Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрөөс дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэлд шилжинэ

Нийслэлийн ИТХ-ын 2014 оны арван хоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан байдаг.

Уг шийдвэрээрдугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулж өгчээ.

Тус шийдвэрийн дагуу аравдугаар 15-ны өдөр буюу энэ бямба гарагаас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих аж.

Categories
мэдээ соёл-урлаг

П.Жимсээ: Манай гэрийн хоймрын ор миний анхны тайз байлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Пүрэвжавын Жимсээтэй ярилцлаа. Тэрээр энэ сарын 7-нд Монгол бөхийн өргөөнд “Нандин” тоглолтоо хийх гэж байгаа билээ.

-Таны бие даасан “Нандин” тоглолт удахгүй болох гэж байна. Тоглолтод тань ямар уран бүтээлчид оролцох бол?

-Миний бие даасан хоёр дахь тоглолт удахгүй үзэгчдэдээ хүрэх гэж байна. Би 2013 онд “Таван эрдэнэ” тоглолтоо хийж байлаа. Үзэгчдийн халуун, дулаан уур амьсгалтай сайхан тоглолт болсон.

Энэ удаагийн “Нандин” тоглолтын бэлтгэл ажил бараг дууслаа. Тоглолтод маань Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг, Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, О.Баянмөнх гэсэн сайхан уран бүтээлчид оролцож байгаа. С.Ганзориг гавьяаттай хамтран дуулсан “Ханийн хорвоо“ уран бүтээлээ хүргэнэ. Мөн тоглолтдоо хамгийн шилдэг гэсэн дуунуудаа дуулах болно. Сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Та “Таван эрдэнэ” дууг сэргээн дуулсан нь сонсогчдод маш их хүрсэн байдаг. Энэ дууг хамгийн анх ээж тань хонины бэлчээрт зааж өгч байсан гэл үү?

-Би Увс аймгийн Өмнөговь сумын харьяат. Малчин айлын охин л доо. Эгчтэйгээ хоёулаа гэрийнхээ хойд энгэрийн жалганд хургаа хариулаад, бас зүгээргүй дуулдаг хүүхэд байсан. Дуулах дуртай болохоор минь “Таван эрдэнэ” дууг ээж маань зааж өгч байсан юм. Ээж минь “Энэ ёстой сайхан дуу. Миний охин сайн сураарай” гэж байсан нь санаанаас гардаггүй. Тэр үеэс хойш байнга амандаа аялдаг байж билээ. Харин дуучнаар сурч эхлээд энэ дууг өөрийнхөө өнгө аясаар дуулж, дүрсжүүлэх юмсан гэж боддог байлаа. Энэ хүслийг минь сонссон юм шиг, дууны шүлгийг зохиосон Л.Лувсандорж гуайн ууган хүү Дуурсах гуай “Таван эрдэнэ дууг хэн сайн дуулах вэ” гэсэн бэсрэг тэмцээнийг зохион байгуулсан юм. Түрүүлсэн хүнийг “Таван эрдэнэ”-ийг дахин сэргээн дуулуулж аавынхаа гэгээн дурсгалд зориулах байсан юм билээ. Энэ тэмцээнд түрүүлсэн нь миний уран бүтээлийн гараа болж, үзэгчдийн танил болсондоо маш их баярладаг. Цагаан сарын үеэр цацагдаж, хүмүүст ч маш сайн хүрсэн. Олон хүн сайхан уран бүтээл боллоо гэж хэлж байсан. Булган сүүлтэй уран бүтээл гэж ихэд бэлгэшээдэг юм.

-Сүүлийн үед дуучид хуучны дууг маш их сэргээн дуулж байна. Сонсогчдын хүртээл болчихсон бүтээлийг дахин сэргээн дуулахад их хариуцлага шаарддаг байх?

-Би үүнтэй санал нэг байна. Мэдээж ард олны сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон дууг дуулна гэдэг маш том хариуцлага. Тухайн дууг анх дуулсан уран бүтээлчээс илүү гаргахгүй бол дуулаад ч хэрэггүй шүү дээ. Тиймээс миний хувьд “Таван эрдэнэ” дуугаа цацахаас өмнө хэд хэдэн мэргэжлийн хүнд сонсгосон. Маш сайн болсон байна гэсэн талархал ч сонсож байлаа. “Таван эрдэнэ” дуу маань Монголын радиогийн сүлд дуу шүү дээ. Тэр дууг цацагдсаны дараа Ц.Лхагвадаш захирал уулзаад “Миний дүү энэ дууг өмнөх дуучнаас ньдутахааргүй сайхан дуулж хүмүүст хүргэлээ. Маш их баярлалаа” гэж байсан.

-Та бол мэргэжлийн дуурийн дуучин. Яагаад нийтийн дуу руу орох болов?

-Би 2001 онд Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид орж Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн шавь болсон. Харин дөрөвдүгээр курсдээ Эрдэнэбаатартай хамтран Т.Найданжавын ая, Н.Баянмөнхийн шүлэг “Хайрын бороо” дууг дуулж байсан юм. Тэр үеэс хойш л нийтийн дууг дуулаад эхэлсэн дээ. Гэхдээ тэр сайхан хүний удирдлаган дор, дуурийн дуучин мэргэжлээр төгссөн болохоор энэ чиглэлээр уран бүтээл хийнэ.

-Увс нутгаас олны танил нийтийн дуучид нэлээд байдаг шиг санагддаг?

-Ер нь бол нийтийн дуучдын 60 хувь нь Увс нутгийнх байдаг шүү. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Л.Болдбаатар тэргүүтэй сайхан дуучид бий. Миний бодлоор нутаг усанд минь байгаа юм болов уу л гэж боддог юм. Манай нутгаас гаралтай дуучдын хоолойны өнгө, аяс их сайхан тослог, нүнжигтэй байдаг шүү.

– Урьд нь охидын “Vir­tuoz” хамтлагт дуулдаг байсан. Хамтлаг тань яагаад тарсан юм бэ?

-Манай хамтлагийг “Миний ээж тэмээчин” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэддэг юм билээ. Хамтлаг маань гурван гишүүнтэй, бид нэг ангийн найзууд байсан. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө юм байна шүү. Бид гурав сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа “Миний ээж тэмээчин” дууг хоолой салган дуулсан. Харин дараа нь хамтлаг байгуулъя гэж шийдэж хэд хэдэн уран бүтээл хийсэн. Хамтлагийн маань гишүүн Ирина казах охин. Ирина Казахстан руу яваад, харин Болорцэцэг гэр бүлтэй болсноор хамтлаг тарсан даа. Одоо ганцаараа л уран бүтээлээ хийж явна.

-Та бол их өнөр өтгөн айлын отгон охин. Гэр бүлд тань танаас өөр урлагийн хүн байдаг уу?

-Би таван ах, дөрвөн эгчтэй. Арвуулаа юм шүү дээ. Миний ээж, аав, эмээ, өвөө гээд бүгд нутаг усандаа алдартай сайхан дууч хүмүүс байсан. Тэр дундаа найр наадамд уртын дууг сайхан дуулдаг байсныг нутгийнхан их ярьдаг юм. Мөн миний ах, эгч нар бүгд сайхан дуулдаг. Гэхдээ надаас өөр урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүн байдаггүй.

Миний анхны тайз манай гэрийн хоймрын ор, харин үзэгч нь гэр бүлийнхэн минь байсан. Арвуулаа нийлж байгаад ээж, аавдаа зориулж орон дээрээ тоглолт хийдэг байлаа. Нэг нь хөтлөгч хийж бусдыгаа зарладаг. Яг дээд талын эгч маань надаас нэг л насны зөрүүтэй. Хүмүүс “Ихэр юм уу” л гэдэг байлаа. Тэр эгчтэйгээ хамт “Хундан цагаан хонио сүрэг сүргээр өсгөе дөө” гээдл дуулна. Намайг дуулах болоход заавал Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвжавын Жимсээ гэж зарладаг байсан юм. Гавьяат жүжигчин гэж зарлахгүй бол уурлаад гарч ирдэггүй байж билээ. Багын л дуулах дуртай хүүхэд байсан болохоор ээж минь анзаарч урлагийн хүн болгохоор шийдсэн. Хоёрдугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа найрал дууны дугуйланд явж эхэлсэн юм. Сургуулийн урлагийн үзлэгээр дандаа тэргүүн байр эзэлдэг, урлаг соёлын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байсан шүү. Харин зургаадугаар ангид байхад

ээж минь намайг Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд Соёлын тэргүүний ажилтан Ганчимэг багшийн шавь болгож байсан.

-Та хүүхэд байхдаа нэрээ солиулах гэж байсан гэсэн. Жимсээ гэдэг нэр нь таалагддагүй байсан хэрэг үү?

-Бага байхдаа нэрнээсээ их ичдэг байсан. Би Монголын хүүхдийн ордны дугуйланд байх үедээ найрал дууг гоцолно. Тоглолтын үеэр дуучин П.Жимсээ гэхээр л үзэж суугаа хүүхдүүд шоолж, инээлддэг. “Жимсээ гэнэ ээ, ямар тэнэг нэртэй юм бэ. Хорхойтсон алим аа” гээд л шоолно. Тэгэхээр нь л гэртээ ирээд ээж, аав хоёртоо “Надад яагаад Жимсээ гэдэг нэр өгсөн юм бэ. Хулан, Халиунаа гэж болоогүй юм уу” гээд л уйлдаг, уурладаг байж билээ. Ээж намайг аргадаад л “Ингэж болдоггүй юм миний охин. Энэ чинь өвөрмөц гоё нэр байхгүй юу. Миний охин өөрөө жимс шиг ийм хөөрхөн юм чинь” гээд л өхөөрддөг байсан.

Намайг мэндлэх жил нутагт маань урьд нь ургаж байгаагүй арвин их жимс ургасан юм билээ. Тийм болохоор аав, ээж минь бэлгэшээгээд Жимсээ гэдэг нэр хайрласан. Харин дунд сургуулиа төгсөх жилээ паспортын хэлтэс дээр очоод нэрээ солиулах гэтэл тэнд ажилладаг эгч “Чи эцэг, эхийнхээ өгсөн ийм сайхан нэрийг солиулах гэж байдаг. Тийм юм гэж байхгүй” гэж загнаад, уйлаад гарч билээ. Одоо бол энэ нэрэндээ их хайртай.

-Уран бүтээлчид хөдөө орон нутгаар аялан тоглолт их хийдэг. Тухайн үед тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Манай уран бүтээлчид, тэр дундаа нийтийн дуучид хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж, сонсогчидтойгоо уулздаг. Хөдөө, орон нутгийн үзэгчид маань байнга тоглолт үздэггүй учраас хүлээлттэй байдаг. Тэдэнтэйгээ уулзаад бид маш гоё энерги авна. Алга ташилт, нүдний харц бол үнэхээр гайхалтай. Өнгөрсөн жил Б.Мөнхбаяр найзтайгаа 21 аймгийг 45 хоногийн турш тойрсон. Хөдөө их яваад байхаар хотод удаан баймааргүй санагддаг шүү.

Залуу уран бүтээлчид явж байгаа учраас хөгжилтэй зүйлс бишгүй л тохиолддог юм. Нэг удаа Соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзий, Б.Пүрэвсэнгэ, Б.Мөнхбаяр бид хэд аялан тоглолтоор явж байлаа. Бид дөрөв хуучны дуунуудыг попури болгож дуулсан юм. Түүнийгээ дуулахаас өмнө Мөнхбаяр маань ая дуугаа өргөж, бид гурав тайзны ард хүлээж байв. А.Түмэн-Өлзий бид хоёр яриандаа улайраад харин Б.Пүрэвсэнгэ фэйсбүүк ухаад тайзан дээр гарахаа мартчихаж. Гэтэл клубийнх нь хүн “Та гурвыг дуудаад байна” гэдэг юм байна. Бид гурав ч яарч сандраад хам, хум тайз руу гүйчихсэн. Дуу эхлэх гээд л ая явж байтал А.Түмэн-Өлзий намайг нудардаг юм байна. Юу болсон тухай асуутал “Миний гутлыг хар даа” гэлээ. Гэтэл Түмээ маань гэрийн шаахайтайгаа гараад иржээ. Б.Пүрэвсэнгэ ч

“Нарлаг хорвоод жаргаах биеийг

Наддаа ээж минь заяасан билээ” гээд л дуулж эхэллээ. Б.Мөнхбаяр, А.Түмэн-Өлзий бид гурав инээгээд дуулж чаддаггүй. А.Түмэн-Өлзий “Өсгийтэй гутлаа тайлаад хэсэг хөлөө амрааж байгаад яарсандаа гутлаа ч анзаарсангүй” гээд үзэгчдээсээ уучлал гуйж билээ. Үзэгчид ч “Зүгээр ээ” гээд, бас бүгд инээгээд. Бараг арав гаруй минут инээцгээсэн байх шүү. Сүүлд нь үзэгчидтэйгээ хамтдаа дуугаа дуулж байлаа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Б.Ихэрсувд чөлөөт цагийг завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог

“Авьяаслаг монголчууд” шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцлаа.

-Та яагаад “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө үг хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм л даа. Тийм учраас дуу, хөгжмөөр хүмүүст өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хүссэн.

-Өөрийгөө харуулж чадсан уу. Шоунд оролцсоноос хойш таныг хүмүүс мэддэг болж байгаа байх. Таны хувьд ямар санагдаж байгаа вэ?

-Харуулсан гэж бодож байна. Ойр дотнын хүмүүс маань шоуны эхний шалгаруулалтыг үзсэнээс хойш намайг үнэлэх үнэлэмж нь нэмэгдсэнд би баяртай байгаа. Олон хүн намайг мэдлээ, танилаа гээд надад ямар нэг өөрчлөлт орохгүй. Амьдрал маань явдгаараа л явна.

-Дөрвөн шүүгч таныг их дэмжиж байсан. Урмын үг сонсох ямар санагдаж байв. Хэр бодит шүүж байна гэж харж байгаа вэ?

-Шүүгчдийн үгийг сонсоод их урам авсан. Шүүгчид тус тусдаа хувь хүн учраас дөрвөн өөр талаас нь маш сайн шүүлтүүрээр шүүдэг гэж хардаг.

-Эхний үзүүлбэртээ яагаад заавал гадаад дуу дуулсан юм бэ?

-Би юкилили буюу жижиг гитар хөгжмөө хоёр жилийн өмнө хамаатны эгчээсээ бэлгэнд авч байсан. Анх юкилилигээрээ тоглож сурсан дуу маань дуучин “Vance Joy”-ийн “Riptide” дуу байсан. Тиймээс л миний хувьд дуугаа дуулах хамгийн анхны том тайз гэдэг утгаараа энэ дуугаа сонгож дуулсан юм.

-Зургаан утастай том гитар хөгжим тоглодог уу?

-Тоглодог. Анх таван жилийн өмнө гитар тоглож сурч байсан. Бие дааж сурч байсан болохоор эхэндээ хэцүү л байлаа. Гэхдээ өмнө нь шанз хөгжим тоглож сурсан байсан маань дөхөм болсон. Ер нь бусад хөгжмийг ч тоглох сонирхолтой. Нэмээд шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсч байгаа.

-Хамтлагт дуулдаг уу. Шүүгчид өөрөө дуу бичээрэй гэж захиж байсан?

-Би хамтлагт байсан. Гэхдээ одоо гарчихсан л даа. Ер нь өөрөө дуу бичих сонирхолтой. Өөрийн гэсэн нэлээд хэдэн дуутай шүү.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Намайг Баатарын Ихэрсувд гэдэг. Би 18 настай. Айлын том хүүхэд. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүү Тэнүүн долоон настай. Одоо “Олонлог” сургуульд суралцдаг. Бага дүүг маань Нэгүн гэдэг. Хоёр настай. Цэцэрлэгт явдаг. Аавыг Ш.Баатар, ээжийг Г.Хосбаяр гэдэг. Аав, ээж хоёр хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий.

-Та одоо хаана суралцаж байгаа вэ?

-Би арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Харин одоо МУИС-ийн сэтгэл судлалын ангид хоёрдугаар курст суралцдаг.

-Орос гуравдугаар сургууль гэхээр оросоор чөлөөтэй ярих нь ээ?

-Би орос, англи хэлтэй. Франц хэл бас гадарладаг.

-Багадаа хэр эрх хүүхэд байв. Аав, ээж тань их зөв хүмүүжүүлсэн юм шиг санагдсан?

-Би 12 жил айлын ганц хүүхэд байсан. Мэдээж аав, ээждээ эрхлэлгүй яахав. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг зөв эрхлүүлж өсгөсөн юм.

Надад бие дааж сурахыг зааж, хариуцлагатай, тууштай, өөрийнхөөрөө байхыг зөвлөдөг байсан. Одоо ч би аав, ээжээсээ суралцсаар л байна.

-“Аав, ээжээрээ 18 нас хүртлээ тэжээлгэсэн одоо болно шүү дээ” гэж хэлж байхыг чинь сонсоод хүмүүст хэрсүү санагдсан байх. Өөрийгөө болгоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Би арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж маань арван жилд байхад миний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байсан юм. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг. Одоо ч тэгээд л болоод байгаа. Мөнгө үрээд байх шаардлага гардаггүй. Би санхүүгийн тал дээр их тооцоотой л доо. Хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй.

Гэхдээ сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй их хэмжээний мөнгийг авдаг л даа. Тэрийгээ төрсөн өдөр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийн бэлэг болгож авдаг юм.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагийг би завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог.

Тийм учраас аль болохоор мэдэхгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.

-Найзуудтайгаа хийх зүйлгүй дэмий уулзахаар цаг хайран санагддаг гэж байсан?

-Найзуудтайгаа уулзаад юу хийхээ тохирсон байдаг учраас дэмий уулздаггүй. Хамтдаа хийх зүйлээ хийгээд, нэгнийдээ цагийг сайхан өнгөрүүлдэг. Түүнээс гэнэт л гараад ир гэж дуудахад нь хийх зүйлгүйгээр гарах дургүй.

-Та ирээдүйд хийх зүйлээ төлөвлөсөн байх. Нууц биш бол юу хийхээр зориод байгаа вэ?

-Одоо хэлэхээс илүү ирээдүйд бодож байгаа зүйлээ харуулахыг хүсч байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунд хожвол үүргэвчтэй аялал хийнэ гэж байсан. Хаагуур аялах уу. Өөр зүйл бодсон байгаа юу?

-Шоуны үр дүн гарах болоогүй учраас энэ талаар эрт яримааргүй байна.

-Дараа дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Үүнийг нууцлаад үзэгчдэд гэнэтийн бэлэг болгоод үлдээе гэж бодож байна. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийж байгаа.

-Та мөрөөдөлтэй юу?

-Мэдээж мөрөөдөлтэй. Гэхдээ зүгээр мөрөөдөөд суухийг хүсдэггүй. Тэмцэж л явна даа.

-Та хэзээний төлөвшсөн хүн шиг өөрийн гэсэн байр суурьтай юм аа. Өрөөндөө өөрийнхөө ертөнцийг байгуулчихсан байх. Цуглуулга бий юу?

-Тэгэлгүй яахав. Өрөөндөө би өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд маань одоо зургаан ширээний цаг бий.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгө өөрийгөө илэрхийлдэг учраас би бүгдэд нь дуртай. Хоёр өнгө уусаад өөр өнгө гаргадаг болохоор бүгд л надад үзэсгэлэнтэй санагддаг.

-Ном их уншдаг уу?

-Би багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Одоо Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншиж байна.

Ямар ч зузаан ном байсан гурав хоногт уншаад дуусгачихдаг. Зарим номыг англиар утсан дээрээс уншдаг учраас арай илүү цагийг зарцуулдаг.

-Та цаашдаа дуугаа дуулаад явна гэж бодож байгаа юу?

-Тийм. Би дуу, хөгжмөө орхихгүй. Өөрийгөө илэрхийлж, тайвшруулж байгаа зүйл учраас хаяж чадахгүй. Хөгжим тоглож байхдаа би өөрийнхөөрөө байж чаддаг.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан: Эмэгтэй даавар ихэсгэдэг бодис хоол хүнсэнд ихэссэн нь эрэгтэйчүүдийг эмэгтэйлэг болгож байна

Манай орон хоол хүнс, эд бараа, материал технологи гэх мэт дийлэнх хэрэгцээгээ хилийн чанадаас авдаг. Харамсалтай нь орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь стандартад нийцсэн байдаг вэ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн хоргүй, аюулгүй гэсэн баталгаа бий юу? Ингэж үзэж эргэлзээ тээх шалтгаан нь монголчуудад олон бий. Учир нь импортын бараанд тавигдах чанар стандарт журам байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хяналт шалгалт дутмаг байдагтай холбоотой. Мөн дээрээс нь баталгаагүй хуурамч эм орж ирэх болсон нь хүний биеийн дархлаа төдийгүй генд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Энэ нь юугаар баталгаажиж байна вэ гэхээр бидний өдөр тутамд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мал болон амьтны гаралтай маханд антибиотик их хэмжээгээр илэрч байгаа нь өнөө цагийн гол хөндөх сэдэв болж байгаа юм. Антибиотик их хэмжээгээр илэрч буй бүтээгдэхүүнээр хооллосноор сүүлийн үед эрчүүд мэдэгдэхүйц эмэгтэйлэг шинжтэй болж байгааг эмч нар онцлож байна. Иймд үндэсний аюулгүй байдал, монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог бид дэлгэж буй юм. Нөгөө талаар дэлхий нийтээр энэ бүхний эсрэг цогц арга хэмжээ авч эхэлж буйн жишээ нь ДЭМБ-аас зохион байгуулж буй ”антибиотикийн долоо хоногийг ирэх арваннэгдүгээр сарын 14-21-ний өдөр болгон зарлаж байгаа аж. Антибиотик гэдэг нь ямар бодис агуулдаг, яагаад эрчүүд эмэгтэйлэг шинжтэй болж байгааг хөндөхөөс өмнө нэгэн судалгааг хүргэе.

Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан нь хорт хавдар. Жилд 3000 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Түүнчлэн хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь хожуу үедээ хүрсэн буюу бүр эмчлэгдэхгүй оноштой байдаг байна.

Судалгаанд хорт хавдар үүсгэгч гадаад хүчин зүйлүүдээс архи, тамхитай холбоотой 20, бие махбодийн нөхөн төлжилтөөс 10, бусад хүчин зүйл 25 хувийг эзэлж байна. Харин хүнс тэжээлтэй холбоотой нь хамгийн өндөр буюу дангаараа 45 хувийг эзэлж байгаа юм. Энэ 45 хувийн дийлэнх нь мал болон амьтны гаралтай махнаас үүдэлтэй болохыг эрдэмтэд тогтоожээ.

Бид малын махнаасаа яагаад хордож

байна вэ?

Бид малын махыг хамгийн органик, эрүүл, аюулгүй гэдэгт итгэж ирсэн. Гэтэл яагаад хордох болов. Нэгдүгээрт, эмийн бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны хяналт маш муу байдагтай холбоотой гэнэ. Нөгөө талаас малын эмийн чанарын хяналт, шалгадаг лаборатори муу. Мах, сүүний эрүүл аюулгүй байдлыг эмээр, вакцинаар дамжуулж хордуулж байдаг аж. Түүнчлэн зориулалтын дагуу малд эм, вакцин хэрэглэсэн ч гэсэн тодорхой хугацаа өнгөрсний дараа хүнсэнд мах, сүүг нь хэрэглэх ёстой. Гэтэл монголчууд гурав хоногийн дараа сүүг нь зарчихсан, махыг нь идэж байх жишээтэй. Энэ байдал нь дам утгаараа ямар нэгэн өвчин эмгэг үүсгэхэд голлох нөлөө үзүүлж буй шалтгаануудын нэг аж. Малын мах, махан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн дэх эмийн үлдэгдлийн хяналтыг хийж чаддаггүй. Хоёрдугаарт, зах зээлд нийлүүлж байгаа мах, сүүг зарж байгаа малчин ч, ченжүүд ч шинжилгээнд өгч хянуулдаггүй. Захуудад жижиг лаборатори байдаг ч хүчин чадал муутай. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, өвчин үүсгэгч болж байна. Гэтэл бид аажуухан дамаар хордуулаад байгаа хордлогыг авч хэлэлцдэггүй. Энэ мэтээр эмийн замбараагүй хэрэглээнээс экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хортой болгочихож буй юм.

Тахианы мах

хүний биед хор болсон түүх

Тахианы цээж мах сайн гэх ойлголт анх Америкаас дэлгэрсэн. Үнэхээр ч уургаар баялаг нь үнэн. Энэ хэрээр дэлхий нийтэд тахианы махны хэрэгцээ эрс нэмэгдсэн. Тиймээс фермерүүд, үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд тахианд элдэв гормон, антибиотик хэрэглэж эхэлсэн байдаг. Үүнээс болж тахианы мах бас хүний биеийг хордуулагч бодис агуулах хэмжээнд хүрчээ. Саяхны нэг жишээг онцолъё. Түргэн хоолны “KFC” сүлжээ рестораныг антибиотик тарьсан тахианы махаар үйлчлэхээ зогсоохыг АНУ-ын иргэд саяхан шаардсан. Иргэд нийт 350 мянган хүний гарын үсгийг цуглуулан “KFC”-гийн толгой компани болох “Yum! Brands”-т хүргүүлжээ. Тахианы өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор антибиотик тарьсны уршгаар АНУ-д жилдээ 23 мянган иргэн амиа алддаг гэж эрүүл мэндийн судлаачид тооцоолсон байна. Тиймээс зоогийн газрууд энэ төрлийн тахиаг хэрэглэхээс татгалзаж эхэлжээ. Харин “McDonald’s” АНУ, Канад дахь салбартаа антибиотик тарьсан тахиа ашиглахаа зогсоохоор болсон ч “KFC” дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.Тэгвэл эрдэмтдийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тахианы мах хүний биед хортой байж магадгүй гэсэн үр дүн гарсан байна. Эрүүл амьдралын төлөө Жон Хопкинс төвийн эрдэмтэд тахиаг өсч, хөгжихөд зориулан хэрэглэдэг химийн бодис болон антибиотикт шинжилгээ хийж үзсэн байна. Амьтанд хэрэглэхийг хориглосон антибиотик, түүн дотор агуулагдах хүнцэл гэх элемент, Тайленол, Бенадрил зэрэг толгойны эмийн хольц байгааг илрүүлсэн байна. Гэхдээ хүний амь насанд шууд нөлөөлөх химийн бодис олдоогүй ч аажимдаа нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Антибиотик ба эмэгтэй дааврын хэмжээ

Малын болон амьтны гаралтай махнаас гарч буй хүнцэл гэх элемент нь антибиотикийн төрлийн вакцин, эмнээс үүсэлтэй болох нь нэгэнт тогтоогдоод байгаа юм. Энэ элемент дотор хүний эрүүл мэндэд хортой бодис агуулагдаж бамбай булчирхайн дааврын бодисын солилцоонд өөрчлөлт оруулдаг төдийгүй эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Энэ нь ялангуяа Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй болон голдуу Азийн орнуудад ихээр элбэгшиж буй гэнэ. Аажимдаа энэ өөрчлөлт нь бий болдог бөгөөд эхлээд эмэгтэй дааврын хэмжээг ихэсгэдэг аж. Ингэснээр эр хүний дотоод сэтгэлгээ өөрчлөгддөг гэнэ. Дараа нь гадаад төрх, биед нь энэ өөрчлөлт орж турьхан болж ааш араншин нь хувирамтгай болдог гэнэ. Эцэст нь нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалантай энэ талаар ярилцлаа.

-Сүүлийн үед эрэгтэйчүүд эмэгтэйлэг болох хандлагатай болж байна. Энэ нь антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой гэх юм. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна?

-1990-ээд он болтол бид социалист нийгэмд амьдарч байсан. Харин одоо ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөө цагт ёс зүй болон хувь хүнд өгөх шаардлага өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр хүний бэлгийн амьдрал бол тухайн хүний асуудал. Энэ байдалд хандах хандлага багагүй өөрчлөгдчихсөн. Энэ утгаараа нийгэмд ямар нэгэн цензур байхаа больсон. Нэг үгээр хэлбэл, манай нийгэмд эрх чөлөө, хүн байх зааг алдагдаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэй даавар ихэсгэдэг бодисын хэмжээ хоол хүнсэнд ихэссэн гэдгийг нотлох болсон. Тиймээс энэ байдлаас шалтгаалж эрэгтэй хүмүүс эмэгтэйлэг болох хандлага ажиглагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудад илүү түгээмэл харагддаг.

-Тэгэхээр энэ нь хоол хүнснээс шууд хамаарах болсон гэсэн үг үү?

-Эр хүний эрэгтэйлэг шинж чанар нь буурч байна. Энэ нь хоол хүнснээс болж байна. Далд хэлбэрээр аажимдаа ийм болж байна. Эрэгтэйлэг шинжээ алдсан эрчүүд эмэгтэйлэг шинж рүүгээ хувьсан өөрчлөгдөж байж болох юм.

-Хүмүүс антибиотикийн хор нөлөөг тэртэй тэргүй эмнээс авч байдаг. Үүнийг эртнээс шинжилж тогтоолгож болдог уу?

-Ампициллин, ципозелин зэрэг эм уухад тухайн хүний өвчин эдгэж буй мэт санагдаж болох авч ихэнх бактерийн 70-90 хувь нь устдаггүй. Тиймээс ханиад хүрсэн ч ямар нянгаар үүссэнийг тогтоож зориулагдсан антибиотик хэрэглэх ёстой. Бактерилогийн шинжилгээ өгөх ёстой. Энэ шинжилгээний хариу гурав хоногийн дотор гардаг. Дүүрэг болон гурав дахь шатлалын эмнэлгүүдэд хийгддэг.

-Нянгийн тэсвэржилт нь хүний идэж буй хоол хүнсээр дамжих уу?

-Олон улсын судалгаагаар антибиотикийн тэсвэржилтийн аян зөвхөн хүнд биш мал эмнэлэгт явуулах ёстой гэж үздэг. Эргэн тойронд явж буй нян зөвхөн хүн биш малд халдварладаг. Малд тодорхой зохицсон антибиотик хийх ёстой. Мах болон хүнсэнд хэрэглэхэд нөлөөлөхгүй. Мал амьд организм учраас эргэлдэж буй нянгууд тэсвэржилт үүсгэх магадлал байдаг.

-Антибиотикийн зөв зохистой хэрэглээ гэж юуг хэлээд байгаа юм бэ. Тухайн хүн юун дээр анхаарах ёстой вэ?

-Өнөө үед дэлхий нийтээр антибиотикийн тэсвэржилтийн асуудлыг ярьж байна. Учир нь 1940 онд анхны антибиотик болох пенициллинийг хийсэн байдаг. Энэ нь тухайн үед бүх бичил организмд хүчтэй үйлчилж, ирээдүйд ихэнх өвчинг төгс анагаана гэж ярьж байсан. Бичил организм өөрөө маш түргэн хугацаанд тэсвэртэй, дасан зохицож чаддаг. Харин сүүлийн үед гарч буй шинэ антибиотикуудыг хэрэглэснээр бичил организмд маш хурдан хугацаанд тэсвэржилт үүсэж байна. Үүний үр дагавар нь хатгаа, менингит, бактерийн нянгаар үүсгэгддэг бүх халдварууд юм. Тиймээс эдгээр өвчинг эмчлэхэд маш хэцүү, хүндрэлтэй байдаг.

-Сүүлийн үед антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэж ямар өвчин түгээмэл байна вэ?

-Эмнэлэгт олон эмийг хольж хэрэглэсний хор уршгаар ирж буй хүмүүс маш их байна. Тухайлбал, хатгаа нэлээн хэдэн жилийн өмнө пенициллин уугаад дарагдчихдаг байсан. Гэтэл одоо хатгааг үүсгэж буй үүсгэгч нь олон янз. Тэдгээр үүссэн бактерууд ямар ч антибиотик уусан маш тэсвэртэй байна. Тиймээс хатгаа авсан хүнийг эмчлэхэд гарах сөрөг үр дагавар ихтэй. Ер нь ямар нэг өвчин туссан л бол заавал эмчид хандаж, эмчийн заавраар эм хэрэглэж байвал сөрөг үр дагавар гарахгүй.

-Манай улсад антибиотикийг хэрэглэх журам заалтыг эмч болон эмийн сангийн байгууллагууд дагаж мөрддөг болов уу?

-Ямар өвчинд ямар антибиотик хэрэглэх вэ гэдэг удирдамж гарсан. Тиймээс бид эмч хүний үүднээс байнга зөвлөж, зөв цагт нь зөв эм антибиотик хэрэглэж байж манай улсын эмийн зохистой хэрэглээнд шилжиж чадна. Нэгдүгээрт, эмч нар антибиотикийнхоо зөв зохистой хэрэглээг анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэд өөрсдөө дурын антибиотик авч хэрэглэхгүй байх ёстой. Үүнийг заншил болгомоор байна. Заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жорын дагуу хэрэглэх хэрэгтэй. Гуравдугаар эмийн сангууд орлого хөөж болохгүй. Энэ нь цаашлаад хүний амь настай холбоотой асуудал шүү дээ.

-Амьд организмд үүсч буй нянгийн тэсвэржилт гэж юу вэ?

-Нянгийн тэсвэржилт хүнд байгаа нян хэд дахин үржээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн халдвар авсан тохиолдолд тэсвэртэй байгаа нян дээр нэмэгдээд өвчин үүсээд байна гэсэн үг. Хүн нэгэнт л өвчин туссан байхад өөрөө мэдээд хэрэггүй антибиотик хэрэглэх нь өөрийгөө хэд дахин хорлож байгаа юм. Учир нь антибиотик үнийн хувьд өртөг өндөртэй шүү дээ. Тиймээс нэг л удаа зөв цагт, зөв аргаар, зөв жороор өөрийгөө эмчлүүлчих юм бол олон өвчнөөс сэргийлж чадна.

Д.Маргад Б.Уранчимэг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д нийтлэлч П.Хашчулууны “Ц.Элбэгдорж: Зарим зүйл хуульгүй байсан нь дээр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө нэгэн ноцтой хэрэг гарч нийгмийг цочирдуулаад байна. Хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож байсан хэсэг залуусыг дээрэмдэх гэж оролдон улмаар зодоон болж бие биенээ хутгалж хүнд гэмтээжээ. Энэ тухай манай сонин онцлон нэгдүгээр нүүрэндээ хэвлэлээ. Энэ тухай дэлгэрэнгүйг долдугаар нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж нийгмийн бүхий л салбарт шуугиан тарьж байдаг алдарт гуравдугаар нүүрэнд нийтлэлч П. Хашчулууны “Ц.Элбэгдорж: Зарим зүйл хуульгүй байсан нь дээр” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн дөрөв болон тавдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцсаныг нийтлэн уншигчдадаа хүргэж байна.

Мөн улс төрийн зургадугаар нүүрнээс УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай.

Түүнчлэн “Шинжлэх ухаан”-ы аравдугаар нүүрнээс энэ жил анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтний тухай болон түүний судалгааны ажлын талаар сонирхолтой нийтлэлийг унших боломжтой юм.

Тэгвэл баримт, үйл явдлын 11 дүгээр нүүрэнд “Жаст”-ын өрийг “Эрдэнэт” төлөх нь тодорхой болсон тухай нэн сонирхолтой нийтлэл хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ

Доллорын ханш 2276 төгрөгтэй тэнцлээ

Доллорын ханш зурган илэрцүүд

Долларын ханш өнөөдөр 2276 төгрөг болж өсөөд байна. Тухайлбал, “Найман шарга” валютын захад нэг ам.долларыг 2270 төгрөгөөр авч, 2276 төгрөгөөр худалдаалж байна.
Харин арилжааны банкууд 2260-2267 төгрөгийн ханшаар авч, 2277-2279 төгрөгөөр худалдаж байгаа юм. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханш 2273,59 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бага зэрэг буурсан долларын ханш энэ долоо хоногийн эхэнд өөрчлөгдсөнгүй.

Чаатын хөөрөлдөөний төгсгөл
Categories
мэдээ

Нүдний эмч нар үнэ төлбөргүй үзнэ

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд маргааш нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт үзлэг үнэгүй хийхээр болжээ. Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна. Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өглөө 09.00 цагаас тус өдөрлөг, арга хэмжээ эхлэх юм байна.

Дүүргүүдийн эмнэлгүүдэд үзлэг үнэгүй хийж, ажиллах хуваарь:

Эрүүл Мэндийн Төв

Хугацаа

Ажиллах эмнэлэг

1

Сонгинохайрхан

10/11

“Инфинити”

2

Баянзүрх

10/11

“Солонго”

3

Сүхбаатар

10/11

Улсын 1-р төв эмнэлэг

4

Чингэлтэй

10/11

“Болор мэлмий”

5

Баянгол

10/11

“Орбита”

6

Хан-Уул

10/11

“Сайт”

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 100 хоноогүй байгаа Засгийн газраа огцруулна гэв

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ тус үйлдвэрийн мөнгөөр 49 хувийн худалдан авалт хийсэн болохыг онцолсон билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ц.Нямдорж гишүүний “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хийсэн мэдээлэлд намынх нь нөхөд шүүмжлэлтэй хандаж, ширүүн маргаан дэгдсэн гэх мэдээлэл гарсан юм.

Үүний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тус асуудлаар байгуулагдсан Засгийн газрын дэргэдэх ажлын хэсэг хэт удаан ажиллаж буйг шүүмжлээд амжсан. Мөн тэрээр “Надад Засгийн газрын өмнө хүлээх үүрэг хариуцлага хоёр байхгүй. Бүр санаанд нийцэхгүй, хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах санал гаргах эрх нь надад байгаа” гэсэн хатуухан байр суурь илэрхийлсэн нь олны анхааралд өртөөд байгаа юм

Categories
мэдээ

Ховд аймгаас 8-р зууны үеийн адууны мумми олжээ

Монгол улсын нутгаас маш сайн хадгалагдсан морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл мэдээллээ. Нүүдлийн соёл иргэншилтэй Ази тивийн Монгол оронд морины аж ахуй эрхлэлт бүх түүхийн хугацаанд нэн чухалд тооцогдож байсан юм.

Монголын үндэсний музейн хэсэг судлаачдаас бүрдсэн хайгуулын баг 2015 оны эхээр Ховд аймгийн Мянгад орчимд малтлагын ажлаа эхлүүлж байжээ. Энэ бүс нутаг нь Монголын баруун нутагт хамаарах ба түүхийн шинэ шинэ олдворуудын баялаг өлгий нутаг юм. Мөнх цаст уулс, цэвдэг хүйтэн хөрс, чийгшил бага хэрнээ гэрэл хүрдэг олон зуун агуй нь эрс тэс цаг уурын нөлөөнд ч түүхийн ховор олдворуудыг өчигдөр мэт хадгалж ирсэн байна. Өнгөрсөн онд судлаач, хайгуулчдын эхлүүлсэн малтлагын ажил үр дүнд хүрч, занданшуулан хадгалсан морины бие цогцос Ховдын Мянгад орчмоос олджээ. Уг морийг тун чамбай боож, арьс ширээр давхарлан ороож, хажууд нь эврээр зорж хийсэн нум сум, морины бүхий л эд хэрэглэл хамтдаа байжээ. Дайнд бэлтгэсэн уг хүлэг морины тоног хэрэгсэл нь 6-8-р зуунд хамаарч байгааг судлаачид олж мэджээ. Тодруулбал, Алтайн баруун хязгаар, Хянганы нуруу, одоогийн Ховдийн төв болон баруун нутгаар аж төрж байсан эртний Түрэг үндэстний цэргийн морь, эд хэрэгсэл энэ агуйд мөнх хадгалагджээ.

Түрэг династи 6-8-р зуунд, Монголын ихэнх нутгаар нүүдэллэн аж төрж байгаад улмаар Афганистан, Туркменистаны нутаг руу буюу баруун тийш нүүдэллэн оджээ. Гэхдээ түргүүдийн үлдээсэн ул мөр бүр сүлд 10-11-р зуунд ч Монголын нутгаар маш ихээр олддог бөгөөд шинжлэх ухааны нарийн судалгаа шаардлагатай гэж малтлагын багийнхан мэдээлжээ. Мянгадын орчмын агуйгаас олдсон тоноглогдсон морины муммины тухай археологчдын багийн ахлагч, судлаач Ж.Баярсайхан “Энэ агуйд морийг эзэнтэй нь хамт оршуулсан байна. Гэхдээ цаг хугацааны эрхэнд морины бие цогцос хамгийн сайн хадгалагдаж үлджээ” хэмээжээ.

Categories
мэдээ

Б.Ганчимэг “Монцамэ” мэдээллийн агентлагийн дарга боллоо

Соёлын гавьяат
зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг “Монцамэ” мэдээллийн агентлагийн даргаар
томилогджээ. Тэрээр монголын сэтгүүл зүйд 30 орчим жил зүтгэж сүүлийн үед
“Нээлттэй хаалга” сонинг үүсгэн байгуулж, ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан
юм. Түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-аас хянан үзэж, дээрх албан
тушаалд ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзжээ. .