шилэн данс хөтлөхөөр болсон.

Мөн төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүргийг хуулийн өмнө хүлээж буй.

Шилэн дансны хуулийг хэлэлцэж батлах хугацаанд тухайн үед сөрөг хүчин байсан МАН ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн төрийн байгууллагуудын мөнгө санхүү хэрхэн зарцуулагдаж байгааг татвар төлөгчид мэдэж байх ёстой гэсэн байр суурьтай байсан билээ.

Олон нийтийн мэдэж байгаачлан тухайн үед УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхийн албан тушаал хашиж байсан Б.Цогтгэрэл шилэн дансны асуудлаар идэвхийлэн ажиллаж, ШИЛЭН ЦОГОО нэр хүртэл зүүгээд амжсан. МАН өнгөрсөн сонгуулиар эрх барих болсноор Б.Цогтгэрэлийг шилэн дансны асуудлаар идэвхийлэн ажилласныг нь “үнэлж”, дэд сайдын суудал өгсөн.

Гэвч МАН засгийн эрхийг гартаа авсан хойноо шилэн дансны хуулийн хэрэгжилтэд төдийлөн анхаарал хандуулахаа болив. Одоогоор “мэргэжлийн” гэх Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Энэ хугацаанд шилэн дансны хөтлөлт нэр бүхий агентлаг, яамдад зогссон талаар мэдээлэл түгсэн ч Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл яам нь шилэн данс хөтөлж байгаа талаар хэвлэлүүдэд онцолсон байдаг.

Төрийн байгууллагуудын шилэн дансыг нэг дороос харах боломжтой http://www.shilendans.gov.mn/сайтад өнгөрсөн есдүгээр сард санхүүгийн мэдээллээ байршуулсан байгууллага бараг алга

Categories
мэдээ нийгэм

“Нарны алхалт” арга хэмжээ Арвайхээр хотод 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байна

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хэмжээнд “Нарны алхалт” арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулахаар “Хөшүүн биеэ хөдөлгөөнөөр эмчилье” уриатайгаар 10 сарын 3-ны өдөр нээлтээ хийлээ.

Арга хэмжээнд Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох болон 45 ахмад настан оролцож, бие халаалтын дасгал, 2 км-ийн зайны идэвхтэй алхалт, сунгалтын болон амьсгалын дасгал хийлээ.

“Нарны алхалт” арга хэмжээг нэг сарын турш үргэлжлүүлж, Аюуш баатрын талбайд 07:30 цагаас эхлэн 30 минут дасгал хөдөлгөөн, алхалт хийх юм.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2013 оны 164 дүгээр захирамжаар “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч аймаг” болон зорилт тавьсан. Уг зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нарны алхалт” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, иргэдийг дасгал, хөдөлгөөнд уриалан дууддаг уламжлалтай юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Амараа ард түмнийхээ төлөө шүдэнз зурав уу, Ах дүү нарынхаа төлөө зурав уу?

жүжигчин Амараа зурган илэрцүүд

Ардын намынхан ашгүй нэг төрийн эрхийг авлаа гэсэн шиг албан тушаалд ах дүү, хамаатан саднаа шуурхай томилж байна. Уг нь өөрсдөө “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан санагдаж байна. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлаар томилогдлоо. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төрсөн дүү Д.Баярсайханаа Төрийн банкны гүйцэтгэх захирал болгов. С.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. УИХ-ын гишүүн Сү.Батболд эхнэр Х.Отгонтуяагийн дүү, туслах Б.Асралт Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдсон. Ж.Мөнхбат найз Д.Ариунболдыгоо “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болгов. Н.Энхболдын худ А.Цогцэцэг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Мөнхбаатар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга болов. Сангийн яамны сайд асан Я.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болов. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр БХБЯ-ны газрын дарга боллоо. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын дарга болов. ХЗДХ-гийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Тунгалагтамир ХНХ яамны газрын дарга болов.

Мөн Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжав нар болсон.

жүжигчин Амараагийн эгч зурган илэрцүүд2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад жүжигчин Б.Амарсайханы гавьяа багагүй байсан. Түүний “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэх цуврал ведио, “шторк” МАН-ыг ялалтад хүргэхэд гол түлхэц үзүүлсэн гэдэгт өдгөө олон хүн санал нэгтэх байх. Түүний тухайд инженер Н.Нацагнямын хамтаар МАН-ын сонгуулийн сурталчилгаанд идэвхитэй явсан ч нийгэмд шуугиан тарьсан хоёр бичлэгээ “Ямар нэгэн намын захиалгаар бус өөрийн хүсэл зорилгоор хийсэн” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Б.Амарсайханыг нийслэлийн Соёл урлагын газрын даргаар томилогдох нь гэх мэдээлэл цацагдаж байсан ч тэрбээр өөрөө бус эгчийгээ зөөлөн суудал руу зүтгүүлжээ. Тиймээс ч Амараагийн эгч Б.Баярсайхан Боловсрол Соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухлах нь гарцаагүй байсан.

Ийнхүү МАН-ынхан төрийн албыг төрлийн алба болгосонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бол эхлэл. Цаашид ч томилгоо үргэлжлэх нь ойлгомжтой.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн хүндрэлийн гол асуудал нь төр. Төр бүгдийг самраад хаячихдаг

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Тэр дундаа төсвийн тодотголыг хэлэлцсэн байгаа. Ерөнхийдөө үүргээ хэр биелүүлсэн бэ?

-Ээлжит бус чуулган урдаа тавьсан, хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа шийдсэн. Холбогдох шийдвэрээ гаргасан болохоор урдаа тавьсан зорилтуудаа биелүүлсэн гэж дүгнэж байгаа. Ээлжит бус чуулганы үеэр яаралтай буюу цаг алдахгүй шийдэх ёстой асуудлууд байсан. Шийдвэр гаргахад амаргүй, нэлээн хурц хэлэлцүүлэг, шүүмжлэл дагуулсан хэд, хэдэн асуудал байлаа. Гол хэлэлцсэн асуудал гэвэл мэдээж хэрэг төсвийн тодотгол. Мөн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Улс төрийн өнцгөөс харвал сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд суулгаж өгсөн. Намын мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлын 90 орчим хувийг суулгалаа. Энэ утгаараа чухал ач холбогдолтой болсон гэж харж байна. Гэхдээ биелүүлэх тал дээр амь нэгтэй, эв нэгдэлтэй, зүтгэж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас амар биш байна. Хамгийн энгийнээр, хялбараар шийдэж болох асуудлууд хүртэл амаргүй болчихсон байгаа нь харагдаж байна. Төсвийн орлогыг долоон их наяд хавьцаа гэж тооцоолж баталсан байтал бодит амьдрал дээр гүйцэтгэл ийм хэмжээнд хүрэхгүй болчихлоо. Тэгэхээр тодотгож өгөхөөс өөр аргагүй. Орж ирэхгүй мөнгийг орж ирнэ гээд гөжөөд яваад байлтай биш. Бидний гөжихөөс мөнгө орж ирэх, ирэхгүй хамаарахгүй болчихоод байна.

-Тийм болохоор л хасаж танаад байгаа биз дээ?

-Бодит амьдралтайгаа нийцсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Ер нь бодит байдал дээр хоёр их наядаар төсвийн орлого тасарч байгаа. Нөгөө талаасаа зарлага нэмэгдсэн. Төсвийн зарлагыг найм орчим их наядаар төсөөлж байсан бол сая арав болгосон. УИХ улс төрийн хэлэлцүүлэг хийгээд шийдвэр гаргалаа шүү дээ. Юу вэ гэхээр эдийн засаг хэчнээн хүнд байгаа ч гэлээ цалин тэтгэврийг бууруулахаа больё.

Бизнес хийж буй аж ахуйн нэгжийн татварын дарамтыг нэмэгдүүлэхгүй байя гэсэн шийдвэрүүд гаргасан. Нэгэнт орлого буурсан байгаа энэ үед иргэдийн нуруун дээрх ачааллыг нэмэхгүй гэж байгаа ч гэлээ аль нэг газраа дутагдаж буй зүйлийг нөгөө талаас нөхөж л таарна. Энэ ачаа төрийн нуруун дээр ирлээ гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр орлогоо хасаж байгаа мөртлөө зарлагаа нэмж төр нуруун дээрээ ачааллыг авч байгаа юм. Үүнээс үүдээд харахад төсвийн тэнцэл нэлээн алдагдалтай гарч эхэлж байна. Төсвийн тэнцлийн алдагдал дөрвөн их наяд болж байгаа. Ийм хэцүү үед төр ачаа үүрэх улс төрийн шийдэл гаргаж болно. Гэхдээ ингээд яваад байх уу, яах вэ гэдэг дараагийн асуудал үлдэж байгаа юм. Нэгэнт хямралд өртсөн эдийн засагтай байхад тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй давна гэж бодож байгаа бол хямралаас сургамж авах хэрэгтэй. Бид хийрхлээсээ салж чадаагүй байна гэдэг дохиог энэ эдийн засгийн хямрал батлаад өглөө. Бид сая төсвийн хүрээний мэдэгдлээ бас баталлаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.3 хувьтай байна гэж гаргалаа. Бодит амьдрал дээр ийм байж чадах уу, үгүй юу. Яахав, бид энэ жилийг ингээд давчихдаг юм байж. 2017 онд бид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2.3 хувьтай байна гэж тооцоолж байна. Зарлагыг нэмчихээр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд хүрч байгаа юм. Энэ бол эдийн засагт төсвийн эзлэх хувь хэмжээ маш том болж данхайсан төр байгаагийн хамгийн том тоон илэрхийлэл болно. Тэгэхээр бид үүнийг аль болох буулгаж өгөх хэрэгтэй. 2017 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2.3 хувь байна гэж өөдрөгөөр төсөөлчихлөө. Тэгэхгүй бол яах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байгаа. Яагаад гэвэл бид сүүлийн хэдэн жил байнга гоёор төсөөлж ирсэн шүү дээ. Гэвч амьдрал гоё биш, бахь байдгаараа л байна. Бидний төсөөллөөс хамаагүй бага хэмжээний өсөлттэй, сөрөг тоо гарч байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж буй зарлагын хэмжээ 40 буюу түүнээс дээш болбол яах вэ. Эдийн засаг даахааргүй том төр энэ хэвээрээ л үлдэнэ. Мэдээж хэрэг ийм хүнд үед бизнес эрхлэгчдийн татварыг нэмж болохгүй. Хүмүүсийн цалинг нэг цавчилтаар хасаж болохгүй. Гэнэт л гарч ирээд нөхцөл байдал ийм хүнд болчихсон байна, уучлаарай гээд цалин хасдаг хариуцлагагүй төр байж болохгүй. Гэхдээ хэн нэгэн, хаа нэгэн газар, аль нэг халааснаас төлөгдөнө. Эцсийн дүндээ төсөв гэдэг чинь татвар төлөгчдийн л мөнгө. Эргээд татвар төлөгчид дээрээ л буух гээд байна. Энэ үнэнийг манай нийгэм бүхлээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон.

-Төрийн бүтэц данхар байгаа тухай хүмүүс ярих л юм. Гэвч урьд өмнөхөөсөө илүү нэмээд байгаа юм биш үү?

-Төрийн бүтэц данхайж байгаа нь үнэн. Төрөө цомхон болгох хэрэгтэй. Бүр жинхэнэ утгаар нь цомхотгох хэрэгтэй байна. Төрийн хариуцлага, үйл ажиллагааны үр шим, өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэх ёстой. Нэг хүн хоёр, гурван хүний ажил хийх чадвартай байхыг шаардаж байна. Тийм хүмүүсийг ажилд авах ёстой. Мэргэжлийн гээд байгаагийн гол өгөөж энд гарч ирнэ. Чадахгүй арван хүнийг авч ажиллууллаа гэхэд нэг хүний чадах ажлыг ч хийхгүй. Хамгийн сайн чаддаг хүмүүст хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь өрөөндөө компьютерийн тоглоом тоглоод сууж байна. Нэг том даргын хүүхэд танил талаараа ажилд орчихоод юу ч хийхгүй, чөлөөтэй сууж байдаг. Ийм байж болохгүй. Тиймээс төрийг цомхотгох тал дээр илүү сайн анхаарахгүй бол эдийн засаг ийм хүнд байгаа үед бүх зүйлээ авч гарч чадахгүй.

-Эдийн засгийг сэргээх янз бүрийн хөтөлбөрийн тухай ярьж байгаа. Бидэнд ямар боломж байгаа вэ?

-Манайхан сансрын хөлөг шиг сүрхий, сүрхий зүйлүүд л яриад байна. Мэдээж хэрэг эдийн засгийг сэргээх тийм амар биш. Монгол Улсын эдийн засаг хэчнээн жижиг ч гэлээ даяаршчихсан. Эдийн засагт байгаа бүх салбар хоорондын уялдаа холбоо маш нарийн зүйл. Тохиргоо нь нэг газраа л алдагдахад явсаар байгаад өөр газраа том алдагдал болж гарч ирдэг. Тиймээс Засгийн газар мэргэжлийн байх ёстой. Ийм нарийн тохиргоонуудыг мэдэж тохируулж байж эдийн засаг сая ажиллана. Эдийн засгийг хүнд байдлаас гаргахын тулд юу хэрэгтэй байна вэ гэвэл төрийн бүтцийг цомхон болгоё. Төрийг цомхон болгох гээд буйн бас нэг чухал ач холбогдол нь төр том байх тусмаа, их мөнгөтэй байх тусмаа төрийн оролцоотой аж ахуйн нэгж нэмэгддэг. Бид буцаад социалист систем рүүгээ орох гээд байна. Тэр үед сайхан байсан юм шиг бодож, социалист сэтгэлгээгээр асуудалд хандаад байвал мянган өөрчлөлт хийгээд ч үр дүн гарахгүй. Хамгийн үр дүнгүй эдийн засаг ноёлж эхэлнэ гэсэн үг. Социализмын үед эдийн засгийн сайн талууд зөндөө байсан. Гэхдээ тийм эдийн засгийн үед гадаад явж ирсэн нэгнийхээ авчирсан бохийг амнаас ам дамжуулан зажилдаг байлаа шүү дээ. Бохь гэхэд л тийм хомсдолтой байсан эдийн засаг шүү дээ. Тэр бохь нь олдохгүй болохоор давирхай, замын хар зажилдаг байсан. Яагаад бид өнөөдөр тийм эдийн засагтай байснаа мартчихаад байна вэ. Социалист сэтгэлгээгээр эдийн засаг байгуулбал бид өнөөдөр урагшлахгүй. Ингэж ярьж буй хүний ард авлига, хээл хахууль, үргүй зардал явж байгаа. Юм шударгаараа байг. Монголын бизнесмэнүүд ажлын байраа хадгалж үлдээд, үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж чадаж байвал тэр жинхэнэ эх оронч үйлдэл. Харахад тэр хүн өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх гээд байгаа мэт харагдаж байгаа боловч ашиг нэмэгдэж буй бизнес өрсөлдөх, удаан амьдрах чадвартай байдаг. Түүнээс татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа нөхөөд явж байгаа бизнес удаан хугацаанд оршин тогтнож чадахгүй. Тэгэхээр бид энэ системийг өөрчлөх ёстой. Бизнес эрхлэгчдээ илүү дэмжиж өгөх ёстой. Би бүлэг дээрээ тодорхой ярьсан. Шинэ 90-ээд оны бодлого явуулах ёстой гэж. Тэр үед Монголын төр маш цомхон байсан юм. Үйлдвэрлэлд хутгалддаг асуудал одоогийнхоос хамаагүй бага байлаа. Монголын төр эдийн засагт зохицуулагчаар оролцдог байсан. Үйлдвэрлэгчээр биш. Гэтэл одоо хувийн салбар үйлдвэрлэл эрхэлж байхад төр дундуур нь орж булаацалдаад, төрийн хүчээр булааж авч дампууруулаад байна. Монголын амьдралд ийм зүйл өдөр бүр болж байна. Тэгсэн мөртлөө үр ашигтай мундаг байдаг байсан бол яая гэхэв. Гэвч бодит байдал дээр үр ашигтай байлгаж чаддаггүй.

-Төрийн мэдлийн компаниуд тоо томшгүй их өртэй байгаа тухай л ярьдаг юм билээ?

-Алдагдалгүй ажиллаж байгаа төрийн аж ахуй маш цөөхөн. Төрийн аж ахуйн нэгж олшроод ирэхээр хяналт угаасаа байхгүй болно. Цөөхөн байвал нийгэм хянаад яваад байх боломжтой. Одоо гэтэл энэ олон төрийн мэдлийн аж ахуйн нэгжийн алийг нь гэж хянах вэ. Төрийн том аж ахуйн нэгжид ажилладаг зарим хүмүүсийн цалин 30 саяас дээш байх жишээтэй. Хувийн аж ахуйн нэгжид тийм өндөр цалинтай хүн нэг ч байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад л байдаггүй юм бол үнэхээр 30, 40 саяар нь сарын цалингаа авдаг хүн байхгүй шүү. Ашигтай ажилладаг байсан бол ийм хэмжээний цалин авч болох байх. Би тэгж өндөр цалин аваад байгаа хүмүүст дургүйцэж байгаа юм биш. Гэхдээ төрийн ихэнх аж ахуйн нэгж алдагдалтай ажиллаж байгаа.

-Хувийн салбар дахь төрийн оролцоог яаж багасгах юм бэ. Хүссэн хүсээгүй төр дундуур нь хутгалдаад байна шүү дээ?

-Хувийн салбараа дэмжих хэрэгтэй. Дэмжихдээ татвар нэмж болохгүй. Ийм ядарсан үед татвар нэмбэл тунаж үлдэх газар олдохгүй. Би УИХ-ын чуулган дээр нэг зүйл хэлсэн. “Дарга нар аа, Монголын эдийн засгийг хямралаас гаргах нь та нар биш шүү. Бизнес эрхлэгчид шүү” гэсэн. Ажлаа хийгээд явж буй хувийн хэвшлийнхнийг зовоохгүй, дарамтлахгүй, саад болохгүй байя л даа. Монголын эдийн засгийн хүндрэлийн гол асуудал төрдөө байгаа. Төр л бүх зүйлийг самраад хаячихдаг. Эдийн засгийг засъя гэж байгаа бол төрийг засах хэрэгтэй байгаа юм. Төртэйгөө ноцолдож засаж авна уу гэхээс биш мөрөөрөө бизнесээ хийгээд явж буй хувийн хэвшлийнхэн рүү хазайх хэрэггүй. Төр асуудал үүсгэчихээд, тэр асуудлаа өөрөө биш бизнес эрхлэгчдээр шийдүүлэх гээд байна. Данхайсан төрөө тэжээхийн тулд татвараа нэмэх гээд байгаа нь буруу. Тэгэхээр эхлээд бизнес эрхлэгчдээ дэмж гээд байгаа юм. Би яагаад шинэ 90-ээд оны бодлогыг яриад байна вэ гэвэл тэр үед төр цомхон байсан.

УИХ-ын гишүүн Цогтбаатар зурган илэрцүүд-Шинэ 90-ээд оны бодлого ямар байсан юм бэ?

-Хөнгөлөлттэй зээл тусламжаар өөрөө өөрсдийнхөө асуудлыг шийдээд яваад байсан. Харин энэ үедээ бизнес эрхлэгчдээ хөл дээрээ бос, өндөр татвараар та нарыг дарамтлахгүй гэсэн бодлого баримталж байлаа. Төр цомхон байсан учраас, бас аж ахуйн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан болохоор төр цэвэрхэн байсан. Хэрэв 90-ээд оны үед төр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа руу ордог байсан бол авлига, хээл хахуультай нийгэм бий болгох байсан. Тэгэхээр нэг ёсондоо эдийн засгийг сайжруулъя гэвэл асуудал хаана байгаа, хэн асуудал үүсгээд байгааг засаж эхлэх ёстой. Түүнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа бизнес эрхлэгчдийг дарамтлах ёсгүй. Тиймээс шинэ 90-ээд оны бодлогыг хэрэгжүүлье гээд байгаа юм. Гэхдээ тодорхой хугацаанд байх ёстой. Төр дандаа зээл тусламжаар явж болохгүй. Нэгэнт хямралд орчихсон байгаа энэ үед тэр Стэнд бай уу, эсхүл өөр хөтөлбөр байх уу ямар ч гэсэн дэмжлэг авах хэрэгтэй. Тодорхой хугацаанд дэмжээд өгье, та нар хөл дээрээ бос гэх ёстой. Хамгийн гол нь ажлын байраа аваад үлд, хүнд байгаа ч гэлээ нэг том жийп машин авч унахаасаа илүүтэй ажлын байраа хадгал. Тэрийг чинь урамшуулъя гэмээр байна. Ийм маягаар дэмжлэг үзүүлэх ёстой. Ер нь бид зөв бүтэцтэйгээр хямралын ард гарах нь хамгийн том ололт. Хямралын үед гаднаас мөнгө олж ирээд бүтэхгүй бүтцээ тэжээхийн оронд хямралыг ашиглаад бүтцээ эрүүлжүүлбэл нийгмээрээ, үндэстнээрээ хожно.

-Гэхдээ УИХ-д оруулж ирсэн Засгийн газрын саналыг унагачихсан шүү дээ?

-Би гэхэд татварыг нэмж болохгүй гэсэн байр суурьтай сууж байна. Засгийн газрын оруулж ирсэн санал унаж байгаа нь сайн уу, муу юу гэж олон хүн асууж байна л даа. Үүнийг аль өнцгөөс харахаас шалтгаална. Засгийн газрын өнцгөөс харах юм бол энэ олон давтагдаад байх хэрэггүй зүйл. Яахав нэг удаа байж болно. Олон удаа давтагдаж болохгүй. Тэгэхээр Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд, анхаарч ажиллах ёстой. УИХ-ын өнцгөөс харах юм бол өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлээд, оруулж ирсэн саналыг өөрчлөөд, ийм байх ёстой гээд шийдвэрээ гаргасан. Үүнд муу зүйл байхгүй. Үүнд сүржигнээд, байгаагаас нь хэтрүүлж улстөржүүлэх хэрэггүй. Засгийн газар нэг асуудал бариад орж ирэхээр нь УИХ ярс хийтэл гар өргөж батлаад байвал эмгэнэлтэй. Засгийн газар байгаа нөхцөл байдлаа дүгнээд, иймэрхүү дүр төрхтэй эдийн засагтай байна шүү гээд саналаа оруулж ирэхэд нь УИХ ард иргэдийн нуруун дээр ачаалал өгч болохгүй гэдэг сигнал өгөөд буцаасан. Ардчилсан тогтолцоо ажиллаж байгаа нь л энэ шүү дээ. Түүнээс биш заавал Их хурлын бүх гишүүнд таалагдсан санал оруулж ирнэ гэж байхгүй. Эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдалтай байхад бүх хүнд таалагдсан шийдвэр гаргах боломжгүй. Тэгээд ч Засгийн газар байгуулагдаад удаагүй. Сагсан бөмбөгийн багтай дүйцүүлээд ярихад тэд хоорондоо гар нийлж тоглотол хугацаа орно. Багийн тоглолтууд бүгд л ийм байдаг. Яг түүн шиг УИХ нь ч, Засгийн газар нь ч шинэ байна. Засгийн газар байгаа нөхцөл байдалдаа таарсан яаралтай шийдвэрүүд барьж орж ирсэн. Өөр яана гэж. Яагаад ч сайхан мэдээ оруулж ирэхгүй байсан шүү дээ. Гэхдээ Засгийн газарт хэт өөриймсөж, хэт өөртөө итгэсэн байдал ажиглагдсан. Манай намын 65 гишүүн байгаа юм чинь өөрийнхөө Засгийн газрын саналыг дэмжихгүй яах юм бэ гэх хандлага гаргасан. Энэ бол буруу. Яагаад гэхээр ийм хүнд шийдвэрийг бэлтгэлээ хангаж, судалгаагаа сайн хийж байж оруулж ирэх ёстой. Гэтэл олон нийтэд танилцуулах нь байтугай 65 гишүүндээ танилцуулалгүй шууд оруулж ирэхээр гишүүд нь ч, нийгэм нь ч шоконд орж байгаа юм. Засгийн газар илүү хариуцлагатай ажиллах ёстой. Нийгэм, эдийн засгийн нарийн тоон дээр суурилсан асуудлыг авч орж ирэхдээ улс төрийн өнцгөө хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл төсөв гэдэг чинь хууль. Хуулийг улс төрийн процессоор л баталдаг. Энэ үнэнээс хэн ч ангижраагүй. Ангижрах ч ёсгүй. Тэгэхээр энэ бүхнийг бодолцож орж ирэхгүй байна гэдэг маань Засгийн газар ямар орчинд ажиллаж буйгаа мэдрэхгүй байна гэсэн үг. Дараагийн удаа маш гярхай ажиллах ёстой. Хэтрүүлж улстөржүүлж болохгүй. Дахиад л хэлье. 90-ээд оны үед гадны зээл тусламжийг сайн татдаг, хөрөнгө оруулах орчин нөхцлийг сайн бүрдүүлсэн байсан. Тэр үед эдийн засгийн хямрал өнөөдрийнхөөс бүр хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү үед давж гарч ирж болж байсан юм чинь одоо болохгүй гэх зүйлгүй. Хэд хоногийн өмнө болсон Гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт дээр Баабар хэлж байна лээ. “Хувийн салбар дахь 10 ажлын байр руу хэдхэн хүн ажиллах санал өгч байна. Төрийн салбарын 10 ажлын байр руу хэд дахин илүү санал өгч байна” гэсэн. Энэ чинь л манай нийгэм эрүүл биш болчихоод байгаагийн хамгийн чанга дохио. Ер нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж буй оронд их, дээд сургуулиа төгссөн хүн тэргүүлэх аж ахуйн нэгжид ажилд орохын төлөө явдаг. Түүнээс биш яам, тамгын газар руу хэзээ ч зүтгэдэггүй. Яагаад гэвэл хувийн салбарт цалингийн дээд хэмжээ гэж байхгүй. Та сайн ажилладаг бол хэд л бол хэдийг авах боломжтой. Харин төр тийм биш. Давуу тал нь тогтвортой л байдаг байх. Түүнээс биш бусад салбараасаа бага цалин авдаг. Тиймээс барууныхан хувийн хэвшилдээ ажиллах сонирхолтой. Манайд эсрэгээрээ байгаа нь тогтолцоо буруу тийшээ гажиж буйн илрэл. Намайг сургууль төгсөх үед үеийнхэн маань бүгд хувийн салбарт ажилд орсон. Тэнд илүү мөнгө авч байлаа. Одоо гэтэл нийгмийн уур амьсгал ч гэсэн хувийн салбарынхныг хулгайч, дээрэмчин мэт бодож харааж зүхээд байна. Төрийн бизнес нийгмийн бизнес юм шиг бодож хандаад байгаа. Гэтэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл ухамсраа, аливаа зүйлийг харах өнцгөө өөрчилмөөр байна. Ардчилал, зах зээлийн эдийн засгийг сонгосон бол түүндээ үнэнч явах хэрэгтэй.

-Томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгийг сэргээнэ гээд байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл олигтой урагшилж өгсөнгүй. Өнөөдөр нүүрсний үнэ гадаад зах зээлд өсөөд байхад бид багахаан хэдэн ам.доллараар зараад сууж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Төр томхон төслүүд дээрээ оролцоогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгээ л яриад байна. Сонгууль болж төр засаг өөрчлөгдөнгүүт томоохон төслүүд рүү арын хаалганы нөхдөд шинээр ороод байна. Төрийн компаниудад томилж буй хүнийг хувийн компанид шууд оруулъя гэхэд “Уучлаарай, чадвар нь хүрэхгүй нь” гээд халгаахгүй дээ. Гэтэл төрийнх учраас хэн ч байсан орж ажиллаад байна. Ийм томилгоотой компани яаж хөгжих вэ. Татвараа яаж төлөх вэ. Харин ч татварыг өөр хэлбэрээр төлнө гээд явж байгаа. Бид сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол өөрөө өөрсдийгөө хуураад яваад байна. Бас нэг эмгэнэл байна. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жил болоход эдийн засаг өссөн үү гэвэл өссөн. 2000 оны босгон дээр дотоодын нийт бүтээгдэхүүн тэрбум ам.долларт яригддаг байлаа. Бидний эдийн засаг ганцхан их наяд дотор эргэлддэг байсан. Гэтэл өнөөдөр 20 их наядын тухай ярьдаг болж. Өссөн байгаа биз дээ. Тэгэхээр зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоо монголчуудад мундаг өсөлт авчирч чадсан. Үүндээ бид итгээд явах ёстой. Замын дундаас сэтгэлээ буруулаад, буруу замаар будаа тээх гээд хэрэггүй. Хувийн салбаруудаа л илүү дэмжих ёстой. Том төслүүд дээр төр юу хийх ёстой вэ гэвэл бүтээгдэхүүнээ өндөр үнээр гаргах зах зээлийг зохицуулж өгөх ёстой. Удахгүй бид урд хөрш рүү том айлчлал хийх гэж байна. Тэр үедээ том зээл, хөнгөлөлттэй тусламжийн тухай яривал одоо байгаа системээ л дэмжсэн болно. Энэ том эдийн засаг ямар ч зээлийг элсэн дээр ус асгаж буй мэт уугаад алга болгоно. Мэдээж хэрэг зээл, тусламж бидэнд хэрэгтэй. Гэхдээ тэрнийхээ оронд нүүрсээ өөр үнээр зармаар байна гэж ярих ёстой. Тэд үнэхээр тусалъя гэж байгаа бол шүү дээ. Хөнгөлөлттэй зээл гэдэг чинь туслах гэж буй хэлбэр. Тусалъя гэж бодож байгаа бол бидний бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлээс өндөр үнээр ав гэж хэлэхгүй. Одоо авч буй үнээ жаахан өөрчлөөч гэх ёстой юм. Арай үнэтэйгээр бид зармаар байна шүү дээ. Ингэж чадвал жинхэнэ тус болно. Төр засаг ийм л зүйл хийх хэрэгтэй. Түүнээс биш дунд нь орж самраад баймааргүй байгаа юм. Бид нүүрсний үнээ буулгаад зарж л байсан шүү дээ. Одоо үнэ өсөхөөр жаахан нэмчихье гэж хүн ёсоор хэлэх ёстой. Бид тэднийг хуурамчаар залилъя гээгүй. Том төслүүдийг урагшлуулах ёстой. Гэхдээ төр менежмэнтэд нь бага оролцмоор байгаа юм. Улс төрийн биш, бизнесийн зарчмаар явуулбал монголчуудад л хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Цогтбаатар зурган илэрцүүд-Үнэ өсгөх тал дээр УИХ, Засгийн газар ажиллаж эхэлсэн үү. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Засгийн газрын бүрэлдэхүүнд байхгүй болохоор сайн мэдэхгүй юм. Гэхдээ хүн бүр дор бүрнээ хичээх ёстой. Би гадныхантай уулзах бүртээ хөрөнгө оруулалтаа нэмэх хэрэгтэй байна, одоо л монголчуудад итгэх цаг гэдгийг хэлдэг. Гадны экспортын чадавхийг нэмэхийн тулд туслалцаа үзүүлээч гэж хэлж байна.

-Засгийн газрын 100 хоног удахгүй болох гэж байна. Тэд ямархуу хэмжээнд үүргээ биелүүлж, хэрхэн ажиллаж байна вэ?

-Одоохондоо ам уралдаж шүүмжилмээргүй байна. Нэгэнт засаг төр байгуулагдчихлаа. Тиймээс алдаа дутагдал гарсан ч ойлгох талдаа байгаа. Сэтгэл нэгтэй, эв нэгтэйгээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Төр засаг тогтвортой үйл ажиллагаатай байх ёстой. Тогтвортой байлгахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Төрийн үйл ажиллагаа жигд явна гэдэг бол Монгол Улсын амжилт. Энэ амжилтын төлөө хамтраад, дэмжээд явах ёстой. Харин төр засаг иргэдийнхээ, хувийн хэвшлийнхний, төрийн бус байгууллагын үгийг сонсдог байя. Чих нь онгорхой, нүд нь нээлттэй ажиллаасай. Түүнээс биш хэт их зан гаргаад, бид бүхнийг мэдэж шийднэ гээд байвал асуудал үүснэ. Яг үнэндээ Засгийн газар ажлаа дөнгөж эхэлж байна шүү дээ. Шүүмжлүүлэх зүйл ч хийж амжаагүй байна. Ажиллах боломжийг нь олгоё. Харин хөндлөнгийн үгийг сонсохгүй, үр дүн гаргахгүй бол асуудлыг хэзээ ч сөхөж болно. Тэрнээс биш ажлынх нь үр дүнг харахгүй байж барьж аваад л хэл амаа билүүдэхийг зөв гэж харахгүй байна. Итгэе, боломж олгоё. Дараа нь үр дүн, хариуцлага нэхье.

-Өнгөрсөн Засгийн газрын эхлүүлсэн иргэдэд хамгийн ээлтэй хөтөлбөр ипотекийн зээл байлаа. Гэтэл өнөөдөр энэ зээл үхмэл байдалд байна. Засгийн газар уг зээлийг зогсоохгүй гэсэн хэдий ч банкууд зээл өгөхгүй байгаа. Цаашид бодитоор үргэлжлэх болов уу?

-Зогсоох боломжгүй механизм гэж байдаг. Хүнээр ярих юм бол зүрхний цохилтыг зогсоож болохгүй биз дээ. Хүн амьд байхад зүрх цохилж л байх ёстой. Энэ зээлийг хэн ч зогсоож чадахгүй гэж би тэр үед хэлж байсан. Тийм болохоор ямар ч хүн Засгийн газрыг удирдсан бай ипотекийн зээлийг зогсоох боломжгүй. Хэтэрхий их зүйл ипотекийн зээлээс хамаардаг болчихсон байна. Харамсалтай нь ипотекийн зээл харьцангуй шинэ бүтээгдэхүүн учраас манайхан ойлгохгүй байна.

-Харин ч иргэдийн хамгийн сайн ойлгож байгаа зүйл шүү дээ?

-Улс төрийн хүрээнд ойлгохгүй байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлье гэхээр барилгын салбар Монголын эдийн засгийг хямралд оруулж байхад тэдэнд туслалцаа үзүүлэх гэлээ гэдэг. Үнэндээ Монголд барилга барьдаг нэг ажил байна. Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг бол барилга барихаас тусдаа ажил байхгүй юу. Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдэг үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжиж буй гол ажил. 90 жилийн турш бий болсон үл хөдлөх хөрөнгө хөдөлж байх, судсаар нь гүйж байгаа гол цус нь ипотекийн зээл. Энэ ялгааг ойлгохгүй байж ипотекийн зээлийг маш их улстөржүүлж байна. Ипотекийн зээлийг улс төрөөс ангижруулсан цагт амжилттай үргэлжилнэ. Өнөөдөр бид нэг л их томоор ярих хэнээтэй болчихож. Энэ зээлийг багаар ч болтугай явуулж л байх ёстой. Би өөрчлөлт санал болгож байсан юм. Байрны үнийн 20 хувьд төрөөс баталгаа гаргая гэж. Урьдчилгаа 30 хувийг өөрчлөхгүйгээр шүү дээ. Энэ зээлийн эргэн төлөлт нь маш сайн. Тиймээс хүмүүс зээлээ эргээд төлж байгаа тохиолдолд баталгаа хэрэг болохгүй байж ч болно. Уг нь төсвийн алдагдлыг нөхөж байснаас иргэдээ орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд 20 хувьд нь баталгаа гаргаж өгсөн нь хамаагүй найдвартай. Яагаад гэвэл төрийн дааж авсан 20 хувийн баталгааны цаана тухайн орон сууц байж байгаа. Баталгаа гаргасан этгээд буюу төр 20 хувиа хэзээ ч олоод авах боломжтой. Хаанаа ч алдагдалгүй баталгаа байсан юм. 20 хувийн баталгааг ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр зах зээлийн эдийн засагт хамгийн ойр аргаар явуулах гэж байсан. Гэтэл хоёр төрлийн улстөржилт яваад эхэллээ. Барилгын салбарыг дэмжих гэлээ гэж нэг хэсэг нь ярьж байна. Гэтэл үнэндээ хэн ч барилгын салбарыг дэмжих гэсэнгүй. Галсан мээрингийн авгай гэдэг чинь шал өөр юм байдаг гэдэг шиг шал өөр зүйл байхгүй юу. Монголын эдийн засагт улс төр ямар том гай болж буйн нэг жишээ энэ. Нөгөө талаас цэвэр улс төр явсан. Энэ зээл нэг намын нэрийн хуудас болох гээд байна. Тиймээс бүх тохируулгыг өөрчилж өөр нам дээр өмчлөлтэй болгоё гэж зүтгэсэн. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин зардалтай механизмыг бий болгож байна. Ингэж улс төрд тээглэж унаад ажил явахгүй байна. Түүнээс биш ипотекийн зээлд гурван их наяд төгрөг гаргаад өгчихсөн байсан. Одоо мөнгө нэмж өгөх хэрэггүй. Тэр мөнгө зах зээлийн эдийн засагтаа ороод эргэх тусмаа өсөөд явж байгаа. Хүмүүс хүү төлж байгаа биз дээ. Тэр хэрээр өсөөд явна. Нэг оруулаад эргүүлсэн мөнгө маш олон зүйлийг дэмжээд өсөөд явдаг. Тэр сангийн мөнгийг өөр зүйлд битгий зарцуулаарай. Нэгэнт ипотекийн зээлд зориулсан юм чинь тэр чигтээ байгаарай гэсэн байр суурьтай байгаа. Энд байгаа мөнгийг хэвэнд нь үлдээгээд зөв эргэлдүүлээч гээд байгаа юм. Гэтэл зарим нь шинэ мөнгө гаргах гээд байгаа мэт буруу ойлгоод байгаа. Энэ салбар зогсох юм бол бусад бүх зүйлээ татаад унагаачих чадалтай. Маш бяртай, маш их мөнгө хуримтлуулсан том салбар. Энэ эрсдэлийг харж байгаа болохоор яаж ийгээд ипотекийн зээлийг үргэлжлүүл, үгүй бол эдийн засаг бүр мөсөн нурж унана. Энэ зээлийг зогсооно гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа юм. Ямар том ачааг гараараа барьж зогсох гээд байна вэ.

-Одоо байдал нэгэнт ийм зогсонги байдалд орчихлоо. Яах ёстой вэ?

-Хөдөлгөөд, тохиргоонуудаа зөв болгоод явах ёстой. Би нэг зүйлээр бахархаж байгаа. Барилгын салбарынхан надтай ирж уулзаад “Та 30 хувийн урьдчилгааны 20 хувийг батлан даая гэдэг санааг гаргаж өгсөн. Хүү чухал биш, иргэд урьдчилгаа мөнгөгүй байна” гэсэн. Хэдийгээр миний гаргасан санал хэрэгжээгүй ч гэлээ барилгын компаниуд өөрсдөө баталгаа гаргадаг болчихож. Иргэдээс 10 хувийн урьдчилгаа аваад багаар ч болтугай зээлээ үргэлжлүүлж байна. Энэ зээл бол аль нэг намын хожлын оноо байсангүй. Монголын эдийн засаг хожих тухай асуудал байсан.

-Та намынхаа гаргаж буй санал шийдвэртэй хэр санал нийлж байгаа вэ. Танай намынхан Засгийн газраа, намаа шүүмжилж ярьж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Улс төрийн томоохон хүчин ийм авир гаргаж болдог юм уу?

-Манай 65 гишүүн Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг унагаж л байгаа биз дээ. Нам доторх яриа, хэлэлцээр идэвхитэй явж буйн илрэл шүү дээ. Анхны оруулж ирсэн саналыг унагаж байна гэдэг булагнаагүй, олны хүчийг ашиглаагүй, эрүүл байгаагийн л шинж тэмдэг. Намаас гаргаж буй бүх шийдвэртэй санал нийлж байна уу гэвэл үгүй. Санал нийлэхгүй зөндөө асуудал гарна. Гэхдээ юу ч болоогүй байхад хөөрөөд, сэлэм гаргаж ирээд эв нэгдлийг эвдээд явбал хэн хохирно гээч. Энгийн иргэд л хохирох юм. Үйлсгүй, эв нэгдэлгүй төртэй байхын горыг бид хангалттай амслаа. Бид өмнөх ажлаа л сайн хийх ёстой. УИХ-ын гишүүн гэдэг чинь хангалттай том албан тушаал шүү дээ. Энийгээ голоод байх юм. Зөндөө ажил хийх боломж гишүүдэд байна. Сэтгэл байвал ямар ч ажлыг шийдэж, хийх боломж байгаа. Би ийм л зарчмаар ажиллана. Бүр болохгүй зүйл байвал гарч ирээд ард иргэддээ ярина. Хэзээ ч ярих боломжтой.

-Таны улс төрийн үзэл баримтлал их ардчилсан байдаг. Бараг Ардчилсан намд байхаар хүн шиг санагдах юм?

-Монголд ардчилаагүй нам байхгүй. Бүх нам ардчиллын төлөө сэтгэлтэй. Ардчилсан нам л ардчилсан үзлийг баримтлах ёстой мэт хараад байдаг. Гэтэл АН дотор “Манай намд ардчилал алга” гэж ярьдаг хүн бий шүү дээ. Тэд өөрсдийгөө ингэж шүүмжилдэг. Ардчилсан Үндсэн хуультай Монголын төрд ардчилаагүй үзэл баримтлалтай хүн ажиллаж болохгүй гэж боддог. Ардчиллын төлөө үзэл баримтлалтай байх ёстой. Үндсэн хуулийн үзэл баримтлал ийм юм. Ийм Үндсэн хуулийн дор ажиллаж байгаа төрийн албан хаагчид ардчилсан үзэл баримтлалтай байхгүй гээд яах билээ.

-МАН-ыг Мэргэжлийн Засгийн газар байгуулсан гээд л байгаа. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-Мэдээж хэрэг бүх томилгоо тийм биш байгаад байна. Гэхдээ тийм байхын төлөө нэлээн чармайж ажиллаж байгаа нь харагдаж байгаа. Хангалттай биш л дээ. Хүмүүс “Нөгөө мэргэжлийн гээд байсан нь хаа байна вэ” гээд байна шүү дээ. Энд байна гэж харагдтал томилгоогоо хийх ёстой. Гэхдээ мэргэжлийн томилгоонууд зөндөө л хийгдэж байна. Мэргэжлийн биш гэж гологдож буй хүн бий л дээ. Амьдрал өөрөө төгс төгөлдөр биш. Тийм дутагдал байгаа бол ажил хөдөлмөрөөрөө нөхөх боломж бий.

-Уг нь таныг Гадаад харилцааны сайд болох ёстой гэж олон хүн харж байсан?

-Бид нам дотроо хэлэлцүүлэг хийгээд тавих ёстой хүнээ л тавьсан. Гадаад харилцааны сайдаар харин ч яг мэргэжлийн хүн очсон гэж харж байгаа.

-Гэхдээ л улс төрийн томилгоонуудыг анзаараад байхад МАН дахь Орост сургууль төгссөн фракцийнхан нэлээн “жийгдсэн”. Яагаад Батлан хамгаалах яаманд Ж.Энхбаярыг, Ё.Отгонбаярыг БСШУ-ны сайдаар тавьж болсонгүй вэ?

-Нам гэдэг чинь амьд организм. Хэлэлцүүлэг хийнэ, өөрийн гэсэн улс төртэй. Тийм шугамаар л томилгоо болсон. Бидний хэн нь ч албан тушаалд очъё гэж улайрсангүй. Нам хэрэгтэй гэж үзвэл итгэлийг нь дааж ажиллахад бэлэн. Түүнээс биш би сайд болъё гэж хэний ч өрөөний хаалгыг татаж гүйхгүй. Тэгж явахынхаа оронд тойрогтоо очиж ажиллая. Би түрүүн хэлсэн шүү дээ. УИХ-ын гишүүн гэдэг хангалттай том албан тушаал гэж. Тийм л биз дээ. Зөндөө сайн зүйл хийхэд хангалттай боломж олгоно.

-Сонгуулийн өмнөхөн Сү.Батболд тэргүүтэй оффшор данс эзэмшигчдийн дунд таны нэр дуулдаж байсан. Танд тийм данс байна уу. Яагаад холбогдсон юм бэ?

-Монголд хамтарсан компани байгуулах ердийн үзэгдэл биз дээ. Хүн бүр л гадны хөрөнгө оруулалтыг татаж хамтарсан компани байгуулахыг бодно. Тэр компани Монголд бүх хөрөнгөө оруулж ажлын байр бий болгоод үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч оффис нь Энхтайваны гүүрний дор бий. Нягтлан бодогчоос эхлээд бүх л хүн нь монголчууд. Ганц, хоёр гадаад захирал байсан нь үнэн. Гадаадууд хөрөнгө оруулалт хийхдээ татваргүй чөлөөт бүсээс хөрөнгөө татсан. Монголд татвараа төлж ноогдол ашгаа авахдаа татвар төлсөн мөнгөн дээрээ дахин төлөхгүйн тулд чөлөөт бүсийг сонгож байгаа. Бид үүнийг өөрчилж чадахгүй. Өнөөдөр ч гадны хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа тэр бүсээс л татаж байгаа. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа биз дээ. Бүгд л чөлөөт бүсээс хөрөнгө оруулалтаа татдаг. Миний хувьд ч тийм л зарчмаар ажилласан. Данс биш, хувьцаа байхгүй юу. Гэхдээ би арван жилийн өмнөөс тэр компанитай холбоогүй болсон. Нуугаад байх зүйл биш л дээ.

-Ямар бизнес эрхэлж байсан юм бол?

-Геологи хайгуулын ажил.

-Та гадаадын олон хэл мэддэг. Гэхдээ миний сонсож байснаар хүн бүрийн тэгтэл сонирхоод байдаггүй хэл судалдаг гэсэн. Хаанахын хэдэн хэлтэй юм бэ?

-Гадаад яамнаас намайг 1988 онд Олон улсын харилцааны дээд сургуульд явуулсан юм. Тэр үед намайг камбож хэл сураад ир гэсэн. Сургуулиа төгсөөд ирсний дараа Камбожид Элчин сайдын яаманд ажиллуулах гэж байлаа. Очоод хэлээ сурч байтал Монголын нийгэмд өөрчлөлт болж ардчилсан тогтолцоо руу шилжсэн. Үүнтэй уялдаад гадаад бодлогын үндсэн чиглэл өөрчлөгдөнө. Тэгэхээр нь камбож хэлээр ч явахгүй нь дээ гэж бодоод тайланд хэл сурч эхэлсэн. Нэг суурьтай учраас сурахад ч амар байлаа. Ингээд хэлээ сурахын зэрэгцээ Тайланд, Камбожийн улс төр, түүхийг нь судалж эхэлсэн юм. Одоо бол тайланд, камбож, орос, англи, герман хэл мэднэ. Германаар уншина, ойлгоно, муухан ярина. Гэхдээ төөрөхгүй, ажлаа олоод хийчихнэ. Түүнээс биш том судалгааны ажил бичих хэмжээнд очоогүй л дээ.

-Англиар шүлэг бичдэг гэсэн. Хэдэн шүлэгтэй болж байна вэ?

-70, 80 гаруй шүлэг бий. Өөртөө л зориулж бичдэг юм. Анхныхаа англи шүлгийг аравдугаар анги төгсөх үедээ бичсэн. Тэрийгээ сая эргэж хараад шүлгийн хэлбэрт нь оруулж зассан.

-Голдуу юуны сэдэвтэй бичиж байна?

-Аравдугаар ангийн хүүхдийн гол сэдэв дурлал байлаа. Одоо бол филисофийн шүлгүүд бичиж байна. Сүүлд би бизнес эрхэлж байхдаа толгойд орж ирсэн бодлуудаа цэгцэлж мөр холбодог байсан юм.

-Ээж, аав тань таныг өдий зэрэгтэй боловсролтой байхад чухал нөлөө үзүүлсэн үү?

-Аав бол намайг хичээл хийлгэж сургасан. Хичээлийн ширээний ард суулгаж сургасан гэх үү дээ. Харин ээж намайг дөрөвдүгээр ангид байхад англи хэл сурахыг зөвлөж байсан юм. 1980 оны эхэн үе шүү дээ.

-Таныг туршлагатай дипломатч гэдэг. Та Монгол Улсад хэрэгтэй ямар гэрээ, хэлэлцээрт оролцож байсан юм бэ?

-Олон бий. Мянганы сорилтын сангаас эхлээд яривал зөндөө. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн үгийг сонсож байгаад үүнийг Монголдоо хэрэгжүүлбэл болох юм байна гэдгийг мэдрээд эхлүүлсэн. Хөшигийн хөндийн онгоцны буудалд зээл олгуулах асуудлын улс төрийн шийдэлд ажиллаад явж байлаа. Тэр үед хэчнээн их шүүмжлүүлж байсан билээ. Монгол Улс олон жил бэлтгэсэн асуудлаасаа ухарлаа гэж байсан. Гэтэл өнөөдөр том, том төлөөлөгчийг хүлээж авах боломжтой онгоцны буудалтай болж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хамгийн анх бас яриад л явж байсан. Далайд гарцгүй орнуудын судалгааны төв гэж Монголд төвтэй олон улсын байгууллага бий. Энэ яг миний өөрөө санаачилж хийсэн ажил. Дэлхийн 33 орны гишүүнчлэлтэй. Ингээд яривал олон ажил бий.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийхээр болжээ.

Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд өнөөдөр 10.30 минутад болох бөгөөд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон нийт хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, “Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгссөнөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх юм.

2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм. Боловсролын сангийн зээлийн журмыг аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ри багшийн зээ Ардын жүжигчин багш

Шавь Сангидоржийн Саянцэцэгтэй

Түүнтэй уулзахаар Соёл урлагийн их сургууль дээр очиход гуравдугаар давхарт суудаг хэмээн зааж өгөв. Өрөөний үүдэнд очиход төгөлдөр хуурын уянгалаг аялгуу сонор мялаана. Үүдэнд нь Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Тувааны Цолмон гэсэн хаяг хадаастай байлаа. Хичээлд нь саад болох вий хэмээн үүдийг нь сэмээрхэн онгойлгон шагайхад шавь нь төгөлдөр хуураа тоглож, Т.Цолмон багш хажууд нь суугаа харагдав. Цолмон багшийн гэр бүлийн хүн Москвад ажлаар томилогдсон тул тэнд байж байгаад нэг жилийн өмнө ирээд Соёл урлагийн их сургуульдаа ажиллаж байгаа. Өнгөрсөн жил оюутан багатай, харьцангуй ачаалал гайгүй байсан тухайгаа ярьж байв. Т.Цолмон багшийг гадаадаас ирсэн сургаар түүн дээр суралцах хүсэлтэй залуус нэлээд байгаа гэнэ. Түүнд шавь орохоор Өмнөд Монголоос хүртэл иржээ. Харамсалтай нь Т.Цолмон багш ачаалал маш их байгаа тул хүсэлт гаргасан хүн бүрийг авах боломжгүй байгаагаа ярив.

Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн төгөлдөр хуурч манайд бараг байхгүй. Тэрээр ажлынхаа гарааг Хөгжим бүжгийн дунд сургуулиас эхэлсэн. Түүнийг мэргэжлийн төгөлдөр хуурчдыг бэлдэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан сурган хүмүүжүүлэгч гэдэгтэй маргах хүн үгүй. Дашрамд дурдахад, Т.Цолмон багш маань Монголын бичгийн их хүн Бямбын Ринченгийн зээ охин. Харин аав нь Эрүүл мэндийн яамны сайдын албыг олон жил хашсан Г.Туваан гуай. Т.Цолмон багш хуучнаар Гнисений нэрэмжит хөгжмийн академийг төгсч ирснээсээ хойш төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаа.

-Та төгөлдөр хуурын багшаар хэд дэх жилдээ ажиллаж байна?

-1975 онд Гнесиний нэрэмжит хөгжмийн академи төгсч ирээд 1975-1976 оны хичээлийн жилд багшаар ажиллаж эхэлсэн гээд бодоход 41 жил болжээ. Гэхдээ тасралтгүй ажиллаагүй л дээ. Нөхөр маань гадаадад ажиллахаар хэд хэдэн удаа томилогдож дунд нь нэлээд хэдэн жил тасарсан.

-Анхны шавь нарынхаа талаар яриач?

-Миний анхны шавийг манайхан сайн мэднэ дээ, Н.Нарантунгалаг гэж төгөлдөр хуурын багш бий. Одоо хөгжмийн коллежид багшилж байгаа, Монголын шилдэг төгөлдөр хуурын багш нарын нэг. Их авьяастай, сурагч байхдаа маш их бие даасан хүүхэд байсан даа.

-Төгөлдөр хуурын багш гэдэг маш их онцлогтой. Хамгийн энгийн жишээ гэхэд ганцаарчилсан хичээл ордог?

-Ганцаарчилсан хичээл ордог болохоор 10-20 хүүхэд төгсгөхгүй. Би нийтдээ 100-гаад хүүхэд төгсгөсөн байдаг. Олон жил багшлах тусмаа төгөлдөр хуурч гэдэг ямар хүнд мэргэжил вэ гэсэн бодол төрдөг. Яавал суралцаж эхэлж байгаа бяцхан хүүхдүүдэд ойлгомжтой хялбар заах вэ гэж бодох болсон.

-Төгөлдөр хуурч С.Саянцэцэг, Ц.Энхтөр, Т.Анар, хөгжмийн зохиолч, “Эмоушн” хамтлагийн Б.Чинбат гээд монголчуудын сайн мэддэг уран бүтээлчид таны шавь байх аа. Тэднийхээ талаар яриач?

-Тэд маань надаас сурах, авах юмаа их сайн авсан юм шиг санагддаг. Үнэхээр сайн ч уран бүтээлчид. Сайн уран бүтээлчийн цаана их авьяас байдаг. Хүнээс сурах ёстой юмаа авч чаддаг. Авьяастай хүмүүс. Бага байхдаа хүртэл хүний хэлснийг маш хурдан тусгаж авдаг. Юм хэлж дуусаагүй байхад л ойлгоод, хүлээгээд авчихдаг байсан. Ингэж чадна гэдэг бас л авьяастайн шинж. Эд чинь зөвхөн надаас суралцаагүй, гадаадад дээд сургуульд сурахдаа тэндхийн мундаг багш нараас маш их зүйлийг мэдэж авсан. Манай С.Саянцэцэг гэхэд Москвад Фёдорова гээд их сайн багш дээр сурсан. Б.Чинбат бол их авьяастай. Харамсалтай нь 1990-ээд онд бүх юм өөрчлөгдөөд амаргүй байсан үед сурч таарсан. Тэгээд ч тэд маань өөрсдийгөө дайчилж сайн сурсан. Чинбааг би “Эмоушн” хамтлагтай ажиллаж байхыг нь харсан. Маш нарийн ажилладаг юм билээ. Бас Бирваагийн Мөнхболд байна. Их сонин, намайг их тэвдүүлдэг хүүхэд байсан. Б.Мөнхболд маань өөрөө их тайван, налгар. Шалгалт болох гээд л би өмнөөс нь сандрахад намайг тайвшруулдаг байж билээ. Энэ бүх чанар нь хөгжмийн зохиолч болоход нь нөлөөлсөн байх. Би хүүхдүүдийнхээ суурийг нь зөв тавьж өгсөн байх гэж боддог. Төгөлдөр хуурч гэдэг мэргэжилд нь дурлуулж, амьдралаа энэ хөгжимгүйгээр төсөөлж чадахгүй болтлоо мэргэжилдээ орсон.

-Яаж мэргэжилдээ хайртай, дуртай болгож байна?

-Би өөрөө төгөлдөр хуурч мэргэжилдээ маш их дуртай, сонирхолтой. Тиймээс ч шавь нараа тийм болгосон байх. Өөрөө ямар ч сонирхолгүй, цагаа хараад л хичээлээ заадаг багш нар байдаг шүү дээ. Би өөрийгөө тийм биш байх гэж боддог. Хүүхдүүдтэйгээ улайраад л орчихдог.

-Төгөлдөр хуурч гэдэг бол маш нарийн мэдрэмж шаардсан мэргэжил. Ингэхэд хичээл заах хүүхдүүдээ та өөрөө шалгаж авдаг уу?

-Залуу байхад хүүхэд хуваарилаад өгчихдөг байсан. Яваандаа өөрөө авдаг болсон. Хүүхдүүдийн ээж, аав нь над дээр сургана гээд аваад ирнэ. Төгөлдөр хуурч шиг нарийн мэргэжил олон талын ажиллагаа шаарддаг. Хүүхдийг биеийг нь дааж сургахаас эхлээд. Гэхдээ хамгийн гол нь дур сонирхол, ажилсаг байдал. Дөнгөж сурч эхэлж байгаа жаахан хүүхдэд бол эцэг, эхийн анхаарал их чухал. Гэрт нь хөгжмийг нь ээж, аав нь давтуулна шүү дээ.

-Та барууны орнуудад олон жил болсон. Тэндхийн хөгжмийн сургалт ямар байгааг сайн мэдэж байгаа. Манайхаас юугаараа ялгаатай байна?

-Манайх бол Оросын сургалтыг дагадаг. Арай хүнд программыг дагаад байгаа юм уу гэсэн бодол байдаг. Тэндхийн оюутнууд олон зохиол тоглохоосоо илүү өнгөний чанар чансаанд илүү анхаарч, эхлээд тоглох зохиолоо ойлгохыг чухалчилдаг. Сурагчид тоглох гэж буй бүтээлээ маш сайн судалдаг.

-Та бас БНХАУ-д багшилж байсан. Тэнд ажилласан талаараа манай уншигчдад яриач?

-Тэндхийн оюутнууд бол маш ажилсаг. Ер нь авьяас, ажилсаг байдал хоёр нь цуг явж байдаг.

-Мартсанаас, та өөрөө маш мундаг багш нартай байсан гэсэн?

-Тийм ээ, манай алдарт уртын дуучин Дорждагва гуай намайг бага байхад манайд хичээл заадаг байлаа. Жаахан хүүхдүүд болохоор бид үймүүлээд л. Дорждагва багш маань биднийг чимээгүй болгож чадахгүй, би нэг нэгээрээ чихэнд нь очиж дуулж өгч дүнгээ тавиулдаг байлаа. Ийм агуу дуучин бидэнд зааж байна гэдгийг сүүлд нь ойлгосон.

Categories
мэдээ цаг-үе

Долоон настай хүүгийн хоолойг гар утасны цэнэглэгчээр боомилж хөнөөжээ

Хэрэг болсон “Станцын цэнхэр” хороолол

Саяхан Дорнод аймагт аймшигт аллага гарч олон нийтийг цочроогоод буй. Тус аллагын золиос нь долоон настай бяцхан хүү юм. Түүнийг амиа хорлосон хэмээн анх мэдээлэл цацагдаж байсан бол гадны нөлөөтэй амиа алдсан болохыг цагдаагийн байгууллага нотлоод байна. Уг хэргийн мөрөөр нэхэн сурвалжлалаа. Хэрэг энэ сарын 6-нд гарчээ. Дорнод аймгийн төв Хэрлэн сумын нутаг дэвсгэр “Станцын цэнхэр” гэдэг газар иргэн Цэдэвийн гэрт хэрэг үйлдэгджээ. Тухайн өдөр гэрийн эзэн Цэдэвдорж эзгүй байсан учир эхнэр Мөнхзаяа хүүтэйгээ хоёулхнаа гэртээ байжээ. Хүүг сургуулиасаа ирснээс хойш хоёр цаг гаруйн дараа буюу 16.00 цагийн орчимд ээж нь дэлгүүр орохоор гарч хүү гэртээ ганцаараа үлдсэн байна. Мөнхзаяа хоёр гудамын цаана байрлах дэлгүүр ороод 20 минут орчим болоод гэртээ иртэл хүү нь гар утасны цэнэглэгчний утсаар өөрийгөө боомилсон байдалтай хэвтэж байжээ. Ингэхдээ цэнэглэгч тогонд залгаатай байсан аж.

Талийгаач хүүгийн хамгийн сүүлд хийсэн гэрийн даалгавар

Мөнхзаяа гэрээсээ гарахдаа гар утсаа цэнэглэхээр тогонд залгаад орхисон байж. Тиймээс хүүгээ гар утсаар нь тоглож байгаад тогонд цохиулсан гэж бодсон байна. Ингээд түргэн тусламж дууджээ. Түргэний машинтай эмч нар ирж хүүг эмнэлэг рүү аваад явсан байна. Хүүд ээж нь ч тэр, эмч нар ч тэр тогонд цохиулсан гэдэг анхан шатны онош тавьжээ. Учир нь хүү эмнэлэгт ухаангүй ирсэн бөгөөд хараахан амьсгал хураагаагүй байсан байна. Тиймээс эмч нар хүүг үзээд тогонд цохиулж, тархинд нь шууд нөлөөлсөн учраас клиник үхэл явагдаж байна. Амьсгалж байгаа боловч ямар ч амьдрах найдваргүй, аажмаар үхэж байна гэж хэлсэн байна. Энэ хооронд Дорнод аймгийн цагдаагийнхан ч ирж. Ингээд бяцхан хүү шөнөдөө амьсгал хураасан байна.

ТАЛИЙГААЧ ХҮҮ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛД СОНИРХОЛТОЙ БАЙЖЭЭ

Талийгаач хүүг Тэмүүжин гэдэг. Тэрээр Дорнод аймгийн тэргүүний нэгдүгээр арван жилийн сургуулийн Л.Одцэцэг багштай 2в ангид сурдаг байжээ. Ангийн багшийн хэлснээр бол хүү их цовоо сэргэлэн, давхраатай том алаг нүдтэй царайлаг хүү байсан байна. Үеийнхэнтэйгээ хичээл сурлагаараа ана мана өрсөлддөг сэргэлэн хүү байсан бололтой. Талийгаач хүүг ээж нь дандаа хичээлээс нь ирж авдаг байж. Хүү дээрээ нэг эгчтэй. Эгч нь гадаадад сургуульд сурдаг байна. Тэмүүжин хүү олон жилийн дараа эцэг, эхдээ заяасан айлын ганц хүү юм байна. Ихэнхдээ ээжтэйгээ хамт өдрийг өнгөрөөдөг байсан гэнэ.

Эндээс зүүн урагш яваад “Станцын цэнхэр” хороолол бий…

Үеийн найзууд нь ч түүнийг ихэд санаж байгаагаа дурсав. Ангийнхантайгаа их нийцтэй төдийгүй сурлага сайтай хүүхэд байсан тухай найзууд нь ярьж байна. Ялангуяа математикийн хичээлдээ толгой цохидог нэгэн байж. Ангийн багш Л.Одцэцэг “Манай шавь их сэргэлэн хүү байсан. Өнгөрсөн жил би нэгдүгээр анги авсан. Жил гаран энэ хүүхдүүдтэйгээ хамт байсан болохоор талийгаачийн талаар ангийнхандаа дуулгахад бэрх байсан” гээд хоолой нь зангирч байв. Ангийнх нь хүүхдүүд талийгаач хүүд зориулж мөнгө цуглуулж, ар гэрийнхэнд нь хандивласан бөгөөд буяны ажилд нь оролцоцгоожээ. Тухайн үед хүүг тогонд цохиулж зуурдаар амиа алдсан гэдэгт бүгд итгэсэн байж.

Энд талийгаач хүү суудаг байжээ

ХҮҮГ ЗУУРДААР БУС ГАДНЫ НӨЛӨӨТЭЙГӨӨР АМИА АЛДСАН БОЛОХЫГ ЦАГДАА НАР ИЛРҮҮЛЖЭЭ

Аймгийн нэгдсэн эмнэлэг болон ар гэрийнхэн хүүгийн үхлийн гол шалтгаан нь тогонд цохиулснаас болсон гэдэгт бараг л итгэж, буяны ажлыг нь зохион байгуулах ухааны юм бодож байсан бололтой. Харин цагдаагийнхан хэргийг арай өөр өнцгөөс харжээ. Түүнийг гадны нөлөөтэйгөөр амиа алдсан болохыг сэжиглэх хэд хэдэн шалтгаан байсан байна. Хүүг эмнэлэгт авчрахад хоолойн тус газар нь боосон мөр ажиглагдсан бөгөөд долоон настай хүү юугаар хэрхэн тоглох, тоглож болохгүй гэдгийг ялгаж салгах нас гэдэг нь гол зангилаа байв. Тиймээс хүүг хэрхэн амиа алдсаныг аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэхээр ажилласан байна. Хүүг гадны нөлөөтэй өнгөрсөн эсэхийг шалгахын тулд хамгийн түрүүнд эцгийг нь хардаж шалгасан бололтой. Тухайн өдөр хүүгийн эцэг Цэдэвдорж гэртээ эзгүй байсан бөгөөд Дорнод аймгийн Матад суманд байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Цэдэвдорж элдэв хэрэг төвөгт орооцолдож, өмнө нь ял эдэлж байсан авир муутай нэгэн учир ийн хардах шалтгаан болсон бололтой. Ямартай ч тэрээр эзгүй байсан нь тогтоогдсон учир өөр хэн нэгэн хүүгийн аминд хүрсэн байх магадлалтай хэмээн үзэж дахин шалгалтыг лавшруулан ээж Мөнхзаяагаас байцаалт авсан аж. Үүний үр дүнд нөхөр Цэдэвдоржийнх нь гэр бүлээс гадуурх харилцаа ил болсон байна.

Дорнод аймгийн цагдаагийн газар

АЙМАГТАА АЛДАРТАЙ “ХАР” ЦЭДЭВИЙГ ЯАГААД ЦАГДАА НАР ХАРДАХ БОЛОВ

Талийгаач хүүгийн эцэг аймагтаа нэлээд зартай нэгэн аж. Түүнийг нутгийнхан “Хар” Цэдэв гэдгээр нь андахгүй. Хүүхэд байхаасаа л хэрэг төвөгт орооцолддог байсан бөгөөд хэд хэдэн удаа шоронд ял эдэлж байжээ. Авир, ааш муутай гэдгээр нь ойр хавийн хүмүүс андахгүй гэнэ. Ялангуяа эхнэр Мөнхзаяаг нэлээд зовоож зодож, нүддэг байж. Бүр хэдэн жилийн өмнө өрөөсөн нүдийг нь хүртэл үзүүртэй зүйлээр сохолж байсан удаатай. Хамгийн сүүлд энэ хэргээс болж найман жил ял эдэлжээ. Улмаар шоронгоос суллагдан гарч ирээд эхнэртэйгээ эргэн нийлсэн байна. Зарим хүмүүсийн яриагаар бол эхнэрээ дарамталж байгаад буцааж авч суусан гэх. Тэрээр өдгөө 40 гаруй насны эр бөгөөд урд хөршөөс мотоцикль оруулж ирэн Матад суманд борлуулдаг юм байна. Ингэж овоо хэдэн төгрөгийн ашиг гаргаж адуу мал худалдаж авдаг болжээ. Одоо хувьдаа нэлээд мал хуйтай төдийгүй фермерийн аж ахуй ч эрхэлдэг байна. Ашиг хонжоо, худалдаа наймаанд гаршиж, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн ч ганзага нийлдэг нөхдийгөө залилах нь цөөнгүй. Тэгсэн атлаа өөрөө их заргач, хүн муутай нөхөр гэх яриа нутгийн иргэдийн дунд түгээмэл аж. Түүнчлэн эхнэрээ байнга дарамталж, хүчирхийлдэг гэдгийг захын хүмүүс хэлэх. Тиймээс цагдаагийнхны шалгах үндэслэл болсон бололтой. Харин эхнэр нь тусдаа амьдардаг ээжээсээ өөр ойр дотнын хүнгүй бололтой. Эхнэрийн хувьд “Хан Хэрлэн” худалдааны төвд барааны лангуун дээр сууж наймаа хийгээд олон жил болжээ. Талийгаач хүү Цэдэвийг шоронгоос суллагдсанаас хойш мэндэлжээ. Цагдаагийнхан Цэдэвийг хүүгийнхээ амь насыг хөнөөгөөгүй гэдгийг цаг хугацааны хувьд нотолсон учир ойр хавийн тойрон хүрээлэгчдийг нь шалгаж эхэлсэн байна.

А.АМАР

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Аз жаргалтай хохирогч

– Фельетон-

Сум, дүүргийн сонгууль эхэллээ. Хотын намын хороо хохирогчидтой уулзалт хийж эхлэв. Энэ сонгууль “Аз жаргалтай хохирогч” уриан дор болох ба хохирсон хүн бүрийг намын гишүүн дэмжигч гэж үзэх тогтоол ч гарчээ.

Уржигдар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон 200 хүнтэй уулзсан байна. Харин өчигдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг зогсоосноос болж хохирсон 200 иргэнийг хүлээн авч сэтгэлийн дэм өгчээ.

Авлигаас болж хохирсон иргэдийн форум энэ кампанит ажлын оройд байх бололтой. Түүнээс дутахгүй ач холбогдолтой өөр нэг ажил бол “Авлигатай тэмцсэнээс болж хохирсон хүмүүсийн төрөл төрөгсдийн симпозиум” болоод байна. Сонгуулийн урьд өдөр “Хохироогүйгээсээ болж нам засгийн анхаарлын гадуур үлдэж хохирсон иргэдийн чуулган” хийснээр энэ ажил өндөрлөх аж.

Намын үзэл суртлын шугамаар “хохирогч”-ийн хэв шинжит дүрийг урнаар бүтээсэн “Хохиреализм” чиглэлийн уран бүтээлчдийг хөхиүлэх ажил ч хүчтэй зохиогджээ. Энэ ажлын хүрээнд “Бидний цөөхөн монголчууд, бие биедээ хохиролтой” гэхчилэнгийн шүлэг, “Хохирлын бурхан, чи хаана байна” зэрэг дуу, “Миний хохирлоос бурхан гуйсан ч бүү өг” драмын жүжиг гарч амжсан гэх.

Иргэний зарим зүтгэлтнүүд өөрсдийгөө “эх хохирогч” хэмээн нэрлэж байгаа нь эх оронч гэдэгтэй дүйхээр барахгүй давах үг гэнэ.

Төрийн албан хаагчийн өргөдөлд “Та хэдэн удаа хохирсон бэ, хохироогүй бол шалтгаанаа үндэстэйгээр тайлбарлана уу” гэсэн асуулт орсон байна.

Наад захын СиВи-нүүд “Анх хохирсон он. Хохирсон газар. Хохирлын харьяалал. Төгссөн хохирол. Хохирлын зэрэг хамгаалсан эсэх. Төр, засгийн дээд хохирол хүртсэн огноо. Гэр бүлдээ хэдэн хохирогчтой. Хохирогчид хохирогчийн юу болох…” гэхчилэнгийн хүснэгттэй болж байгаа гэнэ.

Базарваань гэж, арай романтик зарим нь бүрлээчийн хөшөөн дээр “хохирч эхэлсэн ба хохирч төгссөн он” гэж бичих санал гаргаад авчээ.

Манай парламент тэтгэврийн насыг цаашлуулаад зогссонгүй, өндөр настнуудын “улсад хохирсон хугацаа ба сүүлийн хэдэн хохирлын дундаж”-ийг баримтлан тэтгэвэр олгох хууль баталсныг сая л мэдлээ.

Хотын намын хорооноос “Хохирсон сонгогчдын жагсаалтыг өргөнөөр үйлдэх үүргийг намын үүр хороодод өгсөн” байна. Харин хохироогүй үлдсэн этгээдүүдийн бүртгэлийг гаргаж, хохироогүй шалтгааныг байцаан тогтоох, хохирсныг нь хүлээлгэх үүргийг хүчний байгууллагуудад өгчээ.

Харин сайн дураараа хохирсон иргэнийг өршөөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна.

Нэг юм орхигдсон санагдаад байгаа биз. Тийм ээ, манай хотыг нохойгүйгээр төсөөлөх аргагүй. Иймээс хотын намын хороо маргаашаас эхлэн золбирсноос болж гудамжинд гарч хохирсон 200 нохойг хооллон дэмжлэг хүсэх гэнэ. Харин нөгөөдөр золбироогүйгээс болж айлын гэрт хоригдон хохирсон 200 нохойн чуулганыг төлөвлөжээ.


Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Б.Цэнддоогийн “Цээпээ ахын сургууль” гэсэн нийтлэл хэвлэгджээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн
дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл,
сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ингээд Өдрийн сонины пүрэв
гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Тухайлбал, “Бөөн баяр”-тай
багш нарын өдрийг
Өдрийн сонин пүрэв гаригийн дугаарынхаа
нэгдүгээр нүүрэнд онцолж байна. ОУ-ын багш нарын баярын өдрөөр болсон арга
хэмжээнүүдийн сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс
УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцсан яриаг сонирхон
уншаарай.

“Өдрийн
сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж,
нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн
дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Цээпээ
ахын сургууль” гэсэн нийтлэл хэвдлэгджээ.

Улс төрийн дөрөвдүгээр
нүүрэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртай ярилцлаа. Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал хүчтэй яригдах болсон. Энэхүү асуудлаар болоод бусад
сэдвээр дэлгэрэнгүй ярилцагыг хүлээн авч уншаарай.

Цаг үе, үйл явдлын долоодугаар
нүүрнээс “Их Британийн иргэншилтэй, энэ парламентын гишүүн хэн бэ?”
гэсэн гарчигтай сурвалжлагыг сонирхон уншаарай. Оффшор данс гэсэн ойлголттой
болоод монголчууд гурван жил болж байна. Өнөөдөр ч энэ тухай ярьж, улс төрчид
өндөр албан тушаалтанууд нэр холбогдсон гэх мэдээллүүд бий.

Эдийн засгийн 13
дугаар нүүрт “Новотерра” компанмийн захирал Б.Бямбасайхантай эдийн засгийн ирээдүй байдал болоод
цаг үеийн асуудлаар ярилцлаа. Сонирхон хараарай.

“Амьд Барби” нэрээр олны танил
болсон Украины загвар өмсөгч Валериа Лукъянсва өчигдөр Улаанбаатарт ирсэн.
Тэрээр удахгүй болох “Face of Beauty international” ОУ-ын
тэмцээнд хүндэт зочноор оролцох аж. Энэ талаар мэдээллийг манай сонины 12
дугаар нүүрнээс сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан”

компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”,

“Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин