Categories
мэдээ

Хоолой өвдвөл яах вэ?

Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх аргуудаас хүргэж байна. Энэхүү аргуудыг хоолойн өвдөлт эхэлж буй үед хэрэглэхээс гадна гурав хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе.

ЧИЙГШИЛ. Хоолойн өвдөлтийн үед хоолой ихээр хуурайшдаг бөгөөд уурын аппаратаар өрөөг чийгшүүлэх нь өвдөлтийг тархаадаггүй байна. Иймээс гэртээ байнгын их цэвэрлэгээ болон чийгшүүлэлт хийх хэрэгтэй. Хэрэв танд зориулалтын аппарат байхгүй бол чийгтэй алчуур норгож тавьж болно.

УУХ ЗҮЙЛС. Дээр хэлсэнчлэн хоолой үргэлж хатдаг тул хүүхдэд маш сайн халуун бүлээн зүйл уулгах хэрэгтэй. Аль болох чихэргүй дархлаажуулах төрлийн ундаа бэлдэж өгөх. Үүнд, хөөрүүлсэн сүү, хярам, аньсны шүүс, аарц, чацаргана, үзэмний шүүс мөн ус.

САРМИС. Сармис бактери устгагч хамгийн шилдэг байгалийн эм бөгөөд хэрэв идэж чадаж байвал жижиглэн идүүлэх, хэрэв идэхгүй байвал хоолонд нь жирийн үед хэрэглэдгээс ихээр хийж өгөх. Мөн сармисыг хувааж хоолойн хоёр талд өвддөг хэсгүүдээр арчих нь өвдөлтийг багасгадаг байна.

ЗӨГИЙН БАЛ. Бас нэг төрлийн байгалийн эм бөгөөд өдөрт 1-5 настай хүүхдүүдэд тал цайны халбага, 6-11 настай хүүхдүүдэд нэг цайны халбага цэвэр зөгийн балыг уулгаснаар хоолойн өвчнийг намжаадаг байна. Нэгээс доош насны хүүхдэд зөгийн бал өгөх хориотой, учир нь тэдний хоол боловсруулах эрхтэн үүнийг боловсруулах чадамжгүй. Ханиаданд зөгийн балыг бас олон төрлөөр хэрэглэдэг тул намар цэвэр зөгийн бал худалдан авч хадгалах хэрэгтэй.

АМ ЗАЙЛАХ. Хэрэв таны хүүхэд ам зайлах үйлдэл хийж чаддаг бол дараах бэлдмэлүүдээр амыг зайлснаар аман дахь бактерийг устгах үйлчилгээ үзүүлнэ.

Давсны уусмал: Нэг цайны аяга халуун бүлээн усанд тал цайны халбага давс хийж хутган зайлах

Ванжингарав ургамал: Эмийн сангуудаар зарагдаж байгаа байгалийн гаралтай ургамлыг зааврын дагуу хандлан өдрийн 3 удаа цайны халбагаар уух, мөн хоолойг зайлах

Царван: Ванжингаравыг бодвол хурц муухай амттай боловч үйлчилгээ сайтай. Эмийн сангуудаар зарагдаж байгаа байгалийн гаралтай ургамлыг зааврын дагуу хандлан өдөрт 3 удаа цайны халбагаар уух, мөн хоолойг зайлах. Хэрэв зайлах боломжгүй муухай амттай бол хандлаад хөвөнд шингээж хоолойн гаднаас марлаар боож унтуулахад хоолойн өвчин арилдаг.

Жамц давс: Байгалийн энэхүү давсыг долоох нь хоолойн өвчнөөс сэргийлэхээс гадна өвчин намдаах үйлчилгээтэй.

Гаа: Гаатай чихэр хоолой өвдсөн үед хэрэглэх нь эхэлж буй үед намдаах ид шидтэй. Зарим эмийн сангуудаар худалддаг “Мint ball” нэртэй цэнхэр гаа их үр дүнтэй.

Categories
мэдээ

БОАЖ-ын сайд гэр хороололд мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хорооны ард иргэдтэй хамт мод тарьж, тарьц, суулгац өглөө. Энэ жилийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-намрын мод тарилтыг БОАЖЯ-наас хашаандаа мод тарьж ургуулах хүсэл сонирхолтой иргэдийг дэмжиж, тэдэнд зориулсан сургалт зохион байгуулж, суулгац, шороогоор хангаж ажилласнаараа онцлог. Энэ ажлын хүрээнд Монголын цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоотой хамтран Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 300 орчим иргэнд мод тарьж, ургуулах сургалтыг зохион байгуулж, тарьж, суулгацаар дэмжлээ. Мод тарих үйл ажиллагааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлчүүд агаар, орчны бохирдол ихтэй гэр хорооллын гудамж талбайд мод, сөөг олноор тарьж, эрүүл ногоон орчныг бүрдүүлэх шаардлагатай. Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон хүлэмжийн хийг бууруулах хамгийн сайн арга бол ногоон моддыг тарьж ургуулах юм. Мөн утаа, тортгийг өөртөө шингээж, цэвэр агаар хүчилтөрөгч ялгаруулдаг учраас мод тарьж, ургуулахад ард иргэдийг идэвх санаачлагатай ажиллахыг уриаллаа.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хашаанд нь очиж мод тарьсан айлуудын нэг бол Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны өндөр настан К.Кумарзак гуайнх. Тэрбээр хоёр, гурван жилийн өмнө хашаандаа жимсний мод тарьж эхэлсэн нь бяцхан төгөл маягтай болжээ. Тэрбээр “Ач нартаа зориулж мод тарьж эхэлсэн. Тарьсан мод маань ногоороод харагдах сайхан л юм билээ” хэмээн ярилаа. Өнгөрсөн жил БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачлагаар “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж, модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хийсэн нь үр дүнгээ өгсөн. Тус хөдөлгөөнд 227,4 мянган иргэд, 12,8 мянган аж ахуйн нэгж байгууллагууд оролцож нийт 30 гаруй төрлийн 1,78 сая мод тарьж ургуулсан. Мөн хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 44,4 мянган өрх хашаандаа 296,9 ширхэг мод тарьж ургуулжээ. Цаашид модыг тариад орхих биш, ургуулах нь чухал учраас айл өрхүүдийн хашаандаа мод тарих ажлыг илүү дэмжиж, эзэнтэй мод илүү ургана гэсэн бодлогыг барьж ажиллана гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хэв журмын эргүүл маргаашнаас эхэлнэ

Нийслэлийн нутаг
дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй 2500
иргэнийг сонгон сар бүр тодорхой мөнгөн урамшил олгож, хөдөлмөр аюулгүй байдлын
таних тэмдэгээр ханган ажиллуулахаар болсон юм.

Эдгээр иргэдийг энэ
сарын 10-аас буюу маргаашнаас эхлэн ажиллуулна. Нийслэлийн иргэдийн идэвх,
санаачлагад суурилсан хяналт бий болж, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг,
нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог
нэмэгдүүлж, гэмт хэрэг ихээр гардаг цэг, цагуудад тухайн орчинг иргэдийн
хяналтад авах юм. Ингэснээр Цагдаагийн байгууллага, иргэд хоорондын уялдаа
холбоо сайжирч, гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан
зогсоох, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол
тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж,өөрчлөлт оруулах зэргээр эерэг үр дүн гарна гэж
үзэж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан заан шиг толгод

Эрбор голын хөндий дагуу намхан толгод сунайн цавцайх ажээ. Хөндийд тусах ямар ч сүүдэр, ганц ч мод үгүй бөгөөд наранд гялтганан үзэгдэх төмөр замын хоёр тийшээ чиглэсэн шугамын яг голд өртөө байна. Өртөөний ойролцоо замын эсрэг талд нэгэн барилгын бүгчим сүүдэр үзэгдэх бөгөөд тэнд байх уушийн газрын нээлттэй үүдэнд ялаанаас сэргийлсэн, хэлхмэл хулсан хөшиг дүүжилжээ. Нэгэн америк эр хамт яваа бүсгүйтэйгээ байшингийн гадна талын сүүдэрт тавьсан ширээнээ сууна. Тэсэхүйеэ бэрх халуун, Барселоноос буухиа галт тэрэг иртэл ахиад дөчин хормын зай үлджээ. Мөнөөх галт тэрэг энэ зангилаан дээр хоёр хором зогсоод Мадрид руу хөдөлдөг юм.

-Би тэгээд юу уух билээ? хэмээн бүсгүй асуув. Тэгээд бүрх малгайгаа авч ширээн дээр тавилаа.

-Овоо халуун байна шүү гэж эр нь хэлэв.

-Шар айраг ууя даа.

-Dos cervezas гэж эрэгтэй хөшигний цаад руу хандан дуугарлаа.

-Томоор уу? гэж үүдний хонгилоос эмэгтэй хүн асуух дуулдав.

-Тийм ээ, хоёр томыг.

Үйлчлэгч эмэгтэй хоёр аяга шар айраг, хоёр зөөлөвч тавиур авчирлаа. Авчирснаа ширээнд тавихдаа хархүү, бүсгүй хоёрыг ажив. Бүсгүй цуварсан толгодыг ширтэн суух ажээ. Тэдгээр толгод нарны гэрэлд цавцайн гялалзах бөгөөд хөндий тал нэлэнхүйдээ бор, хуурай гандуу харагдана.

-Яг л цагаан заанууд шиг харагдаж байна гэж бүсгүй хэллээ.

-Би заан ер үзээгүй л дээ гэх зуураа хархүү нь шар айргаа балгав.

-Үгүй, чи тийшээ харсангүй шүү дээ.

-Харалгүй яахав дээ, чи л намайг харсангүй гэж хэлж байгаа болохоос хэмээн хархүү өгүүлэв.

Бүсгүй хэлхмэл утсан хөшгийг ажиглав.

-Тэнд нэг юм биччихэж. Юу гэж байна?

-Anis del Toro. Энэ уух юмны нэр байна.

-Амсч үзвэл яасан юм бэ?

Хархүү хөшигний цаад руу “Үйлчлэгч ээ” хэмээн хашгирахад, нөгөө эмэгтэй уушийн газраас гарч ирээд:

-Дөрвөн реал гэлээ.

-Бидэнд “Anis del Toro” хоёрыг авчраад өгөөч.

-Устай авах уу?

-Чи устай авмаар байна уу?

-Мэдэхгүй ээ, усаар шингэлж уувал зүгээр байдаг юм уу гэж бүсгүй асуулаа.

-Тэр нь дээр л дээ.

-Тэгэхээр та хоёр устай авна гэсэн үг үү хэмээн бүсгүй лавлав.

-Тэгье ээ, устай авъя.

-Энэ яг эмийн ургамал шиг амттай юм гээд бүсгүй аягаа тавив.

-Юм болгон л чамд тийм амтагдах юм аа даа.

-Харин тийм. Үнэхээр уусан болгон л ийм амттай байна шүү. Ялангуяа, чиний удтал мөрөөдөөд явсан нөгөө абсент шиг… гэж бүсгүй битүү егөөдөв.

-За, наад яриагаа больчих л доо.

-Чи л эхэлсэн биз дээ. Би зүгээр л тоглоод хэлж байхад чинь. Би аль болох зугаатай байя л гэсэн юм хэмээн бүсгүй маргалаа.

-За за, тэгвэл зугаатай байх гээд оролдъё л доо.

– Тэгье ээ. Би бол оролдсон шүү. Тэр толгодыг цагаан заан шиг харагдаж байна гэж хэлсэн. Цавцайгаад, тийм л байгаа биз дээ?

-Нээрэн ч цавцайж байна шүү.

-Энэ ундааг амсч үзье гэсэн санааг бас л би гаргасан. Ийшээ тийшээ харж сонирхож, ууж үзээгүй зүйлээ амсч үзэхээс өөр одоо юу хийх юм бэ, тийм биз дээ?

-Тийм ээ, чиний зөв.

Бүсгүй толгодыг дагуулан ширтлээ.

-Үнэхээр гоё толгод юм аа. Яг ч цагаан заан биш л дээ. Моддын чөлөөгөөр зааны арьс үзэгддэг шиг л тиймэрхүү өнгөтэй мэт надад санагдсан юм.

-Хоёулаа өөр юм ууж үзэх үү?

-Тэгье.

Халуун салхи хэлхмэл хөшгийг ширээний өөдөөс хийсгэв.

-Шар айраг ч сайхан сэрүүцүүлчихлээ шүү гэж хархүү хэллээ.

-Ёстой сайхан байна гэж бүсгүй хэлэв.

-Энэ бол ердөө л гар хурууны үзүүрийн, байдаг л зүйл шүү дээ, Жийг. Ямар мэс засал биш гэж хархүү дуугарлаа.

Бүсгүй тонгойж, ширээний хөл тулсан газар луу ширтэв.

-Чи нэг их айж сандраагүй биз дээ, Жийг? Айх ч юу байхав дээ. Тэд ердөө нээгээд агаар оруулах л төдий юм чинь.

Бүсгүй дуугарсангүй.

-Би чамтай цуг очоод, дуусан дуустал нь дэргэд чинь байна аа. Тэгээд ердөө бага зэрэг агаар оруулаад л, тэгээд бүх зүйл номоороо болно.

-Тэгээд бид дараа нь яах билээ?

-Бүх зүйл сайхан болно оо. Бид яг л урьдынх шигээ байх болно.

-Яагаад чи тэгж бодож байгаа юм бэ?

-Энийг л давчихвал бидэнд шаналах зүйл үлдэхгүй. Биднийг зовоож байгаа цорын ганц зүйл бол энэ л байна шүү дээ.

Бүсгүй сүлжмэл хөшиг рүү ширтсэнээ, гараа сунгаж, хэлхсэн хоёр унжуурга барин имэрч үзэв.

-Тэгвэл бүх зүйл маань хэвэндээ орж, жаргалтай болно гэж чи бодож байна уу?

-Тэгэлгүй яахав дээ. Чамд айх юм ерөөсөө байхгүй. Өчнөөн л хүмүүс ийм зүйл хийлгэдэг.

-Тийм л байх л даа гэснээ бүсгүй:

-Тэгээд дараа нь цөмөөрөө маш их жаргалтай болцгоодог байх хэмээлээ.

– За за, чи хүсэхгүй байгаа бол хэрэггүй ээ. Чамайг огт хүсээгүй байхад би албадмааргүй байна. Уг нь маш энгийн зүйл л дээ гэж хархүү хэлэв.

-Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу?

-Минийхээр бол энэ л хамгийн зөв алхам. Гэхдээ чи үнэхээр л хүсэхгүй байгаа бол хийлгэх гэхгүй ээ.

-Хэрвээ чи намайг хийлгэчих юм бол чи жаргалтай болж, бүх зүйл урьдынх шигээ байж, чи намайг хайрлах уу?

-Би одоо ч чамд хайртай. Намайг чамд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ.

– Мэднэ л дээ. Гэхдээ хэрэв би үүнийг хийвэл, бүх зүйл эргээд сайхан болж, жишээ нь, хэрэв би зарим зүйлс цагаан заан шиг харагдаж байна гэж хэлбэл чамд тэр бүхэн сайхан санагдах уу?

-Би тиймэрхүү зүйл ярихад чинь дургүй шүү дээ. Надад одоо ч тэр толгод сайхан харагдаж байна. Зүгээр, би яг одоо энэ тухай бодож чадахгүй байна л даа. Сэтгэл санаа тавгүй байгаа үед яаж төвлөрөх билээ, чи ойлгож байгаа шүү дээ.

-Хэрэв би үүнийг хийх юм бол чиний сэтгэл санаа тавгүйтэхээ болих уу?

-Энэ маш энгийн зүйл болохоор миний санаа зовоод тавгүйтээд байгаа юм ч алга л даа.

-Тэгвэл би хийлгэнэ ээ. Надад өөрт ямар байх нь огт хамаагүй.

-Юу гэсэн үг вэ?

-Би өөртөө бол санаа зовохгүй байна.

-За, боль доо, би чамд санаа зовж л байна шүү дээ.

-Өө тэгэлгүй яахав. Харин би өөртөө санаа зовохгүй байна. Би үүнийг хийнэ, тэгээд бүх зүйл сайхан болно.

-Хэрэв чи ийм бодолтой яваа бол би чамайг хийгээсэй гэж хүсэхгүй байна.

Бүсгүй босоод төмөр замын буудлын нэг булан руу дөхөсхийв. Нөгөө талаар уулс хөшилдөнө.

Үүлэн сүүдэр тариан талбай дээгүүр хөвж, моддын чөлөөгөөр голын ус гялтганахыг тэрээр олж харлаа.

-Бид энэ бүхнийг давж гарна. Тэгээд бид хүссэнээрээ байх болно, хойшид бид өдөр бүр үүнийг хийх боломжгүй болно хэмээн тэр хэлэв.

-Юу гэнэ ээ?

-Бид хүссэнээрээ байх болно л гэсэн юм.

-Бидний өмнө бүхий л ертөнц нээлттэй байна.

-Үгүй дээ, тийм биш.

-Бид дуртай газар руугаа явах болно.

-Тийм биш ээ. Юу яасны дараа бол бидэнд хамаагүй шүү дээ.

-Энэ бол биднийх байсаар байх болно.

-За, үгүй дээ. Нэг л удаа тэд аваад, тэгээд л гүйцээ. Ахиж чамд бий болохгүй.

-Гэхдээ тэд авчихаагүй л байгаа шүү дээ.

-Бид хүлээж, давж гарах болно.

-Алив, буцаад сүүдэрт ор. Чи ийм зүйлс бодохоо боль гэж хархүү хэлэв.

-Би юу ч бодоогүй ээ. Зүгээр л мэдэж байна гэж бүсгүй хэллээ.

-Чиний хүсэхгүй байгаа зүйлийг чамаар хийлгэхийг би хүсэхгүй ээ.

-Надад тийм ч сайхан байхгүй гэдгийг би мэдэж байна аа. Алив, ахиад шар айраг авах уу хэмээн бүсгүй дуугарав.

-Тэгье. Гэхдээ чи бас ойлгох хэрэгтэй…

-Би ойлгож байгаа. Ерөөсөө энэ яриагаа боливол яасан юм бэ гэж бүсгүй ундууцлаа.

Тэд ширээндээ сууцгааж, хөндийн гандуу хуурай хэсэг дэх толгодыг бүсгүй ажиглан, харин хархүү бүсгүй рүү, бас ширээ рүү ширтэх ажээ.

-Хэрэв чи өөрөө хүсэхгүй байгаа бол чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэхгүй ээ гэдгийг чи ойлгосон шүү дээ. Чамайг хүссэн тохиолдолд л би сая зориглож чадна гэж тэр хэлэв.

-Чамд тэгээд ямар ч хамаагүй хэрэг үү? За, одоо маргалдахаа больё.

-Мэдээж надад хамаатай. Гэхдээ одоогоор надад чамаас өөр хэн ч хэрэггүй. Би өөр хүн хүсэхгүй байна. Тэгээд ч энэ бол гар хурууны үзүүрийн ажил гэдгийг мэдэж байна.

-Тийм ээ, чинийхээр бол гар хурууны үзүүрийн л ажил.

-Чиний ингэж хэлэх ч зөв л дөө.

-Яг одоо чи миний төлөө ямар нэгэн зүйл хийх үү?

-Чиний төлөө би юуг ч хийнэ.

-Тэгвэл, бурхан минь энэ яриагаа больж үз, больж үз, больж үз гуйя.

Хархүү юу ч хэлэлгүй өртөөний хана түшүүлэн тавьсан цүнх тээш рүүгээ харан суув. Тээшин дээр нь тэдний хоног төөрүүлсэн бүхий л зочид буудлын хаяг наалттай байлаа.

-Гэхдээ би чамд үүнийг хүсэхгүй байна аа. Ер нь энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна гэж тэр хэлэв.

-Би хашгирч чарлах байх аа гэж бүсгүй хэллээ.

Үйлчлэгч бүсгүй хөшигний цаанаас хоёр шар айраг барин гарч ирээд, чийгтсэн жийргэвч дээр тавив. Тэгээд:

-Галт тэрэг таван хормын дараа ирнэ гэжээ.

-Юу гэсэн бэ хэмээн бүсгүй асуулаа.

-Аа, галт тэрэг таван хормын дараа ирнэ гэнэ ээ.

Бүсгүй мөнөөх эмэгтэйн зүг талархан инээмсэглэв.

-Би цүнхнүүдээ буудлын нөгөө талд гаргачихъя даа хэмээн хархүүг хэлэхэд, бүсгүй түүн рүү мөн инээмсэглэжээ.

-За за, тэгээд буцаад ирээрэй, шар айргаа дуусгая.

Хархүү нэлээд хүнд хоёр цүнхийг өргөж, өртөөний байрыг тойрон авч явсаар нөгөө зам дээр аваачиж тавив. Тэрээр зам руу хараа сунгасан ч, айсуй галт тэрэгний цуваа үзэгдэхгүй л аж. Галт тэрэг хүлээнгээ юм ууцгааж суугаа хүмүүсийн дундуур тэрээр уушийн газраар дамжин буцаж алхлаа. Баарны лангуун тушаа зогсоод тэр Anis уунгаа хүмүүсийг ажиглана. Цөмөөрөө л галт тэрэг хүлээж буй нь илт. Тэрээр унжуурга хөшгийг яран гарлаа. Бүсгүй ширээн дээрээ сууж байх бөгөөд түүнийг хармагцаа инээмсэглэв.

-Зүгээр биз гэж асуухад нь бүсгүй:

-Зүгээр ээ. Санаа зоволтгүй, тайвширчихлаа гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Уугуул нутаг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

БНХАУ-ын 12 зураачийн “Уугуул нутаг” үзэсгэлэн өчигдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийв.Уг үзэсгэлэнг эрхлэн гаргагч Гү Жэн Чин “Орчин үеийн урлаг нь Хятадын нийгмийн салшгүй нэг хэсэг болсон. Эдгээр уран бүтээлчид уламжлалт урлагийг орчин үеийн урлагтай хослуулж чаддаг. Боломж олдвол илүү олон үзэсгэлэнг Монголд нээхийг хүсч байна. Дараа жил Монголын зураачдын үзэсгэлэнг Шанхайн урлагийн төв музейд гаргахаар төлөвлөөд байна” гэв.

БНХАУ-ын орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл болох Гуань Вэй, Чэнь Шүнь, Чэнь Вэйнүн, Дэн Гүө-юуань, Хэ Хоу-юуань, Гоу ах дүүс, Лю Вэй, Чи Жинүн, Ши Жинсүн, Сүнь Юань, Пэн Юү, Тань Шүнь, Түнь-Янь Рүнань, Идэр зэрэг уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Японд Асо галт уул дэлбэрчээ

Япон улсын баруун урд мужийн Кюшү аралд орших Асо галт уул өнөө өглөө дэлбэрчээ. Галт уул сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрч байгаа нь энэ аж.

Дэлбэрэлтийн улмаас нэг км орчим газарт халуун лаав цацагдаж, хөрс эвдэрчээ. Мөн ойролцоох суурьшлын бүсэд их хэмжээний үнс, нурам унажээ. Албаныхан иргэдийг сэрэмж болгоомжтой бйхыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

2024 онд Хятад улс дэлхийн цор ганц сансрын станцыг эзэмшинэ

Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн группийн зөвлөлийн дарга Лэй Фанпий Хятадын сансрын үйл хэрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн үеэр, Хятад улс 2018 оны үеэр сансрын станцын туршилтын цөм болсон бүхээг хөөргөж, 2022 оны үеэр 20 тонны сансрын станц хөөргөнө гэжээ. Ингэснээр 2024 онд олон улсын сансрын станц үүрэгт ажлаа биелүүлэн татан буугдах үеэр Хятад улс дэлхийн цорын ганц сансрын станцтай улс болно.

Лэй Фанпий: Хятад улсын сансрын станц байгуулах төсөл нэгэнт батлагдсан. Сансрын станц нэг цөм бүхээг, хоёр туршилтын бүхээгээс бүрэлдэж, олон залгалдах гарцтай, олон нисэх аппаратыг зэрэг залгах хүчинтэй байна. 2018 оны үеэр сансрын станцын туршилтын цөм болсон бүхээгийг “Чан Жэн V” пуужингаар хөөргөж, 2022 оны үеэр 20 тонны сансрын станц хөөргөх болно гэжээ.

Сансрын станцад жил бүр нисгэгчтэй сансрын хөлөг, бараа тээврийн нисэх онгоц олон удаа залгаж, арын хангамж олгох болно. Тус станц 400 км тойрог замд 10 жил ажиллах болно. Тухайн үед Хятад улс Оросын дараа бие дааж сансрын станц байгуулсан орон болох болно. Сансрын нисгэгч уг станцад нэг жилээс удаан хугацаагаар ажиллаж болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өгүүллэг:Шар могойн домог

Урд зүгээс нэгэн шар могой Монголыг зорин иржээ. Тэр могой аварга биетэй бөгөөд наранд гялалзсан сайхан шар хайрстай. Бас уурлахаараа цав цагаан өнгөтэй болдог. Энэ могой алс холын тэр нутгаас Монголыг зорьсны учир юу юм бол доо. Гүн цэнхэр далай, өндөр уулсыг даван хүний нутгаас монголын талд юуны учир ингэж их хөлс хөдөлмөр гарган ирэв.

Учирыг өгүүлбээс энэхүү могой нэгэн шулмын зараалаар иржээ. Түүнийг өмнөд нутгийн нэгэн хар уулын шулам илбэдсэн бөгөөд Монголд байгаа нэгэн бүсгүйг хорлуулахаар явуулжээ. Ингээд могой явсаар байгаад монголын хилээр давж орж ирлээ. Уулын оройгоор гулсах түүний биеийг алсаас ч харж болохоор тийм сүртэй могой байв. Могой урд төрөлдөө нэгэн хааны хатны үнэнч туслах байсан бөгөөд түүнтэй үй зайгүй найзууд байжээ. Хатан өглөө бүр могойгоо эрхлүүлэн тоглож цэцэрлэгт хамт зугаалан могой ч өндөр өндөр моддыг сүлжин хатныг зугаацуулдаг байжээ.

Хаан тэрхүү могойг зулзага байхад нь алсын аян дайнд мордож ирэхдээ бэлэг болгон авчирч өгчээ. Хааныг нэгэн удаа аян дайнд явсан хойгуур хатанд хор уулган түүнд атаархаж явдаг бага хатан нь хорлосон байв. Энэхүү мэдээг сонсоод хаан маш ихээр гуниглаж хөөрхий хатныг хамгаалж чадсангүй гэж могойг хэдэн хэсэг тасчин хаяжээ. Могой ч эзнээ алдсандаа маш их гунигласан бөгөөд өөрийгөө маш ихээр буруутгажээ. Харин хатан дараа төрөлдөө монголын нэгэн жирийн айлын охин болон төрсөн бөгөөд тэрээр урд насныхаа амьдралыг огтхон ч санадаггүй байлаа.

Гэхдээ хатныг үхэхэд нь нэг зөнч түүнийг хүүгийнхээ хүү болон мэндэлж гурав дахь үедээ эргэн ирж хаан ширээг залгажилна гэж айлджээ. Энэ тухай сонссон бага хатан хэдий хүүгээ хаан болгож бүх эрх мэдлийг аваад байсан ч дараа төрөлдөө эргэн ирж өшөөгөө авах хатныг цагаас нь эрт үхүүлж өөр төрөлд шилжүүлэхийг хүсчээ. Энэхүү хүслээ хар уулын шуламд харуй бүрийгээр очиж хэлснээр тэд хэлэлцэн тохирч таван хэсэг тасчуулсан шар могойг далайн гүнээс олж бүтэн болгож тарнидаад тэрхүү гүнжийн араас нэхүүлэхээр болжээ. Ингээд амь орсон шар могой ачлал энэрлийг нь санан шулмын хүслийг биелүүлж тэрхүү охиныг алахаар ийнхүү Монголын нутагт ирсэн нь энэ ажээ. Могой амсхийн Богд уулын энгэрт хэвтэж байв. Богд уулын савдаг хангарьди харь холоос ирсэн энэ аварга могойг хараад учрыг мэдэж эзэнд нь дохио өгөхөөр нэгэн зүүдийг илгээжээ. Тэр шөнө охины ээж нэг том шар могойг зүүдэлсэн бөгөөд охиныг нь чиглэн явааг олж харжээ. Айсандаа яахаа мэдэхээ байсан ээж нь энэ муухай зүүднийхээ учрыг асуухаар нэгэн үзмэрч дээр очлоо.

Үзмэрч 41 чулуугаа татаж үзээд : –охинд чинь аюул ойрхон байгаа нь харагдаж байна. Амь насанд нь ч халтай юм байна. Хамгаалалт хийж зүүх хэрэгтэй гээд нэгэн толийг өгчээ. Үүнийг байнга зүүж яваарай ерөөсөө биеэсээ салгаж болохгүй шүү гэжээ. Тэгээд тэр удган “Охинд чинь элдэв хий юм харагдаж зүүд нойр нь эвгүйтээд байвал над дээр дагуулж ирээрэй” гэжээ.

Ээж нь охин дээрээ ирж нөгөө толийг өгөхөд охин ихэд гайхаж

-Би энэ толиор яах юмбэ хүүхдүүд шоолно ш дээ, би ерөөсөө ийм юм зүүж чадахгүй ээ гэж цаараглаж гэнэ. Яадаг ч байсан охин минь зүүх хэрэгтэй. Ээж нь ойрд муухай зүүд зүүдлээд байна. Миний охин зүүчих л дээ, цамцныхаа цаагуур зүүчихгүй юу даа гэхэд охин ээжийнхээ сэтгэлийг бодоод зүүгээд ажилдаа явлаа. Гэвч ширээний ард тольдож суугаад нөгөө толио гэнэт санан аваад шургуулгандаа хийчихэв. Хүмүүс юу гэж бодох юм билээ, шал балай юм мухар сүсэг гэж тэрээр боджээ. Ингээд орой ажлаа тараад гэртээ харилаа. Ээж нь охиноо толио зүүгээгүй байгааг хараад бурхан минь чи яагаад толио зүүгээгүй юм бэ гэхэд

-Өө би авч тавиад мартчихаж гээд өрөөрүүгээ тоомжиргүйхэн явж оров.

Ээж нь санамсаргүй цонхоороо харвал хашаан дотор нь аварга том шар могой мушигралдан явж байлаа. Сандарсандаа утсаа шүүрч аван нөгөө удган руу утасдлаа. Та нэг хүрээд ирээч би сая аварга том могой хашаан дотор маань явж байхыг харлаа. Охин минь таны өгсөн толийг ажил дээрээ орхиод ирчихсэн байна гэхэд

  • За би одоо яваад очъё, би ч гэсэн тэр аварга могойг харж байна гэж тэрээр хэлэв.
  • Ингээд удган ирж тэднийд нэгэн зан үйл үйлдэхээр боллоо. Бүхий л онгод тэнгэрүүдээ дуудан энэхүү могойг яаж буцааж явуулах вэ гэж хэлэлцэж гэнээ. Удалгүй охинд нэгэн рашаан өгөхөд тэрээр ухаан нь балартан унаад өгөв. Охиныг зөөлөн дэвсгэр дээр хэвтүүллээ. Тэгээд удалгүй удган зан үйлийнхээ дунд хэсэгт нь “За одоо хаалгаа онгойлго” гэж хэлэв. Байшингийн хаалгийг онгойлгоход удалгүй гаднаас том шар могой гулсан орж ирлээ. Гэрт байсан хүмүүс айдаст автаж байхад удган тоосон шинжгүй
  • Битгий айж сандар, энэ охин энэ могой хоёр бие биенээ таних учиртай, тэд урьд насныхаа дотно харилцаа холбоог санах ёстой, тэгж чадвал охин аврагдаж могой ч эндээс явах болно гэж хэлэв . Могой орж ирэн орчин тойрноо ажиглан гэр дотор нь аяархан гулсан байснаа охиныг олж харан түүн дээр маш хурдан очлоо. Тэгснээ охины царайг харан нэг юм санасан бололтой эргэлзэн тойрон эргэлдэж байгаад түүний зүрхэн дээр толгойгоо тавин ямар нэг юм чагнах мэт удаан байв. Урдах амьдарлаа санасан бололтой могойн нүднээс том том нулимс бөмбөрөв. Тэгээд охиныг биеэрээ ороон яг л эх нь үрээ хайрлан тэврэх мэт өөртөө наагаад хацарт нь хацраа хүргэн хайр дүүрэн харцаар ширтлээ. Ингээд могой өмнөх төрлөө санаж охин ч аюулгүй болж. Тэр могой тэгээд буцаж явсангүй. Богд ууланд үүрээ засан охиныг үхэн үхтэл нь хамгаалж үлдэхээр болжээ. Охин ч өмнөх төрлөө санаж түүнтэй дотносож Богд ууланд очин шар могойтойгоо эрхлэн тоглох болжээ. Төгсөв.2013 /10/6 О.Өнөрцэцэг
Categories
мэдээ

Хүүхдүүд машинд ачиж явсан өвсийг санаатайгаар шатаажээ

Бага насны
хүүхдүүд санаатайгаар гал тавьж, машинд ачиж явсан өвсийг шатаажээ. Тодруулбал,
уржигдар буюу пүрэв гаригт бага насны хүүхдүүд өвс ачсан машинд шүдэнз зурж гал
түймэр тавьжээ. ХУД-14 хороонд “Өлзийтийн МТ” ШТС-ын гадна
автомашинд ачсан өвс шатаж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага
авч шалгажээ. Шалгалтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат А
/эр.39н/-ийн “Dewoo” автомашинд ачиж явсан 480 боодол өвсийг
ХУД-14 хороонд суух С /эр.08н/, А / эр.08н/, Т /эр.08н/ нар гал тавьж шатаасан
хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Categories
мэдээ

“Face of Beauty International-2016”-н ялагчаар ОХУ-ын мисс тодорлоо

‘Монголд анх удаа “Face of Beauty International-2016” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн боллоо. Дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн тус тэмцээний ялагч өнөөдөр “Корпорэйт” /Corporate Hotel Convention Center/ концертын их танхимд тодорлоо.

“Face of Beauty International-2016” тэмцээний ялагчаар ОХУ-ын мисс тодорсон бол дэд байрт Зимбабве, гуравдугаар байрт Филиппиний мисс орлоо. Эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо дөрөвдүгээр байрт орсон бол Португалийн мисс шилдэг тавд багтжээ.

Энэхүү гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын шүүгч нар шүүн явуулсан юм. Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс гадна Украйны “АМЬД БАРБИ” Валерия Лукьянова шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан нь олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан юм.

“FACE OF BEAUTY INTERNATIONAL” Шинэ Зиланд улс санаачлан 2012 оноос эхлэн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд цар хүрээ, нэр хүнд нь хурдацтай өсөж, Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа тавд бичигдэж эхэлжээ.

MISSOSOLOGY.ORG. Фэйсбүүк хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, сардаа 200 гаруй улсаас 3,7 сая хүн зочилж, ойролцоогоор 95 сая удаа нийтлэлүүдийг нь уншдаг тус сайт олон улсын тэмцээнүүдийн чансааг тодорхойлж, дүн шинжилгээ хийдэг. Өдгөө дэлхийн шилдэг сайтын нэг болсон www.missosology.org-ийн жагсаалтанд FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн тавдугаар байрт бичигдэж байна.

Манай улс энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар 2013 оноос хойш хүсэлт тавьж байжээ. Ингээд Шинэ Зеланд, Австрали, Тайвань зэрэг орнуудтай өрсөлдөн 2016 онд зохион байгуулах эрхийг өнгөрсөн онд авчээ.

“Face of Beauty International-2016” тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, ерөнхий зохион байгуулагчаар Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагийн захирал шүүгч зэрэг нийт 200 гаруй хүн манай улсад ирж, долоо хоногийн турш саатлаа.