Categories
мэдээ соёл-урлаг

Камертон”, “Никитон”-ы тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой тус арга хэмжээнд “Никитон”, “Камертон” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилласан юм.

Тус тоглолтыг зохион байгуулахад зориулж Нийслэлийн Захирагч С.Батболд 300 сая төгрөгийг төсвөөс гаргасан талаар шүүмжлэл тухайн үед өрнөж, иргэдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ч намжсан. Тус арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан тухай баримт дэлгэгдлээ. Баримтаас харахад уран бүтээлчдийн зардалд 134 сая, тайз тоног төхөөрөмжид 59 сая, худалдаа үйлчилгээний зардалд 13 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Тансаглалаа танаж, тэвчиж болох зардлаа хасах уриалга дэвшүүлээд байгаа удирдлагууд хямралын үед шоу цэнгээнд ийм хэмжээний мөнгө зарцуулах нь зөв үү.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Засгийн газар хуралдана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийх тул долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан байна.

Тус хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэх бол гурван асуудалтай танилцахаар төлөвлөжээ.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассиоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх юм.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой ярилцлаа.

-”Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж авсан нь зөв, буруу гэсэн маргаан мэтгэлцээн ид өрнөж байна. Хууль бус хэлцэл хийсэн, хэргийн эзэн нь Худалдаа хөгжлийн банк гэсэн мэдэгдэл ч дуулдаад эхэллээ. “Эрдэнэт”-ийн хувьчлалд танай банкны зүгээс ямар оролцоотой ажилласан юм бэ?

-Манай банк энэ сарын 19-нд 26 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын төрийн болон хувийн хэвшлийн бүх л томоохон төсөл хөтөлбөрүүд, компаниудыг санхүүжүүлж ирсэн түүхтэй банк. Үндсэн үйл ажиллагаа маань том байгууллагад зээл олгох. Тухайн төсөл банкны эрсдэлийн шаардлага, нөхцөлийг хангаж байвал ялгаварлан гадуурхахгүйгээр санхүүжүүлсээр ирсэн, одоо ч санхүүжүүлж байгаа. Төртэй маш ойрхон ажилладаг. Худалдаа хөгжлийн банк төрийн хувьцаа, хөрөнгө оруулалттай ажиллаж байгаад 2003 онд хувьчлагдсан юм. Тэгэхээр түүхэн туршлага, жишгээрээ төртэй хамтран ажилладаг гэсэн үг. Улсын төсөв, эдийн засгийг дэмжихийн тулд Засгийн газрын дотоодын бонд үнэт цаасны өрийн бичгийн ихэнх хувийг худалдаж авдаг. Бас төрийн өмчтэй компаниудыг санхүүжүүлсээр өнөөг хүрсэн. “Монголын төмөр зам” техник тоног төхөөрөмжөө шинэчлэхдээ, “Эрдэнэт” үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар манайхаас санхүүжилт авч байсан. Монгол Улс түүхэндээ анх удаа “Боинг” худалдаж авсан нь ердөө саяхны үйл явдал. Онгоц захиалчихаад худалдаж авахдаа тулахад засагт мөнгө байгаагүй. Эцсийн мөчид манай банк 80 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байсан. Дахин хэлэхэд зөвхөн “Эрдэнэт” ч гэлтгүй бүх том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Энэ бол бидний өдөр тутам хийдэг ажил. “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авахтай холбоотой гэрээ хэлэлцээр эхлэх үеэр манай банкинд санхүүгийн зөвлөгөө өгөөч, санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлт тавьсан.

-Арилжааны банкуудын өнөөг хүртэл хийж чадаагүй том бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гаргаж мөнгө босгосон туршлагатай ганц банк бол танайх. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах хэмжээний их мөнгийг босгож чадна гэх үндэслэлээр танайхыг сонгосон уу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Тэр бүр хийгдээд байдаггүй, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй, олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан, томоохон хэмжээний үнэ өртөгтэй, олон улсын хориг санкцууд орчихсон улсын компанитай хэлцэл хийнэ гэдэг амар биш. Бид Монголынхоо төр засаг хувийн хэвшлүүдэд зөвлөгөө өгч байсан өндөр туршлагатай. Санал тавьсан шалтгааны нэг нь энэ. Мэдээж хэрэг гаднаас хөрөнгө оруулалт татахаар хэмжээний төсөл хөтөлбөрт мөнгө төгрөг зарцуулах туршлага маань бидэнд хандсан гол шалтгааны нэг. Санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлтийн тухайд Худалдаа хөгжлийн банк зээл олгодог байгууллага гэдэг утгаараа оролцсон. Харин хөрөнгө оруулалтын банкны болон зөвлөгөө өгөх чиглэллээр ажилладаг “TDB capital”компани гэрээ хэлцэлд зөвлөгөө өгч ажилласан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци бол Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани, нэг банк “Эрдэнэт”-д эрх мэдлээ тогтоолоо, хувь оролцоотой болчихлоо гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэмээр байна. “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй. Хоёрдугаарт, эрх мэдлээ тогтоосон ямар ч асуудал гараагүй. Гуравдугаарт, манай банкаар дамжуулан “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авсан гэх ойлголт огт байхгүй. Бид зөвлөгөө өгсөн гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Санхүүжилт олгосон нь үнэн. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон. Үүнээс гадна гадаад, дотоодын компани, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өгсөн.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосон гэхээр гадны компанийн ямар нэг оролцоо “Эрдэнэт”-д байж магадгүй гэсэн сэрдлэг гарч мэдэх юм…?

-Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Дахин хэлэхэд бид цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Ингээд гэрээ хэлэлцээр амжилттай болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Засгийн газраас өгсөн байгаа. Тэр үүргийн дагуу манай банкинд шалгалт хийсэн.Үр дүн нь удахгүй нийтэд ил тод болох байх.

-Танай банк жилийн өмнө Засгийн газраар баталгаа гаргуулж олон улсын зах зээлд бонд гаргаж 500 сая ам.доллар босгосон. Засгаас баталгаа гаргуулж босгосон мөнгөөрөө “Эрдэнэт”-ийн хувийг худалдаад авчихлаа гэсэн таамаг хэр ортой вэ?

-Ор үндэсгүй мэдээлэл байна. Эхлээд Засгийн газар ямар нөхцөлд баталгаа гаргадаг талаар ярья. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард батлагдсан Өрийн удирдлагын хуулийн дагуу Засгийн газар Монголын аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын алинд нь ч баталгаа гаргаж өгөх эрх зүйн орчин бүрдчихсэн. Гэхдээ маш өндөр шалгуураар баталгаа гаргадаг. Бүх арилжааны банкууд Засгийн газрын баталгаа гаргуулах эрхтэй. Цорын ганц нөхцөл бий. Засгийн газрын дотоодын үнэт цаасыг худалдаад авчихсан, өөрөө хэлбэл Засгийн газраас авлагатай бол тэр өрийн бичгээ барьцаалж баталгаа гаргуулж болно гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу 2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын баталгаа гаргуулсан юм. Тухайн үед дотоодын зах зээлд гарсан Засгийн газрын өрийн бичгийн бараг тал шахуу хувийг манай банк худалдаж авч эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдийн төсөв эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байсан гэсэн үг. Засгийн газар өнөөдөр төсөв хүндрэлтэй байна, алдагдлаа яаж нөхөх вэ гэж байна. Өмнөх Засгийн газрууд энэ асуудлыг дотоодын бонд гаргах замаар шийдсээр ирсэн. Дотоодын бондын гол хөрөнгө оруулагчид нь арилжааны банкууд байдаг. Бид тухайн үеийнхээ хамгийн том дотоодын үнэт цаасны багцыг эзэмшиж байсныхаа хувьд нэг их наяд гаруй төгрөгийн өрийн бичгийг засагт барьцаалж 500 сая ам.долларын баталгаа гаргуулсан юм. Бондоо амжилттай арилжиж 500 сая ам.долларын эх үүсвэр оруулж ирсэн. Тэр эх үүсвэр манай банкинд ороогүй. Шууд хэлцэл хийх замаар Монголбанкинд худалдсан.

-Банкаараа дамжуулаад зээл болгож гаргасан нь илүү ашигтай байсан юм биш үү?

-Банкаараа дамжуулж зээл гаргах нь мэдээж бидэнд нэмэртэй. Гэхдээ тухайн үед Засгийн газрын бонд гаргахад маш хүндрэлтэй болчихсон байсан. Өрийн хязгаар тулсан учраас гадаад, дотоодын хаанаас ч өр нэмэх, бонд гаргах боломж хомс байсан л даа. Монголбанкинд валютын нөөц хэрэгтэй, шаардлагатай байсан учраас Засгийн газар, Худалдаа хөгжлийн банк хамтарч, нөхцөл байдлыг тохирсны үндсэн дээр 500 сая ам.долларын бонд амжилттай болсон. Түүнээс хойш огцом өсөлттэй явж байсан ханш 2015 оны тавдугаар сараас тогтворжсон. Өнгөрсөн онд, энэ жилийн эхний зургаан сард ханш нэлээд тогтвортой 2000-аас доош байсан нь ийм учиртай. Монголын эдийн засаг, валютын нөөцөд өндөр ач холбогдолтой ажил болж чадсан. Тэгэхээр өнгөрсөн зургадугаар сард хийгдсэн хэлцэл 2015 оны дөрөвдүгээр сард гарсан бондтой ямар ч хамаагүй.

-Зарим улстөрч Худалдаа хөгжлийн банк Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хяналтаа тогтоолоо, Багануур ТЭЦ-III, ТЭЦ-IV-ийг ч эрхшээлдээ авах нь гэсэн мэдэгдэл хийгээд байх юм. Банкны зүгээс ямар тайлбар хэлэх вэ?

-Баримтгүй хардлагаар банкны нэр төрд халдаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг нь төөрөгдүүлж, үйл ажиллагааг нь доголдуулах нь хуулиар хориотой зүйл. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд манай банк Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ямар нэг хувьцаагүй. Эдгээр үйлдвэрүүдэд банкны зүгээс удирдлагын түвшинд очиж ажилласан, хяналт тогтоосон зүйл байхгүй. Элэгдэл доройтолд орсон, үр ашиггүй болсон үйлдвэрүүдийн үр ашгийг нь дээшлүүлэх, техник технологийг нь шинэчлэх зорилготой төсөл хөтөлбөрүүд байсан учраас тухайн үедээ санхүүжүүлсэн. Дараа нь гадны хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтэд хамрагдаад явсан. Тэгэхээр манай банктай ямар ч хамаагүй гэсэн үг.

“Багануур”-ын хувьд хувьцааных нь 25 хувь Монголын хөрөнгийн биржээр арилжигддаг олон нийтийн компани. 75 хувийнхаа 24 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр 2012 онд гарсан юм. Багануурын 24 хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулахад зуучлах андеррайтер, брокерын компанийн нээлттэй сонгон шалгаруулалтад манай “TDB capital” гэж хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй үнэт цаасны компани ялсан. Түүнээс хойш хувьчлалын асуудал хэд хэдэн удаа буцаж, дахиж сэргэж явсаар өнгөрсөн зургадугаар сард, сонгуулийн өмнө шийдэгдэж бид Багануурын 24 хувийг олон нийтэд санал болгосон юм. Харамсалтай нь УИХ-ын сонгууль яг энэ цаг үетэй давхацсан. Эдийн засгийн хямралд орчихлоо гээд зарлачихсан. Ийм шалтгаанаар Багануурын хувьцааг сонирхож байсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид саналаа өгөөгүй. СЗХ-ны шинэ удирдлага саяхан хуралдаад нэгэнт амжилтгүй болсон, хөрөнгө оруулагч олдоогүй, хувьцаа нь зарагдаагүй хэлцлийг бүртгэлээс хасах нь зүйтэй гээд өмнө гарсан шийдвэрүүдийг цуцалсан. Багануур хувьцаат компанийн хувьцаанд ямар нэг өөрчлөлт гарч, хувьцаа нь манай банкинд ирсэн зүйл огт байхгүй. Бид цэвэр мэргэжлийн ажил хийсэн. Үнэт цаасыг хөрөнгийн бирж дээр гаргаж зардаг, зөвлөгөө өгдөг, хөрөнгө оруулагч олж өгдөг ажлаа л хийсэн.

ТЭЦ-III, IV-ын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах буюу олон нийтэд санал болгох Засгийн газар, ТӨХ-ын шийдвэрүүд гарсны дагуу зарласан тендерт нь манай“TDB capital”компани туршлагатай гэдэг утгаараа ялсан. Одоо ч гэсэн ажиллаад явж байна.

-ТЭЦ-III, IV-ын хувьцааг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчид “TDB capital”-д хандаж болох нь ээ?

-Хандаж болно. Бид хөрөнгө оруулагч хайж байгаа. Энэ хоёр компанийн хувьцааг худалдаж авах ч юм уу, эдгээр компанид эрх мэдлээ тогтоох гэсэн зорилго бидэнд байхгүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг олон нийтийн бирж дээр гаргаж, нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд нь л мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Ерөнхий сайд эрчим хүчний салбарын хувьчлалыг хойшлуулна гэж мэдэгдэлдээ дурдсан бол шинээр томилогдсон төрийн өмчийн газрын дарга өмнөх Засгийн үед гарсан хувьчлалын шийдвэрүүдийг эргэж харна гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Тиймээс энэ ажил зогссон байгаа. Эрчим хүчний салбарт банк ноёрхлоо тогтоох нь гэсэн хардлага ямар ч ор үндэсгүй ташаа мэдэгдэл гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

-Арилжааны банкуудад ямар нэгэн компанийн хувьцааг илт давуугаар эзэмших эрх байдаг уу?

-Хуулиараа компанийн хувьцааг эзэмшиж болно. Гэхдээ компанийн гаргасан нийт хувьцааны арван хувиас дээш хэмжээнийг хувьцааг худалдаж авч болохгүй гэсэн хязгаар бий. Нийт компаниудад хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулсан мөнгө нь өөрийн хөрөнгийнх нь 20 хувиас хэтэрч болдоггүй гэсэн босго бас байгаа. Тийм учраас Монголын банкууд компани эзэмшдэггүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой. Бид зөвхөн санхүүгийн зуучлал, банкны мэргэжлийн үйл ажиллагаа л явуулдаг. Манай банк олон нийтийн компани байвал арван хувь гэдэг хязгаартайгаар худалдан авч болно, хязгаарлагдмал хариуцлагатай компанид бол хувь эзэмшихгүй гэсэн дотоод бодлоготой.

-Сүүлийн үед өрнөсөн шуугиан хүмүүст нэг эргэлзээ үүсгэчих шиг болсон. Сая та бид хоёрын ярьсан бүхний цаад учрын талаар нарийн мэдээлэлгүй хүмүүс Худалдаа хөгжлийн банк юунд орооцолдчихов оо гэж бодож суугаа байх. Ингэхэд танай банкны үйл ажиллагаа ямаршуу байгаа вэ?

-Банкны үйл ажиллагаа маш сайн, хэвийн өрнөж байна. Манай банкны хөрвөх чадварын харьцаа буюу бэлэн мөнгө түүнтэй тэнцэх эд хөрөнгийн харьцаа нь 40 гаруй хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, нийт актив маань 40 гаруй хувийн хөрвөх чадвартай гэсэн үг. Гадаад валют болон төгрөгийн нөөц асар өндөр, зээл олголт ямар нэг хязгаарлалтгүйгээр хэвийн үргэлжилж байна. Валютын арилжаа ч бас хэвийн. Ханшийг тогтворжуулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажлаа үргэлжлүүлнэ. Хамгийн туршлагатай банкны хувьд гэж ярихад олон улсын зах зээлээс мөнгө босгох боломж бий. Тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээ үзүүлэлтүүдийн хувьд Монголбанкны шалгуурыг бүрэн хангасан гэж ирээд яривал банкны талаар санаа зовох ямар ч асуудал байхгүй.

-Том хэмжээний мөнгөн дүнтэй бондыг амжилттай гаргасаар яваагийн шалтгаан юунд байна аа. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд танай банкийг сонгоод байгаа давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

-Манай банк анх 2007 онд бонд гаргаж байлаа. Түүнээс хойш бараг есөн жил болоход нэг ч арилжааны банк бонд гаргаж чадаагүй хэр нь бид жил бүр шахуу гаргаад байгаа нь цаанаа шалтгаантай. Монголд том хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хэмжээний төсөл тун цөөхөн. Голдуу уул уурхайн төслүүд байдаг. Уул уурхайн төслүүдийн хувьд гаднаас санхүүжилт татчихдаг учраас гадны хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн биш салбарт эрсдэл авахыг хүсдэг. Монголын эдийн засгийн ирээдүйд итгэдэг учраас тэр л дээ. Гэтэл уул уурхайн биш эрсдэлийг санал болгох томоохон сектор Монголд байдаггүй. Үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлчилгээ, зочид буудлын чиглэлээр гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах төслүүд ч байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг сектор нь санхүүгийн салбар болчихож байгаа юм. Худалдаа хөгжлийн банк Монголын эдийн засгийн бүх л салбарт нэг талаас эрсдэл авч, нөгөө талаас санхүүжүүлчихсэн яваа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Бид олон улсын зах зээлд нийтдээ зургаан удаа бонд гаргасан. Бонд гаргасан олон жилийн туршлагатай, цаг хугацаанд нь бүрэн төлж байсан сайн түүхтэй ч сүүлийн хэдэн жил уналттай яваа Монголын рейтинг, эдийн засгийн таагүй байдал зэргээс болж өртөг нь өссөн шалтгаан бий. Ийм учраас Засгийн газрын баталгаа авах шийдэлд хүрсэн юм.

-Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн салбараас огт өөр чиглэлд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бодол, хэтийн зорилго ер нь бий юу?

-Ямар ч банк хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Манай банк хамгийн туршлагатай, хамгийн ууган нь. Зах зээлийн олон шуургыг давж, олон хямрал, олон улстөрийн өөрчлөлтийг даван туулсан банкны хувьд арилжааны банк Монголд ямар чухал үүрэгтэйг мэднэ. Банк гэдэг нэг талаасаа маш эмзэг нөгөө талаасаа чухал сектор гэдэгт итгэлтэй явдаг учраас зөвхөн банкны үйл ажиллагаа явуулна. Өөр янз бүрийн үйл ажиллагаа явуулах эрх ч байхгүй, сонирхол ч алга. Монголын эдийн засгийн ирээдүйд хэрэгтэй гэж үзвэл, ирээдүйд орлого нь бололцоотой төсөл байна гэж харвал бид 100 хувь дэмжинэ. Энэ бол арилжааны хамгийн том банкны хувьд бидний үүрч байгаа маш том ачаа.

Ц.БаасансҮрэн

Categories
мэдээ улс-төр

Гишүүд ажилдаа ирээгүйгээс Байнгын хорооны хурал хойшлогдов

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2016.10.11/ хуралдаж, 2017 оны төсвийн төслийн талаар хэлэлцэхээр товлогдсон байлаа. Гэвч, ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар тус Байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Сангийн яамнаас ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.5 их наяд төгрөг, зарлага 8,5 их наяд төгрөг байхаар тооцсон төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Түүнчлэн УИХ-ын намрын чуулган завсарлана гэсэн мэдээлэл байна. Гэхдээ одоогоор захирамж нь гараагүй байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Манай улсад таван орны жазз хөгжимчид тоглолтоо хийнэ

“ЖаззЛаб” агентлагаас санаачлан “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд дэлхийн таван орны жазз хөгжимчин манай улсад тоглолтоо хийхээр болжээ.

Тодруулбал, АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон, дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах байна.

Эхлээд АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон “The Voice of Jazz” тоглолтоо хийх юм байна. Тэрбээр энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо ирэх аж. Түүний тоглолтод Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.

“The Voice of Jazz” тоглолт энэ сарын 20-21-нд УДБЭТ-т болно.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол: Бэлгэдлийн журмаар 200 шонхорын зөвшөөрөл олгосон

Энэ сарын 7-нд Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл нарын хүмүүс гадаадын анчид угалз, шонхор зэрэг ан амьтныг хууль бусаар агнаж байгаа тухай мэдээлсэн. Энэ асуудалд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Шонхорын хууль бус наймааны зөвшөөрөлд таныг буруутай гэж үзэж буйгаа Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцгэрэл хэлсэн.

-Би тэр хэвлэлийн хурлыг сүүлд үзсэн. ӨнөөдөрД.Оюунхорол сайд нэг ширхэг ч шонхор шувууг дур зоргоороо гаргаагүй. Надад тийм эрх ч байхгүй. Энэ асуудлаар манай яам хууль хяналтын байгууллагад хандана.

-Засгийн газраас нууц тогтоол гаргасан. Тогтоолын дагуу энэ жил хэдэн шонхор бэлгэдлийн журмаар хил давуулсныг мэдэж болох уу?

-Энэ удаад манай яам, Засгийн газраас өөрийн биеэр ирж айлчлах Шейхүүдэд соёлын зориулалтаар бэлгийн журмаар шонхор олгох нь зүйтэй юм гэж үзэж энэ шийдвэрийг анх удаа гаргасан. Төрийн өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа бүх хүний айлчлалын протукал нууц байдаг. Ирэх, буцах, айлчлал хийх цаг хугацаа нь хувь хүний үндэсний аюулгүй байдал талаас нь хамгаалж тухайн улс орнууд нууцын зэрэглэлтэйгээр ирүүлдэг.

-Шонхор шувууу аваад явдаг хүмүүсийн мэдээллийг тодорхой хугацааны дараа ил тод болгох заалт байхгүй юу?

-Шонхор шувуутай холбоотой хүмүүсийн материал Засгийн газрын нууцын зэрэглэлтэй байдаг. Тийм учраас энэ сэдвээр ямар ч мэдээлэл өгөх боломж байдаггүй.

-Энэ жил хичнээн Шейх манайд айлчилсан бэ?

-Энэ жилийн хувьд Монгол улсад булангийн орнуудаас дөрвөн том өндөр хэмжээний Шейх ирж айлчилсан.Өмнө нь Шейх нэртэй шувууны наймаачид шонхорыг хууль бусаар худалдах, арилжаалах, наймааны хэрэгсэл болгож ашигладаг байсан.

-Шонхор шувууны зөвшөөрлийг хэд орчим төгрөгөөр үнэлж, олгодог вэ?

-Тэр хүмүүс нэг шувууны төлөө сум, орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамж болон шувууны тусгай зөвшөөрлийг авахад зориулаад 10 орчим сая төгрөгийг төлж байгаа юм. Нийтдээ гурав орчим тэрбум төгрөг улсын төсөвт ордог.

-Тэгэхээр жилд 300 гаруй шонхор шувууг бэлгэдлийн журмаар гаргадаг гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө энэ жил 200 гаруй шонхор барих зөвшөөрөл гаргаж өгсөн. Өмнө нь 300-400 гээд хоёр удаа гаргаж өгч байсан тохиолдол бий. Өмнө нь бүр ч замбараагүй олгож байсан тохиолдол байдаг.

-Шейхүүд манай улсад зочлох нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж та хэлсэн?

-Монгол улсад нэг Шейх ирэхдээ багадаа 2-3 боинг онгоц хөлөглөж ирнэ. Ирэхдээ багадаа 50, дээд тал нь 150 хүн дагуулж ирдэг. Энэ хүмүүсийн айлчлалаас монгол улсад орж байгаа төсвийн орлого нь үйлчилгээний хураамж, буудал дээр бойнг онгоцоо зогсооход төлдөг хураамжийн төлбөр гээд нэлээд хэдэн тэрбум төгрөг ордог юм байна. Ирээд Шангри-Ла зочид буудалд байрлана. Улмаар тус буудал долоо, найм, есдүгээр сард үндсэндээ битүү захиалгатай байсан. Бид энэ жилийн сүүлийн гурван сарын орлогын хэмжээг тооцоолж бодуулсан. Ингэхэд ойролцоогоор 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол улсын эдийн засагт орсон байгаа юм. Нөгөө талд нь энэ хүмүүс монгол улсад ирэхдээ их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлдэг. Сүүлийн арав гаруй жилд булангийн орнууд Монгол улсад 83 орчим сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэнбайдаг.

-Энэ жил манайд ямар тусламж үзүүлэв?

-Улаанбаатар хотод түлэнхийн төвийг барьж чадахгүй байна гэж бид маш их ярьдаг. Түлэнхийн төвийг барих 7 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Куветын Шейх Насаргэгч хүн шийдвэрлэж өгсөн байгаа. Мөн Хэнтий аймгийн нисэх онгоцны буудлыг барих 12 сая долларын буцалтгүй тусламжийг шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн санхүү, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгсөн байгаа юм.

-Тэгэхээр Шейхүүд манай улсад айлчлах, шонхор шувууг бэлгэдлийн журмаар хил давуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

-Монгол улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт тэг болсон. 2016 оны долдугаар сарын байдлаар хасах 4 их наяд төгрөгийн дүнтэй гарсан байгаа. Ийм байтал бид гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтаас зайлсхийдэг. Хятад гээд хөөгөөд гаргадаг эсвэл гадныхан орж ирж байна шүү гэж үргээдэг. Ийм байдлаас болж монголчуудад итгэх гадныхны итгэл их суларч байгаа. Гэтэл жилдээ 160, зарим газар дөрвөн мянган шонхор тогонд цохиулж үхэж байна. Үүний ихэнхи нь залуу шонхор байгааг эрдэмтэн судлаачид хэлдэг. Гэтэл хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ цөөн байна.

-Д.Хурцгэрэл таван угалз хууль бусаар агнасан гэдэг зүйлийг хэлсэн. Ер нь ан агнуурт яамны зүгээс ямар хяналт тавьдаг вэ?

-Хууль бус ан агнуур хийж байна гэсэн мэдээлэл манай яаманд ирээгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол Д.Хурцгэрэл гуай хууль хяналтын байгууллагад тухайн хүмүүсийн нэрийг өгөөд шалгуулах хэрэгтэй. Манай яамны зүгээс хэзээ ч хууль бус зөвшөөрөл олгохгүй.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдана.

Өнөөдөр 10.00 цагаас Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хуралдаанаар улсын төсвийг хэлэлцэж, холбогдох ажлын хэсгүүдийг байгуулах юм байна.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Ажлын хэсгүүд байгуулах тухай.
Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүд өнөөдөр нүдний үзлэг үнэгүй хийнэ

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гаригийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд маргааш нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт иргэдэд үнэгүй үзлэг хийхээр болжээ.

Тодруулбал, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, “Болор мэлми болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна.

Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэднийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг маргааш өглөө 09:00 цагаас эхлэх юм байна.

Дүүргийн эмнэлгүүдийн үзлэг хийх хуваарь:

Эрүүл Мэндийн Төв Хугацаа Ажиллах эмнэлэг
1. Сонгинохайрхан 11.X “Инфинити”
2. Баянзүрх 11.X “Солонго”
3. Сүхбаатар 11.X Улсын 1-р төв эмнэлэг
4. Чингэлтэй 11.X “Болор мэлмий”
5. Баянгол 11.X “Орбита”
6. Хан-Уул 11.X “Сайт”

Categories
мэдээ нийгэм

Баянцээлийн гудамжинд 37 баар цэнгээний газар ажиллаж байгааг шинээр зохицуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.Хэлтсийн дарга Т.Дамбийням “130 мянга гаруй хүн амд үйлчилдэг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийг анх 2012 онд байгуулсан. Дүүргийн 11 хорооны хүн амд хүрч ажилладаг. Хоногт гэмт хэргийн 270 гаруй дуудлага ирдэг. Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралтаараа анхаарал татдаг. Ялангуяа Баянзүрх дүүргийн III, VII хороонд согтуу, танхай, дээрэм, хүчингийн хэргийн дуудлага их. Учир нь энэ хороонд баар, цэнгээний газар ихтэйгээс иргэдийн гомдол санал олон” гэлээ. Дээрхи хоёр хорооны 1589 өрхөд судалгаа явуулахад 1200 өрх Сансар болон Баянцээлийн гудамжинд одоогоор 37, Сансарын үйлчилгээний төв орчимд 23 баар, цэнгээний газар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нэг гудамжинд 50 гаруй согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газар байгаа нь оршин суугчдыг бухимдуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлж байгааг онцоллоо.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхний судалснаар орон сууц, иргэдийн амьдарч байгаа байрнаас 10-50 метрийн зайд ажиллаж байгаа баар цэнгээний газар, мөн найман нэрийн дэлгүүрийн тоо 11 хорооны хэмжээнд 859 хүрчээ. Тиймээс иргэдийн санал гомдол, цагдаагийн байгууллагын судалгаанд үндэслэн, гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн тодорхой шийдвэр гаргаж өгч, цагдаагийн байгууллага хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа уламжилсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Цагдаагийн байгууллагад өнөөдөр нэн тулгамдаад байгаа асуудал нь камерын хяналтын систем болоод байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс л гэхэд 36 цэгээс хяналт хийдэг. Гэвч энэ оны зургаадугаар сараас эхлэн камерын хяналтын систем ажиллахаа больсон. Шалтгаан нь камерыг угсрах тендерт ялсан компаниуд тоноглож өгөөд орхиод явсан. Ашиглалтын зардал тусгагдаагүйгээс ийнхүү цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камержуулалт Улаанбаатар хотын хэмжээнд асуудал дагуулж байгаа” гэж хэллээ.

Иргэд, цагдаагийн байгууллагаас өгсөн дээрх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс баар, цэнгээний газарт шинэ стандарт мөрдүүлэхээр яригдаж байгааг онцоллоо. Тэрээр “Баар, цэнгээний газрын талаар иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Баянзүрх дүүргийн Баянцээлийн гудамж онцгой анхаарал татаж байгаагийн зэрэгцээ оршин суугчдаас хотын удирдлагуудад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага ч үүнд дүгнэлт хийж байгаа нь сайшаалтай. Хотын иргэн аюулгүй, айдасгүй, амар амгалан амьдрах эрхтэй. Энэ эрхийг төрийн байгууллага бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс цагдаагийн байгууллагаа нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажиллана” гэв. Мөн “Камерын системийн хувьд хэвийн ажиллах төсөв, санхүүгийн асуудлыг шийдэж өгнө. Цагдаагийн байгууллагатай хамтарч нийтийн тээвэр, тэр дундаа такси үйлчилгээг сайжруулахад анхаарна. Төлбөрөө төлж, үйлчилгээ авч байгаа иргэн аюулгүй үйлчлүүлэх ёстой” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Гачуурт тосгоны дэд хэлтэс дээр очиж ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаараа танилцууллаагэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар С.Манлайг томилжээ

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын даргаар С.Манлайг томилжээ.

С.Манлай нь 1984-1990 онд Киев хотын Иргэний нисэхийн дээд сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд холбооны техникчээс ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт 26 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Тэрбээр 1990-1993 онд “МИАТ” нэгтгэлд техникч, ахлах инженер, ерөнхий инженер, 1993-1995 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд мэргэжилтэн, ахлах инженер, 1995-1996 онд Нислэг, техникийн улсын шалган байцаах газарт мэргэжилтэн, 1996-2005 онд ИАТУГ-ын мэргэжилтэн, менежер, тасгийн дарга, 2005-2008 онд Нислэгийн хөдөлгөөн удирдах төвд менежер, хэлтсийн дарга, 2006-2013 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын Тамгын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.