Categories
мэдээ нийгэм

Тайзнаас болж генерал Д.Даваа бухимджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчинтэй холбоотой багц хуулийг Батлан хамгаалах яаманд гардуулах ёслолын үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан нар сүрхий муудалцсан юм байх.

Тэд сүүлийн үед таарамж муутай байгаа гэнэ. Турк улсаас манай улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламж болгон ирүүлсэн есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий нүүдлийн тайз, чулуу буталдаг бутлуур зэрэг нь ЗХ-нд үхмэл хөрөнгө болж байгаагаас улбаатай аж.

Үнэндээ өнгөрсөн хаврын цэрэг таталтаар төмөр зам тавихад оролцуулахаар татсан хугацаат цэргийн албан хаагчид нь орон байргүй, өвлийн хангалтгүй тэвдэж байхад жилдээ ганц нэг засах тайзад есөн тэрбум зарцуулна гэдэг байж боломгүй зүйл байлтай. Тиймээс үүнд дургүйцсэн Даваа генералын зөв ч байж мэднэ.

Categories
гадаад мэдээ

Хятадад цагаачдын орон сууц нурж 22 хүн нас баржээ

Хятадын зүүн этгээдийн Жежан мужийн Вензоу хотод Вэньчжоу хотод гадаадын цагаачид олноороо амьдардаг хорооллын дөрвөн орон сууц нурсны улмаас 20 хүн нас баржээ.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр зургаан хүнийг аварсан ч, ор сураггүй болсон иргэдийн тоо тодорхойгүй байна.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр аврагчид байшингийн нуранги дороос иргэдийг гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн нэгэн гэрчийн ярьснаар нурсан орон сууцны нэг өрөөнд 2-3 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь гадны улс орноос хөдөлмөр эрхлэхээр тус улсад цагаачилж ирсэн эрчүүд байжээ.

Байшин нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Хятадад сүүлийн жилүүдэд орон сууц нурсан ослууд нэг бус удаа гарч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Агентлагийн дарга нарын шалгаруулалт болж байна

Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу яг одоо Татварын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг нийт 10 агентлагийн дарга нарыг тодруулах шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос зохион байгуулж байна. Шалгалтад 20 орчим хүн оролцож байгаа юм.

Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос өчигдөр /2016.10.10/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, хотын менежерийг тодруулах шалгалтыг зохион байгуулсан. Тус комисс сонгон шалгаруулалтынхаа дүнг нэгтгэн маргааш Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд оруулах аж. Уг хурлаар хамгийн өндөр оноо авч, шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэн, улмаар санал дүгнэлтээ харьяалах газар нь хүргүүлнэ.

Өнөөдөр шалгаруулалт явуулж буй дараах байгууллагуудыг удирдах хүн нь хэдийнэ томилогдон, ажлаа хүлээж авсан байгаа билээ.

д/д

Ажлын байрны нэр

Бүртгэл хийх огноо

Сонгон шалгаруулалт явуулах огноо

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг

1.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга

2016.10.07

2016.10.11

2.

Үндэсний хөгжлийн газрын дарга

2016.10.07

2016.10.11

3.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга

2016.10.07

2016.10.11

4.

Татварын ерөнхий газарын дарга

2016.10.07

2016.10.11

5.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

2016.10.07

2016.10.11

6.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга

2016.10.07

2016.10.11

7.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга

2016.10.07

2016.10.11

8.

Биеийн тамир, спортын газрын дарга

2016.10.07

2016.10.11

9.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга

2016.10.07

2016.10.11

10.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга

2016.10.07

2016.10.11

Нийслэл, аймаг

1.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

2016.10.07

2016.10.10

2.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016.10.07

2016.10.10

3.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

2016.10.07

2016.10.10

4.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016.10.07

2016.10.10

5.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016.10.07

2016.10.10

Categories
гадаад мэдээ

Далайн амьтдын тоглолт маргааш нээлтээ хийнэ

Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн аав, ээж хүү гурван Дельфиний сонирхолтой тоглолт болох ажээ. Дельфин хэмээх энэхүү усны амьтан нь хүний хамгийн дотнын нөхөр болдог, хөгжилтэй, найрсаг бөгөөд баярлан хөөрч элдэв үзүүлбэр үзүүлдэг.

ОХУ-ын Московский Дельфинарий буюу Далайн амьтдын энэхүү тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Тоглолтод дельфинээс гадна усан гахай, далайн амьтад сургагч нарынхаа хамтаар оролцох юм байна. Угсардаг бассейнд болох тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 15000, 18000, 21000, 24000, 30000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд гурав хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авч очоод үнэгүй үзэх боломжтой аж. Дельфинтэй харилцах, дотно байх нь хүний, ялангуяа хүүхдийн сэтгэхүйд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд бүр 1978 онд тогтоосон байна. Эелдэг, нөхөрсөг зан чанараас гадна өөрийнхөө үзэмжит бие галбираар дельфин хаана ч гэсэн гэрэл зурагчдын жинхэнэ фото модель, загвар болдог аж. Тоглолт маргаашнаас эхлэн

ЛХАГВА, ПҮРЭВ, БААСАН гаригт 18:00,
БЯМБА, НЯМ гаригуудад 12:00, 15:00, 18:00 цагуудаас тус тус тоглох аж.

Холбогдох утас: 88278855, 88728855

Дельфинүүд бэлтгэлээ хийж байгаа нь

Н.Ганаа

Categories
мэдээ нийгэм

Торгоны замын хуралд 150 орчим төлөөлөгчид монголд ирнэ

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Анх 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic” хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.

Мөн энэхүү хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд дараахь ач холбогдолтой болно. Үүнд:

  • Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл – аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам болно
  • Хуралд олон улсын 150 орчим зочид төлөөлөгчид оролцох ба Монгол Улсад 4-5 хоног байрласнаар ойролцоогоор нэг тэрбум орчим төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютын орлогыг онгоцны нислэг, зочид буудал, үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан оруулна.
  • Хурлын үеэр шууд 100 гаруй, шууд бус 800 гаруй ажлын байрууд идэвхжинэ.
  • Хурлын дараах жуулчдын тоон өсөлтөөс Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмрийг 2017 оноос оруулах боломжтой.
  • Монгол Улсын талаарх сурталчилгаа ДАЖБ-ын гишүүн 157 орнууд, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэнэ.
  • Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болно.
  • Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын эх өлгий нутаг болохыг олон улсын аялал жуулчлалын зах зээлд баталгаажуулах боломжтой.
  • Торгоны замын аялал жуулчлалд үндэсний аялал жуулчлалын брэндийг бий болгоно.

Уг хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ –ын ах дүү хотуудын холбоо, НҮБ –ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, нийтдээ 300 гаруй зочид төлөөлөгчид оролцох юм. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын ДАЖБ-ын “Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд хамрагдахаар түрүүчээсээ ирж байна.

Дэлхий нийтээр даяаршиж буй өнөө үед нийгэм өөрөө аялал жуулчлалын хүчирхэг эрэлтийг бий болгож, эдүгээ дэлхийн эдийн засгийн хамгийн хурдацтай өсч байгаа салбарын нэг бөгөөд олон сая ажлын байрыг бий болгож, экспорт, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлдэг, ард иргэдэд шууд үр шимээ өгдөг салбар болсон юм.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд 2015 онд дэлхий дахинд 1.1 тэрбум гаруй хүн аялж, салбарын өсөлт 5 хувьд хүрсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхий дахинд 1.8 тэрбум хүн аялах урьдчилсан таамаглалтай байна.

Манай орны хувьд аялал жуулчлалын өнгө төрхөө дэлхийн зах зээлд тууштай таниулах аливаа нэг брэндийг сонгож, түүнийгээ тогтмол, давтамжтайгаар дэлхийн аялал жуулчлалын зах зээлд сурталчилснаар гадаадын жуулчдыг олноор татах, салбарын өсөлтийг хангах, улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Нөгөө талаас эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилт тавьсан хэдий ч өнөөг хүртэл салбарын өсөлт хангалттай биш үндэсний брэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болохгүй байна.

Иймээс бид 2015 онд олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Би” үзэсгэлэнд түнш орноор амжилттай оролцон, мөн “Нүүдэлчдийн замаар аялахуй” хэмээх аяллын төрөлд манлайлагч орон байх, бусад улс орнуудаас түрүүлэн энэхүү брэндийг Монголын гэсэн тодотголтой болгож, улмаар олон улсад өрсөлдөх чадвартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх тал дээр тууштай ажиллаж ирлээ гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Массачусетс технологийн их сургууль хот төлөвлөлтөөр хамтран ажиллах санал тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот учраас энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Олон жилийн дадлага, туршлагатай танай хоттой хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын зүгээс таатай байх болно.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн УИХ-аар батлуулсан. Хоёрдугаар сард зохиогдох сургалтад Улаанбаатар хотын зүгээс удирдах түвшний хүмүүсээ явуулж туршлага судлах болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Нацагдоржийн дүрийг Б.Шинэбаяр бүтээнэ

Их зохиолч
Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүний ойд
зориулж зохиолчдын дунд жүжгийн уралдаан зарласан юм. Соёлын гавьяат зүтгэлтэн
Ш.Гүрбазарын бичсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг шалгарчээ. УДЭТ-ын 85 жилийн
ой энэ жил давхцаж байгаа бөгөөд энэ жүжгийг тайзан дээр амилуулахаар болжээ.
Жүжгийн гол дүр болох Д.Нацагдоржид УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр тоглохоор
болжээ. Найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж байгаа юм
байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элбэгдоржийн Эрдэнэ: Би нийгмийн асуудлыг нэгжээс нь шийдэх ёстой гэж боддог

БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшигч Элбэгдоржийн Эрдэнэтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшсэнээрээ байгаагаараа улс төрд албан ёсоор хөл тавьж буйгаа зарлаж байгаа гэж ойлгож болох уу. Магадгүй энэ асуулт ярилцлагын маань сүүл хавьд тавигдах ёстой байсан ч байж болох юм…

-Энэ сонгуульд өрсөлдөх болсон маань улс төрд орж ирж байгааг минь харуулж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ би яагаад улс төрд хөл тавих ёстой болсон талаараа дараа дараагийн асуултуудад тайлбарлан ярих нь зөв болов уу гэж бодож байна. Би зүгээр л улстөрч болно, эсвэл улс төрд орно гээд шийдчихсэн юм биш. Миний үзэж харсан, ойлгож мэдсэн маань намайг энэ зам руу хөтөлсөн учраас ийм сонголт дээр ирчихээд байна. Мэдээж, хүүхэд бүр тэр дундаа хөвгүүд аавыгаа харж өсдөг. Тиймээс би хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан юм. 16 настай байхад санагдаж байна, сургуулиас цаашдаа ямар мэргэжил сонгох төлөвлөгөөтэй байгаагаа бичээд ир гэв. Тэгэхэд би улс төрөөр суралцах бодолтой байгаагаа гэрийнхэндээ хэлсэн. Тэгтэл аав маань шууд “Хэрэггүй. Улс төр бол хэцүү, хариуцлагатай ажил. Намайг хар. Гэр бүл, үр хүүхдэдээ олддоггүй. Өөр мэргэжлээр явбал зүгээр” гэж хатуу эсэргүүцсэн л дээ. Тэгэхэд би юу хийхийг хүсч байна вэ гэж өөрөөсөө асуусан. Миний дотоод сэтгэл хүмүүст туслахыг хүсч байсан. Харин хүмүүст тусалдаг мэргэжил бол эмч юм байна гэж бодсон. Ингээд энэ чиглэлээр суралцахаар шийдсэн. Гадны сургуулиуд руу өргөдөл гаргаж, суралцахыг хүссэн захидал бичиж улмаар АНУ-д Дрекселийн их сургуульд тэтгэлэгтэй суралцаж төгссөн.

-Эмч болно гэсэн зорилгоо тодорхойлсон байсан хүү биологич, биохимич мэргэжилтэй болсны учир юу вэ?

-АНУ бол анагаах, эрүүл мэндийн чиглэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Эмч болохын тулд биологи судалж, хүний эд эс, генетик, ДНК-гийн талаар ойлголттой болохын тулд биологийн шинжлэх ухаанд суралцахаар шийдэж, сургуулиа сонгосон. Ингээд судлаад гүнзгийрээд ирэхэд надад маш сонирхолтой санагдаж эхэлсэн. Анагаах, биологи гээд том руу, ерөнхий рүү биш харин нэгж рүү нь, хамгийн жижиг хэсэг рүү нь орж судлах надад чухал санагдаж эхэлсэн. АНУ-д эмчээр суралцана гэсэн гадны оюутнуудыг бодлогоор тэр бүр амархан элсүүлээд байдаггүй. Нэгэнт ороод сурчихсан бол аль болох тэндээ суурьшуулж, авч үлдэх бодлого барих нь бий. Харин би нутагтаа ирж ажиллахыг хүссэн. Тиймээс эмчээр үргэлжлүүлж суралцах биш харин сурч мэдсэнээ нутагтаа ирж ашиглая гэж бодоод буцаж ирсэн юм.

-Ирээд мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу?

-Яг үнэндээ байгаагүй. 2011 онд буцаж ирсэн шүү дээ. Молекул биологийн салбар үнэнийг хэлэхэд огт хөгжөөгүй санагдсан. Тэр үед хавдрын эсрэг “Итгэл” сангийн гүйцэтгэх захирал ажлаа өгчихсөн, ажлыг нь хариуцаж хийх хүн байхгүй болчихсон үе байлаа. Тиймээс ээжийнхээ санаачлан хэрэгжүүлж байгаа “Итгэл” сангийн үйл ажиллагаанд гар бие оролцох болсон юм. Би чинь буурай эмээгийнхээ амины ганц хүү нь байлаа. Ээжийн маань эмээ.

Аав ардчилал гээд завгүй, ээж ажил, ар гэр гээд гүйж явсан тэр он жилүүдэд ахыг эмээ маань харин намайг буурай эмээ маань өсгөсөн. Хамтдаа хөзөрдөж, гангар гунгар хийж, цугтаа самар цөмдөг байлаа, хөгшин залуу хоёр. Миний үүдэн шүднүүд уначихсан, эмээ маань хиймэл шүдтэй болохоор самраа бахиар хагалаад суудаг тийм л хүмүүс байв. Намайг бусдаас илүү хайрлаж, хүмүүсээс нууж шөнөөр сэрээж чихэр өгдөг байсан тэр буурай маань хорт хавдрын улмаас бурхан болсон. Хорт хавдрын сүүлийн шатанд орсон үед нь мэдэж эмнэлгээр авч яваад хөнгөвчлөх тасагт хэвтүүлэх гээд чадаагүй гэдэг. Угаасаа улсын хэмжээнд цөөхөн хэдхэн ортой, тэр нь хаанаа ч хүрдэггүй тийм үе байлаа. Тиймээс ээж маань “Итгэл” санг байгуулж, гэр бүлийнхээ хайртай дотнын хүмүүсээ эмчилж чадахгүй ч зовлон шаналлыг нь багасгаж, зовуурийг нь хөнгөвчлөхийг хүсч байгаа олон арван хүнд туслахаар шийдсэн гэдэг. Харин би дөнгөж сургуулиа төгсч ирээд тэр буянтай ажилд өөрийн чадахаар туслах болсондоо баяртай явдаг. Гадаад харилцааг нь гардаж, хэлний мэдлэгээ ашиглаж багагүй төслүүдийг гардан хэрэгжүүлсэн. Одоо энэ сан маань 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хөнгөвчлөх тасгийг нээж, ЭХЭМҮТ-ийнхөнтэй ч өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.

-Цэргийн госпитальд ажиллах болсон талаараа ярьж өгөхгүй юу?

-Цэргийн төв госпитальд молекул биологич авна гэсэн зар сонин дээр гарсан байна гээд ээж маань над руу утасдлаа. Яваад очсон үнэхээр молекул биологийн лабораторийг ажиллуулах хүн хайж байв. Германы БХЯ-аас манайд PCR, ELISA тоног төхөөрөмж өгч, ажиллуулах хүнээ Германд бэлтгэхээр явуулчихсан нь ирээгүй байлаа. Тэд лабораторио ажиллуулмаар байдаг, мэргэжилтэн нь ирэх болоогүй учраас хүн авахаар болжээ.

-Бодвол яваад очиход чинь Ерөнхийлөгчийн хүү гэж мэдэж байсан байлгүй. Уучлаарай, даргын хүүхэд учраас ажилд авчихсан гэсэн хардлагад л тодруулга авах гээд байна л даа…

-Мэдэж байсан байх л даа. Госпиталь чинь цэргийн анги шүү дээ. Зэвсэгт хүчний 027 дугаар анги. Гэхдээ миний сурсан мэдлэг, ажилласан туршлага намайг ажилд оруулсан. Ангийн захирагчтай нь уулзаад, ажлын ярилцлагад ороход энэ тоног төхөөрөмжийг ажиллуулж чадах уу гэж асууж байлаа. Үнэндээ миний АНУ-д ажиллаж байсан тоног төхөөрөмжөөс өмнөх үеийнх байсан учраас би итгэлтэй чадна гэж хэлж байснаа санаж байна. Би оюутан байхдаа их сургуулийнхаа дэргэдэх коллежид лабораторийн туслах судлаачаар ажилд орж, хоёр жил гаруй хугацаанд ажилласан л даа. Тэр үед манай сургуулийн эрдэмтэн, судлаачид дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг дэмжих эмийн судалгааг хийж байсан юм. Дутуу төрсөн хүүхдийн тархийг хугацаандаа төрсөн хүүхдийн тархитай харьцуулахад хөгжил сул байдаг. Тиймээс тэр тархины хөгжлийг дэмжих эмийг гаргаж авахын тулд ямар химийн бодис, ямар биологийн урвалаар дэмжих боломжтойг судалж байсан хэрэг л дээ. Миний хариуцаж байсан ажил бол ярихад жаахан зэрлэг санагдаж магадгүй шүү. Гэхдээ судалгааны ажлын бас нэг чухал хэсэг нь байлаа. Ер нь биологийн түвшинд гахай, хүний физиологи ойролцоо, ДНК нь маш ойрхон байдаг. Тиймээс бид төрөөд нэг хонож байгаа тооройн тархин дээр туршилт хийдэг юм. Тооройн тархийг тодорхой хугацаанд агааргүй орчинд байлгахад эсийн бүтэц нь дутуу төрсөн хүүхдийнх шиг болдог. Би нарийн нягт орчинд тэр тархины эсийг хадгалж, үржүүлээд судалгаа руу шилжүүлэх үүрэгтэй. Жаахан горим алдагдаж, бохир ороход тархины эс үхэждэг учраас дахиад тооройн тархи хэрэгтэй болдог. АНУ амьтны эрхийг хамгаалдаг, ёс зүй өндөр хөгжсөн орон учраас нэг тархи авахад их үнэтэй. Горим алдагдуулаад тархины эсийг үхүүлэхэд 25000-100000 ам.долларын алдагдал гарах учраас хичээж ажиллахаас аргагүй. Миний өмнө ажиллаж байсан хүн хоёр сар тутамд нэг тооройн тархи авдаг байсан гэсэн. Харин би ажиллаж байсан хоёр жилийн хугацаанд гурван тархи л авсан. Тиймээс намайг судалгааны ажилд ихээхэн хэмнэлт хийж өгсөн гэж сайшааж байсан шүү. Ямартай ч энэ судалгааны ажилд хувь нэмрээ оруулж явсандаа баяртай явдаг юм.

-Цэргийн хүн болсон түүх сурч ирсэн мэргэжилтэй чинь ингэж холбогдож байгаа юм байна. Гэхдээ дарга нарын хүүхдүүд офицер бэлтгэх дамжаанд хэдхэн хоногт суугаад эсвэл огт суухгүйгээр дэслэгч цол авчихдаг гэсэн яриа байдаг. Өөрөө арай тэгсэн юм биш биз?

-Би анх лабораторийн эмчээр Зэвсэгт хүчинд ажилд орсон. Энэ ахмад цолонд хүрэх боломжтой офицерын албан тушаал. Зэвсэгт хүчин нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэдэггүй. Харин нарийн мэргэжлийн хүмүүс бэлтгэл дамжаанд сууж офицер болдог юм. Таны хэлсэн шиг шүүмжлэл байдгийг би үгүйсгэхгүй ээ. Гэхдээ та бод доо. Офицерын дамжаанд суухгүйгээр цол авах боломж надад хэнээс ч илүү байсан. Энэ салбар бол босоо удирдлагатай. Миний аав Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Гэхдээ би тэгэхийг огт хүсээгүй.

-Өмнөд Суданд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох шийдвэрийг яагаад гаргасан юм бэ. Зарим хэвлэлээр яг үнэндээ яваагүй хэдхэн хоноод ирсэн, бараг л зургаа авахуулаад ирсэн гэлцэж байсан…

-Би яг бусад шигээ есөн сарын хугацаанд албаа хаагаад ирсэн. Анх явахаар болсон тухайд гэвэл би энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа цэрэг эрсийн шинжилгээг хийдэг байлаа. Явах гэж байгаа цэргүүд явлаа гэж хөөрч, яваад ирсэн цэргүүд хат тэвчээрээ гайхуулна. Тэгэхэд цэргийн мэдлэгтэй ч болчихлоо, бие хаа ч хатуужлаа. Монгол Улсаа төлөөлж энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Тэгээд өргөдлөө гаргасан.

-Санхүүгийн хувьд боломжийн цалин авдаг гэдэг үнэн үү?

-Үнэн. Энхийг сахиулах үйл ажиллагаанд явах нь санхүүгийн хувьд ч дэмтэй байдаг. Есөн сар үүрэг гүйцэтгэхэд НҮБ-аас бараг манай гурван жилийн цалинтай дүйцэх урамшуулал өгч, эндээ бас үндсэн цалингаа бодуулж авдаг. Бараг дөрвөн жилийн цалингаа авах нь залууст том боломж байдаг. Тэр үед би найз охинтойгоо сүй тавьчихсан байсан. Ирээд тусдаа гарч, гэр бүлээ зохиох том хариуцлага өмнө маань байсан. Намайг Ерөнхийлөгчийн хүү “Верна” машин унадаг гэнэ. Худлаа даа гэж баахан бичиж байлаа шүү дээ. Үнэндээ би “Верна”-тай л байсан. Бензин бага иддэг, шинэхэн жолооч надад тохирсон унаа. Гэтэл интернэтийн мэдээний сэтгэгдэл дээр намайг цайвар хөх өнгийн лексус машин унадгийг мэднэ гэж бичсэнийг уншиж байлаа. Өөрөө ч мэдэхгүй лексус машинтай болсноо хараад ямар барим тавим худлаа бичдэг юм бэ гэж бодож байсан юм. Явж ирээд чадвал машинаа солихсон гэсэн бодолтой байснаа нуух юм алга. Залуу хүн бүр л машинтай болохсон, шинэчлэхсэн гэж боддог байх. Ингээд лабораторийн эмчээр явах хүсэлтээ гаргасан. Харин сүүлдээ англи хэлний өндөр мэдлэгтэй учраас НҮБ, НАТО болон Афганистан, Суданы англиар ирдэг мэдээлэл дээр ажиллахад хэрэгтэй гээд цэргийн тагнуулаар явуулах шийдвэр ЗХЖШ-аас гарч, би энэ чиглэлээр сургалтад хамрагдаад явсан юм.

-Асуулт болгонд аавтай тань хамааралтай зүйл яригдаж байгаад уучлал хүсье. Гэхдээ хүмүүс мэдэхийг хүсч байгаа учраас асуухаас аргагүй байна. Тэнд алба хашиж байхдаа нэр нөлөөг нь ашиглаж байв уу, үнэнээр нь хариулаарай…

-Хувь хүний аюулгүй байдал түүнээс илүүтэй анги батальон цаашлаад гарч болох олон эрсдэлийг тооцоод нэрээ Эрхэмбаярын Эрдэнэ гэж явсан л даа. Манай залуус зарим нь надаас асууж ирдэг байсан ч Ерөнхийлөгчийн хүүхэд байсан бол ингэж халуунд халж, буун сум, мина дэлбэрэх эрсдэл дунд явах байсан уу гэхэд “Нээрээ тийм шүү” гэдэг байлаа. Манай ээлжийн 850 маань дөрөв хуваагдаж нутаг буцах үед би хамгийн сүүлийн ээлжинд ирсэн юм. Нутаг буцахаас нэг өдрийн өмнө манай дарга намайг Эрхэмбаярын биш Элбэгдоржийн Эрдэнэ гэж нийт бүрэлдэхүүнд зарлаж байсан.

-Аавынхаа нэрээр хүртэл овоглуулах эрхгүй байж дээ…

-Аавын нэр нөлөө надад амар хялбарыг биш харин илүү амаргүйг дагуулж байсан ч байж магадгүй. Манай ажиллагааны ахлах офицер намайг хэн гэдгийг мэддэг байлаа. Тэр дэд хурандаа, би ахмад. Энд бэлтгэлд байхаас л намайг нэг нүдээрээ ч үздэггүй байсан. Ёстой нүдэнд орсон хог шиг нь байсан даа. Чухал албанд том даргын юу ч үзээгүй хүүхэд гэдсээ илэхээр ирлээ гэж бодож байсан байх. Түүний хандлага надад шууд мэдрэгдсэн, би ч даргын хүүхэд гэхээсээ хувь хүн шүү гэдгээ харуулах гэж хичээсэн. Тэнд очоод хоёр, хоёроор нь хувааж хамтрагчид болгодог юм. Гэтэл би хуваариар нөгөө дэд хурандаатайгаа таарчихсан. Хэрэв намайг Монгол Улсын хамгийн мундаг, шилдэг цэргийг авчир гэвэл би түүнийг л дагуулж ирэх байх. Үнэхээр ясны офицер хүн. Эхэндээ даргын хүүхэд гэдгээр надад хатуу хандаж, үл ойшоож байсан бол сүүлдээ намайг хувь хүн Эрдэнээр хүлээн авч, ойлгодог болсон. Бид жинхэнэ хамтрагчид болж, нэгнээ орлож, ойлгож, мэдэрч хүндэтгэх болсон.

-Цэргийн алба, дайнтай газар жинхэнэ цэрэг эх оронч хүн болж төлөвшдөг байх, тийм үү?

-Ер нь Өмнөд Суданд алба хаасан цаг хугацаа намайг өөрийгөө таньж мэдэж, цаашлаад олон зүйлийг харж дүгнэхэд их чухлаар нөлөөлсөн үе юм. Би тэнд хэчнээн газрын баялагтай ч төр засгийн бодлого нь зөв байхгүй бол улс орон яаж уруудаж, ард иргэд нь зовж байгааг нүдээр харсан. Тиймээс төрийн бодлого нь зөв байж, улс төрийн нөхцөл байдлыг үргэлж зөв зүйтэй байлгахын тулд хүчээ өгч, зүтгэх ёстой гэж ухаарсан.

-Тэнд байх үеэс л улс төрийг онцлох болж гэж ойлголоо…

-Би хүүхэд байхаасаа л хүнд туслах ёстой, хүнд туслах ажлыг олж хийх ёстой гэж боддог байв. Гэхдээ хэчнээн сайн эмч боллоо гээд өдөрт үзэж эмчлэх хүний тоо хязгаартай. Хавдрын эсийг эмчлэх эм хийх судалгаан дээр ажиллана гэж гэгээнээр бодоход бодит байдал бас өөр. Харин улс төрд орж, судалгаан дээр үндэслэсэн төрийн бодлогыг гаргаж, улам бүр сайжруулж, нийгмийг эмчлэх юм бол үр шимийг хүртэх хүний тоо илүү олон юм байна гэж ойлгосон. Би анхны сонгуульдаа саналаа өгчихөөд АН-д элсч байлаа. Харин цэргийн албанд ороод түдгэлзүүлсэн байснаа Суданаас ирээд сэргээсэн. Өөрөөр хэлбэл, тэнд улс төрд орох шийдвэрээ гаргасан гэж болно. Таны хамгийн эхэнд тавьсан асуултын хариу энэ мөн байх гэж би бодож байна.

-Анх улс төрөөр явна гэхэд татгалзаж байсан аав чинь энэ шийдвэрийг хэрхэн үзсэн бол. Явсаар байгаад буцаад л нөгөө шийдвэр дээрээ иржээ дээ?

-Дахиж бид тэр сэдвээр ярилцаагүй. Угаасаа үзэл бодол маань хэрхэн өөрчлөгдсөнийг миний шийдвэр, хандлагаас бага багаар мэдэрч, ойлгож байсан болов уу. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн маань магадгүй миний үндсэн мэргэжилтэй холбоотой байх. Би чинь хамгийн жижиг биет болох эсийг судалдаг хүн шүү дээ. Тиймээс аливаа асуудал бэрхшээлийг шийдэхийн тулд хамгийн жижиг нэгжээс нь, эс ширхэгээс нь эхлэх ёстой гэдгийг мэддэг хүний хувьд хороонд ямар асуудал байна, цаашлаад айлын хашаанд юуг эхэлж шийдэх ёстойг мэддэг байх ёстой гэж бодоод сонголтоо хийсэн.

-Тэгэхээр Оксфорд руу явж сурах болсон нь улс төрд орох шийдвэртэй чинь холбоотой байсан уу?

-Тийм ээ. Би улс төр болон төрийн бодлогын талаар мэргэшихийн тулд дэлхийн шилдэг их сургуульд явж, цогц мэдлэгтэй болох ёстой гэж шийдсэн. Олон улсын мундаг их сургуулиудад оюутан нь хэний хэн байх нь огт хамаагүй, харин тухайн хувь хүн юунд зорьж юуг хийж бүтээхийг хүсч байгааг харж шалгаруулж сонгодог. Жилд 100 гаруй оюутан сонгож авдаг, тэр дундаа тэтгэлэг авахын төлөө бүр ч илүү өрсөлдөх хэрэгтэй болдог. Юутай ч Оксфордын их сургуулийн улс төрийн сургуулийг төгссөн анхны монгол оюутан нь би болсон. Манай ангид дэлхийн 54 орны оюутан суралцаж байлаа. Улс орондоо хариуцлагатай алба хашиж байсан, олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай олон мундаг хүмүүстэй нэг анги болж суралцаж төгссөндөө баяртай явдаг. Тэнд улс төр судлаач-нийтийн удирдлагаар магистрын цол хамгаалаад ирсэн.

-Оксфордод төрийн тэтгэлгээр суралцсан уу?

-Үгүй. Оксфордын их сургууль нийт зардлын минь 80 хувийг тэтгэлэгт хамруулсан. Харин бусад зардлаа өөрийнхөө олсон мөнгөөр болон ах нарынхаа дэмжлэгээр бүрдүүлсэн.

-Аавынхаа гаргаж байсан улс төрийн шийдвэрүүдээс таалагдаагүй, буруу байна даа гэж бодогдож байсан шийдвэр бий юу?

-Сурч мэдсэн зүйл дээрээ тулгуурлаад эргээд бодохоор аав хээл хахууль, авлигын эсрэг шууд тэмцсэн нь жаахан бурууджээ гэж боддог. Ерөөсөө шууд тэмцэхээ зарлаад, хатуу арга хэмжээ аваад эхэлсэн. Гэтэл багш нарын зааж хэлж байснаар бол авлига хээл хахууль авдаг хүмүүс үүнд маш эмзэг ханддаг учир хамаг хүчээрээ эсэргүүцэн босдог. Тиймээс маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг байгаа юм. Ялангуяа улс төр дээр энэ нь маш тод харагддаг. Харин үүнтэй тэмцэхдээ заль гаргаж, тойруу аргаар аажим урагшлах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

-Яагаад Баянзүрх дүүрэгт өрсөлдөх болов?

-Миний суралцаж байсан ерөнхий боловсролын сургууль маань БЗД-т байлаа. Би чинь цэрэг хүн, офицер хүн. БЗД бол цэргийн анги, цэргийн албан хаагчидтай тун ойр дүүрэг. Би цэргийн амьдралд хайртай, энхийг сахиулагчдаа хүндэтгэн бахархдаг нэгэн. Цэргийн ар гэрийг авч яваа гэр бүл, бүсгүйчүүд тун гайхалтай хүмүүс. Би цэргүүд, тэдний гэр бүлийнхэн, БЗД-ийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн тулд судлаач хүнийхээ хувьд зөв бодлого боловсруулж, хамтран ажиллаж хөгжиж урагшлахыг хүсч байна. Гэр хороололд амьдрал амаргүй байгаа. Гэхдээ энд л хэцүү байдаг, эндээс л утаа үйлдвэрлээд байдаг юм шиг өрөөсгөл ярихад би дургүй. Гэр хорооллын найз нар маань “Хоёр өрөө байранд ороод яах юм. Хашаандаа хоёр давхар байшин бариад, ногоогоо тариад амьдарч болж байна ш дээ” гэдэг юм. Гэхдээ тэр хашаандаа хүрэх гудамж нь гэрэлтэй, зам нь халтиргаагүй, аюулгүй тайван байх ёстой. Үүнийг төр бодлогоороо хийж өгөх ёстой юм. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлээр хийгдэж ирсэн сайн ажлууд бий. Гэхдээ улам тогтвортой, илүү сайн болгохын төлөө би хичээж ажиллах болно.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний гэргийг Ч.Ариунжаргал гэдэг. Бид чинь бараг хоёр настайгаасаа нэгнээ мэдэх хүмүүс. Манайхыг төмөр замд байхад тэднийх манай хөрш байсан учраас аав, ээж маань эхнэрийг маань, хадмууд маань ч намайг бүр бага байхаас нь мэднэ. Хүүхэд байхаасаа нэг нэгнээ мэдэх учраас маш сайн ойлголцдог. Өмнөд Суданаас ирээд бид нэг гэртээ орж, жилийн дараа охин маань төрсөн. Харин саяхан шинэ хүнтэй боллоо.

-Өөрөө 1989 онд мэндэлсэн. Аавыгаа жинхэнэ ардчилал эрх, чөлөөний талаар нөхөдтэйгөө ярьж бодож боловсруулж байх үед төрсөн юм байна. Сүүлийн үед ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн АН-ын шинэчлэлийн талаар багагүй ярих болсон. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Аливаа улс төрийн нам үргэлж шинэчлэгдэж, цаг үетэйгээ уялдаж өөрчлөгдөж байх ёстой гэж би үздэг. Өөрөөр хэлбэл, нам шингэн биет байх ёстой. Шингэн зүйл ямар ч саванд орсон савныхаа хэлбэрээр өөрчлөгддөг шиг нам уян хатан, шинэчлэгдэх чадвартай байх ёстой. АН-ыг улс төрийн институт шиг болгож, улам бүр бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Э.Энэрэл

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Ардын нам ахмадуудын хувийн өмчид халдаж байна

Оюутны 70 мянга, МСҮТ-ийн тэтгэмжийг хүчингүй болголоо. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог боллоо. Энэ бүхэн ирээдүйн иргэддээ оруулж буй хөрөнгө оруулалтыг бүхэлд нь үгүй хийлээ. МАН гуравхан сарын дотор амлалтаасаа ухарлаа. 2012-2014 онд өнөөгийн МАН-ын гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр одоогийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажиллаж байсан. Төсвийн ажлын хэсэгт гурван жилийн хугацаанд өнөөгийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр мэдээлэлгүй байсан мэтээр ард түмнийг хуурч, төөрөгдүүлж байгаа нь ямар увайгүй хүмүүс вэ гэдгийг л харуулж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас энэхүү ярилцлагын үргэлжлэлийг уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн хэлтсийн тулгамдсан асуудлуудыг сонслоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2, 3-р хэлтэс, Гачуурт тосгоны дэд хэсгийн алба хаагчдад ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн цагдаагийн хэлтсүүдэд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганболд “Манай хэлтэс 2015 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэг дэх 1, 2-р хэлтсийн ачааллыг бууруулах зорилгоор байгуулагдсан. Дүүргийнхээ зүүн талын хороодыг хариуцан ажилладаг. Энэ хэсэгт хулгайн хэрэг зонхилон үйлдэгддэг. Эргүүлийн машины хүрэлцээ муу байдаг” гэлээ. Мөн Гачуурт тосгоны цагдаагийн дэд хэсэг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 5-65 км-т дуудлаганд явдаг. Ихэвчлэн орон байрны болон малын хулгайн хэрэг гардаг. Алба хаагчдын хүрэлцээ муугаас 24 цагаар эргүүл хийж ажиллах бололцоо муу. Ихэвчлэн зуслангийн зориулалттай байр, сууц байдаг учраас иргэд улирлын чанартай ирдэг. Байшиндаа ирсэн хойноо л хулгай орсныг мэдэж дуудлага ирүүлдэг учраас хэргийн халуун мөрөөр мөрдөхөд хүндрэл учирдаг гэдгийг дуулгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд цаашид бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд ажиллаж, “Аюулгүй хот” хөтөлбөрөө танилцуулах юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.