Categories
мэдээ цаг-үе

Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Дэлхийн халуун цэг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийнхэн үүрэг гүйцэтгээд иржээ. Тодруулбал, дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ захирагчтай цэргийн хамгаалалтын дайчид Афганистанд долоон сар орчмын хугацаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн байна.

Эдгээр цэргийн бие бүрэлдэхүүнийг төр засаг, цэргийн удирдлагаас даалгасан үүргийг амжилттай биелүүлсэн учраас Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагнахаар болсон. Төрийн дээд одон медаль гардуулах ёслол өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд болсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Та бүхэн зургаан сар гаруй хугацаанд дэлхийн халуун цэг болох Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад, төр засгийн итгэл найдварыг өвөртлөн, тангараг өргөсөн. Цэрэг хүний ёсоор тус орны ард түмэнд эв нэгдэл, тогтвортой байдлыг бий болгох үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, мөр зэрэгцэн алба хааж байгаа бусад орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дуурайлыг харуулж чадсан явдалд та бүхнээр бахархаж байна. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болох үйл хэрэгт та бүхний оруулсан хувь нэмэр их гэдгийг энд онцлон хэлье. Дэлхийн улс орнууд гавьяа байгуулсан цэргийн алба хаагчдаараа бахархаж, төрийн ивээл хүртээн шагнаж урамшуулдаг ёс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн шагнаж урамшуулаад өнгөрөх биш тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах нь чухал юм” гэв.

Нийтдээ 100 гаруй цэргийн албан хаагчдад энхийн төлөө одон, Батлан хамгаалах яамны бусад медалийг гардуулсан юм.

Ингээд энэ удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн хошууч Б.Хуягбаатартай цөөн хором ярилцлаа.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд явж байсан уу?

-Сэтгэл өндөр байна. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай сайн биелүүлээд ирлээ. Салбарын одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Нийт шагнал авсан цэргийн алба хаагчдадаа баяр хүргэе.

-Хэдэн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Бид энэ оны хоёрдугаар сард явсан. Долоон сар гаруй үүрэг гүйцэтгээд энэ сарын 28-ны өдөр эх орондоо ирлээ.

-Афганистан бол дайнтай орон. Нөхцөл байдлын хувьд хүнд байсан уу?

-Бид Афганистанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ захирагчтай цэргийн хамгаалалтын ротын дайчид бид шалган нэвтрүүлэх байран дээр үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн ажиллагаа хэвийн байсан. Афганистанд цагийн байдал тогтворгүй байсан ч бид үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирлээ. Хэдийгээр гүйцэтгэх хугацаа сунгагдаж ажилласан ч манай цэргийн алба хаагчид бэлтгэлтэй байсан юм. Манай энхийг сахиулагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай. Тиймээс нэг цул хамт олон болж, нэгнээ дэмжин тэтгэж, үүрэг даалгавар бүрт хянамгай хандаж ажллалаа.

Би өмнө нь 2007-2008 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байсан. Урьд нь ажиллагаанд явж байсан учраас туршлагатай. Бусад залуучууддаа тусалсан. Анх удаа энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд маань харьцангуй чадварлаг байсан гэж бодож байгаа.

Тус ажиллагааны энхийг сахиулах үйлсэд анх удаа оролцсон дэд ахлагч Т.Буяндэлгэр туршлага хуримтлуулаад ирсэн бол дөрөв дэх удаагаа оролцсон хошууч Э.Сэрээтэр ур чадвараа улам нэмэгдүүлээд ирсэн.

Цэргийн багийн орлогч дарга, хошууч Э.Сэрээтэр:

-Афганистаны Кабул хотын олон улсын цэргийн баазад харуул хамгаалалтыг хариуцаж ажилласан. Ажиллагааны газар орон тийм ч тогтвортой байсангүй. Ялангуяа, дулааны улирал эхлэхээр цагийн байдал хүндэрч байсан. Афганистанд амиа золиослогчид, аюултай халдлагууд болон иргэний дайнтай байсан. Энэ үеэр манай цэргүүд аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжээ алдалгүй оновчтой зөв шийдвэр гаргаж, хамгаалалтын үүргээ гүйцэтгэлээ. Багийн захирагч маань бүрэлдэхүүнээ удирдан ажиллахдаа чадварлаг байсан шүү.

Миний хувьд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд дөрөв дэх удаагаа оролцож байна. Нэг дуулгах сайхан мэдээ гэвэл үүрэг гүйцэтгэж байхад эхнэр маань амаржиж бүл нэмсэн байгаа. Ажиллагааны хугацаанд манай цэргийн багаас есөн цэргийн алба хаагч шинэ хүнтэй боллоо. Гэр бүл, ах дүүс, найз нөхөд, хамт олонтойгоо уулзсандаа баяртай байна гэв.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахмад Д.Цэнд:

-Эх орондоо ирсэн чинь намрын урь орчихсон сайхан байна шүү. Бид анх ийм цаг үед эх орон, Зэвсэгт хүчнээсээ үүрэг аваад нисч байлаа. Харин өнөөдөр тэр үүргээ биелүүлчихээд ирж байгаадаа баяртай байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөлж байлаа. Гэр бүлээ их санасан байна” гэсэн юм.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгний механикч Б.Ган-Эрдэнэ:

-Үүрэг гүйцэтгэх бүх зүйл хэвийн байсан. Монгол хүн бусдаас ялгарах давуу онцлогуудтай байдаг. Тийм ч учраас монгол цэргүүд маань дасан зохицох чадвар сайтай байлаа. Хэцүү үе байсан. “Сэтгэлийн хүчээр мянгыг, биеийн хүчээр нэгийг ялна” гэдэг үг байдаг. Энэ үгийг бодож, тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй байлаа. Эзэн хичээхэд амжилт ирдэг юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин түүний ээж Б.Энхтуяа “Сэтгэл өндөр байна. Энэ олон аавын хүүтэй миний хүү мөр зэрэгцээд яваад ирсэнд баяртай байна. Манайхан Дорнод аймгийнх. Хүүгээ энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхад нь холбоотой байсан. Хүүдээ урам зориг их өгдөг байсан даа гэв.

Б.Уранчимэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо

Засаг хэвтрийн өвчтөн шиг болсон эдийн засагтаа амь тариа хийхээр шийджээ. Амь тариа болохоос эдийн засгаа тэлэх, бизнесээ дэмжих алхам биш гэдгийг онцолъё. Амь тариа гуйх газар нь ОУВС. Авахаас аргагүйд хүрсэн амь тариа нь “Стэнд бай”. Вашингтон руу ниссэн Төв банкны ерөнхийлөгчийн томилолтын нэг зорилго нь энэ. Монголбанкны тэргүүн жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд урьдынхаараа л оролцоод ирнэ гэж харвал хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ОУВС-гийнханд санаагаа цухуйлгаад ирэх нь нэгэнт тодорхой болчихсон.

Засаг уг нь арай ухаалаг алхам хийсэн бол ингэж царай алдахгүйгээр урагшилж болох бодитой гарцууд бидний өмнө байлаа. Гэвч цаг хугацааг ухрааж болох биш, төрд ажиллагсдын цалинг тавьж хүчрэхээ болтлоо туйлдсан төсвийн алдагдал, нэмэгдэх шинжгүй дүнсийж буй гадаадын хөрөнгө оруулалт, хугацаа нь хариугүй дөхсөн бондын эргэн төлөлт, Сангийн сайдын мэдэгдлээс хойш өндрөө авсан засгийн бондын хүү, 2290 төгрөг хүрч цойлсон долларын галзуурал, том төслүүдээ хөдөлгөх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй засгийн хойрго байдал “Стэнд бай” авахаас аргагүйд хүргэчихлээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэвэл энэ. Ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлийг “тусгай” хөтөлбөр хэрэгжүүлж давахаас аргагүйгээ учирлаж, ОУВС-гаас Улаанбаатарт ирэх ажлын хэсгийнхэнтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдчихсэн болохоор “Стэнд бай” нэг их удахгүй эхэлж таарна.

“Стэнд бай” бол ОУВС-гийн гишүүн орнууддаа туслах зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр. Богино хугацаанд бий болоод байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилготойгоор үзүүлдэг тусламж. Гишүүн орнууд нь хүсэлт гаргаснаар хөтөлбөрийн үйл явц эхэлдэг гэж үздэг. Дараа нь ОУВС-гийн зөвлөхүүдтэй улсынхаа эдийн засаг ямар байгаа талаар яриа хөөрөө өрнүүлнэ. Эцэст нь бодлогын ямар арга хэмжээ авахаа тохирно. ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлд хэлэлцэж тохирсон бодлогын арга хэмжээнийхээ танилцуулгыг “Letter of Intent” буюу захиа хэлбэрээр явуулах нь дараагийн хийх алхам. Бас яг ямар байгаагаа, бодлогын арга хэмжээг яг яаж яаж хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй гэгч нь танилцуулна. ОУВС-гийн зөвлөл толгой дохивол хөнгөлөлттэй зээл үе шаттайгаар олгогдож эхэлнэ. Нэг дор бөөнд нь биш, өгөх мөнгөө хэсэгчлэн хувааж олгоно гэсэн үг. Гэхдээ нэг болзолтойгоор. Тохирсон бодлогоо яг таг хэрэгжүүлбэл амласан цаг хугацаандаа өгсөөр байна, хэрэгжүүлэхгүй бол “уучлаарай, та нар хэлснээсээ буцчихлаа” гээд буруу харна.

ОУВС зээл олгохоосоо өмнө хоёр төрлийн нөхцөл тохирдог. Эхний нөхцөл нь макро эдийн засагт хамаатай. Юуны түрүүнд инфляцийг зорилтот түвшинд барих, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг бууруулах, Төв банкны гадаад нөөцийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөлүүдийг тавьдаг. Хоёрт нь банкны хяналт шалгалтыг сайжруулах, татварын системийг шинэчлэх, төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангах, нийгмийн хамгааллын бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөл бий. ОУВС-гийн бидэнд санал болгож байгаа нөхцөл ер нь бол ойлгомжтой. Халамжийн бодлого дээр хэт бага орлоготой иргэдийг хамгаалах гэсэн нөхцөл тавих нь тодорхой. Халамжийг хавтгайруулах биш, хоногийн хоолоо залгуулах төдий иргэдээ түлхүү анхаар гэх байх. Хүүхдийн мөнгө авдаг айлын тоо лав эрс цөөрнө.

Дараагийн даалгавар нь мэдээж төсөв рүү чиглэнэ. Төсвийн бүх зарлагыг нэг дор төвлөрүүл гэнэ. Төсвөөс элдэв замаар хулгай хийдэг улстөрчдийн боломж хумигдана гэдэг талаасаа бол эерэг алхам. Төсөв танагдахаар төрийн албан хаагчдын тоо эрс багасч, олон хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү орж таарна. Засгийн гаргасан бонд хүртэл төсвийн алдагдалд багтаж, өр, зээлийн хүрээ хязгаар яригдаад эхлэхээр нэг эрсдэл гарч ирнэ. Хамгийн том эрсдэлийг үүрэх хүмүүс нь бизнесийнхэн.Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчид. Санхүүжилтээр цангасан, зээлээ эргэн төлж чадахгүй зүдэрч яваа бизнесийнхэнд дажгүй хүүтэй зээл авах боломж улам бүр хумигдана гэсэн үг. Дотоодын арилжааны банкуудаас жилийн хориод хувийн зээл авч мачийтлаа зүтгэдэг хувийн хэвшлийнхэнд засгийн олон улсын зах зээлээс босгож ирсэн бага хүүтэй мөнгө л амин хэрэгцээ байсан. Нөхцөл байдал сайжирч, засаг зөв менежмэнт хийгээд эхэлбэл бага хүүтэй бонд босгох боломж бидэнд бий. Эргэлзээ нь арилаагүй хөрөнгө оруулагчдын хувьд одоохондоо засгаас бонд гаргавал л итгэж мөнгөө өгч магадгүй гэсэн найдлага бас байгаа. Засгаас том төслүүдээ хөдөлгөх ч юм уу, ямар нэг эерэг алхам хийчихсэн бол хямд хүүтэй бонд гаргаад дажгүй мөнгө олох боломж бидний өмнө байсан. Өнөөдөр бол “no” болсон л доо. Гэхдээ итгэл нь алдарсан хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зүйлд л мөнгөө оруулж мэднэ, тэр нь засгийн бонд гэдгийг ор тас анхаарахгүйгээр орхиж болохгүй.

ОУВС мөнгөний бодлого дээр мэдээж эн тэргүүнд инфляцийг онцолно. Төв банк инфляцийг найман хувьд барина гэдгээ зарлаад байгаа. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүл, ханш зах зээлийн зарчмаар уян хатан тогтох ёстой шүү гэж сануулах нь ойлгомжтой. Монгол банк бодлогын хүүгээ огцом нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлчихсэн. УИХ-д өргөн барьсан мөнгөний бодлогын төсөлдөө ханшийг зах зээлд нь даатгана, огцом савлагаа гарвал л зохицуулна гээд тов тодорхой заасан байгаа. Тэгэхээр ОУВС-гийн мөнгөний бодлого дээр шаардах нөхцөлүүдийг бид хангачихсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг дэмжих талд анхаарах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, сайн засаглалыг дэмжих гэсэн нөхцөлүүд бас бий. Урт хугацаандаа баялгийн сангийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, аж үйлдвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх энэ тэр гэсэн нөхцөл байгаа.

2009 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай”-д инфляци нэг оронтой тоонд орсон, огцом суларсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан гэх мэт давуу тал байгаа ч анхаарч харахаар нэг өнцөг бий. “Стэнд бай” хэрэгжсэнээс хойш жилийн хугацаанд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ерөнхийдөө сайн, ажилгүйдлийн түвшнээс бусад нь дажгүй гарсан гэдэг. Төсвийг хэт танаж, хямд хүүтэй бонд гаргах замыг хааж, мөнгөний бодлогыг хатууруулчихаар эдийн засаг хумигдаж таарна. Эдийн засаг хумигдахаар ажлын байр багасах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг л тодорхой зүйл. Яг нарийндаа ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлж байж л Дорж, Дулмаагийн орлого нэмэгдэж, бултаараа сайхан аж төрнө. Товчхондоо зээлээ төлж чадахгүй тэвдэж яваа, үлдсэн цөөхөн ажилтнаа халчихгүй юмсан гэж толгойгоо өвтгөж суугаа, хямд эх үүсвэртэй зээл, санхүүжилт хайж байгаа хувийн хэвшлийнхэн “Стэнд бай” хөтөлбөрийн хатууг үүрнэ. Гэхдээ шургаж унах гэж буй төсвөө амилуулж, ноён ногооныг тавиад туучихгүйн тулд одоохондоо бидэнд энэ хөтөлбөр шиг хэрэгтэй юм алга шиг байна. “Стэнд бай”-г амь тариа гээд байгаа нь ийм учиртай. Хэвтэрт орсон өвчтөн шиг болчихсон эдийн засгийг үхүүлчихгүйгээр торгоож барих л арга. 2009 оны хямрал гэснээс тэр үед “Оюу толгой” гэдэг аварга төсөл хэрэгжсэн нь бидний хувьд зол болсон. Тухайн үед хэрэгжсэн “Стэнд бай” сайнаар дурсагдах нь Оюу толгойн нөлөө ч байсан гэх гээд байна л даа. ОУВС-гаас Грек, Кипр зэрэг орнуудад хэрэгжүүлсэн “Стэнд бай”-г тойрсон шүүмжлэлийг ч “эдийн засгийг хумьсан учраас” гэсэн тайлбар дагадаг. Гэхдээ 2009 оноос хойш ОУВС зээлийн нөхцөлөө харьцангуй уян хатан болгож, бага орлоготой иргэдийг хамгаалах, нийгмийн хамгааллын бодлогыг авч үлдэхэд голлон анхаарч ирсэн гэх тайлбар бий. Хэлцэл цааш хэрхэн өрнөх, ОУВС бидэнд ямар нөхцөл тавих, бид ямар санал өгөх нь одоогоор тодорхой биш байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

120 мянгатын автобусны буудалд өөрчлөлт орно

Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 120 мянгатын автобусны буудал зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг нийт 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ зогсоолд зогсон иргэдэд үйлчлэхээр болжээ.

Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолд зогсох юм байна.

Харин Зайсан чиглэлдээ буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин 120 мянгатын зогсоолоор хэвээр үйлчлүүлэх аж.

Чингисийн өргөн чөлөөний автозамын ачаалал ихсэж, түгжрэл үүссэнээр улмаар Энхтайвны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээр тогтоогджээ.

Энэхүү нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын байршлыг өөрчлөх шийдвэрийг Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар, Авто замын газрын хамтарсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах” ажлын хэсгээс гаргасан байна.

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар

Categories
мэдээ соёл-урлаг

“48 цаг” кино наадамд “Хүй” кино тэргүүн байрыг эзэллээ

“48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2016.10.07/ “Black box” театрт болж, шилдгүүдээ тодруулсан юм. Долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй тус наадамд нийт 28 баг оролцсоноос 18 баг бүтээлээ цагтаа өгч наадмын шалгаруулалтад оролцсон. Гэхдээ нийт 28 баг үзэгчдийн нэрэмжит шагналын төлөө өрсөлдсөн байна.

“48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын Гран при шагналын эзнээр “Scream team” багийн “Хүй” кино шалгарчээ. Тус кино багийнхан энэхүү бэсрэг кино наадамд гурав дахь жилдээ оролцож байга бөгөөд аймшиг, нөхөрлөлийн тухай өгүүлэхээр сугалж, “Шилдэг найруулга”, “Шилдэг зураг авалт” номинацийн эзнээр шалгарсан байна.

Ингээд “48 цаг-Монгол 2016” бэсрэг кино наадмын шагналт байруудтай танилцъя.

  • Үзэгчдийн нэрэмжит шагнал- Бид хэд багийн “Цагаанаа” кино
  • Шилдэг эвлүүлэг- “Нуга амгалан” багийн “Абитаба” кино
  • Шилдэг зураг авалт- “Scream team” багийн “Хүй” кино
  • Шилдэг жүжигчин – “Нуга амгалан” багийн “Абитаба” киноны жүжигчин Ц.Баясгалан /УДЭТ/
  • Шилдэг зохиол- Зэв багийн “Такси” кино
  • Шилдэг найруулга- Scream team” багийн “Хүй” кино
  • Шилдэг гран при – Scream team” багийн “Хүй” кино тус тус шалгарчээ.

Уг бэсрэг кино наадамд тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “Filmapalooza-2017” буюу “48 цаг” олон улсын кино наадамд оролцож, наадмын дээд шагналыг хүртэнэ. Мѳн 2017 oны Каннын олон улсын кино наадмын бэсрэг киноны /Cannes Film Festival, Court Métrage/ буланд киногоо гаргах эрхийн эзэн болох юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч паралимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бразилийн Рио де Жанейро хотод 2016 оны 9 дүгээр сард болсон паралимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Бразилийн Рио де Жанейрод болсон паралимпийн наадамд Монголын тамирчид таван төрлөөр найман эрх авч 18 тамирчин, 6 дасгалжуулагч, нэг эмч, 3 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй явсан байна. Нийт 162 орны тамирчид оролцсон уг наадмаас Монголын тамирчид 2 хүрэл меаль авч 75 дугаар байрт оржээ.

Жудо бөхийн 65 кг-ийн жинд Б.Ууганхүү, хүндийг өргөлтөөр 88 кг-ийн жинд Содномпилжээ нар тус тус хүрэл медалийн эзэн болсон. Тамирчин Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн Азийн аваргыг 2 удаа эвдсэн байна. Байт харваачид багаараа 4 дүгээр байрт шалгарчээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай паралимпийн тамирчид олимпдоо маш амжилттай оролцож, улс орныхоо нэр төрийг олимпийн дэвжээнд гаргаад ирсэнд туйлын баяртай байна. Олуулаа, өргөн бүрэлдэхүүнээр, нэлээд олон төрөлд оролцсон нь Монголын паралимпийн тамирчид, дасгалжуулагчид, хамтарч ажилладаг нийт багийнхны өндөр амжилт юм гэж харж байна.

Цаашдаа улам их амжилт гаргах байх гэж найдаж байна. Та бүхэнтэйгээ уулзая гэж бодсон. Паралимпийг бүх улс орон идэвхтэй дэмждэг. Түүний дотор Монгол Улс их идэвхтэй дэмждэг орон юм. Би хувьдаа үүнийг маш их дэмжиж, төрөөс аль болох боломжтой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж боддог. Тэр санал бодлоо та бүхэнд илэрхийлье.

Сайн яваад ирсэнд их баярлалаа. Та бүхэнтэй олон хүн уулзаж баяр хүргэж, ярилцаж байгаа байх. Та бүхэнтэй өнөөдөр уулзаж баяр хүргэе гэж би бодсон юм. Спортын улам өндөр амжилт хүсье.

Та бүхний баг, хамт олон, ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэн, хамтарч ажилладаг бүх хүнд миний халуун дотно мэндийг дамжуулаарай. Та бүхэнд гүн талархаж байгаа гэдгийг минь хэлээрэй. Их баярлалаа” гэлээ.

Уулзалтын дараа тамирчид, дасгалжуулагчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг татуулав.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Хонхтой цэцэрлэгт 58 нарс суулгалаа

Өнөөдөр Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Үндэсний мод тарих өдрийн хүрээнд өнөөдөр /2016.10.08/ Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хотын удирдлагууд талбайн өмнөх хонхтой цэцэрлэгт мод тарилаа.

Таван метр өндөртэй, 20-25 насны нарс тарьж байна

Энэ үеэр Монгол Улсын байгаль орчны гавьяат Б.Чимид гуай “Манай Улаанбаатар хотод олон мод тарьж, цэцэглэн хөгжиж байна. Гэхдээ хотын төв гудамжны модод сийрэгжиж, голдуу навчит модоор дүүрсэн харагддаг. Ер нь ирэх жилүүдэд хотын гудамжиндаа мод тарьж, хотоо сайхан болгох бодлого явуулж байгаа юм байна. Өнөөдөр төв талбайн хонхтой цэцэрлэгт 20-25 насны, таван метр өндөртэй, 58 ширхэг нарс модыг суулгалаа. Модыг ингэж тарьснаар хотын ногоон байгууламж маш хурдан нягтарч, ургах боломжтой юм. Жишээ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд байгаа 33 нарс модыг 2007 онд тарьсан. Одоо 10 дахь жилдээ ургаж байна. Энэ нь модыг арчилж, ургуулж чадвал ямар ч мод ургадаг гэдгийг харуулж байна” гэв.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бидний тавьж буй зорилт нь ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болох юм. Ингэснээр иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлж чадна. Мөн дүүргүүдэд ногоон байгууламжийг байгуулж, Дунд гол, Туул гол зэрэг голын дагуу амралт, аялал зугаалгын бүс болгон хөгжүүлнэ. Хотын ногоон байгууламжийг нягтруулах бодлого баримтална. Энэ ажлуудыг мэргэжлийн дадлага туршлагатай компаниудаар хийлгэнэ. Эдгээр байгууллагууд маань хотын удирдлагуудтай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж, гурван жилийн турш тарьсан модоо арчлах юм” хэмээн тайлбарлалаа.

Мөн бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу энэ сарын 8-нд Амгалангийн өртөөнөөс Толгойтын өртөө хүртэлх 17 км-ын төмөр замын хамгаалалтын зурвасын дагуу Сибирын улиасыг хоёр эгнээгээр тарих ажлыг эхлүүлж байгааг албаныхан дуулгасан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Нийслэлийнхний алхдаг БОГД УУЛЫН ЖИМЭЭР

Зайсангийн цаахна, Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийнхэн тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт манай сурвалжлах баг Богд руу авирсан юм.

Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз тогтоожээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны санаа аж.

Өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихэж. Зуун метр зайд хорь орчим хүн алхаж байсан гээд бодохоор өглөө эртлэн цэвэр агаар амьсгалах хүмүүс хоёр, гурван жилийн өмнөхөөс лав эрс өсчээ. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгааж байв. Тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Жаран настай гэнэ. Долоо хоногийн таван өдөр ууланд алхдаг юм байна. Зургаан жил алхаж байгаа гэж сонирхуулав. Бие нь муудаад ууланд алхаж эхэлжээ. Тал харвасан, даралт өндөр, 127 килограмм жинтэй гээд нэлээд асуудалтай байж. Зайсангийн нэг кафед сууж байхдаа ууланд алхдаг хүмүүс байдгийг олж мэдээд л авирч эхэлсэн гэж ярилаа. Одоо бие нь ямар нэг зовиургүй болж, 42 килограмм хаяжээ. “Ажлын өдөр хүн цөөтэй учраас оройхон, өглөөний долоо өнгөрөөгөөд гардаг юм. Амралтын өдөр хүн ихтэй учраас таван цаг гээд гарна. Өвөл явах хачин сайхан. Орой дээр нь гараад биеэ цасаар угаана.

Харзны усаар угаана. Эхээс нь ус аваад уулан дээр очоод биеэ угаадаг юм. Миний үүргэвчинд хоосон сав байгаа. Биеэ угаачихаад буугаад ирнэ дээ” гэж байна. Эхлээд уулын оройд гарч чадалгүй, 300 гаруй метр яваад бууж ирдэг байжээ. Одоо бол нэг ч амрахгүйгээр оройд нь гарчихдаг юм байна. Ууланд аялагчид ихэссэнд олзуурхаж явдгаа ч хуваалцав. Анх ууланд алхаж эхлэхэд нь дөч, тавиад хүн л гардаг байж. Харин одоо амралтын өдрөөр 2000-3000 орчим хүн алхдаг болсон гэнэ. Хашир уулчид хүн ихтэй амралтын өдөр эртээ гэгч нь алхчихаад буугаад ирдэг байна. Улаанбаатарт амьдардаг болон аялж жуулчилж яваа гадныхан ажлын өдрөөр түлхүү явдаг аж. Хүн цөөтэй үед нь алхах гэж ажлын өдрийг зориуд сонгодог бололтой.

Замын танил маань “Хагас, бүтэн сайн өдөр оройхон алхахаар хүн битүү. Мөргөлдчих нь холгүй юм болно шүү дээ. Найз нарыгаа алхъя гэж зөндөө гуйдаг ч ганц нэг яваад шантарчих юм. Өнгөрсөн баасан гаригт бороотой байсан даа. Улаанбаатар хот сая 200 мянган хүн амтай. Бүгдээрээ залхуу, тэнэг, арчаагүй биш баймаар. Би ганцаараа алхаж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодлоо. Бууж байхад тээр доор ганц нэг хүн таарсаан таарсан. Ууланд гардаг улсын хувьд бороо, цас, шавар шавхай хамаагүй. Уг нь бүтэн сайны өглөө доор байгаа амралтын газрын зогсоол пиг болдог. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн ням гаригт гуч, дөчөөдхөн хүн гарч байх жишээний. Бороотой болохоор тэгдэг шиг байгаа юм” гэж хэлээд шалмаг алхсаар явж одов. Тавь, жар, далаад насны байнга гардаг улс их байдаг гэнэ.

Уулын бэлээс өгсөхөд сэрүүвтэр, салхитай байсан ч моддын дунд ороод ирэхээр ер бусын нам гүм орчин угтав. Алхаад тэр үү, даарах мэдрэмж ч дороо сарнив. Амралгүйгээр алхахад хөлс цувах шинжтэй юм. Богд уулын захиргаа аялагчдын үдлэх цэгүүдийг маш сайхан тохижуулжээ. Захиргаанаас гадна олон жил аялсан уулчид ч аялагчдын амарч үдлэх газрыг сэтгэл гаргаж тохижуулдаг аж. Модон сандал, саравч, голтой газраа модон гүүртэй цэгүүд Богд уулын энэ жимд гурваас дөрөв лав байна. Хажууханд урсах голын чимээ, навчсын үл мэдэг сэрчигнээн, өглөө эртийн цэнгэг гэж жигтэйхэн агаар, гацуур, шинэс моддын таатай үнэр хүмүүсийг уул руу татдаг бололтой. Найман зуу орчим метр алхаж яваад дараагийн аялагчаа сонгов. Доороос тааваараа алхахад л амьсгаадаж, хэдэнтээ амарч байхад ядарсан шинжгүй гүйж явсан нь анхаарал татсан юм. Хөлс нь цувчихсан гүйж явсан залууг Бат-Өлзий гэдэг юм байна. Уулын тал хүртэл гүйж, талаас цаашаа нь алхсаар оройд нь гардаг гэнэ. Тал хүртэл гэдэг нь километр гаруй газар. Бат-Өлзий “Гэр бүлээрээ ууланд алхдаг хүмүүс олон байдаг юм. Өглөө эрт цөөвтөр ч нар мандсаны дараахнаас ёстой цувж өгдөг. Миний хувьд жин нэмж, бие тавгүйрхэж эхлэхээр нь эмнэлэгт хандсан юм. Хоёр жилийн өмнөх явдал л даа. Эмч нараас жингээ хая, хөдөлгөөн хий гэсэн зөвлөгөө сонсоод ууланд алхаж эхэлсэн. Алхах тусам ууланд дурладаг юм билээ. Одоо бүр гүйдэг болчихсон шүү” гэж хэлээд хөгжилтэй инээсээр аялалдаа яарав. Бат-Өлзийгийн хэлснээр үүрээр гэр бүлээрээ алхагчид цөөвтөр харагдсан ч 10 цагаас хойш илт олширчихдог юм билээ. Бүр дөнгөж төрсөн нярайгаа салхилуулаад явж байгаа гэр бүл ч харагдсан. Хэзээний алхаад сурчихсан догь жаалууд ч байна, ээж, ааваасаа зүүгдэж, байсхийгээд амарч эрхлэнгээ зугаалах хүүхдүүд ч олон таарсан. Бат-Өлзийтэй ярьснаас хойш зуу гаруй метр явж байтал долоо, найм орчим насны хүүтэйгээ ярьж зогсоо бүсгүй таарав. Хажуугаар нь өнгөрөхөд “Миний хүү аль болох бага амар. Ийм саадыг давж байж л амжилтанд хүрнэ шүү дээ” гэх нь чих дэлсэв.

Явсаар 1500 метрт ирлээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны энд өлгөсөн пайзнаас аялагчид 1500 метрт ирснээ мэдэхээс гадна “Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ” гэсэн бичгийг хараад цааш алхацгаах аж. 1500-гаас цаашаа нэлээд өгсүүр болж ирэв. Чулуурхаг энэ газарт саявтар орсон борооны ул мөр болж үлдсэн шалбааг үе үе таарна. 2000 метрт ирснээ дор хоёронтоо таарсан танил пайзнаас хараад мэдэв. Дээр нь “Амьдрал бол уул юм. Бид удаан авирч түргэн урууддаг” гээд биччихэж. Энэ пайзны дэргэд хэсэг зогсоход зөрж өнгөрсөн хэд хэдэн залуу зургаа авахуулцгаав. “Бичгийг нь гаргаарай” гэж байгаад л патиараа татуулцгаах юм. 2000 метрээс дээшээ харин нэлээд өгсүүр зам туулах хэрэг гарлаа. Ханиндаа алхаж яваа жар гаруй насны хоёр хөгшин “Одоо юухан байхав, 500 хүрэхгүй метр яваад Дугуй цагаандаа очлоо доо” гэж ярьсаар зөрөв. Хэсэг алхсаны эцэст тээр дээр моддын чөлөөгөөр цэнхэр тэнгэр үзэгдэв. Ойрхон ойн чөлөө бий гэдгийг төвөггүй харчихаар юм. Удсан ч үгүй цэлийсэн задгай талд гараад ирэв. Захаараа битүү модтой, дундаа хангарьдын дутуу барьсан хөшөөтэй, амарч үдлэнгээ цайлахад зориулсан сандал саравч нэлээдийг барьчихсан сайхан газар юм. Есөн цаг өнгөрч байхад ойн чөлөөнд ирсэн болохоор тэр үү, тодоос тод наран таатайяа ээнэ. Улаанбаатарт бол тээр хол ёлтойж харагддаг нар энд хачин ойрхон, тод гэж жигтэйхэн гялалзана. Хоёр хөгшний яриад байсан Дугуй цагаан гэдэг нь энэ аж. Ойн чөлөөнд дөнгөж оронгуут самар зарж байна. Нийслэлд 3500 төгрөгөөр зардаг том шилтэй самрыг энд 2000 төгрөгөөр зардаг юм байна. Стакантай нь ч хотод зардгаас хавьгүй хямдхан юм. Самарчид түүсэн самраа тэндээ цайруулаад зарж байгаа нь энэ. Биднийг очиход Дугуй цагаан дээр амьдрал ёстой л бужигнаж байна. Шорлог, халуун кофе, уулнаас дөнгөж түүсэн хад жимсийг худалдаж аваад амтлах боломж энд байна.

Амарч цайлдаг саравчны наахна тойрч зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. “Хербалайф”-ын эрүүл хооллолтын клубийнхэн гэнэ. Найман шаргын хавьцаа ажилладаг “Мөрөөдөл-4” гэсэн нэртэй энэ клубийнхэн долоо хоногийн лхагва гариг бүрт ууланд алхдаг юм байна. Алхах дуртай нь амралтын өдрөөр бас аялцгаадаг аж. Энэ клубийг ажиллуулдаг Л.Сэрчмаа “Клуб гэдэг бол санаа нийлсэн хүмүүсийн л нэгдэл шүү дээ. Бид зөв хооллоё, эрүүл амьдаръя гэсэн хүслээр нэгдсэн хүмүүс. Уул руу алхах их эрч хүч өгдөг. Эрүүл амьдрахын наян хувь нь хоолноос шалтгаалдаг бол хорин хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Хэчнээн зөв хооллолоо ч хөдөлгөөн хийхгүй бол хэцүү. Хөдөлгөөн хийдэг байлаа ч хооллолтдоо анхаарахгүй бол зуун хувь эрүүлжихгүй. Монголчууд сүүлийн үед хоолондоо анхаарч эхэлсэнд олзуурхдаг” гэж ярилаа. Тэдний хажууханд бас нэг клубийнхэн дасгал хийцгээж байв. Улаанбаатар хотын гаалийн байцаагчидтай энд таарав. Арваад байцаагч долоо хоног бүрийн хагас сайнд ууланд алхдаг юм байна. Ихэвчлэн Богд руу алхдаг гэнэ. Өглөө долоон цагаас уулзаад аялцгаадаг аж. Байцаагч Б.Одсүрэн “Хүмүүс хог их хаях юм. Бид сүүлдээ хогны уут авч явдаг болсон. Самрынхан гараад хог их харагдах боллоо. Хоёр, гурван жилийн өмнө цөөхөн хүн алхдаг байсан бол одоо өчнөөнөөрөө аялж байна. Өвөл ууланд алхах ямар гоё гээч. Цэвэр агаарт хоёр гурван цаг алхахад 24 цагийнхаа хүчилтөрөгчийг нөөцөлж авдаг гэдэг шүү дээ. Утаа эхэлж байгаа энэ үед ууланд алхахын ач тусыг хэлэх юм биш. Алхаад байхаар сүүлдээ бүр явмаар санагдаад эхэлдэг” гэж ярилаа. Улаанбаатар хотын гаалийнхан улиралдаа нэг удаа Цэцээ гүн рүү алхдаг юм байна. Гаалийн байцаагчид дугуйгаар аялах төлөвлөгөө ч гаргачихаж.

“Flex gym” фитнесс клубийнхэн бэлтгэл хийх зорилгоор иржээ. Тус клубийн багш Г.Гантөгс “Манай клубийнхэн долоо хоногт хагас, бүтэн сайны аль нэгэнд нь ууланд алхдаг. Цэцээ гүн рүү бас гарна. Манай хүүхдүүд нэг сард тэмцээнтэй. Тэмцээний өмнө дотор өөх шатаах зорилготой кардио дасгал хийж ууланд гардаг л даа. Дотор өөх хайлна гэдэг маш сайн. Зүрх, элэг, уушги гэх мэт дотор эрхтнүүд чөлөөтэй ажилладаг. Ер нь алхсаны ач тус их. Үе мөчний өвчин ор мөргүй алга болно. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнесст их явдаг болсон. Фитнессийг сонгосон хүмүүсийн хувьд эмнэлгийн маршрутыг фитнессийн маршрутаар сольж байгаа гэсэн үг. Фитнессийг сонгосон хүмүүс баар руу биш уул руу л алхаж байна даа (инээв). Манай клубт үе мөчний өвчтэй, нурууны суулттай хүмүүс их ирдэг. Нурууны суулттай тэргэнцэр дээр орж ирсэн улс тэмцээнд ордог болтлоо сайжирдаг. Фитнесст яваад хөдөлгөөн хийгээд эхлэхээр сахарын хэмжээ багасдаг. Хоёр, гурван сар явахад л сахарын хэмжээ нь огцом багасдаг” хэмээн ярив. Тэдний хажууханд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус ирчихсэн, тойрч суугаад хөгжилдөцгөөж байлаа.

Бид ойн чөлөөнөөс 13 цаг өнгөрөөгөөд буусан юм. Буух үед “Өгөөж” компанийнхан зөрцгөөв. Тэд цэнхэр малгайгаар ижилсжээ. “Өгөөж”-ийн логотой малгайгаар жигдэрсэн лав л гуч, дөчөөд хүн харагдав. Арван жилийн сурагчид ангиараа их алхацгаадаг бололтой. Уруудах үед гэхэд л тав, зургаан анги зөрсөн. Нэг байрны найз хүүхнүүд ч таарав. Сонирхуулж хэлэхэд, уулын клубийнхэн Дугуй цагаанаас цаашаа “Тэнгэр хад”, “Цэцээ гүн” гээд илүү хол зайд аялдаг юм байна.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Шинээр гаргасан Note 7 дахин дэлбэрчээ

Шинээр үйлдвэрлэж, өмнөх системийн гэмтлийг зассан гэгдээд байсан Galaxy Note 7 гар утас худалдаанд гарсан даруйдаа дахин дэлбэрч, компанийг хүнд байдалд орууллаа. Уг явдал АНУ-ын “Southwest Airlines” компанийн онгоцонд болжээ.

“Лоусвилээс Мэриланд руу нисч явсан онгоцонд нэгэн зорчигчийн Galaxy Note 7 гар утас нь дэлбэрлээ” гэсэн тэмдэглэлийг экипажийн бүрэлдэхүүн батлаад, тус гар утас хэт өндөрт хөөрөх үед онгоцны даралтаас үүдэж шатаж, гэмтсэн болохыг шинжээчид тэр даруй мэдээлжээ.
Хамгийн анх Galaxy Note 7 гар утас баттерейны ион зохицуулалтын хэт их шахалтаас болж дэлбэрсэн явдал өнгөрсөн есдүгээр сард гарч, үйлдвэрлэлийн уг алдаа ар араасаа давтагдсан юм. Улмаар компани 2.4 сая гар утсыг буцаан татаж, системийн гэмтлийг бүрэн засварлаж дахин худлдаанд гаргасан ч өмнөх явдал давтагдаад байна.

Хамгийн сүүлд болсон явдлын дараа Samsung компанийн албан ёсны мэдэгдэлд “Бид болж байгаа асуудлыг нухацтай авч үзэж, гар утас ямар шалтгаанаар дэлбэрснийг нисэх компанитай хамтран шалгаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч мөнгөн аяга худалдаалж байсан иргэдийг илрүүлжээ

Хуурамч мөнгө аягыг бусдад худалдаалсан, мөн худалдахыг оролдсон этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, БГД-20 хороонд “Хархорин захад хуурамч эд зүйл зараад байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, ЧД-17 хороонд суух Ц /эм.43н/ нь хуурамч мөнгөн аяга худалдаж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар металь бүрээстэй аягыг хураан авч шалгаж байна.

Түүнчлэн СХД-12 хороо “Солонгос хоолны газрын хувцас солих өрөөнөөс эд зүйл хулгайд алдагдсан” гэсэн мэдээллийг шалгахад, СХД-4 хороонд суух Б /эм.18н/-гийн гар цүнхнээс 65.000 төгрөг, Булган аймаг Гурван булаг сумын харьяат С /эр.15н/-ийн цүнхнээс 160.000 төгрөгийг СХД-1 хороонд суух Т /эм.37н/ гэгч хулгайлсаныг шуурхай илрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Цас их орж замын гадаргуу халтираа гулгаа ихтэй болсон учир Дорноговь аймагт Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Автозам засвар арчлалтын компаниас авто замын хөлдсөн хэсгийг хусаж хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна хэмээн Автотээвийн үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн Чойр-Сайншанд чиглэлийн замын хөдөлгөөнийг Аймгийн онцгой байдлын газраас түр хугацаагаар хаажээ.