Categories
мэдээ улс-төр

“Номин талст”-ын дуучид нам хөөснийхөө ашгийг гаргалаа

Хамтлагийн дуучид дуулахаа больж албан тушаалын араас хөөцөлдөх болжээ. Тухайлбал “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд очсон бол нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар дуучин А.Хаянхярваа томилогджээ. Тэд өнгөрсөн долоо хоногт даргын ажлаа албан ёсоор хүлээн авчээ.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл өмнө нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Харьяатын хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байгаад өнгөрсөн зун ажлаа өгсөн байдаг. Урлагтаа амжилт гаргаж чадсан юм чинь улсдаа ч амжилт гаргана гэж тэд бодсон бололтой. Цаг хугацаа бүхнийг харуулах буй заа.

.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын байцаагчид 40 гаруй байршилд ажлаа танилцуулж байна

Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна.

Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд Нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар нийт 3900 иргэнд мэдээ мэдээлэл өгчээ. Баянгол дүүргийн хувьд найман хэсэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх болон Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЭХЭМҮТ, П.Н Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Номин их дэлгүүрт очиж, ажлын явцтай нь танилцлаа.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн хувьд “Талх чихэр” ХХК, “Тесо” ХХК-ний нийт 435 ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого, тэтгэвэр тэтгэмжийн тухай зөвлөгөө, мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариу өгснөөс гадна гарын авлага, сурталчилгааны материал тараажээ. Сүхбаатар дүүргийн хувьд “Улаанбаатар Их Сургууль“, “Их Засаг Их Сургууль“-ийн байранд зохион байгуулж, 30 гаруй оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулан 150 гаруй оюутанд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Сурталчилгааны үеэр өрхийн эмч нар иргэд, даатгуулагчид болон худалдаа эрхлэгч, түрээслэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жороор эмийг газар дээр нь олгож үйлчиллээ.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар болон шимтгэл төлөлт, хөдөлмөрийн дэвтэр баталгаажуулалт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, тэтгэвэр тэтгэмж тогтооход баримт бичгээ хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар сонирхсон асуултад хариулт тайлбар, зөвлөгөө өгөв.

Эрүүл мэндийн дэвтрийн баталгаажуулалт, сайн дурын болон нийгмийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг газар дээр нь хийж үйлчилсэнд иргэд даатгуулагчид баяртай байна.

Энэхүү арга хэмжээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд та бүхэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой гэж Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албыг төгрөгөөр хэмжигсэд буюу үе дамжсан улстөрч, ураг саднууд

Монгол төрийн алба арилжаа наймаа шиг болж, сонгуулийн өмнө жаран тэрбумаар үнэлэгдчихсэн явж байсан. Яалт ч үгүй дуу хоолой, дүрс хөдөлгөөнтэй бичлэг нийтэд цацагдсан. Гол агуулга нь төрийн албыг яаж мөнгө болгох тухай. Гэтэл хуулийн байгууллагуудын дүгнэлт өөр өөр гарчихав. Одоо эвлүүлэг, эвлүүлэг бишийн тухай учир нь үл ойлгогдох марзан яриа болоод явж байна.

Ингэж байгаад буруутан нь өөр хүн болж, дүрс бичлэг, дуу хоолой нь эвлүүлсэн болж хувирч, аандаа мартагнуулах нь шиг байна. Учир нь тэд эрх барьж байгаа шүү дээ. Ганц үнэн бол тэр бичлэгийг гол дүр Ц.Сандуй үгүйсгээгүй төдийгүй “Хоёр жилийн өмнөх бичлэг” гээд хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Энэ бүхэн сонгуулийн өмнөхөн дэлгэгдэж нийгэм даяараа, тэр дундаа төрийн албан хаагчид ихэд дургүйцэв. Сонгуулийн дараа МАН хэт олонхийн суудал авчихлаа. Өнөөх жаран тэрбумын биелэл болох үе ирлээ. Мэдээж сайдын суудлын төлөөх алаан, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын өрсөлдөөнөөр үргэлжилж, эцэст нь газрын дарга төрийн албан хаагчийн төлөө тоолдог хэдээ сугавчлан гүйлдэх болов. Үүнд эхний ээлжинд төрөл садан, худ ураг, ах дүү, амраг нь эсвэл арвин их мөнгөтэй хүмүүс аятайхан бялуу хүртэж эхлэв.

Сонгуулийн маргаашаас л ажил алба горьдсон хүмүүс намын удирдлагуудын үүдэнд шавж, гар утсыг нь хангинуулж амраахаа байсан. МАН-ын удирдлага ялна гэж горьдож, ажил албан тушаал амлаж байсан ч ингэтлээ ялна гэж бас зүүдлээгүй л дээ. Ингээд сонгуулийн дүн ажил алба хуваарилах толгойны өвчин болж ирлээ. Мэдээж төрийн алба тоотой, сайд дарга нарын суудал ч тоо хэмжээтэй. Гэтэл амласан нь хэд билээ.

Дэд сайд хэрэггүй гэж цөөнх байхдаа зүтгэж байсан МАН-ынхан дэд сайдын орон тоог нэмлээ. Гээд үүдээр эргэлдэх хүмүүсийн тоо нь санаснаар цөөрсөнгүй. Бялуу хүртэхгүй хүмүүс цөөнгүй үлдэнэ. Тэд гомдоно. Одоо ч хуваарилалт дуусаагүй. Хүлээлт үргэлжилж байна.

Сонгуулийн өмнө УИХ-д нэр дэвшүүлэх гэж бас л цөөнгүй маргаан дагуулж, намын удирдлага өөрийн фракцын голдуу хүмүүсийг гаргаж ирлээ. Хамаатан садан, төрсөн эгч дүүс, бэлтэй айлын хүүхдүүд, хуучны хэдэн улстөрч л дэвшлээ. Мэдээж мөнгөтэй айлын үе дамжсан хунтайжууд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ганзоригийн хүү Тэмүүлэн, Отгонбилэг агсны хүү Содбилэг, Нямтайширын хүү Номтойбаяр гээд улс төрд хүч түрэн орж ирж, зарим нь хоёр гурван удаа сонгогдож, зарим сайд дарга хийлээ. Цаашлаад төрсөн эгч Б.Саранчимэгтэйгээ дүү Б.Наранхүү нь мөнгө цохин сонгуульд орж, УИХ-ын гишүүн болсон. АН, МАН хоёр намаас эгч дүү хоёр ингэж гишүүн болчихлоо. Анзаарвал Засгийн газрын бүрэлдэхүүн ч дан хамаатан садан, ашиг сонирхлын холбоо сүлбээтнүүд, мөнгө ихтэй хүмүүсээр дүүрэв. Эрүүл мэндийн сайд болохоор яригдаж байсан Ж.Цолмон хувийн жижиг эмнэлэгтэй бол өрсөлдөгч А.Цогцэцэг нь 15 давхар эмнэлэгтэй. Мэдээж арван таван давхар эмнэлэгтэй нь илүү их мөнгөтэй байдаг юм байгаа биз дээ. Ингээд л сайд болчихов. Бас нэг зүйл мартчихаж. Мэдээж тэр бас хэн нэгэн хамаатантай. Тэр нь МАН-ын нөлөө бүхий хүн байх ёстой шүү дээ. А.Цогцэцэг бол Н.Энхболдын худ. Намын даргын найз. Харин Ж.Цолмон нь С.Баярын фракцад багтдаг.

Нам нь ялж Засгийн газраа байгуулах болоход сүртэй зарласан. Даанч мэргэжлийн Засгийн газар гэж нэрлээд мөнгөний засаг болж хувирсан. Монголын төр бол харин худ ураг, ах дүү, амраг садан, аав ээж, хамаатан, найз нөхдийн мэдэлд байна. УИХ-д МАН-ын даргын хамтаан, найз нөхдөөр дүүрсэн. Чойжилсүрэн гишүүн хэдэн жил их хуралд суухдаа хэлгүй юм шиг дуугүй явснаа энэ засгийн эхэнд “Татвар нэмнэ” хэмээн муу амлаж хэлд орсон. Мэдээж тэр мөнгөтэй. Тиймдээ ч өөрөөсөө илүү хүмүүстэй өрсөлдөхгүйгээр Сангийн сайд болсон шүү дээ. Санаснаар болдог бол Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, Гадаад хэргийн сайд Сү.Батболд, эсвэл Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь Т.Гантулга, Батлан хамгаалахын сайд нь Ж.Энхбаяр, Боловсролын сайд нь Ё.Отгонбаяр гээд оносон томилгоо байсан бол засаг төрийн ажил арай өөрөөр эхлэх байсан биз. Даанч тэгдэггүй юм байна. Мэргэжлийн бус, мөнгөний Засгийн газрын бүрэлдэхүүнээ мөнгө төгрөгтэй, хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргээд одоо төрийн алба руу хошуурлаа. 20 мянган төрийн албан хаагчийг хална гэж Б.Чойжилсүрэн чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Төсвөө хэмнэх санаатай юм байх. Үүний дараа бас л МАН-ын гарал угшилтай, хамаатан садан, ах дүүсээр нь дүүрнэ гэдэгт мөрийцөөд алдах нь юу л бол. Төрийн албаны шалгалт өгөөд АН-ын гаралтай хэнбугай ч дээгүүр оноо авч гарч ирэхгүй.

Одоо МАН-ын дарга ажил, албан тушаалын хуваарилалтыг МАН-ын Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарт ерөнхийд нь шилжүүлж, өөрөө алсын удирдлагаар хангаж байгаа гэнэ. Мөнгө төгрөг цуглуулж, албан тушаалд очиж байгаа гэлцэх хүмүүс бишгүй л байх юм. Өгсөн мөнгий нь голоод ажилд авсангүй л гэх юм. Гэхдээ сонгуулийн үед шүдэнз зурж, МАН-ыг дэмжсэн жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан БСШУ-ны төрийн нарийнд яригдаж байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Саранжав мөн л агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн даргад нэр яригдаж байгаа.

Намын харьяаллаар төрийн албанд шууд нөлөөлж дөрөв, дөрвөн жилийн циклээр ээлж солигдсоор олон он улирчээ. Өнгөрсөн дөрвөн жил цөөнх болсон МАН-ынхан, тэдний ар гэрийнхэн бүгд ажил албан тушаалгүй байсан. Энэ удаа намын, фракцын удирдлагууд, ах дүү амраг садан, худ ургаа төрийн албанд, тэр тусмаа өндөр албан тушаалд аваачих болов. Монголбанкны бодлогын зөвлөлд байдаг арван дөрвөн гишүүний дөрөв нь хараат бус буюу эрдэмтэн, судлаач зэрэг хүмүүс байдаг. Тэгвэл хараат бус гишүүдийн нэгээр “Монголд та хэрэгтэй” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баттүшиг сонгогджээ. Б.Баттүшиг Сү.Батболдын хүү. Саяхан шинээр нээгдсэн “Е март” сүлжээ их дэлгүүрийн эзэн. УИХ-ын даргын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын дарга болж байгаа гэнэ. Харин УИХ-ын гишүүн Т.Очирхүүгийн хүү Эрдэмбилэг Монголбанкинд очиж.

Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин А.Ариунзаяа Үндэсний статистикийн хорооны дарга болов. Томилгоо үргэлжилсээр. Монголын төр, төрийн алба үе дамжсан улстөрч, хамаатан сайднаар өргөжсөөр л байна.

Д.Мөнгөндалай

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат шанзов эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулсан нь дуулиан шуугиан болж байж сая нэг намжлаа. Учир нь дээрх төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь найман төрлийн татвар нэмэх заалтууд байв. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 25 хувийн татвар авна. 100 сая төгрөгөөс дээш төгрөгийн хадгаламжтай бол хүүгээс нь татвар авах, автомашин болон архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ. Алт олборлогчид, ашигт малтмалын нөөц ашиглагчид, машины сэлбэг худалддаг хүмүүст ч шинээр татвар ногдох байлаа. Мөн 150 ам метрээс дээш байранд тансаг амьдарч байгаа хүмүүс улсад татвар төлөх болж байв. Харин хэдхэн хоногийн өмнө энэ засгийнхан “найман төрлийн татвар нэмж авахаа болилоо, ард түмнээ бодож байна” хэмээн нэг их ард түмнээ бодож, энэрч хайрласан шийдвэр гаргаснаа зарласан юм. Үнэндээ 150 ам.метрээс дээш байранд амьдардаг Н.Номтойбаяр, О.Содбилэг, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан зэрэг хөрөнгө мөнгөтэй хүмүүсээсээ л татвар авахаа больж байгаа хэрэг. 100 саяын хадгаламжтай, 2.5 саяас дээш төгрөгийн цалинтай хүн энгийн ардуудын дунд байхгүй. УИХ-ын гишүүд болон бусад өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харж байхад хэд хэдэн байртай, өч төчнөөн зуун саяын хадгаламжтай, үнэтэй машинуудтай юм билээ. Тэгэхээр найман төрлийн татвар авахаа болилоо гэсэн сүржин мэдээлэл ард түмэнд падлий ч байхгүй нь. Ард түмнийхээ үгэнд л орж ийм шийдвэр гаргалаа гэцгээж байна лээ. Энэ ядарсан олныг боддог, тэдний амьдралыг мэддэг хүн бол хамгийн хэрэгтэй хуулийг нь зогсоохгүй л байсан байх. Юу гэх гээд байна гэхээр, татвар энэ тэр гэсэн баахан шуугиан албаар үүсгэчихээд түүнийхээ дүйвээнд ирэх оноос хэрэгжиж эхлэх байсан Хамтын тэтгэврийн хуулийг татаад авчихсан юм. Юм хэлж чадахгүйгээр нь эмээ, өвөө нарыг дээрэлхэж байгаа хэрэг. Ажил хийдэггүй болохоор хэл ам гаргахгүй гээд гэртээ суугаа хөгшчүүдийг алаг үзэж эхэллээ. Тэдний зогсоосон Хамтын тэтгэврийн хууль хэрэгжээд эхэлбэл олон хүнд буян болж, амьжиргаанд нь дэм болох байлаа.

Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Сангийн сайд байсан. Одоогийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мөн л УИХын гишүүн байсан. Аль аль нь өмнө нь УИХ-д сонгогдож засаг төрд ажиллаж байсан хуучин хүмүүс. Гэхдээ энэ хоёр төдийлөн анзаарагддаггүй байсан гишүүд. Байгаа байхгүй нь мэдэгддэггүй, юм дуугардаггүй болохоороо “хэлгүй Короллиа” гэсэн хочтой болоод амжсан хоёр. Хэлгүй Короллиа гэж “Халтар царайт“ хэмээх олон ангит киноны дүр гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Ийм гишүүдийг даруухан ч гэдэггүй. Тэгээд ч УИХын гишүүн хүн даруухан байх ёстой билүү. Үгүй шүү дээ. Хичнээн мянган хүнийг төрд төлөөлнө хэмээн сонгогдож ирчихээд дуугүй суугаад байна гэдэг зөөлхөн хэлэхэд ажлаа мэдэхгүй байна гэсэн үг. Хатуухан хэлэхэд сул дорой хүний шинж. УИХын гишүүн хүн бол ард түмнийхээ төлөө дуугарч, тэднийг үгийг төрд хүргэж, эрх ашгийг нь хамгаалан хууль санаачлан ажиллаж байх ёстой.

Өнгөрсөн УИХын сонгуулиар нам нь олонх болж, мань хоёр гишүүн ч өндөр албан тушаалд очлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэмээн дуудуулж байна. Одоо л тэд хэлд орж байна уу гэлтэй дуугарч эхэллээ. Гэхдээ тэдний яриаг сонсоод ард түмэн мэл гайхаж, цэл хөхөрлөө. Жаахан хүүхэд анх хэлд орохдоо жигтэйхэн худлаа ярьдаг даа. Яг түүн шиг амандаа орсон болгоныг ярьж өгч байна даа. Ялгаатай нь хэлд орж байгаа нялх хүүхдэд ийм үе байдаг гэдгийг анагаах ухаан ч хэлдэг, ард түмэн ч мэддэг. Худлаа ярьдаг үе нь ирчихэж гээд хүүхдүүдийн ярихыг өхөөрдөн сонсдог. Харин том хүн, тэр дундаа төрийн сайдууд нь ёс суртахуунгүй, увайгүй худлаа ярихыг сонсохоор хэлэх ч үг олдохгүй юм.

Тэдний ярьж байгаагаар бол Хамтын тэтгэврийн хууль хэрэгжвэл тэнгэрт одсон аав, ээжийнхээ үлдээсэн өв хөрөнгөнөөс үлдэгсэд нь сэжиглээд байгаа юм байх аа. Тэгээд “наад балай хуулиа болиулаад өгөөч” гээд хөгшид Б.Чойжилсүрэн сайдад зогсоо зайгүй хандаад байгаа гэнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдэгдэж байгаагаар энэ хуулийн нөлөө хөгшдөд маш буруугаар эргэж байгаа гэлээ. Үсээн цайж, ясаан нимгэртэл хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулсан хоёр хөгшин насны эцэст өөрийнхөө тэтгэврийг нэмчих гээд бие бие рүүгээ муухай хараад суух юм гэнэ. Ийм учраас Ерөнхий сайд маань настнуудаа бодоод хуулийг хэрэгжүүлэхээ больж байгаа юм байх.

Алив зүйлд тайлбар хэлж болно. Хуулийг хэрэгжүүлэхээ больж ч болно. Гэхдээ төрийн сайдууд ийм ёс зүйгүй худалч байж болохгүй. Монголчууд хэдэн мянган дамжин өвөг дээдэс, бурхны оронд зорин одсон хүмүүстээ чин хүндэтгэлтэй хандаж, сайн сайхан амьдарч яваагаа тэднийхээ буян хишиг хэмээн бэлгэшээж ирсэн ард түмэн.

Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нар чадал чансаатай, өнгөлөг мөнгөлөг хүмүүсээс татвар авч, жаахан ч гэсэн мөнгө цуглуулчих чадал алга. Харин хөгшчүүдийг элдвээр хэлж байгаад нэг хуулийг зогсоож байх шиг байна. Үүнээс баахан мөнгө хэмнэх юм байх. Сулхан хүмүүс л хүч чадалгүй улсыг дээрэлхдэг юм. Ж.Эрдэнэбат шанзов тэргүүтнүүд эмээ, өвөөгөөс бусдыг нь дийлсэнгүй дээ.

Монгол төрийн алтан жолоог атгалцаж байгаа хүмүүс ийм ааш авир гаргаж, энэ мэт худлаа үнэн үг ярьж явах ч гэж дээ. Эдийн засгийн хямрал нөмөрч, улс орон хэцүү байгаа үед ийм сул хүмүүс Монгол Улсыг удирдаад авч явж чадах уу. Арай өөр сийрэг сэтгэдэг, чадвартай, мэдлэг боловсролтой хүн танай намд алга уу, МАН-ынхаан.

Д.Оюунтуяа

Categories
мэдээ нийгэм

МАЗААЛАЙ БААВГАЙГ ХАМГААЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах зорилго бүхий уг төлсийг хэрэгжүүлэх саналыг манай улсын Засгийн газар БНХАУ-д тавьжээ. Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас Говийн их дархан цаазат газарт ажиллаж, мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийсэн байна.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Манай улсад 28 үлдээд буй мазаалайг хамгаалах үйлсэд энэ судалгаа чухал үүрэгтэй” гэлээ.

Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамгаалагч Ян Чиндун “Мазаалай бол Монголын ховор эрдэнэ. Түүнийг хамгаалах нь туйлын чухал. Гэвч мазаалай амьдрах орчин хүнд нөхцөлд байгаа тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ.

“Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл” ирэх оны хоёрдугаар улирлаас хэрэгжих эхэлнэ.

Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Говийн талд цасны жавар сэнгэнэж, Өнжүүлийн толгодод намрын шар нартай өдөр байлаа

Энэ сарын 7-нд Улаанбаатар хотоос гараад, Дундговь аймгийн Мандалговь хот орлоо. Дундговьд цас их унасан, өвөл билүү гэмээр жавартай байна. Биднийг гарахын урд өдөр цаг агаарын мэдээгээр Дундговьд цас орж байна цасан шуургатай гэж байсан ч “Говийн цас, юу л удав гэж тэр дороо л хайлчих байлгүй” хэмээн бодсоор замдаа гартал өвөл болчихоо юу гэлтэй говийн тал биднийг угтсан юм. Бид Мандалговьд оройны 18:00 цагийн үед очиход, цас ихтэй байсан ч нэг их хүйтэнгүй байв.

УИХ-ын гишүүн, ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбат болон түүний ажлын хэсгийнхэн орон нутгийн иргэдтэй уулзахаар тус аймагт ажилласан юм. Биднийг Дундговь аймгийн ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ хүлээн авч уулзахдаа адууны чанасан мах, хул, хулаар дүүрэн айраг аягалж угтлаа. Нутгийнхан ярихдаа “Говийн адууны мах хангайхаас их өөр, сайхан амттай байдаг. Мөн айрагтай аймгуудын дунд зохиогддог айргийн тэмцээнд манай нутгийн айраг олон удаа түрүүлсэн. Булганы Сайхны айраг гоё гэдэг ч хоёр гуравт ордог юм. Хангайн айраг их зөөлөн, манай говийнх хатуу талдаа, мөн ходоод гэдэс цэвэрлэдэг. Бөөжитлөө айраг уучихсан байхад маргааш нь гэдэс цэвэрлэгдээд, нүүр хүртэл цайна, тарган хүн ч турна. Дундговийн айраг байхад архины бараг хэрэггүй байдаг юм шүү дээ. Ууж сураагүй хүнд их хатуу амархан согтооно” гэж ярилаа.

Дундговь аймаг

Маргааш өглөө нь Дундговийн АН-ынхан биднийг гаргаж өгөх замдаа мөн л айргаар дайлж үдлээ. Аймгийн төвөөс гараад, замдаа машинаас буухад их салхитай бээлийгүй гараар аягатай айраг барихад хурууны үзүүр хөлдөх нүү гэмээр хүйтэн байв. Харин замд тааралдсан говийн тэмээн сүргийн бөх нь босоо байгааг харахад сайхан намар болж, мал сайн тарга тэвээрэг авжээ гэмээр харагдсан. Цэлийсэн говийн их цастай хөндийд тааваараа бэлчих улаан голдуу ямаатай хонь, хаа нэг тааралдах говийн бор гэрүүд үзэгдэхээс өөр анир чимээ алга, хангайд айлууд саахалтаар бууцгааж, хонь, хурга, адууны хашаа, тугалын зэл зэрэг олон хашаа хороо барьж тухалцгаадаг бол говийн айлуудын ихэнх нь хашаа хороо барьдаггүй харагдлаа. Харин намрын сэрүүн орж, цас унасан айлууд гүүгээ барьсан хэвээр байна лээ. Учир нь намрын айраг илүү шимтэй хэмээн нутгийнхан намар цагт айраг их ууцгаадаг гэнэ. Арваннэгдүгээр сарын сүүл хүртэл айраг элбэг байдаг аж.

Дундговь аймаг

Дундговийн замд их хэмжээний малын тэжээл ачсан том оврын ачааны машин замын хажуугийн элс рүү халтирч ороод саатжээ. Тэд хамаг ачаагаа буулгасан ч замын ховилоос гарч чадалгүй машинтайгаа ноцолдсоор, хоёр өнжөөд нэг хоночихлоо гэж байв. Мөн тэд говьд цас ороод нэг хүйтрэхээрээ их жавартай байдаг юм гэцгээнэ лээ.

Ингээд Дундговийн хөндийн битүү цаснаар давхисаар Төв аймгийн нутагт ороход их дулаахан жинхэнэ намрын налгар өдөр угтлаа. Алсад харагдах намхан уулс, талын жижиг толгодуудтай хөндийг намрын шар нар ээж байгаа нь амар амгаланг илтгэх ажээ. Анх явж байгаа надад амгалан, тайван санагдах энэ хөндий Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн яруу найраг, зохиол бүтээлд мөнхөрсөн “Хөрөөний ир шиг алсын намхан уулс, өнжүүлийн бор толгод” ажээ.

Төв аймаг Манзушир хийд

Ингээд бид Төв аймгийн Зуун мод хотод ирж, Манзушир хийд буюу Богд уулын өврөөр аялалаа. Өнгөрсөн бямба гаригт мод тарих өдөр байж таарсан учраас тус аймгийн арын хөндийд оюутан сурагчид төгөл байгуулж, мод тарьцгааж байв. Мөн Соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлагийн ангийн оюутнууд натурт гарчихсан, байгалийн зураг зурцгааж, зурсан зургаараа өрсөлдөж байна лээ. Богд уулын урд өвөрийн зарим хэсэгт цастай, өвөр бэл газраараа дулаахан нар ээсэн, ёстой л нэг намрын налгар өдөр байж таарлаа.

Төв аймаг Манзушир хийд

Анхны цас энэ сарын 5-нд нийт нутгаар орж, хайлсан ч Дундговьд хүйтэрсэн байгаа нь тэр. Мөн амралтын өдрүүдэд Чойр, Сайншанд чиглэлийн замд цасан шуургатай байсан аж. Харин өчигдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн зарим сумдаар цас орж байна гэсэн бол Хэнтий аймагт цасан шуургатай хүйтэн байгаа гэдэг мэдээлэл ирсэн. Гэхдээ энэ долоо хоногт нийт нутгаар дулаахан байна гэж цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллэж байна.

Энэ сарын 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байх ажээ.

Харин 13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орж, Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэх ажээ.

Н.Ганчимэг

Categories
мэдээ улс-төр

О.Магнай “Монгол ардын нам 100 хоногт” тайлан гаргажээ

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга асан О.Магнай Засгийн газрын 100 хоногийг угтуулан, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол ардын нам 100 хоногт” хэмээх хараат бус тайлан гаргаснаа танилцуулав.

О.Магнай хэлэхдээ,“Засгийн газрын 100 онцлох үйл явдалд сайн сайхныг танилцуулдаг хэдий ч харамсалтай нь өнөөдөр сайн сайхан зүйл алга. Засгийн газрыг удирдах баг бүрдүүлэлтэд цэвэр ах дүү, амраг садангууд цуглаж байна. Бидний судалгаагаар удирдах албан тушаалд томилогдсон нийт албан тушаалтны 70 орчим хувь нь УИХ-ын гишүүд болон МАН-ын дарга нартай ямарваа нэг садан төрлийн холбоотой байгаа нь харагдлаа.

Энэ бол жирийн ард иргэдэд өсч дэвжих, албан тушаал ахих боломж ирэх дөрвөн жилд байхгүй гэдгийг харуулж байна. Бид Засгийн газрын хуралдаан бүрийн тэмдэглэлүүдтэй танилцсан. Яг одоо ийм ажил хийлээ гэсэн зүйл болоогүй. Нэг удаагийн Засгийн газрын хуралдаан дээр дунджаар 2-3 ажлыг зогсоосон гэсэн судалгаа гарч байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “100 хоногийн дотор бүх зүйл сайхан болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ 100 хоногийн дотор зөв зүг чигийг чиглүүлж болдог уу гэвэл болдог. Монголын ард түмэн ч гэсэн үүнийг хүлээж байсан байх. Харамсалтай нь, ийм зүйл болсонгүй. Хамгийн сүүлд албан тушаалтны гэмт хэрэг, авлига гэдэг шүдний өвчин болсон зүйлийг арилгахын тулд яаж тэмцэх талаар ямар ч бичиг баримт гарсангүй. Мөн өнөөдрийн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай төлөвлөгөөгөө энэ 100 хоногийн хугацаанд гаргаж чадсангүй” гэлээ.

Түүний гаргасан тайлан гурван хэсгээс бүрджээ.

Засгийн газрын томилгоо

  • Улсын их хурлын дарга, Монгол ардын намын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов.
  • Улсын их хурлын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон зэрэг төрөл садны холбоотой 32 жагсаалт энэ хэсэгт багтжээ.

Засгийн газрын хийсэн ажлууд

  • Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зогсоов.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоов.
  • Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг зогсоов гэх мэт ажлуудыг дурьдсан байв.
Categories
мэдээ спорт

Элчингүүдийн хөл бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө

Намрын шаргал наран төөнөсөн 2016.10.08-ны өдөр. Энэ өдөр Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа 14 улсын элчин сайдын яамд болон ГХЯ, НҮБ, ADB зэрэг олон улсын байгууллагын 360 гаруй төлөөлөгчид хаан спортын титмийн төлөө өрсөлдлөө.

Монголчууд эрт дээр үеэс дэлхийн өнцөг булан бүрт элч заллагаа илгээж, улс орнуудтай энхээр найрамдан оршиж ирсэн бол орчин цагт зөвхөн дипломат харилцаанаас гадна спорт соёл урлагаараа дамжуулан найрамдалт харилцаацаагаа улам бүр хөгжүүлж байна.

Энэхүү зорилгыг эрхэмлэн Голомт банк болон ГХЯ-наас зохион байгуулдаг “Элчингүүдийн хөлбөмбөгийн тэмцээн” нь жил бүр хурд, хүч авъяас чадварын хүчтэй өрсөлдөөн дунд өрнөдөг.

Тамирчдын ялалтын титмийн цаана асар их хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээр оршдог. Ялангуяа багийн тоглолтын хувьд нэгнийгээ мэдэрч, нэг сэтгэл зүрхтэй байж чадсан нь ялагчийн цомыг өргөж улсынхаа тугийг мандуулдаг. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөнөөс 1-р байрыг АНУ-ын ЭСЯ-ны баг эзэлж ялалтын цомыг өргөлөө.

Харин дэд байрт ОХУ-ын ЭСЯ-ны баг тодорч, Туркийн ЭСЯ-ны баг 3-р байрыг тус тус эзэлж хөгжөөн дэмжигчдийнхээ зүрх сэтгэлд хоногшсон сайхан тоглолтуудыг үзүүллээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбатын 90 хувийн коммунизм байгуулах мөрөөдөл бүтэхгүй

Эрх баригчид эдийн засгаа аврах гарц нь татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа нэмснээр шийдэгдэх мэтээр ярьж, хэлэлцэж эхэлсэн. Машин, хадгаламжийн хүү, нийгмийн даатгал, 2,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд, том байртай хүмүүсээ дарамталж, найман төрлийн татвар нэмэхээр Засгийн газар санал оруулж ирэв. Эдийн засгаа аврах гарц нь ердөө л иргэдээ дарамталсан шийтгэлээр эхэллээ. Ингэж татвар нэмэх тухай хуралдахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “150 квадрат метр талбайтай орон сууцтай иргэдээс татвар авна гэвэл нийт иргэдийн 90 хувьд нь таалагдана” гэхэд Л.Энх-Амгалан гишүүн “200 метр квадрат орон сууцтай гэж өөрчилж болохгүй юу” гэхэд “Манай байр гурван өрөө байсан. 150 метр квадрат хүрдэггүй юм. Таваас дээш өрөөтэй байж л метр квадрат нь 150 хүрдэг. 200 болговол татварт хамрагдах хүмүүс цөөдөх гээд байна. Ингэж татвар авна гэх юм бол олон нийтийн 90 хувьд нь таалагдана” гэж хэлж байна лээ. Дийлэнх нь баярлана, олонхид нь таалагдана гэхээрээ л коммунизм болдог. Үүнийг бид мэднэ. XX зууны эхээр коммунизм руу, нийгмийн ихэнхэд нь таалагдана гэж үзсэн. МАН коммунист угшилтай нам. Тэр нь хэвээр байгаад байна. Нийгмийн 90 хувийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулна гэж том эндүүрээд байна. Цагтаа Ленин, Сталин тавиас илүү хувийн дэмжлэгтэй нударганы газрыг булааж, хөрөнгийг хурааж байсан. Язгууртан, тайж, ноёдоо үгүй хийж, хэргэм зэрэг, эд хөрөнгийг нь булаасан энэ үйл явц манайд ч давтагдсан. Үе залгамжилсан хэргэм зэргийг нь үгүй хийж, бүгд ижил эрх тэгш байхыг сурталдаж, эд хөрөнгийг нь тоолж, хураасан. 1924 оны Үндсэн хуулиар улсынхаа нэрэнд “бүгд” гэдэг үгийг оруулж, бүгдээрээ тэгш байх ёстой хэмээн аль олигтой бүхнээ үгүй хийсэн.

Тэр үедээ 90 хувийн дэмжлэг хүрээгүй байхад өнөө цагт Ж.Эрдэнэбат ийм дэмжлэг авна гээд хээв нэг хэлж байна. Үнэн хэрэгтээ 150 метр квадратаас дээш талбайтай орон сууцтай иргэд ердөө 4300 л байдаг юм байна. Нийт орон сууц эзэмшигчдийн 2.6 хувь л болж байгаа юм. 200 метр квадрат талбайтай айлаас 50 метр квадратын татвар авахад жилд 450 мянган төгрөг болно гэж Сангийн сайд нь хэлнэ лээ. Тийм тооны хүнээс ийм хэмжээний татвар авлаа ч улсын төсөв бүрдэж, эдийн засгийн хямралаас гарчих уу. Том орон сууцтай болъё гэж мөрөөдөөд ч хэрэг алга.

Ленин Сталинаасаа ч том дэмжлэг авч хэлмэгдүүлнэ гэж санаж. Эрх баригчид нэг юмыг мэдэхгүй байна. Бид чинь XXI зуунд амьдарч байна. Хойно үлдсэн XX зууныг дахин бүү давт. Дэлхийд байхгүй болсон коммунизмаа сэргээх гэж бүү оролд. Өнөөдөр бүх юм өөр болсон. XX зууны эхэн үеийн сэтгэхүйгээс өнөөдөр амьдарч байгаа хүмүүсийн сэтгэхүй тэс өөр болсон. Хүмүүс ухаажсан, хэрсүүжсэн, дээр нь мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Арван хувийг нь нухчихын тулд 90 хувийн дэмжлэг авах тухай ордны өрөөндөө ярьж эхэлж байхад чинь л аль хэдийнэ энэ талаар хэлэлцэж, эргүү тэнэгээр нь дуудаад эхэлж байна. Тийм ч амар тархиа угаалгахааргүй болсон. Тиймээс таны татвар нэмэх саналыг 90 хувь нь эсэргүүцэж байна. Мэдээлэл ийм хурдтай түгж, хүмүүс эрүүл ухаанаар асуудалд ханддаг болсон. Дэмжлэг авна гээд байгаа 90 хувь чинь татвар авах гээд байгаа арван хувийг илүү олон болгохоор тэр хувьд багтах гэж зүтгэж байгаа нь олон. МАН сонгуульд орохдоо татварыг нэмэхгүй гэчихээд сонгогдсон хойноо үүнийхээ эсрэг үйлдэл хийгээд эхэллээ. Хүнийг том байранд амьдарлаа гэж татвар нэмж авч байгааг “Дэлхийд хаана ч байхгүй ийм юм байдаггүй. Орлого олох, мөнгө олох, бизнесээ идэвхжүүлж эдийн засгаа босгохоо бодохгүй, ард түмнээ татвараар дарамталж, эдийн засгаа босгодоггүй” гэж Сангийн сайд асан, шилдэг эдийн засагчдын нэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байн байн анхааруулж хэлээд л байна лээ. Зарим нэг тулхтай улстөрч Орон нутгийн сонгуулиар далаараа тавиулав гэж анхааруулаад ч Ж.Эрдэнэбат тэдний үгийг сонссонгүй, сонсохыг ч хүссэнгүй. “Цөөнх байхдаа ард түмэнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан” гэж Ерөнхий сайд бүлгийн хурал дээрээ ярьсан байна лээ. Олонхи болохоороо ард түмнээрээ тоглож болно гэж ойлгосон бололтой. Олонхиороо түрээ бариад энэ асуудлыг хэлэлцэхийг дэмжчихлээ. Эрүүл саруулаар шүүмж хэлсэн гишүүдээ бүлгийн хурал дээрээ МАН-ынхан олонхиороо дарамталж, хэвлэл мэдээлэлд хамаагүй юм ярьж болохгүй гээд үүрэгдчихлээ. Коммунизм нэвт ханхлуулаад эхэллээ.

Хөрөнгө мөнгөтэй хүн болгон луйвар хийсэн байдаггүй. Хөлсөө илүү дуслуулж арай том машин унаж, арай том байранд амьдарснаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ад шоо болох нь. 150 квадрат метрээс дээших орон сууцны татвар яваандаа 130, 120, 100, 90, 80 байр орон сууц болгоноос татвар авдаг болдгийг ард түмэн эрхбиш мэднэ. За яахав, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр Монголын мөнгөтэй хөрөнгөтэй, том байртай болгоноос татвар авч, нийт ард түмний 90 хувийн дэмжлэг авъя гэж бодъё. Тэгвэл иргэдийн 70 хувь нь цаашдаа өөсрдийнх нь унаж яваа ганц машинаас ч өндөр татвар нэхээд унахыг мэдэж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг дэмжих ерэн хувьд багтахыг бас хүсэхгүй.

Энэ байдлаас нь харахад хамаг юмыг нийгэмчилж коммунизм байгуулах нь л дээ. Байгуулах гэлээ ч дэмжихгүй, байгуулчихсан байлаа ч дэмжихгүй. Ард түмнээрээ хэлэлцэж баталсан Ардчилсан хувьсгал гараад ганц хийсэн юм гэж ч ярьдаг шашин шүтлэг, хөрөнгө чинээгээр ялгаварлахгүй, гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалтыг Ж.Эрдэнэбат сайд та зөрчиж байна. Харин тантай хамт бид Үндсэн хуулиа зөрчихгүй. Таны санаа бүтэхгүй ээ. Хэн нэгнээс дэмжлэг хүсч байгаа бол дэмжигдэхгүй. Харин ирэх сонгуулиар 90 хувьтай таны, та нарын эсрэг санал өгч болж чадах байх шүү. Цөөнх болоод юу ч ярьсан бас итгэхээргүй болсон. Учир нь ард түмэнд таалагдах гэж л юу ч хамаагүй ярьдаг байсныг нь Ерөнхий сайдынх нь үгнээс бид мэдчихсэн шүү дээ.

Д.Мөнгөндалай

Categories
мэдээ нийгэм

Нүхэнд машин унаж жолооч нь хүнд гэмтжээ

Хан-Уул дүүргийн 11-р хороонд харъяалагддаг Богд-Уулын зүүн аманд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн хөрөнгөөр зам барьсан хэмээн тус аманд амьдардаг айлуудаас замын хөрөнгийг хувааж өгөхийг шаардаж, ам руу өгсөх замыг хаасаар сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд айлууд гэр лүүгээ автомашинтай орох боломжгүй болоод байсан ба өнгөрөгч амралтын өдрөөр замын хаалтыг тойрч гарах гэж байсан ачааны автомашин ухсан нүхэнд осолдож машины жолооч хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Энэхүү аманд УИХ гишүүн асан Л.Гүндалайн эзэмшлийн долоон хаус байдаг гэх ба өөрийн төрсөн дүү Л.Баяндалайн “Эм Би Эм Эн констракшн” компаниар хар зам хусуулж гаргажээ. Ингэхдээ замын хөрөнгөнд 56 сая төгрөг зарцуулсан учир уг замаар зорчихыг хүссэн өрх бүрээс 14 сая төгрөг нэхэмжлээд байгаа аж. Харин оршин суугчдын зүгээс нийтийн эзэмшлийн газарт зам барьж, иргэдээс мөнгө нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байгаа ба хорооны иргэд Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Хан-Уул дүүргийн засаг дарга нарт гомдол гаргаж арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.