Categories
мэдээ

“Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна

Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдрийг өнөөдөр “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

СЭМҮТ-өөс уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч Баасан гарагт нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бол өнөөдөр хэвлэлийнхэнд хандан төвийнхөө үйл ажиллагаа болон сэтгэцийн өвчлөлүүдийн талаар мэдээлэл өглөө.

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл ” Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог.

Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна.

Сэтгэцийн эмгэг нь өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.

Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь сэтгэл гутрах эмгэгтэй байгааг тогтоосон” гэлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авагчид нь ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дунд ялгаварлан гадуурхагдаж сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байдаг ажээ. Ялгаварлан гадуурхалт тэднийг асуудлаа гэр бүл, найз нөхөд, багш, ажлын хамт олон ойр дотныхонтойгоо ярилцахаас эмээх, бусдаас нуух, мэргэжлийн тусламж авч чадахгүйд хүргэхээс гадна ажил, орон гэр, гэрлэх, нийгмийн идэвхтэй харилцаанаас татгалзахад хүргэдэг байна.

“СЭМҮТ-ийн эмнэлзүйн сэтгэлзүйч нар ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг орчуулан хэрэглэж байгаа. Эхний ээлжинд хүүхдүүдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Өсвөр насны тэр дундаа төгсөх ангийн хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох нь бүх насаараа аз жаргалтай ажиллаж, амьдрахын үндэс болдог. Тиймээс өөрийн авир араншин, бие хүний онцлогтоо тохируулан мэргэжлээ сонгох хэрэгтэй юм.

Мөн сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулан хэрэглэж байгаа” хэмээнСЭМҮТ-ийн дэд захирал О.Баатаржав хэллээ.

Сүүлийн үед мансуурал болон хүүхдийн сэтгэц зан үйлийн эмгэг ихсэж байгаа учраас СЭМҮТ мансуурлыг илрүүлэх тестийг өөрийн лабораторийг түшиглэн хийж байгаа ажээ. Мөнкомпьютер тоглоомд донтсон, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байгаа хүүхдэд сэтгэл заслыг тусгайлан тохижуулсан өрөөнд насны онцлогт тохируулан хийж байгаа нь үр дүнгээ өгч байгааг хэлж байлаа.

СЭМҮТ-д хандан бие хүний хэв шинж, сэтгэцийн эмгэгүүдийг тогтоох сорил өгөхөд үнэ төлбөргүй юм байна.

Categories
мэдээ

Хоёр компаний хувьцааг бүртгэлээс хаслаа

Монголын хөрөнгийн бирж шийдвэр гаргаж, хоёр компанийн хувьцааг бүртгэлээс хаслаа. Үнэт цаасны холбогдох хууль болон Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 374 тоот тушаалын дагуу “Ай түүлс” ХК-ийн анх удаа олон нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4,324,263 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан байна.

Мөн хууль тогтоомжийг үндэслэн Багануур” ХК-ийн нэмж гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9,870,287 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн Биржийн үнэт цаасны бүртгэлээс хасчээ.

Categories
мэдээ

БОАЖЯ-аас шонхор шувуу худалдсан мөнгөөр юу хийснээ тайлагнав

Засгийн газраас 2013 онд идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглосон. Гэхдээ төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж буй Ойрхи Дорнодын бүс нутгийн өндөр албан тушаалтнуудад соёлын зориулалтаар бэлэглэх болон худалдахыг зөвшөөрдөг.

Шонхор шувууны экспортоор манай улсад дараах хөрөнгө оруулалтыг хийжээ.

  • Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн хөгжлийн сангаас Тайширын УЦС барихад 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл,
  • Кувейт улсын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 83 сая ам.доллар
  • Биологийн олон янз байдлыг судлах судалгааны төвд 3.4 сая ам.доллар
  • Хэнтий болон Баян-Өлгий аймгуудад нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж машин худалдан авахад 360 мян ам.доллар тус тус олгожээ.

Мөн:

  • 2011-2014 оны хооронд Саудын Арабаас манай улсад олгосон 11 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймагт 10 жилийн сургууль барьсан
  • Катар улсын мянганы замын төсөл, Азийн олимпийн наадамд оролцуулах зардал, хурал зохион байгуулах зэрэгт 10 гаруй сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн.
  • Түлэнхийн төв болон Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын буух, хөөрөх зурвасыг барихад нийт 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон гэдгийг БОАЖ-ын яамнаас танилцууллаа.

Тус яамнаас манай улс Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, санхүүгийн чадавх сайтай булангийн орнуудаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах, хөрөнгө оруулалт татах, туршлага судлах зэргээр хамтын ажилллагаагаа урагшлуулахад шонхорын хүчин зүйл чухал нөлөөтэй гэдгийг онцлов.

Мөн 2015 онд 2016 онд тусгай зориулалтаар агнуулах Засгийн Газрын 463-р тогтоол гарчээ. Үүнд: Угалз-60, Тэх-70, Халиун буга-30, Саарал чоно-20, Бор гөрөөс-10, Зэрлэг гахай-10, Цагаан зээр-150 гэсэн журам гарсан” хэмээн Хүрээлэн Буй Орчин Байгалийн Нөөцийн Удирдлагын Газрын дарга Д.Даваасамба тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганбат:Төмөр замын тээврийн коридорыг нэмэгдүүлэх бодлого барина

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа төлөөллүүдтэй өнгөрөгч Баасан гаригт уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Үдээс өмнө Иргэний нисэхийн салбарынхантай уулзсан бол үдээс хойш төмөр замын салбарын төлөөллүүдтэй уулзаж, харилцан санал солилцсон юм. Энэхүү уулзалтад төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг УБТЗ ХНН, “МТЗ” ТӨХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв болон “БТЕГ” компани зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөл хамрагджээ. Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан зорилт, арга хэмжээний талаар салбарынхантай ийнхүү зөвлөлдөж буй аж. Уулзалтын үеэр салбарын сайд төмөр замын тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт удаашралтай явагдаж ирсэнийг хэлэв. Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдан Ази-Европын хооронд ачаа, тээврийн урсгал нэмэгдэж буй өнөө үед хоёр тивийг холбосон төмөр замуудын нэг болох Монгол Улсын төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийтээр харах болсон талаар уулзалтын эхэнд онцоллоо. Тиймээс ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас өөрийн орны төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөрш орнуудын төмөр замуудын галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт нэгдэн орж, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах боломжийг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн УБТЗ-ын техникийн шинэчлэлтийг үргэлжлүүлэн хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах ажлын хүрээнд төмөр замын тээврийн коридорын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллах шаардлага урган гарч буйг ч хэлсэн юм. Түүнчлэн, УБТЗ-ын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, үргүй зардлыг багасгах, тарифын уян хатан бодлогыг боловсруулах, хөрш орнуудын техникийн хөгжилтэй зэрэгцэн алхах боломжийг бий болгохын тулд техник, технологийн дэвшилтэт шинэчлэлийг нэвтрүүлэх, шинэ санаачлагыг хөхүүлэн дэмжих, түүнтэй зэрэгцүүлэн боловсон хүчнийг бэлтгэх, тэдгээрийг мэргэшүүлэх, чадавхжуулах зэрэг чиглэлд анхаарах шаардлагатай байгаа аж. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шинээр байгуулагдсан Засгийн газрын 100 хоногийн хугацаанд төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд хийсэн зарим ажлуудыг танилцуулав.

Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж байгаа Бүс нутгийн тээвэр, логистикийн төвийг хөгжүүлэх төсөлд шаардлагатай төмөр зам, барилгын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах зөвшөөрлийг Засгийн газраар шийдвэрлүүлсэн байна. Энэхүү логистикийн төвийн барилгын ажлыг 2019 онд дуусгахаар төлөвлөжээ. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн тээврийн дэд сайд нарын түвшний гурван талт уулзалтыг ирэх сард эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад буй аж. Мөн Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төсөл, Хөөтийн уурхайгаас Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хүртэлх төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах, УБТЗ нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх зэрэг олон ажил биеллээ олж буй талаар сайд Д.Ганбат онцоллоо.

Тэрбээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төмөр замын тээврийн салбарт цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, 2017 онд Хөөт-Бичигт чиглэлийн 222 км, Шивээхүрэн-Сэхэ боомтын 13 км, Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэн 2020 онд барилгын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлж, 2018 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Төмөр замын тээврийн салбарт дээрх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Монгол Улсын дотоодын төмөр замын сүлжээний урт 1200 орчим км-ээр нэмэгдэх юм. Үүний үр дүнд Монгол Улсын дэд бүтцийн өрсөлдөх чадвар дээшилж, уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн зардал буурах, уурхайн олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг салбарынхан хэлж байлаа. Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэх, тээвэр, логистикийн сүлжээний үйлчилгээ, хүртээмж сайжрах зэрэг эдийн засаг, нийгмийн өндөр өгөөжийг бий болгох ач холбогдолтой юм байна.

Уулзалтын үеэр Вагоны албаны дарга Л.Болд “Логистикийн төв байгуулах, хөдлөх бүрэлдэхүүн, вагон угсралтын үйлдвэртэй болох, дэд бүтэц хоорондын харилцааг зохицуулах асуудлууд яригдаж байна. Эдгээр асуудлыг ЗТХЯ бодлогын түвшинд хэрхэн шийдэх гэж байна вэ?” хэмээн асуув. Хариуд нь Зам, тээврийн хөгжлийн сайд “Замын-Үүдэд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй логистик төв ашиглалтад ороод манай төмөр замын байгууллагуудын өмчлөлд байна. Гэхдээ Азийн хөгжлийн банктай Сангийн яамны байгуулсан хэлэлцээрт “Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн мэдэлд өгч болох юм” гэсэн өгүүлбэр бий. Тэгэхээр манай яамны байр сууь тийм биш. Хил дээр шилжүүлэн ачин үйл ажиллагааг хувийн компани биш гурван улсын хэлэлцээрийн дагуу эрх бүхий төмөр замын байгууллага хийх ёстой гэдгийг дэмжиж байгаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны буудлын дэргэд холимог тээврийн лигистик төв байгуулна. Энэ төвөөр Азийн авто замын сүлжээний АН-3 зам буюу Алтанбулаг-Замын-Үүдийн өндөр хурдны зам дайран өнгөрнө. Мөн Богдхан төмөр зам холбогдоно. Тэгэхээр Тяньжин дахь 10 га газарт байгуулах, Замын-Үүдийн, мөн Хөшигийн хөндийн эдгээр логистик төв хоорондоо уялдаа холбоотой байх юм. Ингэснээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүний экспортыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулахд дөхөм болно гэж үзэж байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ундралд хоёр жил хорих ял оногдууллаа

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал холбогдох хар тамхины хэргийг өнөөдөр шүүх шийдвэрлэлээ.

Тэрбээр Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдсан билээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэв. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1, 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн хэсэг бөгөөд Х.Бат-Ундарлыг гэм буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх байв. Анхан шатны шүүхээс Х.Бат-Ундралыг гэм буруутай гэж үзэн хоёр жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалав.

Categories
мэдээ

ХАА-н салбарт зориулж 54 тэрбум төгрөг тусгажээ

ХАА-н салбарт зориулж 54 тэрбум төгрөг тусгажээ зурган илэрцүүд

Засгийн газар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа хөдөө аж ахуйн салбарт зориулж 54 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр суулгажээ. Тодруулбал, хүнсний улаан буудайн урамшуулалд 16 тэрбум, ноосны урамшуулалд 22.3 тэрбум, арьс ширний урамшуулалд 15.7 тэрбум төгрөг тус бүр суулгасан юм байна.

Урамшууллыг үндэсний аж ахуйн нэгжид ноос ноолуур, улаан буудайгаа тушаасан компаниудад олгоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Саруул: Соёлын биет бус өв нь биегүй, эзэнтэйгээ хамт устаж алга болдог учир зайлшгүй хадгалж хамгаалах шаардлагатай

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс 2016 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Бүсийн анхны хурал 2014 онд болж байжээ. Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ICHCAP хамтран зохион байгуулж байна.

Соёлын биет бус өвийг хамгаалах 2003 оны Конвенц батлагдсанаас хойш 170 орон, түүний дотор Зүүн хойд Азийн дараах таван улс хамрагджээ.

Үүнд: Япон, БНХАУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Монгол орж байна. Зүүн хойд Ази нь түүхэн урт удаан хугацааны турш соёлын асар баялаг өв уламжлалыг бүтээж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд СББӨ-ийг хамгаалах талын бодлогоороо манлайлж байна. Дэлхийн хэмжээнд нийт 391 соёлын биет бус өв бүртгэгдсэнээс 93 нь Зүүн хойд Азиас бүртгэгдсэн байна. Үүнээс Япон улс 22, Хятад улс 38, Өмнөд Солонгос 18, Хойд Солонгос 2, Монгол Улс 13-г тус тус бүртгүүлжээ.

Энэ талаар Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийн мэргэжилтэн А.Саруулаас тодрууллаа.

– Соёлын өв гэж юуг хэлэх вэ?

– Дэлхий дээрх бүх өвийг байгалийн, соёлын, нийлмэл өв гэж гурав ангилдаг. Үндэстэн, угсаатан, газар нутаг, байгаль орчиндоо зохицон амьдрах арга ухаан, хэлбэр хэрэгслийн тогтолцоо болж бүтээгдсэн үнэт зүйлс нийгэм, түүх, цаг хугацааны шалгуурыг дааж өвлөгдсөнийг соёлын өв гэж ойлгох хандлага түгээмэл байна. Соёлын өвийг биет болон биет бус гэж ангилдаг. Өнөөдрийн хурал бол “Биет бус соёлын өвийг хамгаалахад хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” гэсэн сэдвээр Ази Номхон далайн бүсийн хэмжээнд болж байна.

Биет бус өв гэж юуг хэлэх вэ?

– Биет бус өв гэдэг нь конвенцийнхоо дагуу тухайн орон нутгийн ард иргэд, бүлэг хүмүүс өөрийн мэдлэг, дадал, заншил, ёс гэж хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хэлнэ гэж заасан байдаг. Үүн дотороо биет бус өвийг конвенц маань тав хуваачихсан байдаг. Эх хэл түүнтэй холбогдуулан утга уран зохиолын аман хэлбэрүүд, ардын аман зохиол, ардын язгуур урлаг, гар урлал, байгаль сав шим ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэж тав хуваасан байдаг.

Яагаад заавал хамгаалах шаардлагатай вэ?

– Энэ өв маань биегүй, эзэнтэйгээ хамт алга болж устдаг учир биет бус өвийг зайлшгүй хадгалж хамгаалах шаардлагатай. Соёлын биет бус өв гэдэг маань монгол арга ухаан, монгол хүний оюунаар бүтээгдсэн бүхий л зүйлийг хэлнэ. Монгол Улс хуулиараа түүхэн тодорхой хугацаанд монгол хүнд болон монгол нутагт дамжигдан ирсэн ойлголт дадлыг биет бус өв гээд түүнийг хадгалж хамгаалахыг заасан байгаа. Үүнд 15 хуваан авч үзсэн байдаг.

– Сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлье гэсэн уриатай зохион байгуулж байгаа юм байна. Тэгвэл тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Сэтгүүлчдэд хандаж хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлье гэж хэлмээр байна. Сэтгүүлчид мэдлэггүйн улмаас соёлын өвийг алдаатай тайлбарладаг. Жишээ нь нэг телевиз монгол үндэстэн ястны хоолны тухай нэвтрүүлгийг орон нутгаас нь хийж хүргэхдээ “Тайхар” чулууны талаар буруу мэдээлэл өгч байсан. Энэ нь яг зорилтот нэвтрүүлэг биш ч гэлээ сэтгүүлчид маань нэг нэвтрүүлгээр олон мэдээлэл өгөхийг хичээдгээс болж соёлын өвийн талаар алдаатай тайлбаруудыг их хийж байна. Тиймээс “Соёлын өвийн төв” дээр ирж соёлын өвийн талаар үнэн бодит судалгаан дээр суурилсан мэдээ мэдээллийг авч түгээн дэлгэрүүлж олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж байгаасай л гэж хүсч байна.

2014/05/15-д батлагдсан “СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-нд “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ”-ийг дараах байдлаар тайлбарлажээ.

7 дугаар зүйл.Соёлын биет бус өв

7.1.Дараах соёлын өвийг соёлын биет бус өвд хамааруулна:

7.1.1.эх хэл, бичиг, түүний хүрээний соёл;

7.1.2.аман зохиолын уламжлал, түүнийг илэрхийлэх хэлбэр;

7.1.3.урлагийн тоглох үзүүлбэр;

7.1.4.үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил;

7.1.5.уламжлалт гар урлалын дэг сургууль, арга барил;

7.1.6.ардын ёс заншил, зан үйл;

7.1.7.ардын уламжлалт мэдлэг, арга ухаан;

7.1.8.ардын бэлгэдэх ёсны уламжлал;

7.1.9.үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн зан үйл;

7.1.10.ардын уламжлалт технологи;

7.1.11.угийн бичиг хөтлөх уламжлал;

7.1.12.гэрийн дэг сургуулийн шилдэг өв уламжлал;

7.1.13.уламжлалт шашин, шүтлэгийн зан үйл, ёс заншил;

7.1.14.газар, усны уламжлалт нэр;

7.1.15.бусад соёлын биет бус өв.

8 дугаар зүйл.Соёлын өвийн зэрэглэл

8.1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалттай гэж зэрэглэнэ.

8.2.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээс энэ хуулийн 8.3-т заасан шалгуурын дагуу хосгүй үнэт, үнэт гэж зэрэглэл тогтооно.

8.3.Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийг дараах шалгуураар тогтооно:

8.3.1.түүх, соёл, урлаг, гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол;

8.3.2.холбогдох цаг үе;

8.3.3.дахин давтагдашгүй байдал;

8.3.4.ур хийц, дэг сургууль;

8.3.5.үнэт металлын орц, эрдэнийн чулууны хэмжээ.

8.4.Соёлын биет бус өвийг төлөөллийн үндэсний жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэж хамгаална.

8.5.Энэ хуулийн 8.4-т заасан жагсаалтад оруулах соёлын биет бус өвийг дараах шалгуураар тогтооно:

8.5.1.түүх, соёл, заншил, уламжлалыг илэрхийлэх байдал;

8.5.2.ховордсон, устсан, эрсдэлд орсон байдал.

9 дүгээр зүйл.Соёлын өвийн үнэлгээ

9.1.Соёлын биет өвийн үнэлгээ хийх журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

9.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно.

9.3.Хувийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг өмчлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.2-т заасны дагуу тодорхойлж болно.

10 дугаар зүйл.Соёлын биет өвийн даатгал

10.1.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үзэсгэлэнд оролцуулах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийлгэх зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд заавал даатгуулна.

10.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад тохиолдолд соёлын биет өвийг даатгуулж болно.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаатай танилцана

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 11-нд буюу маргааш 11 цагт Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана. Нийслэлийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх нь Барилгачдын талбайн баруун тал буюу Туул рестораны ард байрладаг. Ерөнхийлөгч тус шүүхийн ажилтнуудтай уулзаж, шүүхийн шинэчлэл, тулгамдсан асуудлаар ярилцана гэж ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо

Цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо зурган илэрцүүдХуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Үндсэн хуулийн цэц дээрх хүсэлтийг харгалзан үзэж Дунд суудлын хуралдааныг аравдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлууллаа хэмээн Цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батсуурь: “Цөм” хөтөлбөрийг гаргасан хүмүүс нь ч өөрсдөө юу хийснээ мэдэхгүй байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Багш нарын баярын өдөр тохиож байна. Ярилцлагынхаа эхэнд мянга мянган багшид хандаж мэндчилгээ дэвшүүлэх болов уу?

-Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жил, Монголын багш нарын баярыг тэмдэглэж эхэлсний 50 жил тохиож байна. Монголын мянга мянган багш нартаа хандаж ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөж байна. Манай боловсролын салбарын үүрэг, зорилго тодорхой. Цэцэрлэгт сургуулийн өмнөх, дунд сургуулиудад бүрэн дунд боловсрол, их дээд сургуулиудад дээд боловсрол олгож байна. Энэ үйлстээ сэтгэлтэй, анхааралтай ажиллаарай гэж багш нартаа захидаг. Бидний зүгээс бүх шатны суралцагчдын сурлагын чанарт онцгой анхаарал хандуулна. Стандартын боловсролын чанарын шинэ шатанд гаргах хөтөлбөр бий. Хүүхэд бүртэй тулж ажиллах ёстой. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, сургуулиудыг дээд тал нь хоёр ээлжтэй байх зорилго тавиад ажиллаж байна.

-Багш нарын цалин хангамж тааруу гэх яриа байнга гардаг. Төсөв хүнд байгаа үед багш нар цалингаа нэмүүлэхийг тэгтлээ шаардахгүй байгаа. Харин насаараа төрд ажилласан багш нар тэтгэвэртээ гарахдаа авдаг 36 сарын тэтгэмжийг нь хассанд гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэтгэмжийг хасаж, танахаас өөр аргагүй байдалд байна уу?

-Хууль тогтоогчдын бүрэн эрхийн асуудал. 2017 оны төсвийг хэлэлцэхэд шийдвэр гарна байх. Гэхдээ энэ тэтгэлэг, тэтгэмжийг байгаа түвшнээс нь дордуулахгүй гэдэгт итгэж байна.

-Ахмад багш нарын төлөөллийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо танай яамтай хамтран хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Ахмад багш нар мэдлэг, туршлагаа салбартаа зориулмаар байгаагаа илэрхийлсэн. Тэднийг зөвлөх багшаар ч юм уу ажиллуулах боломж бий болов уу?

-Тухайн сургуулийн бүрэн эрхийн асуудал шүү дээ. Жилд мянга, мянган залуус сургуулиа төгсдөг. Тэднийгээ ажилгүй, орлогогүй байлгах хэцүү. Харин ахмадууд маань тэтгэврээ авч байгаа. Тэгэхдээ ахмад багш нарынхаа туршлагыг ашиглалгүй яахав. Багш нарын холбоо ч үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Тухайн сургуульд ямар хүнийг ажиллуулах нь аймаг, дүүрэг, нийслэлийн боловсролын газар, сургуулийн эрх хэмжээний асуудал.

-Боловсролын салбарт сүүлийн хэдэн жил том шинэчлэл хийлээ гэсэн. 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжлээ. Сүүлийн дөрвөн жил “Цөм” хөтөлбөр хэрэгжсэн. Энэ шинэчлэл үргэлжлэх үү?

-Тэртэй тэргүй боловсролын систем үүсч, хөгжөөд 90 гаруй жил болж байна. Бүхий л хугацаандаа бүрэн дунд боловсрол олгож ирсэн. Суралцсан хүүхдүүд гадаад, дотоодын их дээд сургуулийн шаардлага хангаад л суралцаж байлаа. Шинэчлэл гээд 12 жилийн тогтолцоонд шилжлээ. Ийм ч стандарт, тийм ч “Цөм”, “Авьяас” хөтөлбөр гээд янз янзын чамин нэр зүгээд тэр нь иргэдэд өөр өөр ойлголт төрүүлэх болсон. Боловсролын салбарыг бүрмөсөн шинэчилж байна гэж ойлгох хүмүүс ч байна. Угаасаа л дэлхийн бүх улс орнуудын стандартын дагуу хичээлээ зааж байгаа. Өөрчлөгдсөн зүйл үгүй. Харин яаж хүүхдэд тэр хичээлийг эзэмшүүлэх вэ гээд арга технологи өөр өөр байгаа.

Түүнээс хэн нэгэн нь гарч ирээд шинэ зүйл яриад, түүндээ гоё нэр өгөөд байх чухал биш л дээ. “Цөм” гэдэг нь юу ч гэсэн үг юм. 10, 11, 12 дугаар ангид хичээл сонгоно ч гэх шиг. Сонгоогүй хичээлээ яах билээ. Багш нар түрүүчээсээ өргөдлөө бариад ирж байх жишээтэй. Манай сургуульд миний зааж байсан хичээлийг байхгүй болгочихлоо гэж байна. Ийм байж болохгүй. Заавал судлах хичээлийг сурах бичгийн хүрээнд үзэж дуусгана, бүх цагийнхаа тав, арван хувьд нь нэг хоёр хичээлийг гүнзгийрүүлж үзэж болох юм. Гэтэл нэг хичээлийг сонгон суралцаж урагш нь давшсаар байгаад их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курст үздэг хичээлээ судалчихдаг. Нөгөө сонгоогүй хичээлээ мэдэхгүй дунд сургуулиа төгсдөг. Уг нь тэр хүүхэд дээд сургуулийн хичээлийг тэнд нь үзэх л гэж дотоод гадаадын их, дээд сургуульд элсдэг. Тэгэхээр нэг, хоёр хичээлийг сонгоод бусад сургалтын хөтөлбөрөө орхигдуулах нь зохисгүй. Монгол хүүхэд байж монгол хэлээ мэдэхгүй, зөв бичиж чадахгүй байх тохиолдол маш их гарч байна. Их, дээд сургуулийн багш нар ч тэгж шүүмжилдэг.

-Тэгэхээр өмнөх дөрвөн жилд хэрэгжсэн “Цөм” хөтөлбөр өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Яагаад ч “Цөм” гэдэг нэр өгөөд байгаа юм. Тэртэй тэргүй бүрэн дунд боловсролын агуулга дэлхий нийтээрээ нэг байдаг шүү дээ. Дэлхийн стандартыг хангаж, хаана ч сургуульд сурах боломжийг л бүрдүүлэх үүрэг манай салбарт ноогдож байгаа. Багш нар дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг бүрэн эзэмшүүлэх ёстой.

Гэтэл математик үзээгүй юм шиг эсвэл монгол хэлээ мэдэхгүй төгсч болохгүй. Сургалтын хөтөлбөрт “Цөм” ч юм уу, өөр чамин нэр өгөхөд өөр болчихдог юм биш. Өөрчлөөд ч байх юм байхгүй. Харин Монгол Улсын хэмжээнд бүрэн дунд боловсрол олгож байгаа бүх сургууль яг ижил түвшинд боловсрол олгох үүрэгтэй. Бүх хичээл сурах бичигтэй байх ёстой. Сурах бичгийн агуулгыг дур зоргоороо өөрчлөх асуудал сүүлийн жилүүдэд маш их ноёрхсон байна.

-Сурах бичиг сургалтын стандартдаа тохирохгүй байна гэж үү?

-Сурах бичгийн агуулгыг судлах ажлын хэсэг байгуулаад ажиллуулж байна. Дунд сургуулийн багш хэд, хэдэн сурах бичиг барьж ирээд надтай уулзсан. “Энэ сурах бичгийг юу гэж ойлгох вэ. Түүхийн сурах бичиг гэхэд Монгол Улсынхаа түүхийг үзэх гээд байгаа юм уу, дэлхийн түүх судлах гээд байгаа юм уу ойлгогдохгүй” гэж хэлсэн. Холион бантан болсон сурах бичиг ашиглаж байгаа юм байна л гэж ойлгосон. Хүүхдэд эзэмшүүлэх нь бүү хэл багш нь ойлгодоггүй ном байна. Энэ жил аравдугаар анги сурах бичиггүй. “Цөм” хөтөлбөрийн дагуу хичээлээ сонгочихно гээд байгаа. “Цөм” хөтөлбөрийг гаргасан Боловсролын хүрээлэнгийнхэн, яамныхан гээд албан тушаалтнуудтай уулзлаа. Яг тэр хөтөлбөрөө мэдэж байгаа хүн алга. Хичээл сонгоно гэнэ, хэдэн цаг сонгох нь тодорхойгүй. Математикийн хичээлийг гурван жил сонгосон хүүхэд хаана хүрэх нь бас л тодорхойгүй. Гүнзгийрүүлсэн сургалттай гэж ярьдаг. Гүнзгийрүүлж байна гээд урагш нь давхиад их, дээд сургуулийн хичээл үзчихдэг. Энэ бол ерөнхий боловсролын түвшинд байх шаардлагагүй. Харин 12 жилд үзэх хичээлээ бүгдийг нь эзэмшсэн үү гэдэг нь чухал. Гэтэл одоо бүх хичээлээ эзэмшсэн хүүхэд маш бага. Зарим нь бүр ойлголт ч байхгүй болчихсон. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудад түвшин тогтоох шалгалт явуулж, судалж үзэхээр ажиллаж байна. Ядаж монгол хэлний түвшин нь ямар байгааг судалж тогтоогоод цаашид яахаа тодорхойлъё. Их, дээд сургуулийн багш нар “Оюутнууд ядаж элсэлтийнхээ онооны түвшинд байж чадахгүй байна” гэж халаглаж байна. Үүнийг л бид засч залруулах ёстой.

-Ё.Отгонбаяр сайдын үед Кембрижийн стандартыг нэвтрүүлнэ гээд дөрвөн лаборатори сургууль ажиллуулж эхэлсэн. Тэр сургуульд суралцах хүсэлтэй маш олон хүүхэд байдаг. Кембрижийн хөтөлбөрөөр суралцсан хүүхдүүд дэлхийн нэртэй их, дээд сургуульд элсч байгаа дүн ч байна.

-Маш их өртөгтэй сургуулиуд шүү дээ. Тийм ч учраас онцгойрсон. Эцэг, эхчүүд хүүхдээ оруулах гэж маш их хөөцөлддөг. Нэг аймгийн нэг сургуулийг өөр болгоё гээд төсөв хөрөнгийг нь зуу, зуун саяар нэмээд байвал онцгойроод өөр л болно. Монгол Улсын 330 суманд байгаа ерөнхий боловсролын сургуулиуд адил түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Харин аймаг бүрт лаборатори сургууль бий. Хичээлийн хөтөлбөрийг шинэчлэхдээ тэр сургуулиуддаа туршилтын журмаар эхлүүлдэг. Үр дүнтэй байвал бүх сургуульд дамжуулж хэрэглэдэг. Боловсролын яамны бааз, түшиц гэсэн үг л дээ. Тийм зорилгоор л байгуулагдсан сургуулиуд л даа. Түүнээс бүх сургуулиа Кембрижийн стандарттай болгоё гэвэл зуу, зуун жил шаардлагатай байх.

-Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг ч өөрчилсөн. Нэгдүгээр курст ерөнхий эрдмийн хичээл үзэж, хоёрдугаар дамжаанаасаа мэргэжлээ сонгодог. Үүнээс болж мэргэжлийнхээ хичээлийг гурван жилд багтааж судалж чаддаггүй. Зарим багш нарын заадаг хичээл сонгогдоогүйгээс болж ажилгүй болж байгаа гэж багш нар ярих юм.

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчин бэлтгэх зорилготой л доо. Гэхдээ хичээл сонгосноор шаардлага багатай, сул шаардлагаар дүн тавьдаг багш сонгох хандлага байдаг. Сургалт гэдэг бол нарийн яривал хатуу дэгтэй л байх ёстой.

-Сургуулийг дээд тал нь хоёр ээлжтэй болгох зорилт тавьж ажиллаж байгаа гэлээ. Тэгтэл өнөөдөр нийслэлийн цөөнгүй сургууль гурван ээлжээр ажиллаж байна. Цөөнгүй сургууль, цэцэрлэгийн барилгыг царцаасан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Зөвхөн манай салбарын 360 гаруй барилгыг энэ онд байтугай ирэх онд дуусгаж чадахааргүй төсөв шаардлагатай байгаа. Үүн дээр дээр шинээр сургууль, цэцэрлэг барих шаардлага маш их байна. Нийслэлд гэхэд маш олон цэцэрлэг мэргэжлийн хяналтын дүгнэлтээр актлагдчихсан. Нөгөө талд нийслэлд цэцэрлэггүй 40-өөд мянган хүүхэд байна. Гурваас дээш ээлжээр хичээллэж байгаа 36 сургууль байна. Тэднийг хоёр ээлжинд оруулахын тулд нэмж сургууль бариулахаас аргагүй. Нийслэлд сургууль, цэцэрлэг барихад хамгийн том бэрхшээл нь газрын асуудал. Газрын нөхөн олговор олгоё гэхээр зөвхөн нөхөн олговор нь нэг сургууль барих өртөг болчих гээд байдаг. Бид Улаанбаатар хотын захиргаатай ярилцаж байна. Газартай боллоо гэхэд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэр бүр шинэ сургууль цэцэрлэг бариад байх боломж хомс. Улсын хэмжээнд манай салбарын 4800 орчим барилга, обьект бий. Тэдний засварын зардалд маш их мөнгө шаардагддаг. Зарим нь 40-50 жил болчихсон, урсгал их засвар шаардлагатай болчихсон. Засвар хийхгүй бол ашиглалтаас гарчих гээд байдаг. Тиймээс засварыг маш цаг хугацаанд нь чанартай хиймээр байдаг. Яамны дэргэд барилга захиалагчийн алба байсныг татан буулгаад Барилгын хөгжлийн төв рүү шилжүүлчихэж. Яам бодлогын газар гээд барилга, обьектуудаа хариуцахаа больчихсон. Сум, аймаг нь ч сургууль, цэцэрлэгийнхээ барилгыг хариуцдаггүй. Тэгсэн атлаа боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа хүссэн ч, эс хүссэн ч манай яам руу асуудал нь ирдэг. Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллахад сумын дотуур байр халаалтаа авч чадахгүй болчихсон. Сум нь мөнгөгүй гээд засч өгдөггүй гээд яаманд хандаж байх жишээтэй. Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг 10 сая төгрөгөөр засвар хийхгүй бол халаалтаа авч чадахгүй гээд мөнгө нэхэж байдаг. Гэтэл манайд тийм мөнгө байхгүй. Явж үзээд, шинжлээд төсөвт суулгаад, засварын компанид захиалга өгдөг ажлын алба ч манайд байхгүй. Энэ мэт бэрхшээл их байна.

-Боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаар салбарын яам анхаарахаас аргагүй л дээ.

-Хөдөө ажиллаж байхад музейн барилга дотор, гадаргүй ус гоожчихсон. Яаралтай засвар хийчихвэл боломжийн барилга. Харин нэг жил өнжчихвөл ашиглах боломжгүй болох гээд байдаг. Баруун аймгуудад ч сургуулийн барилга мөөгөнцөртөөд багш, сурагчид нь түүнээсээ халдвар авчихсан байх жишээтэй. Үүнд анхаарлаа хандуулахаас аргагүй. Тиймээс гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг татахаар хичээж байна. Гэхдээ дэндүү олон барилга, обьекттой салбар. 5-10-хан тэрбум төгрөг төсөвт суулгадаг. Тэр мөнгө нь засвар хийх гэхээр аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог. Тиймээс Сангийн яамныхан ойлгож, дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Барилга захиалагчийн албыг сэргээж анхаарал хандуулахгүй бол дэмий хөрөнгө үрэгдэх ч магадлалтай. Монголын Үндэсний номын сангийн захирал “Энэ жил 95 жилийн ой тохиох гэж байна. Би орж гарч байгаа хүмүүсээс ичээд байна. Жаахан будагны мөнгө өгөөч. Хаалгаа будчихмаар байна” гэж байна лээ. Гэтэл яаманд гаргаад өгөх мөнгө байхгүй. Хүмүүс “Энэ яамны байж байгаа царайг хар” л гэж ярьдаг шүү дээ. Энэ мэт бэрхшээл байна.

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй сургууль барьсан. Азийн хөгжлийн банкнаас танай салбарт бас төсөл хэрэгжүүлж байсан. Энэ мэт төсөл, хөтөлбөр татах боломж бий юү?

-Хятад, Японы Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслөөр сургууль, цэцэрлэг барих боломж байгаа. Концессоор ч барилга бариулах боломж байгаа. Гэтэл манай яамны эрх мэдэлтнүүд тал тал тийш нь тараагаад хаана юу байгаа нь мэдэгдэхээ больчихсон. Заримыг нь гацааж зогсоогоод хугацаа алдчихсан. Энэ бүхнийг цэгцлэхээр ажиллаж байна. Хотын захиргаатай хамтран судалгаа гаргаад хаана, хэзээ, ямар барилга барих шаардлага байгааг тодруулаад анхаарч ажиллахаар боллоо. Аймаг, дүүргүүдэд байгаа дуусаагүй барилгын талаар судалгаа гаргуулж авлаа. Ашиглагдаж байгаа барилга, обьектуудын насжилтыг тогтоохоор бас ажиллаж байна. Төсөл, хөтөлбөр татахаар ажиллаад эхэлсэн.

-Танай нам оюутны тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон. Гэтэл оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээлийг зогсоочихлоо.

-Энэ хичээлийн жилд оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хагаст нь олгосон. Үлдсэн оюутнуудад олгохоор төсвийн тодотголд тусгаад шийдвэрлэсэн. Бүх оюутан тэтгэлгээ бүрэн авна гэсэн үг. Үүнээс гадна “Боловсролын зээлийн сан” байгуулж байгаа. Ирэх долоо хоногийн хуралдаанаар журам нь тодорхой болчих байх. Оюутнуудын сургалтын төлбөрийг төсвөөс арилжааны банкаар дамжуулж гаргаад сургууль руу нь шилжүүлдэг байхаар тогтох болов уу.

Б.Цэцэгдэлгэр