Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

“Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе” уриан дор зохион байгуулсан нээлттэй өдөрлөг өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын Эрдмийн өргөөнд боллоо. Тус өдөрлөгийн хүрээнд Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болсон байна.

Мөн эмнэлзүйн сэтгэлзүйч нар нь ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг орчуулан хэрэглэж байгаа нь хүүхдүүдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. Сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулан хэрэглэж байгаа нь үйлчлүүлэгчдэд таатай байдлыг бүрдүүлжээ.

Архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд зориулсан өөрөө өөртөө туслах бүлгийг нээж ажиллуулсан нь архины хамааралтай үйлчлүүлэгчдийн эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж байгаа гэнэ. Архины хэвтэлтийн клиникт шинэ сэтгэц нөлөөт эмийг хэрэглэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PEPS хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үйлчлүүлэгч, тэдний ар гэрийнхэнд сэтгэцийн эмгэгийн талаар боловсрол олгоход үр дүнтэй болсон байна.

Эмүүдийн тухай

Солиорлын эсрэг эм:

Солиорлын эсрэг эмийг хурц догширол, дэмийрэл, хий үзэгдэл, гажуу тусгал, бодит зүйлийг хувирган мэдрэх, айдсын эмгэг, төрх үйлийн догширлын үед хэрэглэнэ. Солиорлын эсрэг эмүүд нь тархинд байгаа химийн бодис болох дофамингыг тэнцвэржүүлэх хэвийн болгодог үйлчилгээтэй. Энэ үед солиорлын шинж тэмдэг буурах буюу арилдаг байна.

Эмийг хэрэглэж эхэлснээс хойш эмчтэй зөвлөлдөхгүйгээр эмийн тунгаа хасаж, нэмж, зогсоож болохгүй. Ихэнх эмчлүүлэгчдэд эмчилгээний 4-6 дахь долоо хоногоос илэрхий үр дүн өгдөг.

Солиорлын эсрэг эмүүдийн гаж нөлөө: Гар хөл салганах, шүлс гоожих, булчингууд чангарч хөшингө болох, бөгтийсөн явдалтай болох, хэлээ булталзуулах, хүзүү ар тийшээгээ гилжийх, шээхэд бэрхшээлтэй болох, шээс хаагдах, гэдэсний хөдөлгөөн саатах, хүүхэн хараа өргөсөх, зүрхний хэм алдагдах, биеийн жин нэмэгдэх, биений юм хаагдах зэрэг нөлөө илэрнэ.

Сэтгэл гутралын эсрэг эм:

Сэтгэл гутралын эмийг сэтгэл гутрал, түгээмэл сэтгэл түгших эмгэг, улигт бодол албадмал үйлдлийн эмгэг, нийгмийн айдас, сэтгэлзүйн гэмтлийн дараах стрессийн үед хэрэглэнэ. Сэтгэл гутралын эсрэг эм нь биед эмчилгээний үйлчилгээ үзүүлэх хүртэл харилцан адилгүй хугацаа шаарддаг. Ихэнх хүмүүс 2-3 долоо хоногийн дотор, зарим хүмүүс 8 долоо хоног хүртэл юм уу түүнээс арай удаан хугацааны дараа эмийн үйлчилгээ илэрдэг.

Эмүүдийг хэрэглэсний дараа ам хуурайших, шээхэд бэрхшээлтэй болох, өтгөн хатах, зүрхний хэм түргэсэх, хөлс ялгаралт ихсэх, толгой өвдөх, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, хэл тультрах, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх гүйлгэх, гэдэс дүүрэх шинжүүд илэрнэ.

Сэтгэл гутралын эсрэг эмүүдийг тайвшруулах эмийн бодис, архитай хамт хэрэглэвэл донтолт үүсгэдэг тул хамт хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Хөдөлгөөн удааширч болох тул машин жолоодох, техниктэй ажиллахдаа анхаарах шаардлагатай юм.

СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Сэтгэл гутралын үед уйтгар гуниг нь маш хүчтэй мэдрэгдэж, удаан хугацааны турш үргэлжилдэг. Энэ нь таны ажил, амьдрал, гэр бүлд тааламжгүй байдлыг бий болгодог.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ТАЛААС:

Сэтгэл хөдлөл аажмаар буурах

Идэвх сонирхолгүй, баяр баясгалангүй болох

Итгэлгүй, горьдлого тасрах

Арчаагүй дорой болох

Өөрийгөө буруутгах, дорд үзэх

Өөрийгөө гэм буруутай гэж бодох, буруутай мэт сөрөг хадлага гаргах

Анхаарал сулрах, тогтоох чадвар буурах

Амиа егүүтгэх тухай бодол төрөх

БИЕ МАХБОДИЙН ТАЛААС:

Хөдөлгөөн удаашрах

Амархан ядрах, бие сульдах

Зүрх дэлсэх, өтгөн хатах

Нойр хямрах

Хоолны дур өөрчлөгдөх /жин буурах, ихсэх/

НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

Үхэл хагацал тохиолдох

Гэр бүл хоорондын маргаан

Ажилгүйдэл

Нүүх, шилжих

Санхүүгийн бэрхшээл

Улирах солигдох

Архаг өвчнүүд

ӨӨРТӨӨ ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

  • Хэрвээ муу мэдээ сонсох, амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал үүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ бодож яваагаа ярихыг хичээ.
  • Хэт хэцүү зорилго урдаа битгий тавь, том зорилгыг бага багаар хувааж, алийг нь хэдийд хийхээ төлөвлө.
  • Ямар нэгэн зүйл хий. Та ажлын чадваргүй юм шиг санагдсан үедээ өөрийнхөө сонирхолтой ажлыг хийхийг хичээ. Энэ нь таныг гутранги бодлоосоо ангижирахад тусална.
  • Архи хэрэглэхийг тэвч. Архи сэтгэлийг түр зуур тайвшруулах боловч эцэст нь илүү гутралд оруулдаг.
  • Та сэтгэл гутралын талаар ойлголттой байх.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гааль, татварын ерөнхий газарт гал гарчээ

Гааль, татварын ерөнхий газарт гал гарсан талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт дөнгөж сая 12:10 цагт иржээ. Галыг унтраахаар НОБГ-ын харъяа гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж байна. Цахилгааны гэмтлээс болж ялимгүй гал гарсан гэх мэдээлэл байгаа ч албан ёсоор урьдчилсан дүгнэлт гаргаагүй байна. Татварын ерөнхий газрын гадна талын бассат шатсан бөгөөд яг одоо унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цагаан-Уул” яруу найргийн наадам болж байна

яруу найрагчид зурган илэрцүүдМонголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадам өнөөдөр болж байна. Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь хайрын шүлгийн “Цагаан-Уул”. Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.

“Цагаан-Уул” наадмыг 18 дахь жилдээ болж байна. Тус наадам энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдаж байна. Яг одоо сүүлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг таван яруу найргчид шүлгээ уншиж байна.

Categories
мэдээ улс-төр

Судалгааны багийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.10.07/ Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны багийн ахлагч, бүсчилсэн хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хариуцсан зөвлөх Нагаяма Кацүхидэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын урт хугацааны төлөвлөлтийг хийх аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт, үнэлгээ хийж, үр дүнг тооцох тогтолцоог чадавхижуулж, бэхжүүлэх чиглэлээр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааг хийгээд дуусах шатандаа ороод байгаа, гэхдээ шинэ Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалттай уялдуулан судалгааны тайланд зарим нэмэлт оруулах шаардлагатай байгааг судалгааны багийн ахлагч уулзалтын эхэнд Байнгын хорооны даргад танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг нь улс төрийн намуудын дэмжлэг, ажлын хэсэг, судлаачдын уйгагүй зүтгэлийн үр дүнгээр боловсруулагдаж батлагдсан чухал баримт бичиг болсныг онцлоод цаашид бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд ажлын хэсэг, судлаачдын оролцоог хангахад анхаарах нь чухал байгааг хэллээ. Энэ чиглэлээр Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов.

Байнгын хорооны дарга Н.Энхболд өнгөрсөн УИХ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг гэсэн хоёр чухал баримт бичгийг батлан гаргасныг дурдаад эдгээр хууль, үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг УИХ-ын тогтоолоор Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасан. Тиймээс тус байнгын хороо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалахад анхаарч, хэрэгжилтийг нь хангахад хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн урт хугацааны бодлогын баримт бичгийг бодитой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг зөв бүрдүүлэх үүднээс одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Иймээс судалгааг цаашид үргэлжлүүлэхдээ энэ чиглэлд анхаарч тодорхой санал боловсруулж өгвөл чухал байгааг хэлээд тус Байнгын хорооны зүгээс бүх талаар хамтарч ажиллахад нээлттэй гэдгийг илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөв

УИХ-аар 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль тус тус батлагдсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж эдгээр багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулах ёслол өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ болон тус яамны үе үеийн сайд нар, ЗХЖШ, ХЦЕГ, ОБЕГ-ын удирдлага оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтлаа. Үүний дараа Төрийн тэргүүн Бүх цэргийн их хар сүлдийн өргөөнд зочилж хар сүлдэнд хүндэтгэл үзүүлээд Офицеруудын ордонд болсон Батлан хамгаалахын багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулан өгөх ёслолд оролцож үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ цэргийн бодлогын шинэчлэлийн ач холбогдлыг чухалчлан 3 зүйлийг онцолж байв.

“Нэгд, Монгол Улсын батлан хамгаалах бодлого бол Монгол Улсын бүх салбарт хамаатай. Үүнийг зааж өгсөн. Батлан хамгаалах бодлого бол ийм өргөн хүрээтэй гэдгийг шинэчлэлийн баримт бичигт тусгаж өгсөн.

Хоёрт, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үйл ажиллагааны хамгийн чухал зүйл нь хүний хөгжил юм. Монгол цэргийн хөгжил бол монгол хүний хөгжил юм. Мэргэшсэн цэрэгт суурилсан тогтолцоотой болъё гэдэг нь мэргэшсэн өндөр чадвартай хүнийг хөгжүүлэхтэй холбогдсон тал бүрийн хөгжлийг хэлж байгаа юм.

Гуравт, улс оронд гарч байгаа техник, технологийн дэвшил, үйлдвэрлэлийн дэвшил бол батлан хамгаалах салбарт мөн явагдаж байх ёстой. Зарим оронд техник, технологийн дэвшил цэргийн салбарт эхэлж туршигдаад, дараа нь иргэний салбарт шилжиж байдаг. Монгол Улс цаашдаа энэ зам руу тууштай алхах хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ, Улаанбаатар хотын гаалийн газарт шалгалт хийж эхэлжээ

АТГ зурган илэрцүүдАТГ-аас гаалийн байгууллагын авлигын эрсдлийг тодорхойлох, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоох зорилгоор ГЕГ, Улаанбаатар хотын гаалийн газарт шалгалт хийж эхэлжээ.

Шалгалтын ажлын хэсэг нэн түрүүнд гаалийн салбар дахь авлига авах эрсдэлтэй ажлын байр, албан тушаалын судалгаа хийх аж. Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоож, арилгах чиглэлээр зөвлөгөө боловсруулах юм. Түүнчлэн албан тушаалтнууд гаалийн салбарт мөрдөж буй хууль тогтоомжийг хэрхэн мөрдөж байгааг судалж, тодорхой санал боловсруулах аж.

Categories
мэдээ спорт

“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг маргааш болно

“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг зурган илэрцүүд

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг маргааш Сүхбаатарын талбайд болно.Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спортын клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын V наадамд оролцогч иргэд, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид, нийслэлийн ахмадууд зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл 2000 гаруй хүн оролцоно.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсынхаа нэр хүндийг “Рио-2016” зуны XXXI олимпийн тэнгэрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхий, олимпийн дэвжээнд мандуулсан, амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн шагналаар шагнах юм.

Энэ үеэр уран сайхны гимнастик, спортын гимнастик, спорт бүжгийн баг тамирчид үзүүлэх тоглолтуудаа иргэдэд үзүүлж сонирхууллахаас гадна иргэдийн дунд хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, софт теннис, ширээний теннис, үндэсний шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн зохиохоор төлөвлөжээ.

Мөн өдөрлөгийн гол арга хэмжээ болох бүх нийтийн гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гүйлтийн орлогоос олсон бүх орлогыг Улсын хэмжээний Олон улсын сургууль байгуулахад зарцуулах бөгөөд идэвхтэй оролцсон иргэд зуны англи хэлний багш, сурагч солилцоо хөтөлбөр болон зуны ярианы англи хэлний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгүүд байгуулав

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.07/ хуралдаанаар хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий гурван ажлын хэсгийг байгууллаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгууллаа.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийг төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулан байгууллаа

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж, дээрх заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн.

Цэцийн энэ дүгнэлтийг УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байнгын хороодын саналын дагуу цэцийн 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын тогтоол баталсан юм.

УИХ цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Уг хуулийн төслийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоон настай хүүг хөнөөсөн залуу цагдан хорихоос “Ээж ээ, намайг уучлаарай” гэж дамжуулжээ

-ХҮҮГ ХӨНӨӨВӨЛ МӨНГӨ ӨГНӨ ГЭЖ АМЛАЖЭЭ

Долоон настай хүүгийн үхэлд хэн нэгэн буруутай болохыг аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлээгүй бол талийгаачийг тогонд цохиулсан хэмээн хэргийг хаах байж. Хүүг өөд болсноос хойш хэд хоногийн дараа аймаг даяар долоон настай хүүхэд утсаар тоглож байгаад тогонд цохиулж амиа алдсан байна хэмээн шуугьж эхэлжээ. Хүн болгон толгой сэгсэрч, шогширч багш нар эцэг, эхчүүдэд “Хүүхдийг гар утаснаас хол байлга. Гар утсаа цэнэглэхдээ хүүхдийн гар хүрэхгүй газар тавь” гэхчилэн сэрэмжлүүлэг хүргэх болж. Энэ явдлаас хойш бараг 14 хоногийн дараа өнөөх золгүй байдлаар амиа алдсан хүү бусдын гарт хөнөөгдсөн болох нь тогтоогдож, ард түмнийг цочирдуулжээ. Цагдаа нар талийгаач хүүгийн ээж Мөнхзаяагаас мэдүүлэг авах үеэр нөхөр Цэдэвийг нь нууц амрагтай болохыг мэдэж авчээ. Нууц амрагийг нь Сэлэнгэ гэдэг. Нөхөр нь Сэлэнгээтэй холбогдоод хоёр жил болж байгаа бөгөөд үүнийг эхнэр нь ч мэддэг байв. Гэвч ямар нэг арга хэмжээ авч чадалгүй харин ч гэр бүлээ алдах дээрээ тулж.

Тиймээс хэл амаа ололцох санаатай ярилцсан боловч хэл амаар доромжлуулаад салсан бололтой. Уг нь нөхрийнхөө нууц амраг гэх өөрөөс нь үе мултарсан охинд “Гэр бүлийг минь салгах хэрэггүй. Одоо боль” гэж хэлэх санаатай байсан гэдэг. Харин энэ хэрүүлээс хойш хэдхэн хоногийн дараа хүүгээ бусдын гарт харамсалтайгаар алджээ.

Ер нь Мөнхзаяаг нөхрийнх нь нууц амраг удаа дараа хэл амаар доромжилж, бүр ажлын байран дээр нь хүртэл ирж дарамталдаг байсан тухай мэдээлэл байна. Тиймээс цагдаагийнхан Цэдэвийн нууц амраг гэгдэх Сэлэнгээгээс байцаалт авахад нууц амрагийн явдлаа хүлээжээ. Мөн түүний үеэл Барсболдыг шалгаж, байцаалт авчээ. Байцаалтын явцад Барсболд гэгч залуу эгчийнхээ нууц амрагийн хүүг хөнөөсөн болохоо хүлээсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн билээ.

Улмаар цагдаагийн байгууллага хүүгийн үхэлд буруутай нь тогтоогдсон Барсболд гэгч залууг яллагдагчаар татаж, мөн түүний үеэл Сэлэнгээг уг хэрэгт холбоотой хэмээн үзэж сэжигтнээр татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа аймгийн Цагдан хорих төвд хорьжээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн газар дээрх ганц хүүгээ алдсан учир их гашуудаж хүүгийн буяны ажлаас хойш гэрээсээ ч гарахаа больсон талаар хөрш зэргэлдээ айлууд нь ярьсан.

СЭЖИГТЭН БАРСБОЛД ГЭГЧ ХЭН БЭ?

Сэжигтэн Барсболд, Сэлэнгэ хоёр эгч дүүсийн хүүхдүүд. Барсболд 1998 онд төрсөн. Өнгөрсөн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд өдгөө эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Түүнийг бага байхад эцэг, эх нь салж өвөө, эмээ дээрээ өсчээ. Өвөө, эмээ нь хүүгийн араас байнга дагаад, халамж, анхаарал тавиад байх боломжгүй учир янз бүрийн хүмүүстэй нөхөрлөж, элдэв хэрэг төвөгт орооцолддог байж. Хамгийн сүүлд буюу энэ онд хоёр ч удаа хулгай хийж хоёр жилийн ялаар шийтгүүлсэн. Дээрх хэргийг хоёр жилийн тэнсэнтэй хугацаанд үйлджээ. Тэрээр эгчийнхээ даалгавраар хүүг хөнөөсөн болохоо хүлээсэн ч ямар ч мөнгө төгрөг оронд нь аваагүй хэмээн мэдүүлсэн байна. Гэхдээ хүүг үгүй хийвэл мөнгө өгнө гэж амласан тухай мэдүүлжээ. Албан бус мэдээллээр түүнийг үеэлээсээ 200 орчим мянган төгрөг авсан гэх.

Ямартай ч Цэдэв, Сэлэнгэ, Барсболд нарын гэр байршлын хувьд ойрхон. Тиймээс гэмт этгээдүүд ээж, хүү хоёрын үйл хөдлөлийг урьдаас хянаж нарийн төлөвлөсөн бололтой. “Станцын цэнхэр” хороололд хуучин оросууд амьдардаг байсан ба ихэнхдээ цэнхэр дээвэртэй байшингууд байх аж. Энэ хороолол гэмт хэргийн үүр ч гэж хэлж болохоор байнга л элдэв янзын хэрэг төвөг гарч байдаг тухай оршин суугчид ярьсан.

Ингээд хүүг хөнөөсөн гэх Барсболдын өмгөөлөгч, Дорнод аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн Ө.Батболдтой ярилцсанаа хүргэе.

-Мөрдөн байцаах ажиллагаа аль шатандаа явж байгаа бол. Таны өмгөөлж буй Барсболд гэх залуу хэргээ хүлээсэн гэсэн?

-Сэжигтнээр тооцогдоод шалгаж байх үеэс эхлэн ар гэрийнхэн нь надад хандсан. Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд дөнгөж эхлээд тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн талаар мэдүүлгээ өгчихсөн. Одоогоор эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй гэж байгаа. Мөрдөн байцаалт авагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх эрт байна.

-Захиалгат аллага гээд байгаа. Үнэхээр долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн юм гэж үү?

-Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа шиг 200 мянган төгрөг яг өгсөн зүйл одоогоор нотлогдоогүй байна. Хохирсон тал ч тэр, холбогдсон тал ч тэр хүнд байдалд орлоо. Хэрэг шалгагдаад сар ч болоогүй байхад нийгэмд арай эрт цацагдчихсан. Яллагдагчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байж яллагдах тогтоол гарах ёстой. Зөвхөн хэргээ хүлээсэн гэсэн үндэслэлээр асуудалд эрт хандаж байгаа нь буруу гэж би бодож байгаа.

-Хэргийг үйлдсэн нь нотлогдчихсон. Нийгэмд аль хэдийнэ ил болчихсон шүү дээ?

-Өөрийн үйлдсэн хэргийн талаар ийм асуудал болсон, ингэсэн тэгсэн гээд мэдүүлэг өгсөн нь үнэн. Гэхдээ мэдүүлэг төдий явагдаж байгаа. Дараа дараагийн байцаан шийтгэх үйл явц явагдаж дуусаагүй байгаа шүү дээ.

-Та хоригдсоноос нь хойш үйлчлүүлэгчтэйгээ уулзсан уу?

-Уулзсан. Хоригдсоноос нь хойш ерөнхийдөө эргэж тойрч байгаа.

-Хийсэн хэргийнхээ төлөө гэмшиж байх юм уу?

-Сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байгаа. “Ээж ээ, намайг уучлаарай” гэсэн үгийг л байн байн хэлж байна. Энэ хүүхэд чинь дөнгөж 18 настай. Өөрөө юу хийсэн, яасан тухайгаа мэдүүлэг дээрээ өгч байгаа боловч цаад шалтгааныг нь яг тодруулчихаагүй байгаа шүү дээ.

-Ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа болов уу?

-Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас өмгөөлөгчөөс өөр хүнтэй уулзахыг зөвшөөрөөгүй. Ар гэрийнхэн нь надтай уулзсан.

-Хэрэгт холбогдоод буй Сэлэнгээтэй садан төрлийн холбоотой гэсэн. Үнэн үү?

-Тийм. Өөрөө садан төрөл гэж мэдүүлсэн байдаг.

-Хэргийг хэзээ эцэслэн шалгаж дуусах бол. Энэ талаар цагдаагийн байгууллагаас танд ямар нэг хариу өгч байна уу?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа хоёр сараар хуульчлагдсан. Хэргийн хувьд ээдрээтэй, маргаантай байвал сар сараар сунгаад явдаг. Тиймээс би энэ талаар ямар нэг тодорхой зүйл хэлж чадахгүй гэв.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр бол хүүг хөнөөсөн гэх залуутай захиалга өгсөн гэгдэж буй сэжигтэн Сэлэнгээ эгч дүүсийн дотно холбоотой байжээ. Сэлэнгээ үеэлдээ байнга мөнгө төгрөг өгч, тусалж дэмждэг байсан гэдэг. Ер нь л амьдрал ахуйг нь өөд татах гэж их анхаарал тавьж, мөнгө төгрөг өгдөг байсан бололтой.

Ямартай ч энэхүү хэргээс улбаалан нутгийн иргэдийн дунд “Долоон настай хүүгийн амийг аавынх нь нууц амрагийн дүү хөнөөжээ” гэсэн мэдээлэл амнаас ам дамжин цацагдаж, нийгэм даяар жигшин зэвүүцэж байна.Гудамж, талбайд нарлаж буй хөгшид, автобус унаагаар явж буй хүмүүс, ажил төрлөө хийж буй хүмүүс ч хоорондоо чухам хүүгийн үхлийн талаар халаглан ярих аж.

Үргэлжлэл бий…