Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Орхон аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэтбат энэ сарын 6-нд Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ нь түүний хувьд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа томилолтоор ажиллаж буй тав дахь аймаг бөгөөд тэрээр маргаашаас Булган, Хөвсгөл аймагт ажиллах юм.

Эрдэнэт хотын иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа.

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ хөтөлбөрт МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцсон мөрийн хөтөлбөрийг 100 хувь тусгасан. Засгийн газраас ирэх 4 жилд хэрэгжүүлэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын олон зорилт туссан гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан, УИХ-д өргөн барихад бэлтгэж байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрчимжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

Ахмад настан азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2017 оноос хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг тусгасан. Нас ахих тусам насны хишиг нэмэгдэнэ. 70-79 настанд 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-ээс дээш настнуудад 300 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгохоор төсөвлөсөн.

Мөн их дээд, сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулахаар БСШУСЯ-ны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, Боловсролын зээлийн сан болгосон. Энэ сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгоно. Мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Энэ арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат хэллээ.

Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш бүх салбарын удирдлагуудтай уулзсан. Эрчим хүчний салбарт л гэхэд 68 төсөл хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Энэ 68 төсөл, төслийн ТЭЗҮ-г боловсруулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан. Эдгээр 68 төслийг бүгдийг хэрэгжүүлбэл манай улсын эрчим хүчний хэрэгцээ 20 дахин нэмэгдэхээр байгаа юм. Мөн барилгын салбарт л гэхэд барилгын тусгай зөвшөөрөлтэй компани 2012 онд 1800 бсан бол өнөөдөр энэ тоо 2,5 дахин өсөж 4600 болсон. Өнөөдөр зах зээл дээр 30 мянга гаруй орон сууц бэлэн болсон байна, худалдан авалт байхгүй, хөрөнгө түгжээд байна. Эндээс үзэхэд Засгийн газрын бодлого маш тодорхой байх ёстой. Иймд энэ дөрвөн жилд салбартаа хамгийн оновчтой 3-5 үйлдвэр байгуулах үүргийг салбарын сайд, Засгийн газрын гишүүн бүрт өгөөд байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Эдийн засгаа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого явуулна, үүнд онцгой анхаарна. Энэ бол найдвартай хөрөнгө оруулалт. Иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ, бие биенээ дэмжих, худалдан авалт хийхийг уриалсан гэлээ.

Шинэ төрлийн татвар бий болгохгүй, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд 1,5 тэрбум төгрөгөөс бага жилийн орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулна. Энэ асуудал иргэдээс дэмжлэг хүлээж байна. Мөн “Итгэлийн зээл” олгож, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Ахмадын тэтгэвэр, оюутны далан мянган төгрөг, хүүхдийн мөнгөний талаар асуусан иргэдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр,

О.Содбилэг гишүүн бид хоёр “Ач санах тухай буюу насны хишиг тэтгэврийн тухай хуулийг өнгөрсөн парламентийн үед санаачилсан ч УИХ-аар хэлэлцээгүй. Шинэ Засгийн газар энэ төслийг Ахмад настны тухай хууль болгож хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсанд баяртай байгаа. Хамтын тэтгэврийн хуульд 7 мянган ахмад л хамрагдах байсан бол “Насны хишиг” тэтгэврийг 78 мянган хүн хүртэх юм. Эдийн засаг сайжрахын хэрээр жилд хоёр удаа биш дөрвөн удаа буюу улирал тутам “Насны хишиг” олгохоор төлөвлөсөн гэлээ.

Мөн зээлийн хүүг бууруулах аргачлалыг боловсруулсан, цалингийн зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллана гэв.

Залуучуудын хөгжлийн тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийг боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Манай Засгийн газар Хүүхэд, залуучуудын агентлагийг байгуулсан гэдгийг хэллээ.

Оюутны 70 мянгыг зогсоосон, 70 мянга авах гэж Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурах хүмүүс олон байна. МСҮТ-ийг менежментийн хувьчлалаар багш нарт нь хувьчлахаар эрх зүйн зохицуулалтыг хийхээр болж байгаа. Оюутны 70 мянгыг зогсоож, оюутны сургалтын төлбөрийн зээлийг бий болголоо.

Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно. Ингэхдээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь хуримтлалаар 2019 онд бөөнд нь олгоно гэлээ.

Эрдэнэтийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хамгийн олонтаа давхардсан асуулт нь Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудал байлаа. Засгийн газар энэ асуудлыг судлах, шалгах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж хэлэлцээд Засгийн газар шийдвэр гаргасан байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шийдвэрийг танилцуулав.

1. Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан.

2. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдсантай холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгосон.

3. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны нууц байсан тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болсон.

4. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжилсан гэдгийг хэллээ.

Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, цаашид ямар арга хэмжээ авахыг сонирхож байлаа. Үүнд Ерөнхий сайд, МАН-ын бүлэг энэ асуудлыг сайтар ярилцаж байгаа. Засгийн газрыг төлөөлж 49 хувиа худалдаж авахаас татгалзах шийдвэр гаргасан хүмүүсийн үйлдлийг болон хувьцааны худалдаа хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах, УИХ-ын төвшинд ахин ярилцах зэрэг манай намын бүлэг дээр янз бүрийн санаа оноо гарган нухацтай хэлэлцэж байгаа. Эцсийн бүлэгт МАН хамгийн зөв хувилбараар шийднэ. Хувьчлалын явцыг шалгадаг газар нь шалгаж, хууль бус болсон үгүйг тогтооно. 49 хувийг худалдаж авсан талтай Засгийн газар ярилцана, гэхдээ дээрэм хийхгүй. Монголын төр хувийн хэвшилд дээрэмчин аятай хандаж болохгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэллээ

Нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэллээ зурган илэрцүүд2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт элсэхээр бүртгүүлсэн ч сугалаанд азгүйтэн, гэртээ үлдсэн 40 орчим мянган хүүхэд бий. Засгийн газрын шийдвэрээр тэдгээр хүүхдүүдээс дахин 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгийн орон тоонд элсүүлэхээр болж, нэмэлт бүртгэл зарласан. Өнөөдрөөс хувийн цэцэрлэгүүд нэмэлтээр бүртгүүлсэн хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна.

Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр, Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд авсан гэх тооцоо гаргасан байна. Гэхдээ орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгчээ. Улмаар энэ тоонд үндэслэж тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан аж. Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хийсэн байна.

Б.ГЭРЭЛ

Categories
мэдээ улс-төр

“Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Олон улсын “Тахь групп” төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Олон улсын “Тахь групп”-ын ерөнхийлөгч, Швейцарь Улсын иргэн амьтан судлаач доктор Рейнхард Шинидриг, Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Мериям Бурс, Монгол дахь салбарын дарга Н.Энхсайхан нар оролцов.

Уг группыг 1999 онд Христиан Освальд өөрийн найз Швейцарийн малын эмч ЖонФиар Зийгфрид, хатагтай Дороттее Штамм нарын хамтаар санаачлан байгуулсан бөгөөд олон арван хувь хүмүүс, байгаль судлаач, адуунд элэгтэй хүмүүс дэмжин ажилладаг юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2013 оны хавар 3 тахийг Швейцарийн Цюрихь хотоос Японы “Тама” амьтны хүрээлэнд хүргэх ажлыг “Тахь групп” амжилттай зохион байгуулсан юм. “Тама” амьтны хүрээлэн Монгол тахиар бүл нэмж, шинэ өргөтгөл байгуулж ашиглалтад оруулснаар Японд монгол тахь өсөж үржиж эхэлсэн бөгөөд ирээдүйд арлын орноос Монгол руу тахь илгээх төслийг дэмжих хамтын ажиллагааны суурь тавигдсан байна.

Олон улсын “Тахь групп” нь сүүлийн жилүүдэд ж Чехийн амьтны хүрээлэнгээс Монголд тахь буцаан авчрах ажлыг идэвхтэй дэмжин ажиллаж байгааг уулзалтад оролцогчид хэллээ. 2012, 2013, 2014, 2015, 2016 онд Зүүнгарын говь, Тахийн талд нийт 26 тахь тээвэрлэн авчрах өртөг зардал бүхий хүнд ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Праг хотын амьтны хүрээлэн, Чех Улсын Элчин сайдын яамны идэвхтэй хамтын ажиллагаа, дэмжлэгээр тахь нутагшуулах төслийн зарим тулгамдсан ажлуудын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байгааг танилцуулав.

Мөн 2012 онд Хятадын Жимсарын тахь үржүүлгийн төвөөс тахийн 4 азаргыг Зүүнгарын популяцид нэмж тээвэрлэн авчирсан нь зэрлэг амьтан хамгаалах үйлсэд төдийгүй Хятад, Монгол улсын хил дамнасан байгаль хамгаалах хамтын ажиллагааны анхны алхам болсон байна.

Тахь сэргээн нутагшуулах ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргаа өргөжин, говийн унаган төрх, экосистемийг цогцоор хамгаалах, судлах бололцоо бүрдэн манай орны алслагдмал баруун хязгаар нутагт хүрээлэн буй орчны судлал, байгаль хамгааллын чиглэлийн судалгаа шинжилгээний орчин үеийн түшиц төв болж иржээ.

Categories
мэдээ нийгэм

Чойр-Сайншанд чиглэлд цасан шуурга шуурч байна

цасан шуургатай байна зурган илэрцүүд“Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн хариуцсан А0102 Чойр-Сайншанд чиглэлд Айраг суманд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа ихээр үүссэн байна. Тиймээс зорчигч, тээвэрлэгч нар техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Зам, тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Америкийн нефтийн үнэ өсөв

шатхууны үнэ өслөө зурган илэрцүүдАмерикийн Техасын хөнгөн нефть гэх WTI маркийн үнэ 0,75 хувиар өсөн баррель нь 50,21 доллараар Лондоны ICE биржид арилжаалагджээ. Хамгийн сүүлд зургадугаар сард ийм үзүүлэлттэйгээр зарагдсан юм. Хойд тэнгисийн Brent маркийн хольцийн үнэ 0,84 хувиар өсөн торх нь 52,26 доллараар арилжаалагджээ.

Нефть экспортлогч нарын байгууллага (OPEC) есдүгээр сарын 28-нд Алжирт тохиролцсон лимитээ нэг хувиар буулгахад бэлэн гэсэн нь үнийг ийнхүү өсгөв. Энэ талаар Алжирийн Эрчим хүчний сайд Нуреддин Бутарфа “ ОРЕС торх нефтийн үнийг 50-55 доллар болгохын төлөө байгаа” гэж тэр дуулгалаа.

Мөн АНУ-ын арилжааны нөөцийн хэмжээний ээлжит мэдээ пүрэв гаригт гарахад өмнөх долоо хоногт нөөц 3,02 сая баррелиар буурчээ. Энэ нь бас үнэ нэмэгдэхэд нөлөөллөө.

Categories
мэдээ улс-төр

Чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр 10 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар 2017 оны улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо хуралдах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Амьдралын бэлэг” тоглолт болно

Ц.Чулуунбат зурган илэрцүүд“Харанга” хамтлагийн аргил гитарчин
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат “Амьдралын бэлэг” тоглолтоо хийх гэж
байна. Тоглолт өнөөдөр эхэлнэ.

Тоглолтод “Амьдралын бэлэг” нэртэй шинэ
цомогт орсон уран бүтээлүүдээ дуулах аж. Мөн “My street” цомогт орсон
хуучны дуугаа шинэчлэн найруулж “unplugged” хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм байна.

Мөн тоглолтын онцлог нь тэрбээр шинэ залуу
уран бүтээлчидтэй дуэт дуулах тухай хэлж байна. Тоглолтод “Харанга”,
“Freezone”, “Guys” хамтлаг, Дуучин МУГЖ П.Наран, Б.Сарантуяа нарын дуучин
оролцох нь ээ.

Тоглолт энэ сарын 7,8-нд 19.00 цагт
Ub palace”-ийн концертын танхимд болно.

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсанаа: Ерөнхийлөгчийн сонгуулиа алдахгүйн тулд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай

Ардчилсан хувьсгалын анхдагч, МоАХ-г үүсгэн байгуулагчдын нэг С.Амарсанаатай ярилцлаа.

-Ардчилсан намынхан дотроо толхилцоонтой байна. Энэ нь наанаа ил болчихсон зүйл. Өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх барьж байхдаа эвийг сахиж чадсангүй дээ?

-Өнгөрсөн сонгуулиар ард түмэн Ардчилсан намын үйл ажиллагаанд дүн тавьчихсан. Манай нам дангаараа дийлэнх олонхи болж чадаагүй ч хамгийн олон суудалтай байсан. Энэ хугацаанд чамлахааргүй ажил хийсэн ч ард түмний дунд нэр хүндээ алдсан нь харамсалтай. Үүний тод жишээ нь өнгөрсөн сонгууль байв. Сонгуулийн дүнг харж байхад нэг талаас харамсалтай байсан ч нөгөө талдаа эрэгцүүлж бодох, нам доторх алдаа завхралаа засах сургамж өглөө. Ардчилсан нам ингэж ялагдсан нь ард түмэнд хохиролтой. Нэг улс төрийн хүчин хэт дийлэнх олонхи болчихоор сөрөг хүчин түүнд нөлөөлөх ямар ч боломжгүй болдог. Тийм хэмжээнд хүртлээ Ардчилсан нам цөөхөн суудалтай болно гэдэг нь эцсийн дүндээ ард түмэнд ямар ч ашиггүй юм. Үүнийг бид 2000 онд харсан. Гэвч энэ байдал дахин давтагдлаа. Харамсалтай байна.

-Нам ялагдах болсон шалтгаан нь нам доторх лидерүүдийн хоорондын тулаан байсан гэдэгтэй санал нийлэх үү. Дарга нарын толхилцоон нь сүүлдээ хувийн ашиг сонирхол болж бие биенээ хорьж, цагдах хэмжээнд хүртлээ гаарах шив?

-Би мөн тэгж л харж байгаа. Нам доторх бүлэглэлүүд хоорондын зөрчилдөөн, дайсагналцал намын нэр хүндийг ард түмний дунд маш муухайгаар унагасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ нь өнгөрсөн дөрвөн жилд гарсан шинэ зүйл биш. Түүнээс өмнө 1998-1999 онуудад манай намынхан хэд хэдэн Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад огцруулсан. Үүний уршгаар 2000 оны сонгуулиар нэр хүндгүй болж Ардчилсан нам ганц суудалтай болтлоо ялагдаж байсан.

Энэ удаа нам доторх фракц нэртэй мөнгөний төлөөх бүлэглэлүүдийн толхилцоон нам ялагдах эхний хүчин зүйлс болсон. Түүнчлэн намын дүрмээ үл тоомсорлон, хэрэгжүүлдэггүй байдал нь гаарсан. Намын Их хурлаа ч хуралдуулж чадахгүй, ҮЗХ-гоо шинэчилж чадалгүй бугшиж явсаар намын нэр хүндийг шороотой нь хутгасан. Яагаад энэ хоёр хүчин зүйл гараад ирэв гэхээр Ардчилсан нам үнэт зүйлсээ дагаж мөрдөхөө байчихсан юм. Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлс нь намын анхан шатны байгууллага дээрээсээ алдагдчихсан. Өнөө фракц гэдэг гайтай зүйл чинь намын анхан шатны байгууллагадаа хүртэл орчихсон. ҮЗХ-ноосоо эхлээд намын дүрмээ хэрэгжүүлэхээ байчихаар нам яаж өнгөтэй, өөдтэй байх юм бэ. Манайхан өөрсдөө л дүрмээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

Ардчилсан нам 2000 оны сонгуульд ямар болтлоо ялагдаж байлаа гэдгээ бүр мартсан. Үнэт зүйлээ умартаж, өмнөх зорилгоо баллуурдсаны нэг жишээг хэлье. 1990 оны гуравдугаар сарын 23-нд нам төрийн удирдлагыг салгаж байсан юм. Тэр үед МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нь АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байлаа. Одоогийнхоор намын дарга нь УИХ-ын дарга гэсэн үг. Тиймээс МоАН, МоАХ-ноос шаардлага тавиад 1990 оны гуравдугаар сард болсон АИХ-ын ээлжит бус чуулганаар үүнийг тусгаарласан. Харамсалтай нь УИХ-ын дарга намын дарга байдаг хуучны тэр жишиг рүү манайхан халтирчихсан. Ийм ухралт байж болохгүй. Намын гишүүд нь сөрөг хүчнийхээ шаардлагыг дагаад өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулсан гэхчилэн алдаанууд Ардчилсан намыг өнөөдрийн энэ бэрхшээлийг туулах эхлэл болсон.

-1990 онд Монгол Улсад ардчиллыг хөгжүүлье гэж зүтгэж, тэмцэж явсан таны итгэл үнэмшил, мөрөөдөл хэр биелсэн байна вэ. Нэг талдаа ардчилал хөгжиж маш сайхан болсон гээд байгаа ч нөгөө талд нь хүлээн зөвшөөрөх хэмжээнд очоогүй гэх юм л даа?

-Хүссэн хэмжээнд төгс төгөлдөр болсон зүйл алга. Саад тотгор ихтэй байгаа ч урагшаа явж л байна. Ухралт ч их байна. Өмнө нь хийсэн зүйлээ үгүйсгэж байгаад харамсдаг. Ардчилсан нам ялагдаагүй бол үүнийгээ засахгүй цаашаа үргэлжлэх байсан. Өнгөрсөн сонгууль манай намын хувьд нэг талдаа харамсалтай ялагдал хэдий ч нөгөө талдаа боломж өгч, намаа шинэчил, шинэчилж чадахгүй бол та нарын хийж бүтээсэн бүхэн үгүй болно гэдэг том сэрэмжлүүлгийг өгсөн.

Ардчилсан нам Монголын багана болсон том намын хувьд үүрэх хариуцлага нь өндөр байдаг. Улс орны хөгжлөөс эхлээд, ардчиллын ололтыг батлан хамгаалах тал дээр том хариуцлага хүлээсэн нам. Тэр утгаараа Ардчилсан нам яаралтай шинэчлэгдэх хэрэгтэй. Туулсан замаа эргэн хараад алдаагаа засч, дүрмээ шинэчлэх цаг болсон. Ардчилсан намын шинэчлэл хэр байхаас шалтгаалан улс орны хөгжил, эрх чөлөөний байдал хангагдах уу гэдэг нь тодорхой болно. Харин шинэчлэгдэж чадахгүй бол үр дүн харамсалтай гарна. Ард түмний ардчилалд итгэл алдах байдал улам нэмэгдэнэ. Хуучинсаг үзэл бодолтой МАН-ынхан дийлэнх олонхи болчихлоо. УИХ-д Ардчилсан нам ямар ч нөлөөгүй болтлоо унасан. Ардчилсан намын есөн гишүүн байсан байгаагүй МАН-ын 65 гишүүн ямар ч хуулийг батлаад явна. Энэ чинь өөрөө эмгэнэл байхгүй юу. Ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Дараагийн Ерөнхийлөгч зайлшгүй Ардчилсан намаас байх ёстой. Цаг үеийн шаардлага нь тэр. МАН-аас нэр дэвших хүн Ерөнхийлөгчөөр сонгогдчихвол 1990 оны байдал тэр чигтээ давтагдана. Тэр үед нэг нам үнэмлэхүй байсан. Дээр нь тэр намын хүн Төрийн тэргүүн болчихоор улс орны нийгэм, эдийн засгийн байдалд ноёрхлоо тогтоочихоор ямар ч хяналтгүй болдог. Ардчилалд тулгарсан ийм том аюул, эрсдэл байна. Ерөнхийлөгчийн сонгуулиа алдахгүйн тулд яаралтай шинэчлэл хийх шаардлагатай.

-Нам шинэчлэгдэнэ гэхээр яг яаж шинэчлэгдэх ёстой юм бэ. Зарим хүмүүс бол Ардчилсан нам тараад дахин шинээр зохион байгуулалтад орох ёстой гэж байна. Гэхдээ тийм боломж бий юу. Болдог юм аа гэхэд нөгөө л хүмүүс чинь эргээд ирнэ биз дээ?

-Хамтран тэмцэж явсан журмын нөхөд маань таны асуусныг хэлж байна. Манайхан сэтгэл хөдлөлөөрөө яриад байгаа юм. Ардчилсан нам шинэчлэгдэхгүй байгаа болохоор бухимдсан сэтгэлээ илэрхийлэн нам тарах ёстой гэж байгаа болов уу. Миний хувьд Ардчилсан нам татах ёсгүй, тарах эрхгүй гэж үздэг. Учир нь улс төрийн хоёрхон том хүчний нэг нь манай нам. Тэр утгаараа Ардчилсан нам зайлшгүй байх ёстой. Нам тарах нь хуулиар зохицуулагддаг. Улс төрийн намуудын тухай хуульд хоёр заалт бий. Нэгдүгээрт, намын эрх барих дээд байгууллага буюу Их хурал таръя гэсэн шийдвэр гаргавал тарж болдог. Гэхдээ намын Их хурлаас тийм шийдвэр гарах боломж нь бага. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах, улс орны аюулгүй байдалд заналхийлэх, ялгаварлан гадуурхах, цэрэгжсэн нам бүлэглэл болох гэсэн заалт байдаг. Улсын дээд шүүхэд нам тарах өргөдлөө өгчихөд тав хоногийн дотор шийдэх хуулийн заалттай. Ардчилсан намыг тараана гэхээсээ илүүтэйгээр шинэчлэлийг дорвитой хийх цаг болсон. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болох тул түүнээс өмнө нам доторх хатигаа шахаж идээ бээрийг нь цэвэрлэх хэрэгтэй.

-Дахин асуухад тийм боломж байгаа юм уу?

-Тийм боломж байгаа. Намын хуучин удирдлагууд нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээн нам биш ҮЗХ тарах учиртай юм. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат “Их хурлаа хийж дүрмээ баталчихаад ҮЗХ татан буугдана” гэж хэлсэн байна лээ. Гэхдээ хуучин ҮЗХ шинэ дүрмээ баталж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Миний бодлоор эхний ээлжинд ҮЗХ тарах ёстой. Их хурлыг заавал арванхоёрдугаар сарын зургаанд хуралдуулна гэж тулгах шаардлага байхгүй. ҮЗХ тарж, дүрмээ батлаад дахин ҮЗХ бүрэлдэн намын анхан шатны байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулан Их хурлын төлөөлөгчдөө сонгох нь зөв. Тэр Их хурал чинь намын дүрмээ батлах ёстой. Намын дүрмийн хамгийн эхэнд фракцийг хориглох ёстой гэж боддог. Монгол шиг оронд нэг нам дотор фракц байх шаардлагагүй. Нам гэдэг нь улс төрийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаар нэгддэг хүмүүсийн нэгдэл байхгүй юу. Үзэл бодол нийлэхгүй бол намаас гараад өөрөө нам байгуулаад явах боломж бий. Заавал Ардчилсан нам гэдэг нэрийн доор албан тушаал, эд хөрөнгөтэй болох гэсэн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх бүлэглэлүүдэд нам ямар ч зай тавьж өгөх ёсгүй. Фракц нэрийн дор албан тушаал, эд хөрөнгөний төлөө л энэ хүмүүс тэмцэлдэж байна.

Үнэхээр намын үзэл баримтлалтай нэгдэхгүй, дүрмийг нь мөрдөхгүй юм бол намд байх ямар шаардлагатай юм. Хуучин шиг ганц намтай байгаад шинэ нам байгуулах боломжгүй байсан бол үзэл бодолдоо тулгуурлан нам дотор фракц байж болно. Түүнээс биш бизнесийн ашиг сонирхол, насны хязгаарлал, өмнө нь байсан нам, найз нөхдийн хүрээнд нэгдсэн фракцууд намыг сөнөөж байгаа. Энэ бол манай намын 20 гаруй жил явж ирсэн ужиг өвчин. Анх МҮАН, МҮДН, МоАН гээд намууд байсан. Сүүлд нэгдээд явахад Ардчилсан нам гэдэг нэг том малгайн доор угшил угшлаараа бүлэглэл болоод явсан. Энэ нь явсаар 1996 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрх барихад намын угшлаараа талцан байлдсаар 2000 онд яалаа даа. Бүгд гудамжинд гарсан. Хоорондоо ингэж дайсагналцах нь намын нэр хүндийг муухайгаар унагадаг юм байна. Улс орны хөгжилд хор хөнөөлтэй, тогтворгүй байдал үүсгэчихдэг юм байна. Улс төрийн тогтворгүй байдал үүсчихээр гадаадын хөрөнгө оруулалтаас эхлээд монгол руу гэсэн бүхэн цаашаа тэмүүлдэг болчихдог юм байна. Төр засгийн ажил, уламжлал алдагдаад эцсийн дүндээ намын жирийн гишүүд хамгийн ихээр хохирдог.

-Яг яаж хохирдог гэж?

-Ингэж муухай ялагдчихаар намын харьяалалтай бүх хүнийг ажлаас халдаг. 2000 оны сонгуулийн дараа МАН тухайн үеийн МАХН үнэмлэхүй олонхи болоод Ардчилсан намын угшилтай 15 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Өнгөрсөн сонгуулиар илт ялагдсан болохоор Ардчилсан намын угшилтай хүмүүсийг ажлаас халж байна. Судалгаа авч байгаад 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг халж байгаа. Энэ нь залуучууд улс төрд орж идэвхтэй байя гэдэг хүсэл эрмэлзлийг устгаж байгаа хэрэг. Залуусын хувьд ямар ч ирээдүй харагдахаа байчихсан. Ардчилсан нам шинэчлэгдээд 2020 онд яллаа гэхэд Ардын намын хүмүүсийг дахин бүгдийг нь халах уу, яах уу гээд цаашаа явах бүртээ өш хонзон, хорсол болон хувирдаг.

Одоо Ардчилсан нам дотор шинэчлэл явуулахаас гадна Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэр хүрээнд хатуу гишүүнчлэлийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр намууд хороо бүр дээр үүртэй, дүүрэг бүр дээр хороотой гээд сум, аймаг гээд бүгдийг нь өөрчлөх цаг болсон. Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам ялагдсан нь улс төрийн системд томоохон шинэчлэл хийх ёстой гэдгийг батлан харууллаа. Ардчилсан намаас гадна парламентын тухай ярих хэрэгтэй. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гээд заачихсан байхад өөрчилсөн.

хориглох шаардлагатай.

-З.Энхболд Ардчилсан намын дарга байхдаа фракцгүй Ардчилсан нам санаачилга гаргаж байсан. Өнөөдөр харин байдал хэвээрээ л байна…

-Фракцгүй болох ёстой. Ардчилсан намд хүчтэй байгаа фракцууд өөрсдийн хүчийг алдахгүйг хичээнэ. Тиймээс фракцийг хүчээр дүрмэнд суулгаж хориглох хэрэгтэй. ҮЗХ-г сонгодог журмыг өөрчилж тухайн орон нутгаасаа намын гишүүд сонгох шаардлагатай. Тэнд амьдардаг, намдаа олон жил зүтгэсэн, мэдлэг боловсролтой, манлайлагчдыг сонгохгүй бол Улаанбаатарт насаараа амьдарсан нөхөр аймагт давхиж очоод мөнгө тараагаад ҮЗХ-ны гишүүн болчихдог юм. Өөрөө мөнгөгүй байлаа гэхэд ивээн тэтгэгч бүлэглэлүүд өмнөөс нь мөнгийг нь өгчихдөг. ҮЗХ-д орохын тулд мөнгө тараадаг, бизнесийн бүлэглэлүүд мөнгийг нь өгдөг болчихсон. Нуух юм байхгүй. ҮЗХ дотор шударга зүйл гэж байхаа больсон. Удирдлагаа шүүмжлэх ч эрхгүй. Намын үүр, хороонд аль бүлэглэлийн дарга байна тэр өөрийн фракцийн хүмүүсийг л оруулдаг. Бусад хүмүүсийг хуйвалдаан гэхчилэн янз бүрийн зүйлээр дардаг. Одоо Ардчилсан нам дүрмийн зөв шийдэл олох ёстой. Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэм чинь гишүүнчлэл нь нэрийн төдий фракцуудыг хамгаалсан байдалтай болчихсон. Аль ч үүрт ерөнхийдөө 200 орчим гишүүн бүртгэлтэй байдаг. Тэднээс дөрөвний нэг нь л татвараа төлдөг. Бусад нь өгдөггүй. Тэгэнгүүт үүрийн дарга нар өөрсдөө мөнгийг нь төлчихдөг. Татвараа төлсөн хүмүүс үүр доторх сонгуульд оролцоно гэдэг. Үүрийн дарга өөрийнхөө фракцийн хүмүүсийн мөнгийг төлчихсөн болохоор фракцийнхаа хүнийг дэмжүүлдэг. Энэ мэтчилэн анхан шатнаасаа ялзарчихсан байхгүй юу. Би намын анхан шатанд харьяалагддаг болохоор энэ бүгдийг сайн мэднэ. Үүрийн даргад ойр байсан нь ажилд орох боломж арай их олддог. Хоёрын хооронд фракцийг бий болгодог, ивээн тэтгэдэг гишүүнчлэл байснаас ардчилсан орнуудын жишгээр гишүүнчлэлгүй болгочихвол жирийн гишүүдэд амар. Дараа нь тэр намынх, энэ намынх гээд цол гуншин дуудуулж ажлаасаа халагдан гудамжинд хөөгдөхгүй. Дүрэмдээ л өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Гэхдээ Ардчилсан намын дүрэм маш сайн болсон гэж танай намынхан ярьдаг шүү дээ?

-Магтаж яриад байдаг ч дүрмээ хэрэгжүүлдэггүй. Хэрэгжүүлэх механизм нь байхгүй болчихсон. Одоо дүрмийг хэрэгжүүлэх механизмыг нь бий болгох хэрэгтэй. Хэрэгжүүлэх механизм нь байхгүй учраас муу дүрэм байхгүй юу. Нэг үгээр хэлбэл, хүнд үзүүлдэг цаас. Тухайлбал, өөрсдийнхөө Засгийн газрыг сөрөг хүчинтэйгээ нийлж унагасан хүмүүсийг намаас хасна гээд заачихсан байдаг юм. Түүнийг нь хэн ч хэрэгжүүлсэнгүй. Зүгээр бөгс арчих цаас болчихсон. Би намын дүрмийг сайн гэдэгтэй санал нийлдэггүй. Хэрэв тийм байсан бол яагаад дүрмээ биелүүлдэггүй юм. Яагаад анхан шатнаасаа энэ нам ялзралд орчихсон юм. Яагаад энэ дүрмийг хэн ч хэрэгжүүлье гэж боддоггүй юм. Яагаад хэн ч тоодоггүй юм. Хариуцлага хүлээлгэдэг байж л тэр хууль юм уу дүрэм болно биз дээ. Дүрмийг хэрэгжүүлдэггүй, зарим нь мэдэх ч үгүй яваа. Энэ байдал завхралыг бий болгоод байна. Ядаж дүрмээ биелүүлье гээд айдаг, ичдэг байх ёстой. Намын дүрмийг хүлээн зөвшөөрч орчихоод “Наадах чинь юу юм. Хуц” гэж болохгүй. Э.Бат-Үүлийн хэлдгээр хэдэн бүлэг дээрэмчдийн бөөгнөрөл болчихлоо.

-Ардчилсан нам лидергүй болчихлоо гэдэг зүйл яригдах болсон. Фракцийн дарга нараас нэг нь лидер болох гэдэг ч бусад нь хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага их юм билээ?

-Хуучин нийгмээс өвлөж авсан, марксизм, ленинизмээс үлдсэн сэтгэлгээний хоцрогдол одоог хүртэл явсаар байна. Заавал нэг лидер хайх хэрэггүй. Ленин, Сталин, Д.Сүхбаатар гээд заавал нэг лидер хайдаг чинь хуучин нийгмийн сэтгэлгээний үлдэгдэл юм. Ардчилсан улсад нэг хүнийг лидер гээд бурханчлан шүтэж ангал руу хүртэл яваад ордог зарчим байхгүй. Ардчилал хөгжсөн орнуудыг хараад байгаарай. Лидер дагасан нам улс төрийн хүчин гэж бараг байхгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд мундаг чадалтай, бусдыгаа манлайлдаг хүн гарч ирж удирдаад дөрвөн жил болоод дараагийн сонгуульд ялбал дахиж нэг удаа сонгогдоод больдог. Тэр хүн больсон ч лидер байхгүй болчихлоо гээд уйлж, дуулаад байгаа юм байдаггүй. Бид үнэхээр ардчилсан улс босон юм бол тэр зарчмаараа явах нь зөв. Сэтгэлгээний хоцрогдол манайд арилах болоогүй. Миний үеийн хүмүүс амьдралынхаа талыг социализмд өнгөрүүлсэн болохоор заавал лидертэй байх хуучин сэтгэлгээнээсээ салж чаддаггүй. Хутагт хувилгаан тодруулж байгаа юм шиг лидер тодруулах хэрэггүй. Үнэхээр лидер болохоор хүн өөрөө үзэл санаагаараа манлайлаад товойгоод гараад ирчих ёстой. Ленин, Сталин, Чойбалсан байхгүй бол бүгд өнчирчихдөг юм шиг санаж байгаа бол сэтгэлгээний хоцрогдол шүү. Тиймээс Ардчилсан намд шинэ манлайлагч гарч ирэх цаг болсон. Тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгээд л яваад өгөх хэрэгтэй.

-Ардчилсан намынхан бие биедээ хэр хайртай хүмүүс вэ. Нэг намд мөр зэрэгцэж явсан хүнээ өмгөөлж, хамгаалах талдаа маруухан байна уу гэж хааяа харагддаг. Тухайлбал, Л.Гансүхийг Нүүрс хөтөлбөрийн мөнгө шамшигдууллаа гэхэд зүхэх хүн олон байснаас хамгаалах хүн бараг гараагүй. Залуу цагаасаа хойш улс төрд хамт зүтгэсэн хүмүүс нь хүртэл нүүр буруулж байх жишээтэй. Өнөөдөр Э.Бат-Үүл даргыг С.Зоригийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан үед ядаж өмөөрөөд ярилцлага өгөх хүн цөөхөн байх юм?

-Одоо болтол дотроо эв нэгдэлгүй байна. Үүнд би санаа зовж явдаг. Улс төрд олон жилийнхээ амьдралыг зориулсан, туршлагатай, нам дотроо нэр хүндтэй болчихсон хүмүүс хоорондоо ямар ч эв нэгдэлгүй байна л даа. Бие биенийгээ хардаж сэрддэг. Манай хуулийн байгууллага огт шинэчлэгдээгүй нь үүнд нөлөөлөөд байх юм. Өнгөрсөн дөрвөн жил хууль эрхзүйн шинэчлэлээ хийх гээд чадсангүй. Энэ маш харамсалтай зүйл болчихлоо. Хүний эрхийг хамгаалдаг эрх зүйн орчноо баталгаатай болгож чадаагүйд харамсдаг. Хуучнаараа ажиллаж байгаа хуулийн байгууллагынхныг улс төрийн хүчнүүд өөрсдийн хүслээр ажиллуулдаг болсон. Хуулийнханд зах зээлийн эдийн засгийг ойлгох ойлголт алга. Тухайлбал, Л.Гансүхтэй холбоотой нүүрсний хэрэг чинь хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээ. Ард түмэнд нүүрсийг хямд өгсөн. Ард түмэн хожсон. Нүүрс гэдэг чинь түүхий эд. Зах зээлийнхээ хэрэгцээг дагаад түүхий эдийн үнэ өсч, буурдаг. Үүн дээр дөрөөлөөд хоёр аж ахуйн нэгж хоорондоо гэрээ байгуулсан байсан ч улс төр ороод тэр хүнийг шоронд явуулчихсан. Би хувьдаа хэлмэгдүүлэлт л гэж үздэг. Нүүрс нэг өдөр ямар ч үнэгүй болж болно. Эсхүл эсрэгээрээ асар өндөр үнэтэй болж ч болно. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ тонн тутамдаа 200 ам.доллар давчихлаа. Гэтэл Чалко 27 ам.доллараар зараад байна гэдэг чинь зах зээлийн л юм яваад байна гэсэн үг. Зах зээлийн үнийн дээшээ, доошоо савлах савлагааг ашиглаж аль нэг улс төрийн бүлэглэлийг дарж авах үзэгдэл дахин гарах ёсгүй. Хоёр аж ахуйн нэгж гэрээ хийгээд хохирогчгүй гээд байхад АТГ нь идсэн байна гэж тулгасаар байгаад ял өгчихсөн. Зах зээлийн нийгэмд байдаг өсч, унадаг харьцаа. Тиймээс улс төрийг эдийн засгаас салгах ёстой.

МАН-ынхан дийлэнх олонхи болоод Э.Бат-Үүлийг 18 жилийн өмнө болсон хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан. 18 жилийн хугацаанд шалгаж байхгүй яасан юм. Э.Бат-Үүлийг илт гүтгэн гүжирдэж байгаа. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө ийм зүйл рүү орчихсон. Энэ бүхнээс харахад хууль эрхзүйн шинэчлэлээ даруйхан хийх цаг иржээ гэдэг нь харагддаг. МАН Их хуралд 65 суудал авсан болохоор сөрөг хүчний есөн гишүүн юу ч хэлээд 2020 он хүртэл “Хуцав аа, та нар. Бүх зүйл хуулийн дагуу явж байна” гэнэ. Сөрөг хүчин ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Тиймээс шинэ үзэл санаагаар ард түмнийг гэгээрүүлэх хэрэгтэй. “Өдрийн сонин” шиг хүчтэй хэвлэлийн байгууллага маш сайн ажиллах ёстой. Ардчиллыг хамгаалах ганц хүч чөлөөт хэвлэл болж байна. Үнэндээ хэвлэлээс өөр хамгаалах хүч Их хурал дотор алга. Ядаж байхад цөөнхийн хэдэн гишүүн нь хуучинсаг хүмүүс байх юм. Зөвлөхүүдийг томилсон гэхээр нь сонирхоод уншсан чинь Л.Эрдэнэчимэг, З.Энхболд, Р.Бурмаа гэх мэт намаа сөнөөсөн хүмүүсээ орон тооны бус зөвлөхөөр тавьсан байсан. Тэднээс ямар ч шинэчлэл хүлээх найдлага миний хувьд алга.

Улс төрийн шинэчлэл зогсч байгаад харамсч байна. Шинэ Засгийн газар нураана, зогсооно, болиулна гэдэг зүйл ярих боллоо. Шинэ сэтгэлгээ, шинэ арга зам энэ хүмүүст алга. Залуусынхаа өмнөөс л харамсах юм. Өсч өндийж байгаа залуу үе минь яана даа. Залуу хүний ирээдүй гэрэлтэж байх ёстой. Гэтэл хуучинсаг сэтгэлгээ, хуучин арга барил. Харамсалтай. Эдийн засаг хоёр гурван жилдээ хүндрэлтэй байх болов уу. Энэ цаг үеийг ашиглаад АН шинэчлэгдэх ёстой. Гэхдээ заавал шинэ дугуй зохиох албагүй. Хөгжсөн орнуудын жишгийг дагах ёстой.

-Сүүлийн үед Их хурлын 76 гишүүн хангалтгүй байна. Дээд, доод танхимтай болж мэргэжлийн хүмүүсийг нь төрд ажиллуулах ёстой гэдэг саналууд гарч байгаа?

-Нэлээд олон жилийн өмнөөс гарч байсан санал. Саналаас гадна яг ийм тогтолцоо манайд байсан. 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулийн дараа УБХ, АИХ гээд парламент нь хоёр хэлбэрийн тогтолцоотой байсан. Тэр үед сайн ажилласан гэж боддог. Улсын Бага хурал нь 50 гишүүнтэй байсан. Ардын Их хурал нь шинэ Үндсэн хууль батлахад л хуралдсан. Байнгын ажиллагаатай УБХ нь 50 хүнтэй, тэр нь пропорционалиар сонгогддог. АИХ нь жилдээ нэг удаа ч юм уу хуралдаад явдаг байж болно. Ийм санал гаргаж буй хүмүүсийн саналыг судалж үзэх хэрэгтэй. Э.Бат-Үүл энэ саналыг эрт гаргасан. Сайд нарын зөвлөлийн дарга байсан Д.Содном гуай зөв гэж ярьсан байхыг уншлаа. Төрийн соёрхолт Д.Сосорбарам энэ талаар ярьж эхэллээ. Манай улсад зөв гэж бодож байгаа. Миний мэдэхийн Америкийн парламент нь хоёр шатлалтай. Конгресс гээд төлөөлөгчдийн танхим мөн сенатын танхимтай. Америк хоёр намтай. Дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орны туршлага байна. Манай улсад амжилттай хэрэгжүүлж байсан туршлага бий. Гэхдээ энэ дөрвөн жилд ийм шатлалтай болох ямар ч боломжгүй. УИХ-д нэг нам дийлэнх олонхи байгаа нөхцөлд яагаад ч хүлээж авахгүй. Үүнийг УИХ дотор хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөлөл болоод хоорондоо ярьж зөвшилцөлд хүрж байж өөрчлөгдөнө. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй.

-АН олонхи байхдаа Үндсэн хуулиа өөрчлөх гээд чадаагүй…

-Би үндсэн хуулиа өөрчлөх асуудал дээр болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг. Б.Чимэд гуайг би хүндэтгэдэг юм. Бичсэн ярилцлага, өгүүллийг нь уншиж судалж байсан. Б.Чимэд гуай Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагагүй гэдэг байсан юм. Би ч гэсэн ийм бодолтой. Цаг үеийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулж болно. Америкийн үндсэн хуулийн сонгодог жишээ байна. Үндсэн хууль нь өөрөө цөөн хэдэн зүйл ангитай, хэзээ ч өөрчлөгддөггүй байж л байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын дөрөвний гурав нь нэгдэж санал өгч байж өөрчлөлт оруулах эсэх нь шийдэгддэг. УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь санал нэгдэнэ гэдэг амаргүй. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон нөхцөлд л хийж болох ч бусад улс төрийн хүчнийг оролцуулаагүй учир хүчтэй эсэргүүцэлтэй тулна. Манай нам бас тийм өөрчлөлт хийнэ гэж үзэж байснаа мухар сүсгийн чанартай марзан юм яриад хэдэн мянган жилийн өмнөх бөөгийн юм оруулаад бүтэлгүйтсэн. Хөгжлөөрөө дэлхийд манлайлаад хүн ам нь баян чинээлэг, урт удаан наслаад бүх зүйлээрээ гайхагдаж буй тэр улсуудын туулсан зам туршлагаар л явах хэрэгтэй. Хэсэг хүмүүс баяжиж, цатгалдаад нийт ард түмнээ харанхуй бүдүүлгээр нь үлдээж болохгүй. Дэлхий даяаршаад хавтгай болчихсон. Манай улс өрх тусгаарлая гээд ч чадахгүй. Тийм болохоор дэвшилтэт орнуудын туршлагыг дагах цаг ирсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт тогтолцоон дээр ер нь энэ санааг хэлэлцэж байх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд бусдын саналыг чөлөөтэй сонсдог, хэлэлцдэг, баяжуулдаг байх учиртай.

-Та бид хоёр есдүгээр сарын 28-ны өдөр уулзаж байна. Дөрөв хоногийн дараа С.Зориг агсны амиа алдсан харуусалтай өдөр болно. Энэ хэрэг илэрчихээсэй гэж битүүхэндээ хүлээдэг байсан биз?

-Сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллээс үзэхэд мөрдөн байцаалтын ажил дуусаж байгаа юм билээ. Хэрэгт холбогдогсдыг илрүүлсэн талаар прокурор мэдээлэл хийсэн. Би ийм урт хугацаа алдсанд маш их харамсдаг. Хэргийг илрүүлэх улс төрийн сонирхол байгаагүй юм болов уу гэж боддог. Энэ хэргийг улс төрийн хэрэгсэл болгох сонирхол улс төрийн тодорхой хүчинд байсан юм болов уу. Маш олон жил өнгөрлөө. Одоо прокурор мэдэгдэл хийчихсэн юм чинь мөрдөн байцаалтын ажил дууссаны дараа олон нийтэд мэдэгдэх байлгүй.

-С.Зориг агсны хэрэг илэрлээ гэхэд итгэх хүн хэр байх бол. Ард түмэн итгэл алдартлаа янз бүрээр тархиа угаалгалаа шүү дээ?

-Өнөөдөр шинжлэх ухаан хөгжчихсөн. 11 жилийн өмнөхөөс сайн хөгжчихөөд байна. Тэгэхээр энэ тал дээр дэвшилт гарахад нөлөөлсөн байх. Ажлын хэсэг нь тасралтгүй ажилласан. Би бусад хүмүүсийн л адил сонин хэвлэлээс мэдээлэл авдаг. Гэмт хэрэгтнийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ялыг оноох ёстой. Ингэж л нэг дуусгахгүй бол улс төрийн бохир заваан хэрэгсэл болчихлоо. Үүнд харамсаж байна.

-Удахгүй орон нутгийн сонгууль ирэх оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Алдсан боломжоо эргүүлж авах цаг хугацаа байна уу?

-Ардчилсан намын шинэчлэлийг эрчимтэй, жинтэй хийх ёстой. Тэгэж л олон түмний итгэлийг олно. “За одоо сонгууль болох гэж байгаа юм чинь хэрэлдээд яахав” гээд идээ бээрээ буглуулаад байх юм бол найдлага бага. Уг нь ард түмэн тэнцвэржүүлдэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулиар навс ялагдангуут орон нутгийн сонгуулиар манай нам их ялж байсан. 1996 онд ардчилсан холбоо эвсэл Их хуралд ялахад дараа нь орон нутгаар МАХН ялж байсан. Өнгөрсөн сонгуулиар аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт хийсэн нь буруу болсон. Ийм зүйлийг манайхан харж чадаагүй. Тийм хэмжээнд очтолоо харалган болчихсон байхгүй юу. Ард түмэн, жирийн иргэдээсээ тасарчихсан. Мөн намынхаа дүрэм журмыг уландаа гишгэж, цэвэр бизнесийн ашиг сонирхолд автчихсан, улс орныхоо хөгжлийг нураагаад гацаачихсан ийм л бүлэглэл байсан. Ийм нөхдийг сонгож гаргаж ирсэн ҮЗХ зайлах хэрэгтэй. Одооноос эрчимтэй өөрчлөлт шинэчлэлүүдээ хийж өөр Ардчилсан намтай болох цаг хэдийнэ болсон гэдгийг ухаарсан байх. Зоригтой шинэчлээд, алдаагаа хүлээн зөвшөөрөөд хариуцлагаа хүлээгээд шинэ үзэл санаа гаргаад шинэчлэх хэрэгтэй.

-Асуулгүй үлдсэн зүйл байвал та хэлээч…

-2000 оны Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч байсан асуудал дахиад давтагдаж эхэлсэн. “Ардын эрх” сонинг тагнуулаар шалгуулна гэсэн үү. Хуучинсаг үзэлтэй ийм хүмүүс юм л бол хэвлэл мэдээлэл рүү дайрахыг оролдоно. 2000 онд “Өдрийн сонин” ардчилал, эрх чөлөөний ганц хамгаалагч, дуу хоолой болж байсан тэр хариулагатай үүргээ дахин биелүүлэх цаг мөч танай хамт олонд ирлээ. “Өдрийн сонин”-ынхон энэ түүхэн үүргээ баатарлагаар нэр төртэй гүйцэтгээрэй гэж хэлье. Өөр нэмж яриад байх зүйл алга.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн барилга барихдаа бохирын шугамыг нь мартжээ

Ирэх сарын нэгэнд албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн халаалт нэгдсэн журмаар эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор зарим байгууллагууд шугам сүлжээний ажлын засвар, шинэчлэлээ хийж байна. Ингэхдээ өмнө нь хийсэн ажлаа нурааж, дахин хийж байна гэх иргэдийн гомдол дагуулсаар байгаа юм. Мөн манайхан аливаа ажлыг цагийг нь тулгаж, эсвэл тоо судалгаа, мэдлэг мэдээлэл багатайгаар хийж хэрэгжүүлэх гээд байдагтай ч холбоотой асуудал их бий. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгийн шинэ барилга есдүгээр сарын нэгэнтэй уралдан ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авчээ. Гэтэл энэ цэцэрлэгийн явган хүний шинэ замыг нэг л өдрийн дотор хуу татаад, шугам сүлжээний ажлаа эхлүүлчихлээ хэмээн тус дүүргийн XI хорооллын долдугаар хорооны оршин суугчид сэтгэл дундуур байв. Учир нь явган хүний пасталкан замыг хуу татаад, дахин нөхсөн ч хэзээ ч өмнөх шигээ болдоггүй ажээ.

Энэ талаар тус хорооны иргэн Д.Ням ярихдаа “Манай хороонд ийм гоё шинэ цэцэрлэг баригдсанд бид их баяртай байгаа. Цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн зуны турш өдөр шөнөгүй барьсаар ашиглалтад оруулсан. Барилгын ажилчид ямар ч байсан есдүгээр сарын нэгэнд амжаад ажлаа дуусгасан. Их хөдөлмөрч залуус байна гэж харж байлаа. Гэтэл барилга ашиглалтанд ороод нэг сар болоогүй байхад явган хүний замыг нь хуу татаад, шугам сүлжээний ажил хийгээд эхэллээ. Уг нь ингэх байсан юм бол цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байхад хийхгүй яасан юм бол. Ажлын уялдаа холбоо гэж алга. Удахгүй халаалт ирэх гээд нийслэлээс хийж байгаа ажил байх гэж бодлоо. Хамгийн гол нь пасталкан зам дахиж яг өмнөх шигээ болохгүй, ингээд л эвдэрч эхэлдэг байхгүй юу. Мөн нэг ажлыг хоёр хийх болж байгаа юм” гэлээ. Тиймээс тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзах гэсэн боловч гадуур ажилтай байгаа гээд эзгүй байлаа. Харин шугамын ажил хийж байгаа гэх хүмүүстэй уулзаж, хаанаас, хэн шугамын ажил эхлүүлснийг асуухад “Цэцэрлэг барьсан компани нь хийж байна.

Цэцэрлэгийн бохирын шугамтай холбоотой засвар” гэж хэллээ. Харин тус цэцэрлэгийг барьсан компани болох “Жи жи ай” компанийн төлөөллөөс асуудлыг тодруулахад “Манай компани 135 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Харин саяхан барилгаа улсын комисст хүлээлгэж өгөх гэсэн чинь бохирын худаг хийгээгүй гэдэг шалтгаанаар хүлээж аваагүй. Төвийн бохирын шугамтай холбогдох худагийг заавал хийдэг юм байна. Бохирын худаг барилгүй шугам тавьчихсан байсан юм. Бохирын худгаа барьчихаад, улсын комисст хүлээлгэж өгөх учраас ингээд ажлаа эхлүүлчихлээ. Манайх барилга барьдаг туршлагатай. Одоо хоёр ч барилгын ажил эхлүүлчихээд явж байна. Нэг нь зайсанд нөгөөх нь Өмнөговьд баригдаж байгаа” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн гадна талд явган хүний зам эвдлээд шугам сүлжээний ажил хийж байна гэх мэдээллийн дагуу очиход тэнд 80 метр хэртэй газар ухаж, дулааны шугам сүлжээний шинэчлэл хийхдээ явган хүний замыг мөн л хуу татсан байлаа. Мөн сургууль цэцэрлэг эхэлсэн учраас орой үдшийн цагт хүүхдүүд явахад ухсан нүх рүү унахгүй гэх баталгаа алга харагдаж байв. Тус цэцэрлэгийн яг ард талд шинээр баригдсан хүүхдийн хөлбөмбөгийн талбай, цаахна талд нь сургууль байгаа учраас хөл, хөдөлгөөн ихтэй газар байна лээ.

Энэ талаар 53 дугаар цэцэрлэгийн сантехникч Г.Бүрнээгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энд ямар ажил явагдаж байна?

-Манай цэцэрлэгийн гаднах дулааны шугамын шинэчлэлийн ажил явагдаж байна. Өмнө нь хэд хэдэн удаа цоорч байсан учраас шугамаа сольж байгаа юм. Нийтдээ 80 гаруй метр газар байгаа. Өнгөрсөн жил халуун, хүйтэн усны шугам сольсон. Энэ жил дулааны шугамаа шинэчилж байгаа юм.

-Дулааны шугам солих ажил хэзээ эхлэв. Хоёр хоногийн дараа халаалт ирнэ. Халаалт ирэхээс өмнө дуусах болов уу?

-Энэ сарын 23-ны үед ажлаа эхлүүлсэн. Маргааш нөгөөдөр гэхэд бараг дуусчих байх. Үүнийг дуусгаад цэцэрлэг доторх зарим шугамаа сольж, шинэчилнэ гэж байгаа.

-Өнгөрсөн жил халуун усны шугам шинэчлэхдээ хамтад нь засч болоогүй юм уу. Эсвэл сургууль, цэцэрлэг орохоос өмнө засвар, шинэчлэлийн ажлаа хийх боломжгүй байв уу?

-Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ингэж байгаа юм. Бараг хоёр жил хөөцөлдөж байж дулааны шугамын санхүүжилтийг нийслэлээс гаргуулсан. Одоо дүүргээс хөрөнгө шийдээд өгчихвөл цэцэрлэгийн доторх шугамаа солино. Гаднах 80 гаруй метр шугамыг солиход 28 орчим сая төгрөг орж байгаа байх. Тендерт ялсан компани нь уг нь ажлаа шуурхай хийж байгаа” гэж ярилаа.

Энэ үеэр 50 дугаар сургуулийн сурагч Г.Мөнхнарантай уулзахад “Яг хөлбөмбөгийн талбайн хажууд шугамын ажил хийгдэж байна. Ямар ч хаалт хийгээгүй болохоор анзаарахгүй гишгэж орчихоор байгаа. Жаахан төвөгтэй санагдаж байна. Бид өдөр болгон энд ирж тоглодог. Гэхдээ орой харанхуйд явахгүй бол гайгүй байх” гэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Болд ярихдаа “Өнгөрсөн жил энэ цэцэрлэг бас л шугам засвар хийгээд байсан. Энэ жил сургууль орсон хойно л хүүхдүүдтэй зэрэгцээд засаад унах юм. Эзгүй шахуу байсан зун цагаар хийж болдоггүй ажил юм байх даа. Явган хүний замаар нэлээд урт газраар хөндөлдүүлэн шугамын ажил хийж байна. Бараг 100 метр газар байх шүү” гэж ярилаа. Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Төрийн соёрхолт дуучин Д.Болд Хамтдаа дуулцгаасан, халуун дулаан үдэш болно гэж найдаж байна

дуучин Д.Болд зурган илэрцүүдӨнөөдөр Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээнд “Камертон”, “Никитон” хамтлагууд сонсогчдодоо ая дуугаа өргөнө. Энэ талаар “Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт, дуучин Д.Болдтой ярилцлаа.

-“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр болно. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачилгаар өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно. Мэдээж бид Улаанбаатар хотдоо амьдардаг нийслэлийн иргэд учраас энэхүү өдөрлөгийг дэмжин оролцож байна. 16:00 цагаас эхлэх тус арга хэмжээ нь Үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилготой байгаа. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр үйлчилж мөн түргэн хоолны газрууд ажиллана.Үүний дараагаар бид уран бүтээлээ толилуулах юм. Энэ арга хэмжээ нь зуны хаалт, намар цагийн эхлэл болж байна.Манай “В” продакшнаас тус арга хэмжээг найруулж гол зүйлүүдийг хариуцаж ажиллаж байгаа.

-“Никитон”, “Камертон”-ы сонсогчид тэсэн ядан хүлээж байгаа нь дамжиггүй. Хичнээн дуу дуулагдах вэ?

-Анх удаа зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатарын намар” арга хэмжээнд оролцож тоглолтоо үнэгүй хүргэх гэж байгаадаа таатай байна. Нийслэлийн Засаг даргын санаачилсан тус арга хэмээнд оролцох саналыг бид дэмжиж хүлээж авсан. “Никитон”, “Камертон” хамтлаг анх удаа нэгэн тайзнаа тоглож 40-50 дуу сонсогчдодоо хүргэнэ. Тайз, хөгжим, гэрэл чимэглэл зэрэгт хамгийн сайныг нь ашиглах юм. Бүх дуугаа амьдаар дуулна. Хоёр хамтлагийн зүгээс гаргасан бүх цомгийнхоо хит дуунуудыг сонсогчдодоо хүргэхээр бэлдлээ. Тиймээс хамтдаа дуулцгаасан, халуун дулаан үдэш болно гэж найдаж байна. Бэлтгэл бүрэн хангагдсан.

-“Камертон” хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэснээс хойш нам гүм байлаа. Хэзээ шинэ уран бүтээлээ хүргэх вэ?

-Энэ онд сонсогчдодоо зориулж цомог гаргана гэдгээ амласан байгаа. Амлалт ёсоор шинэ цомгийн ажилдаа орчихсон явж байна. Удахгүй хамтлагийн маань шинэ клипүүд үзэгчдэд хүрнэ. Цомогт маань нийт арав гаруй дуу багтана. Мөн миний хувьд ч гэсэн шинэ цомгийн ажил барагдуусах шатандаа явж байна. Цомгийн зураг авалтдаа орчихсон. Клипийн ажлууд эхлэх гэж байгаа. Өнгөрсөн зуны турш уран бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж, хэд хэдэн ажил гараас гаргалаа. Тэгэхээр удахгүй “Камертон” хамтлагийн ч тэр, миний уран бүтээл ч сонсогчдод хүрнэ.

-Та уран бүтээлээс гадна хувийн бизнес эрхэлдэг. Ер нь аливаад амжилттай явахын нууц нь юунд байдаг вэ?

-Миний хувьд урлагийн гэр бүлд төрж өссөн. Урлагийнхаа салбарыг хөгжүүлэхийн төлөө явдаг. Тиймээс урлагийг энтертайнмент бизнес чиглэлээр нь хөгжүүлэхийг хүсэж, эрмэлздэг юм. Мэдээж дуулдаг, бүжиглэдэг урлагаар амьдарч яваа бүх хүний цаана гэр бүл, үр хүүхдүүд байдаг. Тийм учраас хийж яваа зүйлээрээ санхүүжилт олж гэр бүлээ тэжээн, нийгэмдээ байр сууриа олох ёстой. Манай “В” продакшны зүгээс урлагийг бизнес утгаар нь хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж явж байна. Нууц гэвэл аливаад тууштай явах ёстой л гэж хэлнэ. Олон зүйл рүү үсчээд байж болохгүй. Хийж байгаа зүйлээ улам чанартай хийж, хөдөлмөрлөх нь зүйтэй. Энэ л миний амжилтын гол нууц.

-Нэг хэсэг “B” продакшнд залуусын дууг нь сонсох дуртай дуучин Б.Маралжингоо, Н.Агиймаа, Т.Эгшиглэн нар харьяалагддаг байлаа. Дахиж залуу дуучдыг дэмжих бодол бий юу?

-Манайх энэ жилээс эхлэн продакшныхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна. Ирэх жилээс “B” продакшнд хамтлаг, дуучдыг бүртгэж авах ажил эхэлнэ. Эдгээр хамтлаг дуучид маань бизнес рүү орно гэсэн бодолтой байх хэрэгтэй. Түүнээс хоббигоороо, ганц цомог, клип гаргаад орхичихдог байж болохгүй л дээ. Тийм хүмүүсийг авах сонирхол байхгүй. Амьдралаа урлагт зориулж чадах хүмүүсийг л авах болно. Тууштай хүнийг л амьдрал шагнадаг шүү дээ.

-Л.Тайванбат “Камертон” хамтлаг анх гарч ирэхдээ маш их бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Тиймдээ ч хэзээ ч, хаана ч ямар нэгэн асуудалгүй амьдаар дуулж чаддаг юм” гэсэн байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид анх 1995 оноос хойш гарч ирэхдээ хоолойны бэлтгэл маш их хийдэг байсан. Одоо байнга дуулаад байдаггүй ч хоолойны бэлтгэлээ тогтмол хийдэг юм. Дуучин хүн гэдэг бол ямар ч тохиолдолд, хүнд дуу байсан ч дуулдаг байх хэрэгтэй. Амьдаар дуулах ёстой. Тэгж байж үзэгчид, сонсогчидтойгоо халуун дулаан уур амьсгалыг бий болгож, сайхан тоглолт хийж чаддаг. Тиймээс хоолойны бэлтгэлээ тасалдаггүй.

О.Ариунцэцэг