Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ахмадуудаа адалсан ард түмэн өөдөлдөггүй

Гурван жилийн өмнө манай сонин “Хөгшдөө хөгшин нохой шиг хаядгаа больё” хэмээн гол нийтлэлээ болгон бичиж байлаа. Яг л энэ өдрүүдэд, ахмадын баярын үеэр хөгшдийн тухай нийгэмд асуудал болгон түгээж байжээ. Монголд тэтгэвэрт гарсан л бол хүний тооноос хасагдах шахуу болдог тухай элэг эмтрэм жишээнүүдийг иш татан өгүүлж байв.

Өдгөө энэ өдрүүдэд Олон улсын ахмадын баяр болж байна. Гоё хувцсаа өмсөж, одон тэмдэг зүүсэн хөгшчүүд бөөн бөөнөөрөө жигтэйхэн баяртай явцгааж байна. Хамт олон нь тэднийг хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг өгсөн бололтой жижигхэн зүйл барьцгаажээ. Жилдээ ганц ингэж хүндлүүлж, бөөнөөрөө уулздаг болохоор тэдний баярлах нь аргагүй юм. Бусад үед хөгшчүүд маань бөмбийсөн жижигхэн гэртээ ганцаардан хүүхдүүдээ хүлээн хөлийн чимээ чагнан суудаг юм. Эсвэл ач, зээ нараа харан өндийх ч завгүй өдөржин асрагчийн цаг наргүй ажил хийнэ. Зарим нь гудамжинд бохь, чихэр ширхэглэн зарж амьжиргаандаа нэмэрлэнэ. Хөдөө бол хүйтэн гэрт хоол ундгүй өнжих энүүхэнд. Арай тэнхлүүн нэг нь өдөржин хонь мал хариулна. Хүүхдүүд нь “аав, ээждээ хайртай”, “миний ээж хөөрхөн” гэж нялуурах ч ачилж тэтгэж байгаа нь тун цөөн. Голдуу л тэтгэврийн зээл авахуулан өөрсдийнхөө түмэн хэрэгцээг нөхнө. Залуудаа өмсөж байсан хээ нь арилж, өнгө нь гандсан цэмбэн пальто, ээтийж хуучирсан шаахайгаа өвөө нар өдөр тутамдаа өмсдөг. Дулаахан юм гээд пөөнөгөр пээлник эмээ нарт оногдоно. Хамгийн хямд, өнгө донж маруухан эд. Хөдөө бол сэмэрч гандсан дээл л байхад хувцасны хэрэгцээгээ хангачихна.

Энэ бол Монголын хөгшчүүдийн нийтлэг төрх. Тэтгэврээ үр хүүхдэдээ зориулдаг тэдэнд олигтой хувцас авах мөнгө байхгүй учраас хичнээн жил өмссөн хэдэн хувцсаа хаялгүй өмсөнө. Өөрсдөө ч, хүүхдүүд нь ч, ер нь хүн болгон хөгшин хүн гоёод яах юм гэсэн тогтсон ойлголт байдаг болохоор ийм байх ёстой мэт л байдаг. Хэн ч эмзэглэдэггүй, хэн ч анзаардаггүй. Ийм болохоор ахмадын баяраар нэг цуглахдаа тэд жигтэйхэн дуртай. Гарын бэлэг болгон өгсөн хямдхан аягаа төрийн одон авсан дайтай үзэж, бөөн баяр хөөр болно. Харахад элэг эмтэрмээр санагддаг юм. Магадгүй би гэсэн нэг өдөр, ийм аяга аваад баярлаж зогсох биз гэж бодохоор гунигтай, харуусалтай. Хөгширнө гэдэг амьдралын жам ч хөгширсөн хойноо хэнд ч тоогдохгүй амьдарна гэдэг аймшигтай юм.

Өнөөдөр манайд 310 мянган ахмад настай хүн байдаг. Тэтгэврээ тогтоолгосон хүмүүс гэсэн үг. Тэдэнд зориулсан ганцхан хууль байдаг нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль. Энэ хууль бас дотроо зөрчилдөөнтэй. Залуудаа ямар ажил хийж байснаар нь хөгшчүүдийг ялгаварладаг гэж шүүмжлэл дагуулдаг. Монголын ахмадын чөлөөт холбоо өнөө жил “Насаар ялгаварлахын эсрэг зогсоцгооё” гэсэн уриатай тэмдэглэхээр болсон тухайгаа мэдээлсэн байна лээ. Тэднийг маань хүмүүс сонсоосой. Ядаж ахмадаа хүндэлдэг болохсон. Тэднийгээ асарч тойлдог, сэтгэл амар амьдардаг болгоход тийм их хэцүү юм биш шүү дээ.

Барууны хөгжилтэй орнууд ахмадуудаа бөмбийтөл нь халамжилдаг. Тэдэнд зориулсан эмнэлэг, сувилал, өдөр өнжүүлэх, асрамжийн газрууд олноороо бий. Тэнд хөгшчүүд өдөржин хууч хөөрч, тоглож, зааж сургаж, асарч сувилуулж уйдах завгүй өнжинө. Үр хүүхэдгүй хөгшид бол тухайн асрамжийн газарт хувийн байр, хаусаа гэрээслэн үлдээдэг. Харин амьд ахуйд нь хөгшнийг сайн асрах үүрэгтэй. Асрамжийн газрынхан энэ ажлаа халтуурдахгүй, нөгөө ертөнцөд очтол нь хамгийн сайнаараа асарч сувилна. Хүүхдүүд нь ажил албатай бол өтөл настай аав, ээжээ өдөр өнжүүлэхэд өглөө өгөөд орой авна. Эсвэл долоо хоногийн сувилалд өгөөд амралтын өдрөөр гэрт нь авчирч хамт байцгаадаг. Харах, хандах хүнгүй ганцааранг нь орхидоггүй. Иймэрхүү ахмад настнуудаа харсан хууль эрхзүйн хамгаалалт их. Ер нь хүнийг хөгширлөө гэж хаядаггүй, улам л бөөцийлж хаацайлсаар байгаад ертөнцөөс үддэг. Ийм жишиг Монголдоо тогтоомоор байна. Хувийн хэвшлийнхэн зөвхөн ахмадуудад зориулсан амралт, сувилал, өдөр өнжүүлэх, асрамжийн газруудыг хэд хэдээр нь байгуулбал үйлчлүүлэх хүн лав олдоно. Төрөөс үйлчилгээ энэ тэрд нь бага зэрэг дэмжлэг үзүүлээд эхэлбэл аяндаа аав ээж, эмээ өвөөгөө хөтлөөд очих хүмүүс олширно. Алийн болгон хөгшдөө хөгшин нохой мэт орхих билээ дээ.

Монголчууд нүүдэлд тээр нэрмээс болдог гээд наян таваас дээш насалсан хөгшдийнхөө ам руу нь том уураг сүүл хийлгээд, араас нь шаант чөмөгний шагайтай үзүүрээр түлхүүлэн “бурхан болгодог” байсан тухай харгис домог бий. Домог болон яригддаг тийм цаг үе өнгөрсөн ч хөгшчүүддээ хөндий хүйтэн ханддаг хандлага нь хэвээрээ. Борнуурын Ахмадын асрамжийн газарт очихоор сэтгэл эмтрээд, хэдэн өдөр санаанаас гардаггүй гэж хүмүүс ярьдаг. Учир нь тэнд хүүхдүүд нь эцэг, эхээ аваачаад хаячихдаг юм. Эргэж очих, ач зээтэй нь уулзуулах тухай ойлголт байхгүй. Очсон хүн бүрээс хүүхдүүдээ сураглах тэр хөгшид залуудаа бидэн шиг л ажил хөдөлмөр эрхэлж, хань ижилтэйгээ үр хүүхдүүдээ өсгөн дуулж, шуугьж явсан байж таараа.

300 гаруй мянган хүн гэдэг бол маш хүчирхэг арми. Тэдний ажлын туршлага, үзсэн харсан дуулсан амьдралын хар ухааныг ашиглавал Монголын нийгэмд асар их хэрэг болно. Зөвхөн тэтгэвэртээ гарсан багш нар л гэхэд 32 000 хүрчээ. Ийм багш нарын чадварыг ашиглах юм бол хүүхдүүдийн сурлага сайжраад ирэх нь лавтай. Ийм бодлого, зохицуулалт хийж, хууль санаачилж одоогийн байгаа байдлыг өөрчилмөөр байна.

Өнөөдрийн ахмадын асуудал бол маргаашийн таны, бидний асуудал юм. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргүүлээд тань руу их буугаар буудна гэдэг үгийг хэн хүнгүй мэддэг байх. Тэгвэл ахмадуудаа адалсан ард түмэн өөдөлдөггүй. Эцэг, эхийгээ өргөж асраагүй бол үр хүүхэд нь сайн явдаггүй гэдэг эртний үгтэй ард түмэнсэн бид.

Д.Оюунтуяа

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч Б.Дорждэрэмийн “Ерөнхий сайд өөр нам эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барихад дагахгүй юм гэнэ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Энэ тухай манай сонины өнөөдрийн дугаараас уншиж сонирхоорой.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын өчигдрийн хуралдаан дээр ямар ямар асуудлууд хэлэлцсэн тухай унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Дорждэрэмийн “Ерөнхий сайд өөр нам эрх барьж байх үед гаргасан шийдвэрийг өөрийн нам эрх барихад дагахгүй юм гэнэ” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн мягмар, лхагва гаригуудад Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж иргэдтэй уулзсан байна. Энэ тухай улс төрийн зургадугаар нүүрнээс уншина уу.

Баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс нхуурамч фэйсбүүк хаяг ашиглан охид эмэгтэйчүүдтэй танилцаж улмаар дарамталдаг байсан хэсэг хүмүүсийг барьсан талаар уншаарай.

12 дугаар нүүрэнд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Цагаан хадаг” киноны гол дүрийг бүтээсэн СУИС-ийн оюутан ЖТ.Жинжмаатай хийсэн ярилцлагыг хэвлэн гаргалаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Дархан нэхий” ХХК Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

дархан нэхийний үйлдвэр зурган илэрцүүдАзийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Япон улсыг төлөөлсөн Гүйцэтгэх захирал Коичи Хасэгава өнөөдөр Дархан-Уул аймагт айлчлах хүрээндээ “Дархан нэхий” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус компани нь 2010 онд хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Азийн хөгжлийн банкнаас авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Тодруулбал, өдөрт 500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий гутлын үйлдвэрийг байгуулснаас гадна боловсруулах нойтон цехийн тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Үүний үр дүнд үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэг дахин нэмэгдүүлсэн зэрэг бодит үр дүнгүүд гарчээ.

Цаашид Дархан нэхий компани нь шахмал шир боловсруулах, хаягдал ноосыг ашиглах хоёр төсөлд АХБ-тай хамтран ажиллахаар болсон байна. АХБ-ны төлөөллүүд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтарч ажилласны үр дүн өндөр байгаа тул сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ нь Азийн Хөгжлийн Банкны нэг томоохон амжилт юм гэдгийг ч онцлов.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш бага зэрэг буусан нь түр зуурын үзэгдэл

доллар өслөө зурган илэрцүүдЭнэ долоо хоногийн эхээр 2296 төгрөгтэй
тэнцсэн долларын ханш бага зэрэг суларсан байна. Тодруулбал, “Найман
шарга” валютын захад 2265 төгрөгийн ханшаар
худалдан авч, 2280 төгрөгөөр худалдаж байна.

Харин банкуудын хувьд 2274-2276 төгрөгийн ханшаар
авч, 2286-2288 төгрөгөөр худалдаж байна.

Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш
2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан
байна. Гэхдээ энэхүү бууралтыг түр зуурын үзэгдэл гэж эдийн засагчид хэлж
байгаа юм.

Учир нь Монголд доллар орж ирэх сувгуудынх нь
амсар хаалттай, экспортын хэмжээ өссөн нь орлого буурсан, гадаадын цэвэр
хөрөнгө оруулалт хасахтай хэвээр байгаа тул доллар буурлаа гэхэд энэ нь түр
зуурын үзэгдэл гэдгийг эдийн засагчид ярьж буй.

Categories
мэдээ спорт

Францад болсон дугуйн тэмцээнээс манай тамирчин мөнгөн медаль хүртэв

ОУХМ Б.Тэгшбаяр зурган илэрцүүдЭнэ сарын 1-2-нд Франц улсад дугуйн засмал замын бөөн гараат
138 км-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тус
тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр мөнгөн медаль хүртсэн
байна. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Швейцарь улсад болсон ханан тойргийн уралдаанд
оролцож мөнгөн медаль хүртээд байсан. Ийнхүү тэрбээр хос мөнгөн медальтай боллоо. Б.Тэгшбаяр энэ сарын 10-нд Катар улсын Доха
хотноо болох засмал замын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд
оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг төслийг /шинэчилсэн найруулга/ Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Тэгвэл өнөөдөр /2016.10.06/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Б.Ундармаа, А.Сүхбат, Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Ц.Гарамжав, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Оюунхорол болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцов.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа боловч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зохицуулалт оновчтой бус, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах журмыг орхигдуулсантай холбоотойгоор хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Хуулийн зорилттой уялдуулан,

-хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаврлан гадуурхахгүй байх;

-хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах;

-хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шуурхай хангах;

-нууцлалыг хамгаалах;

-салбар хоорондын хамтын ажиллагааг хангах, нэгдмэл цогц байх зарчмын хүрээнд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан.

Уг хуулийн төсөл батлагдснаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн байгууллагын бүтэц, төрийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин боловсронгуй болно гэж үзэж байна” хэмээн хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн Д.Саруул хийсэн бөгөөд уг хуулийн төслийг боловсруулахдаа урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх гэсэн дөрвөн үндсэн зарчмыг баримталсан аж. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, хорих зэрэг олон төрлийн хариуцлага ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, “Хохирогчийг хамгаалах цогц зохицуулалт” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсооход НҮБХАС-ын оролцоо” сэдвээр НҮБХАС-ын Жендэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Б.Оюун нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Зарим тоон баримтаас дурдвал, Улсын хэмжээнд 2016 оны эхний 9 сарын байдлаар 21105 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1066 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 295 хэргээр буюу 38.3 хувиар, бүх хэрэгт эзлэх хувийн жин 5.1 хувь болж, 1.4 нэгжээр тус тус өссөн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 83.2 хувийг хөнгөн, 12.3 хувийг хүндэвтэр, 3.0 хувийг хүнд, 1.5 хувийг онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 59.3 хувь нь Улаанбаатар хотод, 40.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс нийт 581 гэр бүлийн нийт 1043 үйлчлүүлэгчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 8, эмэгтэй хүн 358, эрэгтэй хүүхэд 341, эмэгтэй хүүхэд 336 байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртөн хамгаалалтад авагдсан нийт 375 үйлчлүүлэгчид эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийн, эрсдэлийн түвшинг тогтоож, холбон зуучилсан. Үүнд:

-Хүчирхийллийн үндэсний төвд –55

-Хамтарсан багт –114

-Эцэг эхэд нь –420

-Өөрийн хүсэлтээр -185

-Асрамж халамжийн төвд –23

-Дүүргүүдийн гэр бүл хөгжлийн төвд –162

-Цагдаагийн байгууллагад –56

-Төрийн бус байргууллагад – 6

-Яаралтай тусламжийн төвд – 4

-Нэг цэгийн үйлчилгээнд -11

-Хөөрхөн зүрхнүүд ТББ – 2 тус тус зуучилжээ.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах цогц зохицуулалтыг бий болгохын тулд салбар хоорондын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод зөвхөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулиудад тодорхой зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, УИХ-ын гишүүдээс энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байлаа.

Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Хууль сахиулах их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Монголын хуульчдын холбоо, НҮБ-ын Хүн амын сан зэрэг төрийн болон төрийн бус, олон улсын донор байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Categories
мэдээ улс-төр

С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн удирдлагатайгаа нягт хамтран ажилладаг үндсэн хуулийн байгууллага юм.

Тиймээс өнөөдөр Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж, аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд“Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс байгуулагдаад 25 жил болж байгаа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбоо нь Үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах зарчмыг орон нутагт хуулийн дагуу хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллагын салбар хороодын захиралаар аймаг нийслэлийн хурлын дарга нар, гүйцэтгэх захиралаар нь хурлын нарийн бичгийн дарга нар ажилладаг.

Сонгуулийн дараагаар байгуулагдсан шинэ бүрэлдэхүүнтэй анх удаа уулзаж байна. Цаашид дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Байгууллагын маань гол зорилго нь шинээр сонгогдсон орон нутгийн улс төрчдөд сургалт явуулах, тэднийг дадлагажуулах, өөрөө удирдах байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид иргэдийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг тал дээр дадлага сургууль олгох журмаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллага бэхэжсэнээрээ орон нутгийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл барилгын салбараа дэмжин ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын удирдлагуудтай уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа.

Тус ассоциацийн бүрэлдэхүүнд сүүлийн 10 жилийн турш Монголын бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн шилдэг барилгын компаниудыг үүсгэн байгуулагч, захирал, гүйцэтгэх захирал, ерөнхий инженерүүд багтдаг юм байна. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд бүтээн байгуулагчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжин ажиллахаа хэлээд, орон сууцны зах зээлд оролцох төрийн оролцоог өөр хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм. Төр илүү хямд, илүү сайн барилга барих гэж бизнес эрхлэгч нартай өрсөлдөх биш харин тэднийг бодлогоор дэмжин төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг сайжруулах нь чухал гэж үзэж байгаагаа хотын дарга хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дуулгав. Утааг бууруулж, гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлогын хүрээнд хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг дурдаад, орон сууцны хөнгөлөлтийн талаар бодлогын шинэ төлөвлөлт хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тооллого явуулж, газрын нэгдсэн сан байгуулахаар туссан. Энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ менежмент нэвтрүүлэх, дэд бүтэц нь шийдэгдсэн сул газруудад ямар ч хөрөнгө оруулагч ирээд бүтээн байгуулалт хийх боломж бүрдүүлэхэд чухал алхам болохыг хотын дарга онцоллоо.

Нийслэлээс шийдвэр гаргаад иргэддээ, бизнес эрхлэгчиддээ шууд тулгадаг биш гаргах гэж байгаа шийдвэр бүхэн доороосоо эхээ авсан, тэдний хүсэн хүлээсэн шийдвэр байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллана. Тиймээс нийслэлийн Засаг даргын дэргэд олон нийтийн зөвлөл байгуулж тэр зөвлөлд барилгын салбарын төлөөллийг оролцуулж бэрхшээл, боломжуудыг нь ч сонсож, нээлттэй ажиллах болно гэдгээ хотын дарга уулзалтын үеэр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

2017 оны Төсвийн тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцжээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Тэрбээр:

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.

УИХ-ын намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.

2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.

Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа” хэмээн танилцуулгынхаа эхэнд дурдсан.

Засгийн газраас эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-III-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байгаа ажээ.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм байна.

Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн танилцууллаа.

Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг мөн баримталжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх, тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг”олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан байна.

Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгажээ.

Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаит хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээнэ. Үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгасан. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах зохицуулалт хэвээр үргэлжилнэ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгаа вэ?

-Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтсон. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчид, тариаланчдыг дэмжих ажлыг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

– Төсөв бол өмнөх хэлбэрээр орж ирсэн байна. Төрийн өмчийн компанийг хувьчлах асуудлыг яах ёстой вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад 2017 оны төсөвт зарим хүмүүсийн гаргаж байгаа саналыг тусгах хэрэгтэй. 40 тэрбум төгрөгөөр жижиг дунд үйлдвэрийг дэмжиж чадах уу. ЖДҮ-ийг хариуцсан яамд ажил хийж байгаа үйлдвэрээ дэмжих юм бол үүний цаана орлого нэмэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар цас орж байна

орон нутагт зам халтиргаатай байна зурган илэрцүүдДундговь аймгийн баруун хэсэг, Өмнөговь аймгийн нутгаар цастай байна. Өнөө шөнө зүүн аймгууд, Сүхбаатар чиглэлд цасан шуургатай, нойтон цас орох, үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргуу мөстөх, халтиргаа гулгаа үүсэх магадлалтай байгааг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас анхаарууллаа.